Categories
мэдээ нийгэм

Эгч дүүсийн хүүхдүүд хамт амиа хорлохоор өндрөөс үсэрчээ

Өсвөр насны хоёр охин орон сууцны дээврээс амиа хорлохоор үсэрсэн аймшигт хэрэг өчигдөр боллоо. Тодруулбал, энэ явдал Эрдэнэт хотод өчигдөр болсон бөгөөд өсвөр насны хоёр охин амиа хорлохоор орон сууцны дээврээс үсэрчээ. Эрдэнэт хотын Баянбулаг баг, Дөрөвдүгээр микрийн 12 дугаар байрны дээвэр дээрээс охид үсэрсэн байна. Гэхдээ охид амьд үлдсэн боловч нэг нь эмнэлэгт хүргэгдээд 16.00 цагийн орчимд амьсгал хураасан гэх мэдээлэл байна. Харин үлдсэн охины амийг аврахаар эмч нар шаардлагатай гэсэн эмчилгээг яаралтай хийж байгаа бололтой. Охидын есөн давхар орон сууцны дээврээс хөтөлцөж байгаад хамт үсэрч буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж олон нийтийг нэлээд сэрдхийлгэв.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.


-Эрдэнэт хотод аймшигтай хэрэг боллоо. Олон нийтийн сүлжээгээр энэ тухай л ярьж байна. Амьд үлдсэн охины биеийн байдал хэр байгаа бол?

-Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Өсвөр насны хоёр охин есөн давхраас үсэрсэн байсан. Нэг нь нас барсан. Нэг нь харин амьд үлдсэн. Одоогоор эмнэлгийнхэн охины амийг аврахын тулд бүхий л чадлаараа хичээж байгаа. Биеийн байдал маш хүнд байгаа. Тэр өндрөөс үсэрсэн юм чинь ямар гэмтэл авах нь ойлгомжтой шүү дээ.

-Охид нэг ангийнхан гэх мэдээлэл байна?

-Нэг анги бол биш. Эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Нэг нь 1998 онд төрсөн. Нөгөө нь 2000 онд төрсөн юм байна.

-Охид юунаас болж ийм болчимгүй алхам хийчихэв ээ?

-Үүнийг бид одоогоор хэлж мэдэхгүй шүү дээ. Харьяа цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Гэр бүлийнхнийг нь тогтоож, байцаалт авч шалгалт хийж улмаар юунаас болж охид ийм байдалд хүрсэн гэдгийг тогтоох байх.

-Сүүлийн үед өсвөр насныхны дунд амиа хорлоход нөлөөлдөг шашны урсгал, янз бүрийн цахим сүлжээг ярих болсон. Үүнтэй холбоотой юм болов уу?

-Ямар ч байсан шашин бол биш гэсэн. Ар гэр, хайр дурлалын асуудал байсныг үгүйсгэхгүй шүү дээ. Бичлэгээс та бүхэн харсан байлгүй. Аймшигтай дүр зураг олон нийтийг цочроож байна.Тиймээс иргэд олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийг сэрдхийлгэсэн зураг, бичлэг, мэдээ, мэдээлэл түгээхээс татгалзах хэрэгтэй. Үүнийг хуулиндаа хориглосон байдаг гэдгийг иргэд мэдэхэд илүүдэхгүй. Учир нь гэмт хэрэг, амиа хорлолттой холбоотой мэдээллийг нийгэмд түгээснээр үзэл бодол төлөвшөөгүй хүүхэд залууст буруу үлгэр дууриалал болох муу үр дагавар гарахыг үгүйсгэхгүй юм.

Энэхүү аймшигт хэргийн тухай яриа Эрдэнэт хотод нэлээд газар авсан байна. Зарим иргэдийн хэлснээр бол Онцгой байдлын аврагчид ирсэн байсан хэдий ч амийг нь аварч чадаагүй гэх. Нэгэн иргэнээс энэ талаар товчхон тодруулсан юм.


-Та охидыг үсэрч байхыг харсан гэсэн үү?

-Бурхан минь ямар аймшигтай зүйл болсон гэж бодно. Хүмүүс хашгиралдаад явчихаар нь хартал хоёр хүүхэд газар унасан байсан. Үнэхээр нүд хальтирмаар.Азаар нэг нь амьд гарсан гэж дуулсан.

-Охидыг аврагчид аврах боломж байгаагүй юм болов уу?

-Тэнд байсан хүмүүсийн ярианаас сонсоход хоёр охин байр руу орж харагдсан гэсэн. Төд удалгүй дээвэр дээр гар гараасаа хөтлөлцөөд зогсч байсан юм билээ. Тэгээд хүмүүс ч “Хүүе” гэхийн зуургүй шууд үсэрчихсэн байсан. Яах ийхийн зуургүй л болсон байсан. Тэрнээс тэнд удаан зогссон бол хүмүүс хориглож, сатааруулж хэсэг цаг авна шүү дээ. Уг нь хүмүүс хараад л дуудлага өгсөн байсан.

-Та охидыг таних уу?

-Сайн танихгүй ээ. Хамаатны хүүхдүүд юм гэсэн ш дээ. Яахаараа тийм сайхан том болсон охид амиа хорлох тухай боддог байнаа. Одоо чинь үр хүүхдүүдийнхээ араас цаг ямагт анхаарал тавьж, хаана, хэнтэй нөхөрлөж байгааг мэдэж байхгүй бол их хэцүү болж.

Ямартай ч дээрх охид юунаас болж ийм үйлдэл хийснийг цагдаагийнхан тогтоох биз. Гэвч өсвөр насны хүүхдүүд нэг нэгнийгээ уруу татаж амиа хорлосон тохиолдол зөвхөн үүгээр зогсохгүй. Хэдхэн сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард ”Tuul one” хотхоноос төгсөх ангийн хоёр охин хамт үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс гэмт хэрэг, амиа хорлолтын талаар бичлэг зэргийг олон нийтийн сүлжээгээр цацахгүй байхыг анхааруулж байна.

