Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болж байна

УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлтэд өртөж хохирсон олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон.

Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд “Саж ламын хэрэг” гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг.

Монголын түүхэнд тохиосон аймшигт хэлмэгдүүлэлтийг гурван үед хуваан авч үздэг.

Нэгдүгээр үе шат буюу 1920-1944 он. Эдгээр жилүүдэд 28451 хүн баригдаж шийтгүүлснээс 20822 буюу 73 хувь нь буудуулж амиа алдсан гэдэг. 1932-1937 онд гэхэд 1730 хүн шийтгэгдэж, 162 нь буудуулах ял оноогдон гүйцэтгэгдсэн бол 1937-1940 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 26721 хүн шийтгэгдэж, түүний 20660 нь буудуулж амиа алджээ.

Хоёрдугаар үе шат буюу 1940-1955 он. Тусгай комисс байгуулагдаж улс төрийн хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэн хэргийн гэрчийг устгаж, түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байжээ . Тус комисс 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнд хилс хэрэг тулган, амийг нь хөнөөжээ.

Гуравдугаар үе шат буюу 1956-1990 он. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн энэ үе Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг чиглэн тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход “анхаарчээ”. Тиймдээ ч 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Х.Нямбуу, Л.Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн юм. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үедээ амийг нь хөнөөх замаар “хэрэгжиж” байгаад аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, нэр төрийг нь гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах хэлбэрт шилжжээ.

1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.

“Халуун итгэл цөхөрсөн

Хатан зүрх шархирсан

Хар дарсан жилүүдийг

Хамаг Монголчууд бүү мартаг”

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Зөвхөн улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгасанд гомдож байна

Өндөр настан Э.Найдан

“Улстөрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг энэ жил 25 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Мөн Чойбалсангийн 1937-1939 оны аймшигт хядлага эхэлсний 80 жил тохиож байна.Коммунизмын хар машинд тээрэмдүүлсэн улстөрийн хэлмэгдэгсдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэднийхээ алтан амь, зовлонг гашуудан дурсах, ийм хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байхын тулд, энэ өдрийг бид жил бүр тэмдэглэдэг билээ. Энэ чухал өдрийг зөвхөн нийслэлд л хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх төдийхнөөр чимээгүйхэн оромдож байна. Гэтэл хэлмэгдэгчдийн асуудлыг удирдан зохион байгуулах Улсын комисс гэгч ланжгар газар огт чимээгүй. Энэ комисс ажил хиймээр юм. Цагаатгал, хохирол барагдуулалт хоёрыг нэг зоосны хоёр тал гэдэг. Дэлхий дээр ганцхан Монгол Улс л улстөрийн хэлмэгдэгчдийг цагаатгасанд гомдож байна. Цагаатгаад хохирлыг нь барагдуулахгүй орхих нь бүрэн цагаатгал огт биш. Энэ бол хууралт, оромдолт л юм. Гэтэл нөгөө Цагаатгалын улсын комисс мөн л таг чиг. Эцгийг нь цаазалж, бэлэвсрэн үлдсэн эхнэр, өнчрөн хоцорсон хүүхдийнх нь бүх хөрөнгийг цөлмөн хурааж, тэднийг юу ч үгүй хоосон гуйлгачид болгосны улмаас, хэлмэгдэгчдийн ар гэрийнхний 87 хувь нь хамгийн ядуу зүдүү амьдарч өдийг хүрэв. Тэдний зарим нь айлаар, байшингийн хонгилоор, нойлын өрөөгөөр амьдарч байхад, тэднийг ийм болгосон Монголын төр дэлхий дээр ганцаархнаа хохирлыг нь одоо хэр барагдуулж өгөхгүй байна. 1930-аад онд төрд эцгээ буудуулсан манай 30000-аад хүний хүүхдээс одоо 80, 90 гаруй настай 300-гаадхан хүн л амьд байгаа аж. Тэд үхэхээсээ өмнө хохирлоо барагдуулуулж, байртай болж, 1-2 жил ч гэсэн хүн шиг амьдрахыг хүсч байгаа юм. Энэ бол хорвоогоос явахын өмнө төр засагтаа тэдний тавьж байгаа сүүлчийнх нь хүсэлт аж. Орос , Хятад, Герман улсууд бол бүр 1990-ээд онд улстөрийн хэлмэгдэгчдийнхээ хохирлыг барагдуулжээ.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

Т.Дорждагва: Соёл хэмээх үзэгдэл бол хүн байх шалгуур үзүүлэлт юм

МУИС-ийн Филисофи шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Т.Дорждагватай ярилцлаа.


-Удахгүй соёл, урлагийн ажилтны улсын зөвлөгөөн болно. Энэ арга хэмжээний талаар та ямар бодолтой байна?

-Их олон юм яримаар байна. Эдгээр салбарын зарим нэр томьёо, тэдгээрийн хэрэглээ, ойлголтын зөрүү, сургалт, судалгааны ажлын доголдол яривал их юм бий. Монгол ярианы хэлэнд юмыг холбоо, хоршоо үгээр илэрхийлэх юм. Ердийн ухамсрын түвшинд бол яая гэхэв ээ, харин онолын хүрээнд, шинжлэх ухааны утгаар ингэж болохгүй.

-Тэгэхээр соёл, урлаг гэдэг нэр томьёоны хувьд та шүүмжлэлтэй хандаж байгаа хэрэг үү?

-Шинжлэх ухаан бол үнэнийг хайдаг, илрүүлдэг. Гэтэл өгзөг, тохой хоёроо нэгэн зэрэг тавьж суудаг эд хогшлыг би л лав мэдэхгүй. Эсвэл гэдийгээд тохойгоо тулж болох вандан сандлыг яриад байгаа юм уу (инээв). Хүмүүс “Соёл урлаг” гэж л яриад байх юм. Соёл урлаг гэдэг үзэгдэл ертөнцөд байхгүй.

