Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын А зааланд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан зарлах тухай хэлэлцсэн юм. Тэргүүлэгчдийн санал хураалтаар НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд хийхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхний өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Эдгээр өдрүүдэд өвөлжитийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаныхан нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавар өгөв. Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмжтэй, цэвэр тохилог, хамгийн гол нь өвөлдөө дулаахан байх шаардлагатай. Олон нийт, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цэвэрлэгээ, жолоочийн ёс суртахууны асуудалтай холбоотой саналууд ирсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусуудад үзлэг, шалгалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Гэвч өнөөдөр иргэдээс цэвэрлэгээ, жолоочийн соёлын асуудал дээр санал, гомдол тасрахгүй ирсээр байна. Тиймээс энэ тал дээр нийтийн тээврийн байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна. Нийслэлийн зүгээс мөн туслаж, дэмжих тал дээр анхаарч, зайлшгүй шийдвэрлэх ганц хоёр асуудлыг шийдвэрлэж өгөх болно” хэмээлээ.

Нийтийн тээврийн компаниудын зүгээс “Автобусны эцсийн зогсоолууд дээр цэвэрлэгээ хийхэд төвлөрсөн хогийн цэг, хогийн цэгийн асуудал хүндрэлтэй байдаг гэлээ. Тиймээс хогийн төвлөрсөн цэг, савны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Мөн нийслэлээс тавьж буй шаардлагын дагуу автобусны суудлын бүрээсийг арчиж, цэвэрлэхэд хялбар байх тал дээр анхаарах болно. Тогтмол хөнгөн цэвэрлэгээг хийх тал дээр анхаарья” хэмээж байсан юм.

Нийтийн Тээврийн газрын даргын А/71 тоот тушаалын дагуу нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ажлын хэсэг үе шаттайгаар шалгаж байгаа аж. Энэ үеэр албаныхан нийтийн тээврийн компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгааг хэллээ. Ирэх сарын 1 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бүрэн дуусах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ур чадвар-Уран жолоодлогын тэмцээний байгууллагын аваргууд тодорлоо

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 баазын 763 жолооч нарын дунд “Ур чадвар -Уран жолоодлого”-ын тэмцээн зохион байгуулагдаж 2017 оны байгууллагын аваргуудаа тодрууллаа.

Тэмцээн нь жолооч нарын хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэг, жолоодлогын ур чадварыг дээшлүүлэх, осол зөрчилгүй иргэдэд үйлчлэх үндсэн зорилготой.

Шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, 10 хэсгээс эхний гурван байранд шалгарсан 30 жолооч нар байгууллагын аваргын төлөө жолоодлогын ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалт, техникийн гэмтэл тодорхойлох төрлүүдээр оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон.

Тэмцээний нэгдсэн дүнгээр 3 дугаар баазын жолооч Д.Батбилэг 1 дүгээр байранд, Б.Нямпүрэв 2 дугаар байранд, 1 дүгээр баазын жолооч Б.Уранбат 3 дугаар байранд, тусгай байранд С.Төмөрсанаа нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн гурван баазыг 6 үзүүлэлтээр дүгнэхэд 155 оноогоор 3 дугаар бааз шалгарч шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулав.

Тэмцээний дундуур Зөрчлийн тухай хуулиар асуулт хариултын тэмцээн зохион байгуулахад 1 дүгээр баазын жолооч С.Төмөрсанаа, Э.Ууганзаяа, 2 дугаар баазын троллейбусны жолооч Л.Гансүх нар амжилттай оролцож хөгжөөн дэмжигчдийн шагнал хүртлээ гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг маргааш зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-25-ны өдөр “Мишээл экспо” төвд зохион байгуулах юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Би Ч.Лодойдамба гуайн ачаар төгөлдөр хуурч болсон

С.Гончигсумлаан нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийг өнгөрсөн долдугаар сараас Хөгжим бүжгийн консерватор хэмээн нэрлэх болж их сургуулийн түвшинд сургалт явуулах болсон. Манай улсад соёл урлаг ялангуяа сонгодог урлагийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тус сургууль нь анх 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Ирэх арваннэгдүгээр сард байгуулагдсаныхаа 80 жилийн ойгоо тэмдэглэхээр багш, сурагчид нь ихэд ажилтай байгаа гэнэ. Сонгодог хөгжимтэй амьдралаа холбож, анх зургаан настайдаа энэ сургуулийн босгыг давж сурагчийн ширээний ард сууснаасаа хойш өнөөдөр хүртэл тэндээ ажилласаар байгаа багш нар олон. Тэдний нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, Соёлын бөгөөд Боловсролын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Г.Занаагийнд өнжлөө. Тэрээр “Хөгжмийн цагаан толгой” сурах бичгийг 2000 од зохиосон. Энэ нь төгөлдөр хуурын анхны сурах бичиг.

Энэ сургуулийн тухай ярихад яагаад ч юм сэтгэлд ихэд дотно байдаг. Бүр багаасаа л сурагчид нь чадварлагаар төгөлдөр хуур, хийл тоглохыг сонсох болгондоо биширч, бүжгийн хичээлийн танхимд балетчин болох охид, хөвгүүдийг дасгалаа хийж байгааг өдөржингөө харж суухад их л гоё санагддаг байлаа. Тиймээс Г.Занаа багштай ярилцаж суухад сэтгэлд ихэд ойрхон санагдаж билээ.

УРЛАГТ АРЫН ХААЛГА ГЭЖ БАЙДАГГҮЙ

Монголд сонгодог урлагийг хөгжүүлэх ажил ид өрнөж байсан 1957 он. Хөгжим бүжгийн дунд сургууль байгуулагдаж урлагийн авьяастай хүүхүүдийг хайж олоод сургадаг байжээ. Нийслэлийн 11-р цэцэрлэгийнхнийг шалгахаар очиход зургаан настай Г.Занаа охин Баянхонгороос дөнгөж ирчихээд хүмүүжиж байсан гэнэ. Нэлээд шалгасны эцэст охиныг төгөлдөр хуурын ангид авахаар болжээ. Ингэж л долоон нас хүрээгүй байхдаа урлагийн ертөнцөд хөл тавьж Зөвлөлтийн мэргэжилтэн С.А.Ипатов багшаар мэргэжлийнхээ анхны хичээлийг заалгаж, жирийн нэгэн айлын хүүхэд урлагийн хүн болсон. Урлагт арын хаалга гэж байдаггүй гэдэг. Тиймээс ч тус сургууль хүүхдүүдийг ихэд нарийн шалгаж авдаг журамтай. Орох хүсэлтэй хүүхдүүд одоо ч олон байдаг боловч тэр болгон тэнцдэггүй. Хүүхэд нь тэнцэхгүй байна гэхээр зарим эцэг эхчүүд ихэд гомдолдог талаар Г.Занаа багш ярьж байлаа. Хичээлийн хөтөлбөр нь хүнд, үнэхээр байгалиас заяасан авьяастай байх нь чухал.

1961 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн гурван давхар шар байшин баригдаж ашиглалтанд орсон. Тэр үед “Мандах ахлагчтай социалист хөдөлмөрийн бригад Хөгжим бүжгийн дунд сургуулийн байшинг барьж байна” гээд л радиогоор ярьдаг байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм хэмээн Г.Занаа багш ярив.

Ч.ЛОДОЙДАМБА ГУАЙН ӨГСӨН “КРАСНЫЙ ОКТЯБРЬ” ТӨГӨЛДӨР ХУУР

Хөгжимчин тэр дундаа сонгодог хөгжмийн ангид суралцдаг хүүхдүүд нэлээд ачаалалтай байдаг. Ерөнхий эрдэм, хажуугаар нь мэргэжлийн хичээлдээ явна. Хөгжмөө өдөрт хамгийн багаар бодоход дөрвөн цаг давтах ёстой. Зөвхөн авьяастай байх нь хангалтгүй. Хичээнгүйлэн давтаж, хөдөлмөрлөхгүй бол авьяас хөгжихгүй. Тиймээс л багаасаа бараг л өдөржингөө төгөлдөр хуураа давтдаг байснаа ярив. Гэрт нь хөгжим байхгүй, жирийн л нэг айл болохоор авах боломжгүй. Ингээд л сургуульд орсон өдрөөсөө эхлэн ангидаа хэдэн цагаар сууж хөгжмөө давтана. Г.Занаа манай алдарт зохиолч Ч.Лодойдамба гуайн охин, төгөлдөр хуурч Л.Насанбаттай нэг ангид сурдаг байжээ. Нэгдүгээр ангиасаа эхлээд өнөөдрийг хүртэл цуг сурч ажиллаж байгаа хоёр. Л.Насанбат тэр үед “Красный Октябрь” төгөлдөр хууртай байсныг дурсав. Ангийн анд нь шинэ хөгжим авахуулж Ч.Лодойдамба гуай охиныхоо хуучин төгөлдөр хуурыг Занаад өгчээ. Ингэж л гэртээ төгөлдөр хууртай болох өдрийн бодол шөнийн зүүд нь биелсэн гэнэ. Тийм л сайхан сэтгэлтэй хүн байсан хэмээн нэрт зохиолчийг дурсав. “Красный Октябрь” төгөлдөр хуур нь өнөөдөр Ч.Лодойдамба гуайн гэр музейд байдаг гэнэ. Г.Занааг долдугаар ангиас нь Москва руу сургуульд явуулна гэхэд өөрөө дургүй байжээ. Ээжийгээ орхиод явна гэхээр нэг тиймэрхүү. Ингээд эрүүл мэндийнхээ үзлэгээс ч хоцорсон байна. Гэтэл тухайн үед Соёлын яамны сайд сайдын албыг хашиж байсан Ч.Лодойдамба гуай ээжийг нь дуудаж тус яамны коллегийн хурлаар оруулж хүүхдээ гадаад сургуульд заавал явуулах хэрэгтэй гэжээ. Түүгээр ч зогсохгүй янз бүрийн шалтаг тоочиж дуудуулж болохгүй гэжээ. “Ч.Лодойдамба гуай намайг төгөлдөр хуурч болоход ингэж л нөлөөлсөн юм” хэмээн Г.Занаа багш ярив.

Сурагч байхдаа зав гарвал Л.Насанбатыг дагаад нэрт зохиолчийн гэрт нь очиж тоглоно. Ч.Лодойдамба гуайнх хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ард байсан гэнэ. Эхнэр нь бидний сайн мэдэх Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай ихэд сайхан хүн байсныг дурсав. Бороо орохоор “Дарь эх минь ээ” гээд л уулга алддаг байсан гэнэ.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Б.БАТЧУЛУУН, АЛДАРТ ЧИБУЛАГИЙН АЧ ОХИН ИЖЛЭЭ НАРЫН БАГШ

Сурагч Г.Занаа долоодугаар анги хүртлээ Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч наймдугаар ангиасаа Москва хотод П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургуульд үргэлжлүүлэн мэргэжлээрээ суралцсан. Тэндээсээ Гнессиний нэрэмжит хөгжмийн академид оюутан болж Ардын жүжигчин төгөлдөр хуурч Т.Цолмонтой нэг сургуульд сурч байсан төдийгүй оюутан байхдаа гэр бүлтэй болж хүүгээ төрүүлэхээр жилийн чөлөө авсан тул Ардын жүжигчин Т.Цолмонтой цуг төгссөн гэнэ.

Москвад сургуулиа төгсч ирээд Хөгжим бүжгийн сургуульдаа багшилсан. 1975 оноос хойш өнөөдрийг хүртэл тэндээ багшилсаар байгаа. 12 жилийн өмнөөс тэтгэвэртээ гарсан ч төгөлдөр хуурын мэргэжлийн багш гэдэг ховор тул үргэлжлүүлэн ажиллаач гэсэн хүсэлт тавьжээ. 42 жил багшлахдаа 50-60 төгөлдөр хуурч төгсгөсөн. Маш нарийн мэргэжил, оюутнууддаа ганцаарчлан хичээл заадаг тул бүхэл бүтэн ангиар нь төгсгөдөг багш нараас арай өөр. Хөгжим бүжгийн сургуульдаа багшаар очоод О.Лхагвасүрэн, И.Одбаяр нарт анхныхаа хичээлийг заажээ. Шавь О.Лхагвасүрэн нь сургуулиа төгсөөд Армянийн хөгжмийн консерваторт үргэлжлүүлэн сурсан авьяаслаг нэгэн аж. Харин И.Одбаяр нь өнөөдөр Завханы хөгжим бүжгийн дунд сургуулийн тэргүүлэх зэргийн концертмейстер. Өдгөө рок, попын ертөнцөд ихэд алдартай, дуучин, Төрийн шагналт алдарт хуурч Г.Жамьянгийн ач хүү, Гавьяат жүжигчин Б.Батчулуун нь Занаа багшийн шавь гэнэ. Их томоотой, нямбай хүүхэд байсныг дурсаад “Би Б.Батчулууны гутал тоостой байхыг нэг ч удаа харж байгаагүй” гэв. Гар нь бол үнэхээр төгөлдөр хуурч хүний гар. Тиймээс ч шалгуулахад нь шууд авсан гэнэ. Занаа багш сургуулийнхаа 37 номерийн өрөөнд хичээлээ заадаг. Б.Батчулуун ч тэр өрөөнд мэргэжлээ байнга давтана. Тэр үед “Таны шавь Б.Батчулуун мэргэжлээ давтаж байхдаа дуулдаг. Их гоё дуулах юм” гэж сургуулийнхан багшид нь ярьдаг байсан тухай дурсав. Анх сонсоод дуулдаг гэдэгт нь итгэж ядаж байсан гэнэ. АНУ явахаас өмнөхөн концертыг нь очиж үзэхдээ үнэхээр сайжирсан болохыг нь мэдэрсэн аж. Г.Занаа багш гавьяат жүжигчин Б.Солонго, түүний охин С.Номин гээд шавийнхаа хүүхдэд багшилсан. Шавь С.Номин нь өдгөө Бостоны их сургуульд мэргэжлээрээ магистр хамгаалсан. Ундрал хэмээх бас нэгэн шавь нь Бостоны консерваторт сурч байгаа. Сурагч нь байсан Г.Отгонбулган Австрид, Германд магистрт сурч буй Ч.Дөлгөөн багшийнхаа бас нэгэн бахархал нь. Яриад байвал бахархах шавь нар мундахгүй аж. Олон улсын уралдаан тэмцээнд сурагчид нь оролцож өөрөө шүүгчээр ажиллаж байсан. Өмнөд Монголын Хөх хотын хөгжмийн сургуульд ажиллахдаа алдарт морин хуурч Чибулагийн ач охин Ижлээгийн мэргэжлийн багш байсан. Тэнд байхдаа олон хүнтэй газрын ялгааг олж харсан гэнэ. Тэндхийн сурагч оюутнууд нь маш их давтдаг, шаргуугаараа манайхнаас ялгардаг аж. Ер нь нэг багш 40 жил ажиллах хугацаанд гар сайтай, сонсголтой, ритмтэй гээд хамгийн гол гурван шинж нь бүрдсэн мэдрэмжтэй хүүхэд ердөө л нэгээс хоёр л таардаг гэнэ. Тиймээс мэргэжлийнх нь багш хүн гэдэг сурагчдаа маш сайн ойлгож мэдэрч байх ёстой. Тэгээд ч мэргэжлийн хичээлээ ганцаарчилж ордог болохоор шавь нартайгаа илүү ойр байдаг нэг онцлогтой.

ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ ХӨГЖМИЙН ХААН

Ийнхүү ярьж сууснаа Занаа багш Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан” бүтээлээс тоглож сонирхуулав. “Тайберт” төгөлдөр хуурыг нь сонирхоход маш сайн хөгжим, авснаасаа хойш хоёр удаа л хөглүүлсэн гэнэ. 1981 онд 3500 төгрөгөөр авч байсан, жаахан хямдруулаач гэхэд нэг ч төгрөг буугаагүй хэмээн ярив.

Тухайн үедээ л их үнэтэй байсан. Одоо бол 15 сая төгрөгийн үнэтэй төгөлдөр хуур ч байдаг гэнэ. Ингээд бид хоёр төгөлдөр хуур хөгжмийн талаар ярьж, чухам яагаад хөгжмийн хаан гэдгийг асуухад “Ингэж хэлдэг нь учиртай. Энэ хөгжмийн дугаралт нь бүхэл бүтэн оркестрын бүрэлдэхүүнийг төлөөлдөг” хэмээн тайлбарлав. Түүнээс гадна хөгжим гэдэг хүний тархи, оюун ухааныг задалдаг, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг аж.


А.И.ФИЛАТОВА ГУАЙ НАДАД ХОЁР ӨРӨӨ БАЙР ӨГСӨН

Урлагт төрийн бодлогын зохицуулалт заавал шаардлагатай тухай Г.Занаа багш ярив. Нийгэм бужигнах үед соёлын боловсон хүчний бодлого алдагдсан гэдгийг ч дурдав. Урьд өмнө нь бол төрөөс онцгой анхаардаг байжээ. Төгөлдөр хуурч мэргэжлээр суралцуулахаар Зөвлөлт рүү явуулсан залуусыг хичээл номондоо ямар байгаа зэргийг байнга хянадаг байсан гэнэ. Нэг орой сургууль дээрээ концертонд бэлтгээд хөгжмөө давтаж байжээ.

Гэтэл Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатова орж ирээд орой болсон хойно гэртээ хариагүй байгаа шалтгааныг нь асуусан гэнэ. Гэртээ бэлтгэж давтах боломж байхгүй гэхэд “Та манай нөхрийн нэр дээр өргөдөл бичээд өгөөрэй” гэжээ. Ингээд л бараг долоо хоногийн дараа гэхэд хоёр өрөө байртай болсон байна. Ингэж л уран бүтээлч хүний бүтээлээ туурвих нөхцөлийг нь хүртэл бүрдүүлж өгөхөд анхаардаг байсныг дурдав. Ер нь ар гэр, амьдрал ахуй нь тавтай байж л уран бүтээлч хүнээс сайн бүтээл гарна хэмээн ярив. Манайхан сайн тамирчдаа дэмжиж байна. Урлаг, тэр дундаа сонгодог урлаг, энэ салбарт зүтгэж яваа хүмүүсээ ч мөн ингэж дэмжих төрийн бодлого хэрэгтэй байгааг хэлж байлаа. Өөрсдийгөө сурталчлаад яваа хүмүүс бол яахав дээ. Үнэндээ юу ч хийдэггүй. Үнэхээр юм хийж байгаа хүмүүс нь ажлаа хийгээд сурталчилж энэ тэр болох завгүй явдаг тухай ярив.

АЧ НАР МЭРГЭЖЛИЙГ МААНЬ ӨВЛӨНӨ ХЭМЭЭН НАЙДАЖ БАЙГАА

Занаа багш гурван хүүтэй. Эднийх саяхан шинэ иргэнээ өлгийдөж аваад байгаа гэнэ. Дандаа хүүтэй болохоор бас нэгэн ач охин төрөхөд ихэд баярласан аж. Занаа багшийн нөхөр Б.Дашилсүрэн Польшид Политехникийн дээд сургуулийг авто тээврийн зохион байгуулагч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа Москвагаас Улаанбаатар хүртэл цуг галт тэргээр явж байхдаа танилцсан гэнэ. Том хүү нь морин хуурч. Канадын Ванкувер хотод амьдардаг. Том бэр нь төгөлдөр хуурч, Канадад хөгжмийн сургуульд мэргэжлээрээ ажилладаг. Удаах хүү нь Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд ажилладаг. Отгон хүү нь инженер мэргэжилтэй. Хүү нар маань төгөлдөр хуурч болоогүй, бол ч гэж шаардаагүй гэнэ. Харин ач охидуудаас нь төгөлдөр хуурч болох байх хэмээн ихэд найдаж байгаагаа ярив.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Сүндэрмаа: Дэлхийд 20 жил оршин тогтносон эмэгтэйчүүдийн хамтлаг байдаггүй юм билээ

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог их үү?

-Манай Б.Чинбатын тоглолт тун удахгүй болох гэж байгаа. Тэрээр таван жилийн өмнө хоёр ч том тоглолтоо хийж, үзэгч түмэндээ уран бүтээлээ тайлагнасан. Түүнээс хойш тоглолт хийгээгүй байсан юм. Ямартай ч одоогоор энэхүү тоглолтын бэлтгэлтэй байна даа. Мөн түүний хажуугаар охид, бүсгүйчүүддээ сошиалаар дамжуулж дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын талаар хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

-Охид, бүсгүйчүүд тэдгээр заавар зөвлөгөөг хэр сайн хэрэгжүүлж, тусгаж авч байгаа санагддаг вэ?

-Анзаараад байхад бүсгүйчүүд маш хурдан хугацаанд турах хүсэлтэй байдаг. Хурдан хугацаанд турахын тулд буруу аргаар турчих гээд байгаа юм л даа. Хоолой сойж, байнга ус уух, мөн элдэв эм бэлдмэлүүд хэрэглэх гээд маш олон буруу арга хэрэглэдэг. Харин түүний оронд тогтмол хөдөлгөөнтэй, хоол хүнсээ зөв зохистой хэрэглээд байхад аажимдаа турна. Үүнийгээ дагаад ч амьдралын зөв хэв маягтай болдог. Ер нь элдэв арга хэрэглэж гэнэт турсан ч гэсэн эргээд түүнтэйгээ адил маш хурдан жин нэмэх магадлалтай. Түүнчлэн зарим охид маань биеийнхээ зөвхөн гуя, гарын арын хэсгээр турмаар байна гэдэг. Хүний бие дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллож байж л цогцоороо гоё, сайхан болно шүү дээ. Тэгэхээр биеийн зөвхөн нэг хэсгийг л тураана, багасгана гэсэн ойлголт байхгүй.

-Та хэдийнээс эрүүл зөв хооллож басхүү дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн юм бэ. Үүнд уруу татаж, сэдэл өгсөн зүйл нь юу байсан бол?

-Бид анх “Охид” гэдэг нэртэй хамтлагтай байсан. Сарнай, Ганболор, Сэрчмаа бид хэд чинь Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн хүүхдүүд л дээ. Долоон настайгаасаа л нэг ангид сурч, найзалж нөхөрлөж ирсэн. Харин тухайн үед англи дууны тэмцээн болсон. Тэрхүү тэмцээний зарыг телевизрээр харчихаад найзууддаа хэлсэн юм. Манай хэд ч тэрхүү тэмцээнд оролцох саналыг уриалгахан хүлээж авсан. Ингээд бид дөрөв тэр тэмцээний гран при шагналыг авч байлаа. Түүнээс хойш бид хэдийг ээж, аавууд маань ч их дэмжиж, тусалдаг болсон. Удалгүй Сарнайгийндаа ч бид хэд амьдардаг боллоо. Бараг 20-иод жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Бид хэд тухайн үед эрүүл зөв хооллож, өглөө болгон дасгал хийнэ. Дасгал хийдэг хүмүүс ямар хоол хүнс хэрэглэх ёстой талаар бага зэрэг мэдээлэлтэй байсан л даа. Гэхдээ тэр үед фитнесс клуб бараг байхгүй. Ганцхан “Тайхар” клуб л гэж байсан санагдана. Бидний хувьд түүнд очиж бэлтгэл сургуулилт хийх зав зай тун бага. Ерөнхий эрдэм болоод мэргэжлийн хичээлүүдээ хийнэ. Мөн хамтлагийн уран бүтээл гээд л завгүй л гүйцгээдэг байсан. Харин нэг эгч маань бидэнд 45 минутын дасгалтай DVD авчирч өгсөн. Тэр эгчдээ эргээд өгөх учир дасгал бүрийг нь гараа өргөлөө, суулаа гэх мэтээр бичиж авч билээ. Би дасгал хийх их дуртай л даа. Тиймдээ ч өглөө болгон бичиж авсан дасгалаа найзууддаа зааж өгнө. Чинбаа хүртэл дагаж хийдэг байж билээ. Ер нь тэр үеэс л дасгал хөдөлгөөн гэдэг хүнд ямар их ач тустай вэ гэдгийг мэдэрдэг болсон. Дараа нь Америкт очоод дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын талаар илүү судалж, мэдэж амьдралдаа хэвшил болгосон доо. Харин 2010 онд Монголдоо ирж, удалгүй гэр бүлтэй болсон. Охиноо тээж байх үедээ мөн л жирэмсэн хүнд тохирох дасгал хөдөлгөөнийг хийж байсан.

-“Sweetymotion” хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Ойгоо угтаж үзэгч, сонсогчдодоо ямар бэлэг барихаар төлөвлөж байгаа вэ?

-Бид ойгоо угтаж хэд, хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллалаа. Зарим дуунуудаа дүрсжүүлсэн. Тун удахгүй цацагдах болно. Уул нь ойгоо угтаж томоохон тоглолт хийх бодолтой байсан л даа. Гэхдээ хараахан бодож байсан шигээ нүсэр, том тоглолт хийж амжихгүй нь бололтой. Ямартай ч ойгоо тэмдэглэх болно. Эргээд бодоход 20 жилийн хугацаанд их ч зүйлийг үзэж туулсан байна.

-20 жилийн өмнөх охидын хүсэл мөрөөдөл биелсэн болов уу. Яг бодож, мөрөөдөж байсан хэмжээндээ хүрсэн гэж боддог уу?

-Хүрсэн л гэж боддог. Гэхдээ бид Америкийн зах зээлд гарна гэсэн хүсэл, мөрөөдөлтэй байсан. Түүндээ бол хүрч чадаагүй. Гэсэн ч Америк явснаараа бид алдаагүй. Нүд тайлагдсан. Уран бүтээл болоод амьдрал дээр ч аливааг харах өнцөг өөрчлөгдсөн. Өөрөөр сэтгэж боддог болсон. Бүх зүйлд л туршлага хуримтлуулсан даа. Сонирхуулахад, дэлхийд 20 жил оршин тогтносон эмэгтэйчүүдийн хамтлаг байдаггүй юм билээ. Бидэнд ч гэсэн жаргал, зовлон, баяр гунигаа хуваалцаж 20 жилийн турш хамтдаа байсан гээд бодохоор бахархам сайхан байдаг. Нэг л тийм сайхан санагддаг.

-Урт удаан оршин тогтнохын үндэс нь юунд байна вэ?

-Хамгийн чухал нь зорилго. Том зорилготой, түүнийхээ төлөө эв нэгдэлтэй, тууштай хөдөлмөрлөж, бие биенээ хайрлаж, хүндэлж чадвал хичнээн ч жил хамтдаа байж чадна. Харин зорилгодоо хүрч чадахгүй шантраад, жижигхэн зүйлээс болж маргалдаад байгаа учраас л шинэ залуу хамтлаг, дуучид маань удаан оршин тогтнож чадахгүй байна уу даа гэж хардаг. Ямартай ч бидний хувьд нэг ангид байсан болоод ч тэрүү хамтлаг байгуулахаасаа л өмнө бие биенийхээ занг мэддэг байсан. Бас бид аливаа зүйлд нээлттэй байдаг л даа. Болохгүй, бүтэхгүй зүйлээ нээлттэй ярьчихдаг нь ойлголцоход маш дөхөм болдог юм билээ. Мөн хэн, хэндээ буулт хийж чаддаг. Манай Сарнай, Болороо хоёр маань их зөөлөн хүмүүс. Хүнийг аргадаж, эв дүйг нь олчихож чаддаг. Харин би бол их гүргэр. (инээв) Энэ зангаа засна гэж бодож байгаа шүү.

Түүнчлэн дээрх зүйлсээс гадна Чинбаа маань уран бүтээлийн тал дээр чанга, хатуу байж чаддаг. “Хэдүүлээ өнөөдөр амраад, маргааш яг хийе” гэсэн зүйл байхгүй. Хэдий өөр ажилтай байсан ч бид уран бүтээлээ л нэгт тавьдаг. Энэ нь биднийг хүсэл мөрөөдөлдөө хүрэх, зорилгоо биелүүлэхэд маш их түлхэц болсон гэж бид боддог. Мөн Чинбаа маань аав, ахын үүргийг гүйцэтгэж биднийг залж, чиглүүлсээр ирсэн дээ.

-Та ганцаарчилсан уран бүтээл хийх үү?

-Манай Ганболор маань “Ганцаараа байхдаа” хэмээх бие даасан цомгоо гаргасан. Ямартай ч Болороо маань салхийг хагалчихсан байна. Миний хувьд ч гэсэн ганцаарчилсан уран бүтээлээ хийхээр төлөвлөчихсөн. Эхнээсээ зарим ажлууддаа ороод явж байна. Надад рок, поп стиль зохимоор юм шиг санагддаг. Мэдээж уянгын дуунууд ч гэсэн дуулна. Хэдий өөр, өөрсдийн уран бүтээлээ хийж байгаа ч хамтлаг сална, сарнина гэсэн үг биш шүү дээ. Хүн бүр л өөрийн гэсэн ертөнц, үзэл бодолтой байдаг. Түүнийгээ л үзэгч, түмэндээ тайлагнаж байгаа юм.

-Өвөө тань таныг уран нугараач болгох сонирхолтой байсан гэж сонссон юм байна…

-Тийм шүү. Би их уян хүүхэд байсан. Манайхан бага байхад “Миний охин нугараарай” гэхээр нь би хөл гараа сунгаад л, сүрхий юм болдог байсан санагдана. Харин Хөгжим бүжгийн коллежид хөтөлж аваачсан хүн бол миний аав. Хэдий аав минь урлагийн хүн биш ч сайхан хөгжим тоглодог, урлагт элэгтэй хүн л дээ. Ээж минь урлагийн хүн. Хөгжим бүжгийн коллежийн хуучир хөгжмийн ангийг төгссөн. Тэр бүү хэл Сарнайгийн ээж, Чинбаагийн аавтай нэг анги байсан юм билээ. Их сонин тохиол шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Манайх одоохондоо ам бүл дөрвүүлээ. Хоёр охинтой. Удахгүй бүл нэмнэ гэж бодож байгаа. Гэр бүлийн минь хүн хувийн бизнес эрхэлдэг. Урлагийн хүн биш ч урлагт хайртай. Намайг ойлгож, дэмждэг. Даруухан монгол залуу бий.

