Яг одоогийн байдлаар улсын баяр наадмаар хурдан морь унах 425 хүүхэд цахим бүртгэлд хамрагдаад байгаа гэнэ. Өчигдрөөс эхэлсэн уг цахим бүртгэлд Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хүй долоо худаг зэрэг 10 цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэж байгаагаараа онцлог юм. Уяачид хурдан морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирэн цахим бүртгэлд хамруулах аж. Хурдан морь унаач хүүхдүүдийг ийнхүү цахим бүртгэлд хамруулснаар хүүхэд бүрт дугаар олгогдож, хэдэн наснаас эхлэн хэдэн жил морь унаж байгаа, оролцсон уралдааны мэдээлэл, гаргасан амжилт зэрэг бүх мэдээллийг хянах боломжтой болж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэх ажээ. Хурдан морь унаач хүүхэд уралдаанд оролцохдоо заавал хамгаалалтын хувцас өмсөж, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй ажээ.
Month: July 2017
Хүүхэд төөрч алга болбол 102, 108 утсанд хандаарай
Үндэсний баяр наадмаар хүүхэд төөрөх үзэгдэл ихэсдэг тул Цагдаагийн ерөнхий газар иргэдийн дуудлагыг хүлээн авах утас ажиллуулж байна.
Өнгөрсөн жилд гэхэд Улсын баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 138, Сүхбаатарын талбайд 85, Хүй 7 худагт 19 нийт 232 хүүхэд төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
Иймд иргэдийг нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
Хэрэв таны хүүхэд төөрч алга болбол яаралтай 102, Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаарай.
Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн үндэсний баяр наадмын шагайн харваан тэмцээн өнөөдөр эхэллээ.
Шагайн харваанд 62 багийн 558 харваач оролцож байгаагаас найм нь ахмадын баг байна. Тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий, УБ хотын харваачид оролцож байгаагаас,
- Даяар дуурсах Дархан мэргэн 2,
- Үлэмж дархан мэргэн 48,
- Дархан мэргэн 32,
- Гарамгай мэргэн 31,
- Хошой мэргэн 29,
- Монгол улсын мэргэн 44,
- Харьшгүй мэргэн 24,
- Аймгийн гоц мэргэн 132 байна.
Нийт харваачдын 52.7 хувь нь улсын болон аймгийн цолтой бол 63.2 хувь нь 35 хүртэлх насны залуу харваачид байгаа юм.
Шагайн харваан тэмцээнд нийт 54 баг есөн хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсэг тус бүрээс дөрвөн баг шалгарч аваргаа тодруулна. Маргааш ахмадын найман баг хоёр хэсэгт тоглосноор тэмцээн үргэлжлэх аж.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, Дээд шүүхийн төлөөлөл, дотоод гадаадын төлөөлөгчид хүрэлцэн ирснийг УИХ-ын дарга танилцуулсан юм. УИХ-ын дарга М.Энхболд “Үндсэн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Монгол Улсын Их хуралд тангараг өргөнө үү” гэсэн юм.
Халтмаагийн Баттулга “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндэсний хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээлээ.
Тэрээр төрийн далбаандаа мөргөж, улмаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос төрийн хасбуу тамгыг хүлээн авлаа. Түүнд Төрийн ордны Их танхимд хуран цугласан зочид, төлөөлөгчид баяр хүргэлээ.
Яг одоо Төрийн ордны их танхимд Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ болж байна. Энэ үеэр АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр “Монголчууд аа, элэг нэгт ахан дүүс ээ, УИХ-ын Эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай ноёд оо, Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна. Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун талархал илэрхийлье.
Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөдөө Монголын төлөөх цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсье.
Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.
Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэл шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байна.
Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, дөнгөж сая Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг би, шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа энд дахин тангараглаж байна.
Их хурлын Эрхэм гишүүдээ,
Та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж, Үндэсний “аюултай” байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн, төвлөрч ажиллах болно.
Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгээ та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаваас засах, залруулахын төлөө шаардаж, шүүмжлэх болно.
Монголчууд аа, Ахан дүүс ээ,
Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна.
Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна.
Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ энд бас онцлон хэлье.
Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.
Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.
-Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
-Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
-Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.
-Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.
Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.
Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө, ажилдаа шуурхайлан орно оо. Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна.
Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.
Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.
Дээдсийн хийморь сүлд биднийг уриалан дуудаг, Монгол Улс хөгжин бадартугай ! ” хэмээв.
Ээлжит бус чуулганы хуралдаан Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэнээр үргэлжилэв. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувь нь дэмжсэн юм. Чуулганы хуралдаанд суусан гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчөөр дэмжигдсэн Х.Баттулгад дараах зүйлсийг захиж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхийлөгчөөр сонгогдож буй хүн эрх мэдэл булаацалддаггүй байх ёстой. Харин амлалтаа биелүүлдэг байгаарай. Гарч буй мэдээллээс харахад өөрийн эрхгүй эмзэглэж байна. Монголын төрийг хямрал руу явуулчих вий дээ. Энэ удаагийн Ерөнхийлөгч ард түмнийхээ талаас нь сонгогдсон шүү гэдгээ санаж яваарай. Цаашид хууль зөрчсөн, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргавал УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлээрэй. Том хариуцлага болохоос том баяр биш шүү. Хэдхэн сарын өмнө Ардчилсан намынхан ард түмнийхээ итгэлийг алдсан. Тэгэхгүйгээр хүчний байгууллагаа булаацалдвал өөрөөс хамаарах бүх зүйлээ хийнэ шүү. Зөв зүйл оруулж ирвэл бид гацаахгүй явуулна шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-аар 97 хувиар батлагдлаа. Ерөнхийлөгч болж байгаа хүн тангарагийн үгээ бүрэн цээжлээрэй. Хариуцлагаас эхлээд олон зүйлийг тангарагийн үгт гүн гүнзгий суулгасан. Өргөсөн тангарагтаа үнэнч бай. 1.9 сая согогчдоос 32.8 хувийн саналаар Ерөнхийлөгч болсноо санаарай. Бусад нь өөрийнх нь дайсан гэж битгий бодоорой. Монгол талцаж байхдаа сөнөсөн, бутарсан. Ард түмний 32.7 хувь, УИХ-ын 97 хувийн дэмжлэг хүлээснээ байнга санаж яваарай. Намууд хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ нэр дэвшүүлсэн шүү. Гэтэл сурталчилгааны үеэр юу болов. Хамгийн шилдэг хүмүүсээ хамгийн муухайгаар яаж булав. Монголчууд 50 мянган төгрөгөөр саналаа худалдахаа больсон байна шүү. Ард түмний оюун санааг бузартуулж болохгүй шүү. Ерөнхийлөгч маань эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой. Түүнээс биш цус, үндэс угсаа ярьж доролмжлохгүй шүү. Тангарагчийн үг бүрээ хэрэгжүүлээрэй
Баяр наадмын өдрүүдэд өглөө 08:00 цагаас орой 22:30 хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
АВТОБУС “ХҮЙ 7 ХУДАГ” РУУ 1,000 ТӨГРӨГӨӨР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ
1. Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 87 чиглэлд их багтаамжийн 676, туслах 5 чиглэлд бага багтаамжийн 21, зуслангийн 3 чиглэлд 5 нийт 711 автобус үйлчилгээнд гарна.
2. Долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 10 чиглэлийн 62 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 24 чиглэлийн 158 автобус үйлчилнэ.
3. “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 4 минут тутамд, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 4 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
№ |
Чиглэл |
Тээврийн хэрэгслийн тоо |
Хүлээлгийн хугацаа |
1 |
“Давааны зөрлөг-Хүй 7 худаг” |
5 |
4 мин |
2 |
“Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” |
3 |
4 мин |
3 |
“Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо” |
20 |
4 мин |
4. Долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долоодугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ
400 ТАКСИ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксины үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдийг хүргэнэ.
Үүнд:
- “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;
- “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол;
- “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment
БАЯРЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД 5 ТӨРЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО
Таксины үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Хөх өнгөтэй байна.
“Дүнжингарав -Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв”, “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Бор өнгөтэй байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал буюу Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байна.
Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Ногоон өнгөтэй байна.
Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Шар өнгөтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дэлхийн гол гол хэвлэлүүд дамжуулсаар байна. Тэдний дотор BBC, Reuters, Aljazeera, Bloomberg, Nikkei, ABCnews, Yahoo News, New York Times, Japan News зэрэг томоохон мэдээллийн хэрэгслүүд багтаж байгаа юм.
Тэдгээр сувгууд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Халтмаагийн Баттулгыг тодорхойлохдоо “Former martial arts star” (Тулааны урлагийн од асан), “Wrestling champ” (Бөхийн аварга), “Former judoka” (Жүдогийн тамирчин асан), “Real estate tycoon” (Үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн), “Populist” (популист) гэсэн үгсийг хамгийн их ашигласан байна. Тулааны урлагийн од гэсэн нэрийг зүүхэд түүний хуучин Зөвлөлтийн үеийн бие хамгаалах Самбо барилдааны төрлөөр дэлхийн аварга болж байсан түүх нөлөөлсөн бололтой. Мөн зарим нэг хэвлэл түүнийг “Монголын Трамп” гэж тодорхойлсон нь ч бий.
Их Британий BBC суваг Х.Баттулгын эрхэлдэг бизнес нь зочид буудал, хүнсний үйлдвэрлэл, Чингис хааны хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг хамардаг гэж тодорхойлжээ.
Мөн Х.Баттулгын хувьд өрсөлдөгч намынх нь давамгайлсан парламент том сорилт байх болно гээд ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсан, Хятадын эдийн засгаас гүн хамааралтай Монгол улсын эдийн засгийг хямраад байгаа цаг үед ерөнхийлөгч болж байгааг онцолжээ.
Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхтэйгээ өөрийн биеэр бүртгүүлэх аж. Өнөөдөр амжиж бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг Монголын Үндэсний бөхийн холбооноос онцгойлон анхааруулж байна.
Бөхийн бүртгэл Монгол бөхийн өргөөнд болж байгаа юм.
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 96.5 хувийн саналаар дэмжин батлав. Хэлэлцүүлгийн эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн СЕХ-ны хурлын дүгнэлтийг танилцууллаа. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат: -СЕХ-ны дарга сонгуулийн хуулийн хүрээнд явагдлаа гэж байна. Хууль бүс зүйлс байсан шүү дээ. Үүнийгээ яагаад ярихгүй байгаа юм бэ. Энэ сонгуулиас харахад улс төрийн намууд цаашид шинэчлэл хийхгүй бол ямар сонгууль болсныг бүгд харлаа. Энэнд танай, манай нам огт хамаагүй. Монгол төр, ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй шүү. Ямар их хар бараан мэдээлэл цацагдав. Монголын ард түмэн мөнгөөр санал өгөхөө больсон байна шүү.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -СЕХ хуралдаад сонгууль хүчин төгөлдөр болсон гэж үзсэн. Үндсэн хуулийн заалтын дагуу бид нэрийг өргөн мэдүүлж байна. СЕХ сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулсан. Сонгуульд ажилласан 25 мянган төрийн албан хаагч хуулийн дагуу ажилласан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Энэ сонгууль олон зүйлийн анхдагч боллоо. Хоёр шаттай, хар бараан зүйлтэй, анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүн Төрийн тэргүүн боллоо. Монгол Улс парламентын засаглалтай Ерөнхийлөгч нь өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж зүтгэдэг. Үе үеийн Ерөнхийлөгч нар ингэж ирсэн. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сонгуулийн үеэр гарсан маргааныг шүүх хэлэлцэж амжаагүй байхад дахин санал хураалт болсон. Үүнийг шийддэг байх хэрэгтэй. Монголын төр ачааны хүндийг үүрдэг болохоос шоу хийдэг газар биш. Сонгогчдын төрд итгэх итгэл буурч байна. Үндсэндээ иргэдийн ¼ санал авсан хүн Ерөнхийлөгч болж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Сонгуулийн хуулийн нэг давуу тал нь богино хугацаанд сонгууль болж өнгөрлөө. Хэрвээ хуучны хуулиар сонгуулийн сурталчилгаа 45 хоног үргэлжилсэн бол хоёр намын нэг нь төрөө, нөгөө нь эдийн засгаа дуусгаад өнгөрөх байлаа. Ардчилсан нам тэр дундаа өрийг чөлөөлөх амлалт өгсөн нь иргэдийн сэтгэлийг ихэд хөдөлгөлөө. Одоо Монгол төр урагшаа харж ярих ёстой. Хагарал бутралаа хойш тавиад хөгжлийнхөө талаар явах ёстой. Үндсэн Хуулиа өөрчлөх ёстой гэж УИХ-ын гишүүдийн ярьж байгаатай санал нэг байна. Ерөнхийлөгчийг 60-аас дээш настай, УИХ-ын гишүүн нь 45-аас дээш настай сонгогдож байх шалгуур тавимаар байна. Нөгөө талаар сонгуулиар мөнгө тараасан, хандив авсан хууль бус үйлдэл нэлээн гарлаа. Манай намаас 50 сая вон, МАН-аас бас нэлээн, Ардчилсан намаас 1 тэрбум төгрөг хураагдах нь. Үүнийг тусгай сан байгуулаад хүүхдийн цэцэрлэг барихад зарцуулъя.Төрөөр тоглодог залуучуудыг болимоор байна. Монгол төрд хүндэтгэлтэй хандмаар байна. Ний нуугүй хэлэхэд олон жил УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсээсээ суралцмаар байна. Ажлаа уралддаг болохын тулд Сонгуулийн хуулийг өөрчилмөөр байна. Мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг болмоор байна. Эхнэр ярихгүй, хүүхэд ярихгүй болмоор байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: -Эх оронч хүн Ерөнхийлөгч боллоо. Олон жил эх орныхоо төлөө дуугарсан хүн. Асар их хариуцлага байгаа гэдгийг анхааруулж хэлмээр байна. Ерөнхийлөгч тамгаа хүлээж авсны дараа нам бус болно. Нам руугаа гүйдэг бус түмэн олон руугаа гүйдэг Ерөнхийлөгч байгаасай.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Нийт сонгогчиддоо баяр хүргэе. Хуулийн гажуудал зөрчилтэй асуудал нь өнөөдөр үүссэн асуудал биш. Хэн сонгогдсон аль нам сонгуульд ялсан гэдгээр нь асуудлыг авч үзье. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж олонхийн санал авсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцон, бүрэн эрхийг нь зөвшөөрлөө.