Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр хорооллынхон жорлонгоо сайжруулахад оюутнууд тусалжээ

“Нутгийн шийдэл сан”-гийн байранд сайжруулсан жорлонгийн тухай мэдээлэл сонслоо. Жорлонгоо сайжруулах нь гэр бүлийн гишүүдийг халдварт өвчнөөс сэргийлэх, ая тух нэмэгдүүлэхээс гадна, хотын хөрс, ус агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Тус сангаас эко жорлон барих ажлыг санхүүжүүлж, оюутны дөрвөн баг Говь-Алтай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Эрдэнэт хот, Өмнөговьд гэр хороололд амьдарч байгаа иргэдтэй хамтарч сайжруулсан жорлон барьсан юм. “Нутгийн шийдэл сан”-гийнхан асуудлыг шийдэх шинэ гарц, шийдэл санал болгохоос гадна орон нутгийн асуудлыг шийдвэрлэж чаддаг иргэдийг төлөвшүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулдаг байна. Төсөлд амжилттай хамрагдсан оюутнууд сургалтын тэтгэлэг хүртдэг юм.

“Нутгийн шийдэл” гэр бүлийн сан агаад тэргүүн нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, дэд тэргүүн түүний нөхөр Жеффри Фолт юм. Ц.Оюунгэрэл төслөө хэрхэн сайжруулах, яаж хэрэгжүүлэх, орон нутгийнхантай хэрхэн хамтран ажиллах сэдвээр оюутнуудад зөвлөгөө өгдөг. Тэрбээр хамгийн их жорлон ярьдаг гишүүн бас сайд байлаа. Гишүүн байхаа больсон ч үргэлжлүүлэн хийсэн ажлуудынх нь нэг жорлонг сайжруулах сэдэв. Тэр бүр “Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаас зохион байгуулдаг “Өтгөн, бохирын менежмэнт”-ийн олон улсын дөрөвдүгээр хуралд оролцож ирээд, дэлхийн улс орнууд жорлонгоо хэрхэн сайжруулж байгаа, энэ чиглэлд хийгдэж байгаа шинэ технологиудын талаар твиттерт “жиргэж”, хэвлэлд ярилцлага өгч байсан. Тэрбээр жорлонгийн асуудлаар ажилласан туршлагадаа дулдуйдан “Жорлонгоо сайжруулъя” ном бичиж байгаа гэнэ. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжид анхаарал тавьдаг улстөрчид эгнээгээ шинэ гишүүнээр тэлж байгаа бололтой. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч Ц.Эрдэнэ тус дүүрэгт сайжруулсан жорлон барихад зориулж сая төгрөг хандивлаж, дэмжиж тусалсан гэсэн.

Төсөлд хамрагдсан оюутнууд нутгийн иргэд, засаг захиргаатай ойлголцож, сайжруулсан эко жорлонг стандартын дагуу байгуулжээ. Оюутнуудын төслийн танилцуулгыг сонсч байхад иргэд сайжруулсан нүхэн жорлонг илүү сонгож байгаа гэнэ. Энэ нь жорлонгийн нүхийг хөрс бохирдуулахгүйгээр битүү доторлосон, ялгадас дүүрсэн үед соруулдаг, бүхээг нь битүүмжлэл сайтай, агааржуулагчтай жорлон юм. Харин хуурайшуулах жорлонг яршиг түвэг ихтэй хэмээн түвэгшээсэн үү, мэдээлэл бага очсон уу төдийлөн сонирхоогүй байна. Урд хөршид бол хуурайшуулах жорлонгоос гарсан хатаасан “түүхий эд”-ийг ногооны талбайгаа бордоход ашигладаг юм билээ. Хуурайшуулах жорлонгийн зарчим нь ээлжлэн ашиглах хоёр суурьтай, ашиглахгүй өнжөөж байгаа суурин дахь ялгадсыг үртэс эсвэл, тусгай бодис хэрэглэн, агааржуулагч хоолой, нарны тусламжтайгаар хатаах зарчимтай. Зөвхөн стандартад зааснаас гадна иргэд өөрсдөө санаачлан нарны бяцхан хураагуур ашиглан жорлонгоо гэрэлтүүлэх, хүүхдийн болон насанд хүрэгчдийн хоёр тасалгаатай жорлон барих, хөгжлийн бэрхшээлтэй хүн суухад тохиромжтой болгон тохижуулах зэргээр жорлонгийн загварыг өөрсдийнхөөрөө сайжруулсан түүх ч энд яригдав. Говь-Алтайн Есөнбулаг суманд ажилласан О.Хантөр “Төсөл хэрэгжүүлсний дараа 50 айл сайжруулсан жорлонтой болох хүсэлтээ илэрхийлсэн” гэлээ.