-Хүмүүс амьдралын утга учрыг алдар нэр, эрх мэдэл, эд хөрөнгө, хайр гээд өөр, өөрийнхөөрөө дүгнэдэг. Харин таны бодлоор?

-Ганц бие байхдаа залуу байгаа дээрээ хүссэн бүхнээ хийж, үзэж харах хэрэгтэй гэсэн ойлголттой байсан. Харин одоо бол амьдралын утга учир гэр бүл юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бол хүний амьдралаас авч болох хамгийн сайхан аз жаргал юм байна гэдгийг илүү мэдэрсэн л дээ. Нэр хүнд, эрх мэдэл, эд хөрөнгө бол байх л ёстой асуудал. Гэхдээ л гэр бүл, хайр бол амьдралын утга учир.


Categories
мэдээ цаг-үе

Б.Билгүүн: Монголчуудтайгаа харилцаатай байхын тулд чөлөөт цагаараа YouTube ашиглан хүмүүст мэдээлэл хүргэдэг

Б.Билгүүн Германы “Kaiserslautern University”-д химийн ухааны доктор хамгаалсан. Одоо Германы Хайделберг хотод “CaRLa” институтид судлаачаар ажиллаж буй. Өнгөрсөн жил тэрбээр “Sustainable methods for the introduc­tion of fluorinated groups” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Түүнийг “Power Nutrition” –аас зохион байгуулсан “Эрүүл зөв хооллолт” фитнесс өдөрлөгт лекц уншсаны дараахан уулзсан юм.


-Билгүүн яаж Германтай холбогдсон бэ?

-Би арвангурван настайдаа ээжтэйгээ Герман явж байсан юм. Ээж Удирдлагын академид ажиллаж байгаад, Германд магистр, дараа нь доктор хийх боломж гараад хоёулаа явсан юм. Тэнд очоод анх герман хэлгүй, юу ч мэддэггүй байхдаа шууд сургуульд нь ороод эхний нэг жилдээ зочин сурагч маягаар яваад, герман хэл сурч аваад, дараа нь тэндээ үлдсэн. Дунд сургуулиа төгсөх үед маань ээж доктор хамгаалж дуусаад, Монгол буцах болсон. Тэр үед “Би эндээ үргэлжлүүлж суръя” гээд үлдсэн.

-Ямар сэдвээр судалгааны ажил хийдэг вэ?

-Органик хими дотроо катализ гэдэг сэдэв байдаг. Ерөнхийдөө үйлдвэрийн явцад ямар нэг химийн бодисоос өөр бодис бий болгоход явагдах процессийг яаж илүү сайжруулах вэ. Өөр ямар химийн бодисийг ашиглаж, шинэ бүтээгдэхүүн гаргаж авах вэ гэдэг чиглэлээр ажилладаг гэх үү дээ. Ийм сэдвээр докторын ажил хийсэн. Монголд катализ сэдвээр ажиллана гэвэл ажлын байр байхгүй. Хөгжсөн оронд том үйлдвэрүүд дараагийн шинэ бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ, одоо байгаа бүтээгдэхүүнээ өөр материал ашиглаж, яаж шинээр боловсруулах вэ гээд өөрийн судалгааны групптэй байдаг. Монголд болохоор судалгааны групптэй үйлдвэр байдаггүй. Бэлэн үйлдвэр оруулж ирээд копи хийдэг болохоор надад Монголд ажил олдохгүй гэсэн үг. Тийм болохоор би Германд ажиллаж амьдарч байгаа.

-Химийн нарийн процесс ярина гэвэл хэцүү л дээ. Гэхдээ таны ажлын үр дүнд хүмүүст ямар боломж авчирсан тухай хэлбэл сонин байх?

-Докторын ажил хийж байхдаа би эм тарианд орсон зарим химийн найрлагыг яаж илүү хор багатай аргаар гаргаж авах вэ гэдэг чиглэлээр ажиллаж байсан. Германд ялангуяа бүх юмыг ногоон болгоно гэж ярьж байгаа. Ерөнхийдөө дандаа шинэ процесс хайдаг гэх үү дээ. Дэлхийн эхний аравт ордог химийн сэтгүүлд 11 нийтлэл гаргасан.

-Ийм залуухан доктор, тэр тусмаа Германд хамгаалсан гэхээр мундаг юм?

-Би өсвөр насандаа Германд очоод тал монгол, тал герман процесст ороод явчихсан болохоор ерөнхийдөө гайгүй. Хэрвээ өдий насандаа би Германд очоод доктор хамгаална гэсэн бол асар их ачаалалтай тулгарах байх.

-Одоо өөрийг чинь монгол эр хүн гэх үү, герман маягийн хүн гэж ойлгох уу?

-Мэдээж монгол. Тийм ч учраас Монголд зориулж юм хийх хоббитой. Монголчуудтайгаа харилцаатай байхын тулд чөлөөт цагаараа YouTube ашиглаж, хүмүүст мэдээлэл хүргэдэг. Сүүлийн үед Монголд ирэхэд анзаарагдсан зүйл нь хүмүүс зөв зохистой хооллолт бол эрүүл мэндийн асуудал гэж сайн ойлгодоггүй юм шиг санагдсан. “Витаминлаг юм идээрэй” гэхээр шууд эмийн сан орж витамин худалдаж авна гэж ойлгох нь олон. Гэртээ идэж байгаа хоол хүнс чинь витаминтай байх ёстой гэдгийг хүмүүс нэг их анзаардаггүй юм шиг. Ирэх болгондоо үүнийг анзаараад сүүлдээ YouTube-ээр зөв зохистой хооллолт гэж юу болох, хоолны бүтцийн талаар ярьсан. Уураг, нүүрс ус, тос ямар үүрэгтэй талаар мэдээлэл өгч эхэлсэн л дээ.

Монголчууд ихэвчлэн мах, гурилтай хоол иддэг. Гурил танд зөвхөн энерги өгөх үйлчилгээтэй, мах тос уургаар хангадаг. Нарийн эрдэс бодис, витамин байдаггүй. Тийм учраас монголчууд ерөнхийдөө витамины дутагдалтай байдаг.

-Юу идэж, хэр зэрэг аминдэм авч байна вэ гэдгээ яаж тооцоолох вэ?

-Нарийн тооцоо хийх гэхээсээ таны оройн хоолны тал нь ногоо байх хэрэгтэй. Ногоо нь аль болох олон төрлийн байх ёстой. Зөв зохистой хоол гэдэг шим тэжээл агуулсан гэсэн үг. Ерөнхийдөө хоолны гол бүтэц нь уураг, нүүрс ус, тос байдаг. Уураг нь амино хүчил болж хувирдаг. 60 кг-тай хүн 60 грамм уураг өдөртөө идэх учиртай. 100 г мах 20 г уурагтай байдаг. Нэг өндөг 8г уураг агуулдаг. 60 г уургаа өдөртөө хувааж иднэ. Нэг удаа хооллохдоо 20 г уураг хэрэглэнэ гэсэн үг. Нүүрс ус бол хүнд зөвхөн энерги өгнө. Гурил, будаа, төмс бол нүүрс ус. Тос ханасан, ханаагүй гэж хуваагддаг. Загаснаас бусад амьтны гаралтай тос нь ханасандаа ордог. Масло, өөх тос мөн ханасанд тооцогддог. Ханаагүй гэдэгт ургамлын тос багтана. Ханасан, ханаагүй гэдэг нь химийн бүтцээс нь харагддаг л даа. Ханасан тос хүний биед ямар ч урвалд ордоггүй. Тэгэхээр ийм тос нүүрс ус шиг энерги болно. Ургамлын тос нь хүний биед янз янзын урвалд ордог болохоор ашиг тустай. Энэ бол макро шим тэжээл буюу гол бүтэц нь. Микро шим тэжээл гэж байгаа. Витаминууд, эрдэс бодисууд ордог. Витамин органик бүтэцтэй. Усанд болон тосонд уусдаг гэдгээрээ ялгаатай. Эрдэс бодист давсны төрлүүд орно. Хоолны давс бол натри хлорид шүү дээ. Натри нь хүний арьсны усны хэвийн байдлыг хангадаг. Кали нь хүний булчингийн эд эсийн усны хэвийн байдлыг хангадаг. Цайр бол хумс, үс бүх зүйлд хэрэгтэй. Олон төрлийн металлууд бүгд өөрийн гэсэн үйлчилгээтэй байдаг. Хоолноосоо бүгдийг нь авах хэрэгтэй гэсэн үг.

-Химичид бүх юмыг химийн урвал гэдэг үүднээс нь хардаг уу?

-Химичид бүгдээрээ тэгж харна гэж байхгүй. Монголд ирэхдээ зөв зохисгүй хооллолтоос болоод олон төрлийн халдварт бус өвчин ихсэж байгааг анзаардаг. Чихрийн шижин, цус харвалт их байна. Халдварт бус өвчин бол бусдаас халддаггүй өөрөө өөртөө бий болгоод байгаа өвчин. Тэгж бодохоор харамсалтай. Би хүмүүст хэлдэг. “Та машиндаа шаардлага хангасан тос авдаг. Тэгэхгүй бол машинд доголдол гарна, мотор эвдрэнэ. Гэтэл яагаад хоол идэхдээ бараг хор болохоор зүйлс идэж ууж байна вэ” гэж асуудаг. Одоо бол хоол харахаар нүүрс ус, тос харагдаад явчихдаг л даа. Хоол бол таныхаар ямар үүрэгтэй вэ?

-Хоол бол эрчим хүч авдаг зүйл. Бас амттай хоол гэдэг бол амьдралаас авдаг кайфуудын нэг.

-Хүмүүс ингэж хэлдэг юм. Хоол бол таныг амьд эрүүл байлгах үүрэгтэй. Хоёр дахь үүрэг нь амт. Зөв зохистой хооллолтын өдөрлөг дээр би хэлсэн. Бүх хүн өдөр бүр хоолондоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Тийм учраас ажлын таван өдөр эрүүл мэнддээ хэрэгтэй зүйл ид. Амралтын өдрүүд эрх чөлөөтэй, аз жаргалын цаг үе. Дуртай амттанаа ид. Ингээд явбал таны амьдралын 75 хувь нь зөв хооллолттой болно гэж хэлсэн.

-Зөв, зохистой хооллолтын талаар таныг сонсдог олон хүн байна. Харин химичид, эрдэмтэдтэй холбоо тогтоосон уу?

-МУИС-ийн химичидтэй Монголд ирэх болгондоо уулздаг. Тэнд гадаадад сураад ирсэн маш мэдлэгтэй залуус бий. Монголын нөхцөлд нано технологи, уул уурхайд химичид шаардлагатай байгаа. Тэд ажлаа сайн хийж байгаа.

-Мэргэжлийнхээ чиглэлээр ямар өндөрлөгт хүрэхийг хүсдэг вэ?

-Миний бодлоор яаж ийж байгаад германчууд бас монголчуудтай хамтарч ажиллахыг мөрөөддөг. Жишээ нь Монголд ган болоод авах ёстой ургацынхаа тал хувийг алдсан гэж байна. Миний мөрөөдөл химийн мэдлэгээ ашиглаад, Монголын газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх. Хэрвээ би Германд үр тарианы судалгаа хийж байгаа том компанид ажиллаад, магадгүй ургацыг хоёр дахин нэмэгдүүлж чадах ч юм билүү.

-Таныг Монголтой уяж байдаг зүйлс юу вэ?

-Мэдээж миний гэр бүлийнхэн, ээж, аав, өвөө, эмээ бүгд Монголд байдаг. Монголд ирэхэд салхи, шороо бүх юм ондоо мэдрэгддэг. Буянт-Ухаад буугаад “Монголд тавтай морил” гэсэн үг сонсох хамгийн сайхан.

-Ээж тань бас доктор хүн юм байна. Мэргэжлээ сонгоход чинь нөлөөлсөн үү?

-Миний ээж эдийн засагч хүн. Намайг химиэр сурна гэхэд ээж бараг харамссан. Намайг бас эдийн засагч болно гэж боддог байсан болов уу. Сургуульд байхад надад хими, физик, математик барьцтай, сонирхолтой санагдсан. Тийм болохоор сонирхсон чиглэлээрээ суръя гэж бодсон. Ээж “Миний хүү өөрөө шийд” гэсэн. Одоо бол “Миний хүү зөв шийдэж дээ” гэдэг. Би хэн юм бэ гэж өөрөөсөө асуусны эцэст химич болох юм байна гэдгээ ойлгосон.

-Германд байгаа монголчуудтай хэр холбоотой байдаг вэ?

-Германд монголчууд хаа сайгүй байдаг л даа. Багаасаа германчуудын дунд өссөн болохоор монголоо хайгаад яваад байдаггүй л дээ. Хайгаагүй болохоор надад монгол найз цөөхөн.

-Гаднаас Монголыг харахаар ямар өнгө төрхтэй мэдрэгддэг вэ. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлчих юм сан гэж бодогддог зүйлс байдаг уу?

-Тийм юм маш олон. Монгол маш их өөрчлөгдөж байгаа л даа. Зам их сайжирсан байна.

-Энэ зун хаагуур амрав?

-Өгий нуурт, Тэрэлжид очиж амарсан. Шарга морьтод лагерьт байрлаж байгаа. Тэндхийн зам өмнө нь их хэцүү байсан. Одоо бол гучин минут яваад очно. Монгол хөгжиж байгаа, их юм хийж байгаа гэдэг нь анзаарагддаг. Гэхдээ бас хийх ажил маш их байгаа. Эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэл алга. Хүмүүст мэдээлэл дутагдаж байна. Хагас үнэн мэдээлэл сошиалаар хаа сайгүй тархдаг. Тэрнийг л өөрчлөх хэрэгтэй гэж бодогддог.

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө зургаад босч, өглөөнийхөө цайг уугаад ажилдаа гардаг. Миний судалдаг чиглэлээр өөр олон судлаачид дэлхий даяар ажиллаж байгаа. Өглөө кофе уунгаа хэн, хаана, ямар юм хийчихэв гээд цаг орчим сэтгүүл уншдаг. Дараа нь лабораторийнхоо ажилд ордог. Өдөр гэртээ бэлтгэсэн хоолоо иддэг. Үдээс хойш тав, зургаа хүртэл ажиллаад, гэртээ хариад долоо хоногийн гурван өдөр спортоор хичээллэнэ. Миний хувьд чөлөөт цаг хамгийн үнэтэй. Спортоор хичээллэнэ, салхинд гарна. Монгол залуустаа зориулж видео бичлэг бэлтгэнэ.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Хамгийн сүүлд нэг хөгжилтэй ном уншсан. Тэр нь яаж олон найзтай болох вэ гэсэн философийн ном. Яаж нөхөрсөг байх вэ, олон найзтай байх вэ гэдэг нь таны сошиал, нийгэмтэй яаж харилцаж байгаагаас шалтгаалдаг.

-Эрдэмтэд гадаад үзэмжиндээ ч анхаардаггүй, судалгааныхаа ажилд л төвлөрсөн хүмүүс байдаг. Харин та бараг л кино жүжигчин шиг харагдаж байна?

-(инээв) Хувь хүнээс өөрөөс нь хамаардаг байх. “Миний хобби YouTube-ээр видео хийх” гэхээр Германд ч химичид гайхдаг. “Чи судалгааныхаа ажлын хажуугаар видео хийгээд, хүмүүст өөрийгөө харуулаад” гэдэг. Үнэхээр хэрэгтэй гэж үзсэн учраас би энэ ажлыг хийдэг. Түүнээс биш зарим залуус шиг сошиалаар “Би тэнд явж байна” гээд селфидээд, “Би өнөөдөр тийм юм худалдаж авлаа” гээд өөрийгөө рекламдаж байгаа юм биш. Үзэмжтэй байх сайхан. Гэхдээ миний гол зорилго хүмүүст зөв мэдээлэл хүргэх гэж хичээдэг гэх үү дээ. Таны хэлдгээр Германд зөвхөн шинжлэх ухааны ажилдаа анхаараад, өөр юм бодохгүй явдаг хүмүүс зөндөө. Тэд ч бас заримдаа хоолны талаар надаас зөвлөгөө авдаг.

-Хаана жаргалтай байна тэр миний эх орон гэсэн үг байдаг. Харин та ирээдүйд хаана амьдрах тухайгаа төсөөлсөн үү?

-Миний гэр бүл хаана амьдарвал аз жаргалтай, эрсдэл багатай гэдэг талаас нь анхаардаг. Нөгөө талаар Монголд ирэхэд хийх юм маш ихтэй санагддаг.

-Германд Монголыг сонирхдог химичид хэр олон байдаг вэ?

-Монголыг германчууд олон талаас нь сонирхож хардаг л даа. Нэг талаасаа эрдэс баялаг ихтэй гэж харна. Хэдэн жилийн өмнө Меркель энд ирээд явахдаа Монголын томчуудтай уулзаад, гэрээ хийгээд дараа нь нүүрс Герман руу ачигдсан. Нөгөө талаар хүн хүрээгүй газар ихтэй гэж маш их сонирхоно. Говьд байдаг ховор металлыг хятадууд л гаргадаг, монголчууд гаргаагүй байгаа. Тэр талаар химичид Монголыг ирээдүйтэй гэж хардаг. Монголд олборлох ч юм их, хийх ч зүйл их байдаг л даа. Тийм болохоор сонирхолтой газар.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Нарангэрэл: Монгол Улс Төрийн тэргүүнгүй болчих вий дээ

Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Та саяхан Монгол улсын Эрдмийн их сургуулиас зохион байгуулсан “Үндсэн хууль: шийдэл ба асуудал” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэгт “Монгол Улс амьд Үндсэн хуультай юу” гэсэн үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн байна. Илтгэлдээ дэвшүүлсэн санаагаа товчхон илэрхийлэхгүй юу?

-Би илтгэлдээ гурван асуудлыг хөндөж тавьсан. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөд шинжилгээ хийсэн. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуулийн чадавх цаашид хүрэлцээтэй эсэхийг хөндөж тавьсан. Гуравдугаарт, цаашдаа Монгол Улс жинхэнэ амьд Үндсэн хуультай болох талаар олон жилийн судалгаанд суурилсан санаагаа илэрхийлсэн.

-Тэгвэл та Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар эрдэмтэн судлаачийн хувьд ямар дүгнэлт хийсэн бэ?

-Одоо олон нийтийн санал авч, энд тэнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт нь бүхэлдээ Монголын нийгэмд хөгжил дэвшил авчирч чадахгүй. Төрийн байгууллын зарим нэгэн асуудлыг хөндсөн, эцсийн дүндээ манай ард иргэдийн дунд “дордохын долоон нэмэлт” гэж нэршсэн бөгөөд 1999, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт алдаатай байсныг хүлээн зөвшөөрч, засамжлах төдийхнөөр хязгаарлагдаж байна.

-“Дордохын долоо”-н нэмэлт өөрчлөлтийг засамжлахад чиглэгдсэн гэж хэлснээ тодруулахгүй юу?

-1992 оны Үндсэн хууль анх батлагдахдаа УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхи нь буюу 51 гишүүн хүрэлцэн ирсэнээр хууль баталдаг байсныг ердийн олонхи буюу 39 гишүүн хүрэлцэн ирсэнээр чуулганы ирц хангагдаж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль баталдаг болсон. Энэ нь УИХ-ын гишүүд улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэхдээ дотоод гадаадын капитал хуримтлуулагчдын эрхшээлд орж, эх орон ард түмний язгуур эрх ашгийг хохирооход хүргэсэн. Үүнийг засамжлах зорилгоор хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хууль батална гэсэн өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм билээ. Хуралд оролцсон дийлэнх олонх гишүүд гэдэгтээ ямар ирцийг хамааруулах вэ гэдэг нь ихээхэн ойлгомжгүй байгаа юм. Миний бодлоор 1992 оны Үндсэн хууль анх батлагдсан буюу УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхийн ирцийг эргэж сэргээх ёстой.

1992 оны Үндсэн хуулиар УИХ-ын чуулган жилд 75-аас доошгүй хоног хуралддаг байсан. Түүнийг 1999, 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр 50 хоног болгож багасгасан юм. Гэтэл манай УИХ байнгын ажиллагаатай, өндөр өртөг зардалтай парламент. УИХ-ын гишүүд ажилдаа ирэхгүй болохоор ингэж чуулган чуулах хугацааг багасгахад хүргэсэн. Одоо буцаад 75 хоног болгох гэж байгаа юм байна.

-УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хавсрах талаар өөрчлөлт оруулах гэж байгаа байх аа?

-1999, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хязгааргүйгээр хавсрах нэмэлтийг оруулсан юм. Энэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт сонгуульд ялсан намын удирдагчийн эрхшээлд оруулж, улмаар Засгийн газар нь хууль тогтоох дээд байгууллагынхаа дээр нь гарчихсан. УИХ Засгийн газарт хяналт тавьж чадахаа байсан. Энэ учраас оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-н гишүүд байж болно гэсэн засвар хийх гэж байна. Миний үзэж байгаагаар УИХ ба Засгийн газрыг бүрэн тусгаарлаж, УИХ нь хууль тогтоох байгууллага шиг, Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага шиг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Энэ хавсардаг ёс нь Монголын нийгэмд маш их хар мөнгөтэй. Ийм мөнгөөр ивээн тэтгүүлсэн хүмүүс сонгогчдын саналыг худалдаж авах замаар УИХ-ын гишүүн болсныхоо дараа Засгийн газрын гишүүн болох сонирхлыг өөгшүүлсэн. Засгийн газрын гишүүнээр ажиллана гэдэг бол хамгийн их унацтай газар. Тэнд тендер, концесс, хахууль, албан тушаал худалдах гээд хар мөнгөний хэмжээлшгүй үйлдвэр явагддаг. Энэ нь эргээд Засгийн газрыг тогтворгүй болгох, ойр, ойрхон унагах байдалд хүргэдгийг УИХ-ын сүүлийн таван удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд бид сайтар мэдэрлээ шүү дээ.

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг дангаараа томилж, огцруулж байх талаар Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлтийг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ асуултад хариулт өгөхийн тулд Ерөнхий сайд хахууль өгөгчдийн Засгийн газрыг байгуулбал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал зүй ёсоор үүснэ. Нөгөө талаар төрийн эргэлт хийх нэн таатай боломж бүрдэх болно.

-Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах талаар тусгасан юм билээ?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах өөрчлөлт яригдаж байна. УИХ жилд хоёр удаа их завсарлага хийдэг. Энэ хугацаанд хэрэв улс оронд онц байдал тогтоох зайлшгүй шаардлага үүсэхэд Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч ганцаарчилсан шийдвэрийг дангаараа гаргадаг. УИХ-ын гишүүдийн ирц бүрдэх хүртэл нэн шаардлагатай хуулийн төслийг мэргэжлийн хүмүүсээр боловсруулж, УИХ-д өргөн барих зайлшгүй шаардлага үүснэ шүү дээ. Нөгөө талаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газарт чиглэл өгөх эрхийг нь хасах гэж байна. Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч гадаад харилцаанд Монгол Улсыг төлөөлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдах, дайны болон онц байдал тогтоох зэрэг бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх шаардлага эх орон ард түмний язгуур эрх ашгийн үүднээс зайлшгүй гарна. Өмнө дурдсан өөрчлөлтийг оруулахад хүрэхийн бол дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд заасан “Ерөнхийлөгч төрийн тэргүүн байна” гэсэн Үндсэн хуулийн заалттай шууд зөрчилдөх байдалд орно гэдгийг нухацтай магадлах ёстой.

-“Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэр дэвшигчийг 72 цагийн дотор батламжилна” гэх заалт оруулах гэж байгаа гэсэн?

-Одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Ерөнхийлөгч шүүгчийг томилох тухай заалтын үзэл баримтлал нь цэх шударгаар мэргэжилдээ үнэнч, ажиллаж байгаа шүүгчийг Ерөнхийлөгч ивээлдээ авч, халагдашгүй байдлыг нь хангаж өгнө гэсэн хэрэг юм. Харамсалтай нь өмнөх Ерөнхийлөгчийн үед шүүгчийг томилох асуудалд хувийн компанийн захирал ажилтан авч байгаа юм шиг болгочихсон. Хэн нэгэн эрх баригчийн гаргасан алдааг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Хэрэв Шүүхийн ерөнхий зөвлөл хахуулиар шүүгчид нэр дэвшүүлсэн тохиолдолд Ерөнхийлөгч түүнийг таслан зогсоож чадахгүй байдалд оруулах юм уу гэсэн асуудал та биднээс өөрийн эрхгүй хариу нэхнэ.

-Сүүлийн үед хоёр танхимтай парламентыг бий болгох нь өнөөгийн хүндрэлээс гарах гол арга зам гэж үзэх төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид цөөнгүй болж байна. Энэ талаарх таны санаа бодлыг сонсмоор байна?

-Энэ чинь бас л сонгуулиар тодорхой хугацаатайгаар бий болгох байгууллагууд шүү дээ. Дахиад л хоноцын хүмүүсээр төрийг дүүргэчихвэл яах вэ.

-Та илтгэлдээ 1992 оны Үндсэн хуулийн чадамжийн талаар шинжилгээ хийсэн гэлээ. Үндсэн хуулийн чадамж ямар байгаа юм бэ?

-1980-аад оны сүүлчээр ЗХУ, Социалист хамтын нөхөрлөлийн орнууд задран бутарч зарим улс тухайлбал, Румынд нам төрийн удирдагчаа гэргийтэй нь хамт өчиггүйгээр буудан хороосон. Сэтгэл цочирдуулсан энэ үйл явдал Монголын нийгэмд нөлөөж, улс төрийн шинэ хүчнүүд дараа дарааллан бий болж нрх баригчдад улс төрийн тулган шаардлагуудыг богино богино хугацаанд шат дарааллан тавьж эхэлсэн. Улс оронд нүүрлэсэн улс төрийн нэн хурцадмал хямралтай байдлыг даван туулах арга зам нь шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлах явдал гэж үзсэн. Ингээд хагас жилийн дотор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлж эхэлсэн. Энэ төслийг боловсруулахдаа юуны өмнө монголчуудын гайхамшигт өвөг дээдсийг ихэд дорд үзсэн Мантискогийн эрх мэдэл хуваарилах тухай онолыг гол үзэл бодлоо болгон баримталсан. Нөгөө талаар үр дагаврыг нь урьдчилан тооцохгүйгээр НҮБ-аас батлан гаргасан хүний эрхийн баримт бичгийг хуулбарлан суулгасан. Түүнчлэн барууны улсуудын Үндсэн хуулийг жишиг болгосон. Ингээд Үндсэн хуулийнхаа оршил хэсэгт “Эх орондоо иргэний ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж зарлан тунхагласан. Үүнээс хойш 25 жил өнгөрчээ. Энэ бол богино цаг хугацаа биш. Үндсэн хуульд зарлан тунхагласан өмнө дурдсан зорилго хэрхэн яаж хэрэгжсэнийг би илтгэлдээ нарийвчлан авч үзсэн. Тэгээд 1992 оны Үндсэн хуулийн нөөц шавхагдсан гэсэн дүгнэлтэд өөрийн эрхгүй хүрсэн.

-Яагаад?

-Бид ардчилал гэсэн нэрийн дор дөрвөн жил тутамд сонгууль хийж, Монгол төрийн бодлогын залгамж холбоог бүрэн алдагдуулж, төрийг хоноцын хүмүүсээр дүүргэж, дампуурлын ирмэгт аваачлаа. Улс төрийн намууд хамгийн шилдгүүдийн нэрийг дэвшүүлж, тэдгээрийн дотроос хамгийн шилдгийг нь сонгогчид тодруулна гэж гэнэхэн төсөөлж байсан чинь хамгийн увайгүй нь сонгогддог явдал ердийн үзэгдэл болж хувирав.

Сонгуулийн үеэр хэзээ ч биелэгдэшгүй, ичгүүр сонжуургүй зүйлийг амлаж, сонгогчдыг төөрөгдүүлэн улмаар хамгийн их мөнгө цацсан нь сонгуульд ялдаг нь ёс мэт болов. Ялсныхаа дараа хөшигний ард сайдын суудал тендер, концесс, албан тушаалыг наймаалцаж, сонгуулийн кампанит ажлыг нь ивээн тэтгэсэн дотоод гадаадын олигархиудын эрх ашгийг хамгаалан хуульчлах байдал руу оров. Төрийн эрх мэдэл үндсэндээ ямар ч аргаар хамаагүй ашиг хонжоо олохыг санаархагч капиталын гарт, түүний эрхшээлд автагдлаа. Сонгуулийн дөрөвхөн жилийн хугацаанд улс орны хөгжил дэвшлийг хангахуйц бүтээн байгуулалтыг өрнүүлж амжилгүй парламентын хэрэлдээн, маргалдаан, чарлаанаар хоног хугацааг өнгөрөөж дараагийн сонгуультай золгож ирлээ. Ийм байдал цаашид үргэлжилбэл Монголын ядарсан ард түмэн хамгаалуулах ивээлд нь байх төр засаггүй болж сөхрөн туйлдах аюул нүүрлэжээ.

Хүмүүнлэг нийгэм гэдэг бол хүнд хүн ёсоор ханддаг, иргэн хүнээ дээдэлдэг нийгмийг ингэж нэрлэдэг. Гэтэл өнгөрсөн 25 жилд хар амиа хичээх үзэл газар авч, монголчуудын дийлэнх олонх нь ирээдүйдээ итгэлгүй, өр ширэнд баригдсан, өлмөн зөлмөн амьдралаар гол зогоох болжээ. Хөдөө орон нутаг, сумын төвүүд согтуурлын мансууралд, өсвөр үеийнхэн хар тамхины мансууралд автагдаж байгааг шударгаар хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Эндээс үзвэл Монгол Улсад хүмүүнлэг иргэний нийгэм биш хамгийн зэрлэг өршөөлгүй капиталын нийгэмд шилжиж, монголчуудын хүсэл нь мөнгө, эд хөрөнгө, тансаг хэрэглээ. Үзэл нь шунал болчихлоо.

-Тэгвэл Монголд амьд Үндсэн хууль бий болгохын тулд яах ёстой вэ?

-Монголчуудын ийм дэндүү арчаагүй, заримдаа бүр гарцгүй мэт болсон нөхцөл байдал нь Монгол төрийн үндэсний язгуур бодлого байхгүй болсонд оршиж байгаа юм. Уг нь бид чинь 140 гаруй жил дэлхий дахиныг засан товхинуулж, хөгжил дэвшил сэтгэл тэнүүн амьдралыг авчирч байсан гайхамшигт өвөг дээдсийн хэрэгжүүлж байсан төрийн өөрийн гэсэн язгуур үзэл сурталтай ард түмэн. Харамсалтай нь үндэсний эв эеэ алдаж, ах захаа хүндлэхгүй болсны улмаас сүүлийн 220 жилд Манжийг, 70 шахам жилд Зөвлөлтийг, 30 шахам жилд барууныг сохроор аялдан дагацгаалаа шүү дээ. Үндэсний язгуур бодлогын үзэл санаагүй ард түмнийг үгэн бөмбөгөөр бөмбөгдөхөд хэрхэн яаж сулран доройтдог туршилтыг монголчууд бид өөрсөд дээрээ харийнхнаар хичнээн удаа хийлгэв дээ.

-Монгол төрийн язгуур үзэл баримтлалыг бий болгож чадвал манай улс амьд Үндсэн хуультай болно гэж хэлэх гээд байна уу?

-Монголын төр шударга үнэн, нинжин сэтгэл, жудаг, нэр төр, итгэл, дэндүү үл шуналтах, найрсаг зочломтгой зан, урвашгүй сэтгэл зэргийг хуулиас дээгүүр тавьсан цагт амьд Үндсэн хуультай болно. Хууль гэдэг бол хүний амьд организм. Хүний цустай адил хүний дотор сэтгэлд гүйж явдаг зүйл. Гэтэл бид өнгөрсөн 25 жилд хүний төлөө байх ёстой хуулийг хуулийн төлөө хүн байх ёстой юм шиг болгож, хуулиар хайрцагласан ёс суртахуунгүй орчинд ард иргэдээ оруулчихлаа шүү дээ. Хуулийн үгүйсгэх заалтаар хэн ч маргаж болдог. Тэгвэл ёс суртахууны эрхэм нандин чанарыг хэн ч оруулан тайлбарлаж чаддаггүй. Эрт дээр нэгэн үе Чингис хаан түүнийг шууд залгамжлагчид хуулийн дээр ёс суртахууныг тавьж чадсанаараа Монгол Улсыг дэлхийн хэмжээнд хүргэсэн юм шүү дээ. Цаашдаа та бидний эх оронд, нэр төрд тулгуурласан ёс суртахууныг бүхнээс дээгүүр тавьдаг төр засгийн хамгийн тохиромжит тогтолцоо ямар байх вэ. Монголын төрийг нэр төртэйгээр хэн авч явах вэ гэсэн судалгаа шинжилгээ хийж байна. Одоохондоо нийтэд задруулах хэмжээнд хүрээгүй байгааг ний нуугүй хэлье. Хэрэв Монгол Улс Үндсэн хуульдаа төрийн үндэсний язгуур үзэл санаагаа өмнө дурдсан шиг тодорхойлж чадах юм бол эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалах, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хотжилт зэрэг бүх салбар зөв бодлоготой болж хувирна.

-Энэ талаар тодорхой ганц жишээ хэлж өгөөч?

-Ганц биш, хоёрхон жишээ хэлье. Нийгэм ард иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан буюу эсхүл ямар ч аргаар хамаагүй ашиг унагагч энэ хоёр төрлийн эдийн засгийн алинтай нь байх вэ гэдгээ шийдэх ёстой. Дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд дэлхий нийтийн жишигт нийцсэн эдийн засагтай байна гээд заасан байгаа. Боловсролын хувьд монголчууд эрт дээр үеэс боловсролыг хүн бүтээх үйл явц гэж ойлгож ирсэн. Тэгтэл өнөөдөр бид дөнгөж хүн болох гэж байгаа хөөрхөн багачуудынхаа авьяасыг нь нээнэ гээд өөрсдийг нь ч хөөрхий тэр олон багш нарыг ч зовоон тарчлааж байгаагаа яах вэ.

-Хэн Монгол төрийг нэр төртэй авч явна гэж?

-Элитүүд. Элит гэдэг бол үе удмаараа эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэж, ачааны хүндийг үүрч явсан ард түмний тэр хэсгийг хэлнэ. Элитүүдэд шунал байдаггүй. Маш томоор сэтгэдэг учраас хахууль буюу элдэв бусармаг явдалд автагддаггүй. Гадаад нөлөөлөлд ордоггүй хүмүүсийг хэлдэг.

-Манай улсад элит бий юу?

-Байгаа. Үүнийг олж харах, судлан шинжлэх бидний билгийн нүд наад зах нь улс орныхоо нэг мянган жилийн туулсан зам мөр сургамжийг сайтар мэдсэн цагт нээгдэнэ. Одоо харин элитүүд нэгдэх цаг болсон.

-Та илтгэлдээ сүсэг бишрэл Монгол төрийн бодлогын салшгүй хэсэг байх ёстой гэж тэмдэглэсэн нь олон хүний сонирхлыг татаж байх шиг байсан?

-Сүшиг бишрэл гэдэг бол шашин. Шашин гэдэг бол бурхны сургаал. Хүн болгон сүсэг бишрэлтэй байдаг. Бурхны сургаал нь “Бүү ал, бүү хулгайл, бүү худлаа ярь, эцэг эхээ хүндэл, хортой зүйлээс холхон явцгаа, нүгэл хилэнц бүү үйлд” гэж л байдаг шүү дээ. Угтаа энэ бол бас л ёс суртахуун. Харамсалтай нь өнөөдөр нэг талаар сүм хийд, дуган, дацан, түүний санваартнууд хүнийг хүн шиг явуулах чиг үүргээсээ хэтэрхий хазайж, бусдын муу үйл, зовлон гачаалаас ашиг унагадаг болчихоод байгаа. Ийм учраас шашныг шашин ёсоор нь байлгах явдал бол амьд үндсэн хуультай болох нэг алхам. Харамсалтай нь манай дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд шашин нь төрөө хүндэлнэ гээд заачихсан байгаа. Тэгэхээр энэ чинь төрд болж, бүтэхгүй байгаа муу муухай бүхнийг шашин хүндэлнэ гэсэн үг юм уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Элбэгдоржоос эрх баригчид айхын учир юу вэ?

“Өдрийн сонин”-ы 2017.09.11-ний даваа гаригийн №193,194(5760,5761) дугаараас авч нийтлэв.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн Их хурлын ээлжит бус чуулганаар “мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч намын засаг ийнхүү жил гаруй хугацааны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Засгийн газрыг огцруулах гурван үндэслэл байна гэж Т.Аюурсайхан тэргүүтэй гарын үсэг зурсан намынх нь 31 гишүүн үзсэн. Үүнд: боловсон хүчний бодлогын алдаа буюу мэргэжлийн Засгийн газар байгуулаагүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ба жаран тэрбум, концесс, хүүхдийн мөнгөний асуудал болоод эдийн засгийн дампуурал багтана. Төрийн албыг хууль бусаар худалдаж авах гэсэн жаран тэрбумын бичлэг үнэн гэдэг нь батлагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намын ялагдал хүлээсэн гол шалтгаан энэ. Жаран тэрбумын ерэн минутын бичлэг ерэн жилийн түүхтэй ах намд арилшгүй хар толбо үлдээсэн.

Засгийн газрын кабинетын удирдлага сул, гишүүд нь мэргэжлийн бус гэсэн шүүмжлэл засаг байгуулагдахаас л гарсан. Гэвч ялсан намын дарга нь Их хурлаа удирдаад өөрийн хүнийг Засгийн газрын тэргүүнээр томилсон нь эхнээсээ том алдаа болсон. Өнөө “Мэргэжлийн засаг байгуулна” хэмээн сонгуульд ялсан нам амлалтаасаа 100 хувь буцаж, мэргэжлийн бус хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Ямар сайндаа “Мэргэжлийн засаг уу, Миеэ-гийн засаг уу. Монгол Улсын Засгийн газар уу, Морин спорт уяачдын холбооны Засгийн газар уу” гэх яриа нийгэмд хүчээ авч байхав.

Мөн засаг унах гол үндэслэлийн нэг нь төсвийн хууль, Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн гэгдээд буй алдарт долоон концессын 807 тэрбумын асуудал. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаярын МАК компани 78 тэрбум 752 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” 77 тэрбум 695 сая, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбатын “Засагт чандмань майнз” компани 162 тэрбум 869 сая төгрөгийн концессын гэрээ байгуулсан. Энэ нь мэдээж бусад гишүүдийн атаархлыг төрүүлэлгүй яав гэж. Тэд адилхан барьцаж эхэлнэ. Тиймдээ “Концессыг буруутгаад байгаа юм биш. Бүх гишүүд тойрогтоо цэцэрлэг сургууль барих хэмжээний мөнгийг сайд нар өөрсдөө концесс нэрээр авчихаад байгааг эсэргүүцээд байна” гэж гишүүд хэлж байв.

“Хүүхдийн мөнгийг ялгавартай өгч эхэлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын шийдвэргүйгээр бүх хүүхдэд мөнгө олгосон нь төсвийн хууль, ОУВС-гийн өмнө амласнаа зөрчсөн. “Эрдэнэс таван толгой” эдийн засгийн 5.3 хувийг хангаж байгаа гол обьектуудын нэг. Төсвийн тодотголд үүнийг суулгалгүйгээр эдийн засгийн өсөлт -0.2 хувьтай байна гэж үзэн долоон төрлийн татвар нэмсэн. Ингэснээр “Эрдэнэс таван толгой”-н 49 хувийг гадныханд зарах гэсэн оролдлого хийсэн. Дээрээс нь Ж.Эрдэнэбатын засгийн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр удаа бууруулж, дампуурлын ирмэгт авч ирлээ. Энэ бол Засгийн газар чадваргүй, үйл ажиллагаа нь удаан байгааг илтгэж байна” гэх зэргээр огцруулах үндэслэлүүдийг гаргаж ирсэн. Энэ бүхэн зөвхөн өнгөн талдаа харагдаж байгаа зүйл. Үндсэндээ засаг огцрох гол үндэслэл биш.

Харин Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар чуулганы хуралдаан дээр Засгийн газрыг яагаад огцруулж байгаа вэ гэдгийг маш тод ойлгогдохоор хэлсэн. Ц.Нямдорж “Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байх үедээ улс төрийн намуудыг самарсан. МАХН-ыг зориуд дээд шүүхээр бүртгүүлж самарсан. Дараа нь Ардчилсан намыг дотор нь самарч Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан. Тэр явсаар байгаад өнөөдрийн байдалд хүргэж байгаа шүү. Энэ хүн Монголын хууль хяналтын байгууллагад захиалгат хүн томилсноос хууль хяналтын байгууллагууд улс төрийн цагдаа болсон. Шоронд хүн хоригдож байгаад үхэж байлаа. Улс төрийн цагдаа нар хэзээ ажлаа зогсоохыг мэдэхгүй байна. Мөн Худалдаа хөгжлийн банк гэдэг улс төр бизнесийн бүлэг байгуулж, түүний хумс манай намд орж ирсэн. Энэ хуйвалдааныг нь манай намынхан зогсоохын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй. Тийм болохоор Засгийн газар огцрох ёстой гэж би гарын үсгээ зурсан” гэв. Л.Оюун-Эрдэнэ “Монгол төрийн бодлого төрийн ордонд биш хэсэг компанийн оффист болдог нь “Эрдэнэт” дээр харагдсан учраас гарын үсгээ зурсан” гэж мэдэгдсэн. Энэ хоёрын хэлснээр эрх баригч нам иргэн Элбэгдоржоос айгаад Засгийн газраа огцруулж байгаа нь тодорхой уншигдаж байна. Нямдоржийн үгнээс бүр ч тодорхой ойлгогдож байна.

Энэ намынхан “МАНАН” бүлэглэл гэж ярьцгаадаг. “МАНАН” бүлэглэл гэж ер нь юу юм, хэн хэн багтдаг юм гэдгийг хэлчих зоригтой хүн байдаггүй. Тэгвэл МАН-ын Т.Бадамжунай, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банк, “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмэт” нэгдэл, “Эм Си Эс” групп ордог. Үндсэндээ уул уурхайн энэ бүлэглэлийг “МАНАН” гээд байгаа. Тэгэхээр уг бүлэглэлийн намдаа орж ирсэн “хумс”-ыг жаран тэрбумын бичлэгт яригдсанчлан “аалз шиг үе мөчөөр нь тасдана” гэгчээр тасдах санаатай “мэргэжлийн” гэх Засгийн газрыг огцруулж байна.

Үүний нарийн учрыг намын жирийн гишүүд байтугай Их хурлын зарим гишүүд нь ойлгохгүй байна. Хэн хэнийг “МАНАН” гэдгийг, хэнээс салах гээд байгаагаа наадуул чинь айгаад үнэндээ хэлж чаддаггүй байхгүй юу. Энэхүү “МАНАН”-г Ерөнхийлөгч “Уул уурхайн бүлэглэл ердөө 30 гэр бүл Монголын баялгийг цөлмөж байна” гэж хэлдэг. Харин иргэний хөдөлгөөнийхөн болоод энэ намынхан МАНАН гэдэг. Сүүлийн үед “ХАР ХҮЧ”-ийг сарниана гэж ярьцгаадаг болсон байна лээ. МАНАН нь ХАР ХҮЧ нэртэй болсон юм уу даа. МАНАН гэдгийг Ардын намын бодлого баригчид л мэдэж байгаа. Хөөрхийлөлтэй нь Их хурлын зарим гишүүд нь улс төрийн ийм нарийн асуудлыг байтугай энгийн зүйлийг ч мэдрэхгүй байгаа харагдах юм.

Уул уурхайн хар хүчний бүлэглэл(сүүлийн үеийн нэршил)-ийн толгойлогчийг Миеэгомбын Энхболдыг гэж үздэг юм шиг байна. Ер нь тэгж харагдаад байгаа. Түүний нөлөөллийг байхгүй болгохын тулд намаасаа дэвшүүлэн зайлуулна гэдгийг журмын нөхөд нь дор бүрнээ бодоцгоосон. Дэвшүүлээд зайлуулна, эсвэл дэвшүүлээд унагаад зайлуулна гэж аль аль хувилбараар нь л бодсон байх. Харин “Хар хүч”-ний толгойлогч өөр зүйл бодсон байж таараа. Хүн ер нь албан тушаал, эрх мэдэлд ханана гэж байх биш. Тэр хүн ч гэсэн Ерөнхийлөгч болоод бүгдийг нь эрхшээнэ гэж бодсон байх. Хэрвээ Энхболд Ерөнхийлөгч болсон бол Монголын төрийг тэр чигт нь атгах байжээ. Учир нь өөрийн Ерөнхий сайдтай, өөрийн намын даргатай, өөрийн Их хурлын даргатай байх байж. Гэвч Ерөнхийлөгч болж чадалгүй, бүгдийг эрхшээж атгандаа оруулах хүслээ биелүүлж чадалгүй газардсан. Яг энэ үеийг нь далимдуулаад, унасан дээр нь дөрөөлөөд “Хар хүчний бүлэглэл”-ээс салахаар Засгийн газрыг огцруулж байна. Цаг хугацааны тохироо гээч нь ингэж бүрдэв бололтой.

Намын жирийн гишүүд, Их хурлын жул гишүүд “Хоёрхон сарын дараа намын их хурал болно. Намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалаа хашаад явах боломжтой. Тэгэхээр хоёрхон сарын настай Засгийн газар байгуулах юм уу” гэж гайхашралаа бараад байгаа нь ийм учиртай. Тэд үнэндээ ойлгохгүй байна. Энэ бол их энгийн ойлголт юм. Ухаандаа намын даргын суудлыг мөрөөдөж байгаа Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын хувиар намынхаа их хуралд оролцоход ямар хүчтэй харагдах билээ. Түүнийг эгэл жирийн гишүүд нь Монголын төр л гэж хүлээж авах нь тодорхой . Тэгээд шууд намын дарга болно. Олны саналыг ядах юмгүй авна. Харин Ерөнхий сайдын сэнтийгээс хусч хаяад, жолоо цулбуурыг нь эвхээд намын даргад өрсөлдүүлэхэд тэр хамгийн зөөлөн боорцог. Албан тушаалаа дагаад нэр хүнд нь унасан байна. Үндсэндээ эрх баригч намын даргын суудалд суух бололцоогүй болно гэсэн үг. Ганцхан жил ажиллаад огцорч байгаа Ерөнхий сайдыг намынхаа даргаар томилж байдаг “эргүү толгойнууд” гэж хаа байхав. Ийм тактикаар наад хэд чинь намын их хурлынхаа өмнө яаруу сандруу Засгийн газраа огцруулж, “Миеэ”-гийн хүн гэгддэг Эрдэнэбатаас салж байгаа юм.

Яг нарийндаа, “Хар хүч”-ний буюу “МАНАН”-гийн бүлэглэлээс салж байгаа хэрэг. Ерөнхийд нь аваад үзвэл иргэн Ц.Элбэгдоржоос айж Засгийн газраа огцруулж байгаа нь хачирхалтай. Тэр хүн үнэхээр эрх баригч намынхан айн чичрээд засгаа хүртэл унагаад байхаар эрх мэдэл, албан тушаалтай хүн мөн билүү. Зүгээр л энгийн иргэн шүү дээ. Монголчуудын хэлдгээр энэ нь “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр юм болж өнгөрлөө. Ц.Нямдоржийн дээр хэлсэн үгэн дотор “Монголын хууль хяналтын байгууллагад захиалгат хүн томилсон” гэж бий. “Захиалгат хүн, улс төрийн цагдаа” гэж АТГ-ын Энхжаргал, Тагнуулын Хурц нарыг хэлээ биз гэж тааж байна. Тэгвэл тэр хоёрыг нь огцруулаад болчих байсан юм биш үү.

Эцэст нь хэлэхэд, ах намын нөхөд өөрсдийн байгуулсан Засгийн газартайгаа хариуцлага тооцон огцруулж байгаа нь хувьсгалт дэвшил юм. Засаг унах нь гадны хөрөнгө оруулалтаас аваад эдийн засагт сөргөөр нөлөөлдөг муу талтай ч ажил хийдэггүй, ард түмнийхээ амьдралыг өөд татахыг боддоггүй засгаа ардын нам унагаж чаддаг юм гэх горьдлогыг олон нийтэд төрүүллээ. Харин одоогийн байгуулагдах шинэ засгийн Ерөнхий сайдаа “Хар хүч”-ний бүлэглэлийн гишүүн биш хүнээр тавихаа эрх биш мэдэж байгаа байлгүй, энэ намынхан.

Categories
мэдээ нийгэм

“Давхар дээл гуравхан хүнд зориулагдсан байдаг юм шүү дээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Уламжлал ёсоор манай сонины тэргүүн нүүрэнд “Танайд өнжье” булан орлоо. Энэхүү булангаас Монгол Үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус телевизийн үүх түүх, өдөр тутмын ажлын үйл явцын талаарх сурвалжилж, өнжлөө. Эрхэм уншигч та хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Зарчимгүй хэдэн улстөрчдийн хэлсэн үгнээс болж зарчмаасаа яагаад ухрах ёстой гэж” хэмээн хэллээ.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Давхар дээл гуравхан хүнд зориулагдсан байдаг юм шүү дээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Мөн улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Эрүүл мэндийн яам бол улсын эмнэлгүүдийн яам биш” хэмээн онцлон хэлжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс “Хоёр машин шүргэлцвэл жолооч нар хоорондоо маргалдаагүй л бол цагдаа дуудах шаардлагаггүй” хэмээх сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

17 дугаар нүүрний уран бүтээлч нүүрнээс “Эмоци” продакшны захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөртэй хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр 25 дугаар суваг тв-ийн “21000” реалити шоунд оролцож буй билээ.

23 дугаар нүүрнээс өнөө жилийн улсын баяр наадмаар улсын аварга Ч.Санжаадамбаар тав давж улсын начин цолны болзол хангасан Г.Ганжадын ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Өсөхөө аварга “Хөлийн цэцүүд чамайг давсан гэсэн. Баяр хүргэе” гээд үнэсэхэд сэтгэл уужрах шиг л болсон” хэмээн онцлон хэлжээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