Categories
мэдээ улс-төр

Засгийн газрыг огцруулах асуудлыг 15 цагаас хэлэлцэх бололтой

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10 цагт эхлэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй байсаар 11 цаг хүргэлээ. Удахгүй чуулган эхлэх гэж байна. Одоо чуулганы танхимд 39 гишүүн хуралдаа оролцохоор сууж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг 15 цагт хэлэлцэх бололтой.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

“Инвест Монголиа” амжилттай болж өндөрлөлөө

Олон улсын байгууллага, гадаад дотоодын 130 гаруй зочид төлөөлөгч, 1100 орчим хөрөнгө оруулагчдыг хамарсан “Инвест Монголиа” чуулга уулзалт 11 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Хоёр өдрийн туршид Монгол Улсын эдийн засаг, банк, санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, хэтийн төлөв, хөгжлийн бодлого болон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг саад бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар үндсэн 15 илтгэл сонсон 30 гаруй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ жилийн хувьд хөрөнгө оруулагчдын тоо болон хөрөнгө оруулалтын хэмжээ 60 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг зохион байгуулагчид дурдаж байлаа. Чуулганд оролцогсод зөвхөн уул уурхайн салбар бус эрчим хүч, дэд бүтэц, банк, санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, эдийн засгийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг чухалчилж байв.

Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар зарим төлөөлөл хэлж байсан юм.

“Сэхээнд” байгаа эдийг засгаа аврах, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг сэргээж чадах эсэх нь Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байна. Үүний тулд шинээр хөрөнгө оруулалт татах арга зам, боломж нөхцөлийг эрэлхийлэхээс гадна Монгол Улсад одоо байгаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийнхээ санал, хүсэлтийг сонсож, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах нь нэн чухал гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Засгийн газрын хувьд хэлсэн амнаасаа эргэж буцах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлж, алдаагаа давтах “эрх” болоод “цаг хугацаа” байхгүй. Иймээс хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бодлогын тогтвортой байдлыг хангах чиглэлээр бүхий л боломж, бололцоогоо дайчлан ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Энэ Засгийн газар 807.8 тэрбумын конценссын гэрээг хулгайгаар байгуулчихаад байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.30-ны лхагва гаригийн №184(5751) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүний нэг нь та. Яагаад Засгийн газраа огцруулах гэж зүтгээд байгаа юм бэ?

-Үндсэн шалтгааныг концесстой холбож байгаа. Ерөнхий сайд өөрөө концессын ажлууд хуулийн дагуу хийгдсэн гэж тайлбарлаад байна. Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоол гэж гарсан. Тэр тогтоолд концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай дурдсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй барьж, шилжүүлэх нөхцөлөөр концессын гэрээ байгуулахгүй гэж заасан байдаг. Гэтэл мөн оныхоо арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч эрчим хүчний салбарт зургаа, зам тээврийн салбарт дөрвөн төсөл хөтөлбөрийг концессын гэрээгээр хийж гүйцэтгүүлэхээр болсон. Нэг үгээр бол хулгайгаар гэрээ байгуулчихаад байна. Тэр гэрээний сонгон шалгаруулалтыг өмнө нь хийсэн гээд байгаа. Өмнө нь хийгдсэн гэрээ өмнөх Засгийн газрын л асуудал шүү дээ. Тэд яагаад тухайн үедээ гэрээгээ хийгээгүй юм бэ, тийм биз дээ. Тиймээс огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн ярьж буй гол асуудал нь хоёр тогтоол хоорондоо зөрчилдөж байна. Хоёрдугаарт, эдийн засаг ээдрээтэй үед хурдан өгөөжөө өгч чадахгүй төслийн гэрээ байгуулах хэрэг байсан юм уу. Энэ чинь эргээд 2020, 2021 оны төсөвт дарамт учруулна. 807.8 тэрбум төгрөгийн концессын ажил яригдаж байгаа. Бараг нэг их наяд төгрөг байгаа биз дээ. Улсын төсвийн аравны нэг хэмжээний хөрөнгөтэй төсөл шүү дээ. Он гараад биднийг бондын эргэн төлөлтүүд хүлээж байна. 160 сая, 560 сая ам.долларын төлөлтүүд тулчихлаа. Гэтэл ар араасаа дарамт үзүүлэх шийдвэр гаргасан. Гаргахдаа нэг тогтоолыг нөгөөгөөр зөрчилдүүлэн байж шүү. ОУВС-гийн хөтөлбөрт орох нөхцөлөө өнгөрсөн жилийн өдийд хэдийнэ ярьчихсан байсан. Тэр үед концессын гэрээ битгий хий, халамжийг битгий хавтгайруул гэсэн байдлаар урьдчилсан хэлэлцээр хийчихсэн байлаа. Энэ бүхнийг Засгийн газар зөрчсөн. Одоо болохоор “Бид эдийн засагт үр өгөөжөө өгөх, өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн ажлуудыг гүйцээсэн” гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл шинэ, хуучин концесс гэж ярьж байгаа. Тэгж ярьж болохгүй. Яагаад гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар зарлаад, шалгаруулаад, гэрээ хийсэн бол өмнөх рүү нялзаах боломжгүй.