Залуус стандартад заасны дагуу ажилласан ч өөр өөр шийдэл ашиглажээ. Баянзүрх дүүрэгт ажилласан О.Саранцэцэг нөхдийн хамт экскаватороор газар ухуулж, жорлонгийн нүхэнд том дугуй бетон кольцо суулган, түүнийгээ ялгадас нэвчихгүй байхаар битүү доторлосон гэж тайлбарлаж байлаа.

Жорлонг нэг загвартай, олноор нь үйлдвэрлэвэл өртөг багасах тухай энд яригдсан. Сайжруулсан жорлонгийн бизнесийн орон зай ч байна даа.

Түүнээс гадна иргэд жорлонгоо сайжруулахаар хөршүүд, гудамж, хороогоороо нөхөрлөл, бүлэгт нэгдвэл орон нутгийн засаг захиргаанаас дэмжлэг үзүүлж, зардал ихээр шаардаж байгаа газар ухах, экскаватороор кольцо суулгах гэх мэт техник шаардсан ажлуудыг нэгдсэн байдлаар зохицуулан, иргэдээс гарах зардал багасах талтай юм билээ.

О.САРАНЦЭЦЭГ: САЙЖРУУЛСАН ЖОРЛОНТОЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙГАА ИРГЭД МЭДЭЭЛЭЛ БАГАТАЙ БАЙНА

Баянзүрх дүүрэгт ажилласан О.Саранцэцэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан. Түүнтэй ярилцлаа.


-Өмнө нь жорлонгийн төсөл дээр ажилласан гэсэн үү?

-Энэ жил хоёр дахь удаагаа ажиллаж байна. Өнгөрсөн жил Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажилласан. Өнгөрсөн жил айл өрхүүдэд мэдээлэл түгээсэн. Энэ жилийнх байгууламж барих илүү том төсөл байлаа.

-Жорлонгийн талаар маш их мэдээлэлтэй болсон байх?

-Олон жорлон судалсан. Нүхний хувьд ч олон янз байдаг. Тоосгоор, эсвэл битүү цементлэх, бетон ашиглаж болно. Эрэл хайгуул хийсний дүнд эцэст нь бетон ашигласан. Нүхээ яаж шийдэх вэ гэдэгт их цаг зарцуулсан.

-Жорлонгийн талаар зөвлөх мэдээлэлтэй туршлагатай хүн хэр олон байв?

-Цөөхөн байдаг. Сайжруулсан жорлонтой болохыг хүсч байгаа айлууд энэ талаар мэдээлэл багатай. Ямар загвартай жорлон барих, хамгийн хэцүү нь бие засах нүх тагтай байна гэдгийг ойлгуулах хэцүү байсан.

-Тагтай байх нь хүүхэд унах эрсдэлээс сэргийлсэн үү?

-Ялаа оруулахгүй, өмхий үнэр үүсэхээс сэргийлж байгаа юм.

-Гэр хорооллынхонд жорлонгоо өөрчлөх хүсэл хэр байна вэ?

-Хүсэл байна зүтгэл бага байна. Ялангуяа хотын иргэдийн хувьд.

-Фэйсбүүкт сайжруулсан жорлонгийн зураг хараад зарим хүн “Орост ийм жорлон байна” гээд модоор “зодож” хийсэн гоё жорлонгийн зураг тавьсан байна лээ. Үнэндээ жорлон гэр хорооллын иргэдийн төлбөрийн чадвартай уялдах ёстой. Иргэд жорлондоо хэдэн төгрөг гаргах чадах юм шиг байна?

-Тухайн айлаас шалтгаална. Зарим айл 300-400 мянган төгрөг гаргана гэж байхад зарим нь “Их мөнгө гаргаж чадахгүй. Жорлон тав, зургаан жил болоод дүүрэх юм чинь хэмнэж л байвал юугаар ч барьсан яадаг юм” гэх жишээтэй. Айл айлын амьжиргааны түвшнээс хамаараад янз бүр байдаг юм билээ.

-Та бүхний санал болгосон сайжруулсан жорлон ямар өртөгтэй боссон бэ?

-Нүх нь өндөр өртөгтэй учраас зардал жаахан өндөр гарсан. Нэг жорлон 500-600 мянган төгрөгт босч байсан. Нийт зардлын 50-70 хувийг нь манайхаас гаргана. Үлдсэн мөнгө нь та бүхнээс гарна гэж хүмүүст тайлбарласан. Гэхдээ дунджаар 150 000 төгрөг та нараас гарах байх гэчихсэн чинь нэмэлт зардал гарахаар бид нэмж гаргах шаардлагатай болсон л доо. Ер нь жорлон өндөр өртөгтэй босохоор байна. Уг нь манай багийнхан жорлонгийн бүхээгээ хямд материалаар хийсэн л дээ.

-Жорлонг соруулахаар шийдсэн юм билээ. Ямар хугацааны дараа дүүрэх вэ?

-Таван ам бүлтэй айл таваас зургаан жилийн дараа соруулна. Жорлонг битүү доторлосон учраас түүнээс арай богино хугацаанд ч соруулж болно. Сорох үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, компаниуд байдаг юм билээ. Өтгөн, шингэний хэмжээнээс хамаараад 60-80 мянгаар сордог юм байна.

-Танай төслийн хувьд нүх ухах зардал, кольцо гэж яриад байгаа бетон суулгахад зардал их гарчээ. Олон айл ийм хэлбэрээр жорлонгийн асуудлаа шийдэх бол дүүрэг, хорооны удирдлагуудтай хамтарч шийдвэл жорлонгийн өртөг багасгах боломжтой юу?

-Боломж байдаг юм билээ. Машин техник өндөр зардлаар ажилладаг. Тийм болохоор олон айлууд хамрагдвал зардал хямдруулж болох юм билээ.

-Суултууртай жорлонг өвөл ашиглаж болох уу, суухад хэр эвтэйхэн юм бол доо?

-Өвөл ашиглаж болдог юм билээ. Өвөлдөө зөөлөн, хөөсөн материал суултуур дээр нь тавьчихдаг юм байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ: САЙЖРУУЛСАН ЖОРЛОНТОЙ АЙЛУУД МААНЬ ЦЭВЭРХЭН, ҮНЭРГҮЙ, ЖИШИГ ЖОРЛОНТОЙ БОЛЖ ЧАДСАН

Говь-Алтайд ажилласан О.Хантөр МУИС-ийн Санхүүгийн удирдлагын дөрөвдүгээр курст сурдаг.

Энэ төслийн тухай анх яаж сонссон бэ, хамтрагчдаа хэрхэн сонгов?

-“Нутгийн шийдэл сан” оюутнуудад тэтгэлэг өгдөг гээд Хөвсгөлд байдаг найзаасаа сонсч байсан. Нэг удаа фэйсбүүкт тэтгэлэг зарлагдлаа гэсэн мэдээлэл гарч ирсэн юм. Би Говь-Алтайд байсан. Төсөл бичих ёстой болсон. Төслөө хамт бичих шаардлагатай. Тэгээд ийм төсөл дээр хамтарч ажиллах чадвартай найзуудаа бодож байгаад Б.Номин-Эрдэнэд хэлээд, нэг баг болж оролцсон. Эхэндээ анх орон нутагт асуудал шийдье гэхээсээ тэтгэлэгийг нь илүү сонирхож төсөлд оролцсон л доо.

-Танай төслийн хувьд орон нутгийн засаг захиргааныхантай сайн хамтарч ажиллажээ. Оюутан хүүхдүүд жорлон бариулна гэхээр эхэндээ хүмүүс тоохгүй, яаж ойлгуулав?

– Бидний сайных биш Есөнбулаг сумынхны хандлага сайн байсан учраас биднийг сайн хүлээж авсан гэж бодож байна. Бас нутгаа хөгжүүлэх, орчноо сайжруулах гэсэн сэтгэлтэй хүмүүс олон юм билээ.

– Говь-Алтайнхан жорлонгоо сайжруулах сонирхолтой байжээ?

