Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дарга хотжиж, нийслэлийнхээ нийтийн тээвэрт анхаарал хандуулах хэрэгтэй байна

Хүн бүр машинтай болохыг эрмэлзэж, хувийн унаагаараа хотын төв рүү чихэлдэн орж ирж байгаа нь нийслэлийн нийтийн тээвэр үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Дэлхий дахинд нийтийн тээврийн хөгжлийг энэ мэт иргэдийн хандлагаар хэмжсээр ирсэн. Харин нийтийн тээврийн хөгжил нь хотынхоо, улсынхаа хөгжлийн шууд илэрхийлэл болно. Улаанбаатарын төвд 400 орчим мянган хувийн машин чихэлдэж, өдөрт 800-хан автобус шугамд явж байгаагаас асуудал ямархан түвшинд байгааг харж болно. Хотын удирдлагууд, салбарынхан нэг үеэ бодвол нийтийн тээвэр маань хөгжиж байгаа гэж өөрсдийгөө өмөөрөх байх. Тэр нь ч үнэн. Гэхдээ яст мэлхий шиг удаан байна. Нийслэл хүрээ Улаанбаатар болж өөрчлөгдөөд ердийн хөсөг механик тээвэрт шилжээд 100 орчим жил болчихоод байхад нэг их ялгарах юм алга. Хараал урсгаж нервтсэн жолоочтой, хар утаа олгойдуулж тасалдсан автобусанд хамаг цагаа иргэд барж байгаа. Нэг цэгээс нөгөөд хүрэх гэж автобусаа хүлээж, хүлээж суухаар сүнсийг нь зайлтал давхиж, цус харватал нь тоормозлодог. Нэгдүгээр эгнээг нь нийтийн тээвэрт зориулаад чөлөөлж өгчихөөд байхад л эгнээ дамнан тэгнэж, хоорондоо уралдаж, сүлжилдэж хувийн унаатай иргэддээ тээр болсоор байна. Ингэж хээр талд яваа юм шиг авирласан автобус зөрчил гаргаж, аваар хийлээ гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулсан гэх хэргээр хохирогч нь бүр гэмтэн болоод үлддэг. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг иргэд маань ч зорчих соёлд ёстой суралцаагүй. Өдөр бүр суудаг автобусандаа шүлсээ хаяж бузарлахаас эхлээд ёс суртахууны дутагдал, доголдол гаргах нь энүүхэнд. Гэхдээ л хүн хүрэхээс хайран санагдах тийм тансаг орчинтой шинэ автобус соёлтой үйлчлээд эхэлбэл иргэд шүлсээ хаях нь бүү хэл мөнгөө төлөлгүй туулайчилахаас ч цэрвэнэ. Ийм учраас хамаг буруу дахиад л хотын удирдлагууд, нийтийн тээврийн салбарынхан руу чиглэх нь ойлгомжтой.

Ер нь Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн хөгжлийг ярихаараа иргэдийнхээ ая тухыг хангаж, амин хувийг нь нэгдүгээрт тавих бус үйлчилгээ эрхлэгчдийн ашиг хонжоог, орлогыг дээдэлсэн тийм л шийдлүүдийг нэвтрүүлж байна. Смарт карт гэдэг ердөө ч хөгжил биш. Автобусаа шинэчилдэггүй, зөв боловсон, соёлч, мэргэжлийн жолооч ажиллуулдаггүй, зорчигчдыг юман чинээ тоодоггүй эздэд иргэн нэг бүрээс мөнгийг нь тоо ёсоор авч өгөх тийм л систем. Гадныхны хувьд картаар төлбөрөө төлнө гэдэг нь хугацаа хэмнэх зохицуулалт болохоос манайх шиг нэг төгрөг ч дутаалгүй авахын тулд ашигладаггүй. Бодит байдал ийм л байгаа.

Харин нийтийн тээврийн хөгжил хаана чинээндээ тулчихаад улам бүр төгөлдөржиж байгаа вэ гэвэл бидний мэдэх Солонгос, Америк, Орос, Хятад, Япон зэрэг дэлхийн орнуудын дийлэнх олонхи нь асуудлаа шийдчихсэн. Тэд автобуснаас аль болох татгалзаж цахилгаан галт тэрэг, метро гээд мөн ч сайхан унаатай болоод бас л зуун дамначихаж. Жил ирэх тусам метро нь бас үйлчилгээ нь хөгжсөөр байна. Бүхий л орон метроноос цааш ямар боломж байна вэ гэдгийг судлуулсаар, инженер техникчдээ ажиллуулсаар байгаа. Хэдхэн жилийн дараа цоо шинэ, метрог хол орхих тээврийн хэрэгсэл нийтэд үйлчилж эхэлнэ гэвэл гайхах хэрэггүй.

Манайхны хамгийн сайн мэдэх Солонгос улсын жишээг хар. Нийтийн тээвэр нь тэр чигтээ хувьд гарсан учраас хамгийн сайн хөгжиж байгаа. Тэд автобусны жолоо мушгих хүнээ сонгохоос эхлээд өндөр шаардлага тавьж, цензур тогтоодог. Наанадаж 15-20 жил ажилласан мэргэжлийн жолоочтой л гэрээ байгуулна. Ингээд зам дээр гарвал зөвхөн зөвшөөрөгдсөн эгнээгээр ямар ч саадгүй зорчих учраас дээд хурд нь 40 километр цаг. Солонгост нийтийн тээврийн жолооч нь осол аваар гаргаад зорчигчдоо, ойролцоо байсан иргэдийн амь нас, эд хөрөнгөд аюул учруулаад зогсч байдаг гэсэн ойлголт огт байдаггүй нь ийм энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь ч нийтийн тээвэртээ маш хүндэтгэлтэй хандана. Автобусны буудал дээр очих цагтаа очиж хөдлөх цагтаа л хөдөлнө. Энэ нь ч иргэдэд ямар ч чирэгдэл учруулахгүй. Автобусаа хэзээ ирэхийг нь мэдэж байгаа болохоор нэгхэн минутын өмнө буудал дээр ирэхэд хангалттай. Буудал дээрээ хүнээ булаацалдаад тав, арван автобус чихцэлдээд зогсож байна гэж хэзээ ч байхгүй. Ийм л энгийн иргэнээ, зорчигчоо дээдэлсэн үйлчилгээг үзүүлдэг учраас Солонгосчуудын сэтгэл ханамж 100 хувь байдаг. Метроных нь тухай яривал бүр ч тансаг.

Иймхэн технологийг л манайд одоо биш маргааш биш бүр 20 жилийн өмнө хуулаад хэрэгжүүлээд эхэлчих ёстой байсан. Гэтэл 20 жилийн өмнө нийтийн тээвэр нь дампуурах шахаж, нийслэлийн иргэд маань явгарах дөхөж байлаа. Тухайн үед микроныхон бидний аминд орсон. Чиглэлээ хашгирах нь чихэнд чийртэй, хүн чихэж, хурдалж давхидаг нь асуудал болдог байсан гэвэл үнэн. Тэдэнд өндөрхөн шиг шаардлага тавиад анхаараад, зөв залаад хөгжүүлээд авчихсан, Солонгос шиг зарчимтай байлгаж чадсан бол өнөөдөр нийтийн тээвэр өөр байх байлаа.

Одоо оройтсон гээд хойш суух бус үйлчилгээний энэ мэт соёлыг, стандартыг нь нэн даруй хуулж, нутагшуулах хэрэгтэй. Ингэж л ашгийн ч юм шиг ард түмний ч юм шиг нийтийн тээврийг цэгцэлж нийслэлийнхээ иргэдийг бодох хэрэгтэй байна. Үйлчилгээнд явж буй том оврын автобусны тал нь төрийнх, тал нь хувийнх болохоор учир зүйгээ ерөөсөө олж чадахгүй байгаа бололтой. Бүр цаашлаад Э.Бат-Үүлийн биелээгүй мөрөөдөл метроны түлхүүрийг 2020 онд гардан авцгаая. Монгол метротой болно гэдэг мөрөөдөл ч гэлээ биелэх боломжтой байсан. Бүр хаанаас хаа хүртэл барих зураг нь зурагдаж ТЭЗҮ нь бараг батлагдчихсан байгаа байх. Хотын захирагч асан Э.Бат-Үүлийн энэ мөрөөдлийг Су.Батболд мээр биелүүлчихвэл түүхэн үйл явдал болно. Хотын удирдлага маань 2025 он хүртэл метроны тухай яриад ч хэрэггүй хэмээн хээвнэг хэлж суухын оронд өөрөө хотжих хэрэгтэй байгаа юм. Хотын дарга хотжоод, нийслэлийнхээ нийтийн тээвэрт анхаарал хандуулах хэрэгтэйг дахин сануулах нь илүүц биз. Дэлхийд 30 сая, гурван зуун сая хүнтэй улс нийтийн тээвэртээ багтаад, сэтгэл хангалуун үйлчлүүлж, үйлчилж болоод байхад гуравхан сая Монгол хүнийг нийтээр нь тээх асуудал хийдэг хүнд хамгийн амар ажил байх биз.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улсаа хий хоосон магтан дуулахын оронд жинхэнэ эх оронч сэтгэлээр хөгжүүлмээр байна ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Уламжлал ёсоор даваа гаригийн дугаарын эхний нүүрэндээ “Танайд өнжье” буланг онцолдог билээ. Энэ удаад Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн Ж.Бадраа агсны гэргий, Б.Бадрууганы ээж, Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Бадарчийнд өнжлөө.

Улс төрийн хоёр, тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Амлалт авсан бол хулхидах гээд байх шаардлагагүй” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Улсаа хий хоосон магтан дуулахын оронд жинхэнэ эх оронч сэтгэлээр хөгжүүлмээр байна ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс улс, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийг шүүх хурал 19 жилийн дараа эцэслэн шийдвэрлэгдэж, энэхүү хэрэгт холбоотой Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 20 жилийн ял оноосон тухай сурвалжлагыг сонирхон хараарай.

Арваннэгдүгээр нүүрнээс “TV Coctail” хамтлагийн жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан А.Өнөржаргал буюу Өөскөгийн ярицлагыг сонирхон хараарай.

Мөн та манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ энэхүү линкээр орж, унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлж Даншгийн даян аварга цол хүртлээ

Related image

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын хүчит бөхийн барилдаан хоёр өдрийн турш явагдаж, өндөрлөлөө. Өнөө жилийн даншиг наадмаар хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан, даншгийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлж Даншгийн даян аварга цол хүртлээ.

Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд үзүүрлэж, даншгийн заан цолны болзол хангаж, улсын заан цолтойгоо ихэрлүүлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд, даншгийн заан Б.Гончигдамба, улсын заан, даншгийн начин Б.Пүрэвсайхан нар үлдсэн билээ. Шөвгөрсөн Б.Пүрэвсайхан даншгийн өсөх идэр начин цол хүртсэн бол дунд шөвөгт үлдсэн олимпийн аварга Н.Түвшинбаяр даншгийн начин цол хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Соронзонболд даншгийн заан цолны болзол хангалаа

Related image

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжлэн явагдаж байна. Их шөвөгт даншгийн аварга Р.Пүрэвдагва даншгийн начин Б.Пүрэвсайхантай, даншгийн заан Б.Гончигдамба улсын заан Б.Соронзонболдтой оноолт таарсан билээ. Улмаар Улсын заан Б.Соронзонболд даншгийн заан Б.Гончигдамбыг өвдөг шороодуулснаар даншгийн заан цолны болзол хангав. Харин хоёр Пүрэвийн барилдаан үзэгчдийг шуугиулсан үзүүштэй барилдаан болж байна.

Хэрэв Б.Пүрэвсайхан давбал даншгийн заан цолны болзол хангах билээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн аварга Н.Түвшинбаяр даншгийн начин цолны болзол хангалаа

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын хүчит бөхийн тавын даваа үргэлжлэн явагдаж байна. Тавын даваанд даншгийн аварга Р.Пүрэвдагва, начин Б.Пүрэвсайхан нар учраа бөхөө давж, дунд шөвөгт шалгаран үлдлээ. Харин олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, улсын заан Найдангийн Түвшинбаяр даншгийн заан, аймгийн заан Түмэндэмбэрэлээр тав давж даншгийн начин цолны болзол хангалаа.

Мөн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий улсын заан Б.Соронзонболдоор тав давж даншгийн начин цолны болзол хангав.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голын ус татарчээ

Image result for Хэрлэн голын ус татарчээ

Хэрлэн гол нь Бурхан Халдуны баруун хойдох уулын амнаас эх авч Багануур, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий, Дорнодын нутгаар урсан хил давдаг. Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн нутгаар урсдаг хэсэгт ногоон замаг ихэсч, усны түвшин эрс багасчээ.

Үүнийг дагаад загас үхэж эхэлсэн байна. Дорнод аймгийн нутгаар урсан өнгөрдөг хэсэгт энэ оны 4-р сард хэмжилт хийхэд усны түвшин олон жилийн дунджаас доогуур байсан бол 5-р сараас эхлэн 14-37 см-ээр багассан аж. Усны түвшин багасмагц замаг ургах орчин бүрдэж, замаг ихээр ургаснаар эрдэсжилт, хатуулаг ихэсч, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг байна.

Хан Хэнтийн цогцолбор газарт 21 хоногийн турш ойн түймэр ассан. Хэрлэн голын эх дээр 14 жижиг гол горхи бий. Түймрийн нөлөөнөөс эдгээрийн зарим нь ширгэсэн байх магадлалтай хэмээн албаныхан үзэж байна. Түүнчлэн энэ зуны аагим халуунд малчид олноороо Хэрлэн голыг бараадан бууж, бод мал нь голд орж зогсдог, өтгөн шингэн нь голын усанд холилдсоноор азот нитритийн хэмжээг ихэсч голын ус бохирдож, ийнхүү татрах болсон хэмээн үзэж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

НҮБ, Пхеньяны эсрэг шинэ хориг авахаар боллоо

Хойд Солонгос улс олон улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, пуужин болон цөмийн туршилт хийж буйтай холбогдуулан НҮБ тус улсын шинэ хориг авахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

НҮБ, тус улсын эсрэг эдийн засаг, экспортын бараа бүтээгдэхүүний хязгаарлалт болон хөрөнгө оруулалтыг нь царцаахаар болсон байна.

Энэ талаар АНУ-аас НҮБ-д суугаа элчин Никки Хайли “Хойд Солонгосын эсрэг хамгийн хатуу хориг тавихаар боллоо. Энэхүү хориг тус улсад ихээхэн дарамт учруулах болно” гэж мэдэгджээ.

Пхеньян өнгөрсөн сарын эцсээр АНУ-д хүрэх чадвартай алсын тусгалтай баллистик пуужин гаргана авсан хэмээн Вашингтоны эрх баригчдад хандан мэдэгдсэн удаатай.

НҮБ-ын Аюулгүй зөвлөл болон АНУ тэргүүтэй барууны хөгжилтэй орнууд Пхеньяныг АНУ-д хүрэх чадвартай пуужин гаргана авсан гэдэгт эргэлзэж буйгаа өчигдрийн хуралдааны үеэр онцолжээ.

Categories
мэдээ цаг-үе

​Баравын Батбилигийн ертөнц

Үг холбож, утга найруулахад дурлачихсан нэгэн эрхмийн “Миний ертөнц” хэмээх шинэ номыг нээв. Монголын сэтгүүл зүйн нэрт мастеруудын нэг Баравын Батбилиг ахын энэхүү номд шилмэл ярилцлага, хөрөг найруулал, аян замын тэмдэглэлүүд нь оржээ.

Номын гуравдугаар бүлгийг сонгон шууд нээвэл “Ний нуугүй яриа”-нууд хөврөх аж. Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадорж, Сайд нарын зөвлөлийн дарга асан Думаагийн Содном, Мэндсайханы Энхсайхан, Б.Бат-Эрдэнэ аварга, Ц.Шаравдорж нарын эрхмүүдтэй хийсэн алд дэлэм ярилцлагууд дурайж байна.Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гуайтай уужим сайхан ярилцлагыг дэлгэжээ. Монголын урлагийн сод хүмүүнийг энх тунх ахуйд нь уулзаж, ярилцлага хийхдээ юу эсийг асууж, юу эсийг хэлүүлж болох билээ. Тийм л ярилцлага хийж байжээ. Д.Лувсаншарав гуай ийн хэлсэн байна. “Хорин тавхан настайдаа гавьяат жүжигчин цолоор шагнуулсан юм. 1963 онд төрийн шагнал хүртсэн.

Усан болорын өнгөтэй

Уртаа сайхан Хэрлэн минь гэж эхэлдэг дуугаараа авсан. 1981 онд ардын жүжигчин, 2000 онд хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм алдрыг авсан даа. Хэн ч намайг урлагт зүтгэ, хөгжим зохио гээгүй, миний хувь заяа л энэ юм” хэмээжээ. Мөн “Миний эцэгт угийн бичиг байгаагүй. Өвөг эцэг Чүлтэм хуучны Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн. Номтой лам байсан гэнэ билээ. Аав минь 1890 онд төрсөн. Автономитын үед цэрэгт татагдаж, Халх гол, Хэрээ уулын байлдаанд оролцож явсан гэдэг. Гарын уртай, дээлийн товч, бөгж энэ тэр хийдэг, морь уях дуртай хүн байв. Миний ээж Ангирын Уртнасан үйлэнд уран, лам, ноёдын дээл хувцас, сүм хийдийн чимэглэл оёх, ширдэг ширэх, оймсны хараа, хөөрөгний даалин шаглана. Манайх бод, бог нийлсэн зуун тавиад малтай айл байлаа” хэмээн хуучны ахуйгаа дурссан байна.

Ерөөс “Ний нуугүй яриа” гэх энэхүү бүлэгтээ нэр цуутай улсуудтай хийсэн хөөрөлдөөн, сурвалжилсан бүтээлүүдээ багцалжээ. Харин “Сэтгэл рүү өнгийхүй” хэмээх хэсэгтээ хөрөг таталбар, найрууллуудаа шигтгэсэн байна. Үгийн урлагийн төрлөөр хөрөг найруулал бичихэд баатрынхаа дотоод сэтгэл бодол, зан чанарыг онож, таньж гаргах нь гол гэлцдэг. Тэгвэл “Дилов хутагт”, “”Муу” хүний тухай өгүүлэхэд”, “Михаил Прохоров гэж хэн бэ” гэх зэрэг хөрөг найруулал нь уншихад ухааралтай, баримт судалгаатай, үнэлэх дүгнэлттэй бичигдсэн аж. Дилов хутагтын тухай бичихдээ “Тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-ны луу цагт наран мандах үед эхээс мэндэлсэн гэх. Унасан газар нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулсын өвөр угаасан ус нь Түшлэгийн булаг. Эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр эрдэнэт хүмүүний биеийг олж, энэ хорвоод мэндэлсэн хувь ерөөлтэй. Ах, эгч хоёртой, айлын гурав дахь хүүхэд. Шашны нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд болж хорвоод мэндэлсэн нь цаанаа учир жанцантай биз ээ” гэжээ.

Тэгвэл “Миний үг” хэмээх бүлэгт үзгийн үзүүрийг хурцлан байж бичсэн “бул чулуу шиг “ даацтай нийтлэлүүд нь байх аж. “Стивен Сигал Монголд ирээд буцав, тэр дахиад ирэх юм гэсэн”, “Цаасан дээрх цахилгаан станц газар дээр хэзээ босдог бол”, “Өршөөлийн хууль байхад шоронд орно оо гонжийнжоо”, “Монголын Ерөнхийлөгч нар тэтгэвэрт гардаггүй нь хачин” гээд л нэрнээсээ өгсүүлээд уншууртай нийтлэлүүд нь түүний ертөнцийг илтгэх буюу.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоо: ​Талын дүрэм ба ардчилсан монголын “Нууц товчоо”

-ИЛТГЭГЧ Б.ЦЭНДДОО (ОУМ ЭРДЭМТНИЙ XI ИХ ХУРАЛДАЛД)-

Өндөр настай залуу үндэстэн. Дүрмээ тулгасан тал нутаг. Нууц товчоо бол тал нутгийн дүрэм, ёс суртлын толь. Асуудал бэрхшээлийг буурин дээрээ орхих арга. Бүхнийг шийддэг нүүдэл. Арга олох бус аргалаад өнгөрөх менежмэнт. Нүүдэг хот айлаас суудаг хот суурин. Өнөөгийн монголын нүүдлийн улс төр эдийн засаг. Иргэншлийн хальстай нүүдэлчний зовлон.



Нэг. Хуулиа тулгасантал нутаг

Төр ёс ба соёлын түүх нь хэдэн мянганаар яригдаж, хүн төрөлхтөнд гайхуулдаг үндэстний нэг бол монголчууд. Харин иргэншил хотшлын утгаар нь авч үзвэл монголчууд дэлхийн орь залуу үндэстнүүдийн нэг юм. Хотшин суурьшиж, хамтран амьдарч ирсэн туршлага нь маш бага учраас нийтлэг эрх ашгийн тугийн дор нэгдэх туршлага багатай. Энэ нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, ардчилсан төр засаг байгуулах, глобальчлагдсан дэлхий ертөнцөд амьдрахад учирдаг гол бэрхшээлүүдийн үндсэн шалтгаан болж байна. Өнөөгийн бидний эх нутагт хүний өвөг(primat) 700 мянган жилийн тэртээд амьдарч, 20-30 мянган жилийн тэртээгээс дэлхийн зүг бүрт чиглэсэн миграци болж, тэдний зарим нь Берингээр дамжин Америк тивд хүрчээ гэж үздэг 1. Монгол нутагт анхны төр бий болсон үеийг Хүннү гүрнээс, Монгол үндэстний гүрэн улс үүдэн цогцолсон явцыг XIII зуунаас эхлэн тоолж 2200A илүү, 800B гаруй жилээр тоолон тэмдэглэдэг.

Харин ХХ зууны эхнээс Зөвлөлт маягийн төр засагтайC болж, социалист дэглэмийн дор хотшин суурьшиж эхэлсэн. Зөвлөлтийн нөлөөн дор иргэншлийн анхны алхмаа хийсэн боловч хуурмаг дүр төрхтэй нийгмийг бий болгосон байна. Хотшил нь хөдөлмөрийн хуваарь бий болгож, хувь хүмүүсийн эрх ашгийн нэгдэл, дундын сонирхлыг тунхаглаж, хувь хувийн жижиг амбицаа хазаарлах чадамжийг төрүүлдэг.
A 2010 онд гарсан Монгол улсын Ерөнхийлөгчийн 216 тоот зарлиг, Засгийн газрын 314 тоот тогтоолын дагуу 2011 оны турш “Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жилийн ойг тэмдэглэсэн.
B ХХ зуунд БНМАУ оршин тогтнох хугацаанд 1962 онд МАХН-ын төв хорооны шийдвэрээр “Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой”-г хязгаарлагдмал хүрээнд тэмдэглэсэн болон түүнээс үүдсэн хэрэг явдал нь Монголын эзэнт гүрэн байгуулагдсан явдлыг иргэншсэн ертөнцийн утгаар анх тэмдэглэсэн явдал байв.
C Энэ ойг 1921 оны Ардын хувьсгалаас эхлэн тоолдог ба энэ 2016 онд АХ-ын 95 жилийн ой тохиосон болно.
Энэхүү эрх ашгийн нийтлэг нь тулгарсан бэрхшээлийг хамтаараа шийдэхэд хүргэдэг бөгөөд чухам эндээс өөрийн хот улс орноо нийтэч үзэл санаа буюу эх оронч үзэл санаа жинхэнэ утгаараа урган гардаг.
Харин эрх дураараа байх, үл захирагдах үзэл санаан дээр нүүдэлчдийн эрх ашгийн нийтлэг, эх оронч үзэл санаа урган гардаг.
Жишээлэхэд, иргэншсэн ертөнцөд бизнес эрхлэхэд масс рүү татагддаг. Аль болох олон хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй байх утгаараа. Бас байгалийн гамшиг, харийнхны довтолгоо зэрэгтэй тэмцэхэд эв нэгдэл, хамтын хүч чухал.
Харин нүүдэлчин хүний бизнес дэлгэрч мал өсөхөд эзгүй бэлчээр, хүн цөөтэй нутаг хэрэг болно. Түүгээр ч зогсохгүй гол бэрхшээл болох ган зудыг давах арга нь мөн л “хүнээс дайжих” зарчмаар хийгдэнэ2. Малчин хүн хүндрэл бэрхшээл тулгарахад бусадтайгаа хамт байж болдоггүйн жишээ нь “Туурын зуд”D буюу малын хөлийн зуд болно. Чухам иймээс “бусад хүмүүстэй жишин үзэхэд тэд хавьгүй бардам агаад бусад хүмүүсийн язгуур угсааг үл харгалзан бүх хүнийг үл тоомсорлох ажгуу…бусад хүмүүсийг бодоход огцом дүрэлзүүр зантай” хэмээн Плано Карпини3 тодорхойлсон байдаг нь нийгмийн бусад гишүүдээсээ бага хамааралтай амьдарч болдогийн жишээ юм.
Цаг улирлын сайхан үед ч адуу малын бэлчээрийн онцлог тэднийг холдуулна. Монголын нууц товчоонд гардгаар Тэмүүжинтэй жил орчим айлссан Жамуха “…Ууланд шахаж бууя, Адуучинд гэр болтугай, Голд шахан бууя хоньчин хургачин нарт гэр болтугай”4 хэмээн Тэмүжинд хэлдэг нь малын нутаг бэлчээрээс болоод салж нүүх шаардлага гарч байгааг сануулсан хэрэг. Үнэхээр ч саяхан ялалт байгуулж мал хөрөнгө нь үлэмж нэмэгдсэн нүүдэлчид жилийн турш айлсана гэдэг амаргүй. Харамсалтай нь ойр орчныхон нь үүнийг ихээхэн өөрөөр Тэмүүжинд тайлбарлаж5 өгдөг билээ. (Ерөөсөө Жамух Тэмүүжин хоёрын явдлаас хүн чанар, сэтгэл зүрхнээс хамаарал багатай, тал нутгийн тулгасан дүрмээр явдаг, нүүдэлчин монголчуудын нөхөрлөл, уйдалт, урвалт, жижиг ялагдагчийг дэмжин том руу турхирдаг тактик, ойрын нөхрөөс холын дайсан дээр гэдэг логик, (ХХ зууны эхээр Автономитыг устгахын өмнөхөн Шарын тал буюу Богд гэгээнээ дагасан лам нарын “нам” засаглалд хүчтэй байх үед харын талынхан нь “Лам нарын гарт орсонд орвол Хятадуудын гарт орсон нь дээр. Учир нь хятадууд арай хол юм. Ирээд дарамталтал хаа байсан юм бэ”6 гэсэн утгаар яриа хөөрөө гаргаж байсан мэдээллийг Л.Шинкарев гарган тавьсан байдаг) зэргийн түмэн учрыг харж болно)
D Гурван төрлийн зуд байна. Цагаан буюу цас их орсноос өвсгүйдэх зуд, харын буюу огт цас ороогүйгээс мал усгүйдэх, туурын буюу өнтэй нутагт хэтэрхий олон мал цугласнаас бэлчээр дутагдах явдал энд орно. Зөвхөн монголын хөдөө аж ахуйд тохиолддог зуд хэмээх “малын өлсгөлөн”-гөөр дамжин нийгэм эдийн засагт нөлөөлдөг үзэгдэл англи хэлнээ Zud, dzud, zud disaster хэмээн саяхнаас оржээ.
Нүүдэлчдийн хувьд тулгамдсан асуудлыг шийдэх бус харин орхиж явах, бэрхшээлээс дайжих гарц хайдаг. Дөрвөн улирлын турш хийдэг нүүдэл нь өвлийн хүйтэн, зуны халуун, бэлчээрийн өгөөж багасах зэрэг асуудал бэрхшээлээс дайжих үйл явц билээ. Жужуанууд “зуны улиралд умар нутгаар нутаглаж…намар адуу мал таргалсан хойно хуран төвлөрч, хүйтнээс зайлан дулаан нутаг руу чиглэн…”7 ирдэг тухай судлаачид бичжээ. Ийм учраас нүүдэлчид тулгамдсан асуудлын мөн чанарыг таних, нэгмөсөн шийдэж сурахад анхаарлаа бага хандуулж ирсэн байна. Түүнчлэн байнгын нүүдэл, хувирал, шилжилт дунд өнгөрдөг амьдрал нь орхиж нүүх боломжгүй тулгамдсан бэрхшээл, асуудлыг өнгөц байдлаар, түрхэн зуур аргацаан шийдвэрлэхэд сургажээ. Өвлийн хүйтнийг нэгмөсөн хөнгөвчлөх дулаан өвөлжөө орон сууц барих боломжгүй. Барилаа гэхэд хавар түүнээ орхиод нүүх болно. Хойтон нь газрын гарц муу байвал тэндээ эргэж өвөлжихгүй. Ийм учраас өвлийн ид хүйтэн хэдэн хоногийг зардал чирэгдэл багатай давах нь чухал. Гэр барихдаа оосор бүчний уяа зангилааг хүртэл чивчрэхгүйгээр, хэд хоноод дахин ачаалах үед амархан тайлагдах байдлаар зангидах хэрэгтэй болдог.
E Эцсийн дүндээ нүүдэлчдийн нийгэм нь тулгамдсан асуудлыг шилжилт хөдөлгөөнөөр шийддэг, бэрхшээлийг шийдвэрлэхийн оронд орхиж явдаг нийгмийн нэр. Иргэншиж суурьшсан нийгмийн гишүүд нь нийтлэг сонирхлоо хамгаалсан тогтоц, хууль цаазын орчин дээр ашиг сонирхол, эх оронч ба үндэстнээ гэх үзэл санаа нь тодордог бол нүүдэлчдийнх өөр. Нүүдэлчин уламжлалт монголчууд эрх ашгийн нийтлэг нь эрх дураараа, үл захирагдах байдал дээр буюу эзгүй уудам нутагт дураараа нүүж амьдрах сонирхол дээр нэгдэн гардаг. Эх оронч ба үндсэрхэг үзэл нь үүн дээр илэрдэг. Монгол ардын “Барын сүүл явснаас батганы толгой явъя” хэмээх цэцэн үгэнд үндэсний тусгаар тогтнолын утгаас илүүтэйгээр толгой толгойгоо дааж, дов довон дээрээ дураараа явах нүүдэлчний философи харагддаг.
Энэ байдал нь өнгөрснөөсөө сургамж авахаасаа илүүтэй хувь тавиландаа найддаг болгосон байна. Жишээлэхэд, хуримтлуулсан туршлага сургамжаараа ган зудыг тойрох аргагүй. Аз ивээвэл зуд болохгүй ба боллоо ч гэсэн хувь тавилан ивээвэл хохирол багатай үлдэж болно.
Нүүдэлчдийн амьдрал нь хөдөлмөрийн хуваарийг сонгодог утгаараа бий болоход садаа болдог. Малчин зөвхөн эм хонь маллах, хургаар дагнах байтугай дан нэг төрлийн малаар дагнах боломж хомс. Зөвхөн эсгий хийж, дээл оёж аж төрөх боломжгүй. Тухайн бүтээгдэхүүнийг нэг ширхгийг тодорхой нэг хүнд зориулан “Батын наадмын дээл”, “Дулмаагийн хуримын тэрлэг”, “Сүрэнд төхөөрч буй эмээл” гэхчлэн үйлдэнэ. Ардын гунигт дуундаа “Хөх торгон цамцыг хэндээ ч гэж оёх вэ” хэмээн гардаг нь үүний жишээ. Зах зээлтэй газар бол хөх торгон цамцаа хэдэн цаасаар арилжаад, мөнгөөр нь дуртай юмаа авч сэтгэлээ сэргээхгүй юу?
Энэ байдал нь хэрэгтэй бүхнээ байг гэхэд нэлээдийг нь өөрөө хийж чаддаг байх хэрэгцээг бий болгодог.
E Малчин айл жилдээ Өвөлжөө-хаваржаа-зуслан-намаржаа-өвөлжөө маршрутаар жилдээ хамгийн багаар 4 удаа урт нүүдэл, буурь сэлгэх, шавхай арилжих зэргээр 10 орчим удаа ойрын нүүдэл хийдэг. Түүнчлэн Монголын тал нутагт тогтоод өнгөрсөн социализмийн ул мөрийг зүүн европт үлдээснээсээ арай өөр.
Монголчууд энэ тогтоцыг байгалийн бэршээл, ган зудын нэгэн адил дайраад өнгөрдөг гамшиг, цаг төрийн түр зуурын хатуурал байдлаар хүлээн авч, түүнийг аргалаад өнгөрөх сэтгэхүйгээр, ингэж байгаад нэг л өдөр хугацаа нь дуусч өнгөрөн одно гэдэг итгэлээр хандаж ирсэн байна. Монгол орны хотшил иргэншлийн түүх тодорхой утгаараа 1959F оноос эхэлдэг. Энэ жил малыг нийгэмчлэх ажил дууссанаар малчин монголчууд өмчгүй болж хот суурин руу эрчимтэй нүүж эхэлсэн юм. Нийслэлийн хүн ам 1950 оноос хойшхи 13 жилд 55.000-аас 223.0008 болон бараг тав дахин өссөн нь үүний жишээ..
G Нүүдэлчин монголчууд иргэншсэн ертөнцийн жамаар нийтлэг бэрхшээлтэй тэмцэж эхэлсэн явдал 7 жилийн дараа 1966 онд тохиосон нь Улаанбаатар хотыг нөмөрсөн үерийн гамшиг ба үерээс хамгаалсан даланг Туул голын эрэг дагуу байгуулж эхэлсэн баримт болно. Энэ бол иргэншин суурьшиж эхэлсэн монголчуудад эрх ашгийн бодитой нийтлэг бий болж, бэрхшээлийн эсрэг нэгдэн босгосон анхны “Цагаан хэрэм”H нүүдэлчид хотшиж эхэлсний түүхэн дурсгал болно. 1961 онд гарсан АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигт орчин цагийн хот нь малчны хот айлаас юугаараа ялгаатай болохыг онцлон тодорхойлж “…олонх нь цалин хөлсөөр, цөөнх нь аж ахуйн орлогоор амьдардаг 4000-аас дээш хүнтэй суурин, 3000-аас доошгүй хүн байнга оршин суух аж үйлдвэрийн газруудыг хот”9 хэмээн үзэх болсныг дурдсан байна. “олонх нь цалин хөлсөөр” гэдэг үг бол мал маллахаас өөр замаар орлого олж, иргэншил хотшлын хаялгаар амь зуудаг гэсэн үг болно.
Анх удаагаа хотшин суурьших үйлсээ социалист хүчирхийллийн дор эхлүүлсэн монголчуудыг “хотын хүн” болгохоор хийсэн томоохон хувьсгал бол 1959 онд эхлүүлсэн Соёлын довтолгооI билээ. Хот гэдэг ойлголт нүүдэг хот айлаас суудаг хот суурин болж хувирав. Удахгүй бүх социалист орон Москвагийн дээвэр дор нэгдэн нэг улс болоход монголчуудын соёлч боловсон бус байдал садаа болж байна гэж үзээд малчин ардуудын зөвлөлтийн хүнтэй бүх талаар ижилсүүлэх алхам болгон түүнийг хийж байгаагаа зарлаж байсан.10 Хагас албадлага, хагас хүчирхийлэл, хагас урам зоригоос бүрдсэн Соёлын довтолгоо нь малчин ардуудыг долоо хоногт нэг удаа усанд ордог, гарын байтугаа хөлийнхөө хумсыг авдаг, ил байдаг нүүр гараасаа эхлээд хагас далд байдаг шүдээ хүртэл өдөр бүр угаадаг болгож заншуулсан. Нийтээрээ хотшин бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдажJ, хүн амын өсөлтийн хувь нь дэлхийн дунджаас 0,4711 хувиар давах болсон байна.
F 1928 оноос Феодалын хөрөнгө хураах кампанит ажлаар эхэлсэн “өмч хураах” процесс 1959 онд малчдын малыг хураан авч нийгэмчилснээр амжилттай өндөрлөсөн ба хувийн өмчийг хурааж дууссанаар “социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” гэж тухайн үеийн албан ёсны үзэл сурталчид үзэж байв.
G Улаанбаатар хотын хүн ам 1950 онд 55.000 орчим байсан бол 1960 онд 145.000, 1963 он гэхэд 223,7 мянга болон огцом өсчээ
H 1966 оны үерийн дараа жилүүдэд барьсан далан өнөөг хүртэл нийслэл Улаанбаатарыг гамшгаас хамгаалах гол байгууламж болон оршсоор байна.
I Соёлын довтолгоог 1959 оноос 3 жилийн хугацаатай явуулж, 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор дуусгахаар төлөвлөсөн боловч цаашид гурван жилээр сунгах тогтоол гаргасан байна.
J 1951 оноос кирилл монгол үсэгт албан ёсоор шилжиж, 1971 онд ЮНЕСКО-оос бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсны учир медаль авч байсан.
Харин монголчуудын хотшил иргэншлийн түүх жинхэнэ утгаараа 1990 оноос эхэлдэг. Дэлхийн социалист систем задарсан, ЗХУ тарсан, монголд ардчилсан хувьсгал эхэлсэн зэрэг үйл явцууд нь монголын жам ёсны иргэншил суурьшлийн түүхийг эхлүүлсэн. Энэ нь монгол орон ардчилсан түүх төдий биш, харин хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замаар толгой даан орсон, засаглалыг хүчээр бус хууль цаазын дор тогтоож эхэлсэн, төр нь ард түмнээ цэрэг дайны олзоор тэтгэх бус баялаг бүтээх боломжийг нь хангах замаар цэцэглүүлэх замд орсон үйл явц бөлгөө. Төр ёсны хоёр мянганы шастир, соёл аж төрлийн хувь түүнээс ч урт намтартай монголчуудын 26 жилийн настай жам ёсны иргэншлийн түүх эндээс эхэлсэн билээ.

ХОЁР. ХОТШСОН ГАДАРТАЙ, НҮҮДЭЛЧИН ДОТОРТОЙ МОНГОЛ
ОРОН

Нүүдэлчин маягаар асуудлыг шийдэж ирсэн уламжлал нь өнөөгийн нийгмийн ерөнхий төрх, ялангуяа төрийн бодлогод тусгалаа олж байна.
Нэгдүгээрт, асуудлыг орхин нүүх аргаар шийдэх зарчим хүчтэй хэвээр байна. Улс төрчид намын даргатайгаа яльгүй зөрчилдөх юмуу, асуудал өөрийнхөөр нь шийдэгдэхгүй тохиолдолд намаасаа гарч нам байгуулах, жигүүр фракци үүсгэх замыг сонгодог. Энэ нь хөрш айлтайгаа муудалцахад хэлэлцэн тохирохын оронд салаад нүүдэг туршлагын илрэл бөгөөд асуудлыг намын даргатай, эсвэл намтай нь орхиод явах замаар шийдэж байгаа хэлбэр болно. Анхны сөрөг нам МоАН байгуулагдаад хэдхэн хоносныхоо дараа Бүгд найрамдах нам тэднээс өрх тусгаарласнаас хойшхи хуваагдал нь гарын арван хуруунд багтахгүй ба хамгийн бат бөх нам болох МАХН нь сүүлийн хориод жилд МАХН нь МАН, Сэргэн мандлын нам, МАХН болон гурав хуваагдсан байна. Үнэндээ монголын улс төрийн намуудад хөгжлийн үзэл баримтлалын ялгаа бараг байхгүй бөгөөд дотоод эрх ашгийн зөрчлүүд нь шинэ хуваагдлын шалтгаан болдог.
Хоёрдугаарт, өвлийн хэдхэн өдрийн хүйтнийг аргалаад өнгөрөхөд цагаан сар, урин дулаантай золгодог шиг тулгамдсан асуудлыг аргалаад өнгөрөх, жишээлэхэд инфляцийг эдийн засгаа сэргээж давах бус цалин нэмж аргалж байгаад ард гарах эрмэлзлээр явдаг.
Гуравдугаарт, нүүдэлчдийн мөнхийн эрмэлзэл нь ачаа хөнгөн байх, тэр хэрээрээ маневрлах чадамж сайтай байх эрмэлзэл хэвээрээ. Энэ эрмэлзэл олзыг түргэн зуур багасгах, найрлаад дуусгах хэрэгцээ гардаг. Юмыг муутгаж хаяснаас, ачаандаа багтаалгүй буурин дээрээ үлдээснээс нийтээрээ хэрэглээд үрэн таран хийгээд дуусгасан нь сэтгэлд өег билээ.
Ер нь зунаар төхөөрсөн хонины гэдсийг аль болох олон айлтай хуваадаг ёс нь монгол хүний өгөөмөр зан, харамгүй сэтгэлийн илэрхийлэл мөн боловч халууны улиралд муудахаас нь өмнө амжиж амархан муудах хүнсээ дуусгах хэрэгцээний нэг хэсэг бас мөн. Энэ байдал 2010аад онд монголын эдийн засаг нүүрсний үнийн өсөлт ба гадаадын хөрөнгө оруулалтын эхний давалгаанаар цэцэглэсний үр хуримтлалыг хүүхдийн мөнгө, иргэний хувь хишиг, хуримласны шан зэргээр хуваан найрлаж дууссаны жишээ харуулна.
Дөрөвдүгээрт, монголын засаглал нүүдэлчний төрийн дайны олз хуваадаг уламжлал хэвээрээ байна. Чингисийн үеэс илүү тод харагдах болсон түүхэн баримтуудаар бол нүүдэлчдийн төр нь нийгмийг баялаг бүтээх боломжоор ханган жолоодох боломжгүй учраас дайнаар бизнес хийж, түүнийхээ олзоор нийгмээ тэтгэж байжээ.
Нууц товчоонд өгүүлснээр, Чингис хаан ширээнд суусныхаа дараахан, орчин цагийн ойлголтоор бол “хувьцааны ногдол ашиг хуваарилах” томоохон арга хэмжээ зохион байгуулж, олон хүлэг баатрыг эрх мэдэл, хэргэм цолоос гадна “Есөн удаа гэмт хэрэг хийх эрх”-ээр урамшуулж байгаа тухай13 гардаг.K
Энэ уламжлал нь “нийгмийн халамжийн бодлого” гэдэг зүйлийг хүн төрөлхтөнд бэлэглэжээ. Улмаар Манжийн вассаль болон Зөвлөлтийн дагуул улс байх үед ч энэ байдал улс төр, эдийн засгийн утгаар үргэлжилж “Хааны хишиг, пүнлүү”, “Зөвлөлтийн зээл тусламж” нэрээр үргэлжилж ирсэн нь монголын нийгмийг төрийн хишиг халамжид улам дасгасан байна.
Яг энэ уламжлал одоо ч хэвээрээ ба намууд сонгуулийн хөтөлбөртөө “Иргэн бүрт сая төгрөг”ийг дайны олз маягаар хуваарилна хэмээн тусгадаг явдал үүнийг гэрчилнэ. 2013 онд дэлхийн банкнаас гаргасан тайланд монгол улс ДНБнийхээ 2,78 хувийг нийгмийн халамж болгон бэлэн мөнгөөр тараасан тухай дурдсан аж. Энэ нь ихэнх хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дунджаас хоёр дахин их байгаа тухай олон улсын шинжээч Жастин Дүүдигийн анализэд14 дурдсан байна.
Тавдугаарт, Хөдөлмөрийн хуваарь гэдэг зарчмаас холуур Нүүдэлчний уламжлалаар бүхнийг өөрөө хийж, өөрийгөө хангаж оршин тогтнох эрмэлзэл төрийн бодлогын хэмжээнд ард түмний өргөн дэмжлэгээр үргэлжилж байна. Уул уурхайгаа зөвхөн өөрөө ашиглах, зөвхөн монгол хүнийхээ хийсэн зүйлийг хэрэглэх үзэл санаа нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих”, “Монголдоо үйлдвэрлэе” гэхчлэнгийн албан ёсны нэртэй. Хамгийн сүүлд байгуулагдсан засгийн газар “Монголдоо хийдэг юмыг гадаадаас авахгүй” тухайгаа тунхагласан нь үүний шинэхэн жишээ. Цоо шинэ ч юм биш. Үе үеийн засгийн газруудад гадаад өндөг авахгүй байх тухай, зөвхөн монголдоо ургасан улаан буудайн гурил идэх тухай яриа байнга өрнөдөг. Эдийн засгийн хүчирхэг байдал гэдгийг зөвхөн хэрэгцээгээ өөрөө хангаж амь зуух, импортгүйгээр оршин тогтнохыг ойлгодог.
K Социализмын үзэл суртлын гол зарчим болсон “зорилго аргаа зөвтгөнө” гэдэг философи нь “сайн үйлсийн төлөө муу юм хийж болно”, “олон муу үйлсийг нэг сайн үйл цагаатгана” гэсэн үзэл санаа болон хөгжсөн юм. Өнөөгийн монголын нийгэмд ч аливаа сайн үйлсээр ялангуяа “эх оронч”, “гадаадын шунахай этгээдээс газар шороогоо хамгаалах” зэрэг нэрийн дор дээрэм хүчирхийлэл үйлдэх сэдэл элбэг байна.
Зургадугаарт. Бэлчээрээ харамлах үзэл санаа нь хүчтэй хэвээр. Гадаадын хөрөнгө оруулалтыг баялаг үйлдвэрлэх салбарын хамтын ажиллагаа гэдэг утгаар бус бэлчээрт нь айлын мал орж байгаа утгаар харж гадуурхдаг. Үнэхээр ч мянга мянган жил монгол хүний эзэмшил бэлчээр дээр орж ирсэн бусдын хөрөнгө бэлчээрийн хомсдол үүсгэж, туурын зуданд өртүүлж ямагт гай тарьсаар ирсэн билээ. Монгол орныг өнөө нөмөрсөн эдийн засгийн хямрал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлын мал сүрэг бэлчээрт орсны нэгэн адил үзэж хөөн явуулсны гор мөн.
Долдугаарт, Тусгаар тогтнолын үзэл санаа ба эх оронч сэтгэлгээ нь чухамдаа дур зоргоороо авир ба бэлчээртээ гадны мал сүрэг (гадаадын хөрөнгө оруулалт) оруулалгүй харамлан нөөцлөх сэтгэлгээн дээрээ тулгуурлаж байгаа. Эдийн засгийн хараат бус байдал, улс төрийн бие даасан бодлого зэрэг нь хоёрдугаарт тавигдаж, бүрэн бүтэн бэлчээр нутаг бол тусгаар тогтнол гэж ойлгодог. Энэ үзэл санааны тугийн дор Эгийн голын усан цахилгаан станцын Малайзын болон хятадын 2 төсөл, Дорнод бүс дэх Ариева компанийн ураны хайгуулын төсөл, Тамсагт нефть хайсан Соко, Таван толгой дахь Рио Тинто, Төмөр замын өргөн нарийн цариг15…гээд монголын эдийн засгийг сэргээж чадах олон төсөл амьсгал хураасан бөлгөө.
Наймдугаарт, өөрсдийнхөө хэн нэгний манлайллыг хүлээн зөвшөөрөх дургүй учраас алс холын хүчирхэг нэгний ивээлд, дотооддоо хэн хэнээсээ илүүрхэх юмгүй оршин суух сонирхолтой. Ер нь бол өөрсдийнхөө хэн нэгний гарт байснаас Монгол нутагт ирээд суучихгүй, холоос удирдаж залаад байдаг тийм “ах”ын эрхшээлд байх сонирхолтой. Энэ байдлыг нь Манжийн ноёрхол, Зөвлөлтийн эрхшээл тодорхой утгаар хангаж байсан. Монголчуудын, ялангуяа зонхилох ястан болох халхуудын энэ байдлыг сайн мэдэх Зөвлөлтүүд БНМАУын удирдагчийг ХХ зууны эхний хагаст нутгийн зүүн хязгаараас, сүүлийн хагаст баруун хязгаараас тус тус сонгон томилж байсан ч байж мэднэ.
ХХ зууны төгсгөлд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны нийтлэг замд орсон монголчууд “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлого тунхагласан нь чухамдаа Манж, Зөвлөлтийн орлогчийг далайн цаанаас (ирээд нутаглачихгүй холоос ивээх) хайж эхэлсэн хэрэг байлаа. Харамсалтай нь орчин цагийн хамтын ажиллагаа ашиг сонирхлын нэгдлийг бий болгодог “хөрөнгө оруулалт” гэдэг ойлголтыг монголчууд “Бэлчээрт айлын мал орох” процессоос ялгахтай үгүйтэй байгаа нь “Гуравдагч хөрш”-ийг нь үргээгээд байгаа билээ.
Есдүгээрт, Өнгөрсөн түүхээсээ сургамж авах сонирхолгүй, туулж өнгөрүүлсэн гай зовлонгоо дахин туулахгүй явахыг эрмэлзэхийн оронд түүнийг ган зудын нэгэн адил дайраад өнгөрөх зовлон, харин хэзээ хаана таарахыг хувь тавилан мэднэ. Азтай явбал ахиад тийм зүйл болохгүй гэдэг утгаар хардаг. Ийм учраас өнгөрсөн (хувьсгал хүчирхийллийг шүүмжилсэн, социализмыг буруушаасан гм) тогтоцын мөн чанарыг шүүмжилсэн үзэл санаа нийгмийн зүгээс дэмжлэг авах нь бага байдаг.
Гэвч, иргэншсэн ертөнцийн дүрэмтэй зөрчилдөн зөрчилдөн амжилттай иргэншиж хөгжиж яваа монгол орны урагшлах замын нэгэн нууц нь бас өнгөрсөн үетэй холбогдоно.
Нүүдэлчин монголчууд шинэ орчинд ямарч эргэлзээгүй дасч, урьд үзээгүй дадал зуршлийг эрээлэлгүй өөриймшүүлдэг уламжлалтай. өчигдөрхөн халуун нар шарж байсан хорвоо өнөөдөр цас шуурч байхтай дасч, дэлэгнэн дэлгэрч байсан дэлхий өнөө гандан шарлахтай эвлэрч, үзэж дасаагүй бэлчээрт хоромхноо нутагшиж явсаар дассаных буйзаа. Яг л ХХ зууны гучаад оны хувьсгалт засаглалыг “Өө, шашингүй болж байгаа юмуу, ойлголоо” гээд яг л ган зуд ирсэн мэт хүлээн аваад тэвчин туулсан шигээ, зах зээл, ардчиллыг “өө, ардчилж байгаа юм уу,ардчилъя, ардчилъя”, “Зах зээлд орсон уу, яадаг гэнэ ээ. Сураад дагая” гэсэн байдлаар, хувь тавилан хэмээн эргэлзээнгүй хүлээн авсан билээ.
Манай өнөөгийн нийгмийн гол зөрчил нь даяаршил ба нүүдэлчдийн шинэ зүйлд дасамтгай чадварын хослолын үр дүнд агшин зуур нэвтэрсэн орчин цагийн хотшлийн элементүүд ба тэднийг улиралтай чанартай түр зуурын үзэгдэл өн, зуны адилаар өнгөн талаас нь хүлээн авсан малчны сэтгэл зүйн хооронд өрнөж байна. Гадна талаасаа танигдахын аргагүй өрнөджсөн ч нүүдэлчний зөн совин, асуудалд хандах өнцөг, түүнийг шийдэх аргачлалаасаа салж чадаагүй тал нутгийн баатрууд гэсэн үг.
Хачирхалтай нь, нүүдэлчний дадал, далд совин нь орчин үед олж авсан мэдлэг, мэдээлэл боловсролыг нь давамгайлсаар байгаа нь сонин бөгөөд нийгмийн сэтгэлзүй, массын психологи судлаач нарын хариулах асуулт буй заа. Магадгүй мэдлэг, мэдээллийг ч гэсэн цаг улирлын нэгэн адил түр зуур хэрэг болоод өнгөрдөг туршлага гэж хараад байна уу?
Тал нутгийн дүрэмтэйгээ оршсоор байхуу, монголчууд бид. Талын хуулиар амьсгалсан сэтгэлгээ, даяаршил, хотшил цаашдаа яаж хоршихийг би мэдэхгүй. Минийхээр бол XXI зууны “Монголын нууц товчоо” бол энэ.
Энэ асуултад хариулт хайж ядаж байгаа өчүүхэн хүнд тус болбол баярлана. Анхаарсан явдалд баярлалаа.

Жич: Энэ сэдвээр зохиогчийн бичсэн бүтээлийг сонирхвол Б.Цэнддоо. Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин (НЭПКО.2007.2015). Б.Цэнддоо. Иргэншлийн замд: Монголын соёлын альманах. (National geographic-НЭПКО. 2015 ) номуудтай танилцана уу!
1 Баабар. Нүүдэл, суудал. 2016. НЭПКО. Тал 10.
2 Б.Цэнддоо. Иргэншлийн замд: Монголын соёлын альманах. National geographic-НЭПКО. Улаанбаатар. 2015. Тал 25.
3 Жиовани дел Плано Карпини. Монголчуудын түүх, Гиом дэ Рубрук.Дорно этгээд зорчсон минь. Улаанбаатар.Улсын хэвлэлийн газар.1988. тал 23.
4 Монголын нууц товчоо. Зүйл 118.
5 Мөн тэнд.
6 Б.Цэнддоо. Иргэншлийн замд: Монголын соёлын альманах. National geographic-НЭПКО. Улаанбаатар. 2015. Тал 41.
7 Хандсүрэн.Ч. Жужуаны хаант улс ба түүхийн зарим судалгаа.Улаанбаатар. 2005. Тал 38.
8 БНМАУ-ын ардын боловсрол 60 жилд. Эмхтгэсэн Ц.Буянжаргал, Ц.Цэвээнням. УБ.1984. тал 5.
9 БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг. 1961 оны 6 сарын 20. Дугаар 136. Ч.Нямбуу. БНМАУ-ын хүн амын нөхөн үйлдвэрлэлийн байдал. 1976. Тал 24
10 Орон даяар соёлын довтолгоо явуулах тухай. МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны тогтоол. 1959. МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд. Хоёрдугаар дэвтэр.Улаанбаатар. 1967.тал 531-536.
11 Ч.Нямбуу. БНМАУ-ын хүн амын нөхөн үйлдвэрлэлийн байдал. 1976. Тал 17
12 Б.Цэнддоо. Иргэншлийн замд: Монголын соёлын альманах. National geographic-НЭПКО. Улаанбаатар. 2015. Тал 23.
13 Монголын нууц товчоо. Зүйл 203.
14 Дэлхийн нийгмийн форум. Халамжит төрийн хэтэрсэн жишээ-Монгол улс. itoim.mn
15 Баабар. Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд. цуврал. 2013. Baabar.mn

Categories
мэдээ цаг-үе

О.Болд-Эрдэнэ: Одоогоор АНУ, ОХУ, Казакстан зэрэг орнуудын жюүжицүчид бүртгүүлээд байна

Монголд анх удаа наймдугаар сарын 5-ны өдөр жюүжицүгийн олон улсын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээний талаар Азийн жюүжицү бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жюүжицү бөхийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монголд анх удаа жюүжицүгийн олон улсын томоохон тэмцээн зохиогдох гэж байна. Нийт хичнээн орны баг, тамирчид оролцох вэ?

-Монголд жюүжицү хэмээх спорт хөл тавиад арван жил болж байна. Бид арван жилийнхээ ойг угтаж, арван бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн юм. Түүний нэг нь Арабын нэгдсэн Эмират улсын жюүжицүгийн холбоотой хамтран “Ulaanbaatar interna¬tional pro” олон улсын тэмцээн зохион байгуулах ажил байсан. Уламжлал болон зохион байгуулах жюүжицүгийн томоохон тэмцээнүүдийн нэг байх учир, манай холбооны зүгээс ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч байна. Шинэлэг, сонирхолтой байлгахын тулд халз тулаан хийх нөхцөл боломжийг мөн бүрдүүлсэн. Тэмцээн маань жюүжицүгийн олон улсын тэмцээ-нүүдийн календарьт орсон. Тиймээс гадны тамирчид оролцохыг хүсвэл онлайнаар бүртгүүлэх боломжтой юм. Бүртгэлээс харахад АНУ, ОХУ, Казакстан зэрэг орнуудаас тамирчид оролцохоор болсон байна. “Ulaanbaatar interna¬tional pro” олон улсын тэмцээн наймдугаар сарын 5-нд болох бөгөөд, бүртгэл 2-ныг хүртэл үргэлжлэх юм.

-Монголоос хичнээн тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа бол?

-Манай 100 гаруй тамирчид өрсөлдөх төлөвтэй байна.

-Таны хувьд жюүжицүгийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн. Ер нь анх яагаад энэ спортыг хөгжүүлэхээр болсон юм бэ?

-2007 онд л юм даа. Дашдаваа, Мөнхбаясгалан, Мягмардорж гээд жүдо бөхийн шигшээ багийн хэдэн залуус жюүжицү гэж сонирхолтой спорт байдаг, талаар мөн жүдо бөх тус спортоос үүссэн тухай мэдсэн л дээ. Тухайн үедээ “Монголдоо хөгжүүлье” гэсэн бодолтойгоор жюүжицүгийн холбоог байгуулсан. Улмаар туршлага судлахаар 2008 онд Киргизд болсон жюүжицүгийн тэмцээнд оролцсон юм. Тэрхүү тэмцээн нь Бразил жюүжицү биш, яг жүдо бөхийн үндэс болсон жюүжицүгийн тэмцээн байсан. Өшиглөх, цохих гэх мэт мэх, техникүүдтэй байсан учир бид бага зэрэг эргэлзсэн л дээ. Ямартай ч энэхүү спортыг хөгжүүлнэ гэж зорьсон учир энэхүү спортоо судалсаар л байлаа. Харин удалгүй АНУ-д жюүжицүгийн тэмцээн болохоор болж, миний бие туршлага судлахаар явсан. Гэтэл бидний өмнө нь үзсэн жюүжицүгээс тэс ондоо жюүжицү угтаж авсан. Энэ нь бразил жюүжицү буюу бидний одоогийн мэдэх, хэвтээ барилдаан юм шүү дээ. Энэ спортын тухай мэдээд ч зогсохгүй, тэмцээнд нь оролцож хүрэл медаль хүртэн жюүжицүгээр Монголын анхны медалийг авчирч байлаа. Ингэж л Бразил жюүжицүг хүнд хэрэгтэй, маш гоё спорт юм байна гэж мэдээд, Монголдоо нутагшуулах чин эрмэлзлэлтэй ирсэн дээ. Ер нь жюүжицү нь хэвтээ барилдаан учир бэртэл гэмтэл авах эрсдэл бага, эрүүл мэндэд тустай спорт л доо. Тиймдээ ч маш хурдацтай хөгжсөөр байна.

-Жюүжицү нь хэдийнээс үүссэн спорт юм бэ?

-Жюүжицү бол Дорно дахины эртний тулааны урлаг. Энэхүү тулааны урлагаар жүдо бөхийн үндэслэгч Жигоро Кано хичээллэдэг байсан түүхтэй. Улмаар түүний хувьд жюүжицүгийн мэх, техникт тулгуурлан олимпийн үзэл санаатай уялдсан жүдо гэх том спортыг үндэслэсэн байдаг. Тэрээр жүдо бөхийн спортоо түгээн дэлгэрүүлэхийн тулд шавь нараа орон, орон руу илгээсэн байгаа юм. Түүний шавь нарын нэг Мацүё Маэда Бразилыг зорьсон нь Бразил жюүжицү үүсэх үндэс суурь нь болж өгсөн гэж болно. Учир нь тэрээр Бразилд очин жүдог сурталчилж явах үедээ Грейсигийн гэр бүлийнхэнтэй танилцсан байдаг. Грейси нь бие султай хүн байсан учир, өөртөө хялбар болгох үүднээс жүдогийн шидэх зэрэг хүнд мэхүүдийг хасч хэвтээ барилдаан болгон өөрчилж, хөгжүүлж эхэлсэн байгаа юм. Ингэж Бразил жюүжицү үүссэн түүхтэй. Мацүё Маэдаг Бразилд очиход жүдогийн гэхээсээ жюүжицүгийн тулаанч ирлээ гэж хэвлэл мэдээллээр нь цацагдаж байсан гэдэг. Тухайн үед Бразил ч гэлтгүй, япончууд өөрсдөө жюүжицү, жүдог хоёрыг ялгаж ойлгодоггүй байсан юм билээ. Тиймдээ ч жюүжицүгийн тулаанчид гэж эндүүрч зарлаж л дээ. Хэрэв хоёр өөр төрөл гэдгийг сайн мэддэг байсан бол Бразил жюүжицү биш Бразил жүдо гэж нэрлэх байсныг үгүйсгэх аргагүй юм.

-Жюүжицү нь жүдотой адил бүсний ангилалтай шүү дээ. Монголд хар бүстэй тамирчид хичнээн байдаг вэ?

-Жюүжицүгийн нэг давуу тал нь цагаан, хөх, ягаан, бор хар гэсэн бүснээс гадна жин, насны ангилалтай байдаг. Тэгэхээр тухайн тамирчин ур чадвар болоод нас, жин яг адил тамирчинтайгаа өрсөлдөх боломжтой юм. Манай тамирчид 2015 оноос эхлэн хар бүстэй болж эхэлсэн. Одоогоор хар бүстэй гурван тамирчин бий. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Монголын жюүжицүгийн баг тамирчид есөн дэлхийн аварга, 11 ази тивийн аваргатай болохын сацуу дэлхий, тив, олон улсын тэмцээн, наадмуудаас нийт 237 медалийг хүртээд байна.

-Тамирчид цаашид ямар тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа бол?

– Манай тамирчин Баярмаа Варшавт болж байгаа дэлхийн наадамд оролцохоор хүлгийн жолоо залаад байна. Үүний дараа манай баг тамирчдыг Ахмадуудын дэлхийн аварга, Азийн танхимын наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт томоохон тэмцээнүүд хүлээж байна даа.

-Жюүжицүгийн тамирчдад зориулсан нэгдсэн клуб байдаг уу?

-Ер нь тамирчин хүн өдөр тутам тогтсон бэлтгэл сургуулилттай байж, амжилт гаргадаг. Үүнд бэлтгэл хийх, орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай л даа. Иймд жюүжицүгийн спорт хөгжихийн хэрээр өөрийн гэсэн клубтай байх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Ингээд бид одоогоос хоёр жилийн өмнө Монголын анхны жюүжицүгийн клубыг “Garuda” нэртэйгээр байгуулсан. Ганцхан “Garuda”-аар ч зогсохгүй салбар клубууд нэмэгдсээр байгаа.