Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн дэслэгч Б.Батболд шилдэг хэсгийн байцаагчаар шалгарлаа

Цагдаагийн байгууллагын ажил мэргэжлийн шилдэг алба хаагч шалгаруулах “Хэсгийн байцаагч-2017” тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд амжилттай болж өндөрлөлөө.

Цаг агаарын хүнд нөхцөлд цагдаагийн алба хаагчийн тэсвэр хатуужил, ур ухааныг сорьж, гурван өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээний ялагч, шилдэг хэсгийн байцаагчаар нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батболд шалгарлаа.

Оюун ухаан, ур чадвар, албаны бэлэн байдал, хувь хүний хариуцлага, ажил мэргэжлийнхээ шилдэг нь гэдгээ харуулсан тэрбээр өргөмжлөл, алтан медаль, дурсгалын цом, иж бүрэн компьютер, унадаг дугуйгаар шагнуулав.

Тэмцээний хоёрдугаар байрт Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Хатанбаатар, гутгаар байрт Төв аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Цэдэндорж шалгарсан юм.
“Хэсгийн байцаагч-2017” тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс шалгарсан шилдэг 38 хэсгийн байцаагч хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, эсээ бичлэг, цагдаагийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, албаны галт зэвсэг хэрэглэх, автомашин, мотоцикль жолоодох ур чадвараараа өрсөлджээ.

Цас, бороо холилдон орж, цасан шамарга шавхуурдсан намрын хүйтэн өдөр тэсвэр хатуужил, ур чадвар сорьсон хүндхэн даалгавруудыг гүйцэтгэх хүдэр чийрэг эрчүүдийн дунд ганцхан эмэгтэй алба хаагч өрсөлдсөн нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэвэлмаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд гутгаар байр эзэлж байсан тэрбээр энэ удаа нийлбэр онооныхоо жагсаалтаар долоодугаарт оржээ.

Цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэвэлмаа “Тэмцээндээ оролцох нь чухал. Гэхдээ бид нэгэн дор цуглаж, ажил, албаныхаа болж бүтэх зүйл, эерэг тал басхүү тулгамдсан асуудал, түүнээ шийдэх арга, сайн туршлагыг нэгээсээ мэдэж, санаа бодол, санал дүгнэлтээ ярилцаж байгаа нь хамгийн олзуурхууштай” гэж ярьлаа

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэгтэй тэмцэх албанд эрлийн нохой сургах 6 сарын сургалт боллоо

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/58 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2017 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу Гэмт хэрэгтэй тэмцэх албанд эрлийн нохой сургах 6 сарын сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын харъяа Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, төгсөлтөө хийлээ.

Сургалтад Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Увс, Завхан, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газруудын эрүүгийн туслах төлөөлөгч нар болон Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн гурван алба хаагч тус тус хамрагдсан юм.

Энэ удаагийн сургалтаар албаны нохойг эрэл мөрдлөгийн чиглэлээр сургаж дасгалжуулан, алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олголоо. Тухайн сургагдсан албаны нохдыг төв, орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд шууд ба шууд бус хэлбэрээр ашиглан гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах билээ.

Энэ удаагийн сургалтын онцлог нь өндөр хөгжилтэй орнуудын албаны нохой сургах арга барил, техник арга зүй дээр тулгуурлан явуулж, Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдийг Албаны нохойн сургалтын хэлтсийн үржлийн хэсэгт төрсөн гөлгөн нохдоор хангаж өгснөөрөө онцлог бөгөөд өмнө нь хувь хүн, үржлийн газруудаас нохойг худалдаж авахад төсвийн хүндрэл үүсдэг байсан асуудлыг шийдсэнээрээ давуу талтай боллоо.
Төгсөлтийн арга хэмжээнд ЦЕГ-ын Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр болон Сургалтын нэгдсэн төвийн алба хаагчид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Эзэмшил газрыг өмчлүүлэх аян баянзүрх дүүрэгт эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-нөөс эхэлсэн аян Сонгинохайрхан дүүрэгт явагдаж дуусч өнөөдрөөс Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна.

Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 406 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа юм. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 28 өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Тиймээс иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Үүнд:

  1. Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө
    Хорооны Засаг даргын тодорхойлолт
    3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
    4. Иргэний үнэмлэхний хуулбар
    5. Газрын кадастрын зураг /эх хувь/
    6. Газрын төлбөр төлсөн баримт

Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр ХБНГУ-д Бундестагийн сонгууль болж өнгөрлөө

Манай сурвалжлагч Ю.Дэлгэрмаа Берлин хотоос мэдээлж байна.

Өчигдөр ХБНГУ-д Бундестагийн 19 дэх удаагийн сонгууль болж өнгөрлөө. Энэ удаад Германы 42 намаас 4828 хүн нэр дэвшсэн юм. Канцлер А.Меркелийн тэргүүлдэг Засгийн эрхийг барьж буй Христосийн Ардчилсан холбоо, тус намтай эвсэл байгуулсан Христосийн нийгмийн холбоо,тэдний хамгийн гол өрсөлдөгч болох Германы Социал-Демократ нам, гурав дахь хүчин гэгддэг Германы чөлөөт нам, Ногоон нам, Зүүний нам, сүүлийн үед ард иргэдээс дэмжлэг аваад буй Алтернатив намуудын хооронд гол өрсөлдөөн өрнөлөө. Өчигдөр өглөө 8:00 цагт санал хураах хэсгүүд нэгдсэнээр сонгууль эхэлсэн. Германы сонгогчид нэгэн зэрэг хоёр санал өгдөг. 630 суудалтай Бундестагийн гишүүдийн талыг нь шууд сонгож, үлдсэн хэсэг нь намын жагсаалтаар орж, таваас илүү хувийн илүү санал авсан улс төрийн хүчнүүд парламентад суудалтай болдог. Сонгогчид саналаа өгөхдөө хуудасны зүүн хэсэгт нэр дэвшигчид, баруун талд нь намуудыг бичсэн байх бөгөөд өмнө нь чагт тэмдэг тавина.Өчигдөр өглөө Берлин хотын санал хураах хэд хэдэн хэсгүүдээр ороход сонгогч бараг байсангүй. Сүүлийн жилүүдэд захидлаар урьдчилан саналаа өгөх хүмүүсийн тоо нэлээд нэмэгдсэн талаар Касселийн их сургуулийн улс төр судлаач, доктор Оливер Д‘Антонио ярьсан юм. Сонгууль амралтын өдөр болдог тул иргэд урьдчилан саналаа өгчихөөд амардаг аж. Өчигдөр буюу ирэх дөрвөн жил засгийн эрхийг аль нам барихыг шийдэх өдөр улс төрийн томоохон хүчнүүд бүгд “Сонгуулийн үдэшлэг” хийлээ. Энэ нь уламжлал болсон юм. Сонгуулийн дүнг ийнхүү үзэл бодол нэгт нөхдийнхөө хамт хүлээдэг. Урьдчилсан дүн гарахад хамгийн их дэмжлэг авсан нам ялалтаа тэмдэглэнэ, харин ялагдсан нь тэгсхийгээд тарна.

А.Меркелийн тэргүүлсэн Христосын Ардчилсан холбоо 12 жилийн туршид олонх болж засгийн эрхийг барьсан. Энэ удаад ч амжилтаа бататгаж дахин иргэдийн дэмжлэгийг авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Харин тэдний гол өрсөлдөгч Германы Социал-Демократ намын дарга М.Шульц байдлыг өөрчлөх цаг болсныг сонгогчидтойгоо уулзах болгондоо сануулж байв. Тэрээр уржигдар Берлин хотын төвд орших Жандарменмаркт талбай дээр болсон сурталчилгааны хаалтын ажиллагаан дээр үг хэлэхдээ санал хураалт Германы ирээдүйг шийднэ хэмээн дахин дахин онцолж байлаа. Сонгуулийг сурвалжлахаар ирсэн гадаадын сэтгүүлчид ч сонгогчдын идэвхийн талаар ярьж байв.

Энэ өдөр ХБНГУ даяар 299 санал хураах хэсэг ажилласан .Тус улсын судалгааны“Forsa” байгууллагаас өдөр бүр санал асуулга явуулж дүнгийг нь олон нийтэд танилцуулж байв. Тэдний хамгийн сүүлчийн судалгаагаар Христосын ардчилсан холбоо 36 хувь буюу хамгийн олон санал авна гэсэн судалгаа гарсан юм.

Ингээд Бундестагийн сонгууль ямар болж байгаа талаар ХБНГУ-ын Бавари мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Н.Солонготой санал хураалтын өдөр ярилцлаа.


-Танай намын сонгуулийн сурталчилгаа бусад улс төрийн хүчнээс юугаараа өөр байв?

-Манай Христосын нийгмийн холбоо бол маш хүчтэй нам. Сонгуулийн кампанит ажил гурван сарын турш явагдсан. Намынхаа тойргийн залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувьд сурталчилгааны кампанит ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн. Манай холбооны залуучууд гэр бүлүүдтэй нэг бүрчлэн уулзаж ярилцахдаа нэг айлд хоёр минутыг зарцуулсан байгаа. Энэ ажил маш үр дүнгээ өгсөн. Манай нам Христосын Ардчилсан холбоотой эвсэл байгуулан Засгийн эрхийг барьж байгаа бөгөөд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ард иргэдийн зүгээс тавьсан асуудлын дагуу эвсэл болон хамтран ажиллаж байгаа Христосын Ардчилсан Холбоонд шаардлагаа тавьсан.

-Эвсэлд нэгдэн эрх барьж буй намын хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн гол ажил нь юу байв?

-Бид бол юм хийдэг, хийж чадах юмаа сонгогчдодоо амладаг, сөрөг хүчин болох Германы Социал-Демократ намтай харьцуулахад хийрхэл бага. Хийснээ статистикийн тоо баримт, үйлдлээрээ харуулдаг. Өнгөрсөн хугацаанд Бавари мужийн санхүүгийн байдал нэлээд сайжирч, ямар ч өргүй болсон. Энэ нь манай намын гавьяа гэж бодож байгаа. Тиймээс ч 2020 оноос эхлэн бусад мужуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Өнгөрсөн жил ХБНГУ-ын канцлер нэг сая гаруй цагаач хүлээн авах шийдвэр гаргасан. Эдгээр дүрвэгсдийн 800 мянгаад нь Бавари мужид ирж суурьшсан. Тэднийг нийгэмшүүлэхэд манай нам маш их зүйлийг хийсэн. Жишээ нь гишүүний хувьд би гэхэд цагаачдад үнэ төлбөргүйгээр герман хэл заасан.

Categories
мэдээ нийгэм

Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлсэн байна. Харин Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан, нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн, мал амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, Онцгой комиссын гишүүдийг хорио цээрийн дэглэм тогтоосон бүсүүдэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, удирдлагаар хангах шуурхай штабыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 56 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд, объектын гал түймрийн 50, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 9,1 хувиар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 64,7 хувиар, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 22,2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24 мянга 410 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 573 нэгж буюу 2.3 хувиар буурсан бол гэмт хэргийн шинжтэй 928 үйлдэл бүртгэгдсэн нь 215 нэгж буюу 30.2 хувиар өссөн үзүүлэлттэй аж. Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн тухайд энэ хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 1777 хүнийг эрүүлжүүлэн, Архины албадан эмчилгээнд 3 хүнийг хамруулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 32 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулан, 2324 иргэнд 74 сая 274 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дугаар сарын 21-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3663 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 132, зөрчлийн шинжтэй 1024 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1156 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 173 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 3,8 хувиар өссөн ба ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 706 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 690 бүртгэгдсэн нь 2,3 хувиар буурч, өнгөрсөн онд 102 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 50 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь 51,0 хувиар буурсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 80 хувийг нь барагдуулжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд 14 удаагийн тохиолдлоор 70 ширхэг тарваганы түүхий мах илрүүлж, 1 иргэнд 150.0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж тарвагыг ЗӨСҮТ-д, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн зорчигчдод тарваган тахал, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага тараажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ууган телевиз, радиогийн нэг өдөр

Монголын үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн ой тохиож байгаа энэ үед манай сурвалжлах баг МҮОНРТ-д өнжлөө. Манай улсад 1967 онд анх телевизийн суурь тавигдаж, үндэсний телевиз үүсэн хөгжсөн түүхтэй бол 1931 оноос Улаанбаатар хотод, 1934 оноос орон даяар радиогийн өргөн нэвтрүүлэг явж эхэлснээр үндэсний радио өдгөө 80 гаруй жилийн түүхийг бүтээжээ. Үндэсний телевизийн “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрүүд сүүлийн үед ихэвчлэн шууд дамжуулагддаг болжээ, мэдээллийн салбарт хурд зайлшгүй шаардлагатай үе нэгэнт ирсэн тул аль болох шууд дамжуулахыг ч эрхэмлэх болсон байна.

Өдрийн цагаар тасралтгүй шууд нэвтрүүлэгтэй, хоёр гурав, дөрвөн ч индэрт сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгчид мэдээллээ бэлтгэчихээд, бэлэн байдалд сууж байх ажээ. Нэг нь мэдээллээ уншаад болчихсон тохиолдолд дараагийн хөтлөлт хийх сэтгүүлч орж ирэх зэргээр ч солигдоно. Эфирийн индэрт суусан сэтгүүлч тус бүрийг камерт бичиж байх бөгөөд зарим камер нь нэгээс, нөгөө рүү найруулагчийн тушаалаар шилжинэ. Найруулагч мотор явлаа гэхэд л тухайн сэтгүүлч мэдээллээ уншина, хэдэн минут, хэдэн секунтэд багтаан мэдээллээд дуусгахыг ч нарийн заасан байдаг юм билээ. дэлгэцээр гарч буй нэг сэтгүүлчийг ойроос, холоос, урдаас, баруун урд, зүүн урдаас нь гэх мэт хэд, хэдэн талаас нь нэгэн зэрэг камерууд бичиж байх бөгөөд аль камерын бичлэгийг эхэлж гаргаад, дараа нь аль бичлэгийг авах, татах, камераа хааш нь хөдөлгөх сэтгүүлч хаашаа харах зэргийг найруулагч тушаана.

Хэн ч байсан найруулагчийн хэлж буйгаар л үйлдэл хийнэ. Аливаа нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг бэлтгэхэд тэр багийн хамгийн том эрхтэй нэгдүгээр хүн нь найруулагч гэсэн үг. Үндэсний телевизийн ихэнх мэдээллийг сэтгүүлч, редакторууд нь бэлтгээд, нэтрүүлэгчид уншдаг байсан хуучны тогтолцоог аль болох халж, сэтгүүлч өөрөө мэдээллээ бэлтгээд, үнэлэн дүгнээд, анализ хийж шууд дамжуулдаг байдалд шилжиж байгаа гэнэ. Яагаад гэвэл өөрийнхөө бэлтгэсэн, судалсан, өөрийнхөө хийсэн зүйлийг өөрөө л хамгийн сайн тайлбарлана гэж ч үзэж байгаа ажээ.

“Цэлмэг” өдрийн хөтөлбөрийн зураг авалт

Тухайлбал, 11:00 болон 12:00 зэрэг цагуудаас хэвлэлийн хурлыг сурвалжлагч газар дээрээс нь шууд дамжууллаа гэхэд араас нь залгаад, эфирт бэлэн суугаа сэтгүүлчид гадаад мэдээлэл, тэгээд спортын мэдээ гэх зэргээр төрөл бүрийн мэдээллүүдээ дамжуулна. Энэ бүрт найруулагч, редактор, туслах найруулагч гэх зэрэг хүмүүс өөр, өөрийн ажил үүргийн дагуу удирдаж, зэрэг зэрэг бэлэн байдалд буй камерыг ээлжлэн шилжүүлж, зохицуулалт хийдэг юм билээ. Бичлэг хийгдэж, дээрх ажил явагдаж буй студид тэднээс өөр хэн ч нэвтрэх эрхгүй. Студи бүрийн хаалганы дээд талд “On Air” гэх бичиг байх бөгөөд уг бичиг нь улаан гэрэлтэй болж ассан тохиолдолд тэнд бичлэг хийгдэж байна гэсэн үг учраас хэн ч тийшээ нэвтэрдэггүй.

Угаас тэнд гадны хүмүүсийн хөл хөдөлгөөн гарах битгий хэл илүү, дутуу ялаа нисэх ч чимээ гаргадаггүй юм байна. Шууд нэвтрүүлэг хийхээр бэлтгэсэн үед хэрэв гэнэтийн саатал гарах, тухайн хэвлэлийн хурал нь цуцлагдах зэрэг тохиолдвол түүний оронд ямар мэдээ өгөх, юуг дамжуулах, нэг хоёр минут, секунтын завсарлага гарвал яах зэргийг ч тооцоолсон байдаг аж. Мөн дэлгэцээр гарч буй хүний нэр буюу титрийг хэдэн секунт харуулж, хэдэн удаа давтаж гаргах зэрэг нь хүртэл яг л стандартын дагуу явагдах ёстой бөгөөд хүний дүрсийг хажуу талаас нь араас нь авах, хүний чих эфирээр гаргаж болохгүй зэрэг эфирийн тогтсон дүрмүүд байдаг юм байна. Эфирт гарах сэтгүүлч, хөтлөгчдийг эрэгтэй, эмэгтэйгүй мэргэжлийн нүүр будагчаар будуулж, зохих будалт хийлгэдэг ажээ. Эфирийн өрөөнд маш тод, том том цагаан гэрэл тусгадаг тул гэрэл сүүдэртэй, тодхон будалт хийж, уруулыг нь тод будах шаардлагатай байдаг гэнэ.

Шууд дамжуулах биш, урьдчилан бичлэг хийгээд төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу цацдаг нэвтрүүлгийн зураг авалт арай өөрөөр явагдах ажээ. Тухайн өдрийн 13:00 цагаас бичлэгтэй гэж үзэхэд өглөө 09.00 цагаас эхлээд л тайз засагчид тайзаа засаад эхэлнэ. Ихэнх томоохон нэвтрүүлэг нь Үндэсний телевизийн “600”гийн студид явагдах аж. Нэвтрүүлэг бүрийн арын өнгө төрх, шал ширээ сандал өөр, өөрийн гэсэн өнгө төрх, дизайн, онцлогтой байдаг тул тайз заслын бүхэл бүтэн нэг алба ажиллаж байх жишээний. Биднийг очсон өдөр “Ням гариг, нэг сая” нэвтрүүлгийн зураг авалт явагдаж байлаа. Нэвтрүүлэгт оролцох хүмүүсээ бүртгэнэ, үзэгч хүүхдүүд суудлаа эзэлнэ, хэн хаана суух нь хүртэл найруулагч, редактор зэргийн тушаалаар. Бэлтгэл ажил явагдсаар, нэвтрүүлгийн жинхэнэ зураг авалт цагтаа эхэлнэ, нэг хэсгийг эхэлж авах, түр амсхийх, дараагийн хэсэгт оролцох зарим зочдоо хүлээх, өмнөх үйлдлийг дахин давтуулж, зураг авах зэргээр хийх тохиолдол ч байх ажээ. Өөрөөр хэлбэл, бичлэгээр гардаг нэвтрүүлгийн зураг авах цаг нэлээд тавиухан байдаг бололтой.

Одоогийн байдлаар Үндэсний телевизийн “Алтан сан”д 3000 гаруй шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, “Кино фонд”д 2100 гаруй уран сайхны, баримтат, хүүхэлдэйн кино тус тус хадгалагдаж байдаг ажээ. Үндэсний телевиз Монголын хамгийн анхны бөгөөд хамгийн том бүтэцтэй олон нийтийн статустай гэдгээрээ онцлогтой телевиз. Тиймдээ ч бодлогоор, олон нийтэд чиглэсэн, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх, хөгжөөн цэнгээх зэрэг их үүрэг гүцэтгэхийг зорьж, төрөл бүрийн чиглэлд хандсан нэвтрүүлгийн бодлоготой ажээ. Тухайлбал, тус телевизийн нэгдүгээр суваг гэхэд л Хүүхдийн нэвтрүүлгийн алба, Өв уламжлалын нэвтрүүлгийн алба, Спорт, эрүүл мэндийн нэвтрүүлгийн, Соёл урлагийн, Шинжлэх ухаан, танин мэдэхүйн, Нийгэм эдийн засгийн, Залуучуудын нэвтрүүлгийн, Цэнгээнт нэвтрүүлгийн, Кино орчуулгын гэсэн есөн албатай юм байна. Өв уламжлалын нэвтрүүлгийн албаар ороход Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк “Өв уламжлал, ёс заншилд онцгой анхаарч, монголынхоо агуу их өвийг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзэн энэ албыг телевизийн удирдлагууд үүсгэн байгуулаад, хоёр жил шахам болж байна. Ихэнхдээ хөдөө, хээрээр явж уран бүтээлээ бэлтгэдэг онцлогтой. Одоо би туульсын нэвтрүүлэгт ажиллаж байна. Туулийг өвлийн сард хайлдаг уламжлалтай, тэгэхээр энэ нэвтрүүлэг өвлийн сард гарах болов уу. Ямартай ч өв уламжлалын нэвтрүүлгүүдээ бэлтгээд, тун завгүй сууна аа” гэлээ.

Харин хоёрдугаар суваг буюу Монголын Мэдээ суваг нь бүх төрлийн мэдээ мэдээллээс гадна өглөөний мэдээний, шуурхай мэдээний редакц, Креатив алба, MNB.MN сайт, нэвтрүүлгийн хэлтэс, найруулагч, зураглаачдын, нэвтрүүлэгчдийн алба гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна. Мөн үндэсний цөөнхөд зориулсан Тува, Казах, Буриад хэлээр бэлтгэсэн мэдээ хүртэл гаргадаг гэдгээрээ ихэд онцлогтой.

МҮОНРТ-ийн орон тооны бус зөвлөл хуралдаж байгаа нь

ҮНДЭСНИЙ РАДИОД ЯПОНООС ХАМГИЙН ИХ ЗАХИДАЛ ИРЖ БАЙНА

Монголын үндэсний радиогийн нэг, хоёр, гуравдугаар програм, Р-3 радиогоос гадна “Монголын дуу хоолой” радио станц монгол, англи, орос, хятад, япон хэлээр өдөр тутам 2-3 удаа 30 минутаас нэг цагийн тусгай нэвтрүүлгийг хилийн чанад дахь сонсогчдод зориулан бэлтгэж эфирт цацаж байдаг. Монголыг ийнхүү радиогоор дэлхийд сурталчилж байна гэсэн үг. Ер нь радиогийн редакцид уншигчдаас их захидал ирдэг гэнэ. Япончууд уламжлалт зүйлд ихэд дуртай, уламжлалт хэв маягийн хүмүүс болоод ч тэрүү тэднээс ирж буй захидлууд нь ихэнхдээ цаасан дээр бичсэн, дугтуйтай захиа байдаг хэмээн бидэнд дэлгэн үзүүлж байлаа. Япончууд их энгийн зүйл асуудаг бөгөөд монголыг ихэд сонирхож, хүндэтгэдэг гэнэ. Харин хятадууд болохоор мессеж, болон радиогийн фэйсбүүкийн чатаар голдуу асуух зүйлээ асуугаад, тэр дор нь хариултаа авахыг чухалчилдаг аж. Гэтэл америкчууд болохоор ихэвчлэн албан ёсны мэйл хаяг руу захидал илгээсэн байдаг ажээ.

Одоогийн байдлаар Үндэсний радиогийн хамгийн ахмад нь Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Отгон ажээ. Тэрбээр үндэсний радиод 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд наадмын нэвтрүүлэг, боксын тэмцээн зэргийг олон жил тасралтгүй тайлбарлаж байсан билээ. Тэрбээр “Радиод ороод удаагүй, залуухан байхдаа ихэвчлэн хүүхэд залууст зориулсан нэвтрүүлэг хөтөлдөг байсан бол сүүлдээ ахмадуудын нэвтрүүлэг хөтөлдөг болж. Мөн багшилдаг болсон. Саяхан л жаахан охин радиод орж байсан бол одоо хамгийн ахмад нь болсон байна, цаг хугацаа хурдан өнгөрөх юм” гэж байлаа. Тэрбээр радиод орсон жилээсээ эхлэн баярын жагсаал, наадмын парад, октябрийн баярын жагсаалыг хөтөлж байжээ. Харин ардчилсан хувьсгал гараад л 1990 оноос хойш жагсаалыг хаачихсан гэнэ.

Г.Отгон гавьяатын багш, соёлын гавьяат зүтгэлтэн Чулуунбаатар түүнийг анх кинонд оруулж, киноны нэвтрүүлэгч болгосон байна. Ихэвчлэн баримтат киноны тайлбар уншдаг байсан бөгөөд киноны өмнө түүхийн хүрд гэж тухайн киноны тухай мэдээлэл явдаг байсныг уншдаг байж. Мөн тэрбээр Радио телевизийн дээд сургуульд багшлаад олон шавь төрүүлжээ. Тухайлбал, Чулуунбаатар багшийнх нь хүү радиогийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун нь түүний шавь юм байна. Мөн үүнээс гадна СТА Д.Сайнтод, Н.Анхболд нар болон нэвтрүүлэгч З.Алтантуяа, С.Баянжаргал, Д.Баясгалан Б.Одбаяр, Ц.ЦэндАюуш гээд радиогийн нэвтрүүлэгч бүгд л түүний шавь ажээ. Илүү, илүү хэмээх Үйтүмэн гавьяатын ид үед буюу 1995 оноос эхлэн 20 жил тасралтгүй боксын нэвтрүүлэгчээр ажиллаж байсан юм билээ. Тэмцээн нэг минут завсарлахад хөх булангийн тамирчны ялалт амжилт, түүх намтар, гэр бүл багш зэрэг бүх мэдээллийг уншаад, дараагийн завсарлагаанаар, улаан булангийн тамирчны түүхийг тайлбарлах зэргээр ажилладаг байжээ.

Орчуулгын киноны дуу оруулагч жүжигчид ажлаа хийж байгаа нь

ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ СПОРТ, КИНО, ГАДААД МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛЖСӨН СУВАГТАЙ БОЛОХ АЖЭЭ

Байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлж, улам сайжруулахын төлөө МҮОНРТийн Ерөнхий захирал Л.Нинжжамц олон ажил хийж, төлөвлөж, санаачилж буйн нэг нь орон тооны бус зөвлөлийг дэргэдээ байгуулжээ. Шинээр томилогдсон орон тооны бус зөвлөхүүд нь биднийг очих үеэр хуралдаж байлаа. Зөвлөлийн гишүүдийн ихэнх нь өмнө нь МҮОНРТийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс аж. Тэдний гаргасан санал, санаачилга, үнэлэлт дүгнэлт зэргийг телевизийн ажилдаа тусгах зорилгоор, энэ салбарын туршлагатай эрхмүүдийг урьж зөвлөл байгуулсан юм байна. Үндэсний телевиз дотроо ажилчдынхаа хүүхдүүдийг сургах цэцэрлэгтэй болжээ. Мөн биднийг очих өдөр “MNB Sport” хэмээх шинэ сувгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цаашид “MNB movies”, “MNB World” зэрэг төрөлжсөн телевизийн суваг нээх зорилготой ажиллаж байгаа юм байна. Үндэсний телевизэд бас нэгэн томоохон байр суурь эзлэх хүмүүс бол орчуулгын киноныхон билээ. Тэд биднийг очихын урьд өдөр ачаалал ихтэй ажилласан тул амралттай байж таарав. Харин МҮОНТ-ийн “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр олонд танигдсан, дуу оруулагч, жүжигчин Т.Эрдэнэбаяр өрөөндөө ганцаар сууж таарлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулж ийн ярилцлаа.


-Хэзээнээс үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж байгаа вэ?

-Би 1999 онд СУИС-д С.Сугар багштай ангид элсэн орж, 2003 онд төгссөн. Сургуулиа төгсөөд, “UBS” телевизэд ажиллаж байгаад, хэсэг завсарласан. Харин 2009 онд Үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр орж, өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Бусад телевизүүдийг бодвол МҮОНТ үе, үеийн туршлагатай уран бүтээлчидтэй. Жишээлбэл, Т.Цэмпилмаа, Д.Элбэгсайхан, Ж.Дарамсүрэн, Г.Равдан зэрэг олон сайхан ахмад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэднийхээ зааж зөвлөснөөр суралцаж, өдий зэрэгтэй явж байна.

-Таныг “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр үзэгчид сайн мэднэ. Энэ кинонд тоглох болсон түүхээсээ хуваалцаач?

-“Тусгай салаа”-ны Дэндэв бол миний дэлгэцийн анхны бүтээл. 2009 онд Үндэсний телевизэд ажилд орсны дараах хавраас дүр шалгаруулах ажил явагдаж эхэлсэн. Нэг өдөр ажил тарчихаад сууж байтал спортын “Чандмань” студийн Д.Баярсайхан ах “Та нар энд юу хийж байгаа юм. Дээр “Тусгай салаа” гэж олон ангит киноны дүр шалгаруулж авч байна. Шалгаруулалтад орооч” гэсэн. Шалгаруулалт руу ортол ихэнх дүрээ авчихсан. Ганцхан Дэндэв гэж залуугийн дүр үлдсэн байгаа. Маргааш 11.00 цагаас хүрээд ир гэсэн юм. Маргааш нь иртэл, надтай нэлээд адилхан хэрнээ, нэг нь өндөр нөгөөх нь надаас арай намхан хоёр залуу ирчихсэн байсан. Бидэнд тест өгч уншуулж, шалгаж үзээд найруулагч биднийг зэрэгцүүлж суулгачихаад “Гурил байсан бол та гурвыг нийлүүлж зуурч байгаад нэг сайн Дэндэв гаргах байлаа. Бүгдэд чинь авах юм байна. Хэнийг нь сонгохоо мэдэхгүй болчихлоо. Энэ киноны Ерөнхий продюсер Ц.Оюундариас л асууя” гэсэн. Ерөнхий продюсер орж ирээд, бидэнтэй ярилцаж, хаана ажилладаг, ямар мэргэжилтэй зэргийг асууж байгаад, намайг сонгосон юм. Ийм аз завшаан тохиож, би Дэндэвийн дүрд тоглохоор сонгогдсон түүхтэй.

эндэвийн дүрийг гаргах хэр байв. Өөртэй чинь ойрхон, ижил төстэй дүр байсан уу?

-Туршлагатай уран бүтээлч, сайн найруулагч, сайн партнёртой тул энэ дүр сайн тодорч гарсан байх. Зан байдлын хувьд надтай нэлээд төстэй дүр шүү гэж ярилаа.

Үндэсний радио телевизийн Хурд агентлаг, хуучнаар ММ агентлаг буюу Монголын мэдээ суваг нь хамгийн их үзэгчтэй ажээ. Үндэсний телевиз жижиг, жижиг олон салбар бүтэцтэйн дээр нэлээд засвар тохижилт хийж, хамгийн анх хэрэглэгдэж байсан камер хальс зэргээ үзэсгэлэн хэлбэрээр тохижуулж байршуулаад, түүх өгүүлэх эртний зургуудаа хүртэл коридорын ханаар байрлуулсан нь олон жилийн түүхтэй байгууллага болохыг нь илтгэх ажээ. Мөн энэ телевизээс төрөн гарсан үе үеийн гавьяат, алдартнуудын зураг хүндэтгэлийн гурван хананд ч багтахааргүй олон болжээ.

ЭХНЯЛХАС ОРЧМЫНХОН ТЕЛЕВИЗЭЭС ЦАХИЛГААНАА АВДАГ БАЙНА

Үндэсний телевиз өөрийн гэсэн цахилгаан станцтай юм байна. Улаанбаатарын тог тасарлаа гэхэд өөрийн станцаасаа автоматаар тогоо аваад явчихна, барагтай бол тог цахилгааны саатал гаргахгүй мөнхийн ажиллагаатай гэсэн үг. Мөн Эх нялхас орчмын нэлээд хэдэн байгууллагыг энэхүү дэд станцаасаа хангадаг юм байна. МҮОНРТ-нхэн барилгын фасадны иж бүрэн засварыг хийгээд, барилгаа номин цэнхэр өнгөтэй болгожээ. Радио, телевизийн эфирийн жижүүрүүд нэг өдөр бүтэн ажиллаад, хоёр өдөр амрах зэргээр ээлжээр хонож ажиллана. Өглөөний ээлж нь 7.30 цагт солигддог байна. Нийтдээ 700 гаруй ажилтантайгаас 65 хувь нь эмэгтэйчүүд аж. Авто, цахилгаан, тайз засал, операторуудын албанд ихэнхдээ эрчүүд байх бол сэтгүүлч, редакторуудын ихэнх нь эмэгтэй харагдлаа. Өдрийн цагаар ихэнх уран бүтээлчид нь гадуур, ярилцлага, сурвалжлага, хөдөө орон нутаг, гадаад дотоодын томилолттой байдаг аж. Зураглаачдын өрөө гэж байх боловч үргэлж шахуу хоосон байх юм. Мөн л студид эсвэл гадуур ажиллаж яваа гэнэ. Хувийн бусад телевизийнхэн үндэсний телевизийн техникийн багаас техник, технологийн тухай зөвлөгөө авдаг ажээ. Мөн хамгийн шилдэг, ОУ-ын стандартын мэргэжлийн камер, хэрэгслүүд Үндэсний телевизэд л байдаг гэнэ.

Монголын мэдээ сувгийн ахлах инженер С.Өлзийцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Би 1981 онд МУИС-ийн холбооны ангийг төгсөөд, дараагаар нь үндэсний телевизэд ажилд орсон. Тэр үед хар цагаан телевизээс өнгөт рүү шилжиж байсан. Эхэн үедээ мэдээ, нэвтрүүлгийг шууд явуулдаг байсан. 1970-аад онд заримыг нь бичиж хадгалж, явуулдаг байсан бол 1980-аад оноос эхлэн ихэвчлэн урьдчилан бэлтгэдэг болсон. Сүүлийн үед техник, технологийн дэвшлээр маш их өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байна” гэсэн юм. Одоогийн Үндэсний олон нийтийн телевиз буюу тухайн үеийн (1967-1970-аад оны) “Монгол телевиз” бүх л мэдээ, нэвтрүүлгээ шууд цацдаг байсан тул эхэн үеийнх нь нэвтрүүлгүүд архивлагдаагүй гэнэ. Архивынхан алтан сан, алтан фондын бүтээлүүдээ дижитал хэлбэрт шилжүүлэн хуулж байна. Биднийг ороход 1987 оны гуравдугаар сарын 21-нд гарсан Үзэл суртлын “Хэл, Тоншуул” гэх асуудал хөндсөн нэвтрүүлгийг шинэчлэн хуулж байлаа. Тэр үеийн нэвтрүүлэг хүртэл хуучны монгол кино шиг, хүмүүсийнх ярьж буй, хандлага нь хүртэл чин үнэн байх аж. Энэ нь асуудал, зөрчил дутагдал гаргасан байгууллага руу шууд ороод, ярилцлага авч, дутагдлыг нь хөндөн, хэрхэн арилгахыг асуудаг нэвтрүүлэг юм байна.

Өглөөний мандах нарнаар л Үндэсний олон нийтийн радио, телевиз рүү бид ороод, телевиз радиогийн албаны зарим хүмүүстэй ярилцаж, сонирхоод, нэг захаас нь нөгөө зах хүртэл дөрвөн давхраар ороод гарахад аль хэдийн нар жаргасан байлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Радиогийн нэвтрүүлэгч Г.Отгон шавь Ч.Идэрчулууны хамт

“Ням гариг, нэг сая” цэнгээнт
нэвтрүүлгийн зураг авалт

Categories
мэдээ цаг-үе

Гурван үеийн гэрээт хилчид Сулинхээрт чуулж, эх орныхоо өмнөд хилийг эргэв

Сайн сүүжийн заставын гэрээт хилчид

Есдүгээр сарын эхэн намрын шар нар ээсэн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын үүднээс хоёр гурван автобус, цэргийн ачааны камаз машинууд, оросын фургон зэрэг тав зургаан техник хэрэгсэлтэй цуваа нийслэлээс зүүн өмнийг чиглэн хөдөлсөн сөн. Төв аймгийн Баян сумын нутаг уудам талд түр зогсох үед намар атлаа зунаараа нялхарсан цэцгүүд найгаж харих биш ирэх цагийг сэтгэлийн аглагт урин авчирна. Өглөө эртлэн гарсан манай цуваа Дорноговь аймгийн Сайншанд хотод үдээс хойш очиж, унаа тэргүүдээ шатахуунаар цэнэглэн, Сайншандын цаахна талд байрласан цэргийн хөдөлгөөнт хэсгийн хээрийн багахан анги дээр үдлэв. Өмнөд хилийг зорих болсны учир нь эх орныхоо хилийг нүд цавчилгүй хамгаалж яваа гурван үеийн гэрээт хилчдийн чуулга уулзалтыг Сулинхээрийн отрядад зохион байгуулах гэж байгаа талаар ХХЕГ-ын захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, бригадын генерал Жамсрангийн Бямбасүрэнгээс мэдэж авав.

Гэрээт хилчин гэсэн үг олон нийтийн чихнээ хоногшоод нэлээд хэдэн жил болсон. Анхандаа ч хилийн ойролцоох малчин ардуудтай л гэрээ байгуулж хилээ хамгаалах юм байна гэж ойлгогдож байсан. Тэгвэл өнөө энэ ойлголт их эерэг бөгөөд мэргэжлийн гэрээт цэрэг гэж хэлэгдэхээр түвшинд хүрчээ. “Гэрээт цэрэг гэрэлтэй алба” гэсэн шинэ цагийн хэлц үг ч бий болж. Монгол Улсад Хил хамгаалах байгууллага албан ёсоор байгуулагдаад ная гаруй жилийн түүхээ хэдийнэ бичсэн бол гэрээт цэргийн алба бий болоод даруй арван жилийн ойтойгоо энэ онд золгож буй аж. Өнгөрсөн арван жилийн хугацаанд гэрээт хилчний албанд хоёр мянга гаруй залуу сайн дураараа ирснээс Хилийн сургууль болон Оросын холбооны улсын Хилийн албаны институдэд 25 хүн элсэн суралцаж төгсөөд эдүгээ офицероор ажиллаж байна. Өнөөдөр л гэхэд Хууль сахиулахын их сургуульд 55, ОХУ-ын Курган хотын Хилийн институдэд 15 гэрээт хилчин ирээдүйн офицероор бэлтгэгдэж байна. Мөн 413 гэрээт хилчин гэрээгээ дуусгаад ахлагчийн албанд шилжин амжилттай ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд нэг гэрээт хилчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Хээрийн хоймор голлосон нэгэн асарт Дорноговь аймгийн музейнхэн үзмэрүүдээ дэлгэжээ. Музейн захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат “Манай музейд Чингис хааны төрийн есөн хөлт цагаан тугийн жинхэнэ эх хувь хадгалагддаг. Арвай генералын эдэлж байсан гар буу зэрэг ховор үзмэрүүд бий” гэж байна. Улаан-Уулын отрядын хилчдийн бэлтгэсэн тоглолт сонирхоод Хатанбулаг сумыг зорилоо. Байгуулагдсан цагаасаа эхлэн Замын шандад зожигрон байсан Хилийн 0168 дугаар анги ноднин жил Хатанбулаг сумын зүүн урд хаяанд нүүж ирэн тохижоод байгаа аж. Шувуу ч нисэхгүй шахам эзгүй буйд газар зэрлэгших шахуу байсан Сулинхээрийн отрядынхан харьцангуй төв суурин газарт суурьшсанаар цэргийн албан хаагчдын үр хүүхдүүд хүртэл сургууль, цэцэрлэгтэйгээ золгоцгоосноо ярьж байсан. Сулинхээрийн отряд сум, аймгийн төвд бус зээрийн сүрэг нүүдэллэх зэлүүд талд байрлаж байсан болохоор улс орны хөгжлөөс хүссэн, хүсээгүй хоцорч байж. Сургууль, эмнэлэг, банк гээд нийгмийн үйлчилгээ авахын тулд 45 километрийн цаана орших Хатанбулаг сумын төв орно.

Гэрээт хилчид эргэлийн зоон дээр

Гурван үеийн гэрээт хилчдийн чуулга уулзалт 0168 дугаар ангийн жагсаалын талбайд цэргийн сүрлэг жагсаалаар эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд Хатанбулаг сумын ИТХ-ын дарга Энхцэцэг ирж оролцон хилчин дайчдад баяр хүргэсэн юм. Хил хамгаалах байгууллага гэрээт хилчний албыг анх 2007 оноос туршилтын журмаар хэрэгжүүлэн, улмаар дараа жил нь өмнөд болоод хойд хилд нэг, нэг заставыг энэ албанд шилжүүлсэн байдаг. Гэрээт хилчний албаны Загалмайлсан эцгээр ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнг нэрлэхэд хилсдэхгүй. Хил хамгаалах байгууллагын удирдлагууд одоогоос арван жилийн өмнө туршилтын журмаар гэрээт хилчин элсүүлэн, улмаар энэ бүгдийгээ удирдах дээд байгууллага болоод УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн түвшинд ойлгуулсан байдаг. Гэрээт хилчний албаны журам дүрмээ ч гарган батлуулав. Эхний үед “Энгийн ч юм шиг, цэргийн ч юм шиг эрлийз алба нэг их хол явахгүй” гэх хүн мэр сэр байж. Гэрээт цэргийн алба хаагч хоёр хоёроороо нэг өрөөнд төрсөн гэртээ байгаа юм шиг амьдарна гэхээр хэн хүний санаанд буудаггүй. Гэрээт хилчид цалин авна, дуртай хоолоо захиалж зооглож болно, амралтынхаа үеэр биеийн тамирын хувцастай байхыг зөвшөөрнө гэх зэрэг үнэхээр санаанд багтамгүй заалтууд уг журамд нь багтаж байв.

Гэхдээ гэрээт хилчний алба эрсдэлтэй, бас тодорхой хэмжээгээр хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, алба үүрэг нь цэргийн дүрэм журмын дагуу явагдана гэдгийг тусгасан байлаа. Хэдийгээр хугацаат цэргийн алба хаагчаас хамаагүй өөр нөхцөлтэй боловч амралтын газар шиг биш шүү гэдгийг илэрхийлсэн байв. Зөрчил гаргавал авах мөнгөтэй нь ярихаас гадна гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ ч журамласан байлаа. Ажлын байр хомс хөдөөгийн аймаг сумдын иргэд залуус ажлын байртай болохоос гадна гэрээт хилчид маш олон нийгмийн халамж, хөнгөлөлт эдэлнэ. Хамгийн гол нь тогтмол цалинтай. Мөн цаашдаа гэрээгээ дууссаны дараа албаа үргэлжлүүлэн ахлагч, офицерийн бүрэлдэхүүнд шилжих боломжийг тусгасан байлаа.

Гэрээт хилчний алба ингэж Монгол Улсын хил хамгаалах байгууллагын түүхэнд бичигдэж эхэлсэн байна. Улсынхаа дархан хилийг хамгаалж яваа газар газрын гэрээт хилчид чуулж биенээсээ туршлага судалцгаасны дараа сагсан бөмбөгийн тэмцээн болов. Адуу шиг дэжигнэсэн залуусын золбоо хийморийг чухам эндээс харж болохоор аж. Үдэш нь туяа тоо хийж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан тоглолтоо толилуулав. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Март, дуучин Отгонжаргал, Дүүриймаа, Хаш нарын дуулахыг ахин дахин дахиулах эр цэргүүдэд урлагийн амьд тоглолт чухамдаа ангааг нь тайлах рашааны дусал гэлтэй.

Сулинхээрийн отрядаас Сайн сүүжийн застав руу явах замдаа дорнын говийн үзэсгэлэнт газруудын нэг Эргэлийн зоог зорин очиж сонирхоцгоолоо. Эргэлийн зоо сумын төвөөс баруун хойш 20 гаруй км зайтай бөгөөд энэ нутгаас олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байдаг. Байгалийн гайхамшигт сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй эл газраас гучин сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворууд их олддог төдийгүй хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг билээ. Эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор Эргэлийн зооны 609 км кв талбайг улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Анх 1920 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюсийн судалгаа шинжилгээний анги ирж судалж байсан аж. Эндрюс Эргэлийн зоо орчмоос гурван зуу орчим тэмээн ачаа авч явсан нь үнэлэхийн аргагүй гайхамшигт олдворууд байсныг өнөөдөр бид бэлхнээ мэдэх болжээ. Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедици түүнээс хойш ажиллаж судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт Эргэлийн зоог “Алтан уул” хэмээн нэрлэж алдаршуулсан байна. Эзэн богд Чингис хаан өмнө зүгийг дайлаар мордох үедээ Эргэлийн зоон дээр буудаллан мөнх хөх тэнгэртээ сүслэн мөргөөд явдаг байсан домог ч байдаг. Нутгийн ард түмэн энэ сайхан нутгийг эрт дээр үеэс тахин шүтэж, морь уралдуулж, бөх барилдуулан өргөн дэлгэр наадам хийдэг байжээ.

Сайн сүүжийн заставт очиход морьтой хилчид алсаас угтаж авав. Генерал Бямбасүрэнд уужим сайхан ташаатай том хонгор морь бэлджээ. Заставын дарга О.Ууганбаяр дөрөөн дээрээ өндийн хил тайван байгааг илтгэхэд дарга цэрэг гэлтгүй хэн хүний сэтгэл долгисон хөдөлж байв. Сэтгүүлчид хилийн харуулын цамхагт очиж зураг хөрөг авахуулахаар мориор явах үед заставын гэрээт хилчин Баянмөнхийн уруулаас жаахан угзарлаа. Баянмөнхийн аав ээж, ар гэр нь Увс аймгийн Улаангом хотынх аж. Тэр хоёр жилийн гэрээт хилчнээр Сайн сүүжийн заставт иржээ. Цалин мөнгөтэй, хангалт сайтай учир эх орныхоо хилийг хамгаалж, эрүүл саруул хөдөөгийн буйдад амьдрах нь түүнд их таалагддаг гэнэ. Энэ заставын гэрээт хилчин Чойжамцын өрөөнд тухалж нэг хоногийг үдлээ. Чойжамц бол биеэр шавилхан ч их сэргэлэн залуу юм. Тэрээр бодибилдингийн тэмцээний аваргаар хоёр ч удаа шалгарч байсан хүчтэн аж.

Заставын дарга генералд илтгэл өгөв

Харин хугацаат цэрэг Б.Адарсүрэнгийн хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд аав, ээж, дүү нар нь мал маллан амьдардаг айлын ууган хүү юм. Түүний хувьд ирэх намар халагдаж нутагтаа очиж малаа маллах сонирхолтойгоо ярьж байсан. Хилийн туслах гишүүн Маамын Машбат хэмээх хижээл насны айлд очлоо. Хилийн туслах гишүүн гэдэг нь хил орчмын бүсэд амьдардаг малчин өрхүүд хилчин дайчдын хэрэгцээтэй үед унаа мал, хоол хүнсээр туслах үүрэг хүлээдэг айлыг хэлдэг аж.

Сайн сүүжийн заставын сургалт эрхэлсэн орлогч Баттөгөлдөр арваад жилийн өмнө хил зөрчигч илрүүлж ерөнхий командлагчаас “Онц хилчин” одон тэмдгээр шагнагдаж байсан хилчин юм. Заставын бас нэг орлогч Ганзул ч бас хил зөрчигч илрүүлж байж. Ийм л сэргэг хилчдийн соргог харц улс орноо, уулс даваагаа харуулдан хамгаалж байдаг нь бахархалтай санагдаж байлаа. Долоодугаар заставын ахлах дэслэгч Доржсүрэнгийн Чагнаадорж ахлагчтай морин цэргийн багийнхны үзүүлбэр монгол хүн бүрийн сэтгэлийг огшоох зүйл байлаа. Тэд уран сайхны кинон дээр л гардаг шиг жижиг дарцаг шүүрч, мориныхоо нэг тал руу нуугдан чирэгдэж, давхиан дунд нь бууж мордох гээд олон чадварлаг үзүүлбэрээр бидний харцыг мялаав. Дорнын говь, өмнийн хилд тэмээ гээч буянтай мал их нэмэр болдог нь илт. Өвлийн нүүр нүдгүй шамаргалах цасан шуургатай шөнө тэмээ хилчдийн дулаан нөмөр, ээлтэй нөхөр болсон тухай олон хилчний ярихыг сонсоход цаанаа л таатай. Сайн сүүжийн заставаас Замын-Үүдийн хилийн анги хүртэл явах зам элсэн манхан ихтэй учир унаа тэргээ бууж түрэх зэрэг бага сага адал явдалтай явсан.

Хилийн 0129 дүгээр ангийн онцлог бол эх орны зүүн өмнөд хаалга болсон Замын-Үүдээр орж гарах хөдөлгөөнийг хянадгаараа онцлог. Энэ хавархан гэхэд өмнөд хөршийн нэг иргэн машинтай хил зөрчиж орж ирснийг илрүүлэн буцааж байсан. Эдний ангийнхны нэг чухал үүрэг бол янз бүрийн үүлдрийн хилчин нохой бэлтгэх сургуулилт байдаг аж. Түвд банхар, герман овчарка зэрэг нэлээд олон үүлдрийн ноход бараг хүнээс дутуугүй сургуультай болж буйг энд харж болно. Хилийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Эрдэнэбат Улаанбаатар хотын унаган хүүхэд гэхэд хил дээр хорь гаруй жил алба хааж буйгаа бахархан ярьж байна. Ер нь хилчдийг анзаарч байхад ихэнх нь удам дамжсан хилчид байх жишээний. Бригадын генерал Бямбасүрэнгийн аав, авга хоёр нь гэхэд л хилийн цэргийн офицерууд юм билээ. Харин генерал өөрөө Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын мужаанаар анх ажилд орж, улмаар Хилийн сургууль дамжин суралцаж өнөөгийн өндөрлөгт хүрчээ. Монгол Улсынхаа өмнөд хилийг тойрсон сэтгүүлчдийн аялал Замын-Үүдийн хил дээр босгосон бага дэслэгч Жамбаа, байлдагч Данх, Дашдаваа, Чойсүрэн, Сундуй нарын бүрэлдэхүүнтэй манаа 1943 оны есдүгээр сарын 7-нд гадаадаас хил нэвтэрсэн зэвсэгт бүлгийг няцааж гавьяа байгуулсан Данх толгойн дурсгалын гэрэлт хөшөөнөө очсоноор үндсэндээ өндөрлөсөн юм.


Categories
мэдээ цаг-үе

Хоёр машин шүргэлцвэл жолооч нар хоорондоо маргалдаагүй л бол цагдаа дуудах шаардлагагүй

Сүүлийн үед сошиалаар “Хоёр машин шүргэлцэхэд 100 мянган төгрөгөөр торгож, таван оноо хасдаг болсон. Үүнийг мэдэхгүй осол гаргасан жолооч нар даатгал дуудаж нэмэр дээрээ нэрмээс авах болоод удаж байна. Аргаа барсан иргэд үнэхээр ноцтой л хохирол биш бол даатгал дуудахаа байсан. Энэ нь автодаатгалын газруудыг өөгшүүлсэн, ашигтай зүйл болоод байгааг дуугүй өнгөрөөх аргагүй боллоо” гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.


-Иргэдийн дунд санаандгүй, санамсаргүй осол гаргасан жолооч нарт чирэгдэл их болжээ гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан жолооч болон иргэдийн дунд худал мэдээлэл гарчээ. Шинээр батлагдсан хуулинд зам тээврийн осолд холбогдсон бол даатгал дуудаж, зуун нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгуулна, таван оноо хасна гэсэн журам байхгүй ээ.

-Тэгвэл яагаад ийм яриа гарсан юм бол. Бусад хууль тогтоомжид яг юу гэж заасан байдаг юм бэ?

-“Замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж, гарын үсэг зурна. Ингээд аль болох ойр буй Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно” гэж заасан байдаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны A/20/21 дүгээр тушаалаар батлагдсан “Даатгалын тохиолдлын тодорхойлолтыг бүрдүүлэх заавар” гэж байна. Үүний 2.2-д “Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын маягтыг үндэслэн зохих журмын дагуу нөхөн төлбөр гаргуулж болно” гэж заасан. Энэ тохиолдолд тухайн даатгалын компани нь даатгалын тохиолдлыг өөрсдийн шуурхай албаар дамжуулж шалган, баримтжуулж хохирогчид нөхөн төлбөр олгож байх үүрэгтэй.

-Даатгалын компаниуд цагдаагийн тодорхойлолт нэхдэг юм биш үү?

