Categories
гадаад мэдээ

Хятадын Сычуань мужид газар хөдөлсний улмаас олон хүн амиа алджээ

ЗурагӨчигдөр орой Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас есөн хүн амиа алдаж, 160 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын холбогдох албаны хүмүүс өнөө өглөө мэдээллээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, газар хөдлөлтийн голомт нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд 20 км-ийн гүнд ажээ.

Нурангинд дарагдаж боогдсон хүмүүсийг цаг алдалгүй аврахыг тус улсын дарга Ши Жиньпин цагдаа нар болон гал сөнөөгчдөд үүрэг болгожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, жуулчид амиа алдаж, гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байхгүй байгаа боловч 100 орчим жуулчин хөрсний нуралтад боогдсон бололтой.

Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан газар бөгөөд зун болон намрын улиралд жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг юм.

Хятадын Сычуань нь газар хөдлөлтөд өртөмтий муж билээ. Тус мужид сүүлийн жилүүдэд олон хүний аминд хүрсэн газар хөдлөлт нэг бус удаа болсон юм. Тухайлбал, 2008 онд тус мужид 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 69 мянга гаруй хүн амиа алдаж, 17 мянга гаруй хүн сураггүй болж байв.

Мөн 2013 оны дөрөвдүгээр сард 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 200 орчим хүн амиа алдаж, 13 мянга гаруй хүн гэмтэж бэртэж байсан юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Жаран тэрбумын хэрэг нэг нь дуудаж асуугаад, нөгөө нь “хууль гаргахгүй бол болохгүй” гэж хэлээд өнгөрөх асуудал ч биш дээ

Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө АТГ-ын дарга даамлуудтай уулзаж сонгуулийн өмнөөс дуулиан дагуулсан жаран тэрбумын асуудлыг сөхлөө. Олныг эмзэглүүлсэн сэдэв учраас толгойтой бүхэн төрийн тэргүүний байр суурийг дэмжиж байна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч эрх баригч намын албан тушаал наймаалцах тухай өрнүүлсэн бичлэгийг шалгуулж, хариуцлага тооцуулах талд хатуу зогсож байгаа нь энэ уулзалтаас тод харагдав.

Х.Баттулга АТГ-ынхантай уулзахдаа “Доржзодов гэж залуу төрийн албыг наймаалцдаг байдлыг илчилж, 90 минутын бичлэг цацлаа. Төрийн албыг наймаалцаж буй тэр бичлэг Монгол улсыг, АТГ-ыг олон улсад яаж харагдуулж буйг та бүхэн надаас илүү мэдэж байгаа. Өмнө нь ямар нэг шахалт дарамт байсныг үгүйсгэхгүй. Тэгвэл одоо улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Нэгдүгээрт улсынхаа нэр хүндийг авармаар байна. Хоёрдугаарт энэ бол АТГ гэж байгууллага байх эсэхийг шийдэхээр том асуудал” гэсэн үгийг зүгээр ч нэг унагаагүй. Эхний шалтгаан нь эрх баригч намын хандлагатай холбоотой. Төрийн албыг наймаалцах тухай яриа М.Энхболд ба түүний тойрон хүрээлэгчдийн дунд өрнөснийг батлах бичлэг сонгуулийн өмнө буюу аль жил гаруйн өмнө ил болсон ч эрх баригчид өнөөг хүртэл таг чиг яваа учраас төрийн тэргүүн байр сууриа ингэж илэрхийлсэн хэрэг. Ерөнхийлөгчийн хатуу байр суурийн хоёр дахь шалтгаан нь АТГ өөрөө. Сөрөг хүчнээс бичлэгийг шалгуулах хүсэлтийг удаа дараа тавьсаар байтал үл тоосон хандлага гаргаж өнөөг хүрснийг ганц төрийн тэргүүн ч биш нийт олноороо шүүмжилж байгаа. Улстөржсөн иймэрхүү хандлагыг удаа дараа гаргаж байсан болохоор АТГ хэзээнээсээ олонд сайн нэргүй л дээ. Жаран тэрбумын асуудал дээр нүдээ аньж таг дуугүй яваа нь иргэдийн дургүйцлийг бүр дэвэргэж байгаа. Цаашдаа ч энэ асуудалд улстөржсөөр байх болов уу гэсэн хардлага учир мэдэх улсын дунд бий.

Энэ байгууллагыг толгойлдог Х.Энхжаргал жаран тэрбумын асуудлыг шалгуулах хүсэлт ямар явцтай байгааг сонирхсон Ерөнхийлөгчийн асуултад “Өнөөдрийн байдлаар тогтоогдсон зүйл алга, цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн хариу ирсэн. Одоогоор энэ нь үнэн юм байна гэж нарийн тодорхой танилцуулах боломж алга. Ийм тийм хүмүүс гэж заагаагүй учраас илрүүлэх боломжгүй байна. Энэ асуудлын хүрээнд 3300 орчим албан хаагч хамрагдаж байгаа. 130-ыг нь л шалгасан” гэсэн хариу өгсөн нь даарин дээр давс нэмж олны дургүйцлийг өдөөж орхисон. “Бид жаран тэрбумын бичлэгийг угаасаа шалгахгүй” гэсэнтэй агаар нэг үг унагасанд нь төрийн тэргүүн ч таатай хандаагүйг хэд хоногийн өмнө болсон уулзалтын бичлэгээс бэлхнээ харагдаж байна. Ерөнхийлөгч “Энхжаргал аа мөрдөн байцаах үйл ажиллагааны зааварчилгаа өгмөөргүй байна. Та их бүрхэг юм ярьж байна. Би хоёр л зүйл хэлье. МАН сонгуульд ялсан уу ялсан. Сандуй гэж нөхөр албан тушаалд очсон уу гэвэл очсон. Тэр үйл ажиллагааг илчилсэн залууг баривчлах оролдлого хийсэн үү гэвэл хийсэн” гэсэн үгийг мөн л цаанаа учиртай унагасан. МАН төрийн албыг дээгүүрээ сэм наймаалцдаг, наймаалцсан мөнгөөрөө сонгуульддаг, сонгуульд ялчихаад хэлэлцсэн тохирсноороо албан тушаал авдаг нь тодорхой болсныг дээр дооргүй харж бухимдаж суугаа. Олны бухимдлын наад захын илрэл нь саяын сонгуулийн үр дүн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Олон нийт төрийн тэргүүний АТГ-ын даргад хэлсэн үгийг толгой дохин сонссон нь ийм энгийн учиртай. Хэрвээ МАН жаран тэрбумын бичлэг сөхөгдсөн даруйд хариу зөв үйлдэл хийсэн бол, адаглаад сонгуульд ялсныхаа дараа төрийн өндөр албан тушаалыг ил цагаан хуваарилаад эхлээгүй бол байдал өөрөөр эргэх боломж байсан уу гэвэл байсан. Жаран тэрбумын санааг гаргасан Ц.Сандуйг ИТХ-ын дарга болгосон цагаас эхлээд МАН төрийн албыг өөр зуураа наймаалцдагаа баталсан. Долоон буудлын Должин эмээ, Дорж, Дулмаа, ер нь хэний ч бодоод олчих гаргалгаа.

Яаж ч бодсон “Би төчнөөн төгрөг өгч энэ албан тушаалыг намаасаа авсан” гэж хэлэх хүн гарахгүй. АТГ-ынхан үүний учрыг олж харахгүйгээр баахан албан хаагчдыг байцаагаад байгаа гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Цагдаа үнэн зөвийг нь тогтоох ёстой гэсэн тайлбар хийсэн шигээ суугаа нь АТГ-ын буруу. Сэтгэлгүй, ур чадваргүй ажиллаж байгаагийнх нь л илрэл. Авлигатай тэмцэх ёстой, хуулиараа ийм үүрэг хүлээсэн байгууллага нь бүрэн дүүрэн баталгаатай, хамар дор нь байгаа авлигын том хэрэг дээр хүүхэд хуурч байгаа юм шиг аяглаж болохгүй л дээ. Х.Энхжаргал хууль гаргаж байж хэргийг илрүүлнэ гэх маягийн үг хэлж харагдсан. АТГ бол үнэхээр мөнгө авч өгөлцөж албан тушаал наймаалцсан уу гэдгийг хууль гаргаж биш ур чадвараа харуулж байж илрүүлэх ёстой цорын ганц байгууллага. Тэр байтугай агаарын үйл явдал дээр хэрэг үүсгээд, нотолж батлаад ял өгчихдөг байгууллагад мэдээжийн баримттай, олон улсын мэргэжлийн байгууллага нэг орчинд нэг дор хийсэн бичлэг байна гээд баталчихсан нотолгоо сэлттэй хэргийг илрүүлэхэд ядаж цөхөх зүйлгүй санагдах юм. Дахиад хэлэхэд яалаа гэж шан харамж өгч ажилд орсон хүмүүс үнэнээ хэлж хамгаа тоочихов дээ.

Ерөнхийлөгч АТГ-ын даргыг дуудаж уулзаад үүрэг даалгавар өгдөг нь маш зөв алхам. Ард түмний АН-ын нэр дэвшигчийг сонгох болсон том шалтгаануудын эхэнд жаран тэрбумын бичлэг гарцаагүй багтана. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулж, тодорхой шийдэлд хүргэхгүй бол М.Энхболд шиг юм болно. М.Энхболд Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж сонгуульд ялчихаад эсрэгээрээ ажилласныг улсаараа харсан. Мэдээж олныг басч болохгүй, ард түмэн тэнэг биш. МАН сонгуульд ялсныхаа дараа хэлж ярьсныхаа эсрэг үйлдэл хийж мэргэжлийн бус засаг байгуулсныхаа горыг энэ зуны сонгуулиар амссан.

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг М.Энхболдын хүн гэдэг. Чуулганы хурлаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр хэд хэдэн гишүүн түүнийг М.Энхболдын хүн гэж онцолж цохож байсан нь цаанаа мэдээж нарийн учиртай. Тэгэхээр Х.Энхжаргал лав жаран тэрбумын бичлэгт анхаарал тавьж ажиллахгүй. Энэ бичлэгийн үнэн мөнийг тогтоож, төрийн албыг хэдэн арван тэрбумаар үнэлсэн наймааг илчилье гэж зорихгүй. АТГ-ын даргаар томилоход нөлөөлсөн, томилуулсан хүнийхээ төлөө ажиллана гэдэг бол хэн ч бодоод олчих гаргалгаа. Энэ хэргийг илрүүлэх учиртай байгууллагын толгой удирдлагуудыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд томилж чөлөөлөх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу зарим нөхдийг өөрчилж, сольж байж л энгийн олон жаран тэрбумын бичлэгийн ард ямар наймаа явагдсаныг олж мэднэ. Ингэж байж л төрийн албыг хэн хэн наймаалцаж том толгойлсныг нийтээрээ харах боломжтой.

Ер нь тэгээд жаран тэрбумын бичлэгт дурдагдсан албан тушаалд томилогдсон, ажилд орсон бүх хүнийг авлига өгсөн гээд халалтай биш, хэцүү л дээ. Өгдөг юмаа өгөөд орсон байсан ч батлах боломжгүй эд. Хамгийн гол нь төрийн албыг наймаалцах ажлыг зохион байгуулсан, авлига өгөх нөхцөлийг бүрдүүлсэн хүмүүст арга хэмжээ авч, хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тодруулж хэлбэл Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар зэрэг нэр нь тодорхой нөхдөд. Сонгуульд оролцох мөнгөө төрийн албыг наймаалан байж босгосон ажилд оролцсон өөр бусад хүмүүсийн нэрийг ч тодорхой болгож олонд зарлах хэрэгтэй. Нийгмийн шударга ёс үүнийг шаардаж байна. Үүнийг л ил болгож, хариуцлага хүлээлгэхийн тулд Монголын ард түмэн Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Жаран тэрбумын хэрэг нэг нь дуудаж асуугаад, нөгөө нь “хууль гаргахгүй бол болохгүй” гэж хэлээд өнгөрөх асуудал биш л дээ, яаж ч харсан.

Categories
мэдээ нийгэм

Нэр дэвшигчдийн зардлын тайланг аудит, татварын байгууллага хянаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ.

Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан байгаа билээ.Үүний дагуу нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн байна.

Хуулийн дагуу нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээ, үүнээс өөрийн хөрөнгөөс оруулсан орлого, намаас оруулсан орлого, хандивын орлого, хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, зарлагын ангилал, гүйцэтгэл, үлдэгдлийн хэмжээ, байршил гэсэн үзүүлэлтээр гаргажээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт энэ сарын 8-ны өдөр тус тус хүргүүлсэн байна.

Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлах юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Би хуулийн байгууллагад гомдол гаргахаар нэлээд материал бүрдүүлсэн

“Өдрийн сонин”-ы 2017.08.01-ний Мягмар гаригийн №163(5730) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Та УИХ-ын гишүүнээр ажилласан жилийн хугацаандаа ямар асуудлуудад анхаарал хандуулсан бэ?

-Тойргийн сонгогчид, өрх бүрт парламент дахь 11 сарын хугацаанд хийсэн ажлын тайлангаа зургадугаар сарын эхээр хүргүүлсэн. энэ хугацаанд судалгаа, шинжилгээнд тулгуурлан шийдвэр гаргах зорилготойгоор өгөгдөл, мэдээлэл, нөхцөл байдлыг авч үзэхэд түлхүү анхаарлаа. нөгөө талаас улс оронд, орон нутагт тулгамдаж буй асуудлыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хэрхэн үзэж байна, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байгаа талаар эрдэмтэн судлаачидтай удаа дараагийн олон уулзалтуудыг зохион байгуулсан. Өнөөдөр иргэн бүр мэргэжилтэй, ажилтай, орлоготой, амьдралын стандартыг хангаж амьдрахыг л хүсч байна. Үүнийг хэн, хэрхэн хангах вэ гэхээр төрийн албан хаагч бүрийн үүрэг, зорилго байх ёстой. Иргэддээ төрөл бүрийн зуучлалыг бий болгоно. Мэдээллийг олгох, төрийн хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулна гэх зэргээр. аливаа технологиуд асар хурдацтай хөгжиж байна. Үүнийг хэрхэн ашиглах вэ, үр ашгийг хэрхэн бий болгох вэ гэж системээр нь авч үзэх л чухал байна.

-Орон нутгийн түвшинд хамгийн сүүлд хэрэгжүүлсэн ажлаасаа товч дурдаач?

-орон нутгийнхаа хувьд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр ХааИс-тай хамтын ажиллагааны хүрээнд говь нутагт нутагшуулсан шинэ сортын гүзээлзгэнэ бусад жимс жимсгэнийг тариалах, тариаланчдаа сургалт, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгууллаа. Боловсролыг чанаржуулах зорилгоор улсын олимпиадад аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн багш сурагчдаа алдаршууллаа.

-Өөр ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах вэ?

-орон нутаг хөгжих ёстой. Иргэд хөдөө, сум, аймагт хаана ч чинээлэг хангалуун амьдрах ёстой. уул уурхайгаас орж ирж буй ашгийг эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай. Бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаармаар байна. Үүний тулд хийх ажил маш их байна. Баг, сум, аймаг, бүс, улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг томоохон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай нягт уялдуулж өгмөөр байгаа юм. гэтэл манай улсад өнөөдөр бүсчилсэн хөгжил гэж ярих, бичих хэрнээ бүс нь өөрөө хэр зэрэг санхүүгийн чадавхитай, нөлөө бүхий байна вэ гэдэг анхаарах л асуудал. Бүс нутгийн хөгжил манайд ямар хэрэгтэй юм бэ гэж асуух байх л даа. Бид цөөн хүн амтай, зах зээлийн багтаамж багатай орон. эдийн засгийн өргөжилтийг бий болгох, ажиллах хүчний эрэлтийг хангахын тулд бүсээр авч үзэхээс өөр арга байхгүй.

-Хөгжил, хөгжинө гээд л яриад байх юм. Одоо хөгжөөд байгаа юм алга. Үүний учир шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

-Хөгжил хэмээх энэ асуудлыг өрсөлдөх чадвартай нь уялдуулан системийнх нь хувьд авч үзэх, нөгөө талдаа орон нутгийг, өрх бүрийг, иргэн бүрийг, бизнесийн байгууллага бүрийг өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх асуудлыг зэрэгцүүлэн авч үзэх шаардлагатай. Буурай хөгжилтэй орны нэг зовлон энэ. Бид өнөөдөр бүх юмыг салангид байдлаар нь авч үзэж байна. систем болон салбар хоорондын уялдаа огт алга. энэ л хөгжлийг удаашруулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байна гэж боддог. Манай аймгийн суманд байгаа нэг жижигхэн бизнесийн байгууллага байна гэж бодъё. тэр компанийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аймгийн, бүсийн, үндэсний болгох улмаар глобал зах зээл рүү хандах боломж, дэмжлэг нь тодорхой байх ёстой. тэгвэл л энэ байгууллага, тэнд байгаа иргэдтэй хамт өсөн дэвжиж, хөгжин цэцэглэнэ. Үүний тулд л төр ажиллах ёстой. төр тодорхой салбар байгууллагыг салангид байдлаар дэмжих бус харин тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэх ёстой. Харин ч манай аймгийн хувьд уул уурхайтай сумдад бизнесийн орчинд боломж нээлттэй болж байна. Харин уул уурхайгүй сумдад үйлдвэрлэл байгуулж ложистик, дэд бүтцийг нь бий болгож бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлтэй холбож өгсөнөөр бүх сумд тэгш хөгжих боломж харагдаж байна.

-Таны сонгогдсон тойрог болох Өмнөговь бол уул уурхайн гол олборлолт, үйлдвэрлэлт явагддаг аймгийн нэг. Уул уурхайн салбарын хөгжил өнөөдөр ямар нөхцөлд байна вэ?

-2016 оны жилийн эцсийн байдлаар уул уурхайн салбар манай улсын ДнБ-ний 18, экспортын 86, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71, нэгдсэн төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлж байна. Өмнөговь аймагт тусгай зөвшөөрлийн тоо 301, тусгай зөвшөөрөл бүхий компаний тоо 202 байгаа ба нийт газар нутгийн 23,2 хувь буюу ашигт малтмалын, газрын тосны тусгай зөвшөөрөлтэй газар нутаг байна. Манай аймагт одоогоор ашиглалтын лицензийг 35 аж ахуй нэгж компани эзэмшиж, үүнээс оюу толгой, таван толгой, эрдэнэс таван толгой, Энержи ресурс зэрэг 12 уул уурхайн компани байнгын үйл ажиллагаа явуулдаг.

энэ салбарын хөгжлийг тодорхойлох хэцүү биш. Нутгийн иргэдийн сэтгэл, санаа бодлоос шууд харагддаг. гэхдээ энэ бас хоёр талтай. нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн, ажлын байраар хангасан, орон нутгаас нь ханган нийлүүлэлтийг бодлогоор дэмжих гээд олон асуудлыг иргэд ярьж байгаа. нөгөө талаар байгаль орчны доройтол, цаг уурын эрс тэс уур амьсгал, бэлчээрийн хомсдол, худаг усны хүрэлцээ муу, гүний ус ховордож байгаа зэргээс уул уурхайтай сумдын иргэдийн бухимдал байна. Мөн уул уурхай эрхэлж буй байгууллагын нийгмийн хариуцлагын асуудал, аймаг, сумын төрийн байгууллага болон ард иргэдтэйгээ нягт хамтарч ажиллаж байгаа эсэхээс л энэ салбарын хөгжил тодорхойлогддог. төрийн өмчит компаниуд бол арай өөр байна. Харин хувийн хэвшлийнхний ажиллах стандарт нь иргэдэд тодорхой, нээлттэй, ил тод байх нь иргэдэд илүү ойр байх болов уу.

Улсын төсөвт орлого төвлөрүүлж байгаа, ДнБ-ний голлох хэсгийг бүрдүүлж байгаа гэсэн хэдий боловч уул уурхайн өнгөрсөн хугацаанд хөгжсөн нөхцөл байдлыг судлан шинжилж, тухайн сумын хөгжилтэй уялдуулан ард иргэдийн санаа бодолд тулгуурлан ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийг зөв төлөвлөх нь хамгийн чухал асуудал болсон байна.

-Таван толгойг хэрхэн хөдөлгөх вэ гэж яригдаад л байдаг. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ямар ч байсан өрнөөсөө саллаа. одоо эдийн засгийн зөв эргэлтэд орж Монголын ард түмэн нүүрсний ашгаас хувь хүртэхийн төлөө зөв менежмэнт хийнэ гэдэгт итгэж байна. Ер нь бол нүүрсний үнэ гадаад зах зээлд үнэтэй байх энэ цаг үеийг л бид алдаж болохгүй. нөгөө талаар төрийн өмчит компаниудад хөндлөнгөөс нөлөөлөх байдал нэлээд байгаа нь олон нийтэд тодорхой байна л даа. эдийн засгийн эргэлтэд орохын тулд улс төрийн ямар нэгэн булхайгүй, цэвэр бизнесийн зарчмаар ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. эрдэнэт үйлдвэр олон ч жил Монгол улсад үр ашгаа өгсөн. Энэ нь гадаадын хамтарсан хэлбэрээр хувь эзэмшдэг байдал нь нөлөөлж, харилцан хяналт сайтай байсных биз. гэхдээ л сүүлийн жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийг шахааны бизнесийн орчин болгож татвар төлөлт нь эрс багассаныг нуух юун. Иймд Таван толгойг “Эрдэнэт”-ээс илүү хяналт бүхий хөрөнгө оруулалттай болгох замаар нүүрс боловсруулах, түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь чухал болов уу гэж боддог.

-Эмэгтэй УИХ-ын гишүүдийн албан бус бүлэг байгуулагдсан гэв үү. Эмэгтэй гишүүд ямар асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна вэ?

-Хууль дүрмээрээ албан бус ч бүлэг байх ёсгүй юм билээ. Манай эмэгтэй гишүүд олон салбарт ажиллаж байна. Тухайлбал Боловсролын бүхий л салбар чиглэлд хүрч ажиллаж байгаа. эрүүл мэндийн салбарын уналтыг зогсоож зөв менежментээр удирдаж эхэлсэн. нийгмийн салбар чиглэлд дуу хоолойгоо хүргэж байна. Насны хишиг хөтөлбөр, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хууль, Цалинтай ээж хөтөлбөр, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гээд олон асуудлыг хуульчилж баталлаа. Ингээд зөв, эерэг талаас нь хараад байвал эмэгтэй гишүүдэд хийж байгаа зүйл их бий. Монголын бүх газар, бүх салбарт эмэгтэйчүүд байна. Бодит үр дүнтэй, гарц шийдэлтэй, байгаадаа сэтгэл хангалуун амьдрахын төлөө эмэгтэйчүүд цаг наргүй уралдан тэмцэн амьдарч байна, харин тэднээ дэмжих, хамтран ажиллах нь туйлаас чухал.

-Тухайлбал, УИХ-ын Гантулга гишүүний хүчингийн хэрэг хийсэн гэх мэдээлэлд УИХ дахь эмэгтэй гишүүд яагаад эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж дуугарахгүй байна вэ гэсэн шүүмжлэл явсан. Та энэ асуудлыг юу гэж харсан бэ?

-Хуулийн байгууллагаараа тогтоогдвол ял шийтгэлээ хүлээх нь зөв. Харин энэ цагт үнэн худал нь мэдэгдэхгүй, хүний нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон гээд элдэв хар пиар их байдаг болж. Хэрвээ эвлүүлэг гүтгэлэг бол энэ бохир орчныг зогсоох, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. Ингэж нэг нэгнээ хэмлэсээр байтал бидэн дотор сайн хүн үлдэх болов уу.

-Та улстөрч, УИХ-ын гишүүнийг ямар байх ёстой гэж үздэг вэ?

-улстөрч хүн, уИХ-ын гишүүн аль, аль нь ард иргэд дунд, тэдэндээ ойр байх ёстой гэж үздэг. гаргаж буй шийдвэр, хууль тогтоомж бүхэн хэрхэн хэрэгжиж байна, бодит үр дүн гарч байгаа талаар, ямар түвшинд хэрэгжиж байгаа гээд цогцоор нь харж байж бид амьдралтай, бодитой хууль батлах хэрэгтэй гэж бодож явдаг. Чуулганаар ямар ч хууль орж ирсэн миний хардаг өнцөг нь хөдөөгийн багт, малчдад, сум аймагт амьдарч байгаа иргэдэд ямар үр дүнгээ өгөх нь вэ гэдгийг нь олж харахыг хичээж тухайн хуулийг аймгийнхаа салбар чиглэл бүрт нь хүргүүлэн тэднийхээ санал бодлыг аван хуулийн төсөлд тусгахыг хичээдэг. Ер нь улстөрч хүн үндэсний эрх ашигт нийцсэн бодит шийдвэр гаргаж, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалсан бодлого тодорхойлохын төлөө байх нь чухал.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тойрогтоо хийсэн уулзалт дээр иргэдийн хэлсэн үгэнд бухимдаж “Та нар битгий давраад байгаарай” гэж загнаж байгаа харагдсан. Та энэхүү бичлэгийн талаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй болов уу?

-Тийм ээ, тэр үнэн. Тэр болсон процессыг тэнд байсан нутгийн олон бүгд мэдэж байгаа. ахмадууд энэ байдалд дүгнэлт хийж тэр хүмүүст нэлээд сургамж айлдаж, надаас уучлалт хүсч байна лээ. Хэрээс хэтэрсэн улстөржилт, талцал, хуваагдал зэргээс жирийн ард иргэд бид залхаж байна шүү. Миний баримталдаг зарчим байдаг юм. Үнэн гэж байдаг юм, хүний ёсоор хүнтэй сайхан харьцах нь хамгийн том гавьяа гэж. Хотоос 1000 орчим км, аймгийн төвөөс 320 км, манай хамгийн хол сум, дэд бүтэц муу, зам харгуй амаргүй бараг долоон цаг явдаг. Би гишүүнээр сонгогдсоноосоо хойш таван удаа очсон байна. тэр уулзалтан дээр намайг авлига авсан, хахууль авлаа түүнээсээ чи мөнгө өг гээд нэг бүсгүй загнаад, чиний хийсэн ажил гэж юу байгаа юм гээд аашилж өгсөн. Тэр бичлэг нь надад одоо ч байгаа. Бүр гүтгэсэн доромжилсон бас нэг бичлэг нь хүртэл сумын удирдлагад бий. Би хуулийн байгууллагад гомдол гаргахаар нэлээд материал бүрдүүлсэн, тэр хүнд бас л амаргүй байх болов уу. гэвч миний хувьд хүний мууг үзэхийг урьтал болгомооргүй байна. Хэр баргийн асуудлыг хүлээцтэй сонсоод, дуугүй өнгөрөөх чадвар, зөв үнэний төлөө тууштай тэмцэх зүтгэл, хүний төлөө гэсэн үнэн сэтгэл надад бий.

-УИХ-ын хэсэг гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулсан. Энэ лобби бүлгийн хувьд өнгөрсөн хугацаанд ямар санаачилга, ажлууд хийгдсэн бэ?

-Хамгийн хариуцлагатай сайн ажиллаж байгаа бүлэг гэж хардаг. н.учрал гишүүн асуудал болгоныг тодорхой болгохын төлөө, өргөн хэмжээний санал санаачилга өрнүүлж ажиллаж байна. Инновацийг дэмжих лобби бүлэг нь “Инновацийн бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, инновацийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, инновацийн үйл ажиллагааг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, гарааны болон өндөр технологийн компаниудын үйл ажиллагааг дэмжих, технологи дамжуулалтыг дэмжих, оюуны өмчийн хамгаалалт, ашиглалтыг сайжруулах, инновацийн тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, инновацийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх” зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж байна. Мөн шинжлэх ухаан технологи, инновацийн экосистемийн зураглалыг бий болгоё хэмээн төлөвлөж энэ чиглэлийн судалгааны байгууллагуудтай уулзалт хийгээд байна.

-Таныг МАН-ын анхан шатны байгууллагаас эхлэн ажиллаж ирснийг мэдэх юм байна. Та аймгийнхаа намын хорооны даргын улс төрийн сонгуульт албыг хашиж байсан. Намын гишүүний хувьд намын ямар ажилд оролцоотой байна вэ?

-1999 онд Ман-д элсч ороод залуучууд, эмэгтэйчүүдийн холбоогоор 10-аад жил зүтгэж, намын үүр, хорооны дарга гээд олон сонгуульт ажил хийж байсан. 2009 оноос хойш аймгийн намын хорооны дэд дарга, аймгийн намын хорооны даргаар ажиллаж байгаад улс төрийн дотоод нөхцөл байдлаас болж 2015 онд аймгийн намын хорооны даргаа өгсөн. одоо уИХ-ын гишүүн болон намын Бага хурлын гишүүний хувьд аймаг, сумдын намын хорооны үйл ажиллагааг дэмжих, бүх шатны сонгуульд улс төрийн дэмжлэг үзүүлж оролцох, ард иргэдтэйгээ уулзаж хамтран ажиллах зэргээр нэлээд олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Цаашид төлөвлөсөн олон ажил байна. Тэдгээрийг биелүүлэхийн төлөө зүтгэнэ ээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдалд хүргэсэн дарга нар хариуцлагаа хүлээж огцор хэмээн танай намын зарим нөхдүүд суулт зарлаад эхэлсэн. Та намынхаа шинэчлэлийн асуудлыг юу гэж ойлгодог вэ?

-Намд шинэчлэл хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Би шинэчлэлийг харахдаа дотоод үйл ажиллагаагаараа, эв нэгдлээрээ, хийж байгаа үйлдлээрээ, бодлого хөгжлөөрөө шинэчлэгдэх хэрэгтэй гэж үздэг. Үнэхээр намынхаа үзэл баримтлалд нийцсэн, хөгжлийн бодлогын төлөө тууштай зүтгэж чадаж байж шинэчлэл өөрчлөлт ярих хэрэгтэй. Ингэж чадаж байна уу гэдгийг намын бага хурлын гишүүд, намын их хурлын гишүүн бүр гүнээ ойлгох хэрэгтэй. Ирээдүй хэтээ харсан бодлогын шинэчлэл өөрчлөлт хийхийг дэмжихгүй хэн байхав.

-МАН-ын дотоод зөрчилдөөн ил боллоо гэлцэж байна. Та намынхаа энэ байдлыг юу гэж харж байна?

-намын дүрмэндээ захирагдана. намын үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв эрүүл талаас нь байнга хардаг. намын гишүүдийнхээ нийтлэг санаа бодлыг сонсохгүйгээр хувийн эрх ашгаа урьтал болгон яваа хэсэг бүлэг хүмүүсийн хүч түрсэн санаа бодлын эсрэг тэмцэнэ. энэ бүх зүйл аяндаа мэдрэгддэг, баримжаалагддаг. улс төрийн дотоод тэмцэл шиг адгийн юм алга. Ер нь дотоод зөрчилөө дарж чадахгүй байж цааш яаж хөгжил ярих вэ дээ. Үргэлж доороос татаастай, хөгжлийн хурдыг сааруулдаг шүү дээ. Иймээс нэгэнт асуудал үүсээд эхлэх бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийг жолоодоод авч явах тийм улс төрийн хүчин болтлоо бэхжих, хөгжих хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Мандах: Эдийн засгийн хямрал нүүрлэхэд гэмт хэрэг эрс нэмэгддэг

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандахтай ярилцлаа.


-Энэ оны хагас жилийн байдлаарх гэмт хэргийн тойм гарсан гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын шүүх 2017 оны хагас жилд нийт 3778 эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, 4130 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулаад байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн.

-4130 хүн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл авсан гэлээ. Хэдээс хэдэн насныхан ямар гэмт хэрэгт түлхүү холбогдож байна?

-Энэ оны хагас жилийн байдлаар гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоог өсөлт, бууралттай харвал, хүнийг санаатай алах гэмт хэрэг 10.7 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 12.2 хувиар өссөн байна. Танхайрах гэмт хэрэгт 24 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт 39.4 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт 42.3 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 44.3 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэгт 58.1 хувиар ял шийтгүүлэгчдийн тоо тус тус өссөн үзүүлэлт гарлаа. Харин хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоо 1.9 хувиар буурсан дүнтэй гарсан. Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны буюу идэр залуу насныхан 1794 байгаа. Энэ нь нийт ял шийтгүүлэгчдийн 43.4 хувьтай тэнцэж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дийлэнх хэсгийг эзэлсэн хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн дийлэнх хувь нь идэр залуу насныхан байна гэсэн үг. Иймээс энэ насны онцлогт тохирсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэгдсэн цогц бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Сүүлийн үед санаанд оромгүй гэмт хэрэг их гарах болжээ. Энэ нь юутай холбоотой юм бол оо?

-Үүний шалтгаан нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хямрал, ядуурал. Угаас эдийн засгийн хямрал нүүрлэхэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг нь нэгэнт тогтоогдсон зүйл.

Онц ноцтой гэмт хэргүүд гарахад нөлөөлж буй гол гурван хүчин зүйлийг нэрлэе. Энд хүн амын нягтаршил, эдийн засгийн хямрал, нийгмийн бусад хүчин зүйл гэсэн албан тайлбар гарсан байдаг. Ер нь хүмүүсийн амьжиргааны түвшин доошлоод ирэхээр ёс суртахуун дагаад доройтдог тал бий. Мөн ажилгүйдлийн түвшин нэмэгдэхийн хэрээр, орлого нь буурдаг. Эдгээр байдал цөхөрсөн зарим нэгний гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байна уу даа гэж бодож байна.

-Сүүлийн үед цагдаа, шүүхийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой бэлтгэх, тээвэрлэх, хадгалах тохиолдлууд ихээр бүртгэгдсэн гэж сонссон. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Гэмт хэргийн төрөл тус бүрээр ял шийтгүүлэгчдийн тоон өсөлт, бууралтыг авч үзвэл хамгийн их өсөлттэй байгаа нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэгт 94.5 хувиар өссөн нь анхаарал татаж байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал. Үүнтэй тэмцэхийн тулд хүн бүр энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, учирч болох эрсдэлийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 20.7 дугаар зүйлд “1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан. Мөн энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа юм. Өмнөх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэргийн санкцтай харьцуулбал, шинэ хуулинд торгох, баривчлах ялын төрлийг хасч, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар заасан ба хорих ялын дээд хэмжээг гурван жилээр нэмэгдүүлж, ялын бодлогыг чангатгасан.

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2017 оны хагас жилийн тайлан мэдээнээс үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэмт хэрэгт нийт 95 хүнд холбогдох 44 хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ. Уг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нийт 95 хүний 15 нь 16-17 насны, 60 нь 18-29 насны, 26 нь 30-34 насны, долоо нь 35-аас дээш насныхан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны буюу идэр залуу насныхан хамгийн ихээр холбогдоод байна.

Энэ жил мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” баталсан. Цагаа олсон, маш зөв зүйтэй зүйл болсон. Одоо энэ хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, ажиллах хэрэгтэй.

-Улс хөгжих хэрээр сайхан амьдрах нөхцөл бололцоо улам нээлттэй болж байна. Сайны хажуугаар саар гэдэг. Хулгай хийж, хүмүүсийн үнэтэй эд хөрөнгө дээрэмдэх хэрэг их гарах болсон гэл үү?

-Энэ оны хагас жилийн байдлаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоо 58.1 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоо 44.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Хулгай, дээрмийн гэмт хэрэг гарч байгаа шалтгааны нэг хэсэг нь ажилгүйдэл, ядуурал гэдэг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ажил хийхийг үл хүсэгчид, бусдын бүтээсэн баялгийг завшигчид олширсон нь нөлөөлдөг байх. Зөвхөн архи эсвэл мансууруулах бодис худалдаж авахын тулд үгүй бол компьютероор тоглоом тоглохын тулд хулгай, дээрэм хийж байгаа нь олон удаа бүртгэгддэг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлдэг.

-Манай улсад шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдийг онцолж сонирхмоор байна?

-Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй этгээдийн тоо дагаад өссөн үзүүлэлттэй гарсан. Тодруулбал, ял шийтгүүлсэн нийт 4130 хүний 400 буюу 9.7 хувь нь эмэгтэй, 244 буюу 5.9 хувь нь насанд хүрээгүй этгээд ял шийтгүүлсэн. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоог өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 158 хүн буюу 65.3 хувиар, насанд хүрээгүй этгээдийн тоо 91 хүн буюу 59.5 хувиар тус тус өссөн.

Насанд хүрээгүй этгээдийн хувьд эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч нар хүүхдийг хараа хяналтгүй орхисноос гэмт хэрэгт холбогддог. Мөн сургуульд суугаагүй завсардсан, эцэг эх нь хайхрахаа больсон, орон гэрээсээ дайжсан хүүхдүүд гэмт хэрэгт ихээр холбогддог юм. Насанд хүрээгүй хүн яагаад гэмт хэрэгт холбогдож байгаа талаар цагдаагийн байгууллага судалгаа гаргасан байна лээ. Ингэхэд гэр бүлийн орлого бага байдаг хүүхэд гэмт хэрэг үйлдэж, холбогддог. Мөн эцэг, эхийн төлөвшил, гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийнхнээсээ олсон хүмүүжил,, санхүүгийн байдал, амьдрах чадвараас ихээхэн хамааралтай байдаг юм билээ.

Эмэгтэйчүүдийн хувьд хулгай, залилан, зам тээврийн осол, бусдын биед гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэгт түлхүү холбогдох болжээ.

-Гэр бүлийн хүчирхийллийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш нөхцөл байдал ямар байгаа бол?

-Гэр бүлийн хүчирхий-лэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хэдийгээр энэ хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч тус хуулиар шийдвэрлэсэн хэрэг 39 хэрэг буюу 95.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь нас нь хохирсон эмэгтэй зургаан хүнээр буюу 66.7 хувь, амь нас хохирсон хүүхэд хоёр хүнээр буюу 50 хувь буурсан юм. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл буурсан гэж хэлж болно.


Categories
мэдээ улс-төр

С.Баяр эх орондоо эргэж ирнэ

Ерөнхий сайд асан С.Баяр ИБУИНВУ-д Элчин сайдаар ажиллаж буй. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр тэргүүтэй бусад улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татах талаар УИХ-ын тамгын газарт бичиг хүргүүлээд байгаа. Тэгвэл С.Баярын тухайд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч эх орондоо буцаж ирэхээр төлөвлөжээ. Тэрээр энэ сарын эхээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гадаад хэргийн яаманд өгсөн гэнэ. Тус өргөдөлд “Шинэ Ерөнхийлөгч Элчин сайдын томилгоог цуцлахыг УИХ-тай зөвшилцөж байгаа. Иймд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүсэж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Монголчуудын гарал үүсэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.

Манай сонины тэргүүн нүүрэнд “АН-ын бүлгээс ээлжит бус чуулган яаралтай хуралдуулж хүүхдэд өгөх 80 тэрбум төгрөгийг шийдэх хэрэгтэй гэв” хэмээх сурвалжлагыг онцлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс “МАН-ын ээлжит бус онц их хурлын төлөө” хөдөлгөөний зохицуулагч Т.Баасанцогттой хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “МАН-ын алдагдсан олон үнэт зүйлүүдийг цаг алдалгүй сэргээхийг хүсч байна” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог баримт үзэл бодол нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Монголчуудын гарал үүсэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс “Жолооч нар төв зам дагуу ийм зохицуулалтаар хөдөлгөөнд оролцоно” хэмээх сурвалжлага, мэдээлэл нийтлэгдлээ. Эрхэм жолооч, зорчигч та бүхэн сонирхон хараарай.

12 дугаар нүүрний “Уран бүтээлч” булангаас алтан үеийн алдарт дуучдын дууг ард түмэндээ сэргээн дуулж буй Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хумбагарын Батмэндтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Миний ард түмэн өнө мөнхөд сэтгэлдээ галтай яваасай гэсэндээ энэхүү уран бүтээлээ эгшиглүүлсэн” хэмээн онцлон хэлжээ. Сүүлийн үед түүний дуулсан “Өнө мөнхөд”, “Чин сэтгэлээсээ” хэмээх уран бүтээлүүд нь хит болоод байгаа билээ.

13 дугаар нүүрний “Өд бэх”-ийн нүүрнээс богино өгүүллэгийн нэрт зохиолч Баастын Золбаярын “Аав” хэмээх эсээг хүлээн авч уншаарай. Энэ хорвоо дээр аав, ээжээс өөр үнэт зүйл үгүй гэдгийг энэхүү өгүүллэгээс унших боломжтой.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээллүүд, сонирхолтой ярилцлагуудыг өнөөдрийн дугаараас уншаарай.

“Өдрийнсонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас авч болохоос гадна бусад сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөнзавъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Минийдэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс гадна “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаарай. Энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Харин цахим хэлбэрээр захиалах бол 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Монголын нүүдэлчдийн нэг өдөр”-ийг гадаад, дотоодын 600 гаруй жуулчин үзэж сонирхлоо

Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт “Монголын нүүдэлчдийн нэг өдөр” арга хэмжээ хоёр дахь жилдээ болж, гадаадын 100, дотоодын 500 гаруй жуулчин үзэж сонирхов. Мөн өдөрлөгт “Ногоон алт” төслийг хэрэгжүүлж буй Өмнөговь, Дундговь аймгийн малчид оролцлоо.

“Монголын говь” нүүдэлч малчдын холбооноос санаачлан, Өмнөговь аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас ивээн тэтгэж, Ханхонгор сумын ЗДТГ, “Бэлчээрийн ногоон алт” төслийнхөн хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Ханхонгор сумын малчдын есөн бүлгийнхэн Монголын нүүдэлчдийн ёс заншлыг харуулсан юм. Үүнд ямаа холбож саах, ингэ хөөслөх, унага барих, гэр ачаалах, хүүхдийн сэвлэг үргээх, бэр гуйх зэрэг уламжлалт ёс заншлыг зочдод сурталчлан таниулсан байна.

Энэхүү өдөрлөгийн үеэр малчдын есөн бүлэг өөр өөрсдийн үзүүлбэрээрээ өрсөлдсөн бөгөөд Ханхонгор сумын Мандах багийн “Дундсайхан” малчдын бүлэг адууны зан үйлээрээ тэргүүн байр эзэлж, “Баянгол” малчдын бүлэг тэмээний зан үйлээрээ дэд байрт шалгарсан байна.

Монгол мал аж ахуйн уламжлал, ёс заншил, соёлыг түгээн дэлгэрүүлэх, таван хошуу малын уналга, сүү, цагаан идээг боловсруулах, нүүдэлчин заншлаа сурталчлах зорилго бүхий тус өдөрлөг нь цаашдаа дотоод гадаадын аялагчдыг говь нутаг руу татдаг болно гэж санаачлагчид үзэж байна.

Өдөрлөгийн үеэр өсвөрийн бөхийн барилдаан, сурын харваа, дааганы уралдаан болсон юм. Мөн нийтийн бүжгийн тэмцээн болж малчид “Задгай цагаан”, “Гурван тамирын уянга” зэрэг бүжгээр өрсөлдлөө.

Тус арга хэмжээ нь нүүдэлчин уламжлалаа гадаадын жуулчдад болон нутгийн түмэндээ сурталчлан таниулсан, малын гаралтай түүхий эд, ноос, арьс ширээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж үзэсгэлэн гаргасан гээд хөдөлмөрч малчид, ард иргэдийнхээ хөдөлмөрийг олон нийтэд хүргэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга анхны ярилцлагаа наймдугаар сарын 10-нд өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх пүрэв гаригт шууд ярилцлагад орох юм байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгаа гардан авснаас хойш яг нэг сарын дараа хэвлэлд өгч буй анхны ярилцлага нь энэ байх юм. Ерөнхийлөгчийн анхны ярилцлагын хөтлөгчөөр МҮОНТ-ийн редактор А.Бүрэнбаатар ажиллана.

Ярилцлагыг МҮОНТ-ээр наймдугаар сарын 10-ны 21.00 цагаас шууд дамжуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

“ACEAH”-ы сайд нарын уулзалт болж байна

Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 2017 оны наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж буй “АСЕАН”-ы Бүсийн чуулганы (АРФ) Сайд нарын 24 дүгээр уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас авран хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Федерика Могерини нартай хоёр талын уулзалт хийжээ. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Филиппин зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон байна.

Энэ удаагийн уулзалтын үеэр АСЕАН үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа юм байна.