Categories
мэдээ нийгэм

Швейцарь дахь монголчууд хандив илгээжээ

Швейцарь дахь монголчууд хандив илгээжээОйн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байна.

Тухайлбал, өнөөдөр Швейцарь улсад ажиллаж амьдардаг монголчуудаа уриалан хандивын аян өрнүүлсэн тус улсын Вазель хотын оршин суугч Д.Нэргүй өөрийн биеэр ирж 2,745,000 төгрөгийн хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Түүний эхлүүлсэн хандивын аянд Вазель, Бель, Олтен хотод ажиллаж амьдарч байгаа 41 иргэн оролцсон байна.

Түүнчлэн АНУ-ын Денвер хотод ажиллаж, амьдардаг Монголын эрэгтэйчүүдийн холбооны гишүүд “Эх орноо аваръя” хандивын аян өрнүүлж, 400 долларын хандиваа илгээлээ. Илгээмжийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм. Тус хандивын аянд Денвер хотод ажиллаж амьдардаг 20 иргэн оролцож, сэтгэлийн хандиваа илгээсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав

УИХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “АН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг нухацтай авч хэлэлцлээ” хэмээн мэдээллээ. Засгийн газарт тодорхой асуудлаар шаардлага хүргүүлэх, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах хэрэгтэй гэж тэд үзсэн байна.

“Хүүхдийн мөнгийг Ерөнхий сайд бүх хүүхдэд өгнө, нөхөн олгоно гэсэн амлалт өгсөн. Энэ нь АН-ын бодлоготой нийцэж байгаа. Хүүхдийн мөнгийг нөхөж олгохын тулд төсвийн тодотгол хийх ёстой гэж бүлэг үзсэн. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 240 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй. Тодотгол хийх замаар эх үүсвэрийг нь төсөвт суулгаж байж энэ амлалт хэрэгжнэ. Бид Засгийн газарт “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох” шаардлага хүргүүлж байгаа.

Өвөлжилтийн бэлтгэлийн талаар холбогдох сайд нарт маргаашнаас эхлээд асуулт тавьж, хариулт авч анхаарч ажиллах болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг бодлогын хувьд дэмжиж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бүх ард түмнээсээ асуух хэрэгтэй. Зөвлөлдөх уулзалт нэрээр хэдэн аймгаар явж, хэдэн дарга нараас асуугаад өөрчилж болохгүй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлавал АН-аас дэвшүүлсэн бодлого хэрэгжих боломжгүй болно. Олон чухал асуудал яригдаж байгаа хуулийн төсөлд ороогүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бие даасан төсөл боловсруулах тухай ярилцсан гэв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг бэлтгэгдсэн сценариар яваад байна. Хэлэлцүүлэг хийж байна гээд төрийн албан хаагчдыг оролцуулж, тоо бүрдүүлээд одоо өөрчилье гээд оруулж ирэх гээд байна. Үнэн хэрэгтээ ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлт энд ховор. Нэг намд ашигтай байдлаар шийдээд явчих вий гэдэг үүднээс АН болгоомжилж байна.

Гадна дотны хөрөнгө оруулалт, өвөлжилтийн бэлтгэл гээд аминд тулсан асуудлууд тулгарч байна. Хүүхдийн мөнгийг он дуустал олгохын тулд төсвийн тодотгол хийх хэрэгтэй байна. Айлын хүүхдүүд ижил гараанаас хичээлийн бэлтгэлээ хийхэд хүүхдийн мөнгө нэмэр болно. Улс төр гэж харах хэрэггүй. Төсвийн тодотгол зайлшгүй. Энэ тухай АН бүлгээрээ хэлэлцэж олонхийн шийдвэр гаргасан гэв.

Ж.Батзандан сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Бид хөдөө орон нутгаар явж иргэдийн саналыг авч байгаа. Сумын Засаг даргыг шууд сонгодог болъё” гэж иргэд хүсч байна. Тусгайлсан ажлын хэсэг гаргах ёстой. Түүнээс биш намынхаа төлөө Үндсэн хуулийг өөрчилж таарахгүй. Төсвийн тухай хуульд тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Нэг сайд мэдэгдэл гаргаад хүүхдийн мөнгө өгөх, өгөхгүй тухай шийдвэр гаргаж таарахгүй. Төсвийн орлого 500 тэрбумаар давсан бол төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгө өгье, аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгье гэж ээлжит бус чуулганыг хуралдуулахыг АН шаардаж байгаа. Төсвийн тодотгол хийхгүй, төсвөөс гадуур их хэмжээний мөнгө зарцуулж байгаа асуудлаа зогсоохгүй бол улс төрийн хариуцлага тооцох тухай асуудал яригдах болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тайхарын талд монгол сарлагийг алдаршуулна

монгол сарлаг зурган илэрцүүдМонгол сарлагийн онцлог, бэлчээр ашиглалт, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлын гайхамшгийг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг таниулах, малчид, малчдын байгууллага болон дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн түншийн харилцааг бэхжүүлэх зорилго бүхий “МОНГОЛ САРЛАГ -2017” фестиваль Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд энэ сарын10, 11-ний өдрүүдэд болох гэж байна.

Тус аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмыг Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ, ШХА-ийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн ЗДТГ, “Монголын ноос ноолуурын холбоо”, Ихтамир сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна. Сарлагийн баярт нийт 14 аймгийн 80 гаруй сумын сарлаг үржүүлэгчид, сарлагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.
Наадмын эхний өдөр “Сарлагийн аж ахуйн тулгамдсан асуудлууд болон төрийн бодлого” онол-практикийн бага хурлыг зохион байгуулна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон салбарын эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцох энэ хурлаар онцгой чанарын үржлийн сарлаг, цөм сүргийг бий болгох, сарлагийн үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үржүүлэг маллагааны технологи гаргах болон сарлаг үржүүлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэх мэт салбарын хэмжээнд нэн шаардлагатай болон тулгамдсан асуудлуудыг ярилцах юм.

Өндөр хангайн өгөөж буянт сарлагийн сүргийг алдаршуулах “Монгол сарлаг-2017” фестиваль “Сүрлэг хангай” сарлагийн парадаар эхэлж, зорин ирсэн гадаад, дотоодын жуулчдад “Хөхдэй”, “Өгөөж буян”, “Цагаадай”, “Ягаадай”, “Нутгийн өгөөж” хотхонуудаар үйлчилж, сарлагийн гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээг танилцуулан, уламжлалт өв соёлын гайхамшгийг сурталчлан таниулах юм.

“Хөхдэй” уралдаан тэмцээний хотхонд ашиг шим өндөртэй сарлагийн бух шалгаруулах “Сайхан сарлаг”, хамгийн сайхан тоног чимэгтэй “Ганган сарлаг”, хамгийн олон төл хүлээн авсан “Сарлагт ээлтэй малчин”, хамгийн их сарлагийн хөөвөр бэлтгэсэн хоршоог шалгаруулах “Саглагар, сагсаахай”, сарлагийн түүхий эдээр хийсэн хамгийн уран хийцтэй гар урлалын бүтээгдэхүүнийг шалгаруулах “Уран сарлаг”, хамгийн их сүүтэй үнээ шалгаруулах “Арвин баялаг”, хамгийн амттай, сайхан сүүн идээг шалгаруулах “Шимт идээ” зэрэг хамгийн хамгийнийг шалгаруулсан уралдаан тэмцээнүүд явагдана.

Харин “Өгөөж буян” үзэсгэлэнгийн хотхонд сарлагийн мах, сүү, хөөвөр, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж гадаад, дотоодын жуулчид наадамчин олонд сарлагын ашиг шимийг таниулан сурталчлах юм. Аялагч, жуулчдад зориулсан “Цагаадай” монгол уламжлалын хотхонд “Тод магнай” хурдан сарлагийн уралдаан, сарлаг бугуйлдах, эмнэг сарлаг сургах, нум сум харвах гээд нүүдэлчдийн өвөрмөц зан үйлээс үзүүлэн танилцуулж, наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм Супер хонжворт сугалааны энэ хотхонд шалгаруулна. Тэгвэл “Ягаадай” урлагийн хотхонд сарлагтай холбоотой дуу, шүлгийн тэмцээнийг зохион явуулж, аймаг сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолтыг үзэж болно.Наадмын бас нэгэн үзүүштэй агшин бол “Хөнгөн дулаан” сарлагийн хөөврөн хувцасны загварын шоу юм. Энэхүү шоунд “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран ажилладаг “Баялаг Өлзий”, “Сор”, “Уужин”, “Жинст мөрөн”, “Алтай кашемир”, “Монгол нэхмэл” зэрэг компаниуд оролцож, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ наадамчид, жуулчдад сурталчлан таниулах аж.

Categories
мэдээ нийгэм

Дарь эхийн уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замыг түр хаана

ЗурагМаргааш 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Учир нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд явган хүнд зориулсан гүүрэн гарцын барилгын ажил хийж байгаа бөгөөд дээрх хугацаанд гүүрийн дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэх аж.

Тиймээс дээрх хугацаанд жолооч нарыг Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Categories
мэдээ спорт

Шатрын тэмцээнүүдийн бүртгэл эхэлжээ

Ойрын хугацаанд шатрын хэд хэдэн томоохон тэмцээн болох юм байна. Тухайлбал, Дэлхийн шатрын холбооны ивээл дор Герман улсын Дресден хотноо Хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын ДАШТ болох аж. Тус тэмцээний бүртгэл эхэлжээ. Тэмцээн намар аравдугаар сарын 05-13-нд гурван ангиллаар явагдах юм байна. Тулгуур эрхтэн, сонсгол, харааны бэрхшээлтэй тамирчид гэсэн гурван ангилалтай. Мөн тус тэмцээнд оролцогчид нь дэлхийн чансаанд бүртгэлгүй эсвэл 2100 буюу түүнээс доош чансаатай байх ёстой бөгөөд харьяа холбоогоор дамжуулж нэгдсэн багийн бүртгэл хийх ёстой юм байна. Харин нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Тэмцээн Швейцари системээр 7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт 90 мин/40 нүүдэл+30 мин /ингэхдээ нүүдэл бүрт 30 сек нэмэгдэнэ/ байх юм. Хүлээлгийн цаг 15 минут байна гэжээ. Тэмцээний бүртгэлийг Монголын Олимпийн Хорооны 204 тоотод 8 сарын 10-ыг дуустал авах юм байна.

Мөн 14, 16 болон 18 хүртэлх насны өсвөрийн шатарчдын ДАШТ есдүгээр сарын 16-аас есдүгээр сарын 26-нд Уругвай улсын Монтевидео хотод болно. Бүх ангилалд нэг нэг тамирчин байх ёстой бөгөөд уг тэмцээний бүртгэл 08 сарын 15-ыг хүртэл мөн Олимпийн хороонд байрлах оффист болж байгаа аж.

Үүнээс гадна Азийн хотуудын багийн аварга шалгаруулах тэмцээн буюу Дубай-2017 тэмцээний бүртгэл уг байранд 8 сарын 10-ыг хүртэл болж байна.

Мөн Дэлхийн Цом 2017 тэмцээний оноолт гарсан байна. Тус тэмцээнд манай улсаас Их Мастер Ц. Батчулуун оролцож байгаа юм. Тэрээр эхний шатанд Английн шатарчин Майкл Адамстай учраа таарсан байна.Манай тамирчин дэлхийн чансааны 106-д байгаа бол түүний өрсөлдөгч нь 23 дугаар байранд яг одоо эрэмбэлэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

Зарим сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээДундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарч лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар бид мэдээлсэн билээ. Одоогоор тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд шүлхий өвчин дэгдэж, тус дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар “Шуурхай удирдлагын штаб” 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригт устгасан үхрийн тоо 118 болсныг тус штабаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Суралцагчдын ээж, аавууд Хууль сахиулах их сургуультай танилцлаа

Хууль сахиулахын их сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгчид өдгөө цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж буй. Өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн тус сургалт наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн хоолой дахь Их сургуулийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд суралцагчдын эцэг, эх, ах, дүү, найз нөхдөд дээрх төвийн үйл ажиллагаа, тэдний суралцаж буй байр, сургалтын орчин, хоол, орчныг танилцуулах “Нээлттэй хаалга” өдөрлөг боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль сахиулахын их сургуулийн удирдлагууд, сургалтын төвийн нийт бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийн төлөөлөл болох 600 гаруй хүн оролцов.

Энэ үеэр Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ суралцагчдад сурлагын амжилт хүсч, жилээс жилд ХСИС-д элсэн суралцах хүсэлтэй охид, хөвгүүдийн тоо нэмэгдсээр байгааг онцоллоо. Мөн өөрийн сул тал, муу зуршлаасаа салахыг элсэгчдэд үүрэг болгон, Их сургуулийн хувьд сонсогч, суралцагчид эрхэм болохыг сануулсан юм.

Элсэгчид биеийн тамирын дасгал хөдөлгөөн, урлагийн тоглолт, сурч мэдсэн бүхнээ хуран чуулсан зочдод сонирхууллаа.

Суралцагчдын ар гэрийнхэн тус төвийн хичээл сургалтын явц, суралцагсдын байртай биечлэн танилцаж, элсэгчдийн өдрийн хоолноос амтлав.

Өдгөө тус сургалтын төв нь контейнер хаус, байр, хоолны заал, хичээлийн танхим, биеийн тамирын талбай, жагсаалын талбай, буудлагын талбай, зэвсэгийн агуулах бүхий орчинд сургалт явуулж байна.

Энэ үеэр мөн суралцагчид тэдний ар гэрийнхний дунд буухиа хөгжөөнт тэмцээн зохиогдсон юм. Суралцагчдын эцэг, эх ар гэрийнхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

ХСИС-ийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд 400 гаруй суралцагч тус сургуулийн Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургуульд элсэн суралцаж байна.

Тэд сургалтын хугацаанд цэргийн хэргийн мэдлэг, цэргийн жагсаалын дүрэм, галын бэлтгэл, сэтгэл зүй, биеийн тамир гэсэн хичээлүүдийг үзэж судлах юм. Мөн элсэгчдийг цэргийн албаны мөн чанар, багаар ажиллах чадварт суралцуулах, дүрмээр харьцах соёл, эх оронч үзлийг төлөвшүүлж, сэтгэл зүйн хувьд албаны ачаалал даах чадвар эзэмшүүлдэг байна.

Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одонт Хууль сахиулахын их сургууль нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Шүүхийн шинжилгээний байгууллагын боловсон хүчний 80 гаруй хувийг бэлтгэн гаргадаг Монгол Улсын ууган сургуулиудын нэг билээ.

“Нээлттэй хаалга” өдөрлөгийн үеэр суралцагчийн ээж Ц.Тунгалагтуяа ийнхүү ярилаа.

Миний хүүг Бат-Оргил гэдэг. Сургалтын төвийн нэгдүгээр салаанд байрлан суралцаж байгаа. Би өмнөх удаагийн эргэлтээр хүүгээ гаднаас нь харсан. Харин өнөөдөр хүүгийнхээ ямар орчинд амьдарч, хэрхэн суралцаж, хүмүүжиж байгаатай нь биечлэн танилцлаа. Мөн тэд өдөр тутамд ямар хүнс хэрэглэдгийг сонирхож, өдрийн хоолноос нь амталсан. Тохилог орчинд амьдардаг юм байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. Дээр нь ХСИС-ийн бие бүрэлдэхүүн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд суралцаж буй элсэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ цэргийн штаб байдгийг мэдлээ.

Хүүгээ их санаж байна. Хүү маань богино хугацаанд их зүйлийг сурчээ. Нийт бүрэлдэхүүнд талархсанаа хэлье гэв.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл 45 хувьтай байна

Холбоотой Зураг

Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 17.648 мянган хүүхэд бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 2015 онд төрсөн хоёр настай хүүхдүүд 39 мянга байгаа бөгөөд одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэл 45 хувьтай явж байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ.

Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авах юм байна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настай хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой байгаа. Мөн төрийн бус өмчийн 443 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд элсэх боломжтой гэнэ. Ингэснээр энэ жил хоёр настнуудын 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтойг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байсан.

Харин өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-ний өдөр цэцэрлэг дээр нь бүртгэх гэнэ. Мөн хүүхдээ цахим бүртгэлээр бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүд энэ сарын 10-ны өдөр бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, туслах юм байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд буюу энэ сарын 24-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр аавдаа хайртай гэдгээ хэлээрэй

Холбоотой ЗурагӨнөөдөр “Аавуудын өдөр”. Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага, үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-ийг санаачилсан билээ. 2005 онд анх тэмдэглэсэнээс хойш өдгөө 12 оныг үдэж буй.

“Энэ өдөр бол гэр бүлийн өдөр. Аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр” гэж Монголын эрэгтэйчүүдийн холбооноос тодорхойлжээ. Манай улс “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон юм байна.

Монголын сайхан аавууддаа “Аавуудын өдөр”-ийн мэнд хүргэе.

Сайн аав байх арван аргыг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос ийнхүү тодорхойлжээ.
Хүүхдийнхээ ээжийг хүндлэх
Хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх
Хүүхдээ сонсдог байх
Хүүхдээ зөв хайрлах
Хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэх
Хүүхдийнхээ багш байх
Гэр бүлээрээ хамт хооллох
Хүүхдэдээ ном уншиж өгөх
Хүүхдэдээ хайртай гэдгээ хэлж байх
Насан туршийн амьдралынх нь зөвлөгч байх.

Categories
мэдээ нийгэм

Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар дрифт хийж байсныг болиулжээ

дрифт хийх зурган илэрцүүдНийслэлийн Замын Цагдаагийн албанд иргэдээс “Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдол иржээ.

Гомдлыг хүлээн авч шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт энэхүү үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажилласан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2017 оны наймдугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авчээ.

Бүртгэлд авсан тээврийн хэрэгслүүдийг оношилгооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгон илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх тал дээр баталгаа авч ажилласан байна.

Цаашид дээрх чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана гэж Нийслэлийн Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.