Д.СҮРЭН

Эх сурвалж: Өдрийн сонин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын гарал үүсэл

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Сүүлийн үед миний бие “монгол гэж үндэстэн байхгүй, монголчууд бол хойд хятадууд юм” гэж бичин ард түмнээ доромжилсон хэрэгт унаад байгаа. Олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэг нь: “Ерөөсөө Монгол гэж юу гэсэн үг вэ? Цуснаас нь байтугай генээс нь шинжилгээ аваад тийм үзүүлэлт байхгүй. Антропологийн хувьд Хань үндэстэн өмнөд хятад умард хятад, төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд ерөнхийдөө умард хятад ангилалд багтана” Баабар. За нэг иймэрхүү. Монголчууд бол Баабарын хэлсэнчлэн хятад биш, шал өөр үндэстэн юм гэдгийг батлан харуулсан кино хүртэл хийж Ю Тюб дээр тавьсан байгаа. Эндээс гарах дүгнэлт: Баабар өөрөө хятад хүн юм!

Мэдээж нийгмийн сүлжээгээр эзэн хаяггүй тарааж байгаа ийм “муухай” юманд бэлэн зэхээний хараал заналхийллээр дүүрсэн сэтгэгдэл дагалдаж таараа. Хамгийн гайгүй нь “Миний хөх Монгол угсаа гарвалаа өмөөрч эх түүхээ шинээр бичихгүй бол энэ мэт элэг доог болсоор явна!”. Бүр ийм постер зориуд цаг зав гарган бүтээгээд тараах авч мэдээж эзэн хаяг байхгүй.

Биофизикчийн мэргэжлийн дипломтой, биохими, генетикийн мэргэжлээр олон жил ажилласан, үгүйдээ дээд сургуульд антропологийн ухаанаар бүтэн курс дүүргэсэн хүн атлаа угсаатны хувьд тэс өмнөө монгол ба хятадыг нэг гарал бүхий нэг үндэстэн гэж мэдэмхийрсэн болж байхшив, би?!

Хэргийн мөрөөр хөөвөл 2001 онд хэвлүүлсэн “Зугаатай танин мэдэхүй” гэсэн номд буй “Монголчуудын гарал үүсэл” гэсэн тавь шахам хуудас томоохон өгүүллээс зориудаар тасдан авсан гүтгэлэг бололтой. Би эл өгүүллийг уншигчдад илүү ойлгомжтой дөхөм байх үүднээс асуулт хариулт маягаар тэрлэжээ. Мөн мэргэжлийн нэршил зэргийг хялбаршуулан тайлбарлахын тулд уг өгүүллийг 11 бүлэгт хуваан, тухайн бүлэгт юу өгүүлж буйг тодотгохоор дэд гарчиг өгсөн байна. Түүх, антропологи, генетик зэрэг нарийн мэргэжлээс холуур хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс тэр болгоныг нарийвчлан энгийн үгээр тайлбарласан. Дэд гарчгуудаас юун тухай өгүүлсэн нь харагдана: “Нүүдэлчин болгон монгол биш”, ”Мэддэг үгтэй хэл болгон монгол биш”, ”Өвөг дээдэс маань тэнгэр, Сибирь хоёрын алинаас ирсэн бэ?”, ”Сэтгэхүйн хөх толбо”, ”Манай болон хүний газар”, ”Цэвэр халхууд цэвэр үү?”, ”Цус шүүгдэж биш холилдож цэвэршинэ”, ”Хамгаалалт нь хэтэрсэн үндэстэн”, ”Жинхэнэ монгол өвчин”, ”Бид хэтэрхий цэврээрээ үлдсэн байх”, ”Монголд зориулсан өвчин”.

Өнөөгийн Монгол улс нь дагнасан нэг үндэстнээс бүрэлдсэн дэлхийн цөөхөн орны нэг. Хүн амын 97 хувь нь монголчууд. Монгол биш уугуул үндэстэн гэвэл хасаг, тун цөөн тооны тува, хотон буй. Дэлхийн ихэнх оронд үндэстэн, шашинтан, арьстан, овог отгийн зөрчил нь томоохон асуудал үүсгэсээр буй бол монголчууд ийм бэрхшээлээс ангид байдгаараа маш давуу талтай юм. Гэтэл нэг гарвал үүсэлтэй, нэг хэлтэй, нэг түүхтэй, нэг язгууртай энэ ард түмэн яагаад сүүлийн үед өөрснийгөө санаатай болоод санаандгүйгээр балар цагийн овог отгийн хуваагдал, зориудын зөрчил рүү түлхэх болов? Чухам ийм асуултад л хариулахын тулд дээрх өгүүллийг бичсэн юм.

Бид саяхан болтол уйгаржин монголоор бичдэг байхдаа нэг бичигтэй түүнээ нутаг нутагт өөрийн аялагаар уншдаг байлаа. Өргөн уудам нутагт тархан суух монголчууд дотроо хэлний аялгаар ялгагддаг байв. Гэтэл өдгөө элдэв анкетанд “яс үндэс” гэсэн асуулттай заавал таарч түүнд албатай юм шиг “дөрвөд”, ”хотгойд”, ”буриад” гэж хариулна. Феодлын нийгэмд хүмүүсийг цагаан ястай тайж, хар ястай ард гэж хоёр хуваадаг байж. Язгууртан, язгууртан биш гэж ангилж буй хэрэг. Гучаад оны хийрхлийн үед “яс угсаа” гэсэн албан шаалтын асуултанд “тайж”, “ард” гэдэг байж. Тайж угсаатныг энэ анкетаар ялган бүгдийг нь хороож устгасан. Тавиад оноос нэгэнт тайж ястан байхгүй учир “яс угсаа” гэсэн анкетний асуулт хэвээр хадгалагдаж өөрийгөө “халх” хэмээн товойлгох, “харчин” хэмээн доошоо орох хариулт болгон өөрчилжээ. Бүгдээрээ л монголчууд шүү дээ, хэн нь хэнийхээ дээр гарах ч гээд байгаа юм?

Бид хэдэн мянган жилийн нүүдлийн удамтан. Хар тэнгисээс Номхон далай хүртэл уудам нутагт нүүдэлчний удам тархан суужээ. Бүгд өнөөгийн Монгол, Манжуурын нутгаас гаралтай. Эндээс маш олон үндэстэн салаалан буй болсон. Эдгээр үндэстнүүдийн холилдоон, ураг төрлийн холбоо мянганаар тоологдох хугацаанд үргэлжилсэн. Хэнийгээ ч цэвэр, хэнийгээ ч бохир цустай гэж хэлэх бололцоо үгүй. Ерөөсөө генетикийн утгаар цусаар болон генээр хүний ямар үндэстэнд хамаарахыг тодорхойлох огт бололцоогүй. Хүн, мэлхий хоёрын генийн давхцал 90 хувь байдаг юм шүү дээ. Хүн, шампанзе хоёрын гений давхцал 99 хувь. Цус холилдох тухай аман яриа л байдаг болохоос шинжлэх ухааны утгаараа бүх хүний цусны найрлага яг адилхан. Цусанд байдаг зарим фактороор цусыг бүлэг болгодог ч хүн төрөлхтний дийлэнх нь нэгдүгээр бүлгийн цустай байдаг. Харин мал дээр, жишээ нь адууг “цэвэр цусны” гэлцдэг нь хүн селекциэр буй болгосон тодорхой үүлдрээ хэвээр хадгалахын тулд зориудын нийлүүлэг хийдэг арга технологитой холбоотой. Малын хээлтүүлгийг хүн удирдан зохицуулдаг, хүн энэ үйлдлээ өөрснөө сонгодог болохоор хүн, мал хоёр өөр л дөө.

Тус өгүүлэлд бидний одоо ястан гэж нэрлэх болсон аялгатнууд хаанаас хэрхэн нүүж яаж биенээсээ өөр аялагатай болсон тухай дэлгэрэнгүй бий. Тухайлбал Зүүн гурван түмний үед Хангайн нуруунд урианхай, Хэнтийн нуруунд халх, Далай нуур орчимд цахарууд нутаглаж байснаа Халх, Урианхайн хооронд хэрүүл гаран тэмцэлдэж ялсан халхчууд Хангайн нуруунд гарч, ялагдсан урианхайчууд хагас нь Алтай руу, хагас нь Хөвсгөл рүү ухарсан учир өдгөө алтайн урианхай, хөвсгөлийн урианхай гэсэн аялгатан буй болжээ. Зүүн гурван түмэн гэдэг маань Даян хаанаас хамаагүй хойш, ердөө саяхны явдал. Халх гэж яригдах болсон нь Чингисээс их хойш, Даян хааны ач хүү Гэрсэнзийн үеийн явдал ба Халх гол орчмоор нутаглаж байснаас ийм аялгатны нэр гарчээ.

Үе үеийн нүүдэлчид Хятадыг эзлэхээрээ өндөр иргэншилд уусан алга болж байсан. Харин монголчууд Юань гүрний үед өөрсдийгөө ихэд тусгаарлаж байсан тул уусах биш хөөгдөж гарчээ. Манж нартай эвссэн сүүлийн 200 гаруй жилд Манжийн хаанд аюул учирвал монголчууд цэрэглэн туслах, хариуд нь Монгол нутагт хятад хүн оруулахгүй гэсэн гэрээтэй байв. Энэ хугацаанд нэг талаас монголчууд хорвоогоос тусгаарлагдан консервлогдож хөгжил дэвшлээс ихэд холдсон боловч үндэстний хувьд уламжлал, зан заншил, хэл соёлоо “цэврээр” нь авч үлдсэн юм. Энэ л утгаараа “хамгаалалт нь хэтэрсэн үндэстэн”.

Өгүүлэлд мөн бидэнтэй холбоотой гэгддэг унгар, үнэхээр холбоотой түрэг болон тунгус язгууртны тухай, бидэнтэй хэл болон түүхээр ямар холбоотойг ч тайлбарласан. Мөн үндэстэн болон угсаатан гэдэг нь шинжлэх ухааны ойлголтоор юу гэсэн утгатайг тайлбарлав. Угсаатан бол биологийн ойлголт биш, соёл, түүх, иргэншил, социологийн ойлголт. Эрлийзийн тухай хийрхэл нь илүүтэй улс төр, суртал нэвтрүүлэг, атаархал, гүтгэлэг, хов жив, цуурхал гэсэн социал психологи, социологи агуулга илэрхийлдэг тухай ч нэлээд шүүмж тэнд байгаа.

Оюунт хүн буюу биологийн латин нэр нь хомо сапиэнс гэгдэх бидний гарал үүсэл, нүүдэл суурьшил, үүнээс үүдсэн антропологийн ялгааны тухай ч завсар зайнд нь тодотгосон. Гарвал үүслийн хувьд өнөөдөр дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүн бүгд 4060 мянган жилийн өмнө Африкаас гарч нүүн тархсан нэгэн зүйл. Олон арван мянганы эцэст хүмүүс цаг уур, амьдрах орчин зэргээсээ болоод гурван өөр арьстан болон өөрчлөгджээ. Жишээлэхэд яс бэхжүүлэхэд зайлшгүй шаардлагатай Д витаминыг хүн нарнаас авдаг, нарны туяа бага тусдаг умард нутгийнхны арьс энэ шаардлагаас болж хувьслын явцад цайрчээ.

Шинжлэх ухааны хэлээр эдгээр гурван арьстныг “монголоид”, “нигероид”, “европоид” гэж нэрэлдэг, үүнийг дунд сургуулийн “Хүний биеийн анатом” сурах бичгээр заадаг. Энэ бол зүгээр л шинжлэх ухааны нэршил. Монголоид гэдэгт япон, хятад, чукча, солонгос, тува, монгол, лаос… бүгд багтана. “Би монголоид биш японоид байх ёстой” гэж япон хүн уурлан хэрүүл хийдэггүй байх.

Гурван арьстнаа цааш нь 3560 хүртэл салган галбиртан болгож үздэг. Энэ нь нүүрний төрхийг голчлон харгалзана. Түүнээс үндэстэн угсаатантай ямар ч хамаагүй, хэрэв тийм байсан бол биологичид хүн төрөлхтнийг хэдэн арван мянган галбирт хуваах байлгүй. Скандинав ба араб хүн аль алин нь европоид боловч нүүрний галбир нь илэрхий өөр байдаг. Гэтэл хятад буюу хань гэх нэгдмэл үндэстэн мөртөө дотроо галбир нь шал өөр хүмүүс байдгийг хэн хүнгүй ажигласан байх. Өмнөд хятадын хүмүүс илүү жижиг биетэй, нүүрний хэлбэр нь урагш түрэнгэ байдаг бол уулархаг газрын хятадууд илүү бор царайтай бие томтой байх жишээтэй. Хань үндэстэн өөрөө дотроо хэд хэдэн галбирт хуваагддаг нь шинжлэх ухааны нэрээр “өмнөд хятад галбиртан”, ”хойд хятад галбиртан”, ”төвд галбиртан” гэх мэт.

“Монголчуудын гарал үүсэл” өгүүлэлд үгчилбэл: “Антропологийн хувьд хань үндэстэн нь өмнөд хятад, хойд хятад, төвд гэсэн галбиртнуудад хуваагддаг. Хойд хятад галбирт монгол, манж, хасаг үндэстнүүд ч багтана. Энэ бол ердөө антропологийн хуваалт болохоос үндэстний асуудал биш шүү дээ” гэсэн нь цус судлаачдад мушгин гуйвуулахад ихээхэн таатай олз болсон бололтой. Энд “үндэстнүүд ч” гэснээр хамрах хүрээ нь өөр олон үндэстнийг ч багтааж байна гэсэн санааг илт гуйвуулах гээгүй л бол нэг утгаар ойлгогдох буй зээ.

Хойд хятад гэсэн нэршил нь Кидан буюу монголоор хятан үндэстнээс гарсан нэр юм. Эртний монголчууд урдуур суух бүх хүмүүсийг хятан гэдэг, олон тоон дээр хятад гэдэг байжээ. Гэтэл үнэн чанартаа кидан нар нь хань үндэстэнтэй ямар ч холбоогүй, монголчуудтай гарал үүсэл тун ойр, хэлний хувьд бараг адилхан үндэстэн байв. Киданы хаант улс мөхөж монголчууд оройлох болсноор тэд монголчуудад бүрнээ ууссан. Сүүлийн үеийн генетик судалгаагаар киданчууд нь өдгөө Алшаа хавиар нутагладаг дээд монголчууд гэх.

Монгол хэлний хятан нь тухайлбал орос хэлээр Китай болон буужээ. Марко Поло Хятадын хойгуур нутаглагсдыг Катай гэж тэмдэглэж байсан нь энэ нэршил тархан улмаар шинжлэх ухааны нэр томьёо болсон бололтой. Хонконгийн агаарын тээврийн аварга компанийг “Катай Пасифик” гэдэг нь ч мөн л энэ нэр яваад буй хэрэг. Эндээс ийм нэр томьёо үлдсэнийг дээрх өгүүлэлд тодорхой дурдсан.

Антропологичид хүнийг олон галбирт хуваахдаа чухам энэ нэрийг ашигласан бололтой. Хойд хятад буюу катай галбиртанд өнөөгийн солонгос, манж, монгол, хасаг, хиргис, тува үндэстнүүд багтана. Энэ бол антропологийн шинжлэх ухааны л нэршил. Үнэхээр ч солонгос, монгол, хиргис хүмүүс нүүр царайгаараа ялгардаггүйг хэн ч мэдэх байх. Энэ бол нүүрний хэлбэр галбирийг хэлж байгаа болохоос зан төрх, явдал хөдөлгөөн, уламжлал, ямар хоолонд дуртай, архи сайн даадаг эсэх зэрэгтэй ямар ч холбоогүй.

Монголчууд ч дотроо гурван өөр галбирт хуваагддагийг тус өгүүлэлд тодорхой өгүүлсэн. Тухайлбал ихэнх буриадууд тунгус галбирт хамаардаг ба үүнийг тэдний төвгөр шанаа, жартгай нүдээр амархан ялгаж болно. Гэхдээ энэ нь буриадууд монгол биш гэсэн үг биш шүү дээ. “Засагт ханы хөх харчуул” гэсэн үг “Тунгалаг тамир” романаас болоод ихээхэн тархсан байдаг. Үнэндээ Говь-Алтайн урдуур төвд галбиртан элбэг тааралддаг болохоос хойгуур сумдаар нь дугуй шар царайтан их байдгийг хэн хүнгүй ажигласан л байх. Сонирхуулахад Казахстаны хасагууд бидэнтэй адил хойд хятад галбиртай байхад манай БаянӨлгийн хасагуудын олонхи болохоор уйгар галбиртай байдаг.

Эцэст нь хэлэхэд миний олон жилийн өмнө бичсэн “Монголчуудын гарал үүсэл” гэсэн өгүүллийг хэн хүнгүй олж уншвал тун зүгээр. Өөрсдийнхөө гарал үүсэл нүүдэл суудлыг шинжлэх ухааны үүднээс мэдэн танилцах нь бидэнд л хэрэгтэй. Хошногон дээрээ цэнхэр тамгатайгаар тэнгэрээс бууж ирсэн гэж XXI зуунд яриад явах ямар санагдаж байна?

Өгүүллээ эргээд харж байхад шинжлэх ухааны үүднээс алдаа мадагтай юм мэр сэр харагдаж байна билээ. Хориод жилийн өмнөөс нэн эртний өгөршсөн яснаас митохондрийн ДНХ ялган авч сурснаар антропологийн ухаан ихээхэн дэвшилд хүрч, үндэстэн угсаатнуудын гарал үүсэл, салбарлал, нүүдлийн тухай шинжлэх ухаан их зүйл өгүүлж чадах боллоо. Митохондрийн ДНХ гэдэг нь зөвхөн эхээр дамжин үеэс үед уг хэлбэрээ хадгалдаг онцгой дизоксирибонуклейний хүчил юм. Бараг зөвхөн археологийн олдвороор таамаглан судалдаг байсан антропологид өдгөө молекуляр биологи, генетик гүнзгий нэвтрэн оржээ.

2017.8.6

Categories
мэдээ цаг-үе

Оюу толгойн далд уурхайг саадгүй барьчихвал бид 45-60 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ

Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж буй үйл явц

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын явц 15 орчим хувьтай яваа гэсэн багцаа таамаг бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусвал Оюу толгойгоо 100 хувь ашиглах боломж бидэнд нээгдэнэ. Одоо ажиллаж буй ил уурхайгаа бүрэн ашиглалаа гэхэд нийт баялгийн ердөө 20-хон хувийн өгөөжийг хүртэх юм. Хурдан бариад дуусгавал 45-60 тэрбум ам.долларын өгөөж хүртэх зам Азийн Монголд нээгдэнэ. 45 тэрбум ам.долларыг өнөөгийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 110 гаруй их наяд төгрөг болно. Хамгийн багадаа гэж тооцоход л Оюу толгойгоос хүртэх өгөөж ингэж гарч байна. 110 гаруй их наяд гэдэг бол аварга тоо. Нэг тэрбум төгрөгөөр нэг сургууль барьчихдаг гэхээр ямар их мөнгө эдийн засагт орж ирэх нь төсөөлөгдөх байх. Энэ өгөөжөөс гадна олон мянган хүн ажилтай, олон зуун компани орлоготой болно. Тэд 100 жилийн турш орлогоо алдахгүй аятайхан амьдарна. Гэхдээ Оюу толгойгоо зуун хувь ашиглах боломж бүрдсэн тэр цагт, гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж дууссан хойно энэ хэмжээний мөнгө эдийн засагт эргэлдэж, Оюу толгой жинхэнэ өгөөжөө өгч эхэлнэ. Өмнөх шиг элдвээр улстөржиж ид өрнөж буй далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоовол, уурхай барьж дуусгах боломж өгөхгүй бол мэдээж хэн ч ашиг хүртэхгүй.

Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Дубайд гарын үсэг зурсан үйл явдал байсхийгээд улстөржилтөд өртөх гээд байдаг гэмтэй. Гадныхны толгойгоор гадаадад зурсан гэж ирээд улстөрждөг, одоо ч тийм мессэж хаяад эхэлчихсэн. Ганц л үнэн бий. Санхүүжилтийн төлөвлөгөөг санаачилсан, боловсруулсан тал нь манайх. Бид өөрсдөө. Өмнөх засгийн үед гарын үсэг зурж баталгаажсан энэ төлөвлөгөө монголчуудад ямар давуу талууд өгсөн юм бол гэдэг асуулт олны сонирхлыг татаж байгаа. Асуултад хариу хайя.

Олон улсын нэр хүнд бүхий 19 орчим банк санхүүгийн байгууллагуудаас дор хаяж 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт татах боломжийг далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нээж өгсөн. Ингэснээр дэлхийн банк санхүүгийн томчууд Монголын түнш болсон том олз бий. Оюу толгойн араас олон олон монгол компани дэлхийн санхүүгийнхэнтэй харилцах боломж тэр үед нээгдсэн юм. Өмнөх засгийн толгой дохисон төлөвлөгөөний дараагийн давуу тал нь өгөөжийн харьцааг баталгаажуулсан явдал. Дэлхийд гэж яригддаг энэ төслийн 53-аас дээш хувийн өгөөжийг манай тал хүртэнэ гэсэн зарчим үргэлжлүүлэн хадгалагдахаар болсон. Менежмэнтийн төлбөрийг бууруулсныг онцлохгүй орхиж болохгүй. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.долларын хэмнэлт гарсан. Төсөл үргэлжлэх хугацаанаас хамааран тэрбум хүртэл ам.долларыг хэмнэх нь тодорхой болчихсон. Наад зах нь хоёр их наяд 500 тэрбум төгрөгийн хэмнэлт гэдэг муугүй тохиролцоо.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголд мөрдөгдөж буй жишгийн дагуу төлүүлэх шийдвэрт хүрснээр олон сар үргэлжилсэн маргаанд цэг тавьсан гэж ирээд тухайн үед хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Үүнээс гадна өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр болсон давуу тал бий. Ингэснээр дор хаяж 810 сая ам.долларын орлогыг баталгаажуулсан юм. Монголын талаас хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн нь алга ташихаар тохиролцоо.

Төслийн санхүүжилт Монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй гэсэн давуу талыг дурдахгүй орхиж болохгүй. Тодруулж хэлбэл хувьцааны санхүүжилтэн дэх Монголын талын 34 хувийг баталгаажуулсан. Далд уурхай ашиглалтад орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж баталгаажсан гэсэн үг.

2014 онд үүссэн татварын маргааныг арбитрт очуулахгүйгээр шийднэ гэж тохирсон нь далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний бас нэг давуу тал. Өөрөөр хэлбэл 30 сая ам.долларын акт манай талд ашигтайгаар шийдэгдсэн билээ. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр дунджаар 1.21 тэрбум, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт бий болно, Өмнөговь аймгийн хөгжилд жил бүр таван сая ам.доллар зарцуулна гэсэн чихэнд чимэгтэй тоонууд санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар бодитой болсон.

Уул уурхайн төслөөс их мөнгө эдийн засагтаа авч үлдэх хамгийн том боломж бол дотоодын ханган нийлүүлэгчдийг нэмэгдүүлэх. Уул уурхайн компанид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг компаниудын олонхи нь гадных байвал бүх мөнгө нь гадагшаа урсана. Харин ханган нийлүүлэгчдийн дийлэнх монгол компаниуд бол Оюу толгойн долларын ихэнх нь Монголд үлдэнэ гэсэн энгийн логик бий. Хар үгээр хэлбэл Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж буй долларын ихэнхийг Монголд авч үлдэх тохироог өмнөх Засгийн газар хийж чадсан юм. Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгохын тулд төсөл шалгаруулахад Монголын талын хяналтыг нэмэгдүүлэх тохиролцоог тухайн үед хийж чадсан гавьяа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт бий.

Өмнийн говьд Таван толгойн цахилгаан станц барих аварга бүтээн байгуулалт удахгүй өрнөнө. Оюу толгой энэ станцаас эрчим хүч авна гээд дуугарчихвал уул уурхайн бүс нутгаа тэр чигт нь цахилгаанаар хангах станц баригдах боломж нээгдэх байсан юм. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгой, Таван толгойн цахилгаан станцаас эрчим хүчээ худалдаж авна гэж дуугарсан билээ.

Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөөнд гарын үсэг зурах үйл явц хуулийн дагуу өрнөсөн гэж тухайн үеийн Засгийн газар мэдээлж байв. УИХ-ын 2014 оны 34, 2015 оны 41 дүгээр тогтоолуудын дагуу ажиллажээ. Уг тогтоолуудад төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд засгаас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг.

Эцэст нь бас нэг статистик онцолъё. Далд уурхай ашиглалтад орсноор Засгийн газарт ногдох мөнгөн урсгал 2009 оны Оюу толгойн ТЭЗҮ-ийн тооцоололтой харьцуулахад 40 хувиар нэмэгдэх нь тодорхой болсон.


Categories
мэдээ цаг-үе

Ард түмний төлөө гэсэн сайхан үгний ард хэн нэгэн даргын бизнес цэцэглэж байна уу?

Улсын их дэлгүүрийн урд талын талбай болох Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрийн дагуу “Автомашингүй гудамж” төсөл хэрэгжихээр болсон билээ. Харин тус дүүргийн оршин суугчид уг талбайд хашаа босгож хүнд даацын машин ирсний улмаас бухимдаж, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн талаар бид өмнө нь сурвалжлагаар хүргэсэн. Албан тушаалтнуудын ярьж буйгаар “Автомашингүй гудамж” төсөл хэрэгжсэнээр ажлын байрыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зэрэг олон давуу талтай гэнэ.

Ц.ТУЛГА: НИЙСЛЭЛД ТӨРИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАХ ЁСТОЙ. ЭНЭ НЬ НАМ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХАМААРАХГҮЙ, ХАМААРАХ Ч ЁСГҮЙ

Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулгаас зарим зүйлийг тодрууллаа.


-Уг төсөл хэрэгжснээр яагаад автозамын түгжрэл буурах юм бэ. иргэд болохоор ямар ч давуу тал, ач холбогдолгүй гэх юм?

-“Автомашингүй гудамж” төсөл түгжрэлтэй холбоотой асуудал биш. энэ нь хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах үүрэгтэй ажил юм. Нийслэлд хүн ам өсч, нэмэгдэхийн хэрээр автомашины хэрэглээ ихэсч байна. Сүүлийн үед түгжрэл их болж байгаа нь авомашины тоо ихэсч, хүн бүхэн автомашинтай болж байгаатай холбоотой. Ер нь иргэд маань автомашины хэрэглээнээс жаахан ч гэсэн татгалзах хэрэгтэй. Нийтийн тээврээр үйлчлүүлэх, дугуй унах, явган алхаж байх хэрэгтэй. Иймээс хотын хаагуур автомашингүй гудамжийг бий болгох боломжтой вэ гэдгийг судлаж үзсэн. Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг тохижуулж газар доогуур иргэдийн ая тухыг хангасан цогцолбор барих зорилготой. Дээд талд нь усан оргилуур, ногоон байгууламж, хөшөө дурсгалыг улам сайжруулах гэсэн юм.

-Төслийг хэрэгжүүлснээр хотын төв зам улам л ачаалалтай болох юм биш үү. Багшийн дээдийн нүхэн гарц шиг ордог, гардаг байна гэсэн үг үү?

-Уг гудамж автомашингүй болчихвол яах вэ гэдгийг судалж үзсэн. Ингэхэд Б.Цэрэндоржийн гудамжны хоёр талд байгаа орон сууцны гарах, орох нь хязгаарлагдана. Иймээс автомашин явахгүй байж болохгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэлхийн ямар ч улс оронд газар доогуур үйлчилгээний газрыг сайтар зохион байгуулчихсан байдаг. Газар доогуураа явж, бүх хэрэгцээгээ хангаад л нөгөө талаараа гарч байх жишээний. Дээд талын машины хөдөлгөөн сийрэг болно гэж үзсэн юм.

-“Хүүхдийн парк”, “Ялалтын талбай”, “Барилгачдын талбай” зэрэг нийтийн эзэмшлийн талбай замхран алга болж байна. Одоо бүр хотын төв талбайг байхгүй болгох нь гээд эсэргүүцэж байгаа?

-Өмнө нь гарч байсан муу жишээнүүд байдаг. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас болж гарсан шийдвэрүүд нь өөрчлөгдсөн тохиолдол бий. Харин энэ төсөл замхрах гэсэн ойлголт огт байхгүй. Газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй шүү дээ. Цаашдаа уг байгууламжийг хэрхэн ашиглах вэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, монголын барилгын үндэсний ассоциаци хоёр санамж бичиг байгуулан, төлөвлөгөөний дагуу ажиллана.

Төсөл хэрэгжвэл иргэдэд ажлын байр бий болно. Мөн иргэдэд зориулсан кино театр, тоглоомын төв, худалдаа үйлчилгээ, coffee shop зэргийг барина. Нийслэлийн удирдлагууд эсэргүүцсэн иргэдтэй уулзсан. Тухайн үед иргэд “Хотод хоёр газар нүхэн гарц хийчихсэн байдаг. Тэрэн шиг онцгүй байх юм биш үү” гэсэн байна лээ. Нүхэн гарцтай бол харьцуулашгүй. Зам доогуурх нүхэн гарцтай уг төслийг жишиж болохгүй. Бүхэл бүтэн үйлчилгээний том байгууламж бий болгох гэж байна ш дээ. Тухайлбал, усан оргилуурыг хоёр болгож, ногоон байгууламжийг сайжруулна. Нийслэлийн хэмжээнд төрийн ажил тасралтгүй байнга явагдах ёстой. Энэ нь нам улс төрийн нөхцөл байдалтай хамаарахгүй, хамаарах ч ёсгүй. Тасралтгүй явагдах ёстой гэдэг утгаараа энэ ажил төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллагын веб сайт бүрийг сайтар уншиж, зөв мэдээлэл авч байх хэрэгтэй шүү гэв.

ДАХИН НЭГ “ХОГИЙН ГУДАМЖ” ҮҮСГЭХ ГЭЖ БАЙНА

Монголын архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлөөс нийслэлийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд “Сүхбаатар дүүргийн IV хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай бол Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, өнгө төрхөө олсон архитектур, орон зайн зөв шийдэлтэй, тохижилттой бульвар буюу олон нийтийн зориулалттай,түүхэн гудамж билээ.

Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл 2016 оны зургадугаар сарын 20 -ны өдөр А/501 тоот захирамж гарган уг гудамжинд “Автомашингүй гудамж” төслийн хүрээнд газар доорхи худалдаа үйлчилгээний хоёр давхар байгууламж барихаар 17000 кв.м газрыг олгосон байна. Үүнээс үүдэн оршин суугчид, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хотын түүхэн гудамжны өнгө үзэмж, зориулалтыг өөрчлөх, нийслэлийн иргэдийн өмчийг луйвардах ажил эхэлсэнд харамсч Монголын Архитекторуудын Эвлэлээс мэдэгдэл гаргахад хүргэлээ.

Нийслэлийг 2012-2016 онд удирдсан дарга нар Улаанбаатар хотын архитектурын дурсгалт байгууламж, хөшөө дурсгал, улс орны түүхийг хадгалсан түүхэн барилгуудыг устгах, газрыг нь өндөр үнээр худалдах ажлыг эрчимжүүлсэн. Эцэст нь түүхт гудамжаар нь устгах, соёлт хүн төрөлхтөнд баймааргүй балмад үйл ажиллагааг зохион байгуулсныг Монголын архитекторууд эрс эсэргүүцэж байна. Энэ балмад, зальт үйл ажиллагааг нэн даруй зогсоож, иргэд оршин суугчдын эсэргүүцлийг хүлээн авч, Нийслэлийн засаг даргын А/501 тоот захирамжийг хүчингүй болгон, уг гудамжийг яаралтай сэргээн засаж, хуучин өнгө төрхийг нь сайжруулах шийдвэр гаргахыг та бүгдээс шаардаж байна.

Өнгөрсөн жилүүдэд хотын удирдлага хоноцын сэтгэлээр хандаж, гадныханы гар хөл болж иргэдийг уран үгээр хуурч байна. Тухайлбал, түүхт хаалгануудыг нураасан, “Сүхбаатарын талбай”-г өөрчилж, “Хүүхдийн урлан бүтээх” төвийн барилгыг буулган газрыг зарахаар, авахаар санаархсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгыг (Түүхэн барилгыг хамгаалах жагсаалтанд орсон) худалдсан, хувьчилсан гээд устгасан зүйл их. “Барилгачдын талбай” өнөөдөр өнгө үзэмжгүй (сүнсгүй) “Хогийн талбай” болсон, Ялалтын талбайн усан оргилуурыг устган өндөр барилга барьсан. “Хүнсний-20” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг хувьчилж “Үйлчилгээ” болгосноор шөнө нь цоожтой хогийн сав болгож, нийтийн эзэмшлийн зам талбайг иргэдээс булаан авсан гашуун туршлагыг өнөөдөр давтаж, дахин нэг “Хогийн гудамж” үүсгэх гэж байгааг анхааруулж байна. Энэ ажлыг гүйцэтгэх “Монголын барилгын үндэсний ассоциаци” нь ёс зүйтэй хандаж уг ажлаас татгалзах, үнэхээр томоохон худалдааны төвийг иргэдийн төлөө өөрсдийн хөрөнгөөр барих хүсэлтэй байгаа бол хотын дэд төвүүдэд болон дагуул хотуудад барьж байгуулахыг уриалж байна. Нийгэмд хор учруулах, хууль бус үйл ажиллагаанд эх загвар зураг, зураг төслийн ажлаар оролцсон, ёс зүйн дүрмийг зөрчсөн архитекторууд, зураг төслийн байгууллагуудад холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

НИЙСЛЭЛИЙН ЗҮРХ БОЛСОН ЭНЭ САЙХАН ГАЗАРТ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Төслийг эсэргүүцэж буй иргэн Д.Батсүх ярихдаа “40, 50 мянгатын өргөн чөлөөнд иргэдийн зөвшөөрөлгүй, хүчээр хашаа бариад, зүлэг мод, ногоон байгууламжийг нь эвдэж байна. Энэ нь их буруу юм. Энд ямар ч гоё газар байгуулах хэрэггүй. Жирийн иргэн байрныхаа дунд ТҮЦ барих гэхэд Нийслэлийн Захирагчийн ажлын алба, тухайн СӨХ-өөс зөвшөөрөл авах зэргээр маш олон бичиг баримт бүрдүүлдэг. Гэтэл ард иргэдтэй зөвлөхгүйгээр нийслэлийн зүрх болсон энэ сайхан газарт барилгын ажил эхэлж байгааг эсэргүүцэж байна. Энэ бол ард иргэдийн хүчтэй тэмцэл. Сумын төвийнхөн ч гэсэн сумынхаа нутаг дэвсгэрт алт ухуулахгүй, төвхнүүлэхгүй гэдэг. Эх орныхоо зүрх болсон энэ газрыг нийслэлчүүд ухуулахгүй, харин тохижуулна. Энэ газрыг эвдсэн компаниар заавал буцааж хэвэнд нь оруулах хэрэгтэй” гэж байлаа. Ийнхүү иргэд үзэл бодлоо хэлж, эсэргүүцсэн хэвээр байгаа юм. Сүүлийн арав гаруй жилд бидний нүдэн дээр “Хүүхдийн парк”, “Ялалтын талбай”, “Барилгачдын талбай”, “Сүхбаатарын талбай”, “Хүүхдийн урлан бүтээх” төв гэхчилэн олон нийтийн дундын эзэмшлийн орон зай, ногоон бүсүүд замхран алга болж байна. Барилгачдын талбай гэхэд л хүн ч очоод сууж болохгүй, энгийн иргэд машинтайгаа ороход бэрх болсон нь үнэн. Ер нь эрх баригчид ард түмний төлөө гэсэн сайхан үгээр дулдуйдаж нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайг хүч түрж авсаар байна. Энэ нь яваандаа хэн нэгэн эрхтэн дархтаны хувийн бизнес болох биз. Харин үүний эсрэг “Дөчин мянгат”-ынхан нэгдэж дуугарч байгаа нь дэмжүүштэй юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Алмастай учирсан намтар”-ыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сурвалжлага” булангаас хүнсний ногооны үнэ ханшийг сонирхоорой. Төмс, хүнсний ногооны үнэ 999-5629 байна гэж энд бичжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүйн алдаа гаргасан мөртлөө “Шүүхээр тогтоогдоогүй” гэж гүрийдэг болчихлоо гэж ярив.

