Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг түр хаана

Image result for Яармагийн гүүр

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр 12:00- 00:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийх болсон тул дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуучин төмөр бетонон гүүрээр сөрөг хөдөлгөөнөөр зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

“Улзын намар-2017” наадам боллоо

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас тогтох сайхан”, “Бөмбөг дэлбэрвэл аюултай”, “Налгар намрын уянга” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууг дуулж амьдруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин Дарьжавын Дашнямын нэрэмжит “Улзын намар-2017” зохиолын дуу дуулаачдын уралдаан түүний төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул суманд болж өндөрлөжээ.

Уралдаанд Улаанбаатар хот, Дорнод аймгийн долоон сум болон ОХУ-ын Буриадын Агын районы Өвөрбайгалийн хязгаарын Цогт Хангилаас уран бүтээлчид ирж оролцжээ. “Улзын намар-2017” наадмын тэргүүн байрт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын дуучин Мөнхбат, дэд байрт ОХУ-ын Агын районы Цогт Хангилын дуучин Аяанаа, гуравдугаар байрт Дорнод аймгийн Баян-Уул суман дахь хилийн цэргийн 0275 дугаар ангийн дуучин Бямбадорж нар шалгарч, тусгай байрын шагналыг Улаанбаатар хотоос оролцогч дуучин Алтанганжуур хүртжээ. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Соёлын төвийн хамт олон шилдгээр шалгарсан байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч Д.Дашнямын нэрэмжит “Улзын намар” зохиолын дуу дуулаачдын уралдааныг нэрт дуучны гэр бүл, үр хүүхдүүд болон Дорнод аймгийн Баян-Уул сумын удирдлага санаачлан 2005 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулах болсон юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдсэн эмнэлгүүдийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 4” төслийн хүрээнд баригдаж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн санхүүжилтээр баригдаж буй Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тиймээс хотын даргын 2020 он хүртэл хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд энэхүү эмнэлгийг барьж байгаа юм. Нийт 4 давхар, 200 ортой, мэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх тус эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 150 мянган иргэнд үйлчлэх боломжтой юм. Эмнэлгийг Австрийн “Вамед инженеринг” компани хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Өвлийн улирал дөхөж байгаа тул барилгын явцад хийх нийт 22 ажлаас зоорийн давхар барих, дулаалах зэрэг 5 хэсгийг ирэх сарын 20-ны дотор гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үлдсэн 17 ажлыг 2018 онд гүйцэтгэх аж. Эмнэлгийн барилгын шав тавих ёслолыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулав.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Намайг анх нийслэлийн Засаг даргын ажлыг авч байхад энэхүү эмнэлгийг барих тухай яригдаж эхэлж байсан. Харин өнөөдөр бодит ажил болон хэрэгжиж байгаад баяртай байна. Барилгын ажил хожуу эхэлсэн ч гүйцэтгэгч компани төлөвлөгөөнийхөө дагуу сайн ажиллаж байна. Монголын ихэнх эмнэлэг харанхуй хонгилтой, хүйтэн байдаг. Харин энэ эмнэлэг жишиг болохуйц гэрэлтүүлэгтэй, дулаан болно. Үүнээс бусад хувийн болоод төрийн мэдлийн эмнэлгүүд ч үлгэр жишээ авна гэдэгт итгэлтэй байна. Энэ мэт эмнэлгийг олон барих тусам улсын чанартай томоохон эмнэлгүүдийн ачаалал буурч, орон нутгийн иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэх юм” гэлээ.

Харин Баянзүрх эмнэлэг нь анх 1983 онд Найрамдлын Районы хүүхдийн эмнэлэг нэртэй байгуулагдаж 125 ортой үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд эдүгээ 320 мянга гаруй хүн амд хоёр дах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Баянзүрх дүүрэгт 0-16 насны хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнтэй уялдан хүүхдийн өвчлөл ихсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эрэлт хэрэгцээ их байгаа юм. Тиймээс тус эмнэлэгт 4 давхар, 40 өрөөтэй, 100 ортой өргөтгөл барихаар төлөвлөсөн нь эдүгээ хэрэгжилтийн шатандаа яваа юм. Тус өргөтгөлд таван их эмч, зургаан сувилагч, дэмжих үйлчилгээний ажилтан 12 ажиллана. Өргөтгөлийг ашиглалтад оруулснаар ачааллыг 40-64 хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

2018 оны төсвийн төслийг буцаан татлаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа.

