Categories
мэдээ нийгэм

‘Мэргэн буудагчийн зааг-2017’ тэмцээн үргэлжилж байна

Related image

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины санаачилгаар зохион байгуулагддаг ‘Олон улсын цэргийн тоглолт-2017’ үргэлжилж байна. Тоглолтын хүрээнд Казахстан Улсын Жамбул мужийн ‘Гвардейский’ цэргийн баазын сургалтын төвд ‘Мэргэн буудагчийн зааг’ тэмцээн өчигдөр эхэлсэн юм.

Тэмцээнд Азербайжан, Армен, Бангладеш, Беларусь, Венесуэл, Грек, Зимбабве, Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, Киргиз, Монгол, ОХУ, Тайланд, Узбек, ӨАБНУ зэрэг 17 орны 160 гаруй мэргэн буудагчид цэц мэргэн, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээ сорьж байна.

Тэмцээний зорилго нь улс хоорондын олон улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шилдэг мэргэн буудагч, мэргэн буудагчийн хослол, багийг тодруулах, мэргэн буудагчдын тэргүүн туршлага, бэлтгэлийн арга барилыг дэлгэрүүлж, цэргийн хэрэгт нэвтрүүлэх зэрэгт оршдог.

Тэмцээн нэг бүрийн сорил, хослолын сорил, мэргэн буудагчийн буухиа гэсэн гурван үе шаттай явагдах бөгөөд тамирчид мэргэн буудагчийн винтов СВД буу, өдрийн болон шөнийн хараа, гар буу ПМ, сургуулийн дуу чимээний РГД гар гранат ашиглах аж.

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн найман хүний бүрэлдэхүүнтэй үндсэн баг, багийн ахлагчаар ЗХЖШ-ын цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа С.Түвшинбаяр, шүүгчээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч дэд хурандаа Л.Ундралбат нар оролцож байна.

Өнгөрсөн жил монголын баг тамирчид анх удаа оролцож багийн дүнгээр тавдугаар байр, мэргэн буудагчийн хослолын төрөлд ахмад Н.Мөнхбаатар /119/, ахлах ахлагч Н.Баясгалан /016/ нар гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн юм.

‘Мэргэн буудагчийн зааг-2017’ тэмцээн энэ сарын 9-нд өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын хүчит бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өнөөдөр явагдана

Бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өнөөдөр явагдана“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ.
Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар­сайхан, Б.Пүрэв­сайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Хүчит бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өнөөдөр явагдах юм. Харин маргааш 5-9 даваа явагдана.
Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай. Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО:”Даншиг наадам-Хүрээ цам 2017″ Шашин соёлын наадмын эргэн тойронд

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин соёлын наадам өнөө жил Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа билээ. Манай сурвалжлах баг Төв цэнгэлдэх хүрээлэнд бол буй “Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин соёлын наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг газар дээр нь очиж сурвалжиллаа. Өнөөдөр үүлэрхэг сэрүүн өдөр таарсан тул наадамчин олон сэтгэл тэнэгэр алхаж байлаа. Төв цэнгэлдэхийн ойр орчим хүний хөл хөдөлгөөн багатай, гадаадын жуулчид түлхүү явж байгаа нь харагдсан.

Өнөө жил Нийслэлээс 120 гаруй аж ахуйн нэгжид иргэдэд үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Цэнгэлдэхийг тойрсон олон цагаан асарт цөөн хэдэн иргэд хуушуур худалдан авч, үйлчүүлж байлаа. “Булганы айраг, Халиартай хуушуур” хэмээх хаягтай асарын өмнүүр өнгөртөл, нас тогтсон эмэгтэй “хонины шинэ махтай хуушуур аваарай, хүйтэн ундаа байна шүү” хэмээн дуудлаа. Бид ч очоод хуушуур, ундаа, усны үнийг сонирхон асуув.

Энэхүү асарт хуушуур 1000, айраг 2500-3500 төгрөг, хуушуур авбал цай үнэгүй дагалдана гэж байлаа. Өнгөрсөн наадмаар ч ийм үнэтэй байсныг иргэд санаж буй биз. Ийн Төв цэнгэлдэхийн гадуур хүн багатай, сэлүүхэн чөлөөтэй байв. Мөн иргэд даншиг наадмыг үнэ төлбөргүйгээр үзэн сонирхож байна.


Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын үеэр120 аж ахуй нэгж иргэдэд үйлчилж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр “Даншиг-Хүрээ цам” наадам эхэлж байна. Даншиг наадмын үеэр Төв цэнгэлэхэд нийслэлийн мэргэжлийн хяналтын 25 улсын байцаагч болон явуулын нэг лаборатори ажиллаж байна.

Даншиг наадмын өдрүүдэд нийт 120 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөл авч иргэдэд үйлчилж байна Эдгээрээс 80 хувь нь хуушуурны асар байгаа бол үлдсэн 20 хувь нь бэлэг дурсгал, аялал жуулчлалтай холбоотой үзэсгэлэн худалдааны асрууд юм.

Улсын байцаагч нар аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгч ажиллаж байгаа тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн улсын байцаагч Х.Чимэгээ мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хүрээ цам даншиг наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ

Яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлж байна. Барилдаанд даншгийн аварга Р.Пүрэвдагва, даншгийн заан Б.Гончигдамба, Түмэндэмбэрэл, даншгийн начин Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж, Э.Энхбат нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглож байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амгалан: Улстөрчид, төрийн албан хаагчдын улс, эх орон, үр хойчоо бодох мэдлэг, чадвар нь дутаад дүр эсгэгчид олширвол хэцүү дээ

Төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратеги судлаач Ж.Амгалантай ярилцлаа.


-Монгол Улсад эдийн засгийн хүндрэл, утаанаас эхлээд бидэнд сэтгэл чилээх асуудал бишгүй л байна. Та улсын аюулгүй байдлыг хангах чиглэлийн судлаач хүний хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

-Иргэд аюулгүй байдалдаа, нийгэмдээ, байгаа орчиндоо санаа зовно гэдэг бол улс дотоод аюулгүй байдалд, үндэсний бахархалд, эрхэмлэх зүйлд тодорхой эрсдэл бий болсныг харуулж байгаа юм. Тэгэхээр нийгмийн ёс суртахууныг дээшлүүлж, энэ олон асуудлуудыг шийдэхэд иргэд оролцдог итгэл сэтгэл, дэмжлэгийн холбоос бий болгох хэрэгтэйг харуулж байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс ард түмний хүслийг уудалж үздэггүй, амьд холбоогүй, эрүүлээр сэтгэж бодитоор гүйцэтгэх чадавхи, ёс суртахуун нь ард түмний шаардлагыг хангахгүй байгаа нь ингэж илэрдэг байх. Төрд мэдлэгээс гадна ёс суртахууныг оруулж ирэх хэрэгтэй. Төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ёс суртахууны байдалд судалгаа хийхэд 74 хувь нь нэгдүгээрт хувийн эрх ашгаа хамгаалах байр суурь баримталдаг гэж гарсан байна лээ. Тэр нь хөрөнгө санхүү захирах, албан тушаалын томилгооны эрх, шийдвэр гаргах эрх мэдэл, албаны унаа хэрэглээ, ажлын байрны тав тух гэж харагдаж байна. Ийм сонирхлоор дарга төрүүлээд байвал тэр чинь сүйрэл дагуулна. Нийгмийн, цаг үеийн шаардлагыг төр эргэж харахгүйгээр, судалж анхаарахгүйгээр цаашаа явах боломжгүй. Олны хүлээлтийн хариу гэж нэг их том зүйл хайгаад хэрэггүй.

-Ер нь бол төрд алба хашиж буй хүмүүсийн авлигын асуудлаас эхлээд иргэдийг бухимдуулдаг зүйл олон. Энэ чиглэлд төр засаг анхаарал хандуулж байгаа гэх хэдий ч үр дүн хамгийн чухал л даа. Үр дүн гарах болов уу?

-Авлига улсын нийгэм-эдийн засгийн системд далд байдлаар мөнгө, хөрөнгөний ашиг сонирхлын сүлжээ үүсгэж материаллаг үнэт зүйлийг хуулийн аргаар хууль бусаар завших замаар улсын төр, нийгмийн байгуулал, эдийн засгийн чадавхийг сулруулан чөдөрлөж байна. Энэ нь нийгмийг дотроос нь чимээгүй хордуулахаас эхлээд олон талын сөрөг үр дагавартайг иргэд мэдэж байна, мэдэрч байна. Тэгээд л бухимдаад байгаа юм. Төрийн удирдлага авлигын торон сүлжээний бодлогод татагдан орох, улсын хөрөнгө мөнгө-санхүү, материаллаг үнэт зүйлийн нэгээхэн хэсэг авлигын далд эргэлтэд орж, хэсэг бүлэг хүмүүсийн зохицуулалттай бааз бий болох аюулыг гаргаж болохгүй л дээ. Авлига амь бөхтэй, өргөн сүлжээтэй, залгамж чанар, санах ой-нууцлал өндөр, тэр бүр яриад олонд түгээд байх нь ховордож, элитарный хэлбэрт орвол нэн хэцүү юм тэр. Хээл хахууль авлигад идэгдсэн улс оронтой, тийм удирдлагатай шударга нийгэм, эдийн засаг-хөгжил цэцэглэлт, ард түмний нийтлэг сайн сайхны тухай ярих утгагүй. Цаашлаад хөрөнгө оруулалт, баялаг, шударга тогтолцооны тухай, улс орноо батлан хамгаалах тухай ярихад хүндрэлтэй. Эдгээр нь хүндрэлтэй болоод ирэхлээр үндэсний аюулгүй байдлын асуудал босч ирнэ. Ийм юмыг л олон түмэн тэвчин назгайрч болохгүй гээд байна шүү дээ. Хэрсүү, холч бодолтой ард түмэн хөгждөг нь жам ёсны хэрэг байх.

