Categories
мэдээ улс-төр

Соёлын өвийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ өдрийн хуралдаанаар соёлын өвийг тойрсон асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах юм байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Компани татан буулгах тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

2.

Хөрөнгө гаргах тухай*

Б.БАТ-ЭРДЭНЭ

3.

Хэлэлцээрт гарын үсэг зурах тухай

Б.БАТ-ЭРДЭНЭ

4.

Соёлын өвийн төвийг өөрчлөн байгуулах тухай

Г.ЧУЛУУНБААТАР

5.

Соёлын өвийн үзлэг, тооллого хийх болон Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам

Г.ЧУЛУУНБААТАР

6.

Тогтоолын хавсралтад нэмэлтй өөрчлөлт оруулах тухай

Ц.ДАШДОРЖ

7.

Тусгай зөвшөөрөл олгох тухай

Ц.ДАШДОРЖ

8.

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

9.

Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 2017 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тухай

Ж.МӨНХБАТ

10.

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай

Ж.МӨНХБАТ

11.

2017 оны ургацын урьдчилсан балансын тухай

П.СЭРГЭЛЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Намайг МАХН-аас хөөвөл хөөнө л биз

“Өдрийн сонин”-ы 2017.08.15-ны мягмар гаригийн 173 (5740) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Таныг намаасаа хөөгдөж байгаа гэх мэдээлэл яваад байх юм. Үнэн юм уу?

-Уг нь наад асуултад чинь хариулмааргүй, тайлбар хэлмээргүй байх юм. Яагаад вэ гэхээр би МАХН-д өөрийн итгэл үнэмшлээрээ элссэн. Зарим хүн надад хэлээд байгаа юм. “Баасанхүү, чи ямар байснаа мартчихаж” гэж. Яахав би өмнө нь гэр хороололд амьдарч байсан нь, улсын сургууль төгссөн нь, өмгөөлөгч байсан нь үнэн. Гэхдээ үүнийг намтай холбож яримааргүй байна. 1990-ээд оны тарчиг үед жирийн хүмүүс шиг энгийн амьдарч байлаа. Хулгайч хүний хүүхэд биш учраас тэгж л амьдарна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй зарчим ярьж амьдарсан. Гэхдээ би өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өсөн дэвшиж байсан. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах үедээ би Японы Элчин сайдын яамны хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан. Н.Энхбаяр даргын өмгөөллийг хийсэн шиг хийсэн гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Би хүний тусыг нэхэж биш тосож авдаг. Өгвөл би баярлана. Заримдаа 2012 оны сонгуульд намынхаа жагсаалтад орсон үеэ бодохоор их л сонин санагддаг юм. Уг нь би Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болоод “Айст монголиа” телевизээр өөрийгөө танилцуулах нэвтрүүлэг хийлгээд гүйж явсан. Магадгүй тэр үед би Баянзүрх юмуу Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшсэн бол гарахгүй байсан нь үнэн. Гэхдээ өмгөөллийн ажлаа хийгээд хажуугаар нь улс төрд орно гээд гүйж явах байсан биз.

-Тэгээд яагаад жагсаалтад орсон юм бэ?

-Сонгуулийн үеэр өмгөөллийн ажлаа давхар хийж байсан болохоор үнэхээр зав байгаагүй. Тэгэхээр нь Н.Энхбаяр дарга дээр гүйж очоод үнэнээ хэлсэн. Надад сурталчилгаа хийж явах зав үнэхээр алга, би жагсаалтад оръё гэсэн. Н.Энхбаяр дарга намайг хэдэд бичигдмээр байна гэхээр нь тав юмуу долоод бичүүлье гэсэн. Жагсаалт гартал З.Баянсэлэнгийг долоод, намайг наймд бичсэн байсан. Тэр үед З.Баянсэлэнгэ дээр гүйж очоод хоёулаа байраа сольё гэж хэлээд шараа болж л явлаа. Өөртөө их бардам байсан шиг байгаа юм. Саяын сонгуулиар бас Эрдэнэтийг өөрөө сонгоод дэвшсэн юм биш. Шадар сайдын өрөөнд манай намынхан цуглаж ярилцах үеэр намайг Чингэлтэйд нэр дэвшүүлэхээр болсон. Гараад явж байтал утас дуугараад “Ө.Энхтүвшин Чингэлтэйд нэр дэвших гэж байгаа юм байна” гэсээр Эрдэнэтэд нэр дэвш гэсэн. Ингээд хувь заяаны эрхээр гэх юм уу даа сонгуульд ороод явсан. Сонгуульд ялалт байгуулахад Н.Энхбаяр даргын, МАХН-ын нөмөр нөөлөг их байсан. Энийг би хаана ч хэлнэ. Гэхдээ энэ бол хэзээ ч төлж баршгүй өр гэсэн үг биш. Яагаад гэвэл нам гэдэг олон нийтийн буюу хамтын эвлэлдэн нэгддэг байгууллага.

Та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Хэрэв сонгуульд амжилттай оролцохгүй бол намын даргадаа хариуцлага тооцно” гэж байсан. Хариуцлага ярих цаг одоо болсон уу?

-Ганц Ерөнхийлөгчийн сонгууль биш, УИХ-ын сонгуулийн үеэс ярих хэрэгтэй. УИХ-ын сонгуулийн үеэр МАН эвсье гэсэн. Тэр үед эвссэн бол 20 биш юмаа гэхэд хоёр суудалтай байх байсан ч юм билүү. Мөн намаас олон залуус гарч байна. Итгэл нь алдарч байна. Гарсан хүмүүсээ урвагчаар нь дуудаж памперс шиддэг. Хичнээн олон хүн явж байгааг хараад харамсаж байна. Тиймээс би ил тод ярьдаг, намаа шүүмжилдэг. Гэхдээ тэглээ гээд намаасаа, намын даргаасаа урваж байгаа юм биш. Намын даргыг АТГ баривчлах гэж байна гэхэд би Ц.Элбэгдорж, Энх-Амгалан, М.Энхболд дээр ороод гуйж байлаа. Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүнийг битгий хоёр удаа шоронд хийгээчээ гэж. Дараа нь арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намайг дуудаад “Танай дарга бид хоёр ойлголцсон” гэж хэлсэн. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар тэр хоёр маш ойрын харилцаатай байсан. Тэрийг би сайн мэднэ. Би харин тийм биш.

Би Ц.Элбэгдоржтой ойр байгаагүй, байх ч үгүй. Улс орон хямарсан найман жилийн гай Ц.Элбэгдоржоос болсон гэж боддог болохоор би түүнд дургүй. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг Ц.Элбэгдорж тавьсан гэж боддог. Тавиагүй юмаа гэхэд шууд оролцоотой байсан. Валютын ханшийн өсөлт яаж явж байгаа билээ. 1994 онд 400 төгрөг байсан ам.доллар 2012 онд 1400 төгрөг болсон. Тэрнээс хоёрхон жилийн дараа 2700 хүрсэн биз дээ. Бүхэл бүтэн арваад жил 1000 төгрөгөөр нэмэгдэж байсан ам.долларын ханшийг шууд 1000 гаруй төгрөгөөр нэмчихлээ. Өнөөдөр бид хөөсөн эдийн засаг дээр сууж байна. Хэзээ доош унахыг мэдэхгүй. Ам.доллар төгрөгийн харьцаа ийм болчихлоо. Энийг өөрчлөхийн тулд манай намд шинэчлэл хэрэгтэй.

-Танай нам бас дотроо шинэчлэл яриад эхэлсэн үү?

-Манай намын гишүүдийг дотор нь дөрөв ангилж болно. Дөрвөн янзын төлөөлөл байдаг гэсэн үг. намын даргадаа хайртай, үхсэн ч тэр хүний төлөө байж чадах фанатууд бий. Өөр намаас ирээд одоо МАХН-аас гарчихвал очих газаргүй болсон хэсэг хүн байгаа. Бас иргэний хөдөлгөөн гэж орилж орилчихоод одоо намаас гарахаар утгагүй болчихсон хүмүүс ч бий. Үлдсэн нь аав ээжийн минь нам, намынхаа нэрийг солихгүй гэх хэсэг. Ийм л дөрвөн янзын гишүүдтэй. энэ гишүүд, ялангуяа дөрөв дэх хэсгийнхэн маань намд шинэчлэл хийж 2020 оны сонгуульд ядаж хориулаа орж ирэхгүй бол болохгүй нь гэж яриад байгаа.

-Танаас өөр шинэчлэл ярьж байгаа хүн ил харагдахгүй л байна. Ер нь та яагаад намаа өөрчилье гэж яриад байна вэ. Юу нь болохгүй байна?

-Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж ярьж байгаа. Гэтэл тэрийг манай намынхан уншиж судлаагүй. Ямар нэгэн байдлаар авч үзээгүй. Энэ буруу, минийх гоё гээд өөрсдөө шинэ хууль гаргаад ирсэн. Тавдугаар Үндсэн хуулийн хөдөлгөөн гээд байгуулчихсан. Би тэрийг буруутгаж байгаа. Би тэр хуулийг нь уншсан. Бас уншуулсан. Өөрөө уншихаас гадна гадаад, дотоодын хуульч, судлаачдад өгөөд дүгнэлт хийлгэсэн. 80 хувь нь дагаж мөрдөх ямар ч боломжгүй гэж байна лээ. зохиолын шинжтэй тийм л төсөл. Улс орноор тоглох гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Хүн гэр орноороо тоглодоггүй биз дээ. Өнөөдөр 65 гишүүний гарт хуулийн төсөл бий. Тэр хуулийн төслийн ямар зүйл, заалт нь болохгүй байна вэ гэдгийг ярилцах ёстой. Гэтэл өөрсдөө шинэ хуулийн төсөл зохиогоод, амьдралгүй юм яриад яваад байж болохгүй. Тиймээс дэмжихгүй, эсэргүүцээд байгаа юм. Би наймдугаар сарын 22-нд төрийн ордонд намын бага чуулганы гишүүдээ цуглуулна. Тэнд арван хүн ирнэ үү, зуун хүн ирнэ үү, эсхүл нэг ч хүн ирэхгүй байна уу хамаагүй. Ийм зүйл ярьж байгаа шүү, та нар уншаарай, санал бодлоо бичгээр ирүүлнэ үү гээд ярилцах гэж байгаа юм. Тийм хэлэлцүүлэг хийнэ.

-Та өөрөө бие дааж зохион байгуулах юм уу?

-Тэгэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл намын бодлогыг бариад төрд сууж байгаа хүн нь би шүү дээ. Манай Н.Энхбаяр даргын худ нь намайг цахим сүлжээгээр бичсэн байна лээ. Тэрэнд би эмзэглээгүй ч дургүйцсэн. Тэрийг би тоохгүй л дээ. Гэхдээ хэвлэлийнхэн надаас тодруулга авъя гээд байх юм. Бага чуулган хуралдаад намайг хөөхөөр болсон, чиглэл өгсөн гэж яриад байгаа. гэхдээ өнөөдөр надад ямар нэгэн бичиг ирээгүй. Бид төр барилцах нам юм бол өөрийн дүрэмтэй, зорилготой, багтай байх ёстой. Баг гэдэг нь жинхэнэ төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр боловсруулдаг хүмүүсийг хэлнэ. Түүнээс биш даргыгаа хий хоосон тахин шүтээд үгийг нь бурхны үг гэж бодож болохгүй. одоо би бага чуулганыхаа гишүүдийг цуглуулах үеэр намын даргадаа хариуцлага тооцох эсэхийг асууна. Бид бодлого, зарчим дээр нэгдэх ёстой. Түүнээс биш Баасанхүү сайн, муу гэж хэлэх хэрэггүй. Хэдэн хүний дунд орж вакуумжсан байдлаар асуудалд хандах хэрэггүй. тийм болохоор намайг намаас хөөмөөр байвал хөө гэж байгаа юм. Нээрээ шүү, хөөвөл хөө. Намын гишүүдэд миний ярьж буй зүйлс таалагдахгүй байвал хөөг л дээ.

-Таныг хөөчихвөл МАХН парламентад суудалгүй болно. Ер нь танайд өнөөдөр лидер гээд хэлчихээр хүн үлдэв үү?

-Лидер байгаа гэж би зөндөө хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэг ч хүн алга гэж ярих үед зөндөө хүн гарч ирсэн. Харамсалтай нь Н.Энхбаяр дарга болохгүй гэсээр байхад дэвшинэ гэж зүтгээд өөрийгөө эвгүй байдалд оруулчихлаа. Сонгуулийн тухай хуулиар дэвшүүлж болохгүй гэдгийг тодорхой хэлсэн шүү дээ. гэтэл ялгүй байж ялаас чөлөөлж өгнө үү гэсэн бичиг өгчихөж байгаа юм. Шүүх мэдээж хэрэг тийм бичиг гаргаж өгөхгүй буцаана шүү дээ. Тэрийг нь сЕХ ашиглачихаж байгаа юм. Шүүх таны хүсэлтийг хүлээж аваагүй байна шүү дээ гээд. Болохгүй гэнгүүт нь халаасныхаа хүнийг гаргаж ирээд 30 минутын дотор намд элсээд дэд дарга болчихлоо. Муу ганбаа зайлуул тэгж яахнав дээ. Маниустайгаа адилхан ардын л хүүхэд шүү дээ.

-Уг нь сонгуулийн санал нууц байдаг л даа. Гэхдээ та саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд санал өгөв өө?

-Нууц нь нууц. Гэхдээ би намдаа өгсөн. Тэр битгий хэл намынхаа төлөө өөрийнхөө зардлаар эрдэнэтэд очиж ажилласан. Би намынхаа төлөө явж байгаа болохоос биш хүний төлөө яваагүй. гэхдээ сонгуулийн дараа сонин юм болсон. Анзаарсан уу.

-Юу тэр вэ?

-Манай намд 400 мянган хүн саналаа өгсөн. Би хувьдаа 500 мянган хүн саналаа өгсөн болов уу гэж бодсон. СЕХ шударга, зөв ажилласан уу шалгуулъя гэтэл АН-ынхан жагсаж байсан. Та нар энд юу хийж байгаа юм бэ, жагсах ёстой нь манайх болохоос танайх биш гэж хэлээд зогсож байтал гэнэтхэн цагаан сонголт болоод явчихсан шүү дээ. Хэдийгээр манай намаас надад таалагдаагүй хүн нэр дэвшсэн ч гэлээ МАХН-д саналаа өгсөн 400 мянган хүний саналыг хамгаалахын тулд би жагсах ёстой байсан юм. Гэтэл байдал шал өөрөөр эргэчихсэн.

-Та намаасаа хөөгдчихвөл өөр намд элсэх үү?

-Маргаашийн асуудлыг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Бурхан хүсвэл юу ч болж болно. Би ийм л бодолтой байдаг. Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн зүйлд би дургүй. Зарчим л ярья. Тэр нь хаана очоод дуусахыг би мэдэхгүй. Эрдэнэтчүүд намайг 2020 онд нэр дэвшээч гэвэл дэвшинэ. Хэрэггүй гэвэл больчихно. Би жил бүр очиж тайлангаа тавина. эргэж уулзах нүүртэй баймаар байна. Заримдаа би Д.Гантулгыг өрөвддөг. Хэнтийчүүдтэйгээ яаж уулздаг бол доо гэж. Нэр хугарахаар яс хугар ч гэдэг. Азаар надад ичих шалтгаан байдаггүй. Би өнгөрсөн дөрвөн жилд Өргөдлийн байнгын хороонд ажиллаж байхдаа олон асуудлыг шийдсэн. Янз бүрийн ажлын үед саад хийх асуудал байдаг. Манай намынхантай нийлээд намайг унагаах асуудал ч байсан. Гэхдээ би тэрэнд гомдохгүй. Өнөөдөр намайг нэг их 2020 оноор айлгах гээд хэрэггүй. 2020 онд сонгуульд оролцохгүй байсан ч яадаг юм. Ард түмэн сонголтоо хийг гэсэн зарчмаар явъя. Үлгэрт гардаг Каше л мөнхийн байдаг байх. Түүнээс биш хүний амьдралд мөнхийн зүйл байдаггүй биз дээ.

-Та ер нь нам дотроо ганцаарддаг уу?

-Намынхаа болохгүй, бүтэхгүй байгааг залуус, ахмад, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хэлээд яриад явахад би ганцаардахгүй. Өнөөдөр намайг намаас хөөсөн гэх баримттай зүйл алга. Хууль ёсоороо л явах байлгүй.

-УИХ-ын гишүүд ажилдаа хэзээнээс орох вэ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр юу болж байна вэ. АН-ынхан ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг шийдье гэж яриад байгаа. Тэрийг шийдэх боломж бий юү?

-ан-ын хэсэг хулгайч хүн Ц.Элбэгдорж болон манай намын хулгай хийх сонирхолтой хүмүүстэй хамтраад хүүхдийн мөнгийг өөрсдөө байхгүй болгосон. Хүүхдэд хайргүй хүн хэн байгаа юм. ОУВС-г аймшигтай байгууллага мэтээр яриад байдаг. Тэгвэл бидэнд ямар боломж байгаа юм бэ. Өчнөөн өр зээл, гадаад төлбөр тооцоо, своп хэлэлцээрийн мөнгөнүүд үүдэнд хүлээгээд байна. Тэрийг яах вэ. Би эдийн засгийг айхтар мэддэгтээ яриад байгаа юм биш. Бодит байдалд тийм байна. Ам.долларын ханш яагаад ингэж өсөөд байна вэ. Ам.доллар алга. Гадныхан хөрөнгө оруулалтаа яг зориулалтаар нь хийе гээд байгаа. Миний мөнгийг аваад хүүхдүүдэд өг, дараа нь тэгж байгаад буцаагаад өгчих гэж хэн ч хэлээгүй.

-Тэгэхээр ээлжит бус чуулган хуралдахгүй гэсэн үг үү?

-Хуралдахгүй. Яаж хуралдах юм бэ. Хуралдвал бөөн юм болно. тагнасан, чагнасан нь үнэн үү, худлаа юу гэдгээс эхэлнэ. Тиймээс бага чуулган, их хурлаа хуралдуулж өөрсдийн асуудлаа шийдчихээд улсын ажилд орно. Түүнээс биш тэдэнд та цалингаа авч чадаж байна уу, үгүй юу гэдэг сонин биш. Хамаа ч байхгүй. Ард түмэн 65 гишүүн сонгосны гай л даа. Хүчтэйхэн 25 хүнтэй сөрөг хүчин байсан бол шаардаж байгаад хуралдуулах байсан биз. Даанч тийм боломж алга. уг нь бушуухан хуралдуулаад өвлийн бэлтгэл ямархуу байгааг сонсмоор байна.

-Саяхан ОУВС манай улсын эдийн засгийг өсөлттэй байгаа мэтээр дүгнэсэн. Тэр дүгнэлт бодитой байж чадах уу?

-Ам.доллар орж ирж байгаа болохоор тэгж дүгнэж байгаа.

-Бид мундаг сайн хөдөлмөрлөөд ам.долларыг оруулж ирээгүй шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүний циклиэс хамаарч валют орж ирж байгаа биз дээ?

-ОУВС ганцхан зүйл хүсэж байгаа. Оруулсан мөнгөө буцааж авах. тиймээс эдийн засаг өсөлттэй байна, ам.доллар орж ирж байна гэж дүгнээд байгаа юм. Тэдний дүгнэлт хэнд хамаатай вэ гэвэл гадны хөрөнгө оруулагчдад хэрэгтэй. Эдийн засаг нь өсөөд байгаа юм байна, тогтворжих нь гэж бодвол гадныхан мөнгөө оруулж ирнэ. Ирэх сарын 5-нд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно гэдгийг мартаж болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Идэвхтэй төслүүдгүй учраас уул уурхай сэргэхгүй байна

-“ДИСКОВЕР МОНГОЛИА” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ САРЫН 7,8-НД БОЛНО-


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.


-Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” хэзээ болох вэ. Түрүү жил оролцогч багатай байсан. Энэ жил яахаар байна?

-“Дисковер Монголиа” жил бүр зохион байгуулдаг цаг хугацаандаа буюу есдүгээр сарын 7, 8-нд болно. Нэг өдөр хагасын хөтөлбөртэй. Өмнөх жил шиг оролцогч, ивээн тэтгэгч багатай байна. Идэвхтэй төслүүд ховор учраас байдал сайжраагүй байна л даа. Идэвхтэй төслүүдгүй болохоор тоног төхөөрөмжийн хангамжийн компаниуд үзэсгэлэн, хурал чуулганд орохоо зогсоож байна. Яаж оршин тогтнох вэ гэдэгтээ л анхаараад эхэллээ.

-Уул уурхайг сэргээхийн тулд яах ёстой гэж та бодож байна вэ?

-Уул уурхайг тэлэхийн тулд хайгуулын төслүүд олноор хэрэгжих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Шинэ ордууд бий болж байж уул уурхайн салбар томорно. “Дисковер Монголиа” ийм шалтгаанаар хайгуулын төслүүдийг онцолно. Үндсэн илтгэлүүдийн сэдвийн хувьд бодлого, эрх зүйн орчин, гадаад, дотоод зах зээлийг хамарна. Ихэнх илтгэгч нь гадныхан байна. Орон нутгийн асуудлаар тусдаа панель хэлэлцүүлэг өрнөнө.

-Хөрөнгө оруулагчдын сонирхон хүлээдэг “Засгийн газрын цаг”-ийг энэ жил зохион байгуулах уу?

-“Засгийн газрын цаг”-ийг зохион байгуулна.

-Хайгуулын төслүүд танилцуулна гэлээ. Ямар төслүүд танилцуулах вэ?

-“Занаду”, “Эрдэнэ ресурс”-ын төслүүд бий. Үүнээс гадна жижиг хэмжээний хэдэн төсөл танилцуулна.

-“Дисковер Монголиа”-гийн оролцогчид оргил үедээ мянга дөхөж байсан. Энэ жилийн хувьд хичнээн оролцогчтой байх бол?

-Урьсан зочидтойгоо нийлээд 150 орчим байх болов уу.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт сэргэх хандлага ер нь байна уу?

-Ашигт малтмалын 2006 оны хууль их сайн байсан учраас уул уурхайн салбарт сэргэлт авчирсан түүхтэй. Харамсалтай нь УИХ энэ хуулийн дараа хөрөнгө оруу-лалтад сөргөөр нөлөөлөхөөр хэд хэдэн хууль баталчихсан. Урт нэртэй, Гэнэтийн ашгийн, Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн ач холбогдолтой салбарт зохицуулах гэх мэт олон хууль гарч эрх зүйн орчин дордуулсан. Дараахан нь хайгуулын лицензийг шинээр олгохгүй гэсэн шийдвэр гарсан нь бүр ч том цохилт болсон. Хайгуулын лиценз олгохгүй бараг гурван жил хагас болсон шүү дээ. Уул уурхайгаа ингэтэл нь дордуулсны эцэст эрдэс баялгийн салбарт барих бодлоготой болж, хууль эрх зүйн орчны нааштай шинэчлэлүүдийг хийсэн. Эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үеэр ашигт малтмалын үнийн уналт үргэлжилж байсан учраас дорвитой сэргэлт ажиглагдаагүй.Дотоодын нөхцөл байдлаа хичнээн өөрчиллөө ч нэгэнт гараад явчихсан, зогсчихсон хайгуулын ажлууд эргэж иртлээ, сэргэтлээ цаг их ордог юм байна. Бидний хувьд хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн шийдлүүд, практик алхмууд хийх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажил гэхэд л удаан явж байна. Хайгуулын ажлаа урагшлуулах зайлшгүй шаардлага бий.

-Хэрэгжээд явчихаар том төслүүд байна уу?

-Асгатыг, ураны хэдэн ордыг эс тооцвол Таван толгойгоос өөр хөрөнгө оруулагч сонирхоод урагшлуулчих төсөл одоогоор алга. Цагаан суварга гэхэд л Засгийн газрын урагшгүйгээс болоод олон жил зогслоо. Стратегийн ангилалд оруулна, оруулахгүй гэх мэтээр багагүй хугацаа авлаа л даа.

-Нүүрс, зэсийн үнийн өсөлт хайгуул хийх сонирхлыг хөрөнгө оруулагчдад төрүүлж эхэллээ гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Таны хэлсэн шалтгаанаар хайгуул идэвхжих хүлээлт байна. Өнгөрсөн хугацаанд тасралтгүй хайгуул хийсээр ирсэн гурав, дөрвөн төсөл бий. “Эрдэнэ ресурс”, “Занаду” компаниуд төслөө хэрэгжүүлээд хүнд үеийг давлаа. “Кинкорра” нэмэгдэж байх шиг байна. Хайгуулын төсөл нэмэгдэнэ гэдэг таваас арван жилийн дараа нээгдэх ордуудын эхлэл тавигдаж байна гэсэн үг. Тэгж байж цаашид хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тэгэхээр эхлээд тусгай зөвшөөрлийн асуудлаа шийдмээр байгаа юм. Монголын хэмжээнд тусгай зөвшөөрөл олгож болох талбай ердөө 35-хан хувь. 75 хувь нь ямар нэг байдлаар хориотой, хязгаартай бүсэд бий. 30 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар орон нутгийн тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээний газарт багтчихдаг. Бид холбооны улс биш, нэгдсэн улс. Байгалийн баялаг бол орон нутгийн өмч биш. Газар нутагт нь амьдарч байгаа хүмүүсийн аж амьдрал уул уурхайг дагаад дээшлэх нь зүйтэй хэрэг. Гэхдээ асуудлыг түргэн шуурхай шийдэхийн тулд хаа хаанаа зөв шийдэл, гарцыг олох цаг нэгэнт болсон. Таван толгой төмөр зам, цахилгаан станц гэх мэт дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байж урагшлах, ашиг шимээ өгөх төсөл. “Эрдэнэс Таван толгой” хэдийгээр өрөө дарсан ч гэсэн жилд 30, 40 сая тонн нүүрсийг боловсруулж экспортлож чадахгүй юм бол дутуу ашигтай ажиллаж байна гэсэн үг. Тодруулж хэлбэл бид боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ мэт асуудлыг шийдэж чадвал уул уурхай гайгүй болох төлөв бий. Мэдээж байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдтэй зөв ойлголцох, уул уурхайн бус хүмүүст уул уурхайн талаар зөв мэдээлэл, анхан шатны боловсрол өгөх тал дээр анхаарах шаардлага байгаа.

-Таван толгой төслийг цогцоор нь хөдөлгөж байж ашгаа өгнө гэж салбарынхан ярьдаг. Та ч сая ийм утгатай үг хэллээ. Энэ төслийг дэд бүтэцтэй нь хамт урагшлуулах боломж байна уу?

-Таван толгой дээр засаглалын түвшинд хоёр хуваагдчихаад байна. Цаад талд нь хэн ч байлаа гэсэн Монголын хууль тогтоомжийн дагуу зөв гэрээ хэлэлцээр хийж томоор ашиглах асуудлыг зөв гарц гэж хараад байгаа. Түүнээс биш мэрж ашиглах аргаар хол явахгүй. Энэ тохиолдолд Таван толгойн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүс ашиг хүртэхгүй. Ашгаа өгөхгүй хувьцаагаар юу хийхэв.

-Таван толгойн хувьцааг амь оруулах ганц гарц нь энэ төслийг томоор хөдөлгөх гэж ойлголоо?

-Үүнээс өөр арга байхгүй. Ерөнхийлөгч, УИХ нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай.

-Та түрүүн хайгуулын лиценз олгох ажил удаан байна гэж ярилаа. Хайгуулын чиглэлээр ажиллаж буй компаниудад ямар бэрхшээл байна вэ?

-Хайгуул дээр “Эрдэнэ ресурс”-ын хоёр төсөл, “Занаду”-гийн хоёр төсөл, “Кинкорра”-гийн нэг төсөл л байна. Жижиг, дунд төслүүд бараг алга. Өнгөрсөн жилүүдэд шинээр авсан тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг хадгалж чадахгүй гэсэн шалтгаанаар буцааж байгаа юм билээ. Төлбөр нь өндөр учраас тэр л дээ. Нэг жил хадгалаад л буцааж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн захиргааны үйлчилгээний хураамж ч маш өндөр болсон. Өмнө нь 150-250 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо зөвхөн нэвтрэх эрх нь гэхэд 500 мянгаар яригдаж байна. Үүний дараа тусгай зөвшөөрлийн төлбөр яригдана. Тийм учраас нэлээд том, хүчтэй компаниуд, монополиуд үүсэх бололцоо л бүрдэж байна. Өмнө нь жижиг, дундуудад боломж байсан бол одоо хязгаарлагдмал болчихлоо.

Categories
мэдээ цаг-үе

П.Баярмагнай: Жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдөр Богд хааныхаа дүрийг бүтээнэ гэдэг ховорхон хувь тохиол

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин П.Баярмагнайтай ярилцлаа.


-Та Богд хааны дүрийг тайзнаа амилуулж байсан. Энэ дүрийг бүтээх болсон тухай яриагаа эхэлье?

-Би Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын босгыг алхаад хэдийнэ хоёр жил болжээ. Намайг театрт орох үед Богд хааны дүрийг тайзнаа амилуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаад байсан юм билээ. Тиймдээ ч надад Богд хааны дүрийг анх удаа тайзнаа бүтээх ховорхон завшаан тохиосон юм. Энэхүү дүр минь надад “Гэгээн муза” наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг авчирсан сайхан үйл явдал болсон. Харин одоогоор миний хувьд театрынхаа томоохон бүтээлүүдэд оролцоод явж байна даа.

-Энэхүү түүхэн хүний дүрийг бүтээнэ гэдэг амаргүй байсан болов уу?

-Их театрын тайзнаа Богд хааны дүрийг бүтээх чухал хүнийг олно гэдэг маш хариуцлагатай зүйл учраас сонгон шалгаруулалт явуулсан юм. Би тэрхүү сонгон шалгаруулалтад тэнцэж, энэ их үүргийг хүлээсэн. Богд хааны дүр Монголын ард түмний нүд, чихэнд киноны дүрээр мөнхөрсөн байдаг. Харин тэр агуу хүний дүрийг өмнө нь тайзнаа амилуулж байгаагүй юм билээ. Би Богд хааны дүрийг бүтээх анхны жүжигчин болсон учир маш хүндэтгэлтэй хүлээж авсан.Түүнийг Монголын хамгийн сүүлчийн хаан, тусгаар тогтнол, эв нэгдлийг бий болгогч гэдэг утгаар нь илүүтэй харуулахыг зорьсон доо. Дүрээ судалж, сайн бүтээхийн тулд Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайтай хагас жилийн турш ажилласан. Тэрээр “Энэ хүн бол эгэл хүн биш. Монгол орны төлөө эцсийнхээ дусал цусыг хүртэл зориулсан. Монголын төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн хүн шүү дээ. Чи үүнийг эд эсээрээ ойлгох хэрэгтэй. Харин чи Богд хааны дүрийг буруу буюу худлаа ойлгож, жүжиглэж, дуулах юм бол насаараа үүрээд баршгүй их зовлонг олно. Хэрэв зээ үнэхээр сайхан тоглож, ард түмнийхээ сэтгэлд үлдээж чадах юм бол дааж давшгүй их аз жаргалыг туулна” хэмээн хатуу бөгөөд үнэн үгийг хэлсэн. Энэ нь маш хүнд ачаа байсан хэдий ч нөгөө талаараа хэн хүнд олдохгүй аз завшаан гэж ойлгодог. Ямартай ч Богд хааны дүрийг өөрийнхөө хэмжээнд амилуулсан. П.Цэрэндагва ахдаа ч маш их талархаж явдаг. Жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдөр Богд хааныхаа дүрийг бүтээнэ гэдэг залуу уран бүтээлчийн хувьд ховорхон хувь тохиол гэж бодож явдаг даа.

-Монгол Улсын Үндэсний урлагийн их театр зуны турш уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсээр байдаг. Театрынхаа сүүлийн үеийн уран бүтээлийн тухай яриач?

-Тэгэлгүй яахав. Манай театр зун амардаггүй ганцхан улсын байгууллага гэхэд хилсдэхгүй болов уу. Мэдээж Монгол Улсын Үндэсний хамгийн том театр гэдэг утгаараа гадна дотны төлөөлөгчдөд бүхий л цаг үед уран бүтээлээ хүргэсээр байдаг. Одоогоор Ази номхон далайн орны уулзалтад ирэх зочдод зориулсан тоглолтоо бэлдэж байна. Мөн театрын маань уран бүтээлчид есдүгээр сарын сүүл мушгин гадаадын томоохон хотууд руу 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолт хийхээр төлөвлөчихсөн байгаа.

-Театрийнхаа ажлын хажуугаар хувийн уран бүтээл хийх боломж хэр байдаг бол?

– Боломжийг өөрөө гаргах ёстой гэж ойлгодог. Миний хувьд нийтийн дуунд хүч үзэх бодолтой байдаг. Зөвхөн дуурийн дуу гэлтгүй нийтийн дууны архивтай болох нь зөв юм байна аа гэж бодсон юм. Одоогоор гучин минутын кино концерт хийхээр дуунуудаа бэлдчихсэн байгаа. Удахгүй Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяатай шинэ дуугаа дүрсжүүлэх ажилдаа орно. Энэ нь “Морин хуур наадам”-д оны шилдэг дуунуудтай өрсөлдөхүйц, даацтай уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандахын ээжийнхээ дурсгалд зориулсан дууг дуулахаар болсон. Мөн л дүрсжүүлэхээр зэхэж байна. Энэхүү дууны клипэнд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай миний ээжийн дүрд тоглож байгаа юм. Энэ сайхан уран бүтээл үзэгч, сонсогчдын маань сонорт тун удахгүй хүрэх болно. Мөн саяхан аравдугаар сард нээлтээ хийх “Зүрхний хилэн” уран сайхны кинонд туслах дүр бүтээлээ. Одоогоор МҮОНРТ-ийн “Эрт нахиалсан сарнай” 30 ангит кинонд эмчийн дүрд тоглохоор зураг авалтдаа ороод явж байна. Ер нь хүн өөрийгөө гололгүй чадах, ядахаараа дайчлах хэрэгтэй гэж боддог доо.

-Та Монгол Улсын гавьяат багш С.Дашиймаагийн шавь билүү?

-Би 2003 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж байлаа. Надад дуучин хүн ямар байх ёстой, юу хийж бүтээх хэрэгтэй гээд үнэтэй сургаалыг хайрласан хүн бол гавьяат багш С.Дашиймаа багш минь юм. Хамгийн чухал гэх зүйлийг зааж өгсөн багшдаа маш их баярлаж явдаг даа. Манай ангид мөн л С.Дашиймаа багшийн шавь болон төгссөн Д.Намсрайноров, А.Хосбаяр, Ц.Ариунаа, Э.Бумхүү гээд сайхан уран бүтээлчид бий.

-Та сүүлийн үед томоохон уралдаан тэмцээнд амжилт дүүрэн оролцож байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн нэрэмжит уралдааны гран при шагнал хүртсэн байсан. Энэ тухайд?

-Би аливаа уралдаан тэмцээнд оролцож, түүнээс нэг ч зүйлийг болтугай сурч мэдэхийг хүсдэг шүү. Хамгийн анх “UBS” телевизийн “Uni¬verse best songs” тэмцээний шилдэг оролцогч болж байсан бол дараа нь ОХУ-д болсон Олон улсын дуурийн дуучдын уралдаанд гуравдугаар байрт орж байлаа. 25 дугаар телевизээс зохион байгуулсан “XX зууны дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнээс гранпри хүртсэн. Мөн “Авьяаслаг монголчууд наадам”-ын шилдэг найман оролцогчийн нэг болсон. Миний хувьд тус шоунд ахмад үеийнхний мартагдсан, хуучны сайхан дуунуудыг залуу үеийнхэндээ сануулахыг зорьсон. Яахав аливаа уралдаан тэмцээнд амжилттай оролцох хэрэгтэй л дээ. Гэхдээ миний хувьд зүрх сэтгэл, санаа бодлоо ойлгуулах нь хамгийн чухал байдаг. Түүнчлэн Төрийн соёрхолт Ц.Чинзориг гуайн “Дууны хорвоо” тэмцээнд гуравдугаар байр, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн 100 насны ойд зориулсан мэргэжлийн дуучдын тэмцээнд тэргүүн байрт орсон сайхан амжилт үзүүлсэн. Их сайхан байна.

Хэдий олон сайхан тэмцээн уралдаанд оролцдог ч надад хамгийн анх оролцож байсан дууны тэмцээн минь хэзээ ч мартамгүй байдаг юм. Би айлын ганц хүү юм л даа. Тиймээс их эрх танхи, багадаа цэцэрлэгт ч явж байгаагүй. Харин намайг долоон настай байхад цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд улсын дууны уралдаан болсон. Би тэрхүү уралдаанд Баянхонгор аймгийнхаа Улсын тэргүүний тавдугаар цэцэрлэгийн нэрийн өмнөөс оролцоод тэргүүн байранд орж билээ. Хажуу айлын минь эгч цэцэрлэгийн багш байсан болохоор цэцэрлэгт явдаггүй намайг тэр уралдаанд оролцуулсан хэрэг. Энэ уралдаанд түрүүлээд их урамшиж, дуучин болно гэж бодож, мөрөөддөг болсон. Би дуугүйгээр энэ амьдралыг хэзээ ч төсөөлдөггүй. Дуу бол миний амьдралын зовлон, жаргал бүхий л зүйлийг туулах ганц зам минь болдог. Өнчин өрөөсөн байна гэдэг тийм ч амар зүйл биш болохоор би дуугаараа л энэ хорвоог зөөллөж явдаг юм. Басхүү би ямар ч дуу байсан үнэн сэтгэлээсээ дуулж бусдад хүргэхийг зорьдог. Учир нь үзэгчид дунд аав, ээж хоёр минь суугаад хүүгээ үзэж байгаа гэдэгт би үргэлж итгэдэг. Тиймээс тэр хоёртоо зориулж маш сайхнаар, чин зүрхнээсээ дуулдаг даа. Мөн хэдий чинээ олон тоглолтод оролцож, төдий чинээ дуу дуулах болгонд ээж, аав минь баярлана хэмээн боддог юм.

-Та Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн ах нь байх аа…

-Ер нь бодох нь ээ хүнд учрах, учрахгүйн тавилан гэж байдаг болов уу. Би дөрөвдүгээр ангидаа бүтэн өнчин үлдсэн л дээ. Хэдий асрамжийн газраас намайг авах гэхэд би явж зүрхлээгүй. Тухайн үед надад хамгийн их санаа тавьдаг хүн миний бага ангийн багш минь байлаа. Тиймдээ ч намайг “Миний том хүү болоочээ” гэж байсан. Гэхдээ тэр үед мөн л хүү нь болоод явчихаж чадаагүй. Ингээд багш минь биднийг дөрөвдүгээр анги төгсгөөд Баянхонгороос Улаанбаатар хот руу шилжсэн. Хэдий Баянхонгороос явсан ч үргэлж намайг асууж, сураглаж, миний араас маш их санаа нь зовдог байсан даа. Миний хувьд тэр хүний энэ их агуу сэтгэлийг хүндэтгэхгүй байхын аргагүй санагдсан. Тиймдээ ч нэг хэсэг хамаатан садан, найзуудындаа байж байгаад хот руу орж ирсэн юм. Ингэж л ээжтэйгээ эргэн уулзах ерөөл бүрдсэн дээ. Ээжийнхээ хүү нь болох учир ерөөлтэй байж дээ хэмээн боддог юм. Тэр цагаас эхлэн ээж хэмээн дууддаг болсон. Басхүү би ээжээсээ салахаа больж, ээж маань ч надад илүү анхаарал тавих болсон юм. М.Уранцэцэг гээд дүү нар минь ч намайг ах шигээ хүндэлдэг. Ямартай ч ээжийнхээ намайг гэсэн харамгүй хайр энэрлийг хүндэлснээр би өдий зэрэгтэй явна хэмээн боддог шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач. Ер нь хэр сайн аав бэ?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Би хүү, охин хоёртой. Манай гэр бүл Баянхонгор аймагт байдаг. Би хотод ирээд хоёр жил болж байна. Гэр бүлээсээ хол байна гэдэг амаргүй л дээ. Ер нь гэр бүлдээ тавих анхаарал халамж минь маш бага байдаг. Тоглолтоор явж байх үед минь эхнэр минь амаржиж байсан удаа ч бий. Өөрийгөө их муу аав гэж боддог доо. Ямартай ч маш хатуу хэрнээ сайхан мэргэжлийг минь ойлгож, зовлон жаргалыг хамтдаа туулж байгаа ханьдаа үнэхээр их баярлаж явдаг шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар зодог тайлсан уу

“Өдрийн сонин”-ы 2017.08.15-ны мягмар гаригийн 173 (5740) дугаараас авч нийтлэв.

Улсын баяр наадамд барилдалгүйгээр бууж өгч, тахимаа өгсөн бөхчүүдийг албан ёсоор зодог тайллаа гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь монгол үндэсний бөхийн уламжлал, ёс жаяг нь өөрөө тийм юм билээ. Үндэсний бөхийн дүрмэндээ ч тодорхой заасан байдгийг бөхийн барилдааны хөлийн цэцээр ажилласан, улсын харцага Д.Сэрээтэр гуай тодорхой ярьсан байна лээ. Манай сонины ойрхны дугаарт ярилцлага нь гарсан байгаа.

Монгол бөхийн талаарх хамгийн дорвитой бүтээл болох “Гарьд магнай” кинонд даншигийн их аварга Намхай долоон хошуу даншиг наадмын зааны даваанд /даншиг нь тэр үеийн төрийн наадам/ залуу хүчтэн Далайцэрэнг амлан авч тахимаа өгдөг. Дараа нь Далайцэрэнгийн майханд очиж зодог шуудгаа бэлэглэн “Энд цугласан олон түмнийг харж байгаа биз, энэ олон хүн бүгдээрээ бидний үнэн хүчит барилдааныг үзэн баясах гэж ирдэг юм, за миний дүү шударга сайхан барилдаж олон түмнээ баясгаж яваарай” гэж хэлдэг. Үүгээр юуг харуулсан гэхээр эртнээсээ монгол бөхөд том цолтнууд нь харих насан дээрээ залуу бөхийг дэмжиж дээш нь гаргаад, захиас юугаа хэлж, зодог шуудгаа залгамжлуулж, барилдахаа больж байгаагаа илэрхийлж буй уламжлалыг харуулсан. Монгол бөхийн ёс жаяг эртнээс ийм л жудаг намбатай байж. Үүнийг нь монголчууд эртнээсээ мэддэг, өнөөдөр ч тэгж харж, ойлгож байгаа байх. Анх өрсөлдөгч бөхдөө барилдалгүйгээр элэг бүсээ тайлсан бөх бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр улсын наадмын наймын даваанд залуу хүчтэн Б.Гантогтохыг амлан авч барилдалгүйгээр тахимаа өгсөн нь тухайн үедээ шуугиан болсон. Тэр наадмаас хойш Б.Бат-Эрдэнэ аварга идэвхтэй барилдаан хийхээ больсон. Одоо бүр зодог тайлсантай адил болж дээ. Тэр үедээ Б.Бат-Эрдэнэ аварга бууж өгснөө хэрхэн тайлбарласан нь өнөөдрийн бөхчүүдийнхээс огт өөр. “Намайг залуу бөх байхад Гантогтохын аав Баянмөнх аварга тунаанаас гарган амлан авч тахимаа өгч байлаа. Тэгэсгээд Баянмөнх аварга маань зодоглохоо больсон. Энэ бол уламжлал. Баянаа аваргыг залуу бөх байхад харимал насан дээрээ очсон улсын арслан Гялдангийн Цоодол гуай залуу бөх Баянмөнхийг амлан, тунаанаас гаргаж байсан юм билээ. Би уламжлалаа дагаж залуу хүчтэнийг дэмжлээ” гэж. Г.Цоодол арслан бол Өвөрхангайн хүн. Баянаа аварга Увсынх. Б.Бат-Эрдэнэ бол Хэнтийн хүн. Б.Гантогтох Увсынх. Энд ямар нэг жалга довны үзэл байгаагүй. Монголын бөхийн ёсонд дээшээ цойлж барилдах нь гарцаагүй залуу бөхөд зодог тайлах нас намбандаа очсон том цолтнууд тахимаа өгдөг байж. Тэрнээс тэдэнд жалга дов, нутаг нугийн үзэл гэж байсангүй. Монгол бөхөд барилдалгүйгээр тахимаа өгч байсан уламжлал, ёс жудаг ийм л хүндэтгэх шалтгаантай байжээ.

Гэтэл энэ жилийн улсын наадмаар залуу аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар барилдалгүйгээр шууд л бууж өглөө. Энэ уламжлал мөн үү. Үе мултраагүй залуу бөхөд, үе насны бөхчүүддээ зүгээр л элэг бүсээ тайлсан нь ард түмэнд огтхон ч таалагдсангүй. Энэ хоёр залуу аварга ард түмний нүдэн дээр барилдалгүйгээр бууж өгсөн үйлдэл нь уламжлалаа, бөхийн ёс жаягаа дагаж зодог тайлж байгаа юм байна гэсэн сэтгэгдлийг монголчуудад төрүүллээ. Хэдэн насандаа аварга цол авчихаад, хэдэн жил барилдчихаад элэг бүсээ тайлж байгаа хүмүүс юм бол. Уг нь бол дор хаяж 15 жил баруун, зүүний магнайд гарах насны бөхчүүд шүү дээ. Дахиж барилдахгүй гэж бодохоор бөхийн хорхойтнуудад харамсалтай л байгаа байх. Дахиж барилдуулах ч боломжгүй гэдгийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ удахгүй мэдэгдэх биз. Хариуцлагыг нь үндэсний бөхийн дүрэмдээ тодорхой заачихсан байдаг юм билээ. МҮБХ-ны дүрэм бол бөхчүүдийн хууль. Ардчилсан нийгэмд ямарч хүн нэг л зарчмаас гажих эрхгүй. Тэр бол баталсан хууль, хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй дүрэм, журмыг зөрчиж болохгүй гэсэн. Тэгэхээр хуулиараа бол аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар энэ жилийн наадмаар бөхийн карьераа дуусгавар болгов бололтой.

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд барилдахгүй бууж өгсөн бөх ямар хариуцлага хүлээх талаар хэрхэн заасныг МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, улсын харцага Д.Сэрээтэр гуай ингэж хэлсэн байгаа. Энэ ярилцлага бол наадмаас хойш МҮБХ-ноос анх удаа, албан ёсоор өгч буй тайлбар ярилцлага. Тэрбээр, “Энэ жилийн наадмаар улсын үнэн хүчит аваргууд учраа бөхдөө элэг бүсээ шууд тайлж өглөө. Тухайлбал долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар нутгийн бөхчүүддээ шууд л элэг бүсээ тайлж, тахимаа өгсөн. Уг нь бол өвдөг газар хүрч байж элэг бүсээ тайлах ёстой юм. Ийм үйлдэл цаашид олшрох юм бол наадам наадам биш болно. Олон түмнийгээ хүндэтгэн, төрт ёсоо дээдэлж, үнэн хүчийг үздэг наадмаараа барилдахгүй бууж өгнө гэдэг муухай харагдаж байна лээ. Энэ нь дүрмэндээ бий. Үндэсний бөхийн дүрмэнд “тухайн бөх учраа бөхтэйгээ барилдахгүй, элэг бүсээ тайлж, бууж өгвөл хоёр бөхийг барилдаанаас шууд хасна” гээд заачихсан байдаг. Энэхүү дүрмийг манай бөхчүүд мөрдөхгүй байна. Иймэрхүү нарийн зүйлсийг ард түмэн бас ойлгох хэрэгтэй. Хэрэвзээ дүрмээрээ хасчвал наадамчид их дургүйцнэ. Тэгэхээр МҮБХ олон түмэнд бөхийн дүрмээ илүү тодорхой сайн тайлбарлах хэрэгтэй болж байна. Дүрмээ ягштал баримталмаар байна” гэж. Энэ ярилцлагаас харвал энэ жилийн наадмын бөхийн хамгийн дуулиант барилдаан болох аварга Санжаадамба, аймгийн арслан Ганжад хоёрын барилдааны бичлэгийг үзэж эцсийн шийдвэр гаргахыг хүмүүс хөлийн цэцүүдээс шаардсан. Гэвч үндэсний бөхийн дүрмэнд хоёр бөхийн барилдааныг камерийн бичлэгээр шүүхгүй гэж заасан гээд хөдлөөгүй. Энэ барилдаан дээр МҮБХ дүрмээ яс тас баримталлаа. Тэгвэл Д.Сэрээтэр харцагийн ярьж байгаа шиг барилдалгүй бууж өгвөл бөхийн барилдаанаас хасдаг дүрмийн заалтаа бас хэрэгжүүлэхгүй яасан юм бол. С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр хоёрыг дүрмийн дагуу барилдах эрхийг нь хасч, бөхийн барилдаанаас хөөх хууль дүрэмтэй л байсан юм байна шүү дээ. Нэг дэвжээн дээр адилхан барилдаж байгаа бөхчүүдийн нэг хэсэгт нь дүрэм үйлчилдэг, нөгөө хэсэгт нь огт үйлчилдэггүй нь шударга ёс мөн үү.

Монголын ард түмэн наадмаараа зөвхөн үнэн хүчийг үзсэн бөхийн барилдаан харж баясах гэж талбай дээр очдог, зурагтынхаа өмнө тухалцгаадаг. Тэрнээс барилдах гэж гарч ирээд барилдалгүй буугаад өгчихдөг, тэгээд тэврэлдэж, маяглахыг нь харах гэж наадмын талбай руу мянга мянгаараа очдоггүй юм. Бөхчүүдийн хийх гол ажил бол уран хурц барилдаан үзүүлж ард түмнээ баясгах, сэтгэлийг нь сэргээх явдал. Монгол үндэсний бөхийн барилдааны үндсэн философи ч энэ.

Тахимаа өгөхдөө хүрвэл жаахан ч гэсэн ухаалаг, мэдрэмжтэй баймаар байна. Хүний амьдрал болохоор гарцаагүй бууж өгөхөөс өөр аргагүй байдалд ордгийг үгүйсгэхгүй. Шууд нутаг нуга, найз нөхөд, ах дүүгээ битгий амла. 2001 оны 80 жилийн ойн их баяр наадмаар Д.Цэрэнтогтох аваргын тавын даваанд гаргасан нэгэн залийг миний бие дэргэдээс нь харж байсан юм. Аваргын том охинтой суусан аймгийн арслан Рагчаа /одоо улсын гарьд/ тавын давааны босгонд очлоо. Д.Цэрэнтогтох аварга эрэмбээрээ хамгийн эхэнд ам авна. Хүн бүхэн хүргэн хүүгээ амлаж цолонд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байв. Тэгсэн аварга Говь-Алтай аймгийн арслан Гансүх гэж залууг амлалаа. Тэрүүхэн зуурт бөх сонирхогчдын толгойг эргүүлчихэж байгаа юм. Гансүхийг амлах ёстой өөр нэг том цолтой бөхтэй амаа сольчихсон л байхгүй юу. Ядаж нэг иймэрхүү ил цагаан бус баймаар байна. Бууж өгөх барилдаанаа эвтэйхэн өрнүүлээд унаад өгч байгаа том цолтнууд байдаг. Харьж яваа бөхийн хөл, үе суларсан байдаг. Ийм бөхчүүд гишгэлт, зогсолт сайтай залуу бөхчүүдийн хөлд нь ороод суначихаж байгаа харагддаг. Сөхрөхгүй шүү гэж хичнээн чармайгаад ч жүдо, самбо бөхөөр давхар хичээллэдэг залуу бөхчүүдийн төмөр гадас шиг хөлийг дээш гаргахгүй нь тодорхой. Нүүр ам нь минчийж хамаг хүчээрээ хөлтэй нь ноцолдсоор унаж байгаа том цолтонг хэн худлаа барилдсан гэх юм. Ядаж ийм барилдаан үзүүл л дээ. Бууж өгөхдөө хамгийн уран гоёор бууж өгсөн нэгэн барилдааныг санаж байна. Улсын гарьд Д.Баяраа, Дорнод аймгийн арслан Чимэддорж /одоо улсын начин/ хоёрын барилдаан юм. Тэр үед ийм барилдааныг бөхийн тайлбарлагчид гайхамшигтайгаар дээш нь гаргаж тайлбарладаг байлаа. Чимэддорж начин, Баяраа гарьдын баруун хөлд нь явсан юм. Бөх тайлбарлагч, улсын начин А.Ганбаатар ёстой нөгөө гайхамшигтай хурдтай тайлбар хийсэндээ. “За, Чимэддорж начин, Баяраа зааны баруун хөлд нь явлаа, дутуудлаа… тойгдлоо, тойрч ард нь гарлаа, хоёр хөлийг нь хамлаа…” гээд л явж өгсөн. Үзэгчид нирхийтэл босч орилоод л. Барилдаан, тайлбар хоёр яг зэрэгцээд явж байгаа. Чөлөөт бөхөөр олон жил сайн барилдсан Баяраа гарьд хөлдөө оруулчихаад тэгж орооцолдуулан, унах байх хоёр дунд цаг авч үзэгчдийг хэсэгтээ өндөлзүүлж байгаад унаад өгсөн. Үнэндээ худлаа барилдаан л байхгүй юу. Одоо тийм юм алга болчихож. Энэ бүхэн өнөөдрийн бууж өгч буй аваргуудад, том цолтой бөхчүүдэд зориулсан аргаа барсан үгс гэж ойлгоорой. Та нарыг л, үндэсний бөхийг л аврахын тулд бичиж байна. Энэ жилийн наадмаар энэ цаг үеийн өнгө болсон залуу аваргууд барилдахгүй бууж өгч үлгэрлэлээ. Ирэх жилээс улсын арслангууд элэг бүсээ тайлцгаах биз. Залгуулаад гарьдууд ингэнэ. Ийм байдлаар дээрээсээ доошоо явсаар аймаг, сумын наадамд хүрнэ биз. Ингээд л таван жилийн дараа гэхэд үндэсний бөх үзэгчгүй болж сөнөвөл яана. Хүн гэдэг амьтан худал хуурмагт хэзээнээсээ дургүй. Үүнд цэг тавих эцсийн зогсоол бол энэ жилийн наадмаар барилдалгүйгээр бууж өгсөн улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар дахиж барилдахгүйгээр одоо зодог тайлж, уламжлалаа, монгол бөхийн ёс жудгаа, бөхийн барилдааны дүрмээ дагах явдал. Ер нь энэ жилийн наадмаар энэ хоёр аваргыг зодог тайлж байгаа хүмүүс юм байна гэж олон хүн ойлгосон. Дараагийн аваргууд нь хэн байх бол гэдгийг ярьж эхэлсэн байна лээ. Ирэх жилийн наадмаар шимтэн харцгааж дээ. Зодог тайлж буй хоёр залуу аваргын орон зай өсч яваа хүчтэнүүдэд том боломж гэсэн үг. Үнэн хүчийг үзэн барилдах л үлдлээ дээ, дороос гарч байгаа хүчтэнүүдэд.

Б.НЯМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нэрт нийтлэлч Баабарын “Болдог бол энэ дэлхийг нэг сайн өшиглөөд авах юмсан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

QMC группийн захирал М.Дагва “Буруу шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалт үргэлээ гэдэг нь бидгий гол алдаа” хэмээн өгүүлжээ. Тус ярилцлагыг тэргүүн нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэний “Сандал ширээнээс илүү нийгмийн эрх ашгаа бодох цаг болсон” хэмээх ярилцлага “Улс төр” нүүрт хэвлэгдээ.

Өдрийн сурвалжлага булангаараа оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замын ажлыг эсэргvvцэж буй талаар сурвалжиллаа.

“Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Болдог бол энэ дэлхийг нэг сайн өшиглөөд авах юмсан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Хэлэх эрхийн индэр” буланг дөрөвдүгаар нүүрнээс уншаарай.

“Гарын үсэг зурсан гишүүдийн ард ямар эрх ашиг нуугдаж байна вэ?” хэмээх нийтлэл “Улс төр” нүүрт хэвлэгджээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Зөрчлийн тухай хуулийн таны мэдэж байх ёстой онцлох заалтуудыг хургэж байна.

“Дэлхийн мэдээ” “Оросын Ростов-на-Дону хотод түймэр гарч онц байдал тогтоожээ” хэмээн онцолсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Саудын Арабтай хамтарсан махны үйлдвэр барих чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар боллоо

Саудын Арабтай хамтарсан махны үйлдвэр барих чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар боллооХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Саудын Арабын Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Сауд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч /2017.08.22/ уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Саудыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн зорилтын талаар товч мэдээлэл өгөв.

Тодруулбал, “Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” уриан дор “Мах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100”, “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх зэрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж эхэлснээс хойш олон ажил хийж байгаагийн нэг нь махны экспортыг нэмэгдүүлэх юм. Монгол Улс Саудын Араб Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа. Манай Улс мал, мах экпортлох асар их нөөц бололцоотой орон. Монгол Улс жилд дунджаар 150.4 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоолол бий. Манай улсын нийт малын тоо өнгөрсөн оны байдлаар 61.5 сая толгойд хүрсэн. Өнгөрсөн онд 9.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн ОХУ, БНХАУ руу экспортолсон. Хөрш орнуудын зах зээлийн эрэлт нь гол төлөв бод малын мах байдаг. Харин манай улсын нийт малын 85 орчим хувийг бог мал эзэлдэг. Тиймээс хонь,ямааны мах гуравдагч орнууд руу экспортлох нөөц бололцоо байгаа учир бог малын махны экспортийн чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан махны үйлдвэр байгуулах сонирхолтой байгааг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дурьдав.

Саудын Арабын Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Сауд “Манай улсын хувьд махны хэрэглээ өндөр улс. Хамтарсан махны үйлдвэр байгуулах талаар судалж хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай байна” гэдгийг хурлын үеэр онцоллоо.

Хуралдааны төгсгөлд Саудын Арабын Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Сауд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг өөрийн улсад албан ёсны айлчлал хийхийг урьж, хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-тай хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Image result for хар тамхитай тэмцэх

Mонгол Улсын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Лю Сиао Хуй, Хөх хотын Гаалийн цагдаагийн газрын дарга Жоу Жюн нартай ажлын уулзалт хийжээ. Уулзалтаар гаалийн зөрчил, хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчинг баталгаажуулсан байна.

Хамтын ажиллагааны хүрээнд зөрчлийн мэдээлэл солилцох, мэргэшүүлэх сургалт хийх, Хар тамхи илрүүлэх техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хоёр тал тохиролцсон ба Хятадын цагдаагаас зургаан төрлийн хар тамхи илрүүлэх 10 иж бүрдэл хэрэгслийн дэмжлэг үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Япон улстай үлэг гүрвэлийн судалгааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах, гарын үсэг зурах ажиллагаа боллоо. Тус санамж бичигт ирэх дөрвөн жилд хамтран хэрэгжүүлэх “Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл” судалгаа шинжилгээ, сургалт танин мэдэхүйн хамтын ажиллагааны хүрээнд гарын үсэг зуржээ.

Япон улсын Окаяама хотын шинжлэх ухааны байгууллагатай Монголын ШУА-ийн Палеонтологийн төв, геологийн хүрээлэн 1992 оноос хойш хамтран “Монгол говийн экосистем” сэдэвт судалгааг хийж ирсэн байна. Энэ хугацаанд Монгол, Японы эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэлийн олон сонирхолтой олдворыг нээн илрүүлж, дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан аж. Түүнчлэн жил бүр Монголоос дөрвөн залуу судлаач, оюутныг Японд сургахаар болсон байна. Мөн палеонтологи болон үлэг гүрвэлийн судалгааг сонирхож байгаа Япон оюутан, сурагчдыг нутагтаа урьж хээрийн дадлага хийлгэхээр төлөвлөжээ.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар “Энэ удаагийн экспедиц зөвхөн үлэг гүрвэлийн судалгаанаас гадна орчин, мөн үлэг гүрвэлээр дамжуулаад Монголын говийн эртний экосистемийг сэргээн тогтоох судалгаанууд хийгдсэн байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог байгаа юм.

Монголын говиос олдсон дэлхийд гайхагдах олдворууд бий. Жишээлбэл, өмнө нь олдож байгаагүй бөөнөөрөө хадгалагдсан 15 үлэг гүрвэлийн зулзаганы яс олдсон. Мөн зургаан шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийг олж нээсэн. Хамгийн гайхалтай нь Монголд анх удаа үлэг гүрвэлийн мөрний судалгааг энэ экспедицийн явцад бий болгосон юм. Бусад оронд үлэг гүрвэлийн зөвхөн мөр нь олддог бол манайд нэг давхаргаас чулуужсан яс нь мөртэйгөө цуг олддогоороо онцгой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчныг аюулгүй болгон тохижуулах ажилд 860 сая төгрөг төсөвлөсөн байна

Image result for Сургуулийн орчин

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн. Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулийг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон байна. Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй болгож байна. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сарын нэгэн гэхэд бүрэн дуусах ажээ.