Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сард 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ

Related image

Монголбанк, Засгийн газартай хамтран 24.5 төгрөгийн ипотекийн зээлийг өнгөрсөн сард иргэдэд олгосон байна. Үүнээс 15.06 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монголбанкаас гаргаж 254 зээлдэгчид, 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газраас гаргаж 142 зээлдэгчид тус тус зээл олгожээ.

Ингэснээр өнгөрсөн наймдугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шинжээчид монголчуудын эрүүл мэндийг үнэлэхээр иржээ

Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг(ОУНЭМХН)-ийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ)-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт хийхээр өчигдөр иржээ.

Үнэлгээний багийнхан өнөөдөр НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, таван өдрийн турш шаталсан үнэлгээ хийх юм байна.

Багийн бүрэлдэхүүнд нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Жон Клоуд Дезэнклос, нийгэмлэгийн штабын дарга Мили Спархич, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхийлөгч асан, АУ-ны доктор Жеффри Коплан, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхий захирал асан, АУ-ны доктор Ванг Юү, Японы Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, ШУ-ны доктор Мари Асами, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Хяналт үнэлгээний мэргэжилтэн Хэнри Ванди, мэргэжилтэн Эзра Барзилей ажиллаж байгаа аж.

Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг хэмээх 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй уг байгууллага Азид сүлжээ байгууллагаа байгуулснаас хойш анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөхөөр ирээд байгаа нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны хэрэг хэрхэн шийдэгдэхийг Олон улсын парламентын холбоо ажиглаж байгаа

Image result for С.Зориг агсны хэрэг

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, УиХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан нар өчигдөр Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Афганистан Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны ерөнхийлөгч Фавзиа Күүфи, Бахрейн Улсын парламентын гишүүн, хуульч, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны гишүүн, Али Аларади болон Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар багтсан байв. Төлөөлөгчид Хүний эрхийн тухай хууль, тогтоомжууд Монгол Улсад хэрхэн мөрдөгдөж байгаа талаар болон улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг, энэ хэргийн шүүх хуралдааны талаар мэдээлэл авахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Бахрейн Улсын парламентын гишүүн Али Аларади хэлэхдээ “Цаасан дээр биш хөрсөн дээр байгаа зүйл бол хүний эрх юм. С.Зориг агсны хэрэг хэрхэн шийдэгдэхийг Олон улсын парламентын холбоо ажиглаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв. Мөн тэрбээр, залуу, ардчилсан оронд туршлага хэрэгтэй. Хүний эрхийн талаарх ойлголтыг нэг хүн биш, ард нийтээрээ ойлгох нь чухал юм. Эцэст нь хэлэхэд ямар ч хэрэгт шүүх зөвхөн бие даасан, хараат бус шийдвэр гаргаж байх ёстой” гэсэн юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Төр үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган Төрийн ордонд болж байгаа. Чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр “Би элдэв нөхцөл шалтгаан тоочиж, номчирхолгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг энэ чуулганаас гараасай гэж ихэд хүсч байгаа. Төрийн бодлого нь уриа тунхагаас илүүтэйгээр тодорхой шийдлээр л дамжиж хэрэгждэг.

Яг тодорхой үйлчилгээ, нөлөө үзүүлэх шийдлүүдийг л эрэлхийлж, Засгийн газрын, яамны шийдвэр болгомоор байгаа юм. Хүнсний салбарт олон жил шударга хөдөлмөрөөр явсан, 5, 10, 20 жил ажилласан компаниудад энэ салбартаа үнэнч байсных нь төлөө компанийн түүхээр нь банкууд зээл олгох ёстой гэж бодож байна.

Хүйтний улиралд хүлэмжийн аж ахуйн дулаан, эрчим хүчний асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй, экспортод гаргах боломжтой.

Монголын хүнсний үйлдвэрүүд суурилагдсан чадлынхаа 30 хувийг л ашиглаж байхад Засгийн газар нь тэднийг бодитоор дэмжих талаар хуруугаа ч хөдөлгөх шинжгүй, элдэв тайлбар тавьсаар сууна. Дэлхийн Худалдааны байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд бид дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний импортод 20 хувийн гаалийн татвар тавихад л чамлахааргүй хэмжээний дэмжлэг болно.

Манай хоёр хөрш тэгэхэд дотоодынхоо зах зээлийг импортын 32 хувийн татвараар хамгаалж байна. Бид тэдэн шиг хэмжээнд хүргэж чадахгүй юм гэхэд одоо байгаа 5 хувийн татварыг зөвшөөрөгдөх хэмжээ 20 хувьд нь хүргэхэд л үлэмж дэмжлэг болно. Төр нь Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй л юм бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй.

Бид тодорхой бүс нутагт, ОХУ руу төмс, луувангаа экспортлосон байна. Яагаад бид энэ экспортыг хөхиүлэн дэмжиж болдоггүй юм бэ. Бүс нутгийн худалдааг ОХУ, БНХАУ-тай хийхдээ бид тодорхой хэмжээгээр 50, 100, 200 км-ийн дотор гаалийн хөнгөлөлт үзүүлж дэмжсэнээр бүс нутгийн худалдааг дэмжих ёстой юм. Төмс экспортолно гэдэг бидэнд анхны том алхам гарч ирсэн байна. Ийм ойлголтуудыг ярих гэж бид өнөөдөр Үндэсний чуулган хийж байгаа юм.

Та бүхэн зовлон жаргалаа ний нуугүй яриад, Засгийн газарт тодорхой шийдэл хүргүүлсэн чуулган болоосой гэж хүсч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Зарим замыг түр хугацаагаар хаана

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 352-р км-ийн гарманд энэ сарын 14-ны 09:00 цагаас 20:00 цаг хүртэл засварын ажил үргэлжлэх юм байна.

Түүнчлэн, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах, Буян-Хайрхан хоорондын замын 452-р км-ийн төмөр замын гарам орчмын замыг засварлах аж. Уг ажлын хүрээнд энэ сарын 12-ны 12:00-18:00 цаг хүртэл уг замыг түр хугацаагаар хаахаар болжээ.

zam

Categories
мэдээ улс-төр

Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд болж байна. Чуулганд Сүү сүүн бүтээгдэхүүн, Гурил, гурилан бүтээгдэхүүн, ургамлын тос үйлдвэрлэгчид, Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, Өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчид оролцож байгаа юм.

Чуулганаар:

  • Монгол хүний эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдал
  • Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ
  • Төрөөс хүнсний үйлдвэрлэлийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга зам
  • “Ногоон морь-Монгол Улсын ногоон хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай
  • Хүнсний үйлдвэрийн салбар дахь стандартын хэрэгжилт
  • Хүнсний аюулгүй байдалд тавих төрийн хяналт, шалгалт
  • Хүнсний импорт, экспортод хийх гаалийн бүрдүүлэлт
  • Хүнсний салбарыг татварын бодлогоор дэмжих боломж, арга зам зэрэг сэдвийг хэлэлцэнэ.

