Categories
мэдээ нийгэм

“Есөн-Эрдэнэ” одонг эхийн одонтой адил өрхийн тэргүүнд өгдөг болно

Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2005 онд олон нийтийн дунд “Аавуудын өдөр”-тэй болох санал асуулга явуулж, 2005 оны намрын тэргүүн сарын шинийн гурван буюу наймдугаар сарын 8-ны өдөр анх удаа “Аавуудын өдөр”-ыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдөр уламжлал болгон айл өрх бүр тэмдэглэдэг болсон. Уг арга хэмжээний зорилго нь айл гэрийн ноён нуруу, өмөг түшиг аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжилд үлгэр дуурайлал болсон олон зуун аавуудаар бахархах, хүндлэх, үр хүүхэд нь хайрлах, энэрэх, хүүхэд аав хоёрын нандин харилцааг бэхжүүлэх явдал юм.

“Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар”, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” сүүлийн гурван жил “Аавуудыг өдөр”-ийг хамтран тэмдэглэж байна. Энэ жил “Аавуудын оролцоог дэмжье” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн есөн дүүргийн гэр бүл хөгжлийн газруудад зорилтот бүлгийн аав нарыг ихэвчлэн оролцуулсан аав хүүхдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, аав хүүхдийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг ярилцлага, сургалт зэрэг олон талт ажлууд зохион байгуулагдана. Сайн аавуудыг “Есөн-Эрдэнэ” одонгоор шагнадаг бөгөөд байгуулагдснаасаа хойш 2000 –аад аавыг тус шагналаар шагнасан байна. Ирэх жил 15 жилийн ойтойгоо золгох бөгөөд энэ өдрийг албан ёсны баяр ёслолоор эрх зүйн актад оруулах, “Есөн-Эрдэнэ” одонг ээжүүдийн одонтой адил өрхийн тэргүүнд өгдөг болгох, “Монгол туургатны эрэгтэйчүүдийн чуулган “-г зохион байгуулна гэсэн гурван том зорилт тавин ажиллаж буй аж.

Монгол Улс “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм.

Б.ӨЛЗИЙБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа болно

Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. “Мишээл экспо”-д болох уг үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулах аж.

Үзэсгэлэн тухайн өдрүүдэд 15.00-24.00 цагийн хооронд болох юм байна.

Categories
мэдээ спорт

Манай тамирчид “World games” наадамд амжилттай оролцлоо

Арав дахь удаагийн “World games” наадам Польш улсын Вроцлав хотноо долдугаар сарын 20-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд нийт 102 орны 3260 тамирчин оролцсон бөгөөд манай улсаас сүмо, жюүжицү, аэробикийн төрлөөр 16 тамирчин эрхээ аван оролцжээ. Манай баг тамирчид сүмо бөхийн төрөлд алт, хүрэл медаль, жюүжицүгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол аэробикийн төрөлд зургадугаар байрт орсон байна.

“World games” наадмыг ОХУ-ын баг тамирчид 28 алт, 21 мөнгө, 14 хүрэл медаль нийт 63 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Герман, Итали, Франц, Укрианы баг тамирчин II-V байрт орсон байна. Манай баг тамирчид АНЭУ-ын хамт 32-р байрт жагссан. Нийт 63 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Даваасүрэн: БНСУ-ын Үндэсний ассамблейн дэмжлэг манай улсад чухал ач холбогдолтой

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-ын Үндэсний ассамблейн Гадаад харилцаа, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Ген Хеб, Вон Хэ Ен нартай уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн манай “Гуравдагч хөрш” БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, цаашид БНСУ-ын Үндэсний ассамблейн дэмжлэг чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Үндэсний ассамблейн гишүүн Ким Ген Хеб Монгол Улс, БНСУ 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 27 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, харилцан зорчих иргэдийн тоо өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

20 дахь Бакула Ринбүүчи Монголын Даншиг наадмыг үзнэ

Арилсан хутагтын орны номын их элч Бакула Ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула Ринбүүчи Монголын Даншиг наадмыг үзэж, сонирхох гэнэ. Тэрбээр энэ сарын 17-нд Түвд рүү буцах юм байна. Даншиг наадамд Монголын өнцөг булан бүрээс цугларсан 1000 орчим лам хувраг ирж, оролцоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан.

Түүнийг Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах шашин номын ёслолын үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдрийн болсон билээ. Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Данзан Агваан Жигмид Ванчиг нь өдгөө 11 насыг зооглож байгаа бөгөөд Энэтхэгийн Ладакийн Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлжээ.

Дээрхийн гэгээн Далай ламтан 2008 оны хоёрдугаар сарын 26-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Бакула Архадын хорьдугаар дүр тодорсныг тунхаглан зарлигдсан байдаг. Харин 2010 оны наймдугаар сарын 12-ны сайн өдөр Ладакийн Бэтүб хийдэд хутагт ширээнд нь залжээ. Ийнхүү Бакула багш эх дэлхийдээ дахин мэндэлсэн бөгөөд хойд дүр нь Монголд харин анх удаа залран ирээд байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр орон сууцны цамхаг буюу “Torch Tower”-т дахин гал гарчээ

Image result for “Torch TowerБаасан гаригт шилжих шөнө гал сөнөөгчид Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Дубай Маринагийн ойролцоох 84 давхар “Torch Tower”-т гарсан галыг унтраасан талаар Дубайн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэнийг CNN агентлаг уламжлав.

