Categories
мэдээ цаг-үе

Ахмадын баяр л гэнэ ахмадуудаа автобуснаас өшиглөөд буулгадаг төртэй улс шүү дээ, бид

Хэдхэн хоногийн дараа олон улсын ахмадын баярын өдөр тохионо. 1992 онд НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар зарласан. Тэгэхээр өнөө жил ахмадын баярыг албан ёсоор 25 дахь жилээ тэмдэглэх гэж байна. Ахмадын баяр л гэнэ, ахмадын өдөр л гэнэ яг үнэндээ монголчууд бид ахмад настнаа хайрладаг билүү.

Хэдэн жилийн өмнө манай сонин “Хөгшдөө хөгшин нохой шиг хаядагаа больё” гэж бичиж байсан. Монголын төр ахмад настнууддаа үзүүлж буй ганц дэмжлэг нь нийтийн тээвэр буюу автобусаар үнэгүй зорчуулдаг. Гэвч ахмад настай л бол үнэгүй явна гэвэл бас асуудалтай.

Ахмадууд автобусанд ороод картаа уншуулна. Өөдөөс нь “өндөр настан” гэх хариу өгнө. Харин хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд, бүр тодруулбал, баярынхаа өдөр гоёлын дээлээ өмссөн ахмадууд автобусанд суувал юу болох билээ. Уншуулах картгүй тэднийг мөнгөө төлөөд явъя гэсэн ч хүлээж авалгүй автобуснаас золбин нохой шиг өшиглөөд хөөгөөд буулгана. Гавьяаныхаа амралтыг эдэлж буй буурлууддаа барьж буй төрийн ганц дэмжлэг нь бодит амьдрал дээр ийм л өрөвдмөөр дүр зурагтай байна.

Өндөр настан л бол ямар ч үед нийтийн тээврээр үнэгүй зорчдог зохицуулалтыг өнөө хүртэл хийчихэж чадаагүй харгис хатуу төр засагтай ард түмэн шүү дээ, монголчууд бид чинь.

АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЭМНЭЛГҮҮД ҮНЭЭ 100-20000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХӨНГӨЛЖ БАЙНА

Ингээд монголчууд ахмадын баяраар ахмадуудаа хэрхэн баярлуулдаг, тэдэнд зориулж ямар үзвэр үйлчилгээ, төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлдэг болохыг сурвалжиллаа. Эхлээд эрүүл мэндийн салбарыг сонирхсон юм. Ахмадууд баяраараа хувийн эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үзүүлэх боломж байдаг эсэхийг лавлахаар Монголын топ гэгдэх “Грандмед”, “Интермед” эмнэлгүүдэд хандсан юм. “Грандмед” эмнэлгээс асуутал “Ахмадын баярын өдрийг тохиолдуулж, зүрхний бичлэг, зүрхний эхо,биеийн өндөр, жинг үзэх, эмчийн зөвлөгөө гэсэн жижигхэн багц хөнгөлөлт зарласан байгаа. Өөр хөнгөлөлт болоод үнэгүй үйлчилгээ алга. Энэхүү хөнгөлөлттэй багц нь 19900 төгрөгийн үнэтэй. Өмнө нь хорин мянга байсан. Харин цусны даралт, зүрхний эхо, биеийн жинг үзүүлэх багц нь 29900 төгрөг. Эдгээр багцууд өмнө нь дөч гаруй мянган төгрөг байсан. Ахмадын баярыг тохиолдуулж хорь гаруй мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ” гэв. Харин “Интермед” эмнэлгээс тодруулахад “Манайд ахмадын баярыг тохиолдуулан ямар нэгэн хөнгөлөлттэй, үнэгүй үзлэг, оношилгоо байхгүй ээ. Манай эмнэлэгт хандахаар бол цаг авч үзүүлэх ёстой” гэж байна.

Эндээс харахад хувийн эмнэлгүүд ахмадын өдөрт зориулсан хөнгөлөлттэй үйлчилгээ бараг алга. Эрх биш даралт нь ихсээд ороод ирэхэд өрхийн эмнэлэг нь цаашаа гэхгүй байгаа даа. Хэдхэн жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах өрхийн эмнэлэгт даралт нь ихэссэн эмээ биеэ үзүүлэхээр сандран очтол эмч нь чагнуураар цээж рүү гөвдрүү гартал ороолгосон тохиолдол бий. Эрүүл мэндийн үйлчилгээг ахмадууддаа ингэж үзүүлдэг байна. Тэгвэл нийтийн хоолны салбарыг аваад үзье. Нэр усыг нь нэгд нэгэнгүй бичээд яахав. Өндөр зэрэглэлийн ресторанаас жирийн цайны газрынхнаас “ахмадын баярын тусгай үйлчилгээ гэж байна уу, ирэх сарын 1-нд танайх ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх үү” гэж асуухад “Манайх хэн нэгэнд үнэгүй хоол өгдөг буяны байгууллага биш. Тийм зүйл байхгүй” гэх хариултыг өгч байна. Зарим нэг цайны газрын эзэд, рестораны үйлчлэгчид “Яагаад заавал ахмадуудад хөнгөлөлттэй үнээр өгөх ёстой юм” гэж бүр уурлаж уцаарлан хүлээж авсан. Зарим нь бүр гайхаад байна лээ. Нийслэл хотод гэхэд дүүрэг тус бүрийн харьяаллын ахмадууд энэ өдрийг хүүхэд шиг сэтгэл догдлон хүлээдэг. Тэд хороо дүүргийнхээ дарга нарынхаа “будаа хуурга”-наас өөр гавьтай зүйлээр баярладаггүй. Дүүргийн дарга нар, албан байгууллагууд ахмадаа хүлээж авч байгаа нэрийн дор таваг шөл уулгаад л гаргадаг. Өөрөөр гар сунгана гэсэн ойлголт байдаггүй бололтой.

Тэгвэл удахгүй болох ахмадын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасангаас тодрууллаа. Тэрбээр “Манай холбоо ахмадын баяраар л ахмадуудаа тоодог газар биш л дээ. Монголын ахмадуудын сайн, сайхны төлөө бодлого боловсруулж, ажилладаг байгууллага. Бид нар саяхан “Амьдрах ухаан” төвийн, “Жаргалант” сувилалтай хамтарч ахмадуудыгаа сувилалд амраасан. Өнгөрсөн долдугаар сарын нэгнээс Ахмад настны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор шинээр батлагдсан хууль, тогтоомжийг ахмадууддаа сурталчлан таниулах, үр ашгийг нь мэдүүлэх зорилготой гол ажлыг хийх гэж байна. Ахмадууд гэдэг бусдаар өрөвдүүлж, хайр халамж горьддог улсууд биш. Ахмадууд хөгжих ёстой. Үндэс хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ утгаараа өнөө жилийн ахмадын баяраар ахмадуудыгаа эрх зүйтэй байх, хөгжих боломжийг нь нээж өгөх ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Нийгмийг тэргүүлэх хүч нь ахмадууд байдаг. Ахмад хүн гэдэг номын сан л гэсэн үг. Тийм болохоор ахмадууд залуучуудад хандсан, сургасан, туршлагаасаа хуваалцсан ажлуудыг хийнэ” гэж байв.

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулаад ахмадуудад зориулсан хөнгөлөлттэй, үнэгүй үйлчилгээ олгох томоохон сүлжээ дэлгүүрүүд нэг ч байсангүй. Эдгээр үйлчилгээний байгууллагууд “Бид шинэ жил, цагаан сар, наадам хэмээх томоохон баяр, ёслолын үеэр л хөнгөлөлт зарладаг. Харин энэ өдөр чинь ахмадын баяр шүү дээ. Тийм болохоор ердийн үнээрээ борлуулалтаа хийнэ” гэж байлаа. Мөн “Нарантуул” худалдааны төвийн үндэсний хувцас борлуулдаг худалдагч “Ахмадын баяраар хөнгөлөлт үзүүлэх боломжгүй ээ. Бидний түрээс өндөр. Мөн дээл, хувцасны борлуулалт муудсан гээд зовлон их л байна. Тийм болохоор хямдралтай үнээр дээл зарахгүй л болов уу. Ер нь хямдарсан хямдраагүй үр хүүхдүүд нь аав, ээждээ дээл аваад өгчих л байлгүй дээ” гэлээ. Олон улсад энэхүү баярыг хүндэтгэлийн баяр хэмээн тэмдэглэдэг бол Монголд энэхүү баярыг ашгийн баяр хэмээн хардаг. Дэлхий нийт энэ өдрийг хүндэтгэлийн баяр гэж тэмдэглэдэг тухай дээр дурдсан. Япон, Солонгос зэрэг Азийн хөгжилтэй орнуудад ахмадын баяраар ахмадууддаа төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байна. Өөрсдийнх нь хүсэлтийг бүр эртнээс хүлээн авдаг аж. Тэгээд хүссэн амралтад нь амрааж, төрөл бүрийн үзвэр үйлчилгээ үнэгүй үзүүлж төрийн зүгээс хүндэтгэлтэй ханддаг. Америкт гэхэд баярынх нь өдөр нийтийн тээвэр автобусаар мэдээж үнэгүй зорчуулна.

Тэгвэл Монгол яадаг вэ гэвэл эл өдөр урлаг соёлын тоглолт, үзвэр үйлчилгээ бусад баяраас дутахааргүй болдог. Сарын өмнөөс л “Тэр газар ийм сайхан тоглолт болно, хайртай ээж, аав, эмээ, өвөөгөө баярлуулан хүрэлцэн ирж үзээрэй” хэмээн тоглолт, концертын зар чихэнд хоногштол явуулна. Бүр “Үнэгүй шүү, хүрэлцэн ирээрэй” гэж ойлгогдохоор. Ингээд ахмадын баярын өдөр үр, хүүхдүүд нь ёс юм шиг л аль нэг урлагийн тоглолтыг өчнөөн мөнгө зарлагадаж аав, ээждээ үзүүлдэг. Зарим ахмадууд тэтгэврийн хадгалсан хэдэн төгрөгөө ч эл өдөр зарцуулдаг билээ. Цагтаа Монгол Улсын хөгжил дэвшлийг өөд нь татаж, оюун ухаан, авьяас билгээ зориулж явсан хүмүүсийг төр, Засаг нь хэрхэн анхаарах учиртай вэ. Энэхүү баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар зарим ахмадуудаас сэтгэлийг нь сонслоо.

Н.САРАНЦЭЦЭГ: МӨНГӨӨ ТӨЛӨӨД АВТОБУСАНД СУУХАД “ТА САЙХАН БАЯРЛАЖ БАЙНА УУ” ГЭЭД СУУДАЛ ТАВИАД ӨГӨХ ЗАЛУУЧУУД ХОВОРДСОН БАЙНА

Сүхбаатар дүүргийн өндөр настан Н.Саранцэцэг: -“За энэ өдөр биднийг хороо хорины Засаг дарга хүлээн авдаг. Мөн харьяа байгууллагууд хүлээн авч уулздаг. Би “Говь” компанид олон жил ажилласан хүн. Байгууллага маань хүлээн авч, бидэнд гарын бэлэг өгдөг. Ингээд л гэртээ ирнэ дээ. Сүрхий гоё дээл хувцсаа өмс л гэдэг юм. Өмсөөд очно, баахан цай, хоол унд идэж, ууттай хэдэн чихэр аваад л буцдаг. Гэхдээ хэдэн өлссөн хөгшдийг хооллож байгаа мэт санагддаг аа нуугаад яахав ээ. Харин хэдэн хүүхдүүд маань ирж, нар мандуулна л даа. Ер нь энэ баярыг үр, хүүхдүүдтэйгээ л өнгөрөөдөг дөө. Зарим жил манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд ахмадын баяраар ирж, уулздаг л юм. Нэгдсэн нэг бодлогоор энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлмээр санагдах юм. Ядаж л автобусаар үнэгүй зорчдог болмоор байна. За үнэгүй зорчих нь байг. Мөнгөө төлөөд автобусанд суухад “Та сайхан баярлаж байна уу” гээд суудал тавиад өгөх залуучууд ховордсон байна шүү дээ”гэв. Мөн тэрээр “Өнөөгийн залуучууд ахмад настай хүнийг хүндлэхгүй байна. Залуучууд өөрсдөө хөгшрөхгүй мэт л аашилдаг. Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн шүү дээ. Тийм болохоор нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ л хайрла, хүмүүсээ” хэмээх үгийг санаж явах учиртай” хэмээв.

Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ: БИДНИЙ ҮЕД АХМАДЫН ҮГИЙГ МАШ ИХ СОНСДОГ БАЙЖЭЭ

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн, ахмад хуульч Ш.Дэлгэржаргал: -“Намайг бага байхад нэг насны зөрүүтэй байсан ч ахаа эгчээ гэдэг байсан. Тэр үе саяхан юм шиг санагдаж байна. Гэхдээ одоо үед нийгмийн ороо бусгаа байдлыг дагаад тэр сайхан хүндлэл алга болчихоод байна. 60 насыг бол шижир алтан нас гэж үздэг юм билээ. Гэтэл сүүлийн үеийн залуус 50, 60 настай хүмүүсийг өвөө, эмээ гэж хэлж байгаа нь ах, эгч гэдэг үг үгийн сангаас хасагдаж байгаа юм шиг санагдаж, дотроо эмзэглэж явдаг. Хүн ахтай дээл захтай, ах нь сургаж дүү нь сонсдог гэж ардын сайхан үг байдаг. Ер нь бол бидний үед ахмадын үгийг маш их сонсдог байжээ. Ахмадуудынхаа алт шиг үнэ цэнэтэй сургаалыг сонсч байхгүй бол тэд чинь мөнх амьдрахгүй шүү дээ. Улс орондоо оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулсан ахмадуудынхаа үгийг сонсохгүй бол сүүлд харамсана шүү хүүхдүүдээ гэж уриалмаар байна” гэлээ.

Б.СҮРЭНХОРОЛ: ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЬЕ ГЭЭД ОЧИХОД ГУТЛАНД УГЛАХ УЛАВЧНААС ЭХЛЭЭД Л МӨНГӨ НЭХЭЖ ЭХЭЛНЭ

Хан-Уул дүүргийн иргэн, худалдааны тэргүүний ажилтан Б.Сүрэнхорол: -“Бидэнд төр Засгаас хандаж, тусгай хөтөлбөр, үйлчилгээ үзүүлдэг зүйл бол алга. Яахав зарим ахмадуудыг хүлээн авч уулздаг л байх. Би өдгөө 70 наслахдаа тийм зүйл үзээгүй л дээ. Миний хувьд ахмадын баярыг үр, хүүхдүүдтэйгээ сайхан баярлаж өнгөрүүлдэг. Харин нийгмийн хүрээнд энэхүү баярыг жирийн өдрүүд шиг л өнгөрүүлдэг ээ. Ахмадын баярын өдөр нэг урлаг, соёлын тоглолт үзчихдэг л юм. Хэдэн хүүхдүүд маань мөнгө төгрөг нийлүүлж байгаад л өвгөн бид хоёрыг боломжоороо л баярлуулдаг. Гэхдээ тасалбарын үнэ нь өндөр юм шиг санагддаг. Би гурилын үйлдвэрт насаараа ажилласан хүн. Хөдөө мал маллаж ч байлаа. Улсад дөч гаруй жил ажилласныхаа үр шимд “Алтангадас одон”-той л үлдлээ. Бие өвдөөд эмнэлэгт үзүүлье гээд очиход гутланд углах улавчнаас эхлээд л мөнгө нэхэж эхэлнэ. Ер нь ахмадуудад чиглэсэн төр Засгийн бодлого чамламаар санагддаг даа” хэмээж байсан юм. Ахмадууд баяраа ихэвчлэн гэрийнхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг хэмээн ярьж байна. Насаараа энэ улсын төлөө, амьдралынхаа төлөө зүтгэсэн буурлууд маань өнөөгийн төр, засаг, ард түмэндээ гомдож явдгийг тэдний хэлсэн үгнээс тодорхой харж болохоор байна. Төр засаг, нийгэм цаг үеэ дагаад хүмүүсийнх нь сэтгэхүй ч увайгүй болчихжээ. Ахмад настнаа дээдлэх хүндэтгэх, сургаал номыг нь сонсч, туулж ирсэн замнал түүхээр нь бахархахаас илүүтэйгээр ад үзсэн, хэнд ч хэрэггүй юм гэж бодсон, нэг тээршаасан байдалтай хүлээж авах нь бий.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч нартай уулзав

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат аймгийн хэмжээний эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар болон цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй бодлогын баримт бичгийн талаар танилцуулав.

Мөн ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж цагдаагийн байгууллагаас баримтлаж буй бодлого чиглэл, бүтэц орон тоо, ажлын байрны тодорхойлолт гэх мэт олон асуудлын талаар алба хаагчдад мэдээлэл, өгч, тэдний сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн осол, хэргийн мэдээллийн нэгдсэн сантай болно

Монгол Улсын санхүүгийн гол түнш байгууллагуудын нэг болох Азийн хөгжлийн банк манай улсын зам, тээврийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж байгаа билээ.

Азийн хөгжлийн банкнаас “Тээврийн ухаалаг систем” төсөл болон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явцын талаар өнөөдөр танилцуулга хийж, ажлын үр дүн, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа тайлагналаа. Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төслүүд нь зам, тээврийн салбарын хөгжилд томоохон дэвшил авчрах ач холбогдолтой талаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд онцлон хэллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэхдээ осол, хэргийн мэдээллийн сангийн менежментийн системийг боловсруулан, осол зөрчлийн талаархи тоон мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг сайжруулах үүднээс замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчлийн талаар судалгаа хийжээ. Ингэхдээ Монгол Улсын автозам, тээврийн хэрэгслийн тоо болон төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбоо зэргийг нарийвчлан судалсан байна. Мөн хот төлөвлөлтийг замын хөдөлгөөний зохион байгуулалт, тээвэр төлөвлөлттэй уялдуулж, хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох замаар хөдөлгөөний түгжрэл саатал, осол гэмтлийг бууруулахаар ажиллаж байгаа юм.

Зам тээврийн осол, зөрчлийн мэдээг үнэн зөв нэгтгэх, мэдээллийг зүй зохистой ашиглахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд замын хөдөлгөөнд оролцогч, зам, тээврийн хэрэгсэл, орчны багц судалгаа хийж байгаа талаараа Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч багаас танилцууллаа.

Тэрээр төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахын тулд цахим сүлжээ бий болгох, ажиглах нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөнд оролцогч, жолоочийн зөрчилд оноо тооцох аргачлалыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлж байгаа талаараа тайлагналаа. Мөн эрхзүйн акт, стандарт, бодлого, баримт бичиг зэрэгтэй уялдуулан сургалт, дадлага зохион байгуулснаас гадна зам, тээврийн осол, хэргийн мэдээллийн сан бүхий программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.

Түүнчлэн тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах зорилгоор албан хаагчдийг чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулсан байна. Мөн Мэдээлэл, технологи, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын төв, АТҮТ, ЗЦА, Нийслэлийн тээврийн газруудаар дамжуулан 500 орчим хэрэглэгчээс судалгаа авч, энэ хүрээнд тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, Налайх дүүрэгт 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил зэрэг холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм.

Зөвлөгөөнд дүүргийн 7 хорооны 270 гаруй малчид хамрагдсан бөгөөд тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашид дүүргийн зүгээс авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрт санал бодлоо илэрхийлж зөвлөлдлөө.

Налайх дүүрэг өнгөрсөн 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 55804 толгой мал тоолуулжээ.

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэд хэдэн заалт тусгагдсан. Тухайлбал эрчимжсэн мал аж ахуй, мах сүүний чиглэлийн мал үржүүлэх хөдөө аж ахуйн фермерүүдийг байгуулах иргэдийн оролцоог дэмжиж ажиллах, малыг эрүүлжүүлэх, ашиг шим, үүлдрийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зэрэг зорилт төлөвлөгдсөн.

Дүүргийн 5, 6 дугаар хороо нь Городок тосгон, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар хамаардаг бөгөөд УТХГН-ын нэрээр дүүрэгт мэдэлгүй, нэг өглөө сэрээд харахад л аялал жуулчлалын том том хашаа татаж малын бэлчээр нутаг хомсдон, газар нутаг хавчигддаг, хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу, цагаан идээний борлуулалт муу зэргийн хүндрэл бэрхшээл байгаа ч хамтын хүчээр асуудлыг ярилцаж зөвлөлдөж байгаа нь сайшаалтай хэрэг гэдгийг малчид хэлж байна.

Зөвлөгөөнөөр малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүлэг болгон цагдаа, холбогдох байгууллагатай хамтран ажиллах сүлжээ бий болгох, залуу сайн малчны туршлага судлахаас гадна зарим малчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж дүүргийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдлаа. Мөн энэ үеэр дүүргийн аж ахуйн нэгж үйлдвэрлэгч, малчдын төлөөлөл бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчиллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Нийтийн өмчийн эмгэнэл” буюу МОНГОЛ НУТГИЙГ НӨМӨРСӨН БЭЛЧЭЭРИЙН ТАЛХАГДАЛ

Ховд аймгийн Чандмань сум

Төрж өссөн нутагтаа очно гэдэг уг нь хүн бүрийн сэтгэл догдлон хүлээх мөч байдаг биз. Гэвч миний хувьд сүүлийн үед төрсөн нутаг руугаа зүглэх бүрийд сэтгэл түгшдэг болсон…

Судлаач Ц.Энх-Амгалан

Холын газраас бөмбийн харагдах элсэн толгодын дундуур мяралзан урсах Нарийны гол, хээлэн эмжих зүлэг ногоон ширэг, цэнхэр цэцэгс алаглан ургадаг цахилдагт нутагтаа ээжийнхээ хормойноос зүүгдэн үнээ тугал хариулангаа аргал хомоол түүдэг байсан минь тун саяхан мэт тодхон санагдана. Нутгийн айлуудаар бууж, амар мэндийг нь эрэх зуур өвөө аав, эмээ ээж, аав, ээжийн минь тухай элгэмсүү сайхан дурсамжууд дэлгэхэд өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзэнэ. “Өвөө аав чинь саахалт айлаар бууж мордохдоо морио гэрийн ойролцоох дэрсэнд цулбуураар нь уячихдаг, явахдаа дэрсний толгойг алгаараа зөөлхөн гэгч илбэж байгаа харагддаг сан. Тийм л зөөлөн сэтгэлтэй хүн байж дээ. Нүүх болгондоо бууриа цэмцийтэл цэвэрлэнэ, өнчин гадас ч үлдээхгүй шүү. “Гадас гэдэг чинь газар дэлхийд хатгаж үлдээсэн өргөс шүү дээ” гэдэг байсан. Малдаа мөн ч их хайртай хүн байсан даа. Малаа л гэнэ. Зуны халуун цагаар мал гаргана гэж ер байхгүй. “Хөөрхийс минь хахир хатуу улирлыг зовж давсан юм, нуруу нь тэнийг дээ” гэдэгсэн гээд л ээж минь дурсан ярьдаг сан. Байгаль дэлхийгээ тэгж ихээр хайрлан хамгаалж, өөриймсгөөр ханддаг, тийм л өр зөөлөн хүмүүс байсан болохоор нутаг минь өчнөөн зууны туршид унаган төрхөө алдалгүй хадгалагдан үлдэж, өнөө бидний үе хүрч дээ гэж бодогдоно. Гэтэл өнөө бидний үед байдал их өөрчлөгджээ. Төрсөн нутаг минь одоо танигдахын аргагүй болсон. Зүлэг ногоо нь юу юугүй халцарч тагжраад, суларч хөндийрсөн хөрс нь салхины аясаар нүүдэллэн хунгарлаж, энд тэндгүй элсэн довцогууд үүсч, ургамал ногооны төрөл зүйл нь жил ирэх тусам цөөрч, голын ус нь шимэгдэн нэг л өнгө сүргүй, эргэж тойрох эзэнгүй болсон мэт байхыг нь хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөж, зүрх сэтгэл шимшрээд байдаг юм.

Чөлөөт зах зээл гэж бидний нэрийдэх энэ шинэ нийгэмд авахыг урьтаж, өгөхийг умартсан сэтгэлээр хандах олны хөлд талхагдан доройтсон бэлчээр нутгаа Төрийн бодлогоор хамгаалж хямгадах цаг нь нэгэнт болжээ. 2015 онд Монгол орны нийт нутаг бэлчээрийн хэмжээнд хийсэн төлөв байдлын үнэлгээгээр бүх нутгийн 65 хувийнх нь ургамлан нөмрөг, төрөл зүйл хурдацтайгаар буурч, доройтож байгаа гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Аль ч нутгийн захын малчин, сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцахад малын тоо хэт олширч, бэлчээрийн даац хэтэрсэн, үүнээс үүдэн бэлчээр талхагдаж, бүтээмж нь буурч байгаа тухай ярьдаг. Гэвчиг зохицуулах арга хэмжээ авах шаардлага, арга замууд гээд ярих гэхээр нэг үгийн зөрөөгүй тэгсгээд дүйвүүлээд өнгөрөөхийг илүүд үзэх нь үнэхээр урамгүй. Үүний хажуугаар үнэгүй зүйлд нугасгүй хүмүүс бас ашиг хонжоо харах нь энүүхэнд. Бэлчээр үнэгүй, дээр нь харж хандах тусгайлсан байгууллага энэ тэр байдаггүй болохоор эзгүйчлэх хандлагаар өөрсдөө хот суурин газар амьдрах мөртөө хөдөөний хамаатан садандаа ч юмуу эсвэл бүр тусдаа малчин хөлслөн ажиллуулж, хэдэн зуугаар нь мал хадгалах, зарим нэг нь хурдны морь тэжээж тансаглахыг нь хараад ер ойлгохгүй юм.

Өнөө үед бэлчээрийг зохистой ашиглах тухай асуудлыг дэвшүүлэхэд “нүүдэл суудал хязгаарлалаа, болохгүй бүтэхгүй” гэж таамгаар эсэргүүцэгчид их олон. Нөгөө хэсэг хүмүүс нь бэлчээрийн газрыг хувьчилбал энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж туйлширна. Үүний хор уршиг, үр дагавар юу болсныг манай урд хөршид бий болсон асуудлууд тодорхой харуулж байна шүү дээ. Бэлчээрийн ачаалал, даацыг зохицуулахын тулд мэдээж тухайн бэлчээрт идээшлүүлэх малын тоо толгой, улирал, хоногийг зохицуулах шаардлагатай болно. Үүнийг хэрэгжүүлж чадах гол хүн хүч нь малчид өөрсдөө л юм. Урьд нь гурван мал идэж байсан бэлчээрт одоо 15 мал идээшилж байгааг захын малчид ч, орон нутгийн удирдлагууд ч мэднэ.

Монгол Улсын бэлчээрийн талхагдлын шалтгааныг өмч эзэнгүйдэхийн сонгодог жишээ гэж гадаад, дотоодын эрдэмтэд сануулан хэлсээр олон жил өнгөрлөө. Эдийн засагчид үүнийг “Нийтийн өмчийн эмгэнэл” гэж нэрийдэх бөгөөд онолын үндэслэлийг нь анх 1833 онд Английн эрдэмтэн Вильяам Фостер Ллойд боловсруулж, дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, нийтийн буюу дундын ашиглалтанд байгаа өмчийг ашиглагч бүр зөвхөн өөрийн хувийн ашиг орлогыг нэмэгдүүлэх сэдлээр хайр найргүй ашиглавал эцсийн дүнд уг дундын өмч нь устаж үгүй болж, бүх ашиглагчид нэгэн адил хохироход хүрнэ гэсэн дүгнэлтийг хийжээ. Вильяам Фостер Ллойд энэхүү онолоо тухайн үеийн Английн тосгодод малчид дундаа ашигладаг бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглах нь зайлшгүй чухал болохыг эс бөгөөс хор уршгийг нь бүгд хүртэх тухай жишээн дээр үндэслэн боловсруулжээ. Тосгоны захиргаа болон малчид хамтран хэлэлцэж тогтоосон журмандаа малчин нэг бүрийн дундын бэлчээрт оруулах малын тоо толгойг тогтоож өгдөг байжээ. Хэрвээ хэн нэг малчин нь өөрт зөвшөөрөгдсөн тооноос илүү тооны малыг дундын бэлчээрт идээшлүүлбэл хамтдаа ашиглаж байгаа бусад малчдынхаа ашиг орлогоос завшсан хэрэг болно. Хэрвээ малчин тус бүр үүнийг ухамсарлахгүйгээр өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор илүү тооны мал бэлчээвэл дундын бэлчээрийн даац хэтэрч, талхагдан,тосгонын бүх малчид бүгдээрээ хохирно гэжээ. Энэ жишгээр бол манай Монгол орны бэлчээрийн талхагдал доройтлын гол шалтгаан, үр дагавар нь маш тодорхой байна. Энэхүү зүй тогтлыг гэтэл Англи улсад бараг 200 гаруй жилийн өмнө ажиглаж мэдээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх юм.

Эх сурвалж: http://pasture.tsag-agaar.gov.mn/ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын судалгааны үр дүнгээр бэлтгэсэн цэгэн зураглал

Монголд ч гэсэн хамтын эзэмшлийн бэлчээр нутгийг нүүдлийн аж ахуйд зүй зохистой ашиглаж байсан бичигдээгүй олон дүрэм журам, уламжлал мөрдөгдөж ирсэн байдаг. Нэлээн сүүл үед буюу 1940, 1970-аад оны үеийн хамтын эзэмшлийн бэлчээрийн ашиглалт, нүүдэл суудлыг зохион байгуулж байсан аргачлал, хэрэгжүүлсэн туршлагууд олноороо байна. Жишээ нь, С.Магсаржавын бичиж, Бямбын Ренчин гуайн хянан тохиолдуулсан “Бэлчээрийн эдэлбэр газар”, Ц. Намсрайжав гуайн “Бэлчээр ашиглалт, зохион байгуулалт”, Ж.Самбуу гуайн “Ардын нүүдлийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх”, “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга, сургааль” зэрэг номуудад тодорхой өгүүлсэн байдаг. Хожим нь, эдгээр бүтээлүүд дээр суурилан доктор С.Жигжидсүрэн гуай “Бэлчээр ашиглах алтан дүрэм” номыг гаргаж олны хүртээл болгосон байдаг.

Мөн манайхтай ижил төстэй нөхцөлд нийтийн өмчийн бэлчээрийг малчдад хуваан өмчлүүлэхгүйгээр, хэрхэн зохистой ашиглаж болох онолыг дэвшүүлсэн АНУ-ын эрдэмтэн Элеонор Остромын бүтээлийг дэлхий нийт өндрөөр үнэлж, түүнд 2005 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал олгосон байна.Түүний онолын үндэслэл зөв зүйтэй болохыг Швейцарьт Альпийн нурууны малчид 500 гаруй жилийн турш дундын эзэмшлийн бэлчээрээ хэрхэн зөв зохион байгуулалттай, зүй зохистой ашиглаж ирсэн түүхэн туршлага нотлоно. Элеонор Остром хэд хэдэн орны нийтийн буюу дундын эзэмшлийн бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглаж ирсэн туршлагыг харьцуулан судлаад, “Нийтийн өмчийн эмгэнэл”-ээс зайлсхийхэд баримталж хэрэгжүүлбэл зохих нийтлэг долоон зарчмыг олж тогтоожээ. Үүнд:

1. Нийтийн эзэмшлийн газар нутгийн хил хязгаар тодорхой байх

2. Тухайн орон нутгийн хэрэгцээ, нөхцөлд байдалд зохицсон нийтийн эзэмшлийн газар ашиглах дүрэм, журмыг боловсруулах

3. Эдгээр дүрэм, журмыг боловсруулах, мөрдөх, өөрчлөхөд уг нийтийн эзэмшлийн газрыг ашиглагчид болон бусад бүхий л хамааралтай талуудын оролцоог бүрэн хангах

4. Нийтийн эзэмшлийн газар ашиглагчдын гаргасан дүрэм, журмыг төр болон бусад талууд хүлээн зөвшөөрсөн байх

5. Нийтийн эзэмшлийн газар ашиглагчдын бүрэн оролцоонд тулгуурласан хяналтын механизмыг бүрдүүлэх, мөрдөх

6. Маргааныг шийдвэрлэх энгийн, өртөг зардал багатай механизм бүрдүүлэх

7. Нийтийн эзэмшлийн газар нутгийг ашиглах хариуцлагын механизмын хэлбэр анхан шатны ашиглагчдад суурилсан, харин бусад оролцогч талууд үүнийг дэмжсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт хийх.

Эдгээр зарчмуудын ихэнх нь Монгол орны дөрвөн цагийн улиралд нутаг бэлчээрээ сэлгэж амраан нүүдэллэн ашиглаж ирсэн, ус, хужир мараа, хадлан тэжээлийн талбай, нөөц бэлчээрээ дундаа зохион байгуулалттайгаар, харилцан найртай зүй зохистойгоор ашиглаж ирсэн малчдын олон зууны уламжлал байгаа учраас манай оронд хэрэгжих бүрэн боломжтой юм. Мэргэжлийн байгууллагуудын хувьд одоо мөрдөж байгаа дүрэм, журмуудаа улам боловсронгуй болгож, ажлаа уялдуулах нэн ялангуяа хэрэгжүүлэх тал дээр хүч хаян ажиллах хэрэгтэй. Эдгээр зарчмуудыг төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулан, хяналт тавихын сацуу хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжвэл бэлчээр нутгийн доройтол, талхагдлын асуудлыг малчдын өөрсдийх нь язгуур эрх ашигт нийцүүлэн, тэдний хүчин чармайлтад түшиглэн иж бүрнээр шийдвэрлэх боломжтой.

Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутаг нь зөвхөн малын бэлчээр болоод зогсохгүй эх газрын хуурай, хуурайвтар хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицох чадварыг хэдэн зуун сая жилийн байгалийн шалгарлын явцад бий болгосон өөрийн өвөрцөц ургамал, хөрс, амьтны бүтэц бүхий, тэр тусмаа дэлхий дээр онгон зэрлэг байдлаа өнөөг хүртэл хэвээр хадгалж чадсан онцлог экосистем учраас энэ байдлаар нь хадгалахын чухлыг гадны судлаач эрдэмтэд чухалчлан захихыг би олонтаа сонссон. Нөгөөтэйгүүр,Умард Азийн өндөрлөг эх газарт, байгалийн хур тунадас багатай, гадаргын усан хангамж арвин биш, эмзэг хөрстэй манай орны бэлчээр нутгийг урт хугацааны туршид тогтвортой ашиглах хамгийн зүй зохистой арга зам нь уламжлалт нүүдлийн аж ахуйн маягаар өөрөөр хэлбэл ачааллыг нь тааруулан сэлгэж амрааж ашиглах явдал мөн гэдгийг дэлхийн олон орны эртэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Саяхан АНУ-д хэсэг эрдэмтэд, уул уурхай ид хөгжиж байсан 1960-аад оны үед сүйтгэгдэж ул мөргүй алга болсон хуурай, хуурайвтар тал хээр нутгийн унаган зүйл ургамал, хөрсний төлөв байдлыг манай Монголоос олж харж, ямар өөрчлөлт явагдсаныг суурь түвшинтэй нь харьцуулан судлах боломж гарсан тухай мэдээлсэн. Энэ судалгаан дээр үндэслэн сүйтгэгдэж алга болсон ургамал, хөрсний тогтоц, амьтны аймгийг дахин бий болгоход хэр их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдахыг тооцож болох юм байна лээ.

Швейцарийн Цюрих хотын Технологийн дээд сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцах элсэлтийн шалгалтаа амжилттай өгсний дараа сургуулийн удирдлага “Байгаль орчны шийдвэрийн судалгааны хүрээлэн”-д харьяалагдан судалгааны ажлаа хийх санал тавихад нэлээн их эргэлзэж билээ. Тэгээд эдийн засгийн ухааны чиглэлээр судалгааны төслөө боловсруулснаа багшдаа сануулан хэлэхэд хариуд нь “Харин ч би чиний төслийг хараад энэ сургуульд орвол ирээдүйтэй юм болов уу гэж бодсон. Учир нь эдийн засгийн үр ашгийн тухай асуудал ямагт байгаль орчинд үзүүлж байгаа эерэг болон сөрөг нөлөөллийг тооцдог болж байгаа. Энэ нь ялангуяа танай Монгол орны хувьд бүр ч чухал асуудал. Монгол орон бол онгон зэрлэг байгалиа харьцангуй сайн хадгалж үлдсэн цөөн орны нэг учраас байгалийн унаган өгөгдлийг баталгаажуулах хамгийн боломжтой газар. Байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж буйг энэ цэгээс судалж тогтооход илүү дөхөмтэй. Гэтэл дэлхийн ихэнх оронд хүний буруутай үйл ажиллагаа болон аж үйлдвэржилтийн нөлөөгөөр байгаль орчин нь маш их өөрчлөгдсөн учраас суурь үнэлгээ тогтоох бараг боломжгүй, яг юутай харьцуулж өөрчлөлтийг хэмжих нь ихэд төвөгтэй асуудал болоод байна. Харин ч эдийн засаг, зах зээлийн үр ашиг талаас нь харвал Монгол орон байгалийн цэвэр жинхэнэ органик үйлдвэрлэл эрхэлж эдийн засгаа хөгжүүлэх боломж бусад орнуудтай харьцуулбал илүү гэж би боддог юм” гэж манай багш хэлсэнсэн. Энэ сургуульд суралцах хугацаандаа Швейцарийн эрдэмтдийн санал болгосончлон, Монголын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг эзэлдэг бэлчээр нутгийн төлөв байдлын өөрчлөлтийг байгалийн унаган өгөгдөлтэй нь харьцуулан үнэлэх, талхагдаж доройтсон бэлчээрийг байгалийн аясаар нөхөн сэргээх боломжийг судлах ажлын онцгой ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож билээ. Ногоон Алт Төслийн хүрээнд бараг найман жил үргэлжилсэн судалгааны үр дүн дээр үндэслэн Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загваруудыг гаргаж, Ус цаг уур байгаль орчны хяналтын албан дээр мэдээллийн баазыг бий болгосон. Үүнийг би Монгол орны бэлчээрийн тооллого гэж нэрлэх дуртай. Бид чинь малаа, хүнээ тоолно. Энэ хоёрыг тэжээж байгаа бэлчээр нутгаа үл тоомсорлон олон жил явлаа шүү дээ. Энэ судалгаагаар доройтож өөрчлөгдсөн бэлчээрийн ихэнх буюу 90 гаруй хувьд ачааллыг нь бууруулбал байгалийнхаа аясаар сэргэх боломж байгааг олж тогтоосон. Үүнийг Монголын бүхий л байгалийн бүс бүслүүрт хийсэн олон жишээ туршлага нотолж чадна. Жишээ нь, Ховд аймгийн Чандмань суманд малчдад харуулах зорилгоор талхагдаж нэлээн доройтсон хэсэг газрыг хоёр жил гаруйн хугацаанд малын хөлөөс чөлөөлөхөд ургамлын нөмрөг, хөрс ийм ил тодоор сэргэж байгаа юм.

Монголын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийхэд бидэнд тусалсан Америк, Швейцарь зэрэг олон орны эрдэмтэн судлаачид дэлхийд нэн ховордсон зарим нэг байгалийн хөрс, ургамлын унаган төлөв байдлыг Монголоос олж харж болохыг тогтоосонд би л лав хувьдаа их баярласан. Харин хэрвээ ашиглалтаа зохицуулж, хяналт тавих арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол жил ирэх тусам олон зүйл бэлчээрийн ургамал үүрд мөнх устаж, элэгдэл хөрсөндөө орж салхи, усны элэгдэлд автаж гүнзгий жалганууд бий болон жинхэнэ утгаараа цөлжинө.

Гэхдээ сүүлийн жилүүдэд яг малчны хотонд нь очиж ажиллан, уйгагүй тайлбарласны үр дүн гарч олон сумын малчид бэлчээр нутгийнхаа эрүүл байдлыг хадгалахын төлөө нэгдэж, нутгийн удирдлагатайгаа бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан хичээн ажиллаж байгааг хараад тэд маань нэгэн цагт төрсөн нутгийнхаа унаган төрхийг дахин сэргээж чадна гэх итгэл улам ихээр төрсөөр байгаа.

Миний хувьд ч мөн ялгаагүй сэтгэл өвдөхгүйгээр төрсөн нутагтаа өнжин хонон саатаж, унаган төрхөө олж өнгө засахыг харан баясаж, өвөө аав, эмээ ээж, аав, ээжийнхээ тухай бүлээн сайхан дурсамжаар сэтгэлээ хөглөн суух сайхан мөчүүд ирнэ гэдэгт итгэсээр л байна.

Categories
мэдээ цаг-үе

Албинос хүн

Бага байхад урд гудамжинд цагаан шаргал үстэй, цагаан царайтай ер бусын нэг хүүхэд байдаг байлаа. Харин үеийн хүүхдүүд тэр жаалтай барагтай л бол хамт тоглохгүй учир их л ганцаардангуй байдаг байж билээ. Ер нь л яагаад ч юм том хүн хүүхэд гэлтгүй тэр хүүхдээс нэг л жийрхээд, зайгаа бариад байдаг нь анзаарагддаг байсан. Сониуч зангаар аав ээжээс тэр хүүхэд яагаад тийм бусдаас өөр тухай асуухад “Албинос хүн гэдэг юм аа. Өдөр юм харахдаа их муу байдаг юм гэнэ лээ. Гэхдээ арьс, үс нь л тийм цагаан болохоос яг л чамтай адилхан хүүхэд. Битгий гадуурхаж янз бүр болоорой” гэж захиж байсан юм. Түүнээс хойш яагаад ч юм албинос гэх цагаан хүмүүс миний сонирхлыг багагүй татдаг байлаа. Яг яагаад тэгж төрдөг юм бол. Өвчин юм болов уу гэх мэтээр боддог байв. Харин дунд сургуульд хүний биеийн анатоми ордог багшаасаа энэ тухай асууж бас ч гэж нэлээд ойлголттой болж билээ. Хожмоо мэр сэр тааралдах цагаан хүмүүсийн тухай ном сэлтээс уншиж, тэдний тухай дэлгэрэнгүй мэдэж авсан л даа. Хүний арьс болон үсэнд меланин гэдэг пегмент байдаг бөгөөд тэр нь л байхгүй бол албинос болдог гэж дурддаг. Цагаан арьстнуудад бол албиносыг ялгахад хэцүү.

Мэдээж хар бор арьстай хүмүүст гоц ялгарч харагдах нь тодорхой. Америк болон европын орнуудад 20 мянган хүн тутамд нэг төрдөг гэсэн судалгаа бий. Тэгсэн хэрнээ африк тивийн хар арьстнууд дунд тун түгээмэл байдаг бөгөөд бүүр 3000 хүүхэд тутамд нэг албинос төрдөг нь сонирхолтой. Албинос хүмүүст дээр өгүүлсэн меланин гэдэг пегмент байхгүй учир тэд наранд биеэ хичнээн шарсан ч огт борлохгүй. Арьс нь ихэд мэдрэмтгий учраас илч муухан наранд ч ихэд хүнд түлэгддэг ажээ. Ер нь яг яагаад ийм хүүхэд төрөөд байдгийг шинжлэх ухаанд нуугдмал генээс шалтгаалсан удамших шинж гэгчээр тайлбарласан байдаг. Хоёр албинос хүний дундаас албинос хүүхэд гарна. Эцэг эхийн аль нэг нь албинос бол “цагаан” хүүхэд төрөх боломж 50:50 хувь байх бөгөөд жишээ нь, зургаан хүүхэд төрлөө гэхэд гурав нь албинос байх магадлал тун өндөр гэнэ.

Хар тив гэгддэг Африкт, Танзани, Брунди, Малави гэх мэт улсад төрсөн албинос хүмүүсийг тун өрөвдөлтэй, эмгэнэлтэй хувь заяа хүлээж байдаг. Тэднийг мухар сүсгийн сүүдэр дайрч, хаа сайгүй шууд алахад бэлэн ангуучид хүлээж байдаг тухай дэлхийн хэвлэлүүд бичдэг. Хөөрхий албиносчуудын эд эрхтнийг хар домчид шашны элдэв үйл, хараал жатга хийхэд ашигладаг бөгөөд хар зах дээр нь тэдгээрийн цогцос маш өндөр үнэ хүрдэг ба ойролцоогоор 80 орчим мянган долларт хүрдэг гэх. Албинос хүний эд эрхтэн, гар хөл, үс зэргээр хийсэн шашны зан үйл нь тун богино хугацаанд баяжуулдаг гэж итгэдэг. Хүний, тэр тусмаа ийм содон төрсөн хүний эд эрхтэнээр зан үйл хийвэл баяждаг гэж хүн алдаг улс ер нь л африкаас өөр газар байхгүй байх.

Гудамжинд хэн нэгэн албинос хүн явж байлаа гэхэд шуудхан дайрч очоод гарыг нь тас цавчаад авчихдаг, хойд эцэг нь хулгайлж аваад албиносчуудын наймаачид гэх хэрцгий нөхдөд зарчихдаг гээд сонсоход ч халгамаар мэдээллүүд хөвөрнө. Малави гэдэг улс тэдгээр “цагаан” иргэдээ төрийн хамгаалалтад авч эхэлж байгаа бөгөөд цагдаагийнхан тэдэн рүү халдсан хэнийг ч болов өчиггүй буудах тушаал гаргажээ. Бас ч иргэнээ хамгаалсан энэ томоохон шийдвэрийг бусад улсууд нь ч гэсэн дагаж эхэлсэн нь дэвшил болж байна гэж өрнөдийн хэвлэлүүд дурджээ. Мэдээж төр засаг нь ийм арга хэмжээ аваад эхлэхээр нөгөө хүний эд эрхтэн наймаалдаг алуурчид ч гэсэн нарийн зохион байгуулалтад орж эхэлсэн нь тодорхой. Улс дамнасан, зөвхөн албинос хүмүүсийг хулгайлдаг, эд эрхтнийг нь зарж борлуулдаг сүлжээ бий болоод байгааг Улаан загалмай нийгэмлэг илтгэлдээ дурдаад тэдгээр гэмт бүлэглэлийг хатуу чанд мөрдөж, гэмтнүүдэд хатуу гэсгээл оногдуулахыг уриалжээ. Брунди улсад албинос иргэддээ зориулж тусгай асрамжийн газар байгуулан өгч, цэргийн хүчээр хамгаалж байна.

Албинос хүүхэд тухайн гэр бүлд нэг л төрдөг үү гэвэл бас үгүй бололтой. Бразилд гэхэд л нэг гэр бүлийн таван хүүхдийн гурав нь албинос. Анагаах ухаан энэ тохиолдлыг тун ховор гэж тэмдэглэжээ. Харахад цагаан арьстан мэт харагдах авч яг л гипсэн баримал мэт цагаан албинос хүмүүс угтаа бидэнтэй л адил оюун ухаантай, энгийн хүмүүс гэдгийг хэлэх хэрэгтэй. Меланин пегментийн хомсдол нь зөвхөн хүнд тохиолддог ч юм бас биш ажээ. Ан амьтан, араатан жигүүртэн, хэвлээр явагчдад хүртэл бий.

Жишээ нь, албинос матар, усны үхэр, мэлхий, могой гээд үргэлжилнэ. Иймэрхүү нэн ховор амьтдыг гол төлөв тухайн улс нь тусгай хамгаалалтад авдаг. Эдгээр албинос амьтдыг “цагаан” хүнтэй яг адилхан хувь заяа хүлээж байдаг. Тиймдээ ч бас л цэрэгжүүлсэн хамгаалалтын дор амьдарцгаана. Америкийн алдартай туульс гэгддэг Мобидик хэмээх ер бусын ухаалаг аварга цагаан халим ч бас л албинос байх шүү. Зохиол дээрээ аварга том цав цагаан халим гэж дүрслэгддэг. Ямартай ч тийм ховор биш, зарим улсад тун түгээмэл тааралддаг албинос хүний тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Categories
мэдээ цаг-үе

Монголын уянгын сод найрагч Гомбын Сэр-Од

(Г.СЭР-ОДЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД)


Хорьдугаар зууны Монголын уран зохиолын сод гайхамшигт төлөөлөгч, уянгын их түүчээ яруу найрагч Гомбын Сэр-Од Сэлэнгэ аймгийн Арбаянгол сумын нутагт 1917 онд малчин айлд мэндэлжээ. Ухаан суух гэнэхэн хонгор насандаа эцгээс өнчирч, хайрт эх Дэжидийн асрамжид мөчиг тачигхан аж төрж, Хараагийн Дара эх ламын хийд бараадан Бадма Ёго дацангийн сүргийг адгуулж бор хоногийг өнгөрөөж байсан гэдэг. Бичиж туурвисан өв цөөнтэй ч гайхамшигт найргийнхаа шидээр Монголын үгийн урлагийнхны сартваахь болон цэл залуугаараа мөнхөрсөн Г.Сэр-Од нэгэнтээ “Цагийн байдал тайвангүй, гамингийн үймээн ширүүн байв. Эхийн төрсөн дүү Гомбо ямар сайндаа “Бид дүрвэж зайлъя. Энэ улаан нярай амьтныг яадаг билээ. Амь дүйж гарахад энэ мэт өөдөсхөн юмнууд тээг болж мэдэх тул хар нутаг дээр хаяад явъя. Аз тохиож хүн олж авбал тэр биз” гэхэд эх минь найм хүрсэн үрээ айлд орхиж, балчир намайг тэврэн Хараагаас хойшхи ууланд бүгэхээр гарсан юм билээ” гэж гашуухан дурссан байдаг. Хятадын дарангуйлал хэтийдсэн тэр цэвүүн цагт улаан нялзрай балчраа хайрт эх нь буурин дээрээ орхин одсон бол монгол найргийн нэгэн тод од уянгын тэнгэртээ гялалзахгүй бөхөж ч мэдэх учир битүүлэг хувь тавилан тосох байжээ.

Багын сэргэлэн Г.Сэр-Од хүү бичиг үсэгт суралцан мэрийж сумын бага сургууль төгсөөд, Багшийн сургуульд суралцан, Хэвлэлийн хороонд хянагч хийж байгаад Дорнод аймагт багшлахаар явсан тун чиг богинохон намтартай хүн. Түүний багш, ахмад зохиолч Ц.Цэдэнжав “Намайг Рабфакийн бэлтгэл ангид 1937 онд багшилж байхад данхар толгойтой, дуу цөөнтэй, ном дандаа сугавчилж явдаг хичээнгүй хүү байсныг Г.Сэр-Од гэж мэдсэн юм. Уран зохиолын бүлгэмд сурч байхдаа бичсэн нэлээд олон шүлгээ надад үзүүлж байснаас зарим шүлгийнх нь дүрслэл бусдаас ялгарч байсан. Түүнд хэдэн дэвтэр дүүртэл бичсэн үлгэр домог, хууч яриа байдаг сан. Түүнийг нь уншихад сонсоогүй сонин хачин юм олон байлаа. Хэдий залуугаараа наснаас нөгчсөн ч билгийн хараа нь тэлсэн хүүхэд байжээ” гэж шавийнхаа талаар өгүүлж байж. Шинэ тутам байгуулагдсан Монголын уран зохиолын бүлгэмд С.Буяннэмэх нараас урмын үг сонссон залуу найрагч Сэр-Од ардын аман зохиолоос сэдэвлэж шүлэг зохиол бичдэг байв. Энэ нь ч 1930-аад оны зохиолчдын бүтээлийн нэг онцлог тал байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр Гэсэрийн туужаас сэдэвтэй “Буйдан Улаан баатар” гэдэг найраглалыг 1938 онд бичсэн нь дунд сургуулийн сурах бичигт оржээ.

Г.Сэр-Од бага сургуульд байхаасаа шүлэг бичсэн бөгөөд дунд сургуульд ирэхдээ байгалийн шүлэг голлон бичиж байсан нь нэг үеийн суралцагч Ц.Нанзрагчаа, Ө.Лхамхүү нарын дурсамжид тодорхой бий. Тэрээр Монголын эртний сонгодог бичгийн зохиолууд, гадаадын “Үүлэн бор”, “Гулливерийн аялал”, Италийн Боккачиогийн “Декамерон”, Оросын Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг роман зохиолыг уншсанаа үеийн нөхдөдөө ярьж өгдөг байсан нь ухаан билгийн хувьд тэднээс хуруу илүү байсны баталгаа юм. Ө.Лхамхүү “Сэр-Од хичээлийнхээ чөлөө заваар уран зохиолын дугуйланд идэвхтэй суралцдаг байсан. Нэг орой намайг дагуулж тэндээ очлоо. Дугуйланг хувьсгалт шинэ уран зохиолыг үүсгэгчдийн нэг С.Буяннэмэх удирдаж зохиолын сэдвийг яаж сонгож авах, сэдвээ яаж бичих тухай ярьж, хүмүүсийн бичсэн шүлэг зохиолыг уншуулж, шүүмжлэн хэлэлцэж байв. Сэр-Одыг “Хавар”, “Намар” шүлгээ “Шинэ толь” сэтгүүлд өгөхөд шүлгийн өмнөтгөлд “Сурагч Сэр-Одын бичиж ирүүлсэн энэхүү хоёр шүлэг нь дүрслэн илэрхийлэх ур чадвараар сайн, байгалийн зураглалыг нүдэнд үзэгдтэл яруу дүрсэлжээ” гэж үнэлэн бичсэн байдаг” гэж дурссан удаатай. Сэр-Одын уран бүтээлийг анзаарч байхад бодит байдал, юмс үзэгдэлд гярхай ажиглалт хийж, ургуулан бодож, уран сайхан сэтгэмжээр баяжуулдаг нь ажиглагддаг.

Нагац ахаараа овоглосон эгэл малчны хүү эрдмийн гэрэл гэгээг эгээрэн хүсэж, шимтэн хорхойсч байснаа “Би” гэсэн шүлэгтээ

“Сургууль хэмээх нэгэн соньхон үг

Судасны цохилт сэтгэлийн үзүүрийг догдлуулахуйяа

Сонссон өдрөөс эхлэн сураглан мөрөөдсөөр

Сонирхон хүссэн гэгээн замдаа орлоо” хэмээн яруу тодоор илэрхийлсэн байдаг. Г.Cэр-Од хүний хорвоод үдийн нар шиг богинохон наслахдаа гарын арван хуруунд багтахаар цөөхөн шүлэг бичсэн. Тэглээ ч бүтээлүүд нь агуулга, утга санаа, уран сайхны нээлтийн хувьд Монголын яруу найргийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дүрслэн илтгэх арга барил, өнгө аясаараа ялгарч хожуу үеийн уянгын яруу найрагчдын туурвилзүйн гэрэлт луужин болсон юм. Найрагч

“Аавын хүүгийн зам урт

Соёлын ажлын амжилт өндөр

Нам засгийн даалгавар их

Найдварт ардын угтамж өргөн” гэж “Шөнийн онгоцоор” шүлэгтээ 1937 оны зун Хөвсгөл аймагт ухуулгын ажлаар явж байхдаа үдэш Сэлэнгэ мөрний Гуртын тавилангийн гармаар холбоо онгоцоор гаталсан тухай бичсэн нь энэ. Найрагчийг тэнгэрт хальснаас даруй гучин долоон жилийн хойно эл шүлгээр нь нэрлэгдсэн шүлгийн жижигхэн түүвэр нь 1977 онд Улаанбаатар хэвлэх үйлдвэрт хэвлэгдэж Монголын яруу найрагт нэгэн сод хүмүүн туурвиж байсныг хойч үед мэдүүлжээ.

Түүний “Дөмөн” хэмээх алдарт шүлэг бичигдсэн түүх нь залуу найрагчийн сэтгэлийн догдлол долгислыг өөрийн эрхгүй илтгэдэг. Найрагч Сэр-Од “Би 1935 оны хавар Бөмбөгөр ногоон хэмээх Төв цэнгэлдэх хүрээлэнд улсын алдарт гавьяат дуучин Цэнд-Аюушийн Төмөр “Дөмөн” хэмээх ардын дууг дуулахыг сонсож, сэтгэлд хоногших ялдам сайхан аялгуунд нь бишрэн, сэтгэл татагдаад зогсохгүй урам хөгжөөн хүсэл оргилуулсан тул үзгээ барьж шүлэг тэрлэхээс өөр аргагүй болсон” хэмээн уншигчдад өөрийн уран бүтээлийн лабораторийн нууцаасаа хуваалцсан байдаг. Уг шүлэгтээ

“Сонсон агч түмний чихний нийцэт урсгал цуурайтаж

Баясан түгшигч мянган зүрхнээ гижигт бүжиглэлээр нэвтэрнэм зэ

Дурсан магтсан молор эрдэнэ мэт дөмөн минь

Урсан мяралзсан усан булаг мэт жигдхэн янцгааюу” гэж сонсогч түмний сэтгэлийг холбилзуулан татсан уяхан дууны эгшгийг молор эрдэнийн хүлэг мориныхоо янцгаалттай хослуулан шүлэглэсэн.

Утга зохиол судлаач, ардын билэг зүйч Д.Дашдорж “Дөмөн” шүлгийг уншихад цэцэгт сайхан талын дундуур суман дэлтэй, явдал ялгуун мориор дүүхэлзтэл давхиж, унаж яваа эзний цээлхэн дуу уянгалан хадах шиг болдог” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Найрагчийн сэтгэлийн чавхдасыг доргион хөглөж уянгын яруу шүлэг бичүүлэгч дуучин Цэнджавын Төмөр бол Дундговь аймгийн Дэлгэрцогт, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын зааг нутаг Цагаанчулуут хэмээх газар 1906 онд төрсөн хүн юм. 1925 оноос 18 настайдаа урлаг соёл сэтгэлээ зориулж, Улсын төв театрын анхны дуучдын нэг болон 1940 он хүртэл ажилласан байна. Монгол Улсын “Алдарт гавьяат дуучин” цолыг 1935 онд Магсар хурцын Дугаржавтай хамт анх хүртэж байсан гэхээр ямархан гайхамшигтай авьяастан байсныг төсөөлж болно. Монгол ардын уртын дууг жинхэнэ Бараатын аялгуугаар дуулдаг, энэ аялгуугаар дуулагчдын сонгодог төлөөлөгч байсан Төмөр Улсын төв театрт байхдаа 1935 онд Москвад очиж, пянзны бичлэгт Түдэвийн хуурын аялгуу дор “Дөмөн”-г дуулж бичүүлсэн түүхтэй.

Сэр-Од хайрт ээжийнхээ тухай “Ээждээ” шүлэгтээ

“Өгөөмөр сайхан орныхоо тааламж төгсийн дунд

Өргөн түмэн ардынхаа тэтгэмж ихэд ивээгдэж

Далай мэт дэлгэр энэрлийг тань хариулахаар

Дандаа бодож явдаг минь мөхөс битгий болоосой” гэж хүнлэг сайхнаар бичсэн найрагч. “Г.Сэр-Од 1940 оны үед Дорнод аймгийн төвийн бага сургуульд багшилж байхдаа үг хөгжлийн хичээл дээр хүүхдүүдэд сэдэв өгч шүлэг бичүүлээд, шүүн үзэж шүлэг бол уран сайхантай байх, шүлгийн айзам хэмнэл гэж юу болох, мөр бадгийн жигдрэл тохирох, уншихад утга гүн илэрхийлсэн, яруу сонсголонтой байх учиртайг тайлбарлаж байсан” тухай найрагчийн шавь Д.Чойжамц, Ш.Очирхуяг нарын дурсамж бидэнд үлджээ. Д.Чойжамц УБИС-ийн уран зохиолын тэнхимийн багшаар олон жил ажиллаж, удирдсан ангиас нь шинжлэх ухааны доктор Б.Катуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нар төрж гарчээ. Эх хэлнийхээ их далайгаас сувд, таныг шүүрдэн тунгаагч Монголын уран зохиолын билэгт хөвүүн, яруу найргийн гэрэлт од Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 1990 онд бий болгож анхны эзнээр Монголын мөнгөн үеийн нэрт яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ тодорч байснаас хойш Д.Энхболд, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Л.Моломжамц, Л.Ганзул, Ц.Доржсэмбэ, Б.Золбаяр, Н.Минжинсайхан, Б.Алтанхуяг нарын дөч гаруй яруу найрагч шагнуулжээ.

Уудам энэхэн хорвоод хорин гуравхан насалсан их найрагчийн мэндэлсний зуун жилийн ойд зориулсан яруу найргийн чөлөөт уншлага, өдөрлөгийг Монголын зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэл, “Залуу нас” уран зохиолын сонин, Хүүхдийн төв номын сан хамтран энэ сарын 22-ны 18 цагт Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд зохион байгуулахаар болсон нь алд бие үгүй боловч авьяас билэг мөнхөд үлддэгийн жишээ буюу.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ны лхагва гаригийн дугаарт нийтлэлч Баабарын “Улстөрийн гахай тэжээхээ больё” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нэгдүгээр нүүрэнд “Ахмадын баяр л гэнэ, ахмадуудаа автобуснаас өшиглөөд буулгадаг төртэй улс шүү дээ бид” өдрийн сурвалжлагыг онцоллоо. Мөн “МАН-ын бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн” хаалттай хуралдааны эргэн тойронд юу болсон талаарх мэдээллийг унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшор данстай холбоотой асуудал дээр АТГ ажилллах ёстой. Харамсалтай нь тэд хуруугаа ч хөдөлгөхгүй байна” хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын Улстөрийн гахай тэжээхээ больё” нийтлэл хэвлэгдсэн юм.

Баримт үйл явдлын долдугаар нүүрэнд сэтгүүлч Э.Хүрэлбаатар эрүүгийн шинэчилсэн хуулиар саяхан хорихоос суллагдсан зургаан мянга гаруй хоригдлын нэгтэй ярилцсан юм. Н.Мөнхзоригт “Монголын шорон гэмт хэрэгтнүүд бэлтгэдэг диплом өгдөггүй сургууль болсон” гэж ярьсан байна.

Философич Б.Батчулуунтай сэтгүүлч Д.Гансаруулын ярилцсаныг XIII нүүрнээс хүлээн авч уншаарай. Б.Батчулуун “Аливаа үндэстэн өөрийгөө шүүмжлэхгүй, манайх шиг магтаад л байх юм бол улам бүр дорддог” хэмээн ярьсан юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөдөө, орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Related image

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр, энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч, цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж буй юм.

Мөн иргэд, жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэгт тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас, шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

​Гадны өндөр хөгжилтэй орнуудад гэрлийн шон дээр зориулалтын хуулгыг заавал наадаг гэв​

Image result for шон дээр зарлал

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй наасан сурталчилгааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаабаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэлэхдээ “Иргэд, аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа байршуулж, наах болсон. Энэ нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөж байна. Түүгээр барахгүй гэмт хэргийн чанартай зарлалын хуудас тавигдах болсон байгаа. Манайх өдөр бүр зарлалын хуудсыг хуулж авч байна. Мөн Нийслэлийн цагдаагийн газарт зарлалын хуудас нааж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах компанит ажлыг өрнүүлээд байна” гэв.

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад З.Золбаяр “Нийслэлийн цагдаагийн газар энэ сарын 6-наас эхлэн хууль бус гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоосон. Ингээд 16 иргэнийг бүртгэн авч дахин зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн зөвлөгөө өгч баталгаа гаргуулсан юм. Мөн биеэ үнэлж болзошгүй таван иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлсэн. Найман иргэнийг Монгол Улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50 мянга нийт 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа. Харин гурван байгууллага зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч хуулийн дагуу зохих арга хэмжээг авсан байгаа. Харьяа дүүргийн худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэст тус газруудад дахин зөвшөөрөл олгохгүй байх талаар санал хүргүүлэн ажиллаж байна” хэмээн ярилаа. Нийт гулгаа массажны 59 газар, 71 зочид буудал, 15 халуун усны газар, массажистаар ажилладаг 23 иргэнийг бүртгэн авч 573 зарыг фото зургийн аргаар баримтжуулан устгалд оруулсан гэнэ.

Улаанбаатар хотын хот тохижилтын газрын орлогч дарга Н.Пүрэвжав хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын гудамж зам талбай, хувийн эзэмшилд зөвшөөрөлгүй зарлалын хуудасууд маш ихээр наах болсон. Тухайлбал, нийтийн эзэмшлийн 214.7 км зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зарыг хуулж байна” гэж байлаа.

Улаабаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа байршуулж, наах тохиолдол их гардаг. Үүний улмаас гэрлийн шон дээр зориулалтын хуулгийг наах болсон гэсэн. Хөрөнгө мөнгө хэр зарцуулсан юм бэ. Ямар үр дүн гарч байна?

-Өмнө нь шонгийн гэрэл дээр наасан зарлалын хуудсыг зам талбайн үйлчлэгчид авахад маш их хэмжээний цаг хугацаа зарцуулдаг байсан. Гадны өндөр хөгжилтэй орнуудад гэрлийн шон дээр зориулалтын хуулгийг заавал наадаг. Тухайлбал, Солонгос, Япон гэх мэт. Нийслэлд өнгөрсөн зургадугаар сараас эхлээд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн шон дээр зориулалтын хуулгийг наах болсон. Энэ нь хүчин чадлаас хамаарч зарим газарт хүрэлцээгүй байгаа юм. Техник, нөөц бололцоогоор Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гээд нийт 2300 гэрлийн шон дээр зар сурталчилгаанаас хамгаалах хуулга наасан байгаа. Хуулга дээр аливаа нэг зар сурталчилгааг тавилаа гэхэд зам талбайн үйлчлэгчид буцаагаад авахад маш хялбар. Ямар ч цавуу, скоч наалдаггүй. Ажлыг хөнгөвчлөх зорилготой тавьсан. Хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн компани ажлыг гүйцэтгэсэн. Хууль бус сурталчилгааг наалгахгүй гэсэн зорилготой.

-Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг саун, массажууд зар сурталчилгаагаа тавих бүрэн боломжтой биз дээ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт зар сурталчилгаа тавих, байршуулах тухай журам гэж байдаг. Журманд зардлын хуудсыг зөвхөн аж ахуйн нэгж байгууллагын байр, үйлчилгээний газар, орон сууцны хорооллын доторх зориулалтын мэдээллийн самбарт эрхий бүхий этгээдийн зөвшөөрлөөр байрлуулж болно гэсэн эрх зүйн зохицуулалттай байдаг юм. Хуулийн дагуу ажиллах хэрэгтэй гэв.

Дээрх арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд “Массаж зар”, “Саун массаж” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулсаар байгаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.