Уг чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбасүрэн: Засгийн газрыг огцруулаад асуудлуудыг шийднэ гэдэг дэндүү мөхөс л дөө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Ж.Эрдэнэбатын толгойлж байсан засгийн газарт хариуцлага тооцож, өчигдөр уиХын ээлжит бус чуулганаар огцруулчихлаа. Та ерөнхий сайд байсан хүний хувьд энэ Ж.Эрдэнэбат сайдад ямар дүн тавих вэ?

-Дүн тавихын хувьд их төвөгтэй л дээ. 2016 онд Монголын эдийн засаг хүнд байдалд байлаа. Гэхдээ одоогийн эрх баригчид АН-ыг төр барьж байхдаа ийм болгочихлоо гэдэг. Үнэндээ бол эдийн засгийн хүндрэл 2008 оноос хойш төр барьсан улс төрийн хүчнүүдийн хамтын бүтээл юм шүү дээ. Монголыг дааж давахгүй өр зээлэнд оруулаад, дампуурлын ирмэгт тултал нь явуулаад эдийн засгийг нь сонгуулийн худлаа амлалтын барьцаа болгосоор байгаад ийм байдалд орсон. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засаг тогтворжих хандлагатай байна. Гэхдээ энэ бол нүүрс, зэс, алтны үнэ өсч байгаа хүчин зүйлийг бодох юм бол манай төр засаг өөрөө зөв бодлогоороо оруулж байгаа нөлөө нь харьцангуй бага л даа. Гэхдээ монгол хүн эдийн засгаа доройтоход нь баярлаж, сэргэхэд нь уурладаг байж болохгүй шүү дээ. Эдийн засаг одоо тогтворжих хандлага байна.

Үүн дээр нь төр засгийн хандлага будлиантаад байхгүй бол цаашид монголын эдийн засаг тогтворжоод явах боломж бий. Нөгөө талаас гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед сонгуулийн үед амласан амлалтуудаа биелүүлж чадаагүй. Эдийн засгаа жил тутамд долоон хувийн өсөлттэй байлгана гээд Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа. Энэ нь бүтэхгүй гэдэг нь тодорхой. Нөгөө талдаа ОУВС-гийн болзолд тулгагдаад татвараа нэмсэн зэрэг янз янзын алхам хийлээ шүү дээ. Гэхдээ монголын эдийн засгийг одоо босчихлоо гээд зарлах болоогүй.

-МАН-ын даргын төлөөх тэмцэл тогооноосоо халилаа. Энэ нам бол академик шинж чанартай гэдэг. Эдний хоорондын тэмцэл юунаас болоод байна вэ?

-Монголын улс төрийн тогтолцоо бүхэлдээ хямрал, дампуурлын байдалд хүрээд байна л даа. Одоогийн яригдаад байгаа хурц асуудлууд зөвхөн Засгийн газрыг огцруулах үндэслэл биш. Ардын нам даргаа солих тухай асуудал биш. Ерөнхий сайд, шадар сайдын хоорондын маргааны асуудал ч биш. Цаад талд нь засгийн газар нь бүхэлдээ авлигын шинж чанартай концессуудын гэрээ хийсэн асуудал байна. Дээрээс нь төрийн эрх мэдлийг Ардын нам худалдаж, мөнгө босгосон тухай болон оффшорын асуудлууд гарч ирж байна. Сүүлийн үед нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлж байгаа төрийн шийдвэрүүдийг харах юм бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг хүртэл төрийн бодлогын хүрээнд энд багтах ёстой л доо. Тэгэхээр энэ байдал юуг харуулж байна вэ гэхээр Монголын төрд олон жил бугшсан өвчин хүндэрснийг харуулж байна. Урьд нь бид эдийн засгаа голдуу ярьдаг байсан. Гэхдээ улс төрөө анхааралтай ажиглах юм бол Н.Багабанди Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн сүүлчийн хугацаанаас эхлээд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга Ерөнхийлөгч гээд дөрвөн Төрийн тэргүүний үеэр дамжуулаад төрийн ялзралын талаар ярьсан. Энэ нь одоо болохоо байгаад тогтолцоогоороо гарч ирж байна. Дээрээс нь маргаантай, нийгмийн сэтгэхүйд нөлөөлж байгаа хууль хяналтын байгууллагууд, төрийн тусгай албад үүнд орж хутгалдаад, тэр байтугай УИХ нь хүртэл өөрөө орж хутгалдаад улс төрийн дампуурлын байдал бий боллоо. Үүний гол үндэс нь бол 2006 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нэг намын дарга Ерөнхий сайдын өмнө очиж суугаад “Би Ерөнхий сайд болмоор байна. Таныг огцруулмаар байна” гэж байсныг монголчууд сайн санаж байгаа байх. Тэр үеэс эхлээд Монголд олигархи бүлэглэлийн засаглал гэдэг цоо шинэ бүтэц бий болж эхэлсэн юм. Өөрийнхөө Засгийн газрын олигархи бүлэглэлд захирагдаж явах ийм байдал бий боллоо шүү дээ. Энэ нь явсаар байгаад эдийн засгийн, улс төрийн гажуудалд хүргэсэн. Тэгэхээр монголын одоогийн төрийн дампуурал, мухардмал байдлын цаад талд чинь Монголын нам дамжсан олигархи бүлэглэлүүд зогсч байгаа төдийгүй тэдний ард байгаа даяаршлын нэрээр халхавч хийсэн, шинэ клончлол, эдийн засгийн алуурчид, магадгүй гадны төрийн субьектүүд байж болох.

-Ерөнхий сайдыг огцруулснаар энэ өвчин намдах уу?

-Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах, Шадар сайдын бүлгийг дарчихвал байдал намжих юм шиг яригдаад байгаа. Миний бодлоор энэ бол говийн гүрвэлтэй төстэй санагддаг юм. Говийн гүрвэл араатанд баригдах болохоороо сүүлээ тасдаж хаячихаад зугтаачихдаг. Сүүл нь тэнд тонгочоод, шавхдаад байдаг. Араатан тэр сүүлийг барих гэсээр байгаад хоцордог. Ер нь Монголын улс төрийн тогтолцооны цаад бугшмал үндэс нь ил гарах гээд ирэх үед хэн нэгнийг огцруулаад хариуцлага тооцож, арга хэмжээ авлаа гээд намжаахыг оролддог. Авлига,Оюутолгойтой холбоотой асуудал ч гарч байхад ингэж оролдож байлаа. Оффшорын асуудал С.Баярцогттой холбоотой гарч байхад УИХ-ын дэд даргаас нь буулгачихлаа, хариуцлага тооцчихлоо гээд өнгөрч байлаа шүү дээ. Гэтэл оффшорт хэдэн арван эрх мэдэлтнүүд цаана нь суугаад үлдчихсэн байсан нь одоо тодорхой болж байна. Энэ бол ужиг асуудал. Үүнийг шийдэхэд ганц нэг эрх мэдэлтний албан тушаалтантай хариуцлага тооцохоор ярих нь утгагүй. Яригдаж байгаа гол асуудлын үндсийг бодож зөв шийдэлд хүрэх хэрэгтэй. 60 тэрбумын асуудлыг цагдаагийнхан аль эрт өөрийнхөө байр суурийг илэрхийлээд нэг улс төрийн хүчний талд ороод зогссон. АТГ гэхэд У.Хүрэлсүхийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзээд прокурорт шилжүүлэх шийдвэр гаргаж байна. Төрийн онцгой албад, хууль хяналтын, хүчний, тусгай албад улс төрд худалдагдсан, хуйвалдсан гэдгийг шийдэх хэрэгтэй болно. Энэ бол том асуудал. Одоо тагнуулын байгууллага нь Ерөнхий сайдын мэдэлд, цагдаа нь өөр нэг хүний мэдэлд байдаг. Эдгээр байгууллага өөрийн хүнээ л хамгаална шүү дээ. Тэгэхээр үүнийг тогтолцоогоор нь шийдэх ёстой. Магадгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байх.

-Засгийн газрыг унагаад дараагийн ээлжийнхэн хоолондоо орсон ч дахиад л тэд хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхлыг биелүүлээгүйн төлөө огцруулах асуудал тавигдах байх…

-Би өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орох сэжиг төрж байна гэж хэлж байсан. Эргээд харахад тэр нь сэжиг төдий биш байж. Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт,60 тэрбумын гээд олон асуудал гараад ирлээ. Хэрэв концессын 800 гаруй тэрбумын хэрэг үнэхээр авлигын шинжтэй байна уу үгүй юу гэдгийг обьект нэг бүрээр нь гаргаж, тогтоож гаргаж ирэх хэрэгтэй. Нарийн мэргэжлийн хүмүүс оруулж тэр дүгнэлтийг шийдмээр байгаа юм. Энэ мэтийг шийдсэний дараа Засгийн газрын хувь заяаны асуудлууд аяндаа гараад ирнэ. Засгийн газрыг огцруулаад уг асуудлыг шийднэ гэдэг мөхөс л дөө. Нэг хэсэг өндөр албан тушаалтан банкнаас зээл хөөцөлдөж байгаа хүнд зуучлаад арван хувийг нь авлигад нь авдаг болхи үе байсан. Харин одоо больсон. Энэ жил 1115 км засмал зам тавина гээд байгаа. Тэр засмал замын өртөгт зардлаас гадна авлигын мөнгө ороод суучихсан байдаг. Бодит зардлаасаа хоёр дахин давсан төсөвт өртөг батлагдаад явж байгаа. Ийм байдлаар авлига хэрэгжиж байна л даа. Үүнийг нарийн шалгаж, ул үндэстэй гаргах хэрэгтэй. Үнэхээр улс төрийн байгууллага уу, бизнесийн байгууллага болсон уу гэдгийг тогтоох хэрэгтэй.

-60 тэрбумын хэргийг прокурор эвлүүлэг гэж шийдлээ. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Намын санхүүг нь шалгах юм бол гараад ирнэ шүү дээ. Тэгэхгүйгээр олон түмний толгой эргүүлэх элдэв хуулийн үндэслэл иш татаж байгаад орхих юм бол асуудал улам бугшаад дэлбэрэлтийн байдалд орж магадгүй.

Бүх л цаг үеийн яриаг яаж эвлүүлэг хийж болох билээ дээ. Гадны өндөр мэргэжлийн лаборатори энэ тэр чинь нэг орчинд тасралтгүй хийсэн бичлэг байна гэж тогтоосон. МАН-ын Ц.Сандуй гэдэг хүн “Манай намын стратеги тактикаа ярилцсан уулзалтын материал задарсан байна” гээд ярьсан байна шүү дээ. Гэтэл А.Ганбаатар гэдэг хүн “Тэнд У.Хүрэлсүх, Амарбаясгалан нар байсан” гээд ярьж байхад баримттай гэж үзэхээс өөр яах вэ. Энийг ингээд дараад өнгөрүүлбэл Монголын ард түмнийг дэндүү басамжилсан хэрэг болно. Монголын ард түмэн хэзээ ч өршөөхгүй.

-Прокурорын байгууллага хэнд үйлчлээд энэ хэргийг дарах гэж оролдож байгаа юм бол?

-Амиа аврах гэж оролдож байна. Ер нь тэдэнд монголчуудыг хуурч мэхлээд, сэтгэхүйгээр нь тоглоод болдог юм гэсэн ойлголттой байх шиг байна л даа.

-Ингэхэд Хяналтын дэд хороо Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх ёстой байгууллага мөн үү?

-Ерөнхий сайд, Шадар сайд хоёр албан тушаалтны хоорондын асуудал юм шүү дээ. Хяналтын дэд хороо сайндаа л Ерөнхий сайдынхаа харьяанд байгаа Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга генералаа аваачиж сонсоно биз. Түүнээс биш энэ асуудлыг анхан хэлж байсан гэрчийн хүмүүстэй энэ хяналтын хороо уулзаж чадахгүй. Гэтэл АТГ нь нэгэнтээ У.Хүрэлсүхийг төрийн эргэлт хийх гэсэн байна гээд прокурорт асуудлыг нь шилжүүлснээ мэдэгдсэн. Ийм байхад нөгөө гурав нь хяналтын хороон дээр очоод тоть шиг давтана. Энэ нь Засгийн газар нь маргаантай байхын хажуугаар УИХ өөрөө хамгаалдаг байгууллага болж хувирсан байна. Энэ бол төрийн доройтлын маш том хэмжүүр. УИХ нь очоод хоёр хүний маргааны асуудлыг яриад сууж байна. Ул мөрийг нь олохын тулд бодитоор хандах ёстой. Гэхдээ найдвар тун бага. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Дээд шүүх шийдлээ шүү дээ. Шүүхийг буруу зөв гэж хэлэхэд хэцүү. Цаана нь логик гэж хэнд ч дийлддэггүй юм байдаг. Хэрэв С.Зоригийн амь насыг хөнөөсөн юм бол захиалагч нь хэн бэ. Гэтэл шүүх хурлыг хаалттай хуралдаж байгаа нь сэжиг төрүүлээд байгаа юм. Энэ хэргийг ингэж хаалттай маягаар шийдэж байгаа юм бол бусад асуудлыг шийдэхэд хялбархан гуйвуулж чадна. Тэр тусмаа прокурорынхон дотор “сагсайдах” гэж сайхан үзэгдэл бий. Төрийн дампуурлын энэ нөхцөлд хамгийн гол дуу хоолойг Ерөнхийлөгчөөс сонсох ёстой.

-Шинэ Ерөнхийлөгч цаашид хэрхэн ажиллана гэж итгэж байна?