Image result for “Torch Tower

Өглөөний 03:30 цаг. Дубайн иргэний хамгааллын байгууллагаас мэдээлснээр, гал хоёр цагийн турш асчээ. Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй талаар Дубайн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна. Гэрч Самер Фаталла CNN-д өгсөн ярилцлагадаа “Галд 30-40 оршин суугч өртсөн. Зогсоол дээр байсан хоёр ч автомашин шатсан” гэжээ.

Тус барилгад 2015 оны хоёрдугаар сард мөн гал гарч байжээ. “Select Group”-ийн барилгын ажилчдын мэдэгдэж буйгаар, “Torch” нь 2011 онд ашиглалтад орсон, дэлхийн хамгийн өндөр орон сууцны цамхаг юм байна. Нийт 682 оршин суугчтай, 24 цагийн харуул хамгаалалттай, нийт 84 давхар ажээ.

Image result for “Torch Tower

Image result for “Torch Tower


Categories
мэдээ цаг-үе

​Тариаланчид ургац алдаж, Монгол орон гурилаар гачигдах уу

Хэдхэн хоногийн дараа наймдугаар сар гарч, намрын ажил эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд тариа ногооны болц, ургац хураалтын ажил ч ундарна. Гэхдээ зургаа, долдугаар сар хур багатай хэт халуун байснаас газар тариалан эрхлэгсэд ихээхэн бэрхшээл, хүндрэлтэй нүүр тулаад байгаа. Зарим тариалангийн талбай 100 хувь ургац алдаж байгаа бол ихэнх компани, хувиараа тариалан эрхлэгсэд 10, 20, 30 хувь ургац алдах төлөвтэй байна. Улсын хэмжээнд дунджаар 40 орчим хувийн алдагдал хүлээх нь тодорхой болжээ. Уг нь өнгөрсөн хаврын тариалалтаар улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авахаар ажлаа эхлүүлсэн. Уг зорилт 50-60 хувьтай биелж газар тариалан түүнээс хамааралтай бүтээгдэхүүний хомсдол үүсэн, үнэ өсөх магадлал нэмэгдсээр байна. Нөхцөл байдал яг ямар түвшинд байгааг холбогдох албаны хүмүүс, газар тариалан эрхлэгсдээс тодруулж, сурвалжиллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, урьдчилсан тайлан мэдээгээ хараахан гаргаагүй байгаа аж. Гэхдээ өнгөрсөн даваа гаригт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дэргэдэх зөвлөл шуурхай хуралдаж зарим шийдвэрийг гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. п.Сэргэлэн сайдын үүрэг болгосноор Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, холбогдох хүрээлэнгийн ажилтнууд орон нутагт, газар дээр нь ажиллахаар болжээ. Ингэхдээ ургацын болон бэлчээрийн төлөв байдлыг бодитоор дүгнэж хохирол учрахаар бол урьдчилсан мэдээллийг боловсруулж авах арга хэмжээ, бодлогыг боловсруулан гаргах аж. Мөн өнөөдөр аймгуудын Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай видео хурал хийж зуншлага, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдэл, тариа ногооны болц, хураалтын талаар мэдээллийг сонсох, яамныхаа баримталж буй бодлогыг танилцуулж, үүрэг чиглэл өгөхөө мэдээллээ.

Салбарын яамны хувьд нөхцөл байдалд ийнхүү хандаж байгаа бол тариалангийн бүс нутагт асуудал ямар түвшинд хүрснийг тариаланчидтай утсаар холбогдон тодрууллаа. Томоохон компаниудын эзэд нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөд эрт байгаа гэдгийг хэлж байна. Яагаад гэвэл наймдугаар сарын цаг агаар ямар байхаас бүх зүйл хамаардаг аж. Хаврын тариалалтын дараа соёололт урьд хожид байгаагүй сайн байсан ч бороо орохгүй байсаар болц гүйцэхгүй байх вий гэдгээс л ихээхэн эмээцгээж байгаа гэнэ. Ямар ч л гэсэн ургасныг нь хамна, Монгол орон гурилаар гачигдахгүй байхын тулд, өөрсдөө алдагдал хүлээхгүйн төлөө бүх арга хэмжээг аван ажиллаж байгаа гэцгээж байна

Ер нь бороо хэрэгтэй үедээ оролгүй хэт халж асуудлыг хүндрүүлсэн шигээ бороо одоо ч асуудал үүсгэсэн хэвээр байна гэх хүмүүс байна. Учир нь бороо орохын өмнө байнга салхилж, орохоороо хүчтэй аадар бууж, үерлэн, мөндөр цохиж байгаа нь тариаланчдын сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байгаа гэнэ. Хоёр хоногийн өмнөх жишээг өгүүлэхэд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд дөрвөн хуруу мөндөр орж иргэн Даваагийн 300 га талбайн тариаг цохижээ. Тэднийх нэг ширхэг тариан түрий ч өнөө жил хураахгүй болсныг өгүүлж байна. Тарианых нь тал мөндөрт цохиулсан хэд хэдэн ч аж ахуйн нэгж байгаа бөгөөд Төв аймгийн баруун хойд сумдын тариаланчид ч үүнд нэрвэгдэж 1000 орчим га талбай мөндөрт цохиулжээ. Нэг га талбайгаас дунджаар 18 центнер тариа хураана гэж үзвэл 1800 орчим тонн улаанбуудай мөндөрт цохиулж үгүй болсон гэсэн үг. Нийт ургацынхаа 40 хувийг алдахаар болчихоод байгаа энэ үед мянга гаруй га талбайн тариа мөндөрт цохиулж 1800 орчим тонн улаанбуудай сүйднэ гэдэг том тоо. Мөндөрт бус салхинд цохиулсан талбай хэдэн арваараа байгаа тухай ч хүмүүс өгүүлцгээж байна. Салхинд цохиулж налсан тариа мөндөрт цохиулсан шигээ биш ч хурааж болдоггүйг хүмүүс мэднэ.

Ингээд Булган аймгийн тариаланч Н.Цэрэн-Очиртой ярилцсанаа хүргэе.


-Зун болсоор бороо орохгүй бас их халуун байлаа. Тариа ногооны ажил юу болж байгаа вэ?

-Нийт нутгийн 77 хувь нь гандуу байгаа гэсэн. Тариалангийн бүс нутгууд ч ялгаагүй хэт халалтад нэрвэгдлээ. Ургац, тариалалтын ажил ерөнхийдөө хүндрэлтэй байна. Зургадугаар сарын нэгэн гэхэд сүүлчийн тариалалт хийгдэж дууссан гэж үзвэл түүнээс хойш долдугаар сар гартал огт бороо ороогүй. Үнэндээ өнгөрсөн өвөл цас их унаснаар хөрсний чийг хангалттай хуримтлагдсан байсан. Тиймдээ ч соёололт маш сайн байлаа. Харамсалтай нь бүтэн сарын турш бороо ороогүйн дээр долдугаар сар гарсаар 10 гаруй хоног хэт халж хүндрэлийг бий болгосон. Булган аймгийн хойд сумд л гэхэд нийт тариалалтынхаа 30 орчим хувийг алдах байх.

-Тариа ургалт яг ямар байна?

-Болц нь гүйцэхгүй байх өндөр магадлалтай байгаа. Ургаж гүйцээгүй ногоон будаа наранд халахаар хагдрахгүй болчихдог. Тариаланчид механик болц гэж нэрлэдэг юм. Шууд хэлбэл нэг тариан түрүү дээрх будааны ширхэг цөөрөхөөс эхлээд асуудал ихтэй. Юу гэсэн үг вэ гэвэл нэг га талбайгаас авах ургац, центнерийн хэмжээ эрс багасна гэсэн үг. Бордоо сайжирсан зэрэг олон шалтгаантай холбоотойгоор нэг га талбайгаас 15-20 центнер ургац авдаг болчихсон байсан. Харин энэ жил нэг га талбайгаас 10 центнерийг хураавал их юм болох байх. Уг нь мэргэжлийн, албаны хүмүүс талбайгаар яваад авах ургацын хэмжээг тогтоогоод өгчихдөг. Өнөө жил энэ ажил хийгдээгүй л байна. Бас чийг дутагдсанаас болж ургац давжаардаг. Ер нь тариан түрий 20 сантиметрээс богино байх л юм бол хураах тухай бодоод ч хэрэггүй. Гэхдээ тариа хураалт эхлэх хүртэл байгалийн гэнэтийн аюул нүүрлэхгүй л бол 30-40 сантиметр болох байх гэж найдаж байгаа. Үүнээс гадна өнөө жилийн бороо алаг цоог орж байна. Зарим газарт 25 сантиметр ухаж үзэхэд ямар ч чийггүй байгаа. Гэхдээ голын болоод нуурын эрэг орчмоор тариалсан хүмүүс 90 орчим хувийн ургац авах байх. Яагаад гэвэл нуур, голын ойролцоох талбайд шөнөдөө шүүдэр бууж хонодог зэрэг давуу талууд бий. Бусад газар нь ерөнхийдөө ижил байгаа. Трактор, комбайн хайж Сэлэнгэ, Төв аймгаар хэд хоног явсан. Бүгд л бидэнтэй ижил асуудалтай байна билээ.

-Ер нь тариалалтын аль хэсэгт бороо орж, аль үед нь нар ээвэл сайн бэ?

-Зургадугаар сарын эхэн, долдугаар сарын дундуур болоод наймдугаар сарын эхээр бороо орвол сайн. Харин наймдугаар сарын дунд үеэс хойш бороо орвол буруу. Ургаагүй нь нэмж ургаад, тариа нялхраад эхэлдэг. Мөн л хүндрэл дагуулдаг гэж болно.

-Салхи, мөндөр ч ихээхэн хохирол учруулж байна гэсэн мэдээлэл байгаа?

-Үүл гарахаараа л салхилдаг болчихож. Ер нь олон удаагийн хүчтэй салхи тариа, ургацыг сүйтгэхээс гадна хадланд ч хохиролтой. Хэдхэн хоногийн өмнө Хутаг-Өндөр суманд дөрвөн хуруу зузаан мөндөр орлоо.

-Энэ намрын цаг агаарын мэдээллийг авсан уу. Ямар болох төлөвтэй байна. Ургац, тариалалтын ажилд яаж нөлөөлөхөөр байгаа вэ?

-Өнөө жил эрт хүйтэрнэ гэж сэрэмжлүүлж байна. Эрт хүйтэрнэ гэдэг мэдээ хэт халуун, ордоггүй борооноос ч илүү ихээр биднийг түгшээж байгаа. Энэ зуны цаг агаараас хамаараад намар орой болтол, ургацынхаа болцыг гүйцтэл хүлээх шаардлага тулгарна. Гэхдээ эрт хүйтэрвэл юу болох вэ гэдэг нь тодорхой хэмээн ярьж байна. Ийнхүү ганд нэрвэгдэж ургалгүй давжааран нэг түрий нь тав, гуравхан будаатай байгаагийн дээр салхинд, мөндөрт цохиулж тариан талбай хоосорсоор байгаа юм байна. Урт, налгар намар боллоо ч хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хүндхэн жил хүлээж байгаа болов уу.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Уртын голын сайн малчин Ж.Батцэнгэл

Үүрийн туяа шаргалтсан, нам гүмийн дунд Уртын хөндий алсран оджээ. Хойшоо харвал Залаа уулын энгэрээр нэг мянгат малчны хонь дэлхэн бэлчинэ. Батцэнгэл нэг харахад баруун талд нь нөгөө харахад зүүн талд нь явж үзэгдэнэ. Түүний гуугласан дуу чихэнд хангинасаар байлаа. Сонсоогүй удсан энэ аялгуу ийм сайхныг мартжээ. Ноход нь хуцаж, хонь ямаа майлалдан, тургиж үймрэн, Батцэнгэл маань чимээ өгөн гуугласан юм. Хэдэнтээ гуугласаны дараа малын чимээ аядаж, би ч нам унтжээ.

Гууглах… Энэ аялгууг ноотлох юмсан гэж сонсонгуутаа би бодож билээ. Огт ноотлогдоогүй аялгуу энэ байх. Надад тийм авьяас байдаггүй. Батцэнгэлийн гууглах нэг л ер бусын байснаас өглөө сэрсэний дараа ч хангинасаар байсан хэрэг л дээ. Түүний гууглаанд малаа гэсэн сэтгэл, хүн малын нандин холбоо, их эрчим байгааг л би мэдсэн. Эзнийхээ дууг сонсоод мал нь тайвширч, чимээ аядан нам гүм болж билээ. Маргааш шөнө нь бас л мал нь үймсэн. Батцэнгэл бүр мотоциклио асаан хонио тойроод ирсэн. Манай хангай, хангайн амьтантай. Хангайн амьтан эргэсэн үү, яасан лав л мал нь эзнээ унтуулаагүй хоёр хоног болсон. Шөнө унтаагүй хэр нь Батцэнгэл дөрвөн цаг өнгөрөөгөөд малаа туун бэлчээрт гарч байлаа. Өглөөний сэрүүнд малаа идээшлүүлэн тарга хүч авахуулах нь түүний ажлын гол туршлага. Тарган мал тал бүрийн ашигтай. Гантай жил хатуу өвөл болдог гэж орсон айл бүхэн санаа зовж байлаа. Эхнэр Г.Одончимэг нь бас үнээгээ дөрвөн цаг өнгөрөөгөөд саачих юм. Тэднийх 4050 үнээтэй тул ганцаараа саахад хүндхэн. Гантай байгаа болохоор нэг нэг ивэлгээд тугалаа тавьж байлаа. Тушаа хэрэглэхгүй юм. Үнээгээ уяхгүй юм. Малаа ингэж сургана гэдэг нь бас л эрдэм дээ. Эхнэр, нөхөр хоёр ийм ажилтай, малаа л гэх чин сэтгэлтэй улс.

Бага үдийн алдад малчин маань гэртээ ирлээ.Ханцуйгаа сугалдаргалж, гар цээж нь гялтганаж харагдах ажээ. Манай хөдөөнийхөн өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Үс нь тас хар, шүд нь цав цагаан, ямар ч гоо сайхны салон бүтээж чадахгүй хүрэн бор царай. Нар, салхи, хүйтэнд үл ажрах эрүүл бие. Энэ бүхнийг эрүүл бие, хөдөлмөрийн гоо сайхан гэх байх. Тэднийх Хөшөөтийн эхэнд зусч байгаад энд дөнгөж буусных нь дараа бид очсон юм.

Хөшөөт зуншлага илүү сайхан байх шиг санагдсан. Яагаад нүүгээд ирэв ээ гэж түүнийг ирэхэд би асуулаа. Залаа уулын энгэрийг би өвс багатай байна уу гэж хараад байлаа. Мал тогтдоггүй ээ. Хөшөөт чинь борог өвстэй. Уртын хөндий нарийн өвстэй байдаг. Махан тарга авахад Хөшөөт, өөхөн тарга авахад Урт илүү дээ гэж байна. Тэр ч бүү хэл Уртын ус зөөлөн, эм амьтай, Хүйсийн ус хатуу, эр устай гэхийг сонслоо. Эднийх жилдээ арван хэд нүүдэг гэнэ. Найман сар гараад урагшаа нүүнэ гэж байна лээ. Тэдний малын хашааг бид барилцсан юм. Гучин хэдэн метр өргөнтэй, хорин хэдэн метр урттай хашаанд хорь гаруй шон суулгаж байсан. Хашааныхаа арыг хүнд хар ременээр таглаж байв. Салхи шуурга, хүйтэн бороонд хачин нөмөртэй гэнэ. Шаггүй үнээр худалдаж авчээ. Урт ременийг босгоход хүн хүч их хэрэгтэй аж. Ременийг багананд төмрөөр хүлж баглах юм. Зөөлөн цагаан төмөр утас боодол боодлоор нь авч явдаг юм байна. Хоёр гурван лоом, бахь гээд л бүх зүйл бэлэн. Төллөх малаа хашдаг хашаа нь тусдаа, бас илүү хаваржаа, өвөлжөө базааж авчээ. Малынхаа төлөө мөнгө хайрладаггүй нь харагдаж байлаа.

Зах зээлд хэрэгцээт бүхэн байхаар ахуй нөхцөл мөн тэр хэрээр өөрчлөгдөх юм. Мал нь өсөөд малчид мөнгөтэй болж, нарны зайгаар зурагт, хөргөгч, угаагч машин ажиллуулж, баглааны төмрийг боодол боодлоор машиндаа ачин явж, дээр үед гөлөм ховор цагт эмээл хийдэг байсан ременээр хашаа хороогоо хааж, хөргөгч нь гэхэд мөхөөлдөс дүүрэн байх болжээ. Арван хэд нүүгээд хашаагаа бариад явна гэдэг бидний хотынхонд сонсоод ядармаар ажил ч гар санаа нийлэн бие биедээ тусладаг сайхан уламжлалаа хадгалсан тэд маань гол усаараа хонь малаа өсгөн сайхан амьдарцгааж байна.

Ерээд оны малчдын амьдралаас өнөөгийн малчдын амьдрал үнэхээр тэс өөр болжээ. Малыг малчдад гэсэн алдарт нийтлэл тэр үед зохиолч Цэнддоо бичиж байж билээ. Тэгээд нэгдэл тарж, мал хувьд очсон. 1993 онд Батцэнгэл зуугаад малтай л айл өрх болж байж.

Батцэнгэлийг 2005 оны найман сард сумын мянгат малчин болоод баяраа тэмдэглэж байхад нь очиж сурвалжлаад “Өдрийн сонин”-д “Шинэ хөдөө ба мянгат малчин” гэсэн тэмдэглэл нийтлүүлж байв. Түүнээс хойш 12 жил өнгөрчээ. Би нутагтаа очилгүй ийм удсан аж. Тэгэхэд тэднийх Уртын даваан дээр байлаа. Сонины тэмдэглэлийг эргэн сөхвөл, тэр үед “…Батцэнгэл баяраараа их нас уралдуулж, бөх барилдуулан түрүү магнаг нь таван ханатай гэр, удаахьт нь өнгөт болон хар зурагтаар байлахаар бүх бай шагналыг өөрийн мөнгөөр бэлдсэн байв. Нийслэлээс олон хүн баярт очсоны дотор ХААИСийн багш, доктор Бямбацогт байлаа. Хэн нэгнийгээ сайн сайхан явааг харж, тэдний өндөрлөгт хүрэх хүсэл тэмүүллээр шинэ цагийн малчин, монголын хэв төрхийг бүтээхээр хөдөлмөрлөж байна…” хэмээн бичжээ. Бөхөд нь одоогийн улсын начин Энхбат, моринд нь Дашинчилэнгийн нэг морь түрүүлж бай шагналд нь сайхан эрээн гэр ачаад явж байсан юм даа.

Батцэнгэл маань дараа нь аймгийн, улсын сайн малчин болж алдраа мандуулан, арван хэдэн жил мянгат малчныхаа болзлыг хангаж, араасаа олон мянгат малчин төрүүлж, нутаг усандаа гэхэд гучаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ажээ.

Мал маллах хамгийн буянтай ажил гэдгийг зах зээлийн үед харуулсан хүний нэг нь Батцэнгэл. Ажил хийхээс залхуурахгүй, архи уухгүй зөв явахын үлгэр нь Батцэнгэл. Одоо Уртын гуравдугаар багийнхан 13 мянгат малчинтай, албан ёсоор бүртгүүлээгүй ч цаана нь зөндөө мянгат малчин бий гэнэлээ. Сайн хүний үлгэр гурван үедээ гэдэг энэ биз ээ. Гуравдугаар багийнхан муу зуршлаас ихээхэн хол байж, бие биедээ туслан, бэлчээр усаа булаацалдалгүй буягт малаа өсгөн хангалуун сайхан яваагийн цаана Батцэнгэл байгаа юм. Өөрөө тэгж хэлээгүй л дээ. Олон хүн сурвалжлаад ажилдаа мэргэшээд ирэхээр хүний хэлсэн наад үгнээс цаад утгыг олоод харчихдаг болдог.

Эднийх хавар мал төллөх үеэр гурван туслах малчин авчээ. Цалин өгөөд дараа нь мал тасалж, гэр бариад өрх толгойлуулаад гаргахаар итгэл даасан туслах малчин хөдөөд их дутагддаг юм байна. Хавар малаа төллүүлчихвэл ажил нь хөнгөрнө. Туслах малчнаа ч цөөлнө. Одоо нэг туслах малчин байна лээ. Тэр нь адууны эрэлд явжээ. Азарга азаргаараа салаад өвс хөөгөөд явсан бололтой.

