Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцлүүлэг Баян-Өлгий аймагт өндөрлөв

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.14) Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд болж өндөрлөв. Төслийн хэлэлцүүлэг өмнө нь Баян-Өлгий аймгийн Өлгий, Толбо сумдад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, иргэд олон нийтийг өргөнөөр хамруулсан билээ. Уг хэлэлцүүлэг нь төслийн талаар иргэдийн саналыг авах, олон нийтийн санал, бодлыг шийдвэр гаргагчид сонсох зорилготой.

Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан, Улаанхус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Еркебулан болон Улаанхус, Ногооннуур, Цэнгэл сум, Цагааннуур тосгоны 107 иргэн, олон нийт оролцов.

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа баталж байсан. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш хоёр дахь удаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж байна. Уг төслийн хэлэлцүүлгийг олон нийтээр өргөнөөр хэлэлцүүлж байгаа тул бид бүхэн идэвхтэй сайн оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэж онцлов.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал болон бүтцийг нь эвдэхгүй, улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж төслийг боловсруулсан. Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэхүү төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Иргэдийн зүгээс Тосгоны Засаг даргыг хэн томилох вэ, томилогдсон хүмүүст боловсролын түвшингээс эхлээд тодорхой шалгуур тавих уу, Улсын Их Хурлын гишүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, эгүүлэн татах асуудал тусгагдсан уу гэж асууж байв.
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж тусгасан байгаа. Төсөл батлагдвал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн зохицуулалт хийх шаардлага гарна. Мөн төсөлд баг, хороо, тосгоны Засаг даргыг ямар шалгуураар томилох талаар тусгагдаагүй ч, төсөл батлагдвал Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмаар сонгох боломж нээгдэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах санал иргэдийн зүгээс цөөнгүй гарч байгаа. Одоогоор төсөлд энэ асуудал тусгагдаагүй байгаа. Гэхдээ иргэд та бүхэн төсөлд тусгагдаагүй асуудлын талаар тодорхой саналтай байвал саналаа бичгээр өгч болно. Ажлын хэсэгт та бүхний санал тус бүрийг танилцуулах юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших, сонгох сонгогдох эрхийн талаар тодорхой тусгагдсан байдаг. Улсын Их Хурлын гишүүний мэдлэг боловсрол, нас, мэргэжилд тодорхой шалгуур тавих саналтай байвал бичээд өгч болно гэж байлаа.
Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан “Улсын Их Хурлын гишүүдийг сонгоход насны хязгаарыг өндөрсгөж 40-45 болгохын зэрэгцээ хоёроос доошгүй мэргэжилтэй байх шалгуурыг тавьж өгмөөр байна. Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал нь Ерөнхий сайдын эрх мэдлээс хуваалцаад байна” гэсэн бол Цагааннуур тосгоны иргэн Н.Бибиш “Одоо Цагааннуур тосгон Ногооннуур сумд харьяалагдаж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгож тусгаж өгсөнд талархаж байна. Цагааннуур тосгоноо сум болгох саналтай байна” гэж байлаа.
Иргэдийн олонхи нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийгэм эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын асуудлаар тодорхой асуудал тусгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байв.
Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 62 сургагч багш нарыг бэлтгэж, ном, гарын авлагаар хангасан юм. Төслийн хэлэлцүүлэг маргааш Увс аймгийн Өмнөговь суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайд Дархан-Уул аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийв

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт энэ сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нартай албан уулзалт хийв.

Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн болон боловсролын салбарт хамтран ажиллах, улмаар АНУ-ын Соёлын төвийг орон нутагтаа нээн ажиллуулах хүсэлтэй байгаагаа аймгийн удирдлагууд илэрхийлсэн юм. Тэдний саналыг сонссоны дараа Элчин сайд хэлэхдээ: “Монгол Улсын эдийн засгийг өргөжүүлэхэд АНУ-аас багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид Хөдөө Аж Ахуйн салбарт тэр дундаа махны экспортод аймаг орон нутагтай хамтран ажиллах өргөн боломж бий. Үүнийг бодит ажил болгоход анхааран ажиллана” гэв.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Би МАХН-аас хөөтөл нь гарахгүй, энэ намыг өөрчилнө, шинэчилнэ

Related image

МАХН-ын парламент дахь “ганц дайчин” О.Баасанхүү гишүүнийг намаасаа хөөгдсөн мэтээр тус намын зарим хүн нүүр хуудастаа мэдээлжээ. Харин О.Баасанхүү гишүүн өчигдөр нүүр хуудастаа “Маргааш ёс зүй, намаас урвах, ёс суртахуун, хүн чанар сэдвээр 11:30-д лайв хийнэ” хэмээн мэдээлсэн байлаа.

Тэрбээр амалсан ёсоороо дээрх сэдвээр 40 минут яриад, төгсгөлд нь намын даргадаа хаягласан хэдэн үг “дайв”.

“Урвагч урвагчаа таньдаг гэдэг үг бий. Үзэл бодлоосоо, хамт олноосоо урвах, өөр үзэл бодлыг төлөвшүүлэх гэж явах өөр. Би МАХН-аас хөөтөл нь гарахгүй. Энэ намыг өөрчилнө, шинэчилнэ. “Намын даргыгаа хайрлаагүй, өрөө төлөөгүй” гэх мэтээр зарим хүн ярьдаг. Надад тэгэх шаардлага байхгүй. Та нар мэдэж байгаа. Н.Энхбаяр даргыг өлсгөлөн зарлаж байхад би “Ерөнхийлөгчид хэлээд өгөөч” гэж Женко Баттулга дээр орж уулзаж явсан. Шоронд байхад нь хамгийн олон очсон. Солонгост байхад нь хамгийн олон холбогдож байсан. Тэгэхээр намыг сайжруулъя, шинэчилье гээд ярихаар урвагч болдог юм уу. Танд таалагдахгүй юм ярихаар урвалт болдог юм уу?

Нам лидерт суурилсан биш үзэл баримтлалд суурилсан байх ёстой. МАХН хоёр зүйлд анхаарах ёстой гэж бодож байна. Нэгдүгээрт Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх ёстой юу хийх бол юунд суурилж өөрчлөх ёстойг ярих хэрэгтэй . Хов живээ хойш тавьцгаая. Хоёрдугаарт бид бүтэц зохион байгуулалтдаа анхаарах ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ану ба Умард солонгосын хооронд цөмийн дайн дэгдэхэд хүрээгүй байна гэв

ЗурагНөхцөл байдал хурцадмал байгаа хэдий ч Умард Солонгостой цөмийн дайн хийхэд хүрээгүй байна гэж АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал мэдэгдлээ.

ТТГ-ын захирал Майк Помпео ням гарагт Fox News телевизийн сувагт ярицлага өгөх үеэрээ “Пхеньян цөмийн хөтөлбөрөө “урьд урьдынхаас илүү эрчтэйгээр” боловсронгуй болгож байна. Пхеньян дахин пуужин туршлаа гэхэд гайхах хүн бараг байхгүй байх” гэжээ.

Гэхдээ тэрбээр “Вашингтоны стратегийн тэвчээр барагдсан” гэж анхааруулаад “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ зогсоохгүй гэдэгт би эргэлзэхгүй байна” гэжээ.

Умард Солонгос АНУ-д цохилт өгч чадах хэмжээний цөмийн зэвсэг байрлуулахад хэр ойртсоныг асуухад тэрбээр “Тэд тун дөхсөн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэд урьд урьдынхаасаа илүү эрчтэйгээр урагшаа давшиж байна” гэж хариулсан байна.

Өнгөрсөн долдугаар сард тив алгасах хоёр баллистик пуужин харвасантай нь холбогдуулан НҮБ Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь Пхеньяны “уурыг хүргэсэн” юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд “Хэрвээ болчимгүй үйлдэл хийвэл маш их харамсах болно шүү” гэж саяхан анхааруулсан юм. Харин Солонгосын хойгийг дайны ирмэг рүү түлхэж байна гэж Д.Трампыг Пхеньян буруушааж байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд голын усанд осолджээ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Буга” гэдэг газар Өлгий сумын харьяат иргэн Е /35 настай, эрэгтэй/ усанд осолджээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тэрээр долдугаар 30-ны өдөр амралтанд явахаар автомашинтай гэрээсээ гараад сураггүй болжээ. Улмаар энэ сарын 13-ны өдөр Ховд голын эргээс автомашиныг нь олсон бөгөөд усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 15 цаг 22 минутад хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:10 цагт осолдсон газраас зүүн зүгт 5 км-с цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт гангийн улмаас үр тарианы 61 хувьд ургац алджээ

Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт энэ жил цаг агаарын хүнд нөхцөл үүсч олон сум хүчтэй ганд нэрвэгдсэн талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Аймгийн ХХААГ-ын даргын удирдамж болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зуншлагын байдалд үнэлгээ өгөх, зураглал гаргах, таримал ургамлын ургалтын нөхцөл байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор 27 суманд дөрвөн ажлын хэсэг өнгөрсөн сарын 18-аас 21-ний хооронд ажиллалаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээр аймгийн 17 сум маш хүчтэй гантай, долоон сум гантай, гурван сум гандуу байна. Энэ жил нийт 79 мянга 758 га талбайд үр тариа тариалснаас өнөөдрийн байдлаар тариалсан үр тарианы 2600 га буюу 3,4 хувь нь сайн, 28 мянга 440 га буюу 35,6 хувь нь дунд, 48 мянга 639 га буюу 61 хувь гангийн улмаас ургац алдаад байна. Мөн цаг агаарын нөлөөллөөс 1200 га мөндөрт цохиулж, 1049 га элсэнд дарагдаад байгаа аж. 2015 онд улсын хэмжээнд гантай харьцуулахад энэ жилийн ган таримал ургамалд илүү хүчтэй илүү нөлөөлж байна гэж аймгийн ХХААГ-ын газар тариалангийн мэргэжилтэн Ц.Алимантуяа хэллээ.

Нөхцөл байдлын талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж “Хөдөө аж ахуйн салбарын ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврыг сумдад хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийг хангах талаар сумын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгчээ.

Мөн ХХААХҮЯ-наас томилогдсон баг энэ сарын 7-12 хооронд тариалан бүхий Аргалант, Баянцогт, Баянхангай, Заамар, Угтаал-Цайдам, Цээл, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань зэрэг сумдад 2017 оны ургацын төлөв байдал гангын эрсдэлийг шалган тогтоохоор ажиллаад байна.

Үр тарианд механик болц үүссэний улмаас Жаргалант сумын нэг аж ахуй нэгж ургац хураалтаа 10-15 хоногийн өмнө эхлүүлжээ. Ургац хураалт эрт эхэлж байгаа учир хэвийн нөхцөлд авдаг байсан ургацын хэмжээнээс буурах тооцоотой байна.

Categories
мэдээ нийгэм

Аав байхад газрын зураг хэрэггүй юм билээ

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруулын 2015 онд баруун аймгуудаар аялсан “Аян замын фото тэмдэглэл”-ийг хүргэж байна. Тэрээр уг аяллынхаа сонин хачиныг тухайн үед “Баруунтаах нутгууд баахан жаргалтай” аян замын тэмдэглэлээр уншигчдад хүргэж байсан билээ.


Өнөө зуны амралтаа өнгөрүүлсэн маршрут. Хамгийн сайхан нь төрсөн нутагтаа очих, ахан дүүс, хамаатан садантайгаа золгосон минь байлаа .

-ААВ БАЙХАД ГАЗРЫН ЗУРАГ МУРАГ БОЛ ОНИГОО Л ЮМ БИЛЭЭ-

Улаанбаатар-Лүн-Эрдэнэсант-Рашаант-Арвайхээр-Хатуу даваа-Нарийнтээл-Таац гол-Өлзийт-Баянхонгор-Түйнгол-Нарийн гол-Бөмбөгөр-Байдраг гол-Цагаан гол-Бууцагаан-Дэлгэр-Духын тал-Алтай-Баарангийн даваа-Ямбатын тал-Шаргын говь-Ээв-Хүрэнгийн тал-Хүйсийн говь-Дарви-Зэрэг-Ховд-Буянт гол-Хатуу хөтөл-Шураг гол-Хашаатын даваа-Салхитын гарам-Алтанцөгц сум-Алтанцөгц нуур-Хөх сайр-Эрэгтийн дунд хясаа-Эрэгт гол-Хоёр мөсөн-Хоёр сайр-Таван бэлчир-Усаарын хүрхрээ-Цамбагарав хайрхан-Хоёр толгой-Хүрэмт-Тэхт-Тэхтийн рашаан-Хагт-Булан-Баянхонгорын овоо-Хоогийн булаг-Өндрийн элэг-Цагаан түнгэ-Шүүгийн гүүр-Чидэлийн хөтөл-Хүйтэн хөтөл-Ургамлын хөтөл-Хатуугийн гол-Бугат-Өлгий-Хаш толгой-Ховд гол-Тавалтайн хавцал-Ховд бригад-Бахлаг хайрхан-Ачит нуур-Ховд сум-Шивэр гол-Шаазгай нуур-Өмнөговь сум-Хар Ус нуур-Өлгий сум-Наранбулаг-Хар тэрмис-Хяргас нуур-Сонгино-Түдэвтэй-Нөмрөг-Тэлмэн нуур-Мэргэн хөтөл-Идэр гол-Дэлгэрэх гол-Тосонцэнгэл-Их Уул-Зарт гол- Цэцүүх бригад-Солонготын даваа-Цахир-Тэрхийн цагаан нуур-Хоргын тогоо-Тариат-Суман гол-Чулуутын гол-Хануй гол-Их тамир-Тамирын гол-Тайхар чулуу-Цагаан даваа-Цэцэрлэг-Цэнхэр-Цэнхэрийн халуун рашаан-Хотонт-Хар хорин-Эрдэнэ зуу-Рашаант-Эрдэнэ сант-Лүн-Улаанбаатар. Аян замын урт 5000 гаруй километр байлаа.

Баянхонгор аймаг руу явах замд.

Би өөрийгөө гэрэл зураг авах дажгүй авьяастай гэж боддог.

Хүйсийн говьд. Аавын машины нум нь нугарч бид нэлээд хэдэн цаг саатсан.





Хашаатын даваанаас уруудаад Салхитаар орж төрсөн нутагтаа хөл тавих гэж байгаа эхлэл.


Энэ шүлгийг бүгд л ам амандаа уншиж, гар утсаараа самбарын зургийг дарцгаав. Бидний дунд нутагтаа ирэлгүй дөч, тавь, 26 жил болсон хүмүүс олон байв. Би л гэхэд нутгаа орхиод 20 гаруй жил болсон байлаа.


Баяг ахын машин. Манай нутагт иймэрхүү шалгарсан тэрэгнүүд л давхидаг.

Бид гурван машинтай, ахан дүүс 18-уулаа явсан билээ. замд биднийг Баяг ах, Урнаа эгч, хүүтэйгээ угтав. Бид Хөх сайраар ингэж цуваагаар явцгаав.


Манай Алтанцөгц сумын төв нь Цагаан түнгэд байрладаг. Зуны цагт тэнд ялаа шумуул их учир Хоёр толгойд ирж байршина. Нүүдлийн сум юм.


Сумын төвийн дэлгүүрийн дотоод байдал.


Нүүдлийн сумын дэлгүүр.


Сумын төвийн цайны газрын дотоод байдал. Наадмын үеэр энд хуушуур ширхэг нь 500, 600 төгрөгийн үнэтэй байсан.


Маргааш сумын наадам эхэлнэ. Наадамчдын хоолыг ийм зуухан дээр хийнэ дээ.


Юу л байна. Түүгээрээ гэдэг. Байгаа, гар доорх барилгын материалаар л байшин сав, хашаа, хороогоо босгоно.


Миний төрсөн газар. Цагаан түнгэ.


Тэхтийн рашаанд хүрэхийн тулд маш өндөр ууланд мацдаг. Рашаан руу явах замдаа гоё гоё цэцэг харав.

Тэхт хайрхан. Энэ ууланд Мундуу гэх алдарт анчин амьдардаг байжээ. Цаст уулын цагаан дээлт анчин Мундуу гэхээр нутгийнхан андахгүй. Түүний тухай сонирхолтой яриа дурсамжийг Ш.Ванчинхүү ахаар яриулсан юм.


Таван бэлчирээс. Таван бэлчирээс буух замдаа. Ийш барагтай бол машин гарахгүй. Сайн машинтай байлаа ч жолооч муу бол бүр бүтэхгүй.

Биднийг хайрхны овоон дээр ирэхэд цэлмэг байсан тэнгэр тэрүүхэн тэндээ борооны үүлс хуралдуулж хураараа угтав.


Манайхан хайрхныхаа зулайг мөс, цас гэж шууд хэлдэггүй. Мэнгэ хэмээн нэрлэнэ. Хайрхны мэнгээр цаг агаараа шинждэг.

Усаарын хүрхрээ рүү явах замд олон арван рашаан ийнхүү урсан байдаг.


Манай нутагт Усаар гэдэг нэртэй ийм сайхан хүрхрээ бий. Усанд нь умбаж шумбаж, цохиулж, сэлж, баярлаж, тоглож зөндөө л зураг татуулав.


Усаарын хүрхрээ рүү явах замдаа хайрхны зургийг ийнхүү буулгалаа.


Миний төрсөн эмнэлэг. Хаалганы цаад талын өрөөнд мэндэлсэн гэсэн. Ээж зааж өгөв. Би үүдэнд нь арц уугиулж, идээ будааныхаа дээжийг өргөв.


Хатуугийн голын гүүр. Аавын маань барилцсан гүүр юм билээ. Аяллын замд аавынхаа барьсан зам, гүүрээр зөндөө л гарав.


Баян-Өлгий аймгийн Өлгийд байдаг радио станцын энэ антен өндрөөрөө Азидаа нэлээд дээгүүрт ордог. Шөнө болохоор улаан гэрэл асна. Хүүхэд байхдаа энэ антеныг хараад их л гайхдаг байж билээ.


Янгирын төлийг үнүх гэдэг. Биднийг Баян-Өлгийгөөс гараад Бахлаг хайрхны урдуур, Ховд голын хаяагаар явж байтал энэ хөөрхөн амьтан зам дээр хэвтэж байлаа.


Ачит нуур.


Иймэрхүү самбар их чухал юм билээ л.


Очсон сум бүрт ийм антенн байдаг юм билээ. Нэгдсэн журмаар тарааж өгсөн байх.


Хар тэрмис. Хяргас нуурын хөвөө.


Шаазгай нуур. Газрын зурагт тэмдэглэгдсэн энэ нуур уг нь нэлээд том байсан юм билээ.


Буцах замдаа Түдэвтэй сумын нутагт майхнаа барьж хоноглов. Нутгийн улсууд ирж мэнд мэдэлцэн өглөө гэртээ очиж цай уух урилга өгсөн юм. Хөдөөнийхнийг л хүн гэнэ ккк


Тариат сум. Тэрхийн цагаан нуур.


Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг. Цэнхэрийн рашаан руу явах замд.


Гоё зураг


Миний тушаалаар аав, ээж хоёр маань ийн сугадалцаж зураг авахуулав.


Бас л гоё зураг. Өнгө энэ тэр нь гоё.

О.Балжинням аваргын төрсөн нутаг руу орж ирлээ.

Аав байхад газрын зураг хэрэггүй юм билээ.

Архангай аймгийн Цэнхэрийн рашаан руу явах замд…

Завхан аймгийн Нөмрөг сум руу орж ирлээ.

Алтанцөгц сумын 90 жилийн ойн баяр наадам эхэллээ.

Элсэн тасархай дээр өдрийн хоолоо хүлээж буй нь.

За байзо, энэ Увсын Өлгий суманд авсан зураг байх шиг байна.

Categories
мэдээ нийгэм

Ирээдүйн монгол судлаачид малчин болов

“Элбэгдорж хүрээлэн”-гээс “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр” хэрэгжүүлж буй.

Хөтөлбөрт ОХУ, АНУ, Япон, БНСУ, Швейцарь, Энэтхэг, Польш зэрэг долоон улсын есөн залуу тэнцсэн билээ. Тэд энэ сарын 7-16-ны өдрийг хүртэл Монголын хэл, түүх, соёл, зан заншил, Монгол ахуйтай танилцаж байна.

Долоон улсын есөн залуу энэ сарын 10-13-ны хооронд монгол ахуйтай танилцах аялалдаа гарсан юм. Тэд Төв аймгийн Борнуур сумын малчин н.Жанцалнямынд гурван өдрийг өнгөрүүлжээ. Гэрийн эзэн ирээдүйн Монгол судлаачдад морь унах арга ухаан зааж сургажээ.

Гэрийн эзэгтэй Пүрэвсүрэн үнээ, ямаа саах, цагаан идээ хийх аргачлалыг заажээ. Залуус малчдын өдөр тутмын ажлыг хийж, гурван өдрийг өнгөрүүллээ. Тэд малын бууц цэвэрлэж, өрөм, тараг, ааруул, бяслаг зэрэг цагаан идээг өөрсдөө хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мунзуй хочит Г.Нямдоржийг шүүх хурал хаалттай болж байна

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мунзуй хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ. Гурван удаа хойшилж байсан шүүх хурал хаалттай болж байна. Мунзуй хочит Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-ийн бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2-ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2-ийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн хэргээр шүүж байгаа юм. Түүний хамт С.Мөнхбат, Ч.Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Баттуяа нарын зургаан хүнийг шүүнэ.

Г.Нямдоржийг саатуулан хорьж байгаад өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа өдөр зүсээ хувирган, Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдан хоригдсон билээ

Categories
мэдээ нийгэм

Утаа бууруулах бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа болно. “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Уг үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд ‘’Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө’’-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой юм. Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон зарж борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, ‘’Хос цамхаг’’ ХХК оролцоно.

Дашрамд мэдээлэхэд, “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ айл” худалдааны төвд болно. Иймд иргэдийг үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, Утаагүй Улаанбаатарыг хамтдаа бий болгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.