Шинээр томилогдох Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргав

Засгийн газар дараа оны улсын төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуультай юм. Ж.Эрдэнэбатын танхим хуулийн дээрх хугацаанд нь Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа эрхлэгчид өлсгөлөнгөө зогсоох боллоо

Баянгол дүүргийн 20-р хороо, 1-р хороолол 32-ын автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга С.Одонтуяа уулзлаа. Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчидтэй Баянгол дүүргийн удирдлагууд өнгөрсөн хугацаан дөрвөн удаа уулзсан бөгөөд энэ нь тав дахь удаагийн уулзалт байлаа. Өлсгөлөн зарлаж буй иргэдийн төлөөлөлд дүүргийн засаг дарга өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль, нийслэлийн журмыг дахин тодорхой танилцуулж өөрийн зүгээс хууль зөрчиж ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Нэг цаг гаруй ярилцсаны эцэст худалдаа эрхлэгчид өлсгөлөнгөө зогсоох шийдэлд хүрсэн юм.Тэдний өлсгөлөн зарласан гол шалтгаан нь 32-ын автобусны буудлын урдах газрыг хэн нэг иргэн болон аж ахуй нэгж, албан байгууллагад өгөх гэж байна гэсэн хардалт байсан аж. Тиймээс тус газрыг дүүргийн эзэмшилд байлгаж хувь хүн болон албан байгууллага, аж ахуй нэгжид олгохгүй гэдгийг дүүргийн Засаг дарга албан ёсоор хэллээ. Түүнчлэн нийслэлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг худалдаа эрхлэгчид өөрсдийн биеэр хөөцөлдөж шийдвэрлэхээр тогтлоо. Юутай ч өөрсдийн эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж сайн дураараа өлсгөлөнгөө зогсоох болсон худалдаа эрхлэгчиддээ баярлалаа.

Энэхүү уулзалтад Нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Оюунболор, Нийслэлийн хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар, хуулийн хэлтсийн дарга Т.Батбаяр нар оролцлоо.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

АНУ-ын Лас Вегас хотноо халдлага болж, олон арван хүний амь үрэгдэн хэдэн зуун хүн гэмтэж шархадсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад эмгэнэл илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлийн бичигт “АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Доналд Трамп танаа

Вашингтон хот

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Лас Вегас хотод болсон хэрцгий халдлагын улмаас олон арван хүний амь нас эрсдэн, зуу зуун хүн гэмтэж бэртсэн мэдээг аваад гүнээ харамсч байна.

Хохирогчдын гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхонд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Улаанбаатар хот

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн иргэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өглөө

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд зориулан Хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Иргэдийн хуулийн мэдлэгийг тэлэх, шинэ гарсан хуулиудын талаарх мэдээллийг өгөх, хангахын тулд дүүргийн 28 хороог нутаг дэвсгэрийн байршлаар дөрвөн бүст хувааж уг ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн өдөрлөгт дүүргийн 6,13,14,15,18,25,26 дугаар хорооны иргэд хамрагдаж шинээр хэрэгжиж эхлээд буй Зөрчлийн тухай хууль болон иргэдийн ихээр сонирхдог эд хөрөнгийн бүртгэл, гэр бүл, хөдөлмөр, өв залгамжлалын эрх зүйтэй холбоотой мэдээллийг авсан юм. Мөн газар эзэмшихийн тулд ямар материал бүрдүүлж хэрхэн авах, газар давхардуулан олгосон тохиолдолд хаана хандах, хууль бусаар ажлаас халсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, насанд хүрээгүй хүүхдэд тэтгэмж хэрхэн тогтоолгох зэрэг асуултуудыг иргэдийн зүгээс түгээмэл асууж, тодруулж байв.

Ирэх сарын сүүлээр энэхүү өдөрлөг дахин зохион байгуулагдах бөгөөд Баянзүрх дүүргийн 8,10,11,12,20,23,28 дугаар хорооны иргэдийг өдөрлөгт идэвхтэй оролцож хэрэгжиж буй хуулийн талаарх хүссэн мэдээллээ авахыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

А.Гантулга, Р.Эрдэнэбүрэн, Н.Мөнхбат, Б.Оюундэлгэр, Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан р.Эрдэнэбүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлжээ. Мөн Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт мөн л шилжүүлжээ.

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт М.Тулга нарын нэр бүхий долоон хүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, яллагдагчаар татсан байна. Мөн Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн гэдгийг АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийтийн төвөөс мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Баярцогтын торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож, баривчлах эсэхийг тусад нь шалгахаар болов

Замын цагдаа н.Отгонбаатар руу салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. иргэн Ц.Баярцогт Зөрчлийн тухай хуулийн дагуу оноосон 250 мянган төгрөгийн торгуулийг төлөхийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргажээ. Энэ гомдлыг өнөөдөр шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж хүчингүй болголоо. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 250 мянган төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг нийслэлийн Прокурорын газар руу шилжүүлсэн байна. Мөн прокурорын дүгнэлт гартал олон нийтийн газар танхайрсан этгээд Ц.Баярцогтыг 48 цаг саатуулаад байсан. Харин прокурорын байгууллага хэргийг хянаад цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэлийг нотлох баримтгүй буюу торгуулийн хуудасгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн аж. Тиймээс түүний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах эсэхийг тусад нь шалгахаар шүүх шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн гахай тэжээхээ больё

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


(ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ)

Хааныхаа шалдан байгааг бид мэдсэнээс хойш 17 жил өнгөрчээ. “Хаан шалдан байна” гэж бүхнээс түрүүн хашгирсан жаал хүү өдгөө эрийн цээнд хүрснээр барахгүй идэр насандаа очжээ. Өөрөөр хэлбэл хүний бүтэн үе өнгөрсөн байна. Харин тэр хүүхэд хувьсгал хийсэн юм. Хорьдугаар зууны Монголын түүхэнд тохиосон гурван их хувьсгалын хамгийн сүүлчийнх нь. Гэхдээ хамгийн иргэншсэн, хамгийн төгөлдөр, тэр даруйдаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хувьсгал нь байлаа. Чухам энэ чанараараа 1990 оны цагаан морин жилийн үйл явдал бол түүхийн давтагдашгүй хувьсгал байсан юм. 1911 онд тусгаар тогтнож, 1924 онд бүгд найрамдах улсаа зарлаж, 1960 онд НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн Монгол орон 1990 оноос бүрэн бие даасан, ардчилсан, эрх чөлөөт улс болсон билээ. Энэ их хэргийг санаачилж, гардан эхлүүлсэн мөнөөх жаалд түүх хэзээд гүн хүндэтгэлээ илэрхийлэн ёслох нь мэдээжээ. Энэ орны иргэн болгонд эрх чөлөө олгож, хувь заяагаа өөрөө сонгох бололцоо буй болгож, өмчтэй, өөрөө өөртөө эзэн байх хаалгыг нээж, хуулийн, төрийн, нийгмийн өмнө иргэд тэгш эрхтэй болох замыг тавьсан тэрхүү ноорхой жаал Гаврошийг францчууд мартдаггүйн нэгэн адил үе үеийн монголчууд бахархан дурсах болно.

Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс хэмээх хүний энэхүү нандин эрдэнэ, эрхэм зарчмыг хайрлан хамгаалах гэж, дайснаас өмгөөлөх гэж, бүтнээр нь байлгах гэж, түгээн дэлгэрүүлэх гэж, өдөр тутмынхаа хэв хэмжээ болгох гэж Гаврошоос хойш олон үеийнхэн тэмцсэн юм. Байнга хамгаалж л байхгүй бол “Бүх амьтан тэгш эрхтэй” гэсэн зарчим нэг л өдөр “… гэвч гахай бүр илүү тэгш эрхтэй” гэсэн нэмэлт тайлбартай лоозон болон хувирдаг юм байна гэдгийг түүх бидэнд харуулж байна. Өмгөөлөн тэмцэж л байхгүй бол “бүх амьтан өөрийн үгийг хэлэх эрхтэй, тэр нь өөртөө зөв” гэсэн зарчим нүдэн дээр “… гэвч гахайн хэлэх үг хамгийн зөв нь мөн” гэсэн оруулгатай болчихдгийг бид харж байна.

Хөлбөмбөгийн тоглоомоос эхлээд улс орон хүртэл оролцогч бүр мөрдөх өөрийн дүрэмтэй байдаг. Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн зарчмаа багтаасан өөрийн үндсэн дүрэм болох Үндсэн хуулиа иргэд тохиролцсоны үндсэн дээр Монгол Улс батлаад 15 жил болох гэж байна. Энэ хуулийг манай иргэн бүр, айл бүр, хамт олон бүр, төр болон улс төрийн намууд ширхэгчлэн мөрдөхөөр тогтсон. Манай төрийн болоод нийгмийн тогтоц энэ араг ясан дээр тогтсон. Хөлбөмбөгт дүрмийг нь зөвшөөрөхгүй хүнийг тоглуулдаггүйн нэгэн адил Үндсэн хуулийг зөвшөөрдөггүй улс төрийн намыг Дээд шүүх бүртгэж үйл ажиллагааг нь зөвшөөрдөггүй байх ёстой. Хаана ч тийм л байдаг. Энэ дүрэм надад ерөөсөө таалагдахгүй байна, хуцваа нэг байна гэдэг хөл бөмбөгийн багууд буй болон үйл ажиллагаагаа урам төгөлдөр явуулах боллоо. Талбай дээр тоглож буй үндсэн хоёр тоглогч баг дүрмийг зүйл бүрээр зөрчихөөр барахгүй үүнээ ид бах болгох болов. Талбайн шүүгч илүү мөнгө өгсөнд нь найрч худалдагдаж дуусчээ. Сонгогдогч бол сонгогч олныг төрийн шийдвэр гаргахад нь өмнөөс нь төлөөлөгч билээ. Хүмүүс түүгээр дамжуулан нийтлэг шийдвэр гаргах гэж байгаа учир найдсан хүнээ олох ёстой. Маргаан гарвал шүүхдэх ёстой. Маргааныг шүүх шийдвэрлэх эрхгүй гэж Цэц үзлээ. Ингэхээр сонгуульд ямар ч маргаан гарахгүй. Учир нь гахай яаж ч булхайцсан гахайны л зөв болно, энэ нь хуульчлагдаж орхив. Бид тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү тэгш эрхтэй. Цэц нь бүтцийг нь Үндсэн хуулиар зааж өгсөн сонгуульт байгууллага. Харин одоо дарга нь ажлаа орлогчдоо даатгаж болдог захиргааны байгууллага болж орхив. Ингэхээр Цэц буюу Ерөнхий шүүгч илүү тэгш эрхтэй гахайнуудын захиалгаар ажилладаг болов. Улс төрийн намын гэмт хэргийг гай нь таарсан гаальчинд тохож орхино. Улсаа зарсан фракц бүлгийн гэмийг ухна ишигт нөмөргөж орхино. Үүргээ биелүүлж хээлтүүлэг хийгээгүй, ингээд мал цөөрсөн, үүнээс болж хүмүүс өлссөн гэх мэтээр. Өөрөөр хэлбэл манай хөлбөмбөг шүүгчгүй болчихлоо.

Нэгэнт шүүгчгүй болохоор дүрэм баримтлахыг хэн ч шаардахгүй. Дүрмээ баримтлахгүй бол дүрэмгүйтэй адил. Эсвэл дүрмийг хэзээ дуртай цагтаа хэн илүү мөнгөтэй нь газар дээрээ зохионо. Ингээд ажил үүрэг, эрх мэдлийн хуваарилалт огт үгүй болно. Хэн нь ч юу руу ч орж юуг ч шийдэж, алийг ч авч болно. Гол нь мөнгөө л тохирох хэрэгтэй. Гавьяат уяачийн одон тэмдгээ гялалзуулсан гахайнууд араб морины уралдааны бариан дээр бооцоо тавин үзэлцэнэ. Бооцоонд эх орны баялаг, эцэг эхийн өв хөрөнгөөс эхлээд өнчин хүүхдийн эцсийн ганц зүсэм талх, өвчтэй эмгэний сүүлчийн ганц ширхэг эм хуу явна. Учир нь бид бүгдээрээ тэгш эрхтэй боловч гахай илүү тэгш эрхтэй.

Шалдан гахайнууд доллар, төгрөг холилдсон дэвсгэртийг зүйн монгол дээлэрхүү юм хийж өмсөх боллоо. Энэ шинэ жилээр гоёх юм нь 250 саяын дэвсгэртүүдээр урласан палааж. Ерөнхий гахай таван өнгөөр солонгордог польто хийж өмссөн боловч өртөг нь багадсан хэмээн үнийг нь хэлэхээс ичингүйрнэ. Гахайнууд айж ичин хулгай хийдэг байсан бол одоо ид хав болгон дээрэм хийдэг болжээ. Уул нь бүх амьтан шудрага, гэхдээ гахай илүү шудрага, яагаад гэвэл ямагт гахайны зөв. Хууль маань иймэрхүү л утга санаатай болсон.

