Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Тодруулбал, маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд зарим газар,16-нд нутгийн баруун хагаст түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 14,15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөсөг трейд” орчмын замыг хаах тул Сонсголонгийн болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 8 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар боллоо.

Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Энэ үеэр Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд зохицуулж ажиллах тул жолооч та алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

Арван айл стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ

00Усны улиралд борооны үерт туугдан замаар урсаж буй шаргал усыг гайхаж болох юм. Их хэмжээний бороо орж эсвэл үер буух үеээр айлуудын стандартын шаардлага хангаагүй 00 дүүрч хальж урсдаг аж.

Тэгвэл энэ асуудлын гарц болгож оюутнууд нэгэн төслийг өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.

АШУИС-ын 4 дамжааны оюутан О.Саранцэцэг, МУИСын химийн инженэрчлэлийн 4 дамжааны оюутан Ш.Балжинням, МУИС- УЗА 4 дамжааны оюутан Б.Намуунцэцэг нар хамтран БЗД-ын 27 хороонд Ирээдүй-БЗД төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Оюутнууд хэлэхдээ стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж хэрэглэсээр байх нь хөрсний бохирдлоос гадна бидний эрүүл мэндэд ч хамгийн их хор хөнөөл учруулдаг гэсэн юм.

Тухайлбал халдварт шар, гар хөл амны өвчин зэрэг хавар намар бүрт л ихэсдэг халдварт өвчнүүд бохир жорлонгоос үүдэлтэйг анхааруулж байлаа.

Мөн тэд хүмүүс ая тухтай газар бие засахыг бүгд л хүсдэг. Гэвч сайжруулъя гэхээр 300-400 мянгаар 00 барих айл тэр бүр олдохгүй шүү дээ. Мөн зарим хэсгийн хөрс нь хад ихтэй учраас гараар ухахад хэцүү байдаг гэлээ.

Тиймээс төслийн хүрээнд нүх болон нүхний доторлогоог бүрэн шийдэж өгчээ.

Мөн брүс мод болон гадна талын дээврийн төмөр болон нүхний доторлогоог Нутгийн шийдэл сангийн санхүүжилтээр шийдэж өгсөн аж. Иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж зааварчилгаа болгон 3 удаагийн сургалт орсон байна.

Ингэснээр иргэд хөрсөө бохирдуулдаггүй, эрүүл мэндэд хор хөнөөлгүй стандартын 00-той болжээ.

Нийт 3 хэсгээс 10 айлыг сонгоно авч стандартад нийцсэн сайжруулсан нүхэн жорлонтой болгохоор 70%-ын санхүүжилтийг үзүүлсэнээр 10 айл стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ. Нүхний доторлогоог цэмэнтэн кольцогоор шийдэж өгсөн байна. Сайжруулсан нүхэн жорлон агааржуулагчтай байх хэрэгтэй бөгөөд суултууртай ая тухтай 00-ын шийдэл ч тусгагджээ.

Нутгийн шийдэл сангаас дэмжин ажиллаж буй энэхүү төсөл Өмнөговь, Говь-Алтай, Орхон, УБ хот гэсэн 4 байршилд хэрэгжиж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн төв ирэх жил ашиглалтад орно

Түлэнхийн төв зурган илэрцүүд

Түлэнхийн төвийн барилга ашиглах боломжгүй болсноор 2006 оноос хойш тус төв нь байр түрээслэх, Гэмтэл согог судлалын үндэсний төвд байрлаж өвчтөнүүддээ үйлчилгээ үзүүлэх зэргээр ажиллаж ирсэн.

Хөрөнгө мөнгөгүйгээс барилгын ажил олон жил саатсан. Харин өнгөрсөн жилээс Засгийн газар анхаарснаар одоогоор барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай үргэлжилж буй юм байна. Санхүүжилтийн ажил нь эрт шийдэгдсэн бол энэ ондоо багтаан ашиглалтад оруулах боломжтой байсан аж.

Барилгын гүйцэтгэгчээр “Цаст” констракшн, “Нутгийн зам” компаниуд ажиллаж байна.

Шаардагдах хөрөнгийг Куветийн Засгийн газраас олгосон 8 сая ам.доллар, мөн улсын төсвөөс тодорхой хөрөнгө зарцуулж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Геологийн лабораторийн уулзварыг хаалаа

Геологийн лабораторийн уулзварыг хаалааНийслэлийн Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд өчигдөр 23:30 цагаас эхэлж зам хаалаа. Энэ сарын 13-ны өдрийн 07:00 цаг хүртэл дээрх үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хааж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орлоо. Үүнд:

  1. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
  2. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
  3. Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
  4. Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
  5. Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
  6. Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
  7. Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
  8. Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
  9. Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
  10. Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
  11. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
  12. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар

Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.

Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм.

Categories
гадаад мэдээ

Морокко 2026 оны ДАШТ-ий өрсөлдөөнд нэгдлээ

2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах эрхийн төлөө Америк тивийн 3 орон дангаар өрсөлдөж магадгүй байсан. Тэгвэл энэ өрсөлдөөнд өөр нэгэн орон нэмэгдэн орж ирсэн нь Африкийн хөлбөмбөгийн холбооны гишүүн орон Морокко болсон байна.

2015 онд эбола вирусын халдвараас шалтгаалан Африкийн цомын тэмцээнийг маш тулгуу хүлээн авсан ч тун сайн зохион байгуулсан тус улс эрхийн өрсөлдөөнд нэрээ өгсөн 4 дэх орон болж байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнө ОУХБХ-ны ерөнхийлөгч асан Зефф Блаттер авлигын хэрэгт холбогдсон бөгөөд энэ хэргийн дараа 2026 оны ДАШТ-ий шалгаруулалтыг дахин эхлүүлэх шийд гаргасан билээ.

Одоогоор энэ шалгаруулалтад АНУ, Канад, Мексик улсуудаас гадна Морокко улс ийнхүү нэгджээ. Өмнө нь 2010 онд Өмнөд Африкт ДАШТ болж байсан нь Африкт болсон цорын ганц тэмцээн юм. Морокко улсын хувьд ийнхүү 5 дахь удаагаа Дэлхийн аваргын эрхийн төлөө өрсөлдөхөөр болж байгаа аж.

2026 оны ДАШТ-ийг хүлээн авах орны нэр 2020 оны 8-р сард тодрох билээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Хууль зүйнсалбарыг“алсан” хүннь Ц.Нямдорж, үргэлжлүүлсэн хүн нь Х.Тэмүүжин

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өчигдрөөс эхлэн олон нийтээр хэлэлцүүлж эхэллээ. МАНИх хуралд 65 суудалтай байхдаа Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна гэх юм. Таны байр суурь ямар байна вэ?

-Үндсэн хуультай холбоотой өөрчилж болохгүй гурван чиг хандлага байна. 2000 онд Үндсэн хуулийг өөрчлөхдөө 22.2, 24.1, 27.2, 27.6, 29.1, 33.1, 39.2 гэсэн өөрчлөлтүүдээ хүчингүй болго. Хуучнаар нь явъя гэсэн нэг хэсэг байна. Тэд “Энэ болохгүй Үндсэн хууль. Учир нь тэр үед бид зах зээлээ ч мэддэггүй, ардчиллаа ч ойлгодоггүй байсан болохоор шинээр Үндсэн хууль бичье” гэдэг л дээ. Нөгөө хэсэг нь шинэ Үндсэн хууль хэрэгжээд 25 жил болж байгаа болохоор одоо тодорхой хэмжээгээр өөрчилье гэдэг. Гурав дахь хэсэг нь 2012 онд УИХ-ын гишүүн байсан Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч тодорхой зүйлсийг шалгаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсны дараа 2016 онтой золгосон. 2016 онд Г.Занданшатар гишүүн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг батлуулаад 1500 иргэнээс асуусан юм билээ. Тэднээс зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу, үгүй юу гэдгийг асууж байгаад “Өөрчлөх ёстой” хэмээн зөвшөөрүүлж чадсан. Энэ хүрээнд зургаан шаардлага тавьсан юм билээ. Уг шаардлагуудын хүрээнд АН, МАН-аас ажлын хэсэг байгуулагдан Үндсэн хуульд тодорхой зургаан хэсэгт өөрчлөлт оруулахаар болж, зургадугаар сарын 2-нд УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдсан. Зургадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 12 хүртэл УИХ-ын гишүүд тойрогтоо очоод Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зургаан хэсгийг иргэдээсээ асуугаад тусгай бэлтгэгдсэн маягтыг иргэдээр бөглүүлээд хоёр талын ажлын хэсгийн ахлагч нарт өгнө. Үүний дараа дүгнэлт хийгээд дэмжлэг аваагүй заалтуудаа хасаад явна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан заалтаас хэдийг нь иргэд дэмжиж, хэдийг нь дэмжихгүй байхыг таашгүй. Иргэд саналаа өгч дууссаны дараа 9-10 дугаар сард Ард нийтийн санал асуулгын тухай хууль батлах юм байна лээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ гээд санал өгөх эрхтэй насанд хүрэгчдийн 51 хувь нь өөрчлөлт оруулахыг дэмжвэл УИХ-ын 76 гишүүн сууж байгаад 56 гишүүн буюу гуравны хоёрын дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батална.

-Гишүүд тойрогтоо ажиллаад эхэлсэн байна лээ. Гэтэл та Улаанбаатарт байх юм. Та өөрийн байр сууриа хэл л дээ?

-Өнгөрөгч долоо хоногт Эрдэнэт хотод ажилласан. Үндсэн хууль маань зургаан бүлэг 70 зүйлтэй. Энэ 70 зүйлийн хэдэн зүйл нь өмнө нь ямар байсан, одоо ямар болох гэж байгаа талаар танилцуулга хийсэн. Наймдугаар сард төрийн албан хаагчид, тойргийн иргэдээсээ асууна. Сонгогчид маань “Та дэмжиж байгаа юу. Таны байр суурь ямар байна вэ” гээд тань шиг асууж байсан. Үнэндээ миний байр суурь сонин биш болсон.

-Яагаад?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нийт ард түмний саналаар батлагдах ёстой. Тойргийн маань иргэдийн дэмжиж буй саналыг дэмжээд, дэмжээгүй саналыг нь би дэмжихгүй. Түүнээс биш би хувь хүний байр сууриа илэрхийлээд явах юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань Үндсэн хуулийн өөрчлөлт биш болно гэж хувьдаа бодож байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гээд байдаг. Гэтэл иргэд маань өөрсдөө Үндсэн хуулиа хэр сайн мэдэж байгаа юм бэ. Юу ч мэдэхгүй хүмүүсээс санал асуулгаад явчихвал үр дүн нь хэцүү л дээ?

-Иргэд Үндсэн хуулиа мэдэх ёстой. Мэдэх үүрэгтэй. “Мэдтүгэй, сахьтугай” гээд Үндсэн хуульд бий шүү дээ. Энэ утгаараа ард түмэн Үндсэн хуулийг мэдэж байна уу, үгүй юу гэхээсээ илүүтэйгээр мэдэх үүрэгтэй гэж ойлгох ёстой. Хоёрдугаарт, өөрсдийнх нь тулгамдсан, шүүмжилдэг асуудлуудаа харьцуулан үзэх хэрэгтэй. Тэр утгаараа би өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбарлаж байгаа. Танд ингээд ярьж суугаа минь хүртэл Үндсэн хуулийг мэдүүлэх гээд суугаад байгаа юм шүү дээ. УИХ, Засгийн газар, төрийн алба, Ерөнхийлөгч, засаг захиргаа нутаг дэвсгэрийн гээд зургаан салбарт Үндсэн хуулийн өөрчлөлт орох гэж байна. Үндсэн хуульд нэмэлт оруулах, өөрчлөх гэдэг чинь хоёр тусдаа асуудал. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байхгүй заалтыг нэмж оруулсан. Харин байгаа заалтынх нь утгыг өөрчилж огт өөр болгосон. Монголчууд долоон удаа сонгууль өгөхдөө мажоритар, пропорциональ системийн аль алинаар нь сонгууль явууллаа. Гэтэл Үндсэн хуулинд ганц л үг байсан.

-Тэр нь юу гэж?

-УИХ сонгуулийн журам батална гэж бий. Тэгэхээр УИХ сонгууль явуулах журам л батлах ёстой байгаа биз. Гэтэл сонгууль явуулах тогтолцоог нь заачихсан. Өмнөх парламентын үед томсгосон тойргоор нэг сонгууль явуулаад болохгүй байна гээд жижиг тойргоор сонгууль явуулах маягаар бүр хольж байх жишээтэй. Одоо өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар тогтолцоо, журмаа УИХ тогтооно гэж оруулж ирсэн. Энэ нь илүү тодорхой болгож байна гэсэн үг.

Өөр нэг зүйл нь төсөв баталсны дараа төсвийн тодотгол ороогүй байхад зарим гишүүд лобби ч юм уу, амьдралын шаардлагаар ч юм уу үр тариа, тоног төхөөрөмж оруулж ирэх татварыг чөлөөлөх УИХ-ын тогтоол батлуулдаг байлаа. Одоо бол зөвхөн Засгийн газраас санал авч, зардлын шинэ төрөл үүсгэх байдлаар төсөл санаачилж болохгүй гээд заачихсан. Нэг үгээр хэлбэл Засгийн газраас санал авсан төсвийн зардлыг нэмэхээр оруулж болохгүй. Нөгөө талаасаа зардлын шинэ төрөл гаргаж болохгүй байхаар зохицуулсан байна. Өөр нэг зүйл нь УИХ тарах тухай асуудал чинь сонин байлаа шүү дээ.

-Юу нь сонин гэж. Парламентын гишүүдийн гуравны хоёр нь тарахыг дэмжвэл тарах ёстой байх аа?

-Таны хэлдэг зөв. УИХ-ын 76 гишүүн сууж байгаад 56 нь “Бид ажилламааргүй байна. Болъё” гээд нэгнийхээ бланк дээр биднийг чөлөөлж өгөөч гэж бичээд Ерөнхийлөгч эсхүл УИХ-ын даргад өгнө. Тэрийг нь чуулганаар авч хэлэлцээд гуравны хоёр нь дэмжвэл тардаг байсныг өөрчилж байна л даа.

-Яаж өөрчилж байгаа юм бол?

-УИХ-ын гишүүдийн дийлэнх хуралдаа ирэхгүй байгааг ажигласан Ерөнхийлөгч УИХ-ын гишүүд ажлаа хийж чадахгүй байна гэж үзэх юм бол Төрийн тэргүүний зүгээс УИХ-ын даргад УИХ-ыг тараах саналаа шууд өгөх юм билээ. Хоёрдугаарт, УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилж чадаагүй бол гэж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоёр заалтын хүрээнд Ерөнхийлөгч УИХ-ыг тараадаг болж байна. Энэ том эрх байгаа биз. Хуучин Их хурал өөрөө тарна гэдэг байсан бол Ерөнхийлөгч энэ хоёр үндэслэлээр УИХ-ыг тараах боломжтой болж байгаа.

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл улам нэмэгдэж байгаа юм биш үү?

-Ямар ч байсан ийм давуу эрх өгсөн байна. Энэ МАН, АН-ын л хийж байгаа ажил. УИХ-ын чуулган хавар, намар хуралддаг байсныг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 75-аас доошгүй буюу 76-гаас дээш хоногоор ганц удаа хуралддаг болно. Ийм өөрчлөлт орж байгаа.

-Монголчуудын амралт ихдээд байна гэдэг хэрнээ ийм өөрчлөлт оруулах гэж байгаа юм уу?

-Мэдэхгүй. Ямар ч байсан ингээд орж ирсэн байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр ард түмэн шийднэ. Мөн УИХ-ын ирцийн талаар тодорхой зааж өгч байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлт нь шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах нь гэж Ардчилсан намынхан мэдэгдэж байсан л даа?

-Ерөнхийлөгчтэй холбоотой шууд хоёр, шууд бус хоёр гээд нийт дөрвөн заалт орсон гэж харж байгаа. Шууд гэдэгт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байдаг хууль санаачлах эрхийг нь хязгаарлаж байна. “Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй” гэж Үндсэн хуулийн өөрчлөлтөд орно гэж ойлго. Мөн Засгийн газрын үйл ажиллагаанд чиглэл өгөх зарлиг гаргадаг бүрэн эрх Төрийн тэргүүнд хамаардаг байлаа. Үүнийг болиулах нь.

Шууд бус гэдэгт нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын нэрийг УИХ-аар оруулаад дараа нь Ерөнхийлөгч томилдог байсан. Одоо бол 72 цагийн дотор шууд батламжил гэж байгаа. Батламжил гэдэг нь тэр хүн эрхгүй болсон гэсэн үг. Үүнийг нь зөвшөөрсөн зарлиг гарга гэсэн үг юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Засгийн газар мөн адил. Хуучин Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын гишүүдийг томилуулах асуудлыг УИХ-д оруулдаг байсныг болиулж байна. Засгийн газраа томилсны дараа Ерөнхийлөгч батламжилсан зарлиг гаргадаг болох гэж байгаа юм. Эдгээр өөрчлөлт нь зөв үү, буруу юу гэдгийг шүүх л хэрэгтэй.

-УИХ-ын гишүүд Засгийн газарт гуравны нэг байж болохоор Үндсэн хуульд өөрчлөлт орж байна уу?

-Засгийн газрын нийт гишүүдийн буюу сайд нарын гуравны нэг нь УИХ-ын гишүүн байхаар нөхдүүд өөрчлөлт оруулах гэж байна. Хоёрдугаарт, 12-оос дээш яамтай байхыг хориглочихож байгаа.

Одоо ямар ч албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөхдөө Захиргааны шүүх юм уу Иргэний шүүх, Төрийн албаны зөвлөлөөр явдаг байсан бол төрийн албан хаагч Үндсэн хуулийн цэц рүү явах эрхтэй болж байгаа. Мөн шүүгчийн насыг нэмж өгсөн. 25 настай шүүгч байдаг байсан бол 30 болгож өглөө. Улсын дээд шүүхийн шүүгчийн нас 30-аас дээш байсан бол 40 наснаас дээш байхаар өөрчилж байна.

Түүнчлэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулинд аймаг, нийслэл, хот гэж байсныг хот болгоод Засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргаа томилдог болж байгаа юм шүү. Хуучин ИТХ-аар орж батлана гээд баахан цаг авдаг асуудал үгүй болж байгаа юм. Энэ мэтчилэн өөрчлөлтүүд орох гэж байна, Үндсэн хуульд. Харахад жижиг юм шиг хэрнээ томоохон өөрчлөлтүүд явж байна л даа.

-Таны ярьж байгааг сонсоход Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зөв ч гээд байгаа юм уу, буруу ч гээд байгаа юм уу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв юм уу, тэгээд. МАХН мөн Үндсэн хууль боловсруулсан гээд яваад байсан санагдах юм?

-Хуульч хүний хувьд Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх нь зөв гэдэг зарчмын байр суурьтай байдаг. Өөрөөр хэлбэл МАХН Дээд Үндсэн хууль гээд хууль бичсэн. Хуулийг мэргэжлийн хүмүүс бичиж, салбарын хүмүүсээс санал авч иргэдээр хэлэлцүүлэх ёстой. Тэр утгаараа манай МАХН-ын Дээд Үндсэн хууль гээд байгаа зүйлийг дэмжих ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Би намынхаа эсрэг яриад байгаа юм биш. Онолын болон практикийн хувьд боломжгүй юм билээ. Энэ талаарх судалгааныхаа санал дүгнэлтийг намынхандаа өгсөн. Манай Н.Энхбаяр даргаас эхлээд зарим хүмүүс Үндсэн хууль бичдэг агуу хүн болж харагдах гээд яваад байгаа юм. Үндсэн хуулийг бичих тухай хууль гэж бий. Дураараа Үндсэн хууль бичнэ гэдэг чинь төрийн эсрэг гэмт хэргээс ялгаагүй зүйл. Тэр дундаа нам хууль санаачилах эрхгүй. Харин үзэл баримтлал байдлаар ард түмнээс санал сонсох эрх нь нээлттэй.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийг дэмжиж болохгүй гэсэн нэг хэсэг бий гэж дээр хэлсэн дээ. Тэр хүмүүстэй би огт санал нийлэхгүй байгаа. УИХ тарах асуудал тодорхой байхаас гадна УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах асуудал бий. Гурван толгойтой мангас гэдэг шиг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг зүгт хардаг болмоор байна л даа. Наад зах нь 25 настай шүүгч гэж юу байхав дээ. Манай шүүгч нарын тэн хагас нь хувийн сургууль төгссөн, боловсрол муутай, ар өврийн хаалгаар нэлээд нь орчихсон ийм л хүмүүс байдаг. Энэ хүмүүс шударга үнэний дэнс бариад зогсоно гэдэг хэцүү. Үүнийг өөрчлөхөд тодорхой алхам хэрэгтэй. Ялангуяа Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг болиулж байгааг би зөв гэж харж байгаа. Тэр хүн Монгол Улсын Төрийн тэргүүн болохоос гүйцэтгэх байгууллага биш. Энэ хүн хууль санаачлаад явж байгаа нь өөрөө тусгаар тогтнол, эв нэгдлээс эхлээд өөрийн санаачилсан хуулиндаа хориг тавих болчихоод байна.

-Ямар учраас…

-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөөд явдаг. Тэгэнгүүт нь тэр нь таалагдахгүй бол өөрийн санаачилсан хуулиндаа өөрөө хориг тавина гэсэн үг. Тэр утгаараа хориг тавих эрх нь нээлттэй, хууль санаачлах эрх нь хязгаарласан байдлаар байх нь зөв л гэж байгаа юм. Хууль санаачлах эрхээ ашиглаад Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Төрийн тэргүүн байхаас эхлээд өөрт давуу эрх олгосон хуулийг асар их санаачиллаа. Их хурлын гишүүн өөртөө зориулж хууль бичих ямар ч боломжгүй. Учир нь УИХ-ын 76 гишүүн байж гэмээнэ нэг субьект болно. Засгийн газрын хувьд бодлого тодорхойлдог гэдэг утгаараа хууль санаачилж болно. Гэхдээ кабинетын зарчмаар шүү. Харин Төрийн тэргүүн гэдэг чинь ердөө ганц л хүн. Гэтэл салбарын хуулиудаар Үндсэн хуулиас давсан эрх өгчихдөг. Тиймээс Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй байх нь зөв. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Тиймээс бүгдээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө яриад үзье. Ард түмэн дэмжихгүй бол заавал явуулах гээд ч яахав. Гэхдээ нэг алхам хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт МАН-аас хамаараад байгаа юм биш. Энэ нь ард түмний л сонголт. МАХН, АН Их хуралд ингээд олонх болсон бол ингээд л явах байсан. Өөр арга байхгүй. Гэхдээ үүнийг баталж бас болохгүй.

-Яагаад?

-Монгол Улсын Их хуралд давхар функц оруулж байгааг эрс эсэргүүцэж байгаа. Хяналтын зөвлөл байгуулна гэх юм. Үнэндээ ажилладаг бол Их хуралд хангалттай юм байна. Өргөдлийн байнгын хороогоо дангаар нь ажиллуулахад энэ улсыг цэгцэнд нь оруулах боломжтой. Өргөдлийн байнгын хороог ажиллуулна гэхээр Ц.Нямдорж гэдэг хүн асар их уурладаг. Бүх байнгын хороог татан буулга, Өргөдлийн байнгын хороо л ганцаараа ажиллаж байна гээд. Ёс зүйн хороогоо ажиллуулаад байвал үүгээр нэлээд асуудал эмх цэгцэндээ орно. Ямар ч байсан ёс зүйгүй гишүүнийг дахин сонгохгүй байх эрх нь бий. Дүгнэлт гаргая л даа. Чуулган дээр согтуу ороод ирвэл дүгнэлт гаргах ёстой. Хүний өмнөөс кноп дарахаас эхлээд асуудлыг шийдэж болж байна. Системийг нь ажиллуулахгүй байж шинэ юм гаргах гээд байх юм.

-1992 оноос хойш 25 жилийн хугацааны хууль зүйн тогтолцоо, системийн гажуудал нь намд байна уу, хуулинд байна уу, хүндээ байна уу?

-Хууль байж болно. Хуулийг засч болдог. Тухайлбал, эрх зүйн шинэчлэл хийе гэвэл дөрвөн нөхцөлийг хангах ёстой. Нэгдүгээрт, төсөв мөнгөө шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүмүүсээ сэтгэл зүй болон ухамсар хийгээд боловсролын түвшнээр нь бэлдсэн байх хэрэгтэй. Гуравдугаарт, техник, технологи, байшин савны асуудлыг нь шийдсэн байх ёстой. Дөрөвдүгээрт, хууль өөрөө шүү дээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хууль зүйн салбарыг Ц.Нямдорж авч явсан. Хууль зүйн салбарыг “алсан” хүн нь Ц.Нямдорж, үргэлжлүүлсэн хүн нь Х.Тэмүүжин гэж боддог.

-Яагаад тэгж боддог юм бэ. Манай урдаа барьдаг хууль зүйн салбарынхан гэдэг шүү дээ…

-Хууль сахиулах их сургууль гээд монгол төрийн тусгаар тогтнолд хамгийн том гай тарих системийг бий болгосон. Ц.Нямдорж Энэтхэгээс ч билүү нэг улсаас хилийн цагдаа болгоё гээд Дотоод хэргийн яам гэж нэрлээд Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулах их сургууль гээд бүх системийг нэг дор өгчихсөн. Тухайлбал, онцгой байдал, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх, хилийн цэргийг нэг дор байхаар болгосон. Эндээс нэг онжавууд гарна биз. Нэг хүн янз бүрийн хэрэгт орлоо гэхэд онжавуудаараа шударга бусын хонгилыг бий болгоно. Хэрэг хийвэл цагдаагаар аргалуулчихна. Бүр болохоо байлаа гэхэд шүүхийн шийдвэрээр аргалуулна. Ингээд болохгүй бол онцгой байдлаараа цонх нүх сүвээр оргох нөхцөлөө бүрдүүлээд сүүлд нь хил хамгаалахаараа дамжаад оргон зайлна. Дэлхий дээр манайхаас өөр ийм газар байхгүй. Ц.Нямдорж, Х.Тэмүүжин хоёр хуулийн салбараар тоглож дууслаа. Х.Тэмүүжин нь нэг юм явлаа. Одоо Ц.Нямдорж гэдэг хүн системээс бушуухан яваасай. Цоо шинэ хүмүүс гарч ирж байж энэ байдлыг өөрчлөхгүй бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдал тоглоомын болж болохгүй. Үүн шиг Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт хуучин хүмүүс нь их байна. Тэр хүмүүсийг сайн, муу гэхээсээ илүү тэр хүмүүс өмнө нь энэ бүгдийгээ хийж байхгүй яасан юм. Онол ярихаараа хуучнаараа ярьж, үндэсний аюулгүй байдалд шууд болон шууд бусаар халдсан ноцтой зүйлс хийчих гээд байхгүй юу. Үүнийгээ улс төрөөр халхавчилдаг. Заримдаа ч гадны даалгавар юм уу гэмээр санагддаг. Тиймээс хуулийн салбарыг шинэчлэх хэрэгтэй. Өнөөдөр бид Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв. Мөн хууль зүйн салбарын шинэчлэлийг даруйхан хийх шаардлагатай. Хийдэггүй юм аа гэхэд даруйхан тэр сургуулиудыг соль, задал.

Цэрэг хүнийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэ гэдэг. АНУ-д тухайн орныг унагахын тулд эхлээд сургуулиудыг нь бөмбөгддөг гэж ярьдаг. Эд нар тэр бүү хэл тагнуулыг хүртэл авах гэж байсан юм. Ямар азаар үлдээчихсэн юм гэж баярлах юм байна шүү дээ. Бүх зүйлээ ингэж холион бантан болгочихсон болохоор хууль болохгүй байгаа юм шиг харагдаад байж магадгүй. 20 жил хуулийн салбарт байхдаа хулгайчуудыг бий болгочихоод тэрийгээ хараад гайхаад байгааг нь би гайхдаг. Тийм болохоор эрс шинэчлэл, өөрчлөлт хийх хэрэгтэй. Шинэ дарсыг хуучин торхонд исгэдэггүй. Тиймээс шинэ санааг хуучин хүн авч явдаггүй юм.


Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Эрдэнэ: Уран барилдаант харцага Ө.Даваабаатарыг давж улсын цолны босго алхсандаа баяртай байна

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Бат-Өлзийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр өнөө жилийн наадмаар уран барилдаант харцага Ө.Даваабаатараар тав давж улсын начин цолны болзол хангасан юм.


-Сүүлийн хэдэн жил тасралтгүй барилдаж байж улсын цолонд хүрлээ. Их л баярласан нь мэдээж. Төрийн наадамд хэд дэх жилээ зодоглосон бэ?

-Олон жил хүсэн хүлээсэн цолондоо хүрнэ гэдэг сайхан юм билээ. Миний бие Монгол төрийн наадамд ес дэх жилдээ зодоглож байж улсын цолны өндөр босгыг алхлаа. Арваад жилийн хугацаанд гурав, дөрвийн даваанд олон ч удаа өвдөг шороодсон доо. Анх улсын наадамд зодоглохдоо Төв аймгийн арслан Б.Дамбаар хоёр даваад, гурвын даваанд улсын заан Б.Соронзонболдтой тунаж барилдаад тахим өгч байсан.

-Өөрийн тань төрж өссөн нутаг Булганы Гурванбулаг сум. И.Доржсамбуу гарьд, И.Ёндонсамбуу начин гээд улсын цолтой бөхчүүдийн өлгий нутаг?

-Тийм ээ. Манай Доржсамбуу гарьд, Ёндонсамбуу начин гээд жудагтай сайхан бөхчүүд байдаг. Багадаа сумын төвд эмээ өвөөгийндөө байдаг байлаа. Харин зуны амралт болонгуут хөдөө явна. Би чинь 1993 онд сургуульд ороод 2003 онд тухайн үеийн арван жилийн сургуулиа төгсч байлаа.

-Үндэсний бөхтэй хэрхэн холбогдож байв. Сонголт хийхэд юу нөлөөлсөн бол?

-Аав минь монгол бөхөд маш дуртай, ер нь бөх алгасалгүй үздэг хүн. Би аавыгаа дагаж бөх үзсээр байгаад үндэсний бөхөд татагдчихсан. Түүнээс биш хэн нэгэн намайг бөх бол гэж албадаагүй. Дур сонирхлоороо л үндэсний бөхтэй амьдралаа холбосон. 2004 онд 19 настайдаа Гурванбулаг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. Тухайн үед ид сайн барилдаж явсан Дэнзэнжамба, Шижээ гээд сумын заан ах нарыгаа давж цолд хүрээд сэтгэл их хөдөлж байлаа. Дараа жил нь аймгийнхаа наадамд өсөх идэр начин Э.Энхбаттай үлдэж үзүүрлээд аймгийн заан болсон юм. Заан болохдоо бүх барилдаандаа тунаж барилдсан. Аймгийн заан Б.Болдбаатар, аймгийн арслан Батмөнх, аймгийн начин Мөнхбат гээд олон хүчтэй бөхчүүдтэй тунаж барилдаад давсан байдаг. Аймгийн цол авсан барилдаанаа эргээд бодоход сайхан санагддаг юм. Бас харуусч харамсмаар олон барилдаан байна. 2014 оны улсын наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ гарьдтай барилдахдаа барьц сонгож мордож дайраад давчихлаа даа гээд баярласан чинь хөмрүүлээд дээшээ харчихсан хэвтэж байсан. Их харамсалтай бас сургамжтай барилдаан болсон.

-Сонирхож асуухад, анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байсан бэ?

-Нутгийн ах, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбууг заалны барилдаанд давж байсан. Начин “Дүү хүүтэйгээ таарчихлаа” гээд инээгээд ирэхээр нь хөлд нь ороод хаячихаж билээ. Маргааш нь бэлтгэл дээр баахан нухуулсан нь мэдээж (инээв).

-Хоёулаа өнөө жилийн наадмын талаар ярилцъя. Начин цол хүртэхдээ хийсэн барилдаануудын талаар ярихгүй юу. Ялангуяа хоёрын давааны талаар. Энэ даваа аймгийн арслангуудын хувьд оноолт хатуу таардаг?

-Хоёрын даваанд улсын цолны төлөө зүтгэж байгаа залуус хоорондоо нугарч барилддаг учраас хатуу байдаг. Би ч гэсэн энэ даваанд унаж байсан удаатай. Энэ жилийн тухайд Төв аймгийн арслан Б.Энхбаатартай таарч, золгож барилдаад давсан. Гурвын даваанд өнгөрсөн жил тунаж начин болсон Дорнодын Д.Анартай хүч үзсэн. Тэрээр Ч.Хөхчирэнгэр, Ш.Пүрэвгарьд бид гурваас намайг амласан. Залуу начинтай өөрийнхөөрөө барилдаад л давсан. Миний хувьд гурвын даваанд шинэ начингуудтай юм уу, эсвэл шилдэг аймгийн арслангуудтай тунаж барилдах болов уу гэсэн тооцоотой байсан. Оноолтын даваанд нутгийн заан М.Өсөхбаяртай барилдсан. Барилдахад тун хүнд байсан. Өсөхөө маань дээшээ барилдах боломжтой. Миний хувьд улсын цолны төлөө зүтгэж байгаа. Тэгээд би давж тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатараар давж улсын начин цол хүртсэн. Ө.Даваабаатар харцага бас л дээшээ барилдах боломжтой, уран хурц барилдаантай бөх. Шийдэмгий барилдаан гаргаж харцагыг өвдөглүүлсэн. Улсын цолонд хүрэхийн тулд олон жил хөдөлмөрлөсөн, түүнийхээ үр шимийг хүртээд сайхан байна. Энэ жил Булганы бөхчүүд сайхан барилдсан. Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ховдын О.Хангайгаар тунаж долоо давж заан цолонд хүрлээ. Мөн Бүрэгхангай сумын харьяат Дармаагийн Тамир Увсын Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын шилдэг арслангуудыг дараалуулан орхиж улсын цолны босго алхлаа. Нутгаас хоёр начин зэрэг төрөх сайхан юм билээ. Хэдхэн хоногийн өмнө Тамирынхаа начин цолны найранд очиж зодоглосон. Олимпийн аварга түрүүлж, Өсөхөө заан үзүүрлээд, сайхан наадам болсон шүү.

-Зургаагийн даваанд аварга С.Мөнхбаттай өөрийнхөө барилдааныг төдийлөн гаргаж чадалгүй унаж байгаа харагдсан. Цолондоо ханасан тал байгаа юу?

-Олон жилийн хүч хөдөлмөр, их хөлснийхөө ач гавьяаг үзсэн болохоор сэтгэл их хөдөлсөн. Тэгээд харцага цолны төлөөх хариуцлагатай барилдаанд нэг л төвлөрч чадаагүй тал байгаа. Хөөрчихсөн хүн чинь явж барилдаж чаддаггүй юм байна лээ. Зүгээр зогсож байгаад л унасан. Гэхдээ С.Мөнхбат аварга ч бэлтгэл сайтай байсан. Аварга бид нэг цаг үед хамт аймгийн заан цолтой барилдаж байлаа. 2011 оны түүхт ойгоор аварга болоход нь баярлаж бахархаж байсан даа.

-Наадмын урд шөнө тайван унтаж амарч чадсан уу, аймгийн цолтнуудын хувьд оноолтоо тооцоолж барилдаанаа төлөвлөөд их нервтдэг гэдэг шүү дээ?

-Тийм тал байдаг. Энэ жилийн тухайд барилдаан бодоод нервтэж өөрийгөө зовоогоогүй ээ. Өнгөрсөн жилийн турш бэлтгэл сайтай байсан учраас өөртөө итгэлтэй байсан. Ер нь бэлтгэл гүйцэд хангагдаагүй үед л биеэ барьж барилдаанаа гүйцэд гаргаж чаддаггүй шиг санагддаг. Өмнөх жилийн наадмуудад бэлтгэл бага зэрэг дутуу байхад санаснаараа барилдаж, гүйцэд төвлөрч чадалгүй унах тохиолдол байсан.

-Энэ жилийн наадамд таны хийсэн барилдаануудыг ажиглахад арга барилаа бага зэрэг өөрчилсөн нь ажиглагдаж байсан. Шийдвэрлэх барилдаануудаа шуудагны барьцнаас хийж байгаа харагдсан?

-Урд жилийн наадмуудад өвдөг шороодсон барилдаануудаа харахад яарч барилдаад хариу мэхэнд орж өвдөг шороодсон байсан. Энэ жилийн тухайд багш нартайгаа зөвлөөд бэлтгэлээ золгоо, барьц сонгооноос голлож хийсэн. Энэ маань ч үр дүнгээ өглөө гэж бодож байна.

-Та улсын наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Манай “Булган хангай” дэвжээний бөхчүүд “Дуган хад”-ны амралтын газар бэлтгэлдээ гарсан. Сониноос наадмын бэлтгэлд манай гэрт байсан бөхчүүд Ц.Цогтжаргал ахаас бусад нь бүгд цолоо ахиулж сайхан наадсан. Би улсын начин болсон бол аймгийн начин Х.Цогтгэрэл дүү Булган аймагтаа түрүүлж арслан болсон. Мөн аймгийн харцага П.Даваадорж Говьсүмбэрийн наадамд үзүүрлэж аймгийн заан болсон бол Батням гээд залуу Булганы наадамд зургаа давж аймгийн харцага цолд хүрсэн. Мөн галд ирж хэдхээн хоног бэлтгэл хийгээд гэрт хамт хоноод явсан хоёр залуу маань сумын заан цол хүртсэн сураг дуулдсан.

-Тань шиг улсын цолд хүрэхээр хөдөлмөрлөж буй олон залуус байгаа. Тэдэнд хандаж юуг зөвлөх вэ?

-Бэлтгэлээ сэтгэлээсээ хийсэн хүнд наадмын дэвжээ хэзээ нэгэн цагт ивээлээ заавал хайрладаг. Миний хувьд өнгөрсөн жил начны даваанд Б.Пүрэвсайхан заанд унаад маргаашнаас нь л бэлтгэлдээ орсон. Нэг жил ч хурдан өнгөрсөн байна.Миний хувьд ч бэлтгэлээ хангалттай сайн базаасан учраас улсын цолтны өнөр бүлд багтлаа. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөөд сайн бэлтгэлээ хийвэл амжилтанд хүрнэ дээ.

-Начин гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүнийг Б.Даваасүрэн гэдэг. Бид хүү, охин хоёртой. Охин маань найман настай харин хүү одоо ой хүрч байна даа.

-Бөхийн жудаг гэдэг зүйл таны ойлголтоор…?

-Монгол бөхийн жудаг гэж их өргөн ойлголт л доо. Наад зах нь бөхийн гараа, дэвээгээ сайхан хийхээс эхлэх болов уу. Тэгээд ах цолтнуудаа сайхан хүндэлдэг, дүү цолтнууддаа сайн үлгэр дууриал үзүүлдэг хүнийг л хэлнэ. Мөн барилдааны үед уначихаад маргаад байдаг хүнийг жудагтай бөх гэхгүй. Бөх хүн унасан давсанаа мэддэг.

-Начин цолныхоо найрыг хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?

-Цолныхоо мялаалга наадмыг энэ сарын 11-нд өвөө Л.Тогмидынхоо 100 насны ойтой хамтатгаад Гурванбулаг сумандаа хийхээр төлөвлөөд байна. Миний хувьд Ц.Цогтжаргал начнаас хойш 12 жилийн дараа сумаасаа улсын цол хүртэж байна. Цолны мялаалга наадмыг маань Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газар, “Хишиг арвин индустрал” компани хамтарч зохион байгуулж байгаа. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг компанийнхаа хамт олонд мөн дархан аварга Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хорооны нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Баянзүрх дүүрэгт хэлэлцүүлж эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлсээр байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт төслийг хэлэлцүүлсэн бол өнөөдөр (2017.08.11) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхлүүллээ.

Хэлэлцүүлэг дэгийн дагуу явагдсан бөгөөд төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хийлээ.

Дараа нь иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. Тэдний асуултад Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны Ахлах зөвлөх П.Амаржаргал нар хариулсан.

Асуулт, хариултын явсны дараа иргэд саналаа илэрхийллээ. Тухайлбал, баг хорооны Засаг даргыг тухайн дүүрэг, сумын Засаг дарга нар томилох асуудлыг нухацтай авч үзэх, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох заалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндөж байлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Д.Алтангэрэл “Монголын ард иргэд 27 жил нам дагаж, гэр бүлээрээ, үр хүүхдээрээ талцан суудаг боллоо. Миний гол хүсэх зүйл бол Үндсэн хуульд байгаа намын тухай заалтыг авч хаямаар байна. Монгол хүн гэдэг утгаараа нэг нь нийтийнхээ төлөө ажилладаг асуудлыг шийдмээр байна” гэсэн саналыг хэлж байв.

Мөн энэ үеэр төсөлд тусгаагүй саналыг ч иргэд олноор хэлж байсан бөгөөд тэд саналаа саналын хуудас бөглөхдөө бичиж өгөх боломжтойг Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хэлсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхэлж, энэ сарын 14-нөөс 25-ныг хүртэл тус дүүргийн 28 хороонд төслийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын хөгжлийн сарын аян эхэлж байна

Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “ЗАЛУУЧУУД=ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮЧ” уриан дор зохион байгуулахаар боллоо.

Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм. Энэ жил Олон улсын залуучуудын өдрийг “ЗАЛУУЧУУД ЭНХ ТАЙВНЫГ ЦОГЦЛООНО” гэсэн сэдвийн хүрээнд дэлхий даяар зохион байгуулах гэж байна. Мөн жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын залуучуудын өдөр” тохиодог билээ. Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах зорилгоор 2014 оноос эхлэн жил бүр “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлал тогтсон.

Энэ аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал “ЭЕРЭГ УЛААНБААТАР 2017-ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ФЕСТИВАЛЬ, “БИД ЗОРИЛГОТОЙ ЗАЛУУС” форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1000 МОРЬТНЫ ФЕСТИВАЛЬ” зэрэг арга хэмжээнүүд болно.

“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы албан ёсны нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 12-ны 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэлээ.

Тус аны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Иргэний боловсролын төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн олон байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаан дээр аяныг дэмжин оролцож буй байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.