Categories
мэдээ спорт

Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно

Пауэрлифтингийн ААШТ-д манай найман тамирчин оролцоноФилиппин улсын Манила хотод энэ сарын 7-12-ны өдрүүдэд пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Азийн АШТ болно. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин хүч үзэх юм байна.

Тодруулбал, тэмцээний 93 кг-ын жинд Ц.Отгондалай, мастер-1 ангиллын 105 кг-д Л.Бархасбаатар, 105 кг-д С.Баяртөгс, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Т.Эрдэнэхүү нар оролцох бол энэ жингийн мастер ангилалд Ц.Баярхүү, П.Отгонбаатар нар өрсөлдөх аж.

Categories
мэдээ спорт

Мэдисон Кийс их дуулгын шигшээд шалгарав

Венус Уиллиамсыг буулган аваад байсан Слөүн Стифэнсийн өрсөлдөгч тодорлоо. АНУ-ын цагаар энэ бямба гаригт болох Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод түүнтэй өрсөлдөх теннисчин бүсгүйгээр Мэдисон Кийс хэдхэн мөчийн өмнө тодорлоо.

Мэдисон Кийс Коко Вандевегетэй тоглосон хагас шигшээ тоглолт төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Ердөө хоёр үе үргэлжилсэн уг тоглолтод 6:1, 6:2 гэсэн онооны харьцаатай Мэдисон Кийс өрсөлдөгчөө буулган авлаа.

Ингэснээр бид Мэдисон Кийсийн эсрэг Слөүн Стифэнс гэсэн тоглолтыг Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээд харахаар боллоо. Хэн ялсан нь мэргэжлийн замналдаа Их Дуулгын тэмцээнд анхныхаа түрүүг авах юм.

Мэдисон Кийс дэлхийн чансааны 16 дугаар байранд бичигдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүснэ

Image result for Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүснэ

Энэ сарын 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орох юм байна. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. Есдүгээр сарын 10-нд нутгийн баруун хэсгээр, 11, 12-нд ихэнх нутгаар дулаарах ажээ.

Categories
мэдээ улс-төр

ФОТО: Дараагийн Ерөнхий сайд ирэх сарын 8-ны дотор томилогдоно

Эрх баригчид нэг нас нэг сартай Засгийн газраа огцрууллаа. Одоо тэдэнд дараагийн Ерөнхий сайд тодруулах нэг сарын хугацаа бий. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох тухай заасан байдаг.

Иймээс ирэх сарын 8 гэхэд дараагийн Ерөнхий сайд болон сайд нарыг томилох нь ээ. Харин дараагийн сайд нар томилогдтол хуулийн дагуу одоогийн сайд нар түр орлон гүйцэтгэгч нэртэйгээр албаа хашина.

Өчигдөр болсон ээлжит бус чуулганы үеэрх фото сурвалжлагыг хүргэе

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхэд холбогдох хэргийг прокурор хянаж байна

Шадар сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чагнуулсан гэх хэргийг прокурорын байгууллага хянаж байна. АТГ түүнийг төрсөн дүү У.Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулан өөрийг нь мөрдсөн гэх мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс хэвлэлээр тараасан гэдгийг тогтоосноо мэдэгдсэн билээ.

Дээрх үндэслэлээр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн У.Хүрэлсүхийг ийн яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэлсэн юм. Энэ хэрэгт У.Хүрэлсүхээс гадна есөн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсний дөрвийг нь яллагдагчаар татаж цагдан хорьж, үлдсэн тавыг нь гадуур байцааж байсан бол хамгийн сүүлд эх сурвалжаас авсан мэдээллээр тэднийг суллажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Солонгосын компаниудын хамтарсан нээлттэй ажлын байрны өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-гийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх, богино хугацаанд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 70 гаруй залуу анхан шатны ярилцлагад оролцох хүсэлт гаргасан байна. Эдгээрээс мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах боломжтой, тодорхой түвшний мэдлэгтэй залуусыг анхан шатны ярилцлагад оруулах юм. Маргааш 2 дахь шатны ярилцлага болох бөгөөд тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагажих ажилтнаар явна. Бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төв хамтран Мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан залуучуудыг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах “Аутсорсинг” тогтолцоог бий болгох, гурван сарын хугацаанд дадлагажих ажилтнаар Солонгост явуулж мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Цаашид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлэн эх орондоо эргэж ирсний дараа Солонгос, Япон, АНУ, Тайвань зэрэг орнуудаас ажлын захиалга авч, хөдөлмөр эрхлэх боломж, бололцоог нээж, дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөллүүд оролцож сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн Монгол, Солонгосын мэдээллийн технологийн чиглэлийн компаниудын бизнес уулзалт болно” гэлээ.

Эм Кэй Ай Ти /MКIT/ сургалтын төвийг төгсөгч Д. Алтангэрэл “Би гуравдугаар сард веб програмчлалын ангийг төгссөн. Амжилттай төгсөөд “Бизнес инкубатор төв”-д сард 440 мянган төгрөгний тэтгэлэгтэй дадлагажиж байгаад одоо Эм Кэй Ай Ти /МKIT/ сургалтын төв үндсэн ажилтнаар ороод байна. Сургалтын гол давуу тал нь дадлага дамавгайлсан аргаар сургадаг. Мөн заавал мэргэжлийн дипломтой хүмүүсийг давтан сургана гэсэн хатуу заалт байхгүй. Мэдээллийн технологийн чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой хүмүүс анхан шатны сургалтаас эхлээд нарийн мэргэжил олгох сургалтуудад сууж болно” гэв.

“Хү из холдингc” группын ерөнхийлөгч Ий Чон-Жун: “Монголын “IT”-гийн чиглэлийн инженер залуучууд Солонгос улсад ажиллах боломж бололцоо дүүрэн байна. Манай компанийн хувьд 700 мянган домэйн нэр зах зээл дээр борлуулсан. Тиймээс байнга ажлын захиалгууд орж ирдэг тул Монгол залуучуудаар хийлгэх боломжтой. Одоогийн байдлаар Солонгосын зах зээл дээр 30 гаруй мянган “IT”-ийн чиглэлийн ажлын байр байна. Энэ төслийн хүрээнд манай компани дээр одоо 4 монгол залуу ажиллаж байна. Цаашид олон залуучуудыг эх орондоо амьдрангаа манай компанийн захиалгат ажлуудыг гүйцэтгэх бололцоогоор ханган ажиллах бодолтой байна. Энэ төслийг хамтран хэрэгжүүлж байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийн хамт олонд талархал илэрхийлье. Монгол залуучуудыг хичээн чармайлт гаргаж мэдээллийн тенхологийн салбарт хамтран ажиллахыг хүсье” хэмээв гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-нд дуусна

ЗурагНийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Нийтийн биеийн тамир спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84, магистрал шугамуудын засвар 95 хувьтай байгаа. Инженерийн хангамжийн байгууллагууд болох Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг 8 байгууллагын өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд буюу Авто замын хөгжлийн газар, Тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хот тохижилтын газар зэргийн бэлтгэл 81 хувьтай байна. Дүүргүүдийн хувьд мөн 80 гаруй хувьтай байгаа. Цас мөсний халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх элс, давс тусгай зориулалтын бодисын татан авалт, нөөцлөлт 86 хувьтай байна. Төсөвлөгдсөн санхүүжилтийн дагуу нийтдээ давс 1900, тусгай зориулалтын бодис 1700 гаруй тоннын нөөцтэйгөөр энэ өвлийг давахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө Улаанбаатар хотын дулааны эх үүсвэр, инженерийн байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15 гэхэд бүрэн дуусна.

Хүндэрч, аваарын нөхцөлд орж болзошгүй шугам сүлжээг маш сайтар судалж Засаг даргын нөөц хөрөнгөөр засвар үйлчилгээг хийж байгаа учраас энэ өвөл иргэдийн санал гомдол харьцангуй багасч, иргэд тав тухтай өвөлжин гэдэгт найдаж байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хуралдааны төгсгөлд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, инженер хангамжийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болголоо.
Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Энэ янзаараа явбал аль нь ч намын дарга болж чадахгүй

“Өдрийн сонин”-ы 2017.09.01-ний баасан гаригийн №186(5753) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар хоёр өдөр хуралдсан боловч шийдэлд хүрч чадсангүй. Танай бүлгийн гишүүдийн байр суурь ямар байгаа юм бол?

-Энэ асуудлыг манайхан нам дотроо нэлээд ярих байх. бүлгийн зарим гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулахаар албан бичигт гарын үсэг зураад түүнийгээ өргөн барьчихсан болохоор зайлшгүй хэлэлцэж таарна. нөгөө талаасаа Засгийн газрын үйл ажиллагааг цаашид энэ хэвээр нь үргэлжлүүлэх гэдэг агуулгаар биш намын Бага хурлаараа бүх асуудлуудаа хэлэлцээд Засгийн газарт дүнгээ тавих ёстой гэдэг байр суурьтай гишүүд ч бий. Ийм байр сууриуд нэлээд байгаа тул бүлэг дээрээ удаан хугацаанд ярьцгаалаа.

-Таны хувьд Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй. Тиймээс Засгийн газар цаашид энэ хэвээрээ ажиллах ёстой гэж үзэж байгаа юу?

-Гишүүд Засгийн газрыг огцруулах бланк дээр гарын үсэг зурах, эс зурах нь өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Гишүүн бүр сонгогдсон өөрийн сонгогчид, нам хамт олонтой, өөрийн итгэл үнэмшилтэй. Энэ хүрээнд шийдвэрүүдээ гаргаж байгаа байх. Миний хувьд ямар ч байсан Ман-ын бүлэг эв нэгдэлтэйгээр энэ бүхний ард гарах ёстой гэж бодож байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааруулан Засгийн газрыг огцруулах гэж байгаа бол энэ нь буруу. Сонгуулийн ялагдалд маш олон хүчин зүйлс нөлөөлсөн. Ганцхан Засгийн газрын үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт дүгнэлт гэж өрөөсгөлөөр харж болохгүй. 60 тэрбумын асуудлаас эхлээд сонгуулийн зохион байгуулалт гээд янз бүрийн тактикийн асуудлууд бий. Энэ мэтчилэн олон асуудлаас зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааг нь сугалж аваад үүнээс л болоод ялагдчихлаа гээд ярьж байгаа нь буруу юм. Тиймээс нөхцөл байдлыг өргөн хүрээнд, цогцоор нь авч үзэх ёстой. сонгуулийн асуудлуудаа намынхаа хурал дээр яриад явах нь зөв. Намын Бага хурал хуралдаад Засгийн газрыг цаашид ажиллуулах шаардлагагүй гэвэл шаардлагагүй л юм байгаа биз. Бага хурлаас шийдвэр гарах ёстой. Ерөнхий сайдын асуудал ярьж байгаа бол намын Бага хурлаас шийдвэр гарах учиртай.

-Одоо бол Бага хурал энэ тэр хамаагүй шууд л бүлгийн хэдэн гишүүний хүрээнд огцруулах гээд улайраад байгаа юм биш үү?

-Намын Бага хурлаас сонгогдсон Ерөнхий сайдын асуудлыг яахаараа Бага хурлаар авч хэлэлцдэггүй юм. Намын дүрмээрээ сонгуулийн үр дүнг Бага хурлаараа хэлэлцдэг. Энэ зарчмаараа явъя л гэж байгаа юм. Хэрэв дүрэм журмаа огоорон дураараа шийдвэр гаргаад явчихаж болдог юм бол юунд захирагдаж явах юм бэ. Ёстой зах замбараагүй зүйл болно.

Нөгөө талдаа төсөв хэлэлцэх дөхчихсөн, зуншлага тааруу байсан тул өвөл хүндхэн болж мэдэхээр байна. Ялангуяа төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх гэж байгаа энэ үед тогтворгүй байдал үүсгэснээс болж хүндрэл гарах вий, цаашлаад төсвөө баталж чадах уу үгүй юу гэдэгтээ тулна. Дараагийн Засгийн газарт ямар хүмүүс байх юм гээд ямар ч ойлголт алга байна шүү дээ. Ийм тодорхойгүй, булангийн цаадах нь харагдахгүй байгаа ийм нөхцөлд би шийдвэрээ гаргахдаа хариуцлагатай хандана.

-Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийг харсан байх. Зарим нь огцруулах үндэслэл биш гурван шалтаг бичсэн байна гэх юм байна шүү дээ?

-Гурван үндэслэл гаргаж ирэн тавьсан байна лээ. Засгийн газрын үйл ажиллагаанд дутуу гачуу зүйлс бий. Бүлэг дээрээ ч энэ тухай хэлдэг. Гэхдээ бүгдийг нь харлуулж болохгүй. -1.6 хувийн эдийн засаг хүлээж аваад нэг жилийн дотор 5.3 хувийн эдийн засгийн өсөлт гаргачихсан, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан, хөрөнгө оруулагчдын итгэл наашилчихсан байна. Засгийн газар байгуулагдаад нэг жил л болж байгаа шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дөрвөн жилээрээ батлагддаг. Ажлууд эхнээсээ хийгдэж байгаа. Ялангуяа Засгийн газрыг сонгуулийн дүнтэй холбож байгаа нь буруу. Нөгөө талаараа Засгийн газрын бүх зүйл сайн сайхан яваа гэдэг ч худлаа. Зарим нэг сайд нартай холбоотой асуудлууд гарч байгаа. Энэ хүрээндээ тодорхой сайд нартаа хариуцлага тооцоод явахыг үгүйсгэхгүй. Засгийн газрын энэ асуудлуудыг нам дээр хэлэлцэх учиртай. Яагаад гэвэл сонгуулийн дүнтэй холбож байгаа учраас. Сая сонгууль болоогүй үед яригдсан бол энэ цэвэр парламентын асуудал. Хамгийн гол үндэслэл нь өргөх бичиг барихдаа гурван үндэслэл яриад байгаа боловч одоо ярьж байгаа зүйлс нь намын сонгуулийн ялагдалтай холбож яриад байгаа нь буруу.

-Намын даргын суудлын төлөөх тэмцэл хурцдаж байна гэдэг зүйл яригдаад байгаа. Засгийн газрын гишүүд хоорондын энэ байдлыг та юу гэж харж байгаа вэ?

-Өмнө нь манай намд ийм зүйл болж байгаагүй. Манай нам сөрөг хүчинтэйгээ ч хамтран Засгийн газарт ажиллаж байсан. Ялангуяа Ерөнхий сайд, Шадар сайд нарын хооронд ийм зүйл болж байсныг мэдэхгүй юм. Зарчимгүй л зүйл болж байна. Нөгөө талдаа намын даргын асуудал намын хурлаар шийдэгддэг тийм л зүйл. Засгийн газар дээрээ толхилцоод намын дарга болдог зүйлийг би лав мэдэхгүй. Намаараа л шийдээд явдаг. Энэ янзаараа явбал аль нь ч намын дарга болж чадахгүй. Болж буй бүх процессыг манай намынхан харж байгаа. Намын эв нэгдлээ сахиж чадахгүй, бүлгийн 65 гишүүнээ багцалж чадахгүй байж бүхэл бүтэн намын эв нэгдлийг хангаж явна гэж юу байдаг юм. Өнөөдөр болж буй цаг зуурын бэрхшээлийг даван туулахын тулд маш ухаалаг байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр 2020 хүртэл хэн нэгэн хүн манай намын эв нэгдлийг хангаад явна гэдэг хүнд асуудал шүү. Эв зүйгээ олоод цаашаа явах юм бол учиртай. Мэдээж улс төрийн хүчин учраас сөрөг хүчний зүгээс манай намын байр суурийг харж байгаа. Сөрөг хүчний зүгээс улс төрийн ямар алхам хийхийг хэлж мэдэхгүй байна. Ухаалаг шийдвэр гаргах хариуцлагатай цаг үед бид ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд, Шадар сайд, бүлгийн гишүүд, намын ерөнхий нарийн бичгийн дарга нартай биечлэн уулзаж намын эв нэгдлийг хангаж ажиллаач гэдгийг шаардсан.

-Та намын эв нэгдлийг хангах бүлэг байгуулсан гэв үү?

-Ямар нэгэн бүлэг байгуулж тасраад байгаа юм байхгүй. Би тийм ч хүн биш. Нөгөө талаараа намын эв нэгдлийг ярьж олон гишүүдтэй уулзаж, байж болох хувилбарууд, хүндрэлээс хэрхэн гарах вэ гэдгийг ярилцсан. Энэ нь зарим гишүүдэд тийм сэтгэгдэл төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

65 суудалтай эрх баригч нам өөрийнхөө Засгийн газрын асуудлыг ямар нэгэн өөр намын гишүүдгүйгээр дангаараа шийдэх хэрэгтэй. Түүнээс сөрөг хүчинтэй хамтраад өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах нь байж болохгүй зүйл. Хэрэв тийм нөхцөлд хүрвэл улс төрийн намын хувьд том ялагдлын эхлэл болно.


Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаяр: Морины уран бүтээлийн хөгжим хүний сэтгэлийг хөдөлгөж, сэргээж, хөглөж байдаг. Хөглөх хөглөхдөө сагсууруулж хөглөнө

“Хардэл бэйсийн унага”, “Гал шарын унага”, ‘Түрүү магнай”, “Адуучин миний жаргал”, “Тэсийн голын унага” зэрэг олон сайхан дуугаараа морины хэмээн алдаршсан МУГЖ, дуучин Гэнингийн Батбаяртай уулзаж ийн ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?

-Сүүлд “Би баян хүн” гэх шинэ дуу дууллаа. Мөнгөөрөө баян биш, ах дүү, ээж аав нутаг усаараа баян, үр хүүхдээрээ баян, монгол орноороо баян гэсэн агуулга сэдэвтэй уран бүтээл байгаа юм. Харин хамгийн сүүлд “Баярын нулимс” гэж дуу гаргах гэж байна. Яагаад гэхээр барианы газар морь орж ирэхээр үзэж байгаа хүмүүсээс баярын нулимс гарахгүй байна гэж үгүй. Манайхан үргэлж баяр үзэж, огшиж байдаг. Морь нь түрүүлээд ороод ирэхэд эзэд нь баярын нулимстай тосдог. Тиймээс “баярын нулимс бөмбөрөх л юм даа. Барихын завдал өгсөнгүй…” гэсэн үгтэй дуу байгаа юм. Сүүлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, хүргэн Дөлбадрах болон өөрийн том охин дуучин, Сонгуультай хамтарч хэд, хэдэн дуу дуулсан байгаа. “Миний шүтээн”, “Зүүдний энтэй нутаг”, “Монголдоо би хайртай” зэрэг дуунуудаа нэгтгээд, өөрийнхөө дабл сиди хийх санаатай байна. Хүүхдүүддээ бэлэг барьж байгаа юм. Мөн энэ намар хүүхдүүдтэйгээ хамтарч уран бүтээлийн тоглолтоо хийх бодолтой байгаа. Би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгадаа ажиллаж байгаа, одоохондоо амарч байна. Удахгүй ажилдаа орно, уран бүтээлүүдээ дуулна.

-Та хөдөө орон нутгуудаар тоглолтоор явж амжиж байна уу. Үзэгчид их хүлээж буй байх?

-Хөдөө орон нутгаар тэр бүр яваад байж чадахгүй юм. Аймгийн ой, насны баяр, тэмдэглэлт ойн наадмууд зэрэг урилгатай хэд, хэдэн газарт очиж дуулсан.

-Таныг тайзан дээр гарч ирээд, дуугаа эхлүүлэхэд л үзэгчид нижигнэтэл алга ташиж, дуу дуустал алга ташсан хэвээр байх юм. Үзэгчдийг ингэж огшуулдаг нууц нь юу юм бэ?

-Морины уран бүтээл өөрөө их сайхан. Түүнээс миний ид шид биш л дээ. Морины уран бүтээлийн хөгжим яваад эхлэхэд л хүний сэтгэл хөдөлж, сэтгэл сэргэж, сэтгэлийг хөглөдөг. Хөглөх хөглөхдөө сагсууруулж хөглөж байдаг. Тийм учраас тайзан дээр гараад, морины дуу дуулахад гоё бахдалтай. Мөн үзэгчдэд дуугаа хүргэхийн тулд, чимэг яриа хийнэ, өөрөө дуундаа орж, дуугаа биеэрээ илэрхийлнэ. Түүнээс биш номхон зогсоод морины дуу дуулаад байвал утгагүй. Морины дуунууд гоё аялгуутай, цоглог учраас хүмүүс их огшдог юм. Өөрийгөө хөглөж жаахан ч гэсэн хөглөгдөж, сагсуурч байж бусдад хүргэдэг. Тэгж байж ард түмэн хүлээж авдаг онцлогтой дуу шүү дээ.

-Морины уран бүтээлийн сайхан нь, энэ хийморьтой амьтныг дуулах нь танд яаж нөлөөлсөн бэ. Мөн танай удамд уртын дуучин хүн байсан?

-Миний хийморьтой яваа, өдий зэрэгт хүртэл нэр хүндтэй ард түмэндээ тэнгэрлэг хөг аялгууг хүргэж буй нь морины уран бүтээлийн ач буян. Ямар ч үед морины тухай уран бүтээлийг тайзан дээр гараад дуулахад сэтгэл сэргэдэг. Миний аав Увс аймгийн Малчин сумын Цалгарын хотгорт төрсөн Гэнин гэж хүн. Аав минь насаараа багшийн ажил хийсэн.

Харин миний ээжийг Аюуш гэдэг. Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн хүн. Манай удамд ээжийн маань аав Ховд аймгийн уртын дууч Жанглай гэж маш сайхан дуулдаг, авьяастай хүн байсан. Би эхээс зургуулаа. Дээрээ хоёр эгчтэй, гурван дүүтэй хүн дээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач. Танай охидууд мөн урлагийн хүмүүс болсон уу?

-Үр хүүхдүүддээ ч би үүнийг л захидаг. Миний охин Б.Сонгууль, хүргэн Г.Дөлбадрах нар дуулдаг болохоор би “Миний хүүхдүүд ямар ч тохиолдолд өөрийн гэсэн уран бүтээлтэй бай. Хүний уран бүтээлийг дахин дуулна гэдэг бэлэн хоол идэж байна л гэсэн үг. Өөрсдөө хөлсөө гаргаж, хөдөлмөрлөж байж л ард түмэнд хүргэдэг юм шүү” гэж хэлдэг. Манайх гурван охинтой. Хоёр нь тусдаа гарсан. Нэг нь бүжиг дэглээч, нэг нь дуучин. Нэг нь гадаад хэлний багш мэргэжилтэй.

-Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач. Хүүхэд байхдаа дуучин болно гэж бодож байв уу. Та хожим цэрэгт яваад тэндээсээ дуучин болсон байдаг?

-Хөнгөн шингэн, хүнд их тусархуу, сэргэлэндүү талдаа хүүхэд байлаа. Монгол хүн бүр уралдаж байгаа морины хийморийг харж огшиж байдаг. Их ч хөдөлмөр, зүтгэл гаргасан уран бүтээл бол “Хардэл бэйсийн унага”. Энэ дуу минь намайг уран бүтээлд хөл тавихаас эхлээд өнөөг хүртэл хамт явж байна. Би сумандаа наймдугаар ангиа төгсөөд, гадаадын техник мэргэжлийн сургууль төгсч ирээд, цэрэгт яваад цэргээсээ дуулаад, цэргийн ансамбльд орсон.

Тухайн үед хилийн цэргийн 50 жилийн ой болж, дуулж бүжиглэдэг хүүхдүүдийг шалгаруулж авч байсан юм. Хилийн цэрэгт 18 жил дуулаад, бүх цэрэгт өнөөдрийг хүртэл ажиллаж 35 дахь жилдээ морины уран бүтээлийг хийж байна.

-Анх цэрэгт ямар дуу дуулж байсан бэ?

-“Онгон цэргийн харуул”, “Цэнхэр хангайн нутаг” зэрэг дуу дуулж байсан. Тэгээд л удаагүй морины уран бүтээлдээ орсон юм.

-Таны багш таныг морины уран бүтээл дуулах хэрэгтэй. Мөн хүний дуу дуулж болохгүй гэж захисан гэдэг?

-Манай Зангад багш тэгж байсан. Хүний дууг дуулахаар, сонсогчдод тэр хүн нь бодогддог, Нансалмаа гуайн дууг дуулвал хүмүүс Нансалмаа гуайг санана гэх мэт. Амьд сэрүүн байгаа хүмүүсийн хуучны уран бүтээлүүд рүү давших нь эвгүй. Хүний дуу дуулна гэдэг нь идэж байсан хоолыг нь булаана гэсэн үг.

-Таны хөл одоо нэлээд тэнхэрсэн үү. Таныг гэмтээсэн хүмүүст гомддог уу. Одоо холбоотой байдаг уу?

-Таяггүй гараад хоёр дуу дуулчихаад орох дайны болсон байгаа. Гэмтсэнээсээ хойш 16 жил болчихсон байна. Жирийн үед таяг бариад явчихдаг. Болж өгвөл тайзан дээр таяггүй гарахыг хичээдэг юм. Тухайн үед шүүх хурал болоход л ирж байсан. Тэр хүмүүст гомддоггүй ээ, гомдлоо гээд яахав. Монголын ард түмэн намайг дэмжиж, миний дууг сонсож байна. Ард түмнийхээ хүчээр дуугаа дуулаад, сайхан л амьдарч явна.

-Дуучдын амьдрал, эдийн засаг хэр байгаа бол. Эдийн засгийн хямрал хэр нөлөөлж байна вэ?

-Зах зээлийн энэ үед дуучдын эдийн засаг ч хүнд байгаа байх гэж бодож байна. Яг л уран бүтээлээрээ талхныхаа мөнгийг олдог хүмүүст эдийн засгийн хямрал нөлөөлөлгүй яахав. Эх орон маань сайхан болоод, хүн зоны амьдрал дээшлээд ирэхээр сайжрах байх. Урлаг бол хэзээ ч хаягдахгүй, мөнхийн зүйл.

-Та тоглолтоо хийгээгүй нэлээд удаж байна. Тоглолт хийх үү. Ард түмэнд хүрчихсэн хүмүүс тоглолтоо хийхгүй болохоор их хүлээдэг. Яагаад таг болчихов гээд эрээд, сураад байдаг шүү дээ?

-Хамтарсан уран бүтээлийн тоглолтоо гурван жилийн өмнө хийсэн. Харин өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй их удчихлаа. Яагаад тоглолт хийхгүй байна, та хэзээ тоглолтоо хийх вэ гээд хүмүүс асуугаад л байдаг юм.

Шинэ уран бүтээлүүдээ хийгээд, хүнд сайн хүргэж байгаад, хийе гэж боддог. Чанарт нь илүү анхаарах юм. Залуу хүүхдүүдтэй уралдаж тоглолт хийгээд яахав. Гэхдээ энэ намар хүүхдүүдтэйгээ хамтраад тоглолт хийх санаа байгаа.

-Сүүлийн үеийн залуу дуучид хэр байна вэ?

-Хэн нь ч ах аа, эгч ээ гээд л бүгдтэй нь сайхан харилцаатай байдаг юм. Ганц нэгнийх нь хүч чадал хүрэхгүй бол тусалж байх юмсан гэж боддог. Сайн дуучид ч бий. Батболдтой, Банзрагчтай хамтарч дуу хийлээ. Би ганцаараа дуулж чадахгүй болсондоо биш, залуу хүмүүст туслах юмсан, жаахан ч гэсэн түлхэц болчих гэж л боддог.

-Ямар онцлогтой хүмүүс дуучин болохоороо онцгой амжилтад хүрч байна вэ?

