Categories
мэдээ нийгэм

Соёолон уралдах үеэр наадамчид хөл ихтэй байв

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүй долоон худагт цаг агаарын байдлыг тодруулахад тэнгэр бүрхсэн, салхитай байгаа гэж байв. Соёолон морины уралдааны үеэр хүн хөдөлгөөн ихтэй, түгжрэл ихтэй байсан аж. Харин одоо замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэв. Хүй долоон худагт хүүхдийн тоглоомын худалдаа, хуушуур, айраг зэрэг наадамчин олонд үзэж сонирхох зүйл их байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Хуушуур 1000-1200, айраг 4000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Иргэн Б.Гэрэлт ярихдаа “Өчигдөр соёолон насны морины уралдаан үзэх гэж гэр бүлээрээ ирсэн. Энэ жилийн наадам их сайхан болж байна. Морины уралдаан үзэхэд цагдаа нар зохицуулж, зохион байгуулалттай байсан. Автобус үйлчилж байна. Хүүхдүүддээ тоглоомын талбай дээр аваачиж тоглууллаа байгаа. Одоо бөхийн барилдаан үзнэ дээ” гэв.

Б.УРАН

Categories
мэдээ үндэсний-бөx

Б.Гончигдамба гарьд өвдөг шороодлоо

Сүүлийн зургаан жил төрийн наадамд завсаргүй шөвгөрсөн ганц бөх гэгддэг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба тавын даваанд өвдөг шороодлоо. Тэрээр Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын хүчит начин Ч.Батчулуунд уналаа.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын манлай уяач Т.Болдбаатарын галд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, улсын манлай уяач Т.Болдбаатарын галд зочиллоо. Манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манлай уяачид болон тэнд цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Манлай уяач Т.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэрт нь зочилж ирсэнд ихэд бэлгэшээж буйгаа хэлж, Ерөнхийлөгчид баяр хүргэн морьдын хурд, наадмын сонин сайхныг ярилцлаа.

Энэ үеэр Хөвсгөл амйгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Т.Болдбаатартай товч ярилцсан юм.

-Сайхан наадаж байна уу?

-Энэ жилийн наадам их өргөн дэлгэр, сайхан болж байна. Зон олон маань дэнж хотойтол сайхан наадаж байна даа.

-Хэдэн жил морь уяж байна. Хэчнээн удаа айраг, түрүү хүртсэн бэ?

-Нийт 20 гаруй жил морины дэл, сүүл боож байна. Сүүлийн хоёр жил дараалан төрийнхөө их баяр наадмын азарганы түрүүг авсандаа туйлын их баяртай байна. Хоймор нутгийн хийморьлиг түмэн маань сайхан наадаж байгаа. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр төрийн наадамд халиун азарга маань урамтай сайхан уралдаж түрүү магнай боллоо. Наадамчин олноо, хөвсгөлчүүдээ, унаач хүүхдээ, уяач эзнээ сайхан баярлууллаа.

Миний хувьд аймаг, орон нутагтаа морь түрүүлгэж байсан. Төрийн наадамдаа халиун азарга маань хоёр жил дараалан сайхан түрүүллээ.

Нийтдээ улс, бүсийн наадмаас 6 түрүү, 8 айраг авсан амжилтаар морьд маань эзэн хүнээ баярлуулж оны өмнө, шинэ жилийн босгон дээр би Монгол Улсын манлай уяач гэсэн эрхэм хүндтэй цол чимгийг гардаж байсан. Энэ удаа төрийн наадмын түрүүгээр манлай уяач цолыг маань мялаалаа.

-Энэ удаагийн наадамд дан монгол морьд уралдуулж байгаа. Түүний ач холбогдол юу байна вэ?

-Сүүлийн хэдэн жилд төрийн наадамд хөдөөгийн эгэл бор уяачид маань хурдан хурц хүлгүүдээ уяж сойж уралдуулах боломж хязгаарлагдмал, цөөхөн хэдхэн хүн төрийн наадмын түрүү авдаг болоод байсан. Энэ жил Монгол Улсын Шадар сайд ийм шийдвэр гаргаснаар төрийн наадамд зөвхөн монгол морьд уралдана гэсэн шийдвэр хэрэгжиж уяачид их сайхан байна. Шүдлэн, хязаалан насанд гэхэд дандаа хөдөөгийн хөрслөг бор уяачид маань морьдоо айрагдуулж, түрүүлгэж сэтгэл тэнэгэр байгаа. Цөөхөн хэдхэн хүний сэтгэл гонсгор байгаа ч дийлэнх уяачид маань баяртай байна. Төрийн наадам цаашдаа ийм байх юм бол хөдөөгийн уяачид ирж уралдаж, нийт ард түмний наадам болно. Сайхан байна.