-Сүүлийн үед ард түмний анхаарлын төвд 60 тэрбумын гэх асуудал орчихоод байна. Эхэндээ ард түмэн гайхаж, эргэлзэж хүлээж авсан. Одоо бол үзэн ядалтын хэлбэр рүү шилжчихлээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ч гэх юм. Энэ асуудлын нарийн цаад зангилааг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг-хөгжил, аюулгүй байдлын асуудалд олон талаас нь гүнзгий судалгаа, тооцоо хийхгүй, тэр эрсдлүүдийг олж харж гаргаж чадахгүй урсаад байвал тодорхой цаг хугацааны дараа улам хүнд байдалд орно. Улс орон хөгжих, ард иргэд нь сайн сайхан байх олон боломжуудыг авлигын сүлжээ халхалчихаар бид урагшаа явахгүй. Оросын “какая кормушка, такая и избушка” гэдэг үг байдаг. Манайх дотоод аюулгүй байдал талдаа тийм ч сайн биш, хариуцлага, сахилга бат муу байна. Хэн ч байсан ялгаагүй хуулийн дагуу татвар төлдөг, харин албан тушаалын татвар бий болгоно гэдэг бол төрийн байгуулалтын эсрэг, улсын хөгжлийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Төрийн эрх мэдлийн төлөө ингэж болохгүй, олон түмэн мэддэггүй, хардаггүй гэж эндүүрч болохгүй. 60 тэрбум гээчийн схемыг сайн уншвал муу үр дагавар дагуулах юмнууд их олон харагдаж байна лээ. Ёс суртахуунаа цэвэрлээч л гэмээр байна даа.

-Үүнээс ч дутахгүй асуудал нь оффшор болчихлоо. Оффшорын асуудлыг та юу гэж үздэг вэ?

-Ямар ч хүн хөрөнгө, мөнгөтэй болох хялбар арга хайдаг. Тухайн оронд, нийгэмд, салбарт нь авлигын сонголт, гарц шийдэл байвал түүнийг ашиглаж, зардлаа хяналтгүй өсгөж авах нь ойлгомжтой. Зарцуулснаа буцааж өсгөж авахад эвтэйхэн хаалт, ашигтай хувилбар бол авлига гэж судлаачид үздэг. Эрх зүйт төрд хуулийн лобби хүртэл авлига халхлах эрсдэлтэй. Олон улсад “Great Game” манайхаар их өрөг буюу том тоглолт гэж ярьдаг ойлголтод бид татагдаад орчихсон. Төрийн нөмөр нөөлгөөр орлого ихтэй бизнес хийгээд үзчихсэн, түүнтэйгээ бүх юмаараа холбогдчихсон, эх орон ард түмнээ гэх сэтгэлгүй хүмүүс улс төртэй, шийдвэр гаргах түвшингийн ажилтай бараг амиа тавьтал зууралддаг жамтай эд. Оффшорыг сайн ойлгож, мэдэж байж шийдэхгүй бол тийм ч амар биш. Уурхай баялгийн маань хамаг орлого тэнд эргэлдэж, гадны банкуудыг хөлжүүлээд байгаа бол тун харамсалтай байна.

-Манай улсын эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан гээд шуугиж байгаа. Бид яагаад ийм байдалд орсон гэж харж байгаа бол?