-Тэр болгон хүнд заяадаггүй авьяас. Төрмөл бол төрмөлөөрөө байна. Авьяастай байж сайн сурдаг. Нэг ёсондоо хүний төөрөг хувь тавилан гэж ойлгох юм уу даа. Сонирхсон мэргэжилдээ хөтлөгдөөд л өдий зэрэгт хүрсэн хүмүүс шүү дээ. Насаараа мэргэжилдээ, дуундаа үнэнч явсан дуучид л ард түмний хайртай дуучин болсон байдаг.

-Дуучдад өнөөдөр дуулахгүй, хоолойгоо гамнах ёстой гэсэн үе байх уу?

-Дуулах болгоноосоо эрч хүч хөг авч цаашдын уран бүтээлээ төлөвлөж байдаг.

Өнөөдөр дуулахгүй гэж хувиа хичээж болохгүй. Ард түмэн сонсъё гэж байгаа бол хүссэн үед нь дуулах ёстой. Энэ чинь миний уран бүтээл биш ард түмний уран бүтээл.

-Ард түмнээ нэгдүгээрт тавьдаг байх нь?

-Ард түмэн байж бид дуулна. Ард түмэн байхгүй бол гадаа гараад хашгираад бид хэн ч биш шүү дээ.

-Дуучин болоогүй бол та ямар мэргэжилтэй хүн байсан бол?

-Барилгачин болох байсан юм болов уу гэж боддог. Гэхдээ багаасаа дуулж байсан. Гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлэн дуу аялж сурсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн аварга Д.сумъяагийн аав М.Доржсүрэн: “Аав аа, би дэлхийн аваргын татами дээр аварга болох торгон агшныг мэдэрмээр байна” гэж хэлж байсан шүү

Дэлхийн аварга Сумъяа аав, дүү нарынхаа хамт

Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга болов. Тэрбээр дэлхийн аваргын татамид жиндээ А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Өмнөд Солонгосын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас хоёр минут 38 секунд дутуу байхад цэвэр ялсан юм. Гавьяат тамирчин Д.Сумъяа ийнхүү Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн мөн дөрөв дэх жүдоч болж байна.

Энэхүү түүхэн үйл явдлын талаар шинэхэн аваргын аав Манкагийн Доржсүрэнтэй ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.


-Танд баяр хүргэе ээ. Таны охин ард түмнээ дахин нэг баярлуулж, дэлхийн аварга боллоо. Охиноо дэлхийн аварга болно гэдэгт нь итгэлтэй байсан уу?

-Баярлалаа. Дэлхийн аварга болно гэдэгт нь бүрэн итгэлтэй байлгүй яахав. Ганц би ч биш монголын ард түмэн бүгд л охиныг минь аварга болно гэдэгт итгэж байсан байх аа. Барилдаан бүрт нь биднээс дутуугүй дэмжиж, захыг нь мушгиж суусан ард түмэндээ баярлалаа. Өнгөрсөн жил олимпоос медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан охиноороо бахархаж, баярлаж байлаа. Тэр үед мэдэрч байсан баярын сэтгэгдэл хуучраагүй байтал дахин биднийгээ ийн баярлууллаа. Охиноороо бахархаж байна. Мөн охиныг минь өдий зэрэгт хүргэсэн багш дасгалжуулагч, Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн хамт олонд нь, тусалж дэмждэг компани, байгууллагуудад нь чин сэтгэлээсээ талархаж байна. Спортын амжилт гэдэг дан ганц тамирчин хүний амжилт биш. Миний охины ард олон сайхан хүмүүс бий. Тэр бүх хүмүүст баярлаж байгаагаа уламжилъя.

Дэлхийн аваргын татами дээр зогсон төрийн дууллаа сонсож байна.

-Аваргын алтан медалийн төлөө Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдсан. Хоёр тамирчны барилдаан нэмэлт цагт шилжиж, нийт 12 минут 56 секунд, бараг 13 минут үргэлжилж, тэсвэр, тэвчээр, ухаан, хүч, бүх боломжоо шавхсан хэцүү барилдаанаас Д.Сумъяа ялалт авч чадлаа. Охиныхоо энэхүү барилдааныг нь хэрхэн хүлээн авч үзэв дээ?

-Ёстой хүч шавхсан барилдаан болсон. Би л лав өмнө нь ийм барилдаан үзэж байгаагүй юм билээ. Монгол хүний тэсвэр тэвчээр, спорт гэж юу байдгийг тод харуулсан барилдаан болсон доо. Тэр Япон бөх ч гэсэн охиноос минь дутахааргүй их мундаг барилдсан. Аргагүй л дэлхийн бөх гэдгээ харуулж байна лээ. Гэхдээ миний охин илүү байсан. Яг аваргын төлөөх барилдааныг нь үзэх гэтэл шууд дамжуулж байгаа телевиз нь кабелийн сувгаар гардаг юм билээ. Барилдаан юу юугүй эхлэх дөхчихсөн. Бушуухан Хороололд байх ахынх руугаа явсан даа. Биднийг очихтой зэрэгцээд барилдаан эхэлсэн. Тэнд манайхан бөөнөөрөө үзсэн дээ. Бүхэл бүтэн 13 минут барилдана гэдэг хүнд. Охин минь их л зүтгэсэн, хоёр нүднээс нь аварга болох хүсэл нь илт харагдаж байсан шүү. Үндсэн цаг дуусч нэмэлт цаг явж эхлэхэд “за алдаа гаргах вий дээ, уг нь илүү барилдаж байна даа” гэж сэтгэл түгшин харж суусан даа.

-Энэ их хүч, хөлс, хөдөлмөр, итгэл найдварын эцэст хүссэн зорилгодоо хүрнэ гэдэг юутай сайхан. Медаль гардуулах мөчид Сумъяа маань баярын нулимс унагаж байсан. Тэр үед охиныгоо хараад уйлав уу, та?

-Би ч уг нь уйлаад байдаггүй хүн л дээ. Гэхдээ охиныхоо олон жил хөдөлмөрлөж, спортод үнэн сэтгэлээсээ зүтгэн, ард олныхоо итгэлийг алдалгүй дэлхийн аварга болж чадсаныг нь бодоод дотроос нэг юм шууд л оргилсон шүү. Уртаас урт 13 минутын дараа ирсэн дэлхийн аваргын алтан медаль шүү дээ. Тэгээд охиныхоо нулимсаа арчихыг нь хараад өөрийн эрхгүй дагаад л уйлсан. Миний охин олимпоос мөнгөн медальтай эх орондоо ирчихээд “Аав аа, би дэлхийн аваргын татами дээр аварга болох торгон агшныг мэдэрмээр байна” гэж хэлж байсан шүү. Аав, ээжийнхээ ачийг миний охин хариулж чадлаа. Ард олныхоо итгэлийг миний охин алдсангүй. Эх орныхоо нэрийг миний охин нэр төртэй дуурсгаж чадлаа, бахархаж байна.

-Таны охин Их спортоор хичээллээд хичнээн жил болж байна вэ. Анх энэхүү спортоор хичээллэж эхлэхэд нь та хэрхэн хүлээн авч байв?

-Миний охин чинь анх зургадугаар ангид байхдаа л “Би бөх болно” гэдэг байсан л даа. Их багаасаа бөхийн спортод сонирхолтой, дуртай хүүхэд байсан юм. Доороо дөрвөн эрэгтэй дүүтэй, айлын том охин шүү дээ. Багын л дүү нартайгаа ноцолдож, тоглож байгаад бөх болох сонирхолтой болсон юм болов уу л гэж боддог. Би ч өөрөө бөхөд хайртай болохоор охиныгоо бөх болохыг нь хориогүй ээ. Тэр цагаас хойш өдгөө 13 жил энэхүү спортоор хичээллэж, зүтгэж, амжилт гарган явж байна даа. Олон сайхан уран бүтээлчид, охины минь талаар кино хүртэл хийлээ. Тийм болохоор түмэн олон охиныг маань биднээс дутахааргүй мэддэг болсон байна (инээв).

Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаан

-Дэлхийн хос медальтан, гавьяат тамирчин Сумъяа хэзээ эх орондоо ирэх бол. Дэлхийн аварга болсноос нь хойш охинтойгоо холбоо барив уу?

-Дэлхийн аварга болсноос нь хойш холбоо бариагүй байж байгаад өчигдөр л интенетээр холбогдлоо. Энэ сарын 4-нд багийн барилдаан нь болох юм байна. Түүндээ оролцчихоод 7-нд наашаа ирнэ гэж байна лээ.

-Та бүхэн охиноо хэрхэн угтан авах бодолтой байна. Ирснийх нь дараа нутаг руугаа явах уу?

-Нутаг руугаа явах үгүйг ирэхээр нь ярьж байгаад болох байх аа. Охин маань эх орондоо ирээд хэсэг хугацаанд амрах байлгүй. Одоогоор хэрхэн угтаж авах талаар ярьж хийсэн юм алга л байна. Гэхдээ ээж, аав хоёр нь охиныгоо тэврээд, үнсэхийг хүсч байна. Охиндоо хайртай шүү. Өнгөрсөн олимпоос медаль хүртчихээд эх орондоо ирэхэд нь ард түмэн нь үнэхээр сайхан угтаж авсан. Бид хоёр хүртэл төдийлөн тухтай уулзаж, үнсэж чадаагүй шүү дээ (инээв). Юутай ч охиноо тосчихоод нутаг буцаж, тариа ногоогоо хурааж авна гэсэн бодолтой байна даа, ах нь.