Categories
мэдээ цаг-үе

Олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.ТҮВШИНБАЯР: Одоогоор зодог тайлах тухай бодоогүй л байна

Унгарын нийслэл Будапешт хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид өчигдөр эх орондоо ирлээ. Энэхүү тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн 126 орноос гуравдугаар байрт шалгарч түүхэн амжилтыг үзүүлсэн билээ. Дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, эх орныхоо нэрийг дуурсгасан жүдочдийг ард түмэн нь баяртай угтан авлаа. Энэ үеэр олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Үнэхээр ард түмнийхээ найдлагыг алдалгүй төрийнхөө далбааг дэлхийн дэвжээнд мандууллаа шүү дээ?

-Олон жил дэлхийн аваргын дэвжээн дээр медаль хүртэхийг хүссэн. Олон жил бэлтгэл сургуулилт хийж, энэхүү тэмцээнд -100 кг-ын жинд барилдлаа. Харамсалтай нь тэр жиндээ медальт байранд орж чадсангүй ээ. Энэ жил +100 килограммын жинд зодоглож, хүрэл медаль хүртлээ.

Миний медалийн санд ганцхан дэлхийн аваргын дэвжээнээс хүртсэн медаль байдаггүй байлаа. Намайг үргэлж дэмждэг, жүдо бөх сонирхогч ард түмэндээ талархаж байна. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй дахин нэг дэлхийн дэвжээнээ эх орныхоо нэрийг дуурсгалаа. Үүгээрээ бахархаж байна. Манай жүдо бөхийн уриа “Хамтын хүч, амжилт”. Хамтын хүчээр энэ бүх амжилт бидэнд ирлээ. Тиймээс Монголын маань бүх ард түмний хүч хөдөлмөр шингэсэн учраас ийм амжилтыг жүдо бөхийн тамирчид бид гаргалаа, ард түмэндээ баярлалаа.

-Энэ жилийн дэлхийн аваргаар жин өгсөж барилдсан. Тантай таарсан учраа бөхчүүд харьцангуй их том биетэй, нуруулаг тамирчид байсан шүү дээ. Жин өгсөж барилдахад хүнд байв уу?

-Мэдээж хэрэг өмнө зодоглож байсан жингээс амаргүй, хүнд л дээ. Олон жил барилдчихсан, мөн дэлхийн болоод олимпийн татамид гараад үзчихсэн хүний хувьд туршлагаараа тэр бөхчүүдээс илүү байсан юм болов уу.

-Та “Хамгийн сүүлийн дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо” хэмээн хэлсэн. Зодог тайлах уу?

-Өдгөө би 33 настай. Бөхийн спорт бол залуу насны эр бяраар, хөлс хүчээр амжилт гаргадаг. Миний араас их олон залуучууд, дүү нар маань төрөн гарч байна. Ирэх жилээс залуучууд маань дэлхийн аваргаас цаашлаад олимпоос бахдам дүүрэн амжилт гаргаасай хэмээн хүсч байна.

-Та зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч хийх үү, эсвэл улс төр лүү орох уу?

-За одоогоор яг таг зодог тайлах тухай бодоогүй л байна.

-Өнөө жилийн наадмаар уран сайхан барилдаанууд гарган долоо давж, улсын заан цол хүртсэн. Удахгүй таны “улсын заан” цолны мялаалга наадам болно гэж байсан?

-Энэ сарын 10-ны өдөр Булган аймгийн Сайхан сум буюу төрсөн нутагтаа энэ сайхан улсын цолныхоо мялаалга наадмыг хийх гэж байна. Завтай хүмүүс байвал манай нутгаар зочилж, намрын сайхан айраг шимэнгээ сумын наадам үзээрэй. Нийт монголчуудыгаа урьж байна.

ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Д.ОТГОНДАЛАЙ: ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫН ТӨЛӨӨ БҮХНЭЭ ДАЙЧЛАХ БОЛНО

Герман улсын Ханбург хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Монгол түмнээ баярлуулж дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайг ар гэр, ард олон нь баяртай угтан авлаа. Энэ үеэр олимп, дэлхийн хос хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгондалайтай ярилцлаа.

-Юуны өмнө олимп, дэлхийн хос медальтан болсонд баяр хүргэе. Танаар Монголын ард түмэн бахархаж байгаа. Энэ жилийн дэлхийн аваргад оролцож, амжилт гаргасан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Эх орондоо ирээд сайхан байна. Маш олон хүн тосож авлаа. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Олон жил боксын спортоор хичээллэсний үр дүнд олимп, дэлхийн хос медальтан хэмээн дуудуулах эрхэм алдрыг хүртсэн дээ баяртай байна. Өөрийнхөө сэтгэлзүйг бариад олон улсын тэмцээнд оролцож байгаа шигээ тоглолоо. Өмнө нь тоглож байсан тоглогч нар олон байлаа. Ялагдаж байсан тамирчид энэ удаа таарсан. Анх 2014 онд Азийн аваргад түрүүлснийхээ дараа дэлхийн аварга, олимпийн наадмаас медаль авах зорилго тавин бэлтгэлээ хийсэн. Энэхүү хоёр зорилгодоо одоо хүрлээ. Маш сайхан байна. Энэ медалийг авахад олны дэмжлэг их байлаа.Энэ хүртэл надтай цуг байж, захыг минь мушгиж суусан гэр бүл, ард түмэндээ баярлалаа. Намайг дэмждэг байгууллагууд болон нутгийнхаа зон олонд талархаж байна.

-Энэ удаагийн дэлхийн аваргаар мөнгөн медалийн төлөө Францын боксчинтой дахин нүүр тулсан. Түүнтэй та өнгөрсөн олимпоор мөн таарч байсан шүү дээ. Энэ удаад Софиан Омияадыг ялахын тулд зайлшгүй тактик боловсруулах шаардлага гарсан байх?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцэээнээр мөнгөн медалийн төлөөх тулалдаанд Францын тамирчин Софиан Омияадтай таарч тулалдлаа. Өмнө нь “Рио”-гийн олимпийн наадамд бид хоёр мөнгөн медалийн төлөө тулалдаж, Францын боксчин ялалт авч байсныг тод санаж байгаа биз ээ. Ингэснээр түүнтэй олимп, дэлхийн хоёр том рингэн дээр таарч, тулалдлаа. Өнгөрсөн жилийн олимпоор мөнгөн медалийн төлөө тулалдаад ялагдаж байсан болохоор энэ жилийн дэлхийн аваргаар “даагаа нэхэх” боломж гарлаа гэж бодсон ч болсонгүй ээ. Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ дараа, дараагийн тэмцээн уралдаануудад олон таарах учраас хариугаа авах боломж бий гэж найдаж байна. Франц боксчинтой энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд таарч тулалдахдаа олимпоор тулалдаж байсан шигээ тулалдаагүй. Түүнтэй тулалдахдаа урагшаа давшсан, дайрсан тоглолт гаргаж байсан бол энэ удаад арай өөрөөр буюу өөр лүүгээ дуудаж, цохилтыг нь хамгаалж, угтуулан цохих тактикаар тулалдсан. Тэр Франц боксчинг хожъё гэсэн эрмэлзэл их байсан боловч харамсалтай нь ялагдал хүлээгээд ирлээ.

