Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Үндсэн хуулийн зангилаа асуудал бол эрх мэдлийн хуваарилалт юм. Тухайн асуудлаар шийдвэрийг хэн хэзээ хэрхэн гаргах ба тэр нь хэрхэн хэнээр ямар үндэслэлээр цуцлагдахыг маш нарийн зааж өгөх ёстой. Ийм тодорхой заалтгүйгээс болж сул дорой төр буй болдог. Сул төр шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан шийдвэр нь эргэж буцдаг, улмаар шийдвэр амьдралд хэрэгждэггүй, энэ нь иргэдийг хуулийг үл тоомсорлох, төрд үл итгэх байдал руу түлхдэг. Сул дорой төр нь хөгжил дэвшил, нийгмийн эмх замбараа, дур зорго, зэрэгт голлон нөлөөлдөг хүчин зүйл юм.

Нийт ард түмний чөлөөт, өрсөлдөөнтэй сонгуулиар тодорхой өгөгдсөн хугацаанд олонхи болсон бүлэгт төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхийг олгодог. Эрх авсан бүлэг Үндсэн хуульд заасан төрийн инстүүцүүдэд хуваарилагдан зөвхөн улс төрийн шийдвэр гаргана. Харин үүнийг хуулийн хүрээнд гүйцэтгэн биелүүлэх ажил сонгуулиас үл хамаарсан аппаратуудад ноогдно. Ардчилсан төрийн ерөнхий зохион байгуулалт товчдоо энэ л дээ.

Хамгийн эртний ардчилсан уламжлалтай Бриатаний төрийг өдгөө хүчирхэг төр гэж үздэг. Тэд тусгайлсан бичигдмэл Үндэсэн хуульгүй ч Төрийн хууль, Ерөнхий хууль, Жишиг хууль гэсэн бүлэг тулгуур хуулийг нийлүүлж Үндсэн хуулийн хэмжээний суурь хууль гэж үздэг. Төрөөс гаргах шийдвэрийг нарийн зааглаж өгсөн учир зөвхөн харгалзах инстүүц өөрт ноогдсон шийдвэрээ гаргах ба түүнд нь хөндлөнгөөс оролцох боломж маш хязгаарлагдмал. Яг үнэндээ Британий ард түмэнд төрийн шийдвэрийг эсэргүүцэх хэдхэн гарц буй нь дараагийн сонгуульд эрх баригчдаас татгалзах, жагсаал цуглаан хийх, чөлөөт мэдээллийн хэрэгслэлээр эсэргүүцлээ илэрхийлэхээр хязгаарлагдана. Британий төр маш төвлөрсөн байдаг учир орон нутгийн захиргаанаас гаргах шийдвэр тоо хязгаартай, эрэмбэ зэрэглэлтэй. Үүнийг хуульд тодорхой зааж өгсөн. Тухайн инстүүц хариуцсан тухайн асуудлаараа эцсийн шийд гаргана. Хуульд нийцэхгүй бол үүнийг зөвхөн дээд шатны инстүүц, эсвэл бие даасан шүүхээс цуцлана. Хариуцсан инстүүц шийдвэр гаргах эрх бүхий асуудлаар бусад инстүүцээс санал авдаггүй, зөвлөлддөггүй. Өөрөөр хэлбэл “олуулаа зөвлөлдвөл буруугүй” гэдэг хэлц үгийг “олуулаа ярилцаж шийдээд буруутвал хариуцах эзэн олддоггүй” гэдэг утгаар ойлгодог.

Үүний яг эсрэг механизм Герегт буй. Герегийн төр олон албан хаагчтай данхгар том ч дэндүү чанар муутай. Герегчүүд өөрсдийгөө маш эртний төрт ёсны уламжлалтай, ардчиллын өлгий нутаг гэцгээх авч үнэндээ сүүлийн хэдэн зуун жил Осман Түрэгийн эзэнт гүрний нэг муж байсан, төрийн түшээд нь харь гүрний хөлсний албан хаагч төдий байлаа. Тусгаар тогтнолоо байлдан олж авсан гэцгээх ч үнэндээ гадны нөлөө, геополитик өрсөлдөөний дүнд тусгаар тогтносон. Тусгаар тогтносны дараа ч улс төрийн намууд нь нөлөө бүхий гадны гүрнүүдтэй холбоотой, тэдний хүслээр хөдөлдөг байв. Бодлого нь их гүрнүүдийн шатрын хүү төдий байлаа. Иймээс яг үнэндээ тэд олон мянганы төрийн уламжлалтай гэхээсээ шинэ тутам төрөө байгуулж байгаа улс юм.

