Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг эрчимжүүлэх чиглэлээр өндөр хэмжээний уулзалт Вьетнам улсын Да Нанг хотноо энэ сарын 16-17-ны өдрүүдэд болж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү уулзалтыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан зохион байгуулсан бөгөөд Вьетнам, Монгол, Филипин, Лаос, Соломоны арлын улс, Шинэ Гвине, Камбож, БНХАУ-ын Эрүүл мэндийн дэд сайд нар оролцож, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, хүрсэн үр дүн, сургамж, хэрэгжилтэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйл саад бэрхшээл, түүнийг хэрхэн давж болох талаар туршлагаа хуваалцлаа.
Энэ үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” –ийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх чиглэлээр батлагдсан стратеги төлөвлөгөөтэй хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ “Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны анхаарлын төвд байнга байдаг бөгөөд бид НҮЭМ-ийн 4 удаагийн хөтөлбөр, Эхийн эндэгдлий бууруулах 2 удаагийн стратеги, Эх, нярайн эрүүл мэнд стратеги, Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ стратегийг хэрэгжүүлж, эх хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулж, Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтыг хангаж чадсан. Мөн Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг дарга нартай байгуулах жил бүрийн гэрээндээ эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, эрүүл мэндийн салбарт орон нутгийн төсвөөс оруулах санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудал тусгаж хэрэгжүүлдэг нь санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Эрүүл мэндийн дэд сайд миний бие ахалсан төсөл хөтөлбөрүүдийн зохицуулах зөвлөл ажиллаж, улирал тутам хуралдаж, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны техникийн болон санхүүгийн дэмжлэгийн талаар хэлэлцэж, үйл ажиллагааны давхардал орхигдсон асуудлыг ярилцаж шийдвэрлэдэг нь нөөцийг зөв хуваарилж зарцуулахад ач холбогдолтой” байдаг гэлээ.
Энэхүү уулзалтад ДЭМБ-ын Ази Номхойн далайн бүсийн захирал Шин Юунг Соо оролцож, хэлсэн үгэндээ “Нярайн нэн шаардлагатай тусламж нь өртөг багатай үр дүн маш өндөртэй. Төрмөгц ээжийнхээ халуун энгэрт тэврүүлж байгаа нярай маш жаргалтай, эрүүл байдаг. Арьс арьсаар шүргэлцүүлж, ээжид нь тэврүүлэх, ангир уургийг амлуулах асуудал маш чухал. Дутуу болон өвчтэй нярай, кесар хагалгаагаар төрсөн нярай энэхүү тусламжийн авч чадахгүй байгаа сул тал байна. Нярайн “ИМЖ” (кенгуру) асаргаа дутуу төрсөн нярайд маш чухал. Дэлхий дээр 2 минут тутамд 1 нярай нас барж байна. Нярайн нэн шаардлагатай тусламж асаргааг хэрэгжүүлж, ээжийнх нь энгэрт тэврүүлж, арьс арьсаар байнга шүргэлцүүлж, малгай өмсгөж, ангир уургийг нь амлуулж, хөхөөр хооллосноор нярай нас барах эрсдлийг 22 хувиар бууруулах боломжтой байна. Хэрэгцээгүй, үр дүнгүй эм, эмчилгээнээс татгалзах хэрэгтэй. Нярайн нэн шаардлагатай тусламжийг хэрэгжүүлэх нь чухал. Энэ стратеги бодлогыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ үзүүлэгч, эмэгтэй түүний нөхөр гэр бүлийн гишүүдийн дадал, хандлага чухал. Нэг ч нярайг эхээс нь туст нь байлгахгүй байх нь чухал. Нэг ч нярайг нэн шаардлагатай тусламж асаргаанаас орхигдуулахгүй байх нь чухал” гэлээ.
Мөн нярайн нэн шаардлагатай тусламжид хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр эмнэлгийн мэргэжилтнүүд хийж гүйцэтгэх энгийн үйлдлүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар ярилцлаа. Жишээ нь: БНХАУ-д нэг хүүхэд төрүүлэх бодлого баримталж, эцэг эхчүүд кесар хагалгаа нь эрүүл хүүхэд төрүүлдэг гэсэн буруу ойлголттойгоос мэс заслаар төрөх нь эрс нэмэгдэж арьс арьсаар шүргэлцүүлэхгүй байсан талаар ярилаа. Манай улсын хувьд мөн дутуу төрсөн нярай, кесар хагалгаагаар төрсөн нярайг арьс арьсаар шүргэлцүүлэхгүй байх, хэрэгцээгүй эм тариа хэрэглэж нярайг эрчимт эмчилгээний тасагт ээжээс нь тусад нь удаан байлгах, төрөх явцад партограмыг бүрэн хөтлөхгүй байгаа, гар угаалт тааруу байгаа зэрэг сул тал байгааг хөндлөнгийн үнэлээчид гаргаж тавьсан. Бид нярайн “ИМЖ” асаргаа, анхны тэврэлтийг зөвхөн ээжид тэврүүлнэ гэдэг буруу ойлголттой байдаг. Тэгвэл Соломоны арлын ээж үүд, хүүхдээ тэврэх боломжгүй биеийн байдал хүнд байгаа бол аавд нь эсвэл эмээ, асран хамгаалагч туслагч нарын энгэрт тэврүүлж нярайн дулаан алдалтаас бүрэн сэргийлж байгаа зэрэг туршлагаасаа хуваалцлаа.
Уг уулзалтаас нэг ч нярайг орхигдуулахгүйгээр нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжид бүрэн хамруулах талаар уриалга тунхаг гаргаж, оролцсон бүх хүмүүс Эрүүл мэндийн дэд сайдуудтай санал нэгтэйгээр баталлаа.
Мөн энэ үеэр улс орнуудын төлөөллүүд , хэвлэлийн бага хуралд оролцож, тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулж, нярайг дулаан алдуулахгүй байлгаж, ангир уураг амлуулах нь хүүхдийн дархлааг сайжруулж, халдвараас сэргийлж, эрүүл чийрэг өсөлтийг хангах зардал багатай үр дүнтэй арга гэдгийг онцоллоо.