Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөл хуралдлаа

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛААЗам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагаатай холбоотой, чухал арга хэмжээ, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд санал авах, шаардлагатай тушаал шийдвэр гаргах үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Тус хурлаар Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын үзлэг шалгалтын бэлтгэл ажлын талаар болон ТВС-2МС агаарын хөлгийг “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт угсрах, үйлдвэрлэх зардлын талаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт шинээр угсрагдаж байгаа ТВС-2МС агаарын хөлөгт тавих хөдөлгүүр, эд анги, шаардлагатай сэлбэг хэрэгслийг санхүүжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг “МИАТ” ТӨХК /Т.Тамир/-д даалгажээ. Мөн ТВС-2МС агаарын хөлгийг үйлдвэрлэх технологи, норм стандартад заасны дагуу их засвар, угсралтын ажлыг гүйцэтгэж шалгалтын нислэгт бэлэн болгож, инженер, техникийн ажилтан, нисгэх бүрэлдэхүүн боловсон хүчнийг бэлтгэхийг тус тус үүрэг болголоо.

Тус агаарын хөлгийг хөдөө аж ахуй, онцгой байдал, эмнэлгийн хэрэгцээнд угсран, үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай байгааг сайдын зөвлөл онцлоод, зөвхөн энэхүү агаарын хөлгөөр хязгаарлалгүй, жижиг оврын, хувийн хөлгүүдийг үйлчилгээнд нэвтрүүлж, засвар үйлчилгээний баазаа сайжруулахаас гадна аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой гэдэгт санал нэгдэв. Мөн тус агаарын хөлгийг Монголдоо угсарч, үйл ажиллагаанд нэвтрүүлснээр нийгэм, эдийн засагт өгөх үр өгөөжийн талаар тооцоо судалгааг нарийн хийж, Засгийн газарт танилцуулах нь зүйтэй гэдгийг салбарын сайд Д.Ганбат онцоллоо.

Мөн хэлэлцэх асуудлын хүрээнд олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас хийгдэх үзлэг шалгалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгдсөн ажлыг бүрэн биелүүлж ажиллахыг ИНЕГ-ын удирдлагуудад үүрэг болгов.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эхний хагас жилийн байдлаар холдбогдох албан тушаалтнууд танилцууллаа. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж, хариу өгч ажиллахыг сайдын зөвлөлөөс даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

​Эх орондоо өндөр цалинтай ажил хийх боломжтой гэв

Мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх үнэ төлбөргүй сургалтанд суусан залуус БНСУ-д сурсан мэргэжлээрээ ажиллахаар явж байгаа тухай Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, MKIT Educational Center мэдээллийн технологийн төвийнхөн хамтран мэдээлэл хийлээ.

2017 оны гуравдугаар сараас эхлэн мэргэжлийн анги болох жава, вэб хөгжүүлэгч, вэб дизайны ангид нийт 79 хүн хамрагдсанаас гурван сарын хугацаанд 32 хүн амжилттай төгсчээ. Амжилттай төгссөн залуусаас эхний дөрөв нь маргааш БНСУ-руу нисэх гэж байна. Тодруулбал, програмчлалын ангийн төгсөгч Л.Бадрал, Г.Бат нар “ХҮИЗ” Холдинг компанид, Д.Сайнзаяа, Н.Нямбаяр нар “МИКА” ХК-д мэдээллийн технологийн чиглэлээр дадлагжигчаар гурван сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэн ажиллахаар болжээ. Мөн есдүгээр сарын 7,8-ны өдөр БНСУ-аас таван компаний төлөөлөгч ирэх учраас 10-15 залуучуудыг сонгон шалгаруулах юм байна.

Мөн гадаадад очиж хөдөлмөр эрхлэх биш эх орондоо хөдөлмөр эрхлэх бололцоог бүрдүүлэхийн тулд MKIT сургалтын төвд Нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас залуучуудыг сурган, өрсөлдөх чадварыг нь сайжруулж, эх орондоо өндөр цалинтай ажил хийх боломжтой болжээ.

С.НАРАНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

Б.Баярсайханыг ажлаас нь үндэслэлгүй халсан гэж үзжээ

Image result for Б.Баярсайханыг ажлаас нь үндэслэлгүй халсан гэж үзжээ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг өнгөрсөн сард албан ажлаас нь чөлөөлсөн билээ. Засгийн газрын хуралдаанаар Б.Баярсайханыг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр уг шийдвэрийг гаргасан байдаг.

Үүнтэй холбогдуулан Б.Баярсайхан Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм. Шүүх хурал өмнө нь нэг удаа хойшилж, өнөөдрөөр товлогдоод байсан юм. Өнөөдрийн шүүх хуралдаанаас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үндэслэлгүй халсан гэх шийдвэрийг гаргаж, албан тушаалд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаас сэргийлээрэй

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварлагддаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. Иймээс болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулж байна.

ЭМЯ

Categories
мэдээ соёл-урлаг

Японы үндэсний урлагийн тоглолт боллоо

Монгол улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд урлаг, соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа Японы өнцөг булан бүрээс ирсэн ардын авъяастнуудын нэгдсэн тоглолт амжилттай болж өнгөрлөө.

Тоглолтод Япон Улсын 19 мужийн 140 орчим уран бүтээлчид оролцсон бөгөөд зохион байгуулагчид, уран бүтээлчдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил баяр хүргэж, мэндчилгээ хүргүүллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа. Өрхийн үйлдвэрлэл байгуулах, ийм хөтөлбөр хэрэгжихийг хүлээсэн иргэд олон байна. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо бүрэн байна. Өрх чадамжтай, иргэн баян байвал улс орон хөгжиж байдаг. Монгол Ардын нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “21:100” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн бодлогыг хандуулж, 2018 оны төсөвтэй уялдуулж өгнө үү гэсэн саналыг Ерөнхий сайд танд гардуулж байна” гэлээ.

“21:100” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийг орон нутагтаа бий болгох чиглэлээр Засгийн газар тодорхой бодлогын арга хэмжээ авч ажиллаж байгаа. Бидний төлөвлөгөөнд таны санал чухал гэдэгт итгэлтэй байна. Энэ хүрээнд ажлын байр нэмэгдэж, иргэдээ ажил, орлоготой болгох боломжтой болно. Засгийн газар жижиг, дунд болон өрхийн үйлдвэрийг хөгжүүлэхэд гол бодлогоо чиглүүлж үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаа. Бодлого боловсруулж ажил хэрэг болгоход УИХ-ын гишүүдийн санал чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны дөрөвдүгээр сарын 12-28-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэр, Туул голын ай сав газарт үйл ажиллагаагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхардсан 63 аж ахуйн нэгж илэрснээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш гурван жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж тогтоогдсон байна.

Газрын хэвлий ашиглах зөвшөөрлөө авсан боловч үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй байгаа нь лицензийн наймаа, болон бусад хууль бус үйл ажиллагааг үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Батболд эдгээр ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь мөн дуусгавар болгожээ. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран мэдээллээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар 37.1.3-т тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол нутгийн захиргааны байгууллага болон тухайн аймаг Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн газар цуцлах дүгнэлт гаргаж Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг.

Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 20 хүрэхгүй аж ахуйн нэгж байна. Хайрга, дайрга, элс тоосгоны шаврын нийлүүлэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 51, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 78 нийт 129 тусгай зөвшөөрөлтэй компани ажиллаж Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түүхий эдийг нийлүүлэх боломжтой гэнэ. Төрийн болон Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хотын дарга цаашид хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлж, “Улаанбаатарын хотын байгаль орчинд санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан, учруулахаар завдсан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцон ажиллах болно” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны картын захиалгыг авч эхэллээ

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн оюутны хөнгөлөлттэй зорчих цахим картыг хэрхэн олгох, сунгах талаар нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л. Буюнтогтох, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нар өнөөдөр мэдээллээ. 2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг шинээр олгох юм.

Тиймээс 2017 оны наймдугаар сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөнө. Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ. Тус газарт 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэх аж. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна. Харин өнгөрөгч онд ашиглаж байсан цахим төлбөрийн картыг дахин авах, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол ирэх сарын 1-8 хооронд оюутнууд сургуульдаа хандаж мэдүүлгээ бөглөөд авах боломжтой. Дахин олгох үйл ажиллагаа “Дүнжингарав” худлалдааны төвд явагдана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа

Нийслэлийн засаг дарга С.Батболд 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар албаны хүмүүсийн хамт 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа. Тус сургууль нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах орчинг бүрдүүлж, үүдний шат, довжоо, 00 өрөөг тохижуулах засвар хийж байна. Энэ үеэр 16 дугаар сургуулийн захирал Ц.Пүрэвжаргал хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар сургуулийн засварын ажил 80 хувьтай байна.

Бид дээрх засвараас гадна энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, хөгжих орчинг бүрдүүлэх чиглэлд нэг ангийг “Хүүхэд хөгжлийн танхим” болгон тохижуулж байна. Өнгөрсөн жил дүүргийн хөрөнгө оруулалтаар дээвэр, сантехникийн засвар бүрэн хийгдсэн. Ирэх жилүүдэд сургуулийн гадна фасадыг засварлачихвал бидэнд өөр хүндрэл байхгүй. Манай сургууль хүүхэд хөгжүүлэх чиглэлд БСШУСЯ-ны сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр санхүүжилтийн хүрээнд иж бүрэн цахилгаан хөгжимтэй болсон.

Одоо хүүхдүүд маань цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулаад тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна” гэлээ. 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуульд дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны 1500 гаруй хүүхэд суралцах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

Image result for “Оюутан тээвэр”Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа. Иймээс зам тээврийн ослын эсрэг жил бүрийн энэ үеэр Замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулдаг ажээ.

Энэ жил энэ сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дээрх хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа гэнэ. Уг хяналт шалгалтаар:

-Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх,

-Хамтарсан хөдөлгөөнт эргүүл ажиллуулах,

-Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавих, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэж хэвшүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймээс иргэд өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан, даатгалтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хэрэгтэй гэнэ. Мөн хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд хурдыг хэтрүүлэлгүйгээр зохистой хурдыг сонгон зорчих, жолооч болон зорчигч нар хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэх, амрах, зогсоолд зогсох тохиолдолд авто замыг бүрэн чөлөөлж, аюулгүй байдлаа хангах, бага насны хүүдийг зөв тээвэрлэж, байнга хараа хяналтандаа байлгахыг онцгойлон зөвлөж байна.

Б.УРАН