-Яагаад?

-Соёл, урлаг гэдэг өөр, өөр агуулгатай үзэгдлүүд, тэдгээрийг илэрхийлсэн тусдаа ойлголтууд бий. Нэг жишээ хэлье. “Соёл иргэншил” гэж бид ч нэг хэсэгтээ буруу бичиж байсан. Соёл иргэншил гэдэг үзэгдэл бас байхгүй. Харин “соёл”, “иргэншил” гэсэн тусдаа тодорхойлолт бүхий ойлголтууд байдаг. Манай нэг эрдэмтэн гадаад хүнтэй ярихдаа соёл иргэншил гээд л яриад байж, орчуулагч нь англиар “culture and civiliza­tion” гээд л орчуулаад байж. Сүүлдээ мань хоёр эрдэмтэн ер ойлголцохгүй болжээ. Шалтгаан нь болохоор монгол эрдэмтэн civilization гэдэг үгийг соёл иргэншил гэж буруу хэрэглэснийг шинэхэн орчуулагч хоёр үг болгож орчуулснаас хэрэг мандаж. “Соёл урлаг” гэх нь яг л тийм зүйл.

-Монголчууд бүгд л соёл урлаг гэдэг үгийг хамтад нь хэлдэг шүү дээ. Ингэж нэрших болсон шалтгаан нь юу юм бол?

-Энэ бол үндсэндээ улс төр, эдийн засгийн салбарыг дэмжих, тэдгээрийн ололтыг мандуулах үзэл суртлын илүү боломжит хэрэгсэл урлаг байна гэж үзэж, түүнийгээ соёл гэдэг томьёололтой нийлүүлсэн. Утга хутгаж, онол, аргазүйн хувьд будлиулсан өмнөх үеийн хуучин сэтгэлгээ, ажлын арга барилтай холбоотой байх.

-Соёл, урлаг хоёр холбоотой биз дээ?

-Холбоотой. Урлаг бол оюуны соёлын онцгой нэгэн илрэл. Харин “Соёл” хэмээх үзэгдэл бол угтаа хүмүүний хүн байх шалгуур үзүүлэлт мөн. Гагцхүү соёл гэдэг үзэгдлийн утгаар хүн төрөлхтөн амьтай, амьгүй бусад ертөнцийн аливаа илрэлээс ялгагдаж байдаг. Орчин цагт соёлын тухай зөв цэгцтэй ойлголт хэвшихгүй байна. Үнэндээ энд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд холбогдох асуудал байдаг.

-Энэ талаар та олон жил судлав уу?

-1998 онд гарын авлага, 2010 онд“Соёл судлал” сурах бичгээ гаргаж, “Монголын соёл судлалын холбоо” төрийн бус байгууллага байгуулан соёл судлаачдын үндэсний 10 семинарыг зохион байгуулахад оролцлоо.

-Соёлын байгууллагын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бүх яам үнэндээ бүгдээрээ соёлын яам. Учир нь хүний буй болгосон аливаа зохион байгуулалт хүний төлөө байдаг шүү дээ. Харин практик дээр урлагийн байгууллага, музей, номын сангийн гэх мэт асуудлыг соёлын гэж тодотгон авч үзэх нь бий. Тэгэхдээ энд урлагийн байгууллагаа төлөөлж, музей, номын сангаа шоовдорлох нь лав л манайд ужгирсан дутагдлын нэг. Харин зах зээлд орсноор музейнүүд үзмэрээ гадаадад түрээсээр аялуулж бас ч хөөрхөн юм олоод байна. Харин номын сан хэцүү байна. Угтаа номын сан бол ёстой буянтай салбар шүү дээ. Оюуны салбарын үнэлэмж бүхэлдээ дээшилж чадахгүй байгаагийн нэг жишээ, бас нэг шалтгаан бол монгол төр, засгаас бага анхаарч байгаатай холбоотой.

-Таныхаар урлагийн байгууллагууд нь ямар байна?

-Ядаж зах зээлд хөлөө олоод байх нь дээр юм. Гэхдээ урлагийн байгууллагууд янз янз л байгаа. Яамдын өмнөх бүтцийн үед төв театруудын орчны стандарт, орон нутгийн клуб, соёлын ордны орчны стандартын асуудлыг ярьж байсан, санхүүжилт их хэрэгтэй юм билээ. Энэ их улстөржилт, халаа сэлгээ ажлыг цалгардуулж, хийх гэхээсээ илүү нэг юмаа дахин дахин ярьсаар цаг хугацаа алддаг. Шулуухан хэлэхэд угтаа соёлын тухай хууль байх боломжгүй. Хүний хүн шиг байх чадварыг, хүмүүнлэг чанарыг хуульчлаад барагдах уу. Угаасаа бүх хууль тийм л зорилготой биз дээ. Манай “Соёлын тухай” хууль нэг үзэл сурталт хуучин нийгмийн үлдэгдэл, соёл хэмээх үзэгдлийг андуу ухаарч ирсний гэрч юм. Тэнд яригдаж байгаа санааны дийлэнх нь урлагийн ертөнцтэй холбоотой байдаг. Түүний оронд харин “Урлагийн тухай” хууль, бүр нарийвчлаад “Киноны тухай”, “Дүрслэх урлагийн тухай”, “Орон нутгийн клуб, соёлын ордны тухай” хууль гэх зэргээр тодорхой хууль байж болно. Хоосон деклераци хэнд ч хэрэггүй шүү дээ. ОХУ “Соёлын тухай хууль” батлах гээд чадалгүй хэдэн парламент дамжууллаа. Казахстанд нэг тийм хууль байна лээ. Интернет ухаад үзээрэй.

-Ингэхэд та Төрийн соёлын бодлогын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тэр чинь бас л урлагийн асуудалд голлон чиглэгдсэн юм билээ. Угтаа соёлын тухай бодлого бол их даацтай, холч бодлого. Хар хайрцагны бодлого гэж ярьдаг даа. Соёлын бодлогод холбогдох хоёр чухал салбар байдаг нь боловсролын болон шашны салбар. Дашрамд хэлэхэд хүүхдийн сургуулийн өмнөх үеийн хөгжлөөс эхлээд докторын сургалт хүртэлх асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энд маш чухал функци гүйцэтгэх ёстой. Энд би боловсролоор дамжуулж соёлтой амьтан буй болгох, хүнээр хүн хийх асуудлыг хөндөж байна л даа.

-Урлагийн талаарх манай судалгаа шинжилгээ аль түвшинд яваа бол?

-Урлаг судлал гэдэг нэр томьёо бол урлагийн тусгаар төрөл жанруудын тухай судалгааг багтаасан ерөнхий нэр. Манайд тодорхой салбарын судалгаанууд бий. Урлаг гэдэг үзэгдлийг судалдаг өөр салбарууд, тухайлбал урлагийн философи, урлагийн социологи, урлагийн сэтгэл судлал, бас урлагийн шүүмжээр түлхүү ажилламаар байна. Бас нэг чухал юм бол судалгааны онол, арга зүйн түвшинд онцгой анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эстетикийг шинэчлэх хэрэгтэй. СУИС-ийн магистрын сургалтанд зориулан бэлтгэсэн “Урлагийн философи” нэртэй товхимолдоо дээрх асуудлыг хөндөж оруулсан.

-Та гоо зүй гэж нэрлэхгүй байна уу даа…

-Тиймээ, тэгэж нэрлэмгүй байна гэсэн санаагаа зарим илтгэлдээ хэлж, бас дээрх товхимолдоо тусган оруулсан байгаа. Бид физик, хими, философи, социологи, компьютер, интернет гэж ярьж болоод байгаа биз дээ. Түүн шиг эстетик гээд ярьж яагаад болохгүй гэж. Ингэхэд бидний яриа сунжраад байна. Багш хүн нуршуу ярьж байгаагаа мэддэггүй юм. Үүнийг яривал хэд хэдэн лекц болно доо. Товчхон хэлэхэд, эстетикийн категориуд болох муухай, адгийн, эмгэнэлт, шог зэрэг нь гоо сайхны тухай асуудал.

-Уламжлалт эстетик, орчин үеийн эстетик хоёр ямар ялгаатай вэ?

-Уламжлалт эстетик нь үндсэндээ тухайн үеийнхээ мэдлэг, мэдээллийн нөхцөл бололцоонд тулгуурлаж, тэр үеийнхээ голлох үзэл санаанд баригдмал, хэвшмэл байдалтай оршиж ирсэн бол орчин үеийн эстетик нь илүү чөлөөтэй, олон ургальч үзлийг эрхэмлэсэн байдгаараа түүнээс эрс ялгагддаг.Уламжлалт эстетик голчлон “сонгодог” гэх үеийн урлагтай холбоотой байж, “сайхан”-ыг үндсэн категорио болгодог нь түүний нэг онцлог. Орчин үеийн эстетик нь өнөө үеийн мэдээллийн эрин, урлагийн шинэ төрөл зүйлүүдтэй холбоотой байж, “сайхан”-ыг бусад категориудын зиндаанд тавьж, олон категорийг шинээр нэмжээ. Ерөнхийдөө эстетик бол философийн нэг салбар гэдэг харьцангуй тогтсон ойлголт байдаг. Тэгээд л эстетикийг урлагийн философи гээд байдаг юм. Гэтэл бид наад зах нь хоёр нэр томьёо байсаар байтал үл тоомсорлоод байж болохгүй биз дээ.

Э.Мөнх-Отгон

Categories
мэдээ цаг-үе

П.Эрдэнэтуяа: Өнгөрсөн жил Монголбанкинд 18 тонн алт тушаагдсан, энэ жил 20 тонн хүрэх байх

Монголбанкинд алт тушаалт ихээр нэмэгдэж байна. Энэ оны эхний найман сард 11.3 тн алт тушаагджээ. Мөн иргэд 2018 онд Монголбанкнаас алт худалдан авч, хадгаламжтай болох боломж нээгдэнэ. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.

МОНГОЛБАНК ОЮУ, НОМИНГ Ч ХУДАЛДАЖ АВНА

-Эрдэнэсийн сан ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

-Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сан нь үйл ажиллагаа зохицуулдаг тусгай бие даасан хуультай байгууллага. Хуулиараа бид түүхийн үнэт хосгүй зүйлсийг худалдаж авдаг, хадгалдаг. Мөн үзмэрийн танхим байгуулж, иргэд байгууллагуудад хосгүй эдлэлүүдийг танилцуулж, сурталчилдаг. Саяхан бид үзмэрүүдийнхээ тухай ном гаргасан. Зөвхөн бид хадгалаад зогсохгүй сэргээн засварлах ажил хийдэг. Хуулиар бидэнд олгогдсон бас нэг үүрэг нь үнэт металл худалдан авах, дурсгалын зоос гаргах.

-Дурсгалын зоос гэж юу вэ?

-Дурсгалын зоос гэдэг нь аливаа тэмдэглэлт ой, томоохон үйл явдлуудад зориулсан зоосыг хэлж байгаа юм. Үүнийг бас хуулиараа Монголбанк санаачилж бид хэрэгжүүлдэг.

-Үнэт эрдэнэс гэдэгт юу орох вэ?

-Үнэт металлд алт, мөнгө зэрэг багтаж байгаа. Үнэт эрдэнэс гэхээр оюу, номин гээд бусад үнэтэй зүйлс хамрагдана.

-Хосгүй үнэт зүйлст юу хамрагдах вэ?

-Саяхан бидний гаргасан номонд хосгүй үнэт зүйлсийн тухай дэлгэрэнгүй бий. Жишээлбэл, Богдын тамга, Жамухын бөгж гэх мэт.

-Иргэд танайд үнэт зүйлээ яаж худалдах вэ?

-Хуулиараа хадгалуулж, худалдаж болно.

-Танайх мөнгө төлөх үү?

-Төлнө.

-Үнэт, хосгүй гэдгийг хэн тогтоох вэ, үнэ тохиролцох уу?

-Нэгдүгээрт үнэт металл, эрдэнэс бол мэргэжлийн байгууллагаар сорьцыг нь тогтоолгоно. Хоёрдугаарт манай Монголбанкинд худалдан авахыг зөвлөсөн Боловсролын яамны дэргэдэх зөвлөлийн тодорхойлолт гарсан байх ёстой. Тэр зөвлөл үнэт, хосгүй гэдгийг баталсан шийдвэр гаргаж Монголбанкинд ирүүлнэ. Үнийг бол үнэлгээний компаниуд тогтооно.

-Хосгүй үнэт зүйлсийг Монголбанк заавал худалдан авах ёстой юу?

-Хосгүй эдлэлийг заавал худалдан авах ёстой. Хуулиар авах ёстой. Мөнгө төлнө. Тэгэхгүй бол Монголын түүх, соёл, уламжлалт хосгүй эдлэлүүд үрэгдэж, гадаад руу гарах болно.

-Алт, зэсэнд ноогдуулсан 68 хувийн татвар алт тушаалтыг бууруулсан гэдэг. Өмнө нь тушаагдаж байсан их хэмжээний алт хилээр хууль бусаар гардаг гэсэн мэдээ байдаг.

-“Алт аян” наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Зургаан сарын хугацаанд хэрэгжинэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд дотоодод олборлосон алт Монголбанкинд тушаагдаж байна уу, гадагшаа гараад байна уу гэдгийг судална. Бид ЦЕГ-тай хамтарч ажилладаг. Хилийнхэн зөвшөөрөлгүй хил нэвтрүүлж байгаа алтыг хурааж, цагдаагийнхан шалгаад, манайд ирүүлдэг. Бид тэр алтыг зах зээлийн үнээр худалдаж аваад, төсөвт үнийг нь шилжүүлнэ.

МОНГОЛБАНК АЛТЫГ ЛОНДОНГИЙН БИРЖИЙН ҮНЭЭР АВДАГ

-Хууль бусаар хил гаргах гэсэн алт хэр их хураагддаг вэ?

-Одоогийн байдлаар арван кг алт хураагдаад, хадгалагдаж байна. Хамгийн сүүлд төмөр замын цагдаа таван кг алтыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг шалгаж байна. Тэгэхээр хилээр хууль бусаар алт гаргах явдал буурч байгаа ч, зогсоогүй байна гэж бид таамаглаж байгаа.

-Танайх алтыг ямар үнээр авдаг вэ?

-Зах зээлийн хамгийн өндөр үнэ буюу Лондонгийн биржийн үнээр авч байгаа.

-Яагаад иргэд Монголбанкинд өндөр үнээр өгч болох алтыг хилээр нууж, гаргах эрсдэл хийгээд байна?

-Хуулийн байгууллагуудын мэдээллээр бол иргэд гадагшаа жаахан илүү үнээр зарах сонирхолтой гэдэг. Нөгөө талдаа бидний таамгаар манайд байгаа ганцхан сорьцолдог байгууллагын хүчин чадал хүрэхгүй байна. Жишээлбэл алслагдсан хөдөө орон нутгаас багахан хэмжээний алт энд сорьцлуулах гэж ирэхээр зардал их гарна. Тиймээс газар дээрээ хувь хүн, албан байгууллагад хямд өгч байгаа байх.

-Ганцхан сорьцын байгууллагатай юм уу?

-Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар л сорьцлох эрхтэй. Энэ байгууллагын хүчин чадал багадаад, зарим үед шөнө дөл болтол алт тушаах гэж дугаарлаж зогсдог гэж байгаа юм. Миний сонссоноор 2009 оноос хойш энэ байгууллагад хөрөнгө оруулалт хийгдээгүй.

-Хүчин чадлыг өргөтгөж болохгүй юу?

-“Алт аян” хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэх шийдвэр гарсан.

-Заавал ганц улсын байгууллага дээр алтаа тушаах гэснээс хувийн хэвшилд шилжүүлж болохгүй юу?

-Хуулиараа улсын байгууллага л сорьцлох эрхтэй. Гэхдээ хуулинд ганцхан байгууллага байна гэсэн заалт байхгүй. Сорьцын газрынхан хөдөө салбар нээх тухай ярьж байгаа ч төсөв мөнгөний асуудал байгаа байх. Харин хөдөө орон нутагт явуулын сорьцын лаборатори ажиллуулах боломжтой гэсэн мэдээ дуулддаг.

-Өмнө нь энэ байгууллага танай харьяа байсан гэсэн.

-Дээх нь манай харьяа байж байгаад Сангийн яаманд очсон. Одоо Монголбанк сорьцын газартай болох санал тавьж байгаа. Бид сорьцын байгууллагатай болох боломжтой. Төрийн байгууллагатай харьцуулахад бид төсөв мөнгө харахгүй, өөрсдөө цаг алдалгүй шийдэх боломжтой.

-Боломжтой юм бол эртхэн нээгээд ахиухан алт хурааж авч болохгүй юу?

-Бид асуудлыг шийдэх гээд явж байна. Арваннэгдүгээр сар гэхэд ямар нэгэн шийдвэр гарчих байх.

-Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

– Тийм. Төрийн захиргааны байгууллага гэдэг үгний оронд эрх бүхий байгууллага гэсэн утгаар орчихвол болчих байх.

Заримиргэн 20-30 кг алттушаадаг

-Монголбанк Лондонгийн биржийн үнээр алт авч байна. “Алт аян” хэрэгжиж байна. Үр дүн ямар байна?

-Наймдугаар сарын 20-ны байдлаар 11.2 тн алт худалдаж авсан. Өнгөрсөн жил 18 тн алт авсан. Энэ жил 19-20 тн болно гэж бид тооцоолж байгаа.

-Хувь хүмүүс хэр их алт тушааж байна?

-Нэлээд ихийг тушаадаг. Бид сүүлийн гурван жил хамтран ажилласан хувь иргэнд хамтран ажилласан тухай гэрчлэх бичиг олгодог. Одоогоор 80 гаруй компани, 200 гаруй иргэн алт тушааж байна.

-Иргэд хаанаас алт олж тушаагаад байна?

-Одоохондоо гарал үүслийг ярихгүй байгаа. Энэ нь сөрөг нөлөө үзүүлж магадгүй.

-Нэг хүн хамгийн их нь хэр хэмжээний алт тушааж байна?

-Сорьцынхон өмнө нь хамгийн багадаа 200 гр алт сорьцолдог байсан. Хамгийн дээд тал нь арван кг-ыг сорьцолж байгаа байх. Сүүлийн үед 100 гр-тай алт ирээд байгаа болохоор би сорьцынхон арай илүү нарийвчлалтай болсон байна гэж ойлгож байна. Зарим иргэн арван кг-ийн 2-3 гулдмай алт тушаадаг.

Алтны хадгаламж хамгийн найдвартай хадгаламжид тооцогддог

-Иргэд ээмэг бөгжөө ломбарданд тавьж алдсанаас танайд зарсан нь илүү үнэ хүрэх нь ээ?

-Одоогоор хуулиар зөвхөн гулдмай хэлбэрээр тушаах заалттай. Өнөөг хүртэл иргэдээс манайд ээмэг бөгжөө зарах хүсэлт ирээгүй. Гэхдээ судлах л асуудал.

-Иргэн 100 гр алт цуглуулчихаад танайд яаж тушаах вэ?

-Сорьцын газар иргэний үнэмлэхтэйгээ очоод, нэг гр алтыг нэг мянган төгрөгөөр сорьцлуулдаг гэсэн байх. Тэгээд гулдмай хэлбэрт оуулаад манайд тушаана.

-Монголбанк их алттай болсноороо монголчуудын амьдралд ямар ашигтай юм бэ?

-Монголбанкны валютын нөөцийг алтаар нэмэгдүүлнэ гэдэг аль нэг валютаас хараат биш байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Алт өөрөө аль ч валютад хөрвөх чадвартай учраас найдвартай нөөц болдог. Нөөц баталгаатай байснаараа эдийн засгийн тогтвортой байдал, улмаар өсөлтийг дэмжих хөшүүрэг болж өгдөг. Дээр нь төгрөгийн ханш тогтвортой байснаараа иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэнэ. Нөгөө талдаа бид иргэдэд алт, мөнгийг худалдах ажлыг зохион байгуулна. Энэ бол өмнө нь хийгдэж байсан ажил. Сүүлийн жилүүдэд зогсчихоод байгаа юм.

-Хэзээ иргэд Монголбанкнаас алт худалдан авах боломжтой болох бол?

-2018 онд

-Танайхаас алт худалдаж авах нь ямар ашигтай вэ?

-Хилээр хууль бусаар гаргаж байгаа хүмүүс шаардлагатай бол манайхаас алт худалдаж аваад албан ёсоор гаргах эрхтэй болж байгаа юм. Мөн хувиараа алт, мөнгөний дархан хийдэг иргэд ч албан ёсоор алт худалдаж аваад багагүй ашиг олох боломж нээгдэнэ. Дээр нь иргэд хадгаламжаа валютаар биш алт, мөнгөөр хадгалах сонирхолтой байж болно. Энэ тохиолдолд Монголбанкнаас авсан алтаараа хадгаламж хийгээд ямар ч валютын ханшийн уналтаас айхгүй хадгаламжтай болно. Алтны хадгаламж хамгийн найдвартай хадгаламжид тооцогддог.

-Одоо алт мөнгөөр юм хийж зараад байгаа улсууд албан ёсных мөн үү?

-Биш. Албан ёсны наймаа хийхийн тулд сорьц стандартын байх ёстой. Судалгаагаар дээрх иргэд гаднаас сорьцгүй алт, мөнгө оруулж ирээд зах зээлийн бус үнээр наймаа хийж байгаа нь батлагдсан. Харин Монголбанкнаас авсан алт, мөнгөөр хийсэн зүйлсийг зах зээлийн үнээр албан ёсоор зарна. Гадагшаа ямар ч асуудалгүй гаргана.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Үеийн залуусаа уяраасан “Мөнгөн хонх” хамтлагтай 10 “В” анги

Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын нэгдүгээр 10 жилийг 1984 онд төгссөн 10 “В” ангийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Д.Нарантуяа багштай орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай энэ анги 26-уулаа дэгж, дэрвэж хүүхэд насны гэнэн томоогүй үеэ өнгөрүүлжээ. Тэд сургуульдаа урлаг, сурлага, спортоороо үргэлж тэргүүлэхэд гол хөшүүрэг болсон хүн нь ангийн багш нь аж. Өөрсдөө их идэвхтэйн дээр багшийнхаа зөвлөгөөг ягштал биелүүлдэг байсан нь тэдний гол давуу тал байжээ. Ангийн багш Д.Нарантуяа нь шавь нараа аливаа зүйлд үргэлж дэмжиж хурцалснаар урлаг, спорт, сурлага хөдөлмөрөөрөө манлайлагч анги болгож чадсан байна.

Ангийн багш Д.Нарантуяа “Улсын багшийн дээд сургуулийг 1976 онд төгсөөд будаг нь ханхалсан шинэ багш нутагтаа очсон юм. Дараа жил нь Боловсролын хэлтсийн дарга Г.Наянтайн тушаалаар төвийн арван жилийн сургуульд физик, хөдөлмөрийн багшаар томилогдон 4 “В” ангийг хүлээж авч байлаа. Миний хувьд эрч хүчтэй, урам зориг дүүрэн ажиллаж байсан тэр үедээ их хайртай. Хүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, дурсамжаар амьдардаг гэдэг. Алс газраас шавь нараа дурсан суухад баяр хөөр бялхсан олон сайхан дурсамж санаанд тодхон байна. Түүнээс хойш нэг л мэдэхэд 40 жил өнгөрчээ. Шавь нар маань ч 50 нас дөхчихсөн байна. 1984 онд төгссөн ангийнхаа болон бусад таван бүлгийн охид, хөвгүүддээ энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье” хэмээсэн юм. 10 “В” ангийнхан ангийн багш Д.Нарантуяагаас гадна Шагдарсүрэн, Я.Түмэннаст, Д.Саарал, Доржготов, Батболд, Очирбат зэрэг багш нараараа үргэлж бахархаж явдаг байна.

Ангийн даргын хариуцлагатай үүргийг С.Энхтайван, Д.Болормаа нар гүйцэтгэдэг байсан бол эвлэлийн үүрийн даргаар Ц.Алдармаа нар ажилладаг байсан аж. Сурлагаараа анги хамт олноо Ц.Алдармаа, Ч.Амгаланбаатар, С.Бархас, Ц.Оргилмаа нар тэргүүлнэ. Харин спортоор С.Энхтайван, Ө.Энэбиш, Л.Өргөнбаяр, урлаг уран сайханд Д.Энхцэцэг, Б.Ганбаатар зэрэг сурагчид ангийнхнаа манлайлдаг байсан гэнэ. Энэ анги зургаахан хөвгүүнтэй. Хөвгүүд урлаг, спортын арга хэмжээ болоход сонгох, сонгогдох эрх байхгүй. Бүхий л арга хэмжээнд оролцох ёстой байж. Хэдий цөөхүүлээ ч тэд сургуулийнхаа волейболын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бахдам амжилттай юм байна.

“Энгүй тал” компанийн захирал С.Энхтайван “Бид есдүгээр ангидаа сургуулийнхаа волейболын аваргад сэлгээний тоглогч байхгүй оролцоод түрүүлсэн юм. Бурхны оронд очсон Б.Ганбаатар маань гайхалтай холбоно. Ө.Энэбиш бид хоёр довтлогчоор тоглодог байсан даа” гэсэн юм. Харин ангийн охид их адтай. Гэмгүй номхон царай гаргачихаад үеийнхнийгээ болон бусад ангийнхныг чадчихдаг байсан гэнэ.

“Чингис шар айраг” компанийн нягтлан бодогч Ц.Саранчимэг “Манай анги олон охидтой мөртлөө их дэггүй. Зэргэлдээ ангийн хөвгүүдийг анги руугаа чирээд оруулчихна. Ичээд зугтахаар нь хоёр талаас нь махны дараалал, сүүний оочер гээд шахдаг байж билээ. Арван жилийн минь сайхан дурсамжуудын нэг л дээ. Сэтгэл, зүрхэнд хоногшсон дурсамжууд тэр л гэнэн цайлган үед үлдсэн байна” гэлээ.

10 “В” ангийнхны хамгийн сайхан дурсамж сургуулийн баруун жигүүрийн нийгмийн хичээлийн кабинетэд өнгөрчээ. Тэд ангидаа байх их дуртай байж. Харин ангидаа байх зөвшөөрлөө сургуулийн жижүүр, багш нараасаа төвөггүйхэн авчихдаг байж. Ангидаа дуулна, бүжиглэнэ, хөгжөөнтэй, хоржоонтой зүйлс ярилцана. Басхүү үймүүлж шуугих нь мундахгүй. Харин тэд долдугаар ангиасаа хавар, намрын ажилд явж эхэлжээ. Хэдий 10 “В” ангийг намрын ажилд хуваарилаагүй боловч сайн дураараа явсан үе ч бий гэнэ.

Тэд Асгат, Дарьганга, Мөнххаан зэрэг сумд руу очин үхэр, мал сааж, хашаа барилцан, хадлан хадаж хөдөлмөрийн үр шимийг бишгүйдээ мэдэрч байжээ. Ж.Ариунаа “Бид долдугаар анги төгссөн хавраа ангийн багштайгаа хамт Асгат сум руу үнээ саахаар явж билээ. Үнээгээ саахын тулд таван цаг гэхэд л босчихсон байх ёстой. Багш ч биднийг дуудаж, сэрээнэ. Харин нойрмоглосон хэдэн нөхөд бие биенээ налаад тугалын хашааны хажууд унтчихдаг байж билээ. Багш ч үүнийг гадарласан бололтой. Бидний саасан сүүг өдөр болгон хэмжиж, эхний байрт орсонд нь шагнал өгдөг болсон. Харин бид шагнал авахын тулд ажилдаа хичээнгүйлэн шамддаг болсон доо” гэв. Тэд Дарьганга суманд хашаагаа барьж дуусаад дотор талыг нь лаагаар чимэн ёстой л шавайгаа ханатал бүжиглэсэн нь санаанд нь тодхон үлдсэн байна “Sig­nature Designs” компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Алтанчимэг “Дарьганга суманд ажиллаж байхад би тогооч хийсэн юм. Олон хүний хоол хийнэ гэдэг тийм ч амар биш. Зарим хүүхдүүд голж шилэх нь ч бий. Тэгэхээр нь би гомдоод уйлчихна. Тэр үед биднийг дааж явсан Хунбат багш маань “Хүний юу гэх нь хамаагүй. Чи л сэтгэлээсээ хийж байвал болно” гэж тайвшруулж байж билээ” гэсэн юм. Хунбат багш нь хүүхдүүдээ урамшуулж, сэтгэлийг нь сэргээхийн тулд нэг нэгээр нь дуулуулна. Харин дуулсан хүүхдээ нэг ирис, боорцгоор шагнадаг байсан гэнэ. Мөн тэд нутгийн айлд ээлжлэн очиж өрөмтэй будаа иддэг байжээ. Гэрийн эзэгтэй тэдэнд зориулж бүр аягалаад тавьчихдаг байж. Тэд өрөмтэй будааг нь амтархан иддэг байсан хэрнээ гэрийн эзний нэрийг тогтоож чадаагүй дээ өөрсдийгөө зэмлэдэг шүү хэмээн ярьсан.

Харин аравдугаар ангид байхдаа Мөнххаан сум руу хадлан хураалтад явжээ. Тэд сумын буудалд, тогоочоор хоол хийлгүүлж идэн их тансаг байсан аж. Басхүү хийх ажил ч бага. Өдөрт ердөө ганц, хоёр машин өвс л буулгаж нурууддаг байсан гэнэ. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн багш Ц.Энхжаргал “Сумын буудлын их том өрөөнд охид буудалласан юм. Охид л болсон хойно хорвоо дэлхийн сонин хачинг хуучилцгаана. Тэр тусмаа хөвгүүдийн тухай яриа их сонирхолтой. Охид орой болгон мөрөөдлийн залуугаа дотроо төсөөлөн хананд байх том толинд харж зогсоно. Харин дараа нь тэр том толиныхоо хажууд ээлжлэн унтана. Өглөө нь сэрээд ямар зүүд зүүдэлснээ бусдадаа ярьж өгдөг байж билээ. Бусад нь сонирхолтой нь аргагүй сонсож, дор бүрнээ мөрөөдөж, нэгнийгээ шоолж, хөгжилдөнө. Эргээд бодоход хүүхдийн гэнэн томоогүй, сайхан дурсамж тэр л цаг мөчид үлдсэн байна” хэмээн дурсана. Тэд энэ л мөчүүдэд бие биеэ улам таньж нөхөрлөн, нэгдэн нийлж, төлөвшиж, эвсэг найрсаг хамт олон болон бүрэлдэж байжээ. Мөн хэзээ ч мартагдахааргүй олон сайхан дурсамжуудыг сэтгэл, оюундаа үлдээсэн байна.

10 “В” ангийн С.Энхтайван, Энэбиш, Ч.Амгаланбаатар, Л.Өргөнбаяр, Д.Энхцэцэг, Ц.Саранчимэг тэргүүтэй авьяаслаг сурагчид “Мөнгөн хонх” хэмээх хамтлаг байгуулж, үеийн нөхдөө доргиож явсан түүхтэй. Энэхүү дурсамжаасаа “Хаан төрөн” компанийн захирал Ч.Амгаланбаатар “Манай ангийн “Мөнгөн хонх” хамтлаг төвийн болон гадна дотны төлөөглөгчдөд ая дуугаа өргөж, олон ч удаа нүүр тахалсан шүү. Гоё хамтлаг байсан даа” хэмээн дурссан юм. Мөн энэ ангиас Өсвөрийн залуу техникчдийн фото зургийн улсын уралдааны аварга төрж байжээ. Харин ангийнхан нь тус уралдаанд түрүүлсэн Ц.Урантуяагаа онгоцны буудлаас ёслол төгөлдөр хүлээж авсан нь түүний хамгийн сайхан дурсамжуудын нэг гэсэн.

Энэ ангийн ихэнх сурагчид конкурсаа өгөөд их, дээд сургууль, техникумд суралцахаар болж байжээ. Тэр бүү хэл гаднаас ирсэн есөн хуваарийн зургааг нь энэ ангийн сурагчид авсан байна. Ингээд бодохоор их л сурлагатай, авьяаслаг хамт олон байсан харагдаж байна. Одоо салбар, салбартаа амжилт бүтээл арвинтай явна. Доктор, магистрын зэрэг хамгаалаад зогсохгүй төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан нь ч олон юм байна. Төрөлх сургуулийнхаа эрдэм мэдлэгтэй, чадварлаг багш нарынхаа ачаар өдий зэрэгтэй явна хэмээн тэд үргэлж талархаж явдаг гэсэн. Мөн хэдий арван жилээ төгсөөд 33 жил болсон ч төгсөлтийн баяраа хэзээ ч мартдаггүй, дурсах бүрийд сэтгэл догдолдог шүү хэмээн хэлж байлаа.

Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор С.Бархас “Ангийнхныхаа амжилт бүтээлээс харахад цаг, үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг ухамсарлан, цаг ямагт мэргэжил, мэдлэгээ дээшлүүлж байдаг нь анзаарагддаг юм. Ямартай ч бид эрдэм мэдлэгийн уурхай болсон багш нарынхаа ачаар нийгмийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, аж амьдралаа сайн сайхан авч явна. Хайрт багш, найз нар маань эрүүл энх байж, аз жаргал, баяр баяслаар дүүрэн явахыг хүсье” гэсэн юм. Тэд арван жилийнхээ тэр л он жилүүдийг дурсахад сургуулийн танхимд шуугиж явсан гэгээн сайхан мөчүүддээ очсон юм шиг л санагдаж байна хэмээн онцлон хэлж байлаа. Мөн 10 “В” ангийнхан өөрсдийн гэсэн орон зайгаа үлдээгээд тэнгэрийн оронд одсон анд найзуудаа санан дурсаж явдгаа ярьцгааж байлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд Судан улсад энхийг сахиулах монгол цэргийн багийн дөрөвдүгээр ээлж өнөөдөр нислээ

НҮБ-ын энхийг сахиулах “Unmiss” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын цэргийн багийн сүүлчийн ээлж өнөөдөр Өмнөд Судан улсыг зорилоо. “Unmiss” ажиллагааны долдугаар ээлжид 850 хүн алба хааж байгаа бөгөөд тэдний дунд Онцгой, цагдаа, хилийн цэрэг зэрэг хүчний байгууллагаас нийт 100 гаруй хүн багтаж байна.

