Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 26-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд,

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-17:00 цагт: ЧД 18, 19-р хороо СБД 17,15-р хороо, Дээд салхитын 1, 11, 10, 14, 37, Дамбадаржаагийн 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, Эмнэлгийн 1, Доод салхитын 3, Бэлхийн 48, 49-р гудамж, 117-р сургууль, 115, 159, 175-р цэцэрлэгүүд, Ундрах ирээдүй ББН, Дегамонгол ХХК, эдгээрийн ойр орчмоор болон Сэлхийн зуслан,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

09.30-17.00 цагт: Цөмийн Энергийн газрын зуслан

11:00-18:00 цагт: Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: 17-р хороо Өнөр хороолол 33, 34А, Б, 61-р байр болон эдгээрийн ойр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
мэдээ цаг-үе

С.Жавхлан: Би Монголын их хэрүүлчдийн хар гэрт сууж байна

“Өдрийн сонин”-ы 2017.09.09-ний мягмар гаригийн №201 (5768) дугаараас авч нийтлэв.

Image result for С.Жавхлан

УИХын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


Улс төр тойрсон дуулиан Засгийн газрыг огцруулснаар эхэлж дараагийн шинэ Засгийн газар хэрхэн байгуулагдах бол гэдгээр үргэлжилж байна. Таны хувьд чуулганы хуралдаан дээр 10 хоногийн дотор дараагийн Засгийн газраа байгуулах ёстой гэсэн байсан. Тэр хугацаа өнгөрчихсөн үү. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд яалт ч үгүй Засгийн газраа яаралтай байгуулах шаардлагатай байгаа. Таны байр суурь ямар байгаа бол?

-Энэ Засгийн газар юу ч хийгээгүй. Зөвхөн хамаатан садан, өөрийн ард талын бүлэглэл хийгээд тойрон хүрээлэгчид нь голийтол таргалж, түмэн олон итгэл сэтгэлээрээ, амьдралаараа хохирч үлдлээ. Чуулганы хуралдаан дээр би өөрийн байр суурийг тодорхой хэлсэн. Монгол оронд хүнд хэцүү өвөл ирж магадгүй байгаа. Мөн түмэн олны аж амьдрал хэцүү байгааг бүгд харж байна шүү дээ. Мал тэвээрэг муутайн дээр, ургац алдаж болзошгүй хэмжээнд хүрчихлээ. Монголчууд цаг хугацаатай уралдаж байхад засаг төр нь хэрүүлээс өөр хийх ажилгүй байна гэдэг гутамшиг. Эрх баригч гээд цээжээ дэлдэж байгаа хүмүүс үнэхээр л ард түмнээ боддог нь үнэн юм бол дараагийн Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах ёстой. Тийм үүрэг хүлээж тэд олонхийг бүрдүүлсэн.

Дараагийн Засгийн газраа 10 хоногт багтааж байгуулаарай гэж онцгой анхааруулж хэлснээс хойш өнөөдөр 10 дахь хоног нь болж байна. Өөрсдийнх нь хувийн бизнес, ажил төрөл нь болохоор ганц хоёр цагийн дотор бүтдэг. Монгол түмний эрх ашгийг болохоор хэдэн сараар нь эзгүй орхидог байж болохгүй. Багш, эмч нарын хийж буй мэдэгдлүүдийг хар. Уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн байна. Ядаж ургац алдсан тариаланчид, өвөлжилтөндөө сэтгэлээ чилээн суугаа малчдаа харах нүд байна уу.

Уг нь ойлголцол чухал байх шиг байна. Гэсэн ч шуудайд хийсэн эвэр шиг л байх юм. Учир зүйгээ олох болов уу?

-Олон хавар нэгэндээ гэдэг шиг өнгөрсөн хавраас хойш хэрэлдсэн хэрүүлийнх нь бузар одоог хүртэл арилаагүй байна. Энэ бузар нь монгол түмнийг доройтуулж байна. Монголчууд энэ хүмүүсийг сонгож болсон шигээ буцаагаад буулгаад хаячихаж чадна. Ийм зам руу хүссэн хүсээгүй орж байна. Намынх нь хувь заяа цаашлаад Их хурал тарах хэмжээний асуудал яригдахдаа тулчихлаа.

Засгийн газрыг огцруулаад дараагийн Засгийн газрыг байгуулах нь албан тушаалын тэмцэл мэт дүр зураг харагдаад байна. Засгийн газрын асуудлыг ямар өнцгөөс харж байна вэ?

-Энэ бол бие биенийгээ барьж идэж байгаа хэлбэр. Эцэг дээдсийн гэрээс шастирт бий. Муу сэтгэлт хувь үзэлтэй булхай хүмүүс монголыг 30 жил харлуулна. Үүний дараа тэд өөрсдийгөө барьж иднэ. Дараа нь харин харлан доройтсон монголчууд хөхөрч дэлхийн цээжин дээр тэнгэрийн улс тодорно гэсэн цадиг бий. Үүний дагуу л явж байна. Харж л байя.

Энэ удаагийн Засгийн газар нэг жил гаруйн хугацаанд ажиллаад огцорлоо. Харин дараагийн Засгийн газраас та ямар хүлээлттэй байгаа вэ?

-Ний нуугүй хэлэхэд хүндээ сэтгэл нь чухал. Эх оронч сэтгэл чухал байна. 27 жилийн турш төр нэрийн дор нам баяждаг, нам нэрийн доор бүлэглэл баяждаг, бүлэглэл нэрийн доор амин хувиа бордож явдаг ийм тогтолцоотой явж ирлээ. Тиймээс төрийнхөө яс, цусыг цэвэрлэх цаг болсон.

Гэхдээ энэ бүгдээ ойлгодог нь хэр олон байгаа бол. Таны хувьд бие даагч гишүүн. Олон дотор ороход ганцаардах үе байх юм уу?

-Ганц дайчин гарцаарддаггүй гэдэг үгтэй. Хүний олон нь цөөнөө барьдаггүй юм. Миний хэлж ярьж буй зүйлс зүгээр л амнаас гарчихаж байгаа үгс биш. Аливаа зүйлийг харж, мэдэрч байж хэлж байна. Харамсалтай нь энэ хүмүүс хэлсэн үгийг минь анзааралгүй алдаа гаргаж байгаа бол өөрсдийнх нь хохь.

Яаж таахалзаж татвар нэмж байлаа. Тэр үед нь би хэлж л байсан. Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлээд ялна гэвэл санасны чинь гарз шүү гэдгийг хэлсэн.

Ёстой л санасны гарз л болсон. 10 хоногийн дотор хэрүүлээ орхиод хурдан Засгийн газраа эмхэл, монгол түмэн чинь болохоо байлаа гэдгийг хэлж, намын чинь хувь заяаны асуудал яригдахдаа тулна гэдгийг сануулсан. Энэ бүхэн удахгүй яригдах гэж байна.

Дараагийн Засгийн газар байгуулагдлаа гэхэд муу ажиллабал мөн л огцруулах асуудал хөндөгдөх байх. Хэрэв тэр тохиолдолд улс төрийн тогтвортой байдал, гадны хөрөнгө оруулагчид, бизнесийнхэний итгэл улам л алга болох байх. Эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагавар нь ямар байх бол?

-Шинээр байгуулагдах Засгийн газар 60 тэрбумын гээд байгаа шиг хуучин тохиролцоогоороо гарч ирэх юм бол удахгүй унана. Одоо засагт гарч ирэх хүмүүсээсээ шалтгаалан дараагийн засгийн асуудал яригдана.

Мөнгө сүлд, тоо гэсэн хоёр талтай байдаг. Тиймээс сүлд талаас нь аваад явчих тийм залуусыг эрх баригчид гаргаж ирэх ёстой. Тоо талаасаа явсан хэн бүхэн л бүдэрч булайгаа дэлгэж буй цаг үеийг бид харж байна.

Өнөөдрийн Их хурлын тал дээр ямар бодолтой явдаг вэ. Парламентад суудалтай хоёр том нам нь дотроо хэд хэд хуваагдаад төрийн ажил явахаасаа илүү гацах нь элбэг байдаг. Түрүүн та Их хурал тарах асуудал ч яригдаж мэднэ гэлээ шүү дээ. Парламентын гадна байхдаа та улс төр хийдэг байсан. Одоо харин халуун тогоон дотор байгаа хүн

-Монгол Улсын Их хуралдайн цагаан өргөөнд биш Монголын их хэрүүлчдийн хар гэрт би сууж байна. Энд даарч гадаа гарч түмнийхээ сэтгэлд дулаацаж явна. Гадна байхад харж байсан дүр зураг, бодол минь огт зөрсөнгүй. Монгол төрийн яс, цус цэвэрштэл Жавхлан тэмцэх болно. Ямар л зам туулдаг бай тэр бүгдийг нь Жавхлан туулна.

Гэхдээ манайхан чинь эх орончийн дүрээр гарч ирээд албан тушаалч юм уу ямар нэгэн байдлаар хойш ухрах тохиолдол гардаг. Та ч мөн тэр зам руу орохгүй гэх баталгаа бий юу?

-Жавхлан хаана ч юунд ч байсан бай, Монголоо гэсэн голч сэтгэл дээрээ цаг мөнхөд байна. Надад бусад шиг нам бүлэглэл байх биш дээ, ямар.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурах үед таныг ямар нэгэн байдлаар аль нэг талдаа гараач гэдэг санал тавьж байв уу?

-Намайг чуулганы хуралдаан дээр үг хэлэхээр инээж хөхрөөд шоолоод байдаг нөхдүүд гуйсан гуйсан.

Та тэгэхээр нь юу гэв. Гэхдээ та бол засаг огцруулах кноп дарсан хүн шүү дээ?

-Жавхлан зөвхөн өөрийн хувь үзэл дээрээ байх болно. Тэдэнд “Та нарын наад хэрүүлийн бузарт оролцохгүй” гэдгээ хэлсэн.

Манай улс 1990 оноос хойш ардчиллын замаар замналаа. Алдаа, оноо байсан л байх. Төрийн зарчим хийгээд цаашаа явах замыг хэрхэн хардаг вэ?

-Том нь жижгээ барьж иддэг энэ зарчмыг ардчилал гээд байгаа юм. Монгол үгээр бол “ардыг-чилээж-ал” гэсэн үг. Монгол Монголчлолын замаар явах цаг болсон. Өмнө нь монгол орон “Ардын хувьсгал” гэдэг үгэн бамбай дор явж байгаад “Ардчилал” гэдэг үгээр 27 жил хооллолоо. Одоо болсон. Бид Монголчлолыг дэлгэрүүлэх ёстой. Монголчууд өвгөдийнхөө шастир бүрийг, зан заншил бүрийг, сэтгэл бүрийг дэлгэх цаг ирсэн байна. Хүссэн хүсээгүй муу тогтолцоо өөрөө нуран унаж байгаа. Бүтээхийн тулд сөнөө гэж үг байдаг. Энэ тогтолцоо нурж байгаа болохоос биш монголчуудын сэтгэл нураагүй шүү. Дампуу улстөрчид өөрсдийгөө барьж идэж байгаа болохоос бид зөв цагтаа, зөв нэгдэж чадвал зөв зам голдрилдоо орно. Үнэн ялах цаг ирж байна. Үг үнэн бол үйлдэл үнэн байдаг. Үг нь худлаа байсан хүмүүсийн үйлдэл нь худлаа байсан гэдэг нь одоогийн энэ дүр зургаас харж болно. Үгийнхээ үнэнээр үйлдлээ тэгшлээд явдаг тэр зам руу бид орох гэж байна. Үүний өмнө буруу хүмүүс нь булайгаа дэлгэлцэж байгаа юм.

Таны хэлсэн 10 хоногийн хугацаа дууссан. Цаашид та ямар нэгэн арга хэмжээ авах уу. Ямар үйлдэл гарах бол гэдэг нь сонин байна л даа

-Жавхлан хүмүүсийн ой тойнд ороогүй зүйлийг хийдэг. Төрөө цэвэрлэх янз бүрийн төлөвлөгөө Жавхланд байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Батсуурийн Баясгалан: Манайд уран зохиолын боловсролыг үнэлдэг нэг ч хүн байдаггүй

Б.Баясгалан

Тагтаахэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Батсуурийн Баясгалантай хөөрөлдлөө. Шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцсэнАварга далавчтай өвгөн”, “Аз жаргалтай төгсгөл”, “Хар захын гудамжны Спинозазэрэг олон сайхан бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн түүний үг манай уран зохиолын хүрээнийхний хувьд үнэ цэнтэй байх биз ээ.


Өөрөө өрнө, дорнын шилдэг өгүүллэгийн түүврүүд, Нобелийн шагналт зохиолч Орхан ПамукийнЦасроман зэрэг нэлээд зангарагтай бүтээлүүдийг монголчилсон дуун хөрвүүлэгч. Дэлхийн утга зохиолын чиг хандлагыг тэгэхээр нэлээд гадарлаж байгаа байх. Манай Монголын уран зохиол ямар төвшинд явж байгаа бол?

-Зохиол бичиж буй хүмүүсийн боловсрол, өөрсдийгөө боловсруулсан түвшин маш зөрүүтэй л дээ. Орчин үеийн зохиолчид маш их судалгаа хийж, цэгцтэй мэдлэг, мэдээллээр зохиолынхоо гол нурууг босгож бичдэг. Боловсорсон бичээчдийн зохиол хий багатай, олон өнцөгтэй, гаргалгаа сайтай, уншигчдад нэг талын бус маш олон талын эргэцүүлэл төрүүлэх чадвартай байдаг. Сайн торго шиг нэхээс нь чигжүү бичлэгтэй зохиолууд зохиолчийнхоо авьяасаас гадна өөрсдийгөө зохиолч болгож боловсруулсан нөр их хөдөлмөрийг бэлхнээ харуулж байдаг. Би нэг их уншаагүй л дээ. Гэхдээ манай зохиолчдын бүтээл мөнөөх торгонуудын хажууд загасны тор шиг нэхээс нь өм цөм, цоорхой ихтэй санагддаг. Байгалиас заяасан авьяасдаа голдуу найдаж, оочин цоочин сонссон юмсаа мухар сүсгийн чанартай бодролуудаар голдуу гөрдөж томсон бичлэгүүд олон таардаг. Мэдээж би бүгдийг нь тэгж муулахгүй. Нийтлэг анзаарагдаж буй зүйлсийг л хэлж байна. Жишээ нь, хөгжмийн зохиолч болохын тулд зөвхөн сонсголтой байгаад л болчихгүй. Том том дуурь, романс, симфони бичихийн тулд заавал мэргэжлийн хөгжмийн сургуульд академик боловсрол эзэмшсэн байх ёстой шүү дээ. Уран зохиолын хөдөлмөр ч бас үүнтэй адил. Гэтэл манайд уран зохиолын боловсролыг үнэлдэг нэг ч хүн байдаггүй. Их сургуулиудад нь мэргэжлийн туурвилч бэлддэг анги байхгүй мөртлөө мэргэжлийн шүүмжлэгчдийг жил бүр хэдэн арваар нь төгсгөдөг. Шүүмжлэгчдээ л мэргэжүүлвэл бүтээгчид нь заяа, заваг хоёроороо болно биз гэсэн хандлагатай байдаг юм шиг. Мэргэжлийн шүүмжлэгчид нь сонирхогчдын бүтээлийг мэргэжлийн үүднээс шүүх юм байх. Би энэ тогтолцоог нь ер ойлгодоггүй л дээ. Энэ мэтээс авахуулаад бидэнд хоцрогдох шалтгаан бишгүй бий санагддаг.

Яруу найргийн хувьд ямаршуухан байх шиг байна?

-Яруу найраг хүүрнэл зохиолоос өөр шүү дээ. Ёстой авьяас, мэдрэмж нь хөтөлдөг урлаг байх. Манайхны шүлгүүд сайхан л санагддаг. Зарим талаар илүү ч юм шиг. Илүү санагдаж байгаа нь тухайн шүлгийг би төрөлх хэлээрээ хүртэж буйд байгаа байх.

Сүүлийн үед ямар бүтээлүүд орчуулж байна?

-Дэлхийн шинэ үеийн уран зохиолын өнгө төрх, чиг хандлага, шинээр гарч ирж буй авьяаслаг зохиолчидтой уншигчдаа танилцуулах санаатай нэг өгүүллэгийн түүвэр эмхэтгэн орчуулж байна. Дотроо постмодерн эрин үеийнхэн, нэн шинэ үеийнхэн гэсэн хоёр хэсэгтэй. Постмодерн эрин үеийнхэн дотор дэлхийд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн ч манайд төдийлөн танил бус зохиолчид, нэн шинэ үеийнхэн дотор нь дэлхийд цоо шинээр гарч ирж буй, манайд бол бүр огт дуулдаж байгаагүй зохиолчдын шилдэг өгүүллэгүүд орж буй юм. Монгол уншигчдын чихэнд олон шинэ нэр хоногшуулж, хоцорч уншиж буй цаг хугацааг нь нэлээн сайн дөтлүүлчих түүвэр болох байх. Дараа нь Италийн зохиолч Умберто Экогийн “Сарнайн нэр” романыг уншигчдадаа хүргэнэ.

-“Болор цомч юм уу, яруу найргийн наадмууд ер нь хэрэгтэй юм бол уу?

-Хэрэг болоод сүйд болдоггүй юм гэхэд гай тариад хаа холдох вэ дээ. Хүмүүс дуртай бол уншиж, сонсож л байг л дээ. Гоё сайхан санагдсан шүлгэн дээрээ оноо тоолж байгаад шагнаж л байг. Надад бол нэг их ач холбогдол өгөөд, сүр бадруулаад байх зүйл биш санагддаг. Сэтгэл татах ямар нэг юм байгаа болохоор хүмүүс тийшээ хошуурдаг байлгүй дээ. Шүлгээ тайзнаас унших үзэгдэл ер нь нийтлэг л дээ. Ялгаа нь манайх шиг шүлгүүдийг наана цаана нь оруулан шалгаруулж бай шагнал олгодог нь цөөн байх. Хүмүүс зүгээр л нэг жижигхэн уушийн газарт цуглаад бие биедээ шүлгээ дуудах нь хаа сайгүй байдаг зүйл.

Тагтаахэвлэлийн газрынхан. Ж.Тэгшзаяа, Б.Баясгалан, У.Бямбаням нар.

-“Урлаг бол золиосгэсэн нэг үг бий. Уран зохиолын гал дөлд эрвээхий мэт үйх зоригтнууд үеийн үед л байсан санагддаг. Энэ талаар ямар бодолтой байна?

-Урлагийн төлөө юугаа золиослох вэ гэдгээс их зүйл шалтгаална л даа. Уран зохиолын төлөө бүх амьдралаа зольсон хүн гэхээр аль арвантавдугаар зууны үеийн Франсуа Вийон шиг гудамжинд гарч, арван есдүгээр зууны Рембо, Верлин шиг хөлчүүрч, Пушкин шиг халз буудалцаанаар үхэх ёстой юм шиг мөрөөдөлтгүй. Тэдний амьдарч байсан нийгэм, цаг үе, итгэл үнэмшил, үнэт зүйл өөр. Бидний цаг үе бүр ч өөр. Цаг үе минь биднийг дэмий хийсч цамнаж явахын оронд бичгийн ширээний ард тогтож суугаад өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байхыг шаарддаг. Тэдэнд одоогийнх шиг ийм олон номын сан, номын дэлгүүр, түүгээр нь пиг дүүрсэн уншигчид, ийм олон хэвлэлийн газрууд, сонин, сэтгүүл, ариутган шүүгчид, шүүмжлэгчид, шагнал зэрэг, шүүмжлэл, хайр найргүй цавчилтууд байгаагүй. Байсан бол тэд яг одоогийн зохиолчид шиг толгой өөд татахгүй уншиж, алхам бүрт өөрийгөө сорьж, хэвлэлийн газрууд, шүүмжлэгчдэд тоогдчих гээд гар хуруугаа мойнийтол болсон болоогүй юм бичиж байгаа. Юун архи, юун буу. Үүнийг л жинхэнэ уран зохиолын гал дөлд эрвээхий шиг үйх гэж нэрлэнэ байх даа.

ТанайТагтаапаблишинг шинэ үеийн уншигчдыг төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа. Цаашид ямар бүтээлүүдийг уншигчдад өргөн барих гэж байна?

-“Тагтаа” хэвлэлийн газрынхны хувьд ажил ундарсан намар болж байна. Бид философийн урсгал чиглэлүүд, гол төлөөлөгчдийнх нь үзэл санааг хялбаршуулсан зурагт хөтчүүд цувралаар гаргаж байгаа. Модернизм, Сартраар эхэлсэн эл цуврал маань удахгүй Германы их сэтгэгч Ницшегээр бүл нэмэх гэж байна. Философийн хүнд хүчир төвөгтэй санаануудыг энгийн ойлгомжтой, бас ч гэж зугаатай тайлбарласан, орчин үеийн завгүй уншигчдыг олон арван боть ном тэвэрч суух нүсэр ажлаас аварсан, тэгсэн атлаа тун ч цэгцтэй мэдлэг олгочих цуврал юм. Утга зохиолын бүтээлүүд маань Канадын зохиолч Янн Мартелын “Пигийн амьдрал” хэмээх романаар намрын нээлтээ хийлээ. Англи хэлтний уран зохиолын шилдэг номын шагнал “Man Book­er” хүртсэн эл ном хүмүүст хувь тавилангийн өмнө хүчин мөхөстсөн ч дотоод итгэл найдварынхаа хүчээр тэсээд үлдэх тамир өгнө гэдэгт итгэж байна. Ерөнхийдөө шинэ үеийн уран зохиолын хэв шинжийг илтгэсэн сайн бүтээл. Бас бүх насныхан уншаад дурлахаар ном гэх үү дээ. Харин удахгүй гарахаар төлөвлөж буй номуудын тоонд Орхан Памукийн “Миний нэр Улаан” роман, мөн зохиолчийн “Истанбул” дурсамжийн ном, Салман Рушди хэмээх дорнын том сартваахийн “Шөнө дундын хүүхдүүд” роман, Умберто Эко гэж италийн нэрт зохиолч, семиотикчийн “Сарнайн нэр” роман, францын зохиолч Франсуа Саганы “Сайн уу, гуниг минь!” роман, сонгодгуудаас Жэйн Остины “Ихэрхэл ба эндүүрэл” романууд уншигчдын гар дээр очихоор бэлтгэгдэж байна. Салман Рушдигийн “Шөнө дундын хүүхдүүд” л гэхэд англи хэлтний уран зохиолын шилдэг номын шагнал “Man Booker”-ийг 1981 онд хүртэж, 1993 онд 25 жилийн ойгоо тэмдэглэж асан тус шагналын хамгийн шилдэг буюу “Booker of Booker” шагналыг, 2008 онд 40 жилийн ойгоор нь тус шагналыг хүртсэн дөчин романы хамгийн шилдэг нь ахиад л болсон юм. Харин Умберто Экогийн “Сарнайн нэр” бол постмодерн уран зохиолын гол үлгэр жишээ болсон бүтээл юм.

ӨөрөөХөх мэдрэхүйутга зохиолын бүлгэмийн гишүүн. Танай бүлгэмийнхэн уран бүтээлийн ямар олз омогтой явна даа?

-Энэ бүлэгт найман хүн бий. Уран зохиолыг ширээ тойрч суугаад нийлээд биччихдэггүй болохоор тус тусынхаа зам мөрийг хөөгөөд амьдарцгааж байгаа. Бүгд хувь хувьдаа уран бүтээлийн олз ихтэй байгаа гэж итгэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Хятад, Хойд Солонгост нөлөө үзүүлж чадахуйц гол түнш орон

Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


ҮБын аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг шинэ хоригийг өнгөрсөн долоо хоногт тавьсан. ингэснээр тус улсын эдийн засаг яаж хумигдах вэ?

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375 дугаар тогтоолыг санал нэгтэй баталлаа. Хойд Солонгос жилд 4.5 сая баррель нефть импортоор авдаг юм байна. Зөвхөн Хятадаас өдөрт зургаан мянган баррель авч байгаа. Шинэ хоригоор 2.2 сая баррель буюу 50 хувиар танахаар боллоо. Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний экспортыг бүрэн хориглолоо. 2016 онд 752.5 сая ам. долларын бэлэн бүтээгдэхүүн үүнээс Хятадад 2.3 тэрбум, Энэтхэг 108 сая, Орос 79 сая, Тайланд 74 сая, Пакистан 43 сая, Филиппин 53 сая, Африкийн Буркина Фасо 33 сая ам. долларын хувцас экспортлосон байх жишээтэй. Гадаад дахь Хойд Солонгосын 93 мянган иргэдийн мөнгөн шилжүүлгийг бүрэн хориглосон байна. Энэ нь ойролцоогоор 500 сая ам. доллар болж байна. Энэ бол маш том хориг. АНУ-ын анхны санал газрын тосны импортыг 100 хувь зогсоох байсан. АНУ, Орос, Хятад нэлээд зөвшилцөж тохиролцоонд хүрсэн байна.

АНУ, Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд Хятадын оролцоог нэмэгдүүлэх саналтай байгаа биз дээ. Хятад зуучлагч болж чадах уу?

-Хятад, Хойд Солонгост нөлөө үзүүлж чадахуйц гол түнш орон. Хятад өөрийн хэмжээнд нэлээд хориг арга хэмжээ авч байна. Д.Трамп ирэх арваннэгдүгээр сард Вьетнамын өмнөд хэсгийн Дананг хотод зохиогдох АПЕК-ийн эдийн засгийн дээд уулзалтад оролцох арга хэмжээний хүрээнд БНСУ, БНХАУ, Японд төрийн айлчлал хийхээр боллоо. Үүгээр асуудлууд улам тодорхой болно.

ОХУ яг ямар байр суурьтай байна вэ?

-ОХУ, БНХАУ-ын байр суурь маш тодорхой. АНУ, БНАСАУ хоёр шууд яриа хэлэлцээ явуулах, хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоох, THAAD системийг татан буулгахыг санал болгож байгаа.

АНУын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон ОХУын Гадаад хэргийн сайд С.Лавровтай уулзсан байна лээ. Үүнийг юу гэж харж байна. Тэд ямар тохиролцоонд хүрсэн юм бол?

-Өнгөрсөн ням гаригт Нью-Йоркт тэд уулзсан байна. Удахгүй ажлаа эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн өмнө Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр, Сирийн асуудлаарх Женевийн хэлэлцээг урагшлуулах, Хойд Солонгосын асуудлаар байр сууриа уялдуулахаар санал солилцсон байна.

БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршлаа гээд мэдээлээд байдаг. Мөн түүнийг тээгч баллистик пуужингийн туршилт ч амжилтанд хүрээд байгаа бололтой. Тэгвэл Японы хэвлэл дээр пуужин тээгч шумбагч хөлөг онгоцтой болж байгаа талаар бичжээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Тус улс 2006 оны аравдугаар сарын 6-нд анх удаагийн цөмийн туршилт хийсэн. Харин саяхан есдүгээр сарын 3-нд устөрөгчийн бөмбөгийн туршилт буюу зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийлээ. Ингэснээр “де факто” цөмийн зэвсэгтэй, мөн түүнийг алсын зайнд хүргэх баллистик пуужинтай улс боллоо гэж үзэхэд хүргээд байна. Хойд Солонгос 2016 оны нэгдүгээр сарын 6-нд “устөрөгчийн бөмбөг” хэмээх цөмийн төхөөрөмж буюу дөрөв дэх туршилт хийснээ мэдэгдэж байсан ч шинжээчдийн онцолж байснаар тэр нь устөрөгчийн бөмбөгийн гол үзүүлэлтүүдийн шалгуурыг бүрэн илэрхийлж чадаагүй байсан. Харин 2016 оны тавдугаар сард хуралдсан Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын VII их хурал тус улсыг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн албан ёсоор зарласан. Сүүлчийн туршилтын эхний чичиргээнээс хойш найман минутын дараа дахин 4.6 магнитудын хүчтэй хоёр дахь чичиргээ бүртгэгджээ. Туршилтын хүч 60-120 килотон орчим буюу Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс гурав дахин хүчтэй байж магадгүй гэж үзэж байх шиг байна. Энэ удаагийн туршилтын улмаас хиймэл дагуулаас авсан зураглалаар хөрсний томоохон нуралт буй болж, Пүнге-ри туршилтын хонгилд нурах аюул үүссэн байх магадлалтай байгаа юм байна. Устөрөгчийн бөмбөг гэдэг нь атомын бөмбөгнөөс үлэмж хүчтэй, халуун цөмийн урвал явагдаж, нүд сохлом гэрэл гарна гэсэн үг. Хойд Солонгос наймдугаар сарын 29, есдүгээр сарын 15-нд Японы Хоккайдо арлыг давуулан баллистик пуужингийн туршилт хийлээ. Сүүлчийн пуужингийн туршилт НҮБ-ын шинэ тогтоолын дараа хийгдсэн. Одоогийн байдлыг ажиглахад Хойд Солонгосын пуужингийн алсын тусгал Гуам аралд хүрэх боломжтой хэмээн үзэхэд хүргэж байна. Ер нь бол технологийн хувьд сайжруулсаар л байна. Хойдуулын саяхны тэмдэглэж буйгаар цөмийн болон пуужингийн хүчээр АНУ-тай стратегийн тэнцвэр барих зорилготой гэж мэдэгдлээ. Шуудхан хэлэхэд АНУ-ын баримталж байсан цөмийн зэвсгээр “тогтоон барих” номлолыг өөрсдийнх нь эсрэг баримталж эхэллээ. Гайхмаар зүйл нь агаарын орон зайг нь хоёр ч удаа зөрчөөд байхад Япончууд түүнийг устгахгүй байх юм.

Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэхээр заналхийлж буй гүрэн, хоёр Солонгосыг хүчээр нэгтгэхээр завдаж буй улс ер нь байна уу?

-Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын тоглоомын дэглэм, АНУ-ын империализмтэй хамтран тус улсыг хэзээ мөдгүй эзлэхээр бэлтгэж байна гэж сурталддаг, иргэд нь ч ийм итгэл үнэмшилтэй байдаг бололтой. Өмнөд Солонгос нь АНУ-тай хамтран Хойд Солонгосын болзошгүй түрэмгийллээс хамгаалахын тулд хавар, намар “Foal Eagle”, “Key Resolve”, “Max Thunder”, “Ulchi – Freedom Guardian” хамтарсан цэргийн сургуулилт хийдэг. Солонгосын хойгийн sta­tus quo хүйтэн дайн дууссанаас хойш шийдвэрлэгдэж чадалгүй тунаж үлдсэн цорын ганц цэг, дайн, зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал буй.

Дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын зүгээс ноцтой болгоомжилж буй зүйл нь Хойд Солонгосын удирдлага тун хариуцлагагүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлдэггүй явдал гэж үздэг. Хойд Солонгос “чүчэ” буюу өөрийн хүчинд тулгуурлах үзэл баримталж, тус орныг дэлхийн хамтын нийгэмлэгээс тусгаарлах бодлого явуулж байгаа нь тун хүнд байдалд оруулаад байна. Хойд Солонгос цөмийн хөтөлбөртөө дулдуйдсан бодлого явуулж буй нь одоогийн дэглэм өөрийгөө удаан хугацаанд хадгалж үлдэх гэсэн бодлоготой шууд холбоотой нь тодорхой. Ирантай найман жил дайтаж, Кувейтийг түрэмгийлж байсан Садам Хусейнаар толгойлуулсан Иракийн армийг АНУ бараг хоёрхон долоо хоногийн дотор л бут ниргэсэн. Ливи, Сирийн асуудлын дараагийн ээлж нь Хойд Солонгос гэж үзсэн байх.

Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн технологи өнөөгийн түвшинд хүрэхэд нөлөөсөн хүчин зүйл нь юу байв?

-Хойд Солонгосын Ёньбоны цөмийн судалгааны төвийн барилгын ажил зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар 1965 оноос эхэлж 1974 онд 2 мВ-ын хүчин чадалтай судалгааны реакторыг ашиглалтад оруулсан. Харин 1979 онд найман мВ-ын хоёр дахь реакторын ажил эхэлсэн байдаг. Хойд Солонгос зөвхөн 2013 онд 400 мянга, 2014 онд 470 мянга, 2015 онд 530 мянган ам. долларын татвар Дубна дахь Цөмийн нэгдсэн институтэд төлсөн байх юм. ЗХУ задарсны дараа Украин, Оросын хар зах дээрээс цөмийн болон пуужингийн технологи, мэргэжилтнүүд олж авсан бололтой. 1974 онд МАГАТЭ-д элссэн. 1985 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж, 1993 онд гарч, 1994 онд буцаж нэгдэн, 1995 онд Солонгосын хойгийн эрчим хүчний хөгжлийн байгууллага КЕDO байгууллагдаж, эрчим хүчний гүн хямралд байсан үед Хойд Солонгосын зөвлөлтийн үеийн бал чулууны цөмийн эрчим хүчний реакторыг хөнгөн усны реактораар шинэчлэх ажил АНУ, Япон, БНСУ болон ЕХ-ны дэмжлэгтэйгээр эхэлсэн. Гэвч энэ ажил мөн л бүтэлгүйтсэн. 2003 онд үл дэлгэрүүлэх гэрээнээс дахин гарсан. 2007 онд зургаан талт хэлэлцээнээс гарч, 2009 онд МАГАТЭ-гийн шинжээчдийг нутгаасаа гаргасан.

Ингэхэд асар өндөр зардалтай бүтдэг пуужингийн туршилтуудын санхүүжилтийн эх үүсвэр нь хаанаас гардаг юм бэ?

-2005 онд Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллага одоогийн залуу удирдагчийн эцэг Ким Чен Ирийн Макаогийн оффшор дахь Banco Delta Asia банкны 50 дансанд тараан байрлуулсан 25 сая ам. долларыг илрүүлэн тэдгээр дансыг хаахыг БНХАУ-д шаардаж байсан. Удалгүй тэрхүү мөнгийг царцаасан. Үүний хариуд Умард Солонгос холын тусгалтай пуужин хөөргөж, 2006 онд анхны цөмийн туршилтаа хийсэн байдаг. 2008 оны хоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Мён-пак үүрэгт ажилдаа орсны дараа АНУ, БНСУ-ын тусгай албадын хамтран явуулсан эрчимтэй ажиллагааны үр дүнд гол нь оффшор бүс болох Макао, Лихтенштейн, Люксембүрг, Австри, Швейцарь, Сингапур, Карибын тэнгисийн банкуудад гадаадын иргэний болон гадаадын компанийн өөр өөр нэрээр 200 гаруй дансанд байршуулсан. Эх сурвалж нь галт зэвсэг, мансууруулах бодис, хар тамхины хууль бус наймаа, хуурамч мөнгө солилуулах, тамхи, ликёрын худалдаанаас олсон дөрөв орчим тэрбум ам.долларыг илрүүлсэн байдаг. Тэдгээр нууц дансуудын ард одоогийн удирдагч Ким Жон Үн байгаа нь тодорхой болсон бөгөөд зарим данс нь түүний эцэг Ким Чен Ирийг амьд сэрүүн байх үед нээжээ. Ким Чен Ирийн хамгийн ойрын итгэлтэй туслах, түүний далайн чанад дахь хууль бус ажиллагааг санхүүжүүлдэг нууц сангийн ерөнхий менежерээр олон жил ажилласан Жонь Ил Чун Хойд Солонгосоос дүрвэсэн бөгөөд тэрбээр мэдэгдэхдээ, ОХУ дахь Хойд Солонгосын ЭСЯ-нд их хэмжээний хуурамч мөнгийг шилжүүлж байсан хийгээд 2008 онд Орост 30 сая ам.доллартай тэнцэх хуурамч мөнгийг эргэлтэд оруулж угаасан тухай нотолсон байдаг. Мэдээж, нүүрс болон бусад барааны экспортын орлого, гадаад дахь иргэдийн шилжүүлэг зэргийг хэлэх хэрэгтэй. Хойд Солонгос 2000 онд зохиогдсон хоёр Солонгосын анх удаагийн дээд уулзалтын болзолд Өмнөдөөс 400 сая ам. доллар авч тэр нь цөмийн хөтөлбөрт зориулагдсан хэрэг тодорхой болж 2005 онд ноцтой шуугиан дэгдэж байсан.

-Xойд Солонгосыг энэхүү хурцадмал байдлаас гаргах ямар арга зам байна вэ?

-Ким Жон Үнийг хэлэлцээний ширээнд суулгахад туслах нэг арга нь түүний хийж буй үйлдлийн үр дагаврыг түүнд тодорхой харуулах явдал гэж АНУ үзэж байна. Д.Трамп Хойд Солонгос дайтахыг “гуйгаад” байна, стратегийн тэвчээр барагдлаа гэсэн. БХ-ын сайд Жеймс Мэттис маш тодорхой хэлсэн: “том хохирол гарна, ганцхан зүйл өөрчлөгдөх нь тодорхой. Одоогийн дэглэм нуран унана” гэсэн байна.

Зургаан талт хэлэлцээний хэлэлцэх үндсэн асуудал нь юун дээр төвлөрөх вэ гэдэг нь өнөөдөр хүртэл тун ойлгомжгүй байна. Хэлэлцээ сэргэсэн тохиолдолд хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудал лав биш болов уу. В.Путины хэлсэнчлэн хар ус ууж, хагд өвс идсэн ч цөмийн хөтөлбөрөөсөө ухрахгүй бололтой. Урагштай байж болохуйц гарц бол хоёр Солонгосын өндөр дээд төлөөлөгчид эхний ээлжинд, дараа нь Хойд Солонгос-АНУ хоёр vis-a-vis-ийн зарчмаар асуудлыг хэлэлцвэл энэ нь боломжтой гарц байх магадлалтай. БНХАУ, ОХУ хоёр АНУ, БНАСАУ шууд яриа хэлэлцээ явуулах, хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоох, THAAD системийг татан буулгахыг санал болгож байна. АНУ энхийн гэрээ байгуулах, шууд яриа хэлэлцээ хийхийн тулд БНАСАУ эхлээд цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох шаардлага тавьдаг.

Саяхан ХБНГУ-ын канцлер А. Меркель 2015 онд Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийг нь царцаах P5+1 хэлэлцээрийн механизмыг санал болгосон нь анхаарч болох асуудал.

Хэрэв Хойд Солонгос Гуамд цохилт хийхэд хүрвэл Их Британийн Ерөнхий сайд Терезе Мэй саяхан Японд айлчлах үеэрээ мэдэгдэхдээ “АНУ НАТО-гийн гишүүн. Умард Атлантын гэрээний 5 дахь зүйлд “гишүүн оронд нь довтолбол гишүүн бүх оронд довтолсон гэж үзнэ” гэсэн заалтыг онцолж Атлантын болон Номхон далайн зааг хязгаар байхгүйг тэмдэглэсэн. 1990-ээд оны дундуур Б.Клинтоны Засаг захиргааны үед БХЯ-ны сайд Уильям Перри Ёньбён дахь цөмийн төвд цохилт өгөх асуудлыг хэлэлцэж байсан байдаг. Ширээний ард суутал нилээд зай байна. Гол нь итгэлцлийг буй болгох хэрэгтэй.

Хоёр Солонгос ирээдүйд нэгдэх болов уу?

-Судалгаагаар Өмнөд Солонгост, Хойд Солонгостой энхтайвнаар нэгдэх хүсэлтэй иргэдийн тоо зогсолтгүй буурч тодруулбал, хойд нутагт төрсөн, ах дүү, садан төрлийн хэлхээ холбоотой бүхэл бүтэн үе нэгэнт дуусч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл тэдгээрийг нэгтгэж байсан гол хэлхээс үгүй болов. Эдүгээ хоёр Солонгосыг бүх талаараа хоёр өөр улс, үндэстэн гэж хэлж болно. Солонгосын нэгдлийг Германы нэгдэлтэй харьцуулшгүй. Ер нь нэгдэх үйл явцын яриа хэлцэл XXI зууны туршид үргэлжилж магадгүй.

Categories
мэдээ нийгэм

Малчин монголчууд малын хараал хүрсэн мэт тамын амьдралаар амьдардаг

Монголчууд гэхээр дэлхий нийт биднийг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг жинхэнэ мэргэжилтнүүд гэж боддог. Монгол дээл өмсч, морин дэл дээр давхихаа их, багагүй имижээ болгож, гадаадад гайхуулах ганц гангараагаа гэж хардаг болохоор арга ч үгүй биз. Хамгийн сүүлд гэхэд дэлхийн миссийн тэмцээнд орсон турьхан бүсгүй хүртэл эр хүн шиг морь унаж эрвэлзсэн. Найман настай балчраас наян настай буурал хүртлээ мал малладаг гэдгээрээ бахархдаг. Энэ мэт сурталчилгаа монголчуудыг малын мастер юм байна гэдэг ойлголтыг төрүүлдэг нь лавтай. Бид мал малладаг нь маргаангүй, малч ард түмэн. Гэвч малтай харьцах арга ухаан нь чухам хэр хэмжээнд байна вэ.

Бодоод үзье. Бид малтай яаж харьцдаг билээ. Мал харахаараа мах үзсэн аятай гуугалж, хүүг хаая гээд захирч зандраад эхэлдэг хачин зуршилтай. Хэрэв амьтан хамгаалах олон улсын байгууллага малтай харьцаж буй энэ арга ухааныг шалгаад дүн тавьдаг бол лав муу авах нь дамжиггүй. Муугаар дүгнүүлээд зогсохгүй соёлт хүн төрөлхтний жигшил зэвүүцлийг төрүүлэхээр байна. Яагаад гэвэл монгол хүн мал хэмээх амьтныг тамлан зовоохуйц зэрлэг балмад аашилдаг ажээ.

Наад захын жишээ нь монголчууд мал болгонд таарсан хараал зүхэлтэй хүмүүс. Дургүй нь хүрсэн үедээ үхрийг муу мялзангууд гэж хараана. Мялзан гэдэг нь үхрийн цочмог гоц халдварт өвчин. Хонийг хохироо, ямааг годрон, тэмээг үдээр, адууг адсага гэж доромжилно. “Яадаг муу адсага вэ, муу годронг алаад идэхээ мэдье ээ” хэмээн мал зүхэж байхыг сонсоогүй монгол хүн байна уу.

Тэмдэг тавих нэрээр мал тамлах нь бүр ч аймшигтай. Тэглээ гээд үүнийг нь буруушаасан хэн нэгнийг монголчууд “юм мэддэггүй тэнэг” гэж адална. Тиймээс энэ нь малд бурхнаас оноосон хувь заяа, бүр эцсийн эцэст мал бол мал нэрэндээ таарсан өвдөлт мэдэрдэггүй амьтан гэдэг мулгуу ойлголтыг монголчуудын тархинд суулгажээ. Мал хөнгөлөх, унага тамгалах зэргийг ёс заншил мэтээр дөвийлгөж, нийтээрээ баяр наадам болгон санаа амар тэмдэглэн маазардаг нь ийм учиртай. Монголын ганц брэнд үйл явдал юм шиг гайхуулан савсганаж, гоёж гоодон байж соёлт хүн төрөлхтөнд үзүүлэмгүй харгислалыг бид үйлддэг.

Унага тамгалж байна гээд төмөр улайсгаж арьсыг нь түлнэ. Адууг хөнгөлж байгаа нь энэ гээд халуун төмрөөр төмсгийг нь тасдаж авна. Мал тамлах зан үйл үүгээр дуусахгүй. Хавар эхээс төрөөд хоёр сар ч болоогүй нялх ишиг, хургаа хөнгөлнө. Хурганы засаа идэхийн мөрөөсөлд автаж, бөөн хөл хөөрцөг болж байж нялх амьтны чивийг суга татаж авна. Тусгайлан засаачин “цолтой” нөхдүүдийг дөвийлгөж, хөнгөн гартай нь олноо өргөмжлөгдөн алдарших нь холгүй “тэнэгтэх” нь энүүхэнд. Малд им тавина гээд жишим ч үгүй чихийг нь тас огтлоод шүлснээс өөр эмгүй хэмээн нулимж мунхаглана. Үхэр, тэмээг дөрлөж эрхшээлдээ оруулна. Адуу сургаж, номхруулах үйлдэл ч үнэндээ өрөвдмөөр тарчлаан. Морь уяхын гайхамшгийг уяачид бишрэн сурталчилж баярхдаг. Гэвч морь уяна гэдэг нь өөрөө морийг хоол, усгүй сойж, өлсгөж биеийг нь хөнгөрүүлж байгаад хол зайд давхиулдаг харгислал. Энэ бүхнийг хүн дээр туршиж байна гээд бие махбодоороо төсөөлөөд нэг үз, аймшиг.

Малаа хайрлах, өрөвдөх сэтгэлгүйн өөр нэгэн жишээ нь мал тээвэрлэлтийн стандарт. Дөнгөж нар, салхи хаасан төдий, тал нь онгорхой намхан тэвшинд малаа ачаад нааш цааш зөөж давхилдана. Найр наадам хэсч өөрсдийгөө зугаацуулна. Өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунд өнөө мал л тамаа цайна. Тэглээ гээд төрөөс тоож байгаа юм байхгүй. Тоолоо гэхэд малаа хамгаалах бус малчдын тэтгэврийн насыг наашлуулна гэж нялцганахаас цааш хэтрэхгүй.

Балар эртний үеийн, хуучирсан ийм бүдүүлэг аргуудаас монголчууд л салаагүй өнөө хүртэл чирч ирсний баталгаанууд энэ. Дэлхий нийт бол үүнийг соёлоосоо хэдийнэ таягдаад хаячихсан. Барууны орныхон хөнгөлөх гэж байгаа малаа тариа хийж унтуулаад тусгай бодисоор ариутгасны дараа ажилдаа орж байна. Мөн тэмдэг тавихын тулд мал тамлаж, халуун төмрөөр шалзлах ч хэрэггүй. Малдаа бар код бүхий чип суулгаад л болчихно. Чипээ уншуулаад тухайн малын удмын сангийн мэдээллийг гаргаад ирдэг болтлоо мал маллах арга ухаан хөгжжээ. Дэлхийн хөгжил энэ дайнд хүрчихээд байхад бид хүннү сүннүгийнхээ үеэс салаагүй гэлдэрч явна. Энэ бол бидний мэдлэг боловсролгүй, өнөөдрийг хүртэл явж ирсний гай.

Монголчууд түүхэндээ өлсгөлөн байж үзээгүй ард түмэн. Үүнийгээ малын буян гэж сайрхдаг. Гэвч мал маллагааны арга технологио шинэчлээгүйгээс Монгол Улс хөгжиж чадсангүй. Мал нь манай хөгжлийн чөдөр тушаа болсоор ирж. Энэ бүхэнд арван цагаан буян шингээсэн мал маань буруугүй. Өлсдөггүй хэрнээ хөгждөггүйн учир ердөө бэлчээрийн мал аж ахуйгаа ухаалгаар ашиглаж чадахгүй байгаа монгол хүний буруу. Цатгалан хүн сэтгэдэггүй гэдэг л тэр. Монголчууд оршин тогтнож ирсэн түүхэндээ малаа дагаж, махыг нь идэхээс илүү гарч, санаж сэдээгүйн лай. Гэтэл соёлт хүн төрөлхтөн малыг найз, нөхөр лугаа үзэж өсгөн үржүүлж байна. Бараг худлаа хэлсэн хүнд хөгжилтэй улсын мал муухан шиг орны ядуу иргэдээс дээр орчинд өсч байгаа. Гэтэл манайд хахир хүйтэнд малаа дааруулж, өлсгөлгүй 100 хувь онд оруулдаг үе бий юу гэдэг нь эргэлзээтэй. Нар, салхи хаадаг юм уу гэлтэй сарсайсан саравчинд хэвтэр хайсан малууд эзэнтэйгээ юутай хээтэйгээ зовсон тамын амьдрал л Монголд байна.

Мал маллах нь борви бохисхийх зав өгдөггүй нөр их ажил, хүнд хөдөлмөр мөн. Тиймдээ ч хүүхдээ дэлхийтэй хөл нийлүүлэх зиндааны боловсролтой хүн болгохоос илүү малаа дагавал ам тосдоно гэдэг төөрөгдлөөсөө болоод дэлхийн хөгжлөөс хоцорчихоод байна. Үр хүүхдээ ч өсгөх завгүй малаа малласны ач гавьяа өнөөдрийн Монголын хөгжлийн түвшин. Улсыг хүн удирдана, мал удирдахгүй гэдэг ийм энгийн зүйлийг ухаарч чадалгүй өдий хүрснийг одоогоор Монголоос нэг ч Нобелийн шагналтан төрөөгүй явдал баталж байна.

Уг нь хөдөлмөрийн амт гэдэг нь амрах цагтай, ашиг орлоготой, баяр баясгалантай байхыг хэлдэг. Тиймээс хөдөлмөрөө хөнгөвчилж, мал, хүнтэйгээ баяр баясгалантай байхын тулд малчид малчин хөлсөлж ажиллуулахдаа “хорголоо” тоолдоггүй, орчин үеийн шинэ аргачлалуудаас сурах хэрэгтэй байна. Үгүй бол бэлчээрийн мал аж ахуй хүнд амрах зав, ашиг орлого ч өгөхгүй. Мал аж ахуйгаа аз жаргалтайгаар хөгжүүлж, ашиг олдог хөдөлмөр болгохын тулд дэлхий нийтэд шалгарсан шинэ арга ухаанд суралцаж, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлмээр байна. Энэ тал дээр эрдэмтэн судлаачид түлхүү ажиллаж, малчдадаа номын дуу сонсгооч, орчин үежүүлээч гэж хүсье.

Categories
мэдээ нийгэм

Багш нар өнөөдөр дахин ажил хаялаа

“Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос өнөөдөр дахин сануулах ажил хаялт зарлахаар болжээ.

Засгийн газарт цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан билээ. Үүний хариуд Засгийн газраас үе шаттай 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм. Ингээд энэ сарын 21-нд сануулах ажил хаялт зарласан.

Өмнөх ажил хаялтад нийслэлийн ЕБС 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцсон байна.

Ингээд улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон аж. Үүнээс гадна багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд буй.

Өнөөдрийн ажил хаялт 08:00 цагаас эхлэх бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлснийг Бага хурлын гишүүд хагаллаа.

Бага хурлын гишүүдийн санал хураалтын дүнг тоолоход Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг дэмжиж 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод таван гишүүн тус, тус саналаа өгчээ. Тиймээс шинэ танхимыг удирдах Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг өргөн мэдүүлэх болж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ардын нам хулгай бага хийж, Ерөнхийлөгчийн саварт базуулахгүй хүнийг Ерөнхий сайдад дэвшүүлсэн нь дээр дээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тэргүүн нүүрнээс МАН-ын Бага хурлын талаарх сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Ардын нам хулгай бага хийж, Ерөнхийлөгчийн саварт базуулахгүй хүнийг Ерөнхий сайдад дэвшүүлсэн нь дээр дээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улстөрийн тавдугаар нүүрнээс НИТХ-ын даргад
нэр дэвшээд буй
С.Амарсайхантай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрээр НИТХ-
ын төлөөлөгч, Налайх
дүүргийн МАН-ын дарга,
Бага хурлын гишүүн гэсэн
сонгуульт ажилтай юм.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс “АТГ-аас А.Гансүх нарт холбогдох хэргийг
шүүхэд шилжүүлж, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг яллагдагчаар татжээ” хэмээх гарчигтай сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Уншигчдын хамгийн ихээр хүлээн унших дуртай “Суу билэгтний өлгий” хэмээх ард түмний хайрлан хүндэтгэн явдаг алдартнуудын тухай, тэр хүмүүний нутгаар зоричсон тэмдэглэлийг сонирхон хараарай. Энэхүү буланд “Чадраабалын Лодойдамба зохиолчын халуун голомт Хантайширын тэмдэглэл” хэмээх гарчигтай хүргэж байна.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

Categories
мэдээ улс-төр

Түр завсарлаад байсан МАН-ын Бага хурал үргэлжилж байна

Түр завсарлаад байсан МАН-ын Бага хурал 20 цагт үргэлжиллээ. Зарим гишүүдийн саналаар маргааш Ерөнхий сайдыг тодруулах асуудлыг хэлэлцэх гэж байсан боловч өнөөдөртөө багтааж тодруулахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Яг одоогоор МАН-ын Бага хурал үргэлжлэн хуралдаж байна. Энэ үеэр 30 гишүүн таван миниутын хугацаанд үг хэлж, асуулт асууж, байр сууриа илэрхийлэх гэж байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал түр завсарлах гэж байна

Яг одоо хаалттай байдлаар үргэлжлэн хуралдаж буй МАН-ын Бага хурал түр завсарлага авах гэж байна. Энэ удаагийн Бага хурлаар таван асуудал хэлэлцэх бөгөөд тэдгээрээс олны анхаарлыг татаж буй сэдэв нь Засгийн газрын шинэ тэргүүн хэн байх вэ гэдгийг тодруулах юм. МАН-ын Бага хурал хуралдаж эхэлсэн цагаасаа хойш намын дарга М.Энхболдын улстөрийн илтгэл, Хяналтын хорооны дүгнэлт, намын дотоод дүрмийн асуудлаа хэлцэж байгаа юм.

Бага хурлын гишүүдийн зүгээс намын дүрэмтэй холбоотой байр сууриа яг одоо илэрхийлж байна. МАН-ын Бага хурал 19 цагт түр завсарлах юм. Шинээр томилогдох Ерөнхий сайдын санал хураалт, хэлэлцэх таван асуудлын хамгийн сүүлд байна. Юутай ч намын дүрмээ ярилцсаны дараа Ерөнхий сайдын нэрийг тодруулах санал хураалт 23 цагийн үед эхлэх төлөвтэй байгааг зарим эх сурвалжууд өглөө.

Зарим гишүүдийн зүгээс Ерөнхий сайдын нэрийг тодруулах асуудлаа маргааш хэлэлцэх саналтай байгаа бол нөгөө хэсэг нь нэгэнт тодруулах ёстой тул өнөө шөнө хүртэл хуралдсан ч зүгээр гэж байв. Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Н.Энхболд хэмээх гурван нэр дэвшигчийн хувьд 50+1 хувийн санал авсан нь дараагийн Ерөнхий сайдаар томилогдох боломжтой болно. Бага хурлын гишүүдийн хэлж буйгаар хоёр удаагийн санал хураалт явагдана гэж байлаа. Учир нь гурван нэр дэвшигчийн хувьд хамгйин өндөр санал авлаа гэхэд 50 +1 хүрэхгүй тул дараагийн шатны санал хураалтад хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулж магадгүй байгаа юм байна.

Э.МӨНХ

Э.ЭНХ