Categories
гадаад мэдээ

Гэмт хэрэгтнийг шууд таних видеокамерийг Москва хотод байрлуулжээ

Москва хотод байрлуулсан 160 мянган видеокамерийг хүн таних системд холбосон тухай Москва хотын мэдээллийн технологийн албаны дарга Артем Ермолаев зарлав. Ингэснээр гэмт хэрэг илрүүлэлт эрс дээшлэх боломж бүрдэж иргэд бас нэг хүчирхэг хамгаалалттай боллоо хэмээн тэрээр нэмж хэлжээ.Энэ системийг хүчний болон улсын эрх бүхий байгууллагын 16 мянган ажилтан хэрэглэх юм байна. Нийслэл Москва хот сүүлийн жилүүдэд гэмт хэрэг гаралтаар ОХУ-д байнга эхний байр эзлэж байгаа нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн гэж мэргэжилтэнгүүд дүгнэжээ.

Г.АМАР

Categories
мэдээ нийгэм

“ӨДРИЙН СОНИН”-Ы ШАРЛАСАН ХУУДАСНАА: Нар хур тэгширсэн сайхан жил болоосой

Монголын нэрт сэтгүүлч Ж.Гангаа
агсны 2009.01.05
даваа
№001 (3078)
дугаарт нийтэлж байсан “Нар хур тэгширсэн сайхан жил болоосой”
нийтлэлийг хүргэж байна.

Жил бүрийн оны эхний өдрийн өглөөний нарыг угтах ёслол өргөн олныг хамардаг болоод удаж байна. Төмөр зам ба аялал жуулчлалын газраас энэ ёслолыг лавтайяа найм дахь удаагаа зохиож байгаа. Анх манайд өвөл цагаар жуулчилсан япончуудаас үүдэлтэй дорно дахины уламжлалт энэхүү зан үйлийг монголчууд тун хурдан өөриймшүүлж гүнээ сүсэглэх болжээ.

Бид ч гэсэн дорно зүгийн үндэстний нэгэн төлөөлөгч тул өрнөөс орж ирсэн “ёолк”-ны шөнөөс дутахгүй өглөөний ургахын улаан наран зүг хандаж хэвшихэд олон жил шаардагдсангүй.

Энэ удаагийн нарыг угтахын тулд өнгөрч буй 2008 оны сүүлчийн шөнийг хам хум үдсэн болоод даруй орондоо орцгоов. Өнгөрсөн жил манай орны улс төр, нийгмийн амьдралын хувьд хүн болгонд таатай жил байсангүй. Яг өдийд олон хүний амь насыг авч одсон гайтай хөөтэй шинэ жилээр эхэлж, байгаль ээж малчдыг хаврын жилбэ муутай төлөгтэй адилтган хэдэн арваар нь егүүтгэж орхисон. Амар амгалан эх оронд минь дайн болоогүй, газар хөдлөөгүй атал муу ёрын засаглал гэнэт бий болж, улмаар ардчилсан ёс тогтсоноос хойш анх удаа ард түмэн хилэгнэн боссон. Ард түмний цус урсаж, амь насаа алдаж, эцэс төгсгөлгүй луйвар, хуйвалдаан, тасралтгүй залхаан цээрлүүлэлт, шорон гяндан болсоор нэгэн гунигт он жил улирсан юм. Монголд амьд мэнд явах амар төвшин амьдрах итгэл найдвараа олон хүн алдаж, Чингэсийн гэгдэх зориг зүрх минь дахин мөхсөн жил байлаа. Урлаг соёлд “Боолын гэрээ” гэх мэтийн зөвхөн яргалал, садизмийг деталчлан сурталчилсан кино орлого олж байхад уран зохиолд “Дөчин мянгатын атаман”- ы яруу алдар” дайчин замнал” Тоорой Банди, Цахиур Төмөрөөс дээгүүрт үнэлэгдэж төр засгийн тэргүүн нь алга ташин онцлон тэмдэглэж байв. Олимпийн медальтнууд өөр бус хэдхэн хүнд л Монголд аз жаргалтай жил болсон.

Хулганын чинээ хувьтай жилээ хямрал нүүрлэсэн дэлхийгээс хам хум үдэж “хоёр яс” саллаа.

