Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээвэрлэдэг жолооч нар хил дээр тайван жагсаал эхлүүллээ

Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайт-Ганц мод боомтоор урд хөрш рүү гаргаж буй. Сүүлийн үед нүүрс тээвэрлэсэн машинуудыг хилээр гаргахдаа нэг бүрчлэн шалгадаг болжээ. Үүний улмаас нүүрс тээвэрлэсэн ачааны автомашинуудын цуваа 160 орчим км-т хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр энэ асуудал цэгцрээгүй учраас Цэцийн хөдөлгөөн ТББ-ынхан зам хааж, тайван жагсаал хийхээр болжээ. Өнөөдөр 12.00 цагт эхлэх аж. Жагсаалд 400 гаруй хүн оролцож Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс Тавантолгойгоос Цагаан хаданд буулгаад тэндээсээ Хятад руу тээвэрлэдэг болгох. Мөн жолооч нарын цалинг нэмэх шаардлагыг тавих аж.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд малын шилжилт хөдөлгөөнийг гурван жилийн хугацаатай хоригложээ

Өмнөговь аймагт малын шилжилт хөдөлгөөнийг гурван жилийн хугацаатай хориглосон шийдвэрийг нутгийн удирдлагын зүгээс гаргажээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 -ын “А” дахь заалт, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.5.4 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.

Учир нь мал амьтны гоц халдварт өвчин буюу шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймгуудад гарч дэгдэлт буурахгүй байгаагийн улмаас дээрх шийдвэрийг гаргасан аж. Ингэхдээ бусад аймгуудаас мал худалдан авах, тууварлах замаар өөрийн аймагт мал оруулж ирэхийг энэ сарын 12-ноос гурван жилийн хугацаатайгаар хориглосон байна.

Мөн малчдад мал амьтны гоц халдварт өвчний талаархи мэдээлийг цаг алдалгүй хүргэж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар болон сумдын дарга нарт даалгажээ. Түүнчлэн хориг арга хэмжээг зөрчсөн иргэн аж ахуй нэгжид хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хамрагдалтын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр энэ жил ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад орох аж.

Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос 5 сургууль 9 дүгээр сарын 1-нээс өмнө, үлдсэн 5 сургууль 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний дотор ашиглалтад орох юм. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өснө.

Ерөнхий боловсролын 241 сургуульд 249 мянга 593 хүүхэд суралцана

2017-2018 оны хичээлийн төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургууль үйл ажиллагаа явуулж 1-р ангид 31 мянга 110 орчим суралцагч, бага ангид 139 мянга 226, дунд ангид 72 мянга 940, ахлах ангид 37 мянга 427, нийт 249 мянга 593 суралцагч хамрагдах урьдчилсан төлөвтэй байна. Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч 3 ээлжээр хичээллэх аж. Тодруулбал, 8 сургууль 3 ээлжээс гарч, 5 сургууль 3 ээлжид шилжсэн байна.

Цэцэрлэгийн цахим элсэлт 8 дугаар сарын 25-нд явагдана

Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонож өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг арилгах зорилготой юм. Цахим бүртгэл 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25 хүртэл явагдана. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт 8 дугаар сарын 25-нд явагдах юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хаягтай хүүхдүүдийн 50 орчим хувь нь бүртгүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 21 хоногийн нөхцөл байдлыг танилцууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны үеэр Улаанбаатар хотын өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав.

Дээрх хугацаанд Нийслэлийн цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 35 мянга 991 дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад -2319 нэгж буюу –6.1 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 960 үйлдэл бүртгэгдсэн нь 25 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 270 гэмт хэрэг, Багануур дүүрэгт 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Хулгайлах төрлийн гэмт хэрэг 25.3 хувиар, дээрэмдэх хэрэг 2 дахин, залилан 40 хувиар өссөн байна. Харин зам тээврийн осол 6.5 хувь, золгүй байдлаар нас барсан тохиолдол 16.1 хувь, хүчингийн хэрэг 51.2 хувиар тус тус буурчээ.

Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2017оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4942 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 244, зөрчлийн шинжтэй 1146 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1390 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас6 хүний амь нас хохирч, 354 хүн гэмтжээ.Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 179 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 194 бүртгэгдсэн нь 8,4 хувийн өсөлттэй байна.