-Ямар ч улс эдийн засгаа олон тулгууртай байлгах сонирхолтой, хөрөнгө оруулалтын аюулгүй байдал, төсвийн аюулгүй байдал, төсвийн орлогын аюулгүй байдал, төсвийн зарлагын хяналтын тогтолцоог чанга барьдаг. Манайд төсвийн тогтвортой байдлын хууль бий. Б.Чимид багш нэг удаа Засгийн газар гэдэг чинь цалин тавихын төлөө биш хууль биелүүлэхийн төлөө байдаг юм шүү гэж хэлж байсан. Хууль биелүүлэх, хууль сахиулах гэдгийн зааг ялгааг ойлгож, заавал биелүүлж байж улс, нийгмийн аюулгүй байдал хангагддаг, заавал сахиж байж хамгаалагддаг олон асуудлыг эрх зүйт төртэй улс хатуу мөрдөх шаардлагатайг л орхигдуулчихсан юм.

-Сонгуулиудаас харж байхад иргэдийн төрдөө итгэх итгэл маш их суларсан нь ажиглагдсан. Үүний шалтгаан юу вэ?

-Манай олон нийт нийгмийн зүгийн дэмжлэг, үнэнд, шударга ёсонд итгэх эрмэлзэл өндөр байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь улстөрчид, төрийн албан хаагчдын улс, эх орон, үр хойчоо бодож тооцоолох мэдлэг, чадвар, тийм оюуны бяд нь дутаад, дүр эсгэгчид олширч, дээд албан тушаалд хүрээгээ тэлээд байвал хэцүү дээ. Тэр авлига, хээл хахууль, офшорыг жирийн иргэн бий болгоогүй. Манай нэг мундаг хашир дарга “Манай улсын гурван хүн тутмын нэг нь хулгайч болох нь байна шүү” гэж 1995 онд хэлсэн байдаг. Одоо хардаа яг үнэн байгаа биз дээ. Энэ онигоо биш холыг харсан ухаантай хүний үг байж гэдэг нь улам тодорхой болж байна даа.

-Төр мэдээж иргэдийн бухимдал юунд байна гэдгийг хардаг л байх. Тиймээс олны шүүмжлэл, санал, санаачилга, оролцоог ажил хэрэг болгох тал дээр төр ер нь ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Ажил хийх хууль, заавар, журам нь аль ч салбарт хангалттай бий. Олны санал, санаачилгыг ажил хэрэг болгох, тэр нь бодит үр дүнгээ өгөх тал дээр төрийн албан хаагчид нэг зүгт харах хэрэгтэй. Хувийн эрх ашиг, нам, бүлэглэл, явцуу эрх ашиг боддог хүмүүс бүх шатанд байна, тэд энэ аргаар ажилд очдог нь нууц биш. Тэд энэ бодлоосоо салахгүй бол цаашаа явах амаргүй. Нэг үгээр хэлбэл цаашаа явахгүй гэсэн үг. Хүний итгэл олоод ажилд очсон бол хулгай хийж, мөнгө зөөж биш шударга ажиллаж хүнд хань болж, хүн чанараа хадгалах нь хамгийн чухал. Дарга нарыг аргалж байгаад сайд болдог жишиг манайд бий болсон. Сайдын ажил сайхан гэж эндүүрэх хүмүүс олон болсон. Тэд алдаагаа засчихдаг тийм оюун санааны чадвартай болчихвол төрийн ажилд шударга ёс тогтож, улс хөгжих боломж бий болно. Үүнийг хийж эхэлмээр байна. Энд хөрөнгө мөнгө хэрэггүй, цаг хугацаа, хүний ухамсар, ёс суртахуун л шаардагдана. Монгол хүний зан үйлийн горим, ёс суртахуун тун нарийн уялдаа холбоотой учир тэнгэрлэг монголчууд гэдэг. “Ерөөсөө болье, зөвхөн улсынхаа төлөө” гээд санаа бодлоо нэгтгэвэл бид чадна. Монгол проблемуудаа ялна. Тийм нөөц /manpower and humanresources/-тэй, өөрийн брендтэй ард түмэн шүү дээ бид чинь. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн үнэт зүйлээ алдаагүй байгаад их бахархсан шүү. Хүн бүр хичээх цаг ирчихлээ, цаашид худлаа даа худлаа гээд суугаад байвал биднийг сөнөх, мөхөх хувь заяа угтана, тэгж л итгэлээ алдаж болохгүй шүү. “Улс төр бол тоо юм, тоо хүч юм, хүч мөнгө юм” гэж Японы алдарт Танака Какүэ зүгээр ч нэг хэлээгүй байх.

Categories
мэдээ цаг-үе

Намын даргын төлөө алалцаж байгаад намрын ажлаа мартав даа!