Өглөөний нарыг угтагсад үдэш сархадыг тэвчиж, нойрыг хясаж, үүрийн таван жингээр босоцгоов. Урьд шөнө Улаанбаатар даяараа нэвширтэл ууж хоножээ. Баяр уу гуниг уу бүү мэд. Үүр хаяарахын өмнөх түнэр харанхуйд хүмүүс хүнд хоол, хатуу архиндаа цохиулж хамраа сэтэртэл хурхиран, завжнаас нь шүлс гоожиж, амнаас нь хоносон архины гашилсан үнэр огиудас хүргэнэ. Хоосон лонх, бенгалын дутуу шатсан иш энд тэнд ундуй сундуй.

Бидний хэдэн нөхөд цаг болзон нэгэн газар цугларч унаандаа суун зүүн зүгийг барин хөдөллөө. Өглөөний зургаан цаг гэхэд шөнөжин шоудсан хот сая л нойрондоо нам цохиулж байхад нарыг угтагсад дулаан хувцсаа өмсөн хурдан морьдоо эмээллэн мордохуй нь нэн хийморилог.

Хотоос холдох тутам тас хар хөнжил аажим сийрэгшинэ. Аманд зажлагдам утаан агаар үүрийн бүдэгхэн гэгээтэй сүлэлдэн нойр сэргэж тунгалагших нь “аягүй гоё” юмаа.

Налайх өнгөрч Багахангайн зүг тавьсан сайхан засмал замаар гулгуулж явахад хээр талын хонгор салхи тачигнаж биен дэх булингарыг зулга угаана. Малгайн үс сорлон гялтганаж, нүдний сормуус цантан, хацар туяаран инээд бялхана. Жинхэнэ шинэ жил, жинхэнэ шинэ оны өглөө ирлээ. Машинаа уулын хяр дээр зүтгүүлэн гарч ирэхэд дорно зүгээс үүрийн туяа ягааран Монголын хээр тал манхайн угтлаа. Урьд шөнө энд хялганын толгой битүү цантан хоножээ. Хиймэл биш жинхэнэ цасан ширхэг гялтганан бужигнаж бяцхан шувуухай хаа нэгтээ жиргэх нь үлгэрийн орон лугаа. Тэртээх тэнгэрийн хаяанд хэсэг бараан үүлс хөвөх ба үүлсийн доогуурх хоосон орон зайн тэртээгээс цавцайн цайрах толгод өлмий дор иртэл дэвсээстэй. Бид нарыг хүлээж байна. Нар айсуй сургаар нааш зугтсан хөх жавар хацар нүүрийг хайр найргүй шавхуурдана.

Цаг найм дөчин тавыг заах тэр агшинд алтан сормуусаа дэрвүүлсэн алтан наран мэлтэсхийн мандлаа. Уулан дээр угтагсдын өлмий дороос наран босох нь өлгийтэй хүүхэд шиг өхөөрдөм үнэгчлэнгүй.

“Тунгалаг өглөөний наран минь сайн байна уу?. Та биднийгээ өглөө бүр эрүүл саруул, эрч хүчтэй байлгахыг бэлгэдэн мандлаа. Тал нутгийн цэнгэг агаар, талын монгол хүний сайхан сэтгэл, сайн сайхан бүх л энергийг шижир цацрагтаа зангидан сүлжсэн бэлгийг тань хүлээн авч буйгаа их хувь заяа гэж бодном. Та мандан бадрах агшиндаа онгон байгаль, өвсний толгойн үзүүрт тогтсон ертөнцийн үл ойлгогдох бүх л хийморь цогийн өрмийг хусан над руу илгээсний ачийг тань хариулна аа.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт байх болно”. Нартай ийн мэндчилэх зуур төд удалгүй тэрээр хоромхон зуур бүхлээрээ уулсын цаанаас сугаран гарч ирж дээш цойлон аварга том галт бөмбөлөг лугаа биежин өөдөөс нь царайчилсан болгоныг гялбууллаа. Тэр бидэнтэй товчхон мэнд асуугаад бараан үүлсийг хормойдон зуурч цаана нь гараад бүгчихэв. Энэ жил нар хур тэгширсэн сайхан жил болох байх аа. Энэ онд бөөр алаг үнээ минь тугаллаж хэдэн муусайн хүүхэд минь тараг уух болов уу. Энэ намар үе үе цаддаг үхэр жил минь ирж, “үхэр” монгол биднийгээ ивээх биз ээ.

Өглөөний нарыг угтаж байх зуур холхи Европын Австри улсад цагийн зүү арван хоёрыг зааж, салют буудуулж байгаа нь гар утаснаас сонсогдож байв. Хамт явсан монгол залуу маань тэнд байгаа анддаа зориулж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байсан юм. Шинэ он тооллыг бий болгосон улс оронд 2009 он эхлэх ба Ази тивийн элгэнд буй Монголд наран мандах хоёр яг давхцдагийг өдий болтол анзаарааг үй явсан байх юм.


Categories
мэдээ нийгэм

“Цохилт” тусгай арга хэмжээ эхэлсэн байна

Image result for “Цохилт” тусгай арга хэмжээНийслэлийн цагдаагийн газраас гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Цохилт” тусгай арга хэмжээг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн VII хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн нохойт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Хаш-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч С.Цэнд-Аюуш, тус хорооны хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Б.Бяраасан нар автомашины гурвалжин цонхыг хагалан эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн гэв.

Categories
мэдээ нийгэм

Одон авдаг С.Одонтуяа дарга аа, өлсгөлөн зарлаж байгаад хүний амь үрэгдвэл танд хамаагүй юу?

Хар хорин захын ойролцоо нэгдүгээр хорооллын 32-ын автобусны буудлын орчимд жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс гэр барьж, нойтон өлсгөлөн энэ сарын 25-наас зарлаж эхэлсэн. Тэд хог бүхий 60х15 хэмжээтэй газарт жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрлийг нийслэл болон дүүргийн удирдлагуудаасаа хүссэн байдаг. Зарим удирдлагууд үүнийг зөвшөөрсөн ч дорвитой хариу шийд огт өгөхгүй байгаа гэдгийг хэлсэн билээ. Өлсгөлөн зарлаж буй иргэдтэй холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл К.Баясгалан ярихдаа “Өлсгөлөн зарлаж эхэлсэн эхний өдөр 14 хүн байсан. Харин одоо 11 болсон. Нэг иргэн ухаан алдсан. Түүнийг эмнэлгийнхэн ирж үзсэн. Ерөнхийдөө бид нарын биеийн байдал жаахан тааруу байна. Өдөр бүр Эүүл мэндийн яамнаас холбогдох мэргэжилтнүүд ирж, үзлэг хийж байгаа. Ингэхэд бид нарын жин хасагдсан байна лээ. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. Эрүүл мэндийн яамныхан уг асуудлаар хуралдаж хэлэлцэнэ гэсэн” хэмээв. Мөн тэрбээр фэйсбүүкээр хүүхдийн маань зураг дээр “Нүдийг нь сохолно” гэх зэргээр дарамталсан мессэж ирсэн. Энэ талаар би Хүний эрхийн үндэсний комисст хандчихсан байгаа. Бид айдастай байна. Асуудлыг хурдан нэг талд нь шийдвэрлэж өгөхгүй бол бидний ар гэрийнхэн маань хүртэл дарамтанд орж болзошгүй юм. Цагдаагийн байгууллагад хандахад “Бид үүнийг шалгахгүй ээ, авч хэлэлцэхгүй” гэсэн. Манай улсад үнэн шударга зүйл гэж байна уу. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд их хүндрэлтэй, дарамттай болчихжээ гэж байлаа.

БИД ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ БАЙНА. БИЕИЙН БАЙДАЛ МАШ МУУ БАЙНА ГЭВ

Өлсгөлөн зарлаж буй иргэдтэй Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ирж уулзсан гэнэ. Тэрээр иргэдэд та бүхэн амьдрал, эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Бид та бүхний өмнөөс тэмцэж, алхам хийх болно гэдгийг онцолжээ. Мөн Дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг дүүргийн хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар газар дээр нь очиж танилцсан гэнэ. 12 иргэнээс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII төвийн эмч, сувилагч нар очиж шинжилгээ авч, биеийн байдлыг үзсэн аж. Ингэхэд анхан шатны үзлэгээр даралт нь ихэссэн, хавантай, ханиадтай нийт таван иргэн байсан бол хөхүүл хүүхэдтэй дөрвөн эмэгтэй байжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26,10 тоот тушаалд хөхүүл эхчүүд өлсгөлөнд оролцохыг хориглосон заалт байдаг аж. Дүүргийн удирдлагууд өлсгөлөн зарлаж буй иргэдийн биеийн байдалтай танилцаж, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу энэхүү үйлдлээ таслан зогсоохыг шаардсан гэв.

