МАН-ын Тусгаар тогтнолын ордонд Удирдах зөвлөлийн хуралдаан болж байна. Товлосон цагаасаа хожуу эхэлсэн уг хуралдаан болж байгаа Цагаан байр руу хэвлэлийнхнийг нэвтрүүлэхгүй, хамгаалалт гаргажээ. Удирдах зөвлөлийн хуралдаан ширүүн уур амьсгалтай эхэлж, тагнах чагнах ажиллагаа, У.Хүрсэлсүхийн утасны яриа, 60 тэрбумын асуудал, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудал яригдсан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас Бага хурлыг ирэх сард зохион байгуулахаар болсон бололтой.
Month: August 2017
Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 18-наас эхлэн хачигт халдвар
бүртгэгдсэнээс хойш одоо хүртэл гарсаар байна. Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар
сард 18, долоон сард дөрөв, энэ наймдугаар сард гурван тохиолдол гарч, хачигт
хазуулсан иргэд одоогоор эмчлүүлж байна. Энэ онд аймгийн тус аймгийн Зоонозын
өвчин судлалын төвөөр 209 тохолдолыг төвийн шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн
эмнэлэгийн байгууллагад хандаж шинжилгээнд хамрагдалгүй гэрээр эмчлүүлсэн хүмүүс
олон байгаа аж.
Тус аймгийн Тайшир, Баян-Уул, Цогт, Эрдэнэ, Есөнбулаг сумдад
хачигт халдвар олон гарснаас аймгийн төв Есөнбулаг суманд хамгийн олон буюу 60
хувь хувийн тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн онд тус аймагт есөн сард хачигт
халдвар гарч байсан талаар тус аймгийн ЗӨСТ-өөс мэдээллэв.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, оны эхний долоон сард нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өссөн нь Монгол Улсын нийт экспорт өсөхөд голлон нөлөөлжээ. Нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 97 хувийг нь БНХАУ руу гаргасан байна. Биет хэмжээ нь 90 орчим хувиар нэмэгдэж, 20.8 сая тонн болжээ. Монголын нүүрсний экспорт огцом өсөхөд БНХАУ-ын нүүрсний зах зээл сэргэсэн, мөн Хойд Солонгосын нүүрсний худалдаанд хориг тавьсан нь нөлөөлсөн байна.
БНХАУ-ын Гаалийн газрын мэдээллээр, эхний хагас жилд хориг тавьсны дараа Монголоос БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 80 хувиар өсчээ. Гашуунсухайт-Ганц модны боомтоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж буй компаниуд голлон экспорт хийж байгаа аж. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд эхний долоон сард 5.9 сая тонн нүүрс экспортложээ.
Монгол Улс зэсийн баяжмалаа 100 хувь БНХАУ руу экспортолжээ. Оны эхний долоон сард 888.7 сая ам.доллар болсон нь 2016 оны мөн үеийнхээс 14 хувиар буурсан үзүүлэлт юм Биет хэмжээний хувьд нийт экспорт 10 хувиар буурч, 852.7 мянган тонн болсон байна. Үүнд “Оюутолгой”-н экспорт буурсан нь нөлөөлжээ.
Алтны экспорт 217.7 сая доллар болсон бөгөөд 100 хувь Их Британи руу экспортложээ. Биет хэмжээгээр 5.4 тонн алт худалдсан нь жилийн өмнөхөөс 36 хувиар буурсан дүн юм. Төмрийн хүдрийн баяжмалын экспорт оны эхний долоон сард 48 хувиар өсөж, 178.2 сая ам.долларт хүрчээ. Биет хэмжээний хувьд 3.2 сая тонн болж үл ялиг буюу хоёр хувиар өссөн байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус зам нь Халдвартын эцсээс “Нарантуул” ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд 7м өргөн, 2 талаараа 1,5м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй юм.
Гүйцэтгэгчээр “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл шалгарч, нийт 986 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэсэн байна.
1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Америкийн Нэгдсэн Улс Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан билээ. Тухайн үед 70 мянга гаруй хүн бөмбөгдөлтийн улмаас амь үрэгдсэн юм.
Ингээд тус бөмбөгдөлтийн үеэр амьд үлдсэн хүмүүс болон бөмбөгдөлтийн дараа Хирошима хотын сүйрсэн үеийн гэрэл зургуудыг толилуулж байна.
Ховд аймгийн харъяат “Б” гэгч нь бусадтай үгсэн тохиролцож, оюутнуудын голч дүнг засварласан хэрэг гарчээ. Тодруулбал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварласан байна.
“Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад 3.360.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Уг хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Алба илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан Аль-Мансуриг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга ноён Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Катар Улс манай батлан хамгаалах, хуулийн салбарын ажилтнууд болон төрийн албан хаагчдыг сургахад онцгой анхаарч байгаад талархал дэвшүүлэв. Тэрбээр “Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх сайхан боломж бий. Парламент хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан. Худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд парламентуудын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тиймээс хууль тогтоох байгууллагуудын харилцааг өргөжүүлэхийн төлөө байна” гээд 2008 онд Катарын нийслэл Доха хотноо болсон НҮБ-аас зохион байгуулсан улс орнуудын хөгжлийн асуудлаарх олон улсын хуралд оролцохдоо Катарын Эрхэм дээд Эмир, Засгийн газрын тэргүүнтэй уулзаж, санал солилцож байснаа дурсан санахад таатай байна гэлээ.
Ноён Элчин сайд Султан Аль-Мансури хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Катарын хууль тогтоох байгууллага Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Мохамед Бин Мубарак Аль-Хулейфигийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өгөв. Түүнчлэн Катар Улсад айлчлахыг урилаа.
Тэрбээр “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоод 19 жил болжээ. Энэ хугацаанд харилцаа сайн хөгжиж байна. Хамтын ажиллагаагаа улам өргөн хүрээнд, илүү идэвхтэй хөгжүүлэх ёстой гэж бид үздэг. Өчигдөр би Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нартай уулзаж, санал солилцлоо. Монгол дахь Катарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө би ажиллах болно. Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан 5 хэлэлцээр бий. Эдгээр хэлэлцээрт туссан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх, харилцааг өргөтгөж, агаарын тээвэр, спорт, эрүүл мэнд зэрэг салбарт хөгжүүлэхийг чармайх болно” гээд Катар Улс Монгол Улсад байнгын ажиллагаатай Элчин сайдын яамаа нээхэд дэмжлэг үзүүлнэ үү гэлээ.
Ноён Султан Аль-Мансури парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь харилцан туршлага, мэдээлэл солилцох, хоёр орны ардчиллын ололт амжилттай танилцах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна гэв.
Тэрбээр Булангийн орнуудад үүсээд байгаа хямралт байдлын талаар товч мэдээлэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс Булангийн бүх орнуудтай найрсаг харилцаатай. Үүсээд буй нөхцөл нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлж, бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүй болгох үр дагавартай. Тиймээс Монгол Улс сөргөлдөгч талуудыг асуудлаа аль болох ойлголцол, зөвшилцлөөр шийдээсэй гэж хүсэж байна. Монгол Улс асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд зуучилж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.
Түүнчлэн Катар Улс Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Катарын хууль тогтоох байгууллага Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Мохамед Бин Мубарак Аль-Хулейфи мэндчилгээ ирүүлж, эх орондоо айлчлахыг урьсанд гүнээ талархаж, урилгыг хүлээн авлаа. Та миний мэндчилгээг ноён Мохамед Бин Мубарак Аль-Хулейфид дамжуулж өгнө үү” гэж хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль Тинижиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль Тинижи Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Шейх Халифа Бин Зайед Аль-Нахъяан болон дэд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч нарын мэндчилгээг уламжлав.
Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль Тинижи хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ажиллаж буйг дурдаад Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр зогсонги байдалд орсныг дурдав. Мөн хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлнэ хэмээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн мэндчилгээнүүдэд хариу талархал илэрхийлээд хүмүүнлэгийн харилцаанаас илүүтэйгээр хоёр талд харилцан ашигтай бизнесийн ажил хэрэгч харилцааг өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын элсэн цөлд хот байгуулдаг, хот төлөвлөлтийг зохион байгуулдаг туршлага, саналуудаас хуваалцана хэмээлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ. Тодруулбал,
- “Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл,
- 2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай,
- Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай,
- Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай,
- Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Үүний дараа Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар, Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлал, Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, өчигдөр зарим сайд нартай уулзаж, мэдээлэл сонссон. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
-“Энэ жил зуншлага оройтсон. Одоогоор нийт нутгийн 20 хувьд гандуу байна. Тиймээс өвөл хүндэрч болзошгүй. Үүнд Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Харин боловсролын салбарт төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгааг салбарын сайдад нь хэлсэн. Үүнээс гадна орон нутгаас ирсэн нийслэлийн харьяалалгүй оюутнуудыг эмнэлгийн тусламжаар хангаж байх нь чухал.
Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Гэхдээ эрчим хүчний дутагдал, дулаан цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэх хэрэгтэй. Нэлээд хэдэн дулаан, цахилгааны станц баригдахаар төлөвлөгдсөн. Үүнийг үргэлжлүүлэхийг П.Ганхүү сайдаас хүссэн. Хөдөө аж ахуйн яам нэгдсэн бодлогын хэмжээнд ажил хийж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Энэ жил 66 сая мал өвөлжих юм байна. Энэ бол 17 их наяд төгрөг гэсэн үг. Тэгэхээр энэ өвөл төл, малаа өнөтэй өвөлжүүлэхийн тулд онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь малаа эрүүлжүүлэх, махны экспортын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Эцэст нь хүүхдийн мөнгөний эх үүсвэр тасалдах нөхцөл байдал үүсээд байгаа тул ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай” гэв.