Гахайнуудаас олон тоорой төрлөө. Духандаа дазыбао ороосон хунвэйбин тооройнууд. Тэдэнд ямар ч дүрэм журам үйлчлэхгүй. Тэд бүгдийг, түүний дотор өөрийг нь амьсгаадан байж хийсэн эцэг бодонгоо ч мөргөнө. Мөргөдөг гахайнууд. Багалзуурддаг гахайнууд. Хаздаг гахайнууд. Тангардаг гахайнууд. Тэр байтугай англиар ярьдаг тоорой ч бий. Тэд ямар ч дүрэм журам хууль ёсыг мэдэхгүй. Учир нь хайрт эцэг нь тийм юм байдаггүй юм гэж зааж өгсөн юм. Хууль мууль гэж хэн нэг нь яривал бичгийг нь хурааж авч ураад салтаа руу нь чадлаараа өшиглөөрэй гэж сургасан юм. Гахай мөртөө хаусанд өссөн тэд хурдан торнин удахгүй “илүү тэгш эрхтэй” биш “илүү эрх мэдэлтэй” нас бие гүйцсэн бодон болно. Харин түүнийг дийлэх амьтан хорвоо дээр олдохгүй болно. Тэр үед эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн үлгэр домгийн шинжтэй туульсийг өтөл буурай хөгшчүүд үдшийн цагаар хаалга цонхоо битүүлж байгаад үр ачдаа шивнэн ярих болно.

Ардчилсан хүчин гэж бид сүүлийн 16 жил ярьлаа. Энэ бол тодорхой хүн биш, байгууллага ч биш, тэр дундаа улс төрийн нам биш. Энэ бол үзэл санаа юм. Энэ бол ариун нандин идэй юм. Энэ бол ард түмнийг гэрэлт ирээдүй рүү уриалсан дуудлага. Энэ бол эрх чөлөө. Энэ бол тэгш эрх. Энэ бол шударга ёс. Үүнийг арчилж, хямгадаж хамгаалж өмгөөлж цэвэрлэж байхгүй бол ариун сайхан идээ нь аягүй муухай үнэртэй идээ бээр болно. Бид үүнийг нүдээрээ үзэж хамраараа үнэрлээд сууж байна. 17 жилийн өмнө манай ард түмэн бараг тэр чигээрээ ардчилагчид байсан. Ардчилал, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс бол Монголын ард түмний ухамсартай сонголт байсан.

Харин өнөөдөр энэ нь үнэр орсон гахайн идэш болж байна. Үнэр орсон энэ зүйлийг үтэр өшиглөж хаяад бүгдээрээ тэгш эрхтэй болж ганцхан Ерөнхий гахай л ганцаараа илүү тэгш эрхтэй болъё гэж гахайнууд дүрэм өөрчлөх санал гаргах боллоо. Гахай болгон харин дотроо тус бүрдээ өөрийгөө ирээдүйн тэрхүү илүү тэгш эрхт ганц бодон гэж төсөөлж байгаа. Үнэндээ үнэр тэрхүү үзэл санаанаас гараад байгаа юм биш дотор нь давхиж ороод замбарааг нь алдагдуулчихсан гахайнаас өмхий үнэртээд байгаа юм. Тэд дүрмийг өөрсдөө ганц ч мөрдөөгүй учраас үүнийг хэн ч мөрдөхгүй байна гэж зарлаад байгаа юм. Шалдан биеэ ороосон дэвсгэртээр зүйж хийсэн тэдний хувцаснаас үмхий үнэртээд байгаа юм. Тэд хэдийгээр өөрсдийгөө хувцасласан гэж бодож байгаа боловч үнэндээ мөнгөн дэвсгэртүүдийн зүйдэл дундаас нь хамаг юм нь унжиж санжаад нүднээ ил харагдаад байна.

Дүрэм биелүүлдэггүй мөрддөггүй юм бол тэднийг заяанаасаа байх ёстой жорлон, муу усны шуудуу руу нь хөөж явуулъя. Улс төрийн гахай тэжээж байхаар, заавал гахай тэжээх ёстой юм бол үржил шим өгөөж сайтай украины цагаан гахай тэжээж ядахнаа л амьдралаа дээшлүүлцгээе л дээ.

2007 оны 1 дүгээр сарын 13