Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг Хархорин суманд амжилттай өндөрлөлөө

УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр (2017.08.14) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн Хархоринд суманд зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийг гурван бүсэд хувааж хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсийн хэлэлцүүлгийг Баянгол суманд, төвийн бүсийн хэлэлцүүлгийг Арвайхээр хотод зохион байгуулсан билээ.

Хангайн бүсийг хамарсан өнөөдрийн хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Хархорин, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид зэрэг албан хаагч болон сум, багийн иргэдийн төлөөлөл зэрэг 111 хүн ирсэн байлаа.

УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Мөнхцэцэг, ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Монгол Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх таван багц асуудлын хүрээнд танилцуулга хийсэн юм.

Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Тухайлбал, Есөнзүйл сумын нэгдүгээр багийн иргэн Ч.Ганхүү “Багийн Засаг даргыг сонгодог байхыг санал болгож байна” гэсэн бол Хархорин сумын ИТХ-ын тэргүүлэгч Д.Лхагвабуд “Төрийн албан хаагчдын ачааллыг жигд болгож, багийн Засаг даргыг төрийн албан хаагч болгох хэрэгтэй” гэх саналуудыг хэлж байлаа.

Өвөрхангай аймагт болсон гурван бүсийн хэлэлцүүлэгт иргэдээс олон давтагдаж байгаа хэд хэдэн саналд: Хоёр танхимтай парламент байгуулж, хууль тогтоох байгууллага хоорондын хяналтыг сайжруулах, УИХ-ын гишүүнд нэр дэвших иргэний хуульд заасан насыг 5-10 жилээр нэмэх, томилогддог болон сонгогддог албан тушаалтныг, тухайлбал, УИХ-ын гишүүн, бүх шатны Засаг дарга нарыг эгүүлэн татах эрхийг ард түмэнд олгох, хариуцлага тооцох, Үндсэн хуульд улс төрийн намын тухай шинэ заалт нэмэх зэрэг асуудлыг хөндөж байлаа. Харин Засгийн газрын түвшинд одоогийн төсөлд дурьдагдсан таван яамны нэрийг Үндсэн хуульд зааж оруулахыг учир дутагдалтай, нэрлэвэл бүх яамдыг нэрлэх үгүй бол тоог нь тогтоож цаашид арваас илүүгүй яамтай байхыг онцолж байв. Мөн одоогийн төсөлд байгаа Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь “давхар дээлтэй” байж болно гэснийг Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-тэй байхыг хориглох санал иргэдээс олон гарч байсан юм.

Өвөрхангай аймгийн бүсчилсэн гурван хэлэлцүүлэгт нийт 459 иргэн оролцож, 398 иргэн саналын хуудас бөглөсөн байна гэж УИХын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравт зориулсан хандивын тоглолт болно

Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээний зардалд зориулсан хандивын VIP үдэшлэгийг Монголын Рок, поп, үндэсний, сонгодог урлагийн сор болсон уран бүтээлчдийн санаачлагаар “Future Mongolia Foundation” болон “Mongol Music”-аас зохион байгуулах гэж байна. Хандивын үдэшлэг энэ сарын 26-ны бямба гарагийн 19.00 цагт “On’n Off Production House” –ын концертын танхимд болох бөгөөд тасалбарын үнэ 150 мянган төгрөг аж.

Хандивын үдэшлэгт оролцох уран бүтээчид “Харанга”,“Хурд”, Никитон”,Камертон”,A Sound”,“Гурван охин”,“Киви”,МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Алтанцэцэг, С.Наран, Б.Ангирмаа, Т.Дэлгэрмөрөн,Sally,төгөлдөр хуурч, төгөлдөр хуурч Ами, Морин хуурын чуулга байх гэнэ.

Цөөн тооны билет зарагдаж байгаа тул та урьдчилан захиалах юм байна.
Захиалах утас: 9473-0028 гэнэ.

Та тусгайлан хандив өргөхийг хүсвэл ХААН банкны 5163124605 данс руу шилжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь ёсдүгээр сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан. Иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Турк улсын Гааль, худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Турк Улсын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа болон хамтран ажиллах ямар шинэ орон зай байгаа зэрэг асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол-Турк хоёр улсын хамтын ажиллагаа ялангуяа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарах шаардлага зүй ёсоор гарч байна. Худалдааны эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилт байгаа. Хоёр улсын ХАҮТ, бизнесийн танилцах уулзалт, форум зохион байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн.

Турк улс арьс, нэхий шир боловсруулалтаараа дэлхийд өндөр түвшинд ордог. Монгол Улс арьс шир, түүхий эд элбэгтэй. Энэ тал дээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Мөн Монгол Туркийн хамтын ажиллагаанд хөдөө аж ахуй, зам тээвэр, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэр, хөрөнгө оруулалт гэсэн голлох 5 салбар байгаа гэж харж байна” гэлээ.

БНТУ-ын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи “Бид Монгол Улсын гааль, худалдааны байгууллагатай хамтарч ажиллах, үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд гар урлал зэрэг салбарт хамтран ажиллах боломж бий” гэлээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурал ойрын хугацаанд болох товтой байгаа. Энэ хурлаар өнөөдрийн ярилцсан асуудлуудыг хэлэлцэж, ажил хэрэг болгох боломжтойг талууд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хорооны Засаг дарга нарыг хууль бусаар томилж байна

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун болон Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

“Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам засаг барьж байгаа. Эдгээр дүүрэгт ИНХ-ыг хууль бусаар хийж ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох ажлыг хууль бусаар явуулж байна. Хорооны Засаг дарга, ИНХ-ын даргыг сонгохдоо сонгуулийг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж холбогдох хуульд заасан байдаг. Энэ гурван дүүрэгт ИНХ-ыг зарлахгүйгээр хуралдуулж байна. Мөн өөрсдийн тойрон хүрээлэгч АН-ын гишүүд дэмжигчдийг цуглуулж, хурал хийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг сонгож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна. Үүний дагуу НИТХ-аас дүүргүүдийн ИТХ-ын дарга нарт албан бичиг явуулж байна. Энэ гурван дүүргийн бүх хороонд ийм асуудал үүсгэж байгаа нь зохион байгуулалттай гэж үзэж байна. Тиймээс хуулийн хүрээнд дахин зохион байгуулах хэрэгтэй. Хуулийн хүрээнд зохион байгуулахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болно” хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ярилаа.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттүвшин “Энэ сарын 9-нөөс эхлэн ИНХ-ыг хууль бусаар зарлан хуралдуулж байна. Ардчилсан намын хэсэг гишүүн, хэсгийн ахлагч нар, ах дүүсээ цуглуулж луйврын аргаар хурал хийх үйл ажиллагаа явагдаад үндсэндээ дууслаа. Амралттын өдрөөр өглөө 06:00-08:00 цагт хурал хуралдуулах, өөр хорооны нутаг дэвсгэрт хуралдах, өөр дүүрэг, хорооны иргэдийг шилжүүлэн авч ирэх зэрэг зөрчил гарч байна. Тиймээс дүүргийн удирдлагууд хуулийн дагуу, иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж шударгаар баг, хорооныхоо ИНХ-ын дарга, Засаг даргаа сонгох үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй” хэмээн ярилаа.

“Манай дүүргийн 23 хороонд эдгээр бүх зөрчил яг ижил түвшинд гарсан. Үүнээс үүдэлтэй иргэдийн дунд намын талцал, хуваагдал үүсч байна. БГД-ийн нийт 11 хорооны иргэд хууль бус үйлдлийг эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг. Шүүхийн анхан шатны шийдвэрээр БГД-ийн Засаг дарга С.Одонтуяаг тус дүүргийн 23 хорооны ИНХ-ын хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Засаг дарга нарыг томилж байгаа нь иргэдийн эрх ашгийг боогдуулж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж тогтоосон. Ийм байхад БГД-ын Засаг дарга, ИТХ-ын дарга нар улайрсаар байгаад Засаг дарга нарыг томилсон. Мөн хороогоор дамжиж иргэдэд хүрдэг төрийн үйлчилгээ ялгавартай байх болсон. Энэ бол бүр ил цагаандаа гарсан” хэмээн БГД-ийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Баатар мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 3 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 2 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

780 гаруй сая төгрөгийн хандив цугларчээ

Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байна.

2017.08.14-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780.243.401 төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна.

Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг хандив, тусламжийг өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү чухал тулгамдсан цаг үеийн асуудал олон байгааг санууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулгын хууль баталж, ийм механизм гаргаж байж Монгол Улсын Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс нь нээгдсэн” гээд нэгд, Үндсэн хууль сайн хууль тул түүнийг хөдөлгөж болохгүй, хоёрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй, гуравт, МАН-ын дотор цөөн гишүүд, мөн МАХН-ын зүгээс болоод Ардчилсан намаас Э.Бат-Үүл нар Ардын Их Хурал, Бага хурал гэсэн хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санал гаргасан. Мөн Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар мэдэгдэл хийсэн. Энэ дотроос Парламентын засаглалаа хадгалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал 60 гаруй хувийг эзэлж байгааг” танилцууллаа. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгох эсэх, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт эрх байх эсэхийг ард түмнээр шийдүүлэхээр санал асуулга явуулж байгаа талаар дурдав. Нийт 5 багц бүхий 22 асуудал тусгасан төслийг эхний ээлжинд боловсруулаад байгаагаа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж өгөв.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөд сайн ч зүйл бий байх. Муу ч зүйл бий байх. Төрийн 3 өндөрлөгийн хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх асуудлыг л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь гэж олон хүн ойлгож байна. 25 жил болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, Монгол Улс, хоёрдугаарт Монголын гурван сая ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа гэж хэллээ. Энэ үнэхээр гол асуудал. Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-д 65 суудал авсан МАН-ын зүгээс энэ дарааллыг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын эрх ашиг эн тэргүүнд эрэмблэгдэх вий. Монгол Улсынхаа гурван сая иргэний төлөө асуудал ярьж байгаа бол, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгоно, УИХ-ын гишүүд алдаа гаргавал сонгогчид нь эргүүлэн татдаг байна гэх зэрэг асуудлыг нийтээрээ дэмжих магадлалтай” гээд энэ талд хатуу анхаарахыг ажлын хэсгийн гишүүдэд санууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Нэгд, та нар ингэж шууруулж болохгүй. Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэг хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн олон нийтэд хэрэгцээтэй зүйл байвал ярьж болох талтай. Гэтэл салбар хуулиудаараа Үндсэн хуулийг “будаа болтол” шүршээд юу ч биш болгочихлоо шүү дээ.

Жишээ нь, Элчин сайд томилох дээр зөвшилцөх гэдэг үгийг яагаад Үндсэн хуульд бичсэнээс өөрөөр УИХ хууль гаргаж тайлбарлаж байгаа юм бэ. Үндсэн хууль гэдэг үндсэн суурь хуулийг хажуугаар нь жижиг хуулиуд гаргаж тайлбарладгийг болиулж, үүнийг цэгцлэх хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгч гараад ирэхээр шууруулаад эрхийг нь хаагаад авъя. Гэхдээ яах вэ, шинэ Ерөнхийлөгч битгий санаа зов. Энэ 2021 оноос үйлчлэх юм шүү гэж тайлбарлаж байгаа бол тийм зүйл огт байхгүй шүү. УИХ-ын 57-гоос дээш гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Ингээд нэг өдөр шуураад баталчих вий” гэсэн болгоомжлол байгааг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын зүгээс 60 тэрбумын асуудлыг шийдсэний дараа энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих ёстой. 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг урьдчилсан зарсан асуудалтай холбоотойгоор бүрдсэн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй гэж үзэж байгаагаа хэллээ. Энэ удаагийн УИХ нэг намаас 65 гишүүнтэй, гэтэл 57 ба түүнээс дээш гишүүний саналаар Үндсэн хууль өөрчилнө гэх юм бол нөгөө дээр яригдсан эрх ашгийн эрэмбэ алдагдах магадлалтайг санууллаа. Мөн Үндсэн хуулийг өөрчилснөөр Иргэдийн нийтийн Хурлын эрхийг иргэдээс булаан авах, шүүгчийн насыг нэмэгдүүлэх зэрэг асуудал бас яригдаж байгаа юм байна. Тэгвэл УИХ-ын гишүүний насны босгыг бас нэмж, төлөвшсөн хүн гишүүн болдог байхад ч анхаарах хэрэгтэй хэмээн саналаа хэлэв.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн 65 нь нэг намынх, тэдний 41 нь шинээр анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгааг Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ авч үзэхэд илүүдэхгүй шүү хэмээн болгоомжилж байгаагаа онцгойлон анхааруулав. Мөн олон аймг сумдын нутагт ган гачиг болж байна, зуд болох, ургац алдах гээд цаг үеийн тулгамдсан асуудал асар олон байхад УИХ нь нэн яаралтай биш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийнхүү шавдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар нэгэнт хэлэлцээд эхэлвэл дундуур нь өөр ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй байх хуультай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдыг үнэ төлбөргүй сувилан эмчилж байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал зэрэг сумдын нутаг дэвсгэрт өнгөрсөн 06, 07 дугаар саруудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч дайчлагдан ажилласан.

Харин тус аймгийн “Дархан үйлс”, “Дархан-Оюут” сувиллын хамт олон түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүй амраан сувилж байна.

Гамшгийн голомтод урт хугацаагаар ажилласан албан хаагчдын биеийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, тамир тэнхээг сайжруулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг тэдэнд үзүүлж байгаа юм. Эхний ээлжинд 17 алба хаагч ийнхүү эмчилгээ сувилгаанд хамрагдаад байна.

Ингэснээр алба хаагчдад бие бялдрын болон сэтгэл зүйн маш том дэмжлэг болж байна гэж алба хаагчид хэлж байна.

Ийнхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан сувиллын хамт олонд аймгийн Онцгой байдлын газраас талархал гардууллаа гэж ДарханУул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх замд зүүн гар тийш эргэхийг хориглоно

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орох талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн танилцуулснаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Үүнд:

  • Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
  • Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
  • Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
  • Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
  • Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
  • Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
  • Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”

Дээрх өөрчлөлтийн талаар болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар авах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.