2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1198 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 1340 бүртгэгдсэн нь 11.9 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн онд 113 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 84 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь -25.7 хувиар буурсан үзүүлэлт юм.2016 онд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдол 71 бүртгэгдэж байсан бол энэ онд 74 бүртгэгдсэн нь 4,2 хувиар өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 60 удаагийн дуудлагыг хүлээн авч, үүнээс объектын гал түймрийн 50, аврах ажиллагааны 10 удаагийн дуудлагуудад Гал түймэр унтраах аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн. Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр гараагүй. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 35,4%-иар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 54,54%-иар тус тус буурч, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 28,57 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

НМХГ-аас дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 250, төлөвлөгөөт бус 313, гүйцэтгэлийн 182, нийт 745 хяналт шалгалт хийсэн байна. Гарсан зөрчилд 186 албан шаардлага хүргүүлж, 26.1 сая төгрөгийн торгууль ноогдуулснаас 55 хувийг нь барагдуулжээ. Гаалийн хяналт шалгалтаар Малайз улсаас импортолсон 13 нэрийн 596.2 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүнээс дээж авч, шаардлага хангахгүй байгаа тул худалдан борлуулахгүй, импортлогч орон руу буцаах арга хэмжээг авч ажилласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Энэ хичээлийн жилд ОХУ-д 450 иргэн тэтгэлгээр суралцана

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр /2017.08.15/ хүлээн авч уулзлаа. И.К.Азизов уулзалтын эхэнд “Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна.

2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог 500 хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна” гэв. Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол-Орос хоёр орны харилцаа зуунаар хэмжигдэх түүхтэй билээ. Бид соёл, боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, ОХУ-ын Соёлын яамтай хамтран ирэх 10, 11 дүгээр саруудад кино өдрүүд, 2018 онд соёлын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн энэ онд ОХУ-ын БШУЯ, Соёлын яамтай байгуулсан хөтөлбөрийн хугацаа дуусгавар болно. Ирэх онд эдгээр гэрээ, хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн ОХУ-ын Спортын яамтай байгуулах санамж бичгийн төслийг хоёр тал үндсэндээ эцэслэн тохироод байгааг дуулгахад таатай байна” гэв. Түүнчлэн соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны хавар ОХУ-ын Пермийн бүжгийн сургуулийг 11 залуу балетчин төгсч ирнэ. Тэд ирмэгцээ УДБЭТ-т ажиллаж, сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Харин шинжлэх ухааны салбарт ОХУ-ын “Суурь судалгааны сан”-тай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Судалгааны ажлын үр дүнг сайжруулах зорилгоор 1.000.000 рубль хүртэлх санхүүжилттэй таван томоохон зорилтот төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс гадна Монгол Улсын БСШУСЯ-ны зүгээс хоёр улсын үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл, цугларалтыг 2018 оноос ээлжлэн зохион байгуулж, ОХУ-ын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг гэрээгээр ажиллуулах саналтай байгаа тухайгаа уулзалтын үеэр илэрхийлэв. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Спортын яамны харьяа Сочи хотын Олимпийн академид давтан сургаж, мэргэшүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Тамирчин гал сөнөөгчийн гэр бүл Олон улсын өртөөт марафон гүйлтийн анхдугаар тэмцээний аварга боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, БНХАУ-ын “Grand china sport” холбооноос хамтран зохион байгуулсан “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон гүйлтийн анхдугаар тэмцээн 08 дугаар сарын 13-ны ням гаригт нийслэл Улаанбаатар хотод боллоо.

Тус тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн 4 ангилал, төрлөөр явагдсан ба “Гэр бүл”-ийн ангилалд Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Долгорсүрэнгийн Тэмүүжин эхнэр хүүгийн хамт амжилттай оролцож “Тэргүүн” байр эзлэн Алтан медаль, цом, өргөмжлөл, БНХАУ-ын үзэсгэлэнт газруудаар гэр бүлээрээ үнэ төлбөргүй аялах эрхийн бичгээр шагнагдсан байна.

Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь марафон гүйлтийн төрлөөр 14 жил хичээллэж байгаа бөгөөд 2015, 2016 онд “Улаанбаатар-марафон” Олон улсын тэмцээний дэд байрт 2 жил дараалан шалгарч “Мөнгөн” медаль хүртэж байсан билээ.