Image result for тусгаар тогтнол ордонЗуны зунд бүх ажлаа хаян хөдөө орон нутгийг зорьж, найр наадам хэсдэг ард түмэнтэй манай улсын бүхий л салбарын ажил зөвхөн энэ л улиралд цалгарддаг. Гэхдээ энэ жил урьд өмнөх, бусад жилүүдийнхээс урт назгайрч байна. Тавдугаар сар гарч, сонгуулийн дуулиан эхлэхтэй зэрэгцэн таг зогссон төрийн ажил ирэх намраас нааш эмх, цэгцэндээ орж, эргэж сэргэхгүй шинжтэй. Бүр төрийн маань механизм намартаа хөдөлж эхэлвэл их юм. Яагаад гэвэл сонгуулиас улбаатай улстөржилт, тамганы төлөөх тэмцэл одоо ч халуун хэвээрээ. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь сандал, суудлын төлөөх дараагийн марафоны эхлэлийг тавьчихжээ.
МАН-ын даргын тамга эзэнгүй, Ерөнхий сайдын суудал ганхаж, Засгийн газрын гишүүд түгшиж, төрийн албан хаагчид ээлжит цомхотгол эхлэхээс айж байгаа гэхэд хилсдэхгүй. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр улс төрийн ээдрээтэй, эгзэгтэй энэ үед буруу хөдөлж халагдахаас айсан төрийн албан хаагчид бүр ч үхээнц болчихож. Энэ байдал лав есдүгээр сар гарч МАН-ынхныг асуудлаа шийдтэл үргэлжлэх төлөвтэй. Одоо байгаа удирдлагууд нь үлдвэл асуудал гайгүй ч солигдчихвол эрх баригчдын хоёрдугаар ээлж хоолондоо орох компанит ажил эхэлж өвлөөс нааш төр цэгцрэхгүй. Ийм л учраас МАН дахь Зүүний хүчний холбоо, Хотын болоод Увсын фракцийнханд улсын бус намын асуудал нь одоо хамгийн чухал. Энэ нь ч сонгуулийн жилтэй зэрэгцэн эхэлсэн хар PR өнөөдөр нэгнээ намнах хэвлэлийн дайнаар солигдсоноос ил харагдах болсон. Тэгэхээр эрх баригчдаас дотоод самуунаа эртхэн цэгцэлж, төр түмнийхээ төлөө нэг өдрийн өмнө ч болов ажиллаж эхлэхийг шаардах шаардлагатай болчихоод байна. Намын даргын төлөө алалцаж байгаад намрын ажлаа мартав аа гэдгийг давхар сануулах хэрэгтэй байх.
Монгол орны энэ зун ямар байгаа билээ. Нийт нутгийн 80 хувь нь дөнгөж одоо л ган тайлах төлөвтэй, улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах нь тодорхой болсон. Хадлан авах тухай яриад ч хэрэггүй. Гадаад худалдаа, гадаадаас худалдан авалт, гурил, будаа, шатахууны нөөц, тариа хураалт эхлэх болон дуусах хугацаа гээд улс орны гал тогооны ажил ямар байгаа тухай дүн мэдээ ор сураггүй байсаар байна. Ийм таагүй жилийг хохирол багатай даван туулахын тулд ирэх намраас бус өнгөрсөн хавраас ажиллаж эхлэх хэрэгтэй байсан. Онцгой сануулгатай байгаа энэ үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд, Хөдөө аж ахуйн болоод бусад яам, газар, агентлагийн эрхэм удирдлагууд нь тамганы уралдаанд оролцох бус түмнийхээ төлөө ажиллавал хэрэгтэй байгаа. Гэнэтийн, нэг л шалгалтад бүгд бүдэрснийг монголчууд нийтээрээ харсан. Америк кинон дээр бүх үйл явдал өрнөөд, дууссаны эцэст цагдаа нь очдог шиг ойд түймэр дэгдээд, шатаад дууссаны дараа бүгд сүр бадруулан, эх орноо аварч байгаа баатрын дүрээр хэдэн өдөр түмний нүдэнд ил гараад ахиад л сураггүй. Бүр эрхэм сайд, дарга нарын амнаас гантай зуны талаар ганц ч үг ганхийсэнгүй. Ийм унхиагүй байсаар хүйтэн намар, зудтай өвөл, хахир хаварт хамаг байдагаа барах юм биш биз.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Хүний шээс эрчим хүч болно

Related image

Английн эрдэмтдийн хүний шээснээс эрчим хүч гаргаж авах туршилт амжилттай болжээ. Хүний шээсэнд маш олон бичил биет байдаг гэнэ. Тэр нь эрчим хүчний эх үүсвэр болно. Удаан жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд хүрсэн энэхүү төслийг тэрбумтан Билл Гейтсийн гэр бүлийн байгуулсан “Меланда Гейтс” сан санхүүжүүлжээ. Энэ гэр бүл өмнө нь Африкийн буурай хөгжилтэй орнуудад хумхаа өвчинтэй тэмцэхэд 500 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн.

Сүүлийн үеийн мэдээгээр Билл Гейтсийн гэр бүл 90 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшиж байгаа. Түүнээсээ гуравхан тэрбумыг л гэр бүлийн хэрэгцээнд үлдээж бусдыг нь буяны үйлсэд зарцуулна. Зарим эх сурвалжийн мэдээгээр шээснээс эрчим хүч гаргах санаа маш сонин нөхцөлд үүссэн гэнэ.
Африкийн хөгжил муутай орнуудын маш олон иргэд цэвэрлэх байгууламжгүй орчинд амьдардаг. Тэдний хамгийн том бохир нь шээс. Мөн жаахан цэвэр усыг нь бохирдуулагч нь шээс. Гэтэл буурай орнуудын хамгийн том асуудал нь цахилгаан удаах нь эрчим хүч аж. Африкийн нэгэн буурай орны жижигхэн тосгоны захирагчаас Б.Гейтс “Та тосгоноо хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд юу хийх хэрэгтэй гэж бодож байна” гэж асуужээ. Хариуд нь тосгоны захирагч “Шээснээс салж, цахилгаантай болмоор байна” гэжээ. Үүнээс санаа авч тэрбумтан Б.Гейтс эрдэмтдэд санал тавьснаар энэ төсөл эхний үр дүнгээ өгсөн байна.
Одоогоор шээсэн цахилгаан гар утас цэнэглэж чадаж байна. “Дэлхийн 6.5 тэрбум хүний шээсийг ашиглаж чадвал хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр болно” гэж төслийн удирдагч эрдэмтэн ярьжээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанжаргал: Мартагдсан, сэргээхийг хүсдэг, сэргээх ёстой ардын дуунууд их байна

“Дүүриймаа” дуугаар олноо танигдсан дуучин Б.Алтанжаргалтай ярилцлаа. Тэрээр “Идэр жинчин” хэмээх цомгоо гаргажээ.


-Шинэхэн цомгоо гаргасан байсан. Цомогт ямар дуунуудыг багтаасан бол?

-“Идэр жинчин” нэртэй цомгоо гаргасан. “Дүүриймаа”, “Ганган хул”, “Янлин хуар”, “Янжуур тамхи”, “Аргагүй амраг” зэрэг нийт арван ардын дуу, “Идэр жинчин” хэмээх уртын дуунаас цомог маань бүтэж байгаа. “Аргагүй амраг” дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалантай хамтран дуулсан. Харин “Сүнжидмаа”-г уртын дууч Б.Батцэцэглэнтэй хамтран дуулсан.

-Таныг “Дүүриймаа”-г дуулснаар нь үзэгч, сонсогчид сайн мэднэ. Энэ дууг дуулах болсон тухайгаа яриач?

-Би СУИС-ийг уртын дууч мэргэжлээр төгсөөд яг ч мэргэжлээрээ ажиллаагүй л дээ. Ажлын гараагаа морин циркээс эхэлсэн. Дараа нь Багануур ХК-д ажилласан. Одоог хүртэл энэ компанидаа ажиллаж, хажуугаар нь уран бүтээлээ туурвиж байна даа. Харин анхны уран бүтээлээ сургуулиа төгссөнөөс зургаан жилийн дараа буюу 2012 онд дуулсан юм. Миний уран бүтээлийн эхлэл “Дүүриймаа”-аар эхэлсэн гэж ойлгож болно. Анх уран бүтээлээ хийхээр зэхэж байхдаа ямар дуу дуулах вэ гээд л эрэл, хайгуул хийж байгаад “Дүүриймаа”-г дуулахаар болсон. Ерөнхийдөө мартагдаж байсан дууны нэг л дээ. Энэ дуу дурлалт залуу нь сэтгэлтэй бүсгүйгээ дээлээ гандтал хайж яваа тухай домогтой юм билээ. Дуу маань хүмүүст их сайхан хүрсэн.

-Ардын дуунаас өөр жанраар дуулъя гэсэн бодол байдаг болов уу. Тийм санал ирдэг үү?

