Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. Энэ хүрээнд Намянжү хотын зүгээс Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Улаанбаатар, Намянжү хотуудын найрамдалт харилцаанд өнөөдөр түүхийн шинэ хуудсыг нээж, Монгол Улсыг цөлжилтөөс хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой”-г тарьж ургуулах тухай санамж бичиг байгууллаа. Бид цаашдаа бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай өргөн дэлгэр хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Чулуунбаатар: Цалингийн сандаа багтааж, хэн сайн ажиллаж байна, тэр багш илүү цалин авах зохицуулалт бий болгох шаардлагатай

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өчигдөр “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт”-д оролцож, үг хэллээ. Боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзахдаа тэрбээр “Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ, нэр томьёо, үг үсгээр хөөцөлдсөн өөрчлөлт ч хэрэггүй” хэмээн онцолсон юм.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын хэлсэн үгнээс багшийн цалин хөлстэй холбоотой хэсгийг онцлон хүргэе.

Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед багшийн цалин хөлсний талаар нийгмийн мэдээллийн сүлжээ, хэвлэл, мэдээллээр хэлэлцүүлэг явж байна. Багшийн цалин хөлсний талаар зарим мэдээллийг өгч, цаашид энэ талаар баримтлах бодлогын чиглэлийн талаар санал, бодлоо хуваалцъя.

Багшийн үндсэн цалинг 2010 оноос үе шаттай нэмэгдүүлсээр өнөөдөр багшийн сүлжээний буюу үндсэн цалингийн дундаж 2007 оныхоос 2.4 дахин нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа багш нарын авч байгаа бодит цалин хөдөөд 490.235 – 844.782 төгрөг, хотод 487.587 – 823.960 төгрөг байна.

Монгол Улсын 2017 оны нийт төсвийн 17.3 хувь буюу улсын нийт төсвийн бараг 5.0 төгрөг тутмын 1.0 төгрөг болох 1.1 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байна. Боловсролын салбарын нийт төсвийн 54.4 хувь болох 598.6 тэрбум төгрөг нь ерөнхий боловсролд буюу ерөнхий боловсролын сургуулиудад ногдож байна. Ерөнхий боловсролын салбарын 2017 оны нийт төсвийн 68.3 хувь болох 408.6 тэрбум төгрөг багш, ажиллагсдын цалин, хөлсөд ногдож байна. Улаанбаатар хотын тодорхой нэг сургуулийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлээс нь үзвэл тухайн сургуулийн нийт төсвийн 74.1 хувийг багш, ажиллагсдын цалин, хөлсөнд, 8.1 хувийг ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл эзэлж байна. Мэдээжээр одоогийн багш нарын авч буй цалингийн хэмжээ орлого сайтай хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад бага байгаа ч эмч нар, эрдэм шинжилгээний ажилтанууд гээд төрийн үйлчилгээний албан хаагчдын дундаж цалингаас бага биш гэдгийг ойлгох байхаа гэж найдаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байгаа. Улс орны эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг дагалдаж багшийн цалин, хөлс ч цаашид нэмэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам юуны өмнө батлагдсан төсөв, түүний хуваарилалт, гүйцэтгэлд үзлэг, хяналт хийнэ. Одоо бидэнд байгаа зарим мэдээллээр зарим аймаг багш нарын улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй, батлагдсан, хуваарилагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй асуудал байна. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай дахин судалж үнэлэлт өгнө. Багшийн цалин хөлсийг тооцож олгох журам, багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, багшийн ажлын үр дүнг үнэлэх журмуудын хэрэгжилтийг хянан дүгнэж, холбогдох өөрчлөлтийг оруулна. Багш үр дүнтэй, амжилттай ажиллаж байгаа тохиолдолд цалингийн 10 хувийн нэмэгдэлтэй арга зүйч зэргийг авах гэж 5 жил, 15 хувийн нэмэгдэлтэй тэргүүлэх зэргийг авах гэж 10 жил, 20 хувийн нэмэгдэлтэй зөвлөх зэргийг авах гэж 15 жил хүлээх хэрэгтэй юу гэдгийг судалж шийднэ.

Ажлын үр дүн нь цалин хөлстэй нь шууд хамааралтай байхаар багшийн цалин, хөлсний зохицуулалтыг эргэж харна. Юутай ч эхний ээлжинд цалингийн сандаа багтааж хэн сайн ажиллаж байна, тэр багш илүү цалин авах зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Багшийн цалин хөлсний шинэчлэлийг цэцэрлэг, сургууль, багш нараар нээлттэйгээр хэлэлцүүлж, хамтран шийдвэрлэнэ гэлээ.

Түүнчлэн шинэ сайд ажилдаа баримтлах гол зарчмаа дараах байдлаар тодорхойлсон.

Нэгдүгээрт, бодлогын залгамж чанарыг хангана. Боловсролын салбарт сүүлийн 20 гаруй жил бий болсон ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан, монголын хөрсөнд үржиж соёолж чадсан дэвшилтэт бүхэн тасалдаж, тасрах ёсгүй.

Хоёрдугаарт, ямар нэг судалгаа тооцоогүйгээр, салбарынхаа ажилтан, багш, суралцагсад, эцэг эхчүүдийнхээ санаа бодлыг сонсож хэлэлцүүлэхгүйгээр муйхар өөрчлөлт, дур зоргын шийдвэр гаргаж болохгүй.

Гуравдугаарт, багш боловсролын салбарын ажилтууд, суралцагсдын хөдөлмөр бодитой, шударга үнэлэгдэх учиртай. Энд ямар нэг хэлбэрийн ялгаварлал, субьектив хандлага байж таарахгүй.

Дөрөвдүгээрт, багш нар, манай салбарын ажилтан ажилтнууд ногдсон ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэх нийгмийн баталгаагаар хангагдсан байх ёстой. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн боломжтой уялдахаас өөр аргагүй.

Тавдугаарт, бүх шатанд эрх хийгээд үүргийн, хөдөлмөрийн сахилга хийгээд хариуцлагын, хууль хийгээд ёс суртахууны зохистой нэгдэл хангагдаж байх нь чухал. Энд төвлөрөл бие даасан байдлын зохистой харьцаа хадгалагдах ёстой. Энэ таван гол зарчмыг салбарынхаа ажилд хэвшүүлэхийг би хичээн зүтгэх болно гэв.

Сайдын хэлсэн үгтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл http://www.mecss.gov.mn/post17081401 хаягаар ороорой.

“Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20-иод жил үндсэндээ унтаа байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын бизнесийн зөвлөлөөс “Blue sky” зочид буудалд зохион байгуулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын эхэнд зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол татвар төлж, хүмүүс цалинжуулж, аж ахуй эрхэлж ирсэн туршлагатай хүн гэдгийг онцлон уулзалтад оролцогчдод түүнийг товч танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг уулзалт дээр хэлсэн үгэндээ “Эрхэм бизнес эрхлэгчид, ажил хэрэгч анд нөхөд, хатагтай, ноёд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе.

Монголын бизнесийн зөвлөл сар бүр ийм уулзалт зохион байгуулдаг. Энэ уулзалтыг зохион байгуулж байгаа Монголын бизнесийн зөвлөлийнхөнд талархал илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөөд 34 хонож байна. Үүнээс хойш анх удаа олон нийтийн байгууллагынхантай уулзаж байна.

Бизнесийн зөвлөлийн уулзалт нь Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын гадаад, дотоод орчин, хууль зүйн орчинг зохистой болгох талаар хуралдаж байгаа гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалтын талаар, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар та бүхнээс бас санал гарна гэж найдаж байна.

Сая болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, тогтвортой бодлого гаргах, бизнесийн хумигдсан орчинг дэлгэрүүлэх, томруулах хүсэлт ард түмэнд байгааг илэрхийлсэн гэж бодож байна.

Нэгдүгээрт, гадаад бодлогын тал дээр олон санал ирдэг. Монгол Улс нэгдмэл гадаад бодлоготой байх ёстой гэсэн зарчим дээр би хатуу байна. Ерөнхийлөгчийн бодож байгаа гадаад бодлого, Гадаад харилцааны яамны бодож байгаа гадаад бодлого гэсэн зүйл байхгүй.

Сонгуулийн үеийн, нам хоорондын асуудал, олон ургалч үзэл зэрэг бол манай дотоод асуудал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Засгийн газартайгаа гадаад бодлого дээр нэгдмэл бодлоготой байна. Гадаад орнуудын Элчин сайд нар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл уулзалтад ирсэн учраас би гадаад бодлогын асуудлыг нэгдүгээрт ярьж байгаа юм.

Хоёрт, бизнесийн орчинг өргөжүүлж, хумигдсан бус, дэлгэрүүлж томруулсан дотоод эдийн засгийг тэлэх бодлогыг Засгийн газартайгаа ярилцаж, хамтарч хэрэгжүүлнэ. Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 онд нийгэм солигдсоны дараа ганзагын худалдаанаас үйлдвэрийн захирал хүртэлх дунд давхаргын замыг туулсан. Ийм учраас бизнес эрхлэгчид надтай нэг сэтгэлтэй, хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаарай гэж хэлье.

Бизнесийг судалгааны үндсэн дээр хийдэг гэдгийг бизнес эрхлэгчид та бүхэн сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд би гурван удаа УИХ-д сонгогдож хууль тогтоогчоор ажилласан. Энэ хооронд хоёр удаа Засгийн газарт орж ажилласан. Энэ туршлага, судалгаан дээрээ үндэслэж хэдэн санал хэлье.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар 2008-2012 онд дөрвөн жил ажилласан. Ингэхдээ Монголын 21 аймгийг Улаанбаатартай авто замаар холбох зураг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийлгэсэн. Энэ бол нэлээд том ажил. Мөн Замын-Үүдээс Алтанбулагийг холбосон 1100 км хурдны авто замын зураг төсөл, судалгааг хийлгэж батлуулсан. Энэ бол БНХАУ, ОХУ-ын хоорондын худалдааны эргэлтэд хамгийн дөт зам. Уралын нуруунаас нааших ОХУ-ын иргэд, Замын-Үүдэд төвлөрсөн худалдааны эргэлтийн хооронд маш богино хугацаанд худалдаагаар хангах транзит төсөл юм.

Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад судалгааны үндсэн дээр зураг төсөл хийгдсэн ийм бэлэн материал байгаа гэдгийг би үүгээр хэлж байгаа юм.

Өөр нэг том төсөл бол төмөр замын төсөл юм. Монгол Улс далайд гарцгүй, хоёрхон хөрштэй. Ийм нөхцөлд төмөр зам бол Монгол Улсын бизнесийн орчинг томруулж сайжруулахад хамгийн том гарц учраас УИХ-аар 2010 онд төмөр замын төслийг оруулж батлуулсан. Энэ нь эхний ээлжинд 460 км төмөр зам, түүн дээр 1800 км, нийтдээ Монгол оронд ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван хөндлөн транзит, нийт 5000 орчим км төмөр замын зураг юм.

Үүний 1800 орчим км төмөр замын ажлын зургийг судалгаатай нь хамт “Маккензи” гэдэг компаниар хийлгэсэн. Агаарын замын хувьд бодлогыг нь гаргасан учраас би энд бизнесийн тал дээр ярих зүйл байхгүй.

Мөн 21 аймгийн төвийг шинээр төлөвлөж, зураг төсөл гаргах ажил руу орсон. Эхлээд Баянхонгор аймгийг жишиг болгохоор тус аймгийн төвийг шинээр байгуулах зураг төсөл рүү орсон. Зуун мянган айлын орон сууц хөтөлбөр мөн эхлээд явж байна. Мөн дагуул “Майдар хот” гэж 400 мянган хүн амьдрах шинэ хотыг Улаанбаатар хотын ойролцоо байгуулахаар Германы өндөр түвшний архитекторчдоор зургийг нь зуруулж бэлэн болгосон. Хөрөнгө оруулахад бэлэн байна.

Дараагийн салбар бол ХАА. ХАА бол манай орхигдсон бөгөөд хамгийн том салбар. Өнөөдөр 60 сая малтай гэдэг боловч мах, арьс, ноос, ноолуураа зарж чадахгүй байгаа. Би үүнийг мартагдсан салбар гэж байгаа юм.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газартай хамтарч ХАА-н салбарыг бодлогын хувьд уул уурхайтай зэрэгцэхүйцээр гаргаж ирнэ гэсэн үзэл бодолтой байна. Жил бүр бид 10 сая орчим ширхэг арьс ширийг хагас боловсруулж буюу бараг түүхийгээр нь, нэмүү өртөг шингээлгүй экспортолдог.

Дэлхийн ноолуурын 30 хувийг Монгол Улс түүхий эдээр нь гаргадаг гэдэг боловч өнөөдөр энэ салбар бодлогын хэмжээнд дэмжигдээгүй. Дандаа арилжааны зээлээр ноолуурын үйлдвэрүүд ажилладаг учраас босч хөл дээрээ зогсоход хэцүү. Ихэнх ноолуурыг түүхийгээр БНХАУ руу экспортолдог.

Арьс шир боловсруулах үйлдвэрийн судалгааг Испанийн дизайнер, архитекторчдоор хийлгэсэн. Нийтдээ 300-400 сая орчим ам.доллараар жилд 10 сая орчим ширхэг арьсыг хагас боловсруулж, түүнээс бэлдэц бэлдэж Европ руу экспортолно гэсэн бэлэн төсөл бий.

Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг тодорхой бодлогын хэмжээнд урт удаан наслуулах зорилготойгоор Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн хатуу бодолтой байна. Учир нь, өнөөдөр манай бизнесийн орчин маш хумигдмал, улс төр, бизнесийн бүлэглэлүүд үүсчихсэн байгаа.

Үүгээр яриагаа өндөрлөж, асуулт, хариултад оръё” гэлээ.

Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй чөлөөтэй ярилцаж, олон асуултад хариулт авсныг товчлон хүргэе.

Оролцогчдын зүгээс Монгол Улсын татварын орчин ойлгомжгүй, олон улсын татварын стандарттай зөрчилддөг. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгааг сонирхлоо. Энэ тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ажилгүйдэл, ядуурал гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулалт чухал. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжих шаардлага гардаг. Хамгийн гол нь, татварын бодлого ойлгомжтой, тодорхой байх ёстой. Хөрөнгө оруулагчдын хувьд хөгжсөн орнуудад дөхөж очоосой гэж энэ бодлогын тухайд хүлээлт байгаа байх. Тэдний хүсч байгаа энэ асуудалд анхаарч хамтраад саналаа тусгаад хуулийн төсөл санаачлаад ажиллаж болох юм” гэв.

Монгол Улсын макро эдийн засгийг хэрхэн дүгнэж байгаа болон Монгол Улсын эдийн засаг сэргэсэн эсэх талаархи асуултад Монгол Улсын Ерөнхийлөгч хариулахдаа “Том бизнесийн орчин манайд алга, эдийн засгийн орчин маш хумигдмал байна. Үнэндээ манай эдийн засаг сүүлийн 20-иод жил унтаа байна, сэргээ ч үгүй, унаа ч үгүй. Нүүрсний үнээс л хамаарсан үзүүлэлт. Нүүрсний үнэ өсөхөөр эдийн засаг өслөө, нүүрсний үнэ унахаар Монголын эдийн засаг уналаа гэж үзэх бол өрөөсгөл ойлголт. Саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонголт бол Монголын эдийн засгийг сэргээгээч гэсэн сонголт гэж ойлгож байгаа. Энэ танхимаас бүгдээрээ эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл үнэмшилтэй гарцгаана шүү. ”

Уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодлого баримтлах тухайд мөн оролцогчид сонирхсон юм. “Уул уурхайн салбарыг дэмжинэ. Стандартын технологи, стандартын гэрээ хэлцэл л байх ёстой гэсэн зарчим баримтална. Уул уурхайн салбарт маш их хэмжээний мөнгө яригдаж байдаг учраас улстөрчдийг худалдан авч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах, авлига өгөх гэх мэт асуудлаас болгоомжлох хэрэгтэй гэж үзэж байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулав.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа хий хоосон магтан дуулахын оронд жинхэнэ эх оронч сэтгэлээр хөгжүүлмээр байна

Төр засгийн зүгээс аялал жуулчлалыг нэмэгдүүлж гадны жуулчдыг татах янз бүрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж байдаг. Гэвч бодит дүнгээр гадны жуулчдын тоо тэгтлээ нэмэгдсэнгүй. Харин дотоодын жуулчдын тоо жилээс жилд өссөн дүн мэдээ байна. Зуны гурван сард аялал зугаалгаар явдаггүй хүн гэж байхаа больсон байна. Амралтаа авсныхаа маргаашаас л аль нэг нутаг орныг зорин аялах болж. Гэр бүл, үр хүүхэд, хамт олон, найз нөхдийнхөө хамт эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалж буй. Миний, бас таны танилууд үзэсгэлэнт газруудаар аяласан тухай зурган тэмдэглэлийг өөрийн цахим хуудсаар танилцуулж эх орноо магтан дуулж байгаа нь тун сайн хандлага. Улаанбаатарт төрж, өссөн сүүлийн үеийнхэн улсынхаа үзэсгэлэнт газруудтай танилцан, байгалийн сайхныг биширнэ гэдэг бол эх орноо хайрлах сэдлийг төрүүлэх чухал алхам юм. Зөвхөн улаанбаатарчууд гэлтгүй орон нутгийнхан ч гэсэн бусад аймаг, сумаар явж дотоодын жуулчлалыг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн жил л гэхэд Хөвсгөл нуурын эрэгт 300 гаруй мянган дотоодын аялагч очиж амарсан гэх тоог салбарынхан нь гаргасан байна лээ. Ингээд бодохоор яах аргагүй дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байна. Аялал зугаалгаар явсан ихэнх хүн эх орныхоо байгалийн сайхныг шагшин магтсаар ирдэг. Гэхдээ бид аялж явах үедээ өргөн уудам нутаг орондоо эзэн нь болж төрснөөрөө хоосон бахархах биш жинхэнэ эх оронч сэтгэлээр хайрлаж, хамгаалдаг болмоор байгаа юм. Хайрлаж, хамгаалахын хамгийн наад захын жишээ нь хог хаяхгүй байхад л болчихно. Иргэдийн аялж зугаалж байгаа газрыг тэр гээд шууд хэлчихэж боломгүй. Яагаад гэвэл дотоодын аялагчид эх орныхоо өнцөг булан бүрт хүрч байдаг. Хөвсгөл нуурын эрэг дээр амарлаа, Увсын Хяргас нууранд очоод ирлээ, Өмнөговийн Ёлын ам үнэхээр сайхан байгальтай юм, Говь-Алтайн Эрээн нуурт заавал очиж үзээрэй, Дарьганга орж Шилийн богдод хийморио сэргээлээ гэхчилэн дөрвөн зүг, найман зовхист дураараа зугаалах болжээ. Харин яваад ирлээ гэх тэдний аян замын сонинг сонсох бүрт хог хаягдлаа яагаа бол гэх болгоомжлол төрөх юм. Арай Туулын эрэг шиг хогоор дүүргээд хаячихдаг юм биш байгаа даа. Нийслэлийнхэн Туулын эргийг ямархан дүр зурагтай байгааг дэндүү сайн мэднэ дээ. Эрэг дээр нь очоод суух байтугай зогсох цэвэрхэн газар байдаггүй. Мэдэхгүй хүнд энд чинь юу болоо вэ гэж гайхмаар дүүрэн шилний хагархай, тамхины иш, хоолны үлдэгдэл байдаг. Өрөөсөн гутал, нэг удаагийн цаасан аяга, халбага сэрээ гээд юу эс тэнд байдаг билээ дээ. Наадмын дараахан Туулын эрэг дээр хэсэгхэн саатах гэх нь ээ суух газар үнэндээ олдохгүй байсан даа. Тэр их хогийг харсан дөрөвхөн настай хүүхэд “Дэлхий ямар хогийн сав юм уу. Хүмүүс яагаад энд хог хаясан юм бэ” гэж ихэд гайхан асууж байсан шүү. Гэтэл нас биед хүрсэн, томчууд хог хаяж байгаа нь харамсалтай. Үүн шиг байгалийн үзэсгэлэнт газраар аялж яваа дотоодын жуулчид гайхан биширч, магтан дуулаад байгаа үзэсгэлэнт газрууддаа хогоо үлдээгээд явдаг юм биш байгаа даа. Аялсан газар бүртээ хог тарихгүй, ширхэг тамхины иш үлдээхгүй буцна гэдгийг л эх орноо хайрлах жинхэнэ сэтгэл гэж хэлэх гээд байгаа юм. Хог хаяхгүй, соёлтой зугаалахад тухайн нутгийн байгаль хамгаалагч нарын нөлөө их. Цэвэрхэн, ширхэг ч хоггүй аялал жуулчлалын бүс нутгийн том жишээ нь Отгонтэнгэр хайрхан байх. Очирвааньд мөргөж Отгонтэнгэр хайрханд сүслэх гэсэн хүмүүс нэг л газраар өвөр бэлд нь очдог. Тэнд байгаль хамгаалагчийн гэр бий. Очсон хүн бүрт хог хаяж болохгүй талаар сануулдаг болохоор тэр хавь хачин цэвэрхэн. Тэндээс ширхэг цаас олоод ир гэвэл бэрх санагдана. Угаасаа олдох ч үгүй биз. Бас орох хаалганы дэргэд хог хаяж болохгүй тухай сануулан бичсэн байдаг учраас хүн бүр хог хаяхгүй байхыг дор бүрнээ хичээдэг. Хичээвэл байгалийн сайхныг хадгалж чаддагийн жишээ энэ юм.