Д.Тэмүүжиний хамт олон улсын өртөөт марафон гүйлтийн анхдугаар тэмцээнд оролцсон түүний гэр бүл, эхнэр Болдын Даваажаргал нь “Kings Kids” Олон улсын сургуулийн химийн багшаар ажилладаг бол хүү Эрхэс нь “Kings Kids” Олон улсын сургуулийн гуравдугаар ангийн сурагч юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолоочийн буруугаас хүний амь нас хохирчээ

Image result for Согтуу жолооч

“Ар гүнт”-ээс хот орох чиглэлийн авто замд өчигдөр 15.40 цагийн орчимд автомашины ноцтой осол гарчээ. Тодруулбал, “Lexus 470” маркийн автомашины жолооч согтуугаар жолоо барьж яваад “Toyoto crown” “Land cruiser” зэрэг гурван автомашинтай мөргөлдөж нэг автомашин шатаж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна. Хэргийн газарт онцгой байдлын алба хаагчид болон Замын цагдаагийнхан шуурхай ажиллажээ. Мөн осол гарснаас цаг орчмын дараагаар түргэн тусламж ирсэн аж. Согтуу жолооч хажуудаа хоёр орчим насны хүүхэд суулгаж явсан гэв. Харин мөргүүлсэн автомашинд нэг жирэмсэн эмэгтэй, гурван эрэгтэй, хоёр хүүхэд нийт зургаан хүн зорчин явж байсан гэнэ. Мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эрэгтэй газар дээрээ амиа алдсан байна. Харин мөргүүлсэн автомашинд зорчиж явсан хоёр хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэйг ГССҮТ-д иргэд хүргэж өгчээ. Одоогоор тэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. “Lexus 470” машин жолоодож явсан эрэгтэй биеэ хянах чадваргүй их хэмжээний согтолттой байсныг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Улмаар осол гаргасан согтуу жолооч зам голлож, урсгал сөрж явсан бөгөөд осолд өртсөн машин тухайн машиныг өнгөрөөх золигоор замын хашлага налж зогссон ч, удалгүй согтуу жолооч ирж мөргөжээ. Хэргийн газарт ажилласан замын цагдаа нар согтуу жолоочийг шууд баривчилж, автомашиныг журамласан аж. “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдөр эхэлнэ” хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Рави Шанкер Гоел: Энэтхэгийн том зах зээлийг Монголын бизнесмэнүүд өөрсдөө нээн илрүүлэх хэрэгтэй

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Рави Шанкер Гоелтай ярилцлаа.


-Монгол Улс, Энэтхэг улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ ямар түвшинд байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Энэтхэг, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрт дээр үеэс улбаатай. Ялангуяа буддын шашинд тулгуурласан манай хоёр орны харилцаа олон жилийн түүх, уламжлалтай. Орчин цагт хоёр улсын дипломат харилцаа 1955 оноос эхэлсэн байдаг. Энэтхэг бол Монгол Улсыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны орны нэг. Одоогийн байдлаар манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди Монгол Улсад айлчилснаар хоёр орны хамтын ажиллагаа улам гүнзгийрч Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн.

-Манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсан тэр үеийг эргэн нэг дурсахгүй юу?

-Тухайн үед Энэтхэг улс нь социалист системийн орнуудаас гадна Монгол Улсыг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны орон байсан. 1956 онд Монгол Улсын Элчин сайдын яам Энэтхэг улсад анх байгуулагдаж байсан түүхтэй. 1971 онд Элчин сайдын яамаа Монгол улсад нээсэн. Үүнээс хойш Монгол Улсад Энэтхэгийн Элчин сайдын яам тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Энэ хугацаанд хоёр улс хамтын ажиллагаагаа хөгжүүлж, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна хүмүүс хоорондын харилцаа илүү гүн гүнзгий, бараг 1000 жилийн түүхтэй гэж хэлж болохыг дурдах байна. Монгол Улсаас буддын шашинд суралцахаар Энэтхэг улс руу олон хүн, ялангуяа лам нар олноороо зорчиж байсан бол эрт дээр үеэс Энэтхэг улсаас Түвдээр дамжин энх тайван, энэрэл хайр, эв нэгдлийг тунхагладаг буддын шашин дэлгэрүүлэхээр лам нар Монголд ирж байсан түүхтэй.

-Бүгд Найрамдах Энэтхэг Улс манай улсын “гуравдагч хөрш”. Хоёр улс 2008 онд Иж бүрэн түншлэлтэй байсан бол 2015 онд Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрч бүхий л салбарт хамтран ажиллахаар болсон. Ямар салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж буй талаарх мэдээллийг хүргэнэ үү?

-Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад хийсэн айлчлал түүхэн ач холбогдолтой айлчлал болсон. айлчлалын хүрээнд соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тухайлбал, хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай, Агаарын харилцааны тухай санамж бичиг зурж олон салбарт хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Тухайлбал, Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах боломжтой болов. Малын сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах Энэтхэгийн технологи олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна Энэтхэг бол дэлхийд сүү үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг орон юм. Энэтхэг улсын туршлагаас суралцах зүйл их бий. Дараагийн нэг чухал санамж бичиг бол соёлын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг дурдах байна. 2015 онд Монгол Улсад Энэтхэгийн фестивалийг зохион байгуулж байсан. 2017 онд Монгол Энэтхэгээс соёл урлагийн баг айлчлан ирж, тоглолт хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн Хил хамгаалал, хилийн дэглэм сахиулах тухай санамж бичиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа маань амжилттай явагдаж байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр шийдвэрлэсний дагуу Хавдар судлалын Үндэсний төвд оношилгооны аппарат бэлэглэж, олон хүний эмчилгээнд тусалж буйг дурдахад таатай байна. Батлан хамгаалахын салбарын хүрээнд нягт холбоотой хамтран ажилладаг бөгөөд тун удахгүй Энэтхэг улсын цэргийн бие бүрэлдэхүүн Монголд зохион байгуулагдах цэргийн хээрийн сургуулилтад ирж оролцох гэж байгаа билээ. Энэ мэтчилэн Стратегийн түншлэлийн хүрээнд төрөл бүрийн салбарт хамтран ажиллаж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн тусламжаар Улаанбаатар хотноо сургууль байгуулах тухай асуудлыг ихэд сайшаан хүлээн авч байгаа. Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдээс онцлон ярихгүй юу?

-Энэтхэг Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан байгаа. Одоогийн байдлаар Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт дунд сургууль барих газрыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг явуулаад байна.

Олон улсын сургууль гэдэг үүднээс монгол хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Сургууль барих ажил урагштай байна гэж хэлж болно. Энэтхэгийн тусламжаар барих уг дунд сургуулийн газрыг шийдвэрлэж өгвөл Энэтхэгийн Засгийн газраас сургууль барихад бэлэн байгаа. Мөн Боловсролын салбарт хийгдэж буй зарим ажлын тухай хэлэхэд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид Энэтхэг улсаас гурван сая ам.долларын тусламж үзүүлсэн. Тус сургуульд робот техник буюу роботикс судалдаг анги шинээр нээсэн нь ийм мэргэжлийн анги хичээллэж байгаа Монгол дахь цор ганц сургууль гэж хэлэх боломж олгож байна. Түүнчлэн 20 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Мэдээлэл технологийн төвийг Монголд барихаар яригдаж байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын хүрээнд тус төвийн шавыг тавьсан. Одоогийн байдлаар зөвлөх компани нь сонгогдсон байна. Хүлээгдэж буй зүйл бол БСШУ-ны яамнаас тендер зарлаж тус төвийг барих барилгын компанийг шийдвэрлэх ёстой юм. Энэ шийдвэр гарчихвал Мэдээлэл харилцаа холбооны “Атал Бихари Ваджпаи” нэртэй төв маань баригдах бололцоотой болно. Мэдээлэл технологийн энэ төв нь жилдээ 1000 гаруй оюутан сурагчдыг сургах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Монголын залуусыг тус төвд сургахаас гадна ажлын байраар хангах бүрэн боломжтой. Мөн дэргэд нь бизнес хөгжүүлэлтийн төв ажиллана.

-Энэтхэг рүү тэтгэлгээр суралцахаар залуус их явдаг. Тэтгэлгийн талаарх мэдээллийг энэ дашрамд хүргэхгүй юу?

-Энэтхэгийн Засгийн газраас Техник, эдийн засгийн хамтын ажиллагаа /ITEC/ хөтөлбөрийн хүрээнд жилдээ 150 гаруй богино хугацаат тэтгэлэгт хөтөлбөрт монголчууд хамрагдах боломжтой байдаг. Их, дээд сургуулийн тэтгэлгийн хувьд Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс /ICCR/бүх шатны дээд боловсролын зэргийн тэтгэлэг буюу бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах 100 хувийн тэтгэлэг олгодог. Түүнчлэн Дашчойлон хийд дээр хинди буюу Энэтхэг хэлний үнэ төлбөргүй сургалт тогтмол явуулдаг. Тус хинди хэлний сургалтад сайн суралцсан 3-4 оюутныг жил бүр сонгон Энэтхэг улсад тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт хамруулдаг.

-Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди манай улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдэж байсан. Зээлийг хэрэгжүүлэх үйл явц аль шатандаа яваа бол?

-Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн өнгөрсөн 2016 оны дөрөвдүгээр сард Энэтхэг улсад айлчлахдаа зээлийн шугам ашиглах гэрээг эцэслэн тохирсон. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас тус зээлийн шугамыг дэд бүтэц, ялангуяа төмөр замыг хөгжүүлэхэд ашиглая гэж яригдаж байсан. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар солигдож тухайн зээлийн санхүүжилтийг дэд бүтцээс гадна аж үйлдвэрийн салбарт ашиглая гэсэн хүсэлт гаргасныг Энэтхэгийн Засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас тухайн зээлийн шугамыг ямар төсөл дээр ашиглах вэ гэдгээ шийдвэрлэх үе шат дээр явж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол эрчим хүчний салбарт ашиглах талаараа санал илэрхийлсэн байгаа.

-Хоёр улсын худалдааны эргэлт бусад улсыг бодвол хангалттай түвшинд байдаггүй. Мэдээж газар орны алслагдмал байдал зэрэг нь нөлөөлдөг байх. Хоёр улс гадаад худалдааны эргэлтээ сайжруулах ямар боломж байна вэ?

-Таны хэлсэнтэй санал нийлэх байна. Бусад улс оронтой харьцуулахад хоёр орны худалдааны эргэлт бага байгаа. Орчин үед алслагдмал байдал, газар зүйн саад бэрхшээлийг шинэ технологиор шийдэж болох цаг үе бидэнд ирсэн. Энэтхэг бол том эдийн засагтай улс орнуудаас хурдацтай хөгжиж буй орны нэг. Нэг хүнд ногдох худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвт жагсдаг. Монгол Улсын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмөр, алт, ноолуур, хивс зэрэг бүх бүтээгдэхүүнийг Энэтхэг улс гаднаас импортолж авдаг. Энэтхэгийн энэ том зах зээлийг Монголын бизнесмэнүүд өөрсдөө нээн илрүүлэх хэрэгтэй байгаа. Энэтхэг улс 1.3 тэрбум хүн амтай, том зах зээлтэй. Энэтхэгийн дундаж давхаргын худалдан авах чадвар мөн өндөр байдаг. Тиймээс Энэтхэгийн зах зээлийг илрүүлэн нээх нь чухал. Харамсалтай нь одоогоор Монгол Улсаас гол экспортын бүтээгдэхүүнүүдийнхээ алийг нь ч Энэтхэг улс руу экспортлоогүй байна. Харин Энэтхэг улсын хувьд Монгол руу нэлээд хэмжээний бүтээгдэхүүн импортолдог.

-Уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ Энэтхэгийн талаас илэрхийлж байсан. Энэ салбарт бодитой харилцаа үүссэн болов уу?

-Энэтхэгийн аж ахуйн нэгж, компанийн хувьд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол өндөр байгаа. Хэрвээ сайн төсөл санал болговол Энэтхэгийн компаниуд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна. Сүүлийн үед Энэтхэгийн компаниуд уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Жишээ нь Австралийн нүүрсний уурхайд Энэтхэг компани хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байгааг дурдах байна. Зөвхөн нүүрсний хувьд гэхэд жилдээ 160 сая тонн буюу 40 сая ам.долларын хэмжээтэй нүүрс гаднаас импортолдог. Жилд 27 тэрбумаас 40 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээтэй алт импортолдог. Гурван тэрбум ам.долларын өртөг бүхий зэс болон зэсийн баяжмал жилд гаднаас импортолдог гэсэн мэдээлэл байна. Монгол болон Энэтхэг улс хоорондоо худалдааны харилцан үндэсний нэн тааламжтай нөхцөлтэй улсууд. Эдгээр хоёр орон худалдаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь Монголын бизнесмэнүүд тус том, асар их боломжтой зах зээлийг нээн илрүүлж, энэ талаар санаачилга гарган ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэтхэгийн компаниуд ч мөн гадаад худалдаагаа нэмэгдүүлж хамтран ажиллахдаа тааламжтай байх болно. Монголын уул уурхайн салбарт Энэтхэгийн компаниуд хамтран ажиллахдаа илүү сонирхолтой байгаа болов уу гэж харж байна. Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлд хамтран ажиллах боломжтой. Мөн аялал жуулчлал, банкны үйлчилгээ, мэдээлэл технологийн салбар гэх мэтээр маш олон боломжтой салбар байна. Одоо тулгарч буй гол асуудал бол хоёр орны аль аль талд бизнесийн шинэ боломж нээхэд мэдээлэл дутмаг байгаа явдал гэж үзэж байна. Энэ цаг үед биш юмаа гэхэд тодорхой хугацааны дараа Энэтхэг, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өсөн нэмэгдэнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа.

-Бизнесийн замыг нээхэд хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагаа чухал. Энэ тал дээр санаачилгууд хийгдэж байгаа гэв үү?

-Энэтхэг, Монголын гадаад худалдаа хамтын ажиллагааг дэмжих үүднээс Энэтхэгийн Элчин сайдын яамнаас зарим нэг санал, санаачилгыг гарган ажиллаж байгаа. Тэдгээрийн нэг нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг санаачилсан явдал юм. Мөн Улаанбаатар хотын худалдааны танхим –Шинэ Дели дэх PHD Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллахаар болсон билээ. Хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран ажилласнаар бизнесийн боломжууд улам нээгдэж, мэдээлэл харилцан дамжуулах бололцоотой гэж үзэж байна. Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэг улсад болох бизнес уулзалт, үзэсгэлэн яармагийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорин ажилладаг. Үүний үр дүнд 2016 оны хувьд Монголын бизнесийн төлөөлөгчид Энэтхэгт болсон худалдааны гол гол уулзалтад оролцжээ. Заримаас нь дурдвал, “ИНДИАСОФТ”, Үйлчилгээний Олон улсын үзэсгэлэн худалдаа, Мумбай дахь “ОПХЕКС” үзэсгэлэн худалдаа, Дэвшилтэт эрүүл мэндийн салбар Олон улсын хурал, Дээд боловсролын Олон улсын дээд хэмжээний уулзалт, Олон улсын кино наадам зэрэг арга хэмжээнд Монгол улсын төлөөлөл оролцсон байна. Ирэх аравдугаар сард Энэтхэгээс бизнесийн төлөөлөл Монгол улсад айлчлахаар төлөвлөж байгааг энд дуулгая. Манай Элчин сайдын яамнаас зүгээс хоёр орны бизнесийн боломж нээн өргөжүүлэхийн тулд Монголын бизнесмэнүүдэд Энэтхэгийн визийг төлбөр хураамжгүйгээр олгох замаар дэмжин ажилладаг.

-Манай улс Энэтхэгтэй шашны гүн гүнзгий хамтын ажиллагаатай явж ирсэн. Буддын шашны хамтын ажиллагаанаас хуваалцана уу?

-Энэтхэг улс дэлхийд хэд хэдэн шашин төрүүлэн, хүн төрөлхтөнд бэлэглэсэн гэж хэлж болно. Үүнд Хиндуизм, Буддизм,Жайнизм, Сикизм гэх мэт шашныг нэрлэх байна. Мөн Энэтхэг улс нь одоо дэлхий дээр байгаа бүх шашны өлгий нутаг болохоос гадна эдгээр шашны бүх урсгал бүгд Энэтхэгт байдаг. Буддын шашнаар дамжуулан Энэтхэг улс нь Монгол улстай өнө эртний уламжлалт харилцаатай байж ирсэн билээ. Үүний нэг тод жишээ бол 19 дэх Бакула Ринбүчи Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байсан явдал юм. Тэрбээр ажиллах хугацаандаа Монгол Улсад “Бэтүб” хийдийг байгуулж байв. Мөн 1992-2001 оны хооронд Элчин сайдаар ажиллахдаа буддын шашинг Монгол Улсад дахин сэргээхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан болов уу гэж үздэг. Буддын шашнаар холбогдсон бидний харилцаа хамтын ажиллагаа орчин үед ч улам дэлгэрэн хөгжиж байна. 2015 онд манай улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад албан ёсны айлчлалаар ирэхдээ Гандантэгчинлэн хийдэд Бодь модны суулгац бэлэглэсэн нь эртний түүхэн уламжлалыг дээдлэн, Монголын ард түмнийг хүндэтгэсэн дотно сэтгэлийн илэрхийлэл болсон. Мөн Гандантэгчинлэн хийдэд хадгалж байгаа хуучин ном судрыг цахим хэлбэрт шилжүүлэн дижитал болгоход Энэтхэгийн Засгийн газраас тусламж үзүүлсэн. Одоо Гандантэгчинлэн хийдэд баригдаж байгаа сүмд байрлах Бурхан багшийн сэрэг дүрийг Энэтхэг улсаас мөн явуулах юм. Үүнээс гадна 20 дахь Бакула Ринбүчиг энэ оны долдугаар сард суудалд нь залах ёслол болж өнгөрлөө.

-Энэ наймдугаар сарын 15-ны өдөр Энэтхэг улсын Тусгаар тогтнолын өдрийн ой тохиож байна. Энэ өдөр ямар арга хэмжээ болох вэ?

-Наймдугаар сарын 15-ны өдрийн арга хэмжээг өглөө Энэтхэг улсын төрийн далбааг мандуулах ёслолоор эхлүүлнэ. Монголд байгаа бүх Энэтхэг иргэд, Монгол найзуудаа урьж оролцуулна. Энэ жилийн хувьд тусгаар тогтносны 70 жилийн ой тохиож буй гэдгээрээ онцлог арга хэмжээ олон бий. Туг өргөх ёслолд сонирхсон хүмүүс ирж оролцож болно гэдгийг хэлэх байна.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ нийгэм

“Хурдаа хас” бичиглэл бүхий анхааруулах хэвтээ тэмдэглэл байршуулжээ

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян явагдаж байгаа билээ.

Уг аяны хүрээнд Дархан -Уул аймгийн Замын цагдаагийн тасаг нь “Шар зам ирээдүй” хоршоотой хамтран жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, зохистой хурдыг сонгон зорчих талаар сэрэмжлүүлж Хонгор сумын нутаг Хустайн даваанаас Дархан Төмөрлөг хүртэл таван цэгт , Хонгор сумаас Улаанбаатар явах чиглэлд хоёр цэгт, нийт долоон байршилд “ХУРДАА ХАС” бичиглэл бүхий анхааруулах хэвтээ тэмдэглэлийг байршуулжээ. Яарсан нэг хором, хурд хэтрүүлсэн мөч бүхэн аюул, ослыг дагуулдаг. Жолооч та хурдаа хас.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн нөхөн элсэлт өнөөдөр дуусна

МУИС-ийн нөхөн элсэлт онлайнаар орон даяар 2017 оны 8-р сарын 14-нөөс 2017 оны 8-р сарын 16-ны өдрийг дуустал явагдана. Нөхөн элсэгчдийг http://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэж, 8-р сарын 17-ноос 18-ны өдрүүдэд хуваарь олголт хийгдэх юм байна.

Нөхөн элсэлт авах Бүрэлдэхүүн сургуулиудад Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбар, Нийгмийн ухааны салбар, Хүмүүнлэгийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль багтжээ.

Хяналтын тоонд орсон бүртгүүлэгч дөрвөн цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулах юм байна. Элсэлтийн бүртгэлийн систем /http://burtgel.num.edu.mn/-д өмнө нь бүртгүүлсэн элсэх хүсэлт гаргагч бүртгэлийн хураамж дахин төлөхгүй ажээ. Шинээр хүсэлт гаргагч 9000/есөн мянга/ төгрөгийн бүртгэлийн хураамж төлөх юм байна.