Гэгээн хайрыг магтан дуулагч яруу найрагчид нэгэн дээвэр дор цуглан хайрын шүлгээрээ өрсөлддөг “Цагаан Уул” шүлгийн наадам өчигдөр МҮОНТ-ийн зургаан зуу студи боллоо. Наадамд хот хөдөөгийн 100 гаруй оролцогчид бүтээлээ ирүүлжээ. Энэ удаагийн наадмын шүүгчээр СУИС-ын Урлаг судлал, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, утга зохиол судлагч шүүмжлэгч, доктор профессор МЗЭ-ийн судлал шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн болон “Алтан өд”-ийн шагналт зохиолч П.Батхуяг, шүүгчдээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, 1996 оны “Цагаан уул” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Д.Оюундэлгэр, МЗХ-ын ерөнхийлөгчийн сургалт хариуцсан зөвлөх, Буган сүлд ТББ-ын ерөнхийлөгч Г.Энх-Амгалан, хяналтын шүүгчээр МЗХ-ны Мэдээлэл судалгаа олон нийттэй харилцах газрын дарга Э.Энхтуяа нар шүүсэн юм. Хайраар овоглосон энэхүү шүлгийн наадам нь уламжлалт ёсоор дөрвөн шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шатанд оролцогчид өөрсдийн дурын бүтээлээ ирүүлж, хоёрдугаар шатанд 30 бүтээлийг шалгаруулж “Унаган хайр” сэдвээр өрсөлдсөн юм. Гуравдугаар шатанд шүүгчдийн шууд шалгаруулалтын оноогоор арван таван яруу найрагч “Эцэг эхийн хайр” сэдвээр өрсөлдөж , үүнээс шалгарч үлдсэн таван уран бүтээлчид “Эх орноо хайрлах хайр” сэдвээр тэргүүн байрны төлөө өрсөлдлөө.
Энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбоо 1992 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ , Ерөнхий ивээн тэтгэгчээр Номин Холдинг компани оролцсон билээ.
Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах билээ. Яруу найргийн наадмын дундуур 1996 оны “Цагаан уул”-ын эзэн Д.Оюундэлгэр тэргүүн байранд орсон шүлгээ оролцогчиддоо мялаалга болгон уншиж өгсөн юм. Яруу найргийн наадмын үзэгчдийн сэтгэл догдлуулсан мөч ирж наадмын шагналт байранд шалгарсан найрагчдын нэрсийг зарлахад тусгай байрыг яруу найрагч Х.Доржпалам, Р.Отгонбаяр хүртэж, гутгаар байрыг Ж.Жамбалдорж, хоёрдугаар байрыг Г.Лхагвадорж орсон бол “Цагаан уул-2017” яруу найргийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга хүртлээ.
“Цагаан-Уул 2017” наадмын тэргүүн байранд орсон яруу найрагч Э.Гантулга хэлэхдээ: “Уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн “Цагаан уул” наадамд амжилтай оролцож тэргүүн байранд орсондоо баяртай байна. Манай Дундговь аймгаас олон алдартай яруу найрагчид төрөн гарсан. Тухайлбал С.Буяннэмэх, Дашдооров, Д.Батбаяр гээд дурдвал урт жагсаалт үргэлжилнэ. Арван хоёр настайгаасаа эхэлж шүлэг, яруу найрагт умбаж бичих гэж оролдож эхэлсэн.Намайг яруу найрагч болоход бага ангийн багш маань их нөлөөлсөн гэж боддог. Учир нь багш маань олон шүлэг цээжлүүлж уншуулдаг байсны хүчинд тэрхүү алдартай яруу найрагчдын уран тансаг шүлгүүдрүү хөтөлж оруулсан юм. Ингэж шүлэг яруу найраг миний амьдралын нэг хэсэг нь болсон.Одоогоор өөрийн бие даасан гурван номыг гаргасан дараа дараагийн яруу найргийн номоо гарган гэж бодож байна” гэв.
