Categories
мэдээ нийгэм

Ургацын урьдчилсан балансаар улаан буудайн 74.6 хувийг хураан авна

Улсын ургацын комиссын хуралдаан ХХААХҮЯ-нд боллоо. Хурлыг нээж ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Энэ жил 2017 онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянга га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбай ургац алдаж, 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувь, хэрэгцээт гурилынхаа 52.5 хувь, төмсний 74.5 хувь, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авах урьдчилсан төлөв гарч байна” гэв.

Хурлаар 2017 оны ургацын урьдчилсан балансын танилцуулгыг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, Ургацын ерөнхий төлөв байдал, хураалтын технологийн зөвлөмжийн талаар Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөвийн талаар Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Бэлчээрийн төлөв байдал, өвөлжилтийн талаар ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш нар мэдээлэл хийв.

Урьдчилсан байдлаар 296.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 64.0 хувь буюу 189.9 мянган га талбайг нь дэвшилтэд технологиор боловсруулсан бөгөөд цэвдгэш боловсруулалтын ажил үргэлжилж байна. Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30.0 мянган тонн үр нөөцлөхөөр санал ирүүлсэн. Дутагдах 30.0 мянган тонн үрийг дотоодын ургацаас авч нөөц бүрдүүлэх шаардлагатай болж байна.

Ургац хураалтад 1181 комбайн, 513 жатка, 224 үтрэм, 130 гаруй төмс хураах комбайн, 470 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар засвар үйлчилгээ хийгдэж байгааг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун хэлэв.

Мөн өнгөрсөн зуны хувьд 5-7 дугаар сард орсон хур тунадас нь зурвас газрыг хамарч аадар хэлбэрээр орж байсан нь тухайн бүс нутгийн зуншлагын байдалд харилцан адилгүй нөлөөлсөн зураглал гарч байна. Таримал ургамлын хувьд хамгийн их гантай бүс нутагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Төв аймгийн хойд болон баруун талын тариалан бүхий сумд, Булган аймгийн урд хэсэг хамрагдаж байна. Гангийн нөлөөнд алаг цоог нэрвэгдсэн аймагт Архангай, Өвөрхангай, Булган аймгийн баруун тал, Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан, Эрдэнэбулган сумд орж байна. Харин ганд харьцангуй бага нэрвэгдсэн хэсэгт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймаг бүхэлдээ, Булган аймгийн зүүн хойд талын сумд хамрагдсан ерөнхий зураглал гарч байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлж байсан юм.

Хуралдааны төгсгөлд ХХААХҮ-ийн сайд, улсын ургацын комиссын дарга П.Сэргэлэн ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, Төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж дараах АЛБАН ДААЛГАВАР-ыг өгөв.

Үүнд:

1. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, шуурхай зохион байгуулах, аж ахуйн нэгж, айл, өрх, иргэдийн хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургацын мэдээг үнэн зөв шуурхай гаргуулах, улсын нэгдсэн мэдээ тайланд хугацаанд нь тусгуулахыг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

2. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Газрын тосны газрын дарга Б.Баатарцогт нарт,

3. Ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл, гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, төмөр замаар тээвэрлэгдэх ургац тээвэрлэлтэд саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

4. Сортын үрийн хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

5. Энэ намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, нөөцийн агуулах элеваторын бэлэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, Монголын тариаланчдын холбоо, Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны тэргүүн, Гурилын үйлдвэрүүдийн захирал нарт,

6. Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусгахыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат, Гурилын үйлдвэрүүдийн захирал, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

7. Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, аймаг нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт,

8. Ургац хураалтын ажилд оюутан, цэргийн албан хаагчдыг татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах, тэдгээрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Ё.Отгонбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын дэд сайд С.Мөнгөнчимэг, Аймаг, нийслэлийн засаг дарга нарт,

9. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцож байгаа тариаланчид, ногоочид, оюутан сурагчид, цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эмнэлгийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Аймаг, нийслэлийн засаг дарга нарт,

10. Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчилах чиглэлээр хамтран ажиллахыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Л.Нинжжамц, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нарт,

11. Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай зам, гүүрэн дээр цагдаагийн эргүүл, пост ажиллуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны дарга Б.Даваа-зулд,

12. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, нийслэлийн иргэдийг хямд үнэтэй, чанартай ногоогоор хангах зорилгоор хотын дүүргүүдэд төмс, хүнсний ногооны борлуулалтын цэг ажиллуулах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Н.Гантөмөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нарт,

13. Албан даалгаврын биелэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор гаргаж дүнг танилцуулахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуун, аймаг нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт тус тус үүрэг болгов.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улсын бондын өгөөж 18 хувьд хүрснээр азид тэргүүлж байна

ОУВС-ийн тусламжийн хөтөлбөр нь хөрөнгө оруулагчдад амжилтанд хүрэхэд нөлөөлдөг байж болох юм.

“Bloomberg Barcleys” индексээс үзэхэд ОУВС-гаас Монгол болон Шри Ланкт хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь энэ онд Азийн хэмжээнд хамгийн их ашиг өгсөн хөрөнгө оруулалт болж байна.

“AllianceBernstein” хөрөнгө оруулалтын шинжилгээний байгууллага Монгол Улсын мөнгөн тэмдэгтэд хийсэн шинжилгээгээрээ нүүрсний үнийн огцом өсөлт болон ОУВС-гийн тусламжтайгаар эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт авчирч байгааг Хонконг дахь олон улсын хөрөнгө оруулалтын фирмийн менежер Брэд Гибсоны шинжилгээнд үндэслэн дүгнэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сувилагчаар суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ

Image result for Сувилагчаар суралцаж байгаа оюутнуудТөв аймгийн хэмжээнд сувилагчийн хангалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Сувилахуйн сургуулийг сонгон амжилттай суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Ингэхдээ хоёр болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудын сургалтын төлбөрийг 40 хувь хүртэл хөнгөлөхөөр болсон байна.

Энэ оны байдлаар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн 99 байгууллагад 294 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Энэ нь нийт ажилчдын 64 хувийг эзэлж буй аж. Тухайлбал энэ жил 32, 2020 онд гэхэд 69 сувилагчийн орон тоог Эрүүл мэндийн салбарт нөхөн хангах шаардлага тулгараад байна хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Иймд энэ орон тооны дутагдлыг нөхөх үүднээс аймгаас Засаг даргын захирамжаар 2017-2020 оны хооронд хэрэгжих “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд “Сувилахуйн” мэргэжлээр суралцах оюутнуудтай гэрээ байгуулах юм.

Гэрээний хүрээнд энэ онд Төв аймгаас ЭЕШ-т өгч, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн сувилагчийн өдрийн ангийн хувиар авсан оюутнууд болон хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутнуудын сурлагын голч дүнг харгалзан сургалтын төлбөрийн 40 хүртэлх хувийг хөнгөлөхөөр боллоо.

Мөн дадлага хийх газар, төгсөөд ажиллах ажлын байраар хангах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бүсчилсэн сургалтууд 9,10 саруудад болно

Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Сургалтын агуулгыг хоршоодын удирдлагыг чадавхижуулах болон олон улсын туршлагыг таниулахад чиглүүлж буй бөгөөд Баруун бүсийн сургалт өнгөрөгч 5, 6 дугаар сард Архангай, Завхан аймгуудад амжилттай зохион байгуулагдсан.

Ээлжит сургалт энэ есдүгээр сарын 05, 06-нд Хэнтий аймгийн төвд буюу Хэрлэн суманд болох гэж байна. Зүүн бүсийн тус сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нийт 13 ХЗХ хамрагдах юм. Мөн есдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Хойд бүсийн сургалт Орхон аймагт болно. Баян-Өндөр суманд болох тус сургалтад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 16 ХЗХ хамрагдана.

10 дугаар сард Баян-Өлгий аймгийн болон Улаанбаатар хотын сургалтууд болох юм. 03, 04-ний өдрүүдэд болох Баян-Өлгийн сургалтад тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 12 ХЗХ хамрагдах бол нийслэлд 09-14-нд буюу зургаан хоног үргэлжлэх сургалтад Улаанбаатар хот болон Төв аймагт ажилладаг 193 ХЗХ хамрагдана.

Цуврал сургалтыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй ‘Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих’ төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын зарим гишүүд суулт хийж байна

ЗурагМАН-ын зарим гишүүд тус намын байр болох “Тусгаар тогтнолын ордoн”-ы гадаа хоёр дахь өдрөө эсэргүүцэл илэрхийлж, суулт хийж байна.

Тус намын Бага хурлын болон анхан шатны зарим Үүрүүдийн дарга, гишүүд оролцож байгаа эсэргүүцлээр намынхаа эв нэгдлийг хангах, жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсдог болох зэрэг шаардлага тавьж байгаа аж. Мөн намынх нь өнөөгийн удирдлагуудын сүүлийн үед хийж байгаа ажил ердөө намыг хагалан бутаргах үйл ажиллагаа болж байгааг, намын дотоод асуудлыг нийгэмд цацаж, гишүүдээ хагаралдуулан, талцуулж байгаа зэргийг шүүмжилж буй юм байна.
Тэд мөн намын Бага хурал, Их хурлыг дуустал тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянажээ. Үүний дараа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүллээ хэмээн Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүх засаглалтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь дэмжиж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн санал авах хэлэлцүүлгийг Нийслэлийн Багануур дүүрэгт өнөөдөр зохион байгууллаа. УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон баг өчигдөр Багахангай дүүрэгт ажиллаад, үргэлжлүүлэн ийнхүү Багануур дүүрэгт ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга С.Даваасүрэн болон тус дүүргийн I-V хорооны иргэд, хөдөлмөрчид оролцлоо. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан. Өнөө хүртэл Үндсэн хууьд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ өөрчлөлт оруулахдаа ард иргэдийн саналыг авч байгаагүй. Үндсэн хууль баталснаас хойшхи 25 жилд Монгол Улсын нийгэмд эдийн засаг, иргэдийн аж байдал өөрчлөгдсөн учраас нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон. Багануур дүүргийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, оршин суугч зэрэг 1200 гаруй иргэний саналыг амаар болон бичгээр авсан. Хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Иргэдээс төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй” гэлээ.

Багануур дүүргийн III хорооны иргэн Т.Хаянхярваа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Санал асуулгын хуудаст саналаа бичсэн байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх хадгалагдаж байх ёстой. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг халдаг, сольдог байдлыг зогсоох ёстой. Үүнийг нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаад иргэн хүнийхээ хувьд талархаж байна.

Багануур дүүргийн V хорооны иргэн Г.Тогооч “Монгол Улсын Үндсэн хуульд 1992 оноос хойш хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орлоо. Одоо гурав дахь удаагаа өөрчлөхөөр ард нийтийн санал, асуулга зохион байгуулж байна. Үндсэн хуулийн I зүйл заалт надад таалагддаггүй. Үндсэн хуульд Монгол Улс тусгаар тогтносон, Бүрэн эрхэт Бүгд найрамдах улс мөн гэж тусгасан атлаа улсынхаа нэрийг өгөхдөө Монгол гэсэн ямар ч авиа дуудлага, сонсголгүй нэр өгсөн. Иймээс нэмэлт, өөрчлөлтөөр Бүгд найрамдах Монгол Улс гэж оруулмаар байна . Хоёрдугаарт, шүүх засаглалын талаар хуулийн төсөлд хэлэлцэж байна. Би шүүх засаглалын талаархи нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дэмжиж байна. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайд 1992 оны Үндсэн хуульд аймгуудын төвийг сум гэж нэрлэсэн. Үүнийг хот болгон өөрчлөх нь зөв” гэсэн юм.

Тус дүүргийн иргэд хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцож, 1992 оны Үндсэн хууль сайн хууль байсныг тодотгож, нэмэлт, өөрчлөлт нэрээр бүх зүйл заалтад нь “гар хүрэхгүй” байхыг хүсэв. Мөн УИХ-ын гишүүн болон шүүгчийн насанд босго тавих нь зөв, мөн Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-тэй байх нь буруу хэмээн санал сэтгэгдлээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд Мөрөн хотын Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцов.

Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Монгол улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний В, С вирусын шалтгаант нас баралтыг зогсоох зорилт тавьсан. Энэ хүрээнд энэ онд 40-65 настай иргэдийг В, С вирусын шинжилгээ, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулахаар болсон. 2018 онд үлдсэн бүх иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна. Хөтөлбөрийн нээлтийг аймаг бүрт хийж, өдөрлөг зохион байгуулснаар иргэд заавал Улаанбаатар хот руу явж зардал, чирэгдэл болохгүй орон нутагтаа бүх төрлийн үзлэг, оношлогоонд маш идэвхтэй хамрагдаж байна. хөтөлбөрийн нээлт нийслэлийн 9 дүүрэг, 11 аймагт амжилттай явагдсан бөгөөд энэ хүрээнд нийтдээ 37 мянга гаруй иргэдийг элэгний B, C вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байна” гэлээ.

Хүн амын суурьшил, хөл хөдөлгөөн ихтэй тус аймаг сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлөөр улсад тэргүүлэх болсон байна. Тиймээс цаашид “Элэг бүтэн” Монгол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд төр засаг, иргэд, ААН болон салбарын бусад эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллана гэдгээ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Үүрийнбаяр онцолж байлаа. Нэгдсэн эмнэлгийн өмнөх талбайд өнөөдөр болсон өдөрлөгийн үеэр 500 гаруй иргэд үзлэг, оношлогоонд хамрагдсан юм.

Мөн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, ЭМЯ-наас өдөрлөгийн үеэр шарлагын иж бүрэн олон үйлдэлтэй аппаратыг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд, хүчил төрөгчийн өтөгрүүлэгчтэй аппаратыг Хатгал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгөхийн зэрэгцээ Яаралтай түргэн тусламжийн машиныг Хөвсгөл аймгийн зургаан сумын Эрүүл мэндийн төвд өгч, жолооч нарт түлхүүрийг нь гардуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүний элгийг нөхөн төлжүүлнэ

Шотланд, АНУ, Оросын эрдэмтдээс
бүрдсэн баг хүний элэгний доторх цөсний сувгуудын эсүүд нь элгийг нөхөн
төлжүүлэх процесст оролцдог болохыг баталжээ. Эдинбургийн нөхөн төлжүүлэх
анагаах ухааны төв, Массачусетсын технологийн хүрээлэн, Оросын Сколковын шинжлэх
ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн уг нээлт элэгний бүх төрлийн өвчин,
түүний дотор элэгний хатуурлыг эмчлэхэд ихээхэн туслах юм.

Элэгний эсүүд-гепатоцитүүд нь
нөхөн төлжих чадвартай энэ процесс ч хурдан явагддаггүй ажээ. тиймээс эрдэмтэд
элэгний хувьд үүдэл эсийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ элэгний зөөлөн эдийг
нөхөн сэргээж чадах өөр эсүүдийг хайх шинжилгээний ажлаа эхлүүлсэн байна.
шинжилгээний ажлын хүрээнд эрдэмтэд элэгний цөсний сувгуудын эс-холангиоцитыг
шалган туршилтыг хулгана дээр явуулсан. Туршилтын хулгануудын элгийг нь
гэмтээгээд, дараа нь элэг нь хэрхэн нөхөн сэргээгдэж байгаа явцыг ажиглажээ.
Хулгануудын элэгний зөөлөн эд энэ бүхнээс үл хамааран нөхөн сэргэсэн эсүүдийн
эх үүсвэр нь холангиоцит болжээ. Холангиоцитүүд цөсний сувгуудаас гарч гэмтсэн
гепатоцитуудын оронд элэгний эс болон хувирсан гэдгийг олж тогтоосноор бүх нууц
тайлагдав.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, дээрх механизмын аргаар элэг нөхөн төлжих нөөц
боломж нь гепатоцитуудын тусламжтайгаар нөхөн сэргэх механизмаас илүү өндөр
байж магадлалтай юм. Одоо эрдэмтэд элэгний цирроз өвчин туссан хүнийн элгийг
өвчтөнд өөрийнх нь холангиоцитуудыг шилжүүлэн суулгах замаар нөхөн сэргээж
сурахаар төлөвлөж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдах сурах бичгийн жагсаалт, үнийг гаргажээ

Image result for сурах бичгийн жагсаалт, үнийг гаргажээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас 2017-2018 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар, сурах бичиг худалдах компаний нэрсийг гаргажээ.

http://www.mecss.gov.mn/data/1708/Borluulakh-surah…