-Манай даатгалын компаниуд заавал цагдаагийн тодорхойлолт нэхдэг. Цагдаагийн тодорхойлолт нэхэхээр иргэдийн дунд , сошиалаар буруу мэдээлэл явж байна. Тэгээд төрийн байгууллага руу дайрах юм. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс зам тээврийн осолд холбогдсон жолооч эрх бүхий байгууллагын албан тушаалтны шийдвэр гарсан тохиолдолд зуун нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгоно гэж заасан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын захирамжаар таван оноо хасахаар шийдвэрлэсэн байдаг. Иймээс иргэд Замын хөдөлгөөний дүрмийг сайтар судалж, учрыг нь олж, зөрчихгүй байх ёстой. Хэрвээ ямар нэг зөрчилд холбогдчихоод хоёр иргэн хоорондоо маргалдаагүй бол дээрх тушаалуудыг үндэслэн даатгалын компани нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй.

-Хэрэв хүний эрүүл мэнд, амь нас хохирвол яах вэ?

-Зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохирсон болон даатгалын тохиолдолд оролцогч талууд маргалдвал зам тээврийн осолд холбогдсон жолооч зам энэ талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх шаардлагатай. Харин ноцтой осол биш бол цагдаагийн байгууллага зөрчлийг бүртгэж авна. Ийм заалтыг Санхүүгийн зохицуулах хороо Албан журмын даатгагчдын холбоонд хүргүүлсэн байдаг.

“ДААТГАЛ” ЗААВАЛ ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ ШААРДАХГҮЙГЭЭР ОСЛЫН ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ ГЭВ

Харин Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав ярихдаа “Хүний эрүүл мэнд, амь настай холбогдсон даатгалын тохиолдолд, хоёр буруутай этгээд хохирогч хоорондоо маргаж байвал замын цагдааг дуудах ёстой. Хуулинд ийм заалттай. Хоёр машин хоорондоо шүргэлцчихвэл тухайн даатгалын тохиолдолд буруутайг нь хүлээн зөвшөөрч, хоёр тал тохиролцчихвол цагдаа дуудах ямар ч шаардлагагүй. Энэ асуудлыг Замын цагдаагийн байгууллага мэдэж, ойлгож байгаа. Заавал цагдаагийн тодорхойлолт авчир гэж шаардаж буй зарим нэг даатгалын компани байгаа юм байна. Бид үүнийг анхааралдаа авч ажиллая. Хууль журмыг дагахгүй, өөр бодолтой, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа даатгалын компаниуд энэ үйл ажиллагааг эрхлэхгүй байж болно шүү. Бид хүндрэл учруулахгүйгээр хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зөв нөхцөлөөр даатгалын компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн боломжтой гэдгийг зориуд хэлье” гэв. Мөн тэрбээр цагдаагийн тодорхойлолт шаардаж, иргэдийг чирэгдүүлсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо эсвэл Албан журмын даатгагчдын холбоонд гомдол гаргаж болно. Холбоо ийм үйлдэл гаргасан даатгалын байгууллагад хатуу хариуцлага тооцно гэдгийг санууллаа. Иймээс Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар хоорондоо маргаан үүсгээгүй тохиолдолд цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалаа авах боломжтой аж.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийг “Хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байна гэж дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэнийг тань эхлээд асуумаар байна?

-Хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргахад хүндхэн байлаа. Бид хоёрын хувьд олон жил Санхүүгийн салбарт, тэр тусмаа Төрийн санд нэг баг болж энэ тогтолцоог бий болгоход хамтран зүтгэсэн, ойр харилцаатай байсан хүмүүс. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтийн зүгээс Засгийн газарт тавьсан дүнг дагахаас өөр арга байсангүй. Хэрэв Засгийн газар байгуулагдахаасаа эхлээд сонгуулиар амласан шигээ мэргэжлийн байж олон нийтэд үнэлэгдэх хэмжээнд ажиллаж чадсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Засгийн газар маань эдийн засгийн нөхцөл байдал бидний бодож, төсөөлснөөс огт өөр байжээ, үнэхээр дампуурчихсан байсан юм байна гэснээр асуудлаас мултарчихгүй. Тэр тусмаа нэг жил шахуу АН-тайгаа Манантаж хамтарчихаад мэдэхгүй царайлж болохгүй. Мөн Сонгуульд оролцож олон нийтийн саналыг авахдаа ямар ч хүндрэл байсан туулаад гарна л гэсэн. Тэд амлалтаа нэхэх нь зүйн хэрэг. Ямар ч шалтаг тоочоод үүнээс мултрахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бол манай намд өгч буй урьдчилсан том сануулга.

Сонгуульд амжилтгүй оролцоход олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ Засгийн газрын ажлын үр дүн бол хамгийн гол хүчин зүйл байдаг. Ажлын үр дүнгээс гадна бодлогын алдаа ч их гаргасан. Наад зах нь ОУВС-гийн хөтөлбөрт яагаад нэг сар хүлээгээд сонгуулийн дараа хамрагдаж болохгүй гэж. Хөтөлбөрийн асуудал бүлгээр яригдахад “Нэг сар хүлээ” гэсэн саналыг би болоод олон гишүүн хэлж байсан. Үүнийг огт тоогоогүй, хүч түрээд л явсан. Одоо болохоор өөрсдөө санал оруулчихаад, “УИХ зөвшөөрсөн шүү дээ” гэсэн юм яриад л сууж байна. Ер нь тэтгэврийн насыг нь татвартай нь хамт нэмчихээд халамжийн мөнгийг нь багасгана гэхээр хэн санал өгөх юм. Үүнд л олон түмэн дүнгээ тавьж, бид түүний дагуу хариуцлага тооцсон. Тодруулбал, 2020 оноо бодож л ийм алхам хийсэн. Үлдэж буй хугацаанд ард түмэнд амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулж, амлалтаа хэрэгжүүлэх ёстой.

-Ард түмэн МАН-ыг хоёр фракц бүлэгт хуваагдаад нам дотроо учраа олж чадахгүй байна гэж харж байгаа. Үнэхээр УИХ дахь МАН-ын гишүүд хоёр тал болоод хуваагдчихсан хэрэг үү?

-Тэгэж бодож огт болохгүй. Жишээ нь, би ямар нэг бүлэглэлд хамрагдаж хэн нэг хүний далбаан доор амьдардаггүй. Одоогийн болоод байгаа үйл явдал бол фракц, бүлэг хоорондын эрх мэдлийн төлөөх тулаан бус цаашид хэрхэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр гарч буй гишүүдийн байр суурийн ялгаа. Намын бүлгийн гишүүдийн маань нэг хэсэг нь Засгийн газарт зарим нэг өөрчлөлт хийгээд үргэлжлүүлээд зүтгүүлээд үзье гэж байхад, нөгөө нэг хэсэг нь, амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулаад үлдсэн хугацаанд зүтгээд үзье л гэсэн хэрэг шүү дээ. “Дараагийнх нь хоолонд орох” тухай ярьж буй хүмүүс бол өөрсдөө Засгийн ажлыг хоол гэж хардаг хүмүүс л байхгүй юу. Уг нь бол их зүтгэл шаардсан нүсэр ажил, том хариуцлага л байгаа юм.

-Ингэхэд 60 тэрбумын асуудлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Прокурор энэ хэргийг хянаад эвлүүлэг гэж үзэн хэрэгсэхгүй болгочихлоо. Тэгсэн хэрнээ 60 тэрбумыг босгох төлөвлөгөөг боловсруулахад оролцсон НИТХ-ын дарга Ц.Сандуй огцорчихлоо шүү дээ?

-Энэ асуудал саяын Сонгуулийн ярианы нэг сэдэв байлаа. Иргэдэд тайлбар хийхээр наадах “Засгийн газрын гишүүдээ хар л даа, батлагдаж байгаа биз дээ” гээд хэдэн сайдын нэр дурьдаад унана. Маш зовлонтой байсан. Миний бодлоор тийм яриа болсон юм шиг байгаа юм. Эвлүүлэг ч биш болов уу. Гол нь иргэд, ийм яриа болж байхад М.Энхболд дарга загнаад хөөгөөд гаргах ёстой, түүнээс биш ийм жишиг байна уу гээд сууж байж болохгүй л гэдэг юм билээ. Ер нь энэ асуудлыг нэг мөр цэвэрлэж байж дараагийн сонгуульд орохгүй бол олигтой үр дүн гарахгүй.

-Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн хийх ёстой гэсэн яриа байдаг. Энэ асуудалд та ямар бодолтой байдаг вэ?

-Яриа бол яриа шүү дээ. Ерөнхий сайдын асуудлыг хуулиар зохицуулдаг. Харин ямар ч хуулинд тийм заалт байхгүй.

-Улс төрийн намуудын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байдаг. Эсвэл Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой юу?

-Намын дүрэм хууль биш учраас намын дарга нь заавал Ерөнхий сайд байх албагүй. Харин намынхаа хүрээнд ийм зохицуулалт хийх боломж байна гэсэн үг. Олон улсын практикт Засгийн газрыг тогтвортой байхын нэг үндэс нь парламент дахь олонхийн намын дарга нь гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх явдал гэж үздэг юм билээ. Тэр талаас нь бодолцож манай намууд дүрмийнхээ хүрээнд ийм зохицуулалт хийсэн байдаг.

-Нам үл харгалзан байгуулагдсан эрх мэдэл, албан тушаалын бүлэглэл улс орны хөгжлийг боомилж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлдэг. Энэ бүлэглэлээс чинь болоод мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус баг яамдад очиж салбарын ажлыг унагаж байна. Салбарын ажил унахаар улсын ажил унаж, эдийн засаг хямарч байгаа талаар би байнга ярьдаг. Нааштай ахиц гарахгүй байна. Одоогийн шинээр байгуулагдах Засгийн газарт дахиад л энэ асуудлыг тавина. Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр бид хямралаас гарч чадахгүй, олигтой хөгжихгүй.

-МАН-ын нэр бүхий хүмүүс Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгааг ил цагаан зарлалаа. Таны хувьд эдгээр хүмүүсийн талаар ямар бодолтой байна вэ?

-Өнөөдрийг хүртэл намаас албан ёсоор хэн нэгнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээгүй байна. Хаанаас тийм нэр гараад байгааг би мэдэхгүй. “Чи нэрээ дэвшүүл, дуугүй сууж болохгүй” гэх хүн ч л байх юм. Төрд бэлтгэгдсэн талаасаа ямар ч албыг хашчих л байх. Гэхдээ юманд цаг хугацаа, улс төрийн эрэмбэ гэж бичигдээгүй хууль бас байна аа.

Жишээ нь, өнөөдрийнх шиг улс төр тогтворгүй байгаа үед улс төрийн эрэмбэ, нөлөөтэй байдал талаас нь бодолцож Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зөв байх. Бидний хэсэг нөхөд тэр талаас нь бодолцож, У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байх болов уу гэж дэмжиж байгаа. Ер нь бизнесийн бүлэглэлийн нөлөөлөлд автчихгүй, нэр холбогдоогүй, баялгаа гадныханд найр тавиад туучихгүй байх шалгуураар Засгийн тэргүүнээ тодруулах нь чухал байна. У.Хүрэлсүхийн хувьд энэ талаар намынхаа нөхдийн чихийг халууцуулж байсныг би мэдэхгүй юм. Харин намын ажил хэргээр бидний байр суурь зөрчилдөх үе гардаг. Энэ бол ажил хэргийн зөрчил, байдаг зүйл.

Даргын ая талд нийцэж ажилладаг, бөөрөнхий зантай хүн Ерөнхий сайд болвол даргын эрх ашиг хангагдаад улс орны, олон түмний нийтлэг эрх ашиг хохирчихдог. Тиймээс Ерөнхий сайд наад зах нь өөрийн бодолтой, шийдвэр гаргах чадвартай, шинэтгэл хийх эрмэлзлэлтэй хүн байх ёстой.

-АТГ-ыг улстөрчдийн захиас даалгавраар ажиллаж байна гэж олон нийт хардах болсон. Та ийм итгэл үнэмшлийн талаар юу хэлэх вэ?

-Наадах асуултад чинь хариулахын тулд хоёулаа ганцхан жишээ татъя. Жишээ нь, С.Баярын байрны асуудал болон Оюу толгой, Дубайн асуудлаар С.Баярцогт, Сайханбилэг нартай илт хариуцлага тооцохгүй байхаар ард түмэн тэгж хардах нь зөв шүү дээ. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч асан маань улс төрийн өрсөлдөгч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нараа авилгалын асуудлаар намнасан атлаа тэднээс хэд дахин их олон арван сая доллартай холбогдсон дээрх эрхмүүд лүү хатуу үг хэлэх нь битгий хэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Элчин сайдад дэмжсэн.

-Энэ сарын 25-нд(өнөөдөр) болох МАН-ын Бага хурлаар намын даргыг шинээр сонгох асуудал яригдах байх. Та Бага хурлын гишүүдэд хандаж юу захимаар байна вэ?

-Энэ удаагийн Бага хурлаар намын даргыг сонгохгүй. Харин намын Их хурлын товыг тогтоож, зарлана. Дүрмээрээ намын даргыг намын Их хурлаараа сонгодог. Манай нам 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 2020 онд ялагдаж болохгүй. Тиймээс бүлэглэл, бизнесийн явцуу сонирхолд автаж, намын нэгдмэл эрх ашгийг хохироох шийдвэр гаргаж болохгүй гэж хэлмээр байна.

-Монгол Улсын эдийн засгийн хямралын нэг үндэс бол Монголбанкны буруутай үйл ажиллагаа, бодлоготой холбоотой гэж та ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хямралын гол шалтгаан Монголбанкны буруутай үйл ажиллагаа гэсэн миний урьдын байр суурь хэвээрээ байгаа. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрийн дор хэдэн их наяд төгрөг хэвлэж, түүгээрээ импортыг дэмжиж валютын нөөцийг шавхаж ханш өсгөсөн нь үнэ өсгөж, амьдралыг үнэтэй болгож, ядуурлыг улам нэмэгдүүлсэн. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хэдэн төгрөг, хуримтлал нь цаас болсон. Энэ хугацаанд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй учраас иргэд үнийн өсөлтийг зээл авч нөхсөн. Компаниудын борлуулалт буурч, орлого хумигдан авсан зээлээ төлж чадахгүй болсон. Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 2014 онд 241 тэрбум төгрөг байсан бол одоо нэг их наядыг хол давчихлаа. Ийм л эдийн засгийг бий болгосон. Энэ нөхцөл байдалд хүргэсэн Төв банкны өмнөх удирдлагатай заавал хариуцлага тооцох ёстой, ингэж байж дараагийнх нь улс орныхоо төлөө ажилладаг болно.

-Ойрын жилүүдэд эдийн засаг үнэхээр хүнд байдалд орно гэж эдийн засагчид ярьдаг. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна вэ?

-Нэн тэргүүнд Хөгжлийн загвараа тодорхойлох хэрэгтэй. Одоогийнх шиг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт дагасан маягаар амьдарч болохгүй. Үнэ унахаар сөхрөөд, үнэ өсөхөөр түр өндийдөг байдлаар л амьдарч ирлээ. Мөнгө босгож, санхүүжилт хийхэд уул уурхай хэрэгтэй. Харин тэр олсон орлогыг юунд зарцуулж тогтвортой хөгжих вэ гэдэг л гол асуудал. Миний бодлоор хамгийн тогтвортой орлогын эх үүсвэр бий болгох салбар бол бэлчээрийн мал аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл юм. Энэ чиглэлд газар нутаг, бэлчээрийн мал гээд манайд асар их давуу тал байгаа учраас дэлхийд өрсөлдөх чадвар бий. Тиймээс манай орны хөгжлийн оновчтой загвар бол Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл гэж боддог. Тэгээд энэ бүтцээ урт дунд хугацааны бодлого, төлөвлөлттэй хөгжүүлж, мэргэжлийн Засгийн газраар хэрэгжүүлээд явбал бид хөгжинө. Манайхтай адил гурван сая гаруйхан хүн амтай Уругвай улс Хөдөө аж ахуйг хөгжүүлж дэлхийг тэжээж 50 тэрбум ам.долларын эдийн засагтай болсон байна. Хичнээн хямарч байсан ч хүн идэхээсээ татгалзахгүй. Машин унаа тансаг зүйлээсээ бол татгалзаж чадна. Тиймээс ХАА тогтвортой хөгжлийг бий болгодог. Тогтвортой эдийн засаг бусад салбараа чирээд хөгжүүлээд явчихна. Ялангуяа хүний хөгжил боловсролын асуудал жижиг оронд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь бид баялаг бүтээж, мөнгө бий болгодог хүний хөгжлийг дэмжиж байж хөгжих бизээ. Одоогийнх шиг бүтээсэн мөнгийг дээрэмддэг ов заль, хулгай луйвраар хол явахгүй. Нэг л өдөр төгсгөл нь ирнэ.

Тиймээс иргэдээ халамжинд сургах бус баялаг бүтээгч байх чиглэлд багаас нь бүх шатны сургалтаар дамжуулж хүмүүжүүлэх хэрэгтэй. Алмазнаас бусад бүх баялагтай оронд ядуу амьдарч буй нь бидний өөрсдийн арчаагүйнх юм. Иймд дээрээсээ буюу нийтийн эрх ашгийн төлөө явдаг төртэй болохоос шинэчлэлтээ эхлүүлэх хэрэгтэй байна.

Хувиа бодсон шуналын сэтгэлээр бус улс орноо гэсэн чин сэтгэлээр, оновчтой бодлого, цэгцтэй төлөвлөлтөөр хандвал өргөн уудам нутагтай, асар их баялагтай, 50 сая малтай, том орны тосгоны хүн амтай Монгол орныг хөгжүүлнэ гэдэг нэг их хүнд асуудал биш юм. Эцэст нь хэлэхэд биднийг өнөөдрийг хүртэл хөгжүүлэхгүй байгаа зүйл бол бүлэглэл, даргын гэсэн явцуу эрх ашгийн төлөө төрөө чиглүүлээд байгаа явдал юм. Ийм шалгуураар төрийн албыг бүрдүүлж байгаа нь төрийн ажлыг нурааж, түмний эрх ашгийг хохироож, улс орноо хямруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 2017 оны эхний 8 сарын мэдээ