Ариун сүнсний эх орон
Өндөг шиг хагарахдаа дэлхийг тулж босоод
Өвсний чинь сэрэлд сэтгэлээ дуулан илчлэхэд
Өвч биед минь хөх униар өд сөд болон ургаж
Өвгөдийн мөртэй замаар аавыгаа дуурайж жигүүрлэсэн
Нисэхдээ сүү шиг цагаан цэцгэн дээрээс
Нилэнхүй шаргал гэрлийг хагачин асгаж
Нимгэн хээр морины ширхэг шанхаар бодлоо сүвлээд
Нэлийсэн талынхаа элгэн дээр сүүдрээ ажин жингүүдэхүй
Өт хорхойн чинь үрс зуун зууныг аанай л элээж
Өтөлж буй, сахал нь бууралтаагүй газар шорооныхоо төлөө
Өнөөг хүртэл тэмцэж тэнгэрийн амьтан болсон
Өчүүхэн энэ эрвээхийтэй өөрийгөө дүйлээ
Хайр төрөхүйн эх орон минь
Сар залбирсан уулсынхаа мэлмийд нэвчин
Салхины чинь үүсэлд оюун санаагаа алгадуулаад
Сансарлаг хад асга чээжинд минь илд адил яргаж
Сайр чулуу, үндэст модод “ээжээ” гэж хашхирна
Цуурайлан түгэх хамгийн дотно энэ дуунаас
Цул манан будан, ус болохыг мэдэрч
Цутгалан урсагч гол мөрний хэлээр аягалуулан цуурдаад
Цуваа толгодынхоо алган дээр нэгэн цөнг чимээлэн сонсохуй
Ширхэг чулууны чинь амь цаг хугацааг уустал хүлхэж
Шилгээн давалгаалж асан далай тэнгисийнхээ нууцыг
Шилэн цувандаа баринтаглан аниргүйн чандад нэвтэрснийг
Шивэрч буйгаа борооноос оллоо
Хайр төрөхүйн эх орон минь
Бядан явахдаа навчны ухаант намар
Тэнгэрийн чинь гүн сиймхийд цагиргалсан ором үлдээхэд
Цоохор хээтэй алчуур шиг оддын гялаан мөнх намирч
Цог мэт гялалзах хүү минь намайг дуурайж амьдарна
Алсыг зорин хөвөрдөх гэрэлт цагаан энэ замаас
Анхны хүн үүсч, адууны өвөг төвөргөн янцгааж
Алтан зүрхний чинь судсаар түмэн он улирсаар буйг
Ариун сүнснүүд чинь гэрчилнэ
Хайр төрөхүйн эх орон минь
Хайрын шүлгийн наадамд хоёрдугаар байранд шалгарсан залуу уран бүтээлч Г.Лхагвадорж хэлэхдээ:
-Цагаан-Уул наадамд дэд байранд орлоо сэтгэгдлээс хуваалцан уу?
-Үхэшгүй мөнхийн цагаан уул цэцгээр нэрлэгдсэн хайрын шүлгийн наадамд оролцоод дэд байранд орсондоо баяртай байна. Хүн дурлаж, хайрлаж түүгээрээ хөглөгдөж жаргалтай болж амьдралыг сөрж явдаг болов уу гэж боддог. Хайрын тухай сэдвээр ихэвчлэн шүлгээ бичдэг.
-Таны сүүлийн шатанд уншсан “Хамаг бүхэн хайраас эхлэн” шүлэг хэрхэн бүтсэн бэ?
-Энэ шүлгийг өнгөрсөн хавар зургаан сард Улиастай хотод байхдаа бичсэн. Ертөнц дэлхийд анх ус, тэнгэр хоёр байсан. Тэнгэр, ус хоёрын дунд хайр дурлалын романс үүсэж тэрнээс нь хамаг бүхэн үүсэн гарсан гэдэг таамаг дэвшүүлж бичсэн шүлэг юм. Хүн хайрлах сэтгэгдлээ алдахгүй байвал хорвоо ертөнц амар амгалан, сайн сайхан үргэлжлэн гэж боддог.
Дашрамд сонирхуулахад, “Цагаан-Уул” наадмын анхны цомын эзнээр Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Э.Бүжинлхам, Э.Энхболд нар шалгарч байжээ.
Б.ОЮУНЖАРГАЛ