“Баримт, үзэл бодол” нүүрт Б.Цэнддоо “Алмастай учирсан намтар” хуучилжээ.

Монгол Улсаас Холбооны Бүгд найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа “Улс төр” нүүрт ярилцлага өгчээ. Тэрбээр “Цагааны бүтээснийг Улаан нь сүйтгээд байвал яах болж байна гэсэн үг заримдаа санаанд буудаг л юм” хэмээн ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар тагнаж, чагнаж байсан хүмүүс “Херо”-гийн Б.Баатартай гар утсаар ярьсныг ил болгосон эсэх талаар мэдээлжээ. “У.Хүрэлсүхийг хууль бусаар тагнаж, чагнасан гэдэг нь Баатартай гар утсаараа ярьсан яриаг олон нийтэд цацсанаар ил болж байна” хэмээн энд өгүүлжээ.

“БУСДЫГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТАГНАЖ, ЧАГНАЖ, МЕССЭЖИЙГ НЬ УНШСАН ТОХИОЛДОЛД 3-5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООДОГ ХУУЛИЙН ЗААЛТ БИЙ” гэнэ.

Эгч дүүсийн хүүхдүүд хамт амиа хорлохоор өндрөөс үсэрсэн тухай энэ нүүрт мөн мэдээлжээ.

АНУ ямар нөхцөлд БНАСАУ-тай хэлэлцээ хийхээ мэдэгдсэн тухай “Дэлхийн мэдээ” онцолжээ.

“Багш” нүүрт МУБИС-ийн багш Е.Батчулуун “Газарзүйн боловсрол залуусын соёлд ч хэрэгтэй” хэмээн ярьжээ. Саяхан олон улсын газарзүйн олимпиадад манайхан амжилттай оролцоод ирсэн гэнэ шүү.

Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэр гэрийн хорионд байж болзошгүй талаар арвандөрөвдүгээр нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн давхраас үсэрсэн хоёр охин хүнд гэмтэж, хагалгаанд орж байна

Image result for Эрдэнэтэд 2 охин

Өнөө өглөө 10 цагийн орчимд Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч хүнд гэмтсэн хэрэг гарсан. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд, олон эрхтэн нь гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна.
Улаанбаатар хотоос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Эрдэнэт хот руу хөдөлсөн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өвчтөнүүдийн биеийн байдлаас шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан хойшлов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас товлогдсон ч хойшлоод байна.

Хуралдаан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаатай холбоотой тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шадар сайд У.Хүрэлсүх зэрэг хэд хэдэн сайдууд байдаг аж.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах” талаар уулзалт зохион байгууллаа

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр эхний уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй үйлдвэрийн газрын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд мөн Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтсийн холбогдох дарга, мэргэжилтнүүд оролцож төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн,тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, нийгэмд чиглэсэн үр дүнтэй бодит ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлэхээр хэлэлцэв.

Зам, тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 5374 хүнд, хүндэвтэр, хөнгөн бэртэл авсан нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 15,9% -р өссөн байна. Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран иргэд , тээвэрлэгч нарын сэтгэлгээ дадлыг өөрчлөх замаар зам тээврийн ослын гарч буй шалтгаан нөхцөл, үүссэн хор уршгийг нийтэд таниулах, соён гэгээрүүлж урьдчилан сэргийлэхэд чиглэж ажиллана. Мөн техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч хяналт шалгалтыг тогтмолжуулж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг хүргэн хамтран ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа өнөөдөр хаагдаж байна

Image result for Хүүхдийн зуслангуудӨнөөдөр хүүхдийн зуслангуудын хаалт болж байна. Хаалтын үйл ажиллагааны гол зорилго нь нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын энэ оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж, олон нийтэд сурталчлан таниулахад оршиж байгаа юм.

Энэ онд нийслэлийн Засаг даргын тавдугаар сарын 19-нд гаргасан “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа эхлүүлж, зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 18-ны хооронд нийт 25432 хүүхэд амраажээ.

Categories
мэдээ нийгэм

Малын удмын сангийн үндэсний төвд 50 сая төгрөгийн хадлангийн техник тоног төхөөрөмж гардуулан өглөө

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд НҮБ-ын ХХААБ-аас 50 гаруй сая төгрөгийн хадлангийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

“Ган, зуд хавсарсан хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны ТСР/МОН/3602 төслийн дэмжлэгтэйгээр нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмж юм.

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг “Бид энэ төхөөрөмжүүдээ аж ахуй нэгжүүдэд хүргүүлж хадлангаа бэлтгэнэ.

ХХХААХҮЯ 2008 оноос эхлэн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа.

Цаашид ч олон ажлыг хамтдаа хийнэ гэж итгэж байна.

Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжсэн олон төсөл хөтөлбөрийн үр шимийг малчид, тариаланчид хүртсээр ирсэн.

Жишээлбэл, бидний хамгийн эхний төсөл бол “Сүүний үхрийн удам зүй, гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээлийн сан” байлаа.

Мөн энэ төслийн хүрээнд Малын удмын сангийн Үндэсний төвд үр үйлдвэрлэлийн бага оврын лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Үүний үр дүнд 2008 оноос хойш өнөөг хүртэл Монголд үржүүлж байгаа шилмэл малын хээлтүүлэгчээс үр үржүүлж авах ажлыг хийж байна.

Энэ мэтчилэн хамтын ажиллагааны үр өгөөж өндөр байна. Монголын мал аж ахуйг хөгжүүлж, чанарыг сайжруулахад байнга дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад талархаж байгаагаа ирэлхийлье” гэв.

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши энэ үеэр “ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд хадлангийн тоног төхөөрөмж болох бага оврын трактор, хадлангийн агрегат чиргүүлийн хамт, өвс хаман боогч, гар хадуур, жижиг усалгааны систем зэргийг нийлүүлж байна.

Энэ нь өвөлжилт хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад зориулан өгч байгаа тусламж юм.

Манай НҮБ-ын ХХААБ-аас 2,6 сая ам долларын хүмүүнлэгийн тусламжийг 10 мянга гаруй малчин өрхөд туслах болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулсан” гэдгийг онцлов.

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо.