Олон улсын хэмжээний мастер П.Орхон Парисын тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулж буй агшин
“Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн мөнгө, цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аваргын долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан түүхэн үйл явдал боллоо.
Тэрбээр Парисын дэвжээнд эхний барилдаанаа 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шерантай хийж оноогоор цэвэр ялж, хоёр дахь барилдаанаа Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан билээ. Улмаар “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Улмаар өнгөрсөн лхагва гаригийн шөнө аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Европын хошой аварга Украины бөх Юлья Ткачийг 6:3-аар буулган авч Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.
Тэрбээр 2016 онд олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог “Иван Ярыгин”-ы нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж байв. Японы домогт их аварга К.Ичо 2003 оноос хойш ялагдал гэгчийг “мартаад” байсан босоо аварга гэдгийг олон түмэн санаж буй биз ээ. 13 жилийн турш үргэлжилсэн ялагдаагүй амжилтдаа цэг тавьсан ч үнэхээр босоо аварга гэдгээ Ичо баталж, Риогийн олимпоос дөрөв дэх түрүүгээ хүртсэн юм. Манай улсаас чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон бөх ховор. Дэлхийн хошой аварга З.Ойдов, С.Батцэцэг, дэлхийн аварга Х.Баянмөнх, С.Цэрэнчимэд гээд нийт зургаан алтан медалийг дөрвөн хүн л эзэмшдэг байсан бол одоо Монголоос тодорсон тав дахь дэлхийн аварга, долоо дахь алтан медалийн эзэн Пүрэвдоржийн Орхон боллоо.
ДЭЛХИЙН АВАРГА П.ОРХОНЫ ЭЭЖ Б.ПҮРЭВДУЛАМ: ОХИНЫГОО АВАРГА БОЛОХ ТЭР МӨЧИД ӨӨРИЙН ЭРХГҮЙ УЙЛСАН ШҮҮ
Парисын дэвжээнд гялалзтал барилдаж, дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгасан монголын тав дахь тамирчин П.Орхоны талаар түүний ээж Батын Пүрэвдуламтай холбогдож сэтгэгдлийг нь сонслоо.
-Сайн байна уу. Өнгөрсөн лхагва гаригийн шөнө таны охин Парисын тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандууллаа. Монголын чөлөөт бөхийн түүхэнд дэлхийн аварга болсон тав дахь тамирчин боллоо. Охиноо дэлхийн аварга болох тэр мөч танд ямар санагдсан бэ?
-Миний охин санасандаа хүрлээ. Юуны өмнө охиныг маань үргэлж дэмждэг, барилдаан болгонд нь надтай хамт захыг нь мушгин суудаг монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Охиныг маань бөхийн эрдэмд сургаж, олон сайхан амжилт гаргахад нь нөмөр нөөлөг болсон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багш нарт нь талархаж байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны багш, дасгалжуулагч, тамирчдадаа баярлалаа. Охиныхоо аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон байж, үзсэн. Охиныгоо яг аварга болоход нь өөрийн эрхгүй уйлсан шүү. Миний охин олон жил бэлтгэл сургуулилтаа чамбай хийж, хөлс, хүчээ урсгасны үр дүнд дэлхийн бөх боллоо. Алтан медалийн төлөөх барилдаанд Европын хошой аварга Украины Юлья Ткач гэж мундаг бөхийг ялсан шүү дээ. Тэр бөх бас л чанга өрсөлдөгч болох нь харагдсан. Гэхдээ л миний охин, монгол хүн илүү байлаа. Охиноороо бахархаж байна.
-Та охиныхоо талаар илүү тодорхой танилцуулахгүй юу. Бага байхын л барилдах сонирхолтой хүүхэд байсан уу?
-Манайх чинь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын айл. Орхон маань багын л их бөхөд сонирхолтой охин байсан. Нэгдүгээр ангид ороод шатрын дугуйланд хичээллэж, оюуны спортоор гараагаа эхэлж байсан санагдана. Ингээд Орхоныг тавдугаар ангид байхад нь манайх хот руу шилжин ирсэн юм. Улаанбаатарт ирээд олимп, дэлхийн аваргууд олноороо төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжиж, тэндээ арван жилээ төгссөн юм. Охины сургуулиас олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар төрж гарсан юм шүү. Их л бэлгэшээлтэй сургууль гэж боддог. Орхоныг 14 настай байхад нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр багшийн шавь болгож билээ. Тэр үеэс л зүтгэсэн багш, шавь хоёрын хичээл зүтгэл ийнхүү гарч байна. Хосбаяр багш үнэхээр мундаг, чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн хүн шүү дээ.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Орхон айлын хэд дэх хүүхэд бол?
-Манайх долоон хүүхэдтэй айл. Орхон маань манай отгон охин юм. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын бага ч гэсэн тийм ч эрх охин биш шүү (инээв).
-Танайх бөхийн удамтай юу?
-Миний аав цэргийн начин Бат хэмээх хүн бий. Мөн ах нь аймгийн начин хүн байлаа. Өвөө, ах хоёрынхоо удмыг залгасан мундаг сайн бөх болжээ, миний охин.
-Дэлхийн аварга маань гэр бүлтэй юу?
-Албан ёсоор батлуулсан зүйл бол байхгүй ээ. Гэхдээ олон жил үерхэж байгаа найз залуутай. Та бүхэн мэднэ дээ. Армийн дэлхийн аварга, энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд өрсөлдөж байгаа “Алдар” спорт хорооны тамирчин Н.Лхамгармаа шүү дээ. Манай улсын чөлөөтийн залуу, шилдэг бөхчүүдийн нэг. Сүүлийн хэдэн жил хамт амьдарч байгаа.
-Хоёулаа бөх гэхээр нэгнийгээ их ойлгодог байх. Их сайхан хосууд байна. Та зээтэй болов уу?
-Миний отгон охин чинь жоохон шүү дээ. Хүүхэдтэй болох арай л болоогүй байна. Гэхдээ яваандаа болох нь тодорхой биз. Юутай ч ирэх олимп хүртэл бэлтгэл сургуулилтандаа л анхаарах байх аа. Хоёулаа тамирчин учраас нэгнийгээ ойлгож, нэгнийхээ бэлтгэл сургуулилтыг бүрэн хангаж өгдөг гэсэн. Нэг дэвжээн дээр байгаа улсууд нэгнийгээ сайн ойлгож, сайхан амьдарна гэдэгт нь итгэлтэй байна.
-Таны охин өнгөрсөн “Рио”-гийн олимпийн эрх авч, санасандаа хүрч барилдаагүй ч ирээдүйтэй тамирчин гэдгээ батлан харуулсан.
-Казахстанд болсон олимпийн эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээнээс охин минь 58 кг-д барилдаж, эрхээ авч байсан. Японы алдарт бөх Ичог ялснаас хойш монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхааралд өртөж чадсан гэдгийг олон түмэн хэлж л байсан. Риогийн олимпод санасандаа хүрч чадаагүй ч шагналт долдугаар байр эзэлсэн.
-Охин тань сургуулиа төгссөн үү. Аль сургуульд сурдаг вэ?
-Арай төгсөөгүй л байгаа. Энэ жил Шинжлэх ухаан техникийн их сургуулийг төгсөнө дөө. Бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд бяцхан охин маань амжуулах ажил их ээ.
-Таны охин, дэлхийн бөх П.Орхон энэ эрчээрээ ирэх олимпод эх орныхоо нэрийг гаргана гэдэгт эргэлзэхгүй байна…
-Монголчуудынхаа итгэлийг алдалгүй аварга болсон охиноороо үнэхээр бахархахгүй байхын аргагүй юм. Миний охинд илүү амжилт гаргах боломж бүрэн бий. Ирэх олимпод аварга болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай гэж ерөөе өө.