Өлсгөлөнг зохион байгуулагч С.Мишиг хэлэхдээ “Тав дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал маш муу байна. Бид ажилгүйдэл, ядуурлаас ангижрах зорилготой. Холбогдох албан тушаалтнууд ирж уулзаж байгаа. Бид санаа бодлоо хүргэсэн. Эцсээ хүртэл тэмцэнэ. Төр засгийн удирдлагууд маань ирээдүйн сайн сайхны төлөө ард иргэдээ ажлын байртай л байлгах хэрэгтэй. Хэрвээ үр дүнтэй шийд гаргахгүй бол ирэх долоо хоногт тэмцлийн хурц хэлбэр буюу хуурай өлсгөлөн рүү шилжинэ” гэсэн юм. Мөн Жижиглэн худалдаа эрхлэгч Б.Өлзийхүү “Жижиглэн худалдаа эрхэлдэг 100 гаруй хүний төлөөлөл болж бид өлсгөлөн зарлаж байна. Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга Гантөмөр, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарт биднийг ажлын байраар хангаж өгөөч ээ гэсэн захирамж явуулчихсан. С.Одонтуяа дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Харин энэ талаар ямар нэг хариу огт гаргахгүй байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрч байна шүү дээ. Өлсгөлөн зарлаж буй хүмүүсийн биеийн байдал муу байна. Маш хэцүү байна. Төрөөс нэг ч төгрөг нэхэмжилж гуйхгүй. Хоёр жил гаруй хугацаанд бид тэмцэж байна ш дээ. Хариу шийд өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэр буюу хуурай өлсгөлөн зарлана. Хүмүүс ямар ч хүч тэнхээ, чадалгүй болчихлоо” гэж байв.

Ийнхүү Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа шийдвэр гаргахгүй байснаар хүний амь нас үрэгдвэл, хариуцлагыг хэн хүлээх вэ.

Categories
гадаад мэдээ

Москвад очихыг маш их хүсэж байна

АНУ-аас ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилогдсон Жон Хантсман “Москвад байгаа өөрийн улсын элчин сайдын хамт олонтой аль болох хурдан нэгдэхийг маш их хүсэж байна. Аугаа гүрэн, эх орныхоо төлөө ОХУ-д суух АНУ-ын элчин сайдын албыг хашна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Жон Хантсманыг АНУ-ын сенат ОХУ-д суух элчин сайдаар саяхан батлаад байгаа билээ.

Г.АМАР

Categories
мэдээ нийгэм

Ц.Баатархүү: Дахин санал хураалтаар саналын тоо тэнцвэл шинэ хүн нэр дэвшүүлнэ

Related image

НИТХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ярихдаа “НИТХ-ын даргыг томилох хугацааг хойшлуулж болохгүй. Даргаа томилж, ажлаа хурдан явуулах хэрэгтэй байна. Холбогдох хуулийнхаа дагуу өмнө нь санал тэнцсэн нэр дэвшигчдээр дахин санал хураалт явуулах учиртай. Дахин санал хураалтаар саналын тоо тэнцсэн тохиолдолд шинэ нэр дэвшигчийг зарлах, заалнаас нэр дэвшүүлэх зохицуулалт бий. Бид НИТХ-ын тов зарлагдахыг хүлээж байна” гэлээ.

НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын санал тэнцсэнээр ажлын тав хоногийн завсарлага авсан билээ. Завсарлагын хугацаа өнөөдөр 17:00 цагт дуусах юм. Харин НИТХ даваа гаригт товлогдсон байна.

Categories
гадаад мэдээ

Америкийн химийн зэвсгийг устгаж эхлэв

Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч 27-ны Пүрэв гарагт “ОХУ химийн зэвсгээ бүрэн устгаж дууслаа. Харин АНУ гэрээгээ биелүүлэхгүй, химийн зэвсгээ устгахад хойрог хандаж байна” гэж мэдэгдсэн билээ. Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн Департамент “Санхүүгийн бэрхшээл байгаа боловч 2023 он гэхэд АНУ бүх химийн зэвсгээ устгаж дуусна” гэж хариу мэдэгдсэн юм. Тэгвэл Панамын ГХЯ дэлхийн II дайнаас үлдсэн АНУ-ын химийн зэвсгийг устгаж эхэлсэн тухайгаа зарлав. Панамын Сан-Хосе арал дээр байгаа химийн зэвсэг устгах ажлыг АНУ-ын мэргэжилтэнгүүдтэй хамтран өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Гэр бүлийн өдөр Хүннү Молд “ААВ, ЭЭЖ, БИ” өдөрлөг болно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу сар бүрийн сүүлийн 7 хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Маргааш 9 дүгээр сарын гэр бүлийн өдөр тохионо.Үүнтэй холбоотойгоор “ААВ, ЭЭЖ, БИ” өдөрлөгийг маргааш буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14:00-16:30 цагт Хүннү моллд зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай ба уран бүтээлч” төслийн багтай хамтран зохион байгуулж буй бөгөөд уран бүтээлч, хүүхэд залуус, гэр бүлийн хоорондын амьд харилцаа бүхий чөлөөт орон зайг бүрдүүлэх, аз жаргалтай дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх зорилготой юм.

Зохион байгуулагдах үйл ажиллагаа:

  • Гэр бүлээрээ бүтээл хийх, үзэсгэлэн гаргах үйл ажиллагаа
  • Уран бүтээлчдийн үзэсгэлэн, бүтээлээ танилцуулах арга хэмжээ
  • Монголын Энтрепренёр ээжүүдийн холбооноос Нийслэлийн Нийтийн Тээврийн Газарт “Ягаан суудал” аяны хүрээнд суудлын бүрээс гардуулах үйл ажиллагаа
  • 9 дүүргийн ГБХЗХХ-ийн нэрэмжит хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнүүд

Үйл ажиллагаа зохион байгуулагдах бүх хугацаанд “Аз жаргалын боловсрол” ТББ-аас гэр бүлээрээ хийсэн урлагийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, “Сүү” ХХК тухайн өдөр бүх гэр бүлд сүү, сүүн бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Долоон гавьяат, арван доктортой анги

МУИС-ийг төгссөний 45 жилийн ойгоор

1969 онд МУИС-ийн математикийн ангид арван жилээ алтан медальтай төгссөн онц сурлагатнууд, олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон гавлууд анх цугларч байжээ. Зүг бүрээс шилэгдэж ирсэн тэр 28 хүүхэд өдгөө ч нэг ангийнхан хэмээн дуудуулж явна. Тав зургаахан охинтой, хөвгүүд голдуу. Тиймээс сургуульдаа “Анги нураачих шахам” хөдөлгөөнтэй дэггүйчүүдийн тоонд багтдаг байлаа. Оюутнууд мөртлөө дунд сургуулийн зүггүй хөвгүүд шиг ширээн дээгүүр дүүлж үймүүлнэ.

Үүнээсээ болж багш нараас зэмлэл их хүртэнэ. Тухайн үед МУИС-ийн проректор байсан, хожмоо БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүн болсон Жамбын Батмөнх, профессор А.Дашдорж нарын багш нарт загнуулна.

Багш нарын чихийг халууцуулсан дэггүй оюутнууд байсан ч сурлагын тал дээр ярих юмгүй. Тиймдээ ч улс нийгэмд танигдсан олон алдартан, гавьяат төрөн гарчээ. Долоон гавьяат, арван доктор, нэг хурандаа төрнө гэдэг бол тэр бүр ангиудад тохиолдоод байдаг хувь заяа биш.

Тэгвэл эдний ангийнхны хувь төөрөг тийм л онцгой аж. Монгол Улсын Их хурлын дарга, Боловсролын сайд хожмоо төрөлх сургуулийнхаа захирлаар ажиллаж явсан, гавьяат багш С.Төмөр-Очир ангийн дарга нь байж. Нөхөд нь түүгээр бахархаж “Манай ангийн дарга чинь даргын одонд төрсөн хүн байхгүй юу. Их сургуульдаа ангийн дарга байлаа. Төгсөөд энд тэнд хурган даргаас эхлээд сайд болж, УИХ-ыг ч удирдаж явлаа” хэмээн магтана.

Ангийн бас нэг бахархалт анд нөхөр бол шинжлэх ухааны гавьяат ажилтан, нэрт зурхайч, эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат ажилтан Л.Тэрбиш. Түүнийг ангийнхан нь “хар ах” гэж хочилно. Учир нь тэр оюутан байхдаа бараан царайтай хүүхэд байж. Харин одоо түүнийг “ах лам” гэцгээх болжээ. Л.Тэрбиш зурхай судлалын том эрдэмтэн төдийгүй, төвд судлал, төвд хэлний ном сурах бичиг зохиож, Тэрбишийн хуанлигаараа олны танил болсон хүн. Олонд нэр төртэй зурхайч болсон учраас ангийнхандаа үргэлж түшиг болдог гэнэ. Үс сэвлэг үргээх, бэр гуйх, хурим найрын товоос эхлээд ангийнхныхаа асуусан бүхэнд хариулж, тусалж, “ангийн зурхайч”-ийн үүргийг одоо ч гүйцэтгэсээр байгаа юм байна.

Ангиас төрсөн өөр нэг доктор, байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимид. Ангидаа Л.Тэрбиш тэр хоёр дотно нөхөрлөдөг байж. Түүнийг Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 21 жил ажилласан гэхээр мэдэх хүн зөндөө. Тэтгэвэртээ суусан ч мод тарих ажлаа хийсээр, зөвлөсөөр гүйж яваа гэнэ.

Нийт таван гавьяат багш тодорсноос Далай, Ё.Вандансүрэн, Б.Бадарч, А.Рагчаа, С.Төмөр-Очир нарыг нэрлэж болно. Харин Л.Тэрбиш, С.Төмөр-Очир, В.Отгоннасан, О.Цэрэнбат, С.Батсүрэн, Ч.Даваадорж, Г.Баатарбилэг, Б.Чимид, Р.Дэнжин, Ж.Жамбалдорж нарын докторууд энэ ангиас мэндэлснийг энд дурдах хэрэгтэй.

Мөн гавьяатын энтэй Д.Цэрэндулам, Д.Гомбосүрэн, Ж.Даваажав нарын эрдэмтэн, багш нараараа тэд бахархдаг ажээ. Харин ангиас нэг хурандаа төрсөн нь С.Цэндбаатар. Тэрээр сургуулиа төгссөний дараа хойшоо КГБ-д явж мэргэжлийн тагнуулчаар төгсөж ирээд НАХЯ-д ажиллажээ. Одоо сэтгүүлчийн ангийн оюутнуудад мөшгих сэтгүүл зүй гэж юу байдаг тухай зааж, сургаж яваа юм байна.

Эдний ангийнхан 1974 онд сургуулиа төгсчээ. Ардын багш Л.Шагдар, доцент Ү.Санжмятав, Г.Доржготов, Д.Шагдар, Л.Өвгөн, Шар–Өвгөн, Г.Гүнжээ, Ц.Дашдорж, А.Мекей, Хашбаатар гээд Монголдоо зартай эрдэмтэд, эх орондоо орчин үеийн математикийн үндэс суурийг тавьсан алтан үеийн багш нараар хичээл заалгуулж явсныгаа тэд азтайд тооцдог. “Бид ийм мундаг багш нараар хичээл заалгадаг байсан болохоор манай ангийнхан эзэмшсэн мэргэжлээрээ амжилт гаргаж, салбартаа ул мөрөө үлдээсэн юм” хэмээн өнөө хуучилна.

Тэднийг оюутан байхад “хүргэн голдуу ХААДС, хүүхэн голдуу Анагаах” гэдэг яриа байж. Бас МУИС-ийнхан “Стиль” голдуу хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг байсан гэлцэнэ. Бусад ангийнхныг бодвол хөвгүүд олонтой учраас хар бор ажилд их дайчлагдаж байжээ. Дундговь аймагт зоорийн ажил хийж, Хэнтийд очиж тоосгоны үйлдвэрт ажиллана. Очсон газар бүрт нь тэднийг магтаж, хүмүүжилтэй, ажил сайтай томоотойг нь шагшин дайлж, цайлдаг байсан гэнэ.

Ардын хувьсгалын 50 жилийн ой буюу 1971 оны зун эдний ангийнхны зарим нь зуны ажилд явж. Мөн гимнастик хийхээр арав гаруй нь үлджээ. Тэд баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд гимнастик хийхээр бэлтгэсэн нь тэр. Тухайн үед Зайсангийн хөшөөг дөнгөж барьж эхэлж байж. Тиймээс Туул голын дэргэд бассейн байгуулагдсан байна. Тэгтэл Х.Даваасамбуу тэргүүтэй хангай газрын хүүхдүүд бассейнд загас шиг сэлээд байхаар нь ус руу шумбаж ороод золтой л живчихээгүй тухайгаа доктор С.Батсүрэн ярьж, бусдыгаа хөгжөөнө. Мөн хоёрдугаар дамжаанд байхдаа ангиараа ойн шигүү хөвчид явцгаажээ. “Бид сангийн аж ахуйн айлуудад түлээ бэлтгэхээр явсан юм. Ангийн дарга С.Төмөр-очир маань биднийг удирдаж явлаа. Трактор хүрч чадах газар хүртлээ яваад зогсоно. С.Батсүрэн бид хоёр дөрвөн метр урт гуалинг мөрлөөд тракторт аваачиж өгнө. С.Батсүрэн маань говийн хүүхэд, харин би хотынх. Хоёулаа хөрөө барьж чадахгүй. Тэгээд л модоо мөрлөөд үүрдэг байлаа. Хэнтийн Ч.Нямдоо мод хөрөөднө. Бид хоёр мод хөрөөдвөл өөрсөд дээрээ унагачих гээд, эсвэл өнөө модоо унагаж чадахгүй ёстой хөглөдөг байж билээ” гэж хурандаа Цэндбаатар хууч хөөрнө. “Тариа хураахад ер ядрахгүй. Харин дайчилгааны төмс хураах гэж сангийн аж ахуйд сар орчим болно. Уг нь эхлээд л 14 хоногийн хугацаатай очдог ч долоо, долоон хоногоор сунгасаар сар болчихно. Үүрийн гэгээ ороогүй хяруу уначихсан, сэрүүнээр талбай руу явж,тэнд өглөөний цайтай золгоно” гэх мэтээр тэд сангийн аж ахуйд зун намрын ажлаар явж байхад тохиолдсон хөгтэй явдлуудаа дурслаа. “Одооны оюутнууд дурсах юмаар бага болжээ. Эдний хөдөлмөрийг улс ашиглаасай, насанд хүрсэн хүмүүс шүү дээ” гэсэн сургаал хэлэхээ ч тэд мартсангүй. Оюутан цагийн андууд хааяа уулзаж сайхан дурсамжуудаа сөхнө. Зурхайч Тэрбиш жил бүр нэг сургаал номыг хөрвүүлнэ. Эсвэл ангийнхандаа олж өгдөг байна. Энэ жишгээр О.Цэрэнбат, Д.Гомбосүрэн нар нэгэн сайхан бурхны номыг баринтаглан ангийнхандаа хүртээжээ. Зурхайч Л.Тэрбиш одоо тод үсгээр хэвлэсэн “Жарон хашорын суварга” буюу “Ам алдсан суварга” гэдэг цөвүүн цагийн онолын номын санскрит болон төвд үгэнд нь тайлбар хийж гаргахаар Чимидтэйгээ хамтран суугаа гэнэ. Ангийн багшийнхаа нэрийг тэд хамаагүй хэлдэггүй. Л.Тэрбишийн заавраар “донжий лад дү цаннай мой дэ” буюу “хэргийн тухайд алдрыг тань өгүүлмү” хэмээн эхэлж байж багшийнхаа алдрыг дуудацгаадаг гэнэ.

М.МӨНГӨЛДЭЙ

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүнийг урив

Мьянмарын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өөрийн орлогчын хамт эх орондоо урьж рохинджи үндэстнүүдийн амьдарч буй Ракхайн штатад айлчлан бодит байдалтай танилцахыг хүсэж байна хэмээн тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх У Таунг Тун мэдэгдлээ. Дашрамд дурдахад, ирэх даваа гарагт олон улсын дипломат ажилтны төлөөлөгчид, сурвалжлагчдын хамт тус улсын хүчний байгууллагын хүчирхийлэлд өртсөн рохинджи үндэстнүүдийн амьдрал байдалтай биечлэн танилцах гэж байгаа билээ.