-Х.Баттулга гэдэг хүнээр төрөө удирдуулъя гэж Монголын ард түмэн сонголоо.Түүнийг хүн бүр өөр өөрийн өнцгөөр хардаг байх. Миний хувьд энэ хүн самбо бөхийн дэлхийн аварга. Дэлхийн аварга хүний сэтгэхүй ямар байх вэ гэдгийг бодох ёстой. Тэр хүн заавал нэг алхам хийхдээ дараагийн алхмуудаа бодно. Тэгж бодож чаддаггүй хүн дэлхийн аварга болж чаддаггүйдээ. Хоёрдугаарт, энэ хүн зорьсондоо хүрэхийн тулд туйлбартай зүтгэх чанар байх ёстой. Үүнийгээ сонгуулийн үеэр харуулсан. Нөгөө талдаа энэ хүний хувьд дэлхийн олон аавын хөвгүүдтэй нүүр тулж явсан. Хэнтэй ч ярихдаа жигд түвшинд яриад, өөрийгөө ойлгуулаад, тэр хүнийг ойлгуулах чадвар сэтгэхүй талаасаа байна. Ер нь мэргэжлийн асуудлыг шийдэхэд зөвлөхүүд нь ямар байхаас шалтгаална.

-Манай улс бондын өрөө төлж чадахгүй бол деполт зарлах аюул нүүрлээд байсан. Харин ОУВС-гийн дэмжлэгийг авлаа. Засгийн газар гадны өр зээлээ дарах ямар гарцуудыг эрэлхийлэх хэрэгтэй вэ?

-“Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаднаас зээл аваад бондоо төлөх бэлтгэлд хийж байсан юм. Засгийн газар унаснаар ОУВС-гийн хөтөлбөр болино” гэж яриад байх юм. ОУВС-гийн хувьд Ж.Эрдэнэбат Засгийн газрыг толгойлбол зээл өгнө, өөр хүн гарч ирвэл өгөхгүй гэсэн хэлэлцээ байгаагүй байх л даа. Монгол Улсын нэрээр өгсөн болохоор болох байх. Ирэх онд зээлийн ачаалал хүндэрнэ. Бондуудын болон бусад өр төлбөрүүд гээд нэг тэрбум ам.долларын асуудал гарна. Энэ бүхний цаад талд нөгөөх олигархи засаглалын арчаагүй байдал улс орныг ийм байдалд оруулчихлаа. Харамсалтай Ардын намынхан гарч ирээд газрын тос боловсруулах үйлдвэрийг нэн тэргүүнд шийдсэн бол Монгол Улс өнөөдөр адаглаад нэг тэрбум ам.долларын импорт хэмнэчих боломж байсан. Хэрэв ингэсэн бол бид өр зээл төлөхөд ямар ч бэрхшээл гарахгүй.Бусад улсын нефть боловсруулах үйлдвэрүүд асар том байдаг байх. Гэхдээ Монголын хэрэгцээг тэдэнтэй жиших юм бол өчүүхэн шүү дээ.300 мянган тн шатахуун гаргах үйлдвэр байгуулъя гэвэл хоёр жилийн дотор хийчих ажил. Гэтэл хийсэнгүй. Өөрсдөө газрын тос олборлоод гадагш нь гаргачихаад эргүүлээд бензин аваад өрөнд ороод сууж байгаа бол арчаагүй байдлын шинж л дээ. Ийм нөхцөлд ойрын гурав дөрвөн жилд эдийн засаг сэргэлт авна гэхэд хэцүү. Эдийн засгаа сэргээе гэвэл баялгийнхаа эзэн болох ёстой. Тэрнээс ямар ч өр бондын асуудал бидэнд хүндрэл болохгүй байсан.

-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг орон даяар хэлэлцүүлж байна. Та ярилцлагынхаа эхэнд улс төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэлээ. Тэгэхээр “эцэг” хуулиндаа өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж буй зургаан сэдвийн тухайд юу хэлэх вэ?

-Одоогийн санал болгож байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан асуудал бол гол агуулгаараа луйврын аргаар төрийн эргэлт хийх оролдлого гэж бодож байгаа. Монголын үе үеийн Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэж тунхаглаж ирсэн. Одоогийн үндсэн хуулинд ч гэсэн тийм л байгаа. Гэтэл одоогоор монголын нийгэмд гарч байгаа бүх хүнд асуудлууд төрийн эрх маань ард түмний эрх мэдлээс гараад намуудын гарт очоод, намууд нь цаашаа олигархи бүлэглэлүүдэд худалдаад, олигархи бүлэглэлийн засаглал тогтсонтой холбоотойн. Энэ асуудлыг шийдэхгүйгээр бид юу ч шийдэж чадахгүй. 2006 онд олигархи бүлэглэлийн засаглал тогтсоноос хойш солигдсон Засгийн газрууд бүгд тодорхой ашиг сонирхолд үйлчиллээ шүү дээ. Эх орон, ард түмэндээ үйлчлэхээс илүү тодорхой бүлэглэлийн явцуу эрх ашигт үйлчиллээ. Үүнийг өөрчлөхгүйгээр юуг ч өөрчилж чадахгүй. Одоогийн 76 гишүүнийг намууд нэр дэвшиж гаргадаг. Намд хэн хандив өргөнө, хэн намын даргын цүнхийг барьж гүйсэн нь нэр дэвшээд гараад ирж байна. Энэ тогтолцоогоо өөрчлөхгүй бол монголын нийгэмд цаашдаа зөв явна гэхэд хэцүү. Гэтэл одоогийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал Монгол төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хасаад, Засгийн газартаа чиглэл өгөх эрхийг нь хасаад, бэлгэдлийн төдий үлдээгээд, Ерөнхий сайдаа дөвийлгөж байгаа юм. Сүүлийн зургаан Ерөнхий сайдыг хүн тус бүр дээр нь ярья л даа. М.Энхболд Засгийн газрын үед баахан компанийн захирлуудыг авчираад цоохор засаг байгуулсан. Их бүтээн байгуулалт гэж зарлаад Монголынхоо дөнгөж тэнцвэржиж байсан эдийн засгийн бүх тэнцвэрийг эвдсэн. Гадаад худалдаа нь алдагдалтай, төсөв нь алдагдалтай, төмөр зам нь ачааллаа даахгүй, мөнгө нь дуусаагүй барилга руу хэт цацсан байдалтайгаа 2007 оны их хямралтай залгуулсан. Дараа нь С.Баяр гарч ирээд 2008 оны сонгуулийн үеэр намын дарга болно гэж зүтгэсээр байгаад Ерөнхий сайд болсон. Тэгээд Оюутолгойн гэрээг Монголынхоо эрх ашгийн эсрэг хийсэн. Нөгөө хүлээлт нь байхгүй болохоор эдийн засаг нь ангайсан чигээрээ хоосон хоцорсон. Дараа нь Сү.Батболд гарч ирээд дахиад Оюутолгойн гэрээг батлуулаад Их хурлаа хахуульдаж байж алдагдалтай төсөв гаргасан. Засгийн газар Их хурлаа хахуульдана гэдэг бол дэлхийд ховор үзэгдэл. Гэтэл 2009 оны төсвийг Их хурал нь буцаая гэж байхад бүх гишүүнд нэг тэрбум төгрөг зарцуулах эрх өгье гэхэд тэр дор нь баталчихсан. Н.Алтанхуягийн Засгийн газар банкаа барьж чадахгүй нэг жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 70 хувь өсч байлаа. Баахан зээл, бонд, Хөгжлийн банкны зээл гээд баахан үр ашиггүй үрэн таран хийсэн. Дараа нь Ч.Сайханбилэг гарч ирээд Дубайн хэлэлцээ хийгээд Монголынхоо газар нутгийг гадны банкнаас зээл авахдаа барьцаанд тавиад туучихсан. Одоо арабууд ирээд манай нутаг дэвсгэр гээд манай газар нутаг гээд байшин бариад суух тохиолдол бодитой болох гээд байна. Ийм Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл оруулж байна. Гэтэл одоо Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө мэдэж авч болохгүй.

Categories
мэдээ нийгэм

Монголын циркчид хүрэл медаль хүртлээ

ОХУ-д 16 дахь удаагийн олон улсын циркчдийн фестиваль энэ сарын 7-10-нд болсон. Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын есөн жүжигчид 12 орны 100 гаруй циркийн жүжигчид өрсөлдөн хүрэл медаль хүртлээ.

Шидэлттэй акробатын үзүүлбэр нь 2.5 метр урт тулгууртай тавцан дээр үзүүлбэр үзүүлж буйгаараа онцлог мөн шинэлэг юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Засгийн газрыг огцруулах гол үндэслэл гэгдэж буй концессыг бүлгийн хурлаар дэмжиж байсан

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.


-Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн үндэслэлийг та хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газрыг сайн ажиллуулахын төлөө шахаж шаардах ёстой. Гэхдээ ажлыг нь шахаж байна гээд Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа. Хэрэв муу ажиллаж буй сайд байвал сугалж аваад бусдыг нь тогтвортой ажиллуулаасай гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажлаа авах үед улс орны эдийн засаг үнэхээр хүнд байсан. Тэрийг УИХ-ын гишүүд бүгд мэдэж байгаа. Цалин, тэтгэвэр тэтгэмжээ ч тавьж чадахгүй, өр төлбөрийн хугацаа тулчихсан байсан. Хоёрдугаарт, ганцхан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно гэсэн хоёр том шалгуурын дунд ажилласан шүү дээ. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг бодолгүйгээр улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллаж чадлаа. Унаж байсан эдийн засгийг сэргээхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, өндөр хүүтэй гадны зээлийн хүүг багасгаж чадсан нь өнөөдөр өгөөжөө өгч байна. Энэ бүхэн одоогийн Засгийн газрын гавьяа. Харин өнөөдөр нөхцөл байдал туйлын эмзэг байгаа. Тавдугаар сард бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Зургаа, долдугаар сард сонгууль гэсээр хугацаа алдсан. Одоо харин ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд донор улс оронтой гэрээ хэлэлцээр хийж байна. Гэрээ хэлэлцээр хийж дуусаагүй байхад засгаа солих тухай ярих утгагүй юм. Хэрэв одоогийн засгаа огцруулаад шинийг байгууллаа гэхэд шинэ удирдлагуудыг ямар хэмжээнд ажиллах нь вэ гэдгийг гадны донор орнууд хүлээзнэж таарна. Наанадаж сар, цаанадаж зургаан сарын турш ажиглана биз дээ. УИХ ч гэсэн дөнгөж байгуулагдсан Засгийн газарт учиргүй шаардлага тавиад байж чадахгүй. Өнгөрсөн намар, өвөл ихэнх гишүүн Засгийн газарт хугацаа хэрэгтэй гэж ярьж байсан шүү дээ. Одоо дахиад шинийг байгуулбал жилийн дараах өдийд бас л иймэрхүү зүйл ярьж байх нь. Уг нь бол одоогийн Засгийн газар болохгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцоод, солиод явж л байгаа.

-Засгийн газрын асуудлаас болоод МАН дотроо хоёр хуваагдчихав уу?

-Тэглээ. Нөгөө эвтэй найртай 65 гишүүн маань гарын үсэг зурсан, зураагүйгээрээ хоёр хуваагдчихсан. Уг нь манай нам нэг цөм болж байж асуудлаа шийдэх ёстой. Хоёр хуваагдаж яваад сайн зүйлд хүрэхгүй. Ардчилсан намынхантай нийлж өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах дээрээ тулчихсан явна. Ер нь бол МАН-ын Их хурал хоёрхон сарын дараа хуралдах гэж байна. Ядаж энэ үеийг хүртэл хүлээх хэрэгтэй. Их хурлаасаа даргаа сонгоод, Ерөнхий сайдаа томилчихмоор байгаа юм.

-Хэрэв Засгийн газар солигдвол ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд мөнгө өгөх донор орнууд амлалтаасаа татгалзана гэж байх уу?

-Ирэх оны нэгдүгээр сард 650 сая ам.долларын зээл төлнө. Тэр мөнгийг хаанаас олж өрөө төлөх юм бэ. Засгийн газар унаад, дараагийнх байгуулагдана гэсээр байтал хугацаа алдана. Гэрээ хэлэлцээр жигдрээгүй байх үед өр төлөлт хийхээр валютын ханш дээшээ өснө. Одоо 2400 байгаа ам.долларын ханш гурван мянга даваад явчих байлгүй. Үр дүнд нь ард түмэн л хохирно.

-Гишүүд иймэрхүү зүйлээ тооцоолж байгаа байлгүй дээ. Дотроо учраа ололцож чадахгүй нь уу?

-Намын удирдлагын түвшинд мэдээж хэрэг янз бүрээр л ярьж байгаа. Нэг танхимын хоёр гишүүн хоорондоо учраа олох байлгүй гэж бодож байна. Гэхдээ шийдэлд хүрсэн зүйл харагдахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Одоо тэгээд чуулганаар шийдэхээс өөр аргагүй болчихлоо.

-Гарыг үсэг зурсан гишүүд Засгийн газар солигдсон ч гэлээ бодлого өөрчлөгдөхгүй гэж ярьж байгаа. Тийм юм бол солих хэрэг байгаа юм уу?

-Засгийн газрыг огцруулчихвал гарын үсэг зурсан 31 гишүүн шинэ кабинетыг бүрдүүлнэ гэх яриа бий. Ардчилсан нам тэднийг дэмжиж кноп дарах нь тодорхой. Ямар нэгэн барьцаанд орчих вий гэх болгоомжлол ч бас байна. Уг нь бүлгийн хурлаар дотоод асуудлаа нэлээн ярьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ойлголцож чадахгүй байсаар чуулгантай золгож байна. Ер нь намын жирийн гишүүд Засгийн газрыг тогтвортой байлга, тэгснээр эдийн засаг сайжирч амьдрал дээшилнэ гэсэн хандлагатай байгаа. Уг нь бол Засгийн газрыг огцруулах гол үндэслэл гэгдээд байгаа концессын асуудлыг бүлгийн хурлаар дэмжиж байсан юм шүү дээ. Хүүхдийн мөнгийг ч гэсэн өгөх ёстой гэж бүгд дуу нэгтэй ярьж байсан. Бас нэг үндэслэл нь 60 тэрбумын асуудал. Тэр бол 2014 онд ярьсан төсөөллийн бичлэг. Тэрийг эвлүүлэг байж гэдгийг прокурорын байгууллага тогтоосон гээ биз дээ. Нарийн яривал 60 тэрбумын асуудал Засгийн газарт хамаагүй.

-Намын доторх хэрүүл нэг тийш шийдэгдэх биз. Сарын дараа намрын чуулган эхлэх гэж байна. Ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Хаврын чуулганаар хэлэлцээд эцэслэж батлаагүй хуулиуд бий. Малчдын хүсэн хүлээж буй хамгийн чухал хууль болох Малын генетик нөөцийн хууль, Малын эрүүл мэндийн тухай хуулийг эцэслэн батална. Хөдөө аж ахуйн салбарыг цаашид хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хуулиуд. Эдийн засгийг солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн салбарыг зайлшгүй дэмжих ёстой. Яг бодит амьдрал дээр өнөөдөр экспортод гаргах гол бүтээгдэхүүн мах. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ яаж савлаж болдгийг бид өнгөрсөн хэдэн жил харлаа. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд дэмжмээр байна.

-Хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн хуулийн төслүүд орж ирэх үү?

-Өнгөрсөн хаврын чуулганаар хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хуулиудын нэлээн сайн хэлэлцэж, баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байна. Эхнээсээ үр өгөөжөө өгөөд явж байна.

-УИХ-ын чуулганы танхимд хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлалцсан гишүүд хүчирхийллийн хэрэгт холбогдоод явж байна. Энэ асуудал дээр эмэгтэй гишүүд яагаад дуугарахгүй байна вэ?

-Төрийн түшээ болсон хүн ингэж яригдаж байна гэдэг үнэхээр харамсалтай. Залуусын улс төр дэх өрсөлдөөнөөс үүдсэн яриа болов уу гэж таамаглаж байгаа. Гэхдээ гэм буруутай, эсэхийг хуулийн байгууллага тогтоох байлгүй. Тэр нь шийдэгдээгүй байхад юу ч гэж дуугарах билээ. Хэрэгт холбогдож нэр нь яригдаад байгаа хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулаасай гэж бодож байгаа. Хэрэв буруугүй бол нэр цэвэр ажлаа хийг л дээ. Ер нь бол төр түшилцэж байгаа хүн хүчингийн хэрэгт холбогдоно гэдэг ёсзүйгүй асуудал мөн.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Би АН-ын дарга байгаа цагт МАН-тай хамтарсан Засгийн газарт хэзээ ч орохгүй

“Өдрийн сонин”-ы 2017.09.05-ны мягмар гаригийн №189(5756) дугаараас авч нийтлэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-МАн доторх тэмцэл засаг унагах асуудлаар үргэлжилж, улс төр сүүлийн үед бужигнаантай байна. Та өмнө энэ асуудлыг АН-д хамаагүй гэж байсан. Харин танай намын улс төрийн зөвлөл “Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргалаа. Яагаад ийм шийдвэрт хүрэв?

-Өнөөдрийн эрх барьж байгаа Засгийн газрын явуулж буй үйл ажиллагаанд АН-ын улстөрийн зөвлөл хуралдаад дүгнэлтээ хийсэн. Өнгөрсөн хугацаанд үүссэн нийгэм, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдлыг нь хэлэлцэж, УИХ дахь АН-ын бүлэгт “Засгийн газарт хариуцлага тооцож ажилла” гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу бүлэг хуралдаад Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан. Ямар нэг санал санаачилга гаргасан хүмүүс бүлэгтэй санал нэгдээд байгаа асуудал биш. Бие даасан үнэлэлт дүгнэлт өгч тэрнийхээ дагуу хариуцлага тооцъё гэж байгаа юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд өнөөгийн эрх баригчид галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л ажиллалаа. Өнөөдөр гаргасан шийдвэрээ, маргааш нь өөрчилж байдаг. УИХ, Засгийн газрын нэр хүнд навс уналаа. Монголын хууль гурван хоног гэсэн егөө үг энэ Засгийн газрын үед үнэхээр нотлогдлоо. МАН гарч ирэхдээ дэвшүүлсэн гоё, гоё амлалтууд өгсөн. Гэтэл мөрийн хөтөлбөрөөс нь нийгэмд бодитой, үүнийг л хийсэн шүү гэхээр ямар ч ажил алга. Хүчингүй болгосон, хойшлуулсан, дордуулсан алхмуудыг л хангалттай хийсээр ирлээ. Энэ бол хэт улстөржсөний гай. Ер нь аливаа зүйлд улстөрийн хэм өгсч буурна гэж байдаг. Гэтэл тэдний халууны хэм огт буусангүй. Байнга 40 градустай халуурсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Улс орны хувь заяа, хөгжил, нийгэм эдийн засгийн тулгамдаж байгаа маш олон асуудлууд биднийг хүлээж байна.

Гэтэл тэр бүгдийг хойш тавиад байна. Дээр нь хэвийн явж байсан ажлуудыг хүртэл зориуд санаатайгар зогсоож байна. Аливаа эрсдлийг дандаа АН-д тохох гэж хэт улайрсан улс төрийн хийрхлээс болж өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хүндрэл үүслээ. Монголбанкны ерөнхийлөгч гарч ирж ажлаа авангуутаа валютын нөөц хасахтай байна гээд зарлачихсан. Яг үнэндээ АН энэ Засгийн газарт тэрбум гаруй ам.долларын нөөцтэй улс үлдээсэн. Тэр мөнгийг хааш нь хийчихээд ярьж байгаа юм бэ. Тэр хүний мэдэгдлийн дараа валютын ханш 400 гаруй төгрөгөөр огцом нэмэгдсэн. Оргил үедээ 700 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн.

-Сангийн сайд ч бас цочир мэдэгдэл хийсэн байх аа?

-Тэгсэн. Ажлаа авангуутаа дефольт боллоо гээд зарлачихсан. Эдийн засгийг өсөлттэй хүлээлгэж өгсөн байхад шүү дээ. Манай нам олон сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байсныг МАН зогсоосон. Сайн хөтөлбөрүүд бол улс төрийн хувьд оноо авах гэсэн, ашиг хонжоо олох зорилготой байгаагүй. Бие нь муудсан хүнд яагаад дусал хийдэг юм бэ. Тэр хүний цусаар дамжуулж дутагдаад байгаа тэжээл, эрч хүч өгөхийн тулд л дусал хийдэг биз дээ. Монголчууд нас залуу, цус шингэн гэж ярьдаг даа. Цус шингэн байхаараа л гоё зүс царайтай, өвчин зовлонгүй байдаг. Яг түүнтэй адил аль ч улс орны эдийн засагт гол юм бол ерөөсөө л мөнгөний урсгал. Мөнгөний урсгалыг нь хумиад, багасгаад эхлэхээр л тухайн эдийн засаг улам өвчлөөд, бүтээн байгуулалт, хөрөнгө орууллат цалин мөнгө нийгмийн амьдрал бүх юм доошоо ордог. Гэтэл эрх баригчид гарч ирэнгүүтээ цусны эргэлтийг нь боочихсон. Бүх сайн хөтөлбөрүүдээ хааж, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг огсонги байдалд оруулсан. Энэ бол зориуд бодлоготой үйлдэл.

-Ямар учраас ийм бодлого хэрэгжүүлсэн гэж?

-Муу эдийн засаг хүлээж авсан гэж харуулахын тулд хэт улайрсан. Улстөрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгч улстөрийн хүчнээ нэгмөсөн байхгүй болгохын тулд хийж байгаа алхам. Бясаагаа алах гээд байшингаа шатаав гэгчээр АН-ыг утсгах гэж зорих замдаа улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүх эрх ашгийг уландаа гишгэсэн. Эдийн засаг хэвийн л явж байсан. Хүнд байсан уу гэвэл хүнд байсан. Гэхдээ нэг цикл байдаг юм. МАН засгийн эрхэнд гараад ирэхээр гадаад зах зээл дээр ашигт малтмал, уул уурхайн бүтэгдэхүүний үнэ өсдөг. АН гараад ирэхээр буурчихдаг. Саяын 2012-2016 онд бууралттай үе таарсан. Олон улсын зах зээл дээр нүүрс, зэс, алтны бүх үнэ унасан. Гэтэл тэрийг АН унагаагаагүй. Дэлхийн зах зээлийн үнийн цикл л тэгж таарсан хэрэг. Тэрнээс өмнө 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийн хүлээлгэж өгсөн гэж яриад байгаа. Австралид үер болсон. Хятад яг тэр торгон мөчид бүх нүүрсээ манайхаас авч байсан. Ямар өндөр үнээр шахаж байлаа даа. Би нэг л зүйл хэлье. Үнэхээр өндөр өсөлттэй байсан бол яагаад хуримтлал бий болгоогүй юм бэ. Яагаад үр дүнтэй хөрөнгө оруулалт руу хөрөнгөө хийгээгүй юм бэ. Тэр мөнгө хаачсан юм. Үүнийг хэн ч шалгаагүй. Үнэндээ тэр үед Оюутолгойн гэрээ хийгдсэн. Оюутолгойн гэрээг хийвэл монголчууд долларт живнэ гэж тэр үеийн эдийн засагчид бараг бүгд л тэгж ярьж байсан. Гэтэл тэр сайхан мөрөөдөл нь өнөөдөр хаана байна. Тухайн үед буюу 2009 онд миний бие Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэж нөхрийг буруу гэрээ хийлээ, Оюутолгойг худалдлаа гэдэг үндэслэлээр огцруулах гэж гурван удаа өргөн барьсан. Харамсалтай нь дийлээгүй л дээ. Энд нэг нууц хэлэхэд үндсэндээ 34 хувийн зургаахан хувийг Монголын Засгийн газар, Монголын ард түмэн эзэмшихээр гэрээ хийчихсэн байсан. Тэрийг бид ил болгож тавьсны төлөө над руу маш олон хүн дайрсан. Зүгээр л хувь нийлүүлэгчдийн нууц гэрээ хийгээд нууцын тамга дараад, нууцын зэрэглэлд оруулаад, нууцын шкафанд хийчихсэн байсан. Харин тэр үед азаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд байж таарсан. З.Энхболд даргатай ярьж, Байнгын хороо хуралдаж байгаад тэр гэрээг гишүүдэд танилцуулаад нууцлалын зэргээс гаргасан.

Бор зүрхээрээ зүтгээд босгоод ирж болох байсан эдийн засгийг үндсэнд нь дампууруулсан хүмүүс өнөөгийн эрх баригчид өөрсдөө. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын засгийн газар дангаараа яваагүй. Яг бодит байдал дээр ярья. Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан эвслийн засгийн газарт байсан. Тэр үед өнөөдрийн МАН-ын гишүүн Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан. Өнөөдөр Монголын санхүү, эдийн засгийн бүх мэдээлэл прогнозыг МАН манай намаас илүү мэдэж байсан. 2012-2014 онд үндсэндээ Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг Ч.Улаан барьж байсан. Сангийн сайд байсан. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жил Б.Жавхлан ажилласан. Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн ажилласан.

-Гэхдээ танайх эрх барьж байсан биз дээ?

-Үнэхээр дангаараа өнөөгийн эрх баригчид шиг шууд нэг намын бүлэг дангаараа хуралдаад улстөр, эдийн засаг, нийгмийн тодорхой оновчтой шийдвэр гаргаад явах боломж байгаагүй. Эвслийн Засгийн газрын нэг аюул нь тэнд олонхи нь биш цөөнх ноёлдог. Бүх юмыг нээнтэглэж, барьцаалдаг. Тэгэхээр өнөөдөр өнгөрсөн жил гаруйн хугацааны нийгэм эдийн засгийн бодит нөхцөл байдал дээр илэн далангүй хэлэхэд үнэхээр хангалтгүй учраас цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэсэн хаана байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн нь ч бүтсэнгүй. Одоо бүр 60 хувьд нь ч олгоно гэснээ өгөхгүй байна шүү дээ. Эрх баригч нам ард түмнийг тэнэг гэж боддог юмуу. Сөрөг хүчнээ басаад байна уу. Энгийн зүйл дээр хүртэл хуурах гэж оролдоод байх юм.

-Тухайлбал?

-Төсвийн орлого анх удаа 500 гаруй тэрбум төгрөгөөр давлаа гэнэ. Яаж ингэж хэлж чадаж байна аа.