Өнөө жилийн хувьд нийт нутгаар ган гачиг ихтэй байна. Нийт нутгийн 70 хувь нь гандуу байгаа сурагтай. Хэт их халалтаас болж тал нутагт зээрийн сүрэг бөөн бөөнөөрөө харангадан үхэж байна. Хэзээ ч хүний гар хардаггүй хээрийн шувууд хатмал цөлд учраа олохгүй үхэлтэй тэмцэлдэн аврал эрж буй тухай мэдээг хүн бүр олж харсан байх. Өвс ногоо хатсанаас мал сүрэг олигтой тарга тэвээрэг авч чадахгүй эцэнхий байгаа мэдээ хөдөө орон нутгаас ирж байна. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, ширүүн бороо орж байгаа хэдий ч зуншлагад олигтой нөлөөлөхгүй нь. Хүчтэй ширүүн бороо үер болж байгаа учраас хөрсөнд ач тусаа өгөхгүй. Үер хэсэг газрыг сүйдлээд дуусдаг. Нийслэлд гэхэд үер усны хамгаалалтгүй газарт буусан айлуудыг усанд автуулахаас өөр зүйлгүй. Орон нутагт ч гэсэн зам, гүүр эвдлээ гэх муу мэдээ л дагуулах юм. Бид байгалийн хүчийг сааруулж, өөрсдөдөө хэрэгтэй байдлаар зохицуулж чадахгүй ч гэлээ үерийн усыг ашигтай болгох боломжтой. Цөлжилт, ган гачигтай тэмцэх арга нь хөв цөөрөм байгуулах гэж мэргэжлийн улс ярих юм билээ. Үерийн усыг тогтоон бариад цөөрөм байгуулж болно. Түүгээрээ ган гачгийг тайлж яагаад болохгүй гэж. Учиргүй өвс ногоо ургуулаад байдаггүй юмаа гэхэд ангаж үхэхийн даваан дээр байгаа амьтдын голыг цайлгах боломжтой. Ер нь тэгээд хөв цөөрөм байгуулчихбал тухайн газрын эргэн тойронд зуншлага сайжирч усны шувууд хүртэл ирдэг гэнэ. Тиймээс хариуцсан газрууд нь үүнд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Заавал Байгаль орчны яамыг хараад байлгүй орон нутгийн удирдлагуудад хөв цөөрөм байгуулах ажлыг санаачлаад хийх боломж бий шүү дээ. Нутгийн зөвлөлийг үүнд анхаарал хандуулж ажиллахыг сум, орон нутгаас нь уриалах хэрэгтэй. Ер нь нутгийн зөвлөл ямар зорилготой, үүрэгтэй ажилладаг юм бэ. Тухайн аймаг, сумын сор нь болсон манлайлагч нар нутгийн зөвлөлд байдаг. Тэгвэл тэд шинэ жил, цагаан сараар хотод байгаа нутгийнхнаа цуглуулж золгох шоудах, наадмаар цол авсан бөхчүүддээ байр, машин бэлэглэхээс өөр ажил хийдэг болмоор байна. Өөрөөр хэлбэл нутаг орондоо хэрэгтэй зүйл хийж, уралддаг болъё. Жинхэнэ хэрэгтэй зүйл нь хөв цөөрөм л байгуулах байна даа. Тэгж чадвал нутаг орон нь зуншлага сайтай, мал сүрэг нь тарга тэвээрэгтэй байх боломжтой. Ингэж жинхэнэ эх оронч үзлээр Монголын үзэсгэлэнт нутгаа бодитоор хайрладаг болцгооё. Хөв цөөрөм байгуулах ажлыг намар оройхон эхлүүлдэг гэсэн. Удахгүй тэр цаг ирэх нь. Уулын арын, гүн жалганд шороогоор далан барьж хөв цөөрөм байгуулдаг. Зардал мөнгө ч харьцангүй боломжийн. Нэг хөв цөөрөм байгуулахад дунджаар 7-8 сая төгрөг шаардлагатай гэсэн. Ийм хэмжээний төсвийг нутгийн зөвлөлийнхөн төвөггүй гаргах байлгүй дээ. Тэгээд ч энэ бол цол авсан бөхийг байлж шагнахаас тэс өөр асуудал. Иргэд ч иймэрхүү өндөр ач холбогдолтой ажлыг дуртай дэмжих байх. Бид эвлэлдэн нэгдэж чадвал ямар ч ажлын ард амжилттай гарч чаддагийн жишээ олон. Сая улсын хэмжээнд хэд хэдэн газар гарсан түймрийг унтраахын тулд яаж нэгдлээ дээ. Хэний ч шахалтаар биш эх орноо хайрлах сэтгэлээр эвлэлдэн нэгдсэн. Эх орныхоо төлөө нэгдэж чадаж байна. Үүн шиг хөв цөөрөм байгуулахад нутгийн залуус санал санаачилга гаргаж ажиллаасай. Нэг аймаг, эсхүл сумын залуус нутаг орондоо хөв цөөрөм байгуулсан тухай, түүний үр нөлөө хэрхэн гарч буй талаар зөв мэдээлэл түгээгээд эхэлбэл бусад нь сайн жишгийг дагах нь дамжиггүй. Тэгэхгүй бол манайх шиг улсын нөөц багатай орон хуурайшилтын өмнө хүчин мөхөсдөхөөс өөр гарцгүй болно. Туул, Хараа, Ерөө, Хэрлэн гээд томоохон гол мөрөн ширгэж байгаа сэтгэл өвтгөм мэдээ дуулдаад л байдаг. Энэ хэвээрээ байвал муу мэдээ улам л нэмэгдэх байх. Ангижрах арга нь байгалийн усыг ашиглаж хөв цөөрөм байгуулах. Ингэж байгалийн хүчний эсрэг хүн төрөлхтний авч буй арга хэмжээ дэлхийн бусад оронд ч хэрэгжиж байгаа. Европын улс оронд л гэхэд ой мод нь байгалийнхаараа биш таримал байдаг гэсэн. Ойгоо хяргаж дуусаад өөрсдөө тариад ургуулчихдаг юм билээ. Манайх ч бас мод тарих үндэсний өдөртэй болсон. Европ шиг бүх модоо хяргаад дуусгачихаагүй юм чинь одоо байгаа ойгоо хамгаалж, арчилж баймаар юм. Бид уудам сайхан, онгон зэрлэгээрээ сайхан байгальтай улсын иргэд гэж хий хоосон магтан дуулахын зэрэгцээ одоогийнхоос илүү хөдөлмөрлөж, байгаа зүйлээ хайрлан хамгаалах хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Амлалт авсан бол хулхидах гээд байх шаардлагагүй

“Өдрийн сонин”-ы 2017.08.07 Даваа гаригийн 167 (5734) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-оуВс-гийн ажлын хэсгийнхэн манай оронд хэрэгжиж эхэлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийнхөө эхний үнэлгээг хийгээд явлаа. Хүүхдийн мөнгийг эргэж хар гэж байна. Та ОУВС-гийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа бол. Тэднийхээр хөрөнгө оруулалт сэргэж, нүүрсний үнэ өсч байна гэж үнэлгээндээ дурдсан байна лээ?

-Гадны хөрөнгө оруулалт сэргэсэн эсэхийг мэдэхгүй. Төлбөрийн балансын хамгийн сүүлчийн тоонуудыг харахад ямар ч байсан хасахтай байсан. Энэ хугацаанд гадаад талдаа манай эдийн засгийг эерэгээр харах боломж үүссэн үү гэвэл, үүссэн. Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар босгосны дийлэнхийг нь Азийн хөгжлийн банк гаргана. ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Матай гээд хүний хэлснээр Монголын эдийн засаг гайгүй болно. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гээд ярьсан байна лээ. Төлбөрийн тэнцэл нэлээд гайгүй болсон. Төлбөрийн тэнцэл дотроо урсгал тэнцлийн алдагдал гэдэг зүйл ганцхан абсолют тоогоор бус ДНБтэй харьцуулдаг. Жишээлбэл, ДНБ-ий төлбөрийн тэнцэл 12 байснаа 8, 2 боллоо гэж бодъё. Ингээд багасаад байгаа нь сайн юм уу гэх мэтээр энэ тал дээр иж бүрэн дүн шинжилгээ хийж ярьдаг. Өөрөө хэлбэл төлбөрийн урсгал тэнцэл гэдэг маань Монгол Улсын хуримтлал, хөрөнгө оруулалтын зөрүү болон Монгол Улсаас гадагшаа гаргасан төлбөр, гаднаас ирсэн хөрөнгө оруулалтын зөрүү гэх мэтээс хамаардаг зүйл. Энэ талаас нь бодоод эдийн засаг хоёр хувь өснө гээд бодохоор энэ сайн мэдээ. Гэхдээ энэ тогтвортой юу, төсвийн алдагдал хэд байгаа билээ. Гадаад худалдааны тэнцэл нэмэх тэмдэгтэй гарсан. УИХын дарга гадаад худалдааны тэнцэл анх удаа нэмэх тэмдэгтэй гарлаа гэж байсан даа. Эдийн засгийг хэмждэг үзүүлэлт энэ биш. Эдийн засгийн гол хэмжүүр маань өрхийн орлогын худалдан авах чадвар яаж өсч байна вэ. Хоёрдугаарт, компаниудын үйл ажиллагаа яаж идэвхжиж байна вэ, хөрөнгө оруулагчдын итгэл хэрхэн нэмэгдэж байна вэ гэх мэтчилэн үзүүлэлтийг харах ёстой.

Одоо ОУВСгийн хөтөлбөр хэрэгжээд явж байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоно гэж байгаа нь зарчмын хувьд зөв. Манай төрөөс олгож буй мөнгөн шилжүүлгүүдийг иж бүрэн авч үзэх шаардлагатай. Зорилтот бүлгүүддээ хүрч чадаж байна уу. Төр мөнгөн шилжүүлэг хийлээ гэхэд иргэд хариу үйлдэл үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл ядуу иргэдэд хүнсний талон өглөө гэхэд хүүхдээ вакцинд хамруулах үүргээ умартаж болохгүй, ядах нь ээ хашаандаа мод тарьдаг ч юм уу байх хэрэгтэй л дээ. Мөнгөн шилжүүлэг гэдэгт нь жишээлбэл ноосны урамшуулал дээр ярья. Малтай өрхийн 54 хувь нь 200-гаас доош толгой малтай. Тэд нийт малын 15 орчим хувийг эзэмшдэг. Гэтэл нөгөө тал буюу 46 хувь нь 200гаас дээш толгой малтай. Энэ нь нийт малын 75 хувь. Тэгэхээр төрөөс тэр 75 хувийг дэмжих гээд байгаа юм уу. Энэ нь тухайлбал зорилтот бүлэг мөн үү. Ингээд бодохоор үүнийг ОУВСгийнхан мэдэх үү. Хүүхдийн мөнгө гээд л оролдоод байх юм. Жил бүр ноосны урамшуулалд зориулж тарааж буй 20 гаруй тэрбум төгрөг хэнд очиж байгааг судалж үзсэн үү. Тэр тал дээр нь Засгийн газар зөвлөгөө өгсөн үү. Энэ талын зүйлсийг нь ОУВС-гийнхан мэдэхгүй л дээ, хөөрхий. Үүнийг мэдүүлдэг байх хэрэгтэй. Ядах нь ээ, надтай ирээд уулзчихаж болно шүү дээ. Би сайхан тайлбарлаад өгнө. Хүүхдийн мөнгийг би эсэргүүцдэг байсан.

-Одоо эсэргүүцэхээ больчихсон юм уу?

-нэг логик гарч ирсэн л дээ. тэрийг Ц.элбэгдорж надад хэлж байсан юм. “тэртээ тэргүй цацаад идээд байна шүү дээ. тиймээс хүүхдүүддээ өгчихье” гэж байсан. энэ зөв. Хүүхдүүддээ ялгаварлалгүй өгчихье гээд энэ тал дээр би зөөлрөөд байгаа юм. ам бол ам. Ийм амлалт авсан бол хулхидах гээд байх шаардлагагүй. Үүний оронд оувс-тай бүтээлчээр ярилцаад бид ноосны урамшуулал гэх мэт татаасуудаа яаж оновчтой болгох вэ, нийгмийн халамжийг зорилтот бүлгүүддээ яаж хүргэх вэ, бусад улсууд шиг нөхцөлт мөнгөн шилжүүлгийн хэлбэрт оруулах уу гэх мэтчилэн зүйлсийг ярих ёстой л доо. Энэ талаас нь харахаар оувс-тай тохирсон хэдэн макро үзүүлэлт, гүйцэтгэлийн шалгуурын хүрээнээс давж ярих шаардлагатай юм.

Монгол улсын иргэд, аж ахуйн нэгж, засгийн газарт байгаа хуримтлалын нийлбэр нь ДнБ-д харьцуулсан эсхүл үндэсний эзэмшлийн нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа хэд юм гэдгийг ОУВС-гийнхан мэдэх үү. Үүнийг гаргаж тооцдог уу. Энэ мэтчилэн бүгдийг нь гаргаад Монгол улс өөрийгөө санхүүжүүлэх харьцаа нь хэд юм гэдгийг нь тооцохоос эхлээд асуудалд иж бүрэн хандах шаардлагатай.

-Оны эцэст эдийн засгийн өсөлт хоёр хувь байна гэж ОУВС үнэлгээндээ дурдсан. Манай Засгийн газар эхний хагас жилийн байдлаар эдийн засаг маань 4.2 хувийн өсөлттэй гарсан гээд байгаа. Тэгэхээр оны сүүлийн хагаст эдийн засагт өсөлт гарахгүй гэсэн үг үү?

-Хоёр хувийн өсөлттэй гарна гэсэн байна лээ. Хоёр хувь гэдэг маань бага өсөлт. Хоёр хувийн хэдэн хувийг нь өрхийн эцсийн хэрэглээ хангаж, хэдэн хувийг нь цэвэр экспорт буюу гадаад худалдааны тэнцлийн зөрүү хангах юм, хөрөнгө оруулалт хэдэн хувь байж хоёр хувь болох юм. саяхан Монголбанк төлбөрийн тэнцлийн статистикийг ОУВС-гийн зургадугаар аргачлал гэдгийн дагуу шинэчилсэн чинь 2011 оноос хойшхи урсгал тэнцэл, гадаад худалдаанд том өөрчлөлтүүд гарчихсан байгаа. Үүн дээр үндэслээд өмнө нь бидний тооцож гаргасан эдийн засгийн өсөлтүүд, ДнБ-ий тооцоонууд өөрчлөгдөнө. Магадгүй улстөрчид, улс төрийн намууд хоорондоо хамгийн их маргалддаг 17.3 хувийн өсөлт гэдэг маань өөрчлөгдөж магадгүй. эдийн засгийг хардаг макро үзүүлэлтүүдээс гадна судасны лугшилт болох өрхүүд татвар бүх юмаа төлөөд үлдсэн орлогыг инфляциар засварлахад худалдан авах чадвар нь гараад ирнэ. Худалдан авах чадвар нь энэ жилүүдэд болон дараагийн онуудад яаж өөрчлөгдөх юм. Өрхийн эзэмшлийн орлогын худалдан авах чадварын талаар ОУВС, Засгийн газар, УИХ ярьж байна уу. Үүнийг бодоод л хэлээд байгаа юм. одоо оувс-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. энэ бол стандарт багц. тиймээс уг багцаас гарч сэтгээсэй л гэж бодох юм. тоо, дүн шинжилгээ нь байна. Саяхан би Монголын эдийн засгийг нэгхэн хуудсанд багтаалаа гээд гаргаж тавьсан. Энэ чухам юу юм.

-Твиттер хуудаснаа нээрээ тавьсан байна шүү. Монголын эдийн засгийг нэг хуудсанд багтаана гэдэг амаргүй байх…

-Миний энэ яриад байгаа бүх үзүүлэлтүүд юм шүү дээ. Би залхуу учраас ганц хуудсанд багтаасан хэрэг. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд үүнийг хараад тэр тоонуудыг ойлгодог болчихвол хэцүү зүйл биш. Үүнийг харж байгаад оувс-тай ярьдаг байх хэрэгтэй. Үндэсний хуримтлалыг хэрхэн өсгөх вэ, бид хэчнээн жил гаднаас зээл авч явах вэ, тэр дундаа өрхийн хуримтлалыг яаж өсгөх вэ, яаж юм хийдэг үндэстэн болох вэ гэдэг ч юм уу бодлогын том том асуудлыг энэ дөрвөн жил оувс-гаас асуу. Бүх судалгаа нь бий. Ингэж задгайрч ярьж, гарч сэтгэх ёстой. түүнээс бид ДнБ тэдэн хувиас хэтрэхгүй гэсэн. тэр болчихлоо гээд явж болохгүй.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт хөдөлгөөнүүд хийгдэх гэж байх шиг байна. Тухайлбал, банкуудын активын үнэлгээний шалгалт хийнэ гэсэн байна лээ?

-2015 оны уИХ дээр Монголбанкны жил бүрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр банкны хөрөнгийн активыг сайжруулах тухай, активын удирдлагын институци байгуулна гэж орж ирсэн. Банкнуудын актив хүндрэл гарсан үед чанартай байж чадах уу гэдгийг нь үзэх нь ээ дээ. санхүүгийн тогтвортой байдалд л хамаатай буюу макро зохистой бодлогыг Монголын банкууд дээр хэрэгжүүлэхийн тулд оувс үүн дээр туслах гэж байгаа юм. саяхан Монголбанкны ерөнхийлөгч н.Баяртсайхан “Малыг хөрөнгө гэж үзэхгүй” гээд хэлчихсэн талаар ярьсан. нэг их наядын малаа барьцаалаад 400 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнийг яагаад барьцаа хөрөнгө гэж үзэхгүй байна вэ гэдэг эдийн засгийн эрхзүйн ойлголт шаардагдана. Үндэсний тооцоо гэдэг системд малыг юу гэж ангилдаг вэ гэдэг нь байгаа. Тэр талаас нь бодож оувс бодож төлбөрийн тэнцлийн статистик гаргах тал дээрээ хэлсэн байж магадгүй. гэхдээ бодит амьдрал дээр дэлхийн бусад оронд байдаггүй цалингийн, тэтгэврийн зээл гээд байна шүү дээ. Үүнтэй адил малчдын гол хөрөнгө болох малыг банк үнэлээд зээл өгч байгаа. Үүн дээр маргаад байх зүйл байхгүй. тухайлбал, малчдаас малын хөлийн нэг хувийн татвар авъя гэж байгаа. Үүнийг оувс-гийнханд тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Мөн лицензийг барьцаа хөрөнгө гэж үзэхгүй гэсэн. Лиценз гэдэг чинь үйлдвэрлэгддэггүй санхүүгийн бус актив гэж явдаг. Үүнийг үндэсний тооцоонд тооцох бас нэг онцлог бий. Үүн дээр маргалдаж, тодруулах эрхзүйн талын асуудлаа оувс-гаас тодруулах ёстой. оувс яагаад тэгээд байгаа юм.

-Харин яагаад тэгээд байгаа юм бол?

-Олон улсын стандартынхаа дагуу л тэгээд байх шиг байна. Үндэсний стандарт, олон улсын стандарттай зохицуулсан зүйлсээ гаргаад тайлбарлах ёстой шүү дээ. учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч, төвбанкны ерөнхийлөгч нар нь энэ хоёр зүйлийг тайлбарласан. Тэр үед би бодож л суулаа.

оувс-гийнхан улирал бүр ирж үнэлгээ өгөөд явна. Банкны хөрөнгийн тал дээр иж бүрэн шинжилгээ хийх гэж байгаа юм билээ. төлбөр түргэн гүйцэтгэх чадвараас эхлээд банкуудын зохистой харьцаа гээд явчихна. Монгол улс хамгийн өндөр хүүтэй дэлхийн орнуудын эхний 20-д явж байна. Бодлогын хүүгийн өндөр шинж нь 11 дүгээрт байгаа бол хадагаламжийн хүү нь дөрөвт байх жишээтэй. энэ эрүүл хэвийн үзэгдэл мөн үү. Үүнийг яаж засах вэ гэдэг дээр яагаад ярихгүй байна вэ. тиймээс Ерөнхийлөгчид ардчилсан намынхан дөрвөн төрлийн зээлийг чөлөөлөх асуудлыг тавьсан байх аа.

-Иргэд авсан зээлээ төлөх учиртай. Гэсэн ч болоод бүтчих юм шиг зүйл ярингуут нь түүнд итгэгчид маш их байсан…

-Энэ хариуцлагын асуудал. зээл авсан бол төлөх ёстой. Иргэдийн зээлийг шууд өршөөчихсөн түүх байдаггүй юм. гэхдээ 1990 оны эхээр норвеги улсад иргэдийнхээ моргейжийн зээлийн 90 хувийг хөнгөлж өгч байсан. Өмнөд африкийн бүгд найрамдах улс, а ну ч гэдэг юм уу орнуудад зээлийн өрийг өршөөх хууль гарч байсан. Манайх өршөөлийн хууль баталсан. Гэхдээ үүнд нь иргэдийн зээл багтаагүй. тэр талаас нь бодож зээлийн түүхийг нь өршөөдөг байж болно. зарим хүмүүс зээл авчихаад дараа нь дахин зээл авах гэхээр зээлийн түүх чинь муу байгаа тул өгөхгүй гэдэг. тиймээс зээлийн түүхийг нь өршөөчих боломжтой юм. Бүх насаараа ажилласан хүмүүс тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхгүй болохоор тэтгэврийн зээл авдаг. тэр нь 18-22 хувийн хүүтэй байдаг л даа. тухайлбал, үүн дээр бодогддог хүүгийн бодолтыг бодит амьдралд нь нийцүүлэн бодож болно. ану гэхэд ан-ынхны тавьсан санал шиг зүйлийг юу гэж байна гэхээр ихэвчлэн моргейж, оюутны зээл хоёрыг л ярьдаг. Манайд моргейж яригдах ёстой. Би моргейжийн зээлийн судалгааг хийж байна. Үүнээс анзаарахад бид оромжийн ядууралд орох гээд байгаа юм.

-Оромжийн ядуурал гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Анх моргейж авахдаа орлогынхоо тэдэн хувиар төлж байна гээд банкинд тооцоо гаргаж өгсөн байж таарна. Гэтэл бодит амьдрал дээр эдийн засаг унаж, орлого багасаад ирэхээр таны моргейж авахдаа амласан орлого, зарлагын харьцаа бодит амьдрал дээр зээл, орлогын харьцаа бодит 50 хувиас илүү гараад ирэхээр та дутуу гачуу амьдарч эхэлнэ. Үүнийг оромжийн ядуурал гэдэг. энэ оромжийн ядуурал манайд хэр зэрэг байна вэ. Моргейжийн хүүг найман хувь болгохгүйгээр яаж шийдэж болох вэ гэдэг судалгаа маань есдүгээр сарын сүүлээр дуусна. Үүнийг төвбанкинд хүлээлгэж өгнө. орон сууц худалдан авах боломжийн индекс буюу бодит орлого, моргейжийн төлбөр, хүү төлөх нөхцөл нь яаж тохирч байна, үүнийг яаж сайжруулах вэ. энэ мэтчилэн зүйлсээс улбаалан иргэд их хэмжээгээр байр түрээслэн амьдарч байна. түрээсийн төлбөр ба орлогын харьцаа ямар байна вэ. түрээсийн төлбөр нь хүмүүст сонголт өгч чадаж байна уу гэдгийг ярьж болно.

