Categories
мэдээ цаг-үе

Ц.Тунгалаг: Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэсэн сурагчдад зөрчлийн хуудас өгдөг болсон

Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай XI сургуулийн нийгмийн ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Ц.Тунгалагтай ярилцлаа.


-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өнгөрсөн жил ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах тушаал гаргасан. Түүний хэрэгжилтийг хангах хүрээнд танай сургууль дотоод журамдаа өөрчлөлт оруулаад нэг жил болжээ. Ямар үр дүн гарсан бэ?

-Ухаалаг утасны хор уршгийг сайдын тушаал гарахаас өмнө сургуулийн захирлууд, нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөө ажилладаг хүн бүхэн ойлгож, тодорхой арга хэмжээ авч байсныг үгүйсгэх аргагүй. Харин яамнаас өндөр үнэтэй, ухаалаг утсыг хориглох тушаал гаргаснаар эрхзүйн орчин бүрдэж, ерөнхий боловсролын сургуулиуд энэ асуудалд албан ёсоор хандах боломжтой болсон гэж хэлж болно. Манай сургууль багш нарын зөвлөгөөний хурлаараа энэ асуудлыг хэлэлцээд дотоод журамдаа тусгаж, өнгөрсөн оны аравдугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр манай сурагчид ухаалаг утаснаас 100 хувь татгалзсан гэж би хэлж чадахгүй. Наян хувьтай л байна. Энэ асуудалтай хамгийн их тулж ажиллаж байгаа хүмүүс бол анги даасан багш нар, эцэг эхчүүд байдаг. Тийм болохоор эцэг эх, багш, сурагчдын дунд байдаг гурвалсан гэрээнд тусгаж өгсөн.

-Дотоод журамдаа хэрхэн тусгасан бэ. Ухаалаг утас хэрэглэсэн сурагчдад ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хэрвээ сурагчид хичээл дээрээ ухаалаг утастай ирвэл багш нар нь хурааж аваад, эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгдөг. Мөн сургуулийн орчинд өдөр тутам хэвшүүлэх 11 зүйлд тусгасан. Түүнийг нэг удаа зөрчихөд анхааруулна. Ухаалаг гар утасны асуудлаар хоёр зөрчлийн хуудас авбал ангийн хурал, багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж, зөрчлийн хуудсыг анги удирдсан багш эсвэл нийгмийн ажилтан өгнө. Зөрчлийн хуудас таван оноотой. Энэ оноо 25 болвол тухайн сурагчид хариуцлага тооцох арга хэмжээ авдаг.

-Танай сургууль дээр урьд нь ухаалаг утасны хэрэглээтэй холбоотой ямар хор хохирол учирч байсан бэ. Нийгмийн ажилтны хувьд бодит жишээ авч яриач?

-Ухаалаг утасны хэрэглээг хориглох А-43 дугаар тушаалд хоёр зүйлийг үндэслэл болгосон байгаа. Нэгдүгээрт, өсвөр үеийнхний эрүүл мэндэд хор холбогдол учруулдаг, хоёрт гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилго тавьсан. Манай сургууль 700 шахам сурагчтай. Сургуулийн байршил төв замтай ойрхон учраас сурагчид утсаа дээрэмдүүлэх, булаалгах, суйлуулах тохиолдол их гардаг байсан. Ухаалаг утас сургуулийн орчин дахь хулгай дээрмийн дийлэнх шалтгаан болдог. Харин ухаалаг утаснаас татгалзсанаар энэ төрлийн гэмт хэрэг эрс буурсан гэж хэлж болно.

-Мэдээлэл технологийн эрин зуунд ухаалаг утасны хэрэглээ их болсон. Үүнээс болж танай сургууль дээр ямар нэг асуудал гардаг уу?

-Зургаагаас есдүгээр ангийн сурагчдад ийм асуудал гардаггүй. Одоо ахлах ангийнханд л яригдаж байна. Ахлах ангийн сурагчид онлайнаар бүртгүүлэх, дүнгээ харах зэрэгт ухаалаг утас ашиглах хэрэгцээ хааяа гардаг. Энэ хэрэгцээг гэртээ эсвэл сургуулиас гадуур шийдэхийг эцэг эхчүүдэд сануулж байгаа.

-Хүүхдүүд товчлууртай утас барьдаг болсноос хойш хичээл, сургууль дээр өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Өөрчлөгдсөн зүйл их бий. Хүүхдүүд хичээлийнхээ 45 минутыг үр бүтээлтэй өнгөрүүлдэг болж байна. Сургуулийн ойр орчимд хулгай, дээрэм гарахаа больсон. Хүүхдүүд хүчирхийлэлд өртөхгүй байна гэдэг бол хамгийн том өөрчлөлт.

Categories
мэдээ цаг-үе

Д.Галсантогтох: Би Тогдгороороо л мөнхөрлөө дөө

Олноо “Тогдгор” хэмээн өргөмжлөгдсөн, Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч, нэрт лимбэчин Дашзэгвийн Галсантогтохтой ярилцлаа.


-Галсантогтох гавьяат гэхээр “Ямар Галсантогтох вэ. Тогдгор уу” гэдэг?

-Монголд өөрийнхөө уран бүтээл, бүтээсэн дүрээрээ мөнхөрсөн цөөхөн хүн байдаг юм. Цэнд-Аюуш гэхээр хүн таньдаггүй. Яагаав Ягаан Гажид гэхээр танина. Очирбат гуай гэхээр ямар Очирбат гэнэ. Яагаав нөгөө Итгэлт баян гэнэ. Магсаржав гэхээр бас л танихгүй. Нөгөө Аравсал панз гэдэг. Галсантогтох гэхээр “Нөгөө эстрадын дуучин уу”. Үгүй ээ, Тогдгор гэдэг. Ард түмнээс өгсөн Тогдгор гэдэг энэ цол бол юун Ардын жүжигчин, юун Төрийн шагнал, юун Хөдөлмөрийн баатар. Ингэж ард түмнээсээ цол авдаг тохиолдол цөөхөн. Би энэ нэрэндээ хайртай. Би Галсантогтохоороо биш Тогдгороороо л мөнхөрлөө. Тийм учраас ард түмнээс ирсэн энэ цол бол асар том хүндэтгэл. Тийм ч учраас ховор байдаг юм.

-Та чинь олон төрлийн мэргэжилтэй, олон талт авьяастай хүн шүү дээ?

-Зураач, сийлбэрчин, барималчин, бурханч, дуучин, хөгжимчин, лимбэчин, хошин шогч, сэтгүүлч, нарийн мэргэжлийн тогооч, нарийн мэргэжлийн мужаан. Дээр үед зах зээл дөнгөж эхэлж байхад телевизээр хоолны технологийг цагаар зааж байлаа.

-Хоолны нэвтрүүлэг үү?

-Тийм тийм. Том том буяны хоол, томоохон хүмүүсийн хуримд уригддаг байлаа. Ардчилал дөнгөж эхэлж байхад Хүүхдийн паркийн хойно байдаг өнөө “Выставка”-гийн үзэсгэлэнгийн танхимд гэрийн тавилгын уралдаан зарлах цөөхөн компани оролцоход би гэрийн бүтэн мебель тавилгыг Оросын панераар хийгээд өрсөлдөхөд Румыных гэж хүмүүс андуурч байлаа. Тэгэхэд би хоёрдугаар байр эзэлж билээ. Тэгэхээр би нарийн мэргэжлийн мужаан байгаа биз.

-Та цэрэгт байхдаа төрийн дээд хэмжээний уулзалт, айлчлалд зориулж гарын бэлэг, сувинер хийж байсан гэдэг. Тэр тухайгаа хуучилбал?

-Тэр үед манайх Хятадтай харилцаагүй байсан юм. Тийм ч болохоор тэр үү манайд гадны хүмүүст өгчихөөр бэлэг дурсгалын юм гэж бараг байгаагүй юм. Орос, Чех, Польш, Румынээс л ирсэн жоол юм байдаг байсан. Намайг цэрэгт байхад “Төд хоногийн дотор тийм тийм юм хийгээд бэлэн болго. Гадны тийм хүмүүст өгнө” гэж тушаана. Дээхнэ үед байсандаа дугуй жааз байлаа шүү дээ. Янз бүрийн зурагтай. Тэр чинь миний бүтээл. Гэх мэтчилэнгийн олон юм бий.

-Тэгвэл хэзээ нь та сэтгүүлчээр ажиллаж байв?

-Цэргийн ансамблиас гараад Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны дэргэдэх “Ардын үлгэрийн танхим”-д очсон. 1980-аад онд ардын урлаг, язгуур урлагийг хөгжүүл гэсэн Ю.Цэдэнбал даргын тушаал гараад Зохиолчдын хороо Батлан хамгаалах яамны удирдлагууд тохиролцоод намайг тэр танхимд хошин шогч, лимбэчингээр оруулсан. Жилийн дараа би “Утга зохиол урлаг” сонинд сэтгүүлчээр хавсарч ажилладаг болсон л доо. Дээр үеийн сурвалжлагч гэдэг хүн чинь том байлаа шүү дээ. Бүрэн эрхтэй. Том улаан үнэмлэхтэй, аймгийн Намын хороог айлгадаг байсан үе. Тийм л байсан үе шүү дээ. “Тоншуул” дээр нэг л удаа муугаар бичүүлсэн байгууллага тэр жилдээ мянган гавьяа байгуулсан ч хамаагүй булагддаг л байсан. “Тоншуул”-д мэдээ өгдөг л байсан. 1983 оноос Монгол Улсын Циркэд Соёлын яамны тушаалаар алиалагчаар томилогдож тэндээ олон жил ажиллаад 2000 онд тэтгэвэрт гарлаа даа.

1967 онд цэргээс Цэргийн ансамбльд ирсэн. 1968 онд Дэлхийн Залуучуудын 49 дүгээр фестивальд оролцсон юм. Болгарын нийслэл Софид болсон л доо. 120 орны 20 хүн оролцсон тийм том фестивалиас хүрэл медальтай эх орондоо ирж байв.

Д.Галсантогтох гуайн нэрийн хуудас

-Ямар нэгэн урлагийн арга хэмжээ, хүндэтгэлийн тоглолт, концертод тангүй юм байдаггүй байлаа даа. Таныг оролцоогүй бол үзэгчид “Тогдгор Галсантогтох яачихав. Яагаад тайзнаа гарч ирсэнгүй вэ” гэж нэхдэг байсныг сайн мэдэх юм?

-Тэр үед чинь манайд хошин шогт цөөхөн хүн байлаа. Туяа, Чаминчулуун, Батсүх, Батзаяа, Сосорбарам, би, дээр нь манай Жагдаг нэмэгддэг байсан юм. Манайх чинь долоохон ахмадтай. Монголын бүх продакшныхан бид долоо дээр Цагаан сараар ирж золгоно доо. Ланзгар ш дээ. Өнгөрсөн жилээс Бат-Өлзий нэмэгдсэн (инээв). Бид чинь социализм дуусаагүй, ардчилал эхлээгүй байхад энэ хошин шогийн чинь суурийг тавиад Үлгэрийн танхимд “Дэгс дэвэргэн” яриа гэж тонгоруулж ярьдаг, “Далан худалчийн яриа” энэ тэрийг хийж байлаа. Хувьсгалт намын бодлого дарагдаагүй, булагдаагүй байхад л нэг газарт тоглолтоор очоод онгод орохоор ганц хоёр удаа эвгүй үг хэлчихээр маргааш нь намын дарга дуудаад “Та тийм нэг байгууллага дээр очоод тэгж ярьжээ. Тэр чинь юу гэсэн үг вэ. Ямар утгаар тэгж хэлэв” гэж байцаана. Би чинь дээлээ нөмөрчих гээд л. Долоо хоног хүртэлх хугацаагаар сууж л байлаа, биднүүс. Байцаагдаад. Тийм л хэцүү нийгэмд бид чинь явж байж энэ хошин шогийг чинь Монголд дэлгэрүүлж, биднийг залгамжлаад Өлзийхүү, Онон гээд энэ залуучууд чинь гарч ирсэн нь тэр юм шүү дээ. Эд чинь ургаж салаалаад улам л өнөр болоод байна.

Биднүүсийн чинь өмнө Содном, Данзан л гэж байлаа. Миний үед чинь Соёлын тэргүүний ажилтан, Халхын хамгийн хөөрхөн халзан Цээгий гэж байлаа. Латиф маань байлаа. Батсүх, Энхээ гэж байлаа.

-“Тогдгор” Галсантогтох гээд таны нэрийг дуулаад л хүмүүс өөрийн эрхгүй нүүрэндээ баясал, инээд тодруулдаг?

-Хүүхдүүд чинь Хайдав гуай, Зангад гуай гэж гуайлна. Тэгтэл намайг жаахан хүүхдүүд чинь шууд “Хөөе Тогдгор оо. Хөөе найз аа” гэж дууддаг (Инээв). Хүүхдийн ертөнцөд байнга ойр байдаг болохоор тэднүүс чинь намайг настай хүн, том хүн гэж бодоод гуайлахгүй байна шүү дээ. Өөрийнхөө хэмжээнд л өөртэйгээ чацуу гэж хүлээж аваад байдагтай л холбоотой доо. Тийм болохоор намайг хүмүүс “Та ер хөгширдөггүй ээ” гэдэг шүү дээ. Одоо би 78 хүрч байна. Тэгтэл миний үеийн хүмүүсийг тэр гуай, энэ гуай гэж байна. Энэ алиалагч гэдэг мэргэжил чинь хүнд маш их залуу сэтгэхүй өгдөг. Алиалагч чинь хүүхдийн ертөнцтэй ойр, тэдэнтэй их ажилладаг. Намайг яагаад хөгширдөггүй юм гэхээр “Надад хөгшрөх зав алга” гэж хэлдэг юм.

Би чинь дандаа олны өмнө тайзнаа гарч ирдэг, олон хүнээр алга ташуулдаг болохоор зүрх минь хөөрч, баясч, асгарч явж байна. Дээрээс нь амьдрал гайгүй болохоор калорилаг юм идэж ууж байна. Мөн би гоо сайхандаа маш их анхаардаг.

-Яаж тэр вэ?

-Өглөө болгон нүүрэндээ массаж хийнэ. Тухайн үед “Орифлейм” Монголд орж ирээгүй байхад би хэрэглэж байлаа. Чех, Польш, Румынээс захиалж авчруулаад. Харин удалгүй Гомбосүрэнгийн Оюунгэрэл “Орифлейм”-ыг оруулж ирж миний ажлыг хөнгөвчилсөн юм. Би чинь ёстой утгаараа, ярайтал нь өрж байгаад хэрэглэж байлаа. Олон жил хэрэглэсний үр дүнд гоо сайхан минь ингээд тогтож байна. Надад ганц ч үрчлээ байхгүй. Манай урлагийнхан хөдөөгүүр явахаар надтай нэг өрөөнд орох хүн байхгүй шүү.

-Яагаад тэр вэ?

-Яахав гэхээр, би яагаа ч үгүй байхад өглөө эрт босоод ширээн дээр элдэв янзын савтай, шилтэй юм өрж тавьж байгаад нүүрэндээ түрхээд л, тосоо шингээх гээд л тас няс хийтэл товшоод л байдаг гэнэ л дээ. Гааяа (Өөрийгөө хэлэв. сурв) ахтай нэг өрөөнд орохоор өглөө унтуулдаггүй юм. Массаж хийгээд тас няс хийгээд байдаг гээд (Инээв). Олон жилийн турш, залуугаасаа нүүр амаа янзлаад массаж хийсэн учир одоо ийм сайхан байгаа юм. Одоо бол би хэрэглэхээ байсан. Тогтчихож байгаа юм. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд долоо, найман жил болж байна. Тийм учраас залуу та нар одооноос нүүр амаа сайн янзалж байх хэрэгтэй. Өнгөрчихсөн хойно нь хичнээн сайн юм хэрэглээгүй нэмэргүй. Өвчнийг тусахаас нь өмнө урьдчилан сэргийлж байвал өвчин тусдаггүйтэй адилхан. Хөгширөхөөсөө өмнө залуугаасаа нүүр амаа янзалж байвал өвөө шигээ л ийм хэмжээнд байна шүү дээ.

-Та сүүлийн үед ямар ажил төрөл хийгээд байна вэ?

-Монгол бөхийн өргөөнд “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг тус өргөөний ерөнхий менежер Цэвэлмаатай хамтран сар бүр зохион байгуулж байна. Сарын болгоны 10-ны өдөр зохион байгуулдаг уг цэнгүүнд олон зуун ахмад настнууд оролцдог. Увс аймаг чинь Улаанбаатараас 1500 км-ийн зайтай ч энэ цэнгүүн оролцох гэж автобус дүүрэн ахмадууд хүрэлцэн ирж байсан. Энэ цэнгүүнд манай ахмад уран бүтээлчид бүгд оролцож, ахмадуудынхаа дунд дуу, бүжгийн тэмцээн зохион байгуулаад шалгарсан хүмүүсийг “Дэлхийн Монгол аялал” компанийнхан маань Манжуур, Итгэлт Хамба, Байгаль нуурт аялах эрхийн бичгээр шагнадаг. Том байгаа биз. Бас Монгол барагшуун бэлэглэдэг. Энэ сарын 10-наас дахин эхэлнэ. Энэ бол том буян. Би их том буяны ажил хийж байгаа. Ахмадууд их ам сайтай байгаа.

Би ийш тийш урилгаар их явж байна. Сүүлийн үед Өмнөд Монгол руу их явж байна. Хурим, найр, тоглолтод уригдаад, гадаад дотоодын зочдын өмнө тоглож байна. Энэ бол миний хийдэг үндсэн л ажил. Тэрний цаад талд эдийн засаг гэж юм байна. Хэдэн бор юм. Тэгж байж л амьдарч байна шүү дээ. Тэгэхгүй бол амьдарч чадахгүй. Хүн юу чаддаг вэ. Тэрүүгээрээ л хоолоо олж иддэг.

-Утасны тань хонхон дээр “El Condor Pasa” дуугарч байна. Дуугарахаас ч аргагүй юм?

-Латин Америкийн Перу нутгийн аялгуу. 1974 онд Ленинградын оркестртой анх пянзанд бичүүлж байсан юм. Тэрнээс хойш 43 жил болж. Монголд надаас өөр хүнд энэ “Эл Кондор Паса”-г тоглоогүй. Миний тоглосныг ард түмэн сонсоод сурчихсан. Тийм учраас залуус тэр аяар нь мэддэг. Зарим залуучууд намайг өддөг ш дээ. Амандаа энэ аялгуу исгэрч, шүгэлдэнэ. Аугаа байгаа биз. Намайг хүмүүс энэ аяар мэдэж байна. Хэрвээ чаддаг бол өөр хүн тоглоод л гараад ирнэ. Тоглох л байсан. Тэгтэл одоо болтол тоглоогүй. Чадаагүй л байна шүү дээ.

-Танд олон төрлийн аман хуур бий юу?

-Аман хуур надаар дууслаа. 1961 онд аман хуур Монголд орж ирсэн ш дээ. 1970-аад оны дунд хүртэл аман хуур чинь залуусын дунд моод болж байсан юм. Залуу хүн болгон хармаандаа аман хууртай. Тэр ч утгаараа “Аман хуур” гэдэг алдартай кино гарсан түүхтэй. Тэр үед чинь ганц мандолин, аман хуур, ганц баян хуураар л нийтийн бүжгийг явуулж байсан үе. Одоо нийгэм маань хөгжөөд хөгжмийн зэмсэг боловсронгуй болоод цахилгаанжаад муу аман хуур минь гологдож байгаа юм байлгүй дээ, хоцрогдож байгаа юм байлгүй дээ. Тоглох хүн байхгүй болчихоод байна. Өвгөн надаар дууслаа.

Хүн болж төрсөн л бол хүний хийдгийг л хүн хийх ёстой. Тэр утгаараа л би хүн болгоны хийдгийг хийж явж байна. Манай залуус нэг юман дээр алддаг. Гоё зураг зурдаг хүн байлаа гэхэд “Аргагүй ш дээ. Мэргэжлийн хүн. Би чадахгүй ш дээ” гэдэг. Үгүй. Ингэж ярьж болохгүй. Хүн л юм бол хүний хийсэн юмыг хийх ёстой. Ганцхан зүтгэл, оролдлого, итгэл хэрэгтэй. Өөрөө өөрийгөө дайчлахгүй л бол хүн юу ч хийж чадахгүй. Хийж дайчилбал хүн юуг ч бүтээнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУВС Монгол Улсыг буруу хөтөлбөрт хамруулсан уу

-ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН МОНГОЛЫГ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ КОШИ МАТАЙГ АЖЛААС НЬ ӨӨРЧИЛЖЭЭ-

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч ж.Эрдэнэбат анх кабинетаа бүрдүүлэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас нааш улсын эдийн засаг сэхэл авахаасаа өнгөрсөн гэж үзээд хэлэлцээ эхлүүлсэн юм. Энэ хугацаанд Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч коши Матай Монголд хэд хэдэн удаа ирж, төр засгийн удирдлагуудтай уулзсан байдаг. Зургаан сар үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсад Олон улсын валютын сангийн EFF буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улс 1991, 2009 онд авч байсан “Stend-By” хөтөлбөрөөс EFF нь урт хугацааных гэдгээрээ ялгаатай. бага орлоготой, хөгжлийн доод түвшинд яваа улсуудад зориулсан эдийн засгийн суурь шинэчлэлийг шаарддаг зээлийн хөтөлбөр.

Сүүлд Египет, Украйн зэрэг эдийн засгийн том уналтад орсон орнуудад хэрэгжүүлснээс харвал “Stend-By” хөтөлбөрөөс хатуу болзолтой, дампуурлын ирмэгт тулаад байгаа орнуудад өгдөг тусламжийн “хоол”.

Үүнийг авахдаа тулсан улсууд дэлхийн зах зээлд найдваргүй гэсэн нэр шошго зүүдэг гэдгийг хар ухаанаар тунгааж болохоор байна. Товчхондоо “Extended fund facility” бол ОУвС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм.

Ингээд Олон улсын валютын сангаас 440 орчим сая ам.долларыг жилийн хоёр хувиас ихгүй хүүтэйгээр 10 жилийн хугацаатай авахаар болсон билээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Монгол Улсад гурван жил хэрэгжих тохироотой.

Гэтэл хөтөлбөр албажиж эхлээд ердөө гурван сар хүрээгүй байхад Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матаг өөрчилжээ. Түүнийг тус сангийн бүс нутгийн судалгааны хэлтэс рүү шилжүүлсэн бололтой.

Олон улсын байгууллага тэр тусмаа Олон улсын валютын санд аливаа төсөл хөтөлбөрийг хариуцаж байгаа хүн эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэлгүй, замын дундаас өөрчлөгдөж солигдоно гэсэн ойлголт байдаггүйг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Чухамдаа үүний цаана ямар нэгэн асуудал байна гэдэг хардлагыг дагуулж байгаа юм.

Улс төр, эдийн засгийн хүрээнийхэн янз бүрээр таамаглаж байна. Магадгүй Коши Мата Монголын улс төрийн нөхцөлд хэт автаж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Үүнийг хамгийн сүүлд түүний хийсэн мэдэгдэл, сая Үндэсний статистикийн хорооны мэдээллээс зөрж байгаатай холбон үзэж байж болзошгүй.

Учир нь Коши Мата хамгийн сүүлд Монголд ирж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийхдээ “Эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өсч байна. ОУВС тэргүүтэй хөгжлийн түншүүдийн 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт батлагдсаны дараа эдийн засагт итгэх итгэл сэргэж, ДНБ энэ онд хоёр хувийн өсөлттэй гарахаар байна” хэмээн мэдэгджээ. Гэтэл Монгол Улсын ДНБ-ий өсөлт 5.3 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо сая зарлалаа. Энэ нь Коши Мата Монголын эдийн засгийн “өвчнийг” буруу оношилж, хатуу болзолтой хөтөлбөрт андуураад хамруулчихсан юм биш байгаа гэдэг эргэлзээ хардлагыг зарим хүнд төрүүлээд байгаа юм. Хэн мэдлээ, ямартай ч Олон улсын валютын сан Коши Матагийн ажлыг өөрчилсөн сурагтай.

Коши Матаг сүүлд ирэхэд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзсан байдаг. Энэ үеэр Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурь ОУВС-гийнхныг буруутгах өнгө аястай байсан нь хэлсэн үгнээс нь анзаарагдаж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн тухай ямар нэгэн мэдээлэл гарахгүй байна. Мөн нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн суурь тогтолцоог яаж өөрчлөх талаар ОУВС зөвлөсөнгүй. Мөн хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологийг оруулж ирэх тухай Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгөхгүй байна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байна. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, Түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл” гэх утгатай үг хэлжээ. Түүнчлэн “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” гэдгийг ч сануулаад авсан байна. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн сануулсан байх юм. “ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш” гэдгийг ч хэлээд авч. Төрийн тэргүүний энэ байр суурь Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь Монголын нөхцөл байдалд тохирсон уу, үгүй юу, ер нь зөв байв уу гэдэг эргэлзээг давхар төрүүлж байна.

Гэвч албаны эх сурвалжууд энэ талын мэдээллийг ихэд нууцалж байгаа бололтой. Хэрэв Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт асуудал үүсч байгаа нь үнэн бол хөнгөрүүлсэн нөхцөлтэй зээлийн хөтөлбөрт дахин хамрагдах боломж гарч ирэхийг үгүйсгэх аргагүй гэж зарим нэг эх сурвалж хэлж байна.

Я.МӨНГӨН

Ю.ДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содном: Болдоггүй сайдуудаа өөрчлөөд Ерөнхий сайдаа хэвээр үлдээчих байсан юм

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Та суурин байгаа юу?

-Намаржаа сайхаан. Долоо хоногийн дөрвөн өдрийг Ар Жанчивлан дахь зусландаа, гурвыг нь хотод өнгөрүүлж байна даа. Агаар нь хотыг бодвол хачин сайхан.

-Танай хашаанд олон төрлийн мод харагдлаа. Ер нь та мод тарих сонирхолтой юм аа даа?

-Тиймээ. Би мод тарих их дуртай. Энэ сууцандаа амьдраад 22 жил болж байна. Миний гол сонирхол бол моджуулах, зүлэгжүүлэх. Манай хашаа бүхэлдээ сайхан ногоон зүлэгтэй байгаа биз дээ. Нийтдээ арван төрлийн 30-аад мод байгаа. Бас зуслан дээрээ нарс, хуш модыг үржүүлэх санаатай эхлүүлж л байна. Болох янзтай.

-“Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэдэг шүү дээ. Ингэхэд та хичнээн мод тарив?

-Хуш модыг үрээр нь тарьснаас 100-гаад суулгац гарч ирж байгаа. Дөрөв, таван жил болж байж нэлээд аятайхан суулгац болох байх.

-Та бол нэгэн цаг үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүн. Яах аргагүй МАН-ын том кадр. Сүүлийн үед улс төрд өрнөөд буй үйл явдлууд тэр дундаа Ардын нам доторх зөрчилдөөнийг хараад танд юу бодогдож байх юм?

-Төрийн эрх барьж байгаа, УИХ-д олонх байгаа МАН дотор маш их яриа гарч байна. Бүр болохоо болиод Засгийн газраа ч огцрууллаа. Үнэхээр миний сэтгэл зовж байна. Би 1954 онд энэ намд элсч байлаа. Тиймээс МАН-д ихэд санаа чилээж суудаг. Саяын болж өнгөрч байгаа үйл явдлыг ажиглахад намын удирдагчдын дотор хурц зөрчилдөөн үүсчээ. Намын удирдлагад болон Их хурал, Засгийн газарт байгаа МАН-ын 30 гаруй гишүүн ихэд дургүйцлээ илэрхийлж, хоорондоо тэмцэлдсээр байгаад Засгийн газраа огцруулчихаж байна. Үүний үндсэн шалтгааныг бодоод байхад намынхаа даргад л итгэл үзүүлэхээ больчихсон юм шиг харагдаад байна даа. Тэрийгээ ч намынхаа даргадаа шууд хэлээд, яриад, засах асуудлаа шийдэж чадахгүй тойруулаад баахан шалтаг эрж явсаар байгаад Засгийн газраа огцруулчихлаа. Миний хувьд үүнийг их буруу юм гэж бодож байна. Юуны өмнө МАН-ын дарга Миеэгомбын Энхболд нөхцөл байдалд их дүгнэлт хийх ёстой болов уу. Тэр нь дутсанаас болоод өнөөдрийн нөхцөл байдал үүсчихээд байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд ард түмэн итгэл үзүүлсэнгүй. Яагаад түүнд намынх нь удирдах албан тушаалтнууд дургүйцээд байгааг мэдрэх ёстой байжээ. М.Энхболд улстөрийн уур амьсгалаа мэдэрч, нам дотроо учраа олох үүрэг түүнд байсан. Энэ үүргээ М.Энхболд муу биелүүлж байх шиг байна л даа. Ер нь бол түүнд мэдрэмж их дутаж байна.

-М.Энхболд дарга мэдрэмжтэй байсан бол ямар арга хэмжээ авах байсан гэж?

-Хэрэв МАН-ын дарга нь их мэдрэмжтэй байсан бол бүх цохилтыг өөр дээрээ аваад намаа, Засгийн газраа тогтвортой ажиллуулахад анхаарах ёстой байсан. Тэгээгүйд нь би их харамсаж байгаа юм. Засгийн газар огцорсноор хожих юм ердөө байхгүй. Шалтгаануудыг нь сонсоод байхад огцрох хэмжээнд хүргэсэн буруутай зүйл энэ Засгийн газарт байхгүй санагдах юм.

-Концессын гэрээний асуудлаас болсон юм биш үү?

-Өмнө шийдчихсэн долоон концессын гэрээг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэж ярьж байгаад л хохиролгүй хэлбэрээр цааш явуулсан юм байна лээ. Тэрүүгээр ч зөвхөн тайлбарлахгүй л дээ. Энэ концессын гэрээгээр юу хийх, ямар зорилготой байсныг нарийн авч ярилцах хэрэгтэй байсан байх. Гэтэл тэрийг огт ярихгүй байна. Хараад байхад Монгол Улсад хэрэгтэй төслүүд байна лээ. Жишээлбэл, Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа хоёр төслийг харахад энэ улсын эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой юм билээ. Нэг нь Цагаан суваргын зэсийн ордыг ашиглахаар эхэлчихсэн төсөлтэй холбогдсон эрчим хүчний хангалтын асуудал.

Нөгөөх нь Дэлгэрэх сумын автозамын төсөл. Энэ бол зүгээр л нэг сумыг холбохдоо биш. Суманд хэрэгжиж байгаа эдийн засгийн үр ашиг өндөртэй том төсөлд зориулж тавьсан зам бололтой. Гэх мэтчилэн төслүүдийг аваад үзвэл хэрэгтэй төслүүд байна лээ. Улсын төсвөөс мөнгө гараагүй. Одоо хувийн компаниуд өөрсдөө мөнгөө гаргаад төслөө хэрэгжүүлж байгаа гэсэн. Үүний төлөө Засгийн газар огцрох хэмжээний буруутгал, зэмлэл байж болохгүй. Бусад ямар шалтгаан байдгийг мэдэхгүй юм.

-Засгийн газрыг огцруулснаар ямар үр дагавар гарах вэ?

-Миний бодоход сайн үр дагавар гарахгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг залууг би сайн танихгүй л дээ. Гэхдээ тэр бол Сангийн сайдаар ажиллаж байсан, санхүү эдийн засгийн мэргэжлийн хүн гэж үзэж болно. Тийм мэргэжлийн Ерөнхий сайдаа авч хаячихаад оронд нь ямар хүн тавих гэж байгаа юм бол доо.

-Шинэ Засгийн газрыг эмхлэхэд юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь Засгийн газраа түргэн байгуулах хэрэгтэй байна. Одоо намын Бага хурал, Их хурал гээд сунжирч, Засгийн газаргүй байгаад байна гэдэг их хохиролтой. ОУВС-гаас манай улсад 400 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэсний нэгдүгээр үеийнх нь 40 орчим сая ам.доллар ороод ирсэн байгаа. Есдүгээр сарын 25-ны хавьцаа хоёр дахь үеийн мөнгөний асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой байсан. Гэтэл ОУВС тэр яриа хэлэлцээрээ хойшлуулж байгаа сурагтай байна лээ. Яагаад вэ гээд асуухаар”Танайд Засгийн газар байхгүй юм чинь, хэнтэй ярих юм бэ” гээд хойш тавьж байгаа бололтой. Ингээд төсвийн алдагдлынхаа дутуу зардлыг нөхөхөд зориулж авах мөнгө орж ирэхгүй болж байна л даа. Тиймээс хурдан Засгийн газраа байгуулах хэрэгтэй. Хэд хэдэн анхаарах зүйл байна. Тухайлбал, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд хоёрыг өөрчлөх хэрэггүй. Ингэж чадвал гадаад орчинтой харилцах харилцаанд нааштай нөлөөтэй байх болов уу. Дараагийн асуудал нь давхар дээлийг болиулах асуудлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүсээ олж тавь. Нөгөөтэйгүүр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд битгий сайд болоосой. Хэрэв тэд сайд болдог юм бол нийгэмд буруу ойлголт гарна. “Эд чинь шүүмжлээд сүйд болоод байсан өөрсдөө сайд болох гээд л гүйлдээд байсан байна шүү дээ” гэнэ шүү дээ.

-Өнөөдөр(өчигдөр) МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Намын Их хурлаар МАН-ы даргад хариуцлага тооцох тухай асуудал яригдах нь гарцаагүй. Ер нь намын дарга ямар хүн байх ёстой юм бэ?

-Нам бол төрийн эрхэнд гарах зорилготой учраас Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ гэсэн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг боловсруулдаг. Нэгэнт бодлого төлөвлөгөө гаргасан байвал яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бүх ажил нь түүнд чиглэгдсэн байх ёстой. Тийм бодлого төлөвлөгөөгүй, хэрэгжүүлэх зорилтгүй намыг ямарваа нэг сонгуульд оруулдаггүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсон хүчин бэлтгэдэг байх хэрэгтэй. Зүгээр ганц хүний ч юм уу, нам нэртэй юм байж байдаг. Цаанаа ямар ч боловсон хүчин нөөцгүй нам байх юм бол тэрийг нам гэж үзэж болохгүй. Одоо намын дарга Их хурлын дарга юм уу, Ерөнхий сайд байна гэдэг нь онц ач холбогдолтой биш. Нам бол намаараа, засаг төр нь засаг төрөөрөө байх ёстой. Заавал тэрийг хослуулж, хамт барих гээд байх хэрэггүй.

Одоо нэг ийм үзэгдэл байгаад байна. Юу вэ гэвэл “Шинэ Засгийн газар байгуулах үед тэр хүн намын дарга болох ёстой. Дараа нь намын Их хурлын үеэр намын дарга нь өөрчлөөд гараад ирвэл Засгийн газрыг томилоход дахиад будилна” гэсэн шалтаг байгаа юм л даа. Энэ бол хамаагүй асуудал. Засгийн газраа байгуул, Ерөнхий сайдаа томил. Нам даргаа томилдог л юм байгаа биз. Тэднийг ерөөсөө холбоотой байлгаж, будилах хэрэггүй.

-Ингэхэд МАН-ын боловсон хүчний асуудалд та ямар бодолтой байдаг вэ. Таны үед яаж бэлддэг байв?

-Боловсон хүчин бэлтгэх систем энэ хоёр намд алга. Бэлдэх систем байхгүй учраас нөгөөх албан тушаалын төлөө тэмүүлсэн, мөнгөтэй, авлигатай хүмүүс давхиж орж ирээд үймүүлээд байна. Үүнийг халъя гэвэл намд тавих шаардлага нь системтэй бэлдсэн боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Би Ардын намын даргад олон жил хэлж байгаа юм. “Намын чинь төв аппаратад намын дарга, орлогч дарга гээд баахан улсууд байх юм. Энэ дотор хөгжлийн бодлого төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орон тооны нарийн бичгийн даргатай болооч ээ. Тийм хүн бэлдээч” гээд захиад байдаг юм. Ерөөсөө тоодоггүй.

-МАН-ын академик шинж чанар алдагдаад байх шиг. Энэ улс орныг удирдаж явсан улстөрчид энэ намаас л төрөн гарсан байдаг. Үе үеийн Ерөнхий сайд нар одоо ч байна. Та хэдийн үг МАН-ын удирдлагуудад хүрдэггүй бололтой?

-Би бол итгэл алдарчихсан. Заримдаа “Ахмадын үг алтан сургаал, та нар минь л аврал” гээд сүйд болоод урьдаг юм. Очоод бодож санаж байгаагаа хэлэхээр ямар ч ойшоож байгаа юм байхгүй, хаяад л гараад явчихдаг.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд та ямар бодолтой байдаг вэ?

-Ёс зүй алдагдсан. Би саяхан ном гаргасан. “Өлсгөлөн зарлаж, огцролт болж, өөрчлөлт эрчимжсэн түүхээс” гэдэг ном байгаа. Энэ номд 1990 оны ардчилсан хувьсгалын үед юу болж байсан тухай бичсэн юм. Тэрийгээ эргээд харж байхад 1990 оны гуравдугаар сарын 8-ны өдөр телевизийн нэвтрүүлэгт ардчиллын залуус болох С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд бүгд очсон. Манай намаас Д.Бямбасүрэн бид хоёр оролцсон юм. Тэнд эд нөхдүүд өөрчлөлт, шинэчлэлтийг түргэтгэх тухай хурцаар тавьж байсан. Бид тэр үед яаж энэ залуустайгаа санал нийлж, асуудлыг шийдэх тухай ярьсан. Ер нь яаж ёс зүйтэй, яаж бие биедээ хүндэтгэлтэй хандаж байх ёстой юм бэ, асуудлын голыг яаж шийдэх арга замыг зөвшилцсөн. Энэ номыг уншсан хүмүүс үнэхээр сургаал болох ярилцлага болсон байна гэж их ярьж байгаа. Одоо тиймэрхүү ёс зүй байхгүй болчихож. Ер нь намуудын талцлаас болж нийгэм буруу хүмүүжиж байгаа тал руугаа орчихлоо.

-1990 оноос хойш Монгол Улсын төрийг МАН, АН хоёр ээлжлэн барьсаар ирлээ. Ард түмний ч итгэл нэлээд алдраад байх шиг байна. Яавал дээр вэ?

-Энэ хоёр нам төлөвших яагаа ч үгүй байна.

Нам төлөвшөөгүй, ухаалаг биш байгаа нөхцөлд тэдэнд ард түмэн итгэл хүлээлгэж, засаг төрийн эрхийг өгөхөөс эсэргүүцнэ. Сүүлийн хэдэн жилийг харахад АН нь эдийн засгаа доройтуулж байдаг. МАН нь засаг төрөө доройтуулж, үймүүлж байдаг. Ингээд энэ хоёр нам чинь хоёулаа буруудаад байна гэсэн сэтгэл иргэдэд төрчихөөд байгаа байх. Манай намууд төлөвшөөгүй байгаа цагт засгийн эрхийг намын мэдэлд өгөхөө больё. Үндсэн хуулийнхаа заалтын дагуу засгийнхаа бүх эрх мэдлийг ард түмэндээ өгөх хэрэгтэй. Үндсэн хуульд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь заалт байдаг. Энэ бол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудал.

-Таны хувьд хоёр танхимтай парламенттай байхыг дэмждэг хүн. Харин одоогийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд энэ тухай тусгалгүйгээр ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах зургаан сэдвийн талаар ямар бодолтой байна вэ?

-Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгахын тулд парламентын хоёр танхимтай болох хэрэгтэй. Дээд танхимаа 400 гаруй гишүүнтэй. Сум, дүүргээс сонгогдсон ард түмний төлөөлөл байна. Тэдэнд төрийн бүх эрх мэдлийг өг. Хууль боловсруулах ажлыг Улсын бага хурал хариуцаг. Дээд танхимынхаа хяналт дор байж байг. Хуучин ийм байсан шүү дээ. Одоо сэргээх хэрэгтэй байна. Манай Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлгийг санаачлан явуулаад байна. Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Жинхэнэ Үндсэн хуульд оруулах зохих шаардлагатай асуудал буюу хоёр танхимтай парламенттай болохыг хойш тавиад байна. Энэ бол тун буруу юм. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл МАН засгийн эрхийг ард түмний мэдэлд өгөхөөс болгоомжилж байна. Намын мэдэлд байлгаж, намын нэрээр засаг төр, албан тушаал, эрх мэдэл олж авах тэр сонирхол нь давамгайлаад байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, Ерөнхий сайдыг улсаа удирдах хэмжээнд байхаар болгож өөрчлөх тухай оруулсан байна лээ. Энэ тал дээр таны саналыг сонсмоор байна?

-Үүнд би өөр саналтай байдаг юм. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаад, бэлгэдлийн шинжтэй байх ёсгүй. Ер нь засаглал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэлбэртэй. Гэтэл Ерөнхийлөгч маань алинд нь байгаа юм бэ. Хууль тогтоох эрх байхгүй. Гүйцэтгэх засаглалын эрхгүй. Тэр дундаа шүүх засаглалын эрх мэдэлгүй. Эзэн хаан гэхээр биш. Тиймээс Ерөнхийлөгч бол Ардын их хурлаас сонгогддог, Засгийн газраа толгойлж явдаг байх ёстой. Тэгэх юм бол Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа хариуцна. Ингэснээр хариуцлага өндөржинө. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэж байхын оронд Засгийн газраа тэргүүлэх үүргийг нь хариуцуулаад эрхийг нь өгөх хэрэгтэй.

-Эдийн засагт гэгээ татаад ирэнгүүт засаг нь уначихлаа. Ойрын хоёр, гурван жилдээ манай улс бондын өрнөөс өндийхгүй гэж эдийн засагчид яриад байна. Одоо бидэнд ямар гарц байна вэ?

-Болдоггүй сайдууд байсан юм бол тэднийг өөрчлөөд, Ерөнхий сайдаа хэвээр үлдээгээд, үүрэг даалгавар өгөөд үлдээчих хэрэгтэй байсан юм. Тийм учраас дээр хэлсэнчилэн ОУВС мөнгөө өгөхгүй гээд эхэллээ. Үүний дараа ихээхэн тусламж өгнө гэсэн Хятад, Япон, Энэтхэг байна. Тэр их мөнгөнүүд орж ирэх нь бүү мэд. Тэгэхээр засаг нь тогтворгүй улсад мөнгө өгөөд яах юм бэ. Тогтворжтол нь татчихна шүү дээ.

Ойрын жилүүдэд өрийг өрөөр дарах байдалд ороод явах нь шиг байна. Уг нь засаг тогтвортойхон шиг байсан бол өндөр хүүтэй өрийг арай бага шиг хүүтэй өрөөр дарж, богино хугацаанд амьдрах хугацаа байсан байх. Өрөөр явна гэдэг бол буруу л даа. “Өр гэдэг чинь хор гэсэн үг шүү” гээд Германы эдийн засагч хэлсэн байна лээ. Үнэхээр тийм юм. Тэгэхээр өр дарах эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл шинэ авч байгаа зээл, төсвийн жаахан бололцоо гарах юм бол экспортыг, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд үнэхээр ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлмээр байна. Мөн эдийн засгийг солонгоруулах хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийг бүх сумдад байгуулах хэрэгтэй. Ингэж байж бид мах экспортод гаргаж чадна. Одоо 60 гаруй сая толгой малтай гээд байгаа. Жилдээ 20-25 сая төл авдаг. Тиймээс махаа экспортод гаргаж чадахгүй байгаа учраас малын тоо өсөөд л байна. Манай дотоод хэрэгцээнд хонинд шилжүүлбэл, 10 сая мал иднэ. Үүнээс илүүг идэж чадахгүй. Хорин сая төлөөс арван саяыг нь идчихээр үлдсэнийг экспортлох хэрэгтэй. Үүнийг шийдэх ганц арга нь сум болгонд мал нядлах, мах боловсруулах үйлдвэр байгуулах юм. Манайхан гадаад хөрөнгө оруулалт гээд үхэн хатан зүтгээд байна. Гэрээнийхээ нөхцөлийг Монголд ашигтай байхаар шийдэх хэрэгтэй байна. Миний хувьд гадаадтай байгуулах гэрээг томилогдсон салбарын сайд нар байгуулдаг нь буруу. Гэрээг байгуулдаг яам байх хэрэгтэй. Аль ч яаман дээр бодлого байх ёстой. Тэрнээс яамны сайдын бодлого гэж байх ёсгүй. Яагаад гэвэл сайд бол ирж л байдаг, явж л байдаг. Тэр нөхөр хувьдаа ашиг аваад, Монголд хохиролтой гэрээ байгуулаад алга болчихдог болох тийм л улсууд шүү дээ. Харин дор нь ажиллаж байгаа яамны мэргэжилтнүүд хариуцлага хүлээдэг, тогтвортой ажилладаг тийм л хүмүүс байх ёстой.

-Энэтхэгээс авах нэг тэрбум ам.доллароор нефть боловсруулах үйлдвэр барихад зориулна гэж байгаа. Ийм үйлдвэр барина гэж олон жил ярьсан байх аа?

-Тэгж л ярьдаг юм. Чухам ямар нефть боловсруулах гээд байгаа юм, ямар технологитой юм, хаанаас авах юм гэхчлэн ямар ч тодорхойгүй байгаа шүү дээ.

Монголд өнөөдөр нефть олборлож байгаа. Үүнийгээ боловсруулаад ашиг олно гээд бодоод байх шиг. Тийм бодит юм байхгүй. Доод тал нь хоёр сая тн түүхий нефть боловсруулж байж, Монголын хэрэгцээг хангах цэвэр бүтээгдэхүүн гарна. Доод тал нь хоёр сая тн нүүрс боловсруулдаг үйлдвэр монголд ашигтай гэж би дуулсан юм. Монголд олборлож байгаа түүхий нефть сая гаруй тонн. Яаж тээж, хааш нь аваачих юм бэ. Дэд бүтэц хөгжсөн Дархан мэт газарт байгуулах нь зүйтэй юм биш үү гэдгийг бодох ёстой. Өөр нэг анхаарах зүйл бол манай нутаг дэвсгэр дээр нефть олборлож байгаа компаниуд Хятадынх. Тэдэнтэй байгуулсан гэрээгээр олборлож байгаа нефтийн 20 орчим хувь нь Монголд ирнэ. 80-аад хувь нь Хятадын компанийнх. Үүнийг Хятадын компаниас манайд өгөөч гэж гуйх болно. Тэд дэлхийн зах зээлийн үнээр л ав гэнэ. Тэрнээс хямдаар авах боломжгүй. Нефть боловсруулах үйлдвэр барих төсөл түүхий. Одоогийн яриад байгаагаар шийднэ гэвэл худлаа.

-Монгол Улс яавал хөгжих юм бэ?

-Ер нь бид энэ 20 гаруй жил хөгжлийн бодлогогүй явсаар өдий хүрлээ. Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болъё. Гэхдээ зүгээр нэг дөрвөн жилийнх биш. Тав арван жилээ бодсон хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй болъё. Үүний тулд Засгийн газрын бүрэлдэхүүнд хөгжлийн бодлого төлөвлөлтөө хариуцсан тэргүүн зэргийн яамтай болох хэрэгтэй. Одоо энэ намуудыг би хардаж байгаа. Тэр хөгжлийн бодлого төлөвлөгөөг хариуцсан яамтай болох асуудлыг ерөөсөө шийдэхгүй яваад байдаг нь дөрвөн жилийн хугацаанд биелэх, биелэхгүй баахан амлалт гаргаж тавьчихдаг. Тэгээд сонгуульт хугацаа нь дуусахаар дүгнэхгүй, хариуцлага хүлээхгүй яваад өгдөг туршлагаа үргэлжлүүлье гэсэн сонирхол байх шиг байна. Энэ бол манай төрийн эрх барьж байгаа улс төрийн намууд, үүний дотор МАН, АН-ын том алдаа гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө Засгийн газрын бүрэлдэхүүн, бүтцийг шийдэхдээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам гэдгээ байгуулчихаад, сайдаа томилчихвол зөв болно доо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хоёр тайзны хооронд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины тэргүүн нүүрнээс “Олон улсын валютын сан Монгол Улсыг буруу хөтөлбөрт хамруулсан уу” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Болдоггүй сайдуудаа өөрчлөөд Ерөнхий сайдаа хэвээр үлдээчих байсан юм” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж нийгмийн бүхий л салбарт шуугиан тарьж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хоёр тайзны хооронд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн зургаадугаар нүүрнээс АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулсан тэмдэглэлийг сонирхон хараарай. Тэрбээр сэтгүүлчтэй уулзах үеэр “Ардын нам эрүүл байгаа юм байна” хэмээн онцлон хэлжээ.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс “Угтаалцайдам сумын кварцын чулуун ордыг ашиглах зөвшөөрлийг Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин олгосон уу” хэмээх цуврал сурвалжлагын төгсгөлийг хүлээн авч уншаарай.

13 дугаар нүүрний “Элэг нэгтэн” булангаараа XX зууны түүх судлаач ӨмнөдМонголын уугуул, Японы иргэн А.Ооноотой хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Монгол үндэстнээс Монгол Улс л цэврээрээ байна” хэмээн онцлон хэлжээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.09.13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

НОЁН УУЛ, ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУ ОРЧИМ ДАХЬ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав. Ингэснээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 14 зөвшөөрлийг хүчингүй болох юм байна.

Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор дээрх газруудын хилийн заагийг тогтоон нийт 754.8 мянга га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн судалгаа гарган, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, оруулсан хөрөнгө оруулалт, зардлын хэмжээг тооцон, геологи хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, татварын байгууллагад гаргасан тайлан, татвар төлөлтөд дүгнэлт хийсэн байна.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг баталлаа.

Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, чадвараа 50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70-аас дээш хувь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөх олговор, тусламж олгох юм.

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд нь хохирсон цагдаагийн алба хаагч Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын эрүүл мэндийн эмнэлгээр үнэ төлбөргүй эмчлүүлэх юм.

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болсон алба хаагч, дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд тухайн цагдаагийн байгууллагаас дотоодын сувиллын болон сэргээн засах эмнэлгийн байгууллагад очих, буцах замын зардлыг жилд нэг удаа олгохоор болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг ажилтан сард 160 цаг, жилд 1760 цаг ажиллах ёстой ч нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий алба хаагч сард хамгийн багадаа сард 192 цаг, жилд 2112 цаг ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагч гэхэд жилд дунджаар 2288 цаг буюу 528 илүү цагаар ажиллаж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д дурджээ.

Цагдаагийн ерөнхий газраас хийсэн судалгаанаас үзвэл 2011-2014, 2015 оны эхний найман сарын байдлаар албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт хэрэгт өртөж хохирсон 433 тохиолдол байгаа бөгөөд энэ нь дөрвөн өдөр тутам нэг алба хаагч хохирч байна гэсэн үг юм.

НДШ ТӨЛӨХӨД БАРИМТЛАХ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООВ

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоов.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй байхаар тогтоолоо.

Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдийг хүртэл хугацаанд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 201 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “В”-д зааснаар, мөн өдрөөс хойших хугацаанд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцлоо.

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВНА

Долоон сая еврогийн өртөг бүхий “Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” төслийг санхүүжүүлэх Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалагт олгож, төслийн гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулж, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод даалгав.

Эмнэлгийн шинэ цогцолборыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг БНАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр суурилуулсны дараа Улсын комисс ажиллахаар болжээ.

ШҮЛХИЙ, МЯЛЗАНГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХУДАЛДАЖ АВНА

Сайдын энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгав.

12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хяналтын цэгийг ажиллуулж байна. Гоц халдварт өвчин гарсан үед мэргэжлийн байгууллага, хүн хүч, шаардлагатай бол Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдын үүрэг гүйцэтгэгч, Засаг дарга, агентлагийн дарга нарт даалгалаа.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИСС ХУРАЛДАНА

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан болно. Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв.

Талууд өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэн, цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛНА

Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” баталж энэ хүрээнд хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт 32 төсөл хэрэгжүүлэх болсон.

Дээрх хөтөлбөрийг Монголын талаас хэрэгжүүлэгч гол байгууллага нь Гадаад харилцааны яам бөгөөд Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулахаар заасан байна. Төв нь төслүүдийн Техник, эдийн засгийн урьдчилсан тооцоолол хийх, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай гурван улсын дүрэм, журмыг уялдуулах талаар судалж зөвлөмж, аргачлал боловсруулах, дэд бүтэц, боомт, чөлөөт бүс, хот байгуулалттай холбоотой төслүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг олон улсын стандарт, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн бие даан боловсруулах зэрэг чиглэлээр ажиллах юм.

Төвийн дүрэм, бүтцийг батлан мөрдүүлж, бүртгүүлэх, яамд, агентлаг, бусад шаардлагатай байгууллагаас мэргэжлийн хүн авч түр хугацаагаар ажиллуулахыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргилд даалгав.

ӨВЛИЙН АЧААЛЛААС ӨМНӨ ШИНЭ ТРАНСФОРМАТОР СУУРИЛУУЛНА

Өнөөдөр “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм.

Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 жил 9 сар тасралтгүй ажиллаж байжээ.

Товч мэдээ

– Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам, Төрийн болон албаны нууцын хяналт шалгалт зохион байгуулах журам, Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж ашиглах журам, Нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам, Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журмыг хавсралтаар баталлаа.

– Говьсүмбэр аймгийн төвийн халаалтын уурын зуухны Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах 170 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар боллоо. Тодотгол хийх хүртэл дээрх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид зөвшөөрөв.

– Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд шугам сүлжээ, дэд станцын өргөтгөл, шинэчлэл, аймгийн төвийн дулааны станцын засварт шаардагдах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсвийн тодотголд тусгахаар болов.

– 2017 онд худалдан авах ажиллагаа явуулахдаа дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдээ давуу эрх тооцон шалгаруулсныг сайшааж, цаашид энэ жишгээр ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

”Мэдлэгээ шалгая” тоглоомын ялагч тодорлоо

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн сарын 1-нээс ухаалаг утас, таблетад зориулсан 1212.mn аппликейшн гаргасан. Харин өчигдөр буюу даваа гарагаас 1212.mn Мэдээллийн нэгдсэн санг шинэчилсэн билээ. Үүнтэй холбоотойгоор сонирхолтой статистик, мэдлэгээ шалгая тоглоом зэрэг шинэ цэс суулсан. Тоглоомын ялагчийг сар бүрийн 12-нд тодруулахаар болсон бөгөөд анхны ялагчийг өчигдөр тодрууллаа.

Энэ сарын ялагчаар Э.Бөртэ шалгарч Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өнөөдөр байгууллагын гарын бэлгийг гардууллаа.

Та ч бас “Мэдлэгээ шалгая” тоглоомоор тоглож дараа сарын ялагч болох боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Дэлхийн банкнаас цэцэрлэг сургуулийн хүртээмж чанарыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Дэлхийн банкнаас Монгол улсын боловсролын салбарт үзүүлж ирсэн, одоо хэрэгжүүлж байгаа дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлэх тухай ярилцав.

Тодруулбал 2017 оны 3 сард Дэлхийн банкнаас Засгийн газарт танилцуулсан СӨБ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн үр дүн ямар байгаа талаар хийсэн судалгаан дээрээ үндэслэн СӨБ-ийг тэгш хүртээмжтэй чанартай эзэмшүүлэх зорилгоор шинэ төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй буйг илэрхийллээ. Судалгаагаар нийслэлийн болоод орон нутгийн хүүхдүүд СӨБ-ын үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч чадахгүй байна гэж үзсэн байна. Төслийг хэрэгжүүлэхдээ төлөвлөсөн гэр хороолол болон цэцэрлэгийн хүртээмж хязгаарлагдмал газруудад шинэ цэцэрлэг барих, одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 15 сая ам.доллар орчмыг зарцуулах боломжтой гэж Дэлхийн банкнаас тооцоолсон байна. Мөн хөдөөгийн малчдын хүүхдэд зориулсан гэр бүлийн орчинд СӨБ олгох хөтөлбөрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилготой байгааг илэрхийлсэн юм.
Уулзалтанд БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжиж байгаа боловсролын салбарын төслүүдийн багийн ахлагч Рабиа Али, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Ж.Бямбацогт, СӨБ бодлогын газрын дарга С.Болормаа, олон улсын төсөл хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Д.Түвшинтөгс, Д.Алтанбилэг нарын албаны хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ улс-төр

Их Хурлын дарга М.Энхболд Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг хойшлуулалгүй шийдвэрлэх талаар хөндөж ярилцав.

УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг тэмдэглээд, хамтран ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь харилцаа олон талтай, үр ашигтай байх гол хөшүүрэг юм гэж онцоллоо.

Элчин сайд А.Язал Туркт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас болоод сүүлийн 2 жилд өндөр, дээд хэмжээний айлчлал хийгдсэнгүй. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ч боломж нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс улс төрийн харилцааг идэвхжүүлэх, Туркийн хөрөнгө оруулагчдыг урьж ирүүлж, Монголын бизнесийн орчинтой танилцуулах талаар Элчин сайдын зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэлээ.

Энэ үеэр Туркийн Засгийн газраас амласан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Монгол дахь турк сургуулиуд, тэнд суралцагчдын асуудал, “Туркиш Эйрлайнз” компанийн нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зэрэг асуудал хөндөгдөв.

Элчин сайд А.Язал Монголын талаас Засгийн газрын баталгаа гаргах нь чухал байгаа юм. Ийм баталгаа гаргасан тохиолдолд зээлийн хугацаа, хүү зэрэг асуудлыг тохиролцох боломжтой гэв.

Турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх, сурагчид, эцэг эхчүүдийн эрх ашгийг эн тэргүүнд бодолцож, тэднийг хохироохгүй байхад онцгой анхаарах нь чухал байна гэсэн УИХ-ын дарга М.Энхболдын байр суурийг дэмжиж байгаагаа Элчин сайд А.Язал илэрхийллээ.

“Туркиш Эйрлайнз” компанийн нислэгийн асуудлаар хоёр талын холбогдох яамны хүмүүс ойрын үед уулзаж ярилцах юм байна. Тэр үеэр нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна. Аялал жуулчлал бол манай хоёр орны хооронд хөгжүүлж болох ирээдүйтэй салбарын нэг. Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах танай талын саналыг дэмжиж байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“ДЦС-4” ТӨХК урьдчилсан байдлаар дөрвөн тэрбумын хохирол амссан гэв

Өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДЦС-4” ТӨХК-ийн хашаанд байрлах 3ТИ трансформаторт гал гарсныг Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн бүрэн унтраалаа. Галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын шуурхай албаны утсанд 12:22 цагт ирсэн байна. Энэхүү дуудлагыг гал түймэр унтраах, аврах 10, 18, 14, 26, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн нийт зургаан автомашин, 80 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 12:50 цагт галыг бүрэн унтраажээ.

Одоогоор Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц хэвийн үйл ажиллагаандаа шилжин ажиллаж эхэлсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар, 3ТИ трансформаторт гэмтэл гарч, засварлан шалгаж байх явцад буудаж гал гарсан хэмээн мэдээлэл өглөө. Биднийг сурвалжлага бэлдэхээр тус станцад гал гарснаас хойш 1 цаг 30 минутын дараа очиход гал бүрэн унтарсан, ямар нэгэн саарал утаа суунаглахгүй байв.

Хэвлэлийнхнийг дотогш нэгдсэн журмаар оруулан сурвалжлуулсан юм. Гал гарсан трансформатор орчимд очиход цагдаагийн байгууллагынхан хэргийн газрын үзлэг хийхээр ирсэн байлаа. Ган төмөр хийц бүхий 3ТИ трансформаторт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэмтэл гарсан, засварын ажил эхлээгүй тоггүй байхад гал гарсан хэмээн ДЦС-4-ынхан хэлэв. Өвлийн улирал эхэлж байхад ийнхүү дулааны станцад гал гарсан нь ачаалалд бага зэрэг нөлөөлөх ажээ.

Мөн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай горимоор оруулан хэлэлцсэн бөгөөд урьдчилсан байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн хохирол амсаад байгаа гэсэн мэдээлэл байна.