Өнгөрсөн засгийн газрын үед Д.эрдэнэбатын толгойлж байсан аж үйлдвэрийн яам сангийн яамтайгаа ч тохиролцолгүйгээр 1.4 их наяд төгрөгийн гэрээ хийчихсэн. Тэр өрийн дарамт нь өнөөдөр бидэнд ирж байх жишээтэй. Одоогийн Засгийн газрыг эх оронч бус шийдвэр гаргасан гэж үзээд байгаа юм. түүнээс биш хэн нэгэн хувь хүн рүү ямар ч дайралт хийгээгүй. Тэгэхийг ч хүсэхгүй байна.

-МАН дотроо ойлголцож болохгүй байна уу. Заавал Засгийн газраа унагаах хэрэгтэй гэж үү?

-Ардчилсан намын алдаануудыг давтаад байгаа учраас нэн яаралтайгаар засаг, төрийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх ёстой. С.Эрдэнэ сайд байхдаа төсөвт тусгалгүйгээр хүүхдийн мөнгийг олгосон. Манай Засгийн газар яг түүнийг нь давтаж байна. Д.Эрдэнэбат дур мэдэн баахан концессын гэрээ байгуулсан. Тэрийг нь ч бас давтлаа. Гэхдээ Ардчилсан намын Засгийн газартай харьцуулашгүй сайн ажлууд бий. Эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр тодорхой ажлууд хийсэн. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүд улс эх орноо л бодсон. Эдийн засаг хүнд нөхцөлд байхад өшөө илүү дарамт учруулан байж гэрээ байгуулах шаардлага байсан юм уу.

-Засгийн газрыг огцруулбал дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болно гээд байгаа. Таныг бас Хуульзүй, дотоод хэргийн сайд болно гэх яриа гарсан байна лээ?

-Тийм зүйл огт байхгүй. Дараагийн Ерөнхий сайд тэр, энэ болно гэж дур мэдэн яригдсан зүйл байхгүй. Мэдээж хэрэг манай нам дотроосоо Ерөнхий сайдаа томилж, дангаараа Засгийн газраа бүрдүүлж таараа. Ингэх нь зүй ёсны хэрэг. Түүнээс биш стандарт бус Засгийн газартай болно гэх асуудал байхгүй. Хоёрдугаарт гэвэл би ямар нэгэн сандал, ширээний тохиролцоо хийгээгүй. Хийх ч үгүй. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж санаачилж, батлуулах хуулийн төсөл бишгүй байна. Тойрогтоо хийхээр төлөвлөсөн олон ажил бий.

-Огцруулах бичигт 30 хүн гарын үсэг зурсан. Зарим нь хүчээр зурсан, одоо түүнээсээ буцах гэж байгаа гэх юм?

-УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй. Тийм хүний халдашгүй дархан эрхэнд халдаж хүчээр гарын үсгийг нь зуруулна гэж байх уу. Ардчилсан Монгол Улсад тийм зүйл болохгүй.

-Таны гарын үсэг их сонин юм билээ. Таных мөн, биш гэх яриа бас л гарсан. Та гарын үсгээ угаасаа тэгж зурдаг юм уу?

-Мөөн, мөн.

-Бид уг нь тогтвортой байдал хамгийн чухал гээд л ярьдаг. Гэтэл ярьсныхаа эсрэг үйлдэл хийдэг нь ямар учиртай юм бэ. Шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд сайдууд ажилтайгаа танилцах гэж дахиад нэг жил болно. Өнөөх амлаад байсан мөрийн хөтөлбөрөө хэзээ нь хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ?

-Мөрийн хөтөлбөр эхнээсээ хэрэгжээд явж байгаа. 2016 оны Үндэсний статистикийн газрын дүн мэдээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0 хувьтай байсан. Өнөөдөр тодорхой хэмжээний эерэг үзүүлэлтүүд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлтөд суурилж мөрийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Мөрийн хөтөлбөрийн аль хэсэг нь тасалдсан юм бэ. Үндэслэл, судалгаатай МАН-д гаргаад ир. Хэвлэлийн хуудсаар баримт сэлтгүй ярьж байхаар аливаа асуудалд нотолгоотой хандах хэрэгтэй. Харин улс төр тогтвортой байх ёстой гэдэгтэй зуун хувь санал нийлнэ. Гэхдээ гаргаж байсан алдаануудыг давтаад байгаа учраас болиоч гээд байгаа юм. Засаг солигдлоо гээд төрийн алба эвдрэн нурах үйл явц явагдахгүй.

-Гэхдээ л нийгэм Засгийн газар солигдохыг хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох тоглоом мэтээр хүлээж авч байна. Энийг та яаж зөвтгөх юм?

-Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орно гэдэг чинь сөрөг хүчнийхний гаргасан жорган хэллэг. Их хурлын гишүүд сонгогдсоныхоо дараа тангараг өргөдөг. Нийт улс эх орныхоо эрх ашгийн төлөө зүтгэнэ гэсэн агуулгатай. Тэгэхээр аль ч Засгийн газар энэ тангаргийг хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Жишээлбэл, миний хувьд ямар нэгэн сандал суудалд сууя, хоол идье гэсэн тохиролцоо хийгээгүй. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Урдаас зөгнөөд яахав.

-Танай нам доторх бужигнааныг НАМЗХ-той холбоотой гэх юм. Лифтээр өгсөж гэнэт дарга болсон тэндхийн залуус ах нарынхаа тушаалыг биелүүлээд байна уу?

