Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийж эхэллээ

Налайх дүүргийн 3 дугаар хорооны уурхайн эдэлбэр газар, 57 дугаар уклон, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хариуцсан чиглэлээр хяналт шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зааварчилгаа өгч байгаа юм. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр “Бид ажлаа аваад анхны захирамжийг уурхайг цэгцлэх асуудлаар гаргаж байсан. Энэ газарт нэг биш удаа хүний амь эрсдэх, суурьшлын бүсэд газрын хагарал үүсэх, ухсан нүхэнд хүн, мал унаж бэртэх зэрэг асуудал бэрхшээл их байсныг боломжийн хэрээр шийдэж байгаагийн нэг нь өнөөдрийн энэ ажил юм. Мөн яг энэ орчимд олон жилийн туршид хуримтлагдаад байсан хур хогийн цэгийг аж ахуйн нэгж байгууллагатай хамтын хүчээр цэвэрлэж чадсан. Уурхайг албажуулж, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллаж эхэллээ. Магадгүй энэ газар ухсан нүх, овоолсон шороо биш сайхан ногоон байгууламж болохыг үгүйсгэхгүй. Дүүргийн хөгжлийн цэцэглэлтийн төлөө сэтгэл гарган хүн хүч, техник хэрэгслээр бололцооныхоо хэрээр тусалж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагад талархлаа илэрхийлье” гэв.

Дүүргийн Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн асуудал хариуцсан төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг бүтэн өдрийн туршид уурхайн эдэлбэр газарт ажиллаж, ам цооногийг дарах булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийж байгаа бол иргэдийн бүлэг хог цэвэрлэгээ хийж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Отгондалай олимп, дэлхийн хос медальтай боллоо

Image result for Д.ОтгондалайХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг жинд медалийн төлөөх тулаан хийсэн гавьяат тамирчин Д.Отгондалай Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар яллаа. Тэрбээр ийнхүү олимп, ДАШТ-ий хос медальтан боллоо. Тэрбээр ирэх сарын сарын 1-нд мөнгөн медалийн төлөө Олимпийн мөнгөн медальт Францын тамирчинтай медалийн өнгөө хувиргахын төлөө хүч, ур чадвараа сорих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван аймаг, хоёр дүүрэгт шүлхий өвчин тогтоогдож, устгал хийжээ


Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас нэгдсэн мэдээлэл өгөв.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөгийн гол, Хөшгийн хөндийд УМЭАЦТЛ-ийн долдугаар сарын 22-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь оношлогдон нийт 26 өрхийн 311 үхэр, 74хонь, 19 ямаа өвчилж, устгалд хамруулсан байна. Вакцинжуулалтад 384928 толгой мал хамруулахаас 356554 толгойг хамруулж, 95.2 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт УМЭАЦТЛ-ийн наймдугаар сарын 03-ны өдрийн шинжилгээгээр, Өлзийт сумын нутагт 07-ны өдрөөс, Сайнцагаан сумын нутагт 10-ны өдрөөс шүлхий өвчин оношлогдон нийт 37 өрхийн 26 толгой үхэр, 317 хонь, 282 ямаа тусгаарлаж, 22 толгой үхэр, 134 толгой хонь, 88 толгой ямааг устгажээ. Вакцинжуулалтын арга хэмжээг энэ сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлж 934427 толгой мал хамруулахаас одоогийн байдлаар 6 сумын хэмжээнд 750363 толгой мал хамруулж, 83.7 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд наймдугаар сарын 07-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон ба голомтод 9 өрхийн 147 толгой үхэр, 15 толгой хонь, хоёр толгой ямаа өвчилж, 147 толгой үхэр, 15 толгой хонь, хоёр толгой ямааг устгасан. Асгат суманд энэ сарын 12-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон ба голомтод 4 өрхийн 191 толгой үхэр,49 толгой хонь, 148 толгой ямаа шүлхий өвчний шинж тэмдэгтэй байсныг устгасан байна. Баруун Урт суманд энэ сарын 17-ны өдрөөс шүлхий өвчний сэжиг илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Нийт дөрвөн өрхийн 39 толгой үхэр, хоёр толгой хонь өвчилснөөс 39 толгой үхрийг устгаад байна.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд УМЭАЦТЛ-ийн долдугаар сарын 23-ний өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдож, голомтод байгаа 31 өрхийн нийт 168 толгой үхрийг устгасан. Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 304322 толгой мал хамруулахаас өнөөдрийн байдлаар 195470 толгой мал хамруулж, 75.7 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Наймдугаар сарын 11-ний өдрөөс хойш өвчлөл нэмэгдээгүй байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хороо “Морингийн даваа”-нд УМЭАЦТЛ-ийн энэ сарын 26-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдож, голомтод байгаа нэг өрхийн нийт 14 толгой үхэр байгаагаас өвчилсөн хоёр үхрийг зориудын устгалд оруулсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын А/268 дугаартай захирамжаар уртаараа дөрвөн км, өргөнөөрөө гурван км газарт хорио цээрийн дэглэм тогтоож хяналт, тандалт хийн ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн эргэхгүй байх шийдвэрийг эсэргүүцэж иргэд жагслаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна талбайд 2000 гаруй иргэн эсэргүүцлийн тайван жагсаал хийв. Жагсагчид НИТХ-ыг тарж, зүүн эргэхгүй байх дүрмийг болиулах, хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж байна. Мөн Баянзүрх дүүргийг хоёр дүүрэг болгох асуудлыг эсэргүүцэж иргэдээс гарын үсэг цуглуулж байв.

Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн С.Чулуунбат хэлэхдээ: Хотын дарга С.Батболдын хууль бус шийдвэрээс болж Баянзүрх дүүргийн газрын албаны дарга тамгаа авч зугтсан нь манай дүүргийн олон мянган иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Би ч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээгээ аваагүй, албан ёсоор асуудлаа шийдүүлээгүй байна. Мөн зүүн эргэхгүй гэдэг бол хамгийн тэнэг шийдвэр. 10 гаруй минут яваад очих газар өчнөөн их явж, илүү шатахуун зарцуулж байна гэв.

Жагсаал хийж буй зарим иргэд МАН-ын 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш нь аль хэдийнэ тогтоогдоод байхад өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй байна. НИТХ-ын даргаар ажиллаж буй Ц.Сандуйгаас хариуцлага нэхэж, НИТХ-ыг тарахыг шаардаж байна. Дахин шударга сонгууль явуулж, НИТХ-ыг бүрдүүлэх ёстой гэж хэлж байв.

Эсэргүүцлийн жагсаалд оролцсон цөөнгүй иргэн хотын даргад хаягласан шүүмжлэл хэлж байв. Үг хэлсэн нэгэн хүн ярихдаа “Нийслэлийн МАН 2016 онд сонгуульд нэр дэвшихдээ “Аз Жаргалтай-Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж ялсан. С.Батболд 2016 оноос хойш хотыг удирдлаа. Нийтийн эзэмшлийн газрыг наймаалцдаг өмнөх дарга нарынхаа ажлыг л хийлээ. Нийслэлд залуучууд болоод жуулчдын очдог байсан Их дэлгүүр орчмын цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд ил далд нурааж, хулгайлж байгаа олон жишээ бий. Төрийн албыг улс төрийн хэрэглүүр болгохоо зогсоо. Нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна” гэж байлаа.

Б.ӨЛЗИЙБАЯР

С.НАРАНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлажээ

УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар товлосон ч гишүүдийн ирц бүрдэхгүй хүлээгдэн, 14.00 цагийн орчимд эхэлсэн юм.

Тус бүлэг өчигдөр хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй өндөрлөж, өнөөдөр үргэлжлэн хуралдахаар болсон. Бүлгийн хуралдаанд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зэрэг 40 гаруй гишүүн оролцож байна.
Хуралдааныг түр завсарлуулж, дараа нь байнгын хороо хуралдах төлөвтэй байна.

Бүлгийн хуралдааны үеэр зарим гишүүн МАН-ын Бага хурал дээр асуудлыг ярилцаж намын гишүүдийнхээ үгийг сонсох ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Гэсэн ч УИХ-ын байнгын хороодыг хуралдуулж, хуульд заасан хугацаанд багтаж чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх ёстой гэж зарим нь үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийн барилгын шавыг тавив

БОАЖЯ, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/, Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн хамтран “Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Улмаар дээрх төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийг байгуулахаар болсон юм. Тэгвэл уг төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн зүүн талд буюу барилга баригдах газарт боллоо.

Шав тавих ёслолд Засгийн газрыг төлөөлж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал болон бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, МХЕГ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газрын нэр бүхий албан тушаалтнууд оролцсон юм. Харин Солонгосын талаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/, Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг товч танилцуулснаас гадна уг сургалтын төв бий болсноор уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, туршлага солилцох сургалтад байгаль хамгаалагчид болон бусад мэргэжилтнүүд хамрагдах боломжтой болсныг тэмдэглэлээ. Мөн салбарын менежментийн чадавхийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм. Элчин сайд У Сун мөн байгаль орчны салбарт хийж буй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцан бие биенээ дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн уг төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулах, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт, судалгааны төв байгуулах, жишиг нөхөн сэргээлтийн нарийвчилсан судалгаа болон зураг төсөл боловсруулах зэрэг олон талын боломж нээгдэх аж.

Дашрамд дурдахад, төслийг хамтран хэрэгжүүлж буй Солонгосын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци нь тус улсын цорын ганц уул уурхайн сөрөг нөлөөллийн менежментийн мэргэжлийн байгууллага бөгөөд уул уурхайн олборлолтоос үүдэн сөрөг нөлөөлөлд өртсөн газрыг нөхөн сэргээх зорилго бүхий засгийн газрын агентлаг юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын улстөрийн зөвлөл засгийн газарт хариуцлага тооцохыг дэмжих шийдвэр гаргалаа

Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр “Ардчиллын өргөө”-д хуралдаж, цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ.

Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн баримтлах байр суурийг тодорхой болгохоор хэлэлцсэн байна. Улмаар тус зөвлөлөөс гаргасан тогтоолд дурдсанаар УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцохыг дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргажээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахаар товлосон ч дээрх зөвлөлийн шийдвэрийг хүлээн хойшлуулаад байсан юм. Зөвлөлөөс шийдвэр гарснаар тус бүлгийн байр суурь тодорхой болж, хуралдаанаа эхлүүлэх бололтой.
Дашрамд дурдахад, Ардчилсан намын бүлэг наймдугаар сарын 24-ний хуралдаанаараа Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой мэдээллийг сонсож, уг асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгуулаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын наймдугаар сарын 25-нд гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Зарлиг гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэжаргал, Шинжлэх ухааны Академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн дэд захирал Г.Гэрэл, ТВ9 телевизийн захирал Т.Баасансүрэн, Монгол Улсын Их Сургуулийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Ж.Батбаатар, Хэл, иргэншлийн дээд сургуулийн захирал Л.Соёмбо, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн захирал Б.Даваажав, Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал Ж.Галбадрах, Нийслэлийн 23 дугаар сургуулийн захирал н.Ганболд, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нар гардан авлаа.

Ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслах Д.Мөнхбадрал “эх хэлний өдөр зарлах тухай” зарлигийг уншин сонордууллаа

Уг зарлигт “Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон язгуур соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор,

  1. Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
  2. Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
  3. “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;

б/ “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг хэвшүүлж ажиллахыг уриалсугай.

4.Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган зарлалаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.08.30) “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргав.

Захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт ихээхэн хэмжээний ургац алдах болжээ

Image result for ургац алдах болжээ

Хөвсгөл аймагт энэ зун нийт нутгаар гантай байсан тул урьдчилсан байдлаар нийт тарьсан улаан буудайн талбайгаас 2460 га буюу 17 орчим хувийн талбайн ургацыг хураан авах боломжгүй болжээ.

Хур бороо бага, ихэнх нутгаар тариалалтаас хойш зарим үед шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч байсан учраас үр тарианы ургалтын бутлалт, гол хатгалтын үед чийгийн дутагдалд орсон нь ургац буурах шалтгаан болжээ. Ургац авах боломжгүй талбайгаас 1600 орчим га талбайг малын тэжээлд шилжүүлэх ба үлдэж байгаа 13261 га талбайгаас 10457 тн ургац буюу нэг га талбайгаас 7,8 цн ургац хураан авахаар төлөвлөж байна. Тариаланчид хавар улаанбуудай 15721 га, арвай 110 га, вандуй 10 га, овъёос 21 га, тосны ургамал 1737 га-д, төмс 336 га, хүнсний ногоо 216 га-д, малын тэжээл 517 га-д тус тус тариалсан ажээ.