Categories
гадаад мэдээ

Австралийн азтай жуулчин

Австраль улсын иргэн 26-н настай Жулиа Монако хэмээх бүсгүй сүүлийн гурван сарын хугацаанд Европ тивийг доргиосон гурван алан хядах ажиллагааны гэрч болж тэр бүгдээс амьд гарч чадсан тун чиг азтай нэгэн гэж дурсагдаад байна. Бүсгүй эхлээд Лондонгийн гүүрний ойролцоо дараа нь Парисын Нотр-Дамд цагдаагийхний эсрэг алан хядагчид довтлох үед, харин өчигдөр Барселонд зугаалж яваад дээрх аймшигт үйлдэлүүдийн гэрч болжээ.

“Би дэлхийгээр аялах дуртай нэгэн. Лондонд халдлага болох тэр үед би метронд хашигдчихсан. Харин Барселонд болсон явдалын үеэр Рамбла гудамжны нэгэн дэлгүүрт нуугдаж байгаад хүмүүс зугтаагаад эхлэхээр нь гарч гүйсэн. Хэдий азтай мөртлөө азгүй ч юм шиг миний энэ тохиолдолууд намайг дэлхийгээр аялах сонирхолоос минь салгаж чадахгүй ээ” гэж Жулиа Монако сэтгүүлчид ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн тухай хуулийг танилцуулав

Зөрчлийн тухай хуулийг танилцуулавБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад өнөөдөр хуулийн сургалт хийлээ. Уг сургалтаар 2017 оны 7 сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай” хуулийн ерөнхий ойлголт, мөн тус хуулийн онцлог заалтууд, ач холбогдолыг танилцуулж, мэдээлэл өгөв. Дашрамд мэдээлэхэд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/01 дүгээр захирамжаар энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил’’ болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас иргэдэд болон албан хаагчдад зориулан шат дараатай сургалт, зөвлөгөөг хийж байгаа юм. Тухайлбал, энэ сарын 22-ны өдөр иргэдэд хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны 08 дугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны 08 дугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн анхны хосолмол мэдээллийн “​МонГеоКат” системийг геологийн салбарт ашиглана

Зураг

МонГеоКат системийг нэвтрүүлснээр геологийн мэдээлэл илүү хүртээмжтэй болж, геологийн салбарт тулгарах эрсдлийг буруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг татах боломжтой гэдгийг албаныхан онцлов.

Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвөөс зохион байгуулж буй “МонГеоКат” системийн танилцуулгад АМГТГ-ын дарга Б.Баатарцогт, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри нар болон бусад албаны төлөөллүүд оролцов.

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри: “Урьд нь геологийн мэдээлэл авахын тулд АМГТГ-т очдог байсан бол шинэ систем ашиглалтад орсноор энэ чирэгдэл арилна. Хүссэн үедээ уг системийн холбоосоор нэвтэрч шаардлагатай мэдээллийг авах боломжтой. Ийм төрлийн системийг нэвтрүүлснээр геологийн мэдээлэл илүү хүртээмжтэй болно” гэдгийг онцолсон юм.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны АМЕР хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсын Засгийн газраас санхүүжүүлсэн “МонГеоКат” системийг АМГТГ-ын Эрдэс баялаг мэдээллийн технологийн хэлтэс болон “Оюуны цоморлиг импекс” ХХК хамтран хөгжүүлжээ.

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар уг систем эрдэс баялгийн мэдээллийн төвд байгаа геологийн мэдээллийг хураангуй байдлаар хэрэглэгчдэд хүргэх зорилготой бөгөөд үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Эхний бүрэлдэхүүн хэсэг нь ArcGIS программд суурилсан бөгөөд цахим сүлжээнд орон зайн хайлт хийх боломжийг олгосон бол хоёр дахь хэсэг GeoNetwork программд суурилжээ. Ингэснээр хэрэглэгчид түлхүүр үгийн тусламжтай мета-дада-каталоги”-оос геологийн тухай мэдээллийг хайж олох боломжтой аж.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч Жулиа Бакстер: “Геологийн их хэмжээний мэдээлэл цугласан байдаг. Тухайн мэдээллийг шаардлагатай хүмүүс авч үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх системийг бүтээсэн. Геологийн мэдээлэл нээлттэй дүн шинжилгээ ашигласнаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг шаардлагатай мэдээллээр хангах боломжтой юм. Дэлхийд анх удаа арилжааны программ хангамжийг нээлттэй программ хангамжтай холбож бүтээсэнээрээ давуу талтай. Австрали, Казахстан, Англи зэрэг орнуудад геологийн мэдээллийн сан үсгээд ашигладаг хүмүүс бий. Гэхдээ ийм хосолмол мэдээллийн систем дэлхийд өөр байхгүй. Энэ утгаараа бусад улс орнууд энэ системээс суралцах боломжтой” гэв.

Уг геологийн хайлтын системд “Эрдэс баялаг мэдээллийн технологийн төв”-д байгаа 8200 гаруй геологийн тайлан, 200 гаруй газар зүйн мэдээллийн системийн давхарга, 30 төрөлжсөн мэдээллийн санг агуулж буйгаараа онцлогтой аж. МонГеоКат системийг энэ оны дөрөвдүгээр улирлаас ашиглаж эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүгчийн суурь шалгалтын бүртгэл хойшилжээ

Шүүгчийн суурь шалгалт зурган илэрцүүд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарласан. Шалгалтын бүртгэлийг энэ сарын 21-25-нд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулахаар байсан. Тэгвэл суурь шалгалтын бүртгэл, шалгалтыг хойшлуулах шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга энэ сарын 17-нд гаргажээ.

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг энэ оны есдүгээр сарын 8-ны 09.00 цагаас есдүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар болсон байна.

Нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагааг энэ оны аравдугаар сарын 16-ны өдрөөс аравдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болгож өөрчлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөр болсон. Энэ тухай мэдээллийг http://www.judcouncil.mn/main/6121–.html холбоосоор унших боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

А.Өнөржаргал: Тайз, дэлгэцийн түүхэн дүрд тоглох хүсэл бий

“TV Coctail” хамтлагийн жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан А.Өнөржаргалтай ярилцлаа.


-Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй юү. Ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“TV Coctail” хамтлаг маань инээдмийн төрлийн кино хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа. Одоогоор судалгаа, зохиолынхоо ажлыг хийгээд явж байна. Намраас кино маань хийгдэж эхлэх юм.

-“TV Coctail” хамтлагийн хувьд инээдмийн төрлийн олон ангит кино цөөнгүй хийж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд “Гэрлэн дохио” хэмээх олон ангит киног хийсэн шүү дээ. Энэ тухайд?

-Монголын телевизийн урлагт сайхан, чанартай нэвтрүүлэг, бүтээлүүд гарах болсон. Тэр дунд мэдээж Монголын олон ангит уран сайхны кинонууд багтана. “Эзэнгүй айл”-аас эхлээд үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлүүд цөөнгүй бий. Манай хамтлагийн хувьд ч хоёр олон ангит уран сайхны киног урын сандаа нэмсэн. Уран бүтээлүүд маань амжилттай үзэгчдийн хүртээл боллоо. Цаашид ч гэсэн бид олон сайхан шинэ уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих бодолтой байгаа.

Бидний хамгийн сүүлд хийсэн олон ангит кино бол дөчин ангит “Гэрлэн дохио” юм. Энэ кино маань амьдралд анх хөл тавьж байгаа залуучуудад зориулагдсан. Кинон дээр ганц бие, найз бүсгүйтэй, гэр бүлтэй гурван залуугийн амьдралыг харуулдаг. Энэ гурван дүрээ гэрлэн дохионы гурван өнгө болох шар, ногоон, улаанаар илэрхийлсэн хэрэг. Миний бүтээсэн дүр нь гэр бүлтэй залуу буюу улаан өнгө л дөө. Нэгэнт л улаан гэрэл ассан болохоор миний амьдралд шар, ногоон гэрэл асах ёсгүй гэсэн үг. Учир нь ногоон гэрлээр юунд ч санаа зовохгүй эрх чөлөөтэй залуугийн дүр, шар гэрлээр найз бүсгүйтэй дөнгөж амьдрал нь эхэлж байгаа залуугийн дүрийг төлөөлүүлсэн юм. Энэ ч утгаараа өнөөгийн залуучуудад илүү ойр төдийгүй, амьдрал зохионо, гэр бүлээ сонгоно гэдэг хариуцлагатай зүйл гэдгийг ойлгуулахыг хүссэн.

-Олон ангит кинон дээр ажиллахад ямар байдаг вэ. Мэдээж нэг ангит кино бүтээхтэй харьцуулахад илүү хүндрэлтэй басхүү урт хугацаа зарцуулагдах байх?

-Тэгэлгүй яахав. Олон ангит киноны бүх ангийг л нэг ангит кино шиг л чанартай хийхийг зорьдог. Дээрээс нь олон ангит кино маш өндөр зардлаар босдог. Олон ч уран бүтээлчийн бие, сэтгэл, зүтгэл шингэж байж бүтдэг л дээ. Ер нь амар зүйл биш шүү. Бидний хувьд уран бүтээл бүхнээсээ туршлага хуримтлуулсаар явна. Дараагийн уран бүтээлд минь олж авсан туршлага тус болох нь дамжиггүй биз ээ.

-Жүжигчин болсон түүхээсээ хуваалцаач. Энэ нь таны багын мөрөөдөл байсан уу?

-Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат л даа. Би багын л сургуулийнхаа урлагийн үзлэг, баяр наадамд үргэлж оролцдог хүүхэд байлаа. Мөн аймгийнхаа “Яргуй” наадамд оролцож, дуулж байсан юм байна. Харин манайх 1996 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Тэр үеэс эхлээд л би “Хүүхдийн ордон”-ы кино, драмын ангид Саранхүү багшийнхаа удирдлаган дор хичээллэж эхэлсэн юм. Дараа нь дунд сургуулиа төгсчихөөд СУИС-ийн кино, драмын ангид элссэн. Ингэж л жүжигчин болох анхны гараагаа тавьж байлаа.

– Та их сургуулиа төгсөөд “Шинэ-үе” продакшнд ажиллаж байсан гэлүү?

-Тиймээ. Би “Шинэ-үе” продакшнаас ажлын гараагаа эхэлж байлаа. Манай Э.Цолмонбаяр, Н.Цэнд-Аюуш хоёр маань ч хамт байсан. Тэгээд Д.Энхбаяртайгаа нийлээд дөрвүүлээ “TV Coc­tail” хамтлагаа байгуулсан юм. Хамтлагаа байгуулаад хэдийнэ 12 жилийг ардаа орхижээ.

-Таны хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-Миний анхны дэлгэцийн уран бүтээл 2007 онд бүтээгдсэн “Сайн уу амьдрал минь” уран сайхны кино л доо. Үүний дараа “Би чамд хайртай-2” кинонд тоглож байлаа. Мөн түүнчлэн хамтлагийн маань бүтээл болох “Намрын синдром”, “Омарын эрэлд”, “Мөнгөний гахай” гэх мэт уран бүтээлүүд бий. Харин олон ангит уран сайхны кино гэвэл “Хөгжилтэй гэр бүл”, “Гэрлэн дохио” юм шүү дээ.

-Таны хувьд ихэвчлэн инээдмийн төрлийн кинонд дүр бүтээдэг. Харин өөр төрөл, жанрын бүтээлүүдэд дүрээ мөнхлөх бодол байдаг уу?

– Жүжигчид бид бүгдээрээ их сургуулийн кино, драмын ангийг дүүргэдэг. Түүнээс инээдмийн эсвэл драмын гэсэн тусдаа анги байдаггүй. Харин сургуулиа төгсөөд өөрт тохирохуйц жанраа сонгон уран бүтээлээ туурвидаг. Миний хувьд хамтлагийнхаа найзуудтай хамт олон жил инээдмийн нэвтрүүлэг, шоу хийсэн.Тиймдээ ч үзэгчид маань намайг инээдмийн жүжигчин гэдгээр нь илүүтэй мэддэг л дээ. Гэхдээ би инээдмийн жүжигчин учраас зөвхөн энэ төрлөөр л уран бүтээл хийх ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Уран бүтээлч хүний хувьд өөр дүрд өөрийгөө сорьж басхүү ажиллах юмсан гэсэн бодол байдаг. Энэ хүсэлд минь нийцсэн нэгэн уран бүтээл нь “Содура” уран сайхны кино байсан юм. Тайгын гэнэн цайлган залуугийн дүр байсан л даа. Ганцхан үүгээр ч тогтохгүй тайз, дэлгэцийн түүхэн хүний дүрд тоглох юмсан гэсэн чин хүсэл байна.

-Хүн инээлгэх хэцүү гэгддэг. Зарим нь амархан ч гэж үгүйсгэдэг. Харин таны бодлоор?

-Хүнийг инээлгэнэ гэдэг санаснаар болдог амархан ажил биш шүү дээ. Хэдий амаргүй боловч хүнд инээд хөөр, баяр баясал бэлэглэх нь буян гэлцдэг. Ямартай ч өнөөдрийн энэ бухимдалтай, стресстэй нийгэмд цэнхэр дэлгэцээрээ үзэгчдэдээ инээд бэлэглэж байгаадаа баярладаг. Гэхдээ зөвхөн жүжигчин хүн л сайн байснаар хүнийг инээлгэнэ гэж үгүй. Үүнд сайн зохиол, найруулагч, уран бүтээлчид зайлшгүй шаардлагатай. Дэлгэцийн уран бүтээл гэдэг хамтын ажил байдаг. Бүгд л нэг зорилгын төлөө, сэтгэлээ шингээж байж сая нэг сайн бүтээл гардаг. Тиймээс хүнд хүрэхүйц сайн уран бүтээл гарах нь тухайн баг хамт олноос шалтгаална.