-Судалгаагаа та дуусаагүй байгаа юм байна. Гэхдээ урьдчилсан байдлаар ямар харьцаатай байна гэж харагдах юм бэ?

-Орон сууц худалдан авах боломжийн индекс 100 хувь байх ёстой гэж бодъё. 100 хувь нь нэг гэсэн кэофициент. нэг гарч байвал боломжийн нэгээс дээш гарвал бүр сайн. энэ хэмжээнд хүрэхгүй бол боломжийн биш гэсэн үг. Манай орны хувьд нэгд хүрээгүй байгаа. гэхдээ Н.Золжаргалыг мөнгө хэвлэсэн гээд яриад байгаа л даа. Мөнгө хэвлэж банкуудад өгч зорилтот хөтөлбөр болгож 90 мянган хүн хамруулсан төрийн оролцоотой зорилтот энэ хөтөлбөрийн хүчээр 90 хувь болсон. Үүнийг 100 хувь болгох нь чухал. Дараагийн ээлжинд орлого нь хүчтэй өсөхгүй байгаа энэ тохиолдолд 1.1 саяас доош сарын орлоготой өрхүүд яах юм. энэ хүмүүс моргейжийг найман хувиар аваад явж чадах уу. Цаашид моргейжээс орж ирсэн мөнгөөрөө дараагийнхаа моргейжийг санхүүжүүлээд явах юм уу, төр нэг удаа 300 тэрбум төгрөгийг мөнгө хэвлэх байдлаар моргейжээ сайжруулаад явах уу. Үүнийг демограф талаас нь бодоод хэн авч байна вэ гэвэл залуус ихэвчлэн авч байна. Манайхан тэтгэврийн нас энэ тэр гэж яриад байгаа биз. Тэгвэл тэтгэврийн насаа моргейжтэйгээ л холбо. Х.Баттулгад хэлсэн ан-ынхны зүйлсийг би олон талаас нь яриад байгаа юм шүү. Өмнө нь танд ярьж байсан даа, Монгол улсад Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль тогтоомж хэрэгтэй байна гэж. төвбанкны сайн судалгаанууд байна. Жишээлбэл, Ган-Очир гээд судлаачийн Монголын өндөр зээлийн хүүг тайлах оньсого гээд. түүн дээр мөнгөний бодлогоор зээлийн хүү буурахад юу хийж болох вэ гээд байгаа юм. Дан ганц Монголбанк хийчихдэг ажил биш. санхүү талаас нь сангийн яам оролцоод татвар талын зүйлсээ яаж холбох вэ гэдэг ч юм уу хамтраад явж болно. Хууль эрх зүйн талдаа мөнгө хүүлэлт гэж юу юм гэдгийг тусгайлан заачихсан зүйл байдаггүй. зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын харилцаа Иргэний хуулиар явдаг. гэтэл мөнгө хүүлэлт гэдэг нь Иргэний хуулинд байдаггүй л дээ. гэтэл европын бүх орон, ану-ын штат бүрт бий. тиймээс мөнгө хүүлэлтийн эсрэг орчноо бий болгоё. Энэ мэтчилэн зүйлсийг хийгээд байвал иргэдээ өрийн хямралд орохоос сэргийлнэ. Өрхийн хэмжээний өрийн тогтвортой байдлын удирдлагыг хангах талаасаа анхаарах ёстой. тэгэхээр төвбанкны мөнгөний бодлогоор гадна макро ерөнхий бодлого, зээлийн хүүгийн хязгаарлалтыг бий болгох ёстой. гэхдээ захиргааны аргаар зээлийн хүүгийн хязгаарлалтыг хийх нь оновчтой биш. сайн ёс суртахуун дээр суурилсан зохицуулалт европын улсуудад байна. Моргейж дээр хүртэл үүнээс илүү гарвал мөнгө хүүлэлт болно шүү гээд заагаад өгчихсөн байдаг. Үүнийг иж бүрнээр нь харсан зүйлийг Ерөнхийлөгч санаачилж болно. Үнэндээ энэ нь Ерөнхийлөгчийн хийх ажил биш л дээ. Их хурал хийх ёстой. Есөн хүнтэй ан-ын бүлэг санаачилж болно, эсхүл 65 хүнтэй ардын намын бүлэг санаачилж болно. ардын намын бүлэг санаачилбал бүр сайн. М.энхболд дарга 65 хүнтэй манай бүлэгт их хүч байна гэсэн. тэгвэл тэр хүчээ өрхийн зээл нь хүнд, бизнес нь өсдөггүй давжаа байдлаар олон жил болсон ийм орчныг өөрчлөх тал дээр 65 хүнийхээ хүчийг ашигла гэсэн үг. 65 хүн чинь ардаа бүгд сонгогчидтой. тэр сонгогчид чинь бүгд зээлтэй. эдний төлөө яв л даа. ард түмний төлөө явна гэдэг чинь энэ шүү дээ. Энэ утгаараа Их хуралд бүрэн эрх мэдэл нь бий. Ерөнхийлөгч дэмжиж болно, Ерөнхий сайд хэрэгжүүлж болно, төвбанкиндаа Их хурал нь үүрэг өгч болно. Хэсэг гишүүд нийлээд Монгол улсын мөнгө хүүлэлтийн эсрэг хууль санаачилж болно шүү дээ.

-Гэхдээ мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргаж чадах уу. Ард нь дандаа эрх ашиг явдаг шүү дээ?

-төвбанкны зүгээс өөрөө санаачлах хэцүү. судлаачид, арилжааны банкныхан эх үүсвэр нь өндөр өртөгтэй байна гэдэг. Хадгаламж эзэмшигчдэд төрөл бүрийн нөхцөл амлаад татан төвлөрүүлсэн хөрөнгө түүнээсээ илүү хүү нэмээд зээл олгож байгаа. Энэ хоёр зөрүүнд юу нөлөөлж байгааг дээр хэлсэн ган-очир гээд эдийн засагчийн судалгаанд байна лээ. Монголбанкны зүгээс хийж болох зүйлүүдийг судлаачид нь гаргасан байна. Илүү идэвхтэй мөнгөний бодлогыг хийх ёстой. төвбанк санаачилж болохоос гадна УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, УИХ тогтоолдоо эсхүл протокольдоо ингэж ингэж ажилла гээд заачих хэрэгтэй. Үүнийг төвбанк хийчихэж болно. Хадгаламжийн хүүг найман хувь гээд тогтоох боломжтой гээд байгаа. Инфляци багасчихлаа, инфляци учир зүггүй үсэрчих нийлүүлэлтийн талын шалтгаан байхгүй байна л даа. Эрэлтийн шалтгаан бий. Үүнийг нь УИХ-аас өгсөн даалгаврын дагуу инфляцийг онилох бодлогоор зохицуулаад байна. Ханшийн савлагаа учиргүй гарч ирэхгүй. эдийн засаг ингээд харьцангуй тогтворжих шатандаа орж байгаа энэ үед дээр хэлсэн зүйлсийг хийж болно. Бид санхүүгийн тогтвортой байдал гэхээр төвбанк, санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны ажил гэж ойлгодог. санхүүгийн тогтвортой байдлын нөгөө талд нь зээл авагчид байдаг. тэдний санхүү, зээлийн орчин тогтвортой байж санхүүгийн тогтвортой байдал сайн хангагдана.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байна. Эдийн засагч, улстөрч хүний хувьд үүнд анхаарал хандуулж байгаа байх. Гэхдээ улс төр гэхээсээ илүү эдийн засагтай холбоотой зүйлсийг нь харж байгаа болов уу, та. УИХ-ын гишүүд төсөв баталсны дараа зардал нэмэгдүүлдэг гэдэг шалтгаанаар төсвийн тодотгол хийгдэхгүй байх зүйл оруулж байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Таны байр суурь ямар байна вэ?

-олон нийтийн хэлэлцүүлэг хийе гэж байгаа бол яагаад твиттер дээр тавихгүй байгаа юм. УИХ-ын Тамгын газар, МАН, АН-ын хаяг твиттерт байж л байдаг. Тэгэхгүйгээр хаа нэг вэб сайт ухаад саналаа өгнө гэдэг утгагүй. Энэ талаас нь бодмоор юм. Хэлэлцүүлэг явагдаж байна гээд байгаа л даа. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа өөрчлөлтийг дэмжиж байгаа, эсэргүүцэж байгаа хэсэг саналаа хэлнэ. Гэтэл одоо сургалт явуулж байна гэсэн мэдээлэл гарч байна. Сургалт явуулаад шийдчихдэг зүйл Үндсэн хууль биш. Энэ мэргэжлийн ажил. Түүнээс биш орон даяар хэлэлцүүлж байна, иргэд дэмжиж байна гэсэн мэдээлэл гаргаад өнгөрөх зүйл биш.

Төсвийн зардлыг Засгийн газартай зөвшилцөнө гэж оруулж байгааг сонссон. Зөвшилцөнө гэж яадаг юм. Хуулиараа зөвшилцөнө гэдэг нь зүгээр л мэдээлэх үүрэгтэй гэсэн үг. Дээд шүүхийн тайлбарт бий шүү дээ. Үндсэн хуулинд төсвийн асуудлаар заалт оруулдаг хэд хэдэн улс бий. Үүнийг тэнцвэртэй төсвийн нэмэлт гэж оруулдаг юм. Зарим нэг хөгжсөн болон хөгжиж буй орнууд Үндсэн хуулиндаа “Улсын төсөв алдагдалгүй байна” гээд ганцхан өгүүлбэр оруулчихдаг. Энэ харин зүгээр юм биш үү гээд тухайн үед бодож байсан. Эдийн засагч хүний хувьд төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёрын аль нь шууд нөлөө үзүүлдэг гэж боддог вэ бодсон.

-Төсвийн бодлогоор шийднэ л дээ…

-Үнэн. 21 аймгийн төсөв, хөрөнгө оруулалтыг нь хуваарилдаг. Ингээд шууд хийх нь зөв үү. Миний бодлоор арай эрт санагдаад байгаа юм. Үүний оронд бид ямар ч хязгааргүйгээр ДНБ-ий тэдээс хэтрэхгүй байх ёстой гээд одоогийн хуулиар дураараа өөрчлөөд байна. Төсвийн зардлыг Засгийн газартай зөвшилцөнө гэсэн хөгийн заалт явж байна л даа. Үүний оронд хуулиудаа хөдөлгөхгүй маш сайн болгох ёстой. Өөрөөр хэлбэл ҮХЦ дээр очоод гуравны хоёроор унадаггүй байх хэрэгтэй. Үүний тулд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдүүл. ОУВС-гийнхан яг үүн дээр нэг зүйл хэлсэн. Гэтэл ОУВС-гаас өмнө Дэмбэрэл гээд нөхөр хоёр жилийн өмнө Засгийн газар Эдийн засгийг хямралыг даван туулах төлөвлөгөө батлахад тэр хуулийн тэддүгээрт ингээд оруулчих гээд бүр өгүүлбэр бүрээр нь гаргаж өгсөн. Түүний дотор “төсвийн зөвлөлийг байгуул” гээд хэлсэн. ОУВС гэтэл яг үүнийг одоо хэлж байна лээ. Энэ судалгаан дээр суурилсан юм. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа батлахдаа энэ зөвлөлийг орхигдуулчихсан байхгүй юу. Төсвийн зөвлөл гэдэг маань төсвийн бие даасан хараат бус байдлыг эвдэхгүй гэсэн үг. Түүнээс биш Төсвийн зардлыг Засгийн газартай зөвшилцөнө гэдэг заалт явахгүй. Энэ их гэнэн зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа хүмүүс нь эдийн засагчид биш учраас ойлгохгүй байх шиг байна.

Мөн төрийн албаны тухай заалт орж байгаа юм билээ. Өмнө нь Төрийн албаны зөвлөлийн дарга байсан Б.Цогоо гишүүдэд загнуулаад Төрийн албаны тухай хуулийг батлуулах гээд их явсан. Төрийн дээр нам гарчихсан улсад намын захиалгаар төрийн алба хөдлөхгүй яах юм. Төрийн албаны тухай хууль маань Улс төрийн намуудын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулиараа намууд нь төрийн дээр гарахгүй байх заалтуудтай байж энэ амьд болдог. Гэтэл “Төрийн алба бие даасан, хараат бус байна” гээд Үндсэн хуулинд оруулах гэж байгаа юм билээ. Ингэлээ гээд энэ заалт мөрдөгдөх үү. Үгүй байхгүй юу. Уг нь бие даасан, хараат бус гэдэг чинь хоёр утгатай үг байхгүй юу. Манай хуулинд “Төрийн алба бие даасан, хараат бус байна” гээд ганц өгүүлбэр тавьчихдаг. Үүнийгээ болсон гэж боддог. Наад хуулиуд нь сул байхад мянга оруулаад нэмэргүй л дээ. Үндсэн хуульд оруулангуут илбэ шидийн юм шиг маргаашнаас нь захиалгагүй ажиллаад явчихна гэдэг зүйл хэзээ ч байхгүй. Энэ мөн л гэнэн зүйл.

-Та жилийн өмнө уулзахад өрхийн эдийн засгийн судалгаа хийж байна гэсэн. Өрхийн эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ?

-ДНБ-ий хамгийн гол бүрдэл хэсгийн нэг нь өрхийн эдийн засаг өмнөх жилд хасах тэмдэгтэй гарч байсан. Өөрөөр хэлбэл хүмүүс зардал бага гаргадаг болсон гэсэн үг. Энэ байдал удаан үргэлжилж болохгүй гэж би бичиж байсан шүү дээ. Хөрөнгө оруулалтын идэвхжил буюу үндсэн хөрөнгийн бүрдэл буюу хуримтлал 10 гаруй улирал дараалан хасах гарсан. Манай гадаад худалдааны тэнцэл нэмэх тэмдэгтэй болчихлоо. Энэ нь ДНБ-д эерэгээр нөлөөлнө. Гэхдээ хасах байсан ч гэсэн эерэгээр нөлөөлж болдог байхгүй юу. Сая гарсан статистикийн дүнг харж байхад өрхийн бодит орлого инфляци багассан учраас нэмэгдсэн байна лээ. Энэ сайн. 2016 оны статистикаар ДНБ гараад, 2017 оны эхний хоёр улирлынх гараад эхэлбэл миний хандлагууд зогссон уу, сайн нь үргэлжилж байна уу гэдэг нь харагдана. Хэрэглэгчийн итгэлийн индекст миний сонссоноор зарим нэг эерэг өөрчлөлтүүд гарч байгаа юм билээ.

Хөдөө аж ахуйн салбарт гэхэд зуншлага гандуу байгаа нь үүнд нөлөөлнө. Мал их зарагдах ч малчны орлого нэмэгдэхгүй. Малын үнэ цаашид буурах байх. Энэ нь ДНБ-д нөлөөлнө л дөө. Үйлчилгээний секторт худалдаа наймаа хэр сэргэж байна гэдгийг харах ёстой. Энэ оны эхний улирлаар ДНБ дөрвөн хувь гарсан гээд байгаа л даа. Үүнийг жаахан нарийн уншсан бол тэрний цаана нэг өгүүлбэр бий. Улирлын нөлөөллийг хасч тооцвол 0.6 байна гэсэн байгаа.

Би монгол хүний сэтгэхүйд тааруулах гэж инфляцийг тайлбарлаж байгаа юм. Алхаа инфляци, шогшоо инфляци, цогоо инфляци, давхиа инфляци, жолоодлогогүй инфляци гэж. Манай инфляци одоо шогшоо руу орж эхэлж байна. Их хурал найман хувиас хэтрүүлэхгүй гэчихсэн, одоо дөрвөн хувь байгаа байх. 1990 оны эхээр манайх чинь жолоодлогогүй инфляцитай явж ирсэн. П.Жасрай гуайн Засгийн газрын үед давхиа инфляци болоод 2015 оноос шогшоо, алхаа болоод одоо буцаад шогшоо руу орж эхэлж байна л даа.

-Та хэд хэдэн судалгаанууд хийгээд байсан. Үр дүн нь гарч байна уу. Таны судалгааг хүлээх хүмүүс их байх шиг байна л даа…

-Би 10 гаруй судалгаа хийлээ. Моргейж, малчдын аж амьдрал, хөрөнгийн гээд үргэлжилнэ. Бид 60 сая малтай гэдэг. Үнэндээ хэдэн төгрөг юм гэдгийг хэн ч хэлж чаддаггүй. Гэтэл Үндсэн хуулинд “Мал үндэсний баялаг мөн” гэчихсэн. Гэтэл Адам Смитийн Үндэсний баялаг ном бий. Дэлхийн бүх орны мал үнэлгээтэй. Бид харин зах зээлийн ханшаар үнэлдэг. Малаа үнэлээд ирэхээр хөрөнгөөр нь үнэлсэн малчдын ялгарал хэр их байна вэ гэдэг нь харагдана. Энэ мэтээр бид эдийн засгаа харах ёстой. Засгийн газарт би захиалгаар зарах санаатай байгаа. Би өрөөндөө судлаад л, хааяа нэг ярилцлага өгөөд сууж болохгүй. Миний судалгаан дотор хэрэгжүүлээд явчихаар зүйлс бий.


Categories
мэдээ цаг-үе

Б.Наранзуны эмээ, гавьяат эмч Х.Бадарчтай хөөрөлдсөн хугас өдөр

Х.Бадарч эмч нярайн эндэгдлийг бууруулахад бодитой ажил хийсэн эмч
нарын нэг

“Эрэвгэрхэн алаг нүд чинь энгийн ч биш дээ амраг минь, ай хө бүжиглэе дээ, алив бүжиглэе дээ, эрвээхэй эндүүрмээр ээ мөн ч хөөрхөн дөө” гэж ирээд сэтгэл хөвсөлзүүлдэг хуучны дуу бий дээ. “Энгийн биш нүд” гэдэг нэрнээс нь илүүтэй “Эрэвгэр алаг нүд” гэдгээрээ олны сэтгэлд үлдсэн сайхан дуу. Энэ дууны эзэнтэй хугас өдөр хууч хөөрлөө. Монголын урлагт нэртэй, мөртэй Жамцын Бадраа агсны гэргий, гавьяат эмч Х.Бадарч гуайтай. “Дэлхий ээж”, “Хайрын дурсамж”, “Зүүдэлснийг минь уучлаарай” гээд олон сайхан дууг түмэнд хүргэсэн Бадрууган агсны ээж, Наранзуны эмээ гээд яривал хуучлах түүх ихтэй буурай. Бадарч гуай ханьтайгаа галыг нь бадрааж орсон тавин мянгатын байрандаа даруухан аж төрж байна.

“Эрэвгэр алаг” нүд гэснээс ийм явдал болж. Наймдугаар ангид байхад нь сумын клуб шинээр байгуулагдаж үдэшлэг болж л дээ. Тухайн үед үдэшлэгийг олон нийт гэдэг байж. Найзынхаа ятгалгаар үдэшлэгт очсон сурагч охиныг улаан булангийн эрхлэгч үдэшлэгийн хөтлөгчөөр тодруулаатхаж. Нөгөө хөтлөгч нь хотоос ирсэн МУИСийн оюутан Бадраа. Тухайн үеийн үдэшлэг бүрийг эхлүүлдэг “Монголын залуучуудын марш”ыг клубт цугласан залуус босч зогсоод дуулсны дараа вальс эхэлж дээ. Улаанбулангийн эрхлэгчийн баянхуурын ая эгшиглэхэд босох хүн гарахгүй нэлээд юм болж. Хотын оюутан залуу сурагч охиныг урьснаар бүжиг эхэлжээ. Тэр тухай Ж.Бадраа агсан “Эргэн тойрноо харлаа. Уриад бүжиглэх хүүхэн нүдэнд туссангүй. Цуг үдэшлэг хөтлөхөөр болсон охин цаашаа хараад зогсч байна. Энэ охин бүжиглэх болов уу гэж бодоод ойртож очоод алив хоёулаа бүжиглэх үү гэлээ. Өнөө охин огцом эргээд дүрлийтэл ширтлээ. Тэр харц түүнээс хойш сэтгэлээс гараагүй шүү” хэмээн ярьж байжээ. Ж.Бадраа агсны үгийг нь зохиосон “Энгийн биш нүд”ний түүхийг гэргийтэй нь уулзаж байж сонссон нь энэ. Барууны ертөнцөд морин хуур, уртын дууны гайхамшгийг анхлан мэдрүүлсэн Ж.Бадраа агсныг “Халуун элгэн нутаг”, “Гайхмаараа”, “Гоёхон чимэг юм уу даа, “Жаргаах зүрхэн” -ээс эхлээд олон сайхан дууны үгийн зохиогч гэдгийг уншигчид андахгүй.

Гэр бүлээрээ

Биднийг очиход Бадарч гуай тос хайлж, ааруул хурууд таваглачихсан хүлээж байлаа. Наранзун лагер дээр байна гэнэ. Бадрууганы дүү Бадарсан ээжтэйгээ амьдардаг юм байна. Ач, гуч нар нь үе үе ирж бужигнуулдаг гэж гэрийн эзэгтэй ярилаа.

Бадарч эмч сүүтэй цай оочлонгоо “Би Хөвсгөлд төрж өссөн. Ижий аав минь ч тэр нутгийнх. Бид Хөвсгөлийн улс” хэмээн яриагаа эхлэв. 1933 онд Улаанбаатар хотод анхны төрөх эмнэлэгт төржээ. Нэгдүгээр төрөх бүр эхэндээ 15 ортой, жижигхэн дүнзэн байшин байж. Аав нь “Монгол транс”-ын анхны жолооч, авто сургуулийг анх төгссөн долоон жолоочийн нэг гэнэ. “Аав ээж маань хотгойдууд. Ээжийн нагац ах нь Ахай бэйсийн хошууны сүүлийн ноён Цэдэндорж. Мөрөнгийн төвийн хойд талд Хужиртын ам гэж бий. Цэдэндорж ноён Хужиртын аманд арваад хүүхэдтэй бага сургууль байгуулаад ээжийг сургуульд оруулсан юм билээ” гэж хуучлав. Радиогийн анхны нэвтрүүлэгч Л.Рагчаа, Хөвсгөлийн цэргийн хэлтсийн даргаар олон жил ажилласан Цэрэнжав хурандаа гээд сүүлд нэрээ гаргасан мундагууд ээжтэй нь нэг анги байжээ. Ээж нь анхны соёлын дотолгоогоор улаан гэрийн эрхлэгч болж Ховдын хязгаарыг зорьж байж. Тэндээсээ Улаанбаатарт ирээд Монгол банкны эрдэнэсийн тасагт ажиллажээ. Тухайн үед феодалуудын хөрөнгө гэж шуудай шуудайгаар алт, мөнгө, шүр, сувд ирж байсныг ялгаж бүртгэх үүрэгтэй ажилладаг байсан бололтой. Бадарч эмчээр ээжийнх нь түүхийг яриулаад байвал их л сонин содон зүйл хуучлах янзтай. Аавынх нь түүх ч сонин гэж жигтэйхэн юм. 1932 оны эсэргүү дарах хөдөлгөөнд Лхүмбийн жолоочоор ажилласнаас нь эхлээд яриулбал чих сортойлгосон хууч яриа хөврөх нь илт. Ээж, аав нь охиноо багад нь нутагтаа буцаж очиж, Бадарч эмч тэндээ аравдугаар ангиа төгсчээ.

Зүүн гараас төрийн соёрхолт Д.Лувсаншарав, Ж.Бадраа, Т.Насанбуян, урд
эгнээнд Б.Наранзун

Ж.Бадраа гуайтай дотноссон түүх нь гэгээхэн, дотно дулаан гэж. Хотын оюутан залуугийн “Гурван жилийн дараа чи аравдугаар ангиа төгсч, би их сургуулиа төгсөх юм байна. Би чамд итгэж болох уу” гэсэн асуултад “Сургуульдаа онц сурдаг юм чинь би итгэж болох сайн хүн байх. Итгэж болохгүй гэвэл муу хүн болж таарна” гэж гэнэхнээр бодоод толгой дохисноо ярьж хөгжилтэй инээх. Оюутан залуугаас захиа авчихаад “Бушуухан шатаах юмсан” гэж яаран уншдаг байснаа, кирилл бичгээр хичээл үздэг болохоор монгол үсгээр дурайтал бичсэн утга төгөлдөр захианы зарим утгыг ухаж амжилгүй шатааж сууснаа, хүлээсэн гэх гурван жилийнхээ зун нь л хальтхан тааралдаад өнгөрдөг байснаа, аравдугаар ангид орох жилээ Арбулаг сумын наадам дээр таарахдаа арай өөр нүдээр харснаа дурсав. Ингээд л сургуулиа төгсөцгөөгөөд гэр бүл болжээ.

Зургийн цомог сонирхуулах зуураа Бадарч эмч түүхээ ярив. Нэгдүгээр төрөхөд эмчээр ажиллаж байж. Тухайн цагт нэгдүгээр төрөхийн эмч нарын тал нь орос, тал нь монголчууд байсан гэнэ. Зөвлөлтийн эмч нар эрүүл мэндийн салбарын суурийг ганхахааргүй тавьж өгсөн гэж хуучны эмч нар ярьдаг. Бадарч эмч ч орос эмч нарын тухай олон сайхан дурсамж ярилаа. Эх барихын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Соловеев гэж хүн эмчийн дөртэй болгож байж. Эмчээр ажиллаж эхлэх үед нь нярай хүүхдүүд дутуу төрөлтөөс болж эндэх тохиолдол их гардаг байжээ. Дутуу төрөлтийг онцгойлж судалж, нярайн эндэгдлийг багасгаж чадсан хүн юм байна. Дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх кабинет хүртэл байгуулж явжээ. Лаост ажилласан түүх нь их сонирхолтой юм. Эмнэлэггүй алслагдсан Сингхуанг мужид нь манай улсын Эдийн засгийн хорооноос 150 ортой эмнэлгийн цогцолбор барьж өгч байжээ. Монголоос явсан мэргэжилтнүүдийнх нь нэгээр Бадарч эмч явж. Төрөх тасагт нь ажиллаж, лаос эмч нарыг сургажээ. Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Чулуунбат агсны аав Очирбат Монголын мэргэжилтнүүдийн багийг ахалж явжээ. Лаосчууд эмнэлэг гэж мэдэхгүй, ёстой нөгөө “Сэрэлт” кинонд гардаг шиг л юм болж. Тэнд ардын засаг тогтоод арав гаруйхан жил болж байсан үе аж. Эмнэлэг нээгдсэн хагас сард ямар ч хүн ирсэнгүй гэнэ. Мужийн хүн амын ерээд хувь нь шумуулаар дамждаг хумхаагаар өвчилчихсөн, архагшсан хэцүүхэн цаг байж. 14 хоногийн дараа өглөө эрт хулсан дээр нэг эмэгтэйг дамнаад ороод ирж. Ус нь гараад хоёр хонож байгаа 29 настай бүсгүйг аварснаас хойш хүмүүс олноороо ирэх болжээ. “Европ эм хэрэглэж үзээгүй улс учраас маш дуулгавартай. Антибиотек хэрэглэж, шөнөжингөө үзсэн дээ. Бид чинь эм тариагаа өөрсдөө авч явсан болохоор учиртай. Залуу хүн, эм хэрэглэдэггүй байсан улс учраас дороо тэнхэрсэн” гэж ярилаа. Бас нэг бүсгүйг үхлээс аварсан түүхээ ярив. Нөхөр нь баярласнаа илэрхийлж зөгийг үүртэй нь авчирч бэлэглэсэн гэнэ. Хагас жилийн дараа өнөө бүсгүй уулнаас дөрвөн хүүхдээ дагуулан алхаж ирээд уулын зэрлэг жимс бэлэглэж, уйлж баярлаад жигтэйхэн юм болж.

Зүүн гараас Б.Бадрууган аавын хамт

Бадарч гуайн өрөөнд орлоо. Хоймрынх нь ханаар дүүрэн ном. 2000 гаруй ном бий гэнэ. Хуучны, одоо бол нүдний гэм болсон толь бичиг, цувралууд голдуу харагдана. Номонд дуртай хүмүүсийн хорхой хөдөлгөхөөр ховор номнууд ч цөөнгүй үзэгдэнэ. 1800-гаад онд хэвлэгдсэн ном ч байгаа аж. Дийлэнх нь орос, англи хэлээр хэвлэгдсэн номнууд юм. Төвд, хятад хэлээр хэвлэгдсэн ном ч харагдана. Бадарч гуай ханийнхаа цуглуулсан сонгодог зохиолуудыг том хүүдээ өгчээ. Бадрууган агсанд. Мянгаад номыг нь Радио, телевизийн дээд сургуульд хандивлажээ. Номын сангийн дээхнэ Бямбын Ринчений идэр цагийн хөрөг зургийг залжээ. Садангийнх нь гавьяат Балдандорж гэж зураач зуржээ. Бадарч эмч “Ринчен гуай чинь манай хүний их сургуулийн анги даасан багш. Өөрөө захиж байж зуруулсан юм. Үлгэрийн маягтай ч юм шиг, их сайхан зураг” гэж байна. Инжинаш, Нацагдоржийн хөргийг ч энэ өрөөний хүндтэй хэсэгт залжээ.

Ж.Бадраа агсан сургууль төгссөн жилээ Хөвсгөлд багшаар ажиллажээ. Очсон эхний жилээ сайн ажилласан гэж Ю.Цэдэнбалд тоогдоод анхны нууц, шууд сонгуульд депутатаар нэр дэвшиж байж. Хөвсгөлийн Зүрх сумаас. Шууд сонгуулиар сонгогдсон анхны депутатаар ийм түүхтэйгээр сонгогдож байжээ. Дараа нь Радио хороонд ажиллуулахаар Хөвсгөлөөс хот руу татсан юм байна. Радиог редакцийн системтэй болгох зохион байгуулалтыг анх хийсэн хүн ажээ. Сүүлд үндэсний үзэлтэй гэж ажилгүй байх хугацаандаа уран бүтээлээ завсаргүй туурвидаг байж.

Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн Ж.Бадраа агсны гэргий, Б.Бадрууганы ээж, Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Бадарч. 2017.08.05

Номын сангийн дээхнэ Бадраа агсны хөвгүүддээ авчирсан бэлэгнүүд болох шаазан тоглоомууд өржээ. Бадарч гуай “Хүүхдүүдийнхээ зан аашинд тохируулж ийм хөөрхөн тоглоом авчирдаг байсан юм. Бар нь дунд хүү Бадарсангийнх. Тэр янзага нь Бадрууганых. Тахь нь Наранзуных. Морь нь бага хүү Баатарнарангийнх. Наранзунаас хойш ийм тоглоом олдохоо байсан. Оросууд хийхээ байчихсан юм” гэж байна. Чингүнжавын номнууд номын санд нь байдаг нь учиртай юм байна. Бадарч эмчийн уг гарлыг хөөвөл Чингүнжавын удмынх гэнэ. Номын сангийн нүүрэн хэсэгт өлгөсөн цаг их түүхтэй эд аж. Гэрийн эзэгтэй цагны түүхийг “Манай хүн 1987 онд Америкт ардын дуу бүжгийн долоо, найман уран бүтээлчтэй явсан юм. Найман хотын их сургуулиудаар явж, лекц тавьж, ардын урлагийг сонирхуулсан. Ардын урлагийг америкчуудад мэдрүүлсэн хамгийн анхны групп дээ. Тэр үед Нью-Жерсид амьдарч байсан Цорж ламын дурсгасан эд” хэмээн сонирхуулав.

Зочны өрөөнд гэрийн эзний төрсөн буйрны зургийг хүндэтгэн залжээ. Энэ өрөөний нэг хана бас битүү номоор дүүрчээ. Бурхан тахилын хэсэгт Жалханз хутагт Дамдинбазарын хөрөг байна. Гэрийн эзний ээжийнх нь аавын дүү гэдгийг уншигчид андахгүй байх. Ж.Бадраа агсны удмын энэ мундаг хүний зургийг Бадрууган агсан жаазалж залсан нь энэ ажээ. Бакула Ринбүүчи зургаа дурсгасан нь тахилын хэсэгт хүндтэй байр эзэлжээ. Зочны өрөөний ханын шүүгээнд зэс домбо гэх мэт түүх өгүүлсэн хуучны эд цөөнгүй юм. Найз нөхдийн дурсгасан дурсгалын эд зүйлээ ч өржээ.

Бадарч гуай цай аягалангаа “Манайх гурван сайхан хүүтэй. Бадрууган маань гурван хүү, нэг охинтой. Том хүү нь Наранзун. Удаах нь Лондонд сургууль төгсөөд ирсэн. Дараагийнх нь Гийгүүлэн. Кино оператор. Овоо нэртэй болж байгаа, миний хүү. Охин Болор нь Радио телевизийн сургууль төгссөн. Дунд хүү маань надтай хөгширч яваа хүн. Бага хүү Баатарнаран маань ганц охинтой. Охин нь МУИС-д багшилж байгаад Австрид судалгаа хийхээр явсан. Наранзуны маань том охин анагаахад эмч болохоор сурах гэж байна. Дараагийн хүү нь дунд сургуульд сурдаг. Бага нь гурван нас хүрч байгаа” хэмээн ярилаа. Бадарч эмч айлын том учраас цагаан сараар олны хөлд дарагддаг ажээ. Ж.Бадраа агсны үед гэрээр нь орж гарч явсан хүмүүсээс Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, хөгжмийн зохиолч Т.Насанбуян нар одоо ч ирж хууч хөөрдөг гэнэ.

Гэрэл зургийг Б.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Т.Хүрэлбат: Үнэхээр л хэргийг эдгээр хүмүүс үйлдсэн юм бол захиалагч нь хэн юм бэ

“Өдрийн сонин”-ы 2017.08.07 Даваа гаригийн 167 (5734) дугаараас авч нийтлэв.

-Б.СОДНОМДАРЖАА, Ц.АМГАЛАНБААТАР, Т.ЧИМГЭЭ НАРЫГ С.ЗОРИГ АГСНЫГ ХӨНӨӨСӨН ГЭЖ ҮЗЭН 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд болж өнгөрлөө.

Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар, улсын яллагчаар Г.Эрдэнэбат оролцлоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн хаалттай үргэлжлүүлсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу наймдугаар сарын 4ний өдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан гэж үзсэн. Улмаар Б.Содномдаржаа, Ц.амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.амгаланбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар тус бүр 25 жил хорих ял оноосон.

Тэгвэл Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 24 жил хорих ял оногдуулжээ. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хурал болохын өмнө нээлттэй явуулна гэсэн сураг гарсан байсан. Энэ сургаар шүүгдэгч нарын гэр бүлийнхэн нь Дээд шүүхийн байранд 09.00 цагт орж ирсэн боловч хаалттай хурал болсон тул тэднийг оруулаагүй юм. Тэд шүүх хурал дуустал гадаа хүлээсэн бөгөөд хаалттай шүүх хуралдааны эцсийн шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн тэд хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдлээ. Харин хохирогчийн талаас ямар нэгэн хариулт авч чадсангүй. С.Зориг агсны төрсөн ах С.Баяр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Шүүх хурал хаалттай болж байгаа цагт бид гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Төр нийгмийн зүтгэлтэний амийг хэн хөнөөсөн, хэрэг яаж шийдэгдэхийг бид гэлтгүй ард түмэн сонирхож, үнэнийг мэдэхийг хүсч байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.

Ингээд яллагдагч Б.Содномдаржаагийн дүү Б.Бямбадуламтай цөөн хором ярилцсан юм.

-Шүүхийн шийдвэр гарчихлаа. Ах тань 20 жилийн ял сонслоо. Энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Маш их гомдолтой байна. Бүх юм хуурамч. Дээд шүүхийн шүүгч нар нь хүртэл хуурамч, жүжигчид байдаг юм байна. Ёстой хүмүүсийн хэлдгээр анхнаасаа дуустал хуурамч жүжиг байлаа.

-Шүүх хуралдаан хаалттай болсон. Өмгөөлөгч нараас дотор юу болсон талаар асууж амжив уу?

-Бид энэ удаагийн шүүх хурлыг нээлттэй явуулах нь гэж баярлаж байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Өмгөөлөгчийн хэлснээр бол шүүгчид хэргийн талаар асуух ёстой зүйлээ асуухгүй тойруулаад, хэргийн талаар юм ярихаар бараг тоож авч хэлэлцэхгүй байсан гэсэн. Гадаа байгаа бид дотор юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. одоо бидэнд ганц л хандах хүн үлдлээ.

-Хэнд?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандана гэж бодож байна. Сүүлийн шүүх хурал шийдвэрээ гаргасан учраас бидэнд одоо өөр арга үнэндээ үлдсэнгүй.

-Танай гэрийнхэн Б.Содномдаржаатай уулзсан гэж байсан?

-Шүүх хурал болохоос арваад хоногийн өмнө ээж маань ахтай очиж уулзсан. Царай зүс алдаад зөндөө турчихсан байна гэсэн. Бараг 17 хоног элдвээр дарамталж, тамалсан гэж ээжид хэлсэн байна лээ. “Хэрвээ эхнэр хүүхдээ, гэр бүлээ элэг бүтэн амьдраасай гэж хүсч байгаа бол тухайн өдөр гадаа нь зогсч байсан гэж хэл” гээд хэрэг тулгасан гэсэн. Сүүлдээ өөрөө хүний амь хөнөөхөд оролцсон гэж хүлээ гэж дарамталсан гэсэн. Хөөрхий хэдий зодож, нүдүүлж, дарамталсан ч энэ удаагийн шүүх хурал нааштайгаар эргэнэ байх гэж ээжтэй ярьсан байсан.

-Гэхдээ ах тань анх С.Зориг агсны амийг хөнөөхөд оролцсон гэж мэдүүлж байсан шүү дээ?

-Миний ах анхнаасаа л тоглоом аятай хүний заавраар хөдөлж ирж. Юу гэж хэлж, яана гэж айлгаж тэр бүхнийг хэлүүлснийг бид мэдэхгүй ш дээ. гэхдээ анхан шатны шүүх хурлын дараа ах “Би худлаа ярьсан” гэдгээ бүтэн 30 минут ярьсан гэсэн. Бас хоригдож байх хугацаандаа буруугүй гэдгээ нотлохын тулд өчнөөн хуудас өргөдөл бичсэн гэсэн. гэвч нэг ч өргөдөл нь хүрэх газраа хүрээгүй, ядаж л өмгөөлөгчид нь ирээгүй. Юу ч яриад нэмэргүй байж. Цорын ганц гэрч гэх Булган гээд эмэгтэй хүртэл хараад ахыг минь биш, огт хараагүй хүн гэж хэлсэн байсан шүү дээ. Ерөөсөө л энэ шүүх хурал булхайтай эхэлсэн зүйлээ нуух гэж, эцэстээ энэ хүмүүст бурууг тохсон чигээр үлдчихлээ гэв.

Мөн яллагдагч Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх шийдвэрээ гаргалаа. Харин энэ шийдвэрт та нар нэлээд гомдолтой байх шиг байна. Яагаад?

-Үнэхээр энэ хэрэгт миний дүү гар бие оролцоод үйлдсэн бол бид өнөөдөр дуугарах ч эрхгүй байх байсан. Харамсалтай нь энэ хэргийн бурууг хэн нэгэнд тохохын тулд зохион байгуулалттай жүжиг тавьж, буруугүй хүмүүсийг гүтгэж санаатайгаар хэрэг тулгаж байна. Эцэстээ захиалагчгүй хэрэг боллоо. үнэхээр л ийм ноцтой хэргийг эдгээр хүмүүс үйлдсэн юм бол ар захиалагчийг нь олох ёстой шүү дээ. өмнөх шатны шүүх хурлуудаас С.Зориг агсны гэргий Булганыг гэрч биш гэж үзсэн. Тэгсэн атлаа Булганы ярьснаар, сэжигтнүүдийн ам зургийг гаргах нь буруу. Түүнчлэн сэжигтнүүд тухайн үед хөдөө байсныг нотлох олон баримт бий. Миний дүү Т.Чимгээ тухайн үед гурван хүүхдээ хараад хөдөө байсан нь түүний хүүхдүүдийн хичээлийн ирцийн дэвтрээр нотлогддог.

Тийм учраас гомдолтой байна. үнэндээ ямар ч гарцгүй болгочихлоо шүү дээ.

-Шүүх хурлыг нээлттэй хийсэн бол арай өөр шийдвэр гарах байсан гэж үү?

-Шүүх хурлыг нээлттэй явуулаач ээ гэсэн ганцхан зүйлийг л бид хүссэн. Хохирогчийн тал хүртэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол оролцохгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Хохирогч тал хүртэл шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хүсэлт гаргаад байхад, оролцохгүй байхад Дээд шүүх шууд хуралдаад ялын тогтоол үйлдчихэж байгаа юм. Төр засаг ямар аймаар болчихсон юм бэ. Хууль, дүрэм журмын дагуу үйлчилдэг, шүүх үнэн мөнийг тогтоодог байгууллага биш болж. Зүгээр л хурдхан нэг тийш нь болгоё гэж хаалттай хурлыг явуулаад шийдвэрээ гаргачихлаа. Шүүх хурлын өмнө ээж, нөхөр хоёр нь Чимгээтэй очиж уулзсан. Ерөөсөө байнгын сэтгэл санааны дарамтад байдаг гэсэн. Тийм газар ямар л олиг байхав. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л юм болж байна. Тиймээс шинэ гарсан Ерөнхийлөгчид л хандаж нэг үзье гэж бодож байна.

Д.СҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаас мансууруулах үйлчилгээтэй өвс их хэмжээгээр бэлтгэж байсан арав гаруй залуу баригдсан тухай “Өдрийн сонин” мэдээлжээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сурвалжлага” буланд “Сургуулиудын засвар 80-90 хувьтай үргэлжилж байна” хэмээн онцолжээ.

“Улс төр” нүүрт О.Баасанхүү гишүүн “Намайг МАХН-аас хөөвөл хөөнө л биз” хэмээн ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаас мансууруулах үлйлчилгээтэй өвс их хэмжээгээр түүгээд баригджээ” хэмээн мэдээлсэн байна.

“Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мансууруулах үйлчилгээтэй өвс их хэмжээгээр түүн бэлтгэж байсан арав гаруй залуу баригдсан байна”.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар зодог тайлсан уу” хэмээн өгүүлжээ. “Улсын баяр наадамд барилдалгүйгээр бууж өгч, тахимаа өгсөн бөхчүүдийг албан ёсоор зодог тайллаа гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь монгол үндэсний бөхийн уламжлал, ёс жаяг нь өөрөө тийм юм билээ” хэмээн энд өгүүлжээ.

“Эмч” нүүрт гавьяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Должинтой ярилцжээ. Х.Должин: Системтэй зөв эмчилгээ хийлгэвэл үе мөчний өвчин бүрэн эдгэрэх боломжтой хэмээн зөвлөсөн байна.

“Соёл урлаг” нүүрт Монгол Улсын үндэсний урлагийн их театрын дуучин П.Баярмагнайтай хийсэн ярилцлага гарчээ. П.Баярмагнай “Жил бүрийн тусгаар тогтнолын баярын өдөр Богд хааныхаа дүрийг бүтээнэ гэдэг ховорхон хувь тохиол” хэмээн ярьжээ.

“Эдийн засаг” нүүрт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Идэвхитэй төслүүдгүй учраас уул уурхай сэргэхгүй байна” хэмээн ярьжээ.

“Танин мэдэхүй” нүүрт “Биологийн удаан хөгжилтэй хүмүүс хиймэл оюун ухаанд ялагдана” гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ганбаатарын хандивт авсан 50 сая воныг улсын орлогод шилжүүлэхээр шүүх шийджээ

Related image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХНамаас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг тус тус зөрчсөн тухай

· Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо,

· Хөдөлмөрийн Үндэсний Нам,

· Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг,

· иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017.08.07-ны өдрийн 16.00 цагт шүүх хурал товлон зарлаж, зөрчилд холбогдогч С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар гаргасан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд шийтгэл ногдуулах тухай саналыг шүүх хүлээн авч ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд Зөрчилд холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.

2017.08.07-ны 16.00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн хугацаанд буюу 2017.08.09-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэж 2017.08.09-ний өдрийн 1485 дугаар Шийтгэвэрт: Зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороотой

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

2017 оны 08 дугаар сарын 14-ний 20 цагаас 08 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

2017 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.