Гэрийнх нь гадаа хоёр мотоцикль, тэвштэй машин хоёр, суудлын тэрэг нэг байна. Жип машинаа чухал үед хэрэглэдэг тул өөр газар бий ажээ. Сумын төвд ч, хотод ч байр сууцтай. Мотоцикль, машинаа Батцэнгэл, гэргий, охин НоминЭрдэнэ нь ээлж ээлжээр унаад ажлаа бүтээнэ. Нүүхэд хоёр машин ордог бололтой юм. Ер нь хэрэгцээтэй техник тэднийд цөм бүрэн байна. Зурагтаар наадмын сүүлчийн бөх үзэж, бүр нарийн хөтөлж харагдана лээ. Санжаадамба аваргыг унахад их харамсч, Түвшинбаяр аваргыг заан болоход баярлаж, бөхийн учраа, унаа, давааг тэмдэглэсэн дэвтрээ далд хийж байлаа. Бас түүнээс гадна өдрийн тэмдэглэл хөтлөх юм билээ.

Бидний очсоны маргааш Батцэнгэл хонио нөгөө бэлд бэлчээсэн. Залаагийн энгэр цагаан харагдавч яг яваад очихоор нарийн ногоо дүүрэн ургасан байна лээ. Байгаль гэдэг харагдах өнгөнд биш юм. Хөдөөгийн амьдралаа мартсан би энэ бүхнийг ухаарч, сургуульд ороогүй жаахан байхдаа нэгдлийн үнээний ферм дээр тугал татаж явсан газраа харуулдан суув. Хажууханд нь Д.Бор хоньчных байх. Тэр үед сүүний ферм Бүрэнханы ард гарна. Одоо тэнд дуучин Батболдын аав Хишигбаярынх зусч байна. Он оныг тэд маань энэ нутагтаа үдэж, тэр жилүүдийн дундуур амьдрал урсан өнгөрч, хүүхдүүд нь томорч, сургууль эрдэм хөөцгөөн, “шувуу шиг нисэн ирцгээж, нисэн одно”. Энэ хавьд одоо хэдхэн хүний үр удам үлдэж байна хэмээн Хишигбаяр санаашран хэлж байсан нь санагдаж байна.

Аав маань л их эрт малаа бэлчээдэг хүн байсан. Надад удамшсан мал маллах ухаан хэмээн улсын сайн малчин ярьж байв. Батцэнгэл улирал улирлын байдалд тохируулан хонь малаа бэлчээрлүүлж, хаваржаа, өвөлжөөгөө зөв ашиглаж, бас хажуугаар сум, багийн төрийн ажлыг амжуулж явна. Энэ хугацаанд байгалийн бэрхшээл олонтоо тохиолджээ. Хэдэн жилийн өмнө цас их унаж, зарим айлын гэрийг цасан дотроос ухаж гаргаж байжээ. Бас нэг удаа сүрэг чоно хоттой хонь руу нь дайрч, гараад мотоциклийн гэрэлд харахад тэнд ч нэг хонь тэрийн унаж, хажууд нь чоно, энд ч нэг чоно хажууд нь ямаа тэрийн унасан байж. Эхнэр нөхөр хоёр, хоёр мотоцикль асаан давхиж, хоёулаа буу тавин нэг юм чононуудыг хөөсөн ч маргааш нь үзвэл хэсэг мал нь алга болсон байжээ. Мал эзнийхээ аминд ордог юм шиг байна лээ. Дараахан нь би хагалгаанд ороод бие минь тэнхэрсэн гэж малчин хуучилж байв. Мал хүн хоёрын хүйн холбоог нүүдэлчин монголчууд л мэднэ дээ.

Биднийг очихын өмнөхөн Батцэнгэл, багийн төвийн барилгыг өөрийн 13 сая төгрөгөөр засч янзлаад байлаа. Хуучин барилга нь ашиглах аргагүй болж, багийн хурлаа айлд хийж төрийн ажил тийм хэмжээнд байсанд санаа нь зовж, мөнгө хөрөнгө гаргажээ. Бүжгийн талбай, сүүдрэвч хүртэл хийжээ. Ер нь багийнхан ноолуурын баяр гэхчлэн өөрсдийн баяртай. Тэр бүхнээр нийлэн сэтгэлээ сэргэтэл наадаж, баг баг болон тэмцээн зохиодог байна. Гэсэн ч архиар нааддаггүй нь манай хотынхонд туршлага болмоор зүйл юм билээ. Шинэ барилгын ёслол хийх юм гэнэлээ. Ёслолд хэрэглэх идээ ундаа бэлтгэхээр хот явна гэж ярьж байв. Улсын сайн малчин Батцэнгэл хаа байгаа хойт хил дээр ажилладаг заставынханд хүртэл унааны морь бэлэглэж, улсын ачааг хөнгөлж байна. Өөрөө хилийн цэрэгт алба хашсан хүн.

Энэ бяцхан хөрөгт түүний хийсэн бүтээснийг багтаах боломжгүй. Сайн малчин Батцэнгэл аргагүй л өөр, үлгэр жишээ болсон малчин юм. Тэрбээр нутаг усны буян болсон соёлын үнэт өвийг сумандаа байлгах холын бодолтой. Авсан гаанс нь гэхэд аравт багтана гэж байв. Түүний тухай бичиж суухад нийслэлд усархаг бороо шивэрч байна. Болдогсон бол хөдөөдөө аваачаад өгөх юмсан. Булган аймгийн Могод сумын гуравдугаар багийн улсын сайн малчин Батцэнгэлийн тухай хөрөгөө ийнхүү жаргаав.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.ОЮУН

Categories
мэдээ цаг-үе

Ө.Батбаяр: “Robocon-2017” олон улсын тэмцээнд бид шөвгийн дөрөвт үлдэх зорилго тавиад, бэлтгэлээ хийж байна

Токио хотноо наймдугаар сард зохион байгуулагдах “ABU Robocon-2017” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн удирдагч, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн багш Ө.Батбаяртай ярилцлаа.


-Өнгөрөгч тавдугаар сард зохион байгуулагдсан үндэсний роботын тэмцээнд МУИС-ийн баг зургаан жилийн дараа түрүүлж, аваргын цомоо эргүүлж авлаа. Мөн та “Шилдэг удирдагч багш” шагналын эзэн болжээ. Баяр хүргэе?
-Зургаан жилийн дараа эргүүлж авлаа гэж онцлох болсон нь манай сургууль 2007-2010 онд дөрвөн жил дараалан аварга болж байлаа. Энэ бол Робокон тэмцээн зохион байгуулагдаж эхэлснээс хойш давтагдаагүй амжилт юм. Түүнээс хойш хэсэг хугацаанд завсарлаад энэ жил түрүүгээ авч байна.

-Токио хотод зохиогдох олон улсын тэмцээнд оролцох бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Энэ удаад гүйцэтгэх даалгавар урьд жилүүдийнхээс ямар онцлогтой байгаа вэ?

-Даалгавар 2009 оноос эхэлж жилээс жилд хүндрэх болсон. Энэ жилийн даалгаврын хувьд нисдэг таваг шиг маш хөнгөн, пролонон дискийг хол зайд нисгэх юм. Хүүхдийн тоглоом л гэсэн үг. Гэхдээ түүнийг зүгээр нисгэхгүй, ямар нэг зүйлийг онох, нэг байрлалд аваачих эсвэл юманд тогтоох шаардлагатай гэхээр зүгээр нэг тоглоом биш болж байгаа юм. Манай баг таван гишүүнтэй. Үндэсний роботын тэмцээн олон улсын дүрмээр явагддаг учраас даалгавар нь ижил. Сая үндэсний тэмцээнд оролцсон роботынхоо хурдыг сайжруулах бэлтгэл хангаж байна. Олон улсын тэмцээнд Ази Номхон далайн бүс нутгийн 20 орноос гадна ОХУ оролцдог.

-МУИС-ийн баг урьд нь чамлахааргүй амжилт үзүүлж байсан. Аль улсын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байдаг вэ?

-МУИС-ийн баг 2007-2010 онд улсад түрүүлж, олон улсын тэмцээнд оролцохдоо дандаа тусгай байрын шагнал авч байсан. Шилдэг наймд үлдсэн багуудыг шагнадаг юм. Бидний үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь “Best engineering award” шагнал байсан. Хоёр удаа “Toyota award”, нэг удаа “Mabuchi motors award” шагнал хүртсэн. Бид шилдэг наймд үлдсэн ч шөвгийн дөрвийн нугалаанд Хятадтай эсвэл тухайн жилд сайн байсан багтай таарчихаад байлаа.

-Энэ жилийн тухайд ямар амжилт гаргахыг зорьж байна?

-Шударгаар хэлэхэд шөвгийн дөрөвт үлдэхийг зорьж байна. Япон, Хятад, Вьетнам гурван улс 30 секундэд үндэсний ялагч болсон. Харин бид нэг минутад дуусгах зорилт тавьж байна. Тэгэхээр тэр гуравтай наана нь таарчихгүй бол бидэнд хожих боломжтой баг бий. Хол тасарчихсан нөхдүүд бол Япон, Хятад хоёр л байна. Бусадтай нь бол эн тэнцүү үзнэ. Шөвгийн дөрөвт үлдээд тэдэнтэй таарвал, тэмцээн юм чинь асуудал гарна. Бид удаан ч гэсэн найдвартай ажиллаж чадах юм бол хожихгүй ч гэсэн давуу талтай.

-Үндэсний тэмцээнээс МУИС-ийн баг ямар онцлог шийдлээр түрүүлсэн бэ?

-Үндсэн тэмцээнд бид хагас автомат төхөөрөмжтэй орсон нь бидэнд маш том давуу тал болсон. Бусад багууд тохиргоогоо тухайн агшинд гараар хийж байсан. Программчилсан төхөөрөмж бидэнд цаг хожих боломж олгосон. Гэхдээ бид цэвэр хожил хийж чадаагүй. Туршилтын үед бол хоёр минутад хийж байсан. Түүнийгээ нэг минут болгохыг зорьж байна.

-Монгол оюутнуудад бусдаас ялгарах онцлог, давуу тал бий юу?

-Айхтар онцлог үгүй. Бусад орны оюутнуудтай адил. Бид дутуу ч биш, илүү цоорсон ч биш. Бидний хувьд нэг сайн гэх юмуу, арай өөр нөхцөл байдал байдаг. Тэр нь Монгол үйлдвэрлэгч орон биш учраас бараа материал бүх зүйл гаднаас хамааралтай. Гоё гоё технологийг тэр бүр хурдтай нэвтрүүлж чаддаггүй. Тэр ч утгаараа бид хуучин юм ашиглаж хийдэг. Юмхнаар юм хийж зохион бүтээсэн роботууд олон улсын тэмцээн дээр ялгарч харагддаг. Шийдлийн хувьд олон улсад өрсөлдөхүйц байж чаддаг.

-Ирээдүйг өнгөлөх инженер, зохион бүтээгчдээ улс орон, яам тамгын газар хэр их анхаардаг вэ?

-Энэ тэмцээнд улсаас биднийг дэмжиж байсан удаагүй. Урьд нь ч тэр, одоо ч тэр. Оюутнууд, эцэг эхчүүд, багш нар өөрсдийн чадлаар явдаг. Яахав, хувийн хэвшлийн компаниудаас дэмжлэг хүсэхэд тодорхой хэмжээнд дэмжиж байсан. “Юнител” компани 2007-2010 оны хооронд дөрвөн жил ивээн тэтгэсэн. Яг одоо бол манай сургууль санхүүжүүлж байгаа. Мөн монгол оюутны электрон сүлжээ ЭМОС анхнаас нь дэмжиж байсан.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг гэдэг. Таны хувьд Робоконд оролцож буй багийн оюутнуудтайгаа хэрхэн ажилладаг вэ?

-Яг одоо миний арга барил энэ гээд шууд хэлж мэдэхгүй байна. Хүмүүс хараад Ө.Батбаяр ингэж ажилладаг гэж мэддэг л байх. Багш хүн учраас тухайн тохиолдолд, тухайн багт яаж тохируулж удирдах вэ гэдэг маневр хийх хэрэгтэй болдог. Хамгийн чухал нь, багийн ахлагчийг сонгох гэж боддог. Би хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй учраас багийн ахлагчийг зөв сонгоход анхаардаг.

-Робокон тэмцээнд оролцох нь тухайн оюутнуудад ямар сайн зан чанарыг төлөвшүүлдэг вэ. Энэ тэмцээнд амжилттай оролцож байсан хүүхдүүд өнөөдөр хаана юу хийцгээж явна?

-“Робокон” тэмцээнийг даваад гараад ирсэн хүүхдэд энэ нь маш том сургууль болдог. Багаар ажиллаж сурна. Хариуцлагатай, юмны ард гарч чаддаг болно. Бие даалтаа хийхээ больё, нэг удаа муу авна л биз гэсэн ойлголт байхгүй. Ямар ч байсан ард нь гарна гэсэн бодолтой болдог. Манайд зохион бүтээх чиглэлийн хүмүүсийг үнэлдэг компани алга. Азийн улс орнууд “Робокон”-д оролцсон хүүхдийг маш өндөр үнэлдэг. Ажилд орох эсвэл мэргэжил дээшлүүлж сурахаар CV бөглөхөд энэ нь маш том давуу тал болдог. Тэмцээнд оролцож байсан хүүхдүүд бүгд мэргэжлээрээ ажиллаж байна. Миний удирдаж байсан шавь нараас Японд арав гаруй залуу “Панасоник”, “Сони”, “Тоёота”-д ажиллаж байгаа. Энэ удаа Японд очоод тэр хэдтэйгээ уулзана гээд жижигхэн төлөвлөгөө боловсруулчихсан байна.

-Гадаадын том компанид ажиллах сайхан ирээдүйг мөрөөдөж буй оюутан сурагчид юунд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?

-Дунд сургуульд байхдаа мэдээж суурь шинжлэх ухаан болох математик, физикийн хичээлдээ маш сайн байх хэрэгтэй. Үүний дээр орчин үед мэдээллийн технологийн тал бүрийн мэдлэг зайлшгүй шаардагдаж байна. Би “Робокон” тэмцээнд оролцох оюутныг сонгохдоо юун түрүүнд тухайн хүний тэсвэрт чанарыг хардаг. Учир нь тэмцээнд бэлтгэх явцад тэдгээр оюутнаас маш их хичээл зүтгэл шаардагдана.

-“Робокон” тэмцээнд өгөгдсөн даалгаврууд бодит амьдрал дээр хэзээ, яаж ач тусаа өгдөг вэ?

-“Робокон” тэмцээний дүрэм нь өөрөө амьдралд хэрэгтэй процессыг хялбарчлах, шийдэл олоход оршдог. Бидний шийдлийг хэзээ, хаана, хэн, юунд ашигласныг бид мэдэхгүй. Тэмцээн явагдаж байна, даалгавар өгсөн байна, түүнийг шийдсэн шийдлийг тэр тэмцээнд оролцсон оюутан нэг газар ажиллаж байхдаа, зохион бүтээхдээ ашигласан байж болно. Жишээ нь, энэ жилийн тэмцээнд нисдэг тавгийг шидээд тавцан дээр байрлуулах гэж байгаа. Дискийг ийм нарийвчлалтай, ингэж байршуулах янз бүрийн шийдлийг олон орны оюутнууд гаргаж ирнэ. Хэрэглээ нь юунд байж болох вэ, энэ процессыг хаана яаж ашиглах вэ гэдэг бол үйлдвэрлэгчдийн асуудал юм.


Categories
мэдээ улс-төр

Г.Шийлэгдамбад 5.1 жил, түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял оноолоо

Image result for МАХН-ын генсек Г.Шийлэгдамбад ял

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдөр болж өчигдөр орой шийдвэрээ гаргалаа.

Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөсөн юм. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг авч хэлэлцээд Г.Шийлэгдамбад 5.1 жил, харин түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгсөн байна. Харин ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.