Categories
мэдээ нийгэм

700 гаруй оюутан цэргүүд тангараг өргөлөө

Image result for оюутан цэрэг тангараг

Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургууль хэрэгжүүлж байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутнууд хамрагдсан. Энэ жилийн сургалт нь 11 төрлийн цэргийн бага мэргэжил эзэмшүүлж байгаагаараа онцлогтой. Сурлагын амжилтаараа тэнцсэн их, дээд сургуулийн оюутнууд дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нд “Цэргийн анхан шатны бэлтгэл”, зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-нд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтанд хамрагдсан байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ. 2014 онд Улаанбаатар хотын их дээд, сургуулийн 418 оюутан, 2015 онд Улаанбаатар хотын болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говь-Сүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан хамрагдаж нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан.

Харин өнгөрсөн жил Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говь-Сүмбэр аймгийн их, дээд сургуулийн 1000 оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хэнтийд цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарч, эрчим хүчний хязгаарлалт хийж байна

Related image

Хэнтий аймагт наймдугаар сарын 13-17-ны өдрүүдэд өглөөний 05 цагаас оройн 20 цаг хүртэл эрчим хүч хязгаарлаж байна.

Баянмөнх-Өндөрхаан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засварын ажил хийгдэж байгаа аж. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1997 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор “Хэнтий цахилгаан түгээх сүлжээ” үүсгэн байгуулагджээ.

Саяхан 20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн тус хамт олон Хэнтий аймгийн 18 сум, суурин, Сүхбаатар аймгийн 1 суманд оршин суугч 11022 хэрэглэгчид ЦЭХ түгээн ажиллаж байна. Жилд дунджаар өөрийн өмчлөлийн хөрөнгөө нэмэгдүүлэх, техник хангамжаа сайжруулах зорилгоор 518.4 сая төгрөгийн их засварын ажил хийдэг ажээ. Дэлхийн банкны Эрчим хүчний төслөөр 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 1,07 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 7-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 7-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.00 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0,28%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0,74 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 7-р сарын үр дүнтэй харьцуулахад 1,16 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 1,48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,07 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,23%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,23 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,30 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,00

1,14

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

0,28%

13,67%

-8,23%

Өмнөх сартай харьцуулахад

-0,74%

-1,48%

-0,23%

Оны эхэнтэй харьцуулахад

-0,65%

-1,60%

-0,54%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-1,16%

-1,07%

-1,30%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн тамирчид парисыг зорив

ЗурагМонголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов.

Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.

Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм.

Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

С.Сүхбаатар: Шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн говийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.15) Сайнцагаан суманд үргэлжиллээ.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж “Аймгийн төвд зохион байгуулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын 200 гаруй иргэн, албан хаагч оролцож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар асуудлуудыг тусгах талаар 1570 хүний дунд санаандгүй түүврийн аргаар санал авч, судалгаа хийсэн. Үүнээс хойш төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэд, улс төрийн намуудын дунд хэд хэдэн удаагийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Ингээд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Одоо хуулийн төслийг ард нийтэд танилцуулж, саналыг нь авч хуулийн төслийг улам чамбайруулж байгаа учраас иргэд идэвхтэй оролцоорой. Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг сайн тусгаагүйгээс алдаа оноо гарсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд иргэд хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлттэй танилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Мөн нэмж төсөлтэй холбоотой зарим зүйл заалтыг тодруулж байсан.

Тухайлбал, дордуулсан долоон заалтыг өөрчилсөн, зөв голдиролд оруулсан зүйл, заалт байгаа эсэхийг лавлаж, харин Засгийн газрын дотоод ажилд Ерөнхийлөгч оролцохгүй байх нь зөв хэмээн хэллээ.

Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Сайнцагаан сумын иргэн С.Сүхбаатар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд шүүгчийн томилгоо чухал байгаа. Үүнд, Улсын Дээд шүүхийн шүүгчийг яаж томилох, бусадшүүхийн шүүгчийг хэрхэн томилох талаар тусгасан байна. Орж ирж байгаа саналыг харахад шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байсныг тодорхой хэмжээнд УИХ оролцдог байхаар өөрчлөх гэж байна. Иргэн хүний хувьд шүүгчдийг иргэд сонгодог байх нь зөв гэж үздэг. Олон улсад ч ийм байдаг. Ер нь бол шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв гэж үзэж байгаа. Томилдог байдал нь танил талаараа томилгоо явуулах нөхцөл бүрддэг” гэсэн юм.

