Categories
гадаад мэдээ

ДАШТ-ээс Оросын чөлөөт бөхийн шигшээ баг анх удаагаа аваргагүй буцлаа

Image result for Российская команда по вольной борьбе

Оросын шигшээ баг Парисын бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг ч алтан медаль авч чадаагүй нь 2005 оноос хойшхи хамгийн муу амжилт болж байгаа ажээ. Францын нийслэлд болсон ДАШТ-ээс оросууд таван мөнгө, таван хүрэл медаль авсан байна.

Оросын чөлөөт бөхийн тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, Абдулрашид Садулаев /97кг/, Хетик Цаболов /74кг/, Гажимурад Рашидов /61кг/ нар мөнгөн медаль авсан бол Алан Гогаев /65кг/, Владислава Валиева /86кг/ нар хүрэл медаль хүртжээ.

Оросын чөлөөт бөхийн тамирчид 1954 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргаас алтан медальгүй ирж байгаа нь энэ ажээ.

Багийн дүнгээр Оросын шигшээ баг 13 дугаар байранд орсон бол Япон улс тэргүүлж, удаад нь америкчууд, эхний гуравт туркууд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

​Увс аймгийн Тариалан сумын нутагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Image result for 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Оорог” гэдэг газарт хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал энэ сарын 25-ны өдөр өдрийн 13:27 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үед иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэгэн хор, хохирол учраагүй гэдгийг эх сурвалж онцолжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 4-нд орно

Image result for Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 4-нд орно

2017-2018 оны хичээлийн жилийн есдүгээр сарын 1 ирэх долоо хоногийн баасан гаригт тохиож байгаа. Гэхдээ энэ өдөр Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийг эхлүүлэх аж.

Харин их, дээд сургууль, коллежийн хичээлийг дараах долоо хоногийн даваа гаригт буюу есдүгээр сарын 4-ний өдөр эхлүүлэхээр болжээ.

Энэ тухай захирамжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-наас өнгөрсөн баасан гаригт (2017.08.25) гаргасан байна.

Тодруулбал, 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ их, дээд сургууль, коллежийн захирлуудад хичээлийн нээлтээ гурван хоногоор хойшлуулж, есдүгээр сарын 04-ний өдөр эхлүүлэх үүрэг өгчээ.

Энэ хичээлийн жилд нийт 40 орчим мянган оюутан суралцах аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсаар дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгджээ

Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын “Агаарын зайг шинэчлэн тогтоох” тухай тушаалаар долоон агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон билээ.

Ийнхүү агаарын замууд чиг шулуун болсноор агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацааг хэмнэх бөгөөд түлш зарцуулалт багасах ач холбогдолтой аж. Үүний үр дүнд дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна.

Манай улс ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг аж.Шинэ замуудыг ашиглаж эхэлснээр жилд 230 орчим мянган километр зай, 1,656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д хар салхины улмаас гурван хүн амиа алдав

АНУ-д хар салхины улмаас гурван хүн амиа алдавАНУ-ын Техас мужид “Харви” хүчтэй хар салхины улмаас гурван хүн амиа алдсан тухай Los Angeles Times мэдээллээ.

Одоогийн байдлаар, авран хамгаалах баг хар салхины улмаас унасан мод, эвдэрсэн машин, бусад хог хаягдлыг зайлуулах арга хэмжээ авч байгаа аж.

АНУ-ын хар салхинаас урьдчилан сэргийлэх үндэсний төвийн мэдээлж буйгаар “Харви” хар салхины хүч саарч байгаа ч хүчтэй үер бууж болзошгүй гэж ард иргэддээ анхааруулж байна.

“Харви” нь сүүлийн 12 жилийн хугацаанд АНУ-ын нутаг дэвсгэр дээр гарсан хамгийн хүчтэй хар салхи юм.

Categories
мэдээ спорт

Б.Түвшинбат хоёр дахь ялалтаа хүртлээ

Хоёр жил нэг удаа зохион байгуулагддаг боксын насанд хүрэгчдийн ДАШТ Германы Хамбург хотноо эхэллээ.

Тив, тивийн аваргаас дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авдаг тул энэ удаад 280 шилдэг боксчин Хамбург хотноо өрсөлөжж байна.

Монголын баг тамирчдын салхийг хагалан эрэгтэйчүүдийн 69кг-д ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тулаанаа хийлээ. Тэрбээр Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 яллаа.

Наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 28-ны үдээс хойш ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хүч үзнэ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Оройтсон бороо, оройтсон шийдвэр

СХД-ийн X хорооны иргэн Б.Гэрэл

Өнгөрсөн бичин жилийн өвлийг хаа, хаанаа хэцүүхэн өвөл болно гэцгээж байлаа. Харин ч байгаль цаг уур, бидэнд муу нүүрээ харуулсангүй, мал, хүн эсэн мэнд онд орсон. Харин өнгөрсөн хавар нийт нутгаар тарлантаж тогтсон цасан бүрхүүл хайлсан ч шууд хуурайшилт, хаврын хавсаргатай золгосон. Хавар хүйтэн байснаас болж, үр тариалалтын ажил өмнө нь тохиолдож байгаагүйгээр хожуу эхэлсэн билээ. Бараг л зуны эхэн сард тариаланчид маань тариалалтынхаа ажлыг эхлүүлсэн. Ингээд дэлгэр зуны сар гарснаас хойш саяхныг хүртэл ихэнх нутгаар хур тунадас багатайгаас болоод өвсний гарц муудаж, бог, бод мал төдийлөн тарга тэвээрэг авч чадсангүй. Харин наймдугаар сар гарснаар нийт нутгаар сэрүүсч, шөнө, өдөргүй шиврээ бороо шаагиж байна. Ёстой л оройтсон бороо цэцэг нэхнэ үү гэдэг нь л болж байна. Өнөө жилийн цаг агаарын нөхцөл байдал малчид, тариаланчид үнэхээр хүнд байхад төр засаг сонгуулийн шокноосоо гарч чадахгүй хоорондоо айлын авгайчуул шиг л хэрэлдэж, зодолдож, нэгнийгээ далдуур муулж байна. Юун намрын ажил, өвлийн бэлтгэл. Ёстой өмнөх хэрүүлээ яаядаа гэж байхад ард олны, улс орны ажил хамаа ч алга, цаадуулд чинь. Ингэж явсаар намрын адаг сараар найр хуримнаасаа салж, төрийн ажлаа хиймэршүү болохтой зэрэгцээд нөгөө ургац хураалт яасан, өвлийн бэлтгэл юу болж байгаа билээ… хэмээн мунаглах вий дээ. Тэр үед дарга нар оройтсон шийдвэр доод хүмүүсдээ хайр найргүй гаргах бололтой. Цагийн юм цагтаа гэдгийг манай төрийн удирдлагууд мэдэхгүй. Ямар ч том дарга байсан намрын ажлыг, өвлийн сэрүүнийг зогсоох боломжгүй. Тийм болохоор нам дотор, байшин тойрсон ширээ сандал, хулгай, луйврынхаа хэрүүлийг түр хойшно тавиад улс орныхоо ажлыг хийвэл яасан юм бэ, эрхэм төрийн түшээд минь.

Намрын адаг сараар ургац хураалт тааруу авсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн хамаг бурууг цаг агаар луу чихэв дээ. Хичнээн цаг агаар хэцүү байгаа ч гэсэн төрийн бодлого, шийдвэр чухал шүү.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сондгой тоогоор төгссөн дугаартай бол замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр/08.26/ сондгой тоогоор төгссөн бол маргааш/08.27/ 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцох юм.

Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.

Categories
мэдээ цаг-үе

​М.Түмэнбаяр: 2020 оны олимпод оролцож, өөрөөсөө гарч болох бүх боломж, хүч чадлаа дайчлах болно

“Өдрийн сонин”-ы 2017.08.17-ны дугаараас авч нийтлэв.

Манай улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник, ур чадвар богино хугацаанд өсч байна. Өнгөрсөн “Рио-2016” олимпод манай улсаас анх удаа таеквондогийн төрөлд оролцох эрхийг П.Тэмүүжин авч, энэхүү спортын түүхэнд шинэ хуудас нээсэн. Тэрхүү амжилтыг үргэлжлүүлэн монгол тамирчин мөн анх удаа Гранпри тэмцээнд оролцох эрх аваад байна. Ингээд олимпийн эрх олгох, оноо цуглуулах хамгийн том тэмцээнд оролцохоор болсон Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Моломын Түмэнбаяртай ярилцлаа.


-Олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж, Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны монгол тамирчин болсонд баяр хүргэе. Энэхүү тэмцээний тухайд тодруулахгүй юу?
-Баярлалаа. Миний хувьд саяхан болсон Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, шагналт тавдугаар байрт орсон. Мөн өмнөд Солонгос улсад зохиогдсон “Корёо опэн” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин боллоо. Ингэснээр Дэлхийн таеквондогийн холбооны наймдугаар сарын Дэлхийн чансааны 54, 58 кг-ын жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан олимпийн чансаа гэж бий. Үүнд жиндээ буюу 58 кг-д 1400 гаруй тамирчнаас 28 дугаарт эрэмбэлэгдлээ. Ингэснээр миний хувьд олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж энэхүү Гранпри тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Өмнө нь манай улсаас энэ тэмцээнд оролцож байгаагүй юм билээ. Тэмцээн ирэх есдүгээр сарын 22-24-нд Морокко улсад “Ra¬bat 2017 World Taekwondo Grand Prix” нэртэйгээр зохион байгуулагдах юм.
-Гранпри тэмцээн нь хамгийн өндөр оноо олгодог гэсэн. Таны хувьд энэхүү тэмцээнд амжилттай оролцвол олимпийн эрх авах боломж үүсэх үү?

-Таеквондогийн спортын онцлог нь олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг. Олимпийн чансааны эхний зургаад эрэмбэлэгдсэн тамирчид олимпод оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ олимпийн эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр олимпод оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм. Энэхүү тэмцээнд гадаадын шилдэг тамирчид оролцож байгаа учраас чансаа өндөр, тэр хэрээр амжилт гаргасан тамирчинд хамгийн өндөр оноог, бүр олимпийн оноо өгдөг тэмцээн л дээ. Мэдээж хэрэг миний хувьд энэ тэмцээнд амжилттай оролцож, медальт байрт шалгарч чадвал өндөр оноо авч олимпод оролцох эрх рүүгээ нэг алхам дөхнө гэсэн үг. Олимпийн эрх авахын тулд жиндээ оноогоороо эхний зургаад жагсах ёстой.

-Тэгэхээр оноогоороо эхний зургаад эрэмбэлэгдэж байж л ирэх 2020 оны олимпод оролцох эрхтэй болох нь ээ…

-Тэгэлгүй яахав. Одоогоор би жиндээ 28 дугаарт бичигдэж байна. Энэхүү байраа улам урагшлуулж, эхний зургаад жагсвал олимпод оролцох эрхтэй болно. Ингэхийн тулд олон улсын болоод тив дэлхийн томоохон тэмцээнд амжилттай оролцож, өндөр оноо цулуулах нь чухал. Үүнээс хамгийн өндөр оноог энэхүү Гранпри тэмцээн олгодог юм. Энэ бол их чухал тэмцээн л дээ.

-Таны хувьд хичнээн жил таеквондогийн спортоор хичээллэж байна. Бэлтгэл сургуулилтыг тань гардан хийлгүүлдэг багшийнхаа тухайд ярихгүй юу?

-Энэ спортоор 2005 оноос өдий хүртэл хичээллэсэн. Харин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 2013 онд орж, мэргэжлийн тамирчин хэмээх статусаар бэлтгэл сургуулилтаа хийдэг болсон. Бэлтгэл сургуулилтыг маань Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Эрдэнэбат, Солонгосын мэргэжлийн дасгалжуулагч Хо Ин Ён багш нар маань гардан хийлгэдэг байгаа. Гол техник, бэлтгэл сургуулилтыг Солонгос багш маань хариуцдаг.

-Бэлтгэл сургуулилтаа хаана базаадаг вэ?

-Одоогийн байдлаар Хороололд байрлах “Олимп” глуб дээр бэлтгэлээ хангаж байна даа.

-Таеквондогийн спорт бусад тулааны спортоос ялгагдах онцлог, давуу тал нь юу бол?

-Онцлог давуу тал их. Бусад тулааны спортоос илүү нь хөлний ажиллагаа. Энэ спортын үндсэн хөдөлгөөн, техникийн 80 гаруй хувь нь хөлөөрөө тоглох байдаг. Мөн энэхүү спортоор хичээллэснээр хувь хүн төлөвшихөөс гадна өндөр тооцоололтой болдог юм болов уу гэж боддог. Мөн өрсөлдөгчийнхөө үйл хөдөлгөөн, тэр бүү хэл амьсгалыг нь мэдэрч байх хэрэгтэй.

-Дэлхийд таеквондогийн спортоор ямар орны тамирчид тэргүүлдэг бол. Манай улсын хувьд энэ спорт хэр хэмжээнд хөгжсөн гэж боддог вэ?

-Монголд таеквондогийн холбоо 1991 онд байгуулагдсан. Өдгөө энэхүү тулааны спортын нэгэн төрөл манай улсад сүүлийн жилүүдэд их хурдацтай, хөгжиж байгаа. Монголын шилдэг тамирчид энэ спортоор олон улс, тив дэлхийн нэртэй тэмцээнүүдэд болоод олимпод амжилттай оролцож байна. Дэлхийд энэхүү спорт их жигд хөгжсөн байдаг. Азидаа тэргүүлэгч нь гэвэл Тайланд, Иран, Солонгос улс юм уу даа. Эдгээр улсын тамирчдын ур чадвар, техник нь их сайн.

-Таны цаашдын зорилго юу вэ. Мэдээж хэрэг ирэх олимпод амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгах бодолтой байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Энэ оноос эхэлж өөртөө хатуу зорилго тавин ажиллаж байна. Тэр маань жиндээ эхний зургаад шалгарч, олимпийн эрх авах байгаа. Улмаар ирэх 2020 оны олимпод оролцож, өөрөөсөө гарч болох бүх боломж, хүч чадлаа дайчлах болно. Надад үргэлж тусалж дэмждэг, ар гэр, найз нөхөд, багш дасгалжуулагч, ард түмнийхээ итгэлийг алдахгүй, хичээх болно.

Categories
мэдээ цаг-үе

Төлөөс

-ӨГҮҮЛЛЭГ-

Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, нийтлэлч Н.Батсуурийн уран бүтээлээс уншигчдад хүргэж байна. Тэрбээр 1980-аад оны эхэн үеэс уран зохиол сонирхон оролдож “ Харуул-Овоо”, (1989), “Дуулахын заяатай хорвоо” (1994), “Жаазгүй хөрөг” (1999), “Холимог цагийн араншин”( 2004), “ Цоохор хаалгатай дэлхий “ (2008), “Би мөн байна” (2012), “Би… өөрийнхөө замаар” (2012), “ Амьдрал хуучирдаггүй” (2014), “Зүдэг” (2016 ) зэрэг яруу найраг, нийтлэл, уран сайхны номууд хэвлүүлжээ.

Булган, их хотоос алс зайдуу нэгэн хашааны баруун дээд буланд сууж тамхиа татаж байлаа. Булганаас холгүй хашааны баруун дээд буланд барилгын засвараас гарсан нэлээд том хэмжээний хог байх бөгөөд холоос харахад аргал овоолсон юм шиг харагдаж байв. Хашааны сүүдэр төдөж удалгүй Булганы дэргэд ирлээ. Өдөр дундаас хойш, цаг эрт байгаа бололтой.Тэр банзан хашааг дөнгөж саяхан хатгасан нь Булганд нэг их гайхлыг төрүүлсэнгүй. Энэ дөрвөн тал хашааны бусад гурван талыг нь цементэн суурь цутгаж нэгэн загварын хайснуудаар холбон барьсан нь хашааны эзэн нь ямар чиг байсан өндөр албан тушаалтай эрх мэдэлтэй нэгэн байх нээ гэх сэтгэлийг Булганд аяндаа төрүүлээд орхив.. Тэр нэг тал банзан хашааг зузаан нарсан банзаар хооронд нь бараг нийлүүлэх шахуу барьж босгожээ. Бусад гурван тал нь гайхал төрүүлмээр ганган хээнцэр төмөр хайстай хэрнээ энэ банзан хашаа юу билээ гэх бодол Булганд төрөлгүй яахав. Хэнд ч байдаг тэр нэгэн саваагүй зангаар банзны завсраар харах гэж оролдлоо. Хашааны банз хоорондоо зайгүйг сая л ойлголоо.

Тамхиных нь цог удахгүй газарт унахад татаж буй тамхинаас нь юу ч үлдэхгүйг мэдэж байлаа. Богд-Уулын оройгоор манан уу үүл үү утаа юу гэж бодох зуур нээрээ Богд-Уулын орой үүлэн дунд умбасан харагдав. Булган өөрийгөө аргадаж суух тэр жаахан чөлөөнд их л завтай сууж байгаа юм шиг санагдах бөгөөд татаж буй тамхиндаа мансуурсан нь илт. Хөлөндөө ямар гутал өмсөж гарсанаа ч сайн мэдэхгүй байлаа. Сая л мэдэх нь тэр. Хүний нүдэнд гутал гэж хэлэхэд хэцүү аж. Ул нь цоорч шавар шавхайтай газраар явахад төвөг учирхаар тэр цоорхой пүүзнийхээ өгсөн эзний гарыг сая олж харлаа. Бүсгүйн хөл, гар хоёрын байр нь яагаад солигдчихов гэж алмайран гайхшаа бартал дэргэд нь дөрвөн нүдтэй халтар жингэр шаравганан байхыг олж харав. Миний нүд ил далдыг олж харах ид шидтэй болж гэж бодоод ам руугаа баруун гарынхаа долоовор хурууг хийж шүднийхээ бүрэн бүтнийг үзэв. Хардах сэтгэл төрсөн ажээ. Муу жингэр чинь миний шүдээр хоол идээд яваад байгаа юм биш биз гэж хардах нь тэр. Булган хэзээний л дэргэдэхээ хардаж сэрдэж явдаг зангаасаа болоод нэг ийм учир нь эс олдох амьдралтай болсон хүн. Шүд нэг бүрийгээ татаж хөдөлгөж бүрэн бүтэн байгааг нь шалгаж сая л санаа амравуу гэлтэй долоовор хуруугаа амнаасаа суга татан гаргалаа.

Цааш нь жаахан явуулж улаан хоолой мөгөөрснийхөө бүрэн бүтнийг шалгадаг байжуу гэж бодох зуураа долоовор хуруундаа шүднийхээ завсар орсон махыг авч инчдэв. Шүдний завсар орсон тэр махыг инчдэх зуурт Богд- Уулын оройгоор цахилгаан цахих шиг болоод орхив. Булган гараа сэгсэрч халаасандаа хийгээд буцааж гаргалаа. Уулын оройд бороо орж, цахилгаан цахиж байхад миний гарт цахилгаан мэдрэгдэж л байдаг.Халуун оргиод хуруунууд нь тасраад хаашаа ч юм нэг тийшээ нисээд явчих шиг болов.

Хуруунууд нь ч төвөг учираад байгаа юм шиг сэтгэгдэл төрөх аж. Ойр орчинд нь нам тайван. Хүмүүсийн хөлийн хөдөлгөөн татарсан харагдлаа. Гараа салхинд сэвж алгыг нь дээш нь харуулах хооронд жингэр, Булганы гарыг долоож эхлэв. Жингэрийн амыг татаж харваас хамаг шүднүүд нь алтаар бүрчихсэн юм шиг харагдах нь тэр. Муу хөгшин жингэрийн шүд тийн харагдсан аж. Хөгц, мөөг болсон тэр жингэрийн шүд бүрэн бүтэн байлаа. Миний шүд хажууд нь гэж бодонгуутаа баруун гарынхаа долоовор хурууг дахиж амандаа хийж сайтар үзэв. Дээд эрүүний зүүн талын нэг араа хорхой идсэнийг эс тооцвол Булганы шүд бүрэн бүтэн байв. Новш гэж ..?. Сургуульд байхад маток цохиж байгаад модон гадсанд гөвүүлээгүй бол миний шүд бүтэн байхгүй юу… гэж Булган амандаа үглээд гараа жингэрт дахин долоолгов. Гижиг нь хүрэх сацуу нохой хооллож байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Нүдэнд нь гэрэл гэгээ татах шиг боллоо. Боль чи гэж өөртөө хэлээд сууж буй газраасаа бөгсөө өндийлгөх гэж үзлээ. Бөгс нь газар луу шигдэж ороод бүр газрын гүн лүү явчихсан мэт сэтгэгдэл төрөөд орхив.

Хэрэг бишидлээ дээ гэж Булган бодоод гараа бөгсөн доогуураа зугуйхан явуулав. Гар нь сунаад яваад байх шиг эвгүй сэтгэгдэл төрсөн ч явуулсаар л байлаа. Гар хурууных нь үзүүрт нэгэн хатуу биет таархад саял бөгс нь газраас салах шиг болов. Булган сууж буй газар дээрээ бөгсөө хоёр тийш нь займчуулан хөдөлгөхөд бөгс нь чөлөөтэй хөдөлж байв. Зугуйхан дээшилсээр хоёр хөл дээрээ эгцлэн бослоо. Баруун хөлөө баруун тийш ялимгүй жаахан холдуулж доошоо харахад модон гадас шаагаад авчихсан юм шиг нарийхан гүн хар нүх нүдэнд нь харагдав. Түрүүн намайг энд ирж суухад нүх байгаагүй дээ. Ямар сонин учрал бэ миний нүд юу хараад байна. Булган гайхшаа барлаа. Зуны дунд сарын Улаанбаатар үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагдах ажээ. Эрт урьдын цагт энэ нутагт нэгэн бадарчин явж байгаад хээр хоног төөрүүлээд өглөө эртлэн босоод харсан чинь дэргэд нь нэг сайхан эмээл хазаартай зүс цагаан шаргал морь өвсний толгой шувтраад сүүлээрээ ялаархаад зогсож байсан домогтой газар даа. Домог заримдаа үнэн байдаг учрал ерөөл байдаг юм гэнэ лээ шүү гэж бодоод ийш тийш нь харлаа.

Нөгөө зүс халтар жингэр нэг их хол явж шальсанггүй эргэж ирээд нөгөө модон гадас шаагаад авсан юм шиг нүхний дэргэд ирээд хэвтсэнээ нүхний зүгт чимээ чагнаж байгаа бололтой толгойгоо хоёр тийш нь гилжийлгэн хөдөлгөж харц нь нэг байрнаасаа нөгөө байр луу огцом өөрчлөгдөж байлаа. Жингэр удсан ч үгүй хэвтэж байсан байрнаасаа босон холдоод бараг эрүү цээжээрээ газар шүргэж бөгсөө ондойлгон хоёр гурван удаа суниав. Тийнхүү хэдэн удаа суниаснаа байрнаасаа холдоод баруун хойшоогоо харж хэдэн удаа хуцлаа. Халтар жингэрт ямар нэгэн зөн совин байгаа бололтой. Жингэрийн хөдөлгөөнийг Булган ихэд ажиглан харсаар л байв. Жингэр тэр босоо жижигхэн хар нүхнээс үүдэн хоймор хэртэй холдож өөр нэг нүхний амсарыг ухаж эхлэв. Тэр нүх саяны босоо хар нүхнээс том боловч амсар нь олон жилийн ус бороонд угаагдан амсар нь битүүрч өвс ургасан байлаа. Нүхний амсрын өвсийг жингэр шүдээрээ зулгааж нүхийг нь хөлөөрөө ухаж цааш, нааш хэдэн удаа хөрвөөснөө босоод дахиад л баруун хойшоо харж хуцсанаа эргээд Булганы дэргэд ирэв. Хашааны сүүдэрт сууж тамхиа татаж буй Булганд жингэрийн нүд яг л эхнэрийнх нь нүд шиг харагдав. Ямар адилхан нүд бэ гэж бодох зуур нүүр нь халуун оргиж нуруу руу нь хүйт даагаад хөлс гарах шиг болов.

10 жилийн өмнө хүний наймааны золиос болж амиа алдсан тэр залуухан бүсгүйн харц яг мөн байлаа. Нээрээ мөн байна. Чи минь хаанаас гараад ирэв гэж Булган хашгирах шахуу хэлэв. Мөнхсолонго минь? Хуцаж байгаа дууных нь өнгө яасан адилхан байнаа… Нохой болоод төрчих гэж үү… Үгүй чи минь нохой биш Мөнхсолонго минь хайрт минь. Булган жингэрийн хүзүүгээр хуцсанаа эргээд Булганы дэргэд ирэв. Хашааны сүүдэрт сууж тамхиа татаж буй Булганд жингэрийн нүд яг л эхнэрийнх нь нүд шиг харагдав. Ямар адилхан нүд бэ гэж бодох зуур нүүр нь халуун оргиж нуруу руу нь хүйт даагаад хөлс гарах шиг болов.

10 жилийн өмнө хүний наймааны золиос болж амиа алдсан тэр залуухан бүсгүйн харц яг мөн байлаа. Нээрээ мөн байна. Чи минь хаанаас гараад ирэв гэж Булган хашгирах шахуу хэлэв. Мөнхсолонго минь? Хуцаж байгаа дууных нь өнгө яасан адилхан байнаа… Нохой болоод төрчих гэж үү… Үгүй чи минь нохой биш Мөнхсолонго минь хайрт минь. Булган жингэрийн хүзүүгээр