Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл үүсчээ. Тодруулбал, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замын Бумбатын даваанаас-Хөөвөрийн гүүр хүртэл нийт 37 км газарт замын явах анги болон хөвөөнд их хэмжээний эвдрэл үүсчээ. Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхаарууллаа.
Month: August 2017
Өнгөрсөн лхагва гаригт Нью-Йоркт “Samsung” корпораци шинэ “Galaxy Note 8” ухаалаг утсаа танилцуулсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Энэхүү ухаалаг гар утас нь “Galaxy S8”-тай ижил нугардаг ч илүү том буюу 6.3 инчийн “Amoled” дэлгэцтэй, хос камертай, “Snapdragon” процессор болон 6GB RAM, 64GB багтаамжтай юм байна. “Galaxy Note 8” нь “Samsung”-ийн гол нэрийн бүтээгдэхүүн “Galaxy S8”-тай харьцуулахад илүү том дэлгэц, илүү дэвшилтэт функцүүдтэйгээрээ давуу талтай аж.
“Samsung” корпорациас “Хамгийн гол нь өмнөх цэнэг хураагуурын асуудал дахин давтагдахгүй” гэж мэдэгджээ. Note загварын энэхүү цуврал бүтээгдэхүүнээ “Samsung” ирэх есдүгээр сарын 15-наас олон улсын зах зээлд гаргах юм байна. Үнийн хувьд өмнөх загвар болон “iPhone 7”-оос арай үнэтэй буюу 850 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.
Өнгөрсөн онд энэхүү гар утасны өмнөх загвар цэнэг хураагуурын асуудал дагуулсантай холбоотойгоор тус компани нэлээд эрсдэлтэй алхам хийж байна гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус компаний “Note 7″ гар утасны шинэ загвар зургаан тэрбум ам.долларын нэмэлт зардал гаргахад хүргэсэн билээ. “Samsung”-ийн “Note” загварын гар утсууд “Galaxy S”-тэй харьцуулахад эрэлт бага ч дээрх хоёр загвар “Samsung” брэндийн “Apple”-тай өрсөлдөх нэрийн гол бүтээгдэхүүн гэж хэлж болохоор байгаа аж.
Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар томилсонтой холбоотойгоор тус албаны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Дүүргийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан түргэн шуурхай үзүүлэх, бүх төрлийн лавлагааг нийслэлийн Газрын албанаас гаргуулах үүргийг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун өгсөн.
Дээрх асуудалтай холбоотойгоор нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулаад, иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ гэдгээ хэллээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Нийслэлийн зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өглөө. Тэрбээр хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй. Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр хэвтээ, босоо тэмдэглэгээ хийгддэг. Энэ ажил тухайн жилд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд хийгдсэн. Зүүн эргэхтэй холбоотой зам дээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг судалж үзэхэд хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс, эргэлтийн зураасанд нийт 14 орчим сая төгрөг зарцуулсан байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” өнөөдөр ажиллаж эхэлж байна.
Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон мэдээлэхдээ:
-Нийслэлд авто тээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг таван салбарт явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж байгаа автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн авто худалдааны цогцолборт бүртгэх шийдвэр гарсан.
Цаашид авто машинуудыг шууд тээвэрлэн буулгах нөхцлийг судалж байгаа бөгөөд дараа жилээс тус ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн бизнес эрхлэгчдийн дунд авто тээврийн цогцолборт машинаа хэрхэн зөөх вэ гэх асуудал тулгардаг. Энэ тал дээр замын цагдаагийн газартай хамтран импортоор орж ирсэн машин буюу улсын дугаар аваагүй тээврийн хэрэгслийн явах маршрутыг гаргасан байна. Энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд БЗД-ээс ирж буй машинууд уулын замыг сонгож явах, Баянгол дүүрэг болон бусад дүүргээр явах гэж буй жолооч нар Нарны гүүр, Яармагийн зам, Сонсголон, авто худалдааны цогцолбор гэсэн маршрутаар явна гэв.
Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам:
-Авто худалдааны цогцолбор нь 6375 зогсоолтой. Үүнээс 1,200 нь эзэддээ оччихсон байгаа. Улаанбаатар хотод авто машин, сэлбэгийн худалдаа хийдэг есөн зах, 102 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрыг нэгтгэж, нэг цогцолборт төвлөрүүлэх нь олон давуу талтай. Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газрууд бий. Тэгэхээр иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНСЫГ ТАНИЛЦУУЛЛАА
2017 оны ургацын урьдчилсан балансыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.
Ургацын урьдчилсан балансаар 271,8 мянган тн үр тариа, үүнээс 259,2 мянган тн буудай, 102,3 мянган тн төмс, 75,7 мянган тн хүнсний ногоо, 23,6 мянган тн тосны ургамал, 47,3 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт халалтын нөлөөгөөр үр тарианы 90,3 мянган га, үүнээс улаанбуудайн 77,7 мянган га талбайн ургац алдаж, 15,2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74,6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54,3, хэрэгцээд гурилынхаа 52,5, төмсний 74,5, хүнсний ногооны 44,6 хувийг хангахуйц ургац хураан авах төлөв гарчээ.
Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус байгаагийн зэрэгцээ наймдугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах, улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаатай холбоотойгоор ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэж байна.
ЭХНИЙ ЭЭЛЖИНД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН УЛААНБУУДАЙГ ХУДАЛДАН АВНА
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 259,2 мянган тн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс ирэх оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30,0 мянган тн буудайн үр нөөцлөх бөгөөд тэжээлд 20,7 мянган тн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна.
Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлүүлж, дотоодын ургацаас Тариалан эрхлэгчдийг дэмжих санд 30,0 мянган тн үрийн буудай худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан, 2018 онд тариалалтад шаардагдах 60,0 мянган тн үрийг дотоодоосоо бүрдүүлэхээр тооцоход гурил үйлдвэрлэлд 165,5 мянган буудай нийлүүлнэ.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320,0 мянган тн улаанбуудай шаардлагатай бөгөөд 2017-2018 оны хэрэгцээнээс 154,5 мянган тн хүнсний улаанбуудай дутагдах төлөвтэй байна. Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудайг худалдан авч, дараагаар нь импортын улаанбуудайн асуудлыг ярина гэдгийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргасан “Дархан үйлдвэрлэл, технологиийн парк”, Орхон аймагт мөн ийм хүсэлт гаргасан “Эрдэнэт технопарк” ХХК-иудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олголоо.
Эдгээр төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжих нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзжээ.
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХОЁР ЖУРАМ БАТАЛЛАА
“Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг баталлаа. Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой болох юм.
Соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх журмын төсөлд үзлэг, тооллого хийхэд бэлтгэх, зохион байгуулах, дүн мэдээлэл тайлагнах, үзлэг тооллогын баримтын бүрдэл, түүнийг хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгож, үзлэг тооллогын комиссын эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.
“Түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам” хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр гаргах, оруулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулна. Тухайлбал, лиценз хүссэн өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, лиценз олгох, хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх, лицензид хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг боловсронгуй болгож, лиценз эзэмшигчийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.
ГАМШГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА
2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.
2017 наймдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3458 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, гамшгийн улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн бэртэж, 530 мянган мал хорогджээ.
Товч мэдээ
Соёлын өвийн төвийг Монгол Улсын соёлын өвийг бүртгэн мэдээлэх, авран хамгаалах соёл, эрдэм шинжилгээний чиг үүрэг бүхий “Соёлын өвийн үндэсний төв” болгон өөрчиллөө.
Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төвд” 2017 оны эхний хагас жилд нийт 7827 иргэн хандаж, санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 6993 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХУД-ийн VIII хорооны иргэн Э.Төрөө
Бүр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээр Хятадын олон ангит кино гарч байгаа нь хэр ёс зүйтэй хэрэг вэ. Хятад улсын бодлого нь манайх шиг хүн ам цөөн, зах зээл багатай орныг аажмаар өөрийн эрхшээлд оруулах байдаг. Энэхүү бодлогоо соёл, бараа бүтээгдэхүүн, шашин, эдийн засаг гэх мэт бүхий л чиглэл, нүх сүвээр дайран хэрэгжүүлсээр байх юм. Үүнийг нь мэдсээр байж, яагаад олон нийтийн телевизээр хятад кино гаргаад байгааг ер ойлгохгүй юм. Бүр олон ангит шүү. Хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа телевизээр гарч буй бүхэн нийгмийн оюун санаанд асар их нөлөө үзүүлдэг. Үүнийг цаашид болих хэрэгтэй. Гаргах олон ангит кино олдохгүй байгаа биш очиж, очиж хятад кино шүү. Дээхэн үед олон нийтийн телевизээр Солонгос, Орос, Америк кинонууд гардаг л байсан. Тухайн үед үндэсний телевизээс өөр суваг нээгдээгүй байсан учир ийн гаргахад үзэгчид дургүйцдэггүй байж. Харин өдгөө телевизийн тоо зуу давсан. Гурван сая иргэдэд энэ тоо маш өндөр гэсэн үг. Энэ олон сувгаар гадаад дотоодын олон ангит кино, нэвтрүүлэг хангалттай гарч байгаа. Ийм байхад монгол гэсэн нэртэй кино, нэвтрүүлгийг үндэсний олон нийтийн телевиз зай завсаргүй гаргаж байх учиртай. Гэтэл гадаад кино бүр хятадын олон ангит кино гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай санагдах юм. Орой бүр хуучны сайхан монгол киногоо гаргаж байж болдоггүй юм уу. Гол нь хятаддаа биш. Ер нь үндэсний олон нийтийн телевизийн бодлого гадаад дотоодын үзэгчдэдээ Монгол орныг сурталчилах, монгол ёс заншил, соёлыг түгээх гэж бодож байна. Улс эх орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудад монгол хүн гэж ямар хүнийг хэлэх, эртний үүх түүхийг түлхүү хүргэж байвал зүгээрсэн дээ. Юм олон талтай. Нэг талаас нь харахад олон нийтийн үндэснийхээ сувгаар хятад киног орой бүр хармааргүй л байх юм.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу. Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН
Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-“Маск” продакшны хамт олон шинэ уран бүтээлдээ орсон гэж сонслоо. Хэдийгээр үзэгчдийн хүртээл болох вэ?
-Манай продакшны хамт олон өнөөдөр ажилдаа цуглацгааж, тоглолтынхоо бэлтгэл, сургуулилтад орлоо. Есдүгээр сарын 15-аас эхлэн шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх юм. Манай продакшн зуны улиралд амралтын байдалтай байдаг. Амрах нэг нь амраад, зарим нь хувийн уран бүтээл хийгээд л өнгөрдөг дөө. Миний хувьд саяхан нээлтээ хийсэн “Лизинг” хэмээх уран сайхны кинонд оролцон тоглосон.
-Таны хувьд “Маск” продакшнтай үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн хамт байгаа жүжигчдийн нэг. Ер нь яагаад тус продакшнд орох болсон юм бэ?
-Би 2003 онд Кино урлагийн дээд сургууль төгсчихөөд 25-дугаар суваг телевизийн хамт олонтой “360” градус хошин мэдээллийн хөтөлбөр хийдэг байлаа. Харин 2006 онд “Маск” продакшн байгуулагдсанаар жүжигчнээр орсон. М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан ах нар маань хамтлагаа байгуулчихаад жүжигчин хайж байсан юм билээ. Тухайн үед надад “Тайзны урлагт хүч сорих бодол байгаа юу. Хэрэв тийм бодолтой бол манай хамтлагт орж, бид нартай хамт ажиллаж болно шүү” гэсэн л дээ. Энэ үеэс хойш “Маск” продакшнтайгаа хэдийнэ 11 жилийн турш хамт байж, ажил амьдрал, уран бүтээлээ холбоод явж байна даа.
-Жүжигчин болно гэхэд ээж тань тийм ч дуртай хүлээж аваагүй гэдэг юм билээ. Тэгвэл жүжигчин болох урам зоригийг өгсөн хүн нь хэн байсан бол?
-Ээж минь намайг жүжигчин болно гэхэд “Жүжигчин болоод хэрэг байна уу даа. Өөр мэргэжилтэй болвол зүгээр юм биш үү” гэж байсан л даа. Гэхдээ надад байгаа жаахан авьяас ээжээс минь эхтэй юм шүү дээ. Ээж минь урлагийн тун өндөр мэдрэмжтэй. Хийлийн концерт сонсоод уяраад уйлна. Надаар янз бүрийн уран зохиолын ном уншуулна. Тухайн зохиолын дотор нь орж сэтгэлээсээ сонсдог байсан. Басхүү бэлэн цэцэн үг ихтэй. Ах, эгчийг шүлэглэх нь холгүй л зэмлэдэг байж билээ.
Харин муугүй жүжигчин болох нь уу даа гэсэн үнэлэлт, дүгнэлт, өсөж дэвжих урмыг үзэгчид маань өгсөн. Тэр л урмаар тэтгэгдэж өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог юм.
-Таныг продакшныхаа жүжигчин Ж.Мөнхсайханд шавь болон орж байсан гэж сонссон юм байна. Ер нь жүжиглэх эрдмийг ямар хүмүүсээр заалгаж байсан бэ?
-Би Кино Урлагийн дээд сургуульд оюутан болж ороод Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон П.Цэрэндагва багшийнхаа шавь нь болсон. Манай ангийнхан Д.Мэндбаяр багшийн анхны төгсөлт болж байсан. Энэ хоёр сайхан хүн жүжигчин болох үндэс суурийг минь тавьсан юм. Жүжигчний уран чадвараас гадна хүний мөн чанар гэдэг ямар чухал зүйл болох талаар ойлгуулсан. Сайн аав, сайхан эр хүн байх хэрэгтэй гэдгийг зааж өгсөн дөө. Харин хошин урлагийн “Маск” продакшнд орж ирээд жүжигчин Ж.Мөнхсайхан ахад “Өөрийн чадах, мэдэх бүхнээ харамгүй зааж өгөөрэй” гээд хадаг барин багш, шавийн барилдлагатай болж байлаа. Олонд танигдсан дүрүүдийн ард Мөнхсайхан ах минь байдаг гэхэд хилсдэхгүй. Дүрд минь чимэг, шигтгээ нэмж илүү сайн болгодог. Зөвхөн уран бүтээлд минь нөмөр нөөлөг болоод зогсохгүй, “Миний дүүгийн амьдрал ахуй яаж байна” гээд л асуудаг юм. Би ийм л гурван багштай хүн дээ.
-Таныг “Чонын алтан шагай” уран сайхны кинонд эсрэг дүр бүтээж байсныг санаж байна. Ер нь эсрэг талын дүрд тоглох санал хэр их ирдэг вэ?
-Хошин урлагийн жүжигчин болоод ч тэрүү эсрэг талын дүр ирэх нь ховор байдаг юм. Одоогоор ихэвчлэн инээдмийн төрөл, жанрын кинонд тоглох санал ирж байгаа. Би хамгийн анх “Гялбаа” олон ангит уран сайхны кинонд эмчийн дүр бүтээсэн. Харин дараа нь мөн л олон ангит уран сайхны кино болох “Чонын алтан шагай”-д эсрэг дүрд тоглосон юм. Намайг анхандаа яг ч эсрэг дүрд хувиарлаагүй байсан л даа. Харин би өөрөө тэр дүрд чинь тоглъё, сайн бүтээж чадна гэж хэлсэн юм. Дүрдээ дурлаж тоглосон болоод ч тэрүү дажгүй болчихсон гэж боддог шүү. Би “Чонын алтан шагай” уран сайхны кинонд Содов хэмээх залуугийн дүрд тоглосон л доо. Тухайн дүрээ муу хүн гэж бодох бус, амьдралын төлөө тэмцэж л яваа нэгэн гэж бодох хэрэгтэй. Тоглож байгаа дүр бол чиний төрүүлсэн хүүхэд. Ямар ч хүн төрүүлсэн хүүхдээ муу гэж голдоггүй шүү дээ. Яг л үүнтэй адил. Багш нар маань ч тэгж л заадаг байсан. Миний хувьд эсрэг талын дүр бүтээх их сонирхолтой, басхүү надад зохимжтой байдаг юм болов уу гэж боддог.
-Цаашид хошин урлаг улам хөгжихийн тулд яах ёстой гэж боддог вэ?
-Монголд хошин урлаг хамтлаг, продакшны хэмжээнд маш сайн хөгжсөн гэж боддог. Нэг тоглолт байлаа гэхэд тэр чигтэй инээдэм биш, драм ч шигтгэсэн байх жишээтэй. Манай продакшны хувьд үзэгчид, дэлгэц, цирк, сонгодог бүжиг, драмтай цогцлоож үзүүлбэрээ үзүүлэхийг хичээдэг. Бүр заримдаа хоор дуу, сонгодог дууг ч дуулдаг. Үүний зэрэгцээ хувь жүжигчин өөрөө дүр дээрээ маш сайн ажиллах нь чухал. Хүмүүс инээх гэж, аз жаргал мэдрэх гэж л хошин урлагийн тоглолт үздэг шүү дээ. Тэгэхээр инээд хөөр бэлэглэхийн тулд маш сайн бодох хэрэгтэй. Мөн тэр инээдний цаана багахан ч гэсэн ухаарал өгөх ёстой гэдгээ ойлгох нь чухал болов уу.
Харин цаашдаа хошин урлаг маань илүү их мэргэжлийн болох ёстой. Урлаг бол гоо зүй, гоо сайхныг мэдрүүлж байх ёстой болохоос биш гудамжны гэж хэлэхүйц ёс бус хэллэг байх нь зохисгүй. Хэдэн хүн тайзан дээр цуглуулчихаад янз бүрийн юм яриад байж болохгүй шүү дээ. Энэ бол урлаг биш гэсэн үг. Хошин урлаг бол хүнийг шунан дурлуулдаг маш сайхан урлаг. Хошин урлагийн жүжигчид хоёр цагийн тоглолтод ээж, эмээ, өвөө, дүү, хүү болж хувирдаг. Энэ жүжигчнээс маш их өгөгдөл, ур чадвар шаардаж байдаг гэж би ойлгодог. Харин драмын театрын жүжигчид бол бэлэн тексттэй, найруулагчтай байдаг. Найруулагчийн хэлснээр зохиолын дагуу ажилладаг учраас амилуулахад илүү дөхөм болов уу. Мэдээж адилхан тайзны урлаг учраас хариуцлагатай байх нь дамжиггүй. Тайзны урлаг гэдэг “Хүмүүс ээ байж байгаарай. Бид нар сая алдчихлаа. Дахиад эхнээс нь эхлээдэхье” гэж хэлж болдоггүй хатуу зарчимтай.
-Аливаа зүйлд шантрах, цуцах үе байдаг шүү дээ. Таны хувьд урлагийн хүн болсондоо харамсаж, шантарч, өөр зам сонгох байж дээ хэмээн бодож байсан удаа бий юү?
-Нэг ч удаа харамсаж байсангүй. Хувийн л бодол л доо. Жүжигчний мэргэжлийг сонгосон л бол шунаж, дурлах хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь ихэнх хүмүүс бүр багаасаа л жүжигчин болохыг бодож, мөрөөдөж байж болдог болов уу. Тиймдээ ч жүжигчин болох байр сууриндаа үнэнч, тууштай огтхон ч харамсдаггүй байх. Миний хувьд ч ялгаагүй. Ажил цуглана гэхээр баярладаг, догдолдог. Тайзнаа гараад “Сайн байцгаана уу” гээд л үзэгчидтэйгээ мэндчилээд, үзүүлбэрээ үзүүлээд зогсож байхад амьдралын хамгийн сайхан бүхнийг мэдэрч байдаг. Учир нь энэ бол миний мөрөөдөл. Бага, залуугаасаа эхлээд л ингэж мөрөөдсөн учир, үүнээсээ буцна гэдэг байж боломгүй зүйл л дээ.
-Та аль нутгийнх вэ. Нутаг руугаа хэр их очдог бол?
-Аав, ээж минь Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүмүүс л дээ. Би ч мөн адил энэ нутаг усанд төрсөн. Говь-Алтай аймаг руугаа жил бүр л очихыг боддог. Нутагтаа их элэгтэй явдаг юм. Гэхдээ миний бага нас Партизаны сангийн аж ахуйд өнгөрсөн л дөө. Амьдралын минь сайн, сайхан гэрэл гэгээтэй бүхэн минь тэнд өнгөрсөн юм. Олон ч хүмүүс танина. Тиймдээ ч сэтгэлд их ойр дотно л доо. Өссөн торнисон газартаа очихоор аав, ээж ах, эгчтэйгээ байсан сайхан үеүд минь нүдэнд харагдана шүү дээ. Гэхдээ би ах, эгчтэйгээ нэг гэрт тийм ч удаан хамт байгаагүй л дээ. Би ахаасаа 20 насаар дүү. Намайг жаахан байхад л ах, эгч минь айл гэр болоод явчихсан юм. Би хэдий хэнз хүүхэд боловч тийм эрх танхи байгаагүй. Ах, эгч минь аав, ээжид нэг ч алгадуулж үзээгүй нас биенд хүрсэн байдаг юм. Гэтэл би дүрсгүйтэж ээжээсээ их л жавтий хүртдэг байж билээ. Сайхан үе шүү. Сонирхуулахад эгч минь миний ярилцлага өгсөн сонин сэтгүүл юу л байна бүгдийг нь нандигнан хадгалдаг юм.
-Та гэр бүлийнхэнээ танилцуулаач. Ам бүл хэдүүлээ вэ?
-Миний ханийг Түмэнсайхан гэдэг. Телевизийн найруулагч мэргэжилтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Том охин маань тавдугаар ангид орно. Харин хүү маань ой гурван сартай. Миний хувьд аавынхаа үүргийг сайн гүйцэтгэж, сайн хань байх юмсан гэж их л бодож явдаг даа. Мөн хамт олныхоо муугүй эд эс нь байж, нийгэмдээ хор хөнөөл болчихгүйгээр хийх ёстойгоо хийгээд л явахсан гэж зорьдог юм.
Хууль цаазын итгэмжит зөвлөх, ахмад прокурор Т.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр Монголын прокурорын байгууллагад тасралтгүй 36 жил ажиллахдаа Прокурорын тухай хуулийг батлалцахаас эхлээд Монголын онц ноцтой, дуулиан шуугиантай олон хэрэг дээр ажиллаж байсан нэгэн юм.
-Прокурорын байгууллагын 87 жилийн ой энэ онд тохиож байгаа. Прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн дурсамжаас тань ярилцлагаа эхлэх үү?
-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн. Миний аав Тогоонтөмөр гэж хүн байсан. Насаараа прокурорын байгууллагад ажилласан. Би ч аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлж прокурор болсон хүн. Гурван үеэрээ прокурорын байгууллагад ажиллаж байна. Миний хүү мөн л аавынхаа мэргэжлийг өвлөж авсан. Би ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангид 1973-1979 онд суралцаж төгссөн. Тухайн үед таван залууг сонгон авсны нэг нь би юм. Сургуулиа төгсөж ирээд Улсын ерөнхий прокурорын газрын шүүхийн хяналтын хэлтэст ажилласнаар ажлынхаа гарааг эхэлсэн. Тэнд хоёр жил ажиллаад Сүхбаатар аймгийн прокурорын орлогчоор томилогдож байлаа. Тэр үед манай гэр бүлийн хүн тухайн үеийн ЗХУ-аас сургуулиа төгсөөд ирсэн. Гэтэл “Танай гэр бүлийн хүн Увс аймгийнх юм байна. Чи Увс аймагт очиж ажилла” гэдэг юм байна. Ингээд аймгийн прокурорын газрын туслахаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад сүүлдээ орлогч дарга болсон. 1985 онд аймгийн прокурорын даргаар томилогдож, Увс аймагт нийтдээ арван жил ажилласандаа. Мөн Нийслэлийн прокурор, Хан-Уул дүүргийн прокурор, УЕПГ-ын Онцгой хэргийн мөрдөн байцаах тасгийн дарга, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих хэлтсийн дарга, Шүүхэд төрийн төлөөлөх газрын дарга, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга гээд л нэр хүндтэй, сайхан албуудад 36 жил ажиллаж дээ, ах нь.
-Увс аймагт ажиллаж байх үед чинь хил дамнасан малын хулгай их гардаг байв уу?
-Увс, Завхан аймгийн хувьд Туватай хил залгаа. Малын хулгайн гэмт хэрэг маш их гарна. Нутгийн иргэд малаа алдчихна. Гэмт хэрэгтнүүд хил даван орж ирээд нутгийн иргэдийн малыг туугаад явчихдаг байсан. Үүнийг таслан зогсоох, иргэдийн малыг эргүүлэн авчирч өгөхөөр бид бүх чадлаараа чармайдаг байсан. 1989 онд ОХУ манай улсын хооронд эрүүгийн болон иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй байлаа. Тэр гэрээний дагуу Монголын талаас малаа алдсан тохиолдолд Оросын нутаг руу 30 километр явж эрэл хайгуул хийх, мөр хөөх эрхтэй байсан. Бид Бүгд найрамдах Тува улсын шүүх, прокурор, улсын аюулгүй байдлын газартай ярилцан тохиролцсоны дүнд 50 километрт эрлийн групп явдаг болсон. Тухайн үед хийж чадсан чухал ажлуудын нэг нь энэ. Тува улсын хуулийн байгууллагад манай ангийнхан болон найз нөхдүүд байсан нь энэ ажлыг хийхэд нэлээд түлхэц болсон шүү. Мөн тухайн үед гарч байсан хил дамнасан малын хулгайн хэрэг болгоныг илрүүлж чадаж байсан даа.
-Та улсын дээд шүүхээс цаазаар авах ял оноосон хэргийг дахин мөрдөн шалгаад хэрэгсэхгүй болгож байсан гэдэг. Тодруулж хэлэх юм бол сэтгүүлч, зохиолч Ж.Барамсайн бичиж байсан “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш байгаа” гэсэн эрэн сурвалжлах нийтлэл бичиж байсан хэргийг шалгасан байдаг байх аа?
-Ээдрээ маргаантай олон хэрэг дээр ажиллаж байсан. Түүний нэг нь таны асуугаад байгаа хэрэг. 1990 онд Увс аймагт ажиллаж байх үед Улсын ерөнхий прокурор Г.Бахдал “Чамайг Улсын ерөнхий прокурорын газрын Чухал хэргийг мөрдөх тасгийн даргаар тавих тушаал гарсан. Долоо хоногийн дотор ирж ажлаа ав” гэдэг юм байна. Ингээд шинэ ажилдаа томилогдож ирлээ. Тэгсэн Эрдэнэт хотод Дугархорлоо гэх хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Тэр хүний амь насыг зургаан хүн бүрэлгэсэн гээд дөрвөн хүнд нь цаазаар авах ял оноочихсон байлаа. Хэрэг нь Улсын дээд шүүхээр хоёр удаа ороод хэрэг нь таслагдчихсан байв. Дуулиан шуугиантай энэ хэргийн талаар зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай сурвалжилж “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш байгаа” гэсэн нийтлэл “Үнэн” сонин дээр бичсэн. Үүний дагуу манай тасаг хэргийг дахин шалгаж эхэлсэн юм. Хэрэгт хууль хяналтынхан оролцоотой байсан учир Улсын ерөнхий прокурорын газрын Чухал хэргийг мөрдөх тасаг шалгасан юм. Хэргийг шалгахад маш хүнд байсан. 25 мянган хуудас 120 гаруй хавтаст хэргийг шалгаж дууссан даа. Манай тасагт Монголын шилдэг мөрдөн байцаагч Догсом, Дэрэм гээд мундаг сайн мөрдөн байцаагчид байлаа. Бид Архангай, Булган, Орхон аймагт олон хоног ажилласан. 25 мянган хуудас хэргийг гурван сар гаруй хугацаанд уншиж, түүвэр судалгаа хийж, тэмдэглэж авсан. Тэр үед гараараа л тэмдэглэл бичдэг байлаа шүү дээ. Ингээд хэргийг мөрдөн шалгаж дуусаад Улсын дээд шүүхэд хэргийн талаар дүгнэлт бичиж өгсөн. Бид хэрэгт авагдсан мөчид баримтаар гэм зэмгүй хүмүүсийг шийтгэсэн байгааг мөрдөн байцаалтаар тогтоосон. 12 өдөр шүүх хурал болж байсан. Улсын ерөнхий прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Отгонбаяр гэх эмэгтэй байсан. Түүний гэмт үйлдлийг мөрдөн шалгаж шийтгэсэн. Хилс хэрэгт шийтгэгдэж цаазаар авахуулах болчихсон хэргийн үнэн зөвийг манай хамт олон олж тогтоосон доо. Хуулийн байгууллага энэ хэрэгт ямар алдаа гаргасан байдаг вэ гэхээр Мягмар гэх хүн худал мэдээлэл өгсөн байдаг. Нуугдмал хэргийг илрүүлнэ гээд хорих ангиудад судалгаа хийж явахдаа Эрүүгийн цагдаагийнхан Мягмарын хэлсэн үгэнд хэт их итгэж, ийм алдаа гаргасан байдаг. Үнэхээр нийгэм даяар дуулиан шуугиан болсон хэрэг байлаа.
-Тойрон хүрээлэгч нарын хэргийг та шалгаж байсан. Монголын төрийг 44 жил удирдаж байсан Ю.Цэдэнбал дарга холбогдсон хэргийг ч мөн шалгасан байдаг. Улс төрийн товчооны гишүүдийг бүгдийг нь шалгасан гэдэг шүү дээ?
-Тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж үнэхээр дуулиан шуугиан болсон зүйл 1990 онд ид мандаж байлаа. Тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчооны гишүүдтэй холбоотой хэрэг юм. Улс төрийн товчооныхон тусгай хангамж хэрэглэж байна гээд Сангийн яам шалгалт хийсэн. Шалгалт хийсэн дүгнэлттэй холбоотойгоор Намын төв хороо, Улс төрийн товчооны бүх хүнийг шалгасан юм. Бүр Ю.Цэдэнбал дарга болон түүний гэргий Филатоваг шалгасан. Монголд ардчилсан хувьсгал ид мандчихсан цаг үе. Улс төрийн товчооны дарга гишүүдийг ажлаас нь буулгаж, шоронд хий гэж олон хүмүүс шахаж шаардсан. Намайг шинээр ажилд томилогдоод ирэх үед тойрон хүрээлэгчдийн хэрэгт Ю.Цэдэнбал түүний гэргий нарт хэрэг үүсгэчихсэн байсан. Хэргийг хурдан шийдвэрлэхийг шаардсан утга бүхий нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарах болсон. Тухайн үед улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Г.Бахдал Ерөнхийлөгч П.Очирбаттай уулзаж “Тойрон хүрээлэгчдийн хэргийн учрыг олмоор байна” гэж хүсэлт өгсөн байдаг. Ард түмэн Монголын хамаг хөрөнгийг Орос руу аваад явчихсан юм шиг ойлголттой байсан юм. Хэргийг шалгаж байгаа бид хэргийг хэрхэн шалгах талаар олон удаа хуралдаж ярилцсан. Ингээд Ю.Цэдэнбал дарга ОХУ-д хүнд өвчний улмаас гэрийн хорионд байдаг юм байна. Тэгэхээр ажлын хэсэг гаргаж Москва явъя. Эрүүл мэндийн хувьд хэрэгт шалгах боломжтой эсэхийг нэг мөр болгоё гэсэн шийдвэр гаргасан. Ингээд Улсын бага хуралд танилцуулга бичээд Орос руу явж эрүүл мэндийн хувьд ямар байгааг тогтоох дүгнэлт гаргуулахаар болсон доо. Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёвт “Манай хүмүүс Ю.Цэдэнбал нарт холбогдох хэргийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийг Ю.Цэдэнбалтай уулзуулж өгнө үү” гэх утгатай албан бичиг явуулсан. Албан бичгийн хариу удахгүй ирж, биднийг очиж уулзахыг зөвшөөрсөн. Бид Ю.Цэдэнбал даргын биеийн байдлыг ямар байгаа. Хэрэг хүлээх чадвартай юу гэдгийг эхний ээлжинд тогтоох ёстой байлаа. ОХУ руу явж Ю.Цэдэнбал дарга дээр очиж хэргийн талаар асууж тодруулж болохгүй. Өөрөөр хэлбэл, олон улсын хууль тогтоомжоор болохгүй асуудал. Өөр орны нутаг дэвсгэрт очиж мөрдөн байцаалт явуулж болохгүй. Ингээд Монголын урдаа барьдаг нэртэй, шилдэг эмч нарыг дагуулаад нууцаар шахуу ОХУ-ын Москва хотыг зорьсон. Эмч нарын багт анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Өлзийхутаг, мэдрэлийн шилдэг эмч Г.Доржжадамба, хүний гавьяат эмч Г.Цагаанхүү нарын таван хүн явсан. Бид Москва хотод очоод ажил маш хурдан шуурхай бүтнэ гэж ойлгож байсан. Яагаад гэхээр ОХУ-ын Ерөнхий прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст миний сайн таньдаг хүн байсан юм. Тэр хүний туслалцааг авна гэж тооцоолчихсон. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёвын уулзахыг зөвшөөрсөн бичиг байгаа гээд ярилцаж байлаа. Гэвч зорьсон ажил бүтэхгүй, Ю.Цэдэнбал даргатай уулзаж чадахгүй долоо хоносон. Уулзуулах үгүй нь тодорхойгүй байгаад байсан. Тухайн үед Монгол Улсаас ОХУ-д суугаа бүрэн эрхэт элчин сайд Н.Мишигдорж гуайг Ю.Цэдэнбал даргатай уулзуулж өгөх ажлыг шуурхайлж өг гэж шахаж байсан. Уулзаж чадахгүй хүлээх хугацаандаа өдөр бүр эмч нарт янз бүрийн сорилго даалгавар өгнө. Энэ мэтээр долоо хонож байтал гэнэтхэн биднийг Ю.Цэдэнбал даргатай уулзахыг зөвшөөрлөө гэж мэдэгдсэн. Москва хотын төв гудамж “Горький 36” байшингийн хоёр давхарт байгаа гэж хэлсэн. Эмч нараа дагуулаад очсон. Биднийг яваад ороход Ю.Цэдэнбал даргын бие нь их тааруу, ядарчихсан байсан. Хүнтэй юм ярихад хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч нутаг орныхоо талаар асуугаад л байсан даа. Эмч нар уулзаж, даралт гэх мэт зүйлсийг үзсэн. Ингээд эмч нар эрүүл мэндийн хувьд ял шийтгэл хүлээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Хэргийг шалгаж байгаа прокурорын хувьд Ю.Цэдэнбалд хэрэг хүлээлгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож байлаа. Манай багийнхан уулзахаас өмнө хоёр ч удаа Монголоос хүмүүс ирж уулзсан байдаг. Бид Ю.Цэдэнбал даргатай хамгийн сүүлд уулзсан нь тэр юм билээ. Биднийг уулзаад удалгүй бурхан болсон доо, хөөрхий.
-Ю.Цэдэнбал даргатай уулзаад гарч явахдаа та юу гэж бодож байсан бэ?
-Мэдээж би ажлаа хийж яваа төрийн хүн. Гэвч хувь хүнийхээ хувьд үнэхээр хэцүү байсан. Монголын төрийг 44 жил удирдсан хүн иймэрхүү байдалтай амьдарч байх гэж гэж бодогдоод, хоолой дээр хатуу зүйл тээглээд байгаа юм шиг болж, сэтгэл зүрх өмөрч байсан даа. Улсын дээд шүүхээс улс төрийн товчооныхон холбогдсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж байсан. Тойрон хүрээлэгчдийн хэргээс гадна Худалдааны ажилчдын хэрэг бас л дуулиантай хэрэг байлаа. Дорнод аймгийн худалдааны 32 ажилтанд холбогдох хэрэг байв. Таван жил хэргийг мөрдөн шалгаад дуусгаж чадаагүй хэргийг манай тасгийнхан шалгасан. Хуурамч падаан бичээд мөнгө төгрөгөө өгч авалцдаг сая гаруй төгрөгийн хохиролтой хэрэг юм. Тэр үеийн сая төгрөгний хохирол маш их мөнгөний асуудал байлаа. Хэрэгт холбогдсон эмэгтэй хүмүүс хэргийг шалгах явцад хоёр удаа хүүхэд төрүүлчихсэн байлаа. Манай хоёр мөрдөн байцаагч гурван сар орчим шалгасан. Би очиж ялын төлөвлөгөөг нь хийсэн юм. Мөн ОХУ-аас хил зөрчиж ирсэн хэрэгтнүүд дөрвөн хилчинг онц хэрцгийгээр хөнөөж, их биеийг нь дундуур нь хуваасан хэргийг мөн л шалгах ажлын хэсэгт багтаж байсан. Спиртний хэргүүдийг ч шалгаж явсан юм. Чингэлэг дүүрэн спирт хил даваад ирэхдээ ус болж солигдож байсан тохиолдол манайд бий шүү дээ.
-Таныг Прокурорын хууль батлах ажилд гар бие оролцож явсан гэдэг?
-1992 онд Үндсэн хууль батлагдсан. Энэ хууль батлагдсаны дараа прокурорын байгууллагын хууль байх ёстой юм байна гэж үзсэн. Ёстой л цагаан цаас ширээн дээр тавиад шинэ хуулийн судалгааны ажлыг хийсэн. Бид дэлхийн хэдэн оронд прокурорын байгууллага байдаг. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ гээд л судалж гарсан. Орос хэлтэй нь орос хэл дээр, англи хэлтэй нь англи дээр гээд л маш олон орны прокурорын байгууллагын хуулийг судалсан. Бүр гавьяат хуульч Б.Чимид гуайгаас асууж зөвлөгөө авч байлаа. Ингээд УБХ-д прокурорын байгууллагын тухай хуулийг 1993 онд танилцуулж батлуулсан. 1930 онд улсын VI их хурал хуралдсан байдаг. Тэр хурлаар прокурорыг шүүхийн харьяанаас гаргах шийдвэр гаргасан юм билээ. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн наймдугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тусдаа бие даасан нэгж болгосон. Ингээд аймгуудад прокурор байгуулж эхэлсэн түүхтэй.
-Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст ажиллаж байхдаа хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг тавуулаа хийсэн гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Прокурорын байгууллага хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг мөрдөн байцаах ажлын шугамаар хийж байсан. Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст дөрвөн прокурор ажиллаж байлаа. Манай хэлтэс 1937 онд хилсээр шийтгэгдсэн хүмүүсийн хэрэгт прокурор шинэ нөхцөл байдлаар дахин шалгаад Дээд шүүхэд дүгнэлт бичиж өгдөг. Түүнийг нь дээд шүүх хянаад цагаатгах ажлыг хийдэг байсан. Энэ их хариуцлагатай ажлыг ахмад прокурор Гомбодорж, Шийрэвдорж, Цэдэн-Иш, Бадарч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн. Бид 2000-2005 оны хугацаанд 28 мянган хүнийг цагаатгах ажлыг хийсэн. Улс төрийн хэлмэгдэлтэд 40 гаруй мянган хүн хэлмэгдсэн гэдэг. Одоо ч хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Тагнуулын ерөнхий газрын архивт байгаа хуучин монгол бичгээр бичсэн хэргийг кириллд буулгаж бичнэ. Ингээд хэргийн нөхцөл байдалтай танилцаж дүгнэлт бичих гээд маш тэвчээр, цаг хугацаа шаардсан ажил байсан шүү. 36 жилийн хугацаанд прокурорын байгууллагад ажиллахдаа найман хүний дор ажилласан байдаг юм. Тэр дундаа мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр олон жил ажиллаж байлаа. Би Улсын ерөнхий прокурорын туслахаар 12 жил ажилласан. Улсын мөрдөн байцаах газрын зургаан даргатай хамтран ажиллаж байлаа. Прокурорт их шударга, ажил мэргэжлийн ур чадвартай, хохирогчийн талд ажиллаж эрхийг хамгаалдаг зарчимч хүн ажиллах ёстой гэж бодож явдаг даа. Мөн Монголын прокурорын байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй явуулах шаардлагатай. Сүүлийн үед нээлттэй болж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна.
Амралт зугаалгын цаг хараахан дуусаагүй, хот ерөнхийдөө хөл хөдөлгөөн аядуу байгаа ч хөдөөнөөс хотыг зорьсон хүмүүсийн цуваа нэмэгдэж байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулж хотод суралцахаар ирж байгаа оюутан, сурагч, ажил хайж яваа хүмүүс эдгээр өдрүүдэд зарын сонин, сайтаас байрны элдэв зар уншиж байр савтай болчих санаатай бие биетэйгээ уралддаг. Есдүгээр сар гэхэд ерөнхийдөө төвд ойрхон, боломжийн үнэтэй байрууд бүгд эзэнтэй болчихдог учир ийнхүү аль болох эртнээс байр сурагладаг болоод удаж байгаа.
Оюутнуудын хувьд сургалтын төлбөрөө бүтэн төлчихвөл оюутны дотуур байрандаа ороход элдэв асуудал байхгүй. Ялангуяа нэг, хоёрдугаар курсийн оюутнуудад оюутны байрны үүд хаалга илүүтэй нээлттэй. Их сургуулиуд уламжлал ёсоор есдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос оюутнуудаа дотуур байрандаа оруулах бол зарим хувийн дээд сургууль 20-ноос эхэлж оюутнуудаа дотуур байрандаа суулгах юм байна. Зарим оюутны хувьд сургуулийнхаа дотуур байранд суухаас илүүтэй найз нөхөд, ах эгч, нутаг усныхантайгаа нийлж байр хөлслөх нь бий. Ах, эгчтэйгээ нийтийн байраар амьдардаг нь ч байдаг. Тун болохгүй бол айлын хажуу, байрны доод давхар буюу подвальд ч амьдарцгаадаг.
Байраа түрээслүүлэгчдийн хувьд сар сард нь төлбөрөө авахаас илүүтэй аль болох бөөнөөр нь болвол жилээр нь авчих сонирхолтой юм байна. Нэг, хоёр, гурван өрөө байраа түрээслүүлэхээр сонинд зараа тавьсан хүмүүстэй холбогдоход “Хүмүүс их утасдаж байна. Төлбөрөө сар сард нь найдвартай өгье гэж гуйцгаах юм. Гэхдээ бөөнөөр нь авчихвал бидэнд ашигтай.
Зарим хүн нэг, хоёр сар амьдарч байгаад гараад явчихдаг гэсэн. Тэгэхээр аль болох найдвартай хүмүүст л байраа түрээслүүлэх сонирхолтой байна” гэцгээж байлаа.
300 мянгаар түрээслэх нэг өрөө байрны төлбөрөө 3-6 сараар төлбөл ямар нэг хямдрал үзүүлэхгүй, харин бүтэн жилээр нь төлбөл 250 мянган төгрөг болж хямдарна гэсэн зар их байлаа. Баянзүрх дүүрэг, Офицер хавьд буй нэг өрөө байрыг түрээслэхэд тавилгатай эсэх, байршил зэргээсээ хамаарч 400-450 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол 13 дугаар хороололд дунджаар 450 мянган төгрөгийн ханштай байна.
Харин хоёр өрөө байр түрээслэхэд Хөгжим бүжгийн ойролцоо 600 мянган төгрөг, III, IV хороололд 500 мянган төгрөг, Жуковт 500-550 мянган төгрөг, тансаг зэрэглэлийн хоёр өрөө байр 2-2.5 сая төгрөгийн ханштай байна. Дөрвөн өрөө байрны хувьд байршлаасаа хамаарч 850-1.6 сая төгрөгийн ханштай байгаа. Иргэдийн хувьд нэг өрөө байр түрээслэх хандлага илүү байгаа аж.
Айлууд хажуу өрөөгөө хүмүүст түрээсэлдэг. Түрээслүүлэгч айлуудын хувьд цэвэрч нямбай, ганц бие эмэгтэй эсвэл 1-2 эмэгтэй оюутанд хажуу өрөөгөө түрээслүүлэх сонирхолтой юм байна. Зарим нь нэгдүгээр курсийн оюутнуудад л хажуу өрөөгөө түрээслүүлнэ гэжээ. Цагдаагийн академийн ойролцоо хажуу өрөө 200 мянга, 1000 оюутны байранд 200 мянга, 16 дугаар хороонд 200 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Бага тойруу хавьцаа 250 мянган төгрөг, нэгдүгээр хороололд 230 мянган төгрөгөөр айлын хажуу өрөөнд амьдрах боломжтой. Хажуу өрөөнд нь амьдрах хүн архи тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу, хүмүүжилтэй, эмэгтэй бол нэг их мөнгө нэхэхгүй 150 мянган төгрөгөөр л амьдарч болно, төлбөрөө сар сард нь өгнө гэвэл татгалзах зүйлгүй ч гэх хүн байлаа. Байршил, байр нь wifi-тай эсэхээсээ хамаарч хажуу өрөө 150-160, 220-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Бас хаусаа түрээслүүлэх ч айлууд байна. Тэд байшингаа аль болох урт хугацаагаар түрээслүүлэх бөгөөд сарын төлбөр нь 1.2-1.5 сая төгрөг гэж байлаа.
Хашаа байшин түрээсэлж амьдаръя гэвэл хотын төвдөө ойр байрлалтай бол 150-200 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хотын захад, төвөөс зайдуу бол 1-2 өрөөтэй галладаг байшинг сарын 50-70 мянган төгрөгөөр түрээсэлж болох бөгөөд төлбөрийг нь 1-3, 3-5 сараар авна гэжээ.
Нийслэл хотын гэр хорооллын зам дагуух байрлалд нийтийн байрууд олноор бий болсон. 32-ын тойрог орчим, 100 айл, Долоон буудал руу явах замын хоёр талд нийтийн байр олон бий болжээ. 32-ын тойргийн орчим байх нийтийн байруудаар ороход бүр төвхнөөд олон жил болчихсон айлууд их байна. Хэд хоногоос оюутнууд ирэхээр угаасаа өрөөнүүд дуусчихдаг гэж түрээслэгчид нь хэлж “Жил ирэх бүр бид байраа сайжруулж, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлдэг. Сантехникийн асуудлыг нь чадах чинээгээр шийдэхийг хичээдэг. Хэрвээ тохижилтыг нь сайжруулаад төлбөрөө нэмбэл хүмүүс орохгүй байх” гэдгээ ч тэд нуусангүй. Нийтийн байр түрээслүүлдэг Я.Баяраа “Нийтийн байр гэдэг чинь нийтийнх. Хэт нийтийнх гэж туйлширч байрныхаа эд хогшилд хайнга хандаж, бусад түрээслэгчдийнхээ ая тухыг алдагдуулдаг тохиолдол их гарна. Тэр бүрт нь бид сануулга өгч болохгүй бол байрнаасаа гаргадаг. Коридороо камержуулж, үйлчлэгч, харуултай болсон болохоор оршин суугчдаас гомдол гардаггүй” гэлээ.
Нийтийн байрууд голдуу хоёр давхар байх агаад дээд давхар нь бүхэлдээ нийтийн байр, доод тал нь дэлгүүр, дугуй засвар, авто засварын газар ажилладаг юм байна. Зарим нийтийн байр дотроо нэгдсэн жорлонтой ч тэр нь бөглөрөх асуудал байнга гардаг учир гаднаа жорлонтой. Оршин суугчид ундны усаа ойролцоох худгаас авдаг аж. Энэ хавьд нийтийн байр 150-160 мянган, Дэнжийн 1000-д 100 мянга, Чулуун-Овоо, Дамбадаржаад 150-180, 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Шар хаданд буудалдаа ойр нийтийн байрны сарын төлбөр нь 120 мянга. III, IV хороололд нийтийн байр 200 мянга, Дарь-Эхэд 70-90 мянган төгрөгийн үнэтэй байна. Тог цахилгааны мөнгөө өөрөө төлнө гэвэл гэр хороолол дахь нийтийн байрууд сарын 70-90 мянган төгрөгийн ханштай байна.
Хүмүүс бэл бэнчинтэй, боломжтой байсан бол шинэ байр худалдаж аваад л амьдрах байсан. Харамсалтай нь тийм боломж бүгдэд нь үгүй учир тэдний хэрэгцээ, эрэлтийг дагаж ийнхүү байр сав түрээслэх олон төрлийн бизнес дэлгэрчихээд байгаа юм. Иргэдийн худалдан авах чадвар буурсан учир шинэ байрны борлуулалт муу байгаатай холбогдуулж баригдаад 2-3 жил болсон байруудыг түрээслэх бизнес ч байна. Мэдээж шинэвтэр байр учир байршил, өрөөний тооноосоо хамаарч 350-500 мянган төгрөгийн ханштай. Гэхдээ баруун аймгууд, холын оюутнуудыг дөрвөн жилийн турш байр хайж зутраахгүй гэж мал хуйтай эцэг эхчүүд нь байр авч өгөөд түүндээ ахан дүүсээрээ, нутаг усныхаа найз нөхөдтэй бүлсэрч амьдраг гэж шийддэг хүмүүс ч бий. Уг нь наймдугаар сарын дунд үеэс орон сууцны үнэ эрэлтээ дагаад нэмэгддэг байсан бол энэ сард индекс нь буурсан үзүүлэлт гарчээ.
Толгой хоргодох байр хайж байгаа хүмүүсийн хувьд бас нэг сонголт байдаг нь подваль хөлсөлж амьдрах. Хотын төвийн орон сууцнуудын подвалийг хүн амьдрахад зориулж засч янзалсан бөгөөд сарын түрээс нь 130-200 мянга, 250 мянга, 130-140 мянган төгрөг гээд өөр өөр үнэтэй байна. Сансар, Баянцээлийн орчим дахь орон сууцны подвалиудыг хүн амьдрах зориулалтаар тохижуулж, халуун, хүйтэн усыг нь шийдэж, душ хийжээ. Ийм подвалийг 130-200 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Нэг өрөөнд 5-6 хүн амьдрах боломжтой аж.
Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА