Г.ЖАМьЯН (МУСГЗ)
Машбат бид гурав
Нам төрийн ахмад зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьянтай ярилцаж байна. Монголын утга зохиолд нэгэн үе хамтран ажиллаж амьдарч байсан Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ, Ц.Хасбаатар, Д.Содномдорж, Даг. Жамьяан гэдэг зургаан чацуутнаас амьд сэрүүн үлдээд байгаа нь ганцхан Даг.Жамьян юм. Даг.Жамьян маань Эрдэнэтэд, хоёр нүд нь хараагүй боловч 34 дэх номоо “Насны намар” нэртэйгээр бичиж хэвлүүлээд, одоо 35 дахь номоо 108 дууны дээжээрээ хэвлүүлэх гэж бичиж туурвисаар байна.
-Таныг монголчууд зүсээр ч, уран бүтээлээр нь ч танина. Гэлээ ч залуусын дунд сайн мэдэхгүй хүмүүс байж болох юм. Өөрийгөө товчхон танилцуулах уу?
-Би 1929 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Бунхантын цагаан дэрс хэмээх газар төрсөн. Аав Дагва, ээж Дарьхүү нар жирийн л малчид. Улсын сайн малчид хэмээн хүлээж хүндлэгдэж явсан хүмүүс. Би эхээс арвуулаа боловч одоо ганцаараа үлдээд байна. Тэтгэвэрт гарснаасаа хойш Эрдэнэтэд ирж суурьшсан. Салга өвчин тусаад тэр маань зүгээр болтол гурван жилийн өмнө хоёр нүд хараагүй болсон.
-Сургууль ном юу билээ?
-Завхан-Мандал сумын анхны бага сургуулийн сурагч, Элдэв-Очирын нэрэмжит дунд сургуулийн долдугаар анги төгсгөөд Улаанбаатар хотод ирж Хилийн ба дотоодын цэргийн нэгдсэн сургуулийг дүүргээд ажиллаж эхэлсэн дээ. Дотоод явдлын яамны сайдын дэргэдэх, илтгэл мэдээллийн группэд ажиллаж байгаад тэндэхийн эвлэлийн хорооны дарга болсон. Тэгээд нам төр, залуучуудын байгууллагад ажиллан, хажуугаар нь шүлэг зохиолоо бичиж байсан. Би ер нь 13 настайдаа анхны шүлэг “Бөмбөн цоохор”-оо сонинд хэвлүүлсэн юм.
-Хэвлэл мэдээллийн байгууллага руу хэдийд орж ирлээ?
-Би, МАХН-ын төв хорооны нариийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэнгийн туслахаар ажиллаж байгаад, даргадаа “Би сонинд очмоор байна” гэж санал тавьсан. Дарга маань зөвшөөрч намайг 1954 оны наймдугаар сард Дорнод аймаг дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар томилсон. Тэгээд л өнөөг хүртэл 63 жил үзэг цаастай ноцолдлоо доо. “Үнэн” сонинд 35 жил ажилласны 15 жил нь хөдөөгийн сурвалжлагч, 20 жил нь утга зохиолын ажилтан, хэлтсийн дарга, “Тоншуул” сэтгүүлийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан байх юм.
-Ер нь уран бүтээлээ хэдийд эхэллээ дээ?
-Дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа шүлгээ нийтийн хэвлэлд хэвлүүлснээс хойш далан хэдэн жил үзэг цааснаас салаагүй “Эхийн сэтгэл”, “Уул талын шүлгүүд” “Бодлын цагаан бороо”, “Нэгэн модны мянган мөчир”, “Монгол өнгө” зэрэг 33 ном хэвлүүлээд өнөө жил 34 дэх номоо “Насны намар” нэртэйгээр хэвлүүллээ.
-Таны зохиол гадаадад их хэвлэгдсэн байхаа?
-Нэлээн хэдэн газар хэвлэгдсээн. Орос, Хятад, Тува, Болгар, Чех улсуудад хэвлэгдэж, зарим нь өөрийн улсынхаа уран бүтээлийн шагналыг хүртээж байлаа.
-Та чацуутнуудтайгаа нэгэн үед, нэг байгууллага, тэр битгий хэл нэг өрөөнд ажиллаж байсан. Тэндээс зарим дурсамжаа хуваалцах уу?
-Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Ц. Хасбаатар, Д.Содномдорж бид зургаа бол төө зайгүй чацуутнууд. Жаргал зовлонгоо хуваалцсан анд нөхдүүд байлаа. Ц.Гайтав бид хоёр бол олон жил нэг өрөөнд, өөд өөдөөсөө хараад сууж байв. Б.Явуухулан л гэхэд миний “Бодлын цагаан бороо” номын нэр өгч билээ. Ингээд ярьвал урт түүх үргэлжилнэ. Товчлох уу даа.
-Таныг хүмүүс Улсын есдүгээр их хуралд суусан төлөөлөгч гэх юм билээ. Энэ тухайгаа сонирхуулах уу?
-Сонин тохиолдол болсон. Улсын есдүгээр их хуралд Улаанбаатар хотын, цэргийн гурван сургуулиас хоёр хоёр онц сурлагатныг суулгасан юм. Хуралд сууж байсан чинь, миний өмнө , урдаасаа хоёрдугаар эгнээнд аавтай минь хачин адилхан хүн сууж байх юм. Нүдэндээ итгэлгүй, босч очоод өмнөөс нь харсан чинь аав минь мөн байна. Бид хоёр их хурал дээр золгож үнсэлцдэг байгаа. Аав минь нутгийн сайн малчин гэж их хуралд төлөөлөгчөөр оролцсон юм билээ.
-Таныг дууны шүлгийн их мастер гэж хүмүүс ярьдаг. Ер нь таны дууг сонсоогүй, дуулаагүй хүн монголд ховорхон байх. Энэ тухай ярилцах уу?
-Болох л юм. Хөгжмийн зохиолчидтой хамтарч олон дуу хийсэн дээ. Одооныхоор бол “хит” гэгдэж байсан дуу ч бий. “Туждаа хамт явах юмсан”, “Алтай хангайн уулс”, “Тунгаамаа” хадан цагаан чулуугаараа гэж эхэлдэг “Хэрлэн” гэх мэт олон дуу бий. Зарим дуугаараа бас тухайн үед буруудаж ч явлаа. “Талын ягаан цэцгийг тасдаж яаж болох вэ” гээд Түмэнжаргалын ая хийсэн дуу бий дээ. Орчин үеийн бүжиг хийдэг. Энэ дууг маань залуучууд их шохоорхож дуулж бүжиглэсэн чинь дээдсийн дургүйг хүргэж Намын төв хорооны үзэл суртлын хэлтэст дуудагдан донго авч л байлаа.
Заримаас нь хэдүүл сонирхох уу? (Зохиолч сэтгүүлч Машбат бид гурвуул дуулж эхэлдэг байгаа. “Эх орон танаа”-г эхлээд дууллаа. Б. Цогоогийн ая. Дуулах ч гэж дээ…)
… Униар татсан хөндийд чинь,
Унаган бие минь өсөн жаргаваа
Унаган бие минь жаргасны учир
Ухаан бодлоо тандаа зориулъя…
Дараа нь Даг. Жамьянгийнхаа “Саальчин бүсгүй”-г дууллаа. Ц.Балжинням ая хийсэн аж.
…Хадтай уулын ханагар бэлээр зурайсан
Харгуй замын цайвар зурааг ширтэнхэн,
Хамгаас үнэнч хатан зүрхээ уяраанхан
Хайрын дуугаа дуулан хүлээж сууна уу даа, чи…
Дараа нь бид гурав “Өссөн нутаг” дууг нь аялахчаа боллоо. Энэ дууны аяыг ардын ансамблийн Авирмэд зохиож, дуучин Доёддорж, Норсонжав нар анх дуулсан байх юм.
… Хөхөө шувуу донгодсон
Хөвчийн өндөр уул байна.
Хөгшин аавын минь амьдарч ирсэн
Хүүгийн хайртай нутаг юм аа … гэх мэтчилэн олон сайхан дууг нь дууллаа даа. Даг. Жамьян маань гурван хундага татчихна. Тэгэхээрээ хоолой нь ямар сайхан гарна гээч. Даг.Жамьян бид хоёр бие биенээ “Амьдай” гэдэг юм. Амьдайгийн маань олон арван дуу өнөөг хүртэл дуулагдаж байгаа юм. Одоо Даг. Жамьян маань дууны шүлэг нэмэж бичээд “108 дууны шүлэг оршвой” номоо бэлтгэж байна…
-Амьдай минь, өөрийг чинь нэгэн үед Ю.Цэдэнбал даргын сурвалжлагч гэдэг байл уу даа, их л хамт явсандаа. Зарим сонирхолтой үйл явдлаа хуваалцах уу?
-“Цэдэнбал даргын сурвалжлагч” нь юу юм бэ. Ер нь дагаж явж сурвалжилдаг л байсан. Олон сонин тохиолдол болсон. Нэгийг нь сонирхуулъя л даа. Нэг удаа Цэдэнбал дарга Увс, Завханаар явсан юм. Манай суманд хүртэл очсон. Өдөржин сумын байгууллагуудаар орж ажил байдалтай нь танилцаад, иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Оройхон сумын нэг айлд зочлох болсон чинь, тэргүүний малчин манай аавынд очих болж байгаа юм. Аавын муу бор гэр дүнхийсэн цагаан гэр болчихсон байна. Ер нь их цэвэр цэмцгэр сайхан болжээ. Аав ээж, хүүхэд дүү нар байж байна. Ю.Цэдэнбал дарга манай хоёр хөгшинтэй мэндчилж золгоод хойморт гарч суулаа. Аавтай хөөрөг зөрүүлээд хэдэн үг сольж байтал аав дуугүй, доошоо хараад суугаад байх юм. Тэгснээ нулимсаа арчиж байна. Уйлж үзээгүй хүн шүү дээ.
Нэлээн хэсэг болсноо аав ярьж байна аа. “Багийн даргаас өөр хүн орж үзээгүй манай муу бор гэрт төрийн тэргүүн заларсанд би баярлаад уйлж байна” гэдэг байгаа. Цэдэнбал дарга аргадаж, бүгд инээлдэж “жавар” тайлагдлаа. Өрөм тос таваглаад цай ууцгаалаа. Ээж минь, даргыг ирнэ гэж нэг усаар сойсон нэрмэл архинаасаа дунд гарын мөнгөн аяганд мэлтэлзтэл дүүргээд Цэдэнбал даргад барилаа. Дарга тосч аваад сэржим өргөснөө амталж үзэж байна. Тэгснээ нэг амьсгаагаар уучихдаг байгаа. Ууж дуусаад дарга: “Энэ охь нэрмэл чинь хүний биед эм л гэсэн үг” гээд инээж байсансан. Дараа нь бууз жигнээд тавагласан чинь Цэдэнбал дарга дээжээс нь гурав гурван бууз аваад ээж аав хоёрт өглөө. Ээж тэр буузыг аяганд авсангүй, хадаг бололтой цэнхэр юманд тосч аваад магнайнаасаа адис авч байна. Дарга ч бараа бологчидтойгоо нэлээн идлээ. Хооллосны дараа бүгд гадаа гарч зургаа авахуулах боллоо. Аав байдаг, ээж байдаггүй. Хавь ойроор зөндөө эрлээ. Олддоггүй. “Малын хойноос явчихаж” гэж ярилцаад бүгд, ээжгүйгээр зургаа татуулж билээ. Зураг татуулж байтал, тэндээс нэг эрэгтэй хүн морины хурдаар ирж гэрийн дэргэд буугаад, морио ч уялгүй гүйгээд ирдэг юм байна. Манай нэг ах, согтуу юмуу гэсэн чинь эрүүл бололтой. Ю.Цэдэнбал даргын өмнө ирж, хормой дэвсэж сөхрөөд, алга хавсран мөргөдөг юм байна. Дарга мөрнөөс нь дэмжиж босгоод, хэрэг зоригийг асуулаа. Ах маань “эхнэр хэзээ язаагүй төрөх гэж байгаа. Тэгээд шинэ хүнд минь та нэр хайрлана уу” гэв. Дарга инээмсэглэж хэсэгхэн бодолхийлснээ: Охин төрвөл Сарангэрэл, хүү төрвөл Нармандах гэсэн нэр өгөөрэй гэсэнсэн. Ах маань ч баярлаж, бүгд инээлдэж баяссанаар бид замд гарч билээ.
-Ээж чинь олдоогүй юу? Хаа байсан юм бол?
-Ээжээс сүүлд асуусан чинь, айгаад бараа бүтээсэн брезинтэн доор нуугдчихсан гэнэ. “Би гэдэг эмгэн төрийн тэргүүнтэй патиардуулвал алдас болно” гэж бодсон гэж билээ. Ээжийг таалал төгссөний дараа хар авдрынх нь ёроолыг үзэж байтал хадаганд боодолтой гурван бөөрөнхий юм гарч ирсэн. Тэгсэн чинь нөгөөх гурван бууз хатаад чулуу болчихсон байж билээ. Манай ард түмэн чинь төрийн тэргүүнээ сүслэж хүндэтгэдэг, төрийн тэргүүн ч ард түмнийхээ итгэлийг дааж зүтгэдэг байж дээ.
-Танд, Ю.Цэдэнбал даргатай авахуулсан олон зураг байдаг гэсэн?
-Даргын , аавтай авахуулсан зургийг л амь шигээ хадгалж явдаг. Би өөрөө даргатай хамт авахуулсан зурагнуудаа Даржаагийн Сүхбаатар гэж хүнд хадгалуулчихсан юмсан.
-Амьдай минь, чи түрүү “Намын төв хороонд дуудагдан донго авч байлаа” гэсэн. Ер нь энэ дээдэст бас л ад үзэгдэж явсан хүний нэг дээ.? Заримаас нь хоёул ярилцах уу?
-Болох л юм. Ц.Лоохууз “эсэргүү” болоод Өвөрхангай аймгийн Сантад 150 хонь малласан малчин байсан үе. Байнгын хяналтанд, орсон гарсан бүхэн дээшээ мэдээлэгдэж байж л дээ.
Арнайн Гүрсэд бид хоёр сурвалжлагаар явж байгаад тэднийд очлоо. Эрдмийн зэрэг цол хамгаалсан өдрөө битүүхэн тэмдэглэж байж л дээ. Бид хоёрыг очихлоор эхнэр Бүрэнжаргал нь тогоо нэрээд жаахан ууж идлээ. Халамцуу хүмүүс сүүлдээ найр наадмын байдалд ороод өнгөрсөн юм. Улаанбаатарт эргээд ирсэн чинь “ эсэргүүнтэй найрласан” хэргээр Намын хянан шалгах хороонд байцаагдаж золтой л шоронд орчихсонгүй, намын орлогч гишүүн болж шийтгэгдээд өнгөрч билээ.
Үргэлжлэл бий