Categories
мэдээ улс-төр

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө.

-Бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУС-ын сайдад,

-Эрчим хүчний засвар үйлчилгээг дуусгаж, эрчим хүч, дулааны доголдолгүй ажиллах бэлтгэлийг хангахыг Эрчим хүчний сайдад,

-Ургацын урьдчилсан балансыг зөв гаргаж, түүн дээрээ зөв анализ хийж ажлаа төлөвлөх, гантай зуны үр чанартай байдаг учир ирэх жил тариалах үрийн нөөцийг 100 хувь дотоодоосоо хангахаар нөөцлөхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,

-Отрын бүс нутгуудыг зөв төлөвлөх, малын тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, мах экспортлох ажлын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодод борлуулах махны зах зээлийг бэлтгэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн малчин хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд тавих хяналт, хүлээх хариуцлагыг чангатгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,

-Бүх аймгийн Засаг дарга нарын нэгдсэн цугларалт хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад орон нутагт тулгарч байгаа хүндрэлийг шийдэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,

-Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хариуцсан салбар бүртээ шуурхай хуралдаан хийх, шаардлагатай бол газар дээр нь ажиллахыг Засгийн газрын бүх гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Categories
мэдээ цаг-үе

Л.Цог: Үндсэн хуулийн нэмэлтээс илүү аюултай зүйлс амьдрал дээр бий болчихлоо

УИХ-ын гишүүн асан Л.Цогтой ярилцлаа.


-Ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд батлахад та гар бие оролцож байсан. 2012-2016 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт мөн багтаж ажиллаж байлаа. Шинэ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал асуулга, хэлэлцүүлгээ эхэлчихлээ. Та ямар байр суурьтай байгаа бол?

-1992 оны Үндсэн хуулийг батлахад би Улсын комиссын гишүүн байсан. Нэг үгээр хэлбэл УБХ-ын Байнгын хорооны даргын хувьд орж байсан хэрэг л дээ. Өнгөрсөн парламентын үед УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсгийг ахалсан. Ажлын хэсэг өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэдэг дүгнэлт гаргасан. Товчхондоо 2000 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг хүчингүй болгох нэн тэргүүний асуудал гэж оруулсан. Мөн насны хязгаарын асуудал байж болно гээд УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг 40, Ерөнхийлөгч 55 байж болно гэдгийг судлаад томьёолж байлаа. Үндсэн хуульд нэмэлт оруулах шаардлага нэгэнт байгаа юм бол шаардлагыг томьёолох ажлын хэсэг байгуулъя гэсэн санал гаргасан. Ингээд тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан хоёр дахь ажлын хэсэг гарч байсан нь ийм учиртай.

Одоо Үндсэн хуульд нэмэлт оруулахаар гаргасан УИХ-ын томьёоллыг үзэхэд Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийн саналтай ойролцоо зүйлс харагдаж байна. Яг ч махчилаад дуурайчихсан юм алга. Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудлыг долоон нэмэлтийн хүрээнд ярьж байгаа юм билээ. Энэ тал дээр процессийн хувьд шүүмжлэх зүйл байна л даа. Өнгөрөгч хавар гэхэд Үндсэн хуулийн талаар мэдлэггүй шахам хүмүүсийг Зөвлөлдөх ардчилал нэрийн доор түүврийн аргаар сонгож авч ирээд сургалт, семинар явуулсан болоод тэднийг яаж ойлгосон эсэхээс нь үл хамаараад санал авсан. Энэ нь учир дутагдалтай гэж боддог. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал авна гэж байснаа хойшлууллаа. Үндсэн хуулийг маш сайн үзэж, судлах шаардлагатай. Учир нь Монголын нийгэм оршин тогтнож буй эрхзүйн үндсийн хамгийн чухал зүйлийг нь оролдох гэж байна. Буруу оролдвол 2000 онд оруулсан долоон нэмэлт шиг юм болно. Хүмүүс үүнийг одоо л ухаарч УИХ-ын гишүүд сайд байж болохгүй, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч болохгүй, хуралдааны ирц гээд ярьж байна.

-Гэхдээ 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд авах гээхийн ухаанаар хандах ёстой гэдэг юм билээ…

-Үүн шиг худлаа юм байхгүй. 2000 оны нэмэлтээр 1992 оны Үндсэн хуулийн хамгийн чухал үзэл баримтлалыг нураасан. нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ Үндсэн хуулийн талаар ярихаа больё.

-Ер нь Үндсэн хуулийг яагаад өөрчлөх гээд байгаа юм бэ. Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадахаа байчихсан уу?

-Хүмүүс хоёр гурван үндэслэл ярьж байна. зарим нь бүр улаан цайм “энэ чинь шилжилтийн үеийн Үндсэн хууль” гэдэг. Юуны шилжилт юм гээд бид маргаж болноо. тэд яахав хүн гэж хэлэх байх. гэхдээ шилжилтийн үеийн хугацаа заасан нэг ч томьёолол байдаггүй байхгүй юу. Шилжилтийн үе гэдгийг нь сайтар тодорхойлж өгөхгүй бол хүмүүс ойлгохдоо хүний түр зуурын юм хийчихсэн юм байна гэж боддог. Их осолтой шүү.

Манайхан Үндсэн хууль болохгүй байна гэж шүүмжилдэг. Тэр утгаараа Үндсэн хуулиас болоод нийгэмд эмх замбараагүй эх захгүй байдал бий болж, төрийн өмчийг луйвардаж идэж уудгаас эхлээд бүх зүйл эцэг хуультай холбоотой гэж ярьдаг. Үүн шиг худлаа юм байхгүй гэдгийг иргэд мэдэх ёстой. Үндсэн хуулийн муугаас биш Үндсэн хуулийг нурааснаас болсон. Үндсэн хуулийг мөрдөөгүй, биелүүлээгүй, шат шатандаа дураараа дургисан эрх мэдэлтнүүд өөрсдийн албан тушаалыг урвуулан ашигладаг, хэтрүүлдэг. энэ бүхнийг сайн бодсоны эцэст сайжруулах шаардлага байлгүй л яахав. гэхдээ сайжруулах гээд муужруулж болохгүй гэдгийг байнга санах хэрэгтэй.

Би олон жил оюу толгой, таван толгойн гэрээний талаар ярьж, тэмцэж, төрийн өмчийг хууль бусаар зувчуулсан асуудлыг ярьдаг хүн. энэ болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн чинь Үндсэн хуулийн муугаас болоод байгаа юм биш.

-Шалтгаан нь юундаа байна вэ?

-Үндсэн хуулийн муугаас биш улс төрийн намууд л дураараа дургиж байна. энэ мэтчилэн ялгаа заагийг сайтар гаргахгүй бол болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг энгийн иргэдийн дунд сууж байгаад ярьдаг сэдэв биш. 1992 онд биднийг Үндсэн хууль батлаж байхад афганистан улс Үндсэн хуулиа батлах гээд таван жил чадаагүй жишээг ярьж байлаа. тухайн үед 76 хоног Үндсэн хуулийг хэлэлцэхэд их л удаж байгаа юм шиг байсан ч хэвийн юм биш үү дээ гэж одоо бодогдох юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс авах юм байнаа бас. Манай орны хувьд төрийн албан хаагчдаар тоглодог явдал. улс төрийн нам ялангуут өөрсдийн хүмүүсээ оруулаад хуучин хүмүүсийг ажлаас халдаг асуудал маш түвэгтэй болсон. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн түвшинд аваачих хэрэгтэй гэдэг санааг нь зөв зүйтэй гэж харж байгаа. Мөн 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтөөс хоёр гурван зүйлийг нь авахаар болж уИХ-ын хууль батладаг ирцийг нэмэгдүүлье, Их хурлын ажиллах хугацааг нэмье гэж байгаа юм.

-Нэмэлт, өөрчлөлтөөр мөн Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь Их хурлын гишүүн байж болно гэж байгаа юм билээ…

-Их хурлын гишүүн сайд байдгийг бүрэн хорих ёстой. 1992 оны Үндсэн хуульд байсан тэр зарчмаар явуулахгүй бол хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо хольж хутгалдаад Монголын цөөхөн хүнтэй парламентад гай тариад байна. Үүнийг ярих ёстой шүү дээ. түүнээс биш засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь уИХ-ын гишүүн байж болохоор оруулж ирж байгааг би эсэргүүцэж байна. Үүнийг хийсэн шиг хийгээд Ерөнхий сайд нь л уИХ-ын гишүүн байдаг юм байгаа биз. Тэр утгаараа 1992 оны Үндсэн хууль манай улсад хамгийн хэрэгтэй байсан гэж үздэг.

Өөр нэг зүйл нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал. 2000 оны долоон өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хассан бол энэ удаа ч мөн хасахаар оруулж ирж байгаа юм. одоо бүр Ерөнхийлөгчийн хууль санаачилах эрх мэдлийг эдлүүлэхгүй нь. нэмэлт бүрээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хассаар бэлгэдлийн гэдэгтэй адилхан болгох хэмжээнд аваачиж байна. Бидний багад модчины үлгэр гэж уншиж өгдөг байв даа. тэрэгний гол хийх гэж байгаад сүүлдээ шүдний чигчлүүр хийдэг. Яг л тэр хэмжээнд аваачих нь. Ерөнхийлөгч тодорхой хэмжээнд нөлөөтэй байх ёстой. гэхдээ хуулийн хүрээнд ажиллахгүй бол өмнөх Ерөнхийлөгч нарын дураараа дургиснаас болоод иргэдийн дунд айдас бий болчихсон.

-Ямар айдас?

-Ерөнхийлөгч бүх зүйл рүү ордог гээд. Шинэ Ерөнхийлөгч энэ бүгдийг давтахгүй явах ёстой. 2000 оноос хойш н.энхбаяр, Ц.элбэгдорж нарын тогтоосон хууль бус, дураараар дургидаг дэглэмийг одоогийн Ерөнхийлөгч устгах цаг ирсэн. Тэгээсэй ч гэдэг утгаараа ард түмэн сонгосон байх. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих нь туйлын буруу.

Өөр нэг зүйл хэлье. одоогийн Үндсэн хуулинд Ерөнхий сайд засгийн газраа бүрдүүлдэг. гэтэл бүрдүүлдэггүй мэтээр яриад энэ далбаан доор Их хуралд хамааралгүйгээр сайд нарыг томилдог болох гэж байна.

-Ерөнхий сайд кабинетийн гишүүдээ бүрдүүлээд Ерөнхийлөгч батламжилна гэсэн зүйл яригдаад байсан нь энэ байж л дээ…

-Одоо бол Монголын ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллагаар орж томилогддог асуудлыг одоо болиулах гэж байна. Ингэж болохгүй. тэр шүүлтүүрээр заавал орох хэрэгтэй. Харин сонгосон хойноо уИХ-ын гишүүд нь тонгочуулдаг, өөрсдийн хувийн зүйлсээ хийлгэх гэж оролддогийг болиулах тал дээр анхаарах ёстой. Үүнээс зугтааж байна гээд нөгөө тийш нь аваад давхиж болохгүй. тэртээ тэргүй Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлж байгаа. Бид худлаа ярьж болохгүй. Ялангуяа төрийн өндөр түвшинд худлаа ярина гэдэг нүгэл.

-УИХ-ыг хяналтын байгууллагатай болгох зөв үү. Ийм нэг өөрчлөлт яригдаж байгаа?

-өрийн хяналтын байгууллага байгуулна гэдгийг сайтар бодохгүй бол аюул шүү. албан тушаалтан, байгууллагын санхүү төсвийн сахилга, үйл ажиллагааны болон, төрийн хариуцлагыг хараат бусаар хэрэгжүүлэх чиглэлтэй юм байна лээ. нь аж ахуйн нэгжүүдийг дарамталдаг бас нэг бүтэц гараад ирэх вий дээ. Уг чиг үүрэг нь бусад байгууллагуудад бий. сангийн яам, засгийн газарт байгаа эрх үүргийг дахин данхайлгана гэдэг зөв биш.

-Хариуцлагажуулах хүрээнд оруулж байна гэсэн л дээ?

-Хариуцлагын талаар байнга ярьдаг. гэхдээ хариуцлагатай зүйл нэг ч алга. Ингэж чиг үүрэг нь байгаа бүтцийг данхайлгах нь хэр зохимжтой вэ гэдгээ бодож, учрыг нь олох ёстой. Их осолтой шүү. Их хурлын гишүүд цаагуураа өөр зүйл хийх гар хөл нь болчих вий. Бизнест төр оролцохгүй гэчихээд хамгийн их оролцдог. Их хуралд мөнгөтэй хүмүүс орчихоод бизнесийн бүлэглэлүүдийг атгаад суучихдаг. Сайтар бодох хэрэгтэй.

Үндсэн чиг үүргийн яам гэж эртнээс байсан. Өнөөдрийг хүртэл сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, гадаад хэргийн яамыг үндсэн чиг үүргийн яам гэдэг байсан. гэтэл сүүлийн үед хүрээгээ тэлээд Батлан хамгаалах яам, Байгаль орчны яамыг нэмээд таван яамыг үндсэн чиг үүргийн яам гэж нэрлээд байгаа юм. Яамд дотор ингэж ялгаа гаргаж болохгүй. нэг үгээр хэлбэл зиндаалж эхэллээ. тэр бүү хэл бүр хумих ёстой гэж үздэг хүн. сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, гадаад харилцааны яам л гол яам байх хэрэгтэй.

-Яамдын тоог 12-оос дээшгүй байхаар зохицуулж байна. Хэр зөв шийдэл бол?

-Яамдын тоог хязгаарлах зүйл байж болохгүй байх. гэтэл Үндсэн хуулиндаа суулгаж өгөхөөр ярьж байдаг. амьдрал баян шүү дээ. сүүлд нь энэ хэрэгцээгээ яаж хангах юм болдоо. Үндсэн чиг үүргийн яам гэж нэр заачихаад үлдсэн тав хүртэлх яамыг Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд байгуулна гэсэн санаа орж байгаа нь нэлээд маргаан дагуулна даа.

-Шүүхийн томилгооны асуудал мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөр болж байх шиг байна…

-Үүнийг сайтар бодох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд ажилласан Ерөнхийлөгч нар маань шүүгчийг Их хурлаар оруулаад Их хурал дээр дэмжлэг авсан бол Ерөнхийлөгч томилдог байсан эрхийг шүүн таслах эрх мэдэл рүү ороод завхруулж дууссан. Улс төрийн зорилгоор бие биенээ хорьдог байдал руу орсон. Үүнийг засах ёстой. Ерөнхийлөгч Их хурлын шийдвэрийг үндэслэн зарлиг гаргана гэдэг нь шүүн таслах ажиллагаанд орно гэсэн үг биш гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуульд зааж өгч болно. Шүүх засаглал хараат бус байна гэдэг ардчиллын том зарчмын нэг явж байгаа биз. тэр бүү хэл Ерөнхийлөгчийг өөрийг нь хүртэл шалгах ёстой институци. Шүүгчийг томилохдоо өөрийн хүнийг тавьчихаар яах юм. Хөдөлгөхгүй шүү дээ. энэ завхарлыг арилгахын төлөө ярилцах нь зөв.

Өнөөдөр төрийн дээр нам гарчихсан гэдгийг хүн бүр ярьж байгаа боловч үүнийг яагаад Үндсэн хуулиндаа оруулж болдоггүй юм бэ гэдэг санаа хүртэл бий шүү дээ. төрийн дээр нам гарсан нь долоон нэмэлттэй л холбоотой асуудал. намын саналаар тэгнэ, намын саналаар ингэнэ гэсээр байгаад дээрээ гаргачихаж байгаа байхгүй юу.

-УИХ-ын хавар, намрын чуулган гэж байхгүй болоод жилдээ зөвхөн ажлын 75 хоногт хуралддаг болохоор заалт орж байгаа талаар О.Баасанхүү гишүүн ярьж байсан. Түрүүн та ярихдаа хуралдах хугацааг нэмлээ гэсэн л дээ. Та хоёрын ярьж байгаа зүйлс хоорондоо зөрчилдөөд байх юм?

-Хавар, намрын чуулган байна. гэхдээ хавар, намартаа 75 хоногоос доошгүй хугацаанд уИХ хуралдана гэж ойлгоод байгаа шүү дээ. о.Баасанхүү гишүүн буруу ойлгосон байх. Хуучин 1992 оны Үндсэн хуулинд хавар, намрын чуулган байна. нэг удаа хуралдахдаа 75-аас доошгүй хоногоор хуралдана гэж байсныг 50 хоног болгосон байхгүй юу. Үүнийгээ л буцааж сэргээж байгаа байх. Түүнээс биш жилд ганц удаа хуралддаг чуулгантай байж таарахгүй.

Үндсэн хуулийг нийт ард түмнээс хэлэлцүүлнэ гэхээсээ илүү мэргэжлийн, улс төрийн түвшинд хэлэлцэхээс гадна зөвшилцөлд хүрч шийдэх учиртай. нэг нам дангаараа олонх байхдаа Үндсэн хуульд нэмэлт оруулж байгааг иргэд шүүмжилж байгааг бодох л учиртай юм. Хэлэлцэхийн буруу гэж байхгүй. Батлахдаа харин сайн бодох ёстой.

-Олон намын төлөөлөлтэй байх үед батлалаа гэхэд хэдэн тийшээ харж суучихаад парламентын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч чадахгүй байдалд хүрэх байх л даа?

-Ямар зүйл оруулах вэ гэдэг нь хамгийн чухал. аль нэг намын явцуу хүрээний асуудал яриагүй. Тиймээс улс орны язгуур эрх ашгийг бодож байж шийдэх ёстой. Бидний улс төрийн ухамсрын түвшний том асуудал. Хэн нэгэн хүн харж, аль нэг нам харж Үндсэн хууль өөрчилж болохгүй. Би нэг л зүйлийг хэлдэг. Мөрдөхгүй бол Үндсэн хуульд нэмэлт оруулж яах юм гэж. Үүнийг ард түмэн ухаарч ярих цаг болсон. Эрх зүйт төр гэдэг чинь Үндсэн хуулиндаа оршиж байдаг юм. Үүнээс том улс төр гэж байхгүй. Үүнийг ярихаар улс төржлөө гэдэг. Мэргэжлийн түвшинд судлаачдынхаа үгийг авахгүй бол “Манай нам ялсан” гэдгээр асуудалд хандах нь өрөөсгөл. Хэрэв ингэвэл хэдхэн хүний төлөө л явж байна гэсэн үг. нөгөө хэсэг нь тэгэхээр хүн биш болж таарч байна. Улс төрийн тогтолцооны олон субьект дотор хамгийн болохгүй байгаа нь нам. Энэ субьект өөрөө ямар ч хяналтгүй. тэгсэн мөртөө хамгийн том эрх мэдэл эзэмшдэг. Болохоо байхаараа төрд буруугаа чихэж, өнгөтэй өөдтэйг нь манай нам тэгсэн гээд өөрсдөдөө наачихдаг. энэ солиорлыг дарах цаг болсон. намын санхүүг хянахаас гадна намыг хатуу гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Монголчууд гурван саяулаа гэдэг. Хүүхэдтэйгээ нийлээд гурван сая шүү дээ. насанд хүрсэн сонгогчид 1.9 сая хүн байдаг. Энэ хүмүүсээ хэд хувааж, хэд талцуулах гээд байгаа юм бэ. Ялсан намд хамааралгүй л бол хүн биш болдог. Хүний эрхийг хааж боогдуулсан муу муухайгийн уурхайгаа бид цэглэх асуудлаа харин ярих ёстой.

Би Монголын 27 жилд улс төрд байж шинэ тогтолцооны нийгмийг харж явсан хүний хувьд цаашдаа яах вэ гэдэг хандлагыг харж байна. Эрх мэдэлтэй хүмүүс нь дураараа дургидаг. Мөнгөтэй болсон хүмүүс нь дураараа дургидаг. Дийлдэхээ больчихлоо шүү дээ. ард түмэндээ худлаа ярьж, хуурч мэхлэн амлаж гарч ирчихээд ийм л зүйлийг шагшин магтаад сууж байна шүү дээ. Дүр эсгэсэн хуурамч ардчиллын хамгийн тод жишээ Монголд бий болчихлоо. Үүнийгээ зоригтой солиод явах учиртай. Шинэ Ерөнхийлөгчийн байр суурь үүнд хэрэгтэй. Үүнийг хүсч байна иргэд. талцал хуваагдал бидэнд сайн сайхан зүйл авч ирэхгүй гэдэг нь улам тодорхой болж байна. Том том ордын төлөө л хоорондоо дайтдаг. ард түмний, үр хойчийн баялаг шүү гэдэг зүйл хаана байна. гадны үндэстэн дамнасан бүлэглэлд зарчихсан хүмүүс нь гадагшаа гараад алга болчихдог. Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үндсэн хуулийн нэмэлтээс илүү аюултай зүйлс амьдралд үүсчихээд байхад үүнийг ярихгүй юм. Харин ч болж байгаа мэт аяглана гээч. Үүнийг ойлгохгүй байна. Ингэж сонгууль хийгээд байх юм бол сонгууль гэж хэлж яах юм. ард түмэн нүүрээ буруулж байна шүү дээ. Жирийн иргэд мөнгөтэй бол гарах ёстой гээд яриад сууж байна, цаана чинь. Иргэдийн толгойд ийм буруу зүйлийг суулгаж байна л даа. төрийн эрх мэдлийг мөнгөтэй хутгаж болохгүй гэж олон жил ярьж байна, би. Их хурал, засгийн газрыг зааглах ёстой. энэ мэтчилэн суурь ярих зүйлс бий. Үүнийгээ тойроод байх юм.

-Өнгөрсөн хаврын зөвлөлдөх санал асуулгад оролцсон зарим иргэд бичиг үсэг мэдэхгүй гэж байсан л даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ийм хүмүүс санал өгч байгаа нь утгагүй байна гэх мэтээр шүүмжлэлүүд гарч байсан. Ингэхэд манайхан өөрсдөө Үндсэн хуулиа хэр сайн мэддэг вэ?

-Энэ чинь болсон л явдал шүү дээ. Үүнийг чинь болохгүй гээд байна. Өөрсдийнхөө бодсоныг хийхийн тулд ийм зохион байгуулалтад орсныг шүүмжлэх ёстой. Яаж тэр чигээр нь Ерөнхийлөгчийн сонгуулиар санал авчихаагүй юм. түүврийн аргаар хүн сонгоход нь бичиг үсэггүй нөхөр дунд нь цохиж явсан юм билээ. Үндсэн хуулийг мэддэг хүмүүсийнх нь түвшинд ярихаас биш мэдэхгүй хүмүүст юм заачихаад шалгалт авч байгаа юм шиг юм болгоод тэрүүгээр нь явна гэдэг эрүүл үзэгдэл үү. эргээд энэ чинь өөрөө түүх болж үлддэг юм. Үндсэн хуульд нэмэлт оруулах хүрээнд 6-7 зүйлийг болох уу гэдэг ганцхан зүйлийг асуух гээд байна. Болох ч юм байна, болохгүй ч юм энэ дотор байгаа тул иргэд яаж саналаа өгөх юм. Болж байгааг нь дэмжих гэхээр болохгүй нь дэмжигдчих гээд, дэмжихгүй гэхээр болж байгаа нь уначих гээд түвэгтэй байна л даа. Бид Үндсэн хуулийн нэмэлтийн асуудлыг ярьж байгаа юм шүү. түүнээс өөрчлөлтийн асуудал яриагүй. тиймээс Үндсэн хуулиа өөрчлөх юм хийж болохгүй. Үүнийг ялгах ёстой юм. энэ удаа бол парламентын засаглал байж болох уу, Ерөнхийлөгчийн засаглал байж болох уу гэдэг ганцхан асуудлыг л асууж болох байлаа. Ийм олон зүйл асуучихаар хүн учраа ч олохгүй.

Дээр хэлсэндээ УИХ-ын гишүүний насны хязгаарыг зааж болно гэж. амьдралын туршлага, дадлагатай хүнийг уИХ-ын гишүүн болгохгүй бол янз бүрийн асуудалд холбогдчихоод татах, татахгүйн тухай яриад сууж байна. Манайд шүүхээр орж ял аваагүй л бол ямар ч зүйлийг хийж болдог балай тогтолцоо бий. Ёс зүйн шалгуурт нийцэхгүй байх тийм зарчимтай болох хэрэгтэй. Бидний ардчилсан, өндөр хөгжилтэй гээд байгаа орнуудыг харж л байна. тэд ямар өндөр шалгуурыг давж байна вэ. Болохгүй бол өөрсдөө больё гээд огцорч байна шүү дээ. Шүүхээр орж ял авна гэдэг чинь хамгийн том асуудал. Ингээгүй л бол хамаагүй гэж хандаж болохгүй юм.


Categories
мэдээ цаг-үе

Энэ жил 126 мянган тонн ургац алдах төлөвтэй байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өчигдөр хүлээн авч уулзан зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар санал солилцсон юм. Уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар оролцлоо.

Төрийн тэргүүний зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзаж буй шалтгаан нь улс орны хэмжээнд гантай нутгууд маш их байгаа тул өвлийн бэлтгэлжилт ямар байгаа талаар мэдээлэл авах гэдгийг хэлсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэ жил ургац алдах мэдээлэл байна уу. Тариа хураалт яахаар байна. Компаниудтай уулзав уу, гурилынхаа үнийг алдчихлаа. Зуд болох яриа түлхүү яриад эхэллээ. Сая түймэр гарсны дараа араас нь ажилласан шиг биш асуудлыг урьдчилан ярих гэсэн юм. Хөдөө аж ахуйн салбар онцлог салбар тул мэдээлэл авах гэсэн юм” гэлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Ерөнхийлөгчид мэдээлэхдээ “Манай орны хувьд зуншлага нэлээд оройтож, нийт нутгийн 60 хувь нь гандуу, 20 хувь нь гантай, 20 орчим хувь нь зуншлага сайхан байна. 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зургадугаар сарын 28-ны өдөр тогтоол гарсан. Тогтоолыг 21 аймаг, нийслэлд хүргүүлж нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна” гэв.

Энэ жилийн хувьд хур багатай гандуу байгаагийн зэрэгцээ хадлан тэжээл хомс байх магадлалтай тул дээрх тогтоолын хүрээнд хадлан бэлдэх ажлын хүрээнд Засгийн газраас 700 сая төгрөгийг аймгуудад хүргүүлээд байгаа юм байна. Өнгөрөгч долдугаар сарын 27-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 21 аймгийн удирдлага, Хөдөө аж ахуйн газрын дарга нарыг байлцуулан цахим хурал хийж мэдээлэл авчээ. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хадлан тэжээлийг бэлдэх, махны худалдаа борлуулалтыг дэмжих чиглэлээр аймгийн Засаг дарга нар болон газрын дарга нарт үүрэг өгөөд байгаа аж. Яамны зүгээс бүх аймагт очиж ажиллах даалгаврыг газрын дарга нартаа өгөөд ажиллуулж байгаа гэдгийг П.Сэргэлэн сайд онцолсон юм. Тэрбээр ургац хураалтын тухайд “Монгол Улсын хэмжээнд 517 мянган га-д төмс, хүнсний ногоо, тосны ургамал, улаанбуудай тариалснаас 367 мянган га-д нь улаанбуудай тариалсан” гэв.

Энэ оны тухайд өмнөх оноос 5000 га-гаар ахиу улаанбуудай тариалаад байгаа юм байна. Улаанбуудай тариалалтын бэлтгэл ажлыг дэмжих чиглэлээр ажлын хэсгүүд гарган бүс нутгуудад ажиллуулжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өгдөг бүхий л дэмжлэгүүдийг олгосон гэдгийг хэлж байв. Салбарын яамны зүгээс энэ жил хүнсний ногоо тариалагчдаа бодлогоор дэмжиж эхэлсэн байна. Тэр утгаараа улсаас өгдөг дэмжлэг, тусламжид хамруулж эхэлснийг салбарын сайд онцоллоо. П.Сэргэлэн сайдын хэлснээр “Хүнсний ногоо эрхлэгчид дотоодын хэрэгцээнийхээ 40-50 хувийг хангаж байгаа бөгөөд энэ жил мөн энэ хэмжээний ургац авахаар тооцож байгаа. Гэхдээ үр тарианы нийт ургацынхаа 40 орчим хувийг алдах нөхцөл бүрдээд байна. Саяхан Үр тариа эрхлэгчдийн холбооныхонтой уулзсан. Эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс, ахмад тариаланчид, яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн дөрвөн ажлын хэсэг гарч голлох дөрвөн бүст ажиллах гэж байна. Түүнчлэн мал аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлдэх мөн дөрвөн ажлын хэсэг гарч наймдугаар сарын 7-нд илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой болно” гэлээ. Үр тарианыхаа 40 хувийг алдана гэдэг нь 70 мянган га-гийн ургац алдана гэсэн үг. Тиймээс ургац алдсан талбайн ургамлыг тэжээлд шилжүүлэх боломжтой юм.

Манай орны ургацын дотоодын жилийн хэрэгцээ 320 мянган тонн байдаг ч 240 мянган тонн гурил бэлдэхэд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой юм байна. Энэ жилийн тухайд 126 мянган тонн ургац алдах төлөвтэй байгаа тул ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай холбогдож хадлан бэлтгэх, үр, улаанбуудайн асуудлаар санал солилцжээ.

Харин малчдын хувьд 2991 малчин 9.2 сая малтайгаа өөр аймгийн нутагт отор хийх гэнэ. Долдугаар сараас хойш бороо хур сайтай байгаа тул газрын гарц нэмэгдэж, бэлчээрийн даац харьцангуй гайгүй байх төлөвтэй байгаа аж. Гэсэн ч бэлчээрийн хадлан салбарынхны сэтгэлийг зовоож байгаа асуудлын нэг болжээ. Дорнод, Сүхбаатар зэрэг аймгууд нь Монгол Улсын хадлангийн 90 хувийг хангадаг бол Засгийн газрын тогтоолоор өвс, хивэгний экспортыг хориглосон гэдгийг хэлж байсан юм. Яамны зүгээс ган гачигтай холбоотойгоор малчдынхаа малыг борлуулах тал дээр анхаарал хандуулан ажиллаад эхэлжээ. Энэ хүрээнд Иран улсад 6000 тонн мах экспортлох гэрээ байгуулан ажиллаж байгаа бол Вьетнам улсад ямааны мах экспортлож байгаа аж. ОХУ, Казахстан, Катар зэрэг улсуудад мах экспортлож эхэлсэн бөгөөд Иран улсын зүгээс долоо хоногт 4000 тонн мах авах санал ирүүлсэн ч манай орны махны үйлдвэрүүд хамтраад ч долоо хоногт энэ хэмжээний мах нийлүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байх юм. Салбарын сайдын зүгээс ажлын хэсэг гаргуулан ажиллуулж байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүс долоо хоногт хэдэн тонн мах бэлтгэх боломжтой талаар судалж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс тээврийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар тодруулахад П.Сэргэлэн сайд “Онгоцоор тээвэрлэж байгаа. Онгоцныхоо асуудлыг худалдан авч буй тал, худалдан борлуулж байгаа талууд гурвалсан гэрээ хийж байж шийднэ” гэсэн юм. Одоогийн тухайд авто машинаар экспорт хийж байгаа нь хэд хэдэн орны хил дамжин явах нь түвэгтэй байгаа ч ОХУ-ын тээврийн компани тээвэрлэлтийг хийж байгаа” гэдгийг хэлж байв. Иран улс руу экспортлож буй нэг кг мах 3.8 ам.доллар бол БНХАУ руу экспортлоход 1.61 ам.доллар байгаа тул Иран улс руу цаашид экспортлох боломжтой гэлээ. Махны холбоодтойгоо ярилцан боломжит нөөцөө тодорхойлоод энэ сарын дундуур П.Сэргэлэн сайд Иран улсад айлчилж махны экспортын гэрээг байгуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийг сонсож байгаад “Бид ийм үед ганцхан ОХУ руу ханддаг. Эхнээс нь хурдан гэрээ хэлцээгээ хийхгүй бол сүүлд нь асуудал үүсдэг. Одоо хэчнээн бороо ороод ч 40 хувийн ургац алдах байдал багасахгүй. Улаанбуудай, гурил, махны үнэ, хадлангийн асуудлаар дахиад л бид ОХУ руу хандана. 700 сая төгрөгөөр хэчнээн тонн хадлан, хаанаас бэлдэх юм” гэхэд П.Сэргэлэн сайд “Манай орны бүх нутаг хадлангаа алдчихсан юм биш. Бид газар дээр нь танилцаж байгаа. Бороо хур орсонтой холбоотойгоор хадлангийн гарц өтгөрөх боломжтой болж байна” гэдэг хариулт өгсөн юм. Ерөнхийлөгчийн зүгээс “Манай хадлангаа авсан хүмүүст тусламж хүрдэггүй, хадлангаа аваагүй хүмүүс нь тусламжид хамрагдан хождог тал бий” гэдгийг анхааруулаад нэг кг гурилын үнэ 1000 төгрөгөөс давчихсан байгааг анхааруулав. Өмнө нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн үндсэн хэд хэдэн бараа бүтээгдэхүүний үнийг барьсан ч улс төржүүлсэн. Тиймээс салбарын голлох яамны хувьд саналаа тавих хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Иран руу мах экспортлох асуудал дээрээ онцгой анхаарахгүй бол энэ мэтчилэн явж байгаад зогсчихдог гэдгийг сануулав. Түүнчлэн Вьетнам руу мах гаргахад тээврийн асуудал хүндрэлтэй гэдгийг хэлээд БНХАУ-ын нутгаар транзит явах асуудал бараг байхгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлж байлаа.

Мөн тэрбээр “Манай орны хувьд долоо хоногт 4000 тонн мах бэлтгэж Иран руу экспортлох хэцүү ч бог мал ихтэй тул зохион байгуулалттай ажиллаж чадвал нөөц их бий” гээд махны холбоод хоорондоо нэгдэн ажиллаж байгааг сонирхоход П.Сэргэлэн сайд “Махны холбоод нэгдэж чадсан” гэдэг хариулт өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Яаралтай энэ бүхэн дээр арга хэмжээ авахгүй бол юу юугүй аравдугаар сар гарч анхны цас орно. Хөдөө аж ахуйн салбар дээр хэлсэнчлэн онцлогтой салбар тул миний зүгээс юу хийх боломжтой байна вэ гэдгийг тодруулахаар уулзаж байгаа юм” гэдгийг хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Гурил, махан дээр ямар бодлого явуулах гэж байна вэ. Тухайлбал, гурилын үнэ дээр” хэмээн тодруулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Бид ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай холбогдсон. ОХУ-ын Барнаул, Алтайн хязгаараас гурил импортлох санал тавьсан.

Ургац хураалтын улсын комиссын дүн гарсны дараа хэр хэмжээнд авах мэдээллийг өгөхөөр болсон. Хадлан өвсний тухайд ч мөн бид саналаа тавьсан. Цаашид бид газар тариалангийн салбараа усжуулалттай болгох тал дээр анхаарал тавьж байгаа. БНХАУ-ын 24.5 сая ам.долларын тусламжийн хүрээнд усжуулалтын асуудлаа шийднэ. Аж ахуйн нэгжүүд ч мөн адил саналаа тавьж байна. Хэдийгээр ийм гантай байгаа ч усжуулалтын системтэй газруудаасаа бид ургац алдахгүй. Тиймээс цаашид энэ чиглэлд бодлогоо бариад явбал гурилын үнэ тогтвортой байх боломжтой” гэсэн юм. Түүнчлэн Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын мах, сүүг борлуулах тал дээр анхаарч, дэмжиж байгааг онцолсон юм.

Төрийн тэргүүн Х.Баттулга “Өмнө нь би Хөдөө аж ахуйн сайд байхдаа салбарын бодлогыг гаргаж байсан. Монгол Улсын хөдөө аж ахуйн бодлого атал нөгөө намын хүний хийж байсан ажил гэсэн утгагүй зүйл ярьдаг. Хүн, нам нь солигдож болно. Малчин, мал хоёр солигдохгүй юм. Хөдөө аж ахуйн биржийг ажиллуулаад ямар сайхан болгож байв. Арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийлгэсэн. Үүнийг ярьж байгаа хүн алга. Мэдээж яам бодлогын хувьд махны экспортыг дэмжих байх. Өөрсдөө мал тууж ирээд нядлаад зарна гэж байхгүй. Бодлогын энэ зүйл нэг жилийн хугацаанд ерөөсөө сонгогдсонгүй. Хүнсний ногоочдын өмнө тулгамдсан гол асуудал зоорь. Мөн хүлэмжийн аж ахуйд Чингис бондоос нэлээд мөнгө зарцуулсан. Тэр мэдээнүүд яаж нэгтгэгдэж байна вэ. Энэ ямар түвшинд байна вэ. Бид нутаг дэвсгэрийнхээ нэг хувь хүрэхгүй газар хадлан, тариалан эрхэлдэг. Тариалалтын тал дээр 100 хувь усжуулах бүрэн боломжтой. Өмнө нь хийсэн бодлогыг үргэлжлүүлээрэй” гэхэд П.Сэргэлэн сайдын зүгээс “Ажил аваад өмнө хийж хэрэгжүүлж байсан бодлогын ажлыг хэрэгжүүлж байгаа” гэдгийг онцоллоо. Х.Баттулга Төрийн тэргүүн Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстойг сануулаад “Гуравхан сая хүнтэй ийм баян орон дандаа ядарсан зүйл ярьдаг байж болохгүй. Хүнсний ногоог урдаас авахыг 100 хувь зогсоох хэрэгтэй гээд бодлогыг гаргасан байгаа. Хөдөө аж ахуйн бодлого хүн, нам нь солигдсон ч явж л байх ёстой” гэдгийг хэлснээр уулзалт өндөрлөлөө.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

АНУ дахь монгол хүүхдүүд монгол хэл бичгээ сурав

АНУ дахь Монгол Соёлын Төв, Индиана мужийн Блүүмингтон хот дахь Төвд Монголын Шашин Соёлын төвтэй хамтран жил бүр Монгол хэл соёлын зуслан ажиллуулдаг билээ. АНУ-д төрж өсч буй монгол хүүхдүүдийн монгол хэл соёлыг үл мартуулах, монгол хүн болгон хүмүүжүүлэх зорилго бүхий уг зуслан 11 дэх жилээ дараалан амжилттай хичээллээд долдугаар сарын 23-ны өдөр өндөрлөлөө. Энэ удаагийн зуслангийн онцлох сониноос тоймловол:

ХОЁР ЭЭЛЖ

Анх 11 жилийн тэртээ энэхүү зусланг санаачлан, хүүхдүүдээ өг гэхэд монголчууд маань ихэд гайхан, ойлгодоггүй байлаа. Бид үр хүүхдээ англи хэл сургаж, Америкт сургах гээд дөнгөж аваад ирсэн байхад та нар яагаад монгол хэл заана гээд байгаа хэрэг билээ гээд л. Америк сургуульд яваад хүүхэд англи хэл соёлыг дороо сурна аа, монгол хэл л тун удахгүй асуудал болно шүү дээ гэж хэлээд нэмэргүй, сүүлдээ найзуудаа гуйж ятгаж цөөхөн эцэг эх хүүхдээ өгч байж билээ. Одоо тэгтэл эцэг эхчүүд ухамсартай ч болж, эх хэл соёлоо эрхэмлэх ч болж, үр хүүхэдтэйгээ үнэхээр ойлголцохгүй хэмжээнд хүрэх вий гэж эмээдэг ч болж. Ингээд жилийн жилд зусланд ирэх хүүхдийн тоо нэмэгдсээр энэ жил анх удаа түүхэндээ хоёр ээлж хичээллүүлж үзлээ. Эхний ээлжинд бага насны хүүхдүүдийг авч монгол кирил бичиг заасан бол хоёр дахь ээлжний, том хүүхдүүдэд монгол бичиг заасан юм.

“ШИЛДЭГ”-ЭЭС ИРСЭН ШИЛДЭГ БАГШ НАР

Энэ жилийн хувьд бас нэг онцлог нь Монгол улсаас мэргэжлийн багш нарыг урьж багшлуулсан явдал болов. Монгол Соёлын Төв Улаанбаатар хотын “Шилдэг” дунд сургуультай албан ёсоор хамтран ажиллаж, тус сургуулийн бага ангийн багш Ганзоригийн Дэлгэрзаяа, монгол хэлний багш Боргилын Төмөртогоо нарыг Индиана мужид урьсан нь маш оновчтой шийдэл болж, хүүхдүүдийн сургалт хүмүүжилд ашиг тусаа өгөв. Мөн бид Улаанбаатарт Гадаад хүнд монгол хэл заах аргын сургалт семинар явуулж, тэнд ирсэн багш нараасаа шалгаруулан, ХААИС-ийн багш, доктор Чимэдцэеэгийн Хуланг урьснаар энэ жил ийнхүү мэргэжлийн гурван багштайгаар ажиллалаа.

МОНГОЛ БИЧИГ

Бид олон жил Америк дахь хүүхдүүдийг монгол хэл, кирил бичгээ сайн сурсных нь дараа монгол бичиг заана хэмээн хүлээсээр ирсэн юм. Гэтэл энэ төлөвлөгөө бүтэхгүй нь тодорхой болсон тул 2016 оны зуслангаас эхлэн ахлах насны хүүхдүүдэд монгол бичиг зааж эхэлсэн билээ. Өнгөрсөн жил монгол бичгээ эхлүүлсэн хүүхдүүд энэ жил бүх үсгээ дуусгасан, шинээр ирсэн хүүхдүүд на, ма, ла, ба, ра гийгүүлэгчийг дуустал үзсэн нь долоохон хоног гэхэд том амжилт юм. Монгол хүүхдүүд ухаантай, шинэ хэл биш учраас монгол бичгээ маш хурдан сурч байна. Бас нэг зүйл нь угаас эдний багаасаа үзсэн англи хэлний хувьд дуудлага бичлэг нь ихэд зөрдөг тул яриа бичиг нь өөр байна гэх гомдол огт гарахгүй нь давуу тал байлаа. Мөн монгол бичгийг монгол гэрт заасан нь бэлгэтэй урамтай сайхан явдал болов. Бид Аянчин компанийн үйлдвэрлэсэн авч явахад эвтэйхэн аяны гэрийг АНУ-д авчирч, монгол бичгийн анги болгон тохижуулсан юм.

МОНГОЛ ХЭЛ

Монгол хэлийг бид тусгайлан заахаас гадна ерөөс зөвхөн монголоор ярьдаг орчин бүрдүүлэхийг хичээдэг юм. Үүний тул багш нар бүгд англи хэл мэдэхгүй дүр эсгэнэ. Ялангуяа гал тогоонд ажиллаж буй хүмүүс англиар огт ойлгохгүй царай гаргах нь үр дүн ихтэй. Учир нь хүүхдүүд “Ус ууя”, “Нэмүүлье”, “Алим идье” гэх мэт аминд тулсан хэрэгцээгээ яаж ийгээд заавал хэлэх хэрэгтэй болно. “Ээжтэйгээ утсаар нэг ярья, тэгэх үү” гэж монголоор гуйлгах ч бас зүгээр. Ийм орчинд долоо хоноход өнөө монгол хэлгүй гээд байсан хүүхдүүд чинь ярьж гарна шүү дээ. Хэлний идэвхгүй мэдлэгийг идэвхтэй мэдлэг болгон, амь оруулж байгаа л хэрэг юм.

ШИНЖЛЭХ УХААНЫ ХИЧЭЭЛ

Манай зуслан дээр Хойд Америкийн Цахим Өртөө байгууллага,Ай Би Эм (IBM) компанийн монгол инженерүүдтэй хамтран STEAM (Science, Technology, Engineering, Art and Math) шинжлэх ухаан технологийн сургалт зохион байгууллаа.

Н.Баасандорж тооцоолуур мэдээллийг хэрхэн хайдгийг, эрэмбэлсэн ба эрэмбэлээгүй мэдээллийн ялгааг тайлбарлав. Үүний тул эхлээд хориод хүүхэд гаргаж эгнүүлэн зогсоогоод тэр дотроос тодорхой хүүхэд олохоор болов. Түшиг гэсэн нэр аваад тэр хорин хүүхдээс олохоор мэндэлж эхэллээ. “Сайн байна уу, намайг Баасандорж гэдэг” гэхлээр нөгөө хүүхдүүд нь эргүүлж мэндлээд, нэг талаас энэ нь бас монгол хэлний хичээл болж байлаа. Ингээд 12 удаагийн мэндчилгээгээр 42 секундэд Түшигийг олж авлаа. Анар гэж хүүхдийг 10 удаагийн мэндчилгээгээр, 32 секундэд олж авав. Дараа нь харин хайх аргаа өөрчлөв. Үүний тул хүүхдүүдийг нэрсийнх нь эхний үсгээр, цагаан толгойн дэс дарааллаар зогсоолоо. Ингээд ЭРЭМБЭЛСЭН хайлт хийх болов. Энэ удаад Намуунсолонго гэж хүүхдийг олох даалгавар өгөв. Баасандорж инженер эхний мэндчилгээгээр дунд хавиас нэг хүүхэдтэй мэндлэхэд Мандуул таарав. Энэ нь Мандуулаас өмнөх бүх хүүхэд Намуунсолонго биш нь тодорхой гэсэн үг. Бүгдийг суулгалаа. Хагас нь хэрэггүй болсон гэсэн үг. Үүний дараа нэг хүүхэдтэй мэндлэхэд Сүндэрээ таарсан тул түүнээс дооших хагасыг мөн хасав. Ингээд үлдсэн хагас дотроос 3 дахь удаагийн оролдлогоороо Намуунсолонгыг оллоо. BINA­RY SEARCH гээч нь тэр ажээ. Ер нь юм хайх хүн эрэмбэ дараатай бол амар олддог юм байна шүү.

Э.Жагдагдорж сүүлийн үед зөвхөн компьютерийн шинжлэх ухаанаар хязгаарлагдахгүй өөр бусад олон салбарт түгээмэл хэрэглэгдэж буй agile development буюу хийж байгаа зүйлсээ өмнөх алдаанаасаа суралцан байнга сайжруулах аргын талаар цаасан онгоцыг хэрхэн сайжруулж, хамгийн хол нисгэх жишээн дээр тулгуурлан заалаа.

Миззуригийн их сургуулийн профессор Я. Борчулуун хүүхдүүдэд computational thinking буюу тулгарч буй асуудалд шийдэл олохын тулд алхам алхмаар бүх процессыг тунгаан бодох, түүндээ тохирох алгоритм бичих аргыг танилцуулсан юм. Таван багийг 20 минутын хугацаанд ажиллуулаад таван төрлийн хоол хийдэг роботын санааг гаргууллаа.Монгол хэл соёлын зуслан тул хүүхдүүдэд алгоритмаа монгол хэлээр бичих даалгавар өгсөн юм. Тэр дунд “чимх давс,” “есийн тос” гэх мэт үгс хэрэглэсэн байсан нь Америкад төрсөн хүүхдүүдэд их сонин байв. Богино хугацаанд хурдан сэтгэж хөөрхөн өвөрмөц робот бүтээх төлөвлөгөөгөө бүгд идэвхтэй танилцууллаа. Дараа нь алдаагаа засан, алгоритмоо улам сайжруулж, нэгэндээ зөвлөсөөр процесс бүрийн талаар тунгаан бодож сурсан юм.

ЧӨЛӨӨТ ЦАГ, ДУУ БҮЖИГ, ТОГЛООМ

Зуны амралт учраас хичээлийг бас хэмжээтэй өгөх хэрэгтэй. Монгол хэл, монгол бичиг гэж залхмаар юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж болохгүй. Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн тэмцээн зохиож, монгол дуу, бүжиг, мөн иога зааж өгөв. Хүүхдүүд маань бүгд “Сүүн далай ээж”, “Амин хайртай аав”, “Халуун элгэн нутаг” дууг дуулж, Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн бүжиж сурлаа. Мөн бүгд хамтдаа кино үзэж, усан санд ханатлаа тоглоцгоов. Монгол найз нартай болно гэдэг манай зуслангийн бас нэг зорилго. Америк дахь монгол эцэг эхчүүд хүүхдүүдээ “монгол хүнтэй суугаарай” гэж захих загнах хослуулан хэлдэг юм. Нэг ч монгол найзгүй, монгол хэлгүй өсгөчхөөд гэнэт тэгж загнаж болохгүй биз? Тиймээс үр хүүхдэдээ тийм орчныг бүрдүүлж өгөх нь бидний нэг үүрэг юм.

“ДҮҮ ЯАСАН” ХЭМЭЭХ ДҮГНЭЛТ

Зуслан тарах болж эцэг эхчүүд ирж хүүхдүүдээ авлаа. Нэг охин ээж дээрээ гүйж очсоноо “Дүү яасан?” хэмээн монголоор асуухад ээж нь гайхан баярласандаа бараг уйлахаа шахав. Анх удаагаа охин нь ээжтэйгээ монголоор ярьж байгаа нь энэ гэнэ. “Охинтойгоо монгол хэлээрээ ярих чинь ямар сайхан юм бэ?” гэхэд нь нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Ердөө л энэ юм. Үүний төлөө л бид 11 жил хөдөлмөрлөж байгаа юм.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Авлига моодонд оров

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


2002 онд АНУ-ын элчин сайд Дингер тэр үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзжээ. Энэ үед тэрээр Монголд авлига их хавтгайрч байгаа тухай ярив. Гишүүд тус болгондоо өөрийгөө хэлүүлж байна гэж ухааран учиргүй уурлацгааж түүнийг эгээтэй л империализмын төлөөлөгч гэж аашилсангүй. Ингэхээр нь элчин сайд тэсэхээ болиод зааланд сууж буй эрх мэдэлтнүүдийн дотор авлигач сайд байгааг хэлээд тавьчихав. Үнэндээ заал улсын урьдаа барьдаг тэргүүний авлигачдыг агуулж байсан юм. Авлигачид уурсан нэрийг нь хэлэхийг шаардаж эгээтэй л АНУ-аас дипломат харилцаагаа тасалчихсангүй. Элчин сайд дипломат ёсыг бодоод нэрийг нь хэлсэнгүй. Би ч дипломат ёсыг бодоод нэрийг нь хэлээд яахав. Гадаадаас хамгийн их тусламж авдаг яамны сайдыг тэрээр дотроо хэлсэн ба элчин сайд өөрийнх нь улсын мөнгө болохоор хаашаа хэний хармай руу гулсаад байгааг арван хуруу шигээ мэддэг байжээ. Юутай ч тэр авлигач сайд өдгөө АНУ орох эрхгүй, түүнд виз өгөхгүй, тэр байтугай гэр бүл хамаатан саданд нь виз өгөхгүй, хар дансанд орчихсон юм.

Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болуутаа “Авлига Монголыг муухай харагдуулж байна” гээд хэлчихсэн чинь нөгөө авлигачид нь боож үхэхээ дөхсөн. М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанийн үеэр “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсний дараа авлигачид зурагтаар болон өөрийн жолооддог хэвлэлүүдээрээ юу юу гэж загнаж байсныг хүмүүс минь өнөөдөр та нар бараг мартсандаа! Ц.Нямдорж зурагтаар “Энэ лоозонгоос цус үнэртэж байна” гэж ирээд л ярваганаж байсныг санах болов уу, яах бол. Их хэлмэгдүүлэл, аллага хядлага дэгдэх гэж байна гэж хүртэл авч л байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яриад байсан “Авлигачдыг цээрлүүлэх”. “Эх орны баялгийг шударгаар хуваарилах” гэсэн гол хоёр уриаг ярьсан онигоог маргааш нь ойлгож инээдэг анаашийн үлгэрээр бид одоо л хагас жилийн дараа ойлгож байгаа шүү дээ.

Одоо авлигын тухай яривал авлигачид уурлахаа больсон. Нэгэнт хүмүүс үүнийг ойлгоод дургүйцээд эхэлсэн тул “Монголд авлига байхгүй” гээд хэлчихвэл өөрөө баригдчих гээд байгаа учраас авлигачид өөрснөө авлигыг хамгийн их жигшдэг болчоод байна. Зурагт асаахад л нэгэн улсын тэргүүний авлигач авлигыг жигшин огиулж суугаа харагдах юм. Авлигадаа шартсан юм болов уу. Сонин дэлгээд үзэхэд л нэгэн улсын гавьяат авлигачин авлигыг хараан зүхэж эгээ л сонины хуудсан дотроос алгадаад авах шахах юм. Өөрийн авснаа чамлаж их авсан бусдадаа хорсоод байгаа юм болов уу.

Гэхдээ эдний хэн нь ч авлигын эсрэг юу ч хийхгүй. Тэгж хоолноосоо сайн дураараа татгалзаж амиа хорлодог дурак нэг ч байхгүй. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг хэн нь ч хүсэхгүй. Ердөө 3-4 мянган хүнийг хахуульдан саналыг нь худалдаж аваад л төрийн түшээ болон цааш нь гаргасан зардлын шаталтаа хэд нугалаад нөхчихдөг ийм сайхан тогтолцоог өөрчилбөл ядахнаа үр хүүхэд нь гомдох байгаа. Өдгөө тэр байтугай сонгогч олонд ч зуйрганах хэрэггүй, сонгуулийн хэсгийн хороог хамаагүй хямдхан худалдаад авчиж болж байгаа билээ. Эдний хэн нь ч өөрийн өмч хөрөнгийг нийтэд илээр зарлахгүй. Хулгай нь баригдаж Баатарын хажуугийн камерт суувал яана! Олон бизнесмэн Төрийн зүтгэлтнээр тодорсон, эдний магадгүй олонх нь шударгаар хөрөнгө хогшилтой болсон байх, гэхдээ төрдөө тодорч эрх мэдэлтэй болж авахгүй л бол хөрөнгөө алдчих гээд байгаа тогтоцтой учир хөрөнгөө хоточ нохой мэт манаж буй хэлбэр нь төрийн зүтгэлтэн болох явдал юм. Эдний хэн нь ч засаг захиргааны өөрчлөлт хийхийг эсэргүүцнэ. Учир нь төвлөрсөн хөрөнгө багасаад ирэхийн хэрээр авлигаар хулгай хийх юм нь багасна. Эдний хэн нь ч хүнд суртлыг багасгаж төрийн аппаратыг жижгэрүүлэхийг хүсэхгүй, учир нь хүнд суртал л эдний гол тэжээл болох авлигыг буй болгож байгаа хэрэг. Эд Монголын төлөө сайн юм хийх тусам амин хувьдаа муу юм хийх болно. Ард түмнийхээ төлөө орилж, авлигыг жигшин бөөлжиж харааж суух нь харин хавьгүй хямдхан субботник мөн.

Саяхан гаргасан судалгаагаар нийгмийн халамжинд гаргаж буй бүх хөрөнгөний 70 хувь нь халамж хүртэх учиргүй хүмүүст очиж байгаа ба халамж хүртэх ёстой ядуу давхаргын 40 хувь нь огт хүртэхгүй байгаа аж. Гоё тогтолцоо байгаа биз? “Хулгайчийг бариарай” гэж хулгайч нар бүхнээс чанга орилно. Зурагтаар, сониноор, хэвлэлээр, цуглаан дээр, хэвлэлийн бага хурал дээр… тэр байтугай эрдэм шинжилгээний хурал дээр хүртэл…

2005.12.16

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос нийтлэлч Б.Цэнддоогийн “Отгонтэнгэрийн дуулал”-ыг хүлээн авч уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. “Өдрийн сурвалжлага” булан “Төв цэвэрлэх байгууламжаас болж амьд мал өмхийрч эхэлжээ” хэмээн онцолжээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төсвийн тодотголыг намрын чуулганаар хэлэлцэнэ” хэмээн ярьжээ.

Наадмаар хөлийн цэцээр ажилласан гавьяат тамирчин Д. Сэрээтэр “Хоёр бөх зэрэг унахад түрүүлж мэх хийсэн нь давна гэсэн дүрэмтэй” хэмээн тайлбарлав.

“Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Б.Цэнддоо “Отгонтэнгэрийн дуулал”-ын тухай өгүүлжээ. Эмээ нь түүнийг багад “Миний хүүгийн Богд Очирваань” хэмээн “өмчилж” өгчээ. Аваад явж болдоггүй, сахиад үлдэх аргагүй, өмчлөөд үлдээх боломжгүй ч “миний юм байж болдогийг” хүү тэгэхэд ухаарсан гэнэ.

“Нийгэм” нүүрт ногоо хатаах шинэ технологи нэвтрүүлэн “Хөвсгөл хангайн хишиг” ХХК байгуулсан Г.Нямдоржийн гэр бүлийн тухай өгүүлжээ.

Тэд химийн бодис оруулахгүй, уламжлалт аргаар ногоогоо хатаадаг байна. Жилээс жилд ногооны нэр төрөл нэмэгдсээр энэ жил хорь шахам төрлийн ногоо хатааж байгаа гэнэ.

“Багш” нүүрт нийслэлийн 76 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Д.Тэрбиштэй ярилцжээ. Д.Тэрбиш “Багш нар хүүхдэд ерөнхий эрдмээс гадна амьдрах ухааныг маш сайн суулгаж өгөх хэрэгтэй” хэмээжээ.

“Гоёл соёл” нүүрт Сөлүл хотноо болсон олон улсын тэмцээнээс “Asian star model” шагнал хүртсэн загвар өмсөгч С.Төгстэй ярилцсан байна. С.Төгс “Milan Fashion week”-ийн хаалтын парадын загвар өмссөн” хэмээн сонирхуулжээ.

“Эдийн засаг” нүүрт Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхантай ярилцжээ. Ж.Дэлгэрсайхан: Ойрын үед өсөж буй валютын ханш эерэг шийдвэр гаргахад саад болох талтай хэмээн дүгнэсэн байна лээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

Холбоотой Зураг

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны 7-р сарын 19-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн.

Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэллээ. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

Өнөө маргаашдаа Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 11-12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 09-ний 20 цагаас 08 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө сэрүүсч 17-19 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 16-21 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 16-21 дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 19-24 градус, нутгийн зүүн хэсгээр 24-29 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 11-НЭЭС 08 ДУГААР САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

11-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 11-12-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт япон технологиор гурвалжин будаа тариалж байна

ЗурагСэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ны 40 га талбай болох хоёр давааны арын шарилжит хэмээх газар Японы алдарт соба гоймонгийн гол түүхий эд болох япон гурвалжин будаа тариалж байна.

Сэлэнгэ аймагт Япон улсын Шизуока мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй зочид төлөөлөгчид өчигдөр айлчилж байна. Тус мужтай манай аймаг газар тариалангийн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчлах үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Шизуока мужтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулснаас хойш тус мужийн газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд удаа дараа манай аймаг ирж Зүүнбүрэн суманд Япон арга технологиор гурвалжин будааг амжилттай тариалсан юм. Тиймээс ч тус мужийн Засаг дарга ноён Кавакацү Хэйта тэргүүтэй зочид гурвалжин будааны цэцэг ид сайхан цэцэглэсэн энэ цаг мөчид манай аймагт хүрэлцэн ирсэн юм.

Япон улсын Шизуока мужийн Засаг дарга ноён Кавакацү Хэйта хэлэхдээ “Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар Япон улсад айлчлах үедээ газар тариалангийн салбарт хамтран ажиллах гэрээ бичиг зурж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Өнөөдөр бидний хамтын ажиллагааны хүрээнд тариалсан гурвалжин будаа маань Монголын газар тариалангийн гол бүс нутаг болсон Сэлэнгэ аймагт маш сайхан ургаж байгаа гэсэн мэдээллийг аваад сэтгэл өндөр байна. Япон хүмүүс гурвалжин будаагаар хийсэн соба гоймонг үндэсний хоолондоо хэрэглэх маш их дуртай. Сэлэнгэ нутагт тариалсан энэ гурвалжин будаа Япон хүмүүсийн хэрэглээ болж тэдний ширээн дээр гарна гэдэгт бат итгэлтэй байна. Миний бие анх удаа Сэлэнгэ аймагт ирж байна. Үзэсгэлэнтэй сайхан байгальтай бүс нутгийг хараад сэтгэл маш их хөдөлж байна. Өнөөдөр манай Шизуока муж Сэлэнгэ аймгаас нэгэн хүндэтгэлтэй сайхан бэлгийг хүлээж авсан нь 1 настай морь байлаа. Энэ морь манай хоёр аймгийн найрамдалт харилцааны нэгэн хэсэг болж, маш хурдан хүлэг болохыг ерөөе” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн цагаар чанга дуугаар “гайхуулсан” тээврийн хэрэгслүүдийг түр саатуулжээ

Холбоотой Зураг

Нийслэлийн автозамын гудамж, талбайд шөнийн цагаар чанга дуутай мотоцикль, дөрвөн дугуйт, зориулалтын бусаар тоноглосон, бүдүүн яндан суурилуулсан автомашинууд дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг илрүүлэх, арилгах, таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж байна. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу уг хяналт шалгалтыг хийжээ.

Өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хяналт шалгалтаар зориулалтын бусаар тоноглосон хоёр тээврийн хэрэгслийг түр саатуулж, 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэст хүргүүлэн ажиллаа.

Нийт жолооч нартаа хандаж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.