Categories
мэдээ нийгэм

До.Ганхуяг, И.Доржсамбуу, Д.Рагчаа нар өвдөг шороодлоо

До.Ганхуяг, И.Доржсамбуу, Д.Рагчаа зурган илэрцүүд

Улсын аварга, арслан, гарьдууд гурвын даваанд амласан бөхчүүдтэйгээ төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнд хүч үзэж байна. Өндөр цолтой бөхчүүдээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын харьяат улсын арслан Доржпаламын Ганхуяг Завхан аймгийн арслан Шаравнямбууд, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын гарьд И.Доржсамбуу Архангай аймгийн заан Дагва-Очирт тус тус өвдөг шороодлоо. Дагва-Очир хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харьяат улсын начин Ду.Батбаярыг өвдөглүүлсэн. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Лхагвасүрэнгийн Отгонбаатар нутгийн ах улсын гарьд Д.Рагчаагаар гурав давлаа. До.Ганхуяг арслан, И.Доржсамбуу, Д.Рагчаа гарьдууд хэн хэн нь анх удаагаа төрийн наадмын гурвын даваанд ийнхүү өвдөг шороодож байна.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр шилдэг найман харваач тодорно

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа өчигдөр хоёр дахь өдрөө сурын талбайд үргэлжилсэн. Энэ жил үндэсний сурын харваанд нийт 540 харваач оролцож байгаагаас 240 нь цол зэрэггүй, шинэ залуу харваачид юм. Нийт 40 сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Сурын харваанд шинэ хүмүүс хүч сорьж нийт 40 сум тавихаас 38-ыг нь онож байгаа талаар Сурын харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар онцолж байлаа. Өчигдрийн тухайд үндэсний сурвын харваанд 20 сумыг тавьж, урьдчилсан дүн гаргажээ.

Хамгийн өндөр оноотой шилдэг найман харваачийг өнөөдөр тодруулна. Үндэсний сурын харвааны түрүү тодруулах шилдэг найман харваачийн шигшээ харваа маргааш 13.00-14.00 цагийн хооронд Сурын талбайд болох юм.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Гурвын даваанд аварга, арслангууд хэнийг амлав

Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын гурвын даваа эхэлж байна. Зүүний магнайд гарсан дархан аварга Г.Өсөхбаярын цолыг Монгол Улсын гавьяат жүжигчин уртын дууч Б.Батболд дуудлаа. Барууны магнайд гарсан Ардын багш, улсын аварга О.Балжиннямын цолыг улсын тонж манлай засуулч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзол дуудлаа. Ингээд гурвын даваанд аварга, арслан, гарьдуудыг хэн хэнийг амласныг хүргэж байна.

        • Г.Өсөхбаяр да.ав М.Отгонням а.а
        • О.Балжинням у.ав Л.Шинэбаатар у.н
        • Г.Эрхэмбаяр у.ав Т.Занданбат а.а
        • Ч.Санжаадамба у.ав Э.Нямаа а.а
        • С.Мөнхбат у.ав Х.Мэндбаяр а.а
        • П.Бүрэнтөгс у.а Л.Пүрэвжав у.х
        • Н.Батсуурь у.а Д.Мөнх-Эрдэнэ у.а
        • До.Ганхуяг у.а Б.Шаравнямбуу а.а
        • Х.Мөнхбаатар у.а Г.Отгонбаатар а.а
        • Э.Оюунболд у.а С.Багахүү у.н
        • Д.Азжаргал у.а Б.Насандэлгэр у.н
        • Р.Пүрэвдагва у.а Дүүрэнсаран а.х
        • Н.Ганбаатар у.а Б.Мижидсүрэн а.а
        • Д.Рагчаа у.г Д.Отгонбаатар а.з
        • И.Доржсамбуу у.г Б.Дагва-Очир а.з
        • Б.Гончигдамба у.г Ш.Тогтохбаяр у.н

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Соёолон насны уралдаан эхэллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хүй долоо худгийн өнөөдрийн наадам хурдан соёолон морьдын уралдаанаар эхэллээ. Дараа нь дааганы уралдаан болох юм.

Өнгөрсөн жил 293 соёолон бүртгүүлснээс 239 уралдаж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн буурал соёолон түрүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Үдээс хойш түр зуурын бороо орно

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр хөтөлбөрийн дагуу дараах уралдаан, бөхийн барилдаан болно.

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/
08.00 Шагайн харвааны шигшээ харваа болно. Шагайн асарт
08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг, Сурын талбайд
9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ
10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ
10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт болнр
11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг,Сурын талбайд
13.00 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт
13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа Сурын талбайд
14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.10-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
20.00 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол.
/тусгай хөтөлбөрөөр/

Categories
мэдээ нийгэм

Улсын арслан Н.Батсуурь улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг амлалаа

Үндэсний их баяр наадмын гурвын даваа хэдхэн мөчийн дараа эхлэхэд бэлэн болоод байна. Одоогийн байдлаар улсын арслан цолтой бөхчүүд ам сонсч байна. Тухайлбал, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пүрэвжавыг амлалаа. Пүрэвжавын хувьд Санжаадамба аваргыг төрийн наадмын түрүү болно хэмээн ид шуугьж байх үед тавын даваанд хаяж, бөхийн сонирхогчдын дуд “бөхийн аранга” хэмээн нэрлэгдэж байсан бөх юм.

Харин Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын До.Ганхуяг Завхан аймгийн арслан Шаравнямбууг амласан бол улсын арслан Намсрайжавын Батсуурь Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хүчит арслан Дуламжавын Мөнх-Эрдэнийг амлалаа. Батсуурийн хувьд хоёр жилийн өмнөх наадмын тавын даваанд И.Доржсамбуу гарьдыг амлаж байсан. Д.Мөнх-Эрдэнэ арслангийн хувьд өнөө жил 53 насандаа төрийн наадамд зодоглож буй. Улсын наадамд таван жил үзүүрлэсэн ард түмний хайртай бөх юм. Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Х.Мөнхбаатар Өвөрхангай аймгийн арслан Г.Отгонбаатарыг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Д.Оюунболд Увс аймгийн харьяат улсын начин Б.Насандэлгэрийг одоогийн байдлаар тус тус амлаад байна.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Онгодын цагт тэнгэрийн харьяат гэж өөрийгөө тунхагласан найрагч Шаравын Сүрэнжав

Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналын анхныхыг доктор Дамдины Дэнсмаа хүртсэн юм. Тэрээр Ш.Сүрэнжав зохиолчийн тухай “Тэнгэрийн харьяатын ертөнцөд” хэмээх нэгэн сэдэвт бүтээл туурвисан байдаг. Дэнсмаа докторын эл бүтээлийн хэсгээс хүргэе.

“Өвөр Шавартын хөх уулс минь надад юунаас ч дотно юм. Төрсөн нутаг минь Цантын эхний ногоон толгойн хаваржаа боловч өссөн нутаг минь Өвөр Шавартын уулс. Учир нь сумын төвөө татаж, миний сургуульд орсон цагаас хойш манайх Үнээ, Сүүж, Билгэх, Цагаан хамар, Өндөр дэл, Өвөр шавартаар нутагласан юм… Сумын төв байсан ногоон дэвсгийг харахад өдий төдий бодол дуртгал санаанд ургана… Анх сургуульд орсон ангаахай наснаас эхлээд л өртөө замыг дагасаар холд одмоор санагдсан мөрөөдөлт насны төрх сэтгэлд ордог…” хэмээн тэрээр ярина. Ш.Сүрэнжав 1947 онд сумынхаа бага сургуулийн сурагч болов.

Дурсахуй:

…Намрын шар нар ээсэн зохист нэгэн өдөр Нээм минь намайг сургуульд хүргэж өгөв. Анх удаа анги танхим гээчийг үзэж байгаа нь тэр. Самбар гээч юмыг мөн л анх удаа үзэж, сурагч гэдэг үгийг шинээр бичиж тогтоов. Юугаа ч мэдэхгүй амьтан эхний цагийг өнгөрөөгөөд завсарлахын хонх цохиход (лам нарын уншлагын ширмэн хонх тэр чигээрээ байсан цаг) гарч гүйлдэж байгаад буцаад ангидаа орох гэсэн чинь ангиа олдоггүй. Нэг л олон зүс үзээгүй хүүхдүүд инээлдээд, бас нэг хүүхдийн ширээн дээр герман улаан малгай байх нь минийхтэй яг адил тул булаалдан шившгээ тарив. Тэгтэл ахлах ангийн Өлзийн Дорж намайг ангид минь оруулж өгөв… гэж анх сургуульд орсон мөчөө дурсан бичсэн юм.

Нэг өдөр хичээл дээрээ сууж байхад нь:- “Муу зэвхий минь, Сүрэнжав чи хаана байна. Чи яагаад ингээ муу уяв? Уяагаа таслаад тэмээний хойноос тэшчихлээ” гээд хар хурдаараа эмээ нь ангид нь ороод ирчихсэн байв. Ангийнхан нь эг маггүй инээлдэхэд жигтэйхэн ичиж, хоёр хацар нь улаа бутарч байсан гэдэг.

Энэ бол хөдөөгийн эмээгийн хээгүй дүр, хөөрхөн хүүгийн үнэн төрх. Гэнэт хонгорхон ийм л бага насандаа “Сүүдэр” хэмээх анхны шүлгээ зохиосон байдаг. Түүнд:

Нэг насны минь арвигүй сүүдэр

Нэхий өлгийд зэрэгцэн нойрсож

Ээжийн бүүвэйг хамт чагнан

Эрхийн чинээ байхаас дагасан юм

Арван насны минь атигархан сүүдэр

А-гийн ацгийн хамт таталцаж

Самбарын өмнө надтай хамт

Шалгуулах гээд зогсдог байсан юм…. гэсэн байдаг.

Ш.Сүрэнжав сумынхаа бага сургуулийг төгсөөд гэртээ харьж нэг жил мал маллажээ. Хурга ишиг хариулж явсан хүүхэд нас нь түүний алс хол руу тэмүүлэх, сурч мэдэх их хүслийн эхний дурдатгал юм.

Дурсахуй:

“…Энэ үед ном их уншдаг байлаа. Ноос тушаасан мөнгөөрөө сумын төвийн дэлгүүрт навсайж хэвтдэг хэдэн номыг би л авч уншиж элээх. Б.Ренчиний “Үүрийн туяа” роман гарсан, мөн Д.Намдагийн роман тэр үед “Цог” сэтгүүлд “Амьдралын зам” нэртэйгээр цуврал болон хэвлэгдэж байсан юм. Бас Константин Симоновын “Өдөржин шөнөжин”-г их уншина аа. Тэгээд зохиолын баатруудын адилаар зовж жаргадагсан. Тэр Симонов гэдэг зохиолчоос-Аня, Сабуров хоёр дахин уулзах уу гэж асуумаар бодогддог сон. Хожим Халхын голын ялалтын 30 жилийн ойгоор тэр сайхан зохиолчтойгоо нүүр учирсан шүү.

АВЬЯАС АВЬЯАСАА МЭДЭРДЭГ

Ш.Сүрэнжавын ааш араншин, аж төрөл, амьдрал ахуйг ойлгож, ажил үйлс, авьяас билиг, алдар нэрийг нь мэдэрч алсын замд нь ухаарал өгч байсан Монголын утга соёлын сор болсон олон хүмүүсийг өөрөө ч хүндлэн хайрлаж, сэтгэл зүрхэндээ байнга дурсаж, хамт өнгөрүүлсэн он цагаа эргэн санаж, их хувь заяа хэмээн сүслэн дээдэлж явдаг билээ. Хайрлуулах юмтай байж хүнд хайрлагддаг, бахархуулах юмтай байж хүнээр бахархуулдаг. Тэгвэл Ш.Сүрэнжавт урьд үеийнхэн нь хэрхэн хандаж байсныг дараах цөөн жишээнээс харж болно. Энэ нь ганц Ш.Сүрэнжавт биш, өмнөх үе нь залуу хойч үеэ хэрхэн мэдэрч, тэдэнд хэрхэн хандаж байсны илрэл юм. Авьяас авьяасаа мэдэрнэ гэгч энэ болов уу.

СОНОМЫН УДВАЛ

“… Ээж нь хүүхдэдээ, эгч нь дүүдээ бичихийн адил энгийн бөгөөд шулуун үг надаас гарахаас биш хан тэнгэрийн оргилд эс гаргаж, хаан титэм үл өмсгөнөм чамд сайн хүнээ сансрын өндөрт хүртэл магтан нүүрэн дээр нь зөвхөн дээвэр хүртэл магтан сайшаадаг нь нисчихвий гэж айсных байдаг…” гэсэн үгтэй захидал Москвад суугаа Ш.Сүрэнжавт ирсэн юм. Үүнийг Берлинээс илгээсэн хүн бол С.Удвал байлаа.

Хүн бүхний мэдэх “Хатанбаатар”,“Үер”,“Хүргэн хүү” кино зохиолыг бичсэн Булган нутгийн бүсгүй Сономын Удвал бол Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн ховорхон бүсгүйчүүлийн нэг билээ.

Бидний нэг үеийнхэн Их хурлын танхимын тэргүүлэгчдийн суудалд суух цөөхөн эмэгтэйчүүдийн нэг, намбалаг сайхан бүсгүй С.Удвал гуайг зурагтаар л харж, намтар түүх, гавьяа зүтгэлийг нь болоод зохиол бүтээлийг нь номоос л уншиж мэддэг байсан.

Тэгвэл С.Удвал гуай Ш.Сүрэнжавын амьдрал хувь заяа уран бүтээлд нь эх хүний, эгч хүний, зохиолч хүний, дарга хүний зүгээс их л тус дэм болж нөлөөлж байсан байдаг юм. Энэ бол хүнийг хэн болохыг нь таньсан хэрсүү ухаан, холын хараа байжээ гэж бодогдоно. Тэдний уулзсан мөч, ярьсан яриа, аялсан газар цөөнгүй. Дурдатгал дурсамж ч багагүй.

Нэг удаа тэд зүүн аймаг руу Уран үгсийн чуулганд хамт явцгаажээ. Сүхбаатар аймагт явахдаа Ш.Сүрэнжавыг шөнөжингөө нэрмэл уучихаад өглөө ирэхэд нь С.Удвал машинд ганцааранг нь суулгаад: -Өнөөдөр хоёулаа онгоцоор буцах уу даа. Энд ажилгүй нь чи бид хоёр л байна. Бусад нь юм хийхээр ирсэн улс гэхэд нь “үхтэлээ айгаад” цааш Дорнод аймаг хүртэл үргэлжилсэн Уран үгсийн чуулганы турш архи огт амсаагүй гэдэг. “Айна гэдэг хүндэтгэсэн сэтгэлээс үүдэлтэй” гэж тэрээр ярьсан юм.

Өөрийг нь болон Цэндээг нь хүнд өвдөхөд, хадам ээжийг нь нас барахад үнэн сэтгэлээсээ тусалж, ууж уруудаж доройтож явахад нь зэмлэж ухааруулж, уран бүтээлд нь ил хуурай магтаал хэлэхгүй ч, элэг зүрхнийхээ гүнээс талархаж явсан нь Ш.Сүрэнжавын сэтгэлд шингээстэй байдаг.

Дурсахуй:

…Амьд сэрүүнд нь уулзаж учирсан, хэлж захисан бүхэн нь эдүгээ давтагдашгүй үнэт зүйл болж он жилийн цаанаас тодорно. Цэнэж хэлсэн үг нь цэнгийн алтнаас ч үнэтэй байсан сан.Түүний энгүүхэн егөөдөл нь хэнийг боловч номхруулдаг сан. Гашуун атлаа амтлагхан ёжлол нь нэг хэсэгтээ сэтгэлээс үл гарна. Тэр бүхэн нь жаргахад сэрэмж, зовоход хатуужлыг өгөх увидастай бүлгээ…” гэж тэрээр бичсэн байдаг.

“Одгэрэл”, “Ховор хүн” тууж, “Анхны арван гурав”, “Их хувь заяа” роман “Ханийн үг” номыг нь уншиж явсан үе үеийн уншигчдынхаа сэтгэлд олон сайхан бүтээл туурвилаа мөнхөлсөн, үйлс нэгт уран бүтээлчдийнхээ төлөө сэтгэл итгэлээ зориулж явсан С.Удвал гуай бол Ш.Сүрэнжавын дээдлэн хүндэлж явдаг сайхан хүмүүсийн нэг билээ.

Тиймээс ч Ш.Сүрэнжавыг 1963 онд Халхын гол руу хамт явсан аяллаар “Ерэн баатрын дууль”-ийг бичсэний нь дараа “нулимс гармаар боллоо” гэж анх хэлсэн С.Удвал гуайн үг хойшдын замд нь их урам болсон байдаг.

С.Удвал гуайн гарын үсэгтэй, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүний 100 тоот батлах, илгээсэн захидал цахилгаан, өөрийнх нь өгсөн ном, зураг сэлтийг Ш.Сүрэнжав нандигнаж хадгалж алтан дурсамж, ашдын гэрээслэлийг нь ямагт санаж явдаг юм.

СЭНГИЙН ЭРДЭНЭ

Үүнийг бичигч би Сэнгийн Эрдэнэ гуайг Монголын уншигчдын нэгэн адил зохиол бүтээлээр нь дэндүү сайн мэдэх хэдий ч нүүр тулан уулзаж байсангүй. Тэгтэл 1995 оны үед болов уу, Соёлын Төв өргөөний 8 давхарт байсан Монголын соёлын сангаар хүнтэй уулзах ажилтай ороод өрөөг нь тогшоод, шагайтал С.Эрдэнэ гуай сууж байв. Би юм асуух зөвшөөрөл авч, уулзах хүн маань байгаа үгүйг асуутал “-Одоо удахгүй ирнээ, ороод сууж байхгүй юу” гэж уриалгахнаар хэлээд сандал руу заав. Хүлээх тэр агшинд энгийн сайхан яриа хөөрөө дэлгэж, ажил төрлийн маань талаар асууж сонирхсон юм. Нөгөө л “Өвгөн шувуу”,“Улаалзгана”,“Хулан бид хоёр”, “Өвлийн ойд” гээд л уянгын сайхан өгүүллэгүүдийн эзэн өмнө минь суугаад энэ тэрийг асууж, энгийн сайхан ярилцаж суусан мөч зурвасхан хугацаанд өнгөрсөн ч гэсэн тэр агуу хүний гэгээн дүрийг ойроос харж, энгүүн агаад хөгжөөнт үгсийг нь сонсож суусан гэрэлт дурсамж мартагдашгүй билээ.С.Эрдэнэ гуайн бэр Дэлгэртуяатай (Э.Бат-Үүлийн гэргий) хотын захын сургуульд хэсэг хугацаанд хамт багшилж, ач охин Б.Хулан нь нэгдүгээр сургуульд бидний шавь байсан болохоор хувь хүнийх нь хувьд ч гадарладаг байсан л даа. Гэвч тийнхүү ярилцаж суухад яагаад ч юм эрт хэзээний танилууд шиг санагдаж байсан юм…

Түүнээс хойш хэдхэн жилийн дараа, түүний насан эцэслэсэн тухай мэдээг нэгэн өдөр Монголын ард түмэн уй түгшүүртэйгээр хүлээн авсан билээ. Тэгэхэд “Өдрийн сонин”-оос Булган нутгийн охин нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэн “Өвгөн шувуу жигүүрээ хумилаа” гэсэн харууслын үгийг уншсан сан.

С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав нарын хотод ч хөдөөд ч, Монголдоо ч, гадаадад ч хамт явж өвчин зовлон, уйтгар гунигаа хуваалцаж байсан олон сайхан дурсамж дурдатгал байдаг бөгөөд үеийн юм шиг нөхөрлөж, үнэн сэтгэлээ нээн, нандин үг нууцаа хадгалж итгэлцэж явсан нь цөөнгүй. Энд ганц жишээг өгүүлье.

Дурсахуй:

…1969 оны наадмын өмнөхөн Монголын соёл урлагийн өдрүүд тэр цагийн Зөвлөлт Узбект зохиогдох болж, тэр том бүрэлдэхүүнийг НТХ-ны Улс төрийн Товчооны гишүүн, СнЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар толгойлон явах болж зохиолчдоос С.Эрдэнэ бид хоёр оролцох завшаан тохиов. Сосорбарам сайд, Лувсанчүлтэм дарга нар Майдарын дэргэд “жижгэрч”, Ардын жүжигчин Норовбанзад, Норовсамбуу, Ц.Намсрайжав (хөгжмийн зохиолч), гавьяат Сүглэгмаа, Д.Жаргалсайхан гээд урлагийн томчууд цөмөөрөө явцгаав.

…Бид хоёрыг Б.Явуухулан, М.Цэрэндорж хоёр онгоцны буудлаас халамцуухан үдэж өгөв. Оросын Эрхүү хотод онгоц түр буулт хийн цэнэглэх үед С.Эрдэнэ хүмүүсийг дайлж шампанск ууж, миний арын халаасанд мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс замдаа уух гэж өгсөн нь пиджакны арын хормойг яран цухуйж амьтныг инээлгэж явлаа. Яг онгоц нисэх гэсэн чинь бид хоёрын паспорт олдохгүй сандаргаж, эцэст С.Эрдэнийн гар чемоданы аман доороос гарч цааш нисэх болов. Энэ үеэр онгоцны эхний тасалгаанаас (одоогийн 1-р салон) Д.Майдар дарга босч ирээд: “-Ямар нь онгоц саатуулаад байна аа?” гэж аашлангуй дуугарав. Энэ үед С.Эрдэнэ дув дуугуй сууж байв.

Онгоц буудлаас хөөрч өндрөө авах үед мөнөөх жүжигчдийн араас С.Эрдэнэ босож зогсоод “Тэр Майдар юу юм?” гэж чанга хашхираад дараа нь доош нь хоёр гараараа онгоцны шаланд тулаад хүүхэд шиг нуугдах маягтай суув. Энэ нь тэр цагтаа ахадсан хэрэг бөгөөд тэнд суугаа хүмүүсийн зүрхийг хагалчих шахсанаас зайлаагүй байх. С.Эрдэнийн хувьд бол ёстой “согтуу хүн сохор ухаантай” гэгчээр нисч яваа онгоцноос бид хоёрыг буулгаад хаячихаж чадахгүй, газар дээр ингэсэн бол болохгүй гэсэн бодлоор үйлдсэн хэрэг.

Цаашдаа бид хоёр “алдаа”-гаа явцын дунд засч, улмаар суудлын доод адгаас аажмаар дэвшиж бараг дарга нарын дэргэд шадарлан би Узбекийн тухай:

“Сагсгар малгайн доороос

“Салаам” айлдах завгүй

Сандруу бууны замаг

Тачигнаж байсан өдрүүд”…гэхчлэн шүлэг уншиж, түүнийг минь тэр үед Москвад сууж байсан “Үнэн” сонины сурвалжлагч, хожмоо НТХ-ны нарийн бичгийн дарга, УТТ-ны гишүүн болсон Цэрэндашийн Намсрай орос хэл рүү шууд (синхронный перевод) орчуулж, С.Эрдэнэ уран нийтлэлийн чанартай цэцэн үгсийг зуу татсан үедээ оросоор хэлдэг болж түр дэвшив.

Ш.Сүрэнжав “Сэтгэл будрангуйрах үедээ Сэнгийн Эрдэнийг уншдаг” гээд Ардын уран зохиолч С.Эрдэнэ “Тэнгэрийн хүүгийн эцэслэл” номынхоо нүүрэнд “Монголын уран зохиолын алтан үеийн алдартнуудын нэгэн Шаравын Сүрэнжавтаа” гэснийг байн байн үзэж хүндлэн сүсэлдэг юм. Энэ нь урьд үеийнхнээс дараа үеийнхэндээ үзүүлсэн үлгэр, тэдний сэтгэлээс гарсан алтан гэрээслэл хэмээн санагдана.

ЛОДОНГИЙН ТҮДЭВ

Ш.Сүрэнжавын хэд хэдэн номыг ариутган шүүж өмнөх үгийг нь бичсэн эрдэмтэн зохиолч, их бичгийн хүн Лодонгийн Түдэвийн бүтээлээс “Уулын үер” романыг нь номонд хорхойсон дурлаж байсан сургуулийн бяцхан охин байхдаа анх би уншиж билээ. Манай гэрийн жижиг номын санд тэр ном хүндтэй байрыг эзэлж, тэр цагтаа л ээж аав, эргэн тойрны хүмүүс энэ номын тухай их л ярьж хөөрч, дамжуулж уншдаг байсныг мэдэх юм. Харин хорин гуравхан насандаа роман бичиж, уран зохиолын ертөнцийнхөн хийгээд уншигч олноо шуугиулж байсныг дараа нь мэдээд бахархах сэтгэл төрж байсан юм. “Нүүдэл суудал”, “БНМАУ-ын анхдугаар он” зэргийг нь уншиж,“Зэрэг нэмэхийн өмнө” киног нь үзэж бүтээлийг нь ч, бүтээлчийг нь ч биширсэн сэн.

Хожим “Оройгүй сүм” зохиолыг нь уншиж, дунд сургуулийн уран зохиолын хичээлээр дунд ангид “Хорвоотой танилцсан түүх”, ахлах ангид “Хувьсгал танаа өчье” нь ордог болохоор романых нь талаар эх зохиол задлалын нэгэн номондоо оруулж, сурагчдад амьд сонирхолтой, хүртээмжтэй байх талаас нь бодож зохиогчийн үгийг бичүүлж авч байсан юм.

Ш.Сүрэнжавын Залуу зохиолчдын анхны номын уралдаанд шалгарсан түүвэр “Шөнө ургасан цэцэг” номыг нь гардан авч“Зөрөг тань зам болтугай” хэмээн ерөөж, хэдэн жилийн дараа “Нутгийн цэнхэр уулс” номыг нь шүүн “Цэнхэр уулс хүрэх зам” гэж өмнөх үг бичиж, зарим шүлгээсээ болж ороогдож шалгагдахад нь “аварч”, тэр ч битгий хэл “хэргийн эзэн” шүлгийг нь шүүн тунгаасан номондоо оруулж хэвлүүлэн, Москвад сурч байхад нь захидал илгээж байсан юм.

Үүнээс түүнийг хувь хүнийхээ хувьд ч, зохиолч эрдэмтэн хүний хувьд ч хүнийг нээж таних, онож дүгнэх, итгэж найдах билгийн нүдтэй, алсын ухаантай хүн болохыг мэдэрч болно.

Дурсахуй:

“Тавиад оны сүүлчээр Монголын уран зохиолын тэнгэрт гэрэл татуулан тодорсон нэгэн суу билэгтэн бол… Лодонгийн хөвгүүн Түдэв бүлгээ. Тэр цагт 23-тай роман бичээд гарч ирнэ гэдэг бол онцгой үзэгдэл байжээ. Д.Намдаг, Ч.Лодойдамба, З.Баттулга нарын роман уншигчдын гарт бараг хүрээгүй байсан тэр үед ийн тодорно гэдэг чухамхүү тэнгэрийн бошиг хувь заяаны одон мэт тод сонин зүйл байлаа. Чухамхүү тэр “Туулайн гүйдэл шиг салхи”, “Уулын үер”-т амирласны ид шидийг ч энээхэн хавиас эрвэл учир олдож юунаа магад. Ямагт юмны түрүүнд манлайлан явах оюуны оргилд дагуулагчийн хувь тавилан түүнд ноогджээ гэлтэй. Тэгээд ч би “Миний галын шугам” гэдэг нэгэн шүлэгтээ

“Хамгийн түрүүн боссон хүн

Хамгийн түрүүнд нүдлүүлдэг

Эсрэг этгээдэд юуны өмнө зүсүүлж

Эгдүүцэл хорслыг нь өөртөө үлдээгээд

Эхэлж үнэнийг нь хэлэхэд ч

Эгзэгтэй байдаг

Эцэс хожмоо харин

Эрэмгий гавьяа нь тодордог”… гэж өгүүлэхдээ Л.Түдэвийг бодож бичсэн гэхэд хэлтийсэн болохгүй биз ээ. Хүн шүтсэндээ залбирч, итгэсэндээ үгээ хэлдэг” …Хүнийг хайрлах, уран бүтээлчдийг авран хамгаалах чин сэтгэлийн зоригтой хүн…” хэмээн “Оюуны оргилд дагуулагчийн тухай бодлын хөрөг”-төө Ш.Сүрэнжав бичсэн байдаг юм.

Мөн Ш.Сүрэнжавын тухай, “…Зүйрлэх авьяастай шүлэгч болохыг нь өнгөрсөн хугацаанд харуулж өглөө. Түүний зүйрлэл нь хэн бүхний санаанд амар орохооргүй цэцэн уран байдаг юм. Нэг ёсондоо зүйрлэл бүртээ нээлт хийсэн хүн” гэх буюу “…Зам нь төгсгөлгүй урт юм. Бас ч бартаа саад ихтэй. Сайн морь шантрашгүй зориг шаардлагатай. Харин Сүрэнжав маань яруу найргийн сайн агт морийг өөрөө таньж, өөрөө уургалан барьж эмээллэсэн болохоор санаа зовох юун. Гагцхүү аян замын алжаалыг умартан, хүлэг мориныхоо хурдаар хүрэх газраа зорилтой. Гаргасан замаар чинь үсэргээний жаалууд гийнгоолон давхицгааж эхэлсэн тул тэдэнд битгий гүйцэгд гэж би хүсэж байна. Л.Түдэв” гэсэн байдаг.

Энэ бол уран бүтээлч хүн, уран бүтээлч хүндээ үнэн үгээ харамгүй хэлж, үеэ мэдэрсэн үнэлгээ, цагаа олсон урам дэм өгч байсан, оюун билиг төгс эрдмийн хүний сэтгэл жудгийн илэрхийлэл юм. Бүргэд бүргэдээ таньдаг, авьяас авьяасаа мэдэрдэг ажээ. Тухайлбал: Л.Түдэв, түүнийг Ардын уран зохиолч болоход нь “Дал” сониндоо тавихдаа болон номон дээрээ:

“Алиа бага насандаа

Аав Шараваар овоглосон

Авьяас билгийн буянаараа

Ард Монголоороо овоглосон

Сүрэнжав та найргийн талбайд

Сүр нь үл барагдах дархан

Сүрэг сүргээр шүлгээ бэлчээн

Сүвэгч нь үл элэгдэх үйлчин юм”… гэсэн нь түүнд урьд дээдсээс өгсөн урмын үг үнэлгээ болж үлджээ.

Ш.СҮРЭНЖАВЫГ МЭДЬЕ ГЭВЭЛ…

Социализмын гэгдэх үед бичсэн “Бөөрөнхий чулууны дууль”,“Аятай зөөлөн үг олдохгүй бол айлын хүнээс болов зээлдээч”,

Тушаалтны өмнө дэгсэн

Тушаалтай морь байснаас

Тулааны суманд сийчүүлсэн

Туг байх минь ч яалаа… зэрэг даргын тухай цуврал шүлгүүд, мөн Ардчиллын эхэн үе буюу 1990-ээд оны эхээр “Нурмандаа цогтой өнгөрье” зэрэг цуврал шүлгүүд нь тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн ааш араншин,гэм занг илэрхийлсэн зохиолчийн сэтгэлийн шаналал, эмзэглэлийг гаргасан юм.

Мөн Ш.Сүрэнжав: “-Намайг мэдье гэвэл миний номон дотроос эр, тэгвэл би олдоно” гэсэн байдаг. Тэр өөрийнхөө тухай бус нөхдийнхөө тухай өгүүлсэн нь олон. Ч.Чимид, Л.Ванган, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ, Ж.Бямба, Л.Түдэв, Б.Ренчин, С.Удвал, Д.Гомбожав, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг нарын хөргүүдийг бичиж номууддаа оруулсанаас гадна тусгай ном болгосон. Хүмүүст зориулсан дуу шүлэг ч зөндөө бий. Хань Л.Цэндээдээ зориулж бичсэн “Нэрээр хийсэн шүлэг”, “Намуун үдэш” дуунаас эхлээд бусдад зориулсан олон шүлэг, дуу, хөрөг дурсамжууд бий. “Долгионт жилүүдийн туужис”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Дорнын шөнийн нууц буюу хатадын увидас”, “Хүний явдал, орчлонгийн дэнс”, “Найраг дуунд мөнхөрсөн нартын сайхан хүүхнүүд” гээд ном тус бүр онцлогтой. Хөрөг, нийтлэл, намтар-дурсамж, уран сайхны бодрол гэх мэт.

1990 онд “Долгионт жилүүдийн туужис” ном хэвлэгдсэн нь намтар дурсамжийн номонд шинэ хуудсыг нээсэн. “Тэнгэрлэг найрагчийн өчил” гэсэн сэтгэгдэл-шүүмжийг Төрийн шагналт, СГЗ Д.Гармаа бичиж номын шинэлэг талыг нээн харуулсан байна. Ш.Сүрэнжав “Зохиолч хүн номоос номонд, бүтээлээс бүтээлд ахиж байх ёстой” гэж үздэг. Тэрээр “Би “Хэрлэнгийн барьяа” туурь роман, “Багш” найраглал, эрийн гурван наадмын тухай “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кино зохиолыг хувь зохиолоор бичсэн мэт санагддаг юм. Бас “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” гэдэг уран сайхны киногоо үнэд орж яригдах цаг ирнэ гэдэгт итгэдэг” гэж ярьдаг. “Онгодын цагт би тэнгэрийн харьяат” гэж өөрийгөө тунхагласан найрагч бол яалт ч үгүй Шаравын Сүрэнжав юм.

Categories
мэдээ цаг-үе

Хубилай Хааны сэрүүн Лаврин-Шандуугийн Шар талаас шилийн гол аймгийг хөндлөн туу

Түрүүч нь №142(5709), 143(5710) дугаарт


Шулуун хөх хошууны нутагт орших Юань гүрний дээд нийслэл Шанду балгаснаа өглөөгүүр очиход нар сайхан гүлгэрч байв. “Тогоонтөмөр хааны гэмшил” шүлэгт гардаг нөгөө алдарт Шандуугийн уудам тал шар хадаг дэлгэсэн мэт намиатна. Энд агуу их өвөг дээдэс минь нутаглаж, гүрэн улсаа нийслэлж байсан гэхээр омогшихгүй байхын аргагүй. Омогшлоо гээд эдүгээ нэгэнт хилийн дээсээр тусгаарлагдсан “хүний нутаг”-т хөөрөлхөн цээжээ дэлдээд давхиад байлтай биш. Харин харах нүдэндээ гуниг хавчуулалгүйгээр түүхэн үнэнтэй эвлэрэх л үлджээ. Гэхдээ тэнд бидний элэг нэгт өмнөд монголчууд маань аж төрж байна. Тэгэхээр бас ч монгол нутгаа монгол хүн нь орхисонгүй ээ гэж бодож болох бүрэн үндэстэй. Хятадын Мин улсын хүчирхэгжилтийн үед Хубилай хааны дээд нийслэлийг ёстой нэг тариачны оромж, гахай нохойн хороо болгож орхижээ. Одоо харин туурийг сэргээн газрын гүнээс дэлхийн нэгэн цагийн гайхамшгийг гаргаж байна. Их Монгол улсын нийслэл Хархорин, Юань гүрний дээд нийслэл Шанду, сүүлд дэлхийг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор 1264 онд байгуулсан Их Юань улсын Төв нийслэл Бээжин гурав уртрагийн нэг шугамд дараалан байрласан байдаг гэж Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Шанду хотын туурийн хөтөч бүсгүй Ургамал ярьж байсан. Шандугаас Бээжин хүртэл 108 уулын оройд цэргийн харуул, галаар дохио өгөх цонжин байрлуулсан нь одоо ч ул мөр нь хэвээрээ. Дэлхийн жолоог атгаж байсан их хааны тухайн үеийн утаат гал, гэрлэн дохио Шандугаас дамжуулсан төрийн чухал “мэдээ”-г 26-хан минутын дотор Бээжинд уламжилдаг байсан гэхээр монголчууд зөвхөн морь болоод зэвсгийн хүчээр дэлхийг эзлээгүй, харин ухааны хурд, сэтгэл итгэлийн шидэт мэлмийгээр энэ их өргөн уудмыг халиадаг байжээ гэсэн бодол төрнө.

Юань гүрний дээд нийслэл Шандуг 1256 онд Шандын шар тал хэмээх алтан шар лянхуа дэлгэрдэг тэгш сайхан талд Хубилай хаан байгуулж, хожим нийслэлээ Бээжинд нүүлгэсний дараа өмнө газрын халуунаас дайжин, ноёд түшмэд, цэрэг цуух, агь хатдаа аван Шандын шар талын сэвэлзүүр салхитай сэрүүн дэнжид шилжин ирж, төрийн хэргээ явуулдаг байснаас Шандуг зарим түүхэн эх сурвалжид “Хубилай хааны зуны сэрүүн лаврин” хэмээн тэмдэглэсэн байдаг. Хотын туурь тэг дөрвөлжин, хааш хаашаа 2200 метр урт. Гадаад, дотоод хот болон цэцэрлэгт хотыг тусгаарласан гурван давхар хэрмэн хашаатай. Долоон зууны тэртээх тоосгон хана болоод туурийн хэрмийн хээ хуар одоо ч тодхон харагдана. Нэгэнтээ дэлхийн нийслэл байсан эл хотыг 1358 онд улаан арчууртны бослогын үеэр галдан шатаажээ. Анхны оролдлогоор бүтэн шатаагүй хотыг 1363, 1368 онд шатаан эвдэлжээ. Туурийн зүүхэн талд алтан шар сүрлэг орой нь наранд гялбасан асар том ордон хотыг байгуулж. Юун учиртай хот болохыг лавлатал 2019 онд дэлгэцнээ гарах “Хубилай хаан” тавин ангит киноны зураг авалтад зориулан дээд нийслэл Шандуг дуурайлган барьж буй аж. Туурийн олдворуудыг дэлгэсэн музейн загварыг алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн зураг дизайныг зохиосон Ли Шин Ган хийсэн гэнэ. Уулын аман дахь хуучин уурхайн хонгилыг түшиглэж босгосон Шанду музей нь газраас доош хоёр давхар, дээшээ мөн хоёр давхар аж.

Элэг нэгт өмнөд монголчууд маань засаг захиргааны хувьд БНХАУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч “Өөртөө засах орон” хэмээх тодотголтой байдаг нь үндэсний хэл, соёл, түүх, өв уламжлалаа хадгалан авч үлдэх талаар их зүйл хийж байна. БНМАУ-д уйгаржин монгол бичгээ халж, кирилл бичиг рүү шилжин орсны дараахан билгүүн номч Бямбын Ренчин Өмнөд Монголд ирж, тухайн үеийн удирдлагуудтай 1957 онд уулзах үеэрээ “Бид тэмцэж дийлэхгүй бичиг үсгээ алдчихлаа. Одоо та нарт л найдъя. Яаж ийж байгаад монгол бичгээ аваад үлддэг юм шүү” гэж захьсан гэдэг. Алдарт “Монгол хэл” шүлгээ 1957 онд Хөх хотод аялж явахдаа бичжээ. Монгол бичгийг шинэчлэн хөгжүүлэх ажлыг манлайлан удирдсан, тухайн үеийн ӨМӨЗО-ы Засгийн ордны дэд тэргүүлэгч байсан Хафүнгаатай Бямбын Ренчиний авахуулсан түүхэн гэрэл зураг архивт хадгалагдан үлджээ. Өмнөд монголчууд маань тэр үед зөрүүтэй олон аялгуунуудаа судлан нэгтгэж, нэгдсэн баримжаа аялгуу хэрэглэхээр тогтож, Их Монгол Улсын сүүлчийн хаан Лигдэн хааны Цахар овгийн аялганд суурилж уламжлалт монгол бичгийн хэлний авиагаар дүрэм зохиож, үүнийгээ бүх Өвөр Монгол даяар даган мөрдөхөөр зарлан түгээжээ. 1979 оны есдүгээр сард энэ шийдвэр гарахаас өмнө Өмнөд Монголын үндэстэн ястнууд цуглаад, хурал зөвлөгөөн найр хурим хийхэд нэг нэгнийхээ яриа, аялгыг огт ойлгохгүй байх явдал нийтлэг байж. Монгол хэлний баримжаа аялгууны стандарт хамгийн сүүлд 2001 онд ахин шинэчлэгдсэн. Ингэж өмнөд монголчууд цахар аялгыг баримжаа төв аялгаа болгон авсан түүхтэй аж.

Их Хянганы уулсын урд үзүүр ӨМӨЗО-ы Хишигтэн хошуунд хүрдэг. БНХАУ, Монгол Улсын сэтгүүлчдийн “Хөгжилд хөтөлсөн-70 жил” аяллын багийнхан маань Шулуун хөх хошуунаас Хишигтэн хошуунд хүрэлцэн очив. Их хаадын маань хишигтэн цэргүүдийн өлгий болсон эл хошуу битүү ногоон хөвч, өндөр сүрлэг уулстай манайхаар бол Хөвсгөл, Хэнтийн сайхан уулс мэт тогтоцтой. Байгалийн энэ үзэсгэлэнгээ ашиглаад Хишигтэн хошуу аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж байна. ЮНЕСКО-гоос Хишигтэн хошууг бүхэлд нь 2001 онд “Дэлхийн геопарк” хэмээн бүртгэж авчээ. Монголд маань ийм сайхан уул устай газар олон байгаа ч бид аянчин жуулчдын хөлд даруулаад байх сонирхолгүй нь нэг талдаа сайхан юм даа. Асгат хад гэдэг сөнөсөн галт уулын тогтоц бүхий газар гэхэд Хишигтэн хошууны нутагт битүү ногоон хөвчийн дунд тархан байрласан найман хэсэг сонин содон хадан тогтоцоос бүрддэг. Одоо энэ паркийг нийт Хятад улсын хэмжээний тавдугаар дэсийн (манайхаар 5 одтой болгох) аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, уулын бэлд дээд зэрэглэлийн зочид буудал, үзвэр үйлчилгээний газрууд, харин уулынхаа хадтай хэсэгт алхаж зугаалахад зориулсан өндөр зэрэглэлийн модон зам, шат, тавцангууд барих их бүтээн байгуулалт ид өрнөж байна. Хишигтэн хошууны бас нэг сайхан байгаль бол “Тал нутгийн гэрэлт сувд” гэгдсэн Далай нуур юм. Далай нуур БНХАУ-ын хувьд хун шувуутайгаараа алдаршсан гуравдахь том нуур гэнэ. Намар энд жаран мянга орчим хун чуулдаг болохоор тэгж нэрлэх нь аргагүй байх. Өмнөд Монголдоо хоёр дахь том нуур юм байх. Чингис хаан Дал нуур хэмээн нэрлэсэн гэх домогтой эл нуурт 297 төрлийн жигүүртэн шувууд байдаг нь загас жараахай элбэгтэйнх буюу. Шувуудын өлгий энэ нутагт 448 төрлийн ургамал ургаж, гучаад төрлийн загас байдгаас цагаалж болон гилтэй загасыг үржүүлдэг байна. Бээжингийн олимпийн үеэр энэ нуурын хоёр төрлийн загасаар тусгай зоог бэлдэж зочдоо дайлж. Учир нь ихэнх нуур цэнгэг байдаг бол энэ нуур хужиртай учир загас нь онцгой амттайн дээр органик гэдгээрээ онцлог учир тийнхүү сонгогджээ. Энэ нуураас жилдээ 30-40 тонн загас олборлодог. Илүү олныг олборлох нөөцтэй ч, энэ нуураас хооллодог 297 зүйлийн шувуудыг “хүнсний нөөцөд” үлдээдэг гэнэ.

Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоолтын гол балгасны малчин С.Баатарынд баахан торон хашаа сүлжиж явсаар очив. Тэдний гацаа нутаг бэлчээр багатай учраас орлого муу. “Уг нь малчин айл таван хошуу малаа маллаж байж л ашиг шимийг нь хүртэнэ, даанч малжлын талбай бага” гэж байна. Тиймээс өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн үхэр малладаг юм байна. Наяад онд монгол гэр байхгүй болсноор малчид үндсэндээ суурин болж отор нүүдэл хийхээ больжээ. Эднийх ӨМӨЗО-ы “Гоо сайханч гэр бүл”-ийн шагналыг хүртсэн мундаг айл юм. Нэг эр хонио дунджаар мянган юаниар худалдана. Хоёр зуу гаруй үхэртэй эднийх саалийн хорь гучин үнээтэй, зуун кг татсан эр тугалаа намар долоон мянган юаниар борлуулдаг гэнэ. Бүдүүн шар үхэр бол 13-14 мянган юанийн ханштай байдаг гэнэ. Жилийнх нь нийт орлого 400 мянган юань болно. С.Баатарынх ачааны болон хадлангийн машин, суудлын гурван машинтай юм билээ. Бид Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур балгасны Хараат гацааны нутагт бэсрэг наадмын зочид болов. Нийт 25 морь уралдсаны магнайд нэгэн эгдүүтэй бяцхан унаач хүү давхиж явсан ч, дөхөөд ирсэн чинь мориныхоо амыг дийлэлгүй, айргийн гурваар орж ирсэн. Уралдсан морьдыг харахад араб зэрэг эрлийз морьд нэлээд байна. Харин алдарт үзэмчин цагаан адуу бол эл нутгийнхаа байгаль, цаг уурт зохицсон шилмэл үүлдэр гэх малчид олон байсан. 64 бөхийн барилдаанд тэнд Өмнөд Монголын аварга Баярбаатар нарын мундаг бөхчүүл ч барилдсан. Эл Баярбаатар аварга манай Санжаадамба аваргыг давж байсан хүчтэн гэнэ.

Шилийн хотын мах боловсруулах “Гранд фарм” компанитай танилцах үед “Мал аж ахуйн орон мөртлөө бид өрсөлдөөнд ялагдах нь уу” гэсэн бодол төрснийг нуух юун. Эднийх 1982 оноос хойш 35 жил xөдөө аж аxуйн чиглэлээр судалгаа, туршилт, үйлдвэрлэл эрxэлсэн xувийн компани бөгөөд байнга шинэ теxнологи эрж xайн, амьдралд нэвтрүүлж явдгаараа алдартай гэнэ. Үйлдвэрийн барилгын эргэн тойронд битүү хайрга дэвссэнээр ялаа шумуул шаваx аюулаас сэргийлдэг аж. Энэ үйлдвэр маx боловсруулаx чиглэлээр Ази тивдээ хамгийн том үйлдвэр болох гэнэ. Одоогоор барилга байгууламжийн тал xэсэг нь л баригдсан ч, баригдаж эxлэxдээ л үйлдвэрийн шугамаа суурилуулаад эxэлсэн болоxоор xонины маx боловсруулаx эxний xэсэг нь өнгөрөгч оны есдүгээр сараас бүрэн xүчин чадлаараа ажиллаж эxэлжээ. Гадаад дотоодын хэрэглэгчид манайxан шиг малчны xотонд юмуу, малын заxад өөрсдөө очоод, идэx махаа сонгож аваад явна гэж байxгүй болоxоор эндxийн малчид малаа xэрэглэгчдэд шууд зараx боломж хомстож, тэр чинээгээр заx зээл нь xумигдсaнaac болоод, xэдийгээр xэрэгцээ нь байгаа ч, xонь малын үнэ байнга буурч, энэ нь малчдын амьжиргаанд муугаар нөлөөлөx болжээ. Харин энэ үйлдвэр ашиглалтад орсноор тэд малаа тушааx шинэ заx зээлтэй болсон байна. Yйлдвэрийн xонины маxны шугам л гэxэд өдөрт 10 мянган xонь оруулах xүчин чадалтай aж. Дэд заxирал Ю Зон Зэний xэлж байгаагаар энэ үйлдвэр малын амьсгалаас бусдыг ашигладаг, бүрэн автомат, орчин үеийн үйлдвэр гэдгээрээ онцлогтой гэнэ. Үйлдвэрийг барьсан энэ газар нь Шилийн гол аймагтаа нэлээд дээгүүрт тооцогдоx нүүрсний том уурxай байгаад, xэдэн жилийн өмнө нөөц нь дуусч, xөрс нь эргэсэн асар том xаягдал талбай байсан юм байна. Малын ялгадастай үйлдвэрийн боxир усыг даxин цэвэрлэж, талхалсан xөрсийг нь тэжээснээр, үйлдвэрийн эргэн тойронд таримал ногоон ой цоо шинээр урган төлжиж байгаа нь нүднээ илхэн. Мал угаасан боxир ус xүртэл ингэж даxин ашиглагдах юм байна.

Шилийн хотод бид Өмнөд Монгол төдийгүй Хятад даяар алдартай олон хүнтэй уулзсан. Олон улсын болон Хятад улсын xэмжээний шог зураачдын хэдэн арван уралдаан тэмцээний хамаг шагналыг хамсан Ба.Билэг xэмээx нэгэн шог зураачийн үзэсгэлэнгээр зочилсон. Алдар нэрд xэдийнэ xүрсэн тэрээр түм түжигнэсэн нийслэл xотод суурин сууж, бүтээлээ борлуулан цааш улам дээшлэx бүрэн боломжтой ч, өсөж төрсөн Шилийнгол аймгаасаа салаx дургүй, төрөлx нутагтаа ерөнхий боловсролын сургуульд багшлангаа бүтээлээ туурвин дарууxнаар амьдардаг нэгэн аж. Оюутан байxаасаа л улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, түрүү байруудыг авч эxэлсэн түүний бүтээлүүд Иран, Швейцари, Америк, Сири, Кени, Польш, Болгар, Украйн, Азербайжан, Иx Британи, Герман, Чеx, Франц, Энэтxэг, Орос, Португал, Мексик, Монгол зэрэг дэлxийн 35 оронд дэлгэгдэн, олон улсын уралдаануудын тэргүүн, дэд болон шагналт байруудыг эзэлж байжээ. Ба.Билэгийн шог зургуудыг “Хятадын мэдээ”, “Өдрийн мэдээ”, “Бээжингийн мэдээ”, “Шилийнголын мэдээ”, “Шинжааны мэдээ”, “Хошигнол ба ёжлол”, “Бээжингийн өдрийн мэдээ”, “Өвөр Монголын мэдээ”, “Шилийн xотын мэдээ”, “Хятадын шог зураг”, “Хятадын залуучууд” зэрэг бүx Xятадын төвийн болон орон нутгийн том xэвлэлүүд тогтмол нийтэлдэг гэсэн.

Бид бас нэг алдарт зураачтай уулзсан. Орон нутгийн засаг заxиргаанаас өгсөн аxмадын соёлын төв дэx урландаа бүтээлээ туурвин сууx Өмнөд Монголын тэргүүн дэсийн зураач Санаабаатар гуай зээр зурдгаараа хятад даяар алдартай нэгэн гэж “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан ах хэлж байсан. Өнө эртнээс нааш Цагаан xэрмээс xойш нутаглаx монголчуудын дунд xилийн дээс гэж байсангүй. Харин дэлxийн хоёрдугаар дайны дараа Ар болоод Өмнөд Монголын xооронд албан ёсны xилийн зааг тогтоогдож, орж болоxгүй xилийн зурвас гээч юм хоёр талд бий болоод удаагүй байсан үед залуу Санаабаатар сүргээсээ тасарсан xэсэг зээрийг xөөн, тэнгэрийн xаяатай залгасан xязгааргүй уудам талаар xуй салxи мэт исгэрэн давxиж явтал өнөөx xэсэг зээр орж болдоггүй xилийн зурвасыг xэнэг ч үгүй туулаад, “очиж үзэxсэн” гэж дандаа боддог байсан тэр орон руу нь xил даван давxин оджээ. Агнаxаар xөөж явсан “агуу xүмүүн” xарин xилийн цаана xашигдан үлджээ. “Тал нутгийн xил xязгааргүй дураараа давxиx жинxэнэ эрx чөлөө бол зэрлэг энэ амьтдад л жинхэнээсээ заяагдсан байдаг юм байна” гэсэн бодол толгойд нь зурсxийн орж ирэхэд яагаад ч юм зээрэнд атаарxаx сэтгэл төржээ. “Тэдэнд xил гараx зөвшөөрөл шаардлагагүй. Тэд ар ч бай, өмнөд ч бай, аль ч Монгол руу өөрийн дураар орж гардаг жинxэнэ эрx чөлөөний эзэд юм байна. Харин xүмүүн бид xил xэмээx дээсээр өөрсдийгөө xашсан торон доторx эрx чөлөө нь хязгаарлагдсан “амьтад” юм байна” гэж тэрээр өөрийн эрxгүй бодсон гэнэ. Тэгж тал нутгийн эрx чөлөөний бэлгэдлийг зээрээр илэрxийлэx гайxалтай санаагаа олж авснаас хойш тэр бурхнаас заяасан авьяасаа улам баяжуулж зээр зурдаг мастер болжээ. 75 насныxаа гуравны xоёрыг зөвxөн зээр болон тал нутгийн малчин түмний амар амгалан боловч амаргүй амьдралын салxи шуурга шиг xэмнэлийг зургаар өгүүлэxэд зориулсан зураач Санаабаатарын бүтээл БНXАУ даяар жил бүр улсын сан xөмрөгт шалгаруулан авдаг уран зургийн цуглуулгад байнга шалгаран ордог гэсэн.

Зураачдыг таван дэсд xуваадгийн тэргүүн дэсд нь багтдаг тэрээр “Талын дуу xоолой” радиогийн заxирал Баясгаланд 20 минутын дотор “Ижил гурван зээр” xэмээx калиграф таталбар зурж бэлэглэв. Түүний туурвисан “Онгон Саарал” xэмээx бүтээлийг нь үзэж биширсэн нэгэн эрхэм “10 сая юаниар зарчих” гэж шалаxад нь Санаабаатар гуай зөвшөөрөөгүй юм билээ. Шилийн хотын ажил мэргэжлийн дээд сургууль, Зүүн үзэмчин хошууны хүүхдийн цэцэрлэг гээд үзсэн харсан маань өчнөөн боловч цаг болоод цаас хэмнэх үүднээс тэмдэглэлээ өндөрлөе дөө.

Categories
мэдээ цаг-үе

Хөх ногооны орон буюу дэлхийн хурдан морины нийслэлээр

Бид Апачийн нуруу давж явна. Яг үнэндээ бол Апачийн өргөн их нурууг туулж явна. Атлантын далайн эргээс өгсөн өгссөөр, Америк тивийн уугуул иргэд буюу индианчуудын унаган нутаг, хөвч ногоон ойгоор битүү хучаастай энэ их уулсын чуулганыг хөндлөн гэтлэж явна. Хад асга, ой хөвч, цавчим өндөр хавцал байцыг сүлжилдүүлэн тавьсан хэд хэдэн урсгалт, олон эгнээт засмал замаар хурд нэмэн давхих жолооч өөрөө тун ч итгэлтэй. АНУ-д ирээд төрсөн хамгийн хүчтэй сэтгэгдэл бол эндэхийн зам, гүүрийн сүлжээний талаарх бодол минь юмуу даа.

Дэлхийн II дайнд АНУ-ын Европ дахь цэргийг командлаж явсан генерал Эйзенхауэр Европын тэр дундаа Герман орны замын сүлжээний давуу талыг тэр цагт өөрийн нүдээр харж мэдээд хожим Ерөнхийлөгч болсон хойноо эх орондоо ийм бүтээн байгуулалт өрнүүлж, аугаа өргөн нутагтай АНУ-ыг автозам, гүүрэн замын аварга сүлжээтэй болгосон гэнэм.

Америкийн автозамын сүлжээ бол хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшгуудын нэг гэж залуу цагтаа хаа нэгтээ уншсан санагдана. Тэр яриангүй үнэн бололтой. Апачийн нурууг 4-5 цаг давхин туулаад Охайо мужийн захаар шүргэн, Кентаки мужийн хил рүү орж ирлээ. Өндөр уулсын дундуур гүн хавцал үүсгэн тавьсан замын хоёр хажуугаар тэв тэгшхэн цэнхэр хадан хананууд олон давхар барилга мэт үргэлжилнэ. Цэнхэрдүү өнгөтэй ханан хад хаа сайгүй л үргэлжилнэ.

1920-иад оны эхээр Монголын говьд судалгааны ажил хийсэн эрдэмтэн Р.Ч.Эндрюсийн “Эртний хүний мөрөөр” номонд “Говь цөлийн дерби” гэсэн бүлэг байдаг. Тэнд хулан тахийг машинаар хөөж зугаацсан тухайгаа бичсэн юм билээ. Тэгвэл жинхэнэ дерби буюу хурдан морины уралдаан болдог газар нь Кентаки муж ажээ. Энд болдог уралдааныг үзсэн тэр эрдэмтэн Монголын говьд хулан тахь хөөснийгөө уралдаантай зүйрлэн бичиж л дээ. Кентакид энэ жил 143 дахь удаагийн дэлхийн нэр хүндтэй уралдааны нэг Кентаки Дерби болох гэж байгаа юм. Кентаки мужийн Лексингтон хотод том уралдаанууд болохоос гадна энд цэвэр цусны англи адууны хамгийн олон фермүүд үйл ажиллагаа явуулж, дэлхийн хамгийн том адууны дуудлага худалдаанууд зохион байгуулагддаг. Энэ үеэр даян дэлхийн өнцөг бүрээс зузаан түрийвчээ өвөртөлсөн морины хорхойтнууд,арабын баян шейхуудын агентуудаар дүүрдэг учраас Кентакийн Лексингтон “Дэлхийн хурдан морины нийслэл” гэдэг алдар хүндийг хүртжээ. Бараг л бүтэн хагас зууны турш энд адууны аж ахуй эрчимтэй хөгжиж, тэр дундаа хурдан адуу үржүүлгийн ажил дэлхийд өөр хаа ч байхгүйгээр давамгай. Энэ газар орныг тэр цагийн ухаалаг эрчүүд их л оновчтой сонгосон бололтой. Энд төрсөн унага өсөлт сайтай, хөл чангатай байдаг гэнэ. Тийм ч учраас олон зуун фермерийн аж ахуй энд төвлөрч үржүүлгийн ажил эрхэлж, чөлөөт зах зээлийн дүрмээр өрсөлдөж эхэлжээ. Үүнд чухам юу нөлөөлөв гэхээр, эндэхийн ургамал гэж тэд нэгэн дуугаар хариулах аж. Эндхийн хөрс шороо, ус ургамал, хад чулуу нь кальци зэрэг эрдэс бодис ихтэй, тэр нь адуу малын ясны бэхжилт, өсөлт суналтад их нөлөөлдөг гэж тэд үздэг ажээ. Ирэх замдаа бидний өөрийн эрхгүй ажигласан цэнхэр туяатай ханан хаднуудад их учир бий. Хад чулуу тийм өнгөтэй байдаг нь кальци голлосон эрдэс бодис их, тэр нь хөрс ургамалд их нөлөөтэй гэнэ. Ийм ч учраас энэ орчмын газар нутаг “Хөх ногооны орон” гэдэг нэртэй болжээ.

Лексингтон, Парис, Версел, Жоржтаун зэрэг жижиг хотуудыг багтаасан “Блюграсс” буюу “Хөх ногооны оронд” л дээрх өдий төдий олон хурдан адуу үржүүлгийн фермерүүд багтаж байрлаж байна. Байгалийн ийм таатай нөхцөл дээр хүний оюун ухааны хүчин зүйлийг нэмээд буюу шинжлэх ухааны арга зүйгээр л хурдан хурц адуу гарган авч, өсгөн үржүүлж байна даа гэж тэд ярих юм. 140 гаруй жилд хурдан морины уралдааныг тасралтгүй хийгээд ирсэн болохоор эндхийн ажил амьдрал бүх зүйл түүнд зохицож, тогтмолжиж, цэгцэрчээ. Энд “Кентаки дерби”, “Брийдерс кап”, “Блюграсс” зэрэг дэлхийд нэрд гарсан уралдаанууд тогтмол зохиогддог, дэлхийн цуут хурдан азарганууд үржилд ордог. Жишээ дурдахад ”Тапит(Tapit)” гэдэг азарга 300 мянган доллараар гүү гишгэж байна. Хавар болгон 150 гүү гишгэдэг гэж бодоход энэ азарга эзэндээ жилдээ 30 орчим сая доллар олж өгч байна. Эндхийн бүхий л ажил, амьдралын хэмнэл, мөн чанар нь хурдан адуу үржүүлэг, хурдан морины уралдаанд зохицсон, зохицуулсан байх юм. Тиймдээ ч “Дэлхийн хурдан морины нийслэл” гэх эрхэм нэрийг хүлээжээ.

* * *

Энэхүү дэлхийн хурдан морины нийслэлд монголчууд аль хэдийн нэвтэрч, энд ажиллаж амьдарч, адуу үржүүлж өсгөж, уралдуулж бас түрүүлж байгааг та бүхэнд дуулгахад нэн таатай. 90-ээд оны сүүлээр олон арван залуус Монголын хурдан морины ертөнцөд орж ирсний нэг нь Дагвадоржийн Ганбаатар, Цэрэнжигмид гэдэг ах, дүү хоёр бизнесмен залуу билээ. Тэд нэг удаа:

-Магнай ахаа! Монгол уяачийн эрдмийг дэлхийд таниулах хэрэгтэй байна. Үүний тулд юу юу, ямар алхам хийх хэрэгтэй вэ? гэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр тэд анхны алхамаа хийчихсэн, дэлхийн хурдан морины уралдааны нийслэлд өөрийн фермтэй, адуутай, хурдан морьтой, “Mоngolian Saturday” гэдэг морь нь дэлхийд түрүүлчихсэн, бас хэд хэдэн морь нь том бага уралдаанд түрүүлчихсэн байна

Энэ бол хэн дуртай бүхний хийчихдэг ажил, хүрчихдэг амжилт биш юмаа. Гадаадын өндөр хөгжилтэй, эдийн засгаар дэлхийд тэргүүлэх хэмжээний орнуудаас, бизнесийн нэртэй том корпорац, группүүдээс дэлхийн хурдан морины ертөнцөд хүч үзэхээр орж ирээд тэр бүр амжилт олж чаддаггүй юм байна. Нэлээд хэдэн жилийн өмнө бразилчууд олон сая доллартай бөөнөөрөө ирж, ферм, тойруулга түрээслээд их л хөлтэй хөдөлж “үзүүлээд өгье” гэж ирсэн бол хэсэг хугацааны дараа зорьсондоо хүрч чадалгүй сэтгэл гонсойн буцаж байжээ. Ийм жишээ нэг бус гэнэ. Монголчууд ч бас 1990-ээд оны эхээр Японд “том ярьж” очоод тэгсгээд замхарч байсныг бид мэднэ. Тэгвэл Монголын “Макс” группийн баг энэ талаар амжилттай ажиллаж байна. “Locust Grove” фермд тогтмол үйл ажиллагаа явуулдаг, тэндээ тодорхой тооны үржлийн адуутай, түүндээ тулгуурлан үржил зохион байгуулж, өсвөр насны адуунаасаа шилэн сонгож том бага уралдаанд амжилттай уралдаж, дуудлага худалдаанд оролцож байна.

Өөрөөр хэлбэл монголчуудын энэ баг орчин цагийн дэлхийн хурдан морины уралдааны соёлд идэвхийлэн суралцаж, нэгэнт өөрийн байр суурийг олж авчээ.

Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат морио уяж, адуучин залуу П.Даваадорж үржлийн ажлыг хариуцаж, нарийн дэг журамтай буюу өнөөгийн дэлхийн хурдан морины соёлын түвшинд ажиллаж байна. П.Даваадорж нь үржлийн ажилаа хариуцахаас гадна бага насны адуунуудаа дааганаас нь эхлэн сургаж шүдлэн насанд нь унаж эдлэн номхроогоод уяхад бэлэн болгоод уяачдаа хүлээлгэн өгдөг юм байна. Уяач Э.Ганбат морьдоо уяхаас гадна үржлийн ажилдаа анхаарч өөрсдийн гүүнүүдийнхээ 5 үеийн удмын бичгийг сайн азаргануудын удмын бичигтэй тулган 4-5 дугаар үе дээр нь цусыг нь эргэн татаж хурдан сайн адуу гаргаж авах генетикийн тохиргоо хийж суугаа нь нэн сонирхолтой. Энд бүх ажлыг шинжлэх ухааны түвшинд хийж байна гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөв.

Унага эхийн гэдсэнд бүрэлдэхээсээ эхлээд л эмнэлгийн хяналтанд байдаг юм байна. Бидний очсон шөнө нэг гүү унагалав. Унагыг яг төрөх хугацаандаа төрлөө гэлцэж байна. Бид түүнд “Монголын салхи” гэдэг нэр өгөв. Энэ үеэр малын эмч ойр ойрхон ирж, эх, унага хоёрын эрүүл мэндийг хянаж байх юм. Энд малын эмч чухал хэрэгцээтэй, хариуцлагатай, бас нэр хүндтэй нь илт мэдэгдэх юм. Ер нь уралдааны морины арчилгаа, эмчилгээ гэж маш чухал ухагдахуун байнаа. Манайд бол арчилгааг нь л анхаардагаас биш, эмчилгээг бараг мэддэггүй шүү дээ! Бид хамтдаа хэд хэдэн фермээр орлоо. Шилдэг азаргануудтай “Adena springs”, “Spendtrift, Орос уяач Геннадий Дорошенкогийн “Raut”, Америк уяач Маrk Ricer-ийн “Ashwood trinity” түүний ээжийн “San Oak” болон мал эмнэлгийн “Roo­dridge” зэрэг газраар орлоо.

Азарга, гүүнүүдээ арчлах бага адууг сургах, эмнэлгийн хяналтанд хэрхэн хамруулах, үржил хээлтүүлгийн ажлыг хэрхэн хийх, уяа морьдоо эмчид тогтмол үзүүлэх, нарийн шинжилгээ хийлгэх, тэр ч байтугай моринд мэс засал хийж байгааг бидэнд найр тавин үзүүлж байнаа.

Манайд адууг нэгбүрчлэн нарийн эмнэдэггүй, уясан морио эмчилж байгаа уяачийг “морио тарилаа” гэж буруушаан харилцдаг нь хоцрогдол байна даа. Уяачид морио эмчлэх нь манайд дөнгөж эхэлж байна. Тэд морьдоо наад захын тосон түрхлэг, төрөл бүрийн витамин хэрэглэх, шингэн тарихаас цааш хэтрээгүй байна. Энд бол морьдынхоо цусыг нарийн шинжилгээнд өгөөд, гарсан хариуных нь дагуу эмчээр эм бичүүлээд, эмийн санд очиж жороор эм аваад мориндоо өгдөг юм байна. Ингэж байж л морио эв эрүүл байлгадаг, эрүүл морьд сайн хурдлах нь мэдээж юм байна. Манайх хөгжлийн ийм шатанд хүрэх цаг холгүй дээ!

Малын эмч Батболд, Наранбаатар, М.Адилбиш, Ө.Нурбол зэрэг залуучууд өөрсдийн санаачилгаар энэ ажлыг эхлүүлээд байгаа нь сайшаалтай.

* * *

“Дэлхийн хурдан морины уралдааны уудам орон зай монголчууд биднийг хүлээж байна” гэж би хэлэх дуртай. Миний үеийнхэн болохоор “тэр болтол ч өдийдөө” гэцгээж үл тоох байртай. Харин манай залуучууд үүнийг нэлээн дэмждэг. Өнөөдөр дэлхийн хурдан морины уралдааны уудам орон зайд манай залуучууд анхны алхмаа нэгэнт хийсэн байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 8. АНУ, Кентаки муж улсын Лексингтоны Кеениланд морин тойруулгад хурдан морины уралдаан болж байна. Энэ мужид 3 морин тойруулга байдаг юм байна. Өнөөдөр хаврын уралдааны нээлт болж байна. Үүнд”Макс” Д.Ганбаатарын “Моngolian Sat­urday” гэдэг нэртэй хурдан морь уралдах юм. Яг энэ нутгийн унаган энэ хурдан хүлэг 2015 оны намар энд болсон “Breed­ers Cup” уралдаанд түрүүлэн “Дэлхийн аварга” цолыг хүртсэн. Түүнээс хойш олон улсад ихээхэн нэрд гарч Хонконгийн уралдаан, Арабын Дубайн цом мөн Английн хатан хааны нэрэмжит уралдаанд уригдан уралджээ. Ингэж уригдан оролцоход урьж байгаа тал бүх зардлыг даадаг юм байна. Английн хатан хаан II Элизабет морины эзэн Д.Ганбаатар, уяач Э.Ганбат нарыг хүлээн авч уулзан баяр хүргэж, эелдэгээр ярилцсан байна. Моринд дуртай өөрөө олон хурдан морьдтой эрхэмсэг Хатан хаан дэлхийн хурдан морины уралдаанд эртний түүхт морьтон монголчууд оролцож эхэлсэнд маш баяртай байгаагаа илэрхийлжээ. Хээр морь энэ удаа төрсөн нутагтаа уригдан иржээ. Кентаки, Лексингтон нь дэлхийн хурдан морь уяачдын их хөлийн газар гэдэг нь мэдэгдэж байна. Жишээ нь Оросын тэрбумтан Владимир Казаков энд явж байх юм. Тэр хүн АНУ-д хурдан үүлдрийн 200 гаруй адуутай, тэдний 27 нь энд тогтмол байдаг гэнэ. Энд цугларсан уяачид, үзэгчдээс “Mongolian Saturday”-г үзэх харах гэсэн хүн нэн олон. Мөн эх орондоо болон АНУ-д байгаа монголчууд утсаар, интернетээр их сураглах юм. “Mongolian Saturday” Флорида мужаас Кентакид онгоц хөлөглөн ирээд маргааш өглөө нь эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгэхэд цусны улаан бөөм өөрчлөлттэй гарсан байлаа. Уяач нь манай хээр морь хавар цагт бие махбодийн өөрчлөлт ихтэй эмзэг болдог гэж ярьж байна. Шинжилгээний хариуг Чикаго, Флоридад байдаг эмч нарлуугаа илгээж, тэдний саналын талаар энд үзсэн эмчтэйгээ зөвлөлдөөд, их л чухал яриа өрнүүлж байх юм. Тэд зөвлөлдөөд “Mongo­lian Saturday-г” мордуулахаар шийдлээ. Ажиглахад хээр морь сайхан л байлаа. Мордлоо, уралдлаа. Хээр морь эхний хоёр морьтой зуузай холбон гарлаа. Газрын дунд өнгөртөл өнгөнд явав. Гэвч тойрог зам дуусаад шулуун замд ормогцоо хөл нь жаахан суларч, зэрэгцэж явсан морьдоосоо ялимгүй хоцормоор болж ирлээ. Араас нь хоёр ч морь нэхэж ирэв. Барианд орохын өмнө хээр морь ялимгүй ахиж байна. Гэтэл барианы цагаан зурхайд тулаад ирлээ. Ингээд хээр морь гурав, дөрвөөр орчихлоо. Ирсэн хойноо цовоо сэргэлэн, амьсгаа ч багатай сайхан л байна. Бид ч тэгсгээд дараагийн уралдааныг сонирхлоо. “Блю грасс” уралдаанд “Mongolian Saturday”-гийн дүү нь аман хүзүүлж байна. Ер нь аргагүй л сайн угшилтай морьд юм гэж Э.Ганбат уяач ярьж байна. “Манай хээр морины өндөр амжилт үзүүлсэн нь дандаа намар цагт юм. Брийдерс кап чинь намар буюу арваннэгдүгээр сард болдог уралдаан юм шүү дээ!” гэнэ. Тэгтэл Флоридад болсон уралдаанд “Mongol G” гэдэг зээрд халзан үрээ түрүүлсэн мэдээ ирж биднийг баярлуулав. Мөн хэд хоногийн дараа тэнд “Gulfstream” морин тойруулгад болсон уралдаанд зээрд халзан бас дахин түрүүлсэн. Энэ мэтээр монголчууд сонгомол морин уралдаанд оролцож, чамгүй амжилт олж, дэлхийн хурдан морины соёлыг танин мэдэж, хичээнгүйлэн суралцаж байна.

Монголын бизнесмен уяачдын морьд өөр газар ч сайн давхиж байна. Тухайлбал, сүүлийн үед Чарльстаун хотын морин тойруулгад У.Буяндэлгэр, Ц.Цэнгэл, Х.Бат-Эрдэнэ, мөн Баатар нарын морьд бас түрүүлсэн байна. Тэдгээрийг монгол залуу Г.Баттулга уяжээ. Бас Улаанбаатар хотын МСУХолбооны залуучууд хоёр ч удаа АНУ-ын баруун эрэгт ирж уралдаан үзэж орчин үеийн хурдан морины соёлтой танилцсан байна. Биднээс хэдхэн хоногийн дараа уяач Ц.Мөнхбат, Эрболд, малын эмч Наранбаатар нар мөн энд ирж танилцаж туршлага судлаад явсан. Мөн Ирланд, ХБНГУ зэрэг газарт монгол залуучууд хурдан морины уралдаанаар дагнан ажиллаж байна.

Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат маань “Морь уях, уралдуулахын зэрэгцээ, цаашид үржлийн ажилд сайн анхаарах хэрэгтэй юм байна. “Mongo­lian Saturday”-г 2011 онд 4000 дааганы дуудлага худалдаанаас Д.Онон гавьяат бид шинжиж авсан, дараа жил нь С.Ганхуяг тод манлай бид бас нэг даага шинжээд авах гэсэн чинь үнэ нь өсөөд 2,5 сая ам.доллар хүрээд авч чадаагүй. Тэгэхээр ер нь өөрсдөө л үржилдээ анхаарах хэрэгтэй болж байна” хэмээн ярив. Тэгээд ч “Кентаки дерби”-д түрүүлж, Дубайн цомд түрүүлсэн “Animal Kingdом” гэдэг нэрд гарсан хурдан азарганд өөрийн “Есения” гэдэг гүүг хураалгажээ.

Мөн маргааш өглөө нь мөнөөх “Есения” гүү унагалж, томоо сайхан эр хээр унага гаргасан байв. Хайрлахгүй байхын аргагүй энэ бяцхан амьтныг өхөөрдөн Вашингтон руу мордоход Лексингтон орчны нутагт хөх ногооны униар цэнхэртэн байлаа.

А.БАЯРМАГНАЙ

(Хурдан морь судлаач, Доктор Ph)