Categories
мэдээ цаг-үе

Р.БАТБААТАР: Бид зүүн хойд Азийн үндэсний хоолны хэв маягийг олон улсын тэмцээнд нутагшуулахыг зорьж байна

Ирэх сарын дөрөвнөөс наймны өдрүүдэд Монголд анх удаа олон улсын тогооч нарын “Чингис хаан” цомын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатартай ярилцлаа.


-Дэлхийн тогооч нарын тэмцээнийг Монголд зохион байгуулах хүсэл, мөрөөдөл тань биелэхэд цөөхөн хоног үлдээд байна. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш сайхан байна. Би Монгол Улсын 252 дахь мастер тогооч. Намайг бага байхад аав маань чи ямар мэргэжилтэй болох вэ гэхэд яагаад ч юм “Тогооч” болно гэж хариулж байсан. “Чингис хаан” цомын тэмцээн бол төв Азид зохион байгуулагдаж буй анхны олон улсын тогооч нарын тэмцээн болж буйгаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар тэмцээнд ОХУ, Хятад, Герман, АНУ, Солонгос, Итали, Румын, Турк, Катар, Польш зэрэг орнууд оролцохоо мэдэгдсэн байгаа. Энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулснаар бид монгол үндэстний хоол, монгол тогооч нарын ур чадварыг олон улсад таниулах боломжтой юм.

-Энэ тэмцээнийг угтаж бүсийн аварга, нийслэлийн аварга, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа шүү дээ. Монгол Улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцох тогооч нарын нэрс гарч эхэлсэн үү?

-“Чингис хаан” цом олон улсын тогооч нарын тэмцээний хүрээнд нийслэлийн аварга тогооч шалгаруулах тэмцээнийг зургадугаар сард хоолны шоутай хамтатган зохион байгуулсан. Мөн залуучуудын аварга, зүүн, хангай, төвийн бүсийн аварга тогооч, зөөгч нарыг шалгаруулсан байгаа. Ирэх сарын дөрөвнөөс зургааны өдрүүдэд эдгээр тэмцээнээс шалгарсан тогооч нар өрсөлдөж улсын аваргаа шалгаруулах юм. Манай улсаас одоогийн байдлаар 200 гаруй тогооч оролцохоор нэрээ бүртгүүлсэн байгаа.

-Удахгүй Бээжин хотод хятад хоолыг хамгийн сайн хийдэг тогооч шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана гэсэн. Энэ тэмцээнд манай улсаас ямар тогооч оролцох гэж байна?

-Энэ тэмцээн наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын нэгний хооронд зохион байгуулагдах юм. “Чингис хаан” цомын тэмцээнтэй цаг хугацааны хувьд тулгуу болж байгаа тул бид оролцож чадахгүйд хүрээд байна.

-Манай тогооч нар олон улсын тэмцээнд чамгүй амжилттай оролцдог шүү дээ. Ер нь монгол тогооч нар ямар төрөлд хамгийн амжилттай оролцдог вэ?

-Манай тогооч нар мэргэжлийн төрөлд их оролцож байгаа. 2009 оноос хойш олон улсын болон дэлхийн чанартай тэмцээнүүдээс 86 медаль хүртсэн амжилттай байна. Манай тогооч нарын хувьд махан хоол болон “Hot cooking” төрөлд сайн оролцох болов уу. Чимэглэл, дессерт гэх мэт төрөлд хөгжиж эхэлж байгаа учраас бусдаасаа туршлага солилцох, тэдний шинэлэг технологийг судлах боломжтой юм.

-Олон улсын тогооч нарын тэмцээнийг Монголд зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Бид Зүүн хойд азийн үндэсний хоолны хэв маягийг олон улсын тэмцээнд нутагшуулахыг зорьж байна. Монгол хүн Францад очоод тэмцээнд оролцлоо гэхэд итали, англи хоолоор өрсөлддөг. Монгол хоолны стандарт дэлхийд нийцдэггүй учраас монгол хоолоор оролцоно гэж байхгүй. Бид монгол хоолыг олон улс руу гаргаж, зах зээлд нийлүүлэхийн тулд түүнийг эхлээд зөв талаас нь танилцуулах, стандарт бий болгох шаардлагатай. Магадгүй олон улсын тэмцээнд зүүн хойд азийн орнуудын хоол гээд төрөл нэмэгдчих юм бол бид сая монгол хоолоо дэлхийд гаргах тухай яриад суух боломжтой болно.

Нөгөө талаар хөгшин европтой туршлага солилцож, залуучууд маань олон зүйл сурах боломжтой. Тэмцээний үеэр хийгдсэн хоолны зургаар ном гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байна. Цэцэрлэг, сургуулийн үдийн цай хөтөлбөрт болсон болоогүй, шарсан, хайрсан, хуурсан пирошки, хуушуур өгдгийг халах хэрэгтэй. Энэ утгаар нь харвал бодит судалгааны ажил юм.

-Монгол хоол гэхээр бууз, хуушуур, цуйванг хэлж байна уу. Эсвэл хорхог, боодгийг хэлдэг юм болов уу?

-Монгол үндэстний зан заншлын нэг хэсэг бол хоол. Бид хорхог, боодог гэх мэт үндэсний хоолоо орчин үед яаж хувьсгаж өөрчлөх вэ гэдэгт шинэ гаргалгаа хайж байна. Жишээ нь, хорхог гээд ярихад эрт үед төмөр сав байгаагүй. Нүүдэлчин хүмүүс юунд хийдэг байсан юм. Тэр нь л бидний онцлог. Амьтны арьсан дотор махыг нь хийгээд боож иддэг байсан шүү дээ. Гүзээн дотор хорхог хийж байх жишээтэй. Энэ хоолнуудыг орчин үед яаж гаргах хэрэгтэй вэ гэх мэт. Дэлхий дээр бүгд мэддэг барбекюг бидний үндэсний хоол гээд шууд хэлж чадахгүй. Ил гал дээр мах шарах гэдэг хүн төрөлхтөн үүссэн цагаас үүдсэн байх. Тэрнээс ганцхан Монголынх гэж хэлж болохгүй. Бууз, хуушуурыг орос, хятад хөршүүд хийдэг байх жишээтэй. Монгол хоол гээд бүх хүмүүс мэддэг болсон учраас монгол хэв маягийг гаргах ёстой. Дугуй хуушуур гэж монголд байдаг. Түүнийг таниулан сурталчлах хэрэгтэй байна.

-Тэмцээн хэдэн төрлөөр, хэрхэн зохион байгуулагдах вэ?

– Залуучуудын, мэргэжлийн гэсэн хоёр үндсэн ангилалд хуваагдаж 18 төрлөөр өрсөлдөнө. Махан төрөл, далайн бүтээгдэхүүний төрөл, салатны төрөл гэх мэтээр ангилагдана. Олон улсын тэмцээний үеэр хоол хүнсний материалаар бүтээл хийж, үзэсгэлэн гаргадаг. Энэ мэт хоолыг урлаг болгох тал руу бид залуусаа бэлтгэх хэрэгтэй байна. Мөн хар хайрцагны багийн тэмцээн зохион байгуулагдана. Цаанаас нь урьдчилан бэлтгэсэн хар хайрцганд хийсэн хүнсийг оролцогчдод өгдөг юм. Түүгээр өгөгдсөн хугацаанд хоол хүнс хийж өрсөлдөнө.

-Олон төрлийн хоол хийхэд янз бүрийн материал шаардагдана шүү дээ. Түүнийг яаж шийдсэн бэ?

-Олон улсын тэмцээн зохион байгуулахад бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал энэ болоод байна. Импортоор орж ирж байгаа хүнс хязгаарлагдмал байдаг. Мах, гурил, будаа, цуу гэх мэт ганц ганцхан нэр төрөл. Гэтэл мах дотроо хэдэн янз байдаг. Салатны навч гэхэд хориод төрөл бий. Бид ганцыг нь л хэрэглэж байгаа. Зөв буруу хэрэглээг нь ч сайн мэдэхгүй шүү дээ.

Бидний тооцоолж буйгаар энэхүү тэмцээнийг зохион байгуулахад 100 гаруй сая төгрөг зарцуулагдахаар байна. Улсаас ямар ч дэмжлэг туслалцаа аваагүй. Гэвч цаг үе биднээс үүнийг шаардаж байна. Бид “Чингис хаан” цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулахгүй бол Хятад улс хийх гэж байсан.

-Эрэгтэй хүмүүс энэ салбарт илүү амжилт гаргадаг нь юутай холбоотой вэ?

-Эрэгтэй хүн энэ мэргэжлийг гэр бүлээ, амьдралаа авч явах гол ажил нь гэж хүлээж авдаг учраас илүү анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Тогтвортой удаан хугацаанд ажиллаж амжилт гаргадаг болов уу. Эмэгтэйчүүдийн хувьд эхнэр хүний үүрэг, ар гэртээ анхаарлаа хандуулах шаардлагатай болдог нь бага зэрэг нөлөөлдөг болов уу.

Үүнээс гадна олон улсын тогооч нараас дүгнэсэн дүгнэлт бий. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэлний тэмтрүүлийн мэдрэмж харилцан өөр байдаг. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд давсыг мэдэрдэг бол эрэгтэйчүүд свийт буюу чихэрлэг амтыг түрүүлж мэдэрдэг.

Categories
мэдээ цаг-үе

Ембүүгийн Батчулуун: Газарзүйн боловсрол залуусын соёлд ч хэрэгтэй

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, профессор Ембүүгийн Батчулуунтай ярилцлаа.


-Саяхан олон улсын газарзүйн олимпиадад манайхан амжилттай оролцоод иржээ. Олимпиадын онцлог, сонин сайхнаас дуулгаач?

-“Олон улсын газар зүйн холбоо” гэж бий. Энэ холбооноос олон улсын газарзүйн олимпиадыг 1996 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн. Манай улс 2013 оноос анх оролцож эхэлсэн юм. Өнгөрсөн жил газарзүйн олимпиад Бээжинд болоход “Шинэ эрин” сургуулийн сурагч Э.Жагар мөнгөн медаль хүртсэн нь манай анхны медаль. Энэ жил Э.Жагар мөн хүрэл медаль хүртэж, амжилтаа баталлаа. Олон улсын газарзүйн олимпиад Серби Улсын нийслэл Белград хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Манайхаас дөрвөн хүүхэд, хоёр багшийн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ. Энэ олимпиадын гол ялгаа нь гэвэл зөвхөн англи хэлээр явагддаг. Зарим хичээлийн олимпиад орчуулгатай байдаг бол энэ өөр. Улсын газарзүйн олимпиадад түрүүлсэн хүүхэд явах ёстой ч хэлний мэдлэгээс болоод, бид хамгийн сайн англи хэлтэй, газарзүйн мэдлэгтэй хүүхдийг сургаж, бэлтгэл хийж байгаад аваад явдаг.

-Олимпиад хэдэн төрөлтэй, ямар, ямар даалгавартай байх уу?

-Олон улсын газарзүйн олимпиад гурван үндсэн төрлөөр явагддаг. Нэгдүгээрт бичгээр хариулах онолын асуултууд. Хоёрдугаарт, хээрийн дадлага, гуравт мультимедиа. Мөн ханын илтгэл танилцуулдаг. Жишээлбэл, манай хүүхдүүд яг л англи хүүхэд шиг бүх асуултыг бүрэн ойлгоод сэтгээд, хариултаа англи хэлээр бичнэ, ярина, асуулт хариултад оролцоно. Энэ нь нэлээд хүнд олимпиад гэсэн үг. Гэхдээ манайх тавхан удаа оролцож байгаа ч сүүлийн хоёрт нь медаль авсан нь том амжилт. Мөн энэ удаагийн олимпиадад ханын илтгэлээр хоёрдугаар байр эзэлсэн.

-Олимпиадад нийт хэдэн орны хичнээн хүүхэд оролцов. Манай багийн танилцуулсан ханын илтгэл ямар сэдэвтэй байв?

-Нийтдээ 44 орны 170 орчим хүүхэд олимпиадад оролцсон. “Танай оронд залуучуудын аялал жуулчлал ямар байх вэ” гэсэн сэдвээр ханын илтгэл танилцуулсан. Энэ илтгэлдээ адал явдалт аялал жуулчлалыг сонирхдог залуус манай Монгол оронд аялвал тохиромжтой. Яагаад гэхээр манай улсад том далай, дээд зэрэглэлийн зочид буудал, наран шарлагын газар байхгүй. Байгалийн онгон, дагшин байдлаараа байгаа. Тиймээс адал явдалт морин аялал, тэмээгээр аялах, сарлаг унах, оросын пургон машинд сууж, мотоцикль, унадаг дугуйгаар аялах боломжтой. Түүнээс биш, тансаг, тав тухтай байна гэж очих нь өрөөсгөл гэх зэргээр эх орныхоо онцлогийг харуулсан илтгэл тавьсан. Ингэхээр оролцогчид, шүүгчид сонирхоод, маш их асуулт асууж байгаа юм. Энэ бүхэнд англи хүн шиг чөлөөтэй англиар ярьж хариулж, харилцан ярилцаж чадсан. Хэлний мэдлэг хүртэл их давуу тал болсон. Тав тухтай, тансаг аялах боломжгүй, харин ганцхан төмөр замтай, транс, Сибирийн төмөр зам Монголыг дайрч өнгөрч байгаа шүү, тиймээс энэ төмөр замаар аялах боломжтой гэх зэргийг илтгэлдээ тусгасан. Мөн газарзүйн олимпиадын онцлог нь нэг чиглэлтэй байдаггүй, маш олон салбар, чиглэлийг хамарсан байдгаараа онцлог. Тухайлбал, байгаль орчин, нийгэм эдийн засаг. соёл, газар ашиглалт, газар зохион байгуулалт, өлсгөлөн зэрэг хамаарна. Тиймдээ ч олон улсын олимпиадаас нийтдээ 20 гаруй сэдвийн хүрээнд бэлтгэл хийнэ шүү гэж сануулга ирүүлдэг.

-Огт санаанд ороогүй асуулт ирсэн үү?

-Рио-де-Жанейро хотод олимп болоход тамирчид энд байрласан, харин тэмцээн энд болсон энэ байршлын давуу болон сул тал юу байна гэх зэрэг асуулт ирсэн нь санаанд ороогүй. Мөн олимпиадад оролцогч орон болгон англи хэл дээр асуулт явуулдаг журамтай. Тодорхой нэг сэдвээр нэг бүлэг асуулт буюу арваад асуулт бэлтгэдэг гэсэн үг. Энэ асуултууд стандартад нийцэхээр бол олимпиадад оруулна. Манайхаас явуулсан гурав, дөрвөн асуулт багтаж байсан. Манайхаас сүүлийн гурван жилд энэ олимпиадад материал засахад оролцож байна.

-Энэхүү олимпиадын ач холбогдлын талаар сонирхуулаач?

-Нэгдүгээрт улсын нэр хүнд. Монгол хүүхэд англи хэлээр олимпиадад оролцоод бусад орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн амжилт гаргаж байна. Мөн тэдэнтэй нийлж аялж, юм үзэж нүд тайлж байна. Мөн манай газарзүйн сургалтын түвшин хаана нь явж байна гэдгийг харах. Тэндээс суралцах ач холбогдолтой. Дэлхийн жишгээс дутахааргүй гэж бид харж байна. Мөн цаашид чиг хандлага ямар байна гэдгийг харж болдог. Энэ жил олимпиадын зардлын хагасыг улсаас өгсөн. Ирэх жил бүтэн олгох байх гэж найдаж байна. Өнгөрсөн жилүүдийг бодоход манай хүүхдүүдийн хэлний мэдлэг маш сайжирсан байна лээ.

-Монгол хүүхдүүдийн дутагдалтай болон давуу тал нь юу байв?

-Манай хүүхдүүд бие дааж ажиллах, багаар ажиллах тал дээр жаахан муу байдаг нь жил бүр ажиглагддаг. Мөн бие дааж шийдвэр гаргах, ном унших, бие дааж өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай санагдсан. Медаль авсан хүүхэд гэхэд л газарзүйн чиглэлээр найман ном бие даагаад уншсан байсан нь амжилтад нь нөлөөлсөн. Мөн манайхан хээрийн дадлага маш тааруу хийдэг. Өөрсдөө шийдвэр гаргах нь тааруу. Чамд ийм газар өгвөл тэнд ямар хот байгуулах вэ гэхээр энд нь ийм ийм байна гэж зураглах шаардлагатай.

-Манай улсын газарзүйн хичээлийн сурах бичиг өмнө нь ямар байсан. Одоо хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-1990-ээд он хүртэл оросын сургалтыг дагаж явсан. Өмнө нь орос сурах бичгийг орчуулан хэрэглэж байсан. Харин үндэсний сурах бичиг гарахад академич Ш.Цэгмид багш маш том үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр 1957 онд анхны Монголын газарзүй номыг бичсэн. 1984 онд Төрийн шагнал хүртсэн. Энэ нь дунд сургуулийн сурах бичгээс анх удаагаа ийм том шагнал хүртсэн гэсэн үг. Маш сайн шинжлэх ухааны үндэслэлтэй сурах бичиг. Мөн Г.Батсүх гэж анхны ардын багш байна. З. Мөнхөө, М.Баянтөр, Ж.Авхинсүх нарын үүрэг их. Монголын газарзүйн боловсрол өдий зэрэгтэй болоход Ш.Шагдар, Г.Содномваанчиг нар их үүрэг гүйцэтгэсэн. Энэ хоёр багштай нийлж, би 1990-ээд оны дундаас хойш газарзүйн хөтөлбөр, стандартыг боловсруулах багийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. 20 гаруй жил энэ ажлыг хариуцаж байна. Энэ хугацаанд газарзүйн сургалтын агуулга сайн байсан бол манай багийн амжилт, саар муу байгаа бол миний алдаа байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

-Газарзүйн хичээлийн сүүлийн үеийн судлах онцлог нь ямар байгаа вэ?

-Хүн байгалийн буюу байгаль нийгмийн харилцан хамааралд нь авч үздэг болж байгаа. Энэ нь дэлхийн жишигт нийцэж байна гэсэн үг. Бороо орлоо, маргааш үүлтэй, хур тунадасны хэмжээ тэд гэхээс илүүтэйгээр бороо яаж нөлөөлөв, үер буусан уу, үүний давуу болон сул тал. Үерийн улмаас газар тариалан, хөдөө аж ахуй, эдийн засагт яг ямар хохирол гарав гэх зэргийг ч судална. Тогтвортой хөгжлийн боловсрол гэж их ярих боллоо. НҮБ-аас тогтвортой хөгжлийн зорилтууд гэж зарласан. Нийт 17 зорилт бий. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгалийн гамшиг, цөлжилт, үер ус, эрчим хүч зэрэг бүх зорилтууд газарзүйн агуулгад багтдаг. Бүх юм нь холбогдсон байгаа учраас дэлхийн хөгжингүй орнууд газар зүйн хичээлийнхээ цагийг нэмж байна. Манайх мөн ахлах ангийнхаа цагийг нэмлээ. Гэхдээ суурь боловсролын түвшинд долоо, найм, есдүгээр ангидаа долоо хоногт ганцхан цаг орж байна. Гэтэл Монгол Улс дэлхийн хуурай газрын нэг хувийг эзэлдэг онцлогтой том газар нутагтай орон. Тиймээс энэ орны иргэд газарзүйн онцлог, түүх соёл, эх орныхоо хаана юу байдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж эх оронч сэтгэлгээ төлөвшлийг бүрдүүлдэг. Орос бол газарзүйн маш хүчтэй бодлоготой. Оросын газарзүйн нийгэмлэгийн хүндэт тэргүүлэгчээр Путин өөрөө ажилладаг. Тэрээр орос хүн газар нутгаа мэдэж байх нь маш чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна лээ.

Манайх ч цаашид бусад орнуудын жишгийг дагаж газарзүйн хичээлийн цагийг нэмэгдүүлэх байх. Тухайлбал, одоогоор зургадугаар ангид газарзүйн хичээл огт орохгүй байгаа. Энэ алдаа засагдах байх гэж бодож байна. Тэгээд ч дэлхий дахинаа XXI зууны цөм хичээл гэж гаргасны дотор газарзүй бие даан орсон байгаа.

-Газарзүйн мэдлэгтэй байх, газарзүйн хичээлд ач холбогдол өгөн сайтар судлах нь ямар, ямар ач холбогдолтой вэ?

-Монгол байгалиасаа хамаардаг орон. Бельги улсын хүн амын 75 хувь нь хотод, Японд ч нэг хот залгаад, дараагийн хот эхэлдэг. Гэтэл манайд эрс өөр. Манай улсын үндсэн уламжлалт амьдрал байгалиасаа хамаарч байна. Эдийн засаг мөн байгалиас, байгалийн унаган төрхөө хадгалсан онцлогтой гэдэг нь маш том давуу тал. Алт угаавал гол бохирдоно. Энэ өвөлжөөнийхөө өвсийг хамгаалах хэрэгтэй, энэ уулын ард цас их унадаг тул өвс сайн ургана гэх зэрэг мэдлэг зайлшгүй шаардлагатай. Жолооч нар гэхэд л замгүй газраар явдаг тул автозамын зураг ашиглаж сурах хэрэгцээ гардаг. Ийм чадварыг газарзүйн хичээлээр л олгоно.

Түүнчлэн гол гатлах үедээ голын энэ хэсгээр, цүнхээл үүссэн, энэ хэсгээр харгиа үүссэн гэх зэргийг хараад ойлгох нь өдөр тутмын хэрэгцээ. Газарзүйн боловсрол амьдрах ухаанд хамгийн их хэрэгтэй боловсрол гэсэн үг. Мөн залуу хүний соёлд хэрэгтэй. XXI зууны залуу хүн “Хавай явна гэнэ ээ хаана байдаг юм бол” гэвэл инээдтэй биз дээ. Энэ зуунд амьдарч байж хаана ямар улс байдгийг мэдэхгүй байх нь зохимжгүй. Тэгэхээр энэ нь ерөнхий соёлд их хэрэгтэй гэсэн үг. Тиймээс бусад орнууд газарзүйг чухалд тооцож байна. Газарзүйн мэргэжил хөрвөх чадвар их сайтай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алмастай “УЧИРСАН” намтар

1970-аад оны сүүлчээр манай суманд нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал өөрөө морь унаж, мод тохоод, дээр нь тэр үед гараагүй байсан мобиком бариад ирснээс ч гайхалтай зочин айлчилсан нь алмас судлаач Р.Равжир гээч байв. Хөл хөдөлгөөн, хэл чимээ багатай хөдөө нутагт ийм хачин юм судлаач, түүнийгээ хайж (тэр нь мэдээж манай суманд байхгүй) ирнэ гэдэг алмаснаасаа дутуугүй сонин байлаа.

-Майдар даргын гарын үсэгтэй бичигтэй юм гэнэ.

-Тэр бичгэн дээр нь дунд гарын шаазангийн амсрын чинээ улаан тамга дараастай гэж байгаа.

-Бүр дуртай газраасаа унаа, хоол, унд гаргуулах бүрэн эрхтэй гээд заачихсан гэдэг шүү.

Ийм яриа сумын төвөөр дорхноо тарлаа. Тэрхүү «бүрэн эрхтэй, бүдүүн хүзүүтэй» сонин хүн өөрийнхөө бүрэн эрхийн гурав дахь заалтыг шууд хэрэгжүүлж унаа, хоолноосоо илүү «ундаа»-гаар даалгаж гарлаа.

Сонин хачин юм сонсох хүсэлтэй хүмүүс түүнийг гэртээ урих дараалал тогтоосны дэргэд 90-ээд оны картын барааны оочир юу ч биш санагдана. Сургуулийн хүүхдүүд түүнийг томчуудаас дутуугүй сонирхсон боловч ахмад хүмүүс цугласан газар багачууд орох нь ахас ихэсээ хүндлээгүй, одоогийнхоор бол ёс зүйн алдаатай хэрэг тул дэмий л цуу ярианд чих тавина.

-Алмасын зураг үзүүлж явна гэнэ.

-Үзүүлэх ч гэж дээ, сайн харуулахгүй, нүдэнд нь гялс тулгачихаад буцааж өвөртлөчихөөд байгаа гэсэн.

-Улсын нууц болохоор тэгдэг гэнэ.

-Барьж авсан алмасаа манай энд ирээд оргуулчихсан гэнэ ээ.

Энэ бүх ярианаас бид мань ер бусын судлаачийг алмастай учран зургийг нь авчихсан юм байна, ер нь алмас судлаач хүн байнгын 75 градустай байх учиртай ажээ гэсэн ойлголттой үлдэв. Температурын хувьд амь халуун дээр нь албан ажлын шаардлагаар хэрэглэж буй ундааных нь хэмийг нэмсэн хэрэг шүү дээ. Сумын гэрлийн мотор асаадаг хүн сүүний нормтой байхад ер бусын юм судалдаг хүн ийм «нормтой» байхад гайхах юм алга. Хэд хоногийн дараа тэр хүн өөр газар очиж, магадгүй бүрэн эрхийнхээ гуравдугаар заалтыг ч юм уу хэрэгжүүлэхээр яваад өглөө.

Түүний явсны дараа манай хөгшчүүлийн дунд «Манай цорж багшийн хойд дүр мөн гэнэ» гэсэн феодализмын үнэртэй шивнээ таран, зарим нэг сүсэгтнүүд «Уулзаад явуулах минь яалаа» хэмээн малгайгаа авч өвөртөлчихөөд нүцгэн толгойгоо бээлийгүй гараар шааж байтал «Нөгөөх чинь гадаадын тагнуул байсан гэнэ. Дөрвөн мөчийг нь хоньчилж хүлээд аймгийн шүүх рүү дамжлаад орохыг нь харсан хүн байна» гэсэн хувьсгалт цуу дуулдаж, мөнөөх бишрэлтэй хүмүүс малгайгаа даруйхан өмссөн төдийгүй амаа жимийв.

Харин тэр цаг үеэс хойш алмасын тухай яриа манай нутгаар агаар дуслын замаар халддаг ямар ч ханиад шуухинаанаас хурдан түглээ. Алмастай өөртэй нь бус түүнтэй учирсан хүнтэй учирсан хүний тухай л голдуу «Манай эцэгт өвөө маань ярьсан юм билээ…», «Яагаав өнөө хэн гуай гэж нэг сайхан хүн байв даа, тэрнийг ярьсан гэдэг…» хэмээн эхлэх энэ ярианы гол агуулга алс тэртээ Алтайн ууланд ч юм уу, эсвэл их говьд анчин жинчдэд тохиолдсон явдал.

Ихэвчлэн эм алмас эр хүнийг хулгайлдаг. Зарим үндэстэн хүүгээ гэрлүүлэхдээ бэр хулгайлдаг байхад тэд хүргэн хулгайлдаг гэсэн үг. Хулгайлсан хүнээ агуйд аваачин хорьж байгаад өөрийгөө хүчиндүүлэх ба гэрлэлтийн хүчирхийлэлд өртсөн цаад хөөрхийд санал гомдлоо гаргах Хүчирхийллийн эсрэг төв ойр хавьд нь байхгүйн улмаас их төлөв оргодог. Йоджуулсан байтугай огт давсгүй, түүхий мах идсээр байгаад бүх биед нь үс ургаж “байгалийн нэхий дээл”-тэй болсон нэгэн ирээд, удалгүй гуужих ба хэнхдэг сэрвээнийх нь үс муу нэрийн нэгэн адил хусавч эс арилах тул «дэлт» хэмээх хоч зүүсэн тухай барим тавим өгүүлнэ.

Харин хүнийх нь нэр солигдон дэлт Сундуй, дэлт Шагдар, дэлт… гэхчлэн газар бүр ондоогоор нэрлэн өөр өөрийнхийгөө зөв гэж мэтгэлцэнэ. Нарийндаа бол «манай энд» гэсэн тодотгол энэ домогт бараг байдаггүй, алтайнхан болохоор «Танай Хангайн нуруу, Отгонтэнгэр хавьд харсан дуулддаг» гэх болсон ба хангайнхан « Алтайд байдаг гэнээ. Харин говьд ч гарцаагүй» гэж буцаах бөгөөд говийнхон үүнийг «Тэрэн дээрээ тулбал Алтай, Хангай хоёрт хоёуланд нь байдаг» гэж нотолно.

Харин өнөөх Р.Равжир гэдэг хүн алмасаа бариагүй, бас дайсны тагнуул болоогүй гэдгийг сүүлд мэдсэн ба «Алмас сурвалжилсан тэмдэглэл» гэдэг ном гаргасныг нь хожим уншсан. Мэдээжээр энэ ном миссис Алмасыг буланд шахаж байгаад микрофон тулган авсан ярилцлага биш. Гэхдээ цаг завтай, хэрэгт дуртай хүнд бол дажгүй детектив. Уулзсан хүн, байдаг газар нь үргэлж солигдох энэ домгийн зохиогч нь монголчууд тэр дундаа дэлт… нар, Равжирын аль нь ч биш ажээ.

Түүгээр ч барахгүй монголчуудын цаст Түвдийн орноос залж ирсэн дөрвөн зүйлийн нэг нь алмас ажээ. Шарын шашин залсан хүмүүс сарлаг унаад, судар ганзагалаад, нохой дагуулан ирэхдээ алмас үзсэн хүнтэй уулзсан хүний тухай «цай уух зуур» ярих юмтай буусан хэрэг. Уншигч та ч гэсэн Балба, Түвдээр аялбал алмас үзэхгүй ч гэсэн «Алмас» нэртэй буудалд тухалж, «уулзсан» хүнтэй хуучилж болно. Үлгэр домог шинжлэх ухаанаас илүү сэтгэл гижигдэнэ гэсэн үг бий. Гэтэл алмасын асуудал өдий төдий судалгаа хийгдсэн, олон судлаач адал явдал хайгч, шинжээчдийн хөлс хүч, харанхуй бүдүүлэг нутгийнхны уран дүрслэл аль аль нь шингэсэн шинжлэх ухааны домог юм.

Алмасыг цасны хүн, иети, конгми гэх мэт янз бүрээр нэрлэнэ. Манай зарим домогт хүн хар гөрөөс хэмээсэн нь буй. Зарим улс орон алмасын эрлийг дуртайяа санхүүжүүлж байхад нөгөө нэг нь, тухайлбал Балбын засгийн газраас 1957 онд «Лус савдаг хилэгнүүлсэн» шалтгаанаар алмасын эрэлд хориг тавьж байсан удаатай. Хэдийгээр «Гээвэл олдоно», «Эрлийн үзүүрт эрдэнэ бат» гэх мэт сайхан үг байдаг ч алмасын эрэлчид алмасаа олсонгүй. Гэхдээ мөр олжээ. Мөр нь байгаа юм чинь бие нь байж таарна гээд дараагийнх нь хөдлөх боловч их л сайндаа мөр олно. Яг таг алмасын мөр гэхэд хэцүү, том палбигар хоёр хөлтэй амьтны мөр олдог байсан. Алмас судлал маань яван явсаар мөр судлал гэмээр юм болж хувирав.

Ямар нэгэн юм гараад ирмэгц онол таамаг гэдгээ дэвшүүлдэг эрдэмтэн мэргэд хэмээх сайхан улс манай дэлхийд элбэг хойно алмасыг зүгээр орхисонгүй. Нэг хэсэг нь халуун орны горилл хэмээх сармагчин хүн төрөлхтөн хөргөлтийн систем бүтээх асуудалд нэн хойрго хандаж буйд дургүйцэн Хималайн ууланд «эсэргүүцлийн дааралт» хийхээр гарсан хэмээжээ.

Эрдэмтдийн гол зорилго нь өөрийн зөвийг батлах бус өрөөлийнхөө худалчийг нотлох явдал учраас нөгөөдүүл нь түүнийг эсэргүүцжээ. Хүний хөгжлийн өмнөх тодорхой үед буюу неандерталь хэмээх агуйн хүний үед нэг хэсэг нь «Ингээд байвал атомын бөмбөгтэй болоод, цөмийн сүйрэлд орж мэднэ» хэмээн хаширлаад хөгжлийнхөө моторыг унтраан Хималайд гарч хиппи болсон аятай ярина.

Харин « Цасан дээр гарсан жижиг амьтны мөр наранд гэсэн тэлсээр томорч ер бусын амьтных гэмээр болдог байх» гэсэн нэг таамаг төдий л тоогддоггүй. Биднийг маш сайхан таамаг дэвшүүлээд орхимогц «сайхан залж байна» хэмээн дооглох атлаа тэднийг сайхан залаад ирэхлээр «чухал таамаг дэвшүүллээ» хэмээн гайхдаг энэ хорвоог яалтай билээ!

Балбын Понбочо сүмд алмасын хуйх хадгалагдаж байжээ. Хойш налсан хүрэн бор үстэй ёстой сүпэр хуйх. Эрдэмтэд сүмийн эрхтэн дархтныг ятгасаар байгаад түүнийг нь Лондонд аваачиж шинжлүүлсэн чинь юу болсон гэж санана? Янгирын хүзүүний арьсыг дэлгэж татан хийсэн хулхи хуйх байжээ. Манай сайхан оронд ч гэсэн зарим хийдэд алмасын 89 размерийн арьс, цөсөөр нь үйлдвэрлэсэн пенициллин эм байжээ гэж ойлгомоор яриа хөөрөө ч зөндөө.

Зарим хүмүүсийн нотолдгоор алмас, шулам хоёр нэг зүйл амьтан бөгөөд шулмас нь эмэгчин нь юм байна. Эргэлзээтэй нь, алмас нь шулмасаа богтлохын оронд эр хүн хулгайлдагт байгаа юм. Эсвэл шулмас нь төрөлхийн лесби (эмийг эрлэгч), алмас нь угаасаа гомо (эрийг эмлэгч) хэрэг үү? Тэгтэл яаж өсөн үрждэг хэрэг вэ? Нэг эст бүдүүлэг амьтад шиг эс нь хуваагдаж салаалсаар гар хөл нь мөчирлөн аажимдаа нэг алмас хоёр болж хувилагддаг юм болов уу гэмээр. Эсвэл колонацийн аргыг тэд аль эрт нээгээд өөр дээрээ туршсан бололтой. Ийнхүү үй түмэн асуулт тавигдахын хэрээр хариулт бий болж алмасын түүх зузаарсаар. Харин өөрөө байгаа эсэх нь бүү мэд.

Алмасын эрэл өөрийн гэсэн он дарааллын түүхтэй. Тэр байтугай интернэтэд өөрийн гэсэн байр суурьтай. Энэ хуудас «1800-гаад оны үед хүн алмастай хамт амьдарч байсан гэх…» гэж эхлээд, хачирхалтай нь «…тэндээс хамгийн сүүлд мөр олдов» гэж дуусах ажээ.

Манай орны зах хязгаар нутгийн нэгэн ууланд гурван жуулчин явж байжээ. Гэтэл нэг алмас майхных нь хажуугийн цасан дээр дурсгал болгон мөрөө үлдээгээд явсан гэнэ. Арай л «Таныг хундэтгэсэн …» гээд гарын үсгээ зураагүй юм байх. Манай боловсролын хуулинд алмасын хүүхдэд бичиг үсэг сургах талаар тодорхой юм заагаагүй учир тэдэнд юуны буруу байх билээ. Ингээд уг дарааллын бичгээс сонирхуулъя.

+ 18? Алмас хүнтэй амьдарч байсан гэх. 1950-иад онд Балбад алмасны арьс байсан гэх. Энэ хоёр баримтыг эргэлзээтэй зүйл хэмээн эхэнд нь тэмдэглээд 1832 онд Балбад нэвтэрсэн анхны англи хүн гэгдэх Б.Х.Хадсон өөрийнх нь анчид руу хүн дүрстэй болхи хөдөлгөөнтэй амьтад дайрсан тухай мэдээлжээ. Харин өөрөө хараагүй бололтой юм.

+ 1889 онд хошууч Водел Хималайн нурууны 11000 тохой өндөрт алмасын гэмээр мөртэй таарчээ.

+ 1913 онд Хятадын хэсэг анчид үсэрхэг, хүнтэй адил амьтан Патан гэдэг газраас «баривчилжээ». Алмас анчдын «Ганц худагт» 5 сар суусны эцэст «Хэргээ хүлээлгүй» үхсэн гэх.

+ 1921 онд Эверестэд авирч байсан Ховард Бури алсад хэдэн хар юм бөртөлзөн далд орсныг алмас байх хэмээн боджээ.

+ 1923 онд Английн хошууч А.Камерон мөн л ийм юмны бараа харжээ. Хоёр хоногийн дараа тэнд очиход хүнийх шиг атлаа том мөр байв.

+ 1936 онд Эрик Шиптон бас л мөр үзлээ. Мөрийг хөөж явсаар хад руу оруулан алджээ.

+ 1937 онд Ф.Смит 14 000 тохой өндөрт мөр олсон төдийгүй «Алмасын тухай яриа» тэмдэглэлтэй харьжээ. Түвдүүд түүнд «Өө чи чинь алмас мэддэггүй юм уу даа? Манай энд зөндөө… зөндөө» хэмээн гуталчин Маруфархуу хуучилж өгчээ.

+ 1941 онд ЗХУ-ын хурандаа Варген Крипетьян сонин зүйл тэмдэглэжээ. Кавказад партизанууд түүнтэй холбоо барьж хүн төрхтэй, урт үстэй энд тэндээс нь татаж чангаахад анги салбарынхаа нууцыг хэлэхгүй хачин фашист баривчилсан ба дулаан өрөөнд оруулахаар амь тэмцэн орилоод, гадаа гаргахаар зүгээр болчихоод байгаа тухай мэдээлжээ. Харамсалтай нь «Майнкамп»- ыг уншсан байж мэдэх тэрхүү нацист алмас оргожээ. Хэрвээ Дагестаны Дотоод яам түүнийг Германы тагнуул биш ердөө л нэг муу алмас байна хэмээн тайлбарлаагүй бол партизанууд олзны этгээдийг дулаан газар гал түлэн эрүү шүүлт тулгаж өчиг авах хэрэг гарах байв.

+ 1948 онд Сиккимд Жийн Форстэс хэмээх норвег хүнийг хоёр алмас бүлэглэн зодож мөрийг нь гэмтээжээ. Ойр хавьд цагдаа байгаагүй учир сэжигтэн алмас хэргийн газраас оргон зайлжээ.

+ 1949 онд Хималайд анх гарсан Дэнзэн Норгой нэгэн сүмийн ойролцоо алмас салхинд гарч явахыг харснаа ярьсан гэх.

+ 1954 онд Английн «Дэйли Мэйл» сонин алмас барих экспедиц зохион байгуулж хагас сар эрсний эцэст мөр олсон байна.

+ 1955 онд Лостэр Дэйвис мөрнийх нь зургийг авчээ. Цаадах нь иргэний үнэмлэхний цээж зураг авахуулахаас татгалзсан болтой.

+ 1992 оны зургаан сарын 12. Ж.Фрийман-Этвүд Монгол орны хязгаар нутгийн уулсаар хоёр нөхрийн хамт аялж явжээ. Нэг удаа майхнаа бариад хоёр цаг өнгөрсний дараа гадаа нь цасан дээр алмасын мөр гарсан байв…

«Барааг нь хараад алдлаа», «Халуун мөрөөр нь орчихсон шүү», «Мөрнийх нь зургийг авсан» гэх мэт юу юугүй бариад авахнээ гэмээр горьдлого төрүүлсэн алмасын эрэл хайгуулын түүх «С.Зоригийг хөнөөсөн» хэргийг манай цагдаагийнхан мөрдөж байгаатай олон талаар төстэй. Ялгаатай нь гэвэл тэд «Алмасыг яг барих гэхээр шинжлэх ухаан саад болоод байна. Намайг академич болгочихвол олоод ирнэ» гэх маягийн шуугиан дэгдээж, баавгай чоно үнэг зэргийг «Энэ нөхөр л алмас мөн байж магадгүй» хэмээн сэжигтнээр татаж төвөг удаагүй билээ. Алмас, алуурчин хоёр олдохыг хэн байг гэх вэ. Цаг хугацаа харуулна биз?

2000 OН (ӨДРИЙН СОНИН)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Амаржаргал “АН-ын гаргасан алдааг МАН давтаж байна. Яг тэр үеийн алдааг давтаж байгаа нь л гайхал төрүүлээд байгаа юм” хэмээн “Өдрийн сонин”-д ярьжээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сурвалжлага” булан “Хуучин 22-ын товчооны цаадах шинэ авто цогцолбор ашиглалтад орлоо” хэмээн онцолжээ.

“Нээлтийн эхний өдөр учраас ажил нь жигдрэх яагаа ч үгүй байв. Цаад зах нь хаа хүрч буй нь баримжаалах төдий мэдэгдэх ханхайсан том зогсоолд өчигдөр 14:00 цагийн үед монголчуудын нийтлэг хэрэглээ болоод байгаа “Тоёота приус” маркийн хорь хүрэхгүй машинаас өөр зүйлгүй байв” хэмээн энд өгүүлжээ.

“Эдийн засгийн сэтгүүл” ТББ-аас зохион байгуулсан уулзалтад Ерөнхий сайд а сан Р.Амаржаргал оролцлоо. Манай сурвалжлагч түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцжээ. Р.Амаржаргал: Манайд эдийн засгийн боломж их байгаа, Засгийн газар цаашид хэр ашиглаж чадах вэ гэдэг нь л асуудал хэмээн ярьсан байна.

“Монголоос тодорсон чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон”-ы тухай тэргүүн нүүрт өгүүлжээ.

М.Энхболд гарын үсэг зурсан гишүүдэд урьдын хүргэсэн ач тусаа сануулж эхэлсэн эсэх талаар мөн энэ нүүрээс уншаарай.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Зүүн гар тийш хориглосон шийдвэр есдүгээр сарын 1-нд юу болж хувирах бол” хэмээн өгүүлжээ.

“Нэг ангийнхан” буланд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын нэгдүгээр арван жилийг 1984 онд төгссөн ангийнхан уригджээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Жи тайм”-тай төстэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн эздэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн байна.

“Дэлхийн мэдээ” БНАСАУ-ын “Пукгуксон-3” пуужингийн зургийг нийтлэв хэмээн онцолжээ.

АНУ-ын Сангийн яамны сайд С.Мнучин хэдхэн хоногийн өмнө нар хиртэхийг үзэхээр эхнэрийнхээ хамт албаны онгоцоор нисээд олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртсөн байна.

Эдийн засаг нүүрт “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч Л.Наранбаатартай ярилжээ. Тэрбээр Coal Mongolia Зүүн Азийн нүүрсний салбарынхны сонирхлыг татаад эхэлчихлээ хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр (2017.08.24) Баянгол дүүрэгт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсов.

Хэлэлцүүлэгт Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, УБХ, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэн, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх С.Доржханд тэргүүтэй төсөл хэлэлцүүлэгч баг, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөл 170 гаруй хүн хамрагдав.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “УИХ-аас гарсан 39 дүгээр тогтоол, НИТХ-ын 36 дугаар захирамж мөн Баянгол дүүргийн ИТХ-ын 104 дүгээр захирамжийн дагуу дүүргийн нийт 23 хорооны 2000 гаруй иргэнийг хамарсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Баянгол дүүрэгт 22 мянган саналын хуудас ирсэн байгаа. Иргэд та бүхэн энэхүү саналын хуудсаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцож буй иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Р.Нацагдорж “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэсэн бол 17-р хорооны иргэн С.Лянхцэцэг “УИХ-д хуульч мэргэжилтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх хэрэгтэй” гэлээ. Харин хоёрдугаар хорооны иргэн Т.Жуков “Шүүхийн Ерөнхий шүүгчийг ард нийтээрээ сонгох саналтай байна” гэж байлаа.

Түүнчлэн иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хуулийн төсөлд тусгах, УИХ-ын гишүүний дархан эрх авлига, гэмт хэрэг, хүчингийн хэрэг үйлдсэн бол хамаардаггүй байх, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нухацтай, хариуцлагатай хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайншандын салхин цахилгаан станц 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа

Image result for салхин цахилгаан станц

Сайншандын салхин цахилгаан станц гадаадын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдээс 120 сая ам.долларын санхүүжилтийн багц хүлээн авахаар болов. Энэ нь Монголын хувийн хөрөнгө оруулалт бүхий гурав дахь салхин цахилгаан станц юм.

Тус станцын төслийг хэрэгжүүлэгч Сайншанд Салхин Парк ХХК нь дээрх хөрөнгө оруулалтыг Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ENGIE, Германы төсөл хөгжүүлэгч Ferrostaal, Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Р.Даваанямын дэмжлэгтэйгээр Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (EBRD) авахаар болжээ.

Төслийн санхүүжилтээс 47 сая ам.долларыг EIB-наас гаргаж, үүний нэг хэсэг санхүүжилтийг EKF, Данийн Экспорт Хөгжлийн Агентлагаас батлан дааж, NORD/LB банк зуучлагчаар оролцож үлдсэн 31,5 сая ам.долларыг EBRD-наас гаргаж байна.

Салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор Монгол дахь нүүрсхүчлийн хийн ялгаралыг багасгаж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулах юм. Уг төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй суурилагдсан хүчин чадлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх Засгийн газрын зорилтод нийцэх юм.

Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 460 км-т орших тус салхин цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр Чайна машинери инженеринг корпорейшин (CMEC) ажиллах бөгөөд 25 Вэстас V110 2.2 MBт турбин суурилуулах юм. Барилга угсралтын ажлыг 2018 оны хоёрдугаарт хагаст бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сайншандын салхин цахилгаан станцад 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр хэн юу хэлсэн талаар та бүхэнд хүргэе. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD) Эрчим хүч, байгалийн нөөцийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Нандита Паршад “2009 онд Монголын хамгийн анхны салхин цахилгаан станцад хөрөнгө оруулсанаас эхлээд, EBRD нь Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг тууштай дэмжигч байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн бүхий л салхины эрчим хүчний төсөлд бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа болон санхүүжилтыг хангасаар байна. Сайншандын төсөл бол бидний хөрөнгө оруулсан Монгол дахь гуравдахь салхин цахилгаан станцын төсөл бөгөөд би энэхүү ирээдүйтэй салбарт шинэ хөрөнгө оруулагчидтай уулзахдаа туйлын таатай байх болно” гэв.

Европын хөрөнгө оруулалтын банкны (EIB) дэд ерөнхийлөгч Жонаттан Тэйлор “Европын хөрөнгө оруулалтын банк нь Азид уур амьсгалын холбогдолтой хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн бөгөөд нүүрсний хэрэглээнээс татгалзахад шинэ хувилбарыг санал болгож буй салхин цахилгаан станцын Монгол дахь хөгжлийг дэмжихдээ таатай байна. Сайншандын салхин цахилгаан станц нь дэлхийн хэмжээний технологийг ашиглах төдийгүй салхин эрчим хүчийг эрс тэс уур амьсгал бүхий алслагдсан бүс нутагт амжилттай ашиглаж болохыг харуулах болно” гэсэн юм.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут ярихдаа “Монгол болон Европын холбоо нь Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг үзэглэсэн. Шинээр баригдаж буй Сайншандын салхин цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчээр дамжуулан нүүрсхүчлийн хийн ялгаралыг бууруулахад Европ, Монголын нягт хамтын ажиллагааг бүрдүүлж байна. Европын санхүү, техникийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийг давах туулахад говь цөлийн салхины эрчим хүчийг ашиглах тал дээр Монголын түншүүдтэй нягт хамтран ажиллах замаар хамтын санаачлагыг хэрэгжүүлж байна” гэлээ.

Данийн Экспорт хөгжлийн агентлагийн дэд гүйцэтгэх захирал Кристиан Олгаард “Монгол шиг улс оронд хувийн салхин цахилгаан станц байгуулах нь маш түвэгтэй асуудал билээ. Санхүүгийн олон түншүүдийн нягт хамтын ажиллагааг хангах болон тухайн улс орон болон төсөлд тулгарч болох онцгой эрсдэлүүдийг даван туулах чадавхийг бий болгоход туйлын хүндрэлтэй. Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тусламжтайгаар уг төслийг санхүүжүүлэх боломжтой болсондоо туйлын баяртай байна” гэжээ.

Хөгжиж Буй Орнуудын Хөрөнгө Оруулалтын Сангийн (IFU) Гүйцэтгэх Захирал Томми Томсэн “Бидний Сайншандын салхин цахилгаан станцад оруулж буй хөрөнгө оруулалт нь хөгжиж буй орнууд болон шинээр бий болж буй зах зээлүүд дэх уур амьсгалд-ээлтэй төслүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Данийн уур амьсгалын-холбогдолтой технологиудыг хэрэглээг дэмжих зорилттойгоор ажилладаг Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн зорилтуудтай бүрэн нийцэж байна. Сайншандын төсөлд Данид үйлдвэрлэгдсэн салхин турбинуудыг ханган нийлүүлэхээр болоод байна. Бид Монгол Улсыг ногоон эрчим хүчний хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд туслах энэхүү томоохон хэмжээний төсөлд оролцож буйдаа туйлын баяртай байна” гэжээ.

Монголын Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн Сэргээгдэх эрчим хүчний зөвлөлийн тэргүүн бөгөөд Сайншанд Салхин парк ХХК-ийн захирал Р. Давааням “Арван жилийн турш үргэлжилсэн төслийн төлөвлөлт, хэлэлцээрийн үе шат өнгөрч, Сайншандын салхин цахилгаан станцын барилгын ажил эхлэх болсонд туйлын баяртай байна. Уг станц ашиглалтанд орсноор дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж ялангуяа Улаанбаатар- Дорноговь чиглэлийн эрчим хүчний ханган нийлүүлэлтийн чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно. Төслийн түншүүд болох ЭНЖИЭ болон Ferrostaal нь уг төслийн үндэс суурийг тавихад чухал хувь нэмэр оруулсан бөгөөд Монголын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон Дорноговь аймгийн удирдлагууд уг төслийг дэмжиж ирсэн” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Н.Учрал “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өнөөдөр (2017.08.24) “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч болон Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлагчийн хувиар хүлээн авч уулзаж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр мөн “Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр нэгдсэн нь зөвхөн та бүхний асуудал биш. Та бүхэн ард түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй учир манай улсын нийт иргэдийн асуудал гэж ойлгож байгаа. Миний хувьд багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж буйг ойлгож байна. Хаврын чуулганаар үзэл баримтлалыг нь хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжсэн Багшийн хөгжлийн тухай хуульд шууд цалин нэмэгдүүлэхээр заалт оруулах боломжгүй байсан. Гэхдээ шууд зааж өгөөгүй ч ажлын гүйцэтгэл болон, ур чадварын төвшингөөр багшийн хөдөлмөрийг үнэлдэг болохоор тусгасан. Нийгмийн халамжтай холбоотойгоор тусгай хөтөлбөр гарган түрээсийн орон сууцанд хамруулах, төрийн зарим үйлчилгээг тэргүүн ээлжинд хүртээх, дунд сургуулиудын багшийг хөгжүүлэх мөнгийг төсөвт тусгах гэхчлэн шууд зааж болох асуудлыг тусгасан байгаа. Миний хувьд Багшийн хөгжлийн тухай хуульд улстөржүүлсэн ямар ч байр сууринаас хандаж болохгүй, улстөржүүлэхгүйгээр батлах ёстой гэж үздэг. Намрын чуулганаар энэ хууль батлагдана. Бие даасан хуультай болсноор багш мэргэжлийн нэр хүнд өсч, энэ мэргэжлээр суралцах залуусын тоо нэмэгдэнэ гэж бодож байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих боломжтой” гэв.

Дараа нь түр хорооны багш нарын төлөөлөл асуулт асууж, харилцан санал бодлоо солилцсон юм.

Түүнчлэн багш нар цалин нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, дэмжиж ажиллах хүсэлт тавьсныг хүлээн авч байгаагаа УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх гурван сарын аяныг зохион байгуулна

ЗурагНийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, ирэх есдүгээр сарын 4-нөөс 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын суурьшлын 1, 2 дугаар бүсэд хамаарах 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний, ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчилж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.

Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргасан бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн газрын зөрчилтэй нэгж талбарын судалгааг дэлгэрэнгүй байдлаар ангилан гаргаж газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах, зуслангийн 26 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, орц гарц шийдвэрлэх зөрчил арилгах ажлыг иргэдтэй зөвшилцөх маягаар шийдвэрлэхээр төлөвлөсөн аж.

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүрэгт 9 хорооны 366, Хан-Уул дүүрэгт 2 хорооны 13, Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2251, Баянгол дүүрэгт 7 хорооны 269, Чингэлтэй дүүрэгт 6 хорооны 209, Сүхбаатар дүүрэгт 4 хорооны 334 нэгж талбар багтсан байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрыг огцруулах асуудалд санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.08.24/ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан талаархи мэдээлэл, есдүгээр сарын 08-11-нд Өмнөговь аймагт болох Ардчилсан намын говийн бүсийн чуулганы асуудлыг тус тус хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой мэдээллийг сонслоо. Уг асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгууллаа гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын академид 100 гаруй алба хаагч суралцаад байна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх академид Онцгой байдлын албанаас суралцаж байгаа болон шинээр элссэн оюутан сонсогчдыг хүлээн авч, үүрэг чиглэл өглөө.

Дээрхи академиудад 2016-2018 оны хичээлийн жилд Онцгой байдлын албаны 13 алба хаагч суралцаж байгаа бол шинээр 14 алба хаагч элсэн суралцах гэж байна.

Онцгой байдлын албаны алба хаагчид ОХУ-ын Гал эсэргүүцэх академид 2001 оноос, Иргэний хамгаалалтын академид 2008 оноос эхлэн суралцаж эхэлсэн юм.

Энэ хугацаанд Онцгой байдлын албаны 100 гаруй алба хаагч дээрхи академиудад элсэн суралцаад байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.