Categories
мэдээ нийгэм

П.Ганхуяг: Чанаргүй вакцины асуудлыг шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцно

ОХУ-аас шүлхийн вакцин нийлүүлнэ

ХХААХҮЯ-наас өчигдөр малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар, Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд таарсан вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх юм.

Энэ талаар ХХААХҮЯ-ны харьяа МЭҮГ-ын дарга П.Ганхуяг ”ОХУ-ын Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар 4,1 сая тун вакциныг нийлүүлэхээр болж эхний ээлжийн вакцин долдугаар сард ирсэн. Харин дараагийн ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ. Сүүлийн үед чанаргүй гэх мэдээлэл гарах болсон. Энэ асуудлыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж материал мэдээллээ хүргүүлсэн. Мөн тус вакцины дээжийг олон улсын лабораториор шинжлүүлэхээр болсон. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байгаа. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу хариуцлага тооцно” гэв.
Categories
мэдээ нийгэм

​“ICT-Expo-2017” үзэсгэлэн үргэлжилж байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн энэ жил 11 дэх удаагаа болж байгаа юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн энэ сарын 15-17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Уг арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 60 орчим байгууллага оролцож байгаа аж. Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд зургаан номинацид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өрсөлдүүлэх гэнэ.

Үүнд Шилдэг технологи, Шилдэг үйлчилгээ, Шилдэг санаачилга, Шилдэг бүтээгдэхүүн, Шилдэг шийдэл болон “ICT-Expo-2017” үзэсгэлэнгийн шилдэг оролцогчийг шалгаруулах юм байна. Экспо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан лавлах тусгай дугаарын нээлтийг хийсэн.

Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалъя” аяныг эхлүүлэх аж. Ивээн тэтгэгч болон оролцогч байгууллагуудын зохион байгуулах уралдаан тэмцээн гээд олон арга хэмжээ энэ өдрүүдэд явагдаж байв. Амралтын өдөр учраас залуучууд төрөл бүрийн арга хэмжээнд оролцож байлаа. Мөн цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаан болж байлаа.

Үзэсгэлэнгийн үеэр Үндэсний дата төвөөс ТҮЦ машиныг ажиллуулж зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгож байв.

Categories
мэдээ нийгэм

​“Миний туслах 104” тусгай дугаарын үйлчилгээний нээлтийн арга хэмжээ боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” тусгай дугаарын үйлчилгээний нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд “ICT EXPO 2017”-ын төв тайзанд зохион байгуулагдлаа. Монголд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яаралтай тусламжийн дуудлагыг дуут болон дүрст хэлбэрээр хүлээн авч дамжуулах зорилготой технологийн дэвшилд суурилсан тусгай дугаарын үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга болон холбогдох ТББ-ийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын их хурлаас 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр батлагдан гарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлд Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх тухай заасан байдаг. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Юнител групп хамтран тус үйлчилгээг нэвтрүүлж байгаа аж. Юнител групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тус үйлчилгээний мэдээлэл технологийн болон бусад шийдлийг нь бэлтгэн өгсөн гэнэ. 104 дугаарт бүх үүрэн операторын хэрэглэгч үнэ төлбөргүй дуудлага хийх боломжтой ажээ.

Манай улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооны 2016 оны тоо баримтаар 100993 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Энэ нь нийт хүн амын 3.4 хувийг эзэлж байгаа юм. Ийнхүү бүлгийн иргэдээс 11000 харааны бэрхшээлтэй иргэн 10.7 хувь, 8653 сонсголын бэрхшээлтэй 8.4 хувь, 4367 хэл ярианы бэрхшээлтэй 4.2 хувь иргэд байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 23.3 орчим хувийг эзэлж буй эдгээр хүмүүсийн мэдээлэл хүртэх эрх нь хязгаарлагдмал, хангалтгүй байдаг. Иймээс Төр хувийн хэвшил хамтран нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байдаг зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна хэмээн онцлов.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар дугуйгаар уралдлаа

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн нэрэмжит уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн офицер ахлагч нар эрэгтэй 3, эмэгтэй 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр баг болон насны ангиллаар өрсөлдөж аваргаа тодруулсан юм.

Эрэгтэй алба хаагчид 15 км, эмэгтэйчүүд 10 км-ын зайд уралдаж, амжилттай оролцсон тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшууллаа.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт анхаарахыг сануулав

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Энэ удаагийн хурлаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудлууд болон хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэсэн бөгөөд нийслэлийн 378 жилийн ойн өдрийг угтсан ажлыг хэрхэн зохион байгуулах тухай дуулгалаа.

Мөн энэ хүрээнд НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь” семинар, “Эрүүл мэнд-Ээлтэй орчин” аян, спортын тэмцээний талаархи мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллах, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтийн асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай ярилцлаа.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой түвшний ажлууд зохион байгуулж буй энэ үед эрүүл мэндийн байгууллагууд харилцан хамтарч ажиллах нь тун чухал ач холбогдолтой болохыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар энэ үеэр онцолсон юм. Үүний зэрэгцээ малын шүлхий өвчний хорио цээрийн үед тухайн дүүрэгт оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд анхаарал хандуулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох тал дээр мэдээлэл, сурталчилгаа түлхүү хийхийг зөвлөсөн.

Харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад тэрбээр хүүхдэд зонхилон тохиолддог халдварт өвчлөлүүд, тэр дундаа амьсгалын замын цочмог халдвар болох томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжинд анхаарч ажиллахыг санууллаа.

Хурлын төгсгөлд НЭМГ-ын Статистик, мэдээллийн хэлтсийн дарга С.Ариунтуяа 2017 оны эхний найман сарын байдлаар нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт, төрөлт, нас баралт, эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг харьцуулсан байдлаар танилцуулсан. Энэ хүрээнд өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд суурилуулсан цахим программ хангамжийн нэвтрүүлэлт ямархуу түвшинд явагдаж байгаа тухай мэдээлэл хүргэсэн юм.

Categories
гадаад мэдээ

​Лондон хотын “Парсонс Грин” өртөөнд дэлбэрэлт гарчээ

Лондон хотын баруун зүгт байрлах метроны ‘Парсонс Грин’ өртөөнд өчигдөр өглөө цагийн үед дэлбэрэлт гарчээ. Дэлбэрэлтийн улмаас 18 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Лондогийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар, энэхүү золгүй үйл явдал террорист ажиллагаатай холбоотой байх өндөр магадлалтай гэв. Урьдчилсан байдлаар, ‘Парсонс Грин’ өртөөний нэг галт тэрэгний шалан дээр ууттай хуванцар сав дэлбэрсэн гэх таамаглалыг Британийн сэтгүүлчид дэвшүүлж байна. Тэрхүү хуванцар саванд гар аргаар хийсэн дэлбэрэх төхөөрөмж байсан ажээ.

Болсон үйл явдалтай холбоотойгоор Их Британийн Ерөнхий сайд COBRA онцгой байдлын хороог яаралтай хуралдахыг үүрэг болгосон байна. Үүнээс гадна, ард иргэдийг тайван байхыг анхааруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Нямдолжин: Нүүрсээ худалдах шинэ суваг нэмснээр дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах боломжтой

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Нямдолжинтой ярилцлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Түүний оролцсон Дорнын эдийн засгийн форумын цар хүрээний талаар сонирхуулахгүй юу. Манай улс энэ уулзалтын үйл ажиллагаанд хэрхэн оролцов?

-Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг 2015 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар Владивосток хотноо зохион явуулж ирсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохиогдож байна. Владивостокийг сонгосон нь зүгээр ч сонгосон зүйл биш. ОХУ-ын Алс Дорнод, Байгалийн бүс нутгаа хөгжүүлэх бодлоготой нь салшгүй холбоотой. Түүнээс гадна 21-р зууныг “Азийн зуун” хэмээж буй өнөө үед Алс Дорнодын бүс нутгаа дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох Ази руу гарах хөгжлийн гарц, зангилаа судас гэж харж байгаа юм. Гэвч хүн ам сийрэг суурьшсан, Европын хэсэгтэй харьцуулахад хөгжлийн түвшин ялгаатай, сул хөгжсөн байдал нь Оросын улс төр, эдийн засгийн эмзэг асуудал юм. ОХУ-ын байгалийн баялгийн нөөцийн 60-80 хувь, нийт хүн амын 18 хувь, газар нутгийн 78 хувь нь Азийн хэсэгт оршдог. Алс Дорнодын сав газарт 64 далайн боомтын 28 нь байдаг ба Хабаровск, Приморскийн хязгаарын Восточный, Находка, Владивосток, Ванино зэрэг боомтод бараа эргэлтийн 75 хувь оногддог нь Оросын томоохон 10 боомтын тоонд багтдаг. В.Путин Ерөнхийлөгч болсон цагаасаа эхлэн тус бүс нутгийг хөгжүүлэх эрчимтэй бодлого баримталж ирсэн. Тухайлбал, тус бүс нутгийг хэдэн жилийн өмнө “Тэргүүлэх хөгжлийн бүс” болгон зарласан, Алс Дорнодын хөгжлийн яамыг шинээр байгуулсан, Алс Дорнод, Байгалийн бүсийг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийг баталсан гэх мэт ажлуудыг хийж байна. Дорнын эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдааны нээлт дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:“Алс Дорнодын бүс нутгийн ирээдүйг хурдацтай хөгжиж буй Ази Номхон далайн бүс нутагтай интеграцичлагдах Оросын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол төв гэж харж байна. Зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарыг шинэчилж, үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар шинэ үйлдвэр, үйлчилгээ, ажлын байрыг бий болгох нь бидний ажлын гол зорилго” хэмээн онцолсон. ОХУ-ын эдийн засгийн гол түнш БНХАУ болоод байгаа, түүнчлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Хойд Азийн бусад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, Оросын болон гадаадын зах зээл дээр хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна.Түүнээс гадна Өрнөдийн хүчтэй дарамт шахалтыг сөрөн зогсох, Евразийн өргөн уудам бүсэд эдийн засгаа тэлэх Оросын бодлоготой нийцсэн чухал ажил болж байгаа юм. Хэдийгээр 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ч цар хүрээ нь өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд хоорондын улс төр, бизнесийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах, санал бодлоо солилцох олон улсын томоохон талбар болсон. Өнгөрсөн онд тус чуулга уулзалтын хүрээнд дэлхийн 60 гаруй орны 3000 гаруй төлөөлөгчид оролцон, 1,7 триллион рублийн 200 гаруй гэрээ хэлэлцээр хийгдсэн байдаг. Энэ удаагийн форумын үйл ажиллагаанд 60 гаруй орны 4000 гаруй төлөөлөгчид оролцсон. Тус чуулга уулзалтан дээр Оросын талаас хэрэгжүүлэх мега төслүүдээ танилцуулав. Тухайлбал, Хабаровскийн хязгаарын амбан захирагч В.Шпортын танилцуулсан төслийн дотор, нефть боловсруулах, нефть-химийн үйлдвэр, Евро-5 түлш шинээр гаргах 660 тэрбум рублийн төсөл, 2017 оны 9-р сард эхэлж байгаа Хабаровскийг тойрсон төлбөртэй автозам байгуулах 41,8 тэрбум рублийн төсөл болон гадаадын хамтарсан том хэмжээний төслүүд багтаж байна. Гадаадын том төслүүдийн тоонд Японтой хамтарсан төсөл орж байна. Энэ нь “Надеждинская” хөгжлийн тэргүүлэх бүсэд Mazda маркийн хөдөлгүүр үйлдвэрлэх үйлдвэр байгуулах Алс Дорнодын хөгжлийн корпораци,Mazda Sollers Manufacturing компаниудын хооронд Орос-Японы хамтарсан хэлэлцээрийг байгуулав. Сахалин-Хоккайдогийн хооронд гүүр байгуулах бизнес төсөл ч яригдав. В.Путины үзэж байгаагаар Өмнөд Солонгосын бизнесийн түншүүдтэй Алс Дорнодын боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтад Өмнөд Солонгосын компаниуд оролцох нь илүү ирээдүйтэй төсөл болох юм. Түүнчлэн В.Путин хөдөө аж ахуйн салбарыг онцлон дурдаад, Өмнөд Солонгост нийлүүлсэн Оросын хүнсний бүтээгдэхүүн эхний 7 сард 17%-иар өссөн буюу 870 сая ам.долларт хүрснийг онцлов. Энэ мэтчилэн одоогийн байдлаар нэг триллион давсан гэрээ хэлэлцээрүүд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын талбар дээр хийгдсэн байна.

-Манай Ерөнхийлөгч Восточный боомтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ боомтоор манай улс нүүрсээ гуравдагч орнуудад гаргах боломжтой хамгийн дөт зам гэж байна. Тийм боломж бидэнд бий юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулга уулзалтад оролцсон гол зорилго бол Приморын хязгаарын“Восточный” боомтоор Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч орны зах зээлд Монголын эдийн засгийн стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болох нүүрс, зэсээ худалдах боломжийг нээх,төмөр замын транзит тээврийн хөнгөлөлт эдлэх талаар олон жил яригдсан энэ асуудлаар Оросын талтай тохиролцон хэлэлцээрийн түвшинд хүрэх явдал байв. Энэ зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байна. Учир нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын талбар дээр манай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монголын нүүрсийг дамжин өнгөрүүлэх тухай хэлэлцээрт 2017 онд багтан гарын үсэг зурах тухайгаа Оросын талаас мэдэгдсэн.

-Эдийн засагчид үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. Монгол Улсын хувьд гуравдагч хөрш рүүгээ нүүрсээ гаргахын тулд урдуураа гаргасан нь дээр юм уу, хойгуураа явсан хоёрын аль нь ашигтай юм бэ?

-Тувагийн Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Монголын нүүрсний ордоос “Восточный” боомт хүрэхэд 5000 км-ийн зайтай.Тус боомтыг ашиглахад эдийн засгийн үр ашиг бага, эрсдэл дагуулж болох ч нэг зах зээлээс хараат байхаас зайлсхийдэг, эмзэг, жижиг эдийн засагтай, далайд гарцгүй орны хувьд Монголын нүүрсний зах зээлд Хятадын нөлөө, хамаарал улам бүр өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд стратегийн чухал ач холбогдолтой алхам болсон гэж бодож байна. Нөгөө талаас, Монгол-Оросын харилцаа сэргэх нэг илэрхийлэл болж байгаа төдийгүй урд хөрш рүү хэдийгээр 200 км-ийн ойр зайнд нүүрсээ худалдаж байгаа боловч, нүүрсээ худалдах шинэ суваг нэмснээр дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах боломжтой. Ерөнхийлөгч Х.Баттулга “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр ОХУ-ын Зам тээврийн сайд Максим Соколов “Восточный” боомт нь дэд бүтэц хөгжсөн хамгийн сайн бэлтгэгдсэн талбай бүхий боомтуудын нэг бөгөөд АНД-н бүс нутгийн орнууд, Зүүн Өмнөд Азийн орнууд руу тээвэрлэх Монголын нүүрсийг хүлээж авах боломж байгааг онцлон тэмдэглэсэн. Тэрээр ТАСС агентлагт өмнө нь өгсөн ярилцлагадаа Монгол Улс “Восточный” боомтод сард 70 гаруй мянган тонн нүүрс нийлүүлэх боломжтой. Гэхдээ одоохондоо нүүрсний тодорхой хэмжээг тогтоогүй байна. Нүүрс худалдах тухай Монголтой байгуулах гэрээнээс тодорхой болно гэж мэдэгдсэн. “Восточный” боомт Оросын нүүрсний төрөлжсөн томоохон боомтуудын нэг юм. 2016 онд тус боомтын нүүрсний экспортын бараа эргэлт 23,5 сая тонн-д хүрсэн. Нийт экспортын нүүрсний 30 хувь нь тус боомтоор дамжин өнгөрсөн байна. Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын хүрээнд болсон “Орос-Монгол: Уулзах газар-Алс Дорнод” дугуй ширээний уулзалтын нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван транзит тээврийн төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

-Ер нь Монгол Оросын эдийн засгийн харилцаа идэвхгүй байдаг. Харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд гадаад бодлогодоо сайн хөршийн харилцааг идэвхжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр ОХУ-тай нэн түрүүнд эдийн засгийн харилцаагаа сайжруулахын тулд ямар тохиролцоонд хүрэх ёстой вэ?

-Монгол Улс хойд хөрштэйгөө стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаа тогтоосон ч эдийн засгийн салбарт тэнцүү харилцаж чадахгүй байна. Монгол-Оросын худалдаанд голлох экспортын нэр төрөл нь газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун байдаг. Тиймээс хоёр талын худалдааны хэмжээг өсгөх, Монголын талын худалдааны алдагдлыг бууруулахын тулд Монголын экспортын бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэр төрлийг төрөлжүүлэх, Оросын талын гаалийн өндөр татвар, тарифын болон тарифын бус саад тотгор, Монголын мах, махан бүтээгдэхүүнд Оросын талын тавьж буй хорио, цээр, квотын асуудлыг хамтран шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах шаардлагатай байна. Тус чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны худалдааны эргэлтэд гарсан зарим эерэг өсөлтийн талаар дурдсан. Тухайлбал, 2017 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705,3 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46,8 хувь өссөн таатай мэдээ байна. Үүний дотор ОХУ-д гаргасан манай экспорт 33,4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,5 хувь, ОХУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүн 671, 9 сая ам.доллар буюу 49, 5 хувиар тус тус өссөн байна. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд чамлалттай байгаа. Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах хэрэгтэйг энэ статистик тоо харуулж байна гэлээ. Эдийн засгийн харилцаанд ОХУ, БНХАУ зэрэг том орнуудын аль нэг давамгайлах байр суурийг эзлэх нь манай улс шиг жижиг орны хувьд эдийн засгийн хараат бус байдлыг алдагдуулж, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй тул хоёр хөрштэйгөө адил тэгш харилцааг хөгжүүлэх нь чухал юм.Энэ хүрээнд Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэвтрэх боломжийг бүрдүүлж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Будапештэд болсон жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжихээр очихдоо В.Путинтай уулзсан. Спортын наадмаар дөвийлгөж хоёр улсын Ерөнхийлөгч уулзсан нь ашигтай хувилбар болж чадсан уу?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Будапештэд болсон жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж ярилцсан. Энэ үеэр хоёр орны ерөнхийлөгчид энэ оны эхний зургаан сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлтэд гарсан нааштай үр дүнд суурилан улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол-Оросын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам”-ын үйл ажиллагааг шинэчлэх талаар ярилцсан. Аливаа олон улсын арга хэмжээний үеэр төрийн тэргүүнүүд уулзаж ярилцах явдал түгээмэл байдаг. Ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгчөөр шинээр сонгогдоод удаагүй байгаа Х.Баттулгын хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж хоёр орны харилцааны асуудлаар ярилцах нь зүй ёсны хэрэг болов уу.

Categories
мэдээ спорт

Надад тун хэцүү байна. Сэтгэл, санаа булингартаад л…

Айзейя Томасын өдрийн тэмдэглэлээс.

Дэнниг (Дэнни Эйнж -“Бостон Селтикс” багийн ерөнхий менежер) залгах үед би машин жолоодоод явж байлаа. Эхнэр бид хоёр Майамид хуримын ойгоо тэмдэглэж хэд хоночихоод буцаж байсан үе. Машин барих үедээ ямар нэг зүйлд сатаараад дуудлагыг нь өнгөрөөчихөв. Дэнни удалгүй “IT боломжтой үедээ залгаарай” гэсэн мессэж үлдээжээ.
Дэнни бол “Селтикс”-ийн хамгийн чухал хүн нь шүү дээ. Түүнтэй тогтмол түмэн төрлийн хэрэгтэй, хэрэггүй асуудлуудаар байнга ярьж байдаг тул нэг их ач холбогдол өгсөнгүй , шууд л машин жолоодож байх үедээ залгалаа. Тэр намайг наран шарлагын газар амарч, гэр бүлтэйгээ тэмдэглэлт ойгоо өнгөрөөчихөөд ирж байгааг мэдэж байсан тул тэр тухай асууж би хариуд нь түүний гэр бүлийн талаар мэнд мэдэж, ерөнхийдөө жижүүрийн “буу халалт” хийж дуусаад гэнэт чимээгүй болчихов. Тэгээд тэр огцом “Би чамайг сольчихлоо” хэмээн ниргэдэг юм даа.
Тун энгийн. Элдэв чимэглэл, энээ тэрээ байхгүй. Ер нь иймэрхүү новшийн зүйл хийх үед олон үг хэлэх шаардлага гардаггүй юм байлгүй. Хэсэг хугацаанд ярих чадвараа алдсан би түр азнаад “хаашаа вэ” гэж ганцхан үг л унагаж чадсан санагдана.
Дэнни-“Кливленд рүү. Кайригаар”
Танд хэн нэгэн хүнтэй утсаар удаан ярих үед толгойд чинь “утсаа тасла, одоо болно” гэх мэдрэмж хэзээ ч юм төрж байсан тийм үү. Яг тийм мөч намайг эзэмдэж байлаа. Учир нь Дэнни цочмог мэдээллийнхээ дараа намайг Бостонд том байсан талаар, чи алтан гургалдай, чамайг Кливлендэд дардан зам, гайхамшигт замнал хүлээж байгаа гэх мэт чалчих үлгэрийг зогсоох боломжгүй “үлээж” эхэлсэн. Харин би түүний энэ үлгэрийг зогсоох гэж хэсэг оролдоод болоогүй тул яриан дундуур нь шууд л “залгасанд баярлаллаа, өөр хэлэх зүйл алга” гээд утсаа тасалсан.
Дуусаа. Хувь заяаг өөрчилсөн утасны дуудлагын утга ийм л байлаа. Эхний ээлжинд гэр бүлийнхээ талаар бодов. Эхнэр Кайли бид хоёр тухайн үед хоёулаа явж байсан тул ээжийнд орхисон хүүхдүүддээ энэ мэдээг хурдан хэлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Учир нь тун удахгүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуугиж эхлэх бөгөөд тэр мэдээлэл дотор хүүхдийн ухамсрыг цочроох худал хуурмаг зүйл өчнөөн бичигдэх тул өөрөө эхэлж тэдэнд дуулгах ёстой гэдгээ ухамсарлав. Дэнни чи арай ч дээ. Хичээлийн улирал эхлэх гэж байна шүү дээ. Хүүхдүүд Надад тун хэцүү байна. Сэтгэл, санаа булингартаад л…маань өөр хот руу шинэ сургуульд яаж дасна даа.
Том хүү Жэймс маань олон зүйл асууж гайхсангүй, шууд л “Хаашаа вэ? Аав аа” гэсэн.
“Кливленд рүү. Ааавыг нь Кайригаар сольчихжээ”
“Аа, аав аа та Леброн Жэймстэй хамт тоглох юм байна шүү дээ. Пөөх, Лебронтой шүү”
Харин бага хүү Жэйден дуугаа хураачихаад айсан нүдтэй зогсоод байлаа. Тэр их мэдрэмтгий бас Бостон хотод ухамсарт амьдрал нь өнгөрсөн тул хэцүү байгаа бололтой.
“Жэйден чи баярлаж байна уу, гуньж байна уу”
“Аав аа би явмааргүй байна. Кливлендэд манайх шиг тоглоомын талбай байхгүй”
Хэдэн цагийн дараа бүх хэвлэл, мэдээллээр миний солилцооны тухай зар мэдээ пижигнэж эхэлсэн дээ. Твиттэр хуудас, фэйсбүүк, гар утас руу хичнээн ч дуудлага ирсэн бэ бүү мэд. Өрөвдсөн, өршөөсөн, заналхийлсэн, уучилсан үгнүүд, мэдэх, мэдэхгүй мэргэжилтэнгүүдийн ухаантай царай гарган анализ хийх бичлэгүүд надад ямар ч нөлөө үзүүлээгүй ээ. Хоёрхон хүний сэтгэгдэл надад хангалттай. Том хүүгийн маань “пөөх, Леброн” гэх авиа энэ цаг үеийн шилдгийн шилдэг сагсан бөмбөгчтэй хамт тоглох болжээ гэдгийг илэрхийлсэн. Түүнтэй хамт дахин Дорнод бүсийн аваргын төлөө тоглох юмсан, лигийн аваргын төлөө өрсөлдөх ч боломж бий гэсэн өөдрөг үзлийг бэлэглэлээ. Харин бага хүүгийн маань “гунигтай байна” гэдэг үг одоогийн бодит байдал дээр минь аваачих юм. Чөтгөр ав гэж. “Селтикс” чамайг би их удаан үгүйлэх нь дээ. Бас яг одоо надад тун хэцүү байна. Намайг наймаалчихлаа гэж үү. Сэтгэл санаа булингартаад асар хэцүү байна. Энд ямар ч хувийн өш хонзон байхгүй, зүгээр л бизнес явагдаж байна гэдгийг мэдэвч хөлс, цусаа урсган үнэнчээр зүтгэсэн он жилүүдийг бодитоор үнэлж болсонгүй юу гээд бодохоор асар их уур хүрч байна.
Д.БАТ-ЭРДЭНЭ
Categories
мэдээ спорт

​Бодибилдинг фитнессийн УАШТ өнөөдөр эхэлнэ

Related image

Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах 26 дахь удаагийн “Монголын мистер-2017” тэмцээн өнөөдөр 15 цагаас эхэлнэ. Тус тэмцээн “UB Palace”-д хоёр өдрийн турш зохиогдох юм.

Тэмцээнд оролцогчид бодибилдингийн насанд хүрэгчдийн зургаан жингийн ангилал, 21 хүртэлх насныхан, бодибилдинг мастер, эмэгтэй атлетикийн бие бялдар, эмэгтэй фитнесс, эрэгтэй фитнесс, эмэгтэй моделийн бие бялдар гурван ангилал, эрэгтэй моделийн бие бялдрын гурван ангилал гэсэн төрлүүдээр өрсөлдөнө.

Нийтийн биеийн тамирыг бодибилдинг, фитнессээр дамжуулах нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө нийгэмд сурталчлах зорилготой тус тэмцээний ангилал бүрээс медальт байр шалгарна. Тус тэмцээнээс медальт байрт шалгарсан тамирчид ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох ес дэх удаагийн бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.

Categories
мэдээ цаг-үе

Намрын өнгө

Image result for Намрын  өнгө

Урсгал усны чимээ сонсох нь хүнд маш их тайвшралыг өгч, мэдрэлийн ядаргааг дарахад тусалдаг. Тийм ч болохоор голын эрэг, нуурын хөвөөнд амарч, алжаалаа тайлахыг хичээдэг.

Харин намрын цагаар ой хөвчөөр аялах, байгалийн өнгийг гэрэл зургийн аппаратандаа буулгах, ой мод, тал хээрийн тансаг байдлыг харах нь хүний нүдний ядаргааг тайлах шидтэй бөгөөд нүдний чангарсан булчингуудыг суллаж, даралт бууруулдаг юм байна. Гэрэл зурагчдын хувьд намрын цагт тусгайлан маршрут гаргаж байгалийн зураг авдаг нь учиртай. Өнгөний хамгийн сайхан зохицол, уусалт, зохимж, найрсалтыг намар л харуулдаг.
Иймээс намрыг зураачид ч тэсэн ядан хүлээж будаг, бийрээ бэлддэг.
Та ч гэсэн намрын энэ налгар өдрүүдэд агаар салхинд гарахдаа намрын өнгийг удаан гэгч нь анзаарч, ширтэх нь нэгэн төрлийн эмчилгээ болно. Намрыг ерөнхийд нь алтан шаргал хэмээдэг ч 600 гаруй төрлийн өнгийг ялгаруулдаг аж. Бусад улирлаас харахгүй өнгийг харж болно гэсэн үг. Хараа муутай, нүдний бага зэргийн асуудалтай хүмүүс намар цагт агаарт гарахдаа тодорхой хугацаагаар нүдний шил, линзээ аваад тэр сайхан өнгийг мэдрэх гэж хичээвэл тустай юм.
Намрын өнгө өдөр өдрөөрөө өөрчлөгдөж, өөр өөр өнгөд хувирдаг учир боломжтой бол тодорхой давтамжтайгаар агаарт гарах нь тохиромжтой.

Д.ГАНСАРУУЛ