-Би хувьдаа ямар нэгэн лифтэнд суугаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар нийгмийг хоёр талцуулж НАМЗХ-ноос болсон гэж ярьж болохгүй байх. Намын дэргэдэх залуусын байгууллага үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байгаа. Би өөрөө дэд ерөнхийлөгч нь шүү дээ. НАМЗХ-ны байр суурийг гаргаж ярьсан зүйл байхгүй гэж бодож байна.

-Уг нь МАН хамгийн сахилга баттай, эв нэгдэлтэй гэгддэг. Гэтэл цагаа тулахаар тийм байж чадахгүй юм аа?

-МАН-ын улс төрийн үндсэн үзэл баримтлал нь социал демократ. Бүр 1899 оны үед марксист үзэлд шүүмжтэй хандаж социал демократ үзэл бий болсон. Марксизмд шүүмжлэлтэй хандаж Эдуард Бэрнштэйн гэж хүн социал демократ үзлийн үндсийг тавьсан байдаг. Мэдээж хэрэг тодорхой үе шатыг давж боловсрогдсон. Үе шат давахдаа гурван зүйлийг үнэт зүйлээ гэж үзсэн. Тэр гурав бол МАН-ын үнэт зүйл болох эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс гурав. Дэлхийн улс орнуудын социал демократ намууд ч гэсэн энэ гурвыг үнэт зүйлээ болгосон байдаг. Энэ гурвын эв нэгдэл гэх үнэт зүйлээр нам доторх болж бүтэхгүй бүх зүйлийг халхавчлах, хаах, бамбай болгох ёсгүй. Ингэвэл манай нам эрүүл бус болно. Тухайлбал, Монголын нийт сонгогчдын дийлэнх хувь, намын гишүүдийн олонх төрийн албыг наймаалцах тухай бичлэгтэй холбоотой асуудалд маш их эгдүүцэж байгаа. Энэ мэт зүйлд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрүүлж болохгүй.

-Гэхдээ хариуцлага хүлээлгэнэ гээд ганц, нэг хүнээр туг тахиад өнгөрөх гээд байгаа юм биш үү?

-Тийм яриа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэг, хоёр хүн бий. Тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм яриа болсон гэдгийг хүмүүс хэлж байсан. Тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой.

-Энэ талаар болон тагнаж, чагнахтай холбоотой асуудлыг өнөөдөр (өчигдөр) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ярина гэж байсан. Хурал нь яагаад болоогүй юм бэ?

-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Хүнийг тагнаж, чагнах асуудал сүүлийн үед бүр хэрээс хэтэрлээ. Бараг тагнаж, чагнасан хүмүүс нь баатар болдог болчихож. Би хувьдаа 60 тэрбум төгрөгийн хэрэг дээр тагнасан тагнуулсан, чагнасан чагнуулсан бүх хүнийг шалгаж хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байгаа. Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал өнөөдөр олны анхаарлын төвд байна. Энэ болгонд цэг тавих ёстой. Монгол Улсад гүйцэтгэх ажиллагааны тухай гэж бие даасан хууль бий. Би хуульч хүний хувьд хэлье. Гүйцэтгэх ажиллагаа гэдэг нь маш товчхондоо гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой тагнуулын ажиллагаа. Жирийн хүмүүст ингээд товчхон ойлгуулж болно. Гэтэл улс төрийн зорилгоор бие биенээ тагнаж чагнана гэдэг байж боломгүй асуудал. Барууны орнууд ардчиллыг төлөвшүүлэх явцдаа ийм үе шатыг дамжаад ирсэн. 1970-аад оны дундуур АНУ-д сөрөг хүчнээ тагнасан Уолтер Гейтийн хэрэг гарч сүр дуулиан болж байлаа. Тэрнээс хойш АНУ тагнаж, чагнахтай холбоотой асуудалд маш их анхаарал хандуулдаг болсон. Манайд 1990-ээд оноос хойш ийм үйл явц их гарч байна. Багш нарын ажил хаялтыг тагнасан, чагнаснаас эхлээд улс төрийнхний асуудал яригддаг. Үнэний логик гэж байдаг бол тагнасан хүмүүс нь хариуцлагаа хүлээ. Эсхүл тагнуулсан хүмүүс нь хариуцлагаа хүлээ. Ингэж олны санаа сэтгэлийг хоёр хуваасан зүйлүүдээ нэг тийш нь болгомоор байгаа юм. Ялангуяа эрх барьж буй намынхан бид цэг тавих ёстой. Тэгж байж нийгэмд бий болж буй сөрөг зүйлсийг даамжруулахгүй байх нөхцөл бүрдэнэ. Ер нь өнөөдөр нийгэмд үнэт зүйл гэх тогтсон ойлголт байхгүй болчихож. Шударга ёс алга боллоо. Хүний эрх, эрх чөлөөний хязгаарын хэмжүүрийг нийтээрээ эргэж ярилцах цаг болсон байна. Эрх, эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг.

-Тийм хэргүүдийг яагаад АТГ шалгаад байгаа юм бэ. Эрүүгийн цагдаагийн хийх ёстой ажил биш үү?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн харьяалал гэдгийг зүйл заалт бүрээр мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудад хуваарилж өгсөн. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй хуулиар ингэж заасан. Өмнө нь ч тийм заалт байсан. Албан тушаалтай холбоотой бүлэгт зааснаар арван нэгэн төрлийн хэргийг АТГ шалгана, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулна. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой хэргүүдэд Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Бусад бүх хэрэгт цагдаагийн байгууллага ажиллана. Яг одоо ямар зүйл заалтаар хэн гэж хүнд хэрэг үүсгэчихээд байгаа талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй учраас баримт нотолгоогүй дүгнэлт хийж болохгүй.

-Төрийн албыг наймаалцдаг 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан төрийн албан хаагчдаас мэдүүлэг аваад эхэлсэн гэсэн. “Та энэ албанд очихдоо мөнгө өгсөн үү” гэх асуулт асууж байгаа сурагтай байна лээ. Ингэж байцаалт авсан мэт жүжиг үзүүлж хэргийг хаах гээд байна уу?

-Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хамгийн эхнийх нь байцаалт явуулах. Үүнээс гадна хуульд заасан бусад үйл ажиллагаа явагдах байх. Би хэргийг уншаагүй учраас дүгнэлт хийх боломжгүй.

-Та түрүүнд эдийн засаг сайжирч байна гэж ярьсан. 5.4 хувийн өсөлттэй байгаа нь үнэн. Гэхдээ МАН сайн ажилласны хүчинд өсөлттэй гарсан гэж бодохгүй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбож харах гээд байна л даа?

-Ардчилсан намынхан л тийм байр суурьтай дүгнэлт хэлэх байх. Ямар эдийн засаг хүлээж авсан бэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Тэрнээс хойш ард түмний уур ундууцлыг хүргэн байж эдийн засгийн ямар хатуу арга хэмжээ хэрэгжүүлж байгаа билээ дээ. Тэрний л үр дүн шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгдийг байгалийн баялгийн түүхий эдийн үнийн өсөлттэй холбож тайлбарлаж болохгүй. Манай нам Засгийн эрхэнд гараад шууд хоёр, гурван тэрбум ам.долларыг эдийн засагт цутгаагүй. Та энийг мэдэж байгаа байлгүй дээ.

-Өнөөдөр (өчигдөр) МАН-ын бүлэг хуралдлаа. Юу хэлэлцэв?

-Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан бичигтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

-Хурлын уур амьсгал ямархуу болж байна вэ?

-Муудалцаж барьсан зүйл байхгүй. Хэвийн явагдаж байгаа. Асуулт хариулт явлаа. Огцруулахаар өргөн барьсан гишүүд, Засгийн газрын сайд нараас асуулт асууж байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр: Дэлхийн аварга болж чадсангүй, уучлаарай багш аа

Дэлхийн аваргын дэвжээнд төрийнхөө далбааг хоёронтоо мандуулж, хошой хүрэл медальтан болсон Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяртай ярилцлаа.


-Дэлхийн дэвжээнд гурван удаа зодоглож, дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Танаар монголын ард түмэн бахархаж байна…

-Баярлалаа. Бөхөө дээдэлдэг ард түмнийхээ сэтгэлээр, багш нарынхаа хүчээр, ар гэр, найз нөхдийнхөө итгэлээр дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэндээ баяртай байна.

Гэхдээ үүнээс илүү амжилт гаргах бүрэн боломжтой байсан ч боломжоо алдлаа. Энэ жил дэлхийн аварга болно гэдэгтээ бүрэн итгэлтэй л байсан. Чадна гэдгээ ч мэдэж байлаа. Гэвч өөртөө дэндүү итгэлтэй байснаасаа болж, барилдаандаа алдаа гаргасан. Шөвгийн наймд Японы Юки Такахашид хоёр оноо алдаж, улмаар ялагдсан. Ингээд дагах барилдаанд өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын бөх В.Дубовыг ялж, дэлхийн аваргын хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Энэ жилийн дэлхийн аваргын барилдаан санасныг бодоход өрсөлдөгч их ширүүн байв. Багш, дасгалжуулагч, миний ард ажилласан бүх хүмүүсдээ баярлалаа.

-Үнэхээр таныг энэ жил өнгөтэй байгааг, бэлтгэл сургуулилт тань ханачихсан сайн байсныг багш нар тань хэлж байна лээ…

-Тийм ээ. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Аварга болно гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан ч санаснаар болсонгүй ээ. Дэлхийн аварга болж чадаагүйдээ сэтгэл гонсгор л байна.

-Гэхдээ дэлхийн хошой медальтан болно гэдэг бас л бахархмаар амжилт шүү дээ. Та өмнө нь Юки Такахашиг дийлж байсан удаатай. Түүнтэй барилдаж байхдаа юу бодож байв?

-Энэ бөхтэй би анх дэлхийн аваргын хүрэл медаль хүртэхдээ гуравдугаар тойрогт таарч байсан. Ер нь их хүчтэй бөх л дөө. Өмнө нь хаячихсан болохоор энэ удаад дийлчих байх гэж санасан маань алдаа болсон. Миний барилдааныг их судалсан байж мэднэ ээ. Унаж байж бөх болно гэдэг шиг надад дийлдсэн тэр Японы бөх дахин таарвал хэрхэн барилдах уу гэдгээ их бодсон нь илт. Би харин өмнө дийлж байсан болохоор энэ удаад бас л ялна гэсэн бодолтой байсан.