-Таны хувьд Азийн аварга, Олимпийн хүрэл медальт, сая дэлхийн хүрэл медалийг тус тус хүртлээ. Тамирчин хүний хувьд одоо юу бодогдох юм?

-Тамирчин хүн амжилтын төлөөх шуналтай байх ёстой хэмээн боддог. Одоо гаргасан амжилтандаа ханахгүй. Цаашаа олон сайхан амжилтыг гаргаж, ард түмнийхээ итгэлийг алдалгүй тулалдана. Мөн олимп, дэлхийн хос алтан медаль хүртэхийн төлөө, аварга болохын төлөө бүхнээ дайчлан зүтгэх болно.

-Энэ удаагийн дэлхийн аваргад манай боксын дөрвөн тамирчин оролцлоо. Тантай хамт амжилтын төлөө хамт зорьсон нөгөө гурван тамирчдынхаа тухайд ямар бодолтой байна вэ?

-2015 оны дэлхийн аваргаас эхэлж, Дэлхийн боксын холбооноос эрхээ авч оролцдог болсон. Энэ жил манай улсаас дөрвөн боксчин оролцлоо. Манай гурав маань бүгд л медалийн төлөө тулалдаж, ширүүн өрсөлдөөн гаргасан боловч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Гэхдээ олимпийн эрх авахаас илүүтэйгээр дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авна гэдэг их хэцүү байсан. Тийм болохоор манай улсын тамирчид чамлахааргүй амжилттай оролцсон хэмээн бодож байна.

-Дэлхийн аваргад оролцсон тамирчид маань эх орондоо ирлээ. Олон жил бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд зорьсондоо хүрлээ. Энэхүү өндөр амжилтын ард гарсан болохоор тамирчид маань хэсэг хугацаанд амрах байх…

-Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчин хүний хувьд энэхүү спорт маань миний ажил л гэсэн үг. Их ажлын дараа түр амсхийгээд үргэлжлүүлэн ажлаа эрч хүчтэйгээр хийдэг шиг дэлхийн аварга хэмээх том тэмцээнд оролцоод ирсэн болохоор хэсэг хугацаанд амарна даа. Гэхдээ тийм ч удаан амрахгүй байх. Бэлтгэлээ жигдрүүлчихээд энэ жилийн тэмцээний хуваариа харж байгаад, тодорхой төлөвлөсөн тэмцээн уралдаануудад оролцох болно.

-Та Дорнод нутгаар овоглодог. Нутгаа зорих бодолтой байна уу?

-Дорнод аймгийн төвд төрж өссөн. Миний хүүхэд насны нандин сайхан дурсамж тэнд үлдсэн дээ. Эх орондоо ирсний дараа манай нутгийнхан надруу залгаж “Чи хэзээ ирэх вэ, бид хүлээж байгаа шүү” гээд баяр хүргэсэн. Одоо нутагтаа хурдан очих юмсан гэдэг хүсэл төрж байна.Нутаг руугаа явж, нутгийн зон олон, ахан дүүстэйгээ уулзаж, төрсөн газартаа хэд хоночихоод ирнэ дээ. Ирээд шууд л бэлтгэлдээ орно.

-Таныг тосч авахаар ээж, эхнэр, хоёр хөөрхөн охин тань ирсэн байсан. Эх орноосоо хол тэмцээн уралдаанд оролцож байхдаа эрхэм хүмүүсээ санана биз?

-Энд байсан ч өдөр бүр л санадаг. Гадаад руу тэмцээн уралдаанд явахдаа их санах нь ойлгомжтой. Монгол руу нисэхээс урьд орой нь эхнэртэйгээ холбогдож, охидуудтайгаа ярьсан. “Маргааш аав нь очноо, миний хоёр охин аавыгаа тосч аваарай” гэж хэлсэн. Ёстой их санана шүү дээ.

-Та эхнэртэйгээ нэг ангид хамт сурдаг байсан гэсэн…

-Бид хар багаасаа нөхөрлөсөн болохоор нэг нэгнийхээ зан чанарыг сайн таньсан хүмүүс. Спортын жаргал, зовлонг эхнэр маань надаас дутахгүй мэддэг. Тэмцээнд байнга оролцдог болохоор би гэртээ тухалж өнжсөн удаа ховор л байх. Эхнэр л ар гэрийн бүх ажлыг хариуцаж өнөөг хүргэлээ. Миний гаргасан эдгээр амжилт бүгд л эхнэрийн минь зүтгэл, итгэл шингэсэн юм шүү.

Categories
мэдээ цаг-үе

Сүүлчийн пионеруудаас тодорсон гоц авьяастнууд

Монгол Улс зах зээлд шилжээд удаагүй, боловсролын тогтолцоонд олон шинэ туршилт хийгдэж байсан 1995 оны намар Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилд “Гоц авьяастан”-ы гэсэн сүрхий нэртэй, шалгуур өндөртэй нэгэн ангийг нээж байжээ. Ахлах ангид элсэн суралцахаар ирсэн аймаг, сумдын сурагчдаас бүх төрлийн хичээлээр шалгалт авч, хамгийн өндөр оноотой 41 сурагчийг нэгтгэж гоц авьяастнуудын 10Ё ангид нэгтгэсэн байна. Анги даасан багш нь сургуулиа дөнгөж төгсч ирсэн, хэл уранзохиолын багш Б.Туул. Шаардлага өндөртэй, залуу сайхан багшдаа ангийн хөвгүүд нь дурлаж явсан ч удаатай гэнэ.

10Ё ангийн сурагчид математик, хими, монгол хэл, нийгмийн ухаан, гадаад хэлний таван сонгонд хуваагдаж долоо хоногт нэг удаа тухайн хичээлийг таваас зургаан цаг судалдаг байжээ. Тиймдээ ч эдний ангийнхан дээрх хичээлүүдээр аймгийн олимпиадад байнга түрүүлж, улсын олимпиадад орон нутгаа төлөөлж оролцдог, тогтмол амжилт гаргадаг байв.Тухайлбал, химийн улсын олимпиадад Г.Батчимэг мөнгө, хүрэл, биологийн олимпиадад О.Мөнх-Ундраа тавдугаар байр, ангийн дарга Б.Ууганцэцэг есдүгээр ангид байхдаа аравдугаар ангийн газарзүйн улсын олимпиадад оролцож байсан зэргээс харж болно.

Ангийн багш Б.Туул нь “Манай анги тухайн үед сургуулийн хамгийн тохижилт сайтай анги байсан бөгөөд дуу хөгжмийн кабинет болгон тохижуулсан, төгөлдөр хууртай анги байсан. Гэхдээ хичээлийн завсарлагаанаар нэг ч хүүхэд босч хөгжимд гар хүрдэггүй, ялаа ниссэн ч дуулдахаар чимээгүй суудаг, хичээлдээ дуртай сурагчид байсан. Миний анхны шавь нар аравдугаар ангиа төгсч, конкурс өгөхөд ихэнх нь дээгүүр оноотой жагсаж, бараг бүгд их дээд сургуульд элсэж, сонгосон хичээл, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж явна” гэж шавь нараараа бахархаж байсан удаатай гэнэ.

Монгол хэлний хичээлийг Б.Туул багшийнхаа удирдлага дор сонгон судалж байсан Н.Эрдэнэсувд “Бид багшаасаа их эмээдэг, хичээл хийхээс өөр зүйлд анхаарал хандуулдаггүй одоо бодоход нэлээн эрдмийн мөр хөөсөн, сахилга баттай, төлөв даруу, хүмүүжилтэй, лидер хүүхдүүд байсан. Мөн хичээл ордог багш нар маань тухайн үеийн шилдгүүд байсан бөгөөд гавьяат багш Адилбиш хими, Алтангадас одонт Жамьянчанрав багш физик, Алтангадас одонт Жаргалсайхан багш нийгэм, математикийн багш Боловсролын тэргүүний ажилтан М. Эрдэнэ математик, биологийн Шүрэнчимэг багш гэх мэт мундаг туршлагатай, тэргүүний багш нараар хичээл заалгадаг байлаа. Ийм мундаг багш нараас номын дуу сонсож байсны хүчинд бид өдий зэрэгтэй явна” гэж талархан дурсаж байлаа.

Гоц авьяастнуудад хамгийн тод дурсамж үлдээсэн багш нарын нэг бол математикийн М.Эрдэнэ багш. Энэ тухай химийн сонгоны Д.Мөнхцацрал ярихдаа “Эрдэнээ багш математикийн сонгоны сурагчдыг их дэглэнэ. Математикийн сонгоны С.Ундрах бид хоёр хамт суудаг байлаа. Нэг удаа Ундрах математикийн шалгалтаа бүгдийг нь зөв бодчихоод байхад багш дэвтэр дээр нь “2” тавьчихсан байсан. Ундрах шартай охин байсан болохоор уурлаж тэр дүнг дөнгөж арилгаад байтал багш арай том “2” дахиад тавьчихдаг юм байна. Миний инээд хүрээд байлаа. Ундрахыг ахиад арилгатал багш дэвтэр дүүрэн “2” тавьсан. Тэгээд багшийг гарсны дараа журнал очиж үзтэл “5” тавьсан байж билээ” гэж дурссан юм. С.Ундрах өнөөдөр Сүхбаатар аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаа аж.

М.Эрдэнэ багш хүнийг загнаж, чангалдаг шигээ магтаж, урамшуулж чаддаг багш байсан гэж математикийн сонгоны Ч.Буянтогтох ярьж байлаа. Тэрбээр Баяндэлгэр сумаас есдүгээр ангид шилжин ирээд эхний улиралд математикийн хичээлд муу дүн авч байсан гэнэ. Тэр үед М.Эрдэнэ багш түүнийг самбарын өмнө гарган загнаж байжээ. Харин хоёрдугаар улиралд Ч.Буянтогтох хичээлдээ мэрийсээр онц авахад дахин самбарын өмнө гаргаж магтсан гэв. Мөн тэрбээр цааш нь “М.Эрдэнэ багш дандаа “цусаар урс” гэж хэлдэг. Түүнийг нь манай ангийнхан шоолсоор байгаад хэллэг болчихсон байв. Нэг удаа багш намайг “Буянтогтох оо, энэ тоог ингэж бодохгүй ээ” гэхэд нь би “өө цусаар урс” гэж хэлээд маш их загнуулж билээ” гэсэн юм.

Авьяастнуудын анги хөдөөний хүүхэд олонтой байжээ. Тэдний дунд морь маланд нугасгүй дуртай Асгат, Наран сумын хоёр банди үй зайгүй нөхөрлөнө. С.Анужин, Э.Эрдэнэбилэг хоёр хичээл завсарлахаар л арын ширээнд суугаад хоёулаа морь ярьчихдаг байсан гэнэ. Өдгөө хоёулаа аймгийн алдарт уяач болцгоосон байна.

10Ё ангид өөр өөрийн онцлогтой олон содон хүүхэд байсны нэг нь “хүүхэн Сэлэнгэ” юм. Тэрбээр цав цагаан царайтай, соёлтой, цэмцгэр их эмэгтэйлэг хүү байжээ. Харин одоо бол тийм хочтой байсан гэхээргүй хувирсан гэж ангийн найзууд нь дурсав. Таргалаад, хууз сахалтай болсон төдийгүй газрын тосны хайгуулын компанид ажиллах болсон гэнэ. Мөн тэрбээр ангийн охин Анхбаяртай гэр бүл болсон нь нэг ангийнхны хувьд санаанд оромгүй явдал болжээ. Эдний ангиас төрсөн хоёр дахь хос бол “Жижгээ” гэгддэг байсан Т.Амарбаатар, “дэлдэн” Ганчимэг хоёр юм. Өдгөө Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй Т.Амарбаатар заяаны хань Ганчимэгээ “дэлдэн, дэлдэн” гээд шоолж, хонь чоно болж явсан нь амьдрал баялаг болохыг харуулсан сонин тохиолдлуудын нэг гэлтэй.

“Манай ангийнхан Улаанбаатар хот руу олимпиадад их явна. Нэг явахдаа дөрвөөс таван хүүхэд. Явах болгонд нь ангиараа гаргаж өгч байна, ирэхэд нь тосч байна гээд хичээлээ таслана. Хотоос ирэхдээ “Kevin” гэдэг цагаан жинсэн өмдийг өмсөж ирэхэд их гоё харагддаг байж билээ. Тэр өмд манай ангийнхан, манай үеийнхэнд мода болж байлаа шүү дээ. Мөн тэр үед Камертон, Хар сарнай, Сүнс хамтлагийн дуу хит болж, охидын дунд платформ гутал моданд орж байсан” гэж ангийн охин Туяацэцэг ярьсан юм. Тэр үед “гоц авьяастнуудын анги” гэсэн тодотголоос болж 10Ё ангийнхан үеийнхэндээ төдийгүй биеийн тамирын багшдаа адлуулах үе ч гарч байжээ. Гэхдээ энэ нэр тэдэнд хариуцлага үүрүүлж, түүнийхээ хэрээр дор бүрнээ хичээж сурахад түлхэц болж байсан нь дамжиггүй.

Гоц авьяастнуудын ангиас одоогийн байдлаар комьпютерийн шинжлэх ухааны доктор, магистр 10 төрөн гарсан ба удирдах албан тушаалтан, багш сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтан, инженер техникийн ажилтан, уул уурхайн яамны мэргэжилтэн, банк санхүүгийн ажилтан, хувиараа бизнес эрхлэгчид төрөн гараад байна. Тэдний эрхэлж буй ажил мэргэжлээс дурдвал, Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар, “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХКийн дэд захирал И. Сэлэнгэ, “Айтехник плас” ХХКн захирал, Багануур дүүргийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Л. Солонго, Сүхбаатар аймаг “Нэмэр их” ХХК-ийн захирал С.Түвшиндэлгэр нар, мөн гадаадад мэдлэг боловсролоо дээшлүүлж буй Ууганцэцэг, Хишигдэлгэр, Наранчимэг, Түмэндэлгэр, Батчимэг нарын хүмүүс маань удахгүй ирж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт ангийн нөхөд нь итгэж явна.

Өнгөрөгч наймдугаар сард 1997 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн нэгэн үеийн 10 бүлгийнхний түүхт 20 жилийн ой тохиож, сүүлчийн пионерууд болж явсан алтан үеэ эргэн дурсацгаажээ. Гоц авьяастнуудын “10Ё” ангийн найман хөвгүүн, есөн охин энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн байна. Харин энэ уулзалтад хайрт багш Б.Туул нь хүнд өвчтэйн улмаас ирж чадаагүй тул багшдаа зориулж хандив цуглуулж илгээсэн гэнэ.

Тэдний бахархал бол эцэг эх, эрдэмт багш, эзэмшсэн мэргэжлийнхээ нэрийг өндөрт өргөж, нийгэмд хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болж аймаг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж чадаж байгаа нь юм. Мөн ч ерөөлөөр учирсан ангийн нөхдийнхөө зовлон жаргалыг хуваалцаж, насан туршдаа нэг ангийнхан болж нөхөрлөсөн азтай учралаа дээдэлж яваагаар нь бахархахгүй байхын аргагүй.

Categories
мэдээ цаг-үе

Х.Чойбалсан буудуулах хүмүүстэй тамхилж, бүгдтэй нь гар бариад буруу хараад суусан гэдэг

Анх буудуулсан 12 хүнд зориулсан хөшөө босгожээ. Дэндэв генералын зээ
охин Ц.Алтанцэцэг үг хэлж байна

Жил бүрийн есдүгээр сарын 10-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байна. Монголын аль л оюунлаг, боловсролтой, бичиг эрдмийн хүмүүсийг хоморголон баривчилж буудан хороосон хар түүхийг хойч үе нь мартах учиргүй билээ. 1937-1938 онд оргилдоо хүрсэн хэлмэгдүүлэлтийн хар шуурга тухайн үед айл бүрийн хаалга үүдийг савчуулан, өнчирч хоцорсон эхнэр хүүхдийн уйлах дуу орой үдшээр тасардаггүй байсан гэдэг.

Нийслэл хотоос холгүйхэн Сонгинын аманд 12 хүний нэрийг бичсэн нэгэн даруухан хөшөө бий. Хүний хөл хөдөлгөөнөөс буйд энэ газар торойн буй тэрхүү хөшөө чулууг хийгээгүй хэргийнхээ төлөө хэлмэгдэн буудуулсан гэм зэмгүй хүмүүсийн дурсгалд зориулан босгосон юм. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэн нэг дор буудуулсан хамгийн анхны 12 хүнээс хойш баривчлагдан буудуулах хүмүүсийн нэрс хуудас хуудсаараа тодорч, буудуулсан 35 мянга гаруй, хэлмэгдэн шоронд орсон 100 мянга гаруй хүн бий гэх тодорхой бус тоо байдаг. Энэхүү хамгийн анх бөөнөөрөө буудуулсан хүмүүсийн нэг нь хошууч генарал Лувсандашийн Дэндэв билээ. Ардын хувьсгалд биеэрээ оролцож Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй зүтгэж явсан тэрбээр хожмоо ЗХУ-д Цэргийн академи, Хүн эмнэлгийн сургууль дүүргэсэн манай боловсролтой сэхээтнүүдийн нэг байжээ.

Одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дахь Охиндий хэмээх газар бол хошууч генарал Д.Дэндэвийн төрсөн нутаг нь. 1904 онд малчин Лувсандашийнд мэндэлсэн түүнийг найман нас хүрмэгц аав нь лам болгохоор хийдэд шавилан суулгажээ. Дөрвөн жил бурханы номд сурч байгаад аав ээж дээрээ эргэн ирж ганц хоёр жил мал малласан байдаг. Тэгээд дахин хийдэд сууж 1921 он буюу 17 настайдаа хийдээсээ гэртээ эргэн иржээ. Энэ үеэрээ гамингууд хэтэрхий их орж ирж байна, улс орныхоо төлөө юм хийх хэрэгтэй гэх зэргээр ярьдаг байв. Удалгүй ардын журамт цэрэгт элсэн орсон байна. Их хүрээ, Хиагтыг чөлөөлөх тулалдаанд биечлэн оролцсон түүнийг аль л хүнд хэцүү гэсэн газар руу дарга нар нь илгээдэг байж. Ардын засаг ялсны дараа жил буюу 1922 онд тэрбээр Цэргийн ерөнхий сургуульд оржээ. 1924-1927 онд Ленинградын Хэл бичигийн дээд сургуульд Б.Ренчин болон Монголын бичиг номын нэрт эрдэмтэдтэй мөр зэргэцэн сууж байсан түүхтэй. Тухайн үед монгол, түвд үсэгт тайлагдсан, сэргэлэн, идэвх зүтгэлтэй Дэндэвийг улам боловсруулан бэлтгэх алсын зорилго байсан бололтой. Орост сургуулиа төгсч ирсний дараа Цэцэрлэг мандал аймаг болох Улиастай хошууны хоршоонд ангийн дарга хийж байв. 1931 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Биеийн тамир сайжруулах хорооны даргаар томилсон ч дараа жил нь Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн академид дахин илгээжээ. Ленинградын Цэргийн академид явсан манай анхны таван хүний нэг нь гэдэг.

Л.Дэндэв гэргий Мөнхтөмөртэйгээ ханилан суугаад хүүтэй болсон ч эндсэн байна. Дахин хүүхэдтэй болохоороо өөрийнхөө амьдарч буй газрын нэрээр нэрлээрэй хэмээн ламын айлдсан ёсоор дараагийн хүүгээ Цэцэрлэг хэмээн нэрлэжээ. Энэ хүү хожмоо хар нялхаараа өнчирч, айлд үрчлэгдэн сайн сайхан өсөх бөгөөд аавынхаа дурсгалд зориулан олон олон зүйл хийх болно.

Хошууч генерал Л.Дэндэв

Дэндэв Орос руу эхнэр хүүхэдтэйгээ явсан болохоор хүү нь унаган орос хэлтэй, ер нь монголоор муу ярьдаг байв. Түүнийг сургуулиа төгсөж ирэхэд Бүх цэргийн эмнэлгийн даргаар томилж, хошууч генарал цол олгосон байна. Монголын хамгийн анхны хошууч генарал тухайн үед 32 настай байв. Түүний амьдарч байсан ногоон дээвэртэй нэг давхар дүнзэн байшин одоогийн Ленин клубын орчимд 2000 он хүртэл байсан юм.

Цэцэрлэг гуай найман настайдаа эцэг, эхээсээ өнчирч хоцорсон юм. 1937 оны долдугаар сарын 10. Маргааш болох наадамдаа бэлдээд хэн хүнгүй хөөрч догдолсон үе. Дэндэв генерал ч ёслолын хувцсаа яг таг бэлдээд өлгөчихсөн, зуны налгар сайхан цаг. Гэтэл шөнө дөлөөр хаалга балбаж цэрэг хувцастай хүмүүс ирж аавыг нь аваад явжээ. Хүү жаахан байсан ч “,аав аа, хаачих гэж байгаа юм” гэж асуугаад амжиж. “Зүгээрээ миний хүү. Аавд нь маш чухал ажил гарлаа. Явчихаад эргээд ирнээ. Ээжийгээ сайн харж байгаарай” гээд гарсан хүн эргэж гэртээ ирээгүй юм. Гэрээсээ явахдаа наадмаар өмсөх гэж байсан ёслолын ганган хувцсаа өмсөн, сэлмээ зүүгээд гарсан аавынх нь тэр бүдэгхэн зураглал хүүгийн ой ухаанд насан туршдаа хадагдсан юм.

Одоогийн зүүн дөрвөн замын доохно талд Дотоод явдлын яамны хянан шалгах хорооны байцаан шийтгэх газар буюу шорон байсан бололтой. Тэнд залуу генералыг аваачиж байцаасан байдаг. Ер нь дарга нар гээд нэр алдартай хүмүүсийг байцаахдаа нүүрэнд нь шарх сорви гаргаж болохгүй гэж тушааж байсан бололтой. Харин эмчийн арга буюу тариа тарих, ил шарх сорви гаргахгүйгээр тамладаг байж. Түүнийг хоёр сар хорьж байцаагаад өөрөөс нь гадна 11 хүний хамт есдүгээр сарын 9-нд Бөмбөгөр ногоон театрын өмнө авчирч, буудах тушаал уншиж байсан гэдэг. Тухайн үеийн ялын тогтоолыг харахад Гэндэн Дэмидийн хэрэгт оролцуулан Японы цэргийн тагнуулыг Монголд оруулж ирэхийг завдсан, мөн Гэндэн, Дэмид нарыг вагонд явж байхад нь хорлосон гэх мэт янз бүрийн үндэслэлгүй хэрэг тохож хүчээр хүлээлгэсэн байдаг.

Дэндэв генерал шоронд байхдаа хамт хоригдож байсан хүмүүстээ мэдүүлгээ яаж зөв өгөх, юу гэж ярих зэргийг зааж туслан олон хүний амийг аварч байсан гэсэн баримт бий.

Дээрх ялын тогтоол уншсан хүмүүсийг есдүгээр сарын 10-ны үүрээр Сонгинын аманд аваачиж буудан хороосон гашуун түүхтэй. 12 хүнийг буудах үеэр хонь хариулж явсан найман настай хүүг гэрч хэмээн хамтад нь буудсан гэх мэдээлэл ч байдаг. Тэднийг яг хаана буудуулсан гэдгийг хэн ч хэлж мэддэггүй байв. Харин 1990 онд Цагаатгалын комисс байгуулагдаж, тухайн үед ял гүйцэтгэж явсан хуягийг олж газрыг нь заалгаснаар дурсгалын хөшөө босгосон юм.

90 гаруй настай хуяг өвгөн “Сонгинын арын аманд анх 12 хүнийг буудсан. Бид шөнө нүхийг нь ухаж бэлдээд хүлээж байсан. Үүрээр ирсэн. Тэднийг их хүндэтгэлтэй авчирсан. Тэр үеэр Х.Чойбалсан Коментерний төлөөлөгч гэх орос хүний хамт хар машинтай ирсэн” хэмээн дурссан байна. Цэцэрлэг гуай хуяг өвгөнөөс “Миний аав Лувсандашийн Дэндэв гэж генерал хүн тэнд хамт буудуулсан. Аав маань тэр үед ямархуу байсан бэ. Анзаарч харсан уу” гэж асуухад “Дэндэв генерал ёстой сайхан, жагсаал хувцастай байсан. Буудуулах гэж биш параданд жагсах гэж байгаа юм шиг л харагдсан. Дугуй шар царайтай, инээмсэглэсэн тэр генерал гутал нь шороо болоход гөвж байсан” гэж хариулжээ. Өвгөний ярьснаар бол Х.Чойбалсан гуай буудуулах хүмүүстэй бүгдэнтэй нь гар бариад “Би яаж ч чадсангүй ээ, та нарыг аврах гэж оролдсон шүү” гээд тэврэлдэн зөндөө уйлцгаасан. Тэгээд нулимсаа арчаад буруу харж суугаад тушаал гүйцэтгэх үүрэг өгсөн. Тухайн үед буудуулах гэж ирсэн тэр хүмүүс шаналж зовсон царайгүй, харин ч эх орныхоо төлөө ямар нэг зүйл хийлээ гэсэн байдалтай, царай нь зоримог шинжтэй байсан. Түүгээр ч барахгүй бүгд Монгол Улсын төлөө гэж чанга дуугаар хэлээд буудуулсан. Үүний дараа тэнд ял гүйцэтгэсэн хүмүүс бүгд нулимсаа арчиж байсан хэмээн дурсчээ. Хуяг өвгөний хэлсэн бас нэг сонин зүйл бол хонио тууж явсан хүү дугуйтай байсан гэнэ. Хэрэв тэр газрыг ухвал хүүгийн унаж явсан дугуй гарна гэж батлан хэлж байжээ.

Хошууч генерал Л.Дэндэвийн хүү Цэцэрлэг зээ Б.Мөнхболдын хамт

Л.Дэндэв генералыг цаазалсны дараа эхнэр Мөнхтөмөр болон хүү Цэцэрлэг нарыг гэрээс нь хөөж, эд хөрөнгийг нь хураажээ. Хөөрхий эх хүүгээ дагуулан айл айлын хашаагаар хэсүүчлэн гэр барьж амьдарч явсан гэдэг. Гэхдээ орос хэлтэй боловсролтой эмэгтэй байсан болохоор Х.Чойбалсан гуай дээр олон удаа орж “Ажлаа хийж явсан нөхрийг маань яагаад ийм болгов” хэмээн хэл ам хийжээ.Түүгээр ч зогсохгүй ЗХУ-ын Коминтернд хүртэл хатуу ширүүн шүүмжилсэн захидал удаа дараа бичиж байв. Энэ бол хэдийгээр хань нөхөр нь үгүй болсон ч нэр төрийг нь сэргээх, үлдэж хоцорсон үр хүүхдийг нь хамгаалах гэсэн эх хүний зоримог үйлдэл юм. Үүнээс ч болсон уу, 1938 оны долдугаар сар буюу яг нэг жилийн дараа Мөнхтөмөрийн ядруухан гэрт цэрэг хувцастай танихгүй хүмүүс иржээ. Тэгээд хүүд таван төгрөг өгч дэлгүүрээс чихэр авч ид гэхэд ээж нь ч “яв яв” гэж. Монголоор бараг ойлгодоггүй хүү дэлгүүрт очин лангуунаас нь зүүгдэн байж “чавга, чангаанз, нар хамба” зааж аваад баяртай нь аргагүй гэрийн зүг гүйв. Аавыгаа баривчлагдан явснаас хойш амттай юмны бараа хараагүй болохоор баярлаж байсан гэж Цэцэрлэг гуай дурссан байдаг. Харин хэдхэн мөчийн дараа тэрбээр жаахан хүүхэд байтугай хэрийн томчууд ч цочирдон халгамаар аймшигт үйл явдалтай нүүр тулсан юм. Түүнийг гэртээ ирэхэд хашаанд нь хүмүүс шавчихсан, гэр нь цусан далай мэт ээжийнх нь хөл, гарыг нь тайраад, дээлээр нь хучаад хаячихсан дүр зураг угтжээ. Ээжийнхээ толгойг тэврээд уйлж суусан хүүг морьт эргүүлийн цагдаа гэртээ аваачиж нуусан байдаг. Лувсандашийн Дэндэв генералыг хэлмэгдүүлэн цаазалж, эхнэрийг нь хөнөөж, учир мэдэхгүй нялх хүү нь өнчирч хоцорсон түүх энэ.

Хүүг гэртээ аваачин өсгөж, өргөж авсан аав нь морьт эргүүлийн цагдаа Ц.Цэвээндорж гэдэг хүн юм. “Айж цочирдсон хүүг гэртээ аваачин гурилтай шөл хийж өгөөд хурган дотортой дээлээр хучин дулаацуулж унтуулсан” хэмээн хожмоо ярьсан байдаг юм. Өргөсөн ачит ээж нь Дашдэлэг гэдэг хүн байв. Залуу гэр бүл хүүг өөрийн мэт өсгөж өндийлгөсөн бөгөөд, араасаа олон дүү дагуулжээ. Сайн айлд үрчлэгдэн, эрүүл саруул өссөн ч Цэцэрлэг гуайг насан туршид нь эсэргүүний хүүхэд гэж хэлмэгдүүлсээр иржээ. Эмнэлэгт үзүүлэх, сургуульд сурах эрхгүй байв. Тиймээс 14 настайдаа замын цагдаа хийж байв. Хэдийгээр сургуульд сураагүй ч хүүхдүүдэд хичээл зааж буй монгол гэрийн хаяагаар харж байгаад монгол бичиг сурчээ. Хожмоо ажилд орж гайгүй сайн хэмээн үнэлэгдэн шагнуулах, дэвших гэхээр өнөөх л эсэргүүний хүүхэд гэсэн шалтгаанаар хойшилдог байлаа. Бүр эсэргүүний хүүхэд гээд шоронд хорьж байсан үе ч бий гэсэн. Цэцэрлэг гуай 37 нас хүртлээ эхнэр авалгүй явсаар ханьтайгаа учирчээ. Тухайн үед эхнэр нь жаахан охинтой, жирэмсэн байсан гэдэг. Тэд ханилан суугаад дахин нэг охинтой болсон бөгөөд Цэцэрлэг гуай зээ нартаа ээжийнхээ нэрийн Мөнх гэдэг үг оролцуулсан нэр өгчээ. Өдгөө түүний үр ач нар нь сайн сайхан амьдарч байгаа бөгөөд цэл залуугаараа хэлмэгдэн буудуулсан өндөр өвөөгийнхөө алдар гавьяаг мөнхлөхөөр амьдрал ажил үйлсийг нь дэлгэрүүлэн судлаж байна. Учир нь хошууч генарал Л.Дэндэвийн намтар түүх, ажил амьдралын тухай мэдээлэл хомс байдаг бөгөөд зарим хэвлэлд зургийг нь солих зэргээр буруу ташаа байдлаар хандсаар иржээ. Тухайлбал, Монголын ардын журамт цэргийн дурдатгалууд гэдэг номонд Л.Дэндэв генералын товч намрыг хэвлэхдээ өөр хүний зураг тавьсанд хүү нь гомдолтой байдгаа ярьсан байдаг.

1962 онд Л.Дэндэв генералын хэргийг цатгаатган, 1921 оны Ардын хувьсгалын анхны партизан нарын нэг хэмээн тэмдэглэн үлдээсэн юм. Одоогоор архиваас материалууд дэлгэрүүлэн хайж байгаа бөгөөд төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хөшөөг нь босгох, ном гаргах хэтийн зорилго үр хойчид нь бий. Энэ нь нэг талаас эцэг, өвгөдийнхөө дурсгалыг хүндэтгэн, ажил амьдралынх нь тухай нийтэлж буй ч нөгөө талаас Монголын түүхийн нэгэн үе хэлмэгдүүлэлтийн тухай хойч үедээ үнэн мөнөөр нь үлдээхэд баримт болох буй за.

Д.ОюунтуЯа

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс айл өрхүүдийн халаалт ирнэ

Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Харин эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл есдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна. Энэ жил өмнөх жилүүдийн адилаар сургууль, цэцэрлэг орон сууцны халаалтыг өнөөдрөөс буюу энэ сарын 15-наас өгөхөөр болжээ. Харин албан байгууллагын халаалтыг ирэх сарын нэгний өдрөөс өгөх ажээ.

Н.ГАНА

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хараа хамгаалах өдөр

“Дэлхийн хараа хамгаалах өдөр”

Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500,000 гаруй хүүхэд сохорч байгаа нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг болсоор байна. Монгол Улсад хийгдсэн судалгаагаар хүүхдийн сохролын тархалт нь 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага мэт боловч хүүхдийн катарактын сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд (5-6/100,000) байна. Иймд хүүхдийн хараа хамгаалах асуудлыг “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгасан.

Хүүхдийн нүдний эмгэгийн анхан шатны тусламж үйлчилгээний нэн чухал асуудал нь 0-18 насны хүүхдэд нүдний эмгэгийн анхан шатны үзлэг хийж, нүдний эмгэгийг эрт, илрүүлэн, хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлэг рүү хугацаа алдалгүй илгээж, эмчлэх нь явдал юм. Иймээс хүүхэд бүрийн нүдний харааг шалгаж, хараа муутай, сул хараатай хүүхдийг эрт илрүүлэн, оношилж эмчлэх нь цаашид хүүхдийн сул хараа, сохролоос сэргийлэхэд зайлшгүй чухал байна.

Categories
мэдээ нийгэм

Иракт халдлага болж, 60 хүн амиа алдлаа

Иракийн хойд хэсгийн Дхикар хотноо террористууд цуврал халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Террористууд тус хотноо байрлах тансаг зэрэглэлийн зоогийн газарт халдлага үйлдсэн байна.

Эхний халдлага өчигдөр 14.30 цагийн орчимд болсон хоёр дахь халдлага хагас цагийн дараа болсон талаар Цагдаагийн газраас мэдээлэв.

Цуврал халдлагаар 60 хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртжээ. Уг зоогийн газраар ихэвчлэн шийтийн шашинтнууд үйлчлүүлдэг гэнэ.

Амиа золиослогч этгээд зоогийн газрын өмнөх авто зогсоолд өөрийгөө егүүтгэсэн аж.

Халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 19-25-ны өдрүүдэд болно

“Намрын ногоон өдрүүд”  энэ сарын 19-25-ны өдрүүдэд болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.

“Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний үеэр:

  • 9 дүгээр сарын 21-нд “Органик хөдөө аж ахуйг дэмжье”
  • 9 дүгээр сарын 22-нд “Амтат балны ашиг тус”
  • 9 дүгээр сарын 23-нд “Эх орны сүү- Эрүүл хүнс”
  • 9 дүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгүүдийг тус тус зохион байгуулна.
Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт шүлхий өвчин гарлаа

Дорнод аймагт шүлхий өвчин гарлаа

Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.

Тодруулбал, Хөлөнбуйр сумын нэгдүгээр багийн нутаг “Өлзийтийн хөндий” гэх газар нутаглаж буй малчин Б-гийн суурьт нийт 15 тооны мал, Булган сумын дөрөвдүгээр багийн нутаг “Туг уул” гэх газар отроор нүүж яваа Төв аймгийн Жаргалант сумын малчин Г-ийн суурьт 46 үхэр, 25 хонь нийт 71 тооны малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лаборторийн шинжилгээр батлагджээ.

Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс хуралдаж тус сумдад үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай арга хэмжээ авч, сумдын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгсөн байна. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулахаар болжээ. Түүнчлэн Мал эмнэлэг үржлийн газраас яаралтай 20 литр вакцин /ОХУ-д үйлдвэрлэсэн/ татан авч байгаа бөгөөд шүлхийн голомтонд байгаа бүх малд нийт 10,5 литр вакциныг зарцуулах аж.

Одоогоор өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр суманд ариутгалын цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд автомашины төрлөөс хамаарч 1000-3000 төгрөгний хураамж авч байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхболд, У.Хүрэлсүх нар сэм уулзлаа

МАН-ын бүлгийн 33 гишүүн Засгийн газраа огцруулснаас хойш Төрийн ордон эл хуль болоод байсан. Эрх баригч бүлгийн ганц нэг гишүүн ирж байсныг эс тооцвол энэ долоо хоногт дорвитой үйл явдал ч болсонгүй. Уржигдар харин МАН-ын бүлэг хуралдаж Бага хурлынхаа товыг тогтсоноор Ардын намынхан “амь орж” эхэлсэн гэхэд болно. Өчигдөр үдээс өмнө Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарын гишүүд өрөөндөө бичиг цаас болон албаны ажилтай сууж байсан бол УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн яамныхаа газар, хэлтсийн дарга нартай төсвийн тодотголын төслийг танилцуулахаар ирснээс өөр үйл явдал өрнөөгүй. Харин 13 цаг өнгөрөөж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар Засгийн газар огцорсноос хойш анх удаа спикерийн өрөөнд сэмхэн “болзсон”-ыг хэн ч мэдсэнгүй. Тэдний уулзалтыг намын гишүүд нь ч мэдээгүй гээд бодохоор ихэд нууцалсан бололтой юм. Тэд юу ярилцав гэдгийг хүн бүр сонирхож байгаа. Хамгийн сайнаар бодоход намынхаа эв нэгдлийг хангая. Бүлэг доторх талцсан асуудлуудаа шийдье. Зангидсан гар шиг буцаад эвлэе гэж ярьсан байж болох ч тэдэнд ийм орон зай үлдсэн үү гэдэг нь бас л бүрхэг. М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх эсрэг ажилласан гэдэг мэдээлэл гарч, “Херо” студийн Б.Баатартай утсаар ярьсан ярианаас эхлээд намынхаа гишүүд бүү хэл жирийн иргэдийг хүртэл талцуулаад авсан. Битүү хатуу үгээр намын даргадаа “илгээмж” хүргүүлж байсныг аль аль нь мартаагүй. Харин тэдний уулзах шалтгаан юу байв. Засгийн газрын бүтэц үү, эсвэл дараагийн Ерөнхий сайд, намын дарга хэн байх вэ гэдэг асуудал уу. Муугаар бодоход өөр хоорондоо албан тушаалын тохироо хийв үү. Эх сурвалжийн хэлснээр Засгийн газрын зарим сайд нар дээр тохироо хийсэн бололтой. Тэдний уулзалт нэг цаг орчим үргэлжлээд У.Хүрэлсүх өрөөнөөс гарч явсан байна.

Үүний дараа МАН-ын дарга М.Энхболдын өрөөнд нөлөө бүхий зарим гишүүд цуглаж эхэлсэн юм. Засгийн газрыг огцруулснаас хойш усанд хаясан чулуу шиг алга болоод байсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдээс гадна МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар М.Энхболдын өрөөнд цуглалаа. Тэдний араас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар орсон юм. Тэдний өрөөнд ямар нэгэн чухал яриа өрнөх нь гарцаагүй боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү М.Энхболд даргын өрөөний үүднээс буцав. Учир нь намын гишүүд нь цугласан тул УИХ-ын даргатай уулзах боломж түүнд гарсангүй бололтой. Тэрээр “Ерөнхий сайд ирж байна” гэсээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг угтан алхаж ямар нэгэн зүйл ярьсаар буцаж ирлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өрөөндөө сууж байгаа гэсэн ч энэ удаагийн хурал руу орсонгүй. Нэг цаг орчим Их хурлын даргын өрөөнд хуралдсаны эцэст тэд гарч ирсэн юм. Хуралдаанаас гарч ирэхдээ өнөөдөр 11 цагт бүлгийнхээ хурлыг хуралдуулах шийдвэрт хүрчээ. Тиймээс сүүлийн үед Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нарын өрөөнд хоёр хуваагдан хуралдаж байсан МАН-ын бүлгийн гишүүд хагарсан ан цаваа нийлүүлэхээр болж бүлгийн хурлаа зарласан юм.

Тэднийг хуралдаж дуусахын өмнөхөн буюу 15 цаг өнгөрөөгөөд МАН-ын бүлгийн гишүүд Төрийн ордонд цуглаж эхлэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын өрөөнд орцгоосон юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг нар мөн ирсэн байлаа. Намын даргын өрөөнөөс гарч ирсэн гишүүд тэндээ хундага тулгав уу, орохоосоо өмнө “халаалттай” байв уу. Ямартай ч Их хурлын даргын өрөөнөөс “хэвийн бус” гарч ирцгээсэн тэд бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд цай уунгаа нэг цаг уулзаад тарцгаасан юм. Харин Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ Их хурлын даргын өрөөнөөс хар гүйхээрээ шахам гарч ирэн гурван давхрын баруун талаас зүүн тийшээ гүйж яваа харагдав. Бүлгийн даргын өрөөнөөсөө гарсан гишүүд нэгнийхээ өрөөнд цуглаж хундага тулгаж байлаа. Тас тас хөрөхсөн гишүүдийн дуу Төрийн ордны нам гүмийг эвдэж байсан юм.

Өөр нэг мэдээлэл ирсэн нь Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх 14 аймгийн Засаг даргыг БНСУ-д амралтын журмаар явуулсан бололтой. Нэг сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарах ёстойг 21 аймгийн Засаг дарга нарт үүрэгдсэн ч тэд ийнхүү хилийн дээс алхан алга болжээ. Тэднийг ийнхүү явуулсан шалтгаан нь энэ сарын 24-ний өдөр хуралдах намынхаа Бага хурлын төлөөлөгчдийг хайрцаглах даалгавартай байсан гэдгийг эх сурвалжууд хэллээ.

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын уулзалтаар яригдсан зүйлс тодорхойгүй байсан тул зарим гишүүд нь хэд хэдээрээ нэгнийхээ өрөөнд цуглан таамаг дэвшүүлж суулаа. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж ээлжит бус чуулганы тов, нам доторх хагарлаа эмхлэх сурагтай.

Э.ЭНХ


Categories
гадаад мэдээ

Өнөөдөр өглөө БНАСАУ дахин пуужин харвалаа

Өнөөдөр өглөө БНАСАУ дахин пуужин харвасан нь Японы нутаг дээгүүр нисч далайд унасан байна. Пхеньян ойролцоох газраас пуужин харвасан хэмээн БНСУ-ын зэвсэгт хүчний удирдлагы штабаас мэдээллээ. Түүний дараахан Японд тусгай дохиолол дуугарч иргэдийг нуувчанд орохыг анхааруулсан байна.

Одоогоор чухам ямар пуужин харвасан нь тодорхойгүй байна .Ямар ч байсан 770 км-ийн өндөр 3700 км хол нисчээ. Японы NHK телевиззийн мэдээлсэнээр пуужин Хокайдо арал дээгүүр нисч өнгөрсөн байна.