Орон нутагт нэлээд маргаантай байгаа нэг асуудал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудал юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд тодотгож байсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж, цэгцлэхгүй бол ах дүү нар хүртэл отор, нүүдлээс болж маргах нөхцөл бүрдэж байгааг санууллаа.

Дэлгэрцогт сумын иргэн Г.Бөхчулуун “Анх Үндсэн хуулийг батлахад 192 дугаар тойргоос сонгогдож байсан. Үүнээс хойш 25 жил өнгөрчээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэсэн хоёр урсгал байх шиг байна. Миний хувьд зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах нь зөв гэж үздэг. Ялангуяа орон нутагт ажиллаж байхад хуулийн зарим заалтууд зөрчигдөх, нийцэхгүй байх асуудал амьдралд цөөнгүй байна. Тухайлбал, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Цаашид УИХ-ын ирц, тогтолцооны асуудалд өөрчлөлт оруулахаар ард нийтээсээ санал авч байгаад талархалтай байна. Гэхдээ Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагагүй гэж боддог. Ялангуяа 1992 оны Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөө, ардчиллын талаархи асуудлыг маш сайн тусгасан. Тэгэхээр бүх зүйл заалтад халдахгүйгээр зөвхөн шүүх эрх мэдэл, хуулийн байгууллага, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг иргэдийн амьдралд нийцэхээр өөрчлөх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж байгаа багийн Засаг даргыг шууд томилох заалтыг зарим нь дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь иргэд төртэй ойр байх сонголтыг үгүйсгэж байгаа нь буруу хэмээн шүүмжилж байв. Гэхдээ багийн Засаг даргыг сонгохдоо боловсролын болон ажил байдлын туршлагын талаар босго тогтоохгүй байгаа нь маш буруу гэдгийг хэлж байсан юм.

Сайнцагаан сумын иргэн Ш.Оюун “Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцүүлж байгаа нь маш их ач холбогдолтой. Орон нутгийн засаг захиргааны засаглалд эргэж харахаар зүйл их бий. Багийн Засаг дарга нарыг жалга довны үзлээр, ах дүү нар нь сонгодог. Багийн Засаг даргад тавигдах шалгуур гэж байхгүй байна. Зохих хэмжээнд төрийн ажлыг хийж байгаа хүмүүс учраас боловсролд нь анхаарч босго тогтоох хэрэгтэй. Тиймээс дээрээс нь томилдог байхыг дэмжиж байна” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн дараа иргэдийн саналын хуудсыг хурааж авснаар хурал өндөрлөлөө. Хэлэлцүүлэг Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд Калыбек Кобландиныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Калыбек Кобландин Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаеваас Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн талархлын захидлыг гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевт хариу талархал илэрхийллээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд Элчин сайд Калыбек Кобландин Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хэтийн төлөв харагдаж буйг тэмдэглэв.

Мөн ШХАБ-ын хүрээнд Монгол Улс ажиглагчийн статустай оролцдогийн хувьд хоёр тал идэвхтэй хамтран ажилладгийг дурдлаа.

Бүгд Найрамдах Казахстан Улсын талаас төмөр зам, агаарын зам, авто зам, уул уурхай, ХАА-н салбарт хамран ажиллах ажил хэрэгч саналуудыг уулзалтын үеэр илэрхийлэв. Казахстаны талаас мөн Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх, Баян-Өлгийгөөс ОХУ-ын нутгаар дамжин 60 км авто замаар Казахстанд хүрдэг байсан хуучин маршрутыг сэргээх нь иргэд хооронд зорчих болон аялал, жуулчлалын салбар хөгжихөд дөхөмтэй гэсэн санал илэрхийлж байв.

Хоёр тал урлаг, спортын салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Монголоос жудо бөхийн хоёр дасгалжуулагч Казахстанд ажиллаж байгаа бөгөөд Риогийн олимпоор Монголын тамирчин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэнд хоёр тал сэтгэл ханамжтай байдгийг харилцан тэмдэглэлээ.