Герег XIX зууны сүүлчээс чөлөөт сонгуультай болсон. Өөрөөр хэлбэл орчин үеийн төртэй болохоосоо өмнө нийгмийн ардчилсан тогтолцод оржээ. Иймээс ч клиентализм буюу төрөөс болон төрийн нэрээр үйлчилгээ худалдан борлуулах тогтолцоо гүнзгий нэвтэрч төрийг нь улам сул дорой болгож байна.

Авилга гэдэг нь хувийн болон бизнистэй холбоогүй, зөвхөн төр засагтай хамаатай үзэгдэл. Авилгатай холбоотой хоёр үзэгдэл байдаг нь төрийн эрх мэдэлтэн өөртөө унац буй бий болгох гэж хонжоо хайсан явдал, нөгөө нь ивээн тэтгэлт буюу бялуу хуваах үзэгдэл юм. Хүнд суртал, лиценз, тусгай зөвшөөрөл, хомсдол зэргийг ашиглаж төрийн түшмэл эрх мэдлээ зарах нь авилгын эхний хэлбэр. Авилгатай холбоотой хоёрдахь үзэгдэл нь нийгмийн зиндаа, эрх мэдлийн хувьд ялгаатай хоёр хүн, эсвэл бүлэглэлийн хооронд үүсч буй биенээ ивээн тэтгэх, харилцан дэмжих, үр дүнд нь буй болсон бялуугаа хуваах ивээн тэтгэлэгийн тогтолцоо юм. Өөрт нь үнэнч байж, улс төрийн тавцанд дэмжсэний шанд хариу хишиг хүртээх явдал болой. Дэмжсэний шанд албан тушаал, ашигтай ажил, зөвшөөрөл өгөхөөс эхлээд хамаатан саданг нь гэмт хэргийн хариуцлагаас мултлах, тусгайлсан хууль гаргах гээд өргөн хүрээг хамаарна. Бялуу хуваадаг тогтолцоонд улс төрчид зөвхөн өөрсдийг нь дэмжигчдэд хишиг хүртээнэ. Улс төрийн албанд оруулах, мөнгөн төлбөр өгөх, улс төрийн дэмжлэх үзүүлэх, дэмжлэгт тойрогтоо сургууль эмнэлэг барьж өгөх гээд есөн шидийн хэлбэртэй.

Хамгийн гол нь ивээн тэтгэлэгт тогтолцоо төрийг сульдан доройтуулдаг төдийгүй ялзруулдаг. Энэ тухай нэрт социологич Ф.Фүкүямагийн “Улс төрийн тогтолцооны ялзрал” номд маш тодорхой, олон жишээтэйгээр өгүүлсэн байгаа. Хүчирхэг төртэй байх нь ардчилсан төртэй байхаас ч илүү чухал ажгуу. Британийг ч, Герегийг ч аль алинийг нь ардчилсан бус төртэй гэх аргагүй. Гэтэл Герег нь орчин үеийн төр байгуулж эхэлснээсээ л улс төрийн намууд клиентализмыг хөхиулэн дэмжигч болжээ. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтолцоо нь дэмжигчид болон нийт ард түмнээ өөртөө авилгаар татдаг гэсэн үг. Бүртгэлийн систем нь олигтой биш учир газар хуваарилалтаас авахуулаад өмчийн ямар ч асуудалд бүрмөсөн нэг талд нь гарсан тууштай шийдвэр гаргаж чаддаггүй. Эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээ нь чанаргүйгээс гадна уртын урт оочиртой. Шүүх нь шийдээгүй хавтаст хэрэгтээ дарагдсан. Алив асуудалд шийдвэр гаргах гэхээрээ оролцохгүй иргэн, олон нийтийн байгууллага, төрийн инстүүт үгүй учир эцэст нь ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан ч түүнээсээ дороо ухардаг, цуцалдаг. Төрийн аль нэг инстүүц өөрийн хариуцах асуудлаар шийдвэр гаргахын тулд энэ хэрэгт хаа хамаагүй баахан инстүүц, улстөрийн нам, олон нийтийн байгууллага, орон нутгаас санал асууна. Мэдээж ийм юман дундуур олон талаас нь хувийн сонирхол чихэлдэнэ. Ингээд шийдсэн ч юм байхгүй, шийдлээ ч шал эсрэг шийдвэр гарна. Үүнийгээ ардчилал гэж нэрлэнэ. Үнэндээ хариуцлагаас зугтаж буй хэрэг. Эсвэл зориудаар авилгын сүлжээ үүсгэж буй нь тэр.

Эргэж буцсан үй түмэн шийдвэртэй болохоор иргэд төрдөө итгэдэггүй. Иймээс төрөө хардаж сэрдэх, гүтгэх гуйвуулах нь нийтийг хамарсан үзэгдэл. Төр нь итгэл хүлээж чаддаггүй учир иргэдээсээ татвар цуглуулж чаддаггүй. Юунд ч итгэхээ байсан ард түмэн хэдэн жилийн өмнөөс улс орон нь санхүүгийн маш хүнд байдалд орчихоод байхад Европын холбоо, Герман улс, Олон улсын валютийн сангийн тусламж дэмжлэгийг эсэргүүцэж, хөөрхий сул дорой Герегийг утсан хүүхэлдэй болголоо хэмээн эх оронч уур хилэнгээ дэрвэлзүүлэн хэнээрхэнэ.

Үндсэн хууль бол төрийн байгууламжийг тодорхойлсон, хамгийн дээд шатны, суурь хууль юм. Үүгээр улс төр, эрх зүй, эдийн засгийн суурь тогтолцоог тодорхойлдог. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, зөрчиж үл болох тогтолцооны акт. Үндсэн хуулиар эрх зүйн хэм хэмжээ, төрийн дээд байгууллагыг байгуулах болон функц үйл ажиллагаа нь ямар байх, төрийн инстүүцүүдийн хоорондын харилцаа, зэрэглэл зиндаа, цаашлаад эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрх мэдлийн хуваарилалтыг зааж өгөх, мөн төрөөс бие хүмүүстэй харилцах үндсэн зарчим зэргийг тогтоон хуульчилдаг. Үндсэн хуулийг үл зөвшөөрсөн, үгүйсгэсэн, эсрэг үйлдэл хийсэн аливаа явдлыг хориглох ба ийм зүйлд олныг уриалсан, өдөөн хатгасан улс төрийн нам, олон нийтийн байгууллага, бүлэглэлийг хуулиар хориглодог нь энэхүү нийгмийн гэрээг хамгаалсан үндсэн механизм болдог.

Нийгмийн гэлтгүй ерөөс алив гэрээнд гэрээг байгуулахаас ч илүү чухал заалт нь гэрээг зөрчих буюу цуцлах үед юу болохыг зааж өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хоёр хүн гэрлэхдээ ч гэрээ (амлалт) хийдэг. Насаараа амьдрана, араар нь тавихгүй, үр хүүхдээ хамтарч өсгөнө гэх мэт. Гэтэл үүнээс чухал юм бол гэрээ зөрчвөл, улмаар салж сарнивал яах вэ гэдэг нь бүр чухал асуудал. Хүүхдээ хэн нь авах, эд хөрөнгөө яаж хуваах гэх мэтчилэн. Гэр бүлд ийм маргаантай асуудал үүсч байхад бүх нийтээр биелүүлэх ёстой хуульд бүр ч нарийн тусгал хэрэгтэй нь ойлгомжтой байх.

Хувь хүнээс эхлээд хамт олон, компани бүлэг, төр, улс хоорондын байгууллага алхам тутамдаа ямар нэг шийдвэр гаргаж байдаг. Сүүлийн үед НҮБ-аар дамжин дэлхий нийтээр ч шийдвэр гаргадаг боллоо. Шийдвэрийн хариу зөв буруу байхдаа биш, шийдвэр гаргагч тухайн асуудалд хамаатай эсэх, шийдвэр гаргах механизм зөв эсэх нь илүү чухал юм. Энэ хоёр асуудлыг төрийн хэмжээнд яаж тодорхойлсон, эрх мэдлийг хэрхэн хуваарилсан, шийдвэр гаргахдаа бүгдийн хүлээн зөвшөөрсөн тоглоомын дүрэмтэй эсэх зэрэг нь улс орны хөгжил дэвшил, эмх замбараа, ойлгомжтой байдлын гол шийдэл болдог нь ардчилсан тогтолцоот Британи ба Герегийн хоорондоо маш ялгаатай үр дүнгээс илт харагдана.

Өдгөө дэлхийн ихэнх орноор хүлээн зөвшөөрөгдсөн “Хурлын дэг” хэмээх нэгдсэн жишиг буй болжээ. Энд гэр бүлээс эхлээд хамт олон, бүлэглэл, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, төр, Засгийн газар, шүүх, парламентиас шийдвэр гаргахдаа ямар үндсэн зарчмыг баримталбал маргаангүй болдгийг нарийн заасан байна. Энэ жишиг зуу гаруй жилийн өмнө анхлан томъёологдсон механизм юм. Энэ жишгийг хуульчлан баримталснаар алив шийдвэрийн маргааныг таслан шүүхэд туйлын хялбар болдог аж. Ямар ч шийдвэр маргаан дагуулдаг, үүнийг “шудрага”, “шудрага бус” гэсэн тодорхой дүрэмгүй мэтгэлцээнээр шийдэх бололцоогүй.

2017.8.12

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Парист П.Орхон төрийнхөө далбааг мандуулж, дэлхийн аварга болов

Урьд шөнө буюу 2017 оны наймдугаар сарын 23-нд Парис хотноо чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн “Алдар” спорт хороо, “Аваргууд“ академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аваргын төлөөх шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткач Остаркыг 6:3 ялж Дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр энэ тэмцээний хагас шигшээд Колумбийн алдарт бөх, олимпийн хошой хүрэл медальт Жаклин Кастильог 13:0 гэсэн оноогоор цэвэр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон П.Орхон Парисын дэвжээнд эхлээд Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0-ээр, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээ барилдаанд Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж эмэгтэйчүүдийн 63 кг-д Монголын эмэгтэй бөхчүүдийн амжилтын буухиаг үргэлжлүүлэн, дэлхийд данстай шилдэг тамирчин болсноо батлан харууллаа.

Ийнхүү эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн өрсөлдөөнтэй жинд Дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн ОУХМ П.Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ий 56 дахь медалийн эзэн болсон бол манай эмэгтэй бөхчүүдийн 23 дахь, харин Дэлхийн аваргын долоо дахь алтан медалийн эзнээр тодорч, бөхөд хайртай монгол түмнээ баярлууллаа.

Түүний багш гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, Цэрэнбаатарын Цогтбаяр нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүн ийнхүү Дэлхийн дэвжээнд алтан медаль болж гялалзан мөнхөрч байна.

Дашрамд сонирхуулахад, П.Орхон 1993 оны 12 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Багын сэргэлэн, цовоо, аливаад дүйтэй, адтай тэрбээр тэшүүр, шатар гээд спортын олон төрлөөр хичээллэж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бид нэг юм үзнэ [II]: Бүтээлч сүйтгэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины тэргүүн нүүрнээс сүүлийн үеийн гол сенсаци болоод буй МАН-ын дотоод асуудал хийгээд тус намын гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан тухай хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бид нэг юм үзнэ [II]: Бүтээлч сүйтгэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн тавдугаар нүүрнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Орос, Хятадтай сайн хөршийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн онцлон хэлжээ.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сүүлийн үед иргэд, жолооч нарын бухимдлыг хүргэж, замын түгжрэлийг эрс нэмэгдүүлээд буй зүүн тийш эргэхгүй байх шийдвэрийг эргэж харах тухай тодруулгыг сонирхон хараарай.

Манай сонины арванхоёрдугаар нүүрнээс Зам, тээврийн сайд асан, “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригттой хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Бид дэндүү цөөхүүлээ, жаахан гэдгээ ойлгохгүйгээсээ болоод том гүрнүүдийн тэргүүн баячууд шиг пээдэлзээд байна” хэмээн хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​Үр тарианы 90.3 мянган га-д ургац алдах урьдчилсан төлөвтэй байна

Related image

Энэ онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянга га-д тариалалт хийжээ.

Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбай ургац алдах төлөвтэй байна.
Гэхдээ 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувийг, хэрэгцээт гурилынхаа 52.5 хувийг, төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авах урьдчилсан төлөв гарч байна.

Categories
мэдээ улс-төр

​Баянзүрх дүүргийн Засаг даргаар Т.Баясахыг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон билээ. Тэгвэл түүний оронд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Т.Баясах томилогджээ. Т.Баясахын хувьд өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

​Л.Оюун-Эрдэнэ: УИХ-д 65 суудалтай нам маш том зангарагтай, хүчтэй Засгийн газартай байх байсан. Харамсалтай нь чадсангүй.

Related image

Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулжээ.


-Та Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан байсан?
-Судалгаанаас нийт иргэдийн 70 орчим хувь нь Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн байсан. УИХ бол ард түмнээси сонгогдож орж ирсэн бага ард түмэн байдаг. Гэтэл ард түмэн нь өөрсдөө ийн дүнгээ тавьчихсан байхад бид энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 ард түмэн манай намд ямар дүн тавих вэ гэдгээ маш тодорхой харуулчихлаа шүү дээ. УИХ-д 65 суудалтай нам маш том зангарагтай, хүчтэй Засгийн газартай байх байсан. Харамсалтай нь чадсангүй.
-Хэдхэн хоногийн өмнө Шадар сайд У.Хүрэлсэхийн “Херо”-гийн Баатартай хийсэн утасны яриа ил болсон. Энэ талаар…?
-Би гар утас тагнаж, чагнадаг хүн биш шүү дээ.

-Таны нэр хэд хэдэн удаа дурдагдсан?

– Хоёр хүн утсаар яриа л биз. Сонгуулийн дараа ярьсан гэж байна билээ. Үүнийг намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэг утасны ярианаас болж ялагдал хүлээлээ гэж сүбьективээр дүгнэж болохгүй. Баатар бол манай ах. Ах бид хоёр хожим танилцсан ах дүүс. Намайг танилцахад л Ерөнхийлөгч Баттулга, ах хоёр ойрын холбоотой байсан. У.Хүрэлсүх дарга “100 эрхэм” нэвтрүүлэгт нь орсон, тэд бас найзууд байсан. Тэгж ярьвал сонгуулийн өмнөхөн “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт орох гэж хамгийн их холбогдсон хүн нь М.Энхболд дарга өөрөө шүү дээ. Тэгвэл М.Энхболд дарга Б.Баатар ах хоёрын утасны яриа гаргаж тавь л даа.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан юм уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар үеэр МАН-ын нэг ч гишүүн намынхаа эсрэг ажиллаагүйг би хариуцлагатайгаар мэдэгдье. Генсекийн хэлдгээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, ажилласан. Ийм их хэмжээний хөрөнгө, мөнгө, цаг гаргаж ажилласан сонгуулийг би мэдэхгүй байна. Сүүлийн 10 жил улстөрийн амьдралд идэвхтэй оролцож байна. Бүх чадлаараа хичээсэн. Ц.Нямдорж гуай, Аюурсайхан, Нямбаатар гишүүн гээд бид тэргүүн эгнээнд орж ажилласан. Сонгуулийн үеэр бүлх залгичихсан мэт чимээгүй байсан хүмүүс, одоо юм яриад хэрэггүй ээ. Тухайн үедээ өрсөлдөгч намын нэр дэвшигчийн эсрэг ярихгүй яасан юм.

-Таны бодлоор Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН ялагдсан шалтгаан юу вэ?

-УИХ-ын даргаар ажиллах шийдвэрийг М.Энхболд дарга өөрөө гаргасан. Санаж байгаа бол би М.Энхболд даргыг УИХ-ын даргаар ажиллахын эсрэг саналыг ганцаараа өгсөн. УИХ-д 65 суудалтай том намыг дэмжсэн ард түмний итгэл найдварыг М.Энхболд дарга өөрөө Ерөнхий сайд болж ажиллаад, хариулах ёстой байсан.

Categories
мэдээ соёл-урлаг

“Никитон” хамтлагийнхан Дарханд тоглолтоо хийнэ

Дархан-уул аймагт энэ намрын хамгийн анхны том шоу тоглолтыг Мобиком Корпораци зохион байгуулах гэж байна.

Өндөр хурдны 4G, МАНАЙ ИНТЕРНЕТ, МЕССЭЖ зээл үйлчилгээнүүдээ Дархан-Уул аймагт нэвтрүүлсэнтэй холбогдуулан mobiLIVE show 2017 – NICITON хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтоор ДАРХАНчууддаа бэлэг барьж байна.

Шоу тоглолт наймдугаар сарын 25-ны БААСАН гарагт Дархан 50 цогцолборт болно. Тоглолтод урилгаар Fire хамтлаг болон DJ ANNA нар оролцоно.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов өнөөдөр бараалхав.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов ирэх 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой байгаагаа илэрхийлж, үүний тулд хил орчмын худалдаа, улс хоорондын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулж, гаалийн татвар, транзит тээврийн асуудлыг шинэчлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.

Categories
энтертаймент-ертөнц

Мисс Ч.Содтуяагийн охин Содонгоо “Азийн топ модель” болов

Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” буюу тэргүүн байранд шалгарчээ.

Есөн настай бяцхан мисс С.Содонгоо нь уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болох Шинэ Зеландын ‘ONE ONE’ хүүхдийн брэндийн нүүр царайгаар тодорсон бөгөөд Азийн загварын холбоотой албан ёсоор хамтарч ажиллах урилгаар шагнуулсан байна.

Энэхүү тэмцээнийг БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 20-ныг хүртэл долоо хоног зохион байгуулсан бөгөөд Азийн орны нийт 300 гаруй хүүхэд оролцож, авъяас чадвараараа өрсөлдсөн байна. Монгол Улсаас найман настай Гэрэлтэх “Олны таашаалд модель” шагналыг гардан авчээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улс зээлийн хүүгээ 9 хувь болгон бууруулах боломжтой” гэв

Эдийн засгийн ухааны эрдэмтэд, Голомт банкны эдийн засагч, шинжээчид судлаач болон гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсад Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсруулжээ. Зээлийн хүүг 9 хувьд хүргэж, хоёр дахин бууруулахад 20 гаруй реформ хийх 30 хуудас стратегийг Голомт банкныхан судалж боловсруулсан байна.

Энэхүү стратегийг Монгол Улсын төр засаг, хувийн хэвшил шат дараатайгаар хамтран хэрэгжүүлснээр банкны зээлийн хүүг 2024 он гэхэд одоо байгаа 19 хувиас 9 хувь хүртэл буулгах боломжтой гэнэ. Ингэснээр манай улсын эдийн засагт бодит өсөлтийг авчирч, иргэдийн амьдралд хувь нэмэр, бизнесийн салбарт шинэ боломжуудыг нээх ач холбогдолтой гэж Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг хэлэв. Уг стратегийг УИХ, Засгийн Газар, Монголбанк зэрэг шийдвэр гаргах түвшинд хүргүүлсэн байна.

“Зээлийн хүү бол эдийн засгийн эрүүл мэндийг харуулдаг үзэгдэл. Зээлийн хүүг хэн нэгэн сайн дураараа тогтоохгүй. Бид зээлийн хүү яагаад өндөр байгааг олон талаас нь судалж, таамаглал дэвшүүлсэн. Энэ таамаглал маань батлагдсан.

Өнгөрсөн 27 жилийн турш гадаад валютын эсрэг төгрөгийн ханшийг хамгаалахын тулд зээлийн хүүг зориуд өндөр түвшинд барьж ирсэн. Банкууд дээр төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 15 хувь байна. Долларын хадгаламж жилийн 6 хувийн хүүтэй. Бид хүчээр төгрөгийн хадгаламжийн хүүг 6 хувь болгон бууруулбал хүмүүс төгрөгөө зараад, долларын хадгаламж болгоно. Энэ нь иргэдийн төгрөгт итгэл итгэл сул байгааг харуулна.

Төгрөгийн зээлийн хүүг бууруулахын тулд хийх үндсэн стратеги бол төгрөгийн долларын эсрэг чадавхийг сайжруулах, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах алхмыг хийх ёстой.

Монголын эдийн засаг суурь өвчтэй болсон. Төгрөгийн ханш гадаад валютын эсрэг байнга сулардаг. 1990 онд бидэнтэй адил социалист улс байгаад чөлөөт зах зээлд шилжсэн улсуудтай харьцуулж үзсэн. Тэр улсуудын ихэнхийнх нь зээлийн хүү нэг оронтой тоонд орсон. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш долларын эсрэг 2450 гэсэн тоогоор яригдахгүй байна гэж Ө.Ганзориг онцоллоо.

Иймд төгрөгийн ханшийг ам.долларын эсрэг дархлаатай болгох цогц арга хэмжээг авахын зэрэгцээ мөнгөний зөв тэлэлт болон санхүүгийн захын реформыг хэрэгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээр зээлийн хүү буурах болно гэж судлаачид үзэж байна.

Төгрөгийн ханшийг тогтвортой, дархлаатай болгохын тулд валютын бодлого, эдийн засгийн, тодруулбал экспортын реформ, гадаадын шууд хөрөнгө оруулалтын тогтвортой урсгал, зээлжих зэрэглэлээр дамжуулж ам.долларын өртгийг бууруулах боломжтой гэж тэд дүгнэж байгаа юм. Мөн хөрөнгө болон мөнгөний зах зээлийн тэнцвэрийг бий болгох, санхүүгийн зах зээлд оролцогчдыг нэмэгдүүлэх үүднээс хувийн тэтгэврийн сангуудыг бий болгох, мөнгөний нийлүүлэлтийг бодит эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах зэрэг стратегийг боловсруулсан байна.

Б.Өлзийбаяр