-Та бүхнийг гэрээ барьж амжаагүй байж байгаад сая барьсан гэж сонссон?

-Тэгсэн. Хол газраас ирсэн бид хотод байгаа хүмүүс шиг бүх зүйлээ бэлэн болгож амждаггүй. Наадмын урьд шөнө гэрээ ачиж ирээд азарга ирсний дараа л гэрээ барих гэж бужигналаа. Шинэ Ерөнхийлөгч морилон ирлээ. Гэрээ дөнгөж амжиж бариад л шинэ Ерөнхийлөгчөө хүлээж авсан нь маш их бэлгэ дэмбэрэлтэй зүйл болж байна.

-Танд улам их амжилт хүсье.

-Баярлалаа





Categories
мэдээ үндэсний-бөx

Аймгийн арслан Д.Тамир улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давлаа

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Дармаагийн Тамир улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсөөр тав давж улсын начин цол хүртлээ. Тэрээр дөрвийн даваанд улсын арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм. Ийнхүү Дармаагийн Тамир өнөө жилийн наадмын түрүү үзүүрт яригдаж байсан улсын хүчит арслангуудыг дараалуулан орхиж улсын цолны босго алхлаа. Мөн Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн арслан Б.Серик уран барилдаант харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртлээ.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ спорт

Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо. Шилдэгт 16 харваач шалгарсан байна. Эдгээрээс энэ жилийн наадмын сурын харвааны түрүү тодрох аж.

Эрэгтэй: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул “Бурхан халдун” группийн харваач Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун /33 оноогоор/

Ховд аймгийн Булган сумын уугуул “Эрдэнэт үйлдвэр”, Хангарьд спорт клубийн харваач Сонгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр /31оноогоор/

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ-ын 208-р анги Хилчин спорт хороо, Есүнхэй мэргэн клубийн харваач Монгол Улсын мэргэн Б.Ёндон /33 оноогоор/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубийн харваач Монгол Улсын спортын мастер, амйгийн мэргэн А.Энхтөр /33 оноогоор/

Баян-Өлгий аймаг Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач Монгол Улсын спортын мастер Б.Бумцэнд /34 оноогоор/

Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Төв аймаг Зуун мэргэн холбоо, Макс-Эксим компанийн харваач Монгол Улсын спортын мастер Ж.Насанбат /32 оноогоор/

Завхан аймгийн Тэс сумын уугуул ХХБ-ны ажилтан, Налайх дүүрэг Мондэ компанийн харваач Монгол Улсын спортын мастер Б.Хатансайхан /32 оноогоор/

Говь-Алтай аймаг Баян-Уул сумын уугуул, Говь-Алтай аймгийн засагт хан клуб “Мон Со баян” компани “Хүч” бөөний төвийн харваач Монгол Улсын спортын мастер, амйгийн мэргэн М.Баясгалан /31 оноогоор/

Эмэгтэй: Увс аймгийн Тэс сумын уугуул Зэвсэгт Хүсний Алдар Спорт Хороо, Жем интернэйшл компанийн харваас Монгол Улсын мэргэн Д.Норжмаа /30 оноогоор/

Өвөрхангай аймийн Нарийн-тээл сумын уугуул Улаанбаатар хот 52-р сургуулийн багш Мондэ компанийн харваач Монгол Улсын мэргэн Б.Пунсалдулам /31 оноогоор/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат “Мэргэн зэв” багийн харваач Монгол Улсын гоц харваач И.Цэцэгмаа /30 оноогоор/

Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Алдар спорт хороо ЗХ-ний 284-р ангийн харваач Жем Интернэйшл компанийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг /31 оноогоор/

Орхон аймгийн уугуул Энержи ресурс компанийн ажилтан Хангарьд спорт клубын харваач Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн М.Мөнх-Амгалан /30 оноогоор/

Төв аймгийн Зуун-мод сумын уугуул Эс Жи Энд компани, Мэргэн Зэв багийн харваач спортын дэд мастер Э.Жаргалдулам /30 оноогоор/

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, Орхон Аймаг, Эрдэнэт үйлдвэр Хангарьд спорт хорооны харваач Монгол Улсын спортын дэд мастер Г.Мөнхзаяа /30 оноогоор/

Архангай аймгийн чулуут сумын харьяа ОБЕГ аврагч спорт хороо Волтам компани, эрч клубын харваач Я.Цэцэгбаяр /30 оноогоор/ нар тунаж үлдэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

О.Хангай, Б.Хишигбаатар, М.Бадарч нарын таван начин төрлөө

Үндэсний их баяр наадмын тавын даваа үргэлжилж байна. Одоогийн байдлаар таван бөх улсын начин цолны босго алхаад байна. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Ж.Дагва-Очир дархан аварга Г.Өсөхбаяраар, аймгийн арслан О.Хангай улсын арслан Э.Оюунболдоор, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Б.Хишигбаатар нутгийн ах улсын гарьд Н.Ганбаатараар, Архангайн М.Бадарч улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатараар тус тус давж улсын начин цолны болзол хангалаа.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочиллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурлын зарим гишүүн үзэж сонирхлоо.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрэээнэ жилийн соёолонгийн уралдааны түрүү магнайд хурдаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэлээ.

Уяач Г.Батбаатар хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийн галын уяач юм байна.

2015 онд их насны түрүү авч байсан “АСА” гал сүүлийн хоёр наадам дараалан соёолонгийн түрүү авсанд Ерөнхий сайд баяр хүргэж, сайн сайхныг хүсээд хийморьтой сайхан наадамлаж, наадамчин түмнээ баярлуулж явахыг ерөөлөө.

-2016 оны наадмаар шинэ Ерөнхий сайдыгаа соёолонгийн түрүүтэй угтаж байсан манай галынхан энэ жил мөн л соёолонгийн түрүү авлаа. Ерөнхий сайд маань хоёр дахь жилдээ хүрэлцэн ирж баяр хүргэж байгаад манай галынхан баяртай байна. Хийморьтой сайхан наадам болж байна гэж хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дааганы уралдааны эцсийн дүн гараагүй байна гэв

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 254 даага бүртгүүлсэн ч гарааны зурхайгаас 71 гаруйхан даага гарчээ. Улсын наадамд анх удаа тоосоо өргөж буй дааганы уралдаанд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Дэндэвийн Ганболдын хонгор даага, тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн зээрд даага хоёр зуузай холбон барианы зурхайд орж ирсэн билээ. Дүрэм ёсоор зөв талдаа давхиж явсан морийг түрүүлсэнд тооцдог учир Д.Ганболдын хонгор даага төрийн наадамд түрүүлж, тод магнай, торгон жолоо өргүүллээ гэж бид мэдээлсэн. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн харьяат сумын алдарт уяач Нямсүрэнгийн зээрд даага оров. Энэ талаар хурдан морины комиссын ажилтан Үйлстөгөлдөрөөс тодруулахад, “Одоогоор эцсийн шийд гараагүй байна. Бид удахгүй мэдээлэл хийнэ” гэсэн юм.

Б.НАРАН

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд 97 кг хуушуурын муудсан мах устгажээ

Улсын баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 386 улсын байцаагч 10 гаруй чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын үр дүнд зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа эрхлэж буй иргэдийг зогсоох арга хэмжээ авчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушын хэлж буйгаар зөвшөөрөлтэй нийтийн хоолны газруудаас өчигдрийн байдлаар нийт 97 кг хуушуурын мах муудсан зөрчил илэрч устгажээ.

Баяр наадмын өдрүүдэд тус газраас байнгын хяналт шалгалт хийж, явуулын шинжилгээний лаборатори ажиллуулж, айрагнаас дээж аван, газар дээр нь шинжилгээ хийж буй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Төрийн дайллагын сүүн хундагыг Төрийн нуруу түвшин, түмний заяа өөдөө байхын төлөө өргөе

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн дайллагад оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Их эзэн Чингис хаан соёрхсон Монгол төрийн их баяр наадам дэлхийн сонорыг мялааж дэлгэр сайхан болж байна. Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хүндэт зочид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нөхөд Та бүхэнд хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

Нар хур тэгширсэн налгар зуны энэ сайхан үдэш Та бүхэнтэйгээ уулзан золгож буйдаа туйлын баяртай байна. Монгол наадам гэдэг монгол хүн бүрийн сэтгэлийн цэнгэл, баяр бахдал юм. Сайн үгээ хэлэлцэж, сайхан дээлээ өмсдөг монгол наадам бол төрт ёсны гүн уламжлал, түүх соёлын их чуулган билээ.

Монгол төрийн нурууг түвшин залж, түмний заяаг өөд өргөж яваа эрхэм хүмүүст зориулсан Төрийн энэхүү дайллага ч гэсэн эртнээс улбаатай ёслол хүндэтгэл юм. Монгол Улс өв уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний хөгжил дэвшил, ололт амжилттай хөл нийлүүлэн урагшилж явна. Бидний ололт амжилт бол монгол хүн бүрийн ололт амжилт төдийгүй манай орон, байгууллага, ард иргэдтэй хамтран ажилладаг түншүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.

“Хол хэмээн бүү цөх, явбал хүрьюү” хэмээсэн сургааль бий.

Та бүхэн минь улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улам бүр хичээж ажиллаарай. Монгол Улсын Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагын хүндэтгэлийн сүүн хундагыг Төрийн нуруу түвшин, түмний заяа өөдөө байхын төлөө өргөе” гэлээ.