Categories
мэдээ цаг-үе

Г.Дагиймаа: Ажлаа сэтгэлээсээ хийвэл амжилт өөрөө хүрээд ирнэ гэж оюутнууддаа захидаг

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаатай ярилцлаа.


Та МУИСийн сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгсөж байсан юм билээ. Сэтгүүлч болохыг тэгтлээ хүсч байсан хүн яагаад багш болсон талаараа яриагаа эхэлье?

-Бүжигчин болох хүслийг аав, ээж минь дэмжээгүй учир сэтгүүлч болохыг хүсч байсан болохоос багш болно гэж огт бодож байгаагүй. Гэхдээ одоо эргээд бодоход ямар азаар сэтгүүлзүйн багш болсон юм бэ гэж бодох болсон. Намайг МУИС-ийн Сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгсөхөд сургуулиас магистрантурт сурах урилга өгсөн. Үүнд би хүндэтгэлтэй хандаж, баяртай хүлээн авсан. Бид Монголын сэтгүүлзүйн анхны магиструуд болсон юм. Суралцах явцад багш нар маань биднийг энд тэнд хичээл заах хэрэгтэй гэж хэлсэн. Багшийн үгэнд ягштал ордог байсан учир анх “Шинжээч-21” дээд сургуульд радио сэтгүүлзүйн хичээл зааж эхэлсэн. Их сургуульд сурч байхдаа би Монголын үндэсний радиод ангийнхаа охинтой хамт “Оюутан сурвалжлагч мэдээлж байна” гэдэг мэдээний булан бэлтгэдэг байлаа. Дотор санаандаа тэнд үлдэж ажиллахыг л хүсч байсан хэрэг л дээ. Харин намайг Монголын радио тоож аваагүй. Би үүнд харин баярладаг шүү. Тэгээд би дараагаар нь МУИС, МУБИС-д цагаар хичээл заах болсон. Удалгүй 2000 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшлах болсон юм. Ингэж л сэтгүүлзүйн багш болсон доо.

-Багшаар ажиллаж эхэлж байсан үеийнхээ хөгжилтэй дурсамжаас хуваалцахгүй юу?

-Дөнгөж багш болоод анхныхаа хичээлийг заах гэж байхад манай найз надад нэг зөвлөгөө өгсөн нь санаанаас гардаггүй юм. “Хэрвээ чамаас оюутан мэдэхгүй асуулт асуувал чи мэдэхгүй гэж хэлж болохгүй. Харин өө, ямар сайхан асуулт вэ. За энэ асуултад хариулах хүн байна уу” гээд буцаагаад оюутнуудаас асуучих хэрэгтэй. Аягүй бол оюутнууд хариулж чадахгүй. Тэгэхээр “за энэ асуултын хариултыг та нар гэртээ мэдээд ирээрэй” гээд асуултаас бултаж болно гэж зөвлөж билээ. Гэхдээ ийм тохиолдол гарсангүй дээ. Монголчууд номыг, багшийг шүтэж, дээдэлдэг ард түмэн. Багшийг төгс хүн гэж боддог. Багш чинь хүн л юм чинь алдаатай, оноотой байлгүй л яахав. Мэдэхгүй юм байж болно. Түүнийгээ багш хүн шударгаар хүлээх хэрэгтэй гэж боддог.

-Та өөрийнхөө хүндэлж явдаг багш болон хамгийн хайртай шавь нараа нэрлээч гэвэл хэнийг дурсах вэ?

-МУИС-ийн М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Б.Болд-Эрдэнэ багшаараа бахархаж, хүндэлж явдаг. Би тэнд арван жил сурсан юм. Ингэж хэлэхээр хүмүүс намайг тэгж олон жил улирсан юм уу гэж асуудаг. Бакалавр, магистрантур, докторантур гээд арван жил суралцжээ. Ялангуяа Б.Болд-Эрдэнэ багш миний бакалавр, магистр, докторын ажлыг гурвууланг нь удирдаж хамгаалуулсан. Ийм тохиолдол олон байдаггүй болов уу.

Олон сайхан шавь байна. Залуу байхаасаа их сургуульд багшилсан болохоор нас ойролцоо шавь нарынхаа заримтай нь багш шавь гэхээсээ илүү найз нөхөд ч болсон байна. Сургууль төгсөгчдөөрөө, багш шавиараа л бахархах юм. Аргагүй дээ сургуулийн чансааг төгсөгчид илтгэдэг хойно. Гурван шавь зэрэгцэж суугаад мэдээ дамжуулахыг харах их гоё мэдрэмж. Манай бага хүү жаахандаа намайг телевизийн суваг солихоор “Энэ бас л танай шавь уу” гэж асуудаг байж билээ.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Таны хувьд чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэн гаргахын тулд юуг шавь нартаа чухалчлан захидаг вэ?

-Юун түрүүнд зөв хүн бай гэж оюутнууддаа захидаг. Ажлаа сэтгэлээсээ хийвэл нэг л өдөр амжилт өөрөө хүрээд ирнэ. Араас нь хөөцөлдөх хэрэггүй гэж захиж хэлдэг. Эхлээд хүн бол, дараа нь сэтгүүлч бол гэж манай багш хэлж байсан. Монголын сэтгүүл зүй өнөөдөр тун түвэгтэй байдалд байна. Энэ юунаас үүдэж байна гэвэл ерөөсөө л хүн байх хэм хэмжээ, ёс суртахуун алдагдсанаас үүдэлтэй. Хүн нь өөрөө зөв байх юм бол айхтар ноцтой алдаа гарахгүй шүү дээ. Өнөөдөр сэтгүүлч болсон ч, хүн болоогүй хүмүүс олон байна. Өөрийгөө ч хүндэлж чаддаггүй тэр хүмүүс мэргэжлийн минь нэр хүндийг унагаж байна. Хэт ёс зүйгүй авирлаж байгаа сэтгүүлчдээс болоод хүмүүс бидэн рүү дайрахад тэднийг төгссөн сургуулиар нь ангилж ялгаад хүмүүст харуулахсан гэж боддог шүү. Надад тийм муухай шавь байхгүй ээ. Цаашид ч гарахгүй гэдэгт итгэдэг.

-Мэргэжилдээ дургүй, сонирхолгүй оюутнуудтай хэрхэн ажилладаг туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Бакалаврын дөрвөн жилийн хугацаа бол хүний төлөвшлийн үе байдаг. Нөгөө талаар бол нийгэмшлийн үе. Дийлэнх хүмүүс энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараасаа цааш төдийлөн ахидаггүй. Тийм учраас багш хүний хувьд сэтгүүлч мэргэжлийн сайхныг хуваалцаж, чиглүүлж, урам өгдөг. Мэргэжилдээ сонирхолтой, дуртай мөртлөө хичээлээ хийдэггүй хүүхдүүд ч байдаг. Ер нь бүх зүйл хувь хүний хүсэл сонирхол, хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг оюутнууд сайн ойлгох хэрэгтэй. Би сэтгүүлч мэргэжилд үнэхээр хайртай. Надад энэ мэргэжлээр ажиллах боломж олдвол ажиллахад бэлэн байгаа шүү. /инээв/

-Сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж байгаа олон сургууль байдаг. Танай сургуулийн онцлог нь юу вэ?

-Мэргэжлийн характер хүнд өөрийн эрхгүй суудаг. Сэтгүүлзүйн ангийн оюутнууд бусад оюутнаас их өөр байдаг. Сэргэлэн цовоо, нээлттэй гэх мэт олон сайн чанартай. Сэтгүүлч хүн олон хүнтэй харилцаж, буруу зөвийг ялгах, мэдээлэл олж авах чадварыг эзэмших хэрэгтэй. Тийм болохоор бид оюутнуудтай аль болох нээлттэй харилцаж, багш, оюутан гэсэн хөндий харилцаанаас татгалздаг. “Дуугүй явах бол алт мөнгө”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэх мэт эртний сургаал үгийг бид нэг их дэмждэггүй. Тэр бидний онцлог байж болох юм. Бас бид оюутнуудын практик ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Алтан үзэг” оюутны бүтээлийн наадмыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Сэтгүүл зүйн эцсийн бүтээгдэхүүн бэлтгэж уралдаанд оролцоно гэдэг бол зүгээр багшид шалгуулаад дүн авахаас өөр юм билээ. Энэ их сайн практик болдог.

-Сэтгүүлзүйн салбарын гал тогоонд чанагдаж яваа, сэтгүүлзүйн салбарт докторын зэрэг хамгаалсан хүний хувьд энэ салбарын хөгжилд ахиц авчрахуйц ямар судалгааны ажил хийж байна вэ?

-Манайх Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхим. XXI зуун технологийн зуун болчихоод байна. Үүнийг дагаад сэтгүүлзүйн салбар цахим орчинд ажиллах чадвартай, мультимедиа сэтгүүлчийг яалт ч үгүй шаардаад эхэллээ. Миний хувьд гадаад дотоодын сэтгүүлзүйн сургуулиудын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгаа хийж байгаа. Үр дүнг харахад Монголын их, дээд сургуулиуд сэтгүүлзүйн хөтөлбөрөө шинэчлэх шаардлагатай болжээ. Дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлага дижитал сэтгүүлзүй рүү явчихлаа. Бид хараад сууж байж болохгүй шинэчлэгдэх л хэрэгтэй. Тэгээд л бид шинэчлэл хийж цахим ертөнцөд ажиллах чадвартай, орчин үеийн мэдээлэл технологи, техникийн бүрэн мэдлэгтэй мультимедиа сэтгүүлчдийг бэлтгэж эхэлсэн.

-Цахим ертөнц, фейсбүүк, твиттерээс хүмүүс мэдээллийг маш хурдтай авдаг болжээ. Тэгэхээр цаасан хэвлэлийн орон зай үгүй болох уу?

-Хүмүүс цахим ертөнцөөс мэдээлэл авдаг болсон тул сэтгүүлчид мөн дагаад тийшээ нүүх хэрэгтэй болж байна. Гэхдээ дэлхийн улс орнуудын төв хэвлэл нь сонин хэвээр байна. Цаасан хэвлэл огт алга болно гэж байхгүй. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн давуу чанаруудыг нэгтгэсэн мультимедиа бүтээлд суралцах шаардлага байна. Өнгөрсөн хавар бид оюутнуудтайгаа хамтран сайтууд дээр судалгаа хийж үзсэн. Өөрсдийнхөө сурвалжлагыг мультимедиа бүтээл гэж нэрлэж байгаа ч яг аваад үзвэл сонины хэв маягаасаа төдийлөн салж чадаагүй байна. Энэ нь мэргэжлийн боловсон хүчин байхгүй, одоохондоо хүмүүс мэдрэмж, туршлага дээрээ үндэслээд хийж байгаа учраас нэр төдий байгаа гэсэн үг.


Categories
мэдээ нийгэм

Шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцож болно

Шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцож болно зурган илэрцүүд

Жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл 2014 оноос хойш төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсон билээ. Ингээд жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж буй. Гэтэл энэ нь жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах том шалтгаан болж буй юм.

Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж, өнгөрсөн тавдугаар сарын 03-ны өдөр нээжээ. Тендер шалгаруулалтад таван аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй байна. Тиймээс нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргажээ.

Одоогоор тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн гэнэ. Иргэдийн хүсэлтийг шалгаж үзээд, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож эхэлсэн байна.

Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт ирэх аравдугаар сараас хэвийн болох аж. Тиймээс жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтойг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд 41 мянган оюутанд зээл олгоно

оюутнууд зурган илэрцүүд

Оюутны хөгжлийн зээлээр дамжуулан сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжийг Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Сургалтын төрийн сан гэж байсныг өөрчлөн, Боловсролын зээлийн сан болгож, түүгээр дамжуулан оюутнуудад гурван төрлийн сургалтын зээлийг өнгөрсөн жилээс эхлэн олгохоор шийдвэрлэсэн юм. Өнгөрсөн оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган суралцагч, хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоог Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-наас гаргаад байсан. Мөн улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцдаг гэж мэдээлж байлаа. Үүнээс 2016-2017 оны хичээлийн жилд нийт 1002 оюутан жилийн таван хувийн хүүтэй Оюутны хөгжлийн зээлийг авчээ. Зээлийг Хаан, Хас, Голомт, Улаанбаатар, Капитрон, Төрийн банк гэсэн зургаан арилжааны банкаар дамжуулан олгож буй аж. 20 хүрэхгүй хоногийн дараа эхлэх 2017-2018 оны хичээлийн жилийнхээ сургалтын төлбөрийг бэлэн төлөх боломжгүй ч, доорх шаардлагыг хангасан оюутнууд өнөөдөр ч дээр дурдсан зургаан арилжааны банкинд хандаж, зээлд хамрагдаж болох юм. Энэ хичээлийн жилд 41 мянга гаруй оюутныг зээлд хамруулах тооцоог Засгийн газраас гаргажээ. Оюутны хөгжлийн энэ зээлийн гол онцлог нь оюутан төгсөөд дипломоо заавал барьцаалах шаардлагагүй.

Үүнээс гадна малчин өрхийн оюутнууд зээл авах бол малчны зээлийн нөхцлөөр сургалтын төлбөрийг олгох аж. Мөн малчдын хүүхдүүд зээлээ эргэн төлөхдөө малчны зээлтэйгээ адилхан төлөх боломжтой. Энэ нь сар бүр банк орох шаардлагагүй. Жилд нэгээс хоёр удаа зээлээ бөөндөж, эргэн төлж болох юм. Оюутны хөгжлийн зээлийг 12 сарын турш тасралтгүй дээрх зургаан банк олгож байгааг салбарын яамнаас нь мэдээллээ. Өнгөрсөн жил энэхүү зээлд хамрагдсан оюутнууд ч эргэн төлөлтөө таслалдахгүй хийж буй гэнэ.

ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ

Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /

Богино хугацаатай зээл /1 жил /

Урт хугацаатай зээл /10 жил /

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;

Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;

Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;

Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

Урт хугацааны зээлийг зөвхөн өдрийн ангийн оюутанд олгох журамтай.

Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.

Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.

Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.

Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.

Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

Зээл хүссэн өргөдөл

Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/

Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар

Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар


Зээлийн журмыг бүрэн эхээр нь үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Сум, багийн Засаг дарга нарыг томилох бус сонгодог байхыг иргэд санал болгож байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Баянгол, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Гучин-ус, Богд сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагч, нутгийн иргэд зэрэг 120 гаруй хүн хамрагдсан юм.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг хөтлөн явуулж, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нар нээж үг хэлсэн юм.

ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ РҮҮ ШИЛЖИХ ҮҮРГИЙГ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаархи хэлэлцүүлгийг аймаг, сум, дүүрэг бүрт зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдрийн сургалтад тус аймгийн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нар болон 1992 онд Үндсэн хууль батлалцаж байсан Ардын Их Хурлын депутат С.Пүрэв, Н.Дашдондог нар хүрэлцэн ирсэн байна.

1992 онд баталсан шинэ Үндсэн хууль нь Монгол Улсыг ардчилсан нийгмийн тогтолцоо руу, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм рүү шилжих үүргийг амжилттай биелүүлсэн гэж боддог.

Гэвч нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийг дагаад Үндсэн хуулийн зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзэж байгаа учраас бүх ард түмнээрээ хэлэлцүүлж та бүхний саналыг сонсож байна” хэмээв.

Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Баянгол сумын Засаг дарга А.Мөнхбат “УИХ-ыг тараах, бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд ямар ямар үндэслэлүүд байдаг вэ”, Гучин-Ус сумын дөрөвдүгээр багийн иргэн С.Пүрэв “Үндсэн таван яамнаас гадна долоон яамны нэрийг Үндсэн хуульд тусгаж болох уу?” гэж асуулаа.

Богд сумын Засаг дарга Ч.Чинзориг “Засгийн газрын нэг салбараас болж бүхэл бүтэн аппаратыг унагах нь зөв үү” зэрэг асуулт асууж, хариулт авсан” юм.

Үүний дараа иргэд саналаа хэлж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Иргэдийн зүгээс сум, багийн Засаг дарга нарыг томилох бус сонгодох байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд зааж өгөх, Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхийг хэвээр үлдээх, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намаас гадна хувь хүн нэр дэвших боломжоор хангах зэрэг саналуудыг дэвшүүлж байлаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 86 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Өвөрхангай аймгийн хувьд бүсчилсэн гурван суманд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд маргааш (2017.08.13) Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг илрүүлэхэд тусалсан иргэний шагналаа

Өнгөрсөн сарын 17-ны өдөр Улаанбаатар хот СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 5 залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид дээрх этгээдүүдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ. Энэ хэрэгт Монгол улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн дээрх этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон.

Хар тамхины хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэн Г.Буянхишигт өчигдөрцагдаагийн ерөнхий газрын даргын шагналыг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П. Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П. Оростогоо нар гардуулан өгч иргэний үүргээ биелүүлсэнд талархал илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бээжинг зорино

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бээжингийн их сургуулийн олон улсын эмнэлэгийн ерөнхийлөгч Чен Зонкуанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хөрш хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд 2017 оны 8 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдах “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтад оролцож, энэ үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдтай Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг сурах болсон талаар онцолсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болно

Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. Хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Энэ ажил энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг. Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөн энэ чиглэлд явах учраас бид хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байгаа юм” хэмээлээ.

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй юм. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой.

“Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний зүүн гар тийш эргэхийг хориглохтой холбоотой зарим гудамжид замын чиглэл маршрутын өөрчлөлт орж байгаа. Жишээлбэл, Бөмбөгөрийн уулзвараас Чоймболын гудамж өнөөдрийн байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй байгаа. Үүнийг сөрөг хөдөлгөөнтэй болгож байгаа. Мөн нэгдүгээр сургуулийн баруун талын зам сөрөг хөдөлгөөнтэй болж байгаа. Жолооч нар маань замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохиогоо баримталж замын хөдөлгөөнд оролцох нь зүйтэй” хэмээн ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат ярилаа.

Энхтайваны өргөн чөлөө Партизаны гудамжны уулзвар баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн гурван эгнээнээс гарч хоёр эгнээнд орох гэж хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орно. Ингэснээр гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна.

Цэцэг төвийн уулзвар өндөр ачаалалтай, уулзвар баруун талаас ирсэн зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Ханддоржийн гудамж руу бууж, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн гудамжаар (урдаас хойш нэг чигийн) эргэх боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 39 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 64 хувиар буурна.

Төв шуудангийн уулзварт баруун талаас ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нэг дохионы хугацаанд 4-5 автомашин байдаг аж. Уг уулзвараар чигээрээ гарч баруун эргэж зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. Зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн Чингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэж болно. Нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 43 хувиар буурна.

Гадаад хэргийн яамны уулзвар баруун болон зүүн талаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн байхгүй болно. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 37 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 41 хувиар буурна.

Багшийн дээдийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн 1-р эмнэлэг чиглэл рүү орж баруун эргэн, Олимпийн уулзвараар чигээрээ дээш явж болно. Гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна.

Бөхийн өргөөний уулзвар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн уулзварын өмнө баруун эргэж Бөхийн өргөөний урдаас хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна гэсэн судалгаа гаргажээ

Зүүн 4 замын уулзварт баруун талаас ирсэн хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч буцаж эргэн хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 38 хувиар буурна.

Зүүн гар тийш эргэлт хийх нэг цагт 300-900 машины хөдөлгөөнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр явахгүй бусад туслах замыг сонгож, гэрлэн дохионы ажиллагаа 4 үеэс 2 ба 3 үед шилжиж, хүлээлтийн хугацаа буурна. Хөдөлгөөний хурд жигд тогтвортой болж Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжтой.

Нийслэлийн гол замд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласнаар,

  1. Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1400-1600 машин/цагт явна. Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ. Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
  2. Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна.

Олон улсын туршлагад ч мөн хотын төвийн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хийлгэхгүй, томоохон хөдөлгөөний ачаалал ихтэй уулзварууд хөдөлгөөнийг гэрлэн дохионы зохицуулалтыг аль болох богино эргэлттэй зохицуулах замаар хүлээлтийн хугацааг хамгийн бага хэмжээнд байлгаж, төвийн хэсгийн хөдөлгөөнийг жигд хурдтайгаар нэвтрүүлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зүүн бүсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

Зүүн бүсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар салбарын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮ-ийн салбарт ажиллаж буй анхан дунд шатны мэргэжилтнүүдэд хүргэх,ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийг бүсчлэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Зүүн бүсийн аймгуудын ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адрага суманд эхэллээ/2017.08.11/. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцов.

Сургалтад Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 200 гаруй анхан дунд шатны мэргэжилтнүүд оролцож байна.

Сургалт зөвлөгөөний үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрээр ‘Салбарын бодлого зорилтыг орон нутагт сурталчлах,цаашид Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үр дүнтэй бодитой хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлыг хамтдаа зөвлөлдөж, ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагааны зорилго оршиж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан оновчтой бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ, ‘Мах сүүний анхдугаар аян’, ‘Үйлдвэржилт 21:100’, ‘Жимс жимсгэнэ’, ‘Ноолуур’ болон малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна’ гэдгийг онцлов.

Сургалт зөвлөгөөн маргааш ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газрын хамтарсан гамшгийн үеийн бэлэн байдлын үзүүлэх сургалтаар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Үзэсгэлэнт улаанбаатар” марафон маргааш болно


“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон маргааш /2017.08.13/ болно. Тус арга хэмжээг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм.

Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрлөөр зохион байгуулагдах аж. Ангилал тус бүрийн оролцогч таван өртөөг дамжин, өгөгдсөн даалгавруудыг хамгийн богино хугацаанд биелүүлэх юм.

Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүрэгт боллоо

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүрэгт боллооУлсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр (2017.08.11) нийслэлийн Хан-Уул дүүрэгт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт тус дүүргийн 330 иргэн оролцлоо. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтлөн явуулсан юм.

Хэлэлцүүлгийг нээж Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлсэн үгэндээ “Өнөө цагт нийцүүлэн нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын томоохон өөрчлөлтүүдийг хийхийн тулд Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгараад буй. Төрийн институцийн эрх, үүрэг давхцан, хариуцлагын зарчим алдагдах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг, үүн дээр иргэд Та бүхний санал тун чухал. Олон нийтийн оролцоог хангаж, Та бидний гаргасан саналуудыг тусган, олон үе шаттайгаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж буй энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаснаар цаашид урт хугацаанд Монгол Улсын эрх зүйн суурь болох юм. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт бүгд идэвхтэй оролцоорой” гэлээ.

Хан-Уул дүүрэгт болсон олон нийтийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалан оролцлоо. Тэрбээр “Тулгуур хуульд нэмэлт, өөрчлөлт хийх цаг мөн эсэхийг олонтаа ярьдаг. Гэхдээ цаг хугацааны шалгуур, нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс Үндсэн хуулийн зарим нэг заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах нь зүйтэй гэж гадаад, дотоодын эрдэмтэн судлаач оролцсон удаа дараагийн эрдэм шинжилгээний хурлуудын санал, дүгнэлт, Засгийн газар, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтүүдэд дурдсан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2016 онд байгуулагдсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгээс 21 аймаг, 9 дүүргийн 3,692 иргэнийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс санал авч, судалгаа явуулахад мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол амьдралаас урган гарсан шийдвэр гэж хэлж болно” гэлээ. УИХ-ын Тамгын газраас энэхүү төслийн хэлэлцүүлгийг долдугаар сарын 31-ний өдрөөс эхлээд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь аймгуудад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд өнөөдрөөс нийслэлийн дүүргүүдэд хэлэлцүүлж эхэлж буйг тэрбээр дурдав. Өнөөдрийн байдлаар 2886 иргэн төсөлд оруулах саналаа бичгээр буюу саналын хуудсаар дамжуулан өгөөд байгаа аж.

Төрийн оролцоог тэгш хангах, тэр дундаа шүүх эрх мэдэл, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох дээд байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, хяналтын тогтолцоог сайн болгох, давхардлыг арилгах зэрэг үндэслэл шаардлагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөөгүй, харин хэд хэдэн зүйлд нэмэлт, өөрчлөлт хийхээр төслийг Та бүгдэд хүргүүлж байна. УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд Та бүгдэд эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсний дараа Та бүгд асуух тодруулах зүйлээ лавлаж, саналын хуудсаар дамжуулан өөрсдийн саналаа бичгээр гаргаж өгөөрэй” гэсэн.

Үүний дараа Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвүүдээр тус тус дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр дээрх зургаан багц сэдвийн танилцуулгтай холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Н.Наранцацралт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байгаад талархалтай хандаж буйгаа хэлээд төсөлд Засгийн газрын гишүүдийн 1/3 хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгаж буй өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Мөн Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлд

“…Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар доор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:

1/Хууль зүй, дотоод хэргийн яам;

2/Сангийн яам;

3/Гадаад хэргийн яам;

4/Батлан хамгаалах яам;

5/Байгаль орчны яам.

Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар Улсын Их Хуралд саналаа оруулж болно…” гэсэн дээр нэмж боловсрол хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг тогтсон нэрээр тусгаж оруулах саналтай байгаагаа илэрхийллээ. Иргэн Н.Наранцацралтын энэхүү саналыг олон хүн дэмжиж буйгаа асуулт хариултын үеэр дэмжиж буйгаа хэлж байсан.

Харин тус дүүргийн 3 дугаар хорооны иргэн Сурмаажав Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн албыг улс төрөөс ангид, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, төрийн бодлогын үр нөлөөг тогтвортой байлгах ач холбогдол бүхий заалтуудыг хөндөж, тусгаж байгааг дэмжиж байгаа хэллээ. Тус дүүргийн 5 дугаар хорооны иргэн Аюуш багийн Засаг дарга нарыг мэдлэг, ур чадварыг харгалзан сонгон шалгаруулж томилдог байхын зэрэгцээ кабинетаараа ажиллах эрх зүйн зохицуулалтыг хийж өгвөл нэг зорилгын төлөө хариуцлагатай, үр дүнтэй ажиллах бололцоо бүрдэнэ хэмээн үзэж байна гэв. Ийнхүү Хан-Уул дүүргийн иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт тун идэвхтэй оролцсон бөгөөд 268 иргэн саналын хуудсаар дамжуулан төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд УИХ-ын Тамгын газраас томилсон долоон баг Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.