Б.Наран

Categories
мэдээ нийгэм

“Мэргэжлийн аварга мөрдөгч-2017” тэмцээн боллоо

 “Мэргэжлийн аварга мөрдөгч-2017” тэмцээн боллооЭнэ сарын 06, 07-ны өдрүүдэд “Мэргэжлийн аварга мөрдөгч-2017” тэмцээнийг Хууль сахиулахын их сургууль, Сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 318 дугаар ангитай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Нийслэлийн 9 дүүрэг, Төмөр зам дахь Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын 30 гаруй мөрдөгч оролцсон юм.

Мөдөгчид хууль, эрх зүйн мэдлэг шалгах, гэмт хэргийн талаар бодлого бодох, Сэтгэн бодох чадвар, гадаад хэлний мэдлэг шалгах, компьютерт ажиллах чадвар шалгах, бие бялдрын шапгалт, буудлага, хэргийн газрын үзлэг хийх гэсэн 8 төрлөөр хурд, хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.
Тэднээс нэгдүгээр байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Сайнбаяр, хоёрдугаар байранд Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр, гуравдугаар байранд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Манлай нар шалгарав.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа эхэллээ

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр НИТХ-аас баталсан билээ. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Нийслэлээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох зорилготой тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 9, 10-ны бямба, ням гарагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм.

Үзэсгэлэн худалдааны гол онцлог нь 99 павьлонд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 111 иргэн, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөргүйгээр байршуулан, иргэддээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалж байна. Түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөс гадна тухайн бүтээгдэхүүний танилцуулга, реклам, шторкыг зар сурталчилгааны дэлгэц ашиглан үнэ төлбөргүйгээр танилцуулах боломжийг ч зохион байгуулагчид олгожээ. Үүнд үндэсний үйлдвэрлэгчид талархаж байгаагаа хэлж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн 9 дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүд бий. Тэнд үйлдвэрлэл эрхлэгчид маань 1-2 жил ямар нэг түрээсийн төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулж “бойжиж” гардаг. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь тус төвүүдээр дамжиж гарсан гэж болно. Хотын зүгээс хамгийн гол нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалт хийхэд нь зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх зорилго тавьж байна. Мөн хямд үнэтэй түрээсийн байраар хангах нь чухал.” гэв.

НИТХ-ын тэргүүлэгч Д.Баярсайхан “Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2 аж ахуйн нэгж, тусгай байранд 10 аж ахуйн нэгжийг шалгаруулна. Шилдэг 2 аж ахуйн нэгжийг ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдах “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний үзэсгэлэн худалдаанд зардлыг нь санхүүжүүлэн оролцуулна. Үзэсгэлэн худалдааны гол зорилго нь “Улаанбаатарт үйлдвэрлэв” хэмээх брэндийг бий болгох юм.” хэмээлээ.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанаас иргэд цагаан идээ, жимсний чанамал, зөгийн балаас эхлээд үндэсний үйлдвэрлэлийн гутал, хувцас, дээл, малгай, бэлэг дурсгал, ахуйн бүтээгдэхүүн гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр авах боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Т.Т. Отгонзаяа Ази тивийн аварга боллоо

Т.Отгонзаяа Жюү-Жицүгийн ААШТ-ээс хос медаль хүртлээЦагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа Жюү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр тэмцээний эхний өдөр Мастер 1 ангиллын хөх бүсний -77кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол тус ангилалынхаа Үнэмлэхүй жинд АЛТАН медалийн тавцанд зогслоо.

Т.Отгонзаяа мөнгөн медаль хүртсэнийнхээ дараа “Арай л болсонгүй удаах байранд орлоо тусалж, дэмжсэн ах нартаа, найз нөхдөдөө, ажилын хамт олон, Цагдаагийн байгууллагадаа ,Тусгай ажиллагааны газрын дарга цагдаагийн хурандаа Д.Батсайхан, дэд дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Батцагаан нартаа маш их баярлалаа”. Ардын багш Буянгийн Ганбат багшдаа баярлалаа” хэмээн өөрийн нүүр номоороо дамжуулан баярын сэтгэгдлээ илэрхийлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

‘Зэрлэг Кларинет’ тоглолт болно

Монгол-Франц төвөөс 2017-2018 оны хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан зохион байгуулж буй нэгэн шинэ арга хэмжээ өнөөдөр 19 цагт Хөгжим Бүжгийн коллежийн Концертын танхимд болох гэж байна. Энэ нь Францын Брөтань мужийн алдарт хөгжимчин Мишель Умоны ‘Кларинет барбар’ буюу ‘Зэрлэг Кларинет’ тоглолт юм.

Мишель Умон нь кларинет бишгүүрээр 30 гаруй жил гоцлон тоглож, уран бүтээл туурвиж буй хөгжимчин бөгөөд тус тоглолтондоо уламжлалт брөтон бүжгийн ая, электрон хөгжим, жазз, сонгодог хөгжмийн бүтээлүүдийг кларинет хөгжмөөр тоглож, үзэгчдийн сонорыг мялаах юм.