Казахстан Улс нь ЗХУ-ын үеэс боксын спортыг амжилттай хөгжүүлж ирсэн. Энэ туршлагаасаа хуваалцаж Баян-Өлгий аймгийн залуусыг энэ спортоор хичээллэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүслээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдын ажилд амжилт хүсч, дараа дараагийн уулзалтуудаар ажил хэрэгч санал солилцоно хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Дуламсүрэн: Унанги болон хөгширсөн мод их байгаа нь түймэр гарах, хөнөөлт шавьж олшрох нөхцөл бүрдүүлж байна

Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс ойн түймэр, мод цэвэрлэх, хөнөөлт шавьжийн асуудлаар тодруулга авлаа.


-Богдхан ууланд гарсан түймрээс болж Богд уулыг цэвэрлэх шаардлагатай байгаа тухай зарим хүн санал болгож байна. Ойн цэвэрлэгээ хийх шаардлага байгаа юу?

-Ойгоор бүрхэгдсэн талбайн 98.8 хувь нь байгалийн ой, 0.1 хувь нь таримал ой, 1.1 хувийг сөөг торлог эзэлдэг. Харин ойгоор бүрхэгдээгүй талбайн 8.4 хувийг буюу 241 га-г шатсан ой эзэлж байна. Унанги болон хөгширсөн мод их байгаа нь түймэр гарах, тархах, хөнөөлт шавьж олшрох, голомт үүсэх нөхцлийг бүрдүүлж, ойг нөхөн сэргээхэд хүндрэл учруулж байна. Тиймээс цэвэрлэх шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгаа. Цэвэрлээгүй ой нь түймрийн аюулыг нэмэгдүүлдэг.

Өнгөрсөн 70 жилд дэлхийн дулаарал 0.7 хэмээр нэмэгдсэн бол манай орны хувьд 2.1 хэмээр буюу даруй гурав дахин их байгаа нь түймэр гарах нөхцлийг улам ихэсгэж байгаа юм. Түймэр нь ойн экосистемийг бүрдүүлэгч хүчин зүйлүүдийн оршин тогтнох чадавхид сөргөөр нөлөөлж, шатсан ойд хортон шавьж үржих, ойн өвчлөл гарах шалтгаан болохын дээр хүн ам, нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулж байна. Түүнээс гадна ойн сангийн 76 хувийг болц гүйцэж хөгширсөн, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн мод эзэлж байна. Үүнээс гадна цэвдэгт хөрс багасч, хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо. Энэ нь ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлөх нэг хүчин зүйл юм. Мөн цэвэрлээгүй ой нь үндэс, гол иш, модлогоор хооллогч 160 орчим зүйлийн хөнөөлт шавьжийн тоо толгой хэт олшрох таатай нөхцлийг бүрдүүлж, ойн экосистемийг эмзэг болгодог.

-Ойг хэр цэвэрлэж байгаа вэ?

-Ойг эрүүлжүүлэх, ойн эмгэгээс сэргийлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой цэвэрлэгээг бодлогын хэмжээнд тавих шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Улсын хэмжээнд жилд бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа нь тухайн жилийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэглээний болон түлшний модны хэрэгцээнд зориулагдаж, харин ойн төлөв байдлыг сайжруулах, нөхөн сэргэх нөхцлийг хангах цэвэрлэгээний ажил хийгдэхгүй өнөөдрийг хүрсэн.

Ойн цэвэрлэгээ хийснээр хулгайн мод, түймэр, хортон шавьж багасна. Унасан, хатсан мод нь ойн түймрийг тэтгэх маш том хүчин зүйл. Унанги, хатсан мод нь амьд мод хооронд маш хурдан гал дамжуулах механизм болдог учир ойн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн 10 жилд 100 мянган га-д тохиолдох ойн түймрийн давтамж 1.4-7.3 байгаа нь шатамхайн дунджаас их зэрэглэлд шилжсэн. Энэ нь 1 га дахь унанги модны нөөц буюу шатах материалын нөөц 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой. Ойд цэвэрлэгээ хийвэл түймрийн тоог хоёр дахин, түймэрт өртөх ойн талбайн хэмжээг 3-4 дахин бууруулах боломж бүрдэнэ. Мөн шинэс, нарсны түймэрт тэсвэрлэх чадавхийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Хортон шавьжны үүрлэж, үрждэг орчин нь хатсан унанги мод. Ялангуяа түүн дээр модлог идэшт хортны өндөг, авгалдай бойжиж, өсөж үрждэг гэж манай ойн мэргэжилтнүүд хэлдэг. Цаашид ойн шавьжнаас ангижирахыг хүсвэл үүрийг нь цэвэрлэх хэрэгтэй.

Өрөөсгөл хүр эрвээхэй мөн ойд хөнөөл учруулж байгаа гэсэн үү. Ойд сөргөөр нөлөөлж байгаа бусад хүчин зүйлийн тухай яриач?

-Монгол Улсын нийт нутгаар тархаад байгаа өрөөсгөл хүр эрвээхэй нь нэг жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ ойд маш хөнөөлтэй, ой модонд үүрлэж, модыг эргэн төлжихгүйгээр гэмтээдэг. Мөн самар түүгчдийн асуудал байна. Хуш модноос самар унагаахын тулд болц гүйцээгүй байхаас нь авахуулж түншиж нүдсээр самар унагаадаг. Самрыг нь авах гээд том том холтостой, мөчиртэй нь хугалаад авч байна. Ингэж самар түүсэн тохиолдолд тэр модонд дахиад хэзээ ч самар ургахгүй. Ой хээрийн түймэр ихэвчлэн хүмүүсийн буруутай үйлдлээс болж гарч байгаа нь харамсалтай. Татсан тамхины иш, түлсэн галаа унтраалгүй орхих, самар түүгчдийн отог зэргээс голчлон гал алдсан нь илэрдэг. Түүнээс гадна ой хамгаалах нэрийн дор хав дарж ой хамгааллын нөхцөлийг “муутгадаг” гаж тогтолцоо оршиж байна. Үүнийг өөрчлөх оролдлогын нэг эхлэл нь ойн цэвэрлэгээ юм. Ойг цэвэрлэж байгаа нь энэ гээд олон нийтийн бодож байгаа шиг тасдаад, хяргаад байх асуудал байхгүй. Хөгшин, хатсан, унанги модыг цэвэрлэж, горимын дагуу нөхөн сэргээлт хийхийг хэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Categories
гадаад мэдээ

Хамгийн чинээлэг тамирчин тодорлоо

Related imageАмерикийн Серена Уильямс хамгийн их орлого олсон чинээлэг тамирчны жагсаалтыг тэргүүллээ. “Forbes” сэтгүүлийн газраас уг жагсаалтыг гаргасан байна. Серена Уильям гурав дахь удаагаа хамгийн чинээлэг тамирчнаар тодорсон юм. Нэрт теннисчин энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 27 сая ам.долларын орлого олжээ. 35 настай тамирчин тэмцээнүүдэд оролцож, сурталчилгаанд тоглосноор чамгүй ашиг олжээ. Жагсаалтын хоёрдугаарт Германы теннисчин Ангелиз Кербер (12,6 сая ам.доллар) гуравдугаарт уралдааны машины нисгэгч, Америкийн иргэн Даник Патрик (12.2 ам.доллар) тус тус бичигджээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Швед улс дахь монголчууд гал унтраах үлээгч аппарат хандивлав

Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох ‘Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо’- ноос тус улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлжээ.

Уг хандивын аянд тус улсад ажиллаж амьдардаг 70 гаруй монгол иргэн оролцсон бөгөөд цугласан хандиваар гал түймэр унтраахад нэн шаардлагатай багаж хэрэгслийн нэг болох гал унтраах үлээгч аппаратыг худалдан авсан байна. Энэхүү үлээгч аппарат нь 2017 оны шинэ загвар бөгөөд ‘Husqvavna-580’ маркийн багаж юм.

‘Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо’- ноос өнөөдөр уг үлээгч аппаратыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн юм. Тус холбооноос цаашид ч гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

‘Husqvavna-580’ маркийн үлээгч аппарат нь 10 гаруй кг-ын жинтэй, үүрч явах зориулалттай, хэрэглэхэд авсаархан, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж юм байна. Уг үлээгч аппаратыг Төв аймгийн Онцгой байдлын газарт олголоо.

Дашрамд дурдахад, 2017.08.14-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд ийм өөрчлөлт орлоо

Image result for нийтийн тээврийн

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд өөрчлөлт орлоо хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Үүнд:

  • Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
  • Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
  • Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
  • Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
  • Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
  • Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
  • Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”

Иймд эдгээр чиглэлүүдээр зорчдог иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.