2017 оны төсвийн тодотгол хийхдээ орлого орох эх үүсвэр алга гээд орлогоо нэг их наяд гаруй төгрөгөөр хассан шүү дээ. Хасч баталчихаад, эхний хагас жил тодотголоор хассан байсан орлогоос нь 500 гаруй тэрбум төгрөг ороод ирэхгүй юу. Тэгэхээр төлөвлөлт зөв байсан байгаа биз. Үлдсэн хагас жилд дахиад хэд орж ирэхийг бүү мэд. Тэгсэн хэр нь төсвийн орлого анх удаа давж биеллээ гээд байх юм. Угаасаа төсвийн бодит нөхцөл байдлаа зөв үнэлээд 2017 оныхоо төсвийн төсөөллөө хэлэлцээд баталсан. Тэрийг нь нэг их наяд гаруйгаар боломжгүй гэж хачихаад орлого нь ороод ирэхээр өө энэ чинь давсан орлого, бид мундагтаа давуулчихлаа гэж болохгүй. Давсан орлогоо яаж захиран зарцуулах нь Засгийн газрын эрх гэж зарлаад тэрүүгээрээ тоглоом хийж байна л даа. Дээр нь ОУВС, УИХ дээр улаан цайм худлаа ярьсан уу яасан, 807 тэрбум төгрөгийн концессийг дандаа сайд нартаа хуваагаад өгчихсөн. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд “Бид харин ч концессийг шинэ хэлбэрээр хуваарилснаар 50 тэрбум төгрөг хэмнэсэн гэж байгаа юм. Ингэж барим тавим худлаа ярихаа болих хэрэгтэй. Хариуцлагаа шударга хүлээж чаддаг бай л даа. Кабинетийнхаа сайд нарт өчнөөн арван тэрбумаар хуваарилсан нь тэгээд зөв, шударга хэрэг үү.

Энэ нөхцөл байдлуудыг дүгнээд бид УИХ-ын даргад албан шаардлага хүргүүлсэн. Ээлжит бус чуулган хуралдуулъя, Төсвийн хууль зөрчсөн зөрчлүүдийг арилгая, төсвийн тодотголоо хийе гэж. Зуншлага тааруу боллоо. Энэ өвөл юу болох юм бүү мэд. Хатуу өвөл болох төлөв байна. Өвс, тэжээл, хадлан улсын хэмжээнд авч чадсангүй. Авлаа гэхэд 30-40 хувиа хангах төдий юм авах дүр зураг харагдаж байгаа. Хэдэн малаа мах болгоод зоорилох уу. Энэ бүх асуудлаа шийдэх хэрэгтэй. Импортоор өвс тэжээл авах бол хөрөнгө мөнгө нь хаана байна. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал таатай байгаа. Зэсийн үнэ сүүлийн арваад жил хүрээгүй оргилдоо хүрлээ. Нүүрсний ханш маш өндөр байна. Зөв менежмэнт хийвэл гадаад зах зээл дээр манай экспортонд гаргадаг гол бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Үүнийгээ юу гэж тооцож, яаж харж байгаа юм. Засгийн газар хангалтгүй ажиллалаа, мэрэгжлийн гэх тодотголтой боловч мэргэжлийн бус засгийг бүрдүүллээ. Төрийн албыг арилжаа наймааны хэрэгсэл мэтээр зарж үрсэн байх магадлалтай асуудлууд үүслээ. Гэх мэт маш олон юман дээр асуудал ярьж байгаа учраас энэ Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэсэн шийдвэр гаргасан.

-Эрх баригчдад ийм алдаа дутагдлууд байдаг юм байж. Гэхдээ нөгөө талаас нь харвал У.Хүрэлсүх гэдэг хүнтэй АН-ынхан, Ерөнхийлөгч нь хүртэл уулзаад, Засгийн газрыг унагах гээд улстөр хийгээд, дараагийн сайдад хэнийг томилох уу гээд хүртэл нэрс зоочихсон байсан. Нэр бүхий хүмүүс гарын үсэг зурсан байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би АН-ын даргын хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. АН-ын зүгээс ямар нэгэн засгийн үйл ажллагаатай холбоотой огцруулах хариуцлага тооцуулах асуудалд өнөөдрийг хүртэл оролцоогүй явж ирсэн. Сая бол үнэхээр улстөрийн нөхцөл бйдал тулаад ирчихсэн, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах тов зарлагдсан цаг үед л бид Улс төрийнхөө зөвлөлийг хуралдуулж АН-ын бүлэгтээ чиглэл өгсөн. Бүлэг бол хариуцлага тооцох тал дээр зогсох нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийг янз бүрийн байдлаар У.Хүрэлсүхтэй ч байна уу, өөр хэн нэгэнтэй хуйвалдаж, өнөөгийн төр засгийг тогтворгүй байлгахаар ажиллаж байна гэдэг ийм үйлдэл, ямар нэгэн зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Дөрвөн сайдыг АН авах гэж байна гэдэг яриа яагаад гарчихав?

-Гүтгэлэг зохион байгуулж болно. Гэхдээ жаахан үндэслэлтэй, хүн үнэмшихээр юм ярих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Шадар сайд хоёр суугаад л бичиг цаас болох юм гэнэ дээ. Алинд нь ч тийм эрх байхгүй. У.Хүрэлсүх МАН-ыг төлөөлөхгүй, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга АН-ыг төлөөлөхгүй.

-Гэхдээ л хөшигний ард ингэж л хийдэг…

-Дахиад хэлье. АН-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга төлөөлөхгүй. Би төлөөлдөг юм.

-Тэгвэл тантай ярьчихаж болно шүү дээ?

-Би тэгж найраанд ордог хүн биш л дээ. Тав алхахгүй ил тод болох юман дээр нуугаад, худлаа яриад яах юм. Би АН-ын дарга байгаа цагт МАН-тай ямар нэг байдлаар хамтарсан Засгийн газарт хэзээ ч орохгүй. Хатуу хэлье. Энэ бол миний хариуцлагатай үг. Өнөөдөр бид улс төрийн хүчнийхээ хувьд хүчтэй сөрөг хүчин байх байр сууриа барьж байгаа. Түүнээс бид хэн нэгний өвөр хөнжилд орохгүй.

-Хүчтэй сөрөг хүчин байж чадаж байгаа юу?

-Чадна. Хүчгүй байтлаа бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялах уу. Бохир мөнгө, дарангуйллын эсрэг хүчтэй сөрөг хүчин байж чадсан учраас ялсан.

Эрх баригчид одоо УИХ-д 65-уулаа байгаа. Дотроо арван ч Засгийн газар байгуулах огцруулах бүрэн эрх нь тэдэнд бий. Ард түмний асар том итгэлийг авч гарч ирчихээд дотоод асуудлаа шийдэх явцдаа ард түмний эрх ашгийг унагааж хөсөрдүүлж болохгүй. Тэрнээс алга ташаад ура гэж хашгираад байх юм алга. Үнэхээр харицлага тооцох гэж байгаа бол бид хариуцлага тооцох талд зогсонно. Гэдээ аливаа асуудлыг шийдэхдээ улс орныхоо нийтлэг эрх ашгийг бодолцоорой,тооцоорой, зөв шийдвэр гаргаарай л гэсэн. Манай бүлгийн бүх гишүүд ийм байр суурьтай байгаа.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН