Аваргуудын лигийн хэсгийн сугалааны үеэр Европын шилдэг хөлбөмбөгчийг шалгарууллаа. тивийн шилдэг тоглогчоор Реал Мадридын Португал довтлогч К.Роналдо дахин шалгарлаа. Тэрбээр өнгөрсөн улиралд багийнхаа хамтаар Аваргуудын лиг, Ла лигт, Испанийн супер цом, Европын супер цомын тэмцээн гээд түрүүлж болох бүх тэмцээнд түрүүлсэн юм. К.Роналдогийн хувьд сүүлийн хоёр жил дараалан Европын шилдэг тоглогчоор шалгарлаа. Мөн шилдэг хаалгачаар Ж.Буффон, шилдэг хамгаалагчаар С.Рамос, шилдэг хагас хамгаалагчаар Л.Модрич, шилдэг довтлогчоор К.Роналдо нар тодорлоо.
Month: August 2017
Израилийн Засгийн газрын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израиль Улсад айлчилж байна. Тэрбээр 8 дугаар сарын 24-ний өдөр Израилийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Б.Нетаньяахутай уулзаж, Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр монголын тал Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлж, Монгол Улс, Израиль Улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, давтамжийг хадгалах, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, хүмүүнлэг болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар ярилцав.
Мөн Сайд Ц.Мөнх-Оргил Израилийн Хөдөө аж ахуй, орон нутгийн сайд У.Ариэлтэй уулзаж, тус улсын хөдөө аж ахуйн салбарт олж авсан ололт амжилтыг судлах, туршлага хуваалцах, энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцав. Израилийн тал манай төлөөлөгчдийг сүүний үйлдвэр, хүнсний ногоо, тариалангийн услалтын дуслын системийн аж ахуйтай танилцуулж, энэ оны намар болох усны аж ахуй, 2018 оны 5 дугаар сард зохиогдох хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэнд оролцохыг тус тус урив.
Айлчлалын үеэр хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцан, санал солилцож, дүнгээр нь Монгол, Израилийн хооронд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав.
Уг протоколд талууд хоёр улсын хоорондын улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрснийг тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцолж, хамтран ажиллахаар тогтов. Мөн хоёр орны хооронд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов. Түүнчлэн залуу удирдагчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг солилцох, мэдээлэл, холбоо, кибер аюулгүй байдлын салбарт хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар болов.
Мөн нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризм, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, өмнө нь эхлүүлсэн тохиролцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцаж, сургалт зохион байгуулах, багш, мэргэжилтэн урьж ажиллуулах саналыг тавьж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болов.
Израиль Улс нь дэвшилтэт технологи, кибер аюулгүй байдал, биотехнологи, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуй, цөлжилтийг сааруулах, ногоон байгууламжийн төлөвлөлт, усны нөөцийн менежмент, говь, цөлийн бүс нутагт барилга байгууламж барих, хот байгуулах, сэргээгдэх эрчим хүч, мэдлэгт суурилсан эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбар, чиглэлд арвин их туршлага хуримтлуулсан орон юм. Дээр дурдсан бүхий л чиглэлээр израилийн тал жил бүр манай 35 мэргэжилтний сургалтын зардлыг хариуцаж сургахаар тохиролцов.
Киргизийн нутаг дахь Памирын нуруунд наймдугаар сарын 23- 25-нд зохион байгуулсан “Lenin Peak Sky Marathon” тэмцээнд оролцсон манай улсын“Улаанбаатар хайкинг” клубын тамирчид I болон III, IY байр эзэлжээ.
Киргиз улсын тамирчин Вячеслав Шейко Үндсэн отгоос оргил /7134м/ хүртэл 6 цаг 40 минут гүйж тэргүүн байрт шалгарсан бол бусад тамирчид хүчтэй салхины улмаас 6400 м өндрөөс тэмцээнийг дуусгасан байна.
Харин “Раздельная” оргил /6148 м/ буюу сонгодог замын 3-р отог хүртэлх уралдаанд Улаанбаатар аялагч клубын тамирчин Наранчулууны Отгонбат эрэгтэй төрөлд III байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Эрдэнэбилэгийн Уранболор тэргүүн байрт шалгарлаа. Мөн уг төрөлд Болдбаатарын Ариунтуул, Мятавын Болор-Эрдэнэ нар III, IY байр эзэд болжээ.
Наймдугаар сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутаг, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.
Уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Эх сурвалж: ЦУОШГ
Куба дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд “акустик халдлага”-д өртсөн байх магадлал өндөр байна. ЭСЯ-ны 16 ажилтанд чих дүлийрэх, толгой байнга өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хетер Науэрт өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Куба дахь манай улсын ЭСЯ-ны 16 ажилтанд чих дүлийрэх, толгой байнга өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрснээр эмчилгээ хийлгэж байна. Акустик халдлагыг одоо зогсоосон юм шиг байна. Бид энэ хэргийг анхааралдаа авч, нухацтай шалгаж байна” гэв.
Харин Кубын тал мэдэгдэхдээ “Манай улсын зүгээс гадаадын дипломатчдыг онилон ямар нэгэн халдлага үйлдээгүй. Бид энэ хэргийг шалгаж байна” гэлээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Куба дахь гадаадын ЭСЯ-нууд болон дипломат ажилтнуудын гэрийн гадна чимээ гаргалгүйгээр хүнийг дүлийрэхэд хүргэдэг дууны долгион ялгаруулдаг “хэт авианы төхөөрөмж” суурилуулсны улмаас ЭСЯ-ны ажилтнуудын сонсгол муудаж, дүлийрч байж болзошгүй.
Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад дээрх шинж тэмдгүүд ажиглагдах болжээ. Канадын ЭСЯ-ны нэг ажилтанд ч адил шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл байна.
АНУ-ын дипломат ажилтнуудын зарим нь эмчилгээ хийлгэхээр нутаг буцсан бол заримыг нь Куба дахь америк эмч нар эмчилж байгаа гэнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ хэргийг “эрүүл мэндийн халдлага” гэж тодорхойлов.
Вашингтонтай таагүй харилцаатай гуравдагч улс энэ хэргийн цаана байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.
Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст ердөө саяхан гэхээр, тодруулбал 2015 онд харилцаагаа сэргээсэн билээ.
Нийслэлийн айл өрхүүдийн халаалтыг есдүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгөх юм байна. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх ажээ.
Мөн дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлж, олон нийтийн оролцоог хангахын тулд орон нутагт бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санал авахаар УИХ-ын Тамгын газраас томилогдсон долоо дахь баг наймдугаар сарын 14–27-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж байгаа билээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр /2017.08.24/ үдээс өмнө Орхон аймгийн Жаргалант сумын Нутгийн удирдлагын ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд, гурван багийн Засаг дарга нар зэрэг 30 орчим хүн оролцлоо.Төсөл хэлэлцүүлэгч баг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд багцалсан зургаан сэдвийг тэдэнд дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Харин үдээс хойш сумын Соёл-мэдээллийн төвд болсон нийт иргэдийн хэлэлцүүлэгт 150 орчим хүн оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ. Энэ хэлэлцүүлэгт мөн Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир оролцсон бөгөөд тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хэсгийг ахалж байгаа юм.
Тус сумын хэмжээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахиа хэлэлцэж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатар үг хэлэхдээ “Монголын өнөөгийн нийгэм Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеийнхээс нийгэм, эдийн засаг, улстөрийн хувьд ихээхэн өөрчлөгдсөнөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улстөрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай чиглэлээр нийгмийн хөгжлийн шаардлагаар урган гарсан зургаан сэдвийн хүрээнд өөрчлөлт оруулж буй”-г тайлбарлалаа.
Үүний дараа Улсын Их Хурлын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах удаа дараагийн санаачилга хэрхэн гарч байсан, эдгээр өөрчлөлт ямар үе шат дамжин хянан боловсруулагдаж ирснийг танилцуулав. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд нэг удаа, 1940, 1960 оны хуулиудад тус бүр 16 удаа, харин 1992 оны Үндсэн хуульд мөн нэг удаа, нийт дөрвөн Үндсэн хуульд 34 удаа өөрчлөлт оруулж байжээ. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан бөгөөд өнөөгийн байдлаар УИХ-ын Тамгын газар долоон төсөл хүргүүлээд байгааг тэрбээр дурдсан юм.
Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “…эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төр бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж байж шийдвэрлэнэ” хэмээн тусгасан байдаг. Мөн Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 9-нд баталсан бөгөөд уг хуульд зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан байна. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар иргэдийн түүнд итгэх итгэл, Үндсэн хуулийн хууль ёсны байдал улам нэмэгдэх учиртай аж.
Иймд Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтээр хэлэлцүүлж байгаагүй, ялангуяа 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийнхээ оролцоог хангаагүйгээс олон нийтийн нэрлэснээр “дордуулсан долоон өөрчлөлт” болсон байна. Ийнхүү үе үеийн парламент дамжин яригдаж, олон удаагийн тандалт судалгаа хийсний эцэст хоёрүешаттайгаарзохионбайгуулсан Анхдугаарзөвлөлдөхсаналасуулгад Орхон аймгаас 30 гаруй хүн оролцсоныг Э.Түвшинжаргал дарга яриандаа тэмдэглэсэн юм.
Жаргалантын хувьд зам харилцаа, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, урд хойд хоёр хөрштэй төмөр замаар холбогдсоны дээр төвийн эрчим хүчний системд холбогдсон сум. Сумдын түвшинд нэгдсэн байдлаар хоёр удаа хэлэлцүүлэг хийх ёстой бөгөөд Жаргалантынхны хувьд өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлууд байв. “Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн чанартай/-д, сум нь баг болон тосгонд … хуваагдахаар, хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох”-оор төсөлд тусгасан байгаа. Эл заалттай холбоотойгоор олон хүн саналаа илэрхийлэхдээ Эрдэнэт улсын чанартай хот болбол Жаргалант сум хороо болж өөрчлөгдөнө. Ийм тохиолдолд сумын иргэдэд төрийн үйлчилгээ хүргэж байгаа өнөөгийн байгууллагууд хэрхэн өөрчлөгдөж, төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах эсэх, сумынхаа хилийн дээсийг тэлж, газар нутгаа өргөсгөх боломжтой эсэхийг лавлаж байв.
Тухайлбал, Жаргалант сумын иргэн Г.Мягмарсүрэн хууль батлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр учир дутагдалтай байгаа, орон нутагт ажлаа ил тод тайлагнадаг байгууллага байхгүй болсныг шүүмжлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улаантолгой багийн иргэн Н.Тавхай хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах заалт оруулах, мөн багийн иргэн Н.Адьяа улс төрийн намуудын тухай заалтыг Үүндсэн хуульд тусгах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
Иргэдийн хамгийн гол санаа зовж байсан зүйл бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсноор аймгийн статусаас хотод шилжвэл эмч, багш, цагдаа зэрэг төрийн ажилтнуудад 3-5 жилд олгодог нэмэгдлүүд байхгүй болно гэдэг асуудал байв. Ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Бямбасүрэн энэ талаар эмзэглэж байгаагаа илэрхийлэхэд Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир багш нартай холбоотой асуудал дээр тэдэнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд “Ирэх есдүгээр сард багш нар таван жилийн нэмэгдлээ авах ёстой. Эрдэнэт урьдын адил хотын статустай болж, Жаргалант болон багууд хороо болно, тэгэхээр энэ нэмэгдэл байхгүй болох ч саяхан багш нарын нийгмийн баталгааг хангах, орлогыг нь бууруулахгүй байхад анхаарч, хуулинд тодорхой заалт оруулсан тул одоо авч байгаа нэмэгдлийг нь өөр заалтаар оруулж өгнө” гэлээ. Харин Улсын Их Хурлын ахмад ажилтан Р.Хатанбаатар энэ асуудлыг тодруулж “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орвол түүнийг дагаад маш олон хуульд өөрчлөлт орох тул төсөл батлагдсан тохиолдолд дээрх асуудлууд 2020 оноос яригдаж,Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиараа зохицуулагдана. Ийнхүү хэрэгжих хугацааг хойшлуулж заасан нь эдгээр дагалдах хуульд өөрчлөлт оруулах хугацаа олгож буй хэрэг гэдгийг тайлбарлав.
Эрдэнэт хот болсноор 1992 оноос хойшхи олон жилийн хүлээлт шийдэгдэж, ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь илүү тодорхой болно.Жаргалант сум хороо болж, одоо байгаа давхардсан бүтцүүд арилж, төрийн үйлчилгээ иргэддээ илүү сайн хүрдэг болно. Амьдрал дээр болж бүтэхгүй байгаа нь харагдаж байгаа учир одоо Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь нэгэнт болсон. Тиймээс иргэд хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож, саналаа хариуцлагатай өгөөрэй гэж Д.Дамба-Очир гишүүн захиж байлаа.
УИХ-ын Тамгын газраас томилсон 7 баг 2017 оны 07 дугаарсарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажил үндсэндээ өндөрлөж байна. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд зургадугаар сарын 5-наас эхлэн саналаа ирүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Төсөл хэлэлцүүлэгч багийхан иргэдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой мэдээлэл бүхий гарын авлагаар хангаж, сургагч багш нарыг бэлтгэснээр сургагч багш нар нь сум, багтаа хэлэлцүүлэг зохиож иргэдийнхээ саналыг авах юм. Иргэд мөнгар утасны аппликейшн ашиглах юм уу Parliament.mnсайтаар орж саналаа цахимаар өгөх боломжтой. Үүнээс гадна Монгол шуудан компанийн сум, орон нутагт байгаа бүх салбараар саналын хуудас тараасан бөгөөд иргэд тэндээс саналаа үнэ төлбөргүй илгээж болох юм.
Монгол Улсын суурь, эцэг хууль болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцүүлэгч тус баг маргааш Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж, холбогдох зургаан сэдвийн хүрээнд иргэдийн саналыг авах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Монгол орон даяаратрын II аян зохион байгуулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оныдолдугаар сарын 30-ны өдрийн 249-р тогтоолоор Эрдэнэт хотын хүн амыг төмс хүнсий ногоо, сүүгээр хангах Улаантолгойн сангийн аж ахуйгбайгуулжээ.
1976 оны 11-р сарын 22-нд ХААЯ-ны холбогдох албан тушаалтнууд, Булган аймгийн Ингэт толгой болон Улаантолгойн сангийн аж ахуйн удирдлагууд оролцсон хоёр талын комисс байлцан Ингэт толгойн сангийн аж ахуйн харьяа Улаантолгой дахь тасгийн үр тарианы бргигадын барилга байгууламж, техник хэрэгслийг хүлээлцэн тэнд ажиллаж байсан тариаланч, механикжуулагчдыг шилжүүлэн авсан байна.
1976-1978 онд Улаантолгойн сангийн аж ахуй нь ашиглалтын өмнөх гүйцэтгэх захиргаа хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1978 оны нэгдүгээр сарын 30-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хотын Жаргалант хороо болгон зохион байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийх бэлтгэл ажилтай холбогдуулан энэхүү уулзалтыг хийсэн юм.
Уулзалтын хүрээнд УБТЗ-ын удтал хүлээгдсэн шинэчлэлийн асуудлаар санал солилцон ярилцав.
УБТЗ-ын үйл ажиллагааг шинэчлэхэд юуны өмнө 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд үүгээр нэн түрүүнд 467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах зэрэг ажил хийх юм байна. Мөн техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын хүрээнд модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэрэг олон ажил багтаж байгаа юм.
УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах, вагоны хомсдолд орох, ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болжээ. Иймд одоо байгаа төмөр замын ганц коридороо даруй тордох ёстойг уулзалтын үеэр ярилцлаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар оролцов.
СХД-ийн IX хорооны иргэн Б.ТЭГШБУЯН
Нэг үеэ бодвол цаг сайхан болжээ. Хувь хүн хөгжихөд ямар ч асуудал алга. Чи хичнээн ядуу, мөнгөгүй, сурах боломжгүй байсан ч гэсэн мэдлэгтэй болъё, хөдөлмөрлөе, сайхан амьдрахын төлөө зүтгэе гэж санах л юм бол бүтэхгүй зүйл алга. Би өдгөө хувийн барилгын бизнес эрхлэн яваа хүн. Газар сайгүй л өндөр, өндөр барилга барьж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, эхнэр хүүхдүүдтэйгээ боломжийн сайхан амьдарч байна. Намайг бага байхад аав, ээж минь зуурдаар хорвоог орхиж, энэ дэлхийд би гэдэг хүн харж, хандах хүнгүй орь ганцаар үлдсэн. Тэглээ гээд амьдралд бууж өгөлгүй, гутралгүй сайхан амьдрахын төлөө тэмцсэн. Надад сурч мэдье гэсэн ч их дээд сургуульд суралцах боломж байсангүй. Ингээд сайхан амьдрахын төлөө ажлыг гололгүй, өдөр шөнөгүй л хийсэн. Зах дээр тэрэг түрж, хүн амьтны өгснийг нь авдаг байлаа. Зун болохоор барилга дээр ажиллаж, өвөл нь таньдаг ахтайгаа хамт холын тээвэрт туслах жолоочоор нь явдаг байв. Ганц биеэ хөдөлмөрийнхөө хөлсөөр хоол, хувцсаар дутаахгүй, хүний зэрэгтээ л явлаа. Ингэж явсаар нэг зун олон жил хамт ажилласан барилгын компанийн захирал миний хөдөлмөрч, хичээнгүй, хүнтэй эвийг нь олж харьцах занг маань үнэлсэн үү бригадын даргаар томиллоо. Орох орон сууц ч зээлээр өглөө. Миний амьдралд олдож буй энэ алтан боломжийг, хүний итгэлийг би алдалгүй ажилдаа үнэнчээр зүтгэж, улмаар өөрийн гэсэн хувийн барилгын компанитай болсон юм. Өдгөө энэхүү өндөрлөгт хүрснээ, сайхан амьдарч яваагаараа бахархаж байна. Хүн өөрөө хөдөлмөрч, нийтэч, хичээнгүй, хамгийн гол нь сайхан амьдрахын төлөө зүтгэх сэтгэл, зүрхтэй л байвал энэ хорвоод болохгүй юм байхгүй гэдгийг ойлгосон. Нийгэмд бие эрүүл, ухаан саруул залуучууд их. Эдгээр залуус маань хэт их жаргалдаа бялхаж, багахан бэрхшээлийг зовлон мэтээр харснаас болж, өөрийн амьдралаа сүйрүүлж байна. Зовлон, жаргалаа ойлгож байгаа юм алга. Хүний хорвоод зовлон гэж хэлж болохоор хэдхэн үйл байдаг. Энэ нь ижий, аав, хайрт хань, үр хүүхдээсээ хагацах. Үүнээс өөр үйлийг үнэхээр зовлон гэж хэлэхгүй ээ.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу. Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН
“Өдрийн сонин”-ы 2017.08.17-ны пүрэв гаригийн №175(5742) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.
-Ардчилсан нам ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг шийдэхийг шаардаж байгаа. Ер нь цаашид хүүхдийн мөнгийг өгөх хэвээрээ байх уу?
-Ээлжит бус чуулганыг хуралдуулах хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор хуралдах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, өнөөдөр үүсээд буй улс төр, эдийн засгийн асуудлуудыг шийдэх арга замыг яаралтай хайя. Гуравдугаарт, зарим нэг хуулийн хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлага бий. Хүүхдийн мөнгөний асуудал мөн яригдаж байна. Шинээр батлагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг олон хуулийн хэрэгжилтэд УИХ онцгой анхаарах ёстой. Гэх мэт нөхцөл байдал УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөлийг бий болголоо. Хүүхдийн мөнгөнд хуваарилсан төсвийг хууль бусаар, төсвийн гадуур зарцуулаад явж байгаа. Төсвийн мөнгийг татвар төлөгчдөд зарцуулна гэх хуулийн заалт байдаг. Харамсалтай нь Засгийн газар төсвөөс гадуур мөнгө зарцуулж байна. Төсвийн хуулийг зөрчиж хүүхдийн мөнгийг зарцуулж байна гэх мэдээлэл ирсэн. Иймд ээлжит бус чуулган хуралдуулж Төсвийн хуулийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай. Төсөвт тодотгол хийхгүйгээр есөөс арванхоёрдугаар сар хүртэлх хүүхдийн мөнгийг олгох боломжгүй. Тиймээс АН-ын бүлэг Засгийн газарт шаардлагаа хүргүүлсэн. УИХ-ын даргад ч гэсэн ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт өгчихөөд байна.
-ОУВС хүүхдийн мөнгийг олгох боломжгүй гэж байсан. Гэвч сонгуулийн өмнө МАН хүүхдийн мөнгийг олгох шийдвэр гаргасан. Одоо эргээд олгох эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Эдийн засгийн хувьд боломж бий юу?
-Энэ Засгийн газрын эргэж хургасан шийдвэрийг ОУвС битгий хэл олонх суудалтай МАН-ын гишүүд нь ч ойлгохоо больчихоод байна. Сонгуулийн өмнө нэг өөр зүйл, сонгуулийн өдөр эсрэг зүйл, дуусахаар нь бүр хөндлөн зүйл яриад байх юм. МАН Засгийн газраа байгуулаад бүтэн нэг жил болчихлоо. УИХ-д тайлагнахгүйгээр, нэг сайдын сүржин мэдэгдлээр төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг явдал хэрээс хэтэрлээ. Нэг сайдын сэтгэл хөдлөлөөр төрийн ажил явдаг болсон байна. Ийм байж хэрхэвч болохгүй. Засгийн газар эргэж хургасан байдлаа зогсоож Монгол Улсын хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Улс орны нөхцөл байдал сайнгүй байна. Нийт нутгийн 80 хувь нь ган гачигтай байгаагаас өвөлжилт хүндрэх тийшээ хандчихлаа. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн бэлтгэлд онцгой анхаарах хэрэгтэй.
-АН өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сайдуудын мэдээллийг сонсч байгаа гэсэн. Бэлтгэл ажил ямархуу явцтай байгаа гэнэ?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд манай намын бүлэг дээр мэдээлэл хийсэн. Түүний ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 60-70 хувьтай явж байгаа гэсэн. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил мөн ийм хувьтай байгаа юм билээ. АН-ын зүгээс бэлтгэл ажлыг яаравчлах, ажлаа эрчимжүүлэхийг шаардаж байгаа. Шаардлагатай тохиолдолд УИХ-д асуудлыг оруулж ирж шийдүүлэх хэрэгтэй гэдгийг үүрэг болгосон. Миний хувьд сургууль цэцэрлэг, багш нарын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн засвар есдүгээр сарын 1 гэхэд дууссан байх ёстой. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй. Цэцэрлэгийн хүрэлцээ тун муу байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахын тулд хонон өнжин дугаарладаг явдал өнөө хэр үргэлжилсээр байна. Энэ балмад явдлыг, Монголоос өөр газар байдаггүй энэ зүйлийг үгүй болгох хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээ, түрээсийн цэцэрлэгийн үйлчилгээг идэвхжүүлэн Монголын бүх хүүхдийг сургуулийн өмнөх насны боловсролоор хангах ёстой. Хуучин аргаар шинэ асуудлыг шийдэж болохгүй гэсэн үг байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 20-30 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна. Энэ байдлаараа явбал Монголын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэвэл 100-150 жил хэрэгтэй болно. Энийг мэдсээр байж ингээд явсаар байх уу. Дэлхийн улс орнуудад хэрэглэгдэж буй санхүү, эдийн засгийн дэвшилтэт, шинэ механизмыг бид ашиглах ёстой. Өмнөх Засгийн газрын үед батлагдсан сайн, сайн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд аваад явах шаардлагатай гэх саналаа бид хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид өнөөг хүртэл хуучин аргаар яваад байна.
-Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтаж байгаа. Өөрчлөлт оруулахаар хөдөө орон нутгийн иргэдийн дунд сургалт явуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ ажил ямархуу явцтай байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ-д байгуулагдсан. Одоогийн байдлаар Монгол Улсын аймаг, сум бүрт хэлэлцүүлэг өрнөж байна. Иргэдээс ирсэн санал, хүсэлт бүрийг дүгнэж нэгтгэх юм. Мөн ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах хэрэгтэй гэдгийг дэмжиж байгаа. Хэлэлцүүлгийн явцад иргэдийн зүгээс амралттай байх үед, эзгүй байхад санал авч байна гэх гомдол, санал их ирж байна. Зөвхөн намын гишүүд, хэдэн дарга нар л саналаа өгч байна шүү гэх асуудал яригдаж байгаа. Би ажлын хэсгийн гишүүний хувьд Үндсэн хуулийг сайжруулах, ялангуяа Үндсэн хуульд заасан хариуцлагыг бий болгох, ёс зүйг тогтоох, эрхзүйт төрийг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох ёстой гэдэг байр суурьтай байна. Харамсалтай нь одоогийн хэлэлцүүлж буй хуулийн төсөл нэлээн түүхий болсон байна лээ. Энэ төслийг парламентад суудалтай улс төрийн намууд болон суудалгүй нам, иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч байж шинэчлэх ёстой. Мөн ард нийтийн санал асуулга туйлын чухал.
-Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сард зохион байгуулна гэж ярьж байсан. Энэ хугацаанд амжих юм болов уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж яарах хэрэггүй. 2000 онд яаран шийдвэр гаргаснаас болж дордуулсан долоон өөрчлөлт хийж байлаа. Үүнээс болж Монголын төр зарим тохиолдолд маш хүнд байдалд орж байсан. Одоо бол ултай суурьтайгаар үндэсний язгуур эрх ашгийг хамгаалсан, Монгол орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан, эв нэгдлийг бэхжүүлсэн, хариуцлага, ёс зүйг Монголын төрд авчирсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тиймээс заавал аравдугаар сард батална гэж яарах хэрэггүй. Ерөнхийлөгч ч гэсэн ийм бодолтой байгаа. УИХ-ын олон гишүүн ингэж ярьж байна.
-Та сая түүхий төсөл болсон гэлээ. Үүнийг сайжруулах боломж бий юү?
-Мэдээж төсөл хэл ам, шүүмжлэл дагуулах нь ойлгомжтой. Сайжруулахын тулд иргэд, олон нийтийн байгууллага, улстөрчид, судлаачид, эрдэмтэд санал бодлоо хэлж, тусгах ёстой юм. Тал талаасаа ажлын хэсэг гаргаж үндэсний зөвшилцлийн хэмжээнд ажилламаар байна. Саяхан Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгч бас бие даасан ажлын хэсэг байгуулах байх. Олон удаагийн хэлэлцүүлэг, яриа, зөвшилцөл хийж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-Иргэдийн зүгээс төрийн алба, тэр дундаа өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийн хариуцлагыг сайжруулсан өөрчлөлт хийхийг хүсч байгаа байх. Тиймэрхүү өөрчлөлт орж байгаа юу. Ялангуяа эргүүлэн татах боломж олгох уу?
-АН-ын зүгээс олон санал гаргаж байна. Энэ удаагийн хуулийн төсөл дээр хариуцлагатай холбоотой хуулийн төсөл бараг ороогүй. УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг заалт оруулмаар байгаа юм. Шүүхийн шийдвэр гарахыг хүлээгээд ард түмнийг бухимдуулан суугаад байх шаардлага байхгүй. Төр өөрөө өөртөө хариуцлага тооцдог, цэвэрлэдэг механизмыг бий болгох хэрэгтэй байна. Мөн УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалд томилогдож буй албан тушаалтанд насны хязгаар тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол хорин хэдэн настай хүүхэд ордонд орж ирээд юу ярих, юу хийхээ мэдэхгүй байна. Шүүгчийн насыг нэмэгдүүлж буйтай адил УИХ-ын гишүүний насыг нэмэгдүүлэхэд буруудах зүйл байхгүй. Гэх мэт олон саналыг гаргаж тавьж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай яриаг эрх баригч намын зүгээс гаргаж байна. Үүнийг манай нам зарим талдаа зөвшөөрөх ч гэлээ санал нийлэхгүй зүйл олон. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна гэдэг гаргүй, хөлгүй болгож буйтай агаар нэг. Ерөнхийлөгч төрийг тэнцвэртэй байлгах, үндэсний эв нэгдлийг хангах хүчтэй субьект байдаг. Хууль санаачлах, хориг тавих эрх зайлшгүй байх хэрэгтэй. Засгийн газартай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зарим эрх мэдлийг хязгаарлах тухай яригдаж байна. Энэ асуудалд бид санал зөрөлдөөнтэй байгаа. УИХ Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ жил бүр Засгийн газраа огцруулаад байж болохгүй. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцдог, хяналт тавьдаг тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлага бий. Энэ чиглэлд Үндсэн хуулийн өөрчлөлт явах байх.
-Ёс зүйн хороо дүгнэлтээ гаргасан бол УИХ-ын гишүү-ний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох талаар сая ярилаа. Одоогийн хуулиар эргүүлэн татах боломж байдаг уу?
-Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзээд олон түмэн бухимдаж, огцруулахыг шаардаж байгаа бол шүүхийн шийдвэр гартал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ гаргаж болно. Ийм зохицуулалтыг шинэ Үндсэн хуулиар оруулж ирэх шаардлагатай. Шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхээ сэргээлгэдэг, буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээдэг шинэ дэг журам руу орох ёстой. Өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан мөртлөө шүүхээр тогтоогдоогүй байна гэж гүрийдэг болчихож. Ингэж ард түмний уур цухлыг хүргэж байна. Манайд ийм албан тушаалтнууд олон байна. Гадны парламентад өөрсдөө огцордог жишээ олон бий. Бид тийм замд орох хэрэгтэй.