Бэхбаярын энэхүү мэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн шилдэг барилдаанаар тодорсон

-Таны барилдсан хэсэгт дэлхийд чансаа өндөр бөхчүүд их орсон. Сугалаа ер нь хатуухан таарчих уу даа?

-Сайн, дэлхийд танигдчихсан бөхчүүдтэй нэг зоонд таарлаа. Нөгөө талаасаа нэг л жинд барилдаж байгаа бөхчүүд учраас хатуухан таарсанд нь баярласан. Хэсэгтээ сайн, сайн бөхчүүдийг дийлж, медалийн төлөө барилдана гэдэг яагаад ч юм сайхан санагдсан л даа.

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хос медальтан Болгарын бөх Владимир Дубовтой таарсан. Түүнтэй барилдахдаа бэргэж байсан уу. Сэтгэл зүйн хувьд хэр давуутай байв?

-Дубов бол дэлхийд танигдсан бөх л дөө. Өмнө нь би чинь хоёр удаа дэлхйин аваргын дэвжээнд гараад үзчихсэн. Бас медаль хүртчихсэн болохоор айх, эмээх зүйл байгаагүй ээ. Адилхан дэлхийн аваргаас медаль хүртэж, дэвжээнд гарсан бөхчүүд гэдэг утгаараа зоригтой л барилдсан. Дэвжээнд гарахаасаа өмнө энэ миний сүүлийн боломж, үүнийг л алдвал надад багш нартаа, ард түмэндээ хэлэх үг олдохгүй гэж бодсон. Шуудхан хэлэхэд би энэ бөхийг ялна, дийлнэ л гэсэн бодолтой гарсан. Ингээд хүрэл медаль хүртчихээд өөрийн эрхгүй баярласан даа.

-Дэлхийн аваргаар таны хийсэн мэхийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос уг тэмцээний тав дахь өдрийн шилдгээр тодруулсан. Таны багш Болормаа “Бэхбаяр маань ямар ч мэхийг их даацтай, мэдрэмжтэй хийдэг” хэмээн онцлон хэлж байсан.

-Миний хувьд ихэвчлэн өрсөлдөгч бөхийнхөө хөлд нь орж барилддаг. Ямар нэгэн мэх хийхдээ өөртөө их итгэлтэй хийдэг л дээ. Тэгж байж л оноо авч чадна шүү дээ. Саяны дэлхийн аваргаар нэгдүгээр тойрогт Кыргызстаны бөх Улукбек Жолдошбекогтой таарч барилдсан. Барилдааны үеэр өрсөлдөгч бөх маань ухас хийгээд миний хөл рүү дайрсан. Тэр үед бие зөрүүлээд баруун хөлийг нь тойрч, тэндээсээ ард нь гарч, гараа бэлхүүсээр нь холбосон. Ингээд шууд л өргөж, араараа шидсэн. Улмаар Кыргызстаны бөхийг оноогоор цэвэр ялсан даа. Сүүлд нь миний энэ барилдааныг нэгдсэн холбооноос тэр өдрийн шилдэг барилдаанаар тодруулсан юм билээ. Миний хийж байгаа мэх, техник, хөдөлгөөн бүр хоёр багштай минь салшгүй холбоотой гэж боддог. Багш нарынхаа хүчээр л би өдий зэрэгтэй яваа шүү дээ.

-Дэлхийн аваргаас хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж, шагналын тавцан дээр зогсож байх тэр мөчид юу бодогдох юм?

-Тавцан дээр гараад хамгийн түрүүн эх орны минь төрийн далбааг барьсан монголчууд маань үзэгчдийн суудалд байна уу гэдгийг харсан. Яг медаль гардуулах мөчид тэнгэрт одсон аавыгаа их бодлоо. Миний аав хүүгээ дэлхийн хошой медальтан болсныг үзсэн бол бахархах байсандаа гэж. Бас багш нартаа очиж баярлалаа гэж хэлмээр санагдсан шүү. Ер нь их сайхан.

-Таны багш Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ гуайг олон түмэн андахгүй мэднэ. Нэгэн үед тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж явсан алдарт бөх шүү дээ?

-Багш маань дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, дэлхийн бөх. Дэлхийн аваргын хос медальтан болж багшийнхаа амжилтыг давтсандаа баяртай байна. Уг нь дэлхийн аварга болж багшийнхаа зорьж байсан амжилтыг гаргахыг хүсч байлаа. Даанч болсонгүй дээ. Уучлаарай багш аа. Дараа дараагийн тэмцээнүүдэд илүү их амжилт гарган барилдах болно. Энэ жилийн дэлхийн аваргаар багш маань хамт явж амжаагүй ээ. Миний барилдааныг эх орондоо үзэж, дээлний минь захыг мушгиж суусан.Намайг хүрэл медаль хүртсэнд багш маань үнэхээр их баярласан гэж байсан. Миний энэхүү амжилтын ард чөлөөт бөхийг үнэн сэтгэлээсээ дэмждэг олон хүмүүс, байгууллага бий. Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, “Хангарьд” спорт хороо, “Алтай констракшин” компани зэрэг намайг сэтгэл зүрхнээсээ дэмжин тусалдаг хүмүүсдээ талархаж байгаагаа илэрхийлье ээ.

-Чөлөөт бөхийн спортоор хичнээн жил хичээллэж байна вэ. Таныг анх ахтайгаа хамт энэхүү спортыг сонирхон хичээллэх болсон гэдэг?

-Тийм ээ. Би эцэг, эхээсээ хоёулаа. Ах бид хоёр нэг насны зөрүүтэй болохоор найзууд шиг л байдаг. Ахыг маань Э.Бөхбаяр гэдэг. Спортын мастер цолтой хүн. Дэрсхэн өссөн айлын хоёр эрэгтэй хүүхэд болохоор чөлөө завгүй л хоорондоо ноцолддог байсан сан. Бид хоёрыг бөх болъё гэхэд аав, ээж хоёр маань дуртайяа зөвшөөрч билээ. Ингээд 2004 онд гавьяат тамирчин А.Энхээ багшийнхаа шавь болж ирсэн дээ. Өдгөө 13 жил Энхээ багш, түүний эхнэр Болормаа багш нартайгаа амьдралын жаргал зовлон, ялалт, ялагдлыг хамт л туулж явна. Ийм мундаг багш нараараа бахархаж бас талархаж явдаг.

-Өнгөрсөн жилийн “Рио”-гийн олимпоор санасандаа хүрч барилдаж чадаагүй. Тэрхүү алдаагаа дүгнэж, ирэх олимпод өндөр амжилт гаргахын төлөө зорьж байгаа байх…

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн жилийн олимпод манай улсаас хамгийн олон тамирчид явсан. Гэхдээ төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Миний хувьд ч гэсэн. Эхний тойрогтоо Сенегалын бөх А.Диатад дийлдэж, тааруу амжилт үзүүлсэн. Би юун дээр алдав, юу дутуу байв гэдгээ хожим багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж, түүндээ тулгуурлан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Ирэх олимпоор юутай ч өнгөрсөн жилийнхээ алдааг давтахгүй ээ. Илүү өндөр амжилтыг гарган, эх орныхоо нэрийг Японы тэнгэрт мандуулах болно.

-Та баруун аймгийн хүн. Нутаг усандаа очих уу. Эсвэл эндээ бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийх үү?

-Би Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрж, өссөн хүн. Ойрын хэдэн хоног бэлтгэл сургуулилт хийх бодолгүй л байна. Нэг сайхан амарч авна аа (инээв). Нутаг руугаа очих санаа бол байна. Харин амжих нь уу даа. Дараа дараагийн дэлхийн аварга, Азийн аваргаас алтан медаль хүртэхийн тулд одооноос бэлтгэл сургуулилтаа базаах хэрэгтэй. Тамирчин хүнд амрах хугацаа их. Гэхдээ амрах цаг маань одоо болоогүй л байна. Тийм болохоор ард түмнийхээ итгэлийг алдалгүй, гаргасан амжилтаа улам дээшээ ахиулах болно.

Categories
мэдээ цаг-үе

Химийн бордоогоор бордсон тарвасны иш бүдүүн байдгийг анхааруулав

Гантай жил тарвас сайн ургаж, болц нь ч сайн гүйцдэг гэлцдэг. Тэр ч үнэн болов уу. Ховд, Сэлэнгэ аймагт тарьж ургуулсан гэх тарвас томоохон худалдааны төв, хүнсний захуудаар дүүрэн байна. Тухайлбал, “Барс” худалдааны төвийн жимс, жимсгэний лангуу, гаднах агуулах, задгай талбайд ч гэсэн орон нутгаас ирсэн тарвасыг ихээр худалдаалж байх юм. Зөвхөн Ховд, Сэлэнгийнх гэлтгүй оросоос ирсэн тарвасууд ч байсан. Ховд аймгаас ирсэн тарвас нь тод ногоон өнгөтэй байсан бол Сэлэнгийнх нь судалтайгаараа ялгаатай аж.

Орос тарвас нь цайвар ногоон өнгөтэй байхаас гадна монгол тарвасыг хэд, хэд нугалмаар том хэмжээтэй юм билээ. Харин урд хөршөөс орж ирсэн тарвас одоохондоо байхгүй хэмээн “Барс” худалдааны төвийн жимс, жимсгэнэ худалдаалагчид хэлсэн. Тарвас элбэг байгаа болоод ч тэрүү үнийн хувьд боломжийн байв. Монгол тарвас 700-1200 төгрөг гэж байсан бол орос тарвас нь 1200-2500 төгрөгийн үнэтэй юм байна. Харин Сэлэнгийн нэг шуудай тарвас 13-14 мянган төгрөг аж. Нэг шуудай тарвас 35 кг жинтэй гэсэн. Л.Сурмаа “Шуудайгаар нь авчихвал хямд шүү дээ. Нэг кг-ыг нь ойролцоогоор 400 төгрөгөөр авчихаж байгаа юм. Энэ чинь жинхэнэ монгол хөрсөнд ургасан тарвас.

Манай Сэлэнгийн тарвасыг хятад тарвастай андуураад байдаг юм. Хятад тарвасыг бодоход Монгол хөрсөнд ургасан юм болохоор илүү амттай. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ” хэмээв. Бид цааш алхан Ховдын тарвас зарж буй худалдаачинтай очиж уулзлаа. О.Чинбат “Манай ахынх тарвас тарьдаг юм. Хот руу ачааны автобусаар тарвасаа дайгаад би тосож авдаг. Ямартай ч өнөөдөр санасныг бодоход муугүй ашигтай байна шүү. Өглөөнөөс хойш 10-аад шуудайг зараад дуусчихлаа. Манай Ховдын тарвас тод ногоон өнгөтэй болохоор хятад тарвастай андуураад байхгүй давуу талтай. Тиймээс хүмүүс эргэлзэх юмгүй л худалдан авдаг юм. Сэлэнгийн тарвас орос болон хятад үрийн тарвас. Тиймээс ногоон эрээн байдаг байх. Ерөнхийдөө хятад тарвасны хальс нь их зузаан байдаг” гэж байлаа. Ховдын тарвасыг хар ногоон өнгөтэйгөөр нь ялгаж мэдэхээс гадна үр нь жижигхэн мөртлөө хар байдаг гэнэ. Харин бусад тарвасны үр нь том байдаг юм байна.

Тэд тарвасаа дөрөвдүгээр сарын 20-д гэхэд тариалж эхэлдэг аж. Ингэснээр долдугаар сар гарангуут л шинэ ургацаа хураан авч чаддаг байна. Мөн О.Чинбат “Тарвас их арчилгаа, усалгаа шаарддаг жимс. Усалгаа ихдэх юм бол амт нь сул болчихно. Бас багадуулж болохгүй. Тунг нь тааруулахын тулд тарьсан өдөр хоногоо сайн тооцоолж услах шаардлагатай байдаг юм. Харин ургацаа хураахаас 14 хоногийн өмнөөс услахгүй байх нь сайн. Бид тарвасныхаа бордоонд өтөг, бууц, шувууны сангас зэргийг ашигладаг. Энэ бол жинхэнэ байгалийн гаралтай бордоо шүү дээ. Харин зарим тарвас тариаланчид ургацаа хурдан зах зээлд гарган ахиу орлого олох нэрийдлээр нунтаг химийн бордоо ашиглаад байдаг юм билээ. Мөн хүнд жинтэй, том болгохын тулд их хэмжээгээр услах нь ч бий” гэж ярьсан юм.

Тарвасанд хэрэглэдэг энэхүү химийн бордооны тухай Хятадын хэвлэлд “Тариаланчид тарвасандаа фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг. Эдгээр бодисууд нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч үүнийг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж, хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтай. Мөн эдгээр бодис нь тарвасны амт чанарт ч ихээхэн нөлөөлдөг” хэмээснийг судлаач Д.Болдбаатар орчуулжээ.

Түүнчлэн манай улсын хувьд тарвасныхаа 60 гаруй хувийг урд хөршөөс авдаг. Гэтэл хэдхэн сарын өмнө Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархсан талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлсэн. Тарвасны өвчин тархсан шалтгаан нь жимсний ургацыг нэмэгдүүлэх зорилгоор химийн бордоо хэт их хэрэглэсний үр дагавар хэмээн Хятадын “China Central Television”-ээс мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор Хятадад химийн бордооны хэрэглээнд квот тогтоогоод байгаа юм билээ. Харин энэхүү хор нөлөө бүхий химийн бордоог манайд ч гэсэн хэрэглэдэг гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Сэлэнгэ, Ховдод ургасан жинхэнэ монгол тарвас хэмээн нэрлэх боловч элдэв химийн бордоо хийж хурдан хугацаанд томруулан, амт чанарыг нь алдагдуулсан байна гэх мэр, сэр яриа ч сонсогдсоор л байдаг. Тэр бүү хэл тарвасны талбайгаа химийн бордоотой, бордоогүй гэдгээр нь ялгаж, эрүүл, сайныг нь өөрсдөө иддэг хүмүүс ч байдаг гэлцдэг юм билээ.

Харин үүнд хяналт шалгалт хийдэг эсэх талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын байцаагч Б.Туяагаас тодруулахад “Манайх ерөнхийдөө төлөвлөгөөтэй хяналт шалгалт хийдэг л дээ. Тухайн жилд хийх хяналт шалгалтаа эртнээс төлөвлөдөг гэсэн үг. Тэгэхээр төлөвлөгөөнд ороогүй л бол аж ахуй нэгжүүдээр явж хяналт, шалгалт хийгээд байдаггүй. Харин гомдол, санал гарсан тохиолдолд тухайн харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийдэг. Ямартай ч одоогоор тарвастай холбоотой гомдол санал ирээгүй байна. Харин урд хөршид тарваснаас шалтгаалан элдэв өвчлөл гарсан үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтаас худалдаалж байсан тарваснуудаас дээж авч шинжилгээ хийсэн. Тэрхүү шинжилгээгээр ямар нэгэн хор, хөнөөлтэй зүйл илрээгүй. Ямартай ч тарвас тариалж байгаа тухайн аймаг, сумдын байцаагч нар зохих хяналт, шинжилгээг хийсээр байгаа. Тэдний хувьд одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй гэсэн хариу өгсөн” гэсэн юм.

Харин энэ сарын 14-ний өдөр иргэдийн гомдлын дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс 85 шуудай тарвас хураан авсан байна. Учир нь Баянгол дүүргийн III хорооны 72 дугаар байрны оршин суугчдаас байрны орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж, орчныг бохирдуулж байгаа талаар удаа дараа гомдол ирсний үндсэн дээр тус арга хэмжээг авсан аж. Түүнээс тарвас хүний биед хор, хөнөөл учруулсан гэх гомдол гараагүй гэж байв.

Түүнчлэн хилээр орж ирж буй тарвасанд хэрхэн хяналт тавьдаг талаар Хилийн мэргэжлийн хяналтын албаны Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханаас асуухад “Тарвасны хувьд урд болон хойд хөршөөс орж ирдэг жимсний нэг л дээ. Тарвас ч гэлтгүй бусад жимс, жимсгэнийг оруулж ирж зардаг компаниуд байдаг. Эдгээр компаниуд ихэвчлэн “Барс” худалдааны төвд жимс, жимсгэнүүдээ худалдаалдаг. Харин манайх орж ирж буй тарвас тэргүүтэй жимс, жимсгэнүүдийг хил дээр лабораторидоо шинжилгээ хийж, шалгадаг юм. Ингээд лабораторийнхоо шинжилгээний дүн дээр үндэслэн хилээр нэвтрэх эрх олгодог” гэлээ.

Тарвас нь төмөр, марганец, кали, магни зэрэг олон аминдэмийг агуулаад зогсохгүй биеийг шингэнээр ханган, өлсөх мэдрэмжийг дарж, бие организмаас хортой бодисуудыг зайлуулах ид шидтэй. Сэрүүн нөхцөлд 14 хоног ч хадгалж болдог уг жимсийг сайтар болсон эсэхийг нь танихын тулд ишийг нь ажиглах нь чухал. Хэрэв иш нь моджиж хатууран нарийссан байвал болц нь хэдийнэ гүйцсэн гэсэн үг. Харин элдэв бордоогоор бордож томруулаад, гүйцэт болоогүй байхад нь хураасан бол иш нь бүдүүн байдаг. Мөн хэт хатуу болон зөөлөрсөн байвал сонгохгүй байхыг зөвлөж байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрыг авч үлдэх эсэхийг шийднэ

Image result for УИХ-ын ээлжит бус чуулган

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхлэх товтой байна. Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. УИХ-ын дэгийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн.

УИХ-ын дэгээр байнгын хорооны шийдвэрийг долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Энэ дагуу УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, Засгийн газар огцрох эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,2 км автозамыг бүрэн нээлээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто зам, Налайх дүүргийн Дамдин, Даваажав, Найрамдлын зам гудамжны 1,5км авто зам, ХУД, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто зам гээд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Үүний нэг Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,2 км авто замыг өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, өнөөдөр замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ.Хорооллын эцсийн болон Гэмтлийн эмнэлэгийн баруун урд уулзварыг өргөтгөн шинэчилсэн ч 1987 онд ашиглалтад орсон тус авто замд шинэчлэл хийгдээгүй байсан юм. Шинэчлэлийн хүрээнд хуучин 2 эгнээ байсан авто замын зорчих хэсгийг тус бүр 9 метрийн өргөнтэй 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон өргөтгөж, замын 2 талаар явган хүний зам, дугуйн замыг шинээр барьж, борооны ус зайлуулах шугам, тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэх ажлыг “Наранбулаг Хан” ХХК гэрээт хугацаандаа дуусгаад байна.

Энэхүү замыг өргөтгөн шинэчилснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөл сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байгаа юм. Тус замыг Сонгинохайрхан дүүргийн 30,31 дүгээр хорооны чулуун замаар Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбож байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/489 дугаар захирамжаар хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүллээ. Өмнө нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшлийн газарт болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 99 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг тус тус хүчингүй болгож, сургууль, цэцэрлэгийн эзэмшилд нь буцаан шилжүүлж байсан билээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцав

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

ОХУ-ын хувьд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор форумыг зохион байгуулж гадаадын бизнесмэнүүд болон төр, засгийн тэргүүнүүдийг урьж оролцуулдаг юм.

Боомтын үйл ажиллагаатай танилцахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар байлцлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд, далайн болон голын тээврийн холбооны Агентлагийн дарга В.А.Олерский нар нүүрс дамжуулан өнгөрүүлэх далайн боомтын үйл ажиллагааг газар дээр нь танилцууллаа.

Энэ үеэр ОХУ-ын талаас Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан байна.

“Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОХУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.

Уг боомтоор 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34,8 сая тонн ачаа тээвэрлэн өнгөрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нарантуул худалдааны төвийн арын автозамыг нээлээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил, Хайлаастын уулзвараас Дарь -Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн хамт, БЗД, 1, 4-р хороо, Сансарын ШТС болон автобусны буудлын хоорондох явган хүний гүүрэн гарц, Аялал жуулчлалын 2,05 авто замын шинэчлэлт, авто зогсоолын хамт барих гээд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто зам буюу халдвартын эцсийн автобусны зогсоолоос “Нарантуул” ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай замын барилгын ажил бүрэн дуусч, өнөөдөр нээлээ. Нийт 7м өргөн, 2 эгнээ, 2 талаараа 1,5м явган хүний зам, гэрэлтүүлэгтэй уг замыг “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл 2016 оноос он дамжуулан нийт 986 сая төгрөгийн өртгөөр шинээр хийж гүйцэтгэсэн байна. Одоо тус замыг Офицеруудын ордны тойрогтой холбох төлөвлөгөөтэй байгаа аж.

Нийслэл хотын байнгын ачаалалтай зам, уулзварууд, хуучин, тоосжилт ихтэй шороон замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөл сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болоод байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.