-Манай Говь- Алтайнхан жорлон, ариун цэврийн байгууламжаа сайжруулах талаар асар их идэвхитэй, хүсэл сонирхолтой ажилласан.

-Загвар сайтай жорлонгууд харагдаж байсан шүү?

-Бид төсөлд хамрагдсан айлуудынхаа дунд уралдаан зарласан. Төслөө үр дүнтэй хэрэгжүүлэх, жорлонг илүү боловсронгуй болгож хөгжүүлэхийг хүссэн.

-Танайх жорлонгуудаа гялгар уутаар доторлосон байлуу?

-Ихэнхийг нь бетондсон, гялгар уутаар доторлосон гэв.

Түүнтэй хамтарч ажилласан Б.Номин-Эрдэнэ Мандах бүртгэл дээд сургуулийн нягтлан бодох аудитийн ангийн оюутан. Харин Ж. Оюунтунгалаг Их засаг дээд сургуулийн хууль эрх зүйн ангийн оюутан юм байна.

-Жорлонгийн загвар сонголтыг яаж хийсэн бэ, иргэдтэй зөвлөсөн үү?

-Б.Номин-Эрдэнэ: -Иргэдийн саналыг авахаас гадна MNS 5924:2015 гээд ерөнхий стандартыг мөрдүүлсэн. Материал сонгоход иргэд өөрсдөө ийм юм гаргая гээд санал болгосон. Жорлонгийн бүхээг нь гэхэд л салхи,бороо орохгүй л бол төмөр, ч байж болно мод ч байж болох учраас иргэдтэй сайн ярилцаж шийдсэн.

-Танай төслийн хамгийн хямд болон үнэтэй жорлон хэдэд босов. Хотын төслийг бодвол арай хямд өртөгтэй сонсогдсон?

-210-250 мянгад стандартын дундаж жорлон босно. Харин хийц чанарыг нь сайжруулаад бүхээгийг нь томруулаад, хоёр хүнийх болгосон айлын жорлон 450 мянган төгрөгт боссон.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан суултууртай жорлон байл уу?

-Тийм. Хүү нь аавдаа барьж өгсөн болохоор сэтгэл гаргаад, өндөр настай хүнд зориулж ханандаа бариултай, суултууртай жорлон хийсэн. Нөгөө талдаа гэр бүлийн бусад гишүүд орохоор тооцоолж, хоёр бүхээгтэй жорлон барьсан юм.

-Өмнө нь та нар бас сайжруулсан жорлон байгуулсан юм билээ, тэр жорлонгууд хэр ашиглагдаж байна?

-Хөршүүд, нэг гудамжинд амьдардаг хүмүүс нь “Яаж барьсан бэ” гээд сонирхдог юм билээ. Сайжруулсан жорлонтой айлууд маань цэвэрхэн, үнэргүй жишиг жорлонтой болж чадсан.

-Агааржуулалтын системтэй учраас үнэргүй байна уу?

-Агааржуулалтын системтэй, жорлонгийн нүх нь таглаатай учраас үнэр нэвчиж гарч ирэхгүй.

-Жорлонгоо соруулахын тулд хаана хандах вэ?

-Говь-Алтайд бол Хот тохижилт үйлчилгээний газраас машин гараад 25-30 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Энэ үйлчилгээг хүмүүс тэр болгон мэддэггүй. Бид 2-3 метрийн гүнд ухсан учраас ойрын таван жил дүүрэхгүй. Агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлонг иргэд ихэвчлэн сонгосон гэлээ.

Ц.ОЮУНЧИМЭГ: АЖЛАА ЭХЛЭХИЙН ӨМНӨ ОЮУТНУУДДАА СУРГАЛТ ХИЙДЭГ

“Нутгийн шийдэл сан”-гийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Оюунчимэг ярихдаа: “Нутгийн шийдэл сан” Олон улсын андуудын Монголын тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу найман жилд дөчөөд төсөл хэрэгжүүлсэн байна. Эхний хоёр гурван жил оюутнууд орон нутгийн нийгмийн асуудлыг шийдэх төслөө өөрсдөө санаачилж бичээд, манай шалгаруулалтад оролцож, шалгарсан багууд төслөө хэрэгжүүлэх эрх авч, сургалтын тэтгэлэг авдаг байсан. Энэ зарчим алдагдаагүй. Гурав дахь жилээсээ эхлээд сэдэвчилсэн төсөл рүү орсон. Хог хаягдлын чиглэлээр гурван жил ажиллаад, сүүлийн хэдэн жил “Эко жорлон”-гоор дагнаж байна. Эхний жил оюутны таван баг, таван өөр газар эко жорлон барьж үзсэн. Өнгөрсөн жил таван баг өөр өөр байршилд, эко жорлонгийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах мэдээлэл сурталчилгааны төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Говь-Алтайн баг мэдээлэл сурталчилгааныхаа ажлын зэрэгцээ 15 жорлон айлуудаар бариулчихаад ирсэн. Тэр туршлагыг энэ жил багууддаа үргэлжлүүлж хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилийн төсөлд хамрагдсан хүүхдүүдээ энэ жил дахин хамруулсан. Гэхдээ сургуулиа төгссөн хүүхдүүд нь хасагдсан. Сургуулиа төгсөөгүй хүүхдүүд нь цуглахаар дөрвөн баг, дөрвөн өөр байршилд эко жорлон барих даалгавар өгсөн. Эко жорлон барих зардлын санхүүжилтийг өгсөн. Өнгөрсөн жил мэдээлэл сурталчилгаанд 600 доллар зарцуулж байсан бол энэ жил эко жорлон барих ажилд нь 1500 доллар өгсөн байгаа гэв.

Монгол Улсын дөрвөн төрлийн жорлонгийн стандарт батлагдсан. Стандартыг баталсан мэргэжлийн байгууллагаас хүн авчирч байгаад оюутнууддаа төсөл эхлэхийн өмнө хоёр өдрийн сургалт хийдэг. Бид өөрсдөө ч олон нийттэй, засаг захиргаатай яаж харилцах талаар хичээл заадаг. Мэргэжлийн байгууллага Wash action Mongolia (www.washaction.mn) гэж төрийн бус байгууллага байгаа. Тэд олон эко жорлон барьсан туршлагаа ярьж өгдөг. Оюутнууд газар дээрээ очоод асуудлаа бие дааж шийддэг” гэв.

“Нутгийн шийдэл сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Номинзул төсөл хэрэгжсэний дараа гүйцэтгэлтэй нь танилцжээ.

Тэрбээр ярихдаа “Говь-Алтайд өнгөрсөн жилийн төслүүдтэй танилцсан.

Настай, хөгжлийн бэрхшээлтэй аавдаа зориулаад, хүү нь орон нутагт бараг анх удаа суултууртай жорлон барьж өгсөнтэй танилцсан. Аав нь ярьж байна лээ. “Өвчиндөө шаналаад хэцүү байдаг. Өвдөхөөс гадна сууж тав тухтай бие засч чадахгүй. Тэр асуудалдаа шаналдаг байлаа. Жорлонтой болсоноос хойш ааш зан засраад, манай гэрийн уур амьсгал ч сайхан болсон” гэж ярьсан. Оюутнуудын хийж байгаа ажил үр дүнтэй нь харагдлаа. Жорлон гэдэг тэр бүр сөхөж яриад байдаггүй, хаалттай сэдэв юм байна. Орон нутагт өөрчлөлт гарч байна. Нэг засварчин “Манайд хүмүүс орж ирээд машин ярихгүй жорлон ярьсаар байгаад гарч байна” гэсэн. Машины зөвлөгөөнөөс гадна жорлонгийн зөвлөгөө өгдөг болсон гэж тэр хүн хэлсэн юм гэж хуучиллаа.

Д.УЛАМБАЯР: ЭКО ЖОРЛОНГ УРАМШУУЛБАЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МААНЬ Ч ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖ БИЙ БОЛНО

Сайжруулсан жорлонгийн тухай яриа хөөрөөг засаг захиргааныхан шимтэн сонсч байсан нь анхаарал татсан юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын эдийн засаг хариуцсан орлогч Д.Уламбаяр ярихдаа:

-Баянзүрх дүүргийн хувьд гэр хороолол 70 орчим хувийг нь эзэлдэг. Дунджаар 68 мянган өрх нүхэн жорлон ашиглаж байна. Хөрс, агаарын бохирдол эмзэг сэдэв. Иргэд өөрийн санаачилгаар жорлонгийн шийдэл ярьдаг. Бид төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй байгаа. Байгаль орчны сайд, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Дарь- Эхийн Сэлбийн хэсэгт бас энэ эко жорлонгийн төсөл хэрэгжүүлж байгаа. Гэр хорооллын жорлонг эко болгох, соруулдаг болгох, шинэ технологи нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллана. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажлууд байгаа гэв.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хорооллын жорлонг сайжруулах боломж байгаа юу. Иргэд жорлондоо мөнгө гаргах сонирхол хэр байдаг вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэд хороон дээрээ юу хийхээ шийддэг. Санал аваад эхний эрэмбэлэгдсэн ажлуудыг хэрэгжүүлдэг учраас тохижилт хийе, цэцэрлэг барья, хашаа, гудамжаа сайжруулья гэсэн санал ирэхээс биш одоохондоо жорлонгоо сайжруулья гэсэн санал ирээгүй л байна.

-Эко жорлонгийн бизнесийг урамшуулж, татварын хөнгөлөлт эдлүүлбэл энэ төрлийн бизнеийг олон хүн сонирхож магадгүй?

-Одоо утааны эсрэг ажиллаж, шөнийн тарифыг хөнгөлсөн байгаа. Түүн шиг төр засгийн зүгээс эко жорлонг урамшуулдаг бол бизнес эрхлэгчид маань ч хөнгөлөлттэй үнээр зарж борлуулах боломж бий болно. Иргэдэд ч ашигтай. Утааны эсрэг шинэ техник технологийн үзэсгэлэн сая дөрөв хоног гарлаа. Иргэд шинэ зуух түлш, халаагуур судлаад явж байна. Ийм хэлбэрээр төр засгийн шийдвэр чиглээд явчихвал дор нь хэрэгжүүлэх боломж байгаа гэв.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Э.Батсайхан мөн сайжруулсан жорлонгийн шийдэл сонсохоор энд ирсэн байлаа.

-Иргэдийн зүгээс жорлонгоо сайжруулах эрмэлзэл хэр мэдрэгддэг вэ?

-Ер нь асар их мэдрэгддэг. Энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл хомс байдаг. Үлгэрлэх жишээ болох юм хэрэгтэй байна. Манай Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтөд ойрын хэдэн жилд орохооргүй хороод нэлээд хэд байгаа. Ялангуяа цэвэр усны ундарга дээр байдаг хороодод ийм төсөл маш яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Олон айл нэгдээд сайжруулсан жорлонтой болохыг хүсвэл нүх ухах, техникийн туслалцаа үзүүлэх боломж байгаа юу?

– Техник туслалцаа, хүн хүчний тал дээр туслалцаа үзүүлбэл үлдсэнийг нь хүмүүс хийгээд явчих юм байна гэж бодогдож байна гэв.

“Нутгийн шийдэл сан”-гийн хэрэгжүүлдэг оюутнуудад тэтгэлэг олгох төслийг найман жилийн турш санхүүжүүлсэн Жонаттан Войцел оюутнуудад хандан ингэж хэллээ. “Энд ирээд оюутанууд ямар төсөл хэрэгжүүлж, орон нутагт ямар өөрчлөлт хийж байгааг сонсох болгондоо урам авдаг. Орон нутагт шийдвэр гаргаж чаддаг иргэд бий болж байна. Багаар ажиллаж, хүмүүстэй харилцах замаар орон нутагт асуудал шийдэж чаддаг залуусыг бий болгохыг хүссэн юм. Орон нутагт нөлөө бүхий өөрчлөлтийг та бүхэн хийж байна. Бизнесмэн хүний хувьд та бүхэн ур чадвар сууж, орон нутагт үр ашиг бий болж байна гэдэг бол хөрөнгө оруулалтын эргэн төлөлт юм. Та нарын өмнө 80 жилийн ирээдүй байна. Өнөөдрийн олж авсан ур чадвар туршлага, мэдлэг та бүхэнд цаашдаа илүү том шийдвэр гаргахад тусална. Эмч, хуульч, жүжигчин, бизнесмэн, нягтлан бодогч барилгын ажлын талаар ойлголттой болно гэдэг гайхамшигтай. Та бүхэн энэ зуныг мартахгүй байх гэж найдаж байна” гэсэн юм.




Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ

Image result for Орон нутгийн замдОрон нутгийн замд өнгөрсөн амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Дундговь аймгийн хулд сумын нутаг Зайт гэх газрын шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдо, жолооч 36 настай Б-н амь нас хохирсон хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байгаа гэнэ. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Ногоон нуурын гудамж “Формула” угаалгын зүүн хойд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 57 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон гэв.

Categories
мэдээ нийгэм

76 согтуу жолоочийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ

Image result for согтуу жолоочЗамын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 535 дуудлага, мэдээ мэдээлэл энэ сарын 19, 20-нд хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 374 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 19 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна. Нийт гэмтэж бэртсэн хүний дөрөв нь 0-10 насны хүүхэд аж. Харин гурав нь явган зорчигч, нэг нь зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн гэв.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 76 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгдсэн гэнэ. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, онхолдох хэлбэрээр нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол тус тус бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа гэж мэдээлэв.

Б.УРАН

Categories
гадаад мэдээ

Эмэгтэй хүн зодсон дэд сайдыг огцруулав

Image result for Мдудузи Манан

ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума Дээд боловсролын асуудал хариуцсан дэд сайд Мдудузи Мананыг ажлаас нь чөлөөсөн байна. Тэрээр энэ сарын эхээр Йоханнесбург хотын нэгэн зоогийн газарт эмэгтэй хүн зодож танхайрсан юм. Дэд сайдын энэ үйлдлийг харуулсан бичлэгийн олон нийтийн сүлжээнд тавьсан нь нэлээд шуугиан тарьсан билээ.

33 настай дэд сайд хийсэн үйлдлийнхээ төлөө хүлцэл өчсөн юм.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт АН-ын бүлгийн төлөөлөгчид нэгджээ

ЗурагНИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсанаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл уг бичигт НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж, “60 тэрбумын” гэх асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэлээ.

Тус бүлгийн дарга Ц.Баатархүү “Сүүлийн 1 жилийн хугацаанд НИТХ болон НИТХ-ын даргатай холбоотой “60 тэрбум” төгрөгийн хөрөнгө босгосон гэх мэдээлэл тарсан. 2016 оны 7 дугаар сарын 6-ны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан. Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв энэ нь үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан. Гэтэл саяхнаас төрийн албыг наймаалцаж “60 тэрбум” төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын ЕНБД тэргүүтэй олон гишүүн нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. “60 тэрбумын” гэх төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн энэ схем нь үнэн болохыг эрх баригчид баталлаа. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын төрийн ой санамжийг тасалдуулж байгаа, төрийн албыг мэргэшсэн болгох бодлогын эсрэг ажиллаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ мэдэгдэж байна“ гэв.

НИТХ-ын хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг дэгийн дагуу энэ сарын 31-нд хуралдах аж. НИТХ-ын нийт 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудалд гарын үсэг зурсан тул 31-нд болох хуралдаанаар хэлэлцэгдэх нь тодорхой болжээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт НИТХ-аар орж баталгаажсан нийслэлийн бүтээн байгуулалтууд одоог хүртэл эхлээгүй байна гээд улс төржилтөөс болж бүтээн байгуулалт хойшлох учиргүй тул яаралтай эхлүүлэх шаардлагыг хүргүүлнэ гэлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 16 сургууль, цэцэрлэгийн ажил энэ намар эхлэх ёстой ч 7 нь огт эхлээгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Аадар бороо аймгуудад хохирол учрууллаа

2017 оны 08 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, салхи шуурганы үеэр Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт багагүй хохирол учраад байна.

Тухайлбал, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 гаруй мал хорогдсон, мөн аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Олон” гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас малчин Ү-гийн 14 бог мал мөндөрт даруулан хорогдсон байна.

2017 оны 08 дугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Моностой багийн “Жавхлант Уул” гэдэг газар усархаг бороо орсны улмаас үер бууж 10 метр засмал зам үерт автсан . Тус аймгийн “Сэлэнгэ” АЗЗА ХХК-ийн ажилчид ажиллаж, Сүхбаатар-Дархан чиглэлийн автозамын хажуугийн хөвөө шороо урссан, автозам сэтэрснийг засварлаж байна.

2017 оны 08 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт түр зуурын мөндөр орж хүчтэй хуй салхи салхилсны улмаас 13-38 насны 2 иргэн хөнгөн бэртэл авсан. 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн, 13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан. Мөн 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, 7 тулгуур багана унасныг засварлахаар Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилчид ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/87 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хор уршгийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн сая төгрөгийн 11 азтан тодорлоо

Image result for НӨАТ азтанЭнэ сарын НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр явагдаж, нийт 12665 иргэн азтан болжээ. Тодруулбал,

3 орон таарч 20 мянган төгрөгийн азтан 11371,
4 орон таарч 100 мянган төгрөгийн азтан 1187,
5 орон таарч 500,000 төгрөгийн азтан 96,
6 орон таарч 4 сая төгрөгийн азтан 11 тодорлоо.

Categories
гадаад мэдээ

А.Шварценеггер мэдэгдэл хийлээ

Холливудын нэрт жүжигчин, Калифорни мужийн захирагч асан А.Шварценеггер мэдэгдэл хийлээ. Тэрээр Ерөнхийлөгч Д.Трамт хандан Шарлоттсвилл хотод цуглаан зохион байгуулсан хэт барууны үзлийг баримтлагчдыг шийтгэхийг уриалжээ.

Виржини мужийн Шарлоттсвилл хотод болсон эсэргүүцлийн цуглааны үер мөргөлдөөн гарч нэг эмэгтэй нас барж, долоон хүн гэмтэж бэртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын цахим картны захиалга эхэллээ

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 10 хоногийн хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан оюутнуудын нийтийн тээврээр цахим картын талаар Улаанбаатар смарт карт компани болон нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Боловсролын газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

    ОЮУТНУУДЫН ЦАХИМ КАРТ АВАХ ХҮСЭЛТИЙГ ӨНӨӨДРӨӨС АВНА

  1. Энэ хичээлийн жилд нэгдүгээр курст шинээр элсч буй оюутнуудад цахим төлбөрийн картыг гурван үе шаттай олгох аж.
  2. Энэ сарын 21-25-ны хооронд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах хүсэлтээ өгнө.
  3. Нийслэлийн боловсролын газрын холбогдох мэргэжилтэн энэ сарын 28-30-ны хооронд цахим картыг идэвхжүүлж, их дээд сургуулиуд руу буцаана.

Харин их, дээд сургуулиуд оюутнууддаа есдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд тараана.

Өнгөрсөн жилүүдэд цахим төлбөрийн карт ашиглаж байсан II, III, IV курсын оюутнуудын картыг сунгана. Энэ оюутнууд мөн дээрх хугацаанд өөрийн сургуульдаа хүсэлтээ гаргаж, сунгасан картаа авах боломжтой.

Харин цахим төлбөрийн картаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн оюутнуудад дахин олгоно. Цахим картыг шинээр дахин авах оюутнууд 9 дүгээр сарын 1-8-ны хооронд өөрийн сургуульдаа хүсэлтээ гаргана. Их дээд сургуулийн ирүүлсэн хүсэлтийг нийслэлийн Боловсролын газар 9 дүгээр сарын 15-21-ний хооронд нэгтгэж, шалгаад шаардлага хангасан оюутнуудад төлбөрийн картыг олгох юм байна. Оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн картыг дахин олгох ажил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд давхар явагдах аж.

МСҮТ-ИЙН ОЮУТНУУД НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАРТ ХАНДААРАЙ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 2017-2018 оны хичээлийн жилд 32 МСҮТ, коллежийн 13 000 гаруй оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгоно. Ингэхдээ их дээд сургуулийн оюутнуудтай адил гурван үе шаттай явагдах аж. МСҮТ, коллежид шинээр элсч буй оюутнууд СТӨ-ний V давхарт байрлах нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаж, хүсэлтээ гарган, картаа авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс 3-5 насны хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

Өнөөдрөөс эхлэн 3-5 насны хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийж эхэллээ. Тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ уламжлалт аргаар энэ сарын 24-ний өдрийг бүртгүүлнэ. Тухайн цэцэрлэг нь шинээр 3-5 насны хүүхэд авах бол дээрх хугацаанд л очиж бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулж байгаа ажээ.

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар 20.662 хүүхэд буюу 53 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-наас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, тусалж байна. Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр 8 дугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой юм.