Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 17-ны ням гарагт буюу өнөөдөр хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Сонгино хайрхан дүүрэг

10:30-18:00 2, 3-р хороо БН-ын 13-р гудамж болон ойр орчмоор
10:30-18:00 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор

Баянзүрх дүүрэг

10:00-16:00 УСУГ-ын худгууд

Налайх дүүрэг

09.00-18.00 Нарны орон, Морьтон шанкур, Иргэн Бадамханд, Александр, Жадамба, Иргэн Отгонбаяр, Илд Бамбай, Уян хайрхан, Бамбай секюрити ХХК-ууд, Шилийн булаг дэд станцууд болон эдгээрийн ойр орчмоор.

Categories
мэдээ цаг-үе

“Универсиад” их наадмын мөнгөн медальт Б.НАРАНТУЯА: Миний дараагийн зорилго дэлхийн аварга болох

Универсиад наадмын пүүл биллиардын хосын төрөлд хүрэл медаль хүртсэн баг. Баруун гар талынх нь Б.Нарантуяа

Тайванийн Тайпей хотноо болж өнгөрсөн Дэлхийн оюутан, залуучуудын “Универсиад” их наадмын пүүл биллиардын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсад дуурсган ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Баярсайханы Нарантуяатай ярилцлаа.


-Юуны өмнө Дэлхийн оюутны их наадамд амжилттай оролцож, төрийнхөө далбааг мандуулсанд баяр хүргэе. Бэлтгэл сайн байв уу?

-Баярлалаа. Энэхүү наадам олимпийн дараа орох чансаа өндөр том тэмцээн. Универсиад их наадамд энэ жил дэлхийн 160 гаруй орноос 8000 орчим тамирчин хүрэлцэн ирж, спортын 19 төрлөөр өрсөлдсөн байна лээ. Үүнээс пүүл биллиардын төрөлд олон улсын шилдэг 32 тамирчин оролцсон. Миний хувьд шөвгийн наймд Солонгосын тамирчин Ён Хи Жэнийг 9:3-ын харьцаатай хожиж, хагас шигшээд Тайванийн тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авснаар аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдсөн юм. Бид хоёр их удаан тоглосон л доо. Эцэст нь би 6:9-ын харьцаатай хожигдож, мөнгөн медаль хүртсэн.

-Алтан медалийн төлөөх тоглолтод яагаад хожигдов. Өрсөлдөгч тань чансаатай байв уу?

-Яг алтан медалийн төлөө тоглохдоо сэтгэл санааны хувьд ч гэх үү тийм айж, бэргэсэн зүйл байгаагүй л дээ. Харин мөнгөн медалийн төлөө Тайванийн алдартай тамирчин дэлхийн аварга хүнтэй тоглосон болохоор хожих болов уу гэсэн бодол төрж байлаа. Бага зэрэг итгэл муутай тоглосон ч гэлээ хожсондоо маш их баярласан. Хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хожчихсон болохоор аваргын төлөөх тоглолт тийм ч хэцүү санагдаагүй юм. Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэдэг шиг юм болсон доо (инээв). Алтан медалийн төлөө дахиад Тайванийн тамирчинтай тоглож, хожигдсон.

-Та багийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Ганцаарчилсан болон багаараа тоглоход аль нь хэцүү байдаг бол?

-Хосын төрлөөр оролцох нь илүү хэцүү л дээ. Учир нь өөрийнхөө анхаарлыг болоод тоглолтын төлөвлөгөөгөө бүрэн гаргаж чаддаггүй. Ер нь ганцаарчилсан төрөл нь амар санагддаг. Манай улсын эрэгтэй, эмэгтэй тамирчид пүүл биллиардын багийн төрөлд аль аль нь хасагдах шатны тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орон Тайванийн багтай хийсэн. Тайванийн багийн хувьд бүрэлдэхүүндээ дэлхийн аварга тамирчин багтаасан шилдэг баг байсан. Тэр ч утгаараа эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, хүрэл медаль хүртсэн. Харин манай улсын баг эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

-Пүүл биллиардын хэд хэдэн дүрэм бий. Энэ удаагийн наадам аль дүрмээр нь явагдсан бэ?

-Есөн шааригны дүрмээр тоглосон. Биллиард сонирхогчид мэднэ дээ. Ширээн дээр нэгээс ес хүртэлх шаариг байдаг. Түүнийг нэг дугаартайгаас нь эхэлж оруулсаар хамгийн сүүлийн шаариг буюу ес дугаартай бөмбөгийг оруулсан тоглогч хожил авдаг юм.

-Өмнө нь Универсиад наадамд пүүл биллиардын төрөл байгаагүй санагдах юм?

-Тийм ээ. Пүүл буюу ногоон ширээний биллиардын төрөл энэхүү наадамд багтдаггүй байсан л даа. Энэ жилийн Универсиад их наадам Тайваньд болсон болохоор зохион байгуулж буй эзэн орон спортын нэг төрөл нэмэх эрхтэй байдаг юм. Энэхүү спорт Тайваньд сүүлийн жилүүдэд их хурдацтай хөгжиж байгаа. Тийм болохоор аль чадах спортоо нэмж оруулсан байх. Гэхдээ дэлхийд биллиардын спорт хамгийн сайн хөгжсөн, хамгийн алдартай тамирчидтай улс бол Хятад шүү дээ. Өнөө цагийн биллиардын шилдгүүд, чансаагаараа дэлхийд тэргүүлдэг нь Хятад тамирчид юм.

-Анх биллиардыг хэнээр заалгаж, тоглож сурсан бэ?

-Манай гэр бүл 100 айлд, нэг давхар улаан тоосгон барилгын материалын дэлгүүрийн ард талын хашаанд манаач хийж амьдардаг байлаа. Аав, ээж, ах, эгч гээд бүгд л дор бүрнээ ажил хийж, амьдралаа авч явдаг байв. Тухайн үед би ч гэсэн аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр чихэр, печень, ундаа, ус аваад зарж, олсон хэдэн төгрөгөө гэр бүлийнхээ орлогод нэмэрлэдэг байсан. 100 айл орчмоор ингэж явахдаа биллиард тоглож байгаа хүмүүсийг хараад гоё санагдаж, өөрөө тоглож үзэх юмсан гэж боддог байв. Нэг өдөр аав маань найзуудтайгаа биллиард тоглох үед би хамт явсан юм. Аав маань надад биллиард яаж тоглохыг зааж билээ. Тэр цагаас хойш өнөөх биллиардын газраас салахаа байсан даа.

-Спорт болгон хүний эрүүл мэндэд ашигтай гэдэг. Тэгвэл биллиардын спортоор хичээллэснээр хувь хүнд ямар давуу талыг бий болгох бол?

