Categories
мэдээ спорт

Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа

Image result for Д.Отгондалай

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Хамбург хотноо энэ сарын 26-нд эхэлсэн. ДАШТ-ий медалийн төлөөх, шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын гурван тамирчин хүрэл медалийн төлөөх тулаануудаа хийлээ.

Тодруулбал, 49 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тоглолтод Риогийн олимпийн мөнгөн медальт, Колумб улсын боксчин Юберхен Мартинезэд ялагдлаа. Мөн тэмцээний 64 кг-д ОУХМ Б.Чинзориг шөвгийн наймын тоглолтод ялагдсанаар энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлж байна. Тэрбээр, хүрэл медалийн төлөөх тоглолтод 2017 оны Европын аварга, Армяны боксчин Оганес Бачковтой тоглож, 4:1 харьцаатай хожигдлоо.

Харин тэмцээний 60 кг-д өрсөлдөж буй олимпийн наадмын хүрэл медальт, Азийн аварга МУГТ Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж, цаашид медалийн өнгөө хувиргах боломжтой боллоо. Ингэснээр манай тамирчин олимп, дэлхийн хос медальтан болж байгаа юм.

Д.Отгондалай есдүгээр сарын 1-нд медалийн өнгөө хувиргах тулаанаа Францын тамирчинтай хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Ховд голд осолдсон цэргүүдийг хайх ажил үргэлжилж байна

Усанд осолдсон цэргүүдийг хайх ажиллагаа үргэлжилж байнаЗэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байсан залуус “Ховд” голын усанд осолдсон хэрэг энэ сарын 27-нд ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагч, 6 завь, зургаан автомашинтайгаар, Зэвсэгт хүчний жанжин штабын баг эрэн хайж байна.

Эрлийн ажиллагаа зохион байгуулж буй нөхцөл байдлыг үнэлэх, ослын газар ажиллаж байгаа хүн, хүч хэрэгсэл, арга ажиллагаатай газар дээр нь танилцах, ажлын уялдаа, удирдлага, зохион байгуулалтаар хангах, үүрэг, чиглэл өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөө өглөө Ховд аймгийг зорилоо. Өчигдөр буюу наймдугаар сарын 29-нд есөн цэгт пост гарган, явганаар голын эрэг дагуу 72 км, завиар, голоор усаар 180 км газарт, нуур болон голын усанд 1.8-5 метрийн гүнд 240 минутын шумбалт хийсэн байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэчимэг: Тэр бол цэвэр миний буруутай үйлдэл байсан

Image result for Л.Эрдэнэчимэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэгтэй уулзлаа.


-Та УИХ-ын сонгуулиас нам жим байж байгаад саяхан Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилогдлоо. Ямар бодлого баримталж яаж ажиллая гэж төлөвлөж байгаа вэ?

-Ерөнхийлөгч албан бус зөвлөхөөрөө томилохдоо нэг зарчмыг баримталсан гэж бодож байгаа. Юу вэ гэвэл тухайн салбарынхаа асуудлыг мэддэг хүмүүсийг сонгож ажиллуулах зарчим. Энэ утгаараа 27 жил эмийн салбарт ажилласан намайг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлийн зөвлөхөөрөө сонголоо. Дээрээс нь би УИХ-ын гишүүн байхдаа хүнсний аюулгүй байдлын чиглэлээр олон ажил санаачлан хийсэн. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байхдаа Органик хүнсний бүтээгдэхүүний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Малын генетикийн хуулиудын ажлын хэсгийг ахалж батлуулж байлаа. Энэ утгаараа намайг зөвлөхөө болгосон болов уу. Ерөнхийлөгчийн хувьд ирэх дөрвөн жилд эдийн засгийг сайжруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллана. Угаасаа сонгуульд өрсөлдөхдөө ч гэсэн ийм бодлого баримталж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байдаг. Би Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр дээр гардаж ажилласны хувьд энэ тал дээр баримтлах бодлогыг дэмжиж байгаа. Юуны түрүүнд барьж авч буй сэдэв бол хүнсний аюулгүй байдал. Яагаад бид энэ талаар ярих болсон бэ гэвэл монгол хүн өнөөдөр өөрсдийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээ эх орондоо 100 хувь үйлдвэрлэх боломжтой болчихсон. Бидний хэрэглэдэг, стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох махыг дотоодоосоо бүрэн хэрэглэж чадаж байгаа. Хоёр дахь бүтээгдэхүүн буюу сүү, цагаан идээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Одоогоор 60-70 хувьтай хангаж байна. Угтаа бол бид гадаадаас авалгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бий. Ус, ундаа, хүнсний ногоог ч гэсэн зуун хувь хангах боломжтой.

-Хэдийгээр дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангах боломжтой гэж ярьдаг ч экспортын бүтээгдэхүүн орж ирсээр байдаг. Наад захын хүнсний ногоонууд Эрээнээс орж ирдгийг зохицуулах уу?

-Хүнсний ногооны 60-70 хувийг дотоодоосоо хангадаг. Үлдсэнийг нь хоёр хөршөөсөө авч байгаа. Жимс, жимсгэнийг ч гэсэн ялгаагүй. Гэтэл хүнсний ногоогоо бид дотоодоосоо хангах боломжтой юу гэвэл боломжтой. Үйлдвэрлэгчид юу хүсээд байна, түүхий эд бэлтгэгчдэд ямар бэрхшээл зовлон байна вэ гэдгийг хөндөж эхэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс өгсөн санаа нь өнөөдөр Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихөд банкнаас 20 гаруй хувийн хүүтэй арилжааны зээл авч байгаа. Ингэж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж байхгүй. Ихэнх улс орон үйлдвэрлэл хөгжүүлэхдээ маш бага хүүтэй зээл олгодог. Бас тодорхой бүтээгдэхүүнийг улс нь худалдаж авдаг. Хүнсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаардаг Япон, Солонгос зэрэг улсууд тариаланчдынхаа тарьсан будааг худалдаж аваад ард иргэддээ хүргэх ажлыг зохион байгуулдаг байх жишээтэй. Ингэж хүнсний аюулгүй байдлаа хангаж, хянаж чаддаг. Гэтэл бид төрөөс ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй мөртлөө хүнсний аюулгүй байдал гэж ярихад хэцүү.

-Тэгж ярихын тулд үйлдвэрлэгч нарыг нэн түрүүнд яаж дэмжих ёстой гэж?

-Банкны зээлээсээ л эхлэх хэрэгтэй. Хоёрдугаарт хүнсний ногоон дээр гаалийн татвар яригдаж байна. Өндгөн дээр бас гаалийн татвар ярьж байгаа. Хажууд байгаа ОХУ-аас ямар бордоо хэрэглэсэн нь үл мэдэгдэх хямд өндөг орж ирдэг. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид гадны өндөгнөөс илүү үнээр худалдаалбал дампуурна. Тиймээс гаалийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндмөөр байгаа юм. Мөн хүнсний ногооны гаалийн татварыг нэмэгдүүлэх ёстой. Ер нь бид хүнсний аюулгүй байдлын тухай чуулган зохион байгуулахаасаа өмнө нэлээн хэдэн судалгаа хийсэн. Хүнсний захуудаар мөн явсан. Өнөөдөр хөдөө орон нутгийнхан хүнсний бүтээгдэхүүнээ ихэвчлэн Нарантуул зах дээрээс худалдан авч байгаа. Гэтэл тэнд хүнсний бүтээгдэхүүнийг яаж хадгалдаг билээ. 20 тоннын контейнр дотор халуун хүйтний хэмжүүргүйгээр, задгай нөхцөлд хадгалж, зарж байна. Ямар ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр аймаг, орон нутагт хүргэж байгаа. Ийм байхад хүнсний аюулгүй байдлын талаар ярихад хэцүү л дээ. Ядаж л агуулах сав нь олон улсын стандартад нийцсэн байх хэрэгтэй. Үүнийг төр засгийн зүгээс яаж анхаарах ёстой вэ гэдэгт анхаарч ажиллах юм. Тиймээс бид есдүгээр сарын 12-нд үндэсний хэмжээний чуулган зохион байгуулна.

-Өнгөрсөн Засгийн газрын үед ч тэр, одоо ч тэр мах экспортлох тухай ярьж байна. Гэтэл энэ ажил өнөөдрийг хүртэл дорвитой хэрэгжихгүй юм. Ерөнхийлөгч үүнд яаж анхаарах вэ?

-Энэ асуудлыг олон жил ярьж байгаа нь үнэн. Одоогийн байдлаар Иран, Вьетнам, ОХУ руу бага зэргийн мах гаргаад эхэлчихсэн. Гэлээ гэхдээ бүрэн хэмжээнд болтлоо хөгжиж чадахгүй байна. Тэгэхээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд хийхээр зорьсон ажил нь махны экспортыг нэмэгдүүлэх болчихсон. Ингэхээр мөн л махны үйлдвэрүүдийг хэрхэн дэмжих вэ гэж яригдаж эхэлнэ. Хамгийн гол нь бид махаа гулуузаар нь гаргах уу, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох уу гэх асуудал. Худалдаж авах гэж буй орнуудтайгаа ямар хэлэлцээр хийх вэ гэдэг чухал асуудал болчихсон.

-Үйлдвэрлэгч нарыг дэмжинэ гээд байгаа Дэмжлэгээ хэзээнээс эхлүүлэх юм бэ. Тухайлбал, банкны зээлийг яаж бууруулах вэ?

-Ерөнхийлөгч намайг албан бус зөвлөхөөрөө сонгоод энэ асуудлыг хариуцуулахдаа хэлсэн гол санаа нь дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжье, Засгийн газрыг шахаж үйлдвэрлэгч нартаа ээлтэй байлгая гэсэн. Зүгээр нэг яриад өнгөрөх биш араас нь хөөцөлдөж ажил хэрэг болгоё гэж яриад байгаа.

-Та өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш их л чимээгүй байлаа. Юу хийж байв?

-Би ард түмний итгэлийг хүлээж УИХ-д сонгогдохоосоо өмнө хувийн хэвшилд ажиллаж байсан. Энэ салбарын хүн. Тодорхой хугацаанд ард түмнийхээ төлөө ажиллалаа. Сонгуульд ялагдаад буцаад очих газар маань хувийн хэвшил. Тэндээ ажилласан. Компанийнхаа ажлыг хийлээ. Монгол Улсад хамгийн анхны бүрэн автоматжуулсан нэг га хүлэмжийг оруулж ирсэн. Сонгуулиас хойш хийсэн гол ажил маань тэр байлаа.

-Сонгуулийн өмнөхөн ордонд байгаа бичлэгээ алдсанаас хойш та хэвлэлээр ярилцлага өгөөгүй байх. Бүтэн жилийн хугацаанд ямар дүгнэлт хийв?

-Ямар нэгэн дүгнэлт хийх шаардлага байгаагүй. Ард түмэн тэртээ тэргүй дүгнэлтээ хийгээд дүнгээ тавьчихсан. Тиймээс одоо надад хэлэх үг алга. Хүн өнгөрснийг биш урагшаа харж амьдрах ёстой. Энэ бол миний амьдралын зарчим. Хүн алдаа гаргаж болно, тэрийгээ давтах ёсгүй. Үр хүүхдэдээ ч ингэж хэлдэг юм. Алдаа гаргадаггүй хүн урагшаа явдаггүй л байх.

-Найз нөхөд, урвалт шарвалтыг та мэдэрсэн л байх даа?

-Би бол үүнд хэнийг ч буруутгадаггүй юм. Тэр бол цэвэр миний буруутай үйлдэл байсан.

-Та цаашид улстөрийн карьераа яаж төсөөлж байгаа вэ. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү?

-Одоо би Ерөнхийлөгчийн албан бус зөвлөхөөр ажиллаж байна. Өөрийн туршлага, мэдлэгт тулгуурлаад Ерөнхийлөгчид зөвлөөд явна. Тэрний дараа яахыг хэн ч урьдчилж мэдэхгүй шүү дээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Амарсанаа: Нам доторх зөрчил төрийн болон Засгийн газрын зөрчилд хүргэх аюултай байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.22 мягмар гаригийн 178 (5745) дугаараас авч нийтлэв.


Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Дундговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Б.Амарсанаатай ярилцлаа.


-Та нам доторх маргаанаа харж л байгаа байх. Танай нам доторх үйл явдлыг харахад хэрээс хэтэрчихсэн юм биш үү гэж харагдахаар байна. МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн ялагдал ийм хүчтэй цочрол өгчихөж байгаа юм уу?

-Юуны өмнө хэдэн зүйл тодотгоё. 2012 оны УИХ, орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдал хүлээсэн. Эдийн засгийн өсөлтийг 17.6 хувьд хүртэл өсгөж чадсан эрх баригчид шат шатны гурван сонгууль дараалан яагаад ялагдах болов гэдэгтээ бид дүгнэлт хийх ёстой байсан. Тухайн үед эдгээр сонгуульд өргөн хүрээтэй дүгнэлт хийх гэхээсээ илүүтэй намын сандал ширээг аль бүлэглэл эзэгнэх вэ гэсээр яваад ямар ч бэлтгэлгүй 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд орчихсон. манай намын удирдлагууд ноднингийн УИХ-ын сонгуульд “ард түмэн Ардын намд хайртайдаа ийм сонголт хийж 65 суудалтай болгочихлоо” ухааны юм бодоод амьдралаас тасраад эхэлсэн. Зарим маань үүнд нухацтай хандсан боловч удирдлага үг сонсож чадахаа нэгэнт больсон байлаа. Хэдийгээр парламентад үнэмлэхүй олонх болсон ч бид яагаад ийм олон суудал авсан бэ гэдгийг дүгнэж нягтлах ёстой байсан.

Нэг үгээр хэлбэл эхлээд ялагдлын шалтгаан, дараа нь ялалтын шалтгааныг зайлшгүй тодруулах ёстой байв. Гэвч алийг нь ч судлаагүй. Ингэснээр нам дотор ярьдаг шинжлэх ухаанч байдал дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулна гэдэг зүйл алга болчихож байгаа юм. Бид бодит үр дүнг тооцолгүй ахархан бодолтой явсаар байгаад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа. Үнэнийг хэлэхэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөгөө хоёр намаас нэр дэвшсэн хүмүүс тийм их гавьяатай, нэр хүнд бүхий хүмүүс байсан уу гэвэл би үгүйсгэнэ. Иймд нэгдүгээрт, нэгэнт сонгууль болж ард түмэн сонголтоо хийсэн болохоор одоо бид хүлээн зөвшөөрөөд, хамтдаа улсаа хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулах ёстой. Хоёрдугаарт, 2016 сонгуулийн үр дүнгийн талаар манай намын дарга нар буруу шийдвэр гаргасан.

-Ямар буруу шийдвэр гаргасан гэж?

-Намын дүрэм болон хүмүүсийн хүлээлтийн эсрэг шийдвэр гаргасан. Хамгийн наад зах нь намын дарга Ерөнхий сайд байх ёстой зарчмыг зөрчсөн. Үүнийг намын олон хүн хэлж, анхааруулж л байсан. Ингэснээр намын дарга маань Ерөнхий сайд болоод “Би, бид улс орноо ийм хэмжээнд авч чадах хүн, улстөрийн хүчин” гэдгээ харуулах боломжоо хаачихсан. Ингээд бидний алдаа үргэлжилсэн. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэчихээд ямар кабинет бүрдүүлэв, албан тушаал тойрсон томилгоонууд ямар замаар явав гээд энэ бүхэн ард түмний нүдэн дээр ил болж өнгөрсөн. Мэргэжлийн нэртэй чадавхтай, чадавхгүй, энэ намд зүтгэсэн, зүтгээгүй олон хүнийг засагт оруулсан. Намын төлөө ажиллаж байсан хүмүүс энэ бүгдийг хараад үнэхээр амжилттай ажиллавал дэмжих, асуудал гарвал шүүмжлэж үгээ хэлэхсэн гэх байдлаар нэг жил амаа үдэж явлаа. Иймд Засгийн газрыг намын дүрэмд заасны дагуу, ард түмэнд амалсныхаа дагуу бүрдүүлж ажиллуулах шаардлага намд тулгарч байгааг даруй шийдвэрлэх ёстой. Ингэхгүйгээр 2020 оны болон түүний дараагийн шат шатны сонгуульд амжилт гаргана гэж горьдох хэрэггүй.

-Тэгээд танай намынхан яагаад энэ бүх асуудлаа шийдэхгүй яваад байсан юм бэ?

-Намын удирдлагын үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дээр дооргүй харж хүлээж байлаа. Одоо нэгэнт сонгуулиуд дуусч, мөн Засгийн газар хэрхэн ажиллах талаар хүлээлт бидэнд үлдсэнгүй. Удах тусмаа нам доторх зөрчил олон түмэнд ил болж энэ нь даамжирч төрийн болон Засгийн газрын зөрчилд хүргэх аюултай байна. Гэхдээ зөрчлөө нуугаад явж байя гэдэг утгаар би хэлж байгаа юм биш ээ. Харин ч бүр муухай арга барил руу орж гүнзгийрэхээс нь өмнө бид цэгцлэх ёстой. Тагнадаг, чагнадаг гэдэг асуудлаас эхлээд өөр олон таагүй зүйлсийг би муухай арга барил гэж байгаа юм. Цаашид удах тусмаа энэ бүхэн улам л ужгирна. Энэ үйл явдлууд зөвхөн нэг намынхан дотооддоо итгэлцэх үгүйн асуудал биш. Монгол хүн монгол хүндээ, найз нөхөртөө итгэж чадахаа байх нь. Хэрэв ийм байдал цаашид удаан үргэлжлэвэл улс орны тусгаар тогтнолд аюултай шүү. Хувиа бодсон хэсэг хүний аз жаргал гэдэг ард түмний аз жаргал биш.

Энэ будилуу, бүтэлгүй байдлыг цэгцлэж чадах намын Их хурлыг яаралтай зарлан хуралдуулах хэрэгтэй. Их хурлыг Бага хурлаас, Бага хурлыг Удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулдаг намын үндсэн дүрэмтэй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хуралдсан Удирдах зөвлөлийн хурлууд ямар шалтгаанаар асуудлыг хойш тавиад байгаа нь намын гишүүдэд ойлгомжгүй байна. Үнэхээр Удирдах зөвлөлийн 30 гаруй хүн учраа олж чадахаа больсон бол огцрох шаардлагатай. Манай нам дотор сайн зүйл олон, гэхдээ муу зүйлс бас оршиж байна. Мууг нь бид шарилж шиг зулгаан хаяж, сайныг цэцэглүүлэх ёстой. Нийслэл хот удирдаж байсан намын дарга, газар тариалангийн гол бүс болсон аймгаас гаралтай Ерөнхий сайд нар цэцгийн мандал болон тариан талбай дахь шарилжийг зулгаахгүйгээр арвин ургац авч, нүд баясгах боломжгүйг мэдсээр атлаа яагаад үлгэр дуурайл болж чадахгүй байна вэ.

-Сонгуульд ялагдах болсон хамгийн том шалтгаан 60 тэрбумын асуудал уу. Уг нь намдаа мөнгө босгох тухай л яриа юм биш үү. Зарим нь хэсэг бүлэглэлийн асуудал гээд байна л даа?

-Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэс нэгэн бичлэгийн дуулиан анх гарч эхэлсэн. Тэр үед сүртэй дуулиан болгон яригдалгүй өнгөрсөн. Тухайн үед намын удирдлагууд үүнийг эвлүүлэг хэмээн мэдэгдэж байлаа. Зарим нэг хүн ийм яриа болсон гээд хэлчихсэн нь ч бас бий. Бид намынхаа удирдлагад итгэдэг бөгөөд энэ бичлэг нь өрсөлдөгч хүчнээс зохион байгуулалттай хийсэн үнэхээр бүдүүлэг ажиллагаа байжээ гэж бодож байлаа. Гэтэл намын удирдлагад итгэж байсан бидний итгэл рүү шүлс үсчүүлсэн 90 орчим минутын турш үргэлжилсэн бичлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үед гарч ирсэн. Миний хувьд үүнийг сонирхож сонссон. Нэгдүгээрт, намыг сонгуульд ялуулж олон жил бодлогоо хэрэгжүүлэх боломж гаргахсан гэхээс илүүтэй цөөн хэдэн хүн МАН-ыг ашиглан олон жил төр засгийг зайдлан, Монгол төрийг зарж ашиг хонжоо олох тухай яриа байсан. Хоёрдугаарт, харамсалтай нь Монгол Улс, монгол түмний хөгжил дэвшил, сайн сайхны тухай ширхэг ч үг унагаагүй байна лээ. Ийм яриа болсонд харамсаж байна. Уг нь улстөрчид бид хувийн, бүлэглэлийн эрх ашгийг хойш тавиад улсын эрх ашгийн төлөө явах ёстой хүмүүс байхгүй юу, уг нь. Ингээд харахаар 1990 оноос хойш бид буруу замаар яваад байгаа юм байна. Цөөнхийн засаглалын төлөө, төрөөр амьдардаг хүмүүсийн эрх ашгийг хангахын төлөө ард түмэн амьдарч болохгүй.

-М.Энхболд дарга, Ц.Сандуй, А.Ганбаатар нар энэ ярианд оролцсон гээд байгаа. Сүүлд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар тэнд байсан гэж ярьсан. Энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой юу?

-Энэ судалгааны ажлыг хэн нэгэн хүн гэртээ хэвтэж хийчихээд “За тэр даргатай очиж уулзъя” гээгүй байх. Цаанаа захиалагчтай, санаачлагчтай, зуучлагчтай байж таараа. Уг бичлэг нь 2014 онд хийгдсэн нь үнэн бол тухайн оны намраас хойш манай нам дээр болсон үйл явдлыг харахад энэ зохиолынхоо дагуу төлөвлөгөөтэй явж ирсэн нь ойлгогдож байгаа юм. Анх энэ яриа, төслийг санаачилж захиалсан, гүйцэтгэсэн, магадгүй хэрэгжүүлсэн хүмүүсийг олж хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.

-Танай намынхан чинь намын даргаа ажлаа өгөөгүй байхад тэмцэлдээд эхэллээ. Таны хэлснээр янз бүрийн асуудал гарч байгаа нь намаа цэвэрлэх боломж ч гэсэн жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах вий дээ…

-Намын Удирдах зөвлөлөөс шийдлүүдээ гаргаад явсан бол өдийд Бага хурал зарлагдчихсан, хэлэлцэх асуудал нь тодорхой болчихсон байх ёстой байлаа. Одоо болтол ямар нэгэн шийд гараагүй байгаа нь хариуцлагын талаархи ам, ажлын зөрүүг нь харуулж байгаа юм. Юуг хүлээгээд байгаа юм бэ. Удах тусмаа хохиролтой гэдгийг намын гишүүд байтугай улс орноороо л нэг мэдэж байна шүү дээ. Тиймээс Бага хурлыг даруй хуралдуулах нь зөв. Би өөр дээрээ жишээ авахад 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа улс төрийн хариуцлага хүлээж намын Удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзан өргөдлөө өгч гарсан. Засаг эмхлэх үед өөрөө ялагч болж чадаагүйн хувьд Засгийн газрын ямар нэгэн албан тушаалд ажиллахгүй гэдгээ хэлчихсэн хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан, ерөнхий штабыг удирдаад нэр дэвшигчээ ялагдуулсан хүмүүс ийм эр зориг гарга л даа. Манайхан уг нь чадах л ёстой. Яахав, дунд нь жижиг хожоо хараад цаг аваад байгаа юм болов уу даа. Саяны сонгуулийн өмнө намын сонгуулийн ерөнхий штабын дарга, Ерөнхий сайд маань сонгуульд ялагдуулсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцох тухай ярьж байсан нь тод санагдаж байна. Монгол хүний за гэдэг андгай буй заа гэдэг өвгөдийн үг бийг санах хэрэгтэй. Бүх шатандаа улс төрийн хариуцлага гэдгийг тооцох ёстой.

-Ялагдлын шалтгаан нь намын цөөн хэдэн дарга нар гэсэн үг үү?

-Ардчилсан нам УИХ, орон нутгийн сонгуульд ялна гэсэн итгэлтэй байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд манай намынхан ялна гэсэн итгэлтэй байсан. Гэтэл аль аль нь тухайн сонгуульдаа ялагдлаа. Ялагдлын үндсэн шалтгаан гэвэл энэ намууд ард түмнээ мэддэггүй юм байна, тэднийхээ хүсч байгаа зүйлсийг ойлгодоггүй, тоодоггүйд оршино. Ялагдлын үндсэн шалтгаан бол энэ. Бүх намууд ард түмнээсээ холдчихсон байна. Өнгөрсөн сонгуулиар бид мөрийн хөтөлбөр ярив уу, тэр нь цаасан дээр л үлдсэн байх. Ерөнхийлөгч болох гэж байгаа хүмүүс цаашид дөрвөн жил УИХ, Засгийн газартайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ, алс хэтэд Монгол Улс яах вэ гэж бодлогын яриа мэтгэлцээн хийв үү. Үгүй. Авгай хүүхэн, зан ааль ярьсан төрийн бодлого гэж юу байдаг юм бэ. Зах дээр зогсож наймаа ярьж байгаа хүмүүсийн дунд ч ийм заваан яриа өрнөдөггүй. Чин үнэндээ сая улс төрийн сонгууль болсонгүй. Мөнгөний фактораар санал худалдаж авах процесс л болж өнгөрлөө. Нуугаад яахав, аль аль талаас маш их мөнгө тараалаа. Нэг үгээр хэлбэл ард түмний яаж амьдрах нь намуудад хамаагүй юм байна. Бид албан тушаалтайгаа байх ёстой гэдэг хандлага л явчихлаа.

-Төрийн алба хашаагүй хүний хувьд нам доторх процессоо хөндлөнгөөс харж байгаа байх. Ямар бодол төрөх юм. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь хэр зөв зүйтэй юм бэ…

-Уулзсан хүмүүсээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд та бүхний амьдралд өөрчлөлт гарав уу гэж асуухад “Амьдрал сайжирч байна” гэсэн хүнтэй таарахгүй байна. Та бас асууж үзээрэй. Бүгд итгэж байсан бол одоо цөхөрч эхлэж байна. Би өөрөө барилгын салбарын хүн. Манай салбар бүр муудсан, олон хүн ажилгүй болсон. Үүнийг худал үгээр үгүйсгэж гоёор ярих гээд хэрэггүй. Иргэд өрнөөс өрний хооронд, өр төлөх гэж амьдарч байна. Шинэ Ерөнхийлөгч “эдийн засаг өсөөд, сайжирч байгаа юм алга, нүүрсний үнийн л өсөлт” гэсэн агуулгатай зүйл хэлсэн нь үнэнд дөхнө. Маргааш нүүрсний үнэ буухад бид байдагтаа л очно. Эв нэгдлийг сахиж байгаа нэрийн дор чадваргүй, сэтгэлгүй, шуналтай хүмүүсийг хамгаалж хойхоолж суух нэр нүүр УИХ дахь зарим шударга хүмүүст байхгүй гэж итгэж байна.

-2012-2016 онд эдийн засгийг арай л дэндүү самарчихсан юм биш үү. Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох гээд хэрэндээ чармайж байгаа гэж ойлгодог. Засгийн газар огцрох ёстой гэдэг ч яг ямар шалтгаанаар гэдгээ манайхан хэлдэггүй л дээ. Тийм шалтгаан байгаа юм уу?

-Нам сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртэй байсан. Энэ мөрийн хөтөлбөрөөр өмнө байсан алдаа завхралыг богино хугацаанд засаад цааш явна гэсэн ерөнхий санаа байгаа. Харамсалтай нь мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг шийдвэрүүдийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх баригчид гаргалаа л даа. Мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь биелсэн бэ. Өнөөдөр бүтээн байгуулалт хэрхэн явагдаж байна, жижиг дунд үйлдвэрлэл яаж хөгжиж хичнээн үйлдвэр нээгдэж, ажлын байр хэдээр нэмэгдэв гэх мэт олон олон асуулт бий. Хариу өгөх зүйл байхгүй нь хамгийн том факт. Эдийн засагт гарсан хамгийн бодит том өөрчлөлт гэвэл малын тоо толгой л өссөн байх. Үүнд чинь малчин хүний ажил, эцэг малын л гавьяа ногдоно. Хувийн хэвшлийнхний бизнес дээр давхиж очоод үүнийг Засгийн газар хийлээ гэж тууз хайчилж шоуддаг. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол улс төрийн хариуцлага тооцох хэрэгтэй. Засгийн газар байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд болсон намын Бага хурлуудад Ерөнхий сайдыг хийсэн ажлынхаа тайланг тавь гээд тавьдаггүй. Хамгийн сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Бага хуралд Засгийн газар болон Ерөнхий сайдтай холбоотой асуудал, асуулт битгий яриарай гэсэн үүрэг чиглэлийг намын удирдлагаас өгч байх жишээтэй. Ингээд л яваад байх уу. Тэгээд үр дүнд нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа.


Categories
мэдээ цаг-үе

М.П.Демидов: Миний төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг сум

Манай улсад дэгдсэн тарваган тахал өвчний голомтыг судалж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр тусламж үзүүлэхийг Монгол улсын Засгийн газар ЗСБНХУ-аас хүссэн байдаг. Энэ хүсэлтийн дагуу уг өвчнийг эмчлэх, сэргийлэх арга хэмжээг авахаар 1943 онд Эрхүү хотын Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын эмч, судлаачид манайд анх удаагаа ирж ажилласан түүхтэй. Дайны хүнд жилүүдэд хэрхэн Монголд ажиллаж байсан тухай баримтат киног Эрхүүгийн их сургуулийн орлогч захирал Е.А.Туринцева санаачилсан байна. Тэрээр найруулагчаар нь ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоног кино зураг авахаар Баянхонгорт ажиллаад иржээ..

Демидова Елена Константиновна тахалын голомт дээр ажиллаж байсан Зөвлөлтийн эмч нарын нэг юм. Тэрээр “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан бөгөөд Баянхонгор аймгийн Заг суманд тарваган тахалтай тэмцэх анхны станцыг байгуулсан бөгөөд тэнд ажиллаж байхдаа буюу 1945 оны есдүгээр сарын хоёрны өдөр хүү Марк Павлович Демидовыг төрүүлсэн. Марк Павлович Демидов англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Өнгөрсөн долоо хоногт киноны зураг авахуулахаар өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг суманд очоод иржээ. Би түүнтэй уулзаж дэлхийн II дайны дараахан Монголд ажиллаж байсан ээж, аавынх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.


-Яаж яваад таны ээж, аав хоёр дэлхийн II дайны үед Баянхонгор аймгийн Заг суманд очиж ажиллахаар болсон юм бэ?

-1943 онд Баянхонгор аймгийн Заг суманд тарваган тахал гарсан юм билээ. Үүний улмаас олон хүн амь үрэгдэж тухайн үеийн танай Засгийн газрын хүсэлтээр хуучин Зөвлөлтөөс бактер судлаач эмч, амьтан судлаач, лаборант гээд найман хүн танайд ирсэн. Миний ээж Демидова Елена Константиновна эмч, аав маань амьтан судлаач байсан. Яагаад заавал Баянхонгор аймгийн Заг суманд очсон юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэнд тарвага ихтэй газар. Тарваган тахал нь тодорхой хугацааны дараа дахин дэгддэг өвчин. Ээж маань Монголд анх байгуулагдсан тарваган тахалтай тэмцэх станцын дарга байсан. Зөвлөлтөөс ирсэн анхны эмч нар байсан. Тарваган тахал судлалын дараагийн багт миний хойд эцэг Тарасов Йосиф Павлович ажиллаж уг өвчний 12 голомтыг илрүүлсэн. Тэд өвчний голомтод хөл хорио тогтоож, майхан босгож нарийвчилсан судалгаа хийж, халдвар авсан хүмүүсийг нь эмчилж, үхсэн амьтдыг нь олж шатааж, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг нь ажиглах гээд маш их ажил хийсэн байдаг. Тэр үед цаг ч хэцүү байсан шүү дээ. 1944 оны хавар анхны эмч нар ирсэн. Ингээд хоёр жилийн туршид шаргуу ажилласан байдаг. Ээж маань ерөнхий ажлыг нь удирдсан юм. Тэр үед ээж 29 настай байсан. Эрхүүгээс хоёр хүүхэдтэйгээ Монголд ирж би Заг суманд төрсөн. Дэлхийн II дайн дууссан өдөр мэндэлсэн юм аа.

Хожим нь ээжийн удирдаж байсан станцыг Баянхонгор аймгийн төв рүү шилжүүлсэн түүхтэй. Одоогоос хоёр жилийн өмнө тус төв нь байгуулагдсаныхаа 70 жилийн ойг тэмдэглэсэн.

-Та 2015 онд эгчийнхээ хамт өөрийн төрсөн нутаг болох Баянхонгор аймагт очсон гэсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?

-Одоогоос хоёр жилийн өмнө би 70 настайдаа эгчийнхээ хамт Баянхонгорт очиж ээж аавынхаа ажиллаж байсан газраар явсан. Би тэнд очихоосоо өмнө аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргатай холбоо тогтоосон. Биднийг очиход маш сайхан хүлээж авч Заг сум руу автобусаар аваачиж, багадаа амьдарч байсан газартаа очиход сэтгэл их хөдөлсөн. Би хэлсэн шүү дээ ээж маань тэр үед нөхрөөсөө салчихсан, хоёр хүүхэдтэйгээ Монголд ирсэн. Эмээ маань эгч, ах хоёрыг харахаар цуг явсан. Тэр үед Баянхонгорынхон анх удаагаа машин харсан гэдэг. Дөрвөн дугуйтай, мориноос хурдан явж байна гээд л ихэд гайхацгааж байсан гэдэг.

-Та нар Заг суманд очоод Зөвлөлтийн эмч нар ажиллахаар ирсэн үед хүүхэд байсан хүмүүстэй уулзсан гэсэн?

-Ээж маань Баянхонгорт хэрхэн ажиллахаар очиж байсан үеийг өөрийн нүдээр харсан гурван хүн өнөөдөр хүртэл амьд сэрүүн байна. Нэг нь 75, нөгөө нь 82, бас нэг нь 91 настай. Тэр үед нэг нь 12 настай, миний том ахтай цуг тоглож байснаа дурсан ярьсан. Би хоёр ахтай, Монголд ирэхэд том ах Слава зургаа, хоёр дахь Валерий нь гурван настай байлаа. Бага насны хоёр хүүхэд бас ээжийгээ дагуулаад Баянхонгорт ажиллахаар ирж байсан гээд бодохоор үнэхээр зоригтой эмэгтэй байгаа биз. Танай өвөл, маш хүйтэн ер нь л хэцүү үе байсан. Монголчууд ээжийн маань морь унаж байгааг хараад гайхдаг байсан гэсэн. Аав болохоор сумуудаар явж тахал гарсан эсэхийг байнга шалгадаг. Нэг түүх ярьж өгье. Нэг айлын хүүхэд нь өвдөж. Тэгсэн аав нь орос эмч нарын ажиллаж байсан газар ирээд хашааны гаднаас нь “Хүүхэд өвдсөн, халуураад байна” гэж хашгирчихаад л буцаад давхиад явчихаж. Тэгсэн гэр лүүгээ явж байх замд нь эмч суусан машин хажуугаар нь явж өнгөрсөн гэдэг. Гэртээ ирэхэд цагаан халат өмссөн орос эмч аль хэдийн ирчихсэн хүүхдийг үзчихсэн байжээ. Бас нэг түүх сонирхуулъя. Слава ах маань нэг хүүхэдтэй найзалдаг байж л дээ. Нэг удаа шинжилгээ хийдэг өрөө рүү оруулж, туршилт хийдэг усны гахайг үзүүлээд “Эд нарыг тахлын вирусээр халдварлуулж үхүүлдэг” гэхэд нөгөө монгол хүү тэр амьтдыг ихэд өрөвдөж уйлсан гэдэг. Тэр үед Заг суманд ганцхан дэлгүүртэй, тэрэнд нь гурил, будаа, элсэн чихэр, шүдэнзээс өөр юу байх билээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн гэрт очиход чихэр, мөсөн чихэр өгнө. Тиймээс хүүхдүүдтэй нь найзлах дуртай байж л дээ.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Демидова Елена Константиновнаг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

-Удалгүй танайх Улаанбаатар руу шилжсэн гэсэн. Яагаад Баянхонгороос явах болсон юм бэ?

-Ээжийн маань Заг суман дахь ажил нь дуусахад Улаанбаатар руу шилжүүлсэн. Түүнээс гадна Валерий ах маань долоон нас хүрч сургуульд явах хэрэгтэй болсон. 1948 онд ах Улаанбаатарт Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдэд зориулсан сургуульд орсон. Үүний өмнөхөн халдварт өвчин судлаач эрдэмтэн И.П.Смирнов Заг суманд очсон. Ингээд И.П.Смирнов миний ээж хоёр гэр бүл болсон.

-Таны төрсөн эцэг, биологийн ухааны доктор Тарасов Петр Проковьевич ч гэсэн Монголд олон жил тарваган тахлыг судлахын сацуу МУИС-ийн биологийн танхимд ажиллаж “Алтан гадас” одон хүртэж байсан гэсэн?

-Тиймээ. 1943-1947 онд Монголд ажилласан. Миний аав Монголын аймгуудаар явж тахлын 12 голомтыг олж илрүүлсэн. Үнэхээр гайхалтай эрдэмтэн хүн байсан. Москвагийн их сургууль түүний эрдмийн бүтээлүүдийг дахин хэвлүүлэхээр төлөвлөж байгаа. Түүний хийсэн судалгааных нь талаар интернэтэд веб хуудас хүртэл нээсэн. Нүдний салстаар дамжин тахлын халдвар авдаг болохыг тэрбээр тогтоосон. Энэ чиглэлээр Монголд байхдаа сармагчин болон өөр дээрээ хүртэл туршилт хийж байсан удаатай.

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн үнэ өнгөлөг байх нь ээ

“Өдрийн сонин”-ы 2017.08.22-ны мягмар гаригийн 178 (5745) дугаараас авч нийтлэв.

Зэсийн үнэ 6000 ам.доллар давсан өдрүүд үргэлжилж байна. Трампын дэд бүтцээ дэмжсэн бодлого болон урд хөршийн эрэлтээс шалтгаалсан үнийн өсөлт он дуустал эрчээ алдахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Аж үйлдвэрийн чухал эрдэс болох зэсийн ханш өнгөрсөн оны наймдугаар сард тонн нь 4740 ам.доллар байсан бол өдгөө 6000 ам.доллар даваад байгаа билээ. “Focus Economics” зэсийн ханшийг энэ оны эцэс гэхэд тонн нь 5168 ам.долларт хүрч нэмэгдэнэ гэж төсөөлж байсан бол даруй 1000 ам.доллараар нэмэгдэх нь бараг л тодорхой болчихлоо. Манай улсын хувьд Оюутолгой, Эрдэнэт зэсийн баяжмалын нийлүүлэлт хийж буй. Оюу толгойн үйлдвэрлэлийн тухайд 2017 оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулбал 3.5 хувиар өссөн юм.

Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолт гарсан ч хоёрдугаар улирлын зэс алтны үйлдвэрлэл нэгдүгээр улирлынхтай ижил түвшинд байсан давуу тал бий. Хоёрдугаар улирлын зэсийн борлуулалт өмнөх улирлынхтай харьцуулбал 5.6 хувиар буурсан нь тухайн улиралд баяжмалын хэмжээ бага байсантай холбоотой гэсэн тайлбарыг компанийн зүгээс өгсөн билээ. Туркойз Хилл “Оюу толгой”-г өнөө жил 130.000-160.000 тонн баяжмал дахь зэс, 100.000-140.000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа. Түрүү жил энэ оны төсвийг хэлэлцэх үеэр холбогдох албаныхан “австралийн аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны газраас нийтэлсэн хэвлэлд 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн үйлдвэрлэл 24 сая тонн, хэрэглээ 23.8 сая тонн байна гэж төсөөлсөн байна. Эндээс харахад ирэх онд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ хэрэглээнээс давж, илүүдэл үүсэхээр байгаа юм.

Түүнчлэн, Олон улсын зэс судлалын төвөөс хийсэн судалгаанаас харахад 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн хэрэглээ, үйлдвэрлэл 23.4 сая тоннд хүрч, зэсийн нийлүүлэлт, хэрэглээнээс ялимгүй их байх төсөөллийг гаргажээ.

Эдгээр таамаглалаас харахад ирэх онд зэсийн үнэ буурах эрсдэл тодорхой түвшинд байна. Хэрэв дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар буурвал төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр, зэсийн баяжмалын экспорт 50 мянган тонноор буурвал төсвийн орлого 6.6 тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй байна” гэсэн таамаглалыг хийж байсан юм. Тэгэхээр өнөө жилийн төсөвт зэсээс олно гэж төсөвлөсөн мөнгө ахиу хэмжээгээр орж ирэх нь тодорхой болж байна.

Алтны хувьд ч гэгээлэг мэдээ хөвөрч байна. “Ройтерс” өчигдрийн мэдээндээ “Ам.долларын ханш суларсан нь алтны ханшид эерэгээр нөлөөлсөн” гэж онцолжээ. Алтны тухайд өчигдөр спот ханш нь 0.3 хувиар өсч унци нь 1288.39-д хүрсэн юм. Алт нь худалдааны баталгаат хэрэгсэл гэж тооцогддог. Эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх оны зургадугаар сар гэхэд унци нь 2300 ам.доллар хүрч нэмэгдэх төлөв анзаарагдаж байгаа юм. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч өнөө жил илүү чангарна гэсэн хүлээлт бий. Дэлхий даяар нийтдээ 2800 тонн алт олборлодог гэсэн таамаг тооцоо дуулддаг. Гэтэл эрэлт нь харьцангуй өндөр буюу 3100 тонн хавьцаа яригддаг. Эрэлт өндөр байх тусам үнэ өсдөг зүй тогтлыг харсан ч тэр алтны ханш ирэх өдрүүдэд өөдрөг байх зураг харагдаж байна. Алтны эрэлт, нийлүүлэлтээсээ өндөр байгаа энэ үед үнэ огцом унах үндэслэл байхгүй. Ингээд бодохоор алтны үнэ огцом унах эрсдэл байхгүй гэсэн үг.

Германы “Incrementum AG” үнэлгээний байгууллагаас алтны үнийг урт хугацаандаа унци нь 2300 ам.долларт хүрэх таамгийг гаргаад байгаа. Олон улс бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого баримталж буй нь алтны үнийг өсгөх шалтгаан болж буй гэсэн тайлбарыг тус байгууллагаас өгч буй. Дэлхийн банкны шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх оны зургадугаар сар гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч энэ онд илүү чангарна гэх таамгийг хэд хэдэн байгууллагаас гаргаад байгааг дахин онцолъё. БНХАУ өнгөрсөн жил 984.5, Энэтхэг 848.9, АНУ 192.8, ХБНГУ 123.8 тонн алт хэрэглэсэн гэх статистик бий. Эдгээр улсууд нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлах нь тодорхой байгаа. Европчууд XIX зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төвбанкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм.

Ц.БИЛИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралаа төвхнүүлж амжаагүй залуус албан тушаалд очоод сүйрч байна

Манай улсын улс төрийн амьдралд нам гүм байна гэдэг ойлголт алга. Ямар ч цаг үед, юу ч болж байсан яаж ийж байгаад л улстөржүүлдэг. Зөвхөн улс төрийн хүрээнийхэн биш жирийн иргэд нь хүртэл улс төр яриад л явж байх юм. Бид ингэж улс төрд хэтэрхий их ач холбогдол өгдгөөс болоод нийгмээрээ буруу зүг рүү ханарчих гээд байна. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн үеэс эхэлсэн хар пиар өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Бие биенийхээ дээр гарахаар улайрч буй улстөрчид болон тэдний гар хөл болсон хүмүүсийн нийгэмд тарьж буй балгийг өнөөдөр тооцох аргагүй. Ямартай ч нийгмийг бүхэлд нь хар бараан болгочихлоо. Хүмүүс бие биедээ итгэхээ больчихсон байна, нэгийгээ нүх рүү түлхэж унагахдаа огтхон ч санаа зовохоо больчихож. Өөрийн санаархсан муу үйлийг юугаа ч мэдэхгүй залуусаар гүйцэтгүүлж ард нь нэр цэвэр үлддэг жишигтэй болчихлоо. Тиймээс залуус улс төр рүү хошуурахаа хазаарламаар санагдах юм. Улс төрд орвол, нам дагавал томордог гэх сэтгэхүй залуусын толгойд байдаг. Хоёр жилийн өмнө дөнгөж гучин нас шүргэж яваа залуу “Мань нь намын гишүүн болсон. Одоо баяжих нь баараггүй, томрох нь тодорхой” гэж байсан. Бүр түүндээ итгээд хамаг байдгаа зориулна гэчихсэн тууж явна лээ. Энэ мэтээр залуус ид хийж бүтээх насандаа амьдралаа дээшлүүлье гэх харалган бодлоор намд элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог болжээ. Зарим нь ч намд элсэхгүй бол бизнес урагшлахгүй байна гэдэг юм билээ. Ингэж намд элссэн залуус голдуу хэн нэгэн ахыг дагах хэрэгтэй болдог. Ах нар эхэндээ нөмөр нөөлөгтөө авч байгаа мэт заахдаа заагаад зөвлөх үедээ зөвлөөд явна. Болж өгвөл өөрсдийн ирээдүйд хэрэгтэй албан тушаалд томилчихдог. Ингэхдээ мэдээж хэрэг залуу үеэ дэмжих хэрэгтэй, шинэ үеийнхнийг төрд ажиллуулъя гээд гоё, гоё зүйл ярьдаг. Томилогдож буй залуус ч гадаад, дотоодгүй сургууль соёлд сурч чамгүй хэмжээнд боловсорсон байх юм. Гэвч тэдэнд нэг том дутагдал бий. Юу вэ гэвэл яруу найрагч Ц.Хулангийн хэлдгээр тэдний амны салиа арилаагүй байдаг. Нэг үгээр хэлбэл амьдралаа ч олигтой тохинуулж амжаагүй залуус гэнэтхэн улс төрд орж ирээд түүгээр зогсохгүй төрийн өндөр албан тушаал хашихаар барьц алдах нь мэдээж. Өөрт нь эрх мэдэл байгааг харуулах гэж том ах нарынхаа гуйсан төсөл, хөтөлбөрт гарын үсэг зурснаас болж авлигатай холбогдож сүйрдэг. Тийм жишээ ч захаас аваад өчнөөн бий. Өнгөрсөн хэдэн жилд үеийнхнээ манлайлан нийгэмд нэр төртэй ажил хийж байсан залуус ташраараа Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан гэхэд хилсдэхгүй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба гэхчлэн нийгмийн сор болсон залууст АТГ ширүүн төрхөө харуулж төмөр торны цаана суулгалаа. Тэдний шоронд орох болсон шалтгаан нь албан тушаалаа урвуулан ашигласан, эсхүл авлига авсан гэх зүйл ангитай байдаг. Тэд ингэж хэрэгт холбогдоод хайран сайхан залуу насаа төмөр торны цаана өнгөрүүлж байгаа нь ерөөсөө л үзэл бодол нь төлөвшөөгүйтэй холбоотой. Нэг ёсондоо тэд том ах нарынхаа олз болоод байна. “Чамайг хэн ч биш байхад улс төр рүү оруулсан. Мянга хөдөлмөрлөөд хүрч чадахгүй албан тушаалд томилж зузаан олбогон дээр суулгасан юм чинь хариугаа барь” гэхчлэн шахалт үзүүлдэг болохоор тэд эсэргүүцэж чаддаггүй байх. Тиймдээ өөрт нь түй ч наалдахгүй гэрээнд гарын үсэг зурж тамга дарснаар өөрийгөө АТГ-т бариад өгчихөж байгаа юм. Хэрэгт холбогдсон залуусын намтар, мэдлэг боловсролыг анзаарах нь ээ, бүгд л тэргүүний гэж хэлж болохоор залуус. Тэгвэл тэд хэрэгт холбогдож байгаа нь ямар учиртай вэ гэвэл улс төр дэх сайн ах нартай холбоотой. Гол учир нь ердөө л том улстөрчдийн гар хөл болж байснаас улбаатай байгаа юм. Халуун тогоонд олон жил буцалсан хашир улстөрчид өөрсдийнхөө өмнөөс ажлаа хийж яваа жирийн сайхан залуусыг түлхчихдэг. Яг л нохойд барьдаг мод мэт залуусыг өмнөө барьж байна. Өнөөдүүл нь нөмөр нөөлөгтэй том ахын хэлсэн үг өөрт нь гай тарихгүй байх гэж боддог биз. Дээрээс нь залуу хүний дэврүүн, хөнгөн зан ч нөлөөлдөг байх. Тиймээс төрд ажиллаж буй, намд элссэн залуус хэн нэгэн ахынхаа гар хөл болохоос зайлсхийж баймаар байна. Улс төрд орохдоо хэт нэг хүнд найдахаа болих хэрэгтэй. Хэн нэгнийг бурхан мэт тахин шүтэх хэрэггүй. Ах нартаа хэтэрхий их найдсанаас болж хэлсэн үг бүрийг нь биелүүлэх гэж хичээгээд байна. Гаднаас нь харахад, өнгөц бодоход учиргүй дэмжээд яваад байгаа мэт ч үнэн хэрэгтээ болохгүй бүхнээ хийлгэж байгаа. Ер нь тэгээд хууль шүүхтэй улс оронд л амьдарч байгаа хойно хуулиа сайн мэддэг баймаар байна. Асуудал бишдэлээ гэхэд ах нар нь биш, хууль өөрийг нь хамгаална, яллана гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв хуулиа яв цав мэдэж байвал “Хоёулаа шоронд орно, тиймээс болохгүй” гээд зогсож байдаг болмоор юм. Тэгэхгүй бол өөрийн чинь өмнөөс хэн ч сайн дураараа шоронд суухгүй. Хэн ч гэр бүлээс чинь илүү санаа зовж, шаналахгүй. Тэгдэггүй жишээ бидэнд бэлээхэн байгаа шүү дээ. Чамайг сайд болгосон юм чинь одоо намаа санхүүжүүл гэсээр баахан мөнгө төгрөг олсон хойно нь шорон руу яаж үддэгийг бид харсан. Энийг санаж “Үгүй” гэж хэлж чаддаг бие хүн болсон хойноо төрийн албанд оч л доо. Тэгэхгүй өөрийгөө өртэй мэт сэтгэж ач хариулах гэж зүтгэвэл шоронгийн хаалга дэргэд чинь байгаа гэдгийг санаж явууштай. Залуусыг шорон руу түлхдэг ах нар нь ч бас энийг би хоолонд хүргэсэн юм чинь гээд хариу нэхдэгээ зогсоо. 70, 80-аад оны хулигаануудын сэтгэлгээгээр хандаад хайран залуусыг яайран амьдрал руу хөтлөөд байх юм. Тэр үеийн хулигаанууд хэрэг хийчихээд өөрийнхөө өмнөөс өөд муутай нэгнээ шоронд явуулдаг байсан. Яг тэрэн шиг зүйл өнөөгийн улс төрд болж байна. Ийм явуургүй, өөрийгөө хайрлаж өрөөлийг түлхдэг муухай зангаас болоод эгэл жирийн гэр бүл ард нь хохироод үлдэж байна. Эхнэр нь нөхрөө, хүүхдүүд нь эцгээ, аав ээж нь хүүгээ шоронд суулгачихаад яаж уужим амьсгалах билээ дээ. Энийг улс төрд зүтгэж буй хөгшин, залуу хүн бүр санахгүй бол хэдий болтол залуучуудаараа туг тахиад явах вэ. Дээр нь залуу хүмүүс улс төр рүү улайран зүтгэхээ болимоор байгаа юм. Эцэг эхийнхээ хамаг хөрөнгийг үрэн таран хийн байж сургууль соёлд сурсан мэдсэнээ улс төрөөс өөр зүйлд зориул л даа. Улс төрд л орчихвол болоод явчих нь тэр гэх сэтгэхүйгээс салж өөрөөр сэтгээд үз. Тэгэхгүйгээр бүрэн төлөвшиж амжаагүй байхдаа бусдын гар хөл болж нэг насны сайхан амьдралаа үрэх хэрэггүй. Тэгээд ч ер нь улс төрд нас заадаг болохыг ард түмэн дэмжмээр байна. Одоо хэлэлцүүлгийн шатанд яваа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрд насны хязгаар тавиад өгчих. Тэгэхгүй бол амны салиа нь бүрэн арилаагүй залуус томчуудын тоглоом болж шоронгийн хаалга татаад дуусах нь ээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Сураггүй болооч” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Химийн бордоогоор бордсон тарвасны иш бүдүүн байдгийг анхааруулав” хэмээн “Өдрийн сурвалжлага” буланд онцолжээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэ Засгийн газар 807.8 тэрбумын концессын гэрээг хулгайгаар байгуулчихаад байна” гэжээ.

Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабарын “Сураггүй болооч” нийтлэл гарчээ.

Улс төрийн нүүрэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн үр дүнд суудал авсан улс төрийн нам дангаар буюу суудал авсан бусад намуудтай хамтарч байгуулдаг хуулийн зохицуулалттай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр Засгийн газрыг байгуулдаггүй. Харин ч эсрэгээрээ огцруулж, огцруулахад нь нөлөөлж ирсэн гашуун түүх бидэнд бий” хэмээн өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрнээс “Таксины жолоочийг насанд хүрээгүй хүүхдүүд онц хэрцгийгээр хөнөөжээ” гэх хэргийн дэлгэрэнгүйг унших боломжтой.

“Кино, кино, кино” нүүрнээс “Есдүгээр сард нээлтээ хийх кинонууд”-ийг хүлээн авч уншаарай.

“Дэвжээ” нүүрнээс Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр: “Дэлхийн аварга болж чадсангүй, уучлаарай багш аа” хэмээх сонирхолтой ярилцлагыг уншаарай.

“Хэлэх эрхийн индэр” нүүрэнд Сүхбаатар дүүргийн Б.Пүрэвдэмбэрэл: Бурхан манай улсаас алт авах уу, ухаан авах уу гэхэд нь алтыг нь сонгочихсон юм шиг” хэмээжээ. Мөн Бэлтгэл хурандаа Д.Бухбат: “Сайхан амьдрахад их мөнгө хэрэггүй” гэж өгүүлснийг уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Татарсаны Ерөнхийлөгчийн гэргий хамгийн чинээлэгээр тодорлоо

“Forbes” сэтгүүл зурган илэрцүүд“Forbes” сэтгүүлийн газраас өнгөрсөн жил Оросын төрийн хариуцлагатай албан хаагчид болон Төрийн Думын гишүүдийн эхнэрүүд болон гэр бүлийнхний хичнээн хэмжээний орлогыг тодруулжээ. Орлогын мэдүүлэгийг нь үндэслэн гаргасан уг жагсаалтын нэгдүгээрт Ерөнхийлөгчийн гэргий Гульсина Минниханова бичигдсэн байна. Тэрээр 2016 онд 2,376 тэрбум рубль буюу 39.7 сая ам.долларын орлого олжээ. “Лучано” хэмээх компанийн эзэн Гульсина Минниханова нь Ерөнхийлөгч нөхрөөсөө 313 дахин их орлоготой юм байна. Жагсаалтын хоёрдугаарт Улаан-Үд хотын зөвлөлийн гишүүний эхнэр Раиса Бредный оржээ. Буриадын нийслэлд амьдардаг Вадим Бредныйн гэргий нь “Титан” компанийг тэргүүлдэг өнгөрсөн жил 1.924 тэрбум рублийн ашигтай ажилласан байна. “Титан” компани нь хүнсний сүлжээ дэлгүүртэйгээс гадна хүнсний бүтээгдэхүүний үйлдвэртэй. Харин нөхөр нь эхнэрээсээ хоёр дахин бага орлоготой гэнэ. Жагсаалтын гуравдугаарт Брянск мужийн захирагчийн гэргий Ольга Богомаз орсон юм. “Богомаз” хэмээн нэртэй фермерийн аж ахуй эрхэлдэг бүсгүй 864 тэрбум рублийн ашиг олжээ.

Төрийн албан хаагчдын хамгийн чинээлэг эхнэрүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт “Ростех” улсын корпорацийн даргын гэргий Екатерина Игнатова, тавдугаарт Төрийн Думын гишүүн Александор Некрасовын гэргий Елена Некрасова на тус тус бичигджээ. Харин ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн эхнэрийн орлого өнгөрсөн жилийн байдлаар 3000 ам.доллараар багасчээ.

Уг жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Татарстаны Ерөнхийлөгчийн гэргий Гульсина Минниханова өмнө нь нэг бус удаа Оросын чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтад бичигдэж байсан гэнэ. Ерөнхийлөгчийн хүү 2015 онд нас барсан бөгөөд Арабын Эмират дахь түүний байр, хоёр гараж зэргийг ээж нь өвлөн авчээ.

Categories
мэдээ нийгэм

Малчдад халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ

Улсын Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны хориглосон бүсэд байгаа мал бүхий 27 өрх, иргэдэд хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулжээ.

Өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Содхан” ХХК-ийн мал эмнэлэгтэй хамтарч өдөрлөг зохион байгуулж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд болон гарахаас урьдчилан сэргийлж ажиллах талаар 10 зөвлөмж болон мэдэгдэх хуудас малчдад хүргүүлэв.

Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд:

  • Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх
  • Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх
  • Мал сүрэгт тарга хүч сайн авхуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих
  • Малын эмчийн зааварчлахын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах
  • Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх
  • Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх
  • Өвчтэй, өвчний сэжигтэй мал, амьтан болон үхсэн малын сэг зэмтэй харьцахдаа хамгаалах хувцас хэрэгслийг байнга өмсөж байх, хүн эмнэлгийн байгууллагад хандаж үзлэг, шинжилгээнд хамрагдах талаар зөвлөмж өглөө.

Мөн малын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор тарваган тахал, малын халдварт өвчин галзуу, боом, бруцеллёз, гоц халдварт шүлхий, цэцэг өвчнүүдээс сэргийлэх зөвлөмж олшруулан тарааж байна.

Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байнаТарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна