Categories
мэдээ нийгэм

119 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газар 2017 оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 04-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 121 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт 119 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 97, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 10, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 12 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 176 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Инженер хайгуул, мониторингийн хэлтэст Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, мониторингийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхзул, Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.Болор-Эрдэнэ нарын зэрэг 97 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сансрын аюулгүйн тойргийн замыг түр хаана

Баянзүрх дүүрэгт нэгэн шинэ гүүрэн гарц тун удахгүй ашиглалтад орно. Дарь эхийн гэр хорооллоос Сансар руу явж буй явган хүмүүс гэрлэн дохиогоор амжиж гарах гэж ихэд төвөг учирдаг. Ачаалал ихтэй эл уулзварт явган хүмүүст зориулсан гүүрэн гарц шинээр барьж байгаа юм.

Гүүрэн гарцыг барьж байгуулж буйтай холбоотойгоор өнөө оройноос эхлэн түр хугацаагаар зам хаахаар болсныг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Наймдугаар сарын 09-ний 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 06.00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлан гүүрийн дам нурууны угсралтын ажил хийхээр болжээ. Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шадар сайдын хуульч Ц.Баасандорж: Цагдаа, тагнуул, АТГ хууль биелүүлэхгүй байна

Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албанаас Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Шадар сайдыг мөрдөж мөшгисөн гэх хэргийн талаар долдугаар сарын 3-ны өдөр хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан. Өнөөдрийг хүртэл хариу аваагүй гэж Шадар сайдын ажлын албаныхан мэдэгдлээ. Тэд Мэргэжлийн хуульчтай хамтарч ажиллахаар болсон байна. Хэвлэлийн хурлын үеэр Шадар сайдын хуульч Ц.Баасандорж ийнхүү ярилаа.

“2017 оны тавдугаар сараас нэр бүхий зургаан иргэн, нэр бүхий гэрээт харуул хамгаалалтын компани зохион байгуулалттайгаар У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан.

Энэ талаар АТГ, ТЕГ-т долоодугаар сард гомдол гаргасан байдаг.

Өнөөдрийг хүртэл уг байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Төрийн эрхийг хууль бусаар авах, төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хууль бусаар мөрдөж мөшгисөн этгээдүүд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй, хуулиар бол тав хоногийн дотор хэрэг бүртгэлт нээх ёстой. Сарын дотор шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг гомдол гаргасан этгээдэд мэдэгдэх учиртай. Өнөөдрийгхүртэл ямар нэг мэдээлэл байхгүй байгаа нь эдгээр байгууллагуудад Засгийн газрын өндөр албан тушаалтан нөлөөлсөн юм биш байгаа гэж үзэхэд хүргэж байна.

Уг хэргийн цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч гэж Ерөнхий прокурорт хандсан.

Гэрч нь мэдүүлэг өгье гээд очиход тагнуулын байгууллагын ажилтан тайлбар авахаас зугтсан тохиолдол гарсан. Энэ ажилтныг шалгуулна.

ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна” гэв.

Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг тагнаж чагнаж мөрдөж мөшгөсөн хэрэг гарчихаад байхад Засгийн газраас анхаарах ёстой. Нэг сар болчихоод байхад Засгийн газраас ямар ч мэдээ, мэдээлэл хийсэнгүй.

Долоодугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын удирдлагууд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт энэ хэргийн тухай мэдэгдсэн байдаг.

Тэгэхээр юу болж байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Монгол Улсын Шадар сайд түймэр, гал, ус, гамшиг гарсан газарт өөрийн биеэр ажилладаг.

У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад зургаан гэрчтэй байгаа юм.

Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна.

Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой биш. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдчин охин Н.Айшолпан Азийн “GAME CHANGER” шагнал хүртэнэ

Бүргэдчин охин Н.Айшолпан зурган илэрцүүд

Asia Society байгууллага 2017 оны “Asia Game Changer Awards” шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулж байгаагаа зарлажээ.

Шагнал хүртсэн есийн нэг нь Монгол Улсын иргэн, Бүргэдээр ав хийгч Нургайвын Айшолпан тодорсон байна. Түүний бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлсэн гэнэ.

Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Шагналыг 2014 оноос эхлэн Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлжээ.

Энэ жилийн шагналыг буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, боловсролын Sesame Street байгууллага хүртсэн байна.

“Asia Game Changer Awards” шагналыг арваннэгдүгээр сарын 1-нд Нью Йорк хотноо гардуулна гэж “AsiaSociety.org” мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

ойн цэвэрлэгээ хийж байна зурган илэрцүүд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-111 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 49 дугаар тогтоолоор ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг хангах зорилгоор 2017 онд нийслэлийн ногоон бүсийн ойн санд 40 га талбайд ойн цэвэрлэгээ хийж, 1200 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон байна. Энэхүү тогтоолын дагуу ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй болж хатсан, унасан модод бүхий Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Хуандай, Дээндийн зэрэг газарт ойн цэвэрлэгээний ажлыг мэргэжлийн “Манзушир трейд”, “Үндэсний ойжилт” компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа болон холбогдох албаны хүмүүс ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. “Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчлэн авч хийдэг. Ойн судалгаа, хөгжлийн төвөөс цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж авдаг. Мэргэжлийн аж ахуйн нэгжээр энэ ажлын гүйцэтгүүлдэг. Ойн цэвэрлэгээний ажил улс, нийслэлийн төсвөөр бус аж ахуйн нэгжүүд өөсрдөө хөрөнгө мөнгөө гаргаад хийж байгаа” хэмээн НБОГ-ын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа тайлбарлаж байлаа.

Цэвэрлэгээний ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхэлж, нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх юм. Цэвэрлэгээний ажлын явцад НБОГ болон НМХГ-аас хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Ойн цэвэрлэгээг гүйцэтгэсэн аж ахуй нэгж байгууллагууд нь 2017 оны намар нийт 18 га талбайд нөхөн сэргээх ажил хийх юм.

“Нийслэлээс зарласан тендерт манай компани шалгарч, ойн цэвэрлэгээний ажил хийж байгаа. Ар, өвөр Хуандайн хоёр хэсэгт нийт 20 га газарт цэвэрлэгээ хийж байна. Гэрээнд заасны дагуу ойн сэргээлт хийж дөрвөн мянган ширхэг шинэс мод тарина. Цэвэрлэгээ хийж байгаа ойн хэсгийн мод нь хөгшрөлт ихтэй, ахин төлжихгүй болсон. Уг нь 2-3 жилийн өмнө огтлолт хийх ёстой байсан юм” хэмээн “Үндэсний ойжилт” ХХК-ийн захирал Ц.Ганзориг ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг завхан аймагт хэлэлцүүлж эхэллээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны долдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 03-ны хооронд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилсон долоон багийн нэг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хороо /төсөл хэлэлцүүлэгч баг/ өчигдөр (2017.08.08) Завхан аймгийн өмнийн бүсийн хэлэлцүүлгийг Отгон суманд зохион байгууллаа. Тус бүсээс Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн зэрэг нийт 105 албан хаагч, иргэн оролцов.

Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулсан юм.

“Төрийн алба” багц сэдвийн хүрээнд ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БАТАЛГАА /§46.3, §46.4, §46.5/ дэд сэдвийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зөвлөх Б.Болорчимэгийн илтгэлээс танилцуулбал:

Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонссон юм. Отгон сумын Буянт багийн малчин Я.Зинаамядар саналаа илэрхийлэхдээ, хөдөө, орон нутагт багийн Засаг дарга, багийн Хурлын дарга гэдэг хоёр даргыг ард түмэн сонгож байна. Энэ бол буруу, сумын Засаг дарга шиг сонгон шалгаруулалтаар томилох шаардлагатай байна. Яагаад гэвэл ах дүү олон, жалга довын асуудлаас болж мэдлэг, боловсролгүй нэгэн туршлагатай малчнаас дор хүн сонгогдож байна. Шүүгчээр томилогдох насны доод хязгаарын хувьд 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, 35 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох нь зөв. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлын хувьд Ерөнхийлөгч бол чиглэл өгөх эрхтэй байхыг дэмжиж байна гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт 105 иргэн оролцсноос 105 иргэний саналын хуудас бүртгэгдэв. Хэлэлцүүлэг Завхан аймгийн Улиастай суманд 2017 оны 08 дугаар сарын 09-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын дэд сайд, ТНБД нарыг өнөөдөр томилох уу

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт зарлагдсан байна. Өмнөх долоо хоногуудад зарим сайд нар амралттай байсан тул Засгийн газрын ээлжит хуралдаан болоогүй өнгөрсөн билээ. Энэ долоо хоногоос Засгийн газрын хуралдаан тогтмолжих төлөвтэй байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байгаа ч БСШУСЯ-наас өмнө нь мэдэгдсэнчлэн тус яамны дэд сайд, ТНБД нарыг томилох хүлээлттэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоо руу нүүлгэнэ гэв

Зам тээврийн хөгжлийн яамнаас Баянзүрхийн товчоог нүүлгэх талаар албан бичгээ Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлжээ. Тодруулбал, налайхын 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд өргөтгөл хийх газрыг бүрэн чөлөөлсөн байх шаардлагатай юм байна. БНХАУ болон Монголын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын банктай харилцан тохирсон аж. Үүний үндсэн дээр энэхүү зам засварын ажлыг хийж буй бөгөөд зам чөлөөлөлтийн ажил ирэх наймдугаар сарын 1-ний өдөр гэхэд дуусна гэлээ. Үүний дараа хөндлөнгийн үнэлгээний компаниуд үнэлж дуусмагц замын ажлыг эхлүүлнэ. Замын ажилтай холбоотой замын өргөн болон автомашины урсгалуудыг тооцоод Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоонд нүүлгэхээр төлөвлөсөн гэнэ. Баруунтурууны товчооны хувьд олон урсгалтай, тээвэр их явдаг замын трасс юм. Мөн Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг засварлаж шинээр барьж буй гүүр Налайхын замтай холбогдох учир Баянзүрхийн товчоог нүүлгэхээс өөр аргагүй болжээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Хамгийн урт нэртэй хүн 41 үсэгтэй Номинчулуунухаанзаяамөнхэрдэнээнхтөгөлдөр

Монгол хүн зурган илэрцүүд

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Хамгийн урт нэртэй хүн 41 үсэгтэй Номинчулуунухаанзаяамөнхэрдэнээнхтөгөлдөр”, “Хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ” хэмээн жиргэжээ. Бат-Эрдэнэ нэртэй 15’079 хүн байдаг гэнэ. Залуу эмэгтэй толгойлох болсоноос ч тэрүү тус хорооноос “Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ?”, “Ургийн овгийн талаарх мэдээлэл”, “Түүхэн нэртэй хүмүүсийн тоо” гэх мэтээр сонирхолтой статистик гаргах болсон. Энэ мэдээллийгhttp://srv.nso.mn/sonirholtoi/ хаягаар орж үзэх боломжтой.

Дашрамд дурдахад А.Ариунзаяа Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин агаад эдийн засагч мэргэжилтэй нэгэн юм.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд “Би хүнийг дагах, мөрдөх үүргийг хэнд ч хэзээ ч өгч байгаагүй” гэв

М.Энхболд зурган илэрцүүдЕрөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн МАН-ын дарга М.Энхболд руу чиглэсэн шүүмжлэл дайралт сүүлийн үед эрчимжээд байгаа. Түүнтэй сонгуулийн ялагдал, 60 тэрбум тойрсон асуудлын хариуцлага тооцох асуудал яригдахын зэрэгцээ тус намын зарим гишүүдийн зүгээс Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, мөрдсөн хэрэгт ч буруутгах болов.

М.Энхболд өөрийн фэйсбүүктээ энэ талаар тайлбар хийжээ.

Тэрбээр “Намайг гүтгэсэн мэдээ гаргаж, түүнийгээ сошиал орчинд зохион байгуулалттай тарааж эхэллээ.

-Би төрийн албанд зүтгэхдээ хүнийг дагах, мөрдөх үүргийг хэнд ч, хэзээ ч өгч байгаагүй, надад ийм зан чанар огт байхгүйг хүмүүс мэднэ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна” гэсэн байлаа.