-“TV Coctail” хамтлаг “Хоёр ертөнцийн буудал” хэмээх драмын жүжиг тавьж байсан. Энэ жүжгийн тухай эерэг сэтгэгдэлтэй маш олон хүн байдаг юм билээ. Энэ бүтээлийнхээ тухай яриач?

-Манай хамтлаг 2012 онд Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг гэх Эрик Эммануэль Шмитийн зохиол “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгийг тавьж байсан. Энэхүү жүжгийн зохиол нь 1999 онд бичигдсэн юм билээ. Маш сайн зохиол байсан. Тиймдээ ч зохиолч, судлаачид орчин үеийн сонгодог зохиол хэмээн үзсэн байдаг. Манай хамтлагийн хувьд энэ жүжгийг албан ёсны эрхтэйгээр Азид анх удаа тайзнаа амилуулсан. Энэ жүжигт манай хамтлагийнхан төдийгүй бусад инээдмийн жүжигчид оролцон тоглосон л доо. Жүжгийн маань гол дүрд бурхны орныг зорьсон Ц.Батхуяг буюу Амбий ах тоглож байлаа. Мөн Б.Навчаа эгч тоглосон.

Жүжигт амьдрал бол мөнх биш шүү дээ. Тийм байтал хүмүүс бид амьдралд нэг нэгнээ үл хайрлан хэтэрхий их шунадаг, басхүү амьдралын мөн чанарыг мэдэж, мэдэрч чаддаггүй талаар өгүүлдэг. Ер нь хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах сэдлийг олгож чадахаар бүтээл. Энэхүү жүжиг маань драмын театрт тавигдаж байлаа. Театр тодорхой төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа нь явагддаг учир олон хоног тоглох боломж хараахан байгаагүй. Ямартай ч тоглолт дууссаны дараа маш олон үзэгч сэтгэгдлээ хуваалцаж байсан. Тэр дунд нэгэн гэр бүл байсныг тод санаж байна. Тэд хэлэхдээ “Бид хоёр, үр хүүхдийнхээ төлөө бүхий л амьдралаа зориулдаг. Өглөө босоод л хоёр тийшээ гараад явна, орой ядарсан хүмүүс л орж ирдэг. Үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөөд байгаа хэрнээ тэдэндээ ч цаг зав гаргаж чаддаггүй байлаа. Харин энэ жүжгийг үзээд бид хоёр их зүйлийг ойлголоо. Амьдралын утга учрын талаар эргэцүүлж бодох цаг болсон байж. Тиймдээ ч энэхүү жүжгийг үзсэнийхээ дараа ажилдаа яарахгүйгээр хүүхдүүдтэйгээ хамт өглөөнийхөө цайг тухтай гэгч нь ууж үзлээ. Ойрд амьдралаас ийм сайхан мэдрэмж, инээд хөөр, баяр баяслыг мэдрээгүй байжээ. Та бүхэндээ маш их баярлалаа” гэсэн. Ер нь энэ жүжгийг дахин тоглох санал ч багагүй ирж байсан.

Бид энэхүү жүжгээ дахин тоглох бодолтой байгаа. Гэхдээ гол дүрийн жүжигчин Амбий ахыг минь орлох жүжигчин олно гэдэг амаргүй ажил юм. Басхүү театр маань ганцхан учраас тайзны хүрэлцээ бас нэгэн асуудал болдог. Ямартай ч бид энэхүү жүжгээ дахин тайзнаа амилуулах болно.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл тавуулаа гурван сайхан хүүхэдтэй. Миний хань урлагийн хүн биш л дээ. Гэхдээ миний ажлыг ойлгож, ар талыг минь маш сайн авч явдаг. Ер нь уран бүтээлч хүний амжилттай явах эсэх нь сайн хань ижилтэй байхаас маш их шалтгаалдаг. Миний хувьд сайн ханьтай учирсан, азтай хүн гэж боддог шүү.

-Та өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Ulaan­baatar international pro” жюүжицүгийн олон улсын анхдугаар тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртжээ. Ер нь энэ спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

-Жюүжицү гэх гайхалтай спортоор хичээллээд яг хоёр жил болж байна. Барууны жүжигчид тогтмол спортоор хичээллэн бие бялдар, эрүүл мэнддээ анхаараад зогсохгүй уран бүтээлдээ тэрхүү давуу талаа ашигладаг юм байна л даа. Миний хувьд хичээллээд жил хагасын дараа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэмцээн уралдаанд оролцоно гэсэн бодол эхэндээ байгаагүй л дээ. Харин найзууд маань тэмцээнд оролцох нь зүйтэй гэж, урам зориг өгч байлаа. Ер нь тэгээд урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм байна л даа. Би наймдугаар сарын 5-нд Монголд анх удаа зохиогдсон “Ulaanbaatar in­ternational pro” жюүжицүгийн олон улсын тэмцээний цагаан бүсний мастер хоёр ангиллын эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Ямартай ч хөлс, хүчээ зориулаад медаль авна гэдэг их сайхан мэдрэмж байдаг юм байна. Одоо бол байнгын бэлтгэл сургуулилт хийж байгаа. Бэлтгэлээ хийхгүй удчихаар бие хүнд оргиод, форм алдагдаад байдаг юм билээ. Миний хувьд долоо хоногт дөрвөн удаагийн бэлтгэл хийдэг.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баярбямба: Жингээ хасах гэж байгаа бол эхлээд дотор болон хэвлийн өөхөө хасах хэрэгтэй

“Цахим эмч” төрийн бус байгууллагын тэргүүн, их эмч Б.Баярбямбатай ярилцлаа.


-Биеийн илүүдэл жин манай иргэдийн нэлээд том асуудал болж байх шиг. Ер нь сүүлийн үед таргалалт улам нэмэгдэх хандлагатай байна уу?

-Илүүдэл жингийн талаар хийсэн хоёр удаагийн том судалгаа бий. Тухайлбал, 2009 онд манай иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт 31 хувьтай байсан бол 2013 оны судалгаагаар иргэдийн 50 гаруй хувьтай болоод өсчихсөн. Дөрөвхөн жилийн дараа ингэж их өссөн гэсэн үг. Түүнээс хойш цогц судалгаа гараагүй байна. Өмнө нь монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан тул барагтай бол хөдөлгөөний дутагдалд ордоггүй байж. Харин сүүлийн үед ихэнх нь суурин соёл иргэншилд шилжээд, өглөө гараад ажилдаа автобус эсвэл машинаар явчихдаг. Орой мөн унаагаар хариад хоолоо идчихээд, зурагт үзэж байгаад унтчихдаг. Мөн маш буруу хооллож байна. Дэлгүүрт хэт олон төрлийн хүнс байгаа ч түүнээс өөрт хэрэгтэйгээ сонгон хэрэглэж чаддаггүй. Илүүдэл жинтэй хүмүүсийн 90 гаруй хувь нь амьдралын буруу хэв маягаас болж жин нэмсэн бол 10 орчим хувь нь дааврын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаас болсон байдаг.

-Жингээ хасах хамгийн зөв арга юу вэ?

-Эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд би сарын хугацаанд хэдэн кг хасах боломжтой вэ гэж их асуудаг. Уг нь сарын дотор би эрүүл амьдралын дадал хэр эзэмших бол гэж асуух хэрэгтэй. Эрүүл амьдралын хэв маягтай байхад жин хүссэн хүсээгүй буурчихдаг. Тиймээс эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд тийм ч олон зүйл шаардлагатай биш. Өдөрт би хэдэн калори илчлэг авч байна, авсан илчлэгээ тухайн өдрөө шатааж чадаж байна уу, эсвэл илүүдэл өөх болгон биедээ хуримтлуулчихаад байна уу гэдгийг л мэдчих. Түүнээс биш зөвхөн жингээ хасна гэдэг бодолд автаад буруу аргаар жин хасаад, эргээд таргалчихдаг, өөрийнхөө эрүүл мэндийг хохироодог тохиолдол нийтлэг байна.

-Турах дэглэм барих хүсэлтэй эмэгтэйчүүд олон бий. Ямар дэглэм сонгож барих нь зөв бэ?

-Хүн нэг өдөр гэнэтхэн илүүдэл жинтэй болчихдоггүй. Нэг хоёр, тав арван сар, тав, арван жилийн турш хуримтлагдсан зүйл. Ингээд өөрийн мэдэлгүй шахуу жин нэмж байгаад гэнэтхэн жингээ хасах ёстой юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг. Хамгийн түрүүнд богино хугацаанд жин хасах ёстой гэж буруу эм бэлдмэл хэрэглэж, хоол хэт сойж эрүүл мэндээ алдаж байна. Жин хасах хоолны янз бүрийн дэглэм бий. Тэр дэглэмүүдийг судлаад үзэх хэрэгтэй. Хоол хэт сойсон дэглэм л байвал буруу гэсэн үг. Харин уураг, өөх тос, нүүрс зэргийг тооцсон хоолны зөв хөтөлбөр байвал шинжлэх ухааны үндэслэлтэй гэж ойлгож болно.

-Сүүлийн үед бүсгүйчүүд мацаг их барих болсон. Мацаг барих нь хэр зөв бэ?

-Монголчуудын уламжлалт амьдралаас судлаад үзэхээр дулааны улиралд их хэмжээгээр хоол иддэггүй байж. Харин өвөлдөө идэш хийгээд махаа идчихдэг. Зунаас намрын хооронд аль болох хөнгөн хооллож, ихэвчлэн сүү, цагаан идээгээ хэрэглэдэг байсан юм билээ. Зөв цагт мацаг барих нь зөв гэж үздэг. Гэхдээ өөрийн бие махбодид дасгах зарчмаар мацаг барьж хэвших ёстой. Бага хооллож, бага багаар биедээ дасгаж байж мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор мацаг барих хэрэгтэй. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг. Хэт илүүдэл жинтэй хүн гэнэт мацаг барих нь бол буруу. Тиймээс заавал эрүүл мэндийн шинжилгээ хийлгээд, өөрт тохирсон мацаг барих нь зөв. Жингээ хасах гэж байна хэмээн өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохгүй.

-Жин хасахад хоол хүнснээс гадна, дасгал хөдөлгөөн маш чухал уу?

-Бид өдөрт хоёр мянган калори энерги шатааж байгаа мөртлөө 3000 калори илчлэгтэй хоол идээд байвал нэг мянган калорийн зөрүү нь өөх болж хувирдаг гэсэн үг. Харин идсэн хоолноосоо илүү энерги зарцуулж дасгал хөдөлгөөн хийж байгаа нь өөх эрчимтэй шатаахад тустай. Мөн дасгал хөдөлгөөнийг шинжлэх ухааны үүднээс хоёр төрөлд хуваачихаж байгаа юм. Аэробик, усанд сэлэх, сагс тоглох, 108 мөргөх, бүжиглэх зэрэг нь аэроб төрлийн дасгалдаа орно. Энэ төрлийн дасгалыг сонгож хийх юм бол өөх шатаалтыг илүү дэмжиж өгдөг. Харин өөхөө шатаачихсан булчингаа галбиржуулах гэж байгаа, булчингийн масс авах гэж байгаа хүмүүс гантел өргөх, хөл мөр, гарын дасгал зэрэг хэсэгчилсэн булчингийн дасгалууд хийх нь зөв. Гэтэл зарим фитнес клубууд буруу, зөрүү зөвлөгөө өгдөг. Жингээ хасах гэж байгаа хүмүүст жижгээс нь эхэл гээд жижиг гантел бариулаад зогсоочихдог. Жингээ хасах гэж буй хүмүүс эхлээд хэвлийн өөх, дотор өөхөө шатаах ёстой. Тиймээс хамгийн түрүүнд хөнгөн гүйх, усанд сэлэх зэрэг дасгалуудыг хийх нь зөв.

-Дасгалын үед ус уух нь зөв үү?

-Биеийн өөх багатай тамирчид булчин нэмэх зорилготой тул ус бага уух нь зөв. Харин өөх шатаах зорилготой хөдөлгөөн хийж байгаа илүүдэл жинтэй хүмүүс дасгалын үед бага, багаар ус ууж өөхөө шатаах ёстой. Мөн идэвхтэй дасгал хийсэн үед хөлсөөр их хэмжээний бодисын солилцооны хорт нэгдэл, эрдэс давс гадагшилдаг. Үүнийг шүршүүрт орж цэвэрлэж байх учиртай. Цэвэрлээгүйгээс болж арьсны pH орчин өөрчлөгдөж бактери үржих таатай нөхцөл бүрддэг. Иймд бэлтгэл хийсний дараагаар заавал шүршүүрт орж занших хэрэгтэй.

-108 мөргөх нь өөх хайлуулахад их үр дүнтэй байгаа бололтой?

-108 мөргөхөд биеийн бүх булчин ажиллаж, амьсгалын дасгал хүртэл орж байна. Мөн залбирч, бясалгаж болно. Маш сайн төвлөрдөг дасгал. Тиймээс бодисын солицоог маш сайн эрчимжүүлж байгаа юм. Эрт дээр үеэс л монголчуудын хийж байсан гол дасгал шүү дээ. Гэрийн нөхцөлд хийж байгаа тохиолдолд агаарын солилцоо сайн явуулж байх хэрэгтэй. Мөн аливаа дасгалыг хүчилтөрөгч сайтай, агаартай орчинд хийх нь илүү үр дүнтэй. Гэтэл зарим зааланд орохоор битүү хөлс үнэртсэн ч хүмүүс дасгал хийж байдаг. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин.

-108 мөргөх “Fit club Mongolia”цахим хуудсыг та хоёр жилийн өмнө анх нээсэн гэл үү?

-Би анх санаачлаад үүсгэж байсан юм. Сүүлдээ идэвхтэй хүмүүст админ эрхийг нь өгчихсөн. Хүмүүс өөрийнхөө сайн дураараа бие, биедээ мэдээлэл түгээгээд нэгдээд дасгалаа хийгээд, үр дүнд хүрээд явж байгаа.

-Туранхай харагдаж байгаа хэрнээ өөх ихтэй хүмүүс бий. Би туранхай юм чинь зүгээр гээд яваад байдаг. Өөх хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өөх ихэвчлэн хэвлий хэсэгт хуримтлагддаг. Малтай зүйрлэвэл сэмж гэсэн үг. Хэвлийн өөх их байвал цаашлаад элэг өөхөлнө. Цусан доторх өөх тосны агууламж ихэснэ. Судасны хатуурал бий болно. Тархинд цус харвах эрсдэлт хүчин зүйл эндээс үүсч эхэлж байна. Зарим нь өөх нь багасаад жин буурч байгаад сүүлдээ жин хасагдахгүй болчихлоо гэдэг. Үнэн хэрэгтээ өөхөө хасаад булчин нэмээд ирэхээр биеийн галбир өөрчлөгдөж, хувцасны размер жижгэрдэг ч жин хасагдахгүй байж болно. Тиймээс жинд биш, биеийн бүтэцдээ анхаарах хэрэгтэй. Нэг кг өөх, нэг кг булчин хоёр бүтцийн хувьд харьцангуй өөр. Өөх илүү хөвсгөр шүү дээ.

-Өөх биед байх ёстой юу?

-Өөх байх ёстой. Өөх нь биеийн дулааныг хадгалах үүрэгтэй, мөн бодисын солилцооны үүрэгтэй. Бага хэмжээгээр байх ёстой гэсэн үг.

-Огт давсгүй хоол идэх ёстой, давс тодорхой хэмжээгээр идэх нь зөв гээд хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг?

-Давс дутагдчихсан явж байгаа монгол хүн гэж байхгүй. Манайхны давсны хэрэглээ хэт илүүдэлтэй гэх судалгаа бий. Давс ихтэй хүнс идэхээр ам их цангадаг. Ийм шалтгаанаар шингэн их уудаг. Тэгэхээр хүний эс бие махбодид өөхнөөс гадна хаван үүсгэж байгаа юм. Цусан дахь сахар нэмэгдэж, даралт ихэснэ. Гадуур зарж буй бүх хүнсэнд давс агуулагдаж байгаа тул гэртээ хийж буй хоол цайныхаа давсыг бага багаар хасаад, аль болох бага давс хэрэглэх ёстой. Хүн өдөрт таван грамм давс хэрэглэх ёстой ч монголчууд 10-аас дээш граммыг хэрэглэж байна.

-Энэ мэт эрүүл мэндийн боловсролыг монголчууд хаанаас олж авах боломжтой байна?

-Эрүүл мэндийн боловсролгүй хүмүүс бизнес хөөсөн хүмүүсийн арганд орж хохирч байна. Хөгжилтэй орнууд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох талд их анхаардаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол олгох ямар ч бодлого байдаггүй. Хүнд өвчинд хүмүүсийн зарцуулж буй мөнгө улсын эдийн засагт тодорхой хэмжээг эзэлдэг тул урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах хэв маягийн талаар улсын бодлогын хэмжээнд анхаарах ёстой юм. Ямартай ч бид “Цахим эмч” фэйсбүүк хуудсаараа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн тодорхой мэдээллүүдийг түгээж байна.


Categories
мэдээ цаг-үе

Сувд хямдхан ч Английн хатан хаан, Диана гүнжийн дуртай гоёл

Монголчууд сувдыг эртнээс гоёл чимэглэлд хэрэглэсээр иржээ. Харин яагаад далайн гаралтай энэ эд, эрт дээр үеэс монголчуудад олдоод байсан баталгаатай эх сурвалж одоохондоо байдаггүй аж. Зарим нь Чингисийн байлдан дагуулалтын үеэс хэрэглэж эхэлсэн гэдэг бол зарим нь түүнээс ч эрт өмнөдүүдийг уулгалдаг байх үеэсээ сувдан чимэгтэй болсон гэж маргадаг. Учир нь дээр үед сувдыг зөвхөн далай, тэнгисээс, тэр тусмаа маш гүнээс олборлодог байсан юм. Сувдны хэрэглээгээр азийнхан өнө эртнээс тэргүүлсээр ирсэн бөгөөд одоо ч Энэтхэг, Хятад улс хамгийн өндөр хэрэглээтэй. Анх Азийн орнуудын дээд зиндааг илтгэсэн гоёл байсан бол нэгэн хугацаанд далайн орнуудын төлбөрийн хэрэгсэл байсан мэдээ байна. Монголчуудын хувьд олсон сувдныхаа ихэнхийг эмэгтэйчүүдээ гоёход зориулдаг байсан бол, далайн орнуудын хаадын хувьд элдэв гал тогооны сав суулганаас эхлээд морь, зэвсгээ хүртэл гоёдог байсан нь дайсандаа зөвхөн газар дээр биш, усанд ч хүчтэй гэдгээ харуулж, сэтгэл зүйн дарамт үзүүлэх зорилго агуулж байсан гэнэ. Харин орчин цагт сувдаар цөөнгүй зүйлийг гоёдог болжээ. Учир нь сувдыг таримал аргаар боловсруулдаг болсон аж. Энэ нь үнэ өртгийг нь бууруулж нийлүүлэлтийг ихээр нэмэгдүүлдэг байна. Орчин цагийн залуус сувдаар гоёх нь цөөрч Энэтхэг, Хятад тэргүүтэй Азийн орнуудын хөгшчүүд л олдохын хэрээр хэрэглэдэг болсон гэнэ.

Харин дээр үед сувд олборлоно гэдэг нь амь насанд дүйсэн ажил байжээ. Далайн гүнд 100-150 метр хүртэл шумбах чадвартай хүн л сувдыг түүж чаддаг байж. Сувд нь зарим тохиолдолд бөөнөөр байх боловч маш ховор. Сувдан арлаас болж дайн болж байсан цөөнгүй түүх байдаг гэнэ. Мөн зарим буурай орнууд хүчирхэг орнууддаа сувдан татвар төлж хамгаалалтад нь ордог байжээ. Энэ бүхнээс харахад сувд улс орны эдийн засагт чухал нөлөөтэй байсан байна. Хэргийн учир сувд үнэт эдлэлийн анхных байх магадлалтай аж. Хүмүүс алт мөнгө хэрэглэх нь бүү хэл тийм зүйл байдгийг мэдэхгүй байхдаа сувдыг гоёонд ашигласан байдаг. Учир нь сувд олон өнгөтэй, зөөлөн, хэлбэр загварт оруулахад хялбар байсан нь анхны гоёо болох суурь тавигджээ.

Дэлхийн зах зээл дээр алт, брилиант, сувд нь өөрийнхөө ханшийг зохицуулах чадвартай байдаг. Энэ бүхнийг хянах чадвар зөвхөн Японы Засгийн газарт бий. Ялангуяа сувдыг япончууд бараг бүрэн хянана. Өмнөд тэнгисийнхэн өөрсдийн олборлосон багагүй хэмжээний сувданд үнэ тогтох гэж оролддог боловч иений ханшаас хамаарч эргээд л япончуудын хяналтад орно. Япончуудын зарж байгаа сувдны 30 хувь нь үнэ зохицуулах зориулалттай байдаг тул хэн дураар үнэ тогтоох боломжгүй гэнэ. Хэдэн жилийн өмнөөс Лондонд Тиффани компани чанартай сувд зардаг томоохон дэлгүүр нээсэн байдаг.

Лондонгийн гудмаар сэлгүүцэх хоёр давхар улаан автобуснууд дээр “Сувд- энэ бол эмэгтэйчүүдийн хамгийн сайн найз” гэсэн реклам явуулжээ. Энэ нь барууныханд сувд сонирхох сэдлийг багагүй төрүүлсэн гэдэг. Өнөөдөр америкчууд том хэмжээний цагаан сувдыг сонирхдог. Германууд гялалзсан, Бельги, Голландууд бага оврын сувдыг сонирхдог аж.

Гэхдээ өнөөг хүртэл зөвхөн сувд, сувдан бүтээгдэхүүний дэлгүүр маш ховор. Сувд нь хэзээ ч ямар нэгэн брэнд бараа болж чадахгүй. Үнэт эдлэлийн зах зээлийн 15-20 хувийг л эзэлсээр ирсэн юм. Цаашдаа ч энэ хувь дээр байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бас нэг сонирхолтой судалгаа бол зарим үнэт эдлэл бусдынхаа үнийг тогтооно. Жишээлбэл бриллиант 1000 доллар бол сувд 500 доллар байх ёстой. Харин 10000 доллар бол 5000 байх зарчим үйлчилнэ. Үнэт чулууны дэлгүүр бусад чулуугаа 100000 доллараар зарж байгаа бол сувдны үнэ 30 мянга болж буурна. Энэ зарчим нь бизнесменүүдэд богино хугацаанд, шударгаар наймаалцах, итгэлтэй харилцах хөшүүрэг болдог.

Орчин цагт байгалиас гаралтай сувд маш бага. Ургуулдаг, эсвэл лабораторийн аргаар гаргадаг нь сувдны зах зээлийн ихэнх хувийг эзэлнэ. Байгалийн сувд нь хамгийн ашигтай бизнес. Энэ бизнесийг удаан хугацаанд эрхэлсэн Оросын нэг бизнесмен “Би 2-3 худалдааны сувагтай байсан. Байгалийн сувд хиймэл сувднаас байнга 50 дахин илүү үнэтэй. Гурав дахин богино хугацаанд зарагддаг байсан” хэмээн ярьжээ. Гэхдээ хиймэл сувдаас байгалийн сувдыг зөвхөн рентгенээр ялгах боломжтой. Энэ нь худалдан авагч болон шударга бус наймааг өөгшүүлдэг гэдэг. Олон тохиолдолд хүний санаад оромгүй том сувднууд зарагдсан тохиолдол байдаг. Гэхдээ нэг нь ч жинхэнэ байгаагүй гэдэг.

Энэ бүхэн ч сувдны наймаанд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ энэ нь хүүхнүүд сувданд дургүй гэсэн үг биш. Жишээлбэл Английн хатан хаанд гурван ширхэг сувд байдаг. Түүнээс хоёр нь байгалийнх. Диана гүнж сувданд дуртай байгаад зогсоогүй сувдны рекламанд тоглодог байжээ.

Сувдны нэг онцлог нь химийн бодисоос өөр ямар юманд гэмтэхгүй халуун нар, хүйтэн бороо, далайн шуургыг давж олон зууныг давж ирсэн байдаг. Одоогоор мэдэгдэж байгаагаар 800 настай сувд бий.

Сувдны тухай олон домог байдаг юм байна. Тэдний нэгийг сонирхуулъя. Эртний Энэтхэгт сувдыг могой хаан Ассур мангастай тулалдах үедээ асгасан цус бөгөөд голд унасан нь бадмаараг, харин Ганга мөрөнд асгасан нь элсэнд шингэн анар чулуу болон хувирсан гэх. Ялагдсан хааны уур хилэнгээс болж далайд ойрхон цөлд унасан нь маргад эрдэнэ, харин амь алдсан хааны төлөө уйлсан нулимс нь далайд сувд болон хувирсан гэсэн нэг домог бий. Энэтхэгийн өөр нэгэн домогт бороон дусал хясаан дотор орж тогтсон гэдэг. “Далайн нулимс”, “Борооны дусал”, “Чулуужсан сарны гэрэл”, “Далайн гүнжийн ул мөр” гэх зэргээр хүмүүс сувдны үүсэл гарлын нууцыг тайлахыг оролдсоор ирсэн юм.

Харин өнөө цагт сувдны үүсэл гарлыг хэдийнэ нээсэн бөгөөд нэгэн төрлийн нальхан хорхойн биеэ хамгаалах реакц юм байна. Хясаан дотор далайн давалгаагаар элс болон чулуу үе үе ордог бөгөөд түүнийг тойрон танан давхаргууд үүсдэг байна. Сувдыг бүрдүүлэгч бодисын 90 хувь нь карбонат кальци, таван хувь нь ус, үлдсэн таван хувь нь цементийн үүрэг гүйцэтгэгч конохлин хэмээх органик бодис юм. Сувд нь хясаанаас гадна кокосын самар дотор бүрэлдэн бий болдог бөгөөд үүний нууцыг эрдэмтэд одоо болтол тайлаагүй байгаа юм. Кокосын доторх сувд нь хясааны сувдыг бодвол илүү том байдаг аж. Кокосын сувд нь эмчилгээний чанараараа гайхамшигтай.

Сувдны нунтгийг Азийн орнуудын эмийн санд байнга худалдаалдаг.

Х.БАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч Алексей Селищевт өгсөн ярилцлагыг хүргэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаадын хэвлэлд өгсөн анхны ярилцлага ийм.

-Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртон нягтрах талаар томоохон алхмууд хийж, ялангуяа Азид идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна. Үүнийг та хэрхэн үнэлж, энэ чиглэллд өөр юу юу хийх ёстой гэж харж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд дөнгөж сар гаруйхан хугацаа өнгөрч байна. Улс орныхоо гадаад бодлогын талаар надад бодож төлөвлөсөн олон санаа, төлөвлөгөө байгаа. Газар нутгийн хувьд Монгол Улс Азид байрладаг учраас Азийн бүх улс оронтой дипломат харилцаатай. Нэг онцлог нь манай улс хоёр том гүрэн Орос, Хятадын дунд оршдог.

БНХАУ-тай бид иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Япон, Энэтхэгтэй стратегийн түншлэлийн харилцаатай. БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Газар зүйн байрлалынхаа онцлогийг ашиглаж гадаад харилцаагаа өргөжүүлнэ гэсэн бодолтой байгаа юм.

Манай улсын нэг онцлог бол Европын улсуудтай Оросоор хиллэдэг, Азийн орнуудтай бол Хятадаар хиллэдэг. Нэн тэргүүнд хоёр хөршдөө айлчилна. Эдийн засгийн харилцааг сайжруулах тал дээр бодит алхмууд хийнэ гэсэн бодолтой байгаа. Жишээ нь, гааль, худалдааны тариф дээр нэлээд өөрчлөлт хийх зорилготой байгаа. Манайх бол газрын баялаг ихтэй орон.

Боломжийн хэрээр нэмүү өртөг шингээж технологийн хувьд шинэчлэх, дэлхий сонирхдог хоёр зах зээл рүүгээ экспорт хийнэ гэсэн бодолтой байгаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 35 хоног өнгөрч байна. Тодорхой хугацааны дараа тодорхой зорилтууд ярина. Бодож, төлөвлөсөн зүйл зөндөө байна.

-Хүн бүр л улс орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зовж явдаг. Та Монгол Улсын шинэ 10 жилийн талаар юу төсөөлж байна вэ?

-Аль ч орны Төрийн тэргүүн улс орноо удаан хугацаанд хөгжүүлэх зорилготой байдаг. Энэ удаагийн манай Ерөнхийлөгчийн сонгууль онцлогтой болсон. Өнөөдөр Монголд нүүрлээд байгаа эмх замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдлийг арилгаж өгөөч гэсэн хүсэл эрмэлзлээр намайг сонгосон. Надад Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хоёр том яаманд ажиллаж байсан ажлын туршлага бий. Төлөвлөсөн зүйлүүд байгаа учраас ойрын дөрвөн жилд эдийн засгийн том алхам, хөтөлбөрүүдийн эхлэлийг тавина. Улс орны хөгжлийн гол үндэс болсон эдийн засгийн хүрээнд хийхээр төлөвлөсөн тодорхой зүйл байгаа. Бүрэн эрх өндөрлөх үед үр дүнг ярьж болно.

– Таны бодлоор Монгол орны хувьд эртний ёс уламжлалыг өөрчлөлттэй хэрхэн хослуулах вэ. Энэ тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд таны хувийн чиг хандлага ямар вэ?

– Аль ч улс орон хөгжлийн бодлогоо ард түмнийхээ олон зууны уламжлал, зан заншилд тулгуурлан хэрэгжүүлдэг. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн, миний биеэр ч нүүдэлчний цус гүйж л байгаа. Монголын онцлог бол бид нүүдэлчдийн уламжлал дээр тулгуурласан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Монголчууд бие даан амьдарч, хөгжиж чаддаг, энэ бол манай онцлог юм. Манайд өнөөдөр олон ажлын байрыг гадаадын ажиллах хүч эзэлж, тэд манай орны хөгжилд оролцож байна. Үүнийг бид өөрчилнө.

Өнөөгийнхөөс ялгаатай нь цаашдаа бид байгалийн баялгийнхаа үр шимийг ард түмэнд тэгш хүртээх болно. Сүүлийн 20 жилд байгалийн баялгийн лицензийг хэдхэн хүн авч, ашгийг нь хүртэж байна. Ийм байдлаар улс төр бизнесийн бүлэглэлүүдийн хувийн ашиг орлого нь өссөөр байна. Үр дүнд нь нэг талаас, Монголд ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, нөгөө талаас, улс төрийн бүлэглэлүүд хөрөнгөжиж нөөц баялаг нь өссөөр байна. Энэ бол миний хамгийн гол сэдвийн нэг юм.

Миний хувьд өөр нэг чухал чиглэл бол дэд бүтэц. Энэ салбарыг манай ард түмэн өөрөө бүтээх ёстой. Энэ салбар Орос, Хятад гэсэн хоёр хөрштэйгээ дэд бүтцийн салбарт харилцах гол чиглэл байх ёстой. Далайд гарцгүй манай орны хувьд хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал юм.

-Орос, Монгол ойрын сайн хөршүүд. ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх тухайд та хэр ач холбогдол өгч байгаа вэ?

-Манай хоёр орон олон зууны түүхтэй найрамдалт орнууд, хөршүүд явж ирсэн. Бид түүхийн баялаг зам туулж, бие биеэ дэмжсээр ирсэн. Сүүлийн жишээ гэхэд л Халхын голын тулалдааныг бид мартах ёсгүй. Үүнийг бид байнга дурсч байх ёстой гэж би боддог.

Монгол Улс ОХУ-ын хил орчмын Холбооны субъектуудтай харилцаж, хамтран ажиллах нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт гаргах ёстой. Энэ нь чөлөөт худалдааны бүс байгуулах, Байгаль нууртай холбоотой асуудал, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төсөл зэрэгтэй холбоотой. Манай бүс нутгийн хооронд харилцан ойлголцох явдал дутмаг байгаа нь санал зөрөлдөх явдалд ч хүргэж мэдэх юм.

Бидний харилцаа, ялангуяа зэвсэг техникийн 95 хувь нь орост үйлдвэрлэгдсэн батлан хамгаалах салбарт эрчимтэй хөгжинө гэдэгт найдаж байна.

-Таныхаар бол Орос-Монголын хамтын ажиллагаа аль салбарт илүүтэй чухал гэж бодож байна?

-Өмнө хэлсэнчлэн хамтын ажиллагааны гол салбар бол нэгд, батлан хамгаалах салбар. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад илгээлт явуулсан. Монголчууд Сергей Шойгуг тува гаралтай гэж мэддэг, түүнд маш сайн ханддаг.

Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар. ЗХУ-ын үед манай улс зөвлөлтөд үйлдвэрлэсэн ХАА-н техник маш өргөн хэрэглэдэг байлаа. Өнөөдөр ийм техник цөөрсөн учраас хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага бий. Манай хоёр орон байгаль цаг уурын төстэй нөхцөлд оршдог. Бид бас монгол малын махыг Эрхүү мужид экспортлох талаар ярьж байгаа, харамсалтай нь энэ асуудал ахицтай биш байна.

Хамтын ажиллагааны бас нэг салбар бол дэд бүтэц, тээврийн салбарын хөгжил юм. УБТЗ бол Орос-Монголын хамтарсан хөтөлбөрүүдийг өөрчилсний дараа үлдэж хоцорсон ганц төсөл. Оросын талтай 50, 50 хувийн оролцоотой энэ төслийг өргөжүүлэхэд бид онцгой анхаарах болно.

2016 онд болсон парламент /УИХ/-ын сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн оросын эзэмшлийн 49 хувь зарагдсан. Энэ бол ноцтой асуудал. Ийм явдал УБТЗ дээр бүү гараасай гэж бид харж байгаа. Уул уурхайн хэд хэдэн лиценз эзэмшдэг “Монголросцвет” компани бас байна. Өнөөдөр асар их өртэй байгаа энэ компанийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд бид анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Монгол бол үзэсгэлэнт сайхан байгалиараа давтагдашгүй орон. Оросын жуулчдыг монголд ирэхийг нь нэмэгдүүлэх талаар та юу зөвлөмөөр байна?

-Аялал жуулчлал гэдэг чанартай үйлчилгээ, сайн удирдлага, зохицуулалт шаарддаг өвөрмөц салбар. Ирэх жил бид шинэ нисэх буудал нээнэ. Энэ бол аялал жуулчлалын салбарт, ялангуяа оросын жуулчдыг татахад том түлхэц болно. Оросын жуулчид өнөөдөр Монголд цөөн ирж байгаа. Үндсэндээ Сибирийн бүсээс л цөөн жуулчин автобусаар ирж амарч байна. Москва болон ОХУ-ын Европын хэсгийнхэн бол Турк, Европын орнууд руу л явж байгаа шүү дээ.

Тэгээд бид ОХУ-ын Буриадын аяллын товчоодтой Япон, БНСУ-ын жуулчдыг Буриад, Монгол Улс, Өвөрмонголд, өөрөөр хэлбэл “гурван монгол”-оор аялуулдаг аялал жуулчлалын тойрог бий болгох талаар санал солилцсон. Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орчихвол бид Москва, Санкт-Петербургээс ч жуулчид авах боломжтой. Түүнчлэн бид жуулчдын үйлчилгээний нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллаж байна.

-Та Владивостокт болох Дорнын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байгаа юм байна. Энэ форумын хүрээнд ямар ямар ажил амжуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Энэ бол миний анхны гадаад айлчлал юм. Энэ форумын хүрээнд би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Зүүн хойд Азийн орнуудын Төрийн тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Хөтөлбөрийг Монгол Улсын Гадаад харилцааны яам боловсруулж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Г.Бумцэрэн: Говьсүмбэрт газар нутгийн хувьд ойр, төрийн үйлчилгээ авдаг зарим сумдыг нэгтгэвэл хот болон хөгжих бүрэн боломжтой

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ард нийтийн хэлэлцүүлгийг говийн бүсэд зохион байгуулах УИХ-ын Тамгын газраас томилсон ажлын хэсгийн баг өнөөдөр /2017.08.18/ Говьсүмбэр аймагт ажиллалаа.

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг нар оролцож, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг тусгаагүйгээс маргаан их гардаг. Харин энэ удаа УИХ-ын тогтоол гарч, УИХ-ын Тамгын газраас ажлын хэсгийн баг томилон улс орон даяар ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархалтай байна. Мөн манай аймагт Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан сумдад ажиллаж байна” гэв.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хийж, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой найман, нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн, Засгийн газар, засаг захиргааны нэгж, орон нутгийн өөрчлөлтөөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, Ерөнхийлөгч, шүүх эрх мэдэл, төрийн албан хаагчийн нэмэлт өөрчлөлтөөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Л. Батмөнх нар тус тус мэдээлэл танилцуулгыг хийсэн.

Хэлэлцүүлгийн дараа иргэд санал сэтгэгдлээ хэлж, хуулийн төслийн зарим зүйл заалтыг тодруулж асуув.

Баянтал сумын сумын иргэн Л.Лхагвасүрэн “Иргэнийхээ хувьд Үндсэн хуульд орж байгаа нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дэмжиж байгаа. Үүнээс Засаг захиргааны нэгжийн тухай өөрчлөлтийг дэмжиж байна. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг, аймгийн Засаг дарга нь сумынхаа даргыг, сумын Засаг дарга нь багийн даргаа томилох энэ заалтыг дэмжиж байна. Мөн шүүхийн талаар нэмэлт, өөрчлөлт орж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүгчийг томилохдоо УИХ-аар хэлэлцүүлдэг байх нь зөв. Шүүхийн өмнөх тогтолцоо өөр байсан. Аль эрх барьж байгаа нам, засгийн талд шүүх ажиллаж шийдвэр гаргадаг байдал маш их хүчээ аваад байсан” гэж онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд багийн Засаг даргыг шууд томилох нь мөн нам дагасан томилгоо болно. Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь буруу гэх санал ч хэлж байсан юм. Нөгөө талдаа шүүгчийг УИХ-аар хэлэлцэж батлахыг нэлээд дэмжиж байв.

Харин Шивээговь сумын иргэн Д.Сүхбаатар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт хоёр дахь удаагаа орж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлд Улаанбаатар хотод зохион байгуулсан хэлэлцүүлэгт мөн оролцсон. Аймаг, орон нутгийг хот болгох заалтыг дэмжиж байгаа. Хувь хүний санал гэвэл УИХ-ын гишүүнийг нэг удаа улируулан сонгодог болмоор байна. Дөрвөн жилийн хугацаанд сонгууль хийсээр байтал ажил хийж амжихгүй байна” гэлээ.

Говьсүмбэр аймгийн хувьд гурван сумтай хэдий ч Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Дорноговь аймгийн зарим сумдын иргэд төр захиргааны үйлчилгээг Чойроос авдаг юм байна. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хилийн цэс тогтоох, зарим аймаг, сумдыг нэгтгэх нь зөв гэдэгт цөөнгүй иргэд санал хэлж байлаа.

Энэ талаар Сүмбэр сумын иргэн Т.Бат-Эрдэнэ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нэлээд хугацаанд ярьж байна. Ард түмэн үүнд ач холбогдол өгч байгаа. Хуулийн өөрчлөлт ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас анхаарахгүй байхын аргагүй. Тэр дундаа Үндсэн хуульд бол маш нухацтай хандах ёстой. Манай аймаг 1991 онд Чойр хот болж, 1994 онд Говьсүмбэр аймаг болсон. Дархан, Эрдэнэтийг дагаад хотын статустай болсон юм. Говьсүмбэр бол боржигон түмний цөм болсон аймаг. Тиймээс эргэн тойронд байгаа сумдыг Говьсүмбэрт нэгтгэвэл хүн ам олонтой, хөгжих боломжтой хот болж хөгжих боломжтой.Тэр аймгийн сумдыг шууд тасдаад нийлүүлчихнэ гэдэг бол бас өрөөсгөл ойлголт. Гэхдээ харьяалал, газар нутаг, төр захиргааны үйлчилгээ авч байгаа байдлаар нь хилийн цэсийг бодож үзмээр байна. Дундговийн наад талын сумдын айлуудын хүүхдүүд Говьсүмбэрт сурч, эмнэлэг, төр захиргааны бүх үйлчилгээг газар нутгийн дөт байдлаар нь эндээс авдаг” гэлээ.

Дээрх хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын орон нутаг, төр захиргааны байгууллагын ажилчин албан хаагч, оршин суугчид оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.