Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Шинжлэх ухааны нээлт хийсэн судлаач эрдэмтдийн хөдөлмөр бүтээлийг үнэлье

Нийгмийн эрүүл мэнд судлаач Ч.Чулуунбаатар

Шинжлэх ухааны нээлт, ололт, амжилт судалгаа, туршилтын үр дүн нотолгоо, шинэ технологид суурилсан бодлого, шийдвэр гаргах нь чухал болж байгааг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үйл ажиллагаанаас тодоор харагдаж байна.

Монгол оронд одоогийн байдлаар нийгмийн харилцааны бараг бүх асуудлыг шийдвэрлэх гэж хэсэг бүлэг дарга нарын саналаар нам эвслийн шийдвэр, мөрийн хөтөлбөр гэж цөөн хэдхэн хүний зохиож бичсэн зүйлийг л ярьж хэрэгжүүлэх гэж оролдож мунгинаж байна.

Дэлхийн ихэнх орнууд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ шинжлэх ухааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж хурдацтай хөгжиж ололт амжилтанд хүрч байна. Монголын жирийн малчны хүү нэрт эрдэмтэн Хавтгайн Намсрай цөмийн физикийн салбарт, Жамбалын Шагж биологи анагаах ухааны салбарт “Хүн ба хөхтөн амьтны бүдүүн гэдсэнд дулаан үүсэх зүй тогтол” сэдвээр, академич Пагважавын Нямдаваа В гепатитийн эсрэг вакцин бүтээсэн бол Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Миеэгомбын Амбага амьд эсийн мембрант байгууламж, уурагт нэгдлийн хүрээнд дэлхийн хэмжээнд урьд өмнө шийдвэрлэгдээгүй байсан зүй тогтолтой төлөв байдлыг нарийвчлан судлан нээлт хийж дэлхийн шинжлэх ухаанд шинэ онол, зүй тогтлыг нээн илрүүлсэн бөгөөд энэ бүтээлүүдийг гадаадын орнуудад нийтэлсэн байна.

Шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээ судалгааны ажлын төсөв зардлыг жил бүр нэмэгдүүлэн, дэлхийн шинжлэх ухаанд нээлт хийсэн эрдэмтэн судлаач нарын зүтгэл бүтээл, гавьяаг үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар хэмээх эрхэм цолыг эрдэмтэн докторуудад олгож байх саналыг иргэний хувьд өргөн дэвшүүлж байна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: Монголчууд бидэнд эв нэгдэл юу юунаас чухал байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.21-ний даваа гаригийн 177(5744) дугаараас авч нийтлэв.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж Х.Баттулга Төрийн тэргүүнээр сонгогдоод нэг сар гаруйн хугацааг үдэж байна. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн дүгнэх бол. Хүмүүс бол хар бараан сонгууль боллоо гэх юм?

-Сонгууль болдгоороо болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй юу ярихав дээ. Ард түмэн сонголтоо хийсэн. Гүжирдлэг, гүтгэлэг, доромжлол, маш их хууль зөрчсөн үйлдлүүдтэй иймэрхүү л сонгууль боллоо. Товчхондоо Монголын төр, хууль хяналтын байгууллагууд үнэхээр хүчгүй болсон, Монголд шударга ёс хийгээд хууль сахиулах талаар ярих нь ямар ч утгагүй гэдгийн тод жишээ боллоо. Өөр юу хэлэхэв дээ.

Үүнд төр засаг болоод улс төрийн намууд дүгнэлт хийх ёстой байх. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой олон асуудлыг хуульчилмаар юм шиг санагдсан. Энэ чиглэлээр улс төрийн намууд улс төрчид нухацтай ний нуугүй ярилцаж ойлголцох шаардлага байна. Сонгуулийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бид хоёр чуулганы танхимд уулзаж энэ талаар санал солилцсон. Бид хоёрын санаа нэг чиглэлд байна гэж би ойлгосон.

Нэгэнт сонгууль өндөрлөчихсөн тул одоо тэр нь хар, энэ нь цагаан гэж яриад яахав. Тэртээ тэргүй ард түмэн харсан. Харин зөв замдаа яаж орох вэ, алдаа, завхарлаа яаж засах вэ л гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Ард түмнийхээ эв нэгдлийг хангах талаар онцгойлон анхаарахгүй бол талцал хагарал, хэл ам, хэрүүл доромжлол, улс төрийн намууд болоод улс төрчдийг хагаралдуулахад чиглэгдсэн турхиралт нийгэмд арай л хэтрээд байна. Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол монголчууд биднийг сайн юманд хүргэхгүй гэдгийг иргэн бүхэн тунгаах ёстой.

Монгол Төрийн тэргүүн ямар бодлого явуулах вэ гэдэг нь өнөөдөр олны анхаарлын төвд байгаа. Ард түмний нэгэн адил Төрийн тэргүүний хэлсэн үг, үйлдэл бүрийг ажиглаж байна.

-Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ гэдгийг мэдэгдсэн. Эдийн засгийн гадаад, дотоод орчин ямархуу байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг маш хүнд үетэй золгож байснаа бодоход нөхцөл байдал дээрдсэн. Засгийн газар ерөнхий ноён нуруугаа алдалгүй ажиллаж чадсан. Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн дүнд эдийн засаг сэргэх анхны өөрчлөлтүүд мэдрэгдэж байна. Эдийн засгийн өсөлт хасах байсан бол эхний долоон сарын байдлаар 5.1 хувийн өсөлттэй гарсан. Татварын орлого 300 орчим тэрбумаар давж биелсэн. Энэ бол чамлахааргүй ахиц.

Засгийн газрын ажилд алдаа оноо аль аль нь л байгаа. Шүүмжлэх амархан. Ханцуй шамлан ороод ажиллах гэдэг тийм амар юм биш. Засгийн газар илүү хурдтай, шийдэмгий ажиллаж, шийдвэрүүдээ зоригтой гаргаад явмаар байна. Засгийн газрын талаар гарч байгаа шүүмжлэл, анхааруулга гээд улстөрчдийн хэлж байгаа зүйлсийг үгүйсгэж болохгүй.

Манай улсын хувьд гадаад орчин таатай тал руугаа явж байна. Өөрөөр хэлбэл олон улсын түвшинд Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгааг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг баталгаа нь ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ирээд хөтөлбөрийн эхний үе шат амжилттай хэрэгжлээ гэдэг үнэлэлт өгөөд үүний үр дүнд Азийн хөгжлийн банкнаас Монголбанкны валютын нөөцийг зузаатгах чиглэлд 100 сая ам.долларын дэмжлэгээ үзүүллээ. Цаашид гадаад талд үүсээд байгаа таатай нөхцөл хэрхэн хадгалагдахад улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал. Уул уурхайн түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд өсч байгаа нь манай эдийн засагт эерэгээр тусч байна. Энэ торгон боломж, цаг хугацааг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь улстөрчдийн ухаанаа уралдуулах асуудал. Түүнээс биш бие биенийгээ хэмлээд суух цаг биш.

2016 оны сонгуульд орохдоо эдийн засгаа өсгөж, улс төрийн тогтвортой байдлыг хадгална гэж манай намаас нэр дэвшсэн хүн бүр ярьж явсан. Саарын жишээнд АН-ын талаар ам уралдуулан ярьж байгаад ард түмний итгэлийг авч 65 суудалтай болсон. Эдийн засагт гарч байгаа нааштай өөрчлөлтийг баталгаажуулж өсгөх асуудал манай Засгийн газар, эрх барьж байгаа манай намын бодлого үйл ажиллагаанаас шууд хамаарна. Дотооддоо эв нэгдлээ хангаж ажиллахгүй бол бүх зүйл буруугаар эргэнэ гэдгийг эрх барьж байгаа бид мэдэхийн дээдээр мэдэж, ойлгож байгаа байлгүй дээ.

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо. Уг хурал нэлээд маргаан дагуулсан асуудлуудыг хэлэлцсэн гэх юм. Тухайлбал, 60 тэрбумын асуудлын хүрээнд Ц.Сандуйг огцруулах эсхүл огцруулахгүй авч үлдэх ч байдаг юм уу янз бүрийн яриа гарч байна. Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгнө гээд хаалга саваад гарлаа гэх юм. Та Удирдах зөвлөлийн хуралдаа суусан уу?

-Өнгөрсөн Удирдах зөвлөлийн хуралд би суусан. Үнэндээ хурлаас өмнө ямар асуудал хэлэлцэх гэж байгааг мэдэхгүй л шахам орцгоосон. Хурлын өмнө би намын даргатай уулзсан. Зарим нэг УИХ-ын гишүүнд нам шинэчлэх хөдөлгөөний зүгээс намын Бага хурлыг наашлуулах асуудал тавьсныг хэлэлцэнэ гэж ярьсан. Харин энэ хурал дээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын зүгээс манай намын дотор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярихгүй юм уу гэдэг санал гаргаснаар энэ асуудлын хүрээнд хүмүүс байр сууриа илэрхийлсэн.

Хэвлэлээр гараад байгаа шиг Удирдах зөвлөлийн хурал дээр хайрцаглаж базаад ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ гээд явчихсан юм байхгүй. Тийм зүйл ч болоогүй. Хуралд суусан 20 гаруй хүн бүгд л үг хэлж саналаа солилцсон. Нэг хэсэг нь Бага хурлыг наашлуулъя гэсэн бол нөгөө хэсэг нь товлосон хугацаандаа хурлаа хийе гэсэн юм. Миний хувьд Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын хооронд үүссэн асуудлыг шийдэхийн тулд энэ хоёр хүн уулзаж ярилцдаггүй юм уу. Нэг талд нь гарч байж хурлаа хийх нь зөв байх. Хууль хяналтын байгууллагаас шийдвэр нь гарсны дараа есдүгээр сард Бага хурлаа хийгээд явахад буруу юм байхгүй. Яаруу сандруу Бага хурлаа хийгээд явах юм бол энэ үүссэн хэрүүл маргаанаа цэгцэлж чадах юм уу гэсэн санаагаа хэлсэн.

-Хайрцаглалаа гэдэг яриа хаанаас гарсан юм бол?

-Өөрсдийнх нь санал дэмжигдээгүй зарим хүн хурлыг хайрцаглалаа гэдэг яриа гаргасан. Ерөнхий сайд, Шадар сайд У.Хүрэлсүх үүссэн асуудлаараа тайлбар хийсэн. Өөрийн байр сууриа илэрхийлээд Шадар сайдын хувьд “Би Эрдэнэбаттай хамтарч ажиллаж чадахгүй. Өргөдлөө өгнө. Гарлаа” гээд хурлыг хаяад гарсан. Ийм л процесс болсон. Мөн 60 тэрбумтай холбоотойгоор Ц.Сандуйгийн талаар Ц.Нямдорж гишүүн “Сандуйг огцрох ёстой” гэдэг хувь хүний байр сууриа хэлсэн нь үнэн.

-Та ямар байр суурь илэрхийлсэн юм бэ?

-Миний хувьд “Ер нь Сандуй сонгуулийн өмнө ярьж хэлсэн зүйл байсан бол нийслэл дээрээ асуудлаа яриад ажлаа цэгцэлбэл яасан юм бэ” гэдэг санаа хэлсэн. Хүмүүс юу гэж ойлгосныг мэдэхгүй л дээ. Мөн Ч.Улаан гишүүн эв эеэ хангах талаар, Ц.Даваасүрэн гишүүн Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэх мэт саналууд хэлж ярьсан.

-Удирдах зөвлөлийн хуралд суусан гишүүдийн талаас илүү нь 60 тэрбумынхныг өмөөрлөө гээд хүмүүсийн зургийг эвлүүлчихсэн сошиалаар тарааж байсан. Тэдний дотор таны зураг ч байсан л даа. үнэхээр 60 тэрбумын асуудлыг өмгөөлөөд хамгаалцгаачихсан юм уу?

-Дахин хэлье. Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын асуудлыг тусгайлан хэлэлцээгүй. Зарим гишүүдийн зүгээс 60 тэрбумтай холбоотой асуудал газар авч байна гэж хэлж байсан. Ц.Сандуй сонгуулийн өмнө энд тэнд янз бүрийн сургалт, семинар болсон энд тэнд яригдаж байсан зүйлүүдийг эвлүүлсэн эвлүүлэг байсан гэдэг санааг хэлсэн. 60 тэрбум эвлүүлэг мөн биш гэж маргаад нэг хэсэг нь хамгаалаад нөгөө хэсэг нь өмгөөлөөд маргаж, мэтгэлцсэн зүйл болоогүй. 60 тэрбумыг улаан хамгаалагчид гээд сошиалд нэг юм харагдаж л байна лээ. Одоо ч яахав дээ нийгэмд таалагдаж л байвал үнэн худал нь хамаагүй сенсаац дэгдээж өөртөө оноо нэмдэг хэсэг бүлэг бий болсон. Ийм хүмүүс нь бол цэвэр ариун шударга үнэний туйл, нөгөө хэлүүлж хэмлүүлж байгаа нь бол Монголд байх ёсгүй луйварчин, хулгайч, шударга ёсыг уландаа гишгэгчид болж байгаа л даа .

-Танай намын ерөнхий нарийн бичгийн дарга 60 тэрбум үнэн байж гэж мэдэгдлээ шүү дээ. Энэ талаар санаа оноогоо хуваалцаач?

-Өнгөрөгч баасан гаригт намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сандуй хүлээн зөвшөөрлөө. 60 тэрбумыг би эвлүүлэг гэж ярьж байсандаа хүлцэл өчье” гээд яриад зогсож байгааг харсан. Гайхсан. Манай залуусын араншин, төлөвшлийг хараад арай л биш болж дээ гээд бодож сууна. 60 тэрбумтай холбогдсон асуудлаар өмнө нь хууль хяналтын байгууллага шалгаад дүгнэлтээ гаргасан. Одоо ч мөн шалгаж байгаа юм билээ. Түүнээс биш 60 тэрбумын асуудалд холбогдсон хүмүүсийг өмгөөлж хаацайлаад байгаа юм алга. Харин нэг зүйлийг тодотгож хэлье.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын дарга, Ц.Сандуй бид гурав уулзахад Сандуй “60 тэрбумын асуудалтай холбоотойгоор би Нийслэлийн намын дарга, НИТХ-ын даргын ажлаа өгчихье” гээд хууль хяналтын байгууллагаар явж үнэн мөнийг нь тогтоолгоё гэж ярилцаад Сандуй тэр өдрөө 11 цагт хэвлэлийн хурал хийхээр болсон.

Гэтэл хэвлэлийн хурлаа хийгээгүй. Сүүлд нь юу болов гэтэл сонгуулийн ерөнхий менежер, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “битгий өг” гэж хэлсэн гэж байсан. Эртээд Д.Амарбаясгалангаас энэ талаар асуусан. Сонгуулиас өмнөх байр суурь, сонгуулийн дараах байр суурь ийм байж болох уу. Сонгуулийн дараа намын генсек рүү янз бүрийн дайралт давшилт ирсэн байх. Энэ бол гэм биш зан. Ялагдлын дараах хүмүүсийн араншин.

Гэм бурууг өөртөө хүлээхээс бултацгаах гэж ядсан арга. Намайг нэг утсаар ярихад Амарбаясгалан дарга нэлээд гундуу ярьсан. Би түүнд “МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол маш том албан тушаал. Миний дүү чи том намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн. Энэ бүхнийг чи тэвчих ёстой. Наад гомдол санал, болж бүтэхгүй зүйлээ хэзээ хаана ярих вэ гэдгээ бод. Чиний ярих газар бол намын Их, Бага хурал, Удирдах зөвлөл. Би чамайг тэвчээртэй байгаарай гэж байгаа юм” гэсэн. Нэг үгээр хэлбэл тогоон дотроо асуудлаа яриарай гэсэн үг. Д.Амарбаясгалан “Баярлалаа, ахаа” гэж байсан. Гэтэл өнөөдөр тогооноосоо хэдийнэ хальчихлаа. Манай намын залуус ч гэлтгүй Монголын залуу үеийн төлөвшил, ёс зүй, хариуцсан ажлынхаа үнэ цэнийг хэрхэн ойлгодог эсэх гээд олон зүйлийн талаар юу болоод байгааг хараад сонсоод сэтгэл зовниж сууна.

-Эрх баригч намынхан дотроо талцчихлаа. Эрх баригч намын зовлонг ард түмний зовлон болгож болохгүй. Харамсалтай нь үүнийгээ ойлгохгүй байх шиг байна л даа. Та түрүүн манай нам улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийг өсгөх тал дээр анхаарч ажиллана гэж ард түмэнд хэлсэн гэсэн дээ…

-Монголчууд “Хүний өмнөөс ичих гэдэг чинь ямар хэцүү юм бэ” гэж ярьдаг даа. Өөрсдийнхөө өмнөөс ичнэ гэдэг чинь үнэхээр хэцүү юмны нэг болоод байна. Ний нуугүй л хэлье. Ичиж үхмээр байна шүү дээ. Ер нь намын даргын төлөөх тэмцэл өрнөж байна. Одоо бүүр даамжраад засгаараа тоглож эхэллээ. Нөгөө ард түмнийхээ төлөө тогтвортой төр ажиллуулна гээд хоолойгоо хаттал орилоод байсан хүмүүс юу болсон бэ. Намын даргын сонгууль шинээр болно гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон. М.Энхболд дарга “Есдүгээр сард багтаж Бага хурлаа хуралдуулна тэндээс Их хурлын товоо зарлана. Их хурлаас намын шинэ удирдлагаа сонгоно” гээд хэлчихсэн. М.Энхболд дарга “Би намын даргаа өгнөө” гэчихсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд хэн ч намын даргад өрсөлдөж болно. Манай намын одоогийн мөрдөж байгаа дүрмэнд зөвхөн Эрдэнэбат, Хүрэлсүх хоёр л намын даргад өрсөлдөнө гэсэн заалт байхгүй.

Надаас өөр намын дарга болох хүн байхгүй гэх маягаар авирлаж намаараа, төрөөрөө тоглохоо болих хэрэгтэй. Одоохондоо тэрийг энийг намын даргад өрсөлдүүлэхгүй гэж юу ч яригдаагүй. Өөрөө нийгэмд таалагдах гэсэн увайгүй үйлдлүүд гаргаж намаа хагалаад улмаар намын даргын төлөө улайрсан амбиц албан тушаалын төлөөх шуналаасаа болж засгаа унагаж ард түмнийхээ амьдралыг уландаа гишгэхээс буцахгүй болсон хүн намаа, төрөө авч явна гэж би ердөө итгэхгүй байна. Би энэ үгийг журмын нөхөр Хүрэлсүхэд хандаж хэлж байна. Чамд ийм үйлдэл, урвалт шарвалт гаргахгүйгээр намын даргадаа өрсөлдөөд явахад ялалт байгуулах боломж нээлттэй байсан. “Энэ засгаас авлига үнэртээд байна” гэж чи ярьсан байна лээ. Энэ засгийн сайн муу аль аль нь чамд хамаатай. Энэ засгаас авлига үнэртэж байгаа бол чамаас ч ялгаагүй үнэртэж л байгаа.

Өөрийн зорилгоо бүтээхийн тулд намаа, журмын нөхдөө уландаа гишгэнэ гэж бодож зүүдэлж ч байгаагүй авир гаргаж байгаад чинь харамсаж эгдүүцэж байна. Аливаа сонгуульт албан тушаалд сонгогдохын өмнө “Намайг дэмжээрэй” гээд өөрийн танилын хүрээнд ярьж хэлдэггүй тийм хүн, улс төрийн нам гэж байхгүй. Өнөөдөр нийгэмд шударга царайлаад тийм юм хийдэггүй юм шиг ярьдаг нэг хэсэг байна. Тийм биш шүү дээ. Ингэж л явж ирсэн. Энэ тогтолцоо хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж би боддог. Ямар ч хууль дүрэм гарлаа гэсэн энэ хуульчлаагүй тогтолцоо хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эцсийн бүлэгт нууц санал хураалт бүхнийг шийднэ. Харин үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг ардчиллын шударга зарчим.

Яг үүнтэй адилхан намын даргын сонгууль ч мөн адил ингэж л явна. Би Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын тухайд үнэхээр харамсч байна. Удирдах зөвлөлийн хурал дээр ч гэсэн харамсч байна гэдгээ хэлсэн. Нэг кабинетын нэг хоёр дахь хүн, нэг намын хоёр, нарийн яривал улс төрийн тогоонд хатаагдсан, унаж босч, тэнцэж явсан, бага, дунд, том гээд албан тушаалуудыг хашиж явсан, намын ажил яаж явдгийг мэддэг, намын дарга байна гэдэг ямар хүнд ажил байдгийг ойлгодог хүмүүс үлгэрлэх ёстой байтал үлгэрлэхгүй байна. Нам дотроо улс төрийн тогтворгүй байдал гаргаад албан тушаалын төлөөх тэмцэл нь намаа хагалж, улс төрийн тогтворгүй байдал руу түлхэж байгаад харамсах юм.

Тийм учраас хууль хяналтын байгууллагынхнаас хүсэх ганц зүйл байна. Энэ хүмүүсийн хууль хяналтын байгууллагад гаргасан гомдлыг шалгаад нэн даруй санал дүгнэлтийг нь гаргаж ард түмэнд ил тод болгож өгөөч. Нэг нь тагна, чагна гэчихсэн юм уу, нөгөөх нь өөрийгөө тагнаж, чагнасан юм уу гэдгийг нэг шийдчихвэл намын Их, Бага хуралд бүх зүйл тодорхой болчихсон орно.

Үүнийг хагалахгүйгээр намын Их, Бага хурал руу орвол аль талд нь шийдвэрээ гаргах болж байна. Засгийн газрын нэг, хоёрдугаар хүмүүсийн алинд нь итгэх вэ. Үүнээс болж нам жинхэнэ утгаараа хуваагдлын замдаа орно. Өнөөдөр У.Хүрэлсүхийн амь насанд халдах гээд байна гэж байгааг арай сүржигнээд байна уу гэж харж байгаа. Арай ч дээ, өнөөдөр монголчууд бид бие биенээ алаад шудчих хэмжээнд өс хонзон байх ёсгүй. Улс төрийн увайгүй энэ үйлдэл хэрээс хэтэрч байна.

-УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурлаа гэх юм. Засгийн газрыг огцруулах гээд байгаа шалтгаан нь юу юм бэ. Шадар сайд У.Хүрэлсүх Засгийн газар муу ажиллаж байгаа энэ тэр гэсэн байна лээ. Засгийн газрын хоёрдугаар хүн ингэж ярьж байгаа нь өөрөө ч бас муу ажилласан гэсэн үг үү?

-Засгийн газар муу ажиллаж байна гээд Т.Аюурсайхан гишүүний бланк дээр 20 орчим гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон. Гишүүд гарын үсэг зурах нь тэдний эрх. Гэсэн ч энэ хүмүүсээс ард түмэн “Та нар улс төрийн тогтвортой байдлыг хадгална гэсэн. Хадгалж чадаж байна уу” гэж асууна. Хоёрдугаарт, засаг төр үнэхээр муу ажиллаж байна. Үнэхээр ажил албан тушаалын төлөө яваагүй гэж байгаа бол “Бид Засгийн газрын бүтцэд орж ажиллахгүй” гэж өөрсдөө хэлэх байх.

Манай залуус шударга ёсны тухай их ярьж байна. Бид сонгуульд өрсөлдөж явахдаа Хөгжлийн банкны хулгай луйврын тухай, төмөр замын 250 сая ам.долларын тухай, одоогийн Ерөнхийлөгчийн туслах зөвлөх байгаад гэмт хэрэгт холбогдоод оргон зайлсан хүмүүсийн тухай, мөн энэ хүний 30-40 лиценз болоод оффшор дансны тухай нийгэмд хангалттай ярьсан. Одоо энэ бүхэн яасан бэ.

Энэ худал хуурмаг байсан бид л 60 тэрбумын хэрэгтэнгүүд гарцаагүй мөн гэж өөрөө өөрсдийгөө хуулийнхнаас урьдаж илчилсэн пялдагууд болж байгаа нь инээдтэй байгаа биз дээ.

Одоогийн Ерөнхийлөгчийн болоод өмнөх Засгийн газрын үеийн хууль бус үйлдлийн тухай айгаад ч юм уу зулгуйдаад ч юм уу ярьдаггүй юм аа гэхэд албан тушаалын төлөө төрөөрөө бүү оролд гэж хүсмээр байна. Гарын үсэг зурсан хүмүүсийн ард ямар нэгэн эрх ашиг байхгүй гэх баталгаа байна уу. Гадаад орчинд бид улс төрийн тогтвортой байдлаа хадгалж чадахгүй бол манай эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй байгаа ч маш эмзэг байгаа гэдгийг мартаж болохгүй. ОУВС-д улс төрийн тогтвортой байдлаа хадгалж чадна гээд амалчихсан ийм эмзэг эдийн засагтай энэ үед дэндүү хариуцлагагүй зүйл болж байна даа. Засгийн газрын зарим нэг гишүүнд хариуцлага тооцож болно. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Түрүүчээс нь хариуцлага тооцоод явж байгаа.

Улс төрийн тогтвортой байдал ард түмний амьдралын баталгаа юм. Манай намд 65 суудал өгч ард түмэн амьдралынхаа баталгааг даатгаад өгч байхад бидний байж байгаа царай иймэрхүү байвал ямар нөхцөл үүсэх вэ гэдгийг би мэдэж байна. Гашуун ч гэсэн бид АН-ын алдааг давтаж болохгүй. Сургамж авах ёстой. Энэ удаа би АН-ыг доош нь хийх гэж ингэж ярьсангүй. Бид АН-ын алдсан алдааг бүүр баяжуулаад давтаж байна шүү дээ. Яагаад сургамж авдаггүй юм бэ. Улс төрийн том хүчнүүд бие биенийхээ алдаан дээр суралцаад урагшлаад байвал Монголын төрд хэрэгтэй. Хоёр том нам хүчирхэг байж бодлогын өрсөлдөөнөөр уралдаж чаддаг болсон цагт Монгол Улс улс шиг хөгжинө.

-Тэгээд эвлэрэх орон зай энэ хүмүүст үлдсэн юм уу?

-Манай нам дотор хоорондоо мэтгэлцэх, хагаралдах зүйл гарч байсан. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёрыг хэл амаа ололцчих болов уу гэж хүлээж сууна. Энэ хоёр л хэл амаа ололцчихвол өөр асуудалгүй шүү дээ. Эмээлийн хоёр бүүрэг шиг урагшаа, хойшоо хараад суугаад байж болохгүй.

-Намын даргын сонгууль болоод Ерөнхий сайд, Шадар сайд нар өрсөлдлөө гэхэд хэн нэг нь ялж таарна. Харин үүний дараа энэ хүмүүс учир зүйгээ олоод явж чадах уу?

-Намын даргын өрсөлдөөнд орж энэ хоёр хүний хэн нэгэн нь ялдаг байж гэж бодъё. Энэ хоёр хүн өнөөдөр эв зүйгээ олоод орох юм бол хэн нь ч намын дарга болсон намаа зөв аваад явж чадна. Хэрвээ энэ хоёр байр суурин дээрээ хагаралдаж намын даргын өрсөлдөөнд орвол хагарал цаашаа улам гүнзгийрнэ. Эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Тиймээс хамгийн чухал нь энэ хоёр хүний эвлэрэл. Хоёрдугаарт, засаг унаснаар сайн зүйл болдоггүй. Засгийн газрыг унагаая гэж байгаа залуу гишүүдийн шударга царайлсан үгний ард ямар эрх ашиг нуугдаж байгаа вэ гэдгийг би ч гадарлаад л байна. Ажил, албан тушаал, бизнесийн эрх ашиг байнга явж ирсэн л дээ. Тэр бүхнийг яаж хангаж ажиллах вэ. Манай намын гишүүд 20-25 хүн гарын үсэг зурж сөрөг хүчинтэй нийлж засаг огцрууллаа гэхэд тэднээс 4-5 хүн нь л сайд болно. Үлдсэн нь өөрийн эрх ашгийг тулгаж эхэлнэ.

Тодорхой ажил албан тушаал дээр өөрсдийн хүнээ шахах, бизнес гээд янз бүрийн эрх ашгийг хангаж чадахгүй болоод эхлэхээр дахиад энэ зөрчил үүснэ. Ард түмэнд энэ үнэнийг л хэлэх ёстой.

Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж байсан хүмүүс өнөөдөр Хүрэлсүхийг дэмжээд явж байна. Хүрэлсүх, “Херо”-гийн Баатар хоёрын дөрвөн минутын гар утсаар ярьсан бичлэгийг өнөөдөр ил болгочихсон байгаа юм. Ямар ч тэнэг энэ яриаг сонсоход Хүрэлсүхийг зориуд хатгаж яриулаад байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл дараа нь хэвлэлд тавих зорилготойгоор хийсэн гэж бодогдохоор. Энэ намыг хагалах гэсэн тодорхой хүчин байна. Энэ урхинд манай хоёр орчихсон юм биш биз, та хоёр бодоорой.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд даргыг дэмжээрэй гээд явж байсан нөхөд сонгуулийн дараа зүхээд эхэллээ. Танай намын залуусыг хоёр нүүртэй бууны ноход хэмээн цоллож байна шүү дээ…

-Сошиалаар харж байхад манай зарим залуу гишүүнд “Энхболдоо чи зайл” гэх маягаар элдвийн юм бичсэн байгааг хараад хүний төлөвшил, ёс зүй, хүн чанар гэдэг эрхэм зүйлүүд энэ хүмүүсийн хувьд юу ч биш юм даа гэж бодож байна. Би Энхболд хэмээх нөхрийгөө хамгаалж хэдэн үг хэлье. Бодвол бөгс долоогч л гэх байх. Энхболд дарга руу дайрч давшлаад байгаа залуус өндөр боловсролтой, УИХ-ын гишүүд хэдий ч Энхболдын төрд ч, намд ч хийж бүтээсэн зүйл ажил албаны болоод амьдралын дадлага туршлага нас намбыг нь бодсон ч энэ бол та нарын ёс зүй, төлөвшил, зан араншингийн доголдол гэж хэлмээр байна. Товчхондоо бол Энхболд дарга хийсэн бүтээсэн юмтай хэлэх үгтэй төрийн зүтгэлтэн. Яахав ээ, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг үгтэй дээ. М.Энхболд даргын хувьд олон сайн чанартай хүн. Тэр ч утгаараа хүний өөрийн нам гэлтгүй тэгш сайхан харьцдаг.

Амьдралд мөнхийн юм гэж байдаггүйтэй адил ажил албан тушаал мөнхийн биш. Намын дүрмийн хүрээнд хоёр сар орчмын дараа албан ёсоор ажлаа өгнө. Энхболдтойгоо эргээд уулзах нүүртэй бай дүү нар минь гэж хэлье. Энэ сонгуульд ялагдсан бүх бурууг энэ хүнд тохох гэж бодож байгаа бол уучлаарай. Та бидний хариуцсан тойрог ямар үр дүн үзүүлсэн нь нэгийг хэлэх байх аа.

-МАН-д шинэчлэл хийнэ гэсэн залуус гарч ирдэг л дээ. Гэхдээ өмнө нь Т.Аюурсайхан гишүүн Шинэчлэлийн хороо гэж байгуулаад намаа шахаж байгаад хамтарсан засагт ШӨХТГ-ын дарга болж байсан. Танай нам боловсон шантаачдаасаа салахгүй юм уу хэмээн гадуур ярьдаг л даа?

-Намд боловсон хүчний бодлогын шинэчлэл хийх ёстой гэдэгтэй санал нэг. Намын дүрэм журам, үзэл баримтлал тодорхой. Намаа шинэчилье гэх хүмүүс нам хүнд үед үргэлж гарч ирдэг. Намд ямар нэмэр болж байсан бэ гэмээр хүмүүс гарч ирдэг нь нууц биш. Таны хэлсэнтэй санал нэг байна. Зарим нэг нь иймэрхүү зүйлсээр шантааж хийгээд ажил алба аваад амаа тагладаг зүйл манай намд байдаг. Одоо янз бүрээр орилж дуулаад байгаа залуусыг битгий тийм байгаасай гэж хүсч байна. Үнэхээр зөв зүйлийг бол хүлээн зөвшөөрнө.

-М.Энхболд дарга ажлаа өгөөгүй байгаа ч зарим хэсэг нь үл тоогоод эхэллээ л дээ…

-Намын даргынх нь хугацаа дуусах, ажлаа өгөх үед, сонгуульд унаж тусаад ирэхээр ингэж нэг нуруугаа харуулдаг хүмүүс бий. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуульд ялсны дараа УИХ-ын даргын өрөөний үүдэнд дээхнэ үеийн сүүний очер шиг л баахан хүн дугаарлаад зогссон харагддаг байсан. Өрөө рүү нь орох гэж тэмцэлдээд, магтаж сайшаагаад л. Яахав Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд уналаа. Гэтэл “Чи зайл, чи яв” гээд барьж идэх нь. Би дахиад хэлье, энэ сонгуулийн ялагдлыг намын дарга руугаа чихээд өшиглөх гэж байгаа бол уучлаарай. Тэгж болдоггүй юм. Ямар ч үед хүнд хүн чанар байх ёстой. Өндөр албан тушаал хашихгүй ч гэсэн дадлага, туршлагыг нь ашиглах хэрэгтэй. Ямар нэг сонгуулийн ялалтын дараа сүү долоосон гөлөг шиг бөөнөөрөө шавчихдаг. Энэ сонгуулиар би тэгсэн, манай энэ ингэсэн гээд баахан зүтгэгчид, бараг л би байгаагүй бол ялахгүй байсан гэх маягтай. Энэ үеэс л зөрчил эхэлдэг. Ажил авч чадаагүй нь зүхдэг. Өнөөдөр өмнөх ажлаа хийгээд чимээгүй явж байгаа нэгэн нь үнэлэгдэх үнэлэмжгүй болж, орилж хашгирч, попорч байгаа нь шударга болж харагддаг ийм л гашуун цаг болж дээ хө. Эцэст нь хэлэхэд зөвхөн намд ч биш Монгол Улсад эв нэгдэл юу юунаас чухал байна.


Categories
мэдээ цаг-үе

Удам дамжсан зургаа дахь үеийн бөх улсын арслан Ө.Эрдэнэ-Очирынх

Төв аймгийн “Таван халуун”-ы нэг, Монгол Улсын гавьяат тамирчин, үе дамжсан энгүй хүчит улсын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очирынд өнжлөө. Нэгэн үед дархан аварга Ж.Мөнхбат, аварга д.Хадбаатар, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, Л.Сосорбарам нарын хүчтэнүүд баяр наадмын дэвжээг хотолзтол, үзэгч олныг дуу алдан босон харайтал мөн ч галтай цогтой барилдаж явсан нэртэй цуутай бөхчүүд гэдгийг бөхөө дээдлэх түмэн олон мэднэ. Тэд 1963-1986 оны хооронд Ардын хувьсгалын баяр наадмын найман түрүү, 10 үзүүрийг авч, их шөвөгт 17, бага шөвөгт 39 удаа шалгарч байсан билээ. Эдгээр бөхчүүд дээрх хугацаанд улсын баяр наадмын их шөвөгт найман удаа хоёр хоёроороо шалгаран үлдэж байсан бол 1975 онд Ж.Мөнхбат, П.дагвасүрэн, Д.Хадбаатар, дараа жил нь буюу 1976 онд Д.Хадбаатар, П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир нар их шөвгийн дөрөвт нэгэн зэрэг шалгарч байжээ. ард түмэн тэдэнд Төв аймгийн “Таван халуун” хэмээх хоч хайрласан нь монголчуудын бахархан дээдэлдэг үндэсний бөхийн тэргүүн эгнээнд багтаж, тэдний соруудын нэгэн үеийн төлөөлөгч болж байсны бодит үнэлгээний тод илрэл гэж хэлж болно.

“Азийн аваргын дэвжээнд

Арван литр ус залгилж

Далаараа биш элгээрээ

Төрийнхөө далбаа руу мөлхсөн

Төв аймгийн харьяатан

Эцгээсээ бусдыг тонгорсон

Эрдэнэ-Очир гавьяатан” хэмээн нэрт яруу найрагч Цэндийн Чимиддорж гуай нэгэнтээ элэглэн бичиж байсан удаатай. Ө.Эрдэнэ-Очир гуайнх хотоос зүүн тийш Хужирбулан дахь амины сууцандаа аж төрөн амьдардаг ажээ. Биднийг очиход арслангийн ач, зээ нар нь бололтой бага насны охид, хөвгүүд хашааны үүдээр инээлдэн зөрөн гарлаа. Хашаан дотор гурван байшин сүндэрлэнэ. Баруун захад нь байх цагаан байшин нь Ө.Эрдэнэ-Очир гуайнх аж. Харин дээд талын тоосгон хоёр давхар байшин нь арслангийн хүргэнийх гэнэ. Цагаан байшингийн хажууханд том цагаан банхар бидэн рүү сүртэй нь аргагүй боргон, хуцаж байна. Энэ аймаар нохой уяа нь алдарвал ч хэцүүхэн юм болно доо хэмээн бодсоор гэрийн хаалгаар яаран орлоо. Биднийг ороход Ө.Эрдэнэ-Очир гуай зочныхоо өрөөнд тамхиа баагиулж, зурагт үзэн сууж байв. Арслангийн хань гаднаас орж ирээд “Хөгшин бид хоёр дээр ач, зээ нар маань хэдэн хоног “нар мандуулж” байгаад сая буцлаа. Манайх чинь дөрвөн залуу, гурван охинтой, өнөр өтгөн айл шүү дээ. Эдгээр долоон хүүхдээс минь төрсөн хорь гаруй ач, зээ нар бий. Ёстой л үрээ танихгүй баян гэдэг нь болсон доо. Удахгүй сургууль орох гэж байгаа болохоор хичээлдээ бэлдэх юм гэнэ” хэмээн ач, зээ нараа өхөөрдөн ярих зуураа тавагтай идээ дөхүүлэн, цай аягалж өглөө. Гэр доторх байдал эмх цэгцгүй, хаа сайгүй тоглоом, хүүхдийн хувцас хөглөрүүлсэн гол эзэд түрүүн бидэнтэй хөхрөлдөн зөржээ. Үндэсний их баяр наадамд 16 удаа шөвгөрсөн хүчит арслан Ө.Эрдэнэ-Очир гуай бидэнтэй хөөрөглөх зуур өнөө жилийн баяр наадмын тухай сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр “Өвгөн ах нь нас дээр гарсан болохоор бие сульдаад, өнгөрсөн наадмаар бараг явчих дөхлөө шүү.(инээв) Харин сайн эмч нарын буянаар яахав босоод л ирлээ. Хүн өтлөнө гэдэг хэцүү юм аа, хүүхдүүд минь. Энэ жилийн баяр наадмыг зурагтаар үзлээ. Их сайхан наадам болсон. Жил жилийн наадам ер нь сайхан л болдог. Өнөө жилийн наадмаар улсын харцагууд их өнгөтэй байлаа шүү. аймгийн арслангууд ч ялгаагүй сайн барилдав. Одоо ч улсын том цолтой залуу бөхчүүд айж, эмээхгүй, зоригтой, дайчин барилддаг болж дээ. Бидний үед том цолтой бөхчүүдтэй барилдахдаа жаахан халгадаг байж билээ. Улсын өндөр цолтой аварга, арслангууд чинь эрэмгий дайчин, сүрээрээ залуу бөхчүүдийн сэтгэлийг “үхүүлдэг” байсан. Харин одооны бөхчүүдэд айж, эмээх зүйл ер харагдахгүй юм. Тийм болохоор сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд хэн нь түрүүлж, ямар бөх шөвгөрөхийг тааж хэлэхийн эцэсгүй болсон” хэмээн ярьж суутал Ө.Эрдэнэ-Очир гуайн гэргий “Манайд чинь наадмаар олон хүмүүс ирдэг. Хөгшний найз, улсын том цолтой бөхчүүд бүгд л ирдэг юм” хэмээв. Ө.Эрдэнэ-Очир арслантай нэгэн үед ид барилдаж, улсын өндөр цолонд хүрсэн бөхчүүдээс өдгөө хамгийн ахмад нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “сээрэн дунгуй”мэхээрээ алдаршсан улсын хурц арслан Цэрэннадмидын Бадамсэрээжид билээ. Тэрбээр Ө.Эрдэнэ-Очир гуайг тусгай хороонд цэргийн алба хааж байхад нь аавынх нь хүсэлтээр гурван жил мэх зааж, барилдах дөртэй болгосон багш нь хэмээдэг.

ГУРВАН ҮЕЭРЭЭ УЛСЫН АРСЛАН ХЭМЭЭХ ЭРХЭМ ЦОЛЫГ ХҮРТСЭН ЦОРЫН ГАНЦ ГЭР БҮЛИЙНХЭН

Өдгөө 81 насны сүүдэрт хүрч буй хүчит арлсан Ө.Эрдэнэ-Очир гуайг удам дамжсан бөх гэдгийг бөх сонирхогчид андахгүй мэднэ. Түүний өвөг эцэг Хас-Очир нь даншигийн арслан байсан бол төрсөн эцэг Өлзийсайхан нь улсын арслан цол хүртэж, гурван үеэрээ Монгол үндэсний бөхийн дээрээсээ хоёрт орох эрхэм цолыг хүртсэн цорын ганц гэр бүлийнхэн юм. Энэ тухайгаа Ө.Эрдэнэ-Очир гуай “Би олон үе дамжсан удамтай бөх. Гэхдээ миний хүч чадал дээд үеийнхээ бөхчүүдийн хаана нь ч хүрэхгүй ээ. Үүнийг маань гэрчлэх нэг түүх болсон юм. Би Авто тээврийн нэгдүгээр баазад бензиний тэрэг барьдаг байлаа. Нэг удаа тээвэрт яваад Лүнгийн товчоонд бүртгүүлээд хоол идэж суутал улаан хүзүүтэй өвгөн надтай хамт яваа жолоочоос улсын заан Ө.Эрдэнэ-Очир гэдгийг маань мэдчихээд надтай уулзаж, миний гарыг барин мэндэлж, бугалганы минь булчинг барьж үзсэнээ “Бөх юм биз дээ, Өлзийсайханы хагаст ч хүрэхгүй юм байна. Аавдаа миний мэндийг дамжуулаарай” хэмээн хүд, хүд инээгээд явж билээ. Тэр хүн улсын арслан улаан хүзүү Дэлэг гэж аавын үеийн цуутай бөхчүүдийн нэг байсан юм санж. Хожим Банзар арслан “Ж.Мөнхбат, С.Цэрэн бид хэдийг барилдаж байхыг харж сууснаа Мөнхбат гол бяртай, сайн бөх юм. Цэрэн, Эрдэнэ-Очир хоёр яах вэ орон гаран бяртай л юм” гэж голоход хажууд нь суусан бөхчүүд “Таны үед энэ хоёр хэр зэрэг бөх байх байсан бол” гэж асууж л дээ. Мань өвгөн арслан “Яахав дээ, хоёрын давааны хатуухан боорцогнууд юм даа” хэмээн голж байсан юм гэнэ лээ. Ингээд бодохоор дээр үеийн бөхчүүд асар бяртай, үнэнхүү хүчтэй бөхчүүд байж л дээ.Манай өвөө даншигийн арслан Хас-Очир гэж их бяртай хүн байсан гэдэг. Түүний аав Саманд бас л даншигийн арслан. Түүний аав Бат-Очир, Бат-Очирын аав Дашдоной нар долоон хошуу даншиг наадмын аварга цолтой сайн бөхчүүд байсан юм гэнэ лээ. Би тэдний зургаа дахь үеийн бөх болж байгаа юм. Энэ сайхан бөхийн удам, хувь заяандаа баярлаж, бахархаж явдаг даа. Аав маань нас ахисан хойноо тав давчихаад ид барилдаж байсан идэрхэн арслан Бадамсэрээжид гуайг зургаагийн даваанд амлаж л дээ.Ингэхэд нь багш маань “Өвгөн арслан надад бууж өгөх гэж амласан юм болов уу, үнэхээр хүч үзье гэж санасан уу” гэж бодоод “Та надтай хүчээ үзэх юм байгаа биз дээ. Аль эсвэл бууж өгөх гэж амласан юм уу” хэмээн асуухад нь “Намайг бууж өгнө гэж бүү горьд. Үнэн хүчээ үзэх л гэж чамайг амлахгүй юу“ гэж аав хээв нэг хэлээд Бадамсэрээжид гуайтай үнэн хүчээ шавхаж барилдаад дийлэлгүй өвдөг шүргэж “Чи аргагүй сайн бөх юм даа. Сайн барилдаарай” гээд үнсэж байсан гэдэг. Манайхан чинь ер нь нас ахих тусмаа бяр сууж, барилдаан нь сайжирдаг онцлогтой юм шиг ээ” хэмээн Ө.Эрдэнэ-Очир гуай аягатай цайгаа оочлоо.

Аранзан Гомбодорж заан, 1961 оны бүх ард түмний анхдугаар спартакиадаар заан цол хүртсэн Эрдэнэ-Очир, Зундуй нар

Монгол Улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам: ЭРДЭНЭ-ОЧИР ОЙГҮЙ БЯРТАЙ, ЭНГҮЙ ХҮЧТЭЙ БӨХ Л ДӨӨ

Ард түмнийхээ дунд домог болж алдаршсан хүчит бөхчүүдийн нэг нь бярт арслан Ө.Эрдэнэ-Очир гуай билээ. Хэдий өөрийнхөө хүч, тэнхээг эцэг, өвгийнхөө хэмжээнд хүрэхгүй хэмээн ярьж байгаа ч түүний энгүй хүчийг үеийн бөхчүүд нь дурсан ярьдаг. Тэр дундаа арслангийн дотны нөхөр, “Таван халуун”-ы нэг, Монгол Улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам гуай нэгэн ярилцлагадаа “Эрдэнэ-Очир ойгүй бяртай, энгүй хүчтэй бөх л дөө. Ж.Мөнхбат бид мэт нь бяраар түүнээс дутуу ч гэсэн мань эрээс илүү хурдтай барилддаг байсан тулдаа түүнд хав бариулалгүй бужигнуулж байж, хийг нь тааруулж хаядаг байв. Түүнээс биш хав бариулчих юм бол өнгөрөх нь тэр. Монгол Улсад авто тээвэр үүсч хөгжсөний 50 жилийн ой ойртоод ирэхэд бааз нь Долгорсүрэн зааныг ажлаас нь чөлөөлж, бэлтгэлд гаргасан хэрнээ адилхан жолооч Ө.Эрдэнэ-Очирыг харьж яваа хүн наадамд түрүүлж чадахгүй гэж бодсон ч юм уу ажлаас нь чөлөөлж бэлтгэлд гаргаагүй юм билээ.Тэр үед Долгорсүрэн заан цэл залуу бяр нь амтагдаж ид барилдаж байсан үе. Адилхан жолооч хоёр бөхийг ялгасанд Эрдэнэ-Очирын дургүй хүрч залуу зааныг хаяж, баазынхаа дарга нарт ямар бөх гэдгээ харуулъя гэж дотроо шаралхаж явсан юм шиг байгаа юм. Ойн баяр наадам болж тэрбээр Долгорсүрэнтэй үзүүрт үлдлээ дээ. Нутгийн юм болохоор давчихаасай гэж бодоод дээлийнх нь захыг мушгиж суулаа.Тэгсэн юу болсон гэж санана аа. Эрдэнэ-Очир хав барьцнаас давуулж гуядахдаа Долгорсүрэнгийн шуудагны гадар, дотрыг ширээстэй нь өм татаж гартаа атгаад хоцорсон байж билээ. Олон эгнээ ширээстэй зодгийг өм цөм тасдах нь бүү хэл даавууны ам цуулах амаргүй шүү дээ. Ө.Эрдэнэ-Очир арслан харьж явахдаа идэрхэн хүчтэй заан Долгорсүрэнг тэгж хаясныг нүдээрээ хараагүй бол итгэхийн аргагүй юм болсон. Цаадах чинь номхон дөлгөөн мөртлөө бас чиг аатай золиг шүү. Өөрт нь аятайхан хэлэлгүй амлачихвал шаралхаад хэмхчээд хаячих шахдаг юм. Шөвгийн наймд юм уу дөрөвт үлдсэн үед нь цолны эрэмбээр Ж.Мөнхбат амлахад шаралхаад сүрхий ууртай амьтан гарна л даа. Ж.Мөнхбат аварга түүнийг амлачихаад гарсан хойноо засуулынхаа араар нуугдчихна.Ө.Эрдэнэ-Очир засуулынхаа дэргэд хэсэг зогссоноо дорхноо тайвшраад ир нь дарагдчихна. Тэр үед нь Ж.Мөнхбат эвтэйхэн хөдөлгөж байгаад хаячихдаг байлаа. 1960-аад онд Ө.Эрдэнэ-Очир чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, хүнд жингийн бөх байлаа. Намайг чөлөөтөөр барилд гэж манай Хөдөө аж ахуйн дээд сургуулийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч гавьяат багш Ишдорж шаардсаар байгаад түүнтэй барилдуулдаг юм байна. Ө.Эрдэнэ-Очир намайг давуулаад шидэхэд нь мост хийж унах гэж байж хүзүүндээ юм оруулчихаад олон хоног зовж зүгээр болгож билээ. Ямар азаар тэр их хүчтэн хүзүүг минь хугалчихаагүй юм бэ гэж одоо болтол бодож явдаг юм. Ө.Эрдэнэ-Очир ер бусын бяртай бөх төдийгүй тун чиг гүндүүгүй, илүү дутуу зангүй, хор шар, атаа жөтөөгүй, тусч сайхан сэтгэлтэй жинхэнэ эр хүн” хэмээн нэгэнтээ дурссан байдаг.

Автотээврийн I баазын жолооч улсын арслан Ө.Эрдэнэ-Очир

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АНХНЫ УУГАН ТАМИРЧДЫН НЭГ Ө.ЭРДЭНЭ-ОЧИР

Улсын хүчит арслан Ө.Эрдэнэ-Очир гуайнд ирээд хэдийн үд өнгөрсөн байлаа. Ийн суутал арслангийн хань гарынхаа хоолоор биднийг дайлав. Цай, хоол зооглох зуур гэрийнхэн хойморт эгнүүлэн өлгөсөн жаазтай зургуудыг ажиглаж суулаа. Хамгийн анх чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байсан үеийнх нь зураг хийгээд дархан аварга Жигжидийн Мөнхбат аваргатай авахуулсан, идэр залуугийнхаа зургийг хүндэтгэлтэйгээр хоймортоо байрлуулжээ. Мөн хагас зуун жилийг хамт туулж буй ханьтайгаа авахуулсан зургаа хүүгийнхээ хуримын зурагтай хамт эгнүүлэн өлгөсөн байв. Энгүй хүчит удам залгасан арслангийн үр хүүхдээс нь Энхтөр хүү нь барилдаж байгаад сургууль соёл гээд больчихсон гэнэ. Гэхдээ тэрээр хүүхэд байхдаа улсын хүүхдийн барилдаанд барилдаж түрүүлээд шонхор цол авч байсан ажээ. Харин арслангийн бага хүү Балдорж улсын наадамд барилдаад хоёр давж гурвын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан удаатай юм санжээ. Гадагшаа сургуульд яваад бас л барилдахаа больсон гэнэ. Том хүү Энхбаяр нь эмч. Жүдогийн шигшээ багийн тамирчдыг эмчилдэг гэв. Ө.Эрдэнэ-Очир гуай “Би 1936 онд хуучнаар Төв аймгийн Баянзүрх сумын нутаг одоогийн Богд-Уулын зүүн суга болох Төрхурхын ам хэмээх газар төрж өссөн хүн. Манай аав, ээж хоёул Дорнод аймгийн Халх гол сумын уугуул иргэд. Аав минь идэр залуудаа Төв аймгийн Баянзүрх суманд суурьшиж, улсын наадамд олон жил барилдаж, хоёр удаа үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн хүн. Намайг арван тавтай байхад буюу 1951 оны зун манай долдугаар багийн наадам болов. Наадам үзэх гээд очтол багийн дарга монхор Даваа гуай барилд гэж загнасаар байж барилдууллаа. Би дээлтэйгээ барилдсаар байгаад түрүүлчихэв. Тэр үед бараа таваар ховрыг хэлэх үү байнд авсан дугуй булантай цай, даалимба, дүнсэн тамхиа авчирч өгөхөд ээж минь их баярлаж байж билээ. Харин өнөө цагийн бөхчүүд, улсын баяр наадамд түрүүлбэл дор хаяж хоёр дугуйт, цаашлаад дөрвөн дугуйт авдаг болжээ. Энэ их сайхан. Монгол бөх хөгжиж, мэргэжлийн түвшинд очсоны шинж. Нөгөө талаасаа бөхчүүд маань олны итгэл найдвар, хайр хүндэтгэлийг үргэлжид дээдлэн явах учиртай. Улсын цолонд хүрч болно. Харин тэрхүү цолоо ирэх жилийн наадмаар баталж, цолондоо хүрсэн сайхан барилдаан гаргах учиртай л юм” хэмээн залуу бөхчүүддээ захин хэллээ. Ө.Эрдэнэ-Очир арслан 1957 онд 21 настайдаа үндэсний их баяр наадамд анх удаагаа зодоглож, улсын начин, 1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадаар барилдаж, улсын заан, хожим 1976 оны баяр наадмаар долоо давж, улсын арслан цол хүртэж саруул сайхан, үнэн хүчит, хурц шаламгай, бат хүчит, саруул сайжрах, гарамгай хүчит, бат орших, чин зоригт, үлэмж бадрах, хичээнгүй нягт, хуурнин шуугигч, хүчит улсын арслан цол, чимгүүдийг хүртсэн билээ. Тэрбээр “Арслан болж байсан үе маань сэтгэлд тодхон үлдсэн. Тэр үед улсын арслан аав маань миний хүү аавынхаа цолонд хүрлээ гэж хамгийн ихээр бэлгэшээж байлаа. Зорьсон хэрэг чинь бүтэж, аавынх нь бодож явсан биелэлээ оллоо гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм” гэв. Ө.Эрдэнэ-Очир арслан чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн хамгийн анхны тамирчдын нэг юм. Тэрбэр энэ тухайгаа “Би дэлхийн аваргад зургаа, олимпод хоёр удаа оролцохдоо хоёр удаа дөрөв, гурван удаа тавдугаар байр эзэлж, шагналт байранд орж байснаас биш медаль авч чадаагүй юм. Тэр үед манай баг тамирчид дэлхийд нэрээ гаргаж явлаа шүү дээ. Би хүнд жинд барилддаг, жин хүрэхгүй бол жингээ нэмэх гэж зовдог байлаа. 1967 онд Энэтхэгт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа жингээ гүйцээх гэж их хоол идэж, зөндөө ус уусан. Нэгийн даваанд Энэтхэгийн бөхийг ялчихаад маргааш нь Ираны бөхтэй барилдах байлаа. Тэгтэл Монголын бөх Эрдэнэ-Очирын жин хүрэхгүй байгаа учраас барилдуулахгүй гэж шүүгчид шийдсэн юмсанж. Маргааш өглөө нь дөрвөн цагт сэрэхэд маш их хоол унд бэлтгээд ширээ дүүрэн өрчихсөн байв. Ингээд амаараа гартал идэж, уулаа даа. Тэгээд ч жин хүрдэггүй ээ. Яая даа гэж бодож байтал Болгарын бөх Рако Петрович давхиж ирээд “Би чиний жинг нэмж өгнө өө” гээд машиндаа суулгаж спортын ордонд давхиж хүрэн 10 л бүлээн ус уулгаж, нэг консерв, нэг бүтэн талхтай идүүллээ. Жин хүрмээргүй шиг санагдахаар нь өөрийнхөө шуудган дээр хоёр Мөнхийн шуудгийг давхарлан өмсөж трикогоо өмсөөд жин дээр гарч зогслоо. Тэгтэл ашгүй 95,5 кг татаж жин хүрлээ шүү. Жигнүүлж дуусмагц жорлонд гүйн орж уусан их усаа гаргачихаад барилдлаа. Барилдаж байхад ам, хамраар ус олгойдоод их тэвдүүлж билээ. Тэгж тэвдэж байж шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Тэмцээнд оролцож ирээд удаагүй байтал намайг гавьяат тамирчин цолоор шагнасан юм даг” гэлээ. Ийн ярьж суутал гадаа хэдийнэ бүрэнхий болж, бидний буцах цаг болсон байв. Энэ үеэр арслан “За хүүхдүүд минь түр хүлээж байгаарай” гэсээр тавагтай чихэрнээсээ атга дүүрэн авч ажлын амжилт ерөөн бидэнд өглөө. Зургаан үеэрээ үндэсний бөхийн түүхэнд бичигдсэн энэхүү гэр бүлийг залгамжлан Ө.Эрдэнэ-Очир арслангийн зээ нь жүдо, үндэсний бөхөөр хичээллэж буй аж. Зээ хүүгээ улсын цолонд хүрэхийг нь харж чадах болов уу даа гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.


Categories
мэдээ цаг-үе

“Альтайр гоулд” компани Сүмбэр сумын хаяанд, өвөлжөө, тариалангийн талбай дунд алт ухах гэж байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.21-ний даваа гаригийн 177(5744) дугаараас авч нийтлэв.

Төв аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Баруун тахилгат уулын энгэр гэх газарт “Альтайр гоулд” компани алт олборлохоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. “Альтайр гоулд” компанийн алт олборлох уурхайн талбайгаас Сүмбэр сумын төв хүртэл ердөө таван километрийн зайтай. Мөн тус уурхайн ашиглалтын лицензийн талбайд тариалангийн талбай, малчдын өвөлжөө хүртэл хамрагдаад байгаа гэнэ. “Альтайр гоулд” компани хоёр метр өндөртэй төмөр хашаа барьж, малчид өвөлжөөндөө очиж чадахгүй, тариалангийн компани тарьсан улаан буудайгаа хураан авч чадахгүй байдалд оржээ. Энэ талаар сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Сүмбэр сумыг зорилоо. Сүмбэр сумын II багийн нутаг Баруун тахилгат уулын энгэрт байрлах “Альтайр гоулд” гэх алтны компанийн ашиглалтын лиценз эзэмшиж байгаа талбай дээр очлоо. Алтны компанийн хашааны гаднаас Сүмбэр сум тэр чигтээ харагдах аж. Сүмбэр сумын баруун хойд талын уулын энгэрийг тэр чигт нь хашаалжээ.Мөн “Өгөөж сүмбэр” компанийн тариалангийн талбайн дундуур өндөр хашаа барьсан байв. Хашаалсан байдлаас харахад мянга гаруй га газарт олборлолт хийх нь тодорхой харагдаж байв. Өнгөрсөн сарын сүүлчээр тус компанийнхан техник, тоног төхөөрөмжүүдээ авчирсан гэнэ. Хэзээ мөдгүй газар шороог хөндөж, олборлолтоо хийхээр зэхжээ. Компанийн ажилтнуудтай уулзах гэсэн боловч, хамгаалалтын албаныхан “Манай захирал хашаа руу гадны хүн оруулж болохгүй гэсэн. Энд та нартай уулзаад байх хүн байхгүй. Компанийн ажилтнууд техник засварын ажил хийж байгаа” гэв.

“АЛЬТАЙР ГОУЛД” КОМПАНИ АЛТ ОЛБОРЛОХ ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВСАН УУ

“Альтайр гоулд” компани 2009 онд Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Баруун тахилгат уулын энгэр гэх газарт хайгуулын лиценз авсан байна. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг үүний дагуу хайгуул хийх зөвшөөрөл өгсөн байна. Дээрх компани сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын шийдвэрээр хайгуулалтын лиценз эзэмших эрхээ авсан гэх мэдээлэл байдаг. Ашигт малтмалын газарт “Сүмбэр суманд хурал хийсэн. Иргэд тус компанийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн” гэх хурлын протокол, Засаг дарга, ИТХ-ын дарга нарын гарын үсэг тамга тэмдэг бүхий бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн байдаг. Үүнийх нь дагуу Ашигт малтмалын газар хайгуул хийх зөвшөөрөл өгсөн. Мөн ашиглалтын лиценз эзэмших зөвшөөрлийг ч дээрх бичиг баримтыг үндэслэн өгсөн байдаг аж. Гэтэл Сүмбэр суманд “Альтайр гоулд” компанид хайгуулын лиценз олгох ямар нэгэн хурал 2009 онд болж байгаагүй гэнэ. Дээрх компани хайгуулын лиценз эзэмшиж байгааг огт мэдээгүй аж. Одоогоос гурван жилийн өмнө “Сүмбэр суманд алт гарч байна. Хүрз шорооноос бараг атга алт гарч байна. Алтны маш их судал Сүмбэр сумын нутагт байна” гэх яриа нинжа нарын дунд тархсан байдаг. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа, Баруунхараа, Шарын гол, Орхон аймгаас мянга гаруй хүн хэдэн өдрийн турш бужигнаж байгаад явжээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж ирэхдээ “Альтайр гоулд” компанийн лицензтэй талбай байна хэмээн мэдэгдсэн аж. Ингээд л сумынхан гэнэт хаанаас ямар компани нутгийн иргэдэд огт мэдэгдэлгүй лиценз эзэмших болов гэдгийг бие биенээсээ асууж тодруулжээ. Ингээд ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Альтайр гоулд” компани 2009 оны тавдугаар сарын 9-нд 999 га газрын лиценз авсан байжээ. Тиймээс иргэд тус компанийн удирдлагуудтай холбогдох гэсэн боловч албан байр, шуудангийн хаяггүй, хэн эзэмшдэг нь ч тодорхойгүй байсан аж. Ийн байсаар арай гэж тус компанийн төлөөлөгчтэй холбогдсон байна. Виктор гэх хүн ирээд “Хүмүүс энд газар ухаж л байг” гэж хэлчихээд яваад өгсөн аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар “Альтайр гоулд” компанийнхан өөрсдөө нинжа нарт их алт гарч байна гэсэн худал мэдээлэл тараасан. Ингээд нинжа нар бага хэмжээний алт олборлож, тэр хавийн газрыг сүйтгэсэн. Үүний дараа компанийнхан өөрсдөө ухаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд их хэмжээний алтны нөөцтэй газруудад компаниуд эхлээд нинжа оруулж ухуулдаг. Нинжа нар газрыг орвонгоор нь эргүүлж ухсаны дараа компаниуд өөрсдөө ордог жишиг тогтоод байгаа. Нутгийн иргэдэд нинжа нар ухсан газрыг би ашиглаж байгаа. Нинжа нар суманд ямар ч мөнгө өгөхгүй. Бид мөнгө өгнө гээд хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулдаг. “Альтайр гоулд” компани ч гэсэн энэ технологиор явж байна” гэв.

“НУТГИЙН ИРГЭДИЙГ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ. СУМЫН ТӨВИЙНХӨӨ ХАЯАНД АЛТ УХУУЛААД ДУУГҮЙ СУУНА ГЭЖ БАЙХГҮЙ”

Өнгөрсөн сард Төв аймгийн Сүмбэр сумын 40 жилийн ой болжээ. Сумынхан ойн баяр наадамдаа бэлдээд завгүй байсан гэнэ. Ойн баярын арга хэмжээ дуусаад удаагүй байхад “Альтайр гоулд” компанийнхан гэнэт өндөр хашаа авчраад “Манай компани ашиглалтын лицензээ авчихсан. Удахгүй олборлолтоо хийнэ. Манай компанийн хашаа руу нутгийн иргэд огт орж болохгүй” гээд л хашаа барьчихсан байна. Энэ талаар Сүмбэр сумын хоёрдугаар багийн малчин Г.Батбаяртай уулзаж ярилцлаа.


-Танай сумаас таван километрийн зайд алтны компани үйл ажиллагаа явуулах гэж байна. үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэсэн?

-Сумын төвөөс таван километр биш ээ. Автомашин гол гатлаад тойрч явдаг болохоор таван километр байгаа юм. Сумын төвөөс тойролгүй шууд явах юм бол гурван километр ч хүрэхгүй газарт “Альтайр гоулд” компани алт олборлох гэж байна. Монгол Улсын төр засаг уул уурхайг бодлогоор дэмжиж байгааг бид бүхэн мэднэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар маш тодорхой мэдээлэл гарч байгаа. Гэхдээ арай дэндсэн асуудал болж байна. Сумын төвийн иргэдийн нүдэн дээр, гэрийнх нь хаяанд уулыг нь нураагаад алт ухаж болохгүй биз дээ. Нутгийн иргэдийг ингэж басаж доромжилж болохгүй. Сумын төвийнхөө хаяанд алт ухуулаад дуугүй сууна гэж байхгүй биз дээ. Өөр нэг шалтгаан байна. Манай сумын араар Хар эргийн гол урсдаг. Хүмүүс Загдалын гол ч гэж нэрлээд байдаг юм. Энэ голоос манай нутгийн хүн, мал бүгд уудаг. Ундны усны гол эх үүсвэр. Голын эх ундарга энүүхэн дээр байгаа. Гэтэл компани алтаа угаахын тулд гүний таван худаг барьчихлаа. Алтаа угаахын тулд хэдэн мянган метр куб ус зарцуулна. Манай сумын энэ гол шууд ширгэнэ шүү дээ. Гантай жил ус нь эрс багасчихдаг юм чинь алтны компанийн аяыг дааж чадахгүй. Хүн, малгүй усгүй болох аюултай болоод байна.

-Нутгийн малчдын таван ч өвөлжөө компанийн лицензийн талбайд орсон байна лээ. мөн тариалангийн талбайг хашаалчихсан байна. Малчдын өвөлжөө байхгүй болж байгаа гэсэн үү?

-Хууль бусаар үйл ажиллагаа эхлэх гэж байгаа мөртлөө нутгийн иргэдийг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж байна. Сумын төвийн хаяанд хүн оршуулдаг газраас 800 метр газарт алт ухна гээд байж байна шүү дээ, тэд. Нутгийн иргэд бид хайртай дотны хүмүүсээ нутаглуулсан газраа алтны компаниар хөндүүлж чадахгүй. Таван айлын өвөлжөө лицензийн талбайд орчихсон нь үнэн. Малчид та нарт өвөлжөөгөө өгөхгүй. Хэдэн үеэрээ энд өвөлжиж ирсэн гэж хэлэхээр компанийн дэд дарга нь “Чи шүүхдээд аваарай. Танайх энд өвөлжиж байсан нь ямар хамаа байна. 2009 онд манай компани газрын зөвшөөрөл авсан” гэж хэлдэг. Нутгийн иргэд өвөлжөөний газрын гэрчилгээгээ ихэвчлэн 2010 онд авсан байдаг. Малчид энэ жил өвөлжөөндөө ч бууж чадахгүй болоод байна. Буусан ч гэсэн алт ухаж байгаа газарт мал бэлчиж болохгүй. Сүмбэр сум тариалангийн гол бүс нутаг. Манай сумын иргэдийн ихэнх хувь нь газар тариалантай амьдралаа холбосон хүмүүс байдаг. Гэтэл “Өгөөж сүмбэр” компанийн тариалангийн талбайг хашаалчихлаа. Энэ жил ган ихтэй байсан. Тариа ч муу ургаж тариалангийн компаниуд их хэмжээний өр зээлэнд ороод байна. Үүнийг далимдуулаад компанийн удирдлагуудтай газраа өгчих гээд яваад байгаа сураг дуулдсан. Сүмбэр сумынхныг ингэж дээрэлхэж, доромжилж болохгүй. Манай сумынхныг уух усгүй, өвөлжих газаргүй, тариа тарих талбайгүй болгож байна. Дээр нь өвөг дээдэс, ахан дүүсийнх нь алтан шарилыг хөндөх гэж байна. Сүмбэр сум маш бага газар нутагтай шүү дээ гэв.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ШАЛГАЛТ ХИЙДЭГ Ч ДҮГНЭЛТ ГАРГАДАГГҮЙ ГЭНЭ

“Альтайр гоулд” компанийн лицензийн талбайд одоогоор 300 гаруй тонн алт байгаа гэсэн урьдчилсан тоо гарчээ. Стратегийн орд газар биш ч улсад томоохон хэмжээнд орох алтны нөөцтэй газар гэнэ. Тус компанийн анхны эзэн нь ОХУ-ын иргэн байжээ. Гэвч цагдаагийн нөлөө бүхий хурандаа нар компанийн эзнийг нутаг буцаасан гэх мэдээлэл байна. “Альтайр гоулд” компанийн дэд захирлаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа байдаг аж. Тэрбээр нутгийн иргэд, сумын удирдлагуудад “Компанийнхаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Тэр та бүхэнд хамаагүй” хэмээн загнадаг гэнэ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс байцаагчид удаа дараа шалгалтаар ирсэн боловч тус компанийн талаар ямар нэгэн дүгнэлт огт гаргахгүй байгаа гэнэ. Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Батбилэг “Сумын ойн баяр болж өнгөрсөн. Одоогоор амралтаа авсан байна. Гэхдээ “Альтайр гоулд” компанийн талаар сумынхаа иргэдтэй уулзаж, хуралдана. Иргэдийнхээ саналаар цаашид тус компанитай хамтран ажиллах уу, үгүй юү гэдгээ шийднэ. Одоогоор Сүмбэр сумын ИТХ-тай ирж уулзаагүй байна. Төрийн ажлыг үл хүндэтгэсэн байдалтай хандах зүйл ажиглагдсан. Ийм байдлаар хандаж байгаа компанитай хамтран ажиллаж, нутгийнхаа газар шороог ухуулахгүй” гэв. Төв аймгийн Сүмбэр суманд “Альтайр гоулд” компани ийнхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Малчны өвөлжөө, тариалангийн талбай сүйтгэж, Сүмбэр сумын хаяанд алт ухах гэж байгаа компанийн удирдлагууд эрх мэдэл, хууль хяналтын байгууллагаар иргэдийг нь далайлгаж байгааг тус нутгийнхан ярьж байлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголыг модоо барих эсэхийг МАН-ын бүлэг л шийднэ

Эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарлаа гэсэн өөдрөг мэдээ өнгөрсөн өдрүүдэд хөвөрлөө. Төсвийн гол ачааг үүрдэг уул уурхай нь Оюу толгойгоос өөр гялтайх төсөлгүй гэлдэрч яваа гэхэд бас ч гэж дажгүй өндөр өсөлт. ОУВС-тай найзалсан учраас эдийн засгийн өсөлт давгүй гарлаа гэх мэт тайлбар мэр сэр дуулдаж байна. Яадгаа алдсан улс л Валютын санд ханддаг, Валютын сан орж ирэхээрээ төсвөө хямгатай зар, татвараа нэм гэх мэт эдийн засгийг агшаах жижүүрийн хэдэн шаардлага тавьдаг гэдгийг захын хэн ч гадарлахтайгаа болсон цаг. Ядаж байхад өмнөх шигээ “Стэнд бай”-д хамрагдсан бол яахав гэхсэн. Тэрнээс ч дор, туйлдаа хүртлээ зүдэрсэн улсад хэрэгжүүлдэг хөтөлбөрт нь арай гэж багтсан улс Валютын сангийн хүчээр өндийчихлөө гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Хүүхдүүддээ сар тутам өгдөг 20 мянган төгрөгөө боль, “приус” машины татварыг нэмэгдүүл гэсэн яль шальгүй шаардлагынх нь үр дүнд эдийн засаг өснө ч гэж юу байхав. Харин ч эсрэгээрээ ихэнх иргэдийн амьжиргааг залгуулдаг “приус”-ийн татвар нэмэгдсэний балгаар шатахуун бага иддэг япон тэрэгний үнэ хаданд гарчихсан. Татварыг нь буцаад буулгасан ч нэгэнт өссөн үнэ дахиж хэзээ ч газарддаггүй ченжийн эдийн засгийн балгийг энгийн иргэд үүрээд явж байна.

Валютын сангаас тавьсан дараагийн шаардлага бүр аймаар. Арилжааны банкуудын зээлийн барьцаанд багтдаг мал, хашаа байшин гэх мэтийг барьцаанаас хасах шаардлагыг тавиад буй. Хашаа байшингаа барьцаалж лангууныхаа барааг дүүргэдэг Дорж, мал хуйгаа барьцаалж үр хүүхдээ сургаж, амьдрал ахуйгаа цэгцэлдэг Дулмаагийн амьдрал хэцүүднэ гэсэн үг. Мал, хашаа байшинг барьцаанаас хасвал чанаргүй зээлийн хувь өндрөө авч, арилжааны банкууд эхнээсээ хаалгаа барьж эхлэх эрсдэл ч бий. Тэгэхээр Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэн учраас эдийн засаг өндөр өсөлттэй гарлаа гэсэн тайлбар яаж ч бодсон үнэнд дөхөхгүй. Харин ч анхнаасаа Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй байх бүрэн боломжтой байсныг эдийн засгийн 5.3 хувийн өсөлт харуулж байна. Товчхондоо өмнөх Засгийн үед хундаментыг нь чанартай цутгаад өгчихсөн учраас өдий дайны өсөлт үзүүлээд байгаа юм.

МАН-д нэг том гэм бий. Сонгуульд ялснаасаа хойш хийсэн алдаа нь ОУВС-гийн хөтөлбөр. Өнгөрсөн жилийн зун эдийн засаг өнгөлөг дажгүй, долларын ханш галзуураагүй номхон гэж жигтэйхэн л байсан. Ийм эдийн засаг хүлээж авчихаад элдэв муу мэдээ тарааж, Валютын сангийн хөтөлбөрт хамруулах гэж идэвхийлэн зүтгэсэн хүмүүс нь Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд хоёр. Мэдээж тэд МАН-ын дохиураар хөдөлсөн. Ер нь эдийн засгийг сайн байлгах уу, муу байлгах уу гэдгийг мэддэг ганцхан субьект бий. Тэр нь эрх баригч нам. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан улсаа ОУВС-гийн хөтөлбөрт хамруулахын тулд эдийн засгаа унагаж болдгийг жинхэнэ утгаар нь харуулсан. Эрх баригч нам эдийн засгийг яаж л бол яаж дохиурддагийн наад захын том жишээ. Тэгэхээр 2016-2020 оны Монголын эдийн засаг МАН-ын гарт байгаа гэсэн үг. Дахиад хэлье. 5.3 хувийн өсөлттэй яваа эдийн засгаа унагах уу, босгох уу гэдэг нь МАН-ын гарт байна. Уул уурхайн хэдэн том төслөө хөдөлгөчихвөл мөнгө олох боломж бас ч гэж бий. Гэхдээ өнөөхөндөө Оюу толгойгоос өөр тэр гээд хэлчихээр төсөл алга.

Нүүрсний үнэ өссөн учраас л Таван толгой зүгээс дажгүй мэдээ дуулдаж байна. Төмөр замаа барьчихсан бол өнөөдрийн олж байгаагаас хавьгүй их ам.доллар олох боломж бий. Хойд Солонгосоос нүүрс огт авахгүй гэсэн шийдвэр гаргасан урд хөршид хар алт шиг хэрэгтэй юм өнөөхөндөө алга. Гэтэл бид энүүхэндээ “Төмөр замгүй учраас” гэсэн зовлон тоочоод урд хөршийн хил дээр нүүрс ачсан машин эгнүүлээд бойтоглож сууна. Аль өнгөрсөн зуунд нүүрс тээврийн хэрэгсэл байсан автомашины цуваа 160 гаруй км-ын дараалал үүсгээд зогсч байгаа нь Австрали шиг том тоглогчдын хувьд хөх инээд нь хүрэхээр болхи төрх. Төмөр замын бүтээн байгуулалт өрнөж, угааж баяжуулах үйлдвэр босгож байж Таван толгойн нүүрс Австралитай эн тэнцүү, магадгүй хол илүүрхэж өрсөлдөнө. Зах зээлийнхээ ердөө хажууханд нүүрсний том ордтой нь бидний Австралиас ялгарах давуу тал учраас төмөр замаар сүнгэнүүлчихвэл тэднээс их хэмжээний өгөөж хүртэх боломжтой. Өнгөрсөн зууны хоцрогдсон тээврээр нүүрсээ зөөж байгаа учраас Монгол гэдэг улс нүүрсний зах зээлд жижиг харагддаг юм.

Таван толгойгоо төмөр зам, баяжуулах үйлдвэр гээд юутай хээтэй нь хөдөлгөж байж бид нүүрсний зах зээлд тоглогч гэж хүлээн зөвшөөрөгдөнө. Томоор хөдөлгөх гарцууд албаны түвшинд аль хэдийнэ яригдаж, даацтай хөдлөхөд нь “Сүмитомо”, “Шинхуа”-гаас эхлээд хамтаръя гэсэн ч улстөрчид нь хоорондоо тэмцэлдээд аль ч үгүй болгосон нь бодитой үнэн. Дээр байгаа хэдийн маань тэмцлийн агуулга тун ядруу. Товчхондоо хэн нь их идэх вэ гэсэн өрсөлдөөн Таван толгойг таг гацааж буй. Таван толгойг томоор нь хөдөлгөх сонирхол манай улстөрчдөд төрдөггүй нь ийм ядмагхан шалтгаантай.

Уг нь иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлье, ахиу доллар олъё гээд улстөрийн зориг гаргавал Таван толгой өгөөжөө өгөх төсөл. Оюу толгойг дагаж ямар олон компани ашигтай ажиллаж, хичнээн их хүн ажилтай, орлоготой байгаа билээ. Таван толгойд ч тийм боломж бүрэн дүүрэн бий. Таван толгойг хөдөлгөхгүй гацааж буй улстөрийн хоёр бүлэглэл байгаа нь тод харагддаг. Нэг талд нь төмөр зам бариулах сонирхолгүй улстөрч дээр нэмэх нь машинаар түүхий нүүрс зөөх нь бизнест нь хэрэгтэйг олоод харчихсан улстөрч энэ том төслийг гацаахад их том нэмэр болж буй. Нөгөө талд МАН-ын бүлэглэл ашиг хүртсэн шигээ аж төрж суугаа. “Эрдэнэс Таван толгой” компани Ж.Мөнхбатын хүмүүсээр дүүрснийг учир ойлгох хүмүүс хардаг, мэддэг. МАН-ынхан яагаад дуугардаггүй нь ч цаанаа учиртай гэх юм билээ. “Тэрийг минь ажилд оруулаад өгөөч” гэж хандсанд нь толгой дохиж, ийм тийм юм өгөөч гэсэнд нь гар сунгаж, баргийн гуйлтанд “үгүй” гэдэггүй чанар нь Таван толгойд эзэн суугч нөхрийг дархалсан гэх яриа дээд түвшинд дуулдаж л байдаг. Таван толгойн нүүрсийг ченжүүдтэй үгсэн түүхийгээр нь их хэмжээгээр гаргах хэрээр эрх мэдэлтнүүдийн халаас зузаардаг гэх яриа хөшигний ард өрнөхөө больж нэгэнт ил болчихсон үнэн. У.Хүрэлсүхийн бухимдаад байгаа нь ч үүнтэй холбоотой гэх мэссэж нисээд эхэлчихсэн. Энэ таамаг бодитой байх боломжтой. Хэт идээд буй хэсэгтээ хэн л дуртай байв гэж. Нэг тогоонд байгаа хүмүүсийн дунд гарах л зөрчил.

Өнгөрсөн засгийн үед улстөрчдийн талцлаас болж таг гацсан Таван толгойн хэлэлцээрийг энэ засгийн өнгөнд эхлүүлнэ гэсэн гоё яриа дуулдаад л өнгөрсөн нь ийм учиртай. Хэлэлцээрийн бичиг баримт өдгөө Уул уурхайн сайдын ширээн дээр тоосонд дараатай хэвтэж байна. Хөгжилд хамгийн их нөлөө үзүүлэх учиртай Уул уурхайн салбарын сайд уг нь яг өдийд хурц тод байх учиртай. Гэтэл таг чиг ажин түжин, чимээгүй, сайд нарыг тэргүүлж яваа нь хачирхалтай хэрэг шүү. Таван толгой дээр улстөрийн намуудын эрх ашиг ямар байдгийг цухас дурдлаа, бусад орд дээр ч иймэрхүү “чимээгүй тэмцэл” өрнөж буй учраас хөдөлж өгөхгүй байгаа юм.

Дараагийн том төсөл бол Цагаан суварга. Элон Маскийн эхлүүлсэн цахилгаан машин дэлхийгээр нэг сүнгэнэлдэх нь тодорхой болсон энэ үед хаданд гарах металлаар зэс нэрлэгдээд эхэллээ. Тонн нь арав гаруй мянган ам.доллараар үнэлэгдэх нь тодорхой гэж шинжээчид ам уралдуулж байна. Оюу толгой, Эрдэнэт дээр нэмэх нь Цагаан суваргаа ашиглаад эхэлбэл Монгол дэлхийн зэсийн зах зээлийн голлох тоглогч болно. Цагаан суваргаа ашигласан шигээ данайж суух боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Стратегийн ордод авна гэж зүтгээд, Цэцэд хандаж хөндлөнтөөд юм юм л болсон. Улстөрчдөөс үүдэлтэй балгуудаас болж нэгэнт эхэлсэн санхүүжилт нь гацаж, элдэв явдал өрнөснийг өнгөрсөн жилүүдийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа манай сонинд саявтар ярилцлага өгөхдөө “Асгатыг, ураны хэдэн ордыг эс тооцвол Таван толгойгоос өөр хөрөнгө оруулагч сонирхоод урагшлуулчих төсөл одоогоор алга. Цагаан суварга гэхэд Засгийн газрын урагшгүйгээс болоод олон жил зогслоо” гэж зүгээр ч нэг онцлоогүй.

Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгчийн харж байгаагаар одоогоор гялайж гялтайж буй төслүүд хайгуулын чиглэлд л байна. Уул уурхай элгээрээ хэвтсэн өнгөрсөн жилүүдэд тасралтгүй хэрэгжсээр ирсэн гурав, дөрвөн төсөл хайгуулынх. “Эрдэнэ ресурс”, “Занаду”, “Кинкорра” зэрэг компанийн хэрэгжүүлж буй хайгуулын төслүүд дараагийн буюу олборлолтын шатандаа шилжвэл уул уурхайн салбарт гэгээ татах найдлага байна. Гэхдээ бас нэг асуудал байна. Өмнө дурдсан гурван компанийн төслүүдийг эс тооцвол хайгуулын салбарт жижиг, дунд төслүүд амь орж өгөхгүй байгаа зовлон бий. Ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаагийн “Өнгөрсөн жилүүдэд шинээр авсан тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг хадгалж чадахгүй гэсэн шалтгаанаар буцааж байгаа юм билээ. Төлбөр нь өндөр учраас тэр. Нэг жил хадгалаад л буцааж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн захиргааны үйлчилгээний хураамж ч маш өндөр болсон. Өмнө нь 150-250 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо зөвхөн нэвтрэх эрх нь гэхэд 500 мянгаар яригдаж байна. Үүний дараа тусгай зөвшөөрлийн төлбөр яригдана. Тийм учраас нэлээд том, хүчтэй компаниуд, монополиуд үүсэх бололцоо л бүрдэж байна. Өмнө нь жижиг, дундуудад боломж байсан бол одоо хязгаарлагдмал болчихлоо” гэсэн үгийг анзаарахгүй орхиж болохгүй. Уул уурхайгаас их ашиг хүртэх эрх баригчдын зөрчилдөөн хайгуул олгох процесст хүртэл орчихоо юу даа гэсэн хар төрж байна.

Одоо Таван толгой буюу бусад том төслийг хөдөлгөж, хайгуулаа сэргээх том хөзрүүд эрх баригч намд л байна. АН талаас хичнээн шантааж, тэмцэл хийлээ ч УИХ-д үнэмлэхүй олонхи болсон МАН “Иргэдээ бодоод Таван толгойг хөдөлгөнө”, “Цагаан суваргаа тэдэн онд ашиглаж эхэлнэ”, “Хайгуулын салбарт компаниудыг том, жижиг гэж алагчлахгүй” гэчихвэл уул уурхайн салбар ямар ч асуудалгүйгээр өндийгөөд ирнэ. Ирэх өдрүүдэд нүүрсний том ордын ажил таг гацсан хэвээр байвал, Цагаан суварга хөдлөхгүй, хайгуулын салбар гурав дөрөвхөн төслөөс хэтрэхгүй бол МАН-ын шунал дуусаагүй байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд Монголыг модоо бариулах эсэхийг УИХ дахь МАН-ын бүлэг л шийднэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрээс хэтэрсэн цамаан зангийн тухай “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар ашиглалтад орлоо хэмээн “Өдрийн сурвалжлага” буланд онцолжээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “МАН Засгийн газраа өөрчилж солино гэдэг тэдний дотоод асуудал” гэжээ.

Баримт, үзэл бодол” нүүрт “Хэрээс хэтэрсэн цамаан зан”-гийн тухай өгүүлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг “Улс төр” нүүрт Хүнсний ногоо, өндгөн дээр бас гаалийн татвар ярьж байгаа. Хажууд байгаа ОХУ-аас ямар бордоо хэрэглэсэн нь үл мэдэгдэх хямд өндөг орж ирдэг. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид гадны өндөгнөөс илүү үнээр худалдаалбал дампуурна. Тиймээс гаалийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндмөөр байгаа юм” хэмээн ярьжээ. Л.Эрдэнэчимэг “Тэр бол цэвэр миний буруутай үйлдэл байсан” хэмээн бас ярьжээ.

“Танин мэдэхүй” нүүрт “Бохиноос татгалзаж давирхай зажлахыг илүүд үздэг болжээ” хэмээн мэдээлсэн байна.

“Баримт, үйл явдал” нүүрт “Хадлан бэлтгэж байгаад осолдсон цэргүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” хэмээн мэдээлжээ.

Автомашин ачиж, журамлах захирамж гарсан гэнэ шүү.

Францын тэргүүн хатагтайн ярилцлагатай “Elle” сэтгүүл борлуулалтаараа дээд амжилт тогтоосон байна. Энэ тухай “Дэлхийн мэдээ”-нээс уншаарай.

“Эмч” нүүрт “Crystal” шүдний эмнэлгийн согог заслын их эмч Д.Оюунтунгалагтай ярилцжээ. Д.Оюунтунгалаг: Авагддаг ч бай авагддаггүй ч бай насан туршийн хиймэл шүд гэж байхгүй хэмээн ярьжээ.

Улаанбаатар дахь Английн Элчин сайдын яамны эрх муур Миннигийн тухай арвантавдугаар нүүрээс уншаарай. Минни тусгай төсөвтэй. Эмчид үзүүлэх, хоол унд гээд түүний зардал багагүй гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Г.Чулуунбаатар сайд “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны төлөөлөлтэй уулзлаа

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөлөлтэй уулзлаа.

Багш нар ярихдаа “Бид цаг наргүй ажиллах шаардлагатай болдог. Бидний цалингийн зэрэглэлийг өөрчилж өгөөч. Багш нарт хичээлийн хэрэгсэл, тоглоом, анги тохижилт зэрэгт зориулж мөнгө өгдөггүй. Тиймээс багш нар эцэг, эхчүүдээс гуйж, дээр нь өөрсдийн багахан цалингаасаа зарцуулах шаардлагатай болдог. Үүнд мөнгө төсөвлөдөг болгож өгөөч. Багш нарын 80-90 хувь нь зээлтэй байна. Зарим нь бүр зээлээсээ болж шүүхэд дуудагддаг. Бид нэр хүнд, шавь нараа бодож олон жил тэвчсэн” хэмээн тайлбарлаж байлаа.

“Багшийн суурь цалинг нэмэгдүүлэх талаар БСШУСЯ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг томилж судалгаа хийж байгаа. Улс орны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, та бүгдийн тавьсан гурван үндсэн шаардлагыг холбогдох статистик бүрт тооцоо хийж, судалж байна. Есдүгээр сарын 1-нээс шууд 1,6 сая төгрөг болгож нэмэх эдийн засгийн боломж хязгаарлагдмал байна.

Эдийн засгийн сэргэлтийн анхны үр дүнд тулгуурлаад, ОУВС-тай тохирсон хөдөлмөрийн шаардлагад уялдуулж төсөөлөл боловсруулан, УИХ-аар шийдүүлэх судалгааг хийж байна.

Хичээлийн шинэ жил болох гэж байна. Монголчууд бид энэ баярт гүн хүндэтгэлтэй ханддаг. Энэ өдөр багш сурагч маань баяр баясгалантай хийнэ гэж найдаж байна гэж сайд хэллээ.

Categories
мэдээ спорт

Г.Болдбаатар эхний даваандаа ялалт байгууллаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотноо эхэлж байна. Монголын баг тамирчдаас хамгийн эхэлж, эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар эхний даваандаа Туркийн Өзлу Бекирыг нэмэлт цагт торгуулиар хожлоо.

Манай бөх 2014 онд Челабинскийн ДАШТ-нд түрүүлэхдээ энэ тамирчинг эхний даваандаа хожиж байсан юм. Хоёрдугаар тойрогт Францын залуу тамирчин Валид Хияртай барилдана.

Categories
мэдээ нийгэм

Гачууртын уулзвараас налайх, чойрын уулзвар хүртэлх авто замын газар чөлөөлөлт хийж байна

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын газар чөлөөлөлтийг хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус замын трасст өртсөн 9 байшин, 7 хашаа, 5 ТҮЦ, 3 чингэлэг, 32 зарын самбарыг буулгаж, газрыг чөлөөллөө. Үлдэж буй өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 21 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдсэн бөгөөд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай зөвшилцөх ажил хийгдэж байна.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Эзэмшил газрыг өмчлүүлэх аянд 43 хороо хамрагдана

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчлөж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна. Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргаад байгаа бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэх юм. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.