-Мэдээж хэрэг ямар ч спортоор хичээллэсэн хүний биед сөрөг үр нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой. Би багаасаа энэхүү спортоор хичээллэж, тоглож өссөн болохоор ашиг тусыг нь мэдэрч л байдаг. Биллиард нь тооцооллын спорт шүү дээ. Би энэ үгийг хэлэх дуртай. Шатартай л адилхан гэсэн үг. Яаж нүүхэв гэж их боддогтой адил толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Гурван нүүдлийн цаадахыг харж тоглоно гэдэг шиг л гурван цохилтын цаадахыг харж байгаад л тоглодог. Нэг л алдвал хожих боломж эрс буурна. Бараг найдлагагүй. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тайван байж, цохилтоо хийхийг шаарддаг спорт. Ингэснээрээ оюуны спорт, харааг тогтворжуулж, сайжруулдаг хэмээн багш нар маань хэлдэг. Тэр ч үнэн байх. Энэ спортын өөр нэг давуу тал нь хөдөлгөөн. Харахад ширээ тойрч, алхаад хэдэн цохилт хийчихээд сууж байгаа мэт боловч яг үнэндээ биллиард тоглох үедээ өөрийн мэдэлгүй таваас долоон километр зайд алхчихсан байдаг. Яагаад ч юм биллиард тоглохоор миний санаа зовж байсан зүйлс мартагддаг шүү. Тоглож байхдаа сандраад л “одоо яанаа” гээд байх юм бол шааригаа огт цохиж чадахгүй. Сандрах, айж балмагдах үед зүрхэнд хэт их ачаалал өгдөг учраас төвлөрч чадалгүй бие салганаж эхэлнэ. Тийм учраас сэтгэл санаагаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэр ч утгаараа биллиард тоглох нь хүний зан араншинг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадвар бий болгодог гэж боддог.

-Өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?

-2009 онд одоогийн “Шайн” клубээс зохион байгуулсан тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэндээс л тэмцээн уралдаан гэж юу байдаг талаар ойлголттой болсноор амжилтын гараагаа эхлүүлсэн. 2013 онд Инчоны Азийн наадамд оролцож “Хүндэт диплом”, 2014 онд “China open” тэмцээнд оролцож шилдэг 32 тоглогчийн нэгээр шалгарсан, “Ногоон ширээний дэлхийн аварга”-д хоёр удаа явж байсан. Ер нь биллиардын ямар ч тэмцээн хувь тамирчдын рейтингээс шалтгаалахгүйгээр нээлттэй байдаг. Ямар ч хүн явж болно. Хамгийн гол нь хувиасаа зардал гаргах л хэцүү. Энэ асуудал дээр л манай монгол тамирчид гацаад байгаа юм.

-Ойрын хугацаанд ямар уралдаан, тэмцээнд оролцохоор бэлдэж байна вэ?

-Ирэх нэгдүгээр сард “Ногоон ширээний” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятад улсад зохиогдоно. Ойрын хугацаанд болох хамгийн том тэмцээн энэ л байна. Яг оролцох, үгүйгээ хэлж мэдэхгүй юм. Уг нь ирэх жилийн дэлхийн аваргад оролцох хүсэл их байна. Гэхдээ олон улсын тэмцээн уралдаанд оролцохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Ер нь ихэнх тамирчид хувийн зардлаараа гадаадад болж буй тэмцээн, уралдаанд оролцдог шүү дээ. Энэ л асуудал болж байна. Гэхдээ ирэх жилийн дэлхийн аваргад оролцохыг хичээнэ.

-Өөрөө ямар мэргэжлээр сурч байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би Отгонтэнгэр их сургуулийн санхүүгийн ангийг өнгөрсөн хавар төгссөн. Анх энэхүү мэргэжлийг сонгохдоо дурлаж, сонирхож ороогүй (инээв). Ер нь санаандгүй л сонгосон гэж хэлж болно. Өмнө сургууль соёл гээд биллиардын спортод бүрэн анхаарал тавьж чаддаггүй байлаа. Харин одоо их сургуулиа төгссөн болохоор цаг зав гайгүй болсон. Тийм болохоор өөрийн бодож, санаж, зорьж байгаа дэлхийн аварга хэмээх эрхэм амжилтад хүрэхийг хичээнэ.

Миний дараагийн зорилго дэлхийн аварга болох. Энэ спортоор багаасаа сонирхон хичээллэсэн болохоор эцсийг нь үзнэ л гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

О.Тэмүүжин: Манай продакшны дараагийн мөрөөдөл драмын жүжигт хүч сорих

“Эмоци” продакшны жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Тэмүүжинтэй ярилцлаа.


-“Эмоци” продакшн “Гоё өдөр” хэмээх шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргээд эхэлжээ. Мөн тун удахгүй “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноны нээлт болно гэсэн байх аа?

-Манай продакшн намрын ээлжит шоу тоглолтоо нээгээд байна. Тоглолт маань өдөр болгон Соёлын төв өргөөнд болж байгаа. Мөн есдүгээр сарын 8-нд “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг хийх гээд хүлээж байна даа. Энэ мэтчилэн уран бүтээлийн олз омог дүүрэн, сайхан намар болж байна. Цаашдаа тоглолт болон “Гурван найз эргэж ирсэн нь” уран сайхны киногоо хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүргэнэ.

-Энэ удаагийн “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны кино урьд, урьдынхаасаа юугаараа өвөрмөц байх вэ?

-“Гурван найз” олон ангит киногоор эхэлж байсан л даа. Харин дараа нь “Гурван найз яасан байх нь уу” хэмээх нэг ангит уран сайхны кино хийсэн. Энэ удаад бол “Гурван найз эргэж ирсэн нь” нэртэйгээр гарч байна. Мэдээж гурван найзад тохиолдсон адал явдлын тухай өгүүлнэ. Гэхдээ өмнөх ангиудаасаа үйл явдал, киноны хийц, уран бүтээлчдийн хувьд илүү ахиц, дэвшил гарсан. “Hulegu pictures”, “Эмоци” продакшн хамтарсны дээр Тайландын кино компанитай болон БНСУ-ын жүжигчид оролцон тоглосон. Зураг авалтаа Тайландад очиж хийсэн байгаа. Монгол киногоо дэлхийд сурталчилахын тулд гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллах нь зүйтэй гэж бодсон л доо. Ямартай ч ярьж, төлөвлөснийхөө дагуу уран бүтээлээ хийж чадсан даа киноны хамт олон маань их баяртай байгаа. Олон ч хүний хөлс, хүч сэтгэл шингэсэн болохоор чанартай уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.

-Гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад онцлох зүйл нь юу байсан бол?

-Суралцах зүйл цөөнгүй байсан. Цаг маш сайн баримталдаг, үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Нэг баг хамт олон шиг байж чаддаг нь авууштай санагдаж байлаа. Мөн зохиол дээр юу гэж тусгасан байна яг л түүгээрээ явдаг. Манайхан бол зураг авах байршил, зарим үг зэргээ өөрчлөх тохиолдол гардаг л даа. Энэ мэтчилэн суралцах зүйл маш их байсан. Хамгийн онцолмоор зүйл нь тэнд жүжигчинг яг хаан шиг л байдаг юм билээ. Тэдний хувьд зөвхөн жүжиглэлтдээ л анхаарах ёстой. Учир нь тэрхүү жүжигчдэд хувцас хунарыг нь бэлдэх, гар, хөлөнд нь массаж хийх, ус уух үед нь савных нь тагийг онгойлгодог хүмүүс хүртэл тусдаа байдаг. Харин бидний хувьд бол өөр шүү дээ. Хувцсаа олж өмсөнө, хэрэгцээтэй зүйлсээ ч цуглуулна гээд киноныхоо бүхий л зүйлсэд гар бие оролцоно. Тийм болоод ч тэрүү гадны жүжигчдийн хангамж зэрэг нь их сонирхолтой байсан. Яахав хэзээ нэгэн өдөр манай Монголын урлаг тэр хэмжээнд хүрч хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ тэр хангамж байсан, байгаагүй манай уран бүтээлчид сайхан уран бүтээл хийж чаддаг шүү дээ.

Ямартай ч уран бүтээлүүд маань төлөвлөгөөний дагуу явж байна. Цаашид ч гадны чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч уран сайхны кино хийх бодол бий. Бүр цаашлаад Холливудынхантай хамтарч ч уран бүтээл хиймээр л байна. Уран бүтээлч хүний сэтгэлийн мухарт энэ мэт сайхан мөрөөдлүүд нуугдаж л байдаг шүү дээ.

О.Тэмүүжин зурган илэрцүүд-Таны хувьд “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан, өөрийн гэсэн продакшнтай болоод хэдий дөрвөн жил болжээ. Мэдээж алдаа оноо, ахиц дэвшилтэй он жилүүд байсан нь дамжиггүй. Энэ тухайд?

-“Эмоци” продакшнаа байгуулаад дөрвөн хаврыг үджээ. Өөрсдийн гэсэн хөлөг онгоцтой болоод түүгээрээ хэр хол аялахаа үзье гэсэн тэмүүлэлтэйгээр “Х-ТҮЦ” продакшнаас зориглон гарч байлаа. Тэр үеэ бодоход өөрийн гэсэн байр суурьтай, “Эмоци” продакшнаар овоглодог уран бүтээлчидтэй, хаана ч очсон биднийг хүлээн зөвшөөрөхүйц болсон гээд маш их өөрчлөлтүүд гарчээ. Уран бүтээл минь амжилттай явж байгаа учраас л бид өнөөдрийг хүртэл зогсохгүй явсаар байна. Уран бүтээлчдийн маань ч хувьд туршлагажсан. Продакшн маань сандал, ширээ ч үгүй байлаа. Гэтэл одоо маш олон хувцас, хэрэгсэл, тайзны фондтой болсон. Уран бүтээлийн жагсаалт маань ч багагүй нэмэгдсэн. Энэ хугацаанд тайзны уран бүтээл, олон ангит болон нэг ангит уран сайхны кино болон хэд, хэдэн аялан тоглолтыг хийжээ. Мөн уран бүтээлүүддээ зориулж цөөнгүй клип ч хийсэн. Харин манай продакшны дараагийн мөрөөдөл бол драмын жүжигт хүч сорих юм. Гэхдээ одоогоор хараахан тохироо нь бүрдээгүй байна л даа. Энэ мэтчилэн бид жүжигчин хүний хүч үзэж болох бүхий л төрөл, жанрт хүч үзэхэд бэлэн байна. Өлсгөлөн чоно мэт л дайрч ороход бэлэн гэж болно. Хамтлагийн маань жүжигчид харьцангуй залуу байна. Тэгэхээр маш их ирээдүй бидэнд бий гэж боддог. Ер нь тэгээд амжилттай сайхан явахаар улам л урам зориг ордог юм байна. Энэ их эрч хүч урам зоригоор үзэгчдэдээ чанартай, хүртээмжтэй сайхан уран бүтээлүүдийг хүргэхээр зорьж явна.

-“Эмоци” продакшн анх байгуулагдахдаа бусад хошин урлагийн хамтлагуудаас юугаараа онцгой байхыг зорьсон бэ. Одоо тэр чиг шугамаараа явж чадаж байгаа юу?

-Яг шударга хэлэхэд манай продакшн энтертайнмент чиглэлээр уран бүтээлээ хийхийг зорьдог. Энэхүү чиг шугамаа ч барьдаг. Тэр ч утгаараа ч хоёр жил тутамд нэг олон ангит кино хийж байгааг үзэгчид маань анзаарч байгаа байх. Мөн үзэгчидтэйгээ ч гэсэн ойр байхыг хүсдэг. Тоглолт болгон дээр маань үзэгчидтэйгээ хамтарсан үзүүлбэр байдаг. Түүнчлэн тоглолтын өнгө аяс ч тэр дуу, бүжиг, өнгө будаг, тайз засалт зэрэг маань ч энтертайнмент тал руу чиглэдэг. Хэдий бүхий л хошин урлагийн хамтлагууд энтертайнмент чиглэлийг барьдаг гэдэг боловч “Эмоци” продакшны хувьд илүү содон байдаг болов уу. Манай продакшны бүх уран бүтээлчид дуулж, бүжиглэж, жүжиглэж байна. Бүх зүйлээ л цогцоор нь байлгахын тулд бид хөдөлмөрлөж байгаа юм. Бид ч бие, биенээсээ тийм байхыг шаарддаг.

Түүнчлэн манай продакшны уран бүтээлчид харьцангуй эрх чөлөөтэй. Хэн нь ч байлаа гэсэн кино, шоу тоглолт гээд хүссэн уран бүтээлдээ оролцоод, тоглоод явж байдаг. Энэ бас манай хамт олны нэг онцлог давуу тал л даа. Тиймдээ ч манай хамтлагийн уран бүтээлчдэд маш их саналууд ирдэг.

-Таны хувьд “Boom­town” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж улмаар “Х-ТҮЦ” продакшнд харьяалагдах болсон шүү дээ. Тэрхүү үеэ дурсвал?

-СУИС-ийн кино, драмын ангийн жүжигчин байхдаа хурдан л алдартай жүжигчин болох юмсан гэсэн мөрөөдөлтэй байлаа. Ер нь урлагийн чиглэлээр сурч байгаа хүн бүхний л мөрөөдөл алдартай хүн болох байдаг байх л даа. Тиймдээ ч оюутан ахуй цагийнхаа мөрөөдлийг биелүүлж дуулж, бүжиглэдэг хэдэн залуус нийлэн “Boom­town” хамтлагийг байгуулсан. Уран бүтээлээ ч сайхан хийж байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн гэсэн үзэл бодолтой, ирээдүйг харах өнцөгтэй уран бүтээлч болон төлөвшдөг юм байна л даа. Ингээд продакшнаар овоглоод яваад үзье гэж шийдсэн. Сайхан ах, эгч нарынхаа дунд олон жил ажиллаад их ч зүйлийг сурсан даа. Харин тухайн үед залуучуудаараа нийлээд яагаад продакшн байгуулж болохгүй гэж гэсэн бодол төрдөг байлаа. Одоо бол өөрийн гэсэн продакштай болсон байна. Олон ч сайхан уран бүтээл хийнэ гэж зорьж байгаа. Магадгүй цаашдаа продакшнаас ч илүү зүйлийг хүсэж, мөрөөдөхийг үгүйсгэхгүй. Тэр үед түүнийхээ төлөө мөн л зүтгээд, хөдөлмөрлөөд явах болно. Амьдрал баялаг шүү дээ.

-Таныг их сургуулийн тань багш нар театрын жүжигчин бол гэж зөвлөдөг байсан гэлүү?

-Багш нар маань “Чи драмын театрт ажиллаарай. Тэр нь чамд илүү зохино” гэж хэлдэг байсан. Гэхдээ миний хувьд хүмүүсийн заримдаа сайн бас муу ч хэлдэг хошин урлагийг сонгосон. Хүмүүс хошин урлагийг шүүмжлэх, муулах үе байдаг л даа. Тийм боловч өнөөдрийг хүртэл моданаас гараагүй байгаа л урлаг шүү дээ. Миний хувьд хошин урлагийн сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Энэ бол миний явах ёстой зам л гэж боддог. Миний хувьд драмын театрын тайзнаа “Аянгын бороо” жүжгээр гарч байсан удаа бий. Үнэхээр сайхан байсан гэдгийг энд онцлох нь зүйтэй байх. Ямартай ч бид зөвхөн хошин урлагт гэж туйлшрахгүй бүхий л жанраар уран бүтээл хийж байна.

-Та “Ийм нэгэн дурлал”, “Сарны нулимс”, “Хайрлаж болох уу” , “Болсон явдал” зэрэг уран сайхны кинонууд тоглож байсан. Эдгээр кинонууд ч үзэгчдийн хүртээл болж чадсан…

-Миний хамгийн анхны уран бүтээл маань “Ийм нэгэн дурлал” уран сайхны кино л доо. Харин “Болсон явдал” кинон дээр найздаа туслахын тулд эмэгтэй хүн болж байгаа залуугийн дүрд тоглосон. Энэ дүрийг хүмүүс сонирхож асуух нь цөөнгүй байдаг. Би тийм ч их кинонд тоглоогүй л дээ. Арав гаруйхан л уран сайхны кинонд дүр бүтээсэн байх. Бүх уран бүтээлдээ зүрх сэтгэлээ шингээж ажилладаг болохоор энэ дүрүүддээ хайртай.

-Та нэгэн ярилцлагандаа туслах дүрд тоглохыг хүсдэггүй гэсэн байсан. Яагаад юм бол?

– Кино саналууд их ирдэг л дээ. Харин ажлын онцлогоос хамаараад төдийлөн тоглож амжихгүй юм. Түүнээс жүжигчин хүн дүрийг голж болохгүй л дээ. “Дүр л жүжигчнээ голно уу гэхээс жүжигчин хүн дүрийг голох ёсгүй” гэсэн үг байдаг. Багш нар маань ч ингэж заадаг. Тиймээс дүрийг айхавтар голж, шилээд байх нь ч хаашаа юм. Ажлын маань л боломж, бололцоо болдоггүй.

-Танай гэр бүл саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан. Ер нь таны бодлоор гэр бүлийн аз жаргал юунд оршдог гэж боддог вэ?

-Гэр бүл хүний амьдралын хамгийн том цайз, хэрэм нь. Хүний ажил бүтэмжтэй сайн, сайхан байхад гэр бүлийн байдал хамгийн чухал үүрэгтэй. Өглөө гэрээсээ гарахад үр хүүхдүүд нь аз жаргал, баяр баяслаар дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай байвал тэр өдрийн ажлын бүтээмж илүү байдаг юм шиг санагддаг. Тиймдээ ч гэр бүл минь төлөв, түвшин байгаасай гэж хамгийн их хүсдэг. Ямартай ч би одоо л нэг дөмөгхөн эцэг хүн болж байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Цаашдаа ч гэсэн сайн аав, сайн өрх гэрийн тэргүүн байхын тулд хичээнэ. Мөн хүмүүст үлгэр дуурайл болохоор гэр бүл байх болно. Хэдий гэр бүлдээ цаг, зав зарцуулах үе хомсхон байдаг ч бүхий л зүйлийг амжуулахаар зорьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа

Д.Нямаа ах бид хоёр Дэл ууланд алхалж яваа нь

Ээлжийн амралтаа эдэлсэн шигээ сэтгэл амгалан байх үед төрсөн өдөр ч тохиож таарлаа. Гэргий хүүхдээ дагуулан Нямаа ахын зуслан руу гарч өгөв. Үе үехэн сүүн бороо цайрч шиврээд таатай сайхан. Монголын зохиолчдын халуун голомт Шадивлангийн зусланд яах ийхийн зуургүй туушиндаад буучих нь тэр. Биднийг ирэх сургаар Отгонбаяр эгч хуушуур хайраад сүрхий гэгч нь угтаж байгаа юм.

“Та юу аязагнаад байна даа” гэж эрхэм зохиолчоос асуухад, “Миний хийдэг ажил гэрийн гадаах сандал дээр суугаад урд уулыг харна. Урд уулын ар дээр жаахан хотгор хонхор газар бий. Түүнийг Ар хотгор гэнэ. Нэг өдөр гайгүй хэдэн үхэр, нөгөө өдөр нэлээдгүй олон үхэр гараад ирнэ. Тэгээд л Ар хотгорын бэлчирт арван хэдэн үхэр байна гэж харж, тоолж суудаг ажилтай. Хөдөөний хүн болохоор мал харах их дуртай. Мөн үүл бас харна. Дамдинсүрэн гуайн хэлснээр хувилгаан цагаан, хурмастын цагаан үүл, араг үүрсэн эхнэр бүжиглэж байгаа юм шиг, арслан цагаан барс хэвтэж байгаа юм шиг гэдэг лугаа үүлний байр байдлыг сониучирхан ажина. Энэ жил ёстой л “арслан барс” шиг үүл их гарч байна. Жигтэйхэн толгойлсон үүлнүүд байх юм” гэж ажлын тайлангаа тавих зуурт найрагчийн гэргий “Манай хүн чинь үүл юм уу, үхэр мал л харна. Намайг хардаг цаг өнгөрчээ” хэмээн цаашлуулаад Ховдын тарвас өмнө минь таваглалаа.

Нямаа ахын гэргий Ховдын Эрдэнэбүрэн сум цаст цагаан Цамбагарав хайрхны охин. Хоёр мянга нэг оны намар хадмынхаа нутаг цаст их Алтайд дахин дөрөө мулталжээ.“Нар тогтсон намрын шаргал өдрүүдэд Ховд голын хөвөө даган өөлд түмний бургасан уньтай цомбогор гэрийн хоймор өөд залагдаж, уулын сарлагийн идээ ундаагаар дайлуулан ураг садныхаа айлуудаар бууж мордож явлаа. Цаст Цамбагарав хайрхан баруун хойд талыг эзлэнхэн дүнхийж, үе үе сүүдэртээд тэргүүн дээрээ үүл татан байх нь сүслэн залбирмаар сүр бараатай. Ургах наран хамгийн түрүүн тэнд тусах нь Алтай сэрж галаа асаах мэт” гэж яг л шүлэг шиг нүдэнд харагдтал хэлж байна. Баруун Алтай бол үлгэр зүүдний юм шиг ер бусын газар орон л доо, аргагүй.

Мориор хоёр цаг гаруй явж туулдаг Ховд, Өлгий нутгийг холбосон Монгол Алтайн гол гудамж Шижигтийн хавцлыг гаталсан нь бий. Тэр тухайгаа “Хавцлын хоёр тал өөд байн байн харж явахад мянган жилийн нар салхи Алтайн эгц босоо улаан хаднуудыг өрөмдөөд орчихсон мэт энд тэндгүй нүх хонгил. Намрын сэрүү орсон хойно бол тийм нүхнээс уур цан гарч харагддаг төдийгүй амсар хавь нь цантсан үзэгддэг гэдэг. Хавцлын амаар гарч ирэхэд ямар нэг театр хүрээлэнгийн хөшиг нээчих мэт болов. Нүдэн дээр Алтайн арван гурван сантай гэх Дамжиг толгой эгнэж, Ховдын гол хэд салаалан урсаад нуга хөндийгөөр нь цагаан гэрүүд од мэт ярайжээ. Өмнө минь дуунд гараад байдаг Алтанхөхий уул. Тэртээ зүүн хойно Хархираа Түргэний цаст уулс зүмбэрлэнэ. Тийм зураг харсан Цэдэн ах “Ай, Алтай цаст буурал минь хөөрхий, хөөрхий” гэж явав. Намайг анх жаран хоёр оны зун цаст Цамбагаравын бэл хормойд хүрч очиход эмээлтэй морь хөтөлж ирээд тосч авсан хүн Цэдэн ах. Түүнийг дагаж би Алтайд гарсан” хэмээн өгүүлнэм буюу. Ингэж л баруун Алтайн бас нэг сайхан уул Цэдэндорж гуайгаар газарчлуулж Нямаа ах ханийнхаа төрсөн бууцанд нь очсон гэдэг.

Миний бие Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөрийн тухай хөрөг бичихсэн гэж хорхойсч, дотроос адгаад буйгаа дуулгаснаас үүдэн бид хоёрын яриа “Цэцэгт цэнхэр алчуур” дууны түүх рүү ороод явчихлаа. Үнэхээр тэр өдрүүдэд “Есөн эрдэнийн орон”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Миний нутгийн бараа”, “Би хаана төрөө вэ”, “Дорнын цагаан саран”, “Цэцэгт цэнхэр алчуур” гээд сонгодог бүтээлүүдийн хөгжмийг туурвиж, Монголын дууны урлагт гантиг цагаан хөшөө босгосон эгэл даруу Баттөмөр ах миний зүрх сэтгэлд уянга халгиаж байв. Одоо чиг хэвээрээ л байна. Урлагийн гавьяат гэх цол нь жулдаж байгаа эл эрхэм, ард түмэн Ардын уран зохиолч хэмээн хүндэтгэн хайрладаг Долгорын Нямаа хоёул Дундговийн аараг манхан толгодын дунд хүмүүн заяаг олсон авьяастнууд билээ л. Далан есөн онд төрсөн уг бүтээлийн үүдэл санаа тэртээ тавин нэгэн онд арван хоёрхон настай хүүгийн тархиных нь бор хальсанд зурагдсан байх юм.

“Тэр намрын шувуудын олныг юу гэхэв. Нүүдлийн шувууд тийм олноороо цувсан өөр намрыг би санадаггүй. Унаган далиа халтал дэвж говь цөлийн уудмыг туулдаг биз. Холын тэртээ нутгийг зорьж явааг нь бодоод арван хоёр настай хүү би хонины дэргэд нүүдлийн шувуудын хойноос уяран уяран харж зогсдог сон. Зай завсаргүй шувууд зэллэсэн тэр намар нэг сонин юм надад ажиглагдсан. Үүл дундуур зэл татан өнгөрснөө төдхөн ханаран даялаад хонин дээгүүр минь гангар гунгар дуугарсаар эргэж ирнэ. Тэгээд далавч юугаараа баяртай гэж даллах гэсэн шиг санагдана. Эхлээд би гайхдаг байснаа сүүлд нь ийнхүү бодлоо. Манай нутгийн хоньд мөнгөн бөмбөг шиг цав цагаан. Сул асгасан сувд гэж дуулдаг биз дээ. Тийм болохоор усны шувууд талын цагаан хонийг нуур гэж андуурдаг байх. Түмэн цагаан хонины нуруу гүвэлзэн хөдлөх нь шувууд хөөрөх өндрөөс усны долгио шиг харагддаг биз. Шувууд эргэн хурган саатсаар тэр долгионыг магадалж хардаг байх нь. Энэ тухай санаанд явсаар байгаад хожим нь “Нүүдлийн шувууд” гэсэн шүлэг бичсэнд хөгжмийн зохиолч Баттөмөр ая хийснээр “Цэцэгт цэнхэр алчуур дуу” гарсан түүхтэй” хэмээн өгүүллээ. “Хонин дээгүүр минь нүүдлийн шувууд буцлаа…” гэж эхэлдэг тэр дуунд

“…Мянган цагаан хонь минь

Мяралзсан ус шиг харагдана уу

Цэцэгт цэнхэр алчуур минь

Цэн тогорууд шиг үзэгдэнэ үү

Хойтон хавар ирэхдээ

Хонин дунд минь буугаарай

Аясын салхинд намирсан

Алчуур дээр минь суугаарай”.

Ийн дуу хуур, баяр баясал болж суух зууртаа эрхэм зохиолчоос Галбын говийн нүүдлийг асуухуйд “Их баярлалаа. Сүүлийн үед тэр тухай асуух хүн ховордоод байгаа юм” гэж нүд нь гэрэлтээд ирдэг байна шүү. Одоогоос арван жилийн тэртээд сэн. Намар оройн жигтэйхэн налгар өдрүүдэд Дэл Хөнжлийн уулсын Нямаа, өмнийн шаргал говийн Эрэнжидийн Хархүү, баруун Алтай Сутай хайрхны Бямбажавын Хүрэлбаатар, догшин хутагтын нутаг, Улаанбадрахын Арлааны Эрдэнэ-Очир гэсэн Монголын их утга зохиолын эрдэнийн чулууд найрагчдын хамт Дорноговийн Хатанбулаг, Эргэлийн зоо, Сулинхээрийн хязгаарт хөл тавьж билээ. Тэр өдрүүдэд Нямаа ах элгэн далдуураа хайр урсгаж, цээжин цаанаа мэлмэрч явааг хорь гаруйхан настай жулдрай би үнэндээ мэдээгүй явж дээ.

Хатанбулагийн сууринд нар, салхи, элс, шүлэг найргаар хатаагдаж, чухам л Хорго хайрхан цагаан зандан шиг гэрэлтсэн Сономын Чулуу найрагч Эргэлийн зоондоо урилаа. Их говийн цагаан өвчүү гэгддэг Эргэлийн тэгш дөрвөлжин зоон дээр хурдны морьд уралдаж, шүлэг найргаар бялхам байх цаг дор Долгорын Нямаа найрагч их овоонд нь сүслэн мөргөв. Бүр тэр чигээрээ сөхрөөд уначихав. Жаахан халмаг байна даа гэх зүйл тухайн үед бодогдож байсан сан. Гэвчиг Хатанбулагаас ирсний дараахан их зохиолчийн “Тэнгэрийн хаяа”-тай золгож, “Бор нялхсаа гангануулан ботго тэмээдээ гунгануулан” явж туулсан Галбын говийнх нь нүүдэлд оюун санаагаараа агсагдан жаргасны учир Эргэл хайрханд сөхрөн унасных нь шүншиг ерөөлийг ойлгосон.Тэрбээр “Галбын говийн нүүдэл надад уянгын сэрэл мэдрэмжийг төрүүлсэн” гэж хэлэх дуртай.

Сүм суварга, Гурван хасар, Эргэлийн зоо, Ухаа заг, Онгон саглагар гээд газар усны нэр дөчин дөрвөн оны алдарт мичин жилийн зудны их нүүдэлд дөрөв, тавхан настай хүүгийн сэтгэлд тодоос тод үлджээ. Түүгээр ч үл барам, Зах гурван зээмэг, Заг сүүжийн говь, Модон тоонотын гол, Хаяа гурван бөхтэй, Цахиур таван толгой, Хярын гурван алтгана, Ингэн сэвстэй гэхчилэн ямар нэг шүлэг дууны нэр шиг сонсогдох говийн уул ус яруу найргийнх нь сэрэл мэдрэмжийг хөглөж, бүтэн амьдралынх нь туршид бүлээн бороо шиг сэлбэж явна чинээ хэн санах билээ дээ. Мөн энэ их нүүдэл балчир хүүгийн бодол оюунд тэнгэрийн хаяаг суулгаж өгсөн байдаг. “Холын холд тэнгэрийн хаяа газардаж, холхи хөндийн цэнхэр хязгаар алдрана, тэмүүлсэн сэтгэл түүний дээгүүр цойлж, тэмдгэн төдий үүлэн цөвдлийг ч давна” гэж тунхаглах аугаа их хүчийг тэрхүү нүүдлээс мэдэрсэн нь бий. “Манай говь талд тэнгэрийн хаяа нүүж явдаг. Түүнийг нэхэж яаж гүйцэх вэ. Гэхдээ “би энд явна” гэж даллаад байдаг нь сонин. Тэнгэрээр үүлс нүүдэг бол газраар бас үүл нүүдэг. Газраар нүүсэн үүл нь Монголын хээр талын нүүдэлчид” хэмээн ухаанаар зодож хэлдэг нь ийм учиртай ажгуу.

Хоёр жилийн өмнө, есдүгээр сарын аравдаар Нямаа ахын унаган нутаг Дэл Хөнжлийнх нь уулсад хамт очиж, намрын говийг зүрхээрээ мэдэрч явлаа. Яруу найргийнх нь онгод оргил Баянхайрханы барааг харан баясаж, төрсөн буурь Хирс таван толгойн үүдэн бууцанд нь үдэлсэн. Дурдмал говийн энхэр салхи илбэн байх агшинд домогт Шанхын хэцийг хараачлан, багширсан хүрэн улаан тэмээд нулимсан дунд дайвалзан байсан. Монголын говийн гайхамшиг Цагаан суварганд мөн л дөрөө мулталж, их утга зохиолд мөрийг нь түшиж явсан алдарт Дооровынх нь Дэлгэрхангай уул тэртээд хөхөртөн цэнхэрлэхийг үзээд сэржим өргөж байсан сан. Эл бүгдээ эргэн санан сэтгэл хөлөргөн суухдаа Баянхайрханы цахивартсан цагаан саарал дүрийг дахин үзэх шиг болов.

Өнгөрөгч хавар Нийслэлийн захиргааны шүүхийн хамт олон Долгорын Нямаа, Балжирын Догмид гэсэн хоёр аваргатай намайг хамт урьдаг юм. Цэнд-Аюушийн Ичинхорлоо шүүгч урьсан хэрэг л дээ. “Гийгүүлэн” тэргүүт хэд хэдэн номтой тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт нэгэн. Нямаа ах уулзалтын эхэнд “Бид гурвыг зэрэг урьсан нь надад их таатай санагдлаа. Догмид бид хоёр хэн хэнийгээ эртнээс эрхэмлэж яваа хүмүүс. Миний тухай “Самаркандын шөнө сар хээр хонодог” хөрөг нийтлэл сонинд хэвлүүлсэн. Сүүл үеийн залуучуудаас Гантулгад би их хайртай юм” гэж билээ. Догмидын хөрөг гэснээс Долгорын Нямаагийн өнөө “хүүхдийн бариувч” шиг хэрнээ гүн гүнзгий утга, яруу сайхны илэрхийлэл шүлэг найраг олон чиг хүмүүний зүрхэнд явдаг. Монголын сэтгүүл зүйн өрлөг ижий Дүгэрийн Амбасэлмаа гуай “Эх орныхоо торгон хилээр явж, хэдэн бор цэрэгтэйгээ уулзахдаа Нямаагийн “Аргалын уул”-ыг би уншдаг” гэдэг. Эрдэнэ-Очир ах бидний зүрхээрээ хоршин уншдаг шүлгийн нэг юм. Мөн Сандагдоржийн Пүрэвсүрэн сэтгүүлчийн тэмдэглэлд ч “Аргалын уул”-ын аялгуу эгшиглэн байна лээ.

“Бараа бараагаа харсан

Холын цэнхэр уул

Багаас миний хайртай

Хоёр цэнхэр уул

Зэрэглээ гүйсэн талын

Зэрэгцээ хоёр уул

Зээр цахилсан хөндийн

Сондгой хоёр уул

Саахалт хоёр айлын

Санаа нэг гэдэг шиг

Сайхан хоёр уулын

Салхи бас нийлнэ

Сайхан хоёр уулын

Салхи нийлэв гэхэд

Ботгон цагаан уулын

Бороо бас нийлнэ

Ботгон цагаан уулын

Бороо нийлэв гэхэд

Цэнхэр хоёр уулын

Цэцэг бас нийлнэ

Холын холоос бараатай

Аргалын хоёр уул

Хоёулаа байх нь жаргалтай

Амрагийн хоёр уул

Хэн хэнээсээ холдохгүй

Талын хоёр уул

Хэзээ ч гэсэн ойртохгүй

Дууны хоёр уул” гээд уншихуйд нэг л сайхан. Хайр ярууслын зөөлөн цагаан бороо бүлээн сүү шиг цээж рүү урсаад ирнэ. Үүнд л Долгорын Нямаагийн шүлэг найргийн үнэ цэн оршино.

“Сар чанх дээр нь хонодог

Самаркандын шөнө тагтан дээр суухад

Салхи сэм сэмхэн үлээж

Сайхан арц модны үнэрийг надад авчирна

Дэлхийн гэрэлт цэг Самарканд гэж

Дээр үеэс нүдэнд туссан газар

Дорно дахины их шүлэгчдийн

Домог цуутай яруу найргийн өлгий

Намрын шөнө сарны саруулд

Намайг танихгүй өвгөн хот налайна

Баргил ногоон цэцэрлэгийн дунд

Багачууд хүүхдүүд дуу аялна

Эрдэнийн чулуун хана туурга

Эртний түүхийн чулуун хуудас

Үлэмж тансаг Самаркандын шөнө

Үлгэрийн юмс амилж ирэх шиг болно…”.

Тиймээ, төрийн шагналт найрагчийн шүлгийг уншихад сарны гэрэлд ертөнц тэр чигээрээ тодорч, салхины үзүүрт говийн өвгөдийн ухааны учиг зангилагдах ажгуу. Мөн оддын дунд адуу янцгаах шиг болно. Тэгээд л

“Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдрана

Алс замын алжаал тайлж

Аяны хүн талдаа хононо

Гүн харанхуйд тэнгэрийн заадал

Гүүн зэл шиг сунайн цайрна

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг од харвана

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдана

Оддын дунд ижлээ үзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана” гэж Монголын хээр талд хүмүүн заяаг олсон бүхэн цээжиндээ баяр тээж уншдаг байлгүй. Ийм сонгодог бүтээлийг туурвиж ирсэн хүмүүн дэлхийн найрагч бололгүй ч яахав дээ. Тэр жил нутаг руугаа явахад энэ шүлгээ байн байн уншиж, ялангуяа “Оддын дунд ижлээ үзсэн юм шиг” гэх мөрийг тийм нэг тэсрэлттэй, дотроосоо булаг шиг оргилж уншихыг нь яг дэргэдээс нь хараад бахдаж байсан сан. Уул нь бол манай хүн чинь аядуу намуухан, говийн манхайсан хөх тэнгэр шигээ налгар нэгэн шүү дээ. Гэвч шүлгээ уншихад өөрийн эрхгүй ид хав нь сэргэж, дал мөрөн дээрээс нь гал бутарч байна уу гэмээр.

Шадивлангийн зуслангийн уулзалтаас хэдхэн хоногийн дараа дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал Монголд болж, эл үеэр Дэл Хөнжлийн уулсын билэгт хөвгүүнд “Дэлхийн гарамгай найрагч”-ийн шагналыг гардуулсан юм. Ийнхүү молхи миний бие гучин дөрвөн насныхаа баяраар дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаад үнсүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

bayangol

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Нийслэлийн Баянгол дүүрэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн дн хүртээлээ. Баянгл дүүрэгт Хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одон хүртээх ёслол өнөөдөр Улаанбаатар Паласийн Их танхимд болсон бөгөөдЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүрэлцэн ирж одонг гардуулан өгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Л.Нарантуяа болон дүүргийн үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ажлын алба мөн Баянгол дүүргийн хэлтсүүдийн үе үеийн дарга, ажилтан, албан хаагчид урилгаар оролцсон юм.

Энэхүү түүхэн арга хэмжээнд Баянгол дүүргийн гурван мянга гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэд уухайн дуутайгаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоо хүлээн авлаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Эрхэм хүндэт Баянголчууд аа, Энэ сайхан дүүргээрээ бахархал дүүрэн овоглодог хүндэт азай буурлууд, хөөр баяр гэрэлтүүлсэн алдрай бяцхан үрсдээ дүүргийнхээ төдийгүй, нийслэлийнхээ хөгжлийг тэтгэх, улс орныхоо маргаашийг босголцох залуу үе, дүү нартаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэж Баянгол дүүрэгтэй ажил амьдралаа босгож, эх орондоо баялаг бүтээж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, үйл хэргээ цогцлоож буй хүн нэг бүрт би онцгойлон талархаж, баяр хүргэж байна. Улаанбаатарынхаа сэрмүүн өндөр дэнж, Жанрайнсаг бурхныхаа хойморт хийж бүтээж, туурвиж ирсэн Баянголчууд бидний бахархал жилээс жилд өргөжин тэлж байна. Түүхийн бүхий л он цагуудад Баянголчууд бид улс орныхоо хөгжил, цэцэглэлттэй хөл нийлэн алхаж, хүн ардынхаасайн сайхан аж амьдралын төлөө гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөсөөр ирсээн. Та бид бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлснээр дүүргийн минь өнгө үзэмж жилээс жилд дээшилж, хүн амын ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөл өдрөөсөдөрт сайжирсаар байгаа. Үүний зэрэгцээ цаашид ч улам хичээн ажиллах ажлын эрч хүч бидэнд бий. Он цагийн шалгаралд манай дүүрэг хийж бүтээсэн арвин үйлсээрээ ялгаран тодорч, гэрэлтэж, хөгжиж байгааг маань илтгэн төрийн дээд одон медаль хүртээж байна. Тийм ээ, та бид өнөөдөр “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ” дүүргийн иргэн болж, түүхийн бас нэгэн шинэхэн хуудсыг нээж байна. Энэ эрхэм алдрыг дагаж илүү бүтээлч, илүү хариуцлагатай ажиллах он жилүүд биднийг угтаж буй гэдэгт бид итгэлтэй байна. Төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, түүхийг бичилцэж ирсэн үе үеийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллага, бидэнтэй хамтран ажиллаж, шинэ ажлын байр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буй төр, хувийн хэвшлийн нийт байгууллага, хамт олон, иргэн бүрийн итгэл сэтгэл, хүч хөдөлмөрийн оролцоотойгоор энэхүү төрийн дээд шагналыг Баянгол дүүрэг маань анхлан хүртлээ. Монгол төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон энэ өдөр иргэн бүрийн сэтгэлд гялалзаж, хөгжлийн замыг гэрэлтүүлэхзам болно гэдэгт итгэлтэй байна. Баянгол дүүрэг маань гэгээн наран адил мандан бадарч, өнө мөнхөд хөгжин дэвжиж байх болтугай! Ард олноороо дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээсэн юм.

Тус дүүрэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийнхээ амьдрах амар тайван аюулгүй орчныг бий болгож, эрүүл аж төрөх нөхцөлийг бий болгоход гарт баригдаж нүдэнд харагдах бүтээн байгуулалт олноор хийсэн. Мөн салбар бүрт жишиг дүүрэг болох эхлэлийг тавьсан нь энэхүү одонг авах гол амжилт болжээ. Мөн нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн анх удаа “Одонтой дүүрэг” болж байгаа нь түүхэнд тэмдэглэх үйл явдал юм.

Баянгол дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 422 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн бөгөөд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”, Олон улсын Азийн сангаас хийсэн нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Энэхүү өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлэг, тэдгээрийг нарийвчилсан 150 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тодорхойлдог байна.

bayangol

Тус дүүргийн энэхүү амжилт, ололт, их бүтээн байгуулалтууд нь ийнхүү өнөөдрийн төрийн дээд шагнал авахад хүргэжээ.

Анх 1965 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар нийслэл Улаанбаатар хотод Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн район бий болсноор Баянгол дүүргийн эх үндэс буурь тавигдаж, 1992 онд Октябрийн районыг хуваан Сонгинохайрхан болон Баянгол дүүрэг болгон шинээр зохион байгуулж, Баянгол дүүрэг байгуулагдаж байжээ. Өдгөө Баянгол дүүрэг нийт 23 хороотой, 58 мянга гаруй өрхтэй, 214 мянган гаруй иргэнтэй нийслэлийн томоохон дүүрэг болжээ.

2012 оноос бүтээн байгуулалтын оргил үеүд эхэлсэн. 2012-2017 онд Баянгол дүүрэг улс, нийслэл, дүүрэг болон бусад эх үүсвэрүүдээс 422 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан авч, иргэн рүүгээ чиглэсэн, хүн төвтэй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. Үүний дотроос эрүүл мэндийн салбарт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 2013 онд хүүхдийн 35 ортой “Эмүүжин” эмнэлэг, 2015 онд 150 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлэг, 2014 онд өдөртөө 700 гаруй иргэдийг хүлээн авч, үзлэг шинжилгээнд хамруулах, 160 өвчтөнийг хүлээн авч хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой өрхийн эрүүл мэндийн цоо шинэхэн цогцолбор, 2017 онд 60 ортой ахмадын эмнэлэг, мөн 60 ортой хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг хүлээн аваад байна. Ингэснээр Баянгол дүүрэгт 14 эмнэлгийн байр шинээр баригдаж, 440 ортой олон улсын стандарт шаардлагыг хангасан эмнэлэгтэй Монгол улсын анхны жишиг дүүрэг болж чадсан юм.

Нийгэм, соёл, спортын салбарт нийт 103 тэрбум төгрөгийн 32 төслийг хэрэгжүүлэн ажиллажээ. 2016 онд “Гэр бүл ёслолын ордон”, “Хүүхэд залуучуудын соёлын ордон”-г ашиглалтад оруулаад байна. Үүнээс гадна дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой нэг ээлжиндээ 350-400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Баянгол хүүхдийн зуслан”-г 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бол 8.8 тэрбум төгрөгөөр “Усан спорт сургалтын төв” “дугуйн зам”-ыг байгуулсан.

Бүгд найрамдах Хятад ард улсын 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар ээлжиндээ 350-400 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авах, сэргээн засах, цогцолборын ажлыг эхлүүлж, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах” төслийг хэрэгжүүлснээр Баянгол дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй загвар дүүрэг болох боломж бүрдлээ.

Боловсролын салбарын хувьд 2012 оноос хойш 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Найман сургуулийн өргөтгөлийн барилга, хоёр шинэ сургууль, найман цэцэрлэгийг ашиглалтад оруулж, сургуулийг 8300 суудлаар, цэцэрлэгийг 1810 ороор тус тус нэмэгдүүллээ. Үүнээс гадна зам тээвэр дэд бүтцийн хувьд 11 шинэ уулзвар өргөтгөлөөр зорчдог болж, “Гудамж төсөл”-ийн хүрээнд 26.7 км замыг өргөтгөн шинэчиллээ. Үүнд “Гудамж төсөл”-ийн нэгжээс 204 тэрбум, нийслэл дүүргийн төсвөөс 35 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Гэмт хэрэг зөрчлийн тоог бууруулах, иргэдээ аюулгүй орчин аж төрөх нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор 2013-2015 онд 4.3 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Дүүргийнхээ гэр хорооллын гудамжийг бүрэн гэрэлтэй болгож, 2600 гаруй гэрэл шинээр суурилууснаас гадна хяналтын камер байрлуулах ажлыг санаачлан 425 камер суурилуулан, нэгдсэн системд холболоо. Үүнээс гадна Баянгол дүүргийн алслагдсан хорооны тоонд ордог 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн хоёрдугаар хэлтсийг нээн ажиллуулж байна. Энэ мэтчилэн нийслэлийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулан, хэдэн аравныг хөгжлөөрөө тэргүүлэн байгаа Баянгол дүүрэг өнөөдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж байна.

Баянгол дүүрэг энэхүү хүндэт одонгоор мялаалгах учиртай гэдгийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”-ийнхөн ч батлан гаргажээ. Тус төвөөс гаргасан өрсөлдөх үндсэн чадвар болох “Амьдралын чанар”, “Амьдрах орчин”, “Аюулгүй байдал”, “Засаглал”, “Эдийн засаг”-ийн хувьд, түүнд багтах 15 дэд сэдвийн хүрээний 150 индексээр Баянгол дүүрэг Нийслэлийн дүргүүдээс тэргүүн байр эзэлсэн байна.

bayangol

Categories
гадаад мэдээ

Лондонгийн метронд дэлбэрэлт болж,18 хүн нас баржээ

Лондоны “Парсонс Грийн” метроны буудалд дэлбэрэлт болсны улмаас зарим зорчигчид галд өртсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Британийн нийслэлийн цагдаагийнхан энэ тухай мэдээлэл хүлээн авсан бөгөөд хууль сахиулах байгууллагын ажилтнууд дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар террорист ажиллагаа байж магадгүй хэмээн тооцоолж байгаа юм байна.

“The Sun” сонинд нийтлэгдсэн зургуудаас харахад галт тэргэн дэх ууттай цагаан хувинд бөмбөг дэлбэрчээ. Галт тэрэгний дотоод эд анги эвдэрч гэмтээгүй, харин сэжиг бүхий зүйлийн эргэн тойрон зорчигчдын эд зүйлс тарчээ. Дэлбэрэлтийн улмаас 18 хүн нас барсан талаар мэдээллэж байна. Хэргийн газарт гал түймэртэй тэмцэх баг болон түргэн тусламжийнхан ажиллаж эхэлжээ. “Парсонс Грийн” нь Лондоны баруун хэсэг, Фулхэм дүүрэгт байрладаг бөгөөд тэндээс оршин суугчид ажил руугаа явцгаадаг байна. Их Британий эрх баригчид энэхүү дэлбэрэлтийг гэмт халдлага хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагданаНӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр 20.40 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 2017 оны 8-р сарын 1-нээс 8-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.

Categories
мэдээ спорт

Намрын нээлтийн барилдаан болно

нээлтийн барилдаан болно зурган илэрцүүд

Монгол бөх геннисийн дээд амжилтанд бүртгүүлсэн өдөр намрын нээлтийн барилдаан болно. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд товлогджээ.

Энэ үеэр мөн Монгол бөхийн өргөөнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын айраг цагаан идээний баяр үзсэгэлэн худалдаа зохион байгуулагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Орхон тэргүүтэй бөхчүүд цэргийн ДАШТ-д оролцохоор мордлоо

П.Орхон зурган илэрцүүд2017 оны чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Литвын Клейпеда хотод болно. 32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.

Categories
мэдээ спорт

​“Чингис хаан” марафон боллоо

Image result for Азийн унадаг дугуйн наадамОлон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Хүннү тур” ХХК хамтран зохион байгуулж буй “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадам өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. Энэ удаагийн цугларалтад Азийн орнуудаас ирсэн төлөөлөгчдөөс гадна Монголын нийт 272 тамирчин оролцсон гэв. Дугуйчид өглөөний 07.00 цагт төв талбайгаасаа гараагаа хийсэн.

Маршрутын хувьд их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Цонжинболдог хүртэл нийт 88 км замыг унадаг дугуйгаар туулах юм. Тэмцээнд 18-аас дээш насны тамирчид гурав болон түүнээс дээш хүнтэй баг бүрдүүлж оролцох заавартай. Оролцогчид зөвхөн уулын дугуйтай оролцох шаардлагатай ба амжилттай оролцсон багийнханд медаль, аяллын гэрчилгээ олгох гэнэ.