-Монголчууд маань нийтийн дууг шимтэн сонсдог болсон байна. Мэдээж энэ чиглэлээр дуулаач ээ гэсэн санал бишгүй ирсэн л дээ. Гэхдээ би ардын урлаг хэмээх сонгодог, шавхагдашгүй урлагийг сонгосон хүний хувьд үүндээ л үнэнч, нэг шугамаараа байя гэсэн бодолтой явдаг. Ардын урлагийг нэг насаараа ч дуулаад барахгүй. Тийм байхад заавал нийтийн дуу дуулах шаардлага байхгүй юм шиг санагддаг. Ер нь аливаа зүйлд тууштай явахад түүний хариу үр дүн ирдэг. Тиймээс өөр төрөл жанр гэхээсээ илүү барьж авсан зүйлээ л чанартай хийх нь зүйтэй болов уу. Ер нь бидний дунд найр наадмаар их дуулагддаг, хэзээ ч мартагдахааргүй хуруу дарам ардын дуу байна. Харин судлаад үзэхэд бид хэдэн үеэрээ дуулсан ч барагдахааргүй их өв бий. Үүнийг судалж, ард түмэндээ хүргэх том зорилготой л явна. Магадгүй ардын урлагийн багахан хэсгийг ч миний дуулснаар хойч үе минь мэдээд үлдвэл, энэ насны минь том гавьяа юм даа.

-Ардын дуугаар үзэгч, сонсогчид хэрхэн хүлээж авдаг бол?

-Би сүүлийн үед нэг зүйлийг их ойлгоод байна л даа. Юу вэ гэхээр өмнө нь ардын урлагийг сонирхдог, сонсдог, дэмждэг хүмүүс насны хязгаартай юм шиг санагддаг байлаа. Ерөнхийдөө дөчөөс дээш насныхан ардын дуугаа сонсдог юм байна гэсэн бодолтой байсан. Харин би цомгоо гаргачихаад, тус цомогт багтсан ардын дуунуудыг хэн сайн дуулах вэ гэсэн бяцхан уралдаан цахим ертөнцөд зарласан юм. Гэтэл олзуурхууштай нь 18-25 насны залуус энэ уралдаанд хамгийн идэвхтэй оролцлоо. Залуус маань ардын урлагаа сонсдог, дуулах дуртай байдаг юм байна. Энэ үр дүнд би маш их баяртай байгаа. Нэг хэсэг үндэсний урлаг маань мартагдаад байсан бол энэхүү урлагийг нийтэд хүргэх, хүчтэй төлөөлөгчид гарч ирснээрээ эргээд зөв голдрилдоо орж байна гэж ойлгож байна.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Мэдээж уран бүтээлч хүн бүр л хийж байгаа зүйлээ үзэгчдэдээ тайлагнахыг хүсдэг. Гэхдээ бодож, төлөвлөсөн зүйл байна. Тиймээс эхлээд сайн судлах шаардлагата байгаа юм. Ямартай ч мартагдсан, сэргээхийг хүсдэг, сэргээх ёстой ардын дуунууд их байна. Ингэж дуунуудаа гаргаж байж хойч үед минь үлдэх болно шүү дээ. Монгол ардын дуунуудад цөөн хэдэн “маа” байдаг. “Дүүриймаа”, “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Гавалмаа”, “Алгирмаа” зэрэг дуунууд юм л даа. Үүнээс Алгирмааг одоохондоо дуулаагүй байна. Харин саяхан ардын дуу “Гавалмаа”-г дууллаа. Энэ дууны үүх түүх, домог нь олдоц багатай байсан л даа. Бөхийн Бааст гуайн “Хаш аяга” гээд өгүүллэг байсан. Түүнээс энэ дууныхаа утга, учрыг ойлгосон л доо. Яагаад ч юм энэ дуугаа бичүүлж байхдаа нулимс дуслуулж байлаа. Уран бүтээл бүрийг сэтгэлээсээ мэдэрч дуулдаг хэдий ч, энэ дуу шиг сэтгэл хөдөлж, нулимс дуслуулж байсан удаагүй юм билээ. Магадгүй тэр өгүүллэгийг уншиж, дуугаа илүү ойлгосон байх. Домогт өгүүлснээр үхэрчин залуу Цэ-занги гэгдэх нэртэй баян хүний төрсөн ганц охинд сэтгэл алдарсан тухай гардаг юм. Харин сэтгэлт бүсгүй Гавалмаа нь аянганд ниргүүлснээр тэр хоёрын хайр төгсгөл болж байгаа талаар өгүүлдэг.

Дуунд “Хад байгаад нурсанд орвол
Хайрга болоод шуурсан нь дээр үү дээ хө
Ханилж суугаад хагацсанд орвол
Харийн танихгүй нь дээр үү дээ хө” хэмээн гардаг. Ер нь бол ардын дуу бүхний цаана утга учир, домог, философи нуугддаг. Ардын дуу транс хэв маягтай. Сонсож буй хүнийг улам татах чадвартай байгаа юм. Зөвхөн Алтанжаргалын дуулснаар гэлтгүй өөр хэний ч дуулснаар сонсоход л сонсоод л баймаар нэг хүч агуулагддаг. Тиймээс тэрхүү утга, учрыг гаргаж үзэгч, сонсогчдодоо хүргэхийн тулд нэн тэргүүнд судалгаа хэрэгтэй байгаа юм л даа.

-Та СУИС-ийг уртын дууч мэргэжлээр төгссөн гэсэн. Дуучин болсон түүхээсээ хуваалцаач?

-Өвөө, эмээ минь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул. Харин манайх Алтанбулаг сум руу нүүж, тэндхийн айл болсон л доо. Бага нас минь энэ хоёр сумын хооронд морин дэл дээр өнгөрсөн. Хөдөө хээр ёстой л хоолойныхоо хэрээр дуулна. Басхүү хурдан морь гийнгоолдог байсан нь намайг дуучин болгоход дөхүүлсэн болов уу. Мөн миний эмээ нутаг усандаа алдартай их сайхан дуулдаг хүн бий. Харин дуучин болох зам минь наймдугаар ангид нээгдсэн. Тухайн үед алдарт дуучин Б.Лхамжав гуайн нэрэмжит уралдаанд оролцсон юм. Тэрхүү тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэр багш маань намайг “Сургуулиа төгсчихөөд СУИС-д хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Ингээд л сургуулиа ч төгсөж, СУИС-ийн уртын дуучны ангид элсэн орсон доо. Манай ангиас Д.Жавхаасайхан тэргүүтэй олон сайхан уран бүтээлч төрсөн шүү.

-Ардын дууг таны дуулснаар сонсохыг хүсдэг хүмүүс цөөнгүй болжээ. Энэ хэрээрээ таныг илүү их уран бүтээл хийгээсэй гэж хүсдэг юм шиг санагддаг…

-Хүмүүсээс уран бүтээл хийгээч ээ гэсэн санал голцуу ирдэг. Надаас илүү бачимдаад байдаг. Яахав цаг хугацааны тохироо нь бүрдэж өгөхгүй байна л даа. Уран бүтээлээ хийгээд, түүнийгээ олонд хүргэхийн тулд багагүй давааг давах шаардлагатай болдог. Гэхдээ мэдээж зогсолтгүй, боломжоороо хийсээр л байна. Урлагийн хүн тайзан дээрээ байж үзэгчдээсээ халуун дулаан энерги авч, түүгээр өөрийгөө хөглөдөг. Энэ мэдрэмжийг авахыг мэдээж хүсэлгүй яахав.

-Энэтхэгийн нэгэн гитарчин хамтарч уран бүтээл хийх санал тавьсан гэж сонссон юм байна. Энэ тухайд?

-МУГЖ Т.Баясгалантай хамтарч дуулсан “Аргагүй амраг” дууг Энэтхэгийн нэгэн рок хөгжмийн хамтлагийн гитарчин сонсож л дээ. Тэрээр “Манай үндэсний дуунуудын хэв маягтай Монголын ардын дуу их зохицлогоотой байдаг. Таны дуулсан энэ дуун дээр ажиллаж болох уу” гэсэн санал тавьсан. Одоогоор хөгжмийн найруулга дээр ажиллаж байгаа. Тэрхүү уран бүтээл удахгүй гарах байх.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр, охины хамт амьдардаг. Охин маань гурван настай. Миний хань мөн Багануур ХК-д ажилладаг даа. Миний хувьд эхнэр, эмээ гэсэн хоёр үнэнч шүтэн бишрэгчтэй. Эмээ минь миний хамгийн том зөвлөгч л дөө. Дууг залуу байх үедээ сонсож байсан яг тэр хэв маягаараа дуулуулахыг хүсдэг. Шинэ дуу гаргачихаад л очиж сонсгоно. Дууны ая данг хэрхэн тааруулсан, басхүү юу хэрэгтэй байгааг тун ч онож хэлдэг шүү. Мөн миний хань надтай учрахаасаа өмнө “Никитон” гээд л явж байсан бол одоо ардын дууг шимтэн сонсогч болсон. Хүүхэд минь ч ялгаагүй. Ардын дууг дуулчихсан л явдаг юм.

Categories
мэдээ нийгэм

​Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт шүлхий өвчин гарчээ

Image result for Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт шүлхий өвчин гарчээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Иймд тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.

Түүнчлэн